Categories
редакцийн-нийтлэл

“Улстөржсөн” төсвөө гурав хоногт шууруулаад батална гэв үү?

Монгол Улсын төсвийн тухай хуульд
зааснаар бол төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах
ёстой. Тэгэхээр одоогийн УИХ ирэх жилийн төсвийг батлахад ердөө гурав хоног үлдчихээд
байна гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлаар 
дөнгөж хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Эндээс харвал гурав хоно­гийн
дотор гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, 
төсвөө баталж чадах уу. Чадахгүй бол УИХ хурал тарах ёстой. Хууль нь тийм
юм.  УИХ тар­вал юу болох вэ. Төр засгийг
эмхлэх ажил эхнээсээ явна. Сонгууль зарлана, болно. Хэн нь ялсан, ялагдсан тухай
маргалдана. Ямар ч байсан ирэх хаврын нүүр үзнэ. Бодоод байх нь ээ дахиад сонгууль
явуулчихвал  болох­гүй юм байхгүй. Өнгөрсөн
аравдугаар сард “МРО” гэдэг байгууллага иргэдийн дунд  “Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болбол та аль
намд саналаа өгөх вэ” гэдэг судал­гаа явуулсан 
байна лээ. Судал­гаанд оролцогчдын 40 гаруй хувь нь АН-ыг сонгочих­сон байна.
МАН-ыг  19, МАХН -ыг 11 хувь нь дэмжжээ. Тэгэхээр
УИХ төсвөө баталж тарахдаа тулаад дахин сон­гууль явуулбал АН-ынханд айгаад байх
юм алга. Үнэм­лэ­хүй олонхи болж чадалгүй, өөр бусад намтай хамтарсан нэр зүүж,
үлгэн салган явс­наас дахин сонгуулиар дан­гаа­раа ялалт байгуулаад нэг талдаа гарсан
нь ч дээр биз.

Энэ ч яахав, хэрэг бишид­лээ гэхэд
дараа нь яригдах асуудал.  Харин төсөв батлаг­дах­гүй
бол улс түмний амьд­рал юу болох вэ гэдэг талаас нь бодоод үзье. Төсвийн бай­гуул­лагууд
цалингаа тавьж чадахгүй. Тэтгэврийн хөгшид тэтгэврээ авахгүй. Улсын сургууль, цэцэрлэг,
эмнэлгүүд хаалгаа барина. Гэрэл цахил­гаан унтарч, таг харанхуй нөмөрнө. Энэ бол
хамгийн түрүүнд бидний идэх, уух, өмсөх, зүүхтэй ярих  наад захын нөлөө. Цаашлаад том түвшинд яривал
төсвийн хөрөн­гөөр бий болох бүтээн байгуулалтын ажлууд зогсо­но. Ингээд тоочоод
байвал гол харлуулах зүйлүүд их байна. Үүнийг уншаад “Юу гэж ийм юм болохов. Яаж
ч байсан УИХ-ын гишүүд төс­вөө хугацаанаас нь өмнө хуйлруулаад л баталчихна шүү
дээ” хэмээн хүмүүс бодох байх. Гэхдээ аугаа Америк хүртэл төсвөө хугацаандаа  баталж чадалгүй өч төчнөөн хохирол амссан нь өөрөө
дэлхий нийтэд ийм практик байдаг гэдгийг хэлээд байгаа юм.  Нэгэнт л дэлхий нийтэд ийм туршлага байгаа  учраас манайд давтагдахгүй гэх батал­гаа хаа байхав
гэдэг үүднээс  болгоомжилж байгаа минь энэ.

Харин одоо аль арав­дугаар сарын
1-нд өргөн барьсан төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх явц яагаад  ийм удаан өрнөв. Ямар шалт­­гаанаар батлах ёстой
хуулийн хугацаанд  нь тулгав гэдгийн учрыг
тайлах гээд оролдоод үзье. 

Гацаа 1. 2013 оны төсөвт тодотгол хийхээр Засгийн газар оруулж
ирсэн нь ирэх жилийн төсвийг гацаах нэг дөнгө болж хувирсан. 2014 оны төсвийг ид
ярьж,  гишүүд нь маргалдаж, мэтгэлцэж байх
ёстой хугацаандаа тодот­гол хэлэлцсээр хамаг цагаа алдсан хэрэг.  Тэгвэл энэ тодотголыг яагаад хийх болсон юм бэ.
УИХ 2013 оны төсвийг батлахдаа Оюу тол­гой­гоос бөөн мөнгө орж ирнэ, Таван толгойгоос
толгой эргэм их ашиг олно. Дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнэ өндөр байна гээд
тооцоол­чихсон. Харамсалтай нь бодит амьдрал дээр тэр бүхэн нуран уналаа. Ингээд
л төс­вийн орлого 1.4 их наяд төг­рө­гөөр тасрах нь тэр.  Тий­мээс тодотгол хийж, төсвийг  20-30 хувиар танаж өөрчлөх асуудал ярилаа.  Тэр дунд нь 2012 онд УИХ-ын гишүүдийн алаан болж
байж төсөвт суул­гасан тойрогт нь хамаа­рал­тай хөрөнгө оруулалтын обьек­тууд хасагдахаар
бол­чих­сон байв. Энэ нь УИХ дахь хоёр том намын бүл­гийнхнийг хоёр тийш нь харуулж,
дундаасаа ажлын хэсэг гаргахад хүргэв. Ажлын хэсгүүд зөвшилцөж байна гэдэг нэрээр
хоног хугацаа алдсан нь нууц биш. Болоо­гүй ээ, дунд нь Ардын нам Их хурлаа хийж,
нэг долоо хоно­гийг авсан учраас УИХ-ын ажил үндсэндээ арав­дугаар сард зогсчихоод
байсан гэхэд хилсдэхгүй.  2013 оны төс­вөөс
хасагдсан тэр обьектуу­дыг нэг бүрчлэн шалгаж, шаардлагатай барил­гуудыг 2014 оны
төсөвт суулгах тохироотойгоор арай гэж хоёр намын бүлэг зөв­шил­цөж, төсвийн тодотголоо
баталсны дараа сая 2014 оныхоо төсвийг хэлэлцэх сөхөөтэй боллоо. Тэгтэл цаг хугацаа  хэдийнэ өнгөрч, арваннэгдүгээр сар гараад талийчихаж.
АН, МАН-ын бүлэгт хамаардаггүй УИХ-ын зарим гишүүд  “Төсвийн тодот­­голоо ээлжит бус чуул­га­наараа
хэлэлцээд батал­чих­сан бол 2014 оны төсөв хэлэлцэхэд ингэж гай болох­гүй байсан
юм. Энэ төсвийг хэлэлцэх хугацаа байсангүй шүү дээ” хэмээн халаглаж байна. 

Гацаа 2. Ирэх жилийн төсөвтэй хамт УИХ-аар яриг­даж байгаа нэг
зүйл бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруу­лах төсөл юм.
2014 онд Мон­гол Улсын өр ДНБ-ий 40 хувь­тай тэнцэх ёстой гээд энэ хуульд заачихсан.
Гэтэл манай улс дэлхийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргана гэдгээ зарлачихсан
байгаа. Бонд гаргах ажил цаашид үргэлжилнэ. Дээрээс нь дэлхийн зах зээлээс сан­хүүжилт
босгох өөр төлөвлө­гөө ч олон бий гэх.  Тийм
учраас  хуульд заасан өрийн хязгаарыг нэмэгдүүлэх
шаард­лага тулгарч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувийг 60
болгохоор Засгийн газраас оруулж ирээд байгаа юм. Ардын намынхан үүнийг эсэр­­гүүцэж
байна.  Энэ шалт­гаанаар 2014 оны төсвийг
барьцаалсан гэхэд болно.

Тэд “Монгол Улс 40 жилийн хугацаанд  арав гаруй тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний
рублийн өр тавьж байсан.  Гэтэл одоо дөрөвхөн
жилийн дотор  гурав, дөрвөн тэрбум долла­рын
өр тавих болчихоод бай­на. Ингэж болохгүй” хэмээн  тайлбарладаг. Уг нь Дэлхийн банкны гаргасан судал­гаагаар
манай улсын өр ДНБ-ий 68 хувьтай тэнцэх хэмжээнд байвал  хэвийн гэж 
тооцсон юм гэнэ лээ. Тэгэхээр хуульд заасан өрийн хязгаа­рыг 60 хувь болгож
нэмэг­дүүл­лээ гэхэд хохирол болж шалихгүй гэдгийг МАН-ынхан мэдэж байгаа. Тэгвэл
яагаад эсэргүүцээд байна гэж үү. “2013 оны төсвөөс хасагдсан энэ, энэ обьектыг
2014 оны төсөвт суулгаж өг. Үгүй бол бид Тогтвортой байдлын тухай хуульд оруулах
гэж байгаа өрийн хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг л наймаа ярьсан хэрэг. АН-ынхан
өөдөөс нь “40 гаруй барилгыг төсвөөс бүрмөсөн хасъя. Харин 180 барилгыг царцааж,
төсвийнхөө орлого талдаа тусгачихъя” гээд зүт­гээд байдаг. Энэ нь Ардын намынхны
зүтгүүлээд байгаа барилгуудыг төсөвтөө суул­гах нь суулгая. Гэхдээ тэг орлоготойгоор
тусгая. Ирэх жил төсөв сайжрахаар сан­хүү­­жүүлье гэдэг л санаа. Ийм  асуудлын наана, цаана хоёр намын бүлэг эвлэрч
чадахгүй  ирэх оны төсвийн хэлэл­цүүлгийг
гацаалаа.

Гацаа 3.  Мэдээж Ардын нам
“Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүл. Үгүй бол ирэх оны төсвийг хэлэлцэх­гүй”
гэдэг шаардлага тавьж байгаа. Нөгөө талд АН-ынхан “Цалин, тэтгэврийг яг тэдэн хувиар
нэмнэ гэж сүр дуулиан болгохгүй. Төсвийн үр ашиг­гүй зардлуудыг танаж, түүний­­гээ
цалин, тэтгэвэрт шингээнэ” гэсэн бодлого барьж байна.  Энэ нь төсвийн хэлэлцүүлгийг чөдөрлөх нэг уяа
болжээ. Ардын намын­хан ийм шалтаг, шалтгаа­наар гацаа үүсгэсэн. Энэ нь төсвийг
сайжруулах гэсэндээ биш төсвөөр шантаачилж, байн­гын хороонд хуваари­лагдах гишүүдийнхээ
тоог нэмэгдүү­лэх гэсэн далд улс төр гэдэг нь яригдаж байна. Харин АН-ынхан байр
суурин дээрээ бат зогсч зөрүүдэлснээс болж ирэх оны төсвийн хэлэлцүү­лэг хойш татагджээ.
Үнэндээ улс төрийн хоёр нам дундаа төсвийг барьцаалж, аль али­ныхаа улс төрийн тохироо­нуу­дыг
хийж байгааг хөнд­лөн­гийн гишүүд шүүмжилж байгаа юм. Энэ нь ирэх онд улстөржсөн
төсөв батлагдах нь тодорхой болсныг харуулж байна.

Мэдээж УИХ энэ баасан гаригаас өмнө
төсвөө батал­на. Миний эхэнд өгүүлсэн шиг тийм зүйл болохгүй нь ойл­гомж­той. Зүгээр
сууж байгаад төрийн түшээгийнхээ сууд­лаас амархан ховхорчих тэнэг толгойнууд тэд
биш ээ. Төсвийн байнгын хороо Төс­вийн төслөө нэгтгээд дуусч байгаа юм байна.  Хоёр намын бүлэг ч өнөөдрийн дотор зөвшилцчихнө
гэдэг үг олон гишүүний амнаас гарч байна билээ. Тиймээс төс­вийн байнгын хороог
нүд ирмэхийн зуур хуралдуулж, дараа нь чуулган зарлаж асуудлыг дор нь цэцлэх бололтой.
Болохгүй бол гацаа үүсгээд байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт
оруулах төслийг “дараа нь хэлэлцэх” нэрээр орхиод  төсвөө батал­чихаж болно гэдгийг Төсвийн байнгын
хорооны дарга хэлж байна лээ. Ямар ч байсан төсвийг ирэх пүрэв гаригийн чуулганаар
батлах төлөв хэдийнэ бий болжээ. 

Ингээд ирэх жилийн төс­вийг гурав
хоногийн дотор “шууруулах нь” ойлгомжтой болж байна. Байнгын хороо­гоор хэлэлцэж,
гишүүдийн хэлсэн саналуудыг нэгтгэсэн болоод ямар ч байсан батлах нь.  Үр дүн нь тодорхой. Ирэх жил баахан бүтээн байгуу­лалт
яригдана. Төсвийн хөрөн­гө оруулалтаар хийх обьектуудыг эдийн засгийн үр ашгаар
нь эрэмбэлээгүй уч­раас төсөвт өртөг нь нэмэгдэж,  тендер нь уддаг, хойшилдог  байдал хэвээрээ үргэлжилнэ. Цалин,  тэтгэврийг бага зэр­гээр нэмнэ. Урсгал зардлыг
танаад ч төсөв зантгар хэвээрээ байх шинж мэр­гэжлийн хүмүүст ажиглагдаж байгаа
аж.  Ямартай ч 2014 оны төсвийн алдагдлыг
ДНБ-ий хоёр хувьтай тэнцүүлчих­сэн учраас гадна талаасаа төсөв ямар ч өөгүй. Хуулиа
зөрчөөгүй учраас гадныхан ч сайн үнэлгээ тавьж таараа. Гэвч  тогоо руу нь өнгийгөөд харвал авах юмгүй улстөрж­сөн
төсөв батлагдах нь гэсэн дүгнэлтийг учир мэддэг хүмүүс хэлж байна. Энгий­нээр хэлэхэд
ирэх жилийн өдийд дахиад тодотгол хийх хэмжээний замбараагүй төсөв батлагдах нь
гэсэн болгоомжлол яах аргагүй бий боллоо. Яагаад гэвэл төсвөө олигтой хэлэлцсэнгүй,
улс төрийн намуудын тохироо­гоор яаран баталж байгаа учраас.   Нөгөө талаасаа ирэх онд эдийн засаг өсч, гадаа­дын
хөрөнгө оруулалт нэмэг­дэх төлөв ажиглагдаж байгаа  нь төсөвт эерэг хандлага болж магадгүй гэнэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Нийгмийн даатгал хуулиа буруу тайлбарлаж, иргэдийг хохироож байжээ

Нийгмийн
даат­га­лын байгууллага “Хө­дөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэ­вэр тэтгэмж авах”
ту­хай хуулийг буруу тайл­­барлаж иргэдийг хо­хироож байсан нь шүүх хурлаар тог­тоогд­­жээ.
Энэ талаар иргэн Ж.Онон манай со­нинд хандсан юм. 

-Та
хаана ажилла­даг вэ. Ямар шалтгаа­наар Нийгмийн даатга­лын сангаас тэтгэмж авахаар
өргөдөл өгсөн юм бол?

-Би “Хөх дэл инвест”  ХХК-д ажилладаг. 2012 оны арваннэгдүгээр са­рын
12-ны өдөр Хан-Уул дүүргийн “Мон-Мэс” мэс зас­лын эмнэлэгт ба­руун хө­лийн ар хэсэгт
гарсан ха­тиг буглаа­наа­саа болж хагалгаа хийл­гүүлэхээр хэвтсэн. Хагал­гаа амжилт­тай
болж, до­лоо хоно­гийн дараа эм­нэл­гээс гарч ам­булато­риор үлдсэн эм­чил­гээгээ
хийлгэж бай­гаад арван­хоёрдугаар сарын 1-нээс эхлэн ажил­даа орсон. Тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд арванхоёр­дугаар сарын
6-ны өдөр Баянгол дүүргийн нийг­мийн даатгалд хөдөлмө­рийн чадвар түр алд­саны тэтгэмж
авахаар хандсан юм. Гэтэл сүүлийн гурван сар тасралтгүй ажиллаа­гүй байна, цалин
аваагүй байна гэсэн шалтгааны улмаас энэхүү тэтгэмжийг олгохгүй гэсэн. Би ажил хийгээд
нийтдээ 66 сар нийгмийн даатгалын шимт­гэл төлж байгаа бө­гөөд үүнээс өмнө нэг ч
удаа Нийгмийн даат­галын сангаас тэтгэмж авч байгаагүй.  Тэгэхээр өмнө нь миний төлж бай­сан даатгалын
төлбөр ямар ч үр дүнгүй ашиг­лаг­дахгүй зүйл болж хувирч байгаа биз дээ. Тиймээс
би Баянгол дүүргийн шүү­хэд хандсан юм.

-Шүүх хурлаар ямар шийд­­вэр гарсан
юм бэ?

-Анхан болон давж заал­дах шатны шүүхээс
миний нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ха­рин  Дээд шүүх хянан хэлэл­цээд хэргийг миний талд
шийд­вэрлэлээ. Энэ төрлийн хэрэгт анх удаа иргэн ялалт байгуул­сан нь энэ юм. Дээд
шүүх ямар дүгнэлт гаргасан гэхээр,  Нийг­мийн
даатгалын байгуул­лагаас хуулийн зүйл заалтад үг нэмж, утгыг нь өөрчилж буруу тайлбарлаж
байсан нь тодор­хой болсон. Энэ тухай Шүү­хээс нийгмийн даатгалын бүх бай­гууллага
руу мэдэгдэх хуудас явуулсан байх. Учир нь Нийг­мийн даат­галын байгууллага хуулийг
гажуудуулж  хэрэглэж байс­наас болж олон даат­гуулагч
1995 оноос хойш өнөөдрийг хүртэлх 18 жилийн хугацаанд хохирч тэтгэмжээ авч ча­даагүй
нь тодорхой болж байна. Дээд шүүх шудар­га шийдвэр гаргаснаас энэ алдаатай бодлогыг
залруулж чадлаа. Тиймээс бусад хо­хир­сон хүмүүст энэ тухай мэдээл­лийг хүргэх зорилгоор
танай сонинд хандлаа. Өнөөд­рийг хүртэлх энэ буруу ойлголт нийгэм даяар хэрэг­жиж
бай­сан гэсэн үг.

-Ямар үг нэмж утгыг нь өөрөөр тайлбарлаж
байсан юм бэ. Дээд шүүх ямар тайл­бар гаргасан юм бол?

-Би 2012 оны арваннэг­дүгээр сарын
12-ноос арван­хоёрдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чад­вараа түр алдсаны
тэтгэмж болох 361 692.69 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгөх хү­сэл­тийг гаргасан
юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохдоо ийм тайлбар
хий­сэн юм. “Даат­гуулагч Ж.Онон  зургаа,
долоо, наймдугаар саруудад тэтгэм­жийн даат­галын шимтгэлийг төлөөгүй тасарсан,
хугацаа хоцорч эмнэлгийн хуудас би­чүүлс­нээс хууль журамд заасан нөхцөл болзлыг
хан­гаагүй гэж үзэн хөдөлмөрийн чадвар түр алдсан тэтгэмж авах эрх­гүй байна” гэсэн
шийдвэр гарсан. Энэ тайлбарыг Дээд шүүх хянаад, хуулинд “тас­ралт­гүй” гэсэн үг,
ойлголт огт байхгүй. Хуулинд шимтгэл төлсөн нийт хугацааг харгал­зах талаар заасан
болохоос “сүүлийн гурван сар тасралт­гүй” нийгмийн даатгал төлсөн байх ёстой талаар
заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, хуу­линд байхгүй үг, ойлголтыг оруулж буруу тайлбар
хийж байсан байна. Тиймээс Ж.Ононг зураа, долоо, найм­дугаар сард нийгмийн даатгал
төлөөгүй тасарсан тул шимтгэл авах эрхгүй гэж үзсэн нь алдаа­тай байна гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, тэт­гэмж авах эрх болон тэт­гэмжийн хэмжээ тооцох ар­гачлал хоёрыг
хооронд нь хольж байснаас ийм алдаа гарсан байна гэж дүгнэсэн.  Энгийнээр тайлбарлавал, на­майг сүүлийн гурван
сар тас­ралтгүй ажилласан бай­вал тэтгэмж авах эрх нь үүснэ гэж Нийгмийн даатгалын
бай­гууллага үзээд байна.  Зургаа, долоо,
наймдугаар сард ажил хийгээгүй завсард­сан учраас хөдөлмөрийн чад­вараа түр алдсаны
тэтгэмж авах эрхгүй гэж дүгнэсэн. Дээд шүүх үүнийг юу гэж тайлбарласан гэхээр, иргэн
Ж.Ононгийн тэтгэмжийг тогтоохдоо сүү­лийн гурван сарын дунджаар тооцно. Ин­гэх­дээ
түүний ажил­лаагүй сарууд болох зургаа, долоо, наймдугаар сарыг алгасаад ажилласан
сар болох ес, арав, тавдугаар сарын нийг­мийн даатгалын шимтгэлийн дунджаар түүний
түр хөдөл­мөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг 
тооцох хэрэгтэй” гэсэн тайлбар хий­сэн юм. Энэ ойлголтыг  нийг­мийн даат­галын байгууллага улс даяар нийтээрээ
буруу тайлбарлаж хэрэглээд хэвш­сэн байсан гэсэн үг.

-Та ямар шалтгаанаар гурван сар
нийгмийн даат­гал төлөөгүй тасалсан юм бэ?

-Хүнд ямар ч шалтгаан байж болно.
Би ажлаа со­лиод, өөр ажилд орсон юм. Тэр хуга­цаанд би нийгмийн даатгал төлөөгүй
гурван сар болсон. Гэхдээ тэглээ  гээд өмнө
нь миний төлсөн нийг­мийн даат­галын шимтгэл, одоо төлж байгаа шимтгэлийг үгүйсгэж
болохгүй шүү дээ.

-Санамсаргүйгээр хуу­лийг буруу
тайлбарлаж бай­сан гэж бодож байна уу?

-Уг нь хуулинд “тасралт­гүй” гэдэг
үг, утга байхгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа юм. Санамсаргүйгээр анхнаасаа
хуулийг буруу тайлбарласан байх. Гэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхээс гар­гасан
шийд­вэрийг гайхаж бай­на. Шүүгч зөвхөн хуулийг ба­римтлах ёстой. Хуулиа харж сайн
судлахгүйгээр нийгмийн даатгалын албан хаагчдын үгээр  шийдвэр гаргасанд гайхаж байна.

-Эмнэлгээс гараад хууд­саа авахгүй
удсан байна гэдэг шалтгаанаар таныг буруутгасан гэсэн. Яагаад хуудсаа авахгүй удсан
юм бэ? 

-Эмнэлгээс гарсан өдөр­төө эмнэлгийн
хуудас аваа­гүй байна. Мөн 15 хоног хоц­роож эмнэлгийн хуудсаа ав­сан бай­на гэсэн
шалтгаа­наар нийг­мийн даатгалын шимтгэлийг өгөхгүй гэх бас нэг шалтгаан болсон.  Дээд шүү­хээс гар­гасан шийдвэрээр бол эмнэл­гээс
хуудсаа аваа­гүй нь миний буруу биш. Би хуудсаа авах гэж хөөцөлдөх ёсгүй. Харин
эм­нэлэг хуудсыг нь гаргаж өгөх ёстой байсан. Энэ бол эм­нэлгийн үүрэг бо­ло­хоос
миний үүрэг биш гэж дүгнэсэн л дээ. Би яагаад 15 хоног хоцроож хуудсаа авсан гэхээр
эмнэл­гээс гараад ам­булториор үзүүлж байсан учраас надад хуудас өгөөгүй юм.  Тэгээд эмчилгээгээ дуус­гаад хуудсаа авсан. Ер
нь сар бүр бидний төлж байгаа нийг­мийн даат­галын шимтгэл үнэ цэнэтэй байх хэрэгтэй
юм. Жишээ ава­хад, эрүүл мэн­дийн даатгалд би сар бүр 80 мянган төгрөг төлдөг. Өвдөө­гүй
байж би яагаад сар бол­гон  мөнгө төлөөд байна
гэхээр, ирээдүйд өвдөж ма­гад­гүй учраас урьд­чилгаа төл­бөр болгон даат­галд төлөөд
байна гэж ойл­годог. Үүнийг нь хуулиар батал­гаажуулаад өгчихсөн байгаа. Гэтэл хуу­лийг
дунд нь буруу тайл­барлаж иргэдийг хохироож байгаа энэ үйлдэл цаашид битгий гараасай
гэж бодож байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Батсайхан: Нам туг болсон хүнээ тэргүүндээ залдаг болохоос буг болсон хүнээр тугаа бариулдаггүй

МАН-ын гишүүн, улс төр судлаач Б.Батсайхантай ярилцлаа.

Та намынхаа Их хуралд оролцов уу? МАН-ын гишүүн бөгөөд судлаач хүний хувьд МАН-ын XXVII Их хурлыг юу гэж дүгнэж
байна вэ
?

-Хуралд
оролцоогүй. Ийм зүйлд оролцсноос оролцоогүй нь дээр байлаа.Ер нь хиймэл хурал
болно гэдэг нь олон сарын өмнөөс л илэрхий болчихоод байсан.Би түрүүчийн нэг
ярилцлагадаа ч энэ тухай нь хэлж байсан. Манай намд аливаа асуудалд бүтээлч,
ажил хэрэгч шударгаар ханддаг үе байсан уу гэвэл байсан. Одоо энэ байдал түүх
болон үлдэж дээ. Энэ удаагийн Их хурал нэртэй хэсэг хүмүүсийн зохион байгуулсан
намын даргын суудал авах хуйвалдааныг  Монголын нийгмийн шившиг, олон түмний элэг
доог болсон явдал боллоо гэж үзэж байна.

  МАН-ын Их болон Бага хурал урьдаас хайрцагласан хэлбэрээр
явагдсаар ирсэн гэх шүүмжлэл бий.Энэ удаагийн хурлыг ч тийм боллоо гэж ярьж
байна
.

-Урьдаас найруулж
нарийн төлөвлөсөн хуйвалдаан байсан гэдэг нь ямар ч хүнд ойлгогдохоор тодорхой
байна шүү дээ. Ганцхан жишээ хэлье М.Энхболд бараг 100 хувийн санал авч намын
дарга боллоо. МАН-аас өнөөгийн нийгэмд эерэгээр биш сөрөг талаараа онцгой
танигдсан хүмүүсийн нэг бол яах аргагүй М.Энхболд. Хэрэв энэ удаагийн хурлыг
үнэхээр ажил хэрэгч шударга явуулж чадсансан бол М.Энхболд юун намын дарга болох
хурлын төлөөлөгч ч болж чадахгүй байх байсан. Гэтэл бүх юм эсрэгээр болж байгаа
нь энэ хурал хайрцаглагдахын дээдээр хайрцаглагдсан найруулсан хорных нь тун
дэндүү хэтэрсэн хурал болсныг гэрчилж байна.

  Энэ бүгдийг хотын фракц найруулсан юм биш үү?

-Хотын фракц гэж
албан бус нэр томъёо юм даа. М.Энхболдын нөмөр нөөлөг дор явж хотын хэмжээнд
ажил амьдралын асуудлаа зохицууулаж ирсэн хүмүүсийг ийм нэр усанд хамааруулаад
байдаг. Саяын хурлаар М.Энхболдыг намын дарга болгоход эдгээр хүмүүсийн үүрэг
роль өндөр байлгүй яахав. Хурлын төлөөлөгч сонгохоос л энэ хүмүүсийн ажил
эхэлнэ шүү дээ. Хоржоонтой нь эдгээр хүмүүс үүргээ хэтэрхий сайн биелүүллээ.
М.Энхболдын 93 хувь
гэдэг бол маш өндөр тоо. Олон түмэнд бага ч гэсэн үнэмшил төрүүлэхийн  тулд 50 хувь  гаргаад л
орхихгүй дээ.

  Их хурал эхэндээ хайрцагласан хэлбэрээр явагдаж байсан. Сүүлдээ
фракцууд хоорондоо үл ойлголцож тохиролцоо  нь өөрчлөгдсөн  гэх юм.

-Манай намын
удирдлагад байгаа хүмүүсийн ганц сайн чаддаг зүйл нь элдэв  тохироо хийх, хор найруулах явдал болсон. Хөшигний
цаана хэн хэнтэйгээ юу тохиров, ямар эрх ашгаар нэгдэж нийлэв гэдгийн нууц нь
хэдэн цаг, хэдэн өдрөөс цааш хэтрэхгүй илэрхий болдог болж. Саяын хурлаар С.Баяр
нарын хүмүүст аяганы амсар зуулгахгүй гэсэн нь хэнд ч ойлгомжтой болоо биз дээ.
М.Энхболдыг өөрийг нь унагаж гарч ирсэн С.Баярт барьж байгаа сюрприз. Энэ нь
нэг талын өс авалт ухаантай юм уу даа.

МАН-ын Их хурал дээр Ө.Энхтүвшингийн тавьсан илтгэлийг улс
төр судлаачийн нүдээр юу гэж харж байна
вэ?

-Ө.Энхтүвшингийн
илтгэлийг уншсан. Илтгэл нь эрх барьж буй хүчин, намын онол үзэл баримтлал,
боловсон хүчин гээд дотроо хэд хэдэн бүтэцтэй юм байна лээ. Уг илтгэлд боловсон
хүчний асуудлаар хэдэн чамбай үг, өгүүлбэрүүд орсон байсан. Харамсалтай нь цаас
л болон үлдлээ дээ. Сонгуульд удаа дараа ялагдсан шалтгаанд тоймтой үнэлэлт
дүгнэлт өгсөнгүй.  Намын нэр сольсноос
болов гэдэг л ерөнхий  хариултаар төгсгөж
байх шив дээ. Санаагаар болдогсон бол энэ удаагийн хурлыг зөвхөн сахилга,
хариуцлага, боловсон хүчний асуудлаар хийх байлаа.

  МАН-ын удирдлагууд солигдсноор үнэхээр шинэчлэгдэж чадах
болов уу
?

-Энэ бол ном ёсны
солигдолт биш юм. Ордны эргэлт гэдэг шиг үл бүтэх хүмүүс хуйвалдааны замаар намын
удирдлагыг гартаа дахин оруулж авсан хар үйл явдал боллоо. Энэ хүмүүсээс шинэ
сонин зүйл хүлээгээд нэмэргүй гэдэг нь тодорхой. Намын даргад заавал нэр муутай
хүн болох ёстой байсан юм бол мэдлэг боловсрол, дадлага туршлагаараа М.Энхболдоос
газар тэнгэр шиг ялгаатай С.Баярыг болгочихгүй яасан юм. Тэгсэн бол С.Баяр
шүүмжлэлд хэдийгээр их өртөж байгаа ч гэсэн нийгэмд М.Энхболдоос арай өөрөөр
харагдаж бага ч гэсэн хүлээлт үүсгэх байсан болов уу. Нам туг болсон хүнээ
тэргүүндээ залдаг болохоос буг болсон хүнээр тугаа бариулдаггүй. М.Энхболд
саяын хурал дээр “Үг нь үнэгүй, Хүн нь хүндгүй” гэдэг  үг хэлсэн байна лээ. Үүнийг нь М.Энхболд  өөрийгөө л ингэж хэлж гэж ойлгож байгаа.
Үүнээс илүү товч бөгөөд тодорхой шударгаар хэлнэ гэж юу байх вэ? Миний хувьд энэ
хурлын дараагаас 2016 оны сонгууль тас харанхуй юм л төсөөлөгдөж байна.

  Танай намын Их хурлын өмнө “Бид л намаа өөрчлөх болно”
гэсэн хэсэг залуус гүйлдсэн. Үүнийхээ хариуд тэд хоосон хоцроогүй бололтой. Саяын
хурлаар нам гүмхэн өнгөрлөө…

-Зөвхөн залуучууд
л хийнээ, бүтээнээ, шинэчилнээ гэвэл хэт өрөөсгөл болох нь ойлгомжтой.Бүгд л
залуу насыг дамждаг. Бүхнийг сайхнаар төсөөлж мөрөөдөж явдаг нас. Харин дадлага
туршлага гээч нь залуу настай найз болоогүй үе. Шинэчлэл ярьдаг залуучуудын дуу
хоолой сая яагаад дуулдсангүй вэ гэвэл обьектив, субьектив олон хүчин зүйл
нөлөөлсөн байх. Залуу нас гэдэг холын замд гарахад хүрэлцээтэй шатахуун биш шүү
дээ. Ихэнхэд нь шатахуун хүрээгүй байх. Би энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч
байна. Сурч  мэдэх, ажил амьдралын хат
суух насан дээрээ ширээ сандлын өвчтэй болчихвол их аюултай гэдгийг зарим
залуучуудын жишээ харуулж байна. Ер нь шантаажлах явдлыг нам дотор оршин байх
гол хэрэгсэл, албан тушаалд хүрэх цорын ганц арга гэж зарим залуучууд бодоод
байх шиг байна. Тэгвэл тэр чинь  том
эндүүрэл, төөрөгдөл төдийгүй өөрийг чинь  МАН-д байх эрхгүй болгож байгаа  дүрмийн бус балмад явдал шүү гэж  шууд хэлье.Үүний оронд ганц боловч номын
хуудас эргүүл гэж зөвлөх байна.

  Танай намын удирдлагад авлига, хээл хахуульд нэр холбогддог хүмүүс гараад ирлээ гэж
шүүмжлэл их дагуулж
байх шив?

-Ө.Энхтүвшин
хурлын индрээс зарим албан тушаалтан авилгад байнга холбогдоод төрийн болоод
намын нэр хүндийг унагаад байна гэж хэлээд байхад л намын ажлын туршлага гэхээсээ
илүүтэй хулгай луйварын үйлдэл сайн мэддэг болсон  өнөөх 
зартай Т.Бадамжунай, Т.Гантулга, Т.Билэгт нар Бага хурлын гишүүн, намын
нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүн болчихлоо.Энэ бол манай намын хувьд
шинэчлэл биш ялзрал сүйрэл юм. Миний хувьд Т.Гантулгыг сайн мэднэ. Хувийн эрх
ашигт нь нийцэж л байвал хэнийг ч худалдаж хэнээс ч урваж мэдэх нэг суурин дээрээ
хэдэн ч удаа өнгөө солих Хамелеон. Ийм хүмүүс намын тархинд олноороо гараад
ирэхээр чинь бидэнд хэн итгэх юм бэ?
Бид олны өмнө юу хэлэх болж байна.Манай Т.Бадамжунай, Т.Гантулга, Т.Билэгт
нар ч ёстой мундаг шүү. Авилга, хээл, хахууль хулгай, луйврын хэрэгт ч нэр нь
дээгүүр давхина шүү дээ гэж ярих  юм уу? Ядаж байхад
дарга болсон М.Энхболдын хувьд бүр ч авах юм байхгүй.Ийм толгойтой намыг
сонгогчид хүлээж авах уу?

  эгвэл ямар гарц байгаа гэж?

-Гарч байгаа
эдгээр алдаа завхралыг заснаа гэвэл нилээд хугацаа шаардагдана. Гар сэтгэл
нийлсэн зөв хүмүүсийн эргэлт буцалтгүй тууштай ажиллагаагаар л засна. Биднийг
хөөдөж байгаа зүйл бол ердөө л боловсон хүчин. Болохгүй хүмүүсээсээ эрс шийдэмгий
холдох цаг болсон. 30 хуудас илтгэл уншсан Ө.Энхтүвшингийн үгэнд намын нэрийг
шороотой хутгаад байгаа хүмүүсийн  нэгнийх
нь ч нэр дурьдагдсангүй.Бид ийм болтлоо мөлийж гөлийсөн байна шүү дээ. МАН зөв
зам дээр зогсож чадвал Монгол улсын язгуур эрх ашигт үнэхээр хэрэгтэй. Цагтаа
энэ нам бидний гишгэж буй газар шороо, дээр нь бэлчиж буй мал гээд байгаа
бүхнийхээ төлөө амиа өгч хөлсөө урсгасан.Энэ төрмөл чанараа гээх эрх бидэнд
байхгүй. Хар цагааны ялгарал манай намд хүчтэй явагдах шаардлагатай гэдэг нь
эндээс тодорхой боллоо шүү дээ. 

  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдсөн Ж.Сүхбаатар “Т.Бадамжунай
бол авилгачин” энэ тэрээр нь хэллээ.Та энэ талаар юу хэлэх вэ
?
-Саяын хурлын үеэр Т.Бадамжунай
авилга аваад л түүнийг нь Ж.Сүхбаатар гэж хүн илрүүлээд л түүнийгээ олон нийтэд
зарлалаа гэж үзэхгүй байна. Т.Бадамжунайн нэр болох бүтэхгүй юманд аль эртнээс
л дуулдаж ирсэн. Авилга авдаг гэж тийм сүрхий мэддэг байсан юм бол урьд нь хэлж
байхгүй яав. Тэр Ж.Сүхбаатар Ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон бол ингэж
хэлэх байсан уу?  гэдэг  асуудал
ч сонин байна.Миний хувьд Ж.Сүхбаатар гэж хүн нэг их сүрхий шударгадаа ийм үг хэлчихлээ
гэж бодохгүй байгаа. Албан тушаалд очиж чадаагүй хорслоо тайлж буй хэлбэр юм уу
даа. Эрүүл өрсөлдөөнд бол ийм үг хэлэхгүй байх байсан шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Өнөрбаяр: Шоронжсон хуулийг халж, цаазаар авах ялаас бүрэн татгалзаж байгаа

Ерөнхийлөгчийн
хуу­лийн зөвлөх Ч.Өнөр­баяраас дараахь тод­руулгыг авлаа.

-Ерөнхийлөгчийн
зүгээс “Шударга ёсыг хамгаалах тогтолцоо”-ны тухай ярьж эхэллээ. “Шударга ёсыг хамгаа­лах
тогтолцоо” гэж яг юуг хэлж яаж хамгаа­лах гэж байгаа юм бол?

-Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж шүүх эрх
мэд­лийн салбарын шинэт­гэлийг өргөжүүлэх томоо­хон бодлого зорилтыг та­вин ажиллаж
байна.  Энэ хүрээнд хуулийн за­саг­лалтай
улс болно гэж Шүү­хийн тухай багц хуу­лийг боловсруулан бат­луул­сан. Харин одоо
арай өөр хэлбэрээр энэ шинэтгэлийг үргэлж­лүүлж байгаа юм. Шууд хэл­бэл эрүүгийн
эрх зүй гэж бид­ний ярьдаг гэмт хэ­рэгтэй холбоотой, гэмт хэр­­гийг хянан шийдвэр­лэх­­тэй
хол­боотой хуу­лиуд, хууль сахиулах бай­гуул­лага, цагдаагийн бай­гуул­лагын хуулийг
өөр­чилж томоо­хон шинэтгэл хий­хээр Ерөнхийлөгчийн зү­гээс бодлого гарган ажил­лаж
байна. Яагаад энэ сал­барыг шинэчлэх гээд бай­на вэ гэвэл дар­гын албан тушаал мөн­хийн
биш сонгуулийн ху­га­­цаанд юм уу томи­логд­сон жилээсээ шалтгаал­даг шүү дээ. Тэгэ­хээр
хүнд найдаж суудаг биш сайн хуулиар дамжуулж шу­дарга ёсыг хамгаалдаг тогтолцоог
бий болгочих­вол урт удаан амьдрах болол­цоотой юм. Цаа­шид хуу­лийн дагуу шу­дар­га
ёсны болоод тө­рийн албан хаагч, хууль хяналтынхан иргэдийн харилцааг ший­дээд яв­чихдаг
болох шаард­лага байгаа юм. Түүнээс биш сайн хүн гарч ирэхээр шударга ёс тогтдог,
муу дарга томи­логдохоор унаад байдаг байж бо­лох­гүй гэж үзэж Шүүхийн багц хуулийг
дагалдсан хуулийн сал­барын үйл ажиллагааны хуулийн шинэтгэлийг хийж байгаа.

Үүн дотор Гэмт хэргийн тухай хууль хүмүүст хамгийн
чухал байгаа юм. Иргэн бүрт хамааралтай гэсэн үг. Бид 2002 онд Эрүүгийн хуу­лийг
найруулсан байдаг. Үүнийг шоронжсон хууль боллоо гэх мэтээр олон талаас нь шүүмжил­дгийг
хүмүүс мэднэ. Үүнийг л зөв талд нь ший­дэхээр ажиллаж эхэлсэн.

-Яг ямар өөрч­лөл­түүдийг хийхээр
болж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийг ши­нэчлэн найруулснаас
хойш найман мянга ор­чим хоригдлыг өршөө­лийн хуулиар сулласан байдаг. Гэтэл нэг
хоёр жил өнгөрөхөд дахиад л шорон дүүрч байх жи­шээ­тэй. Энэ нь Гэмт хэр­гийн тухай
хууль, ялын тогтолцоо нь үнэхээр бу­руу байж гэдгийг харуу­лахын сацуу шоронжсон
хууль гэдгийг давхар ба­талж байсан. Сэтгүүлчид хүртэл нэг үгнээсээ болж шоронд
орох, хоёр удаа гар утас хулгайлсан эмэг­тэй 10 жилийн ял авчих­сан явж байдаг.
Тиймээс Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль бол­гон нэршүүлж олон зүйл заалтын
өөрчлөлт оруулж ялын бодлогоо цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Хорих ялыг нэлээд
багасгаж шинэ төрлийн ялыг оруулж ирж байгаа. Гэрийн хорионд байлгах ч гэдэг юм
уу шийдлүүдийг хайж бай­на. Мөн хүүхэд эмэгтэй­чүү­дийн эрхийг хамгаа­лах чиглэлд
хууль тог­тоом­жийг сайжруулах заал­тууд орсон. Гэр бүлийн нөхцөл ажлын байрны бэлгийн
дарамт гэх мэт асуудлуудыг хууль­чилж байгаа. Дээ­рээс нь зохион байгуул­лалттай
гэмт хэрэг буюу ялангуяа авлигын гэмт хэргийн талаар түлхүү оруулж өгч байгаа.

-Ерөнхийлөгч цаа­заар авах ялын
эсрэг байдаг хүн. Хуулинд энэ асуудлыг яаж тус­га­сан бэ?

-НҮБ-ын цаазаар авахын эсрэг конвенцид
нэгдээд орчихсон учраас бид үүргээ биелүүлэх учир­тай. Тиймээс цаа­заар авах асуудлыг
бүр мөсөн халж Гэмт хэргийн тухай хуулийг боловс­руул­сан. Харин цаазаар авах ялын
оронд хүний гэмт хэргийн үйлдэл бүрийнх нь ялыг нэмдэг тогтолцоог бий болгож байгаа
юм. Хуучин хүний амийг хөнөөгөөд дээрээс нь хулгай, хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд
нэг ял төлөвлөөд л өгчихдөг байсан бол одоо тус бүрт нь ял өгч байхаар болж байгаа
юм. Ингээд олон үйлдэлтэй этгээдэд ялыг нь нэмсээр100 жилийн тогтоол унших тохиолдол
ч гарч болно. Өөрөөр хэлбэл төр хатуу байх зүйлдээ хатуу байж энэ­рэнгүй байх зүйлээ
өр­шөөж чаддаг байх хэрэгтэй.

-Хэрэгтнийг заавал хорихгүй байх
тухай ярь­даг болсон. Гэмт хэргийн тухай хуулийг ч ийм хэлбэрээр боловс­руулсан
байх. Яг ямар хэлбэрээр асуудлыг шийдсэн бол?

-Заавал шоронгийн ханын цаана аваачиж
нийгмээс тусгаарлал­гүй­гээр гэмт үйлдэлд хол­богд­сон иргэнийг ажил хийлгэх замаар,
гэрийн хорионд байлгах хэлбэ­рээр ял эдлүүлдэг байх нь хамгийн зөв шийдэл бол­чихоод
байна. Энэ нь давхар хохирогчийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Хуучин гэмт этгээд
хэн нэгэнд хохирол учруулчихаад түүнээ ба­рагдуулалгүй ялаа эдэлье гэдэг байсан
бол шинэ хуулиар заавал хохирлыг нь барагдуулдаг болгож байгаа. Хэдий хэмжээнд хохирлоо
барагдуулна тэр чинээгээр ялыг нь хөнгөлдөг байх гэх мэтээр асуудалд хандаж байна.
Нэгийг нь хохиролтой үлдээж нөгөөг нь шоронд суулгадаг төрийн бодло­го байж болохгүй.
Өнөөд­рийн байдлаар 20 гаруй мянган хүнээ Монгол Улс шоронд хийж нийгмийн идэвхтэй
хүрээнээс гарга­чих­сан. Мөн 16-гаас доош насны хүүхдэд то­дор­хой хэмжээний ялын
бодлого барихаар болж байгаа. Учир нь насанд хүрээгүй хүүхдүүдийг чи ял эдлэхгүй
юм чинь гээд гэмт хэрэгт уруу татдаг. Үүнийг болиулах үүднээс бага зэрэг өөрчлөлт
оруулсан.

-Энэ хуулийг дагаж өршөөлийн хууль
гар­гах уу. Хуулийн хү­рээнд яг хэдэн хүн суллагдах бол?

-Өршөөлийн хууль гар­гах боломжгүй.
Өр­шөө­лийн хууль гаргана гэдэг шүүхийн шийдвэ­рийг улс төрийн зорил­гоор үгүйсгэж
байна гэсэн үг. Харин Гэмт хэргийн тухай хуулийн хүрээнд 10 жилийн ялтай шоронд
орсон этгээдийн үйлдэл найман жил гэж зүйлч­лэгдсэн байвал тэр хүн найман жилээ
л гүйцээнэ гэсэн үг. Хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлээд ял эдэлж байгаа хүмүү­сийн
ялын хэмжээ өөрч­лөгдөнө. Ойролцоогоор гурван мянга орчим хүн суллагдах судалгаа
бий.

-Хэрэгтнүүдийг гэрийн  нөхцөлд хорино гэж байгаа. Бас ажил хийлгэнэ.
Яг яаж цагдах вэ?

-Америк кинон дээр электрон бугуйвч
зүүлгэ­чихээд хянадаг. Үүнийг Монголд хэрэгжүүлэх бү­рэн боломжтой. Улаан­баатарт
битгий хэл орон нутагт ч үүнийг хийх боломж байна. Гэрийн нөхцөлд хорино гэдэг нийгмийн
идэвхтэй хүрээнээс гаргана гэсэн үг биш. Урьд нь бид гэмт хэрэгт холбогдсон этгээ­дэд
торгуулийн арга хэм­жээ авсан ч ажлыг нь цал­гардуулж хөдөлмөр эрх­лэх боломжгүй
бол­гож нэр хүндийг нь унагадаг байсан. Тэгээд хөдөлмөр эрхлэх боломж­гүй, цалин
авах боломжгүй болгочи­хоод торгуулийн мөнгө нэхээд байдаг. Энэ үйл­дэл бол уг дутагдлыг
арилгах эхний алхам.

-Зах зээлийн шудар­га өрсөлдөөнийг
бас хуульчилж байгаа гэл үү?

-Энэ асуудлыг мөн л хуульчилж өгч
байгаа. Үнийг хуурамчаар хөө­рөг­­дөг, үгсэн тохиролцож үнэ нэмдэг гэх мэт асууд­лыг
Гэмт хэргийн тухай хуульд гэмт хэрэг болгон оруулж байна. Ингэж байж л чөлөөтэй
өрсөл­дөх чөлөөт зах зээлийг хамгаалахгүй бол хэдэн монополь хүн нийгэмд дарамт
үзүүлдэг, өөрс­дийн эрх дураар зах зээлийг эзэгнэдэг байдал зогсохгүй. Тиймээс Гэмт
хэргийн тухай хуулиар хуульчилж өгөх шаард­ла­гатай гэж үзэж байгаа юм. Үүнд аж
ахуйн нэгжүү­дийг ч татан оролцуулна. Ингэж Гэмт хэргийн тухай хуулиар хуульчилж
өгөл­гүй захиргааны хэргийн тухай хуулийн заалтаар цөөн хэдэн төгрөгөөр торгоод
яваад байвал тэд хэзээ ч шударгаар өрсөл­дөхгүй. Шударга өрсөл­дөө­ний зах зээлд
Гэмт хэргийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчвөл аж ахуй нэгжийн тусгай зөв­шөөрлийг
хураахаас эх­лээд хариуцлага тооцох олон заалт орж байгаа. Ер нь Ерөнхийлөгчийн
хэлж байгаа Шударга ёсыг хамгаалах тогтол­цооны шинэчлэлийн хү­рээнд гарч байгаа
хуулиу­дад болохгүй бүтэхгүй, болж бүтэх зүйлийн ха­рил­цан хамаарлыг уял­дуулж
тусган заалт оруулсан. 

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Даварсан оюутнууд 70 мянгыг төсвөөс хасвал жагсаал хийх гэнэ

Монголын оюутны холбоо­ноос
өчигдөр мэдээлэл хийв. Тус холбооны зүгээс 2014 оны төс­вийн төсөлд оюутны тэтгэл­гийг
заавал суулгаж өгөх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий
сайд Н.Алтанхуяг болон Засгийн газ­рын гишүүдэд шаардлага хүр­гүү­лээд байгаа аж.
Энэ талаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Бямба­гэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай холбооны зүгээс Монгол Улсын
төрийн тэргүүн болон Засгийн газрын ги­шүү­дэд шаардлага хүр­гүүл­сэн гэлээ. Ямар
учиртай шаардлага юм бэ?

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж бо­лон Засгийн газарт
Мон­голын оюутны холбооны зүгээс албан ёсны шаард­­лагыг хүргүүлээд байна. Ингэхдээ
гурван үндэслэл бүхий шаард­лага хүргүүлж байгаа.

Эхний ээлжинд “Дээд бо­ловс­ролын
санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар
өргөн барьсан хуулийн төслийг буцаах. Хоёр­дугаарт, үндэсний тэтгэлэг олгох хууль
тогтоомжид өөр­члөлт оруулахдаа МОХ болон оюутнууд, тэдний эцэг, эх, их, дээд сургууль
гээд оюутнуудын үйл ажиллагааг дэмжигч олон бай­гууллагын санал бодлыг сонсч байх.  Гуравдугаарт, үндэсний тэтгэлгийг хамрах хүрээ,
хэмжээг бууруулах­гүйгээр ирэх оны улсын төсвийн төсөлд тусгаж өгөөч ээ гэсэн хүсэлтээ
илэр­хийлээд байна.

-Монголын эдийн засаг хүнд байдалтай
байна. Ирэх оныхоо төс­вөөс үр ашиггүй зардлаа аль болохыг хасч бүсээ чангалж бай­на.  Ер нь ийм хүнд нөхцөлд оюут­нууд эх орноосоо зүгээр
мөнгө нэхэхээсээ  ичдэггүй юм уу?

Энэ бол ичих зүйл биш. 70 мянган төгрөг олгож эхлэхээс
өмнөх улс орны эдийн засгийг өнөөгийн эдийн засаг, гадаад харилцаатай харьцуулахад
нэг нь газар дор, нөгөө нь газар дээрх амьдрал шиг асар ялгаатай. Тухайн үед улс
орон дээд боловсрол эзэмшиж буй хүүх­дүүдийнхээ асуудлыг яаж зохицуулж чадаад байсан
юм. Харин өнөөдөр хуультай, судалгаатай, хэрэгжилттэй болсон. Улс орны эдийн засаг
хүнд байна гээд өөрчилнө гэж ярихаасаа илүүтэйгээр өөр үр ашиггүй зардлыг танах
хэрэгтэй ш дээ. Сургалтын тэтгэлэг гэдэг нь 
оюутан залуусын сургалтын чанар, улс эх орны ирээдүй гэсэн үүднээс гарч ирсэн
зүйл. Гадаадад Засгийн газар нь хуульд өөрчлөлт оруулахаасаа илүү журмаа өөрчлөх
эрхтэй хэмээн үзэж зөв зохицуулалт хийдэг юм билээ. Харин муу сураад байгаа хэдэн
оюутан байна гэдгийг нь судлаад арга хэмжээ авч болно шүү дээ.

-Оюутнуудад төрөөс тэтгэлэг гээд
мөнгө өгч байдаг. Харин оюутнууд зугаа цэнгэл, шоуны хэрэгцээндээ л цацаад дуусч
байгаа юм биш үү?

-Бид 2010 оноос хойш ажлын хэсэг гарган
өрхийн орлого, оюутан хүүхэдтэй айлын дунд судалгаа  хийж ирсэн. Харин хууль хэрэгжиж төрөөс тэтгэлэг
авч байгаа дийлэнх оюутнууд буюу 70 хувь нь шууд сургалтын төлбөрөө зарцуулж байна.
Одоо оюутны 70 мянган төгрөг ярихаар оюутнууд шоуддаг, зугаа цэн­гээнд үрэн таран
хийдэг гэсэн ойлголт яваад байдаг. Архидаад хаана ямар гэмт хэрэг гаргав гэдэг нарийвчилсан
баттай судалгаа хаана байна. Гэтэл өнөөдөр ихэнх сургууль дээр судал­гаа гарсан
байна. Эрх баригчид зөвхөн санхүүгийн бэрхшээлтэй холбож тайлбарлаж болох­гүй. Ер
нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсноор оюутнуудын нийгмийн байдал эрс
сайжирч байна.

-Та нарын судалгаа хэр боди­той
вэ?

-Амьдрал дээр бодит байгаа зүйл. Бид
сургууль болгонд очиж уулзалт зохион байгуулдаг.

-Тэгвэл ядаж 70 мянган төг­рөгөө
орж иртэл нь оюутнууд чимээгүй хүлээж болдоггүй юм уу. Дандаа л хугацаандаа орсонгүй
гэж хэл ам гаргаж байх юм?

-Оюутнууд чимээгүй байсаар ирсэн.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гээд Монголын үйлдвэрчний эвлэл
яваад л байлаа. Одоо төсвийн төсөлд олон зуун тэрбум төгрөг суулгаж хөдөл­мөрийн
хөлсний хэмжээ нэмэгдээд батлагдаад гарчихлаа. Тэгвэл энэ хуульд хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээний тал хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг сар бүр тооцож оюут­нуудад олгоно
гэдэг заалт байна. Бид хуулиа бариад хэрэгжилтээ хан­гуулна, төсвийн төсөвт нэг
оюутан бүрийг 20 мянган төгрөгөөр тооцоод өдрийн ангийн магистр, доктор, бакалавр
зэрэг оюутнуудаа нэмээд энэ хөрөнгийг нэмж суулгана гэвэл хэдэн арван тэрбум төгрөг
шаард­лагатай болно. Тиймээс бид улс орны эдийн засгийн байдлыг ойлгож бай­гаа учраас
энэ тэтгэлэг хуулийнхаа дагуу хэрэгжиж байгаа учир цаашаа явж байг гэж үзэж байгаа
юм. Засгийн газраас орж ирсэн наймдугаар зүй­лийн хоёрт заас­наар сар бүр хө­дөлмөрийн
хөлсний доод хэмжээний тал хувийг олгоно гэснийг олгож болно гэсэн байгаа юм. Дараагийн
нэг асуудал бол суралцах хугацааны туршид олгох тэтгэлгийн хэмжээг Зас­гийн газар
тогтооно гэсэн байгаа юм. Энэ нь амлалт өгч гарч ирсэн улс төрийн нам амлалтаа зөрчөөд
байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид хан­даж хэлэхэд нийт оюутан залуус, тэдний ар
гэрийнхнийг хүндэлж, оюутнуудын эрх ашгийг зөрч­сөн энэхүү хуульд хориг тавиасай
гэж олон мянган оюутнуудын өмнөөс хүсч байна.

Хэрвээ шаардлагыг тань хү­лээж
авахгүй бол яах вэ?

-Хэрвээ бидний тавьсан шаард­лагад
энэ сарын 15-ны дотор албан ёсоор ха­риу ирүүлэхгүй бол жагсаал хийх болно.

-Яагаад заавал жагсаал хийнэ гэж?

МОХ-ны зүгээс дээд боловс­ролын санхүүжилт, суралцагчдын
нийгмийн баталгааны тухай хуулийн зарим заалт бүрэн хэрэгжихгүй байгаа талаар хэд
хэдэн удаа албан бичгээр мэдэгдэж арга хэмжээ авахыг сануулсан. Харамсалтай нь бидний
хүсэлтийг ажил хэрэгч байдлаар хүлээж авах нь бүү хэл хуулийн амин сүнс болсон үндэсний
тэтгэлэг олгох асуудлыг УИХ-ын гишүүд таслан зогсоохоор санаархаж байна. Хэрвээ
тэтгэлгийг хасах юм бол олон мянган оюутан цаашид сургалтын төл­бөрөөсөө болоод
суралцаж чадахгүй байдал үүснэ. Тэдний төлбөрийг төлөхөөр эцэг, эхчүүд ч хүнд байдалд
орох болно. Тиймээс бид өргөн цар хүрээтэй жагсаал хийх болно гэж мэдэгдмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюундарь: Жирийн иргэдийн хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Ардчилсан нам Зас­гийн эрхийг
аваад жил гаруйн хугацаа өнгөр­лөө. Сөрөг хүчнийхэн улс орны эдийн засаг хүндэрсээр
байна гэж мэдэгдэж байгаа. Үүнд АН-ын зүгээс ямар дүгнэлт хийж байгаа юм бол?

-Шинэчлэлийн Зас­гийн газар үйл ажилла­гаагаа эхлэхтэй зэрэгцэн
дэл­хийн зах зээл дээр нүүрс зэсийн үнэ огцом унаж, үүнээс болоод экс­портын орлого
тасалдаж эхэлсэн. Мөн сонгуулийн үеэр иргэ­дийг хамгийн ихээр бухимдуулж бай­сан
замбараагүй олгогд­сон уул уурхайн лицен­зүү­­дийг цэгцлэх шаард­лагыг биелүүлэх
үүднээс 1500 гаруй лицензийг зогсоос­ноос тэр хэм­жээ­гээр эдийн засагт орж ирэх
хөрөнгө оруулалт, мөнгө­ний урсгал зогсож, ажлын байр хумигдсан. Төсвийн орлогын
нэлээд хувийг бүрдүүлдэг томоо­хон хэм­жээний аж ахуйн нэгжүүд болох Эрдэ­нэт, Оюу
толгой, Таван тол­гойгоос орж ирэх ихээхэн хэмжээний орлогууд тү­рүүчийн Засгийн
газрын үед тавьсан өрөнд суут­гагдаж эхэлснээс гадаад валютын хомсдол үүсч, долларын
ханш огцом өсөх болсон. Энэ бүхэн яах аргагүй тулгарсан бодит эдийн засгийн хүнд­рэл
мөн бөгөөд түү­нийг Засгийн газар харин ч урьдчи­лан харж, Мон­гол­банк­тай хамтран
үнэ тогт­вор­жуу­лах хэд хэдэн хө­төл­бөрийг хэрэгжүүлс­нээр эдийн засгийн энэ огцом
хүндрэл иргэдийн наад захын хэрэгцээ бол­сон мах гурилын үнэд огцом нөлөөлөөгүй
нь сайшаалтай. Долла­рын ханшийн огцом өсөлт дол­­лартай харьцдаг цөө­хөн бүлэг
хүмүүст л “шийт­­гэл” болдгоос биш, төгрө­гөөр мах гури­лаа авдаг нийт ард иргэ­дэд
тэгтлээ нөлөө үзүүлдэг­гүй.

Гараанаасаа
эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан Засгийн газар хөтөлбөртөө тусгагдсан  бүтээн байгуулалтын аж­луудаа үүнээс болж хойш
тавиагүйд харин ч та­лархах ёстой. Төсвийн байдлыг харж, гараа хум­хиж суухгүйгээр
шаард­ла­гатай хөрөнгө мөнгийг өөр эх үүсвэрээс бүрдүү­лэх, босгох арга замыг Засгийн
газар түргэн шуур­хай эрэл­хийлс­ний үр дүнд зам барилгын ганцхан улир­лын хуга­цаанд
л гэхэд нүдэнд ха­раг­дахуйц огцом өөрч­лөлтүүд бий боллоо шүү дээ. Яахав түрүүний
зас­гийн үед тавь­сан өр нь үнэн ч, түүнийг төлж ба­рагдуулах нь энэ засгийн үүрэг
тул “гоншгонох” шаардлага алга. Нэгэнт олон улсын гэрээ хэ­лэл­цээрээр хийгд­сэн
өр уч­раас Засгийн газраас Эр­дэнэт, Таван толгой, Оюу толгойд бү­тээгдэхүүн үйлд­­вэрлэлийн
хэмжээг өрөнд нийлүүлж байгаа хувиас нь давуулж үйлд­вэрлэлийг нэмэг­дүү­лэх, үйлдвэрлэсэн
тэдгээр бү­тээгдэхүүнээ найдвар­тай зарах зах зээлээ бэл­дэж, урьдчилсан гэрээ хэлэл­цээрүүдийг
хийх аж­лыг Япон, БНХАУ-уудад хий­сэн болон дараа да­раа­­гийн орнуудад хийх айлч­лалуудаараа
ам­жуулж, заримыг нь эцэс­лэн зур­лаа.

Энэ бүхэн
богино ху­га­­цаанд хийж байгаа чам­лахааргүй амжилт мөн ч, Засгийн газрыг магтаж
толгойг нь илэх биш, муулж урмыг нь хуга­лах биш, өөр олж хараа­гүй боломжийг нээн
ил­рүүлж, хүндрэлээс хурдан шуур­хай гарахыг намын зүгээс УИХ дахь бүлгээ­рээ дам­жуулан
байнга шахаж шаардаж ажил­лаж бай­гаа. Мөн Засгийн газрын 2012 оны сон­гуулийн мө­рийн
хөтөл­бөрт тусгагд­сан амлалтуу­дыг нэг жи­лийн хуга­цаанд хэдэн хувь­тай хэр­хэн
биелүүлж бай­гаа явцын тайланг гар­гахыг шаардаж, удах­гүй УИХ дахь намын бүлэг
дээрээ хэлэлцэх гэж байна.   

-Ямар
ч намын гал тогоог барьж байгаа ген­секийн хувьд нам дотор жигүүр ургахад таатай
бус ханддаг. Танай намын жигүүрийнхэн дүрэмдээ өөрчлөлт оруу­лахыг шаардаж бай­сан.
Жигүүрийнхэн­тэйгээ тохиролцоонд хүрсэн гэв үү?

-АН-д угаасаа
олон жигүүр фракци бий. Иймд АН-д фракц үүсэх нь тийм ч сонин “мэдээ” биш, ха­рин
АН фракцгүй болжээ гэвэл чих соотойлгох “мэдээ” болох байх шүү.

Сүүлд байгуулагдсан,
одоогоор “отгон” жигүү­рийн хувьд намын гүйцэт­гэх зөвлөлөөс удаа да­раа гаргасан
дотоод сон­гуулийг хойшлуулах шийд­­вэрийг шүүмжилж, алдаа дутагдалтай ч хүчин төгөлдөр
байгаа дүрмээ хатуу барьж ажил­лахыг одоогийн удирд­лагуудаас шаард­сан шаардлага
дээр са­нал нэгдсэн жи­гүүр. “Хуу­лийг шүүмжилж болно, дагахгүй байж бо­лохгүй”
гэсэн суурь зарч­мын да­гуух зөв зүйтэй шаардла­га байсан уч­раас намын дарга жигүү­рийнхнийг
хүлээж авч уул­заад, ХЭГ-т хамтарч асууд­лыг ший­дэх үүрэг өгсөн. Энэ да­гуу намын
УТБ-ын хэлт­сийн дарга Д.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад, намын дү­рэмд
2011 онд оруулсан ротацийг байх­гүй бол­госон ҮЗХ-ны шийд­вэ­рийг хэрхэн өөрч­лөх
бо­лон, намын гишүү­дийн хариуцлага, ёс зүйн жур­мыг шинээр боловс­руу­лах зэрэг
хэд хэдэн төс­лүүд дээр ажиллаж байна.         

-АН-ын
зүгээс СЕХ-нд хүсэлт хүргүүллээ. Увсын хоёрын асууд­лыг Дээд шүүх хэлэл­цээд СЕХ-г
шийдвэр гарга гэсэн. Гэтэл хуу­лийн хугацаа нь болчи­хоод байхад асуудлыг шийдвэрлээгүй.
Үүнтэй холбоотой хүсэлт хүргүүлэв үү?

-АН-аас
СЕХ-нд хан­даж, УИХ-ын 2012 оны 15-р тойрогт үүссэн сон­гуулийн маргааныг шүү­хийн
шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлэж өгө­хийг хүссэн өргөдлөө албан ёсоор 2013 оны
арваннэгдүгээр сарын 8-нд хүлээлгэн өглөө. Ув­сын тойрог дахь сонгуу­лийн маргааны
асууд­лыг хэлэлцсэн Эрүү­гийн бо­лон захир­гааны хэргийг шүүх Ул­сын дээд шүү­хийн
шийд­вэрүүд гарсан. Энэ шийд­вэрүүдийг үн­дэс­лэн сон­гуулийн хуу­лийн 35.34-т заасан
үйл ажиллагааг СЕХ-ноос хэрэгжүүлэ­хийг АН хү­сэлт­дээ тодор­хой зааж өгч, түүндээ
шүүхийн шийд­вэрүүдийг болон гүйцэтгэлийн тог­тоо­луу­дыг хавсарган хүргүүлсэн байгаа.

СЕХ-нд
асуудлыг хянан шийдвэрлэх хуу­лийн хугацаа гэж бий. Энэ хугацаа нь 30 хоногийн дотор,
дахин хянах шаард­лагатай гэж үзвэл хоёр сарын хугацаанд шийдэх үүрэгтэй бөгөөд
СЕХ асуудлыг хуулийн хугацаанд шийднэ гэдэгт найдаж байна.

Ардчилал,
эрх зүйт төрийн тогтолцоо цаа­шид xөгжиx эсэx нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо,
сайн боловс­руулсан сонгуулийн xууль, зөв зоxион бай­гуулж явуулсан сонгуу­лиас
шалтгаалдаг. Ийм учраас улс төр бол ямар нэгэн зөв зүйтэй ёс жур­мыг бий болгоxын
төлөө үеийн үед үргэлжилдэг мөнхийн тэмцэл юм. Энэ тэмцлийг Увс аймгийн жирийн иргэд
эхлүүлж, жил гаруй тэмцээд өдгөө СЕХ-нд тулж ирээд, түү­ний шийдвэрийг амьс­гал
даран хүлээж байна. Жирийн иргэдийн энэ хүлээлтийг СЕХ хүндэтгэх үүрэгтэй.

-СЕХ
МАН-аас нэр дэвшин, УИХ-д сонгогд­сон гишүүдийн манда­тыг хүчингүй болгох бо­ломжтой
юу?

-2011 оны
сүүлээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 35.34-т зааснаар, УИХ-ын ги­шүүн болох
явцад хууль зөрчсөн үйлдэл нь УИХ-ын гишүүн болсноос хойш шүүхээр хянан шийд­вэрлэгдэж
тогтоогд­вол гишүүний түр үнэм­лэхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн
заалтыг хэрэг­жүүлэх субъект нь СЕХ юм. Тиймээс СЕХ УИХ-ын сонгуулийн энэ хуу­лийн
заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээч ээ гэсэн шаардлагыг л бид тавьж байгаа.

-Ер
нь үеийн үед СЕХ эрх баригч намын мэдэлд байсаар ирсэн. Хэдийгээр хараат бус байх
ёстой ч харьяа­лалд нь байсан нь нууц биш ээ. Та твиттер хуу­даснаа СЕХ-той “үзэл­цэнэ”
гэж жиргэсэн бай­сан. Эрх баригч намын генсек ингэж хэлэхээр хүмүүст сонин санаг­даж
байгаа. Эрх баригч намын хувьд СЕХ-г эрх мэдэлдээ барьж чадах­гүй байгаа болохоор
ингэж хэлэв үү?

-СЕХ эрх
баригч хүч­ний нөлөөнд байсан үе саяхан. Тэр нь дээрээсээ доош хатуу командаар ажилладаг
МАН-ын хуу­чин коммунист бүтцэд суусан сэтгэхүй гишүү­дийнх нь толгойд амь бөхтэй
оршиж байсны үр дагавар байсан. Намын гишүүнээсээ татгалзсан ч сэтгэхүй нь өөрчлөг­дөөгүй
байсан учраас СЕХ-ны дарга асан Б.Бат­тулга жишээ нь ямар улаан цайм шийдвэ­рүү­дийг
гаргаж байлаа даа. Ердөө түрүүний Их хур­лын л үед шүү дээ. Тэгээд УИХ-ын гишүүн
С.Эрдэнэ тэр үеийн СЕХ-г шүүхэд өгч торгууль тавиулснаас хойш, арай нэг цочрол авч,
бүрэлдэхүүнд нь бай­гаа улсууд намын шийд­вэрийг биш, хуулийг ба­римтлах гэж хичээх
бол­сон. Гэхдээ энэ хичээлт бүрэн итгэл үнэмшил болж чадаагүй байгаа­гийн илрэл
нь Увсын асуу­дал дээрх СЕХ-ны хойрго ажиллагаа болов уу. Манай нам СЕХ-г эрх баригчид
нөлөөндөө байл­гахын бурууг хам­гийн ихээр шүүмжилдэг байсан хүчний хувьд үзэл бодлынхоо
эсрэг тийм оролдлого огт хийхгүй. Тийм ч учраас СЕХ-ных­ныг дуудаж шивнээ даал­гавар
өгөхгүй, хуулийн дагуух шаардлагаа хэв­лэ­лээр ил тод өгч, тэднийг
self-censorship сэтгэхүй­гээ­сээ салж, цаашдын үр дагавар гэх мэт улс төрч­дийн
санаа зовдог сэд­вийг толгойноосоо авч хаяад, зүгээр л хэвлэсэн хуулийг өмнөө тавьж
бай­гаад шийдвэрээ гаргадаг шүүгчид шиг ажиллахыг намын зүгээс шаардаж байгаа юм.

-Та
саяхан БНАСАУ-ыг зориод ирсэн. Ямар ажил амжуулав?

-БНАСАУ
дахь аял­лын хувьд би намын дар­гаас хувийн чөлөө авч, гэр бүлийнхээ эрхэлдэг ком­па­нийн
нэрээр ажил олгогч­дын холбооны шу­га­маар бизнес аялалд оролцоод ирсэн. Хойд Солонгос
эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх зорилт тавиад, тэр зорил­гынхоо үүднээс Мон­голын
бизнес эрхлэгч­дийг хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын чиг­лэлээр хамтарч ажилла­хаар
урьсан юм байна лээ.

-Таныг
Хойд Со­лон­госын их удирдагч Ким Жон Илийн тухай ном худалдаж аваад тус улсад хоригдох
дөхсөн тухай хэвлэлүүд мэдээл­сэн. Чухам юу болсон юм бэ?

-Кесаны
аж үйлдвэ­рийн цогцолборыг үзэ­хээр гарсан аяллын замд бид зогсож үдийн хоол идсэн
юм. Тэгээд дэл­гүүрт нь тавигдсан бэлэг дурсгалын зүйлсээс би сонирхлын дагуу кино
DVD, ном хоёр худалдаж авсан юм. Өөр нэг биз­несмэн өөр нэг ном худалдаж аваад дурсгал
болох үүднээс түүн дээ­рээ аялалд оролцсон бүх хүмүүсээр тойруулан гарын үсэг зуруулж
бай­сан. Тэгээд автобус хөд­лөхийн алдад манай авто­бусанд орчуулагч бүсгүй орж
ирээд биднээс “Та нар дунд ном худал­даж авсан хүн байна уу” гэж асуусан. Би гараа
өргөж номоо үзүүлэхэд бүсгүй номыг аван буу­гаад хэсэг хугацааны да­раа эргэж ирэхдээ,
“…ууч­лаа­рай, энэ манай их удир­дагчийн ном уч­раас бид дээр нь элдэв юм зурж
уу гэдгийг шал­гасан юмаа” гэсэн. Бод­вол “Генералын номыг нэг хүн авсан, түүнийг
тойруулж хүмүүс юм са­раачаад байх шиг бай­сан, шалга” гэсэн команд ирсэн байх.
Тэгээд “ном худалдаж авсан хүн бай­на уу” гэхэд нь би номоо өгч шалгуулсан нь тэр
л дээ.   

-Танай
намын өрсөл­дөгч улс төрийн том хү­чин болох МАН-ын Их хурал нэлээд сүр дуу­лиантай
болж өндөр­лөлөө. МАН-д болсон өөрчлөлтийг юу гэж харж байна. Нөгөө л хуу­чин М.Энхболд,
Ж.Мөнх­бат нар удирд­лагад сонгогдлоо гэх хүмүүс байна. Намын удирд­лага солигд­со­ноор
тус нам шинэч­лэгдэж чадах болов уу?

-Энэ асуултад
би хариулт өгөх субьект биш. Би АН-ын ЕНБД-ын хувьд МАН-ын их хуралд баяр хүргэж
амжилт хүссэн мэндчилгээг албан ёсоор хүргүүлсэн. Хурлын үеэр гадаадад ажлаар явж
байсан учраас шинээр сонгогдсон МАН-ын дарга М.Энхболдод хувийн зү­гээс баяр хүргэж
амжаа­гүй байна. Харин ЕНБД-аар сонгогдсон Ж.Мөнх­батад твиттерээр баяр хүргэсэн. 

-Ер
нь сонгуулийн хугацаа дөхөөд ирэ­хээр эрх баригч намын хувьд том нүүдэл бол­дог.
Гол өрсөлдөгч нам­тайгаа эвсэх хандлага байдаг. Танай намд МАН-ыг хамтарч засаг
барих “урилга” байх болов уу?

-Үгүй л
болов уу. Урьд нь эвсэж үзсэн бүхий л оролдлогууд манай намд тийм ч таатайгаар тусаж
байгаагүй. Үр дүн нь ихэвчлэн сөрөг байсан. Гэхдээ нэг юм туйлын үнэн. 2012 оны
сонгуульд манай нам бүрэн төгс ялаагүй. Энэхүү “дутуу” ялалтын үр дүнг ямар нэгэн
байдлаар амсах, магадгүй төлөөс хийх шаардлага ч тулгарч болохыг үгүйсгэхгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Нийслэлийнхэн “Вива сити”-д очиж салхилдаг болжээ

Яармагт, Туул голын урд дэнж дээр
сүндэрлэ­сэн “Вива сити” хороолол нийслэлчүүдийн зорин байж очдог газар болжээ.
Яагаад гэвэл энд агаар сайхан, дуу чимээгүй, хүс­сэн бүх үйлчилгээг нэг дороос авах
боломжтой цогцолбор хороолол бос­чих­сон. Залуусын гэх тодотголтой “Вива”-д
1600 гаруй залуу гэр бүл амьдарч байна. Нийтдээ арваад мянган хүн ам тогтмол ажиллаж
амь­дардаг гэж хэлж болно.

Байруудын нэг дав­хар нь тэр чигээрээ
үйл­чилгээний газруудтай. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас эхлүүлээд спор­тын бараа,
хүүхдийн хув­цасны дэлгүүр, жирэмсэн эхчүүдийн төв, фитнесс, кофе мухлаг, банк,
үсчин гоо сайхан, зоогийн га­зар, брэндийн дэлгүү­рүүд, пиццаны газар, хими цэвэрлэгээ
гээд бүгд бий.

Хүүхдийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв
энд ажилладаг учир эцэг эх­чүүд хүүхдээ гэрийнхээ хажууд өгчихөөд л ажил­даа санаа
амар явдаг аж.

Оршин суугчид бүгд хөнгөлөлтийн карттай.
Картаараа хороолол дахь ямар ч газраар орж хөнгөлөлттэй үйлч­лүүл­нэ. Эндхийн үйлчилгээ­ний
төвүүд зөвхөн “Вива”-гийнханд зориулагдсан гэж ойлгож болохгүй юм. Амралтын өдрүүд, баяр ёслолын үеэр нийслэлчүүд уг хорооллыг
зорьдог гэнэ. Дэл­гүүр хэсэнгээ эхнэр нь дуртай кофегоо оочилж байхад нөхөр нь шар
айрагны мух­лагт хөлбөмбөг үзнэ. Хүүхэд нь энэ үед тоглоомын төвд тоглож байх жишээний.
Манай­хан дээхнэ “Захаар гутлынхаа улыг эргэтэл яв­лаа” гэж ярьдаг байв даа. Харин
одоо үед тэгж тоос манаргатал “шогших” хэрэг алга. Хувцас, гэр ахуйн дэл­гүү­рүүдээр
хэсэнгээ үсчин орчихож болж байна. Уран зургийн галлерей сонирхож, гэрэл зургийн
студиэр орж болно. Жаахан ядарвал кофе шоп юм уу, пиццаны газар орно. Зуны цагт
задгай зас­сан ширээний ард суугаад мөхөөлдөс долоонгоо том дэлгэцээр сонирхолтой
тэм­цээн уралдаан үзнэ. Амрах, суух сандлуудыг хэд алхаад л байрлуулжээ. Бас хогийн
сав, тамхи татах цэгүүд ч элбэг. Бие засах газар ч хэд хэд байна. Иймээс дэлгүүр
хэсэхдээ ядарч, залхуурна гэх зовлонгүй. Заавал дэлгүүр орох гэж биш салхинд гарах
гэж энд ирдэг хүмүүс олон байдаг гэнэ.

Зуны саруудад энд байр хөлслөөд зусчихдаг
хотын­хон байдаг аж. Өвөлдөө Яар­ма­гийн гэр хорооллын айлуу­дын утаа урагшаа уул
руу сарничихдаг бол хотын утаа униар голоо дагаад уруудчих­на. Тийм болохоор энд
угаар үнэртээд байдаггүй гэнэ.

Энэ хороололд 150 гаруй аж ахуй нэг
үйл ажиллагаагаа явуулахаас одоогоор 80 орчим нь ажиллаж байгаа тухай “Viva
city” хорооллын Аж ахуйн нэгжүүдийн холбоо­ны дарга Д.Нямбаяр дуулга­лаа. Энэ бүсгүй
хорооллын­хоо бүтээн байгуулалтын талаар бахархан ярина. Хөгж­мийн аятайгаа уялдан
хөгжмийн хэмнэлийг мэдэрч янз бүрээр оргилдог “Ман­духай” усан оргилуур бол эндхийнхний
зундаа хажуу­наас нь холддоггүй, орой болтол суудаг газар нь гэнэ. Өвөл болоод хүйтэрсэн
учир хэдийн оргилуурын насос болон техникүүдийг хүйтнээс хамгаалдаг материалаар
баглачихаж. “Манай “Ман­духай” чинь их өндөр үнэтэй оргилуур учир даарчихна гээд
хуччихсан” хэмээн Д.Нямбаяр хошигнолоо. “Мандухай”-гаас гадна хэд хэдэн оргилуур
энд байдаг.

“Вива сити” хороолол бол эко гэдгээр
Улаанбаатарт байгаа бусад хорооллоос ялгагдана. Зүлэг, моддоор дотоод тохижилтоо
сайн бүр­дүүл­сэн учир хавар, намар­таа салхиллаа ч шороо тоос дэгдэхгүй. Хогийн
сав элбэг болохоор ганц ч хог ил хий­сэх­гүй. Зундаа хорооллын ажилтнууд зүлэг моддоо
өг­лөө оройдоо тогтмол усална. Айлууд өөр өөрийн гэсэн гэр бүлийн модтой. Ихэвчлэн
цонхныхоо харалдаа гэр бүлийн модоо суулгасан гэнэ. Цонхоороо модоо хараад  хавар, зундаа байнга анхаа­рал хандуулдаг аж.

Хотын төв дэх хороолол руу машинтай
орно гэдэг ямар хэцүү байдаг билээ. Нарийнхан замаар зөрөх гэж уртаас урт дараалал
үүсэх нь бий. Хотын төвийнхөн чинь машинаа орцны үүдэнд тул­гаж тавих гэж улайрцгаадаг
шүү дээ. Харин энд авто машины зогсоолын асуудлыг цогцоор нь шийдчихсэн бай­на.
Дулаан грааж барьж бай­на. Авто машины нэгдсэн зогсоолууд хорооллын хой­гуур байрлана.
Дэлгүүр хор­шоо руу талх, бараагаа зөөх буулгах машин тэрэг л гол замаар явах эрхтэй.

Тиймээс эцэг эхчүүд хүүх­дээ гадаа
тоглож байхад нь машин тэрэгт шүргүүлчих болов уу, согтуу галзуу жолооч нар хүүхдийг
минь айлгачих вий гэж санаа зовох зүйлгүй гэнэ.

Зун хороололд хүүхдүүд унадаг дугуй
унаж, дугуйт тэшүүрээр гулгаж, хойно байр­лаж буй тоглоомын талбайд өнждөг гэнэ.

Хяналтын цогц системтэй учир энд хулгай
зэлгий элдэв муу үйлдэл гарах нь бага. Гэхдээ яваандаа хороо болох чиглэлтэй байгаа
учир “Вива сити” хороололд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг бай­гуу­лагдахаар болжээ.
Цаг­даа­гийн хэсэг байрлах бай­рыг хэдийнэ бэлэн болгочих­сон байна. Цагаан шонхор­той
цагдаагийн сүлдтэй хаягтай байр байна билээ.

“Хүннү моол” гэж асар том цогцолбор
энд баригдаж бай­гаа. 2014 онд ашиглалтад орох уг төвд 3D кинотеатр, мөсөн гулгуурын
талбай гээд залуус хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байгуулагдах юм байна.

Ажил эхлэх, тарах цагаар энд багагүй
түгжрэл үүсгэнэ. Аргагүй шүү дээ. Дан залуус амьдардаг учир бүгд өглөө гэрээсээ
гарна. Хөл хүнд юм уу, нялх хүүхэдтэй бүсгүйчүүд, ач зээгээ харж байгаа эмээ өвөө
нар л үзэгдэнэ. Орой ажил тарах цагаар хороолол дахин хөл хөдөлгөөнд ум­бана. Баяр
ёслолын үеэр найрал хөгжим уянгын аяз хороолол даяар намуухан эгшиглэнэ. Дууны нэгдсэн
системтэй болохоор зар зар­лал тараахдаа айл бүрийн хаалгыг тогшиж, зар наах шаардлагагүй.
Өнөөх нэгдсэн хоолойгоор хүргэчихнэ. Хөл ихтэй баярын үеэр хүүхэд эцэг эхээсээ төөрвөл
нийтэд энэ хоолойгоор дуулгачихна.

Зундаа эндхийнхэн аж­лаа­саа ирээд
гаднаа шөнө дөл болтол суудаг аж. Гацуу­рын төгөл, сүүдрэвч, усан оргилуур, том
дэлгэц, сандал гээд тав тухыг хангасан бүхий л зүйл байгаа учир залуус орой болтол
сууж салхилдаг гэсэн. Хороололд нүүж ирж байгаа айлуудад “Оршин суугчдад зориулсан
гарын авлага” өгнө. Уг авлагад хот­хон дахь үйлчилгээний төвүү­д­ийн байрлал, хотхоны
эрхэм зорилго, санамж, зөвлөгөө, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, ашиглал­тын
заавар, шаардлагатай үед залгах утасны жагсаалт зэргийг багтаажээ.

Оршин суугчдад хороол­лын захиргааны
зүгээс “Зүлэг ногоон байгууламжийг эв­дэлж гэмтээхгүй, хүүхдүүддээ задгай шат, машины
зам дээр тоглуулахгүй байх, ил задгай бие засахгүй, хогоо зориу­лал­тын саванд хийх,
22.00 цагаас хойш элдэв дуу шуу­гиан гаргахгүй байх, нохой, муураа салхилуулах үед
ялд­сыг нь авч хогийн саванд хийж, машинаа зөвхөн зориу­лал­тын талбайд тавих” гэсэн
хэний ч мөрдөж болох санам­жийг өгдөг юм байна.

Залуус өөрсдийн гараар тарьж ургуулсан
мод, зүлэг талбайдаа өөриймсөг сэтгэ­лээр ханддаг гэнэ. Мод зул­гааж байгаа хүүхдийг
хараад хэн нь ч зэмэлнэ.

Энэ амралтын өдрүүдээр тус хорооллынхон
шинэ жилийн гацуураа чимэхээр зэхэж байгаагаа дуулгасан юм. Өнгөрсөн ёолкоо их л
сайхан тэмдэглэж, нэгэн үд­шийг үр хүүхдүүдтэйгээ хөг­жөөнтэй өнгөрүүлжээ. Бүх оршин
суугчдаа халуун вино­гоор дайлж, салют буудуул­сан гэнэ.

Хотхоны хойно байдаг задгай театрын
дэргэд “Зүр­хэн” хөшөө босгохоор төлөв­лө­жээ. Хосуудын болзож, хайраа ичилж, хамтдаа
суух боломжийг бүрдүүлсэн тийм орчин байх юм байна. Бас гадны орнуудад байдаг хай­рын
цоожоо цоожлоод үлдээ­дэг тийм хашаатай байх гэнэ.

Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр
давхар улаан автобус, утасны бүхээг бүхий “London irish pub”-ийг харах гэж Дорнод
аймгаас хүмүүс ирж байсан тухай эндхийн оршин суугчид сонирхуул­лаа.

Ийм нэг шинэ соргог залуус гэлтгүй
нийслэлчүү­дийн ая тухтай орчинд амьд­рах нөхцөлийг бүрдүүлж, хүний төлөө хийсэн
бүтээсэн, харуулах юмтай хороолол нийслэл хотод байна. Бид энэ сурвалжлагаараа
“Viva city” болон MCS группийнхныг сурталчлахыг урьтал болго­сон­гүй. Хэрвээ бид
зориг хүч гаргаад хамтдаа зүтгэвэл стан­­дартад нийцсэн үйлчил­гээ, орчинтой хороололд
жин­хэнэ их хотын иргэд шиг ая тухтай амьдарч болдог юм байна гэдгийг эдний жишээн
дээрээс харж болох нь. Хотод маань бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж байна. Нийслэ­лийн
бүсэд ийм жишигтэй хэдхэн хотхон барихад л Улаанбаатар хотын маань өнгө төрх нь
сайжраад ирнэ шүү дээ.

Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг
гэгддэг Италийн Венец хотын алдартай гуд­муу­­дын архитехтур, дизай­наар гангарсан
“Вива сити” хотхоныхон шиг нэгдмэл байж, сайхан орчинд амь­дарц­гаавал болох л санж.

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ё.Отгонбаяр: Та нар энэ асуудлыг битгий өдөө л дөө

УИХ-ын гишүүн Ё.От­гонбаяртай
ярилц­лаа.

-Оюутнуудад үн­дэс­ний тэтгэлэг
олгох асууд­лыг УИХ-аар хэ­лэлцэж гишүүд маргал­даад байна. Та энэ тал дээр ямар
байр суурь­тай байгаа вэ?

-Дээд боловсролын санхүүжилтийн тухай
хуульд оюутнуудад олгох үндэсний тэтгэлгийг на­рийн шалгуураар олгох асуудал дээр
гол маргаан үүслээ. Ер нь бол үндэс­ний тэтгэлгийг сурлагын амжилт, сургалтын чана­рыг
харж өгөх нь зарч­мын хувьд зөв. Гэхдээ сургууль төгссөн хүмүү­сийн 50 хувь нь эзэмшсэн
мэргэжлээрээ ажиллавал тэтгэлэг олгоно гэдэг зүйл яриад байна. Энэ бол  амьдралаас хол тасар­хай байна. Монгол Улсад
2011 оны байдлаар  жилд 80 мянган ажлын байр
бий болдог. Үүнээс дөн­гөж 17 мянга нь дээд бо­ловролтой хүмүүст тохи­ро­хоор байгаа.
Гэтэл жилд 35-36 мянган оюутан сургууль төгсч байна. Тэгвэл Монгол Улсад бий болж
байгаа ажлын байр нь төгсөгчдөө хангаж ча­да­хааргүй байгаа биз. Тэгэхээр худлаа
болж таарч байна. Гэхдээ хуу­лийн төслийн дараагийн хэлэлцүүлэг дээр хувь хэмжээг
нь засаад явчи­хаж болох байх.

-Хувийн хэвшлийн сургуулиудыг тэтгэ­лэгт
хамруулахгүй байх асуудлыг зарим гишүүд ярьж байна лээ. Та эсэр­гүүцэж байгаа юу?

-Үнэнийг хэлэхэд анх энэ хуулийг баталж
байхад бүх сургуульд тэтгэлэг олгох  ёстой
гэж зүтгээд байсан хүмүүс одоо өөр юм яриад байгааг гайхаж байна.

Хувийн хэвшлийн сур­гуулиудад тэтгэлэг
олгох­гүй гэдэг байр суурь байж болохгүй. Хувийн өмчийн цэцэрлэгийн нэг хүүхдэд
ногдох хувьсах зардлыг олгодог. Тэгвэл яагаад хувийн их, дээд сургуульд өгч болдоггүй
юм.

-УИХ-аар төсөв хэ­лэлцэж байна.
Арван­нэг­дүгээр сарын 15-наас өмнө төсвөө ба­талж амжихгүй юм шиг харагдаад байна.
Юун дээр гацчихаад байгаа юм бэ?

-Төсөв дээр гол мар­гаан дагуулаад
байгаа зүйл нь Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2014 оны
өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх асуудал юм. Манай на­мын бүлэг өрийн хэмжээг
нэмэхгүй байх байр суурь­тай байгаа. Манай улс арав гаруй тэрбум ам.доллартай тэнцэм
хэм­­жээний рублийн өртэй байлаа. 
1949-1986 он хүртэл нийтдээ 40 жилийн хугацаанд ху­римт­лагдсан гэсэн үг.
Гэ­тэл одоо бараг нэг Зас­гийн газрын эрх барих хугацаанд гурав, дөрвөн тэрбум долларын
өр тавих болчихоод байна.  Ам. долларын ханш
1700 давчихаар өрийн хэмжээ улам нэмэгдээд байгаа юм. Гэхдээ бид бонд гар­гаж болохгүй
гэж хэлээ­гүй.

-Бонд гаргах ажил ирэх жил ч үргэлжил­сээр
байна. Тэр хэрээр манай өр нэмэгдэнэ гэ­сэн үг. Тэгэхээр хууль­даа өөрчлөлт оруулж
өрийн хязгаарыг ахиу­лахгүй бол төр засаг нь хууль зөрчигч болж ху­ви­рах байх.
Энэ нь нөгөө талаараа бонд гаргах үүд хаалгыг хаах юм биш үү?

-ДНБ өөрөө өсч бай­гаа учраас өрийн
хэмжээг хязгаарлах хэрэгтэй шүү дээ. Зарим УИХ-ын ги­шүүд “Бусад улс  орон ДНБ-ийхээ 100 хувьтай тэнцэх хэмжээний өр
тавь­чихсан байна” гээд жишээ татаад байна лээ. Монгол Улсын эдийн за­саг тэдэнтэй
харьцуулам­гүй, түүхий эдийн экспор­тоос хамааралтай учраас цохилтод орж мэднэ.
Эцэстээ өрөө төлж чадах­гүй болчихож магадгүй.  

-Хоёр намын бүлэг энэ асуудал дээр
тохи­ролцох хандлага байна уу?

-Ярилцаж байгаа. Одоо­хондоо эцсийн
тохи­ролцоонд хүрээгүй.

-Хөрөнгө оруу­лал­тын жагсаалтаас
зарим обьектуудыг хасч, нэ­мэх асуудал дээр 
ойл­голцчихсон уу?

-2013 оныхоо урсгал зардлаа нэмэхгүйгээр
цар­цаачихъя. Тэгвэл 170 тэрбум төгрөг гараад ирж байна. Үүний тодорхой хэсгээр
хөрөнгө оруулал­тын асуудлаа шийдээд үлдсэнээр нь цалин тэт­гэврээ нэмье гэдэг байр
суурьтай байгаа, манай нам. Одоо Засгийн газ­раас оруулж ирсэн Төс­вийн төсөл дээр
цалин тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулна гээд тавьчихсан байгаа. Үүнийг
нь хуваагаад үзэ­хээр цалин тэтгэврийг ердөө долоогоос найман хувиар өснө гэсэн
үг.  Гэвч 2012 оны дундаас хойш цалин тэтгэвэр
нэмээгүй шүү дээ. Тийм учраас цалин тэтгэврийг 30 хувиар нэмье гэдэг санал тавьчихаад
байгаа юм.

-Ерөнхий сайд өмнөх жилүүдэд батлагдаж
байсан төсвийг авли­гаж­сан төсөв гэж нэр­лэсэн. Таны сайд хийж явсан хугацаа ч
тэр үед хамаарах байх. Тий­мээс энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэхээр авлигажсан зүйл байгаа бол
шалгах хэрэгтэй. Төсөвт тусгагд­сан обьектуудын төсөвт өртөг нэмэгдэж байгаа асуудлыг
шалгах нь зөв. Жишээ нь 2013 оны обьек­туудын үнэ өссөн шалтгаан гэвэл 2012 оны
тавдугаар сард барилгын төсөв бодоход хэрэглэдэг норм нормативыг өөр­чил­сөн хоёр
тушаал гар­сан байдаг. Үүнээс болж төсөвт суусан барилгуу­дын өртөг 100 хувь нэ­мэгд­сэн
шүү дээ. Үүний­гээ хянахгүйгээр хэн нэгэн хүн дураараа үнэ нэмээд байгаа юм шиг
ярих хэрэггүй л дээ. Тэгээд ч сайд хүн дангаараа төсөв зохиогоод байдаг­гүй. Төсөв
хийдэг тусгай эрх бүхий хэдхэн хүн бий. Тэдний хийсэн төсвийг хянах л үүрэгтэй.

-Ялангуяа таны ха­риу­цаж байсан
салбарт барихаар төсөвт тусга­сан сургууль, цэцэр­лэгүүдийн барилгууд өнгөрсөн жилүүдэд
яа­гаад дуусдаггүй мөртөө өртөг нь нэмэгдээд байв?

-Төсөвт суух обьектуу­дын зураг төсвийг
жи­лийн өмнө гаргадаг. Тий­мээс тухайн жилийнхээ ханшаар бодчихоор да­раа жил нь
үнэ  өсчихдөг. Бид байнгын хороон дээр энэ
тухай хангалттай ярьсан. Үнэ өртөг нь 30-аас дээш хувиар нэмэгд­сэн барилгуудыг
шалгах хэрэгтэй.

-Ардын нам шинэ даргатай боллоо.
Шинэ даргын эхний ажил Зас­гийн газрыг огцруулах гэдэг үнэн үү. Энэ тал дээр та
юу хэлэх вэ?

-Манай намын бүл­гийн дүгнэлт тодорхой
гарсан шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзсэн. Төсвийн
орлого нэг их наяд төгрөгөөр тасарч, хөрөнгө оруулалтын аж­лын явц дөнгөж 30 хувь­тай
байхад Засгийн газ­рыг хэн хангалттай ажил­ласан гэх юм. Гэхдээ Зас­гийн газрыг
огцруулах асуудал дээр би элдэв тайлбар хийгээд яахав. Хэвлэлийнхэн тэртэй тэр­гүй
таамаглаад бичиж байгаа биз. Бидний ярих ёстой чухал асуудал эхлээд төсөв байна.

-Намынхаа Их хур­лын талаар ямар
сэт­гэгдэлтэй үлдсэн бэ. Ямар ч байсан дарга нараа шинэчиллээ. Тэ­гэ­хээр та бүхний
яриад байсан шинэчлэл бүрэн утгаараа хийгдэв үү?

-Намын шинэчлэлийг дандаа хүнээр хардаг
нь буруу. Хэвлэлийнхний анхааралд хэн дарга, цэрэг болох нь чухал байсан байх. Гэтэл
бид Их хурлаараа хөгжлийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Намын мөрийн хөтөл­бөр­төө анх удаа
социал­демократ үзэлтэй нам гэж тодорхойллоо. Бид эх­лээд ардчилсан социа­лист үзэлтэй
гэж явж бай­лаа. Сүүлд нийгмийн ард­чилсан үзэлтэй гэж өөр­чилсөн  шүү дээ. Сая үзэл баримтлалаа дахин ши­нэ­чиллээ.
Мөн дүрэмдээ том өөрчлөлт орууллаа. Орон нутгийн байгуул­лагуудад эрх мэдэл олгох
асуудал тусгагдсан.

-Энэ өөрчлөлтүүд намын дарга нараа
со­лих асуудалд дараг­даад өнгөрөх шиг боллоо?

-Бид хөгжлийн хөтөл­бөрөө ярихдаа
Засгийн эрх барьж байгаа нам биш учраас тодорхой тоон зорилтууд тавиагүй. Хавтгайруулсан
халам­жийн бодлогоос татгал­зъя, эдийн засгийн хөгж­лийн асуудлуудад голлон юуг
анхаарах вэ гэх мэтийн зүйлүүдийг хөгж­лийн хөтөлбөрийн хү­рээнд хэлэлцсэн. Дүрэмд
нэлээд олон өөрчлөлт орсон. Хуучин байсан дүрэм эрх баригч намын үед баримталж байсан
дүрэм. Одоо бид сөрөг хүчин болсон учраас түүн­дээ нийцсэн дүрмийн өөрчлөлтүүдийг
хийсэн. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөө тол­гойлдог
байсан бол одоо  намын дарга толгойлдог боллоо.

-Та малын хулгай­тай тэмцэхээр
болж байх шиг байна. Ямар учиртай хуулийн төсөл санаачлав?

-Эрүүгийн хууль шинээр орж ирж байгаа
учраас малын хулгайн гэмт хэрэгтэй холбогдсон заалтад өөрчлөлт оруу­ла­­хаар хэсэг
гишүүнтэй хамтарч хуулийн төсөл боловсруулсан юм. Мон­гол Улсад гарч байгаа хулгайн
гэмт хэргийн дөрөв­ний нэг нь малын хулгай. Үүнийг аваад үзэхээр малын хулгай хийсэн
хүмүүст оноодог ял нь хөнгөн. Тэнсэн юм уу зургаан сар хүртэл хугацаатай хоригдох
ял авдаг. Тиймээс малын хулгай зогсдоггүй. Тэгэ­хээр энэ ялыг хүндрүүлэх санаатай
өөрчлөлт оруулж байна. Хууль зүйн сайд хохирлыг барагдуу­лах чиглэлд гол анхаар­лаа
хандуулъя гэдэг санал хэлсэн байгаа. Энэ тал дээр нь анхаарч байна.

-Хүн болгоныг ямар нэгэн байдлаар
хэрэгт буруутгаж, шоронд хий­гээд байвал Монголд ажиллах хүн алга бо­лох вий гэсэн
бол­гоомж­лол бий. Тэр ч үүднээс шинээр бо­ловс­руулсан Эрүүгийн хууль харьцангуй
зөө­лөрч байгаа юм уу гэж ойлгосон. Харин та үүний эсрэг бодлоготой хууль оруулж
ирж бай­гаа хэрэг үү. Ингэж ойлгож болох уу?

-2002 оны Эрүүгийн  хуулиас малын хулгайн гэмт хэрэг гэдэг заалтыг
хасаад хаячихсан юм. Малын хулгай бол хөнгөн гэмт хэрэгт тооцогддог шүү дээ. Малын
хулгай­чид ял эдлээд гараад ирэхээрээ өөрийг нь барьж өгсөн гэрчээ дарам­талдаг.
Үүнээс нь болоод сүүлдээ малын хулгайд гэрч олдохоо байх хүндрэл үүсээд байгаа.
Үүнийг л цэгцлэх гэсэн юм.

-Нэгэнт уулзсаных танай эхнэр болоод
өөр­тэй чинь хамаатай яригдаж шуугиан та­риад байсан их хэм­жээний мөнгөтэй хол­боотой
хэргийн талаар асуухгүй өнгөрч болох­гүй нь. Энэ хэрэг юу болж байгаа вэ?

-Хэрэг шалгагдаж байгаа учраас ямар
нэгэн тайлбар хийх эрх надад байхгүй. Шалгаж дуусаг.  Энэ талаар ярихгүй гэдгээ хэвлэлийнхэнд зарласан
шүү дээ. Та нар битгий энэ асуудлыг өдөө л дөө.

-Уг нь хэргийн учир начрыг өөрөө
үнэнээр нь хэлээд өгвөл танд хэрэгтэй юм биш үү?

-Хэргийг шалгаж дуу­саагүй байхад
би олон юм яриад хэрэггүй.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сарангэрэл: Реклам хэрэггүй гэж мэдэмхийрээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд өг л дөө

УИХ-ын гишүүн Д.Са­­­ран­гэрэл­тэй
ярилц­­­лаа.

-Хэвлэлийн эрх чө­лөө­ний тухай
хуулийн төсөл яригдаж байна. Энэ талаар танаас асуух гэсэн юм. Мон­голын сэтгүүлзүйн
та­лаар та зөв дуугарч, тулхтай байр сууринаас ханддаг. Хэв­лэл мэ­дээл­­лийн хил
хяз­гаар­гүй байдал гэж яриг­даад байгаа. Ер нь тэ­гээд нэг улс орон хэв­лэлийн
хууль гаргах бо­ломж­гүй юм биш үү. Үүнтэй та санал хэр нийцэх вэ?

-Та нар маань хаа­наас “Хэв­лэлийн эрх чө­лөөний тухай хууль”
бат­лаг­дах гэж байна гэж сон­сов. Н.Батчимэг ги­шүүн­тэй энэ талаар са­нал со­лил­цож
үзсэн. Хэв­лэл, мэ­дээллийн хэрэгс­лийн удирд­­лага, уран бүтээлч­дийн тө­лөөл­лийг
орол­цуул­сан хэ­лэл­цүү­лэг явуулж байж шийд­вэр гар­гах ёстой гэж ойл­голц­сон
гэж бодож бай­гаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн
нарийн бич­гийн дарга Ж.Баярцэцэгтэй ч ярилц­сан. Ойрын үед энэ хуу­лийн төслийг
хэлэлцэх асуудал төлөвлөгдөөгүй гэж бай­сан. “Хэвлэл, мэ­дээл­лийн эрх чөлөөний
тухай хууль”-ийн төсөл өмнө нь УИХ-д орж ирээд буцсан. Салбарын ажилт­нуудын санаа
бодлыг аваагүй, хэвлэл мэдээл­лийн хэрэгслийн удирд­лага, уран бүтээлчдийн хооронд
үл ойл­голцол, таагүй уур амьсгал үүсгэ­хээр төсөл байсан уч­раас гишүүдийн ч, уран
бү­тээлчдийн ч дэмжлэг аваа­гүй. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн үйл ажиллагаа хууль
эрхзүйн орчноосоо болоод доголдоод байгаа зүйл алга. 1998 онд батлагдсан “Хэв­лэлийн
эрх чөлөөний тухай хууль” үүргээ биелүүлж сал­барын үйл ажиллагааг зохи­цуулаад
явж л байна. Өнөө маргаашгүй хууль гаргахгүй бол тулгамдаад байгаа асуу­дал үгүй
байна. Энэ салбарт ажилладаггүй хүмүүс л бид­ний өмнөөс санаа зовоод яваад байдаг
нь ер нь ойл­гомжгүй л байна.

-Редакцийн хараат бус байдал гэж
юуг хэлээд байна вэ?

-Редакцийн хараат бус байдал гэж сэтгүүлч,
уран бүтээлчид бие дааж эрхэлсэн ажлаа гүйцэтгэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл дарамтгүй
ажиллана гэсэн үг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилт­нууд, тэр дундаа сэт­гүүлч,
уран бүтээлчид чөлөө­тэй ажиллах боломжоор хан­гагд­сан байдаг. Сонины эрх­лэгч,
телевизийн захирлын дарамтанд ажилладаг цаг өнгөрсөн л дөө. “Өдрийн сонин”-ы нийтлэлч
Ж.Гангаа хуулийн төсөл яриг­дах үеэр бичсэн нийтлэлдээ “Тухайн хэвлэл мэдээллийн
хэрэгс­лийн сэтгүүлчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн олонлог байдаг
” гэж онож хэлсэн юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн удирдлагын да­рамт­наас
уран бүтээлчдийг чөлөө­лөх маягтай юм яриад хагалж бутаргах хуулийн төсөл ба­риад
гүйлдэх нь ер нь ямар утгатай юм. Би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд ард түмнээ мэ­дээл­лээр хангах Үндсэн хуу­лиар хүлээсэн төрийн
үүргийг хуваалцаж байна. Ингэхдээ засгаас ганц ч төгрөг авдаггүй, дээр нь хэдэн
зуун ажлын байр бий болгоод явж байгаа гавьяатай салбар. Тиймээс ядаж гай болохгүй
байх нь хэвлэлд үзүүлэх төрийн дэмжлэг болно.

-Хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд
реклам, зар сур­талчилгаагаар санхүүждэг. Гэтэл Хэвлэлийн хүрээлэн зэрэг ТББ-ууд
реклам хийх хэрэггүй гээд байх юм. Рек­лам­гүйгээр, зөвхөн захиа­лагч, үзэгчдийнхээ
тоогоор хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд яаж үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм
бол. Нэг салбарт хүчин зүтгэж буй хүний хувьд та энэ асуу­далд ямар байр суурь­тай
байна вэ?

-Хувь хүний ч бай, бай­гуул­лагын
ч бай бусдын тогоо руу өнгийх нь өөрөө дэндүү ёс зүйгүй хэрэг. Тэгвэл рек­лам хэрэггүй
гэж мэдэмхий­рээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд
өг л дөө. Аливаа зүйлийг хориглох амархан харин альтернатив вариант гаргаад ирвэл
сая тэр хориглох үйлдэл нь утга­тай болно. Ер нь ямар ч дэмж­лэг үзүүлэхгүй атлаа
төрийн ачааг үүрэлцэж байгаа хэсгээ хааж боомилох явдал их бай­на. Харилцаа холбооны
зо­хи­цуулах хороо телевизүү­дийн рекламны цагт хязгаар тавьж байгаа нь ч буруу.
Их байна, төвөгтэй байна гэж үзвэл үзэгч тэр сувгийг эргүүлж л орхино. Зах зээл
нь, үзэгчид нь зохи­цуулах асуу­далд төр, засаг оролцоод илүү зардал гар­гаад л
байгаа хэрэг шүү дээ энэ нь.

-Мөн ТББ-ууд хэвлэ­лийн эздийн
хөрөнгийн асууд­лыг яриад байх юм. Тэдэнд тийм эрх бий юу?

-Ямар ч эрх байхгүй. Хэв­лэл, мэдээллийн
хэрэгслүүд бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн адил тат­ва­раа төлөөд үйл
ажилла­гаагаа явуулж байгаа. Тэгвэл архи дарс, бензин шатахуун, сургууль соёл юу
байдаг юм бүх салбарын эздийн хөрөн­гийг ч бас ярьж хэмжээ дам­жааг нь тогтооё л
доо. Яагаад хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэгчдийг ялгавар­лан гадуурхаад
байгаа юм. Аль нэг салбарт давуу эрх олгох, ялгаварлан гадуурхах хуулиар хориотой.
Ийм л утга учиргүй, хууль бус үйл ажил­лагааг явуулах гээд улайраад байна. Дуугүй
суугаад байж болохгүй дээ, бид.

-Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг
30 хувиар нэмэх сана­лыг танай намын бүлэг гар­га­сан. Улс орны эдийн засаг хүндэрлээ,
төсвийн орлого 1,5 их наядаар дутсан гээд байгаа хэрнээ ингэж цалин тэтгэвэр, тэтгэмжийг
ямар үндэслэлээр нэмж байгаа юм бол?

-Өнөөдөр олон түмэн төс­вийн алдагдал,
дотоодын нийт бүтээгдэхүүний гадаад өрөнд эзлэх хувь ямар бай­гааг сонирхохоос илүүтэй
амьдрал ахуйгаа яаж авч явах уу, цалин мөнгөө хэрхэн хүргэх үү гэдэг асуудал чухал
байна. Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг
нэмэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөөд орж ирлээ. Хам­гийн сүүлд 2012 оны 2.5 ду­гаар
саруудад цалин нэмсэн. Түүнээс хойшхи жил зургаан сарын хугацаанд инфляцийн түвшин
статистик мэдээллээр 9.9 хувьтай гэж мэдээлж бай­гаа ч бодит амьдрал дээр 30 хувьд
хүрчихээд байгаа та­лаар судлаачид хэлж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгд­сэнийг
амьдралд ойр­хон бай­даг хэн ч гэсэн су­далгааны дүнтэй дүнгүй мэ­дэж байгаа асуудал.
Худал­даж авч чад­даг ч юмгүй болох нь иргэд. Байр сууц, түлээ нүүрснийхээ үнийг
яахаа мэдэх­гүй байна. Энэ нь цалин нэмэх нэг үндэс­лэл. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
инфляци­тай уялдан цалин мөнгө нэмэх заалт бий. Тий­мээс нэмэх л ёстой. Хувь хэмжээ­ний
тухайд Үйлдвэрч­ний бай­гууллага тооцоо хий­сэн бай­на лээ. Цалин, тэтгэ­вэр, тэтгэмжийг
нэмэхэд Зас­гаас санал болгож байгаа 200 тэрбум төгрөг нүглийн нүдийг гурилаар хуурахтай
адил болох тоо тэд хэлж байна. Энэ мөнгөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ердөө
6-7 хувь нэмэх боломжтой. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг
30 хувиар нэмэх санал оруулс­ныг Нийгмийн бодлогын байн­гын хорооны хурал олон­хио­роо
дэмжсэн. Нэгд­сэн чуулганаар гишүүд дэм­жинэ гэдэгт найдаж байна.

-Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг нэмснээр
инфляцийн түвшин нэмэгдэж таарна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн нуруун
дээр том ачаа болох юм биш үү?

-Засгийн газар цалин нэ­мэг­дэхээр
юмны үнэ өсчихдөг учраас нэг өдөр л мэдэгдэхгүй нэмчихнэ гэж байгаа. Тиймээс манай
бүлгийн гишүүд яг хэзээ нэмэхээ хэл гэж эрх баригчдаас шаардахгүй бай­на. Харин
ирэх оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэм­жийг 30 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн
эх үүсвэрийг суул­гачихвал нэг өглөө нар гарах байлгүй дээ. Инфляцийг зохис­той
түвшинд байлгах нь иргэдийн үүрэг биш л дээ. Барааны үнийн өсөлтөнд ч иргэдийн буруу
байхгүй. Ард иргэдээ амьжиргаатай байл­гах нь төр, засгийн үүрэг.

-Төрийн албаны 130 мян­ган ажилтан
бий. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэ­хээр тэдний орлого өснө. Харин цаана нь хувийн
хэвш­лийнхэн орхигддог. Энэ байдлыг яаж зохи­цуулж байгаа вэ?

-Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр
хувийн хэвшлийн­хэн хэлмэгдэнэ гэдэг үгтэй болж. Төр хэзээ хувийн хэв­шилд санаа
зовдог болоо вэ. Хувийн хэвшлийн мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүч­ний дундаж
цалин 600 мян­гаас дээш байгаа. Баян ком­па­­ни, банк санхүүд ажилла­даг өндөр зэрэглэлийн
ажилт­нуу­дын цалин хэдэн сая давсан.

-МАН-ын XXVII Их хурал болж өндөрлөлөө.
Таны хувьд УИХ-ын гишүүн бо­лоод анх удаа 
намынхаа Их хуралд оролцлоо. Энэ хурлыг та ямар болсон гэж дүгнэх вэ, санал
сэтгэгд­лээ хуваалцахгүй юу?

-Би өмнөх 26-р Их хурлын төлөөлөгч
байсан л даа. Энэ удаагийн их хурал турш­ла­га­тай, тулхтай улс төрийн хүчин улс
орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуйг дээш­лүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэхээ
тодорхойл­сон баримт бичгүүдийг батал­лаа. Мянга мянган гишүүд болон дэмжигчдийнхээ
итгэ­лийг хү­лээ­сэн төлөөлөгчид ухаанаа уралдуулж санал бодлоо нэгтгэсэн түүхэн
их хурал болсон гэж бодож байна.

-Энэ удаагийн Их хур­лаар танай
намын удирд­лагууд шинээр сонгогдлоо. Таван удаагийн сонгуульд дараалан ялагдсан
улс төрийн ууган хүчний хувьд удирдлагууд солигдсоноор нам өөрчлөн шинэчлэгдэж чадах
болов уу?

-Гурван сонгуульд амжилтгүй оролцлоо
л доо. Шинэчлэл бол цаг үргэлж бүх салбарт шаардагдаж байдаг үзэгдэл. Шинээр сонгогдсон
удирдлага шинэчлэл хийнэ гэхээсээ илүүтэй цаг үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааны  хөтөлбөр, баримт бичгийг их хурлаар баталсныг
хэрхэн хэрэгжүү­лэ­хээс шинэчлэлийн үр дүн хамаарна. Эдгээрийг хэрэг­жүүлж чадна
гэж үзсэн хү­мүүстээ их хурал итгэл үзүүл­лээ. Тиймээс олонхийн санал нэгдэж сонгосон
удирдла­гууд­даа итгэхгүй байх шалтгаан алга байна.

-Таныг Сү.Батболдын фракцын хүн
гэдэг. Та фракц­даа хүчин зүтгэж бай­гаа юу. МАН-ын фракцуу­дын талаар янз бүрийн
л мэдээллүүд гарах юм. Үнэ­хээр нам доторх фракцууд хоорондоо хөлөө жийлцээд байна
уу?

-Олон хүн сайнтай муутай, ойн мод
урттай богинотой гэдэг. Үзэл бодол, ааш аран­шин гээд ижил төстэй байд­лаараа хүмүүс
ойр байдаг. Үүнийг фракц гэдэг эсэхийг мэдэхгүй. Сү.Батболд даргын үед намын удирдах
бүрэл­дэхүүнд байсан болохоор тэгж ярьдаг байх нь л дээ. Одоогоор манай намд албан
ёсны фракц байхгүй. Харин хувь хүний хувьд илэн далан­гүй яриа хөөрөө, хоорондын
итгэлцэл нам дотор дулимаг байна. Үүнийг задлах хэрэг­тэй гэвэл санал нэгдэнэ. Хүн
дагаж давхихаас илүүтэй өөрийн итгэл үнэмшлээр зөв бодож ярьж байгаа хэнийг ч бай
дэмждэг.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

Б.Лхагважав: Бага хурлын гишүүдээс шоронгийн хаалга татаж магадгүй олон хүн байгаа

МАН-ын бүлгийн аж­лын албаны
зөвлөх Б.Лхагважавтай ярилц­лаа.

-Та МАН-ын Бага хур­лын ги­шүүнд
заал­наас нэр дэвшсэн ч дэмж­лэг авч чадсангүй. Бас бүлгийн ажлын ал­ба­ны зөв­лө­хийн
сууд­лаа өгөх гэж байгаа гэл үү?

-МАН-ын Их, Бага ху­рал хуралд­лаа. Ер нь сүүлийн 20-иод жил
тө­рийн дээр байгаа хүмүү­сийг олигархиуд гэж нэр­лэж ирсэн. Үүнийг бо­лиулъя гэж
хэсэг ярилаа. Гэтэл ерөнхий механизм нь өөр гэдгийг сая ойл­госон. МАН-ыг удир­даж
байгаа хүмүүс Бага хур­лаараа дархлаа хийчих­дэг юм байна. Тэгэхээр Их хурлаас Их
хурлын хоо­ронд хэн намыг удирдана түү­ний баг л бодлого, шийдвэр гарга­даг нь эмгэ­нэлтэй.
Бусад гишүүд нь юу ч санаачлаад дэмжиг­дэхгүй гэсэн үг. Сая л гэхэд шинэ дарга М.Энх­болд
өөрийн 310 хүний бүрэлдэхүүнтэй Бага хур­лыг бүр­дүүллээ. Ийм то­хиолдолд заал­наас
нэр дэвшээд ч боломж ол­дох­­гүй. Миний хувьд заал­наас нэр дэвшээд 400-гаад хүний
санал авсан юм.

Ер нь Бага хурлын гишүүнээр сонгогд­сон
ч би ажил­лахгүй гэж бодож байсан. Учир нь би бо­ловсон зан гаргаж, шинээр багаа
бүрдүүлж бодлогоо хэрэг­жүүлэх гэж байгаа намын даргад бололцоо олгох ёстой. Бас
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба­ны зөвлөхийн ажлаа ч өгье гэж бодож байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэр хүн нэгэнт л бодлого
шийд­вэрээ хэрэгжүүлэх гэж байгаа юм чинь өөрийн хүнээ бүлгийн ажлын ал­банд тавина
биз. Тэгээд ч хамгаалалтын багаа бүр­дүүлчихэж байхад нь тоон дотор үсэг гэдэг шиг
би тэнд юу хийхэв. Бас үзэл бодлын хувьд ний­лэхгүй гээд намын дарга нь намайг Бага
хуралд сонгосонгүй. Тийм байтал нь би бүлэгтээ ажиллая гээд гүйгээд байх нь зо­химжгүй
байсан. Бас нэг зүйлийг хэлэхэд бидний социал­демократ үзэл гэж бий. Бүлгээс гарч
байгаа шийдвэрийг бүлгийн ажлын албаны зөвлөх нь аль болох социал­демок­рат үзэл
баримтлал дээр төвлөрүүлэх ёстой бай­даг. Социалдемократ үзэл эв нэгдэл, эрх чөлөө,
шударга ёсон дээр тогт­дог. Гэтэл МАН буюу ма­найхан эв нэгдлийг нь сугалж аваад
эрх чөлөөг нь хааж, шударга ёсыг нь тасалдуулаад байдаг гэмтэй. Тэгээд ч манайхан
1990 онд үзэл бодлоосоо урваж арваад жил үзэл бодлын эрэлд явсан. Мөөгөн дээр цуглах
биш олуулаа мөөг түүх ажил хийсэн гэсэн үг л дээ. Эцэст нь Үндсэн хуулийн Цэцэд
бүртгэлтэй намын үзэл, баримтлалыг дээ­рэмд­сэн бөгөөд дээрэмд­сэн үзэл баримтлалын­хаа
учрыг нь ойлгоогүй. Ийм байдлаар цаашаа ахина 
гэж байхгүй. Би бол зөв багт орж эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсны төлөө
ажиллаж санхүү­гийн шинэчлэл хийх зорил­готой байгаа.

-Ер нь Их хурлыг ху­ралдуулсан
байдал тэр дундаа Бага хурлын гишүүдийг сонгосон үйл явц таны бухимд­лыг ихэд төрүүлсэн
бо­лолтой. Шинэ удирдла­гуудынхаа талаар ямар бодолтой байгаа вэ?

-МАН 200 орчим мян­ган гишүүнтэй.
Ингэж үзэл бодлоороо олуулаа эвлэлдэн нэгдсэний хү­чинд МАН-ын Их хурал боллоо.
Хурлыг хайр­цаг­ласан, хагалан бутар­гасан гээд сайн муу бүхэн л яригдаж байна.
Би түү­нийх нь гүнд ороогүй учраас яг хэн нь ямар хор найруулж, хэнтэйгээ тохи­ролцож
гүйснийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Бага хурлын 310 гишүү­нийг оруулж ирсэн, сонго­сон
байдлыг харахад улс төрийн хор явагдсан нь ойлгомжтой. Одоо нэг л зүйлийг хүсэх
үлдлээ. Сул улстөрч намын дарга бо­лоод хар массаар өөрий­гөө хамгаалуулах арга
хэрэглээгүй л байгаасай. Гэхдээ сая зөвхөн М.Энх­болдын гэдэг улс төрийн бүлэглэлийн
хүмүүсээр Бага хурал бүрдэж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Ө.Энхтүвшингийн, С.Баярын,
Н.Багабан­дийн гээд бүлэглэлүүдийг тоглоомын 
гадна гарга­сан нь ирээдүй бүрхэг байгааг тод харуулж бай­на. Сүүлийн хэдэн
жил нийгмийг үймүүлсэн этгээдүүдийн цуглуулга шиг Бага хурал гараад ирлээ. Ийм байдлаар
удвал МАН сүйрнэ. МАН зөвхөн бүлэглэл фрак­цуу­дын нэгдэл дээр биш 92 жилийн тэмцлийн
үрээр боссон гэдгийг ойл­гох хэрэгтэй. Үүнийг ал­бан тушаал бусад эрх ашгийн хамгаалах
хэрэг­сэл болгож болохгүй.

-Та нэгэн цагт М.Энх­болдыг авлигачин
гэж цоллосоор огцруулж байсан. Гэтэл Сү.Бат­бол­дын үед ивээлд нь орсон гэж болно.
Гэтэл дахиад л М.Энхболдыг зүхээд эхэллээ?

-Би Бага хурал дээр хэлэхдээ,
“2016 онд бид өөрийн гудамжиндаа гэ­рэл асаахын тулд зовлон дундуур туучиж очно.
Энэ гурван жилд баяр баясал байхгүй. М.Энх­болд сон­гогдсоны мар­гааш нийг­мийн
сэтгэгд­лийг харахад 99 хувь нь хар мэдээлэл байна. Бид Их хурал тарс­ны мар­гаашнаас
эхлээд л энэ бүх хар мэдээлэл, шавар шавхайг арилгах гэж ажил­лана. Бас ирэх гур­ван
жилд саяын бүрд­сэн Бага хурлын бүрэл­дэхүү­нээс шоронгийн хаал­га татаж магадгүй
хүн олон байна. Нийг­мийн өмчөөс хэн нэгэн хумсалсан л бол өөрийн, хүний нам гэлгүй
шоронд яваасай гэж үнэхээр хүс­дэг. Бүг­дийнх нь оймсыг үзүүлэх ёстой, Н.Энхбаяр
гуайтай адил. Харин хэн нэгнийг МАН-ын гишүүн гэдгээр нь хавчиж шорон гянданд  хийвэл түүний төлөө тэм­цэх хэрэгтэй. Аль ч то­хиолдолд
зовлон дун­дуур туучиж гурван жилийг үднэ. Тиймээс бид хүчтэй тэмцэгч байх ёстой
л” гэж хэлсэн. МАН-ын нөхцөл байдал ийм л байна. Харин М.Энх­бол­дыг огцруулсны
тухайд гэвэл 2007 онд болсон үйл явдал. Тухайн үед иргэний хөдөлгөө­ний­хөн­тэй
хамтраад зөвхөн нэг талыг барьж ажиллаж байсан юм билээ. Харин өнөөдөр өөр өнцгөөс
нь харвал М.Энхболдын зөв гэж хэлж болохоор юм билээ. 1990 оноос хойш монголчууд
наймаа хий­гээд, бүтээгдэхүүн үйлд­вэрлээд мөнгөтэй бол­чихсон байсан. Авлигын асуудлыг
нь орхиод яри­хад М.Энхболд газрыг чөлөөтэй өгч эхэлснээр тэр их мөнгө Монголд үлдэж  өнөөдрийн Улаан­баатарын бүтээн байгуулалт болж,
ажлын байр болсон. Энэ өнц­гөөс харахад тэр хүнийг авлигачин гэж хэлж байс­наа бодох
хэрэгтэй болж байх шиг.

-Ж.Сүхбаатар ялагд­саны­хаа маргааш
твит­тер хуудсаараа Т.Ба­дамжунайг авлигачин. Шоронд суулгах хэрэг­тэй гэж бичсэн.
Оймсоо харуулах ёстой хүмүү­сийн нэг нь мөн үү?

-Нийтийн баялагт хуруу хумсаа дүрснийг
нь Ж.Сүхбаатар мэдэж бай­гаад гаргаж ирвэл сайн. Тэр бол түүний үүрэг. Харин хүнийг
улс төрийн гомдлоос болж гүтгэж бай­­вал буруу. Ер нь Н.Энх­баяраас өөр хүн оймсоо
үзүүлэлгүй гурван жил боллоо. Яагаад түүнээс өөр авлигачин олж чадахгүй байгаа юм.
АН, МАН-д хоёуланд нь тийм хүмүүс байгаа шүү дээ.

-Намын шинэ генсек удирдлагуудын
тухайд бас л тохироо хийгдсэн гэж байгаа. Ер нь МАН шинэчлэгдэж чадав уу?

-Ерөнхий нарийн бич­гийн даргын асуудлыг
намын дарга нь оруулж ирж шийдвэрлүүлдэг. Ганц шөнийн дотор Ж.Мөнх­бат халуун сэд­вийг
өөр дээрээ авч ялалт байгуулсан нь байж бо­лох л асуудал. Тэр битгий хэл намын даргын
ар гэрт гашуудлын үйл явдал тохиогоогүй байхад нь Б.Бат-Эрдэнэ гишүүн нэр дэвшсэн
ч гараад ирэ­хээр байсан. Золгүй яв­дал тохиолдчихоод бай­хад нь хүмүүс үзэл бод­лоо
уралдуулаад өрсөл­дөөд байх боломжгүй бол­сон. Нарийн бичгийн даргад өрсөлдөгчдийн
хувьд Д.Цогтбаатар гэж боловсролтой залуу нэр дэвшиж байсан. Гэхдээ Бага хурлын
гишүүдийн 270-280 нь хотын фрак­цын хүн байхад энэ хүн нэр дэвшиж өөрийгөө золихгүй
л дээ. Харин Ж.Сүхбаатар МАН-ыг эрх зүйн талаас нь дэмжиж туслая гэж бодож байсан
байх. Гэхдээ 310 хүний шийдвэрийг хэн нэгэн шүүмжлэх ёсгүй. Учир нь нэг бүлэглэл
үзэл бодлоо хэрэгжүүлэхийн тулд нө­гөө хэсгээ зольж байдаг. МАН-ын Их хурал ийм
л болсон.

Л.МӨНХТӨР