Categories
редакцийн-нийтлэл

Г.Шийлэгдамба: Намын дарга нам дотор өрнөж буй үйл ажиллагааг мэдэж байгаа

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн
дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Танай нам Бага чуул­ганаа хийх
гэж бай­на. Ямар асуудал хэ­лэлцэх юм бэ?

-Энэ сарын 24-нд МАХН-ын Бага чуулган
хуралдана. Хурлын хү­рээнд хийгдэх үе шаттай ажлууд явагдаж байна. Бага чуулганаар
хоёр асуудал хэлэлцэхээр тө­лөвлөж байгаа. Юуны өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн
оролц­сон талаарх илтгэл тавиг­даж тодорхой үнэлэлт дүгнэлт өгнө. Мөн манай нам
2013 оныг анхан шат­ны байгууллагаа дэм­жих жил болгон зарла­сан. Үүнийхээ үр дүнг
авч хэлэлцэж намын гишүү­дийн­хээ санал бодлыг сонсох юм. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар
сард Бага чуулганаа дахин хуралдуулах төлөвлө­гөө­тэй байна. Энэ хурлаар ирэх оны
эхээр хийх Их чуулгантай холбоотой асуудлыг хэлэлцэхээр тус тус төлөвлөн ажиллаж
байна.

-Бага чуулганы өмнө Мянгатын (намын
хо­роо) дарга нарыг сольж, намаа бужигнууллаа гэдэг шүүмжлэл өр­нөөд байгаа бололтой.
Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?

-Намын анхан, дунд шатны байгууллагуудын
хүрээнд хийгдэж байгаа ажлууд бөгөөд Улаан­баа­тар хотын зургаан дүүргийн намын
хорооны хурлууд болж өнгөрлөө. Орон нутгийн намын бай­гууллагын хурлууд ч хийг­дэж
тодорхой асуудлуу­дыг авч хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргасан байгаа. Энд дүрмээс
гадуур гэдэг юмуу ямар нэгэн эргэлзээ маргаан­тай болсон асуудал байх­гүй. Намын  удирдах бай­гууллага, намын нарийн бичгийн дарга
нарын зөв­лөгөөнөөр гаргасан удир­дамжийн дагуу дүүр­гийн намын хорооны хур­лууд
хуралдаж зарим га­зар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шинэ удирдлагууд сонгогдон
ажиллаж байна. Манай намын хяналт ёс зүйн хорооноос ч албан ёсны тайлбарууд хүргүүлсэн
байгаа. Дахин хэлэхэд намын дотоод амьд­ра­лын хүрээнд хийгдэж бай­гаа өөрчлөлтүүд,
али­ваа ес бус бужигнаан энд байхгүй.

-Мянгат гэдэг чинь дүүргийн намын
хороо гэсэн үг биз дээ?

-Тийм. Дүүргийн на­мын байгууллагуудын
хур­­лаар зарим дүүргийн намын удирдлагууд өөрч­лөгдөж байна. Тухайн намын хорооны
дарга нь  өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор
ажлаасаа чөлөөлөгдөж байгаа хү­мүүс ч бий. Харин Баян­гол, Сонгинохайрхан дүүрэг
дээр үл ойлголцол үүссэн. Тухайлбал, намын хорооны даргыг өөрчлөх асуудал дээр санал
зөрүүтэй байсан ч эцэслэн шийдэгдэж бай­на. Мэдээж хэрэг удирд­лагын өөрчлөлт бол
хү­ний асуудал учраас үл ойлголцол  үүсэх
нь байх тохиолдол. Гэхдээ үүнтэй холбоотой гарч байгаа шүүмжлэл нь хурлын үеэр цөөнх
болсон хүмүү­сийн байр суурь гэж ойл­гож болно. Нэгэнт бид ардчиллынхаа зарчмаар  дийлэнх олонхийн сана­лаар асуудлыг шийдсэн. Энэ
зарчмаа гишүүд дагах ёстой.

-Ирц бүрдээгүй бай­хад хурал хийсэн
гэ­сэн. Хаа хамаагүй хү­мүүс намын батлах барьж ирээд хурлын ирцийг бүрдүүлсэн ту­хай
танай гишүүд яриад байх юм?

-Ийм асуудал огт байх­гүй.  Намын бат­лах­тай холбоотой зөрчил илэрсэн гэдэг
гомдол бий. Үүнийг манай намын до­тоод хяналтын байгуул­лага шалгаж байгаа. Гэх­дээ
хурал хүчин төгөлдөр болсон эсэхэд ямар нэг эргэлзээ байхгүй.

-Дүүргийн намын хорооны хурлууд
дээр Д.Тэрбишдагва, Г.Ший­лэгдамба нарын хү­мүүс “Энхбаяр дарга” гэж ярихгүй байна
гэж гишүүд чинь гомдоод байх шиг байна лээ. Үнэ­хээр тэгж яриад байгаа юм уу?

-Сонирхолтой юм. Энх­баяр дарга гэж
ярих­гүй байна гээд байгаа­гаараа юу хэлэх гээд бай­гаа юм, гайхаж байна. МАХН даргатай.
Тэр нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр.  МАХН  даргаа
өөрчлөө­гүй. Тиймээс түүнтэй хол­боотой ямар нэгэн эр­гэл­зээ тээнэгэлзээ алга.
МАХН-ын дарга өнөөдөр эрүүл мэндийн шалтгаа­наар гадны оронд эмч­лүү­лээд эзгүй
байна. Хэ­дий­гээр намын үйл ажил­лагаанд биеэр оролцож чадахгүй байгаа ч тодор­хой
мэдээлэл авч, үүрэг чиглэлээ өгч байгаа. На­мын дэд дарга Д.Тэр­биш­дагва бид хоёрын
хувьд түүнтэй биечлэн уулзаж, намын ажлын хүрээнд харилцан ярилцаж, цаа­шид явуулах
үйл ажилла­гааны чиглэлээр байнгын холбоотой ажиллаж бай­на. Намын дарга нам дотор
өрнөж байгаа үйл ажиллагааг мэдэж бай­гаа. Тэгэхээр зарим нэг  ач холбогдолгүй яриа байд­гийн нэг биз дээ.

-Та нарыг Н.Энхбаяр даргыг эзгүй
хойгуур  намын дунд шатны удирдлагуудыг сольж,
намыг бүхэлд нь гартаа авч, даргынх нь сууд­лыг булаах нь гэдэг болгоомжлол гишүүдэд
ч байна…

-Ямар зорилго, бодол ухаан санаагаар
тийм зүйл яриад байгааг мэдэх­гүй байна. Мэдэх ч шаард­лага алга. Намын ажлаа сайжруулахын
тулд намын анхан, дунд шатны байгууллагууд хурлуудаа хийх ёстой. Энэ үүднээс л ажил
явж байна. Шаардлагатай үед зарлан хуралдуулдаг л байсан шүү дээ. Н.Энх­баяр даргыг
байхад ч,  хэлмэгдэлтэд өртөөд эзгүй байхад
нь ч бид намын хурлуудаа зарлан хуралдуулдаг байсан цаа­шид ингэж л ажилла­на. Тэр
зарчмаараа намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Үүнд дүрмээс гажууд зүйл
хийчихсэн юм байхгүй. Ер нь намын удирдлагуудын хооронд үл ойлголцол үүссэн мэтээр
нийтэд ойлгуулах гэсэн явуургүй өдөөн хатгалга явж л байдаг. Үүндээ манай намын
гишүүдийг татан оролцуулахаар оролдох болж. Үүний цаана нэр бүхий  хүмүүс байдгийг ч гадарлана. Тэглээ гээд бид ч
ач холбогдол өгөх­гүй юм даа.

Намын ажлыг эзэн­тэй, хариуцлагатай
бол­гож намын анхан, дунд шатны удирдлагуудаар хариуцлага хүлээх чад­вартай хүмүүсийг
тавьж, байнгын ажилтай байл­гах үүднээс өөрчлөлт хийг­дэж байгаад юуны буруу байна.
Нэг ёсондоо 2016 оны сонгуульд ам­жилттай, хариуцлагатай орох бэлтгэлээ хангаж байна
гэсэн үг.

-Тэгэхээр МАХН-ыг байгуулагдах
үеэс ан­хан, дунд шатны удирд­лагын түвшинд ажил­лаж ирэн хүмүүс шаард­лага хангахгүй,
хариуцлагагүй байсан гэсэн үг үү?

-Янз бүрийн учир шалт­гаан байна.
Намд ажиллаж байсан зарим хүмүүс өнгөрсөн сонгуу­лиу­дын үеэр өөр намуу­дыг дэмжиж
өөрийнхөө намын бодлого чиглэлээс ухарсан тал бий. Ту­хайл­бал, Сонгинохайрхан дүү­­рэг
дээр намын бод­ло­гоосоо зөрсөн тохиол­дол гарсан. Мөн манай намын удирдлагын түв­шинд
ажиллаж байсан ганц нэг хүмүүс бодлого чиглэлээ үл тоон өөр на­муудтай  “намын бодло­гын эсрэг хэт нөхөрсөг” үйл ажиллагаа
явуулах оролдлого гаргасан тал ч бий. Энэ хүмүүст бид ха­риуцлага тооцсон. Улс төрийн
нам гэдэг чинь хамтын шийдвэрээ хүн­дэтгэх зарчмаар ажиллах ёстой шүү дээ. Гэтэл
ийм байдлаар хариуцлагаа хүлээсэн хүмүүс өнөөдөр хэрэгтэй хэрэггүй явуулга хийх
шаардлага алга.

-Намын удирдла­гуудын дунд яс хаяж,
хүмүүсийг өдөөн хат­гаж байгаа хүн нь У.Барс­болд гэж хэлээд байна уу?

-Хэн нэгэн гэдэгт огт ач холбогдол
өгөхгүй бай­на. Энэ үйл ажиллагааны ард хэн ч байлаа гэсэн ямар нэгэн нөлөө үзүү­лэхгүй.
Бидэнд зохих мэ­дээлэл бий. Гэхдээ үүнд ач холбогдол өгөхгүй. Гагцхүү зарим хүмүүст
ашиглагдаж гар хөл нь болж явсан гишүүд энэ тухайгаа  илэрхийлж гар­га­сан алдаагаа ойлгож байгаа нь
манай намын эв нэгдэл нягтарч байгаа­гийн илрэл юм. Дүүргийн намын хороод шинэ дарга
нартай болж байна. Удирдан зохион бай­гуу­лах туршлагатай залуу хүмүүс энэ албанд
сон­гогдож байна. Манай на­мын дунд шатны бай­гуул­лагын удирдлагаар сонгогдож байгаа
шинэ дарга нартайгаа хариуц­лага ёс зүйн гэрээ бай­гууллаа. Бид өөрсдөө ч хариуцлагатай
ажилла­на. Бүх шатны удирдла­гууд, гишүүдээ ч хариуц­лагатай байхыг шаар­да­на.
Үр дүн нь 2016 оны сон­гуулиар гарна шүү дээ.

Сонгинохайрхан дүү­рэг дээр Мөнгөнчимэг
гэ­дэг хүний асуудал яригд­даг. Энэ хүн орон нутгийн сонгуулиар Барсболдын өгсөн
чиглэлээр өөр намтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан учраас бид хариуцлага тооцож,
намаас хассан. Харин Сонгинохайрхан дүүр­гийн хурал болохоос өм­нө намын удирдлагууд­тай
ирж уулзаад уучлал гуйж, намын гишүүнч­лэ­лийг минь сэргээж өгөөч гэж өргөдлөө өгсөн.  Энэ хүсэлтийг нь хүлээж аваад намын зохих бай­гуул­лагатай
асуудлыг ярил­цаж байна. Тэгтэл зарим хүмүүс нарийн уч­рыг нь сайн ойлгохгүй­гээр
буруу ташаа зүйл ярьж байж болох юм.

-Мөнгөнчимэг нь Сон­гинохайрхан
дүүр­гийн намын дарга  биш юм уу

-Намын гишүүнчлээс хасагдчихаад одоо
ги­шүүнчлэлээ сэргээе гээд явж байгаа хүн чинь яаж дарга байхав дээ. Тийм биз.

-Орон нутгийн сон­гуу­лийн үеэр
тухайн үеийн намын удирдлага “АН-тай хамтарч ажил­лаж болно шүү” гэдэг зааврыг Мянгатын
дарга нартаа өгсөн юм биш үү?

-МАХН-ын тухайн үеийн удирдлага гэдэг
нь биднийг хэлж байгаа байл­гүй дээ. Тэгвэл бид тийм чиглэл заавар өгөө­гүй.

Сонгинохайрхан дүүр­гийн хувьд зориуд
санаа­тайгаар буруу ташаа яриа гарах л юм. Орон нутгийн сонгуулиар энэ дүүрэгт дахин
сон­гууль болсон. Тухайн үед дээд шатны төв бай­гуул­лагатайгаа ярьж тохи­рол­цолгүйгээр
аливаа шийдвэр гаргахгүй байх талаар чиглэл өгөөд бай­хад санаатайгаар АН-тай гэрээ
байгуулсан бай­даг. Хэрэв аль нэг намтай хамтарч оролцох байсан бол бид сонгуульд
хэн нэгнийг нэр дэвшүүлэх хэрэг байсан юм уу. Ийм мэдээжийн зүйл дээр эл­дэв зүйл
ярих шаардлага байхгүй.

-МАХН-д өнөөдрийг хүр­тэл зүтгэсэн
хүмүүс хэн ч биш гудамжинд явж байсан дэмжигчид. Үүгээрээ ард түмний нам гэдэг имижийг
бүр­дүүлдэг. Гэтэл анх­наас нь энэ намд зүт­гэсэн хүмүүсийг цэвэрлэж,  арай өөр түвшний ги­шүүдээр удирдлагаа бүрэлдүүлэх
нь гэдэг хардлага танай ги­шүү­дэд байна лээ. Ийм бод­лого барьж байгаа юм уу?

-Мэдээж тийм бодлого байхгүй. Сонгох,
сонгог­дох нь тухайн намын ги­шүү­ний эрхийн асуудал. Сая болж өнгөрсөн хур­лууд
дээр нэр дэвших, дэвшүүлэх эрх нь нээлт­тэй явагдсан. Ямар хүмүү­сээр удирдуулахаа
ч  гишүүд өөрсдөө мэддэг, шийддэг шүү дээ.
Ийм үед намын гишүүдийг дотор нь ялгаварлах үзэл байх ёсгүй. Ер нь бол намын бүх
шатны удирд­лагад орж ажиллах гэсэн хүмүүсийн идэвх их бай­на. Тийм учраас зарим
нэгэн дүүргийн намын хорооны удирдлагын тодор­хой албан тушаалд  гарахын тулд дүр­мээс гадуур үйл ажиллагаа явуулах
хандлага гарсан байж магадгүй. Ийм зүйл цаашид байлгахгүйн үүд­нээс манай хяналтын
бай­гууллага сайн ажил­лах шаардлагатай. Түү­нээс биш энэ намыг бай­гуулагдахаас  эхэлж явсан, сүүлд орж ирсэн гэдэг байд­лаар нь
гишүү­дийг ялгавар­лаж болох­гүй. Нийгмийн дав­харгаар нь ялгаварлан гадуур­хах
асуудал манай намд байхгүй. 

-Гишүүдийн энэ гом­дол нь эргээд
Д.Тэр­бишдагва, Г.Шийлэг­дам­ба нарыг огцруулах асуудал руу чиглэж байх шиг байна…

-Д.Тэрбишдагва дарга бид хоёрын хувьд
намын ажлыг харьцангуй хүнд цаг үед хариуцаж авч яваа хүмүүс. Хариуцлага гэдэг талаасаа
аливаа хүндрэл бэрхшээлээр шал­таг тайлбар хийхгүйг хичээж намын ажлын алдаа оноог
өөрсдөдөө хүлээж шүүмжлэл сай­шаалын аль алиныг л сонсож явна. Намын ажил амаргүй
шүү. Гэхдээ шантарч эргэлзэх эрх бидэнд байхгүй. Цаашид МАХН-ын ажлыг шинэ ша­танд
гаргах олон ажлууд төлөвлөгдөж байна. Тэр бүрийг энд яриад яахав. Харин үүнийхээ
хариуц­­лагыг бол хүлээсэн шиг хүлээнэ шүү. Огцруулах энэ тэрийн хувьд бол яа­хав
дээ, ийм яриа байнга л сонсогддог. Яригдах үедээ яригдаж намын дүр­мийн да­гуу нээлттэй
хэлэлцэн шийд­вэрлэгд­дэг асуудал шүү дээ.

-Р.Амаржаргал ги­шүүн хүсэлтээрээ
чө­лөө­лөгдөх өргөдлөө өгчихлөө. УИХ түүнийг аваад үлдэх бо­ломж харагдахгүй байх
гэсэн таамаглал бий. Учир нь МАН, МАХН-ын аль нь ч түүний оронд нэг хүнээ оруулж,
парламентад суудлын тоогоо нэмэ­хээр санаархах байх. Нөхөн сонгууль болбол ялангуяа
танай нам Н.Энх­баяр дар­гыгаа дэв­шүүлэх байх гэсэн зүйлүүд хэвлэлээр бичигдээд
эхэллээ?

-Бид хэн нэг хүнийг  хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүнээсээ татгал­заасай
гэж хүсэхгүй бай­на. Монголын бүх ша­танд хариуцлага алдагд­­сан учраас Р.Амар­жар­гал
гишүүн өөрөөрөө үлгэр­лэж хариуцлага хүлээх гэж байгаа тухай мэдэгд­сэн. Энэ талаас
нь зөв зүйтэй зарчмын байр суурь гэж ойл­гож байна. Харин хариуцлага хүлээх ёстой
УИХ нь өмнөөсөө  нэг гишүүнд хамаг ха­риуцлагаа
үүрүүлээд явуул­чихаж болохгүй. Тийм учраас нэг гишүүний орон гарсан суудлыг ашиг
хонжоо болгох хүсэл на­муудад байх нь зохисгүй. Миний бодлоор  Р.Амар­жаргал гишүүний оронд хэн нэгэн хүнийг
парла­ментад оруулаасай гэж үзэхгүй байна. Харин түү­ний тавьж байгаа асууд­лын
цаад үр дагаварт нь анхаарал хандуулж УИХ шийдвэр гаргах байлгүй дээ.

-Хэрэв нөхөн сон­гууль боллоо гэхэд
танай нам хэнийг нэр дэвшүүлэх вэ?

-Нөхөн сонгууль болох нь хэзээ ч билээ.  (инээв) Болох эсэх нь тодорхойгүй байгаа зүй­лийн
тухай бодох шаард­лага байна уу, үгүй юу. Хэрэв болдог юм аа гэхэд тухайн үед нь
шийдэх байлгүй дээ. Манай на­мын баримталж байгаа зарчмыг би дээр хэллээ шүү дээ.
Харин удахгүй “болох нь” тодорхой бай­гаа нэг мэдээлэл хэлэхэд МАХН-аас уламжлал
болгон зохион явуулдаг энэ сарын 26-ны “Улс тунхагласны өдөр”-ийн  (хуучнаар) уламж­лалт хүчит бөхийн барил­даа­ныг
нийт ард иргэдээ хү­рэлцэн ирж сонирхохыг урьж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хятадууд ан амьтны эд эрхтнийг хил давуулаад ирвэл өндөр үнээр худалдан авна гэжээ

Баруун гар талд сууж байгаа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн байж болзошгүй

Нэн ховор амьтдын эд эрхтнийг өндөр
үнээр хил давуулан худалдаалдаг Н.Бям­басүрэнг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж
эхэлжээ. Мөн Улсын мөрдөн байцаах газраас урд хөр­шийн чинээлэг иргэдийг тусгай
хамгаалалт бүхий бүс нутагт аваачин нэн ховор амьтдыг хууль бусаар аг­нуулдаг сүлжээ  бүхий гэмт этгээдүүдийг шалгаж байгаа юм байна.
Энэ сарын эхээр Замын-Үүдийн хилийн боом­тоор олон тооны ангийн эд эрхтэн хил давуулах
гэж байгаа талаар нэгэн иргэнээс цагдаагийнханд мэдээлэл ирсэн байна. Ирсэн мэдээл­лийн
дагуу Эрүүгийн цаг­даагийн газрын албан хааг­чид Н.Бямбасүрэн гэх ир­гэнийг улсын  хилээр гарах гэж байх үед нь  шалгахад баавгай, буга зэрэг амьтдын доньд, савар,
бугын чив, сүүл, хээл, цусан эвэр зэргийг авч явсныг илрүүлжээ. Түүний найз О гэгчийг
арав гаруй баавгайн савар хийсэн хоёр цүнхтэй хилээр нэвтэрсэн гэдгийг олж тогтоосон
байна.  Мөн Н.Бямбасүрэнгийн гэрээс баавгайн
савар, доньд, бугын эвэр, хорь гаруй зурамны арьс гарч ирснийг авчээ. Энэ талаар
албаны эх сурвал­жаас авсан мэдээллээр Н.Бям­басүрэн нь “Цайз” модны захын ойролцоо
ма­лын  түүхий эд худалдан ав­даг байна. Арав
гаруй жил  “Цайз” модны захын ойрол­цоо арьс,
ширний ченж хэ­мээн  зогсож байгаа юм байна.
Мөн сүүлийн үед зурамны арьс ширхэгийг нь 15 мянган төгрөгөөр худалдан авдаг болжээ.

ӨНГӨРСӨН ЖИЛ БААВГАЙН САВАР, БУГЫН
ЧИВ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Н.Бямбасүрэн нь өнгөрсөн жил  баавгайн доньд, бугын 14 чив, бугын 126 кг ясан
эвэр, тарваганы 325 арьс, хөл­дөөсөн хоёр чоно хилээр гаргахаар Дорноговь аймгийн
Замын-Үүдэд оршин суух А-гийн зуны амбаарт хадгалж байсныг илрүүлсэн байна. Түүнд  Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс нэг жи­лийн
тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн аж. Тэрээр тэнсэн харгалзах хугацаа нь дуу­саагүй
байхад дахин амьтны эд эрхтэн худалдан авч урд хөршийн ченжүүдэд дамлан худалдаалах
гэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригджээ. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нар
түүнээс мэдүүлэг авчээ. Тэрээр “Хя­тадууд өндөр үнээр амьтны эд эрхтэн худалдан
авах санал тавиад мөнгө өгдөг. Өгсөн мөнгөөр нь хөдөө орон нут­гийн анчид болоод
бага гарын ченжүүдээс бугын чив, сүүл, сав, цусан болон ясан эвэр худалдан авдаг
байсан. Ихэвч­лэн Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэд амьт­ны эд эрхтэн худалдаалдаг
байсан юм. Хэнээс худалдан авснаа хэлж мэдэхгүй байна. Үл таних хүмүүс ирээд амьтны
эд эрхтнээ өгчихөөд яваад өгдөг. Олон хүнээс малын арьс, шир худалдан авдаг болохоор
ямар хүмүүс байсныг санахгүй байна. Ха­рин надаас баавгайн савар, доньд, бугын чив,
сүүл зэргийг худалдан авдаг хятадуудтай утсаар хааяа ярьдаг. Тэд хил давуулаад ирэх
юм бол хэд дахин өндөр үнээр худалдан авна гэдэг юм” хэмээн мэдүүлжээ.

Түүний жил гаруйн хуга­цаанд 100 гаруй
сая төг­рөгийн хохирол байгаль ор­чинд учруулсан гэдгийг шинжилгээний байгууллага
тогтоогоод байгаа аж. Гэтэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар буюу Эрүүгийн бай­цаан
шийтгэх хуулийн 203-т хориотой ангийн түүхий эдийг худалдаж авах, борлуулах, агнах
гэсэн зүйл заалт. Мөн хуулийн 175 дугаар зүйлд зааснаар улсын хилээр хо­рио­той
эд зүйл нэвтрүүлэх, 155 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгийг
авах, борлуулах гэсэн зүйл заалтаар эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Дээрх зүйл ангиар гэмт хэрэгтнийг
шийтгэхэд 2-5 жилээр хорих хуулийн заалт­тай байдаг байна. Хэргийг Баянзүрх дүүргийн
нэгдүгээр цагдаагийн хэлтэс үргэлж­лүүлэн шалгаж байна. Мөр­дөн байцаалтын явцад
хэд хэдэн анчид баригдаж магад­гүй гэнэ. Жил гаруйн өмнө Н.Бямбасүрэнтэй хамт малын
түүхий эд худалдан авдаг гэх Д.Удвал, Н.Нарангэрэл, Н.На­рантуяа, Т.Тугбаатар Д.Даш­зэвэг,
Ц.Цэндхүү нар ан амьт­дын эд эрхтэн худалдан авч гэртээ хадгалж байгаад ба­ригдаж
байсан юм байна.

ХЯТАДУУД МАНАЙ УЛСАД
ИРЖ АН ХИЙХЭД ЗУУЧИЛЖ ӨГДӨГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН ГЭВ

УМБГ-аас сүүлийн үед фэйсбүүк, болон
твиттэрээр хуудсаар ан хийсэн зургаа олон нийтэд дэлгэсэн хүмүү­сийг шалгаж байгаа
юм байна. Одоогоор 20 гаруй хүнийг шалгаж байгаа гэнэ. Тухайл­бал, Монгол Улсын
заан Б.Соронзонболд зэрлэг гахай агнасан зургаа твиттэр хууд­сандаа тавьжээ. Үүнээс
үүдэн хэн хэнтэй ан хийсэн талаар эрүү үүсгэн шалгаад хэргийг прокурорт шилжүүлжээ.
Б.Со­ронзонболд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болоод бусад олны танил Говь-Алтай айм­гийн  хүмүүстэй 
хамт явж ан хийсэн гэдгээ хүлээгээд бай­гаа юм байна. Мөн сүүлийн үед урд
хөршийн иргэд манай улсын дархан цаазат газраас ан хийдэг болсон гэнэ. Бүр сүлжээнд
орсон байж бол­зошгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа гэв.  Урд хөршөөс ирсэн чинээлэг нэгнийг ховор амьтад
байгаа газарт маши­наар үйлчилж аваачаад нут­гийн иргэдээр газарчлуулан ан агнадаг
болжээ. Хамгийн сүүлд гэхэд нас бие гүйцсэн хөвчийн хүрэн баавгайг аг­насан хятадуудын
хэргийг шалгаж байгаа юм байна. Хятадуудтай Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нэгэн иргэн
хамт зургаа авахуулсан байгаа аж. Эндээс хэргийн үзүүр тай­лагдах гэнэ. Мөн урд
хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр нэгэн аяллын компани Монгол Улсад аялж дуртай
амьтнаа агнаж зугаагаа гаргах боломжтой хэмээн сурталчилж байгаа юм байна. Сурталчилгаанд  Монголын амьтдыг агнахаар зорьсон хятад анчин
20 мянган юа­ниар энд ирдэг байна. Ангийн отогт ирээд буга, баав­гай, янгир, зэрэг
амьтдаас агнахад 60-100 мянган юань төлдөг. Мөн ирвэс 100000, хүрэн баавгай агнахад
60000 юань байдаг аж. Харин ханд­гай, хулан, зээр, аргал, янгир, шилүүс, элбэнх,
зэрлэг гахай, бор гөрөөс, чоно, үнэг, цасны туулайн агналтын тоо хязгааргүй бөгөөд
үнэгүй гэх мэтээр сурталчилах болжээ. Урд хөршийн дээрх аяллын компани манай улсын
ямар иргэнтэй хамтран хууль бу­саар ан хийлгэдэг талаар шалгаж эхэлжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

МУИС-ийн багш нарыг сандаргасан сайд

Дөрвөн багшид нэг дарга ног­дож байсан
МУИС-ийн захир­гааны данхар бүтцийг өөрчилнө гэсэн мэдээлэл энэ долоо хоногт олны
анхааралд байв. МУИС-ийн Удир­дах зөвлөл 14 сургуулийг дөрөв болгож цөөлөх талаар
ярилцаж эхэллээ. Тэдний  хөндсөн энэ шинэчлэлийг
зориглон эхлүүлж байгаа эрхэм бол Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр. МУИС-ийн
захирал “Дө­рөвхөн багшаар дөрвөн жил заалгаж мэргэжил эзэмшдэг байсан оюут­нуудад
ТҮЦ-ийн биш су­пермар­кетын сонголтыг санал болгож байна. Оюут­нуудын хувьд сур­гал­тын
чанар сайжирч байгаа боло­хоор эсэр­гүү­цэх шалтгаан байхгүй. Харин багш нарын зүгээс
эсэр­гүүцэл гарахыг үгүйс­гэхгүй” хэмээн манай со­нинд өгсөн ярилцлагадаа онцолж
байв. Үнэхээр ч МУИС-ийн Олон улсын харилцааны сургуу­лийн багш нараас эхлээд энэ
шинэчлэлд таагүй хан­даж байгаа багш нарын нэр захаасаа сонсог­дож эхэллээ. Мэдээллийн
сай­таар энэ алхам зөв эсэхийг иргэдээс тандаж санал асуулга явуулж буй. Өчигдөр
орой гэхэд дэмжиж байгаа иргэдийн хувь лав л 80 гарсан бай­на лээ. Тэгэхээр МУИС-ийн
багш нарыг сандар­гасан энэ мэдээ­лэлд иргэд нааштай хандаад эхэлжээ. Оюутнуудад
су­пермар­кетаас сонголтоо хийх боломжийг олгохоор зориглосон Л.Гантөмөр сайдын
салбартаа хий­сэн шинэчлэл гэж нэрлэг­дэхээр алхам үүгээр зогсохгүй.

Түүний хийж байгаа шинэчлэл яамных
нь ца­хим хуудаснаас ч харагд­даг. Боловсрол шинжлэх ухааны яамны сайт руу орохоор
“Сайдтай чаа­талъя” гэсэн цонх бий, энэ цонхоор сайдтай  баасан гариг бүрийн 20.00 ца­гаас хойш нэг цагийн
турш чаатлах, санаа бод­лоо хэлэх эрх хэнд ч нээлт­тэй юм билээ. 

Сурагчдадаа урд хөр­шөөс дүрэмт хувцас
худалдаж авч өгч, бусдад мөнгөө өгч байхаар өөрс­дөө даавуу үйлдвэрлэж, монгол хүнээрээ
оёулж, хүүхдүүддээ ча­нар­тай хувцас өмсгөнгөө үндэс­ний үйлдвэрлэгчээ дэм­жье гэсэн
санаа ч түүний шинэчлэл гэж хэлж боло­хоор ажлуудын нэг бол­сон санагддаг.  

Хүүхдийг муу сурдаг гэж ангийнхных
нь өмнө зарлахаа больё, цөөхөн сайн сурагчтайгаа харилц­даг багш нарын хандлагыг
өөрчилье, хүү­хэд бүрд байгаа авьяасыг нь нээе гэх мэт сонин содон шийдэл бага сур­гуульд
гэхэд л хангалттай хийгдэж байгаа.

Л.Гантөмөр сайд Увс аймгийн Улаангом
сумын уугуул. Аавынх нь нутаг ус Өмнөговь аймгийн Бул­ган. Дээд боловсрол гэвэл
Японы Сэн­дай дэньфа коллежийг харилцаа хол­бооны инженер, Нагао­ка­гийн Техник
техноло­гийн их сургуулийг элект­роникийн инженер мэр­гэж­­лээр төгссөн. “Сэт­гэш­гүй
трейд” компанийн дэд захирлаас карье­раа эхэл­сэн энэ эрхэм Ард­чил­сан залуучуудын
хол­бооны дэд ерөн­хийлөгч, ерөнхийлөгчөөр ажил­лаж байсан. УИХ-ын гишүүн болсноо­соо
хойш ямар замаар яаж явж бай­гаа нь олны нүдэн дээр ил учраас илүүг нурших хэ­рэг­гүй
байх. Олны мэдэх­гүй байж магадгүй албан тушаал гэвэл гурван жи­лийн өмнөөс Улаан
загал­майн нийгэм­лэгийн дэд ерөнхийлөгч, Ард­чил­­сан залуучуудын хол­бооны хүндэт
ерөнхий­лөгчийн албыг хашиж бай­гаа. 2008 оны найм­дугаар сарын 18-наас Боловсрол,
шинж­лэх ухаа­ны сайдаар ажил­лаж байна. Албаны намт­рыг нь товчхон сонирхуу­лахад
нэг иймэрхүү.  

Л.Гантөмөр  нэг хүү, хоёр охин­той. Эхнэр нь банк санхүү чигийн
хүн. Монгол банкинд ажилла­даг. Сайд эхнэртэйгээ аль арван жилээ­сээ, зурга­дугаар
ангид байхдаа үерхэж эхэлжээ. Тэр талаа­раа “Би их азтай. Анх удаа үерхье гэсэн
захиаг нэг охинд өгсөн. Гэтэл тэр охин маань зөвшөөрсөн. Тэр үед их ичимхий байсан
шиг бай­гаа юм. Жилдээ хоёр, гурван удаа л уулзана. Их хөөрхөн охин учраас банди
нар үерхье гэж их гуйдаг. Тэгэх бүрд нь над­тай найзалдгаа хэлдэг байсан гэдэг”
хэмээн ярьж байсан удаатай.

“Өдрийн зочин”-ы маань хобби нь хөл
бөм­бөг. Ном унших дуртай. Тэр дундаа хүүхдүүдийн амтархан уншдаг зураг­тай комикуудыг
хорхойсч уншдаг. Олонд ил болоо­гүй нууц авьяас нь дуу­лах. Тэр дундаа уртын дууг
эвлэгхэн гэгч нь дуул­чихдаг гэж байгаа. Тоонд их сайн, бүр есдүгээр ангидаа улсын
матема­тикийн олимпиадын мөнгөн медаль хүртэл авч байж. Матема­тикаас өөр зүйлээр
амьдралаа  төсөө­лөхөө байсан хүү МУИС-ийн
математикийн ангийн хуваарь авна гэд­гээс өөр бодолгүй байж. Гэвч физикийн үзээгүй,
мэдээгүй асуул­таас болж хүссэн мэргэжлээрээ суралцаж чадаагүй аж. Ингээд л хэсэг
хугацаанд эндээ их сургуульд сурч байгаад Японыг зорьжээ.

Сайд Японд сурч бай­сан жилүү­дээсээ
юу олж авсан талаараа  “Бүх хүн нь хөдөлмөрийн
харил­цаанд орсон нийгэм гэдэг гайхал­тай. Би хэзээ ч алдартай улстөрч, илт­гэгч,
философчийн үгэнд уяр­даггүй. Намайг хам­гийн их уяраах үгсийг гутал тосолдог хүүхэд,
адуу­чин, уурхайчин гээд хөдөлмөр хийж байгаа хүмүүс л хэлдэг. Японд суралцаж олон
жил амьдарс­ны хувьд надад наалдсан зүйл энэ болов уу” хэмээн ярив. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд дөрөвдүгээр
ангиасаа л зуны амрал­таа­раа ажил хийж ээж, аав­даа тусалж эхэлсэн гэдэг. Цалин­гаараа
хичээ­лийн хэрэгсэл, хувц­саа бэлдчихдэг догь сурагч байжээ.

Сайдаар томилогдо­хоо­соо өмнө боловсро­лын
салбарыг шинэ­чил­нэ гэж  амлаж, анхнаасаа
хүсч ирсэн албан тушаал гэдгээ нуухгүй ярьдаг. “Боловсрол дага­сан хөг­жил гэж байдгаас
хөгжил дагасан боловсрол гэж байдаггүй” гэж хэлсэн энэ эрхэм боловсролыг хөг­жүүлнэ
гэдгээ олны өмнө амлаж байсан удаатай.

Дэлхийн шилдэг зуун сургуульд элссэн
оюу­танд төрийн зээлээр су­рал­цах боломж нээгдсэн, цэцэр­лэгийн  хүүхдүү­дийн хоолны мөнгө 50 хувь нэмэгдэж чанар
нь сайжир­сан гэж ирээд яри­вал үр дүн нь эхнээ­сээ иргэдэд  мэдрэгдээд ирсэн шийдвэр  нэлээд харагддаг. Өмнө нь сурла­гаараа жаахан
тийм­хэн хүүхдүүд багшийн мэр­гэжлийг сонгодог байсан бол энэ намраас сайн сурдгууд
нь Боловс­ро­лын их сургуулийг сонгож эхэлснийг ч сайдын санаа гэж салбарынхан нь
ярьдаг юм билээ. Яам­наас онц сурдаг хүүхдүү­дийг тэтгэлгээр сургана гэсэн учраас
сайн сурла­гатнууд Боловсролын их сургууль руу хошуурсан гэдэг. Энэ мэт “нээрээ
эртнээс ингэсэн бол дээр байж дээ” гэж дэмжмээр ажлууд Л.Гантөмөр гэсэн нэртэй хамт
сонсогддог.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: АН-ын лидерүүдээс хэн нь ч ийм алхам хийж байгаагүй

Баасан гаригийн үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаа­наар
2014 оны төсвийн төслийг баталсан. Үүний дараа Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
сэт­гүүл­чидтэй нээлттэй ярилцсан юм. 

-2014 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөв эдийн
засгийн чиг хандлагад ямар өөрч­лөлт үзүүлнэ хэмээн харж байна вэ?

-2014 оны төсөв өм­нөх
оныхтой харьцуу­ла­хад анх удаа шахсан тө­сөв болсон гэж үзэж бай­гаа. Сүүлийн гурван
жил төсвийн өсөлт явагдаж байсан бол энэ удаа зогс­сон нь нэг онцлог болсон. Энэ
төсвийг хэлэлцэх үеэр татвартай холбоо­той болон нэмэгдэл тө­рийн дарамтыг бий бол­гоо­гүй.
Татварын орчинг бид хамгийн таатай бай­гаа гэж үзэж байгаа. Тат­вар нэмэх шаардлагагүй
гэж үзэн хуучин суурь татвар дээр үндэслэн бо­ловсруулсан нь мөн нэг онцлог. Хөрөнгө
оруу­лал­тын асуудал дээр УИХ онцгой анхаарлаа хандуулсан. Учир нь хө­рөн­­гө оруулалт
Мон­голын эдийн засгийн өсөлт, улсын инфляци тогтворгүй байдал үүсгэж ирснийг энэ
удаа зогсоох оролдлого хийсэн уг төс­вийн өөр нэг онцлог бай­лаа. Хөрөнгө оруулалт,
урсгал зардлыг танаж, нийт 240 обьектын хөрөн­гө оруулалтыг царцаас­наар эдийн засагт
гар­гадаг хиймэл үнийн өсөл­тийг хязгаарлах болом­жийг олгож байгаа юм. Иргэдэд
төсвөөр дамжиж очиж байгаа төрийн да­рамтыг эрс багасгаж бай­гаа хэмээн ойлгож байна.

Авлига, төрийн хө­рөнгө оруулалтаар хийг­дэж байгаа
барилга дээр эдийн засгийн харилцаа гаж хэлбэртэй олон жил явж ирснийг таслах то­моохон
оролдлого болж чадсан. Ард түмний мөн­гөөр хийгдэж байгаа бү­тээн байгуулалтад үр
ашиг­тай, хийсвэр үнийн хөөрөгдөл байхгүй боди­той байхыг шаардсанаа­раа зөв алхам
хийсэн гэж бодож байна. Улсын хө­рөн­гөөр хийж буй барил­га, байгууламжийг цаг хугацаанд
нь чанартай барих ёстой. Үнийн хийс­вэр хөөрөгдлийг ахин хэзээ ч гаргахгүй байх
хэрэгтэй. Энэ удаагийн төсвийн нэг онцлог нь урсгал зардлыг танаж чадсан явдал.
Бусад зар­дал болох төрийн албан хаагчдын цалин, урам­шуу­лал руу хүрэлгүйгээр хэт
үрэлгэн байдаг илүү хэрэглээний зардлуудыг хассан. Үүнд томилол­тууд болон хүлээн
авалт, автомашин, тоног тө­хөө­рөмжөөс эхлээд зардлуу­дыг танасан нь урд бай­гаагүй
зүйл болж чадсан. Бодит байдал руу дөхөж очсон төсөв болж чадсан.

-Хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг та­на­саар
Засгийн газраас өргөн барьсан төсвийн анхны хувилбараас хэ­дэн төгрөг танаж чад­сан
бэ?

-Цэвэр урсгал зард­лаас 200 гаруй тэрбум төгрөгийг
танасан. Ха­сагд­сан хөрөнгө оруу­лал­туудыг орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруу­лалт
буюу ашигтай хө­рөнгө оруулалт руу зар­цуулах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа хөрөнгө
оруулалтын төсөв төлөв­лөгөөнд 100 гаруй нэрийн хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан.

-Царцаасан обьек­туудад аудит оруулна гэл үү.
Ямар хүний бу­руу­тай үйл ажиллагаа­наас болж төсөвт үр ашиггүй хөрөнгө оруу­лалт
суусан эсэхийг нь судалж байгаа юу. Ха­риуцлагагүй төсөв оруулсан хүмүүст ямар хариуцлага
тооцох вэ?

-Царцаасан хөрөнгө оруулалтуудыг шалгах­даа хэн
нэгэнд хариуц­лага тооцож, хэн нэгэн буруутныг хайж байгаа юм биш. Энэ хөрөнгө оруу­лалтууд
олон жил дамжсан төсөвт өртөг нь огцом өссөн, барилгын гүйцэтгэл дутуу, зөвшөө­рөлгүй,
зураг төсөвгүй хөрөнгө оруулалтууд төсөвт замбараагүй сууж байсныг бид нэг удаа
тоо­ромзолж байгаа гэж ойл­гож болно. Аудитын байгууллага маш сайн нягтлан шалгах
ёстой. Ард түмний мөнгийг үр ашиггүй зарцуулаад байгаа ямар обьектууд байна түүнийг
судлаад, үр ашигтайг нь цааш явуулж, үр ашиггүй нь зогсооё гэж байгаа юм. 144 обьектыг
царцаахад 132 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байсан. Нийт 500 гаруй тэрбум
төгрөгийн төсөвт өртөгтэй обьектууд яриг­даж байгаа юм. 500 тэр­бум төгрөг гэдэг
Мон­голын хувьд бага мөнгө биш. Тиймээс бид энэ байдлыг цааш үргэлж­лүү­лэх­гүйгээр
нийт төс­вийн хөрөнгө оруулалт дээр 760 гаруй обьект яригдаж байна. Үүнээс 144-ийг
нь царцааж, эргэж харъя л гэсэн санаа юм. Өмнө нь бид үрэлгэн төсөв баталж, энэ
нь ард түмний нуруун дээр ачаа болдог байсныг зогсоож, цаашид төсөв батлахдаа үрэлгэн
байдлыг зогсоож, шалгаж үзье гэж байгаа юм. Миний ойлгож бай­гаагаар 144 обьектын
хөрөнгө оруулалтаас 1/3 нь цааш үргэлжлэх бо­ломжгүй байх шүү. Стан­дартын бус барил­гууд
барьсан асуудлууд бий. Тиймээс үүнийг нягтлах хэрэгтэй. 

-Долларын ханшийг багаар тооцоолсон гэ­сэн шүүмжлэл
байна?

-Долларын ханшийг 1384 гэсэн суурь үнийг Эдийн
засгийн яам гаргаж ирсэн. Нэгэнт яамд нь тооцоогоо хийгээд гаргаж ирсэн учраас УИХ
өөрч­лөлт оруулж болохгүй. Ханш гэдэг чинь тоглоод байдаг зүйл биш. Өнөө­дөр ам.доллар
1700 бай­на гээд төсвийнхөө хан­шийг өөрчилж 1700 орч­моор тооцож болохгүй. Бид
өөдрөг зүйлийг өөд­рөг харж сурах хэрэгтэй. Хэрэв Эдийн засгийн хөгж­лийн яам, Сангий
яам долларын ханшийг 1384 гэж тооцоолсон бол он гарангуут уг ханшид бариулахын тулд
эдийн засгийн боломжийг тэлэх үүргээ зайлшгүй биелүү­лэх ёстой. Монгол Улс үнэ цэнэтэй
орон болгохын тулд газар доорх баялгийг үнэ цэнтэй болгох ёстой юм. Өнөөдөр хараахан
үнэ цэнгүй байна.

-Гадаад өрийг ДНБ-ий 60 хувьд барих ёстой гэсэн
заалт чуулганы хуралдаан дээр уна­чих­лаа. Тэгэхээр ирэх онд авах зээлийн хэм­жээнд
өөрчлөлт орох­гүй гэсэн үг үү?

-Монгол Улсын өрийг нэмэгдүүлэхгүй байна гэдэг
зөв л дөө. Монгол Улс эдийн засгаа тэлэх боломжийг  алдаж бай­гаа нь нэг талаасаа
харам­салтай юм. Үнэ­хээр өнөөдөр төсөв дотор өр, зээлийн асуудлаар асар бага хэмжээтэй
бол­сон. Одоо баригдах гэж байгаа төмөр зам, бо­ловсруулах үйлдвэрүү­дийг хаанаас
юугаар ба­рих вэ гэдэг дээр хүндрэл үүсч байна. Хоёр намын арга барилын хувьд зө­рүү­тэй
зүйл бий. МАН-ын хувьд ирээдүйд ард түм­нээ их өрөнд оруулна гэж ярьдаг, АН-ын хувьд
Мон­гол орон үнэ цэнтэй бай­хын тулд өөрийн гэсэн үйлдвэр, бүтээн байгуу­лалт, дэд
бүтэц, эрдэс баялгийн нөөцтэй байх ёстой Монгол хүн монго­лоороо амьдрах ёстой гэсэн
тэмүүлэл рүү явж байна.

Энэ жил зээлжих эр­хийн хамгийн дээд хэм­жээг
Засгийн газар 2.5 их наяд хүртэл гэж тогтоож өгсөн. Хуучин хуулийн дагуу ДНБ 40
хувьд хяз­гаарлагдана. Үүгээр тооц­вол 600 сая ам.доллар хүртэлх хэмжээнд зээл авах
боломжтой гэж харж байгаа. Энэ мөнгөөр юу бүтээж чадах вэ гэдгийг бас бодолцох ёстой.
Хө­рөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаар гад­наас шууд хөрөнгө оруу­лалтууд
ороод ирнэ гэсэн ойлголттой хүмүүс бас байна. Нэг талаас хөрөн­гө оруулалтын хууль
бат­лагдсанаар гадны хөрөн­гө оруулалтууд нэмэгдэх сайн талтай. Гэхдээ хаа­наас
ямар хөрөнгө оруу­лалт орж ирээд, энэ нь Монгол үндэсний аюул­гүй байдалд хэрхэн
нө­лөөлөх вэ гэдэг нь хам­гийн чухал асуудал. Ер нь бид урт хугацаатай зээл авахын
тулд өөрсдийн үндэсний баялаг, үндэс­ний компаниуд­тай байж хэн нэгнээс хамааралгүй
байж чаддагаараа давуу болохоор үүнд тэмүүлдэг. Жижиг улсад хэт их гадаа­дын хөрөнгө
оруулалтын хараат байх юм бол өнөөдрийн Оюут Толгой, Тавантолгойн түүх дахин давтагдах
магадлал өндөр байгаа. Тиймээс бид өөрсдөө зээл авч, өөрсдөө бүтээдэг зарчим руу
хатуу явах ёстой гэдэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь байгаа.  

-УИХ-ын чуулган дээр алтны хуулиар завсарлага
авлаа. Алт­ны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх ту­хай хуулинд тусгас­наар рояалтийн
тат­варыг  2.5 хувь болгон бууруулж байгаа. Мон­гол Улсад алт тушаас­наар заавал
роялтийг бууруулах шаардлага­тай юу?

-Хэрэв “Оюу Толгой” ХХК Монгол Улсад алтаа тушаахгүй
бол  рояал­тийн хэмжээ өөрчлөг­дөх­гүй. Өөрөөр хэлбэл, Мон­гол Улсад алтаа
тушаах­гүй бол таван хувийн тат­вараа төлнө. Харин Мон­голд алтаа тушаавал роял­ти
2.5 хувь болно гэсэн зарчим юм. Хам­гийн чухал асуудал бол Монголын алт Монгол улсдаа
байж үнэ цэнтэй  байна. АН ч гэсэн ийм байр суурьтай байгаа.

-Р.Амаржаргал ги­шүүний асуудалд хэр­хэн хандаж
байгаа вэ?

-Шуудхан хэлэхэд Р.Амаржаргал гэдэг бол хувь хүн
биш. Монголын төрд олон жил зүтгэсэн үнэ цэнтэй хүн. Зөвхөн АН-ынх ч биш. Тиймээс
бүх зүйлийг олон талаас нь бодох ёстой. Р.Амар­жаргал гэдэг хүн АН-аас нэр дэвшсэн,
АН-ын үнэ цэнэтэй капитал. АН үр­гэлж лидерүүдээрээ бахархаж явдаг байсан. АН-ын
лидерүүдээс хэн нь ч ийм алхам хийж байгаагүй. Хувь хүний хувьд Р.Амаржаргал гишүү­ний
энэ үйлдэлд их харамсч байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Э.БОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Гомдол уу, тохироо юу

МАН их хурлаа хийж, шинэ дарга
ажлаа хүлээж авч, АН-ын 
Р.Амаржаргал  гишүүнээсээ
татгалзан  тунир­хаж, МАХН Д.Тэрбиш­дагвыгаа
ад үзэж улс төрийн голлох намууд хөл үймээн ихтэй байна.

МАН-ын хувьд яах вэ гом­дог­сод,
гологдогсод, ялаг­даг­сад  хэдэн талдаа
гарчихсан байж л байна.  Тэглээ гээд
яахав. Намын ажил явдгаа­раа л явна. Угаас намынх нь Их, Бага хурлын дараа заа­вал
хэл үг гардаг нь жам.    Ямар ч байсан
энэ удаа М.Энх­болд яллаа. Хотын фракц хүчтэй гэдгээ харуул­сан. Мөн М.Энхболд
намын даргад өрсөлдөхдөө бусад фракцын дэмжлэг авахын тулд тодорхой хэмжээгээр
тохироо хийсэн. Заримд нь хэлсэндээ хүрсэн, заримаас нь бас буцсан. Ямартай ч
хэл ам дагуулсан их хурал нь дуусч М.Энхболд намын дарга болж, өөрийн багаа
бүрдүүлээд ажлаа эхэлчих­лээ. Намын дотоод бүтэц зохион байгуулалт ч нэлээд
өөрчлөгдөж, өөр фракцуудын нөхдийг өөрөөсөө эвтэйхэн холдуулж чадлаа. 

МАХН-ын хувьд  дарга нь шоронд орж үйлээ үзсэний эцэст,  эмчилгээ хийлгэж харь орныг зорьсон
хойгуур  намын гол хүн Д.Тэрбиш­дагва
байлаа. Гэтэл нам дот­роос нь 
Д.Тэрбишдагва болон Г.Шийлэгдамбыг огц­руу­лах хэрэгтэй гэж яриад эхлэв.
Учир юу гэвэл тэд дүүргийн намын хорооны дарга нараа өөрчилж, бод­логоор өөр
хүмүүс тавих гэсэнд хуучин хүмүүс нь дур­гүйцэж эхэлжээ. Н.Энх­баярын
байгуулсан нам, тэр тусмаа тэр хүний итгэл хүлээлгэж тавьсан дарга нарыг сольж,
өөрсдийн ноёрх­лоо тогтоох гэлээ гэж тэд ийнхүү эсэргүүцээд байгаа юм байна.

Харин эрх баригч АН-д МАН-ыг эрх
барьж байхад ургасан жигүүр шиг албан тушаалгүй үлдсэн гомдогсо­дын баг бий
болж,  жигүүр ургалаа. Түүнээс гадна
АН-ын лидерүүдийн нэг   Р.Амар­жаргал
гишүүний хувьд цаашид УИХ-ын гишүүнээр ажиллахгүй гэж өргөдлөө өгсөн нь улс
төрийн дуулиан дэгдээж орхив. Энэ дуулиан АН-д 
гарзтай бол бусад намын хувьд ганц суудал ч гэсэн чухал учраас таатай
мэдээ болж,  анхаарлаа үүнд төвлөрүүлжээ.
Р.Амаржар­галын энэ гэнэтийн хачин шийдвэрийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох
юм. Цаг­таа Ерөнхий сайд байсан тэрээр боловсон хүчин бага­тай гэгддэг АН-ын
хувьд том гарз л даа. Намаа ялж эрх барихад Р.Амаржаргал УИХ-ын даргад ч,
Ерөнхий сайдад ч аль алиныг нь хийчих санаа байсан ч түүний хүсэл бие­лээ­гүй.
Тэр бүү хэл салбарын сайд ч болж чадсангүй. Сая ялж албан тушаал өгөөгүй үеэс
өмнө түүнд бас гомдол яваад л байсан. 
Энэ бүхэн хуримтлагдаж эцэст нь ингэж нэг өдөр өргөдөл барьж гүйхэд
хүргэсэн болов уу.  Ямартай ч тэрээр
бүлгийн болон байнгын хорооны хуралд суух нь цөөрсөн гэх. Чуулганы хуралдаанд
төсөв хэлэлцэх үеэр энэ оны төс­вийг алдагдалтай болсон гэж шүүмжлээд
хариуцлага хэн хүлээх юм, би тэгвэл УИХ гишүүнээсээ татгалзъя гээд л хэлсэн.
Эхэндээ энэ нь зүгээр л нэг шоу мэт сонсогдсон. 
Түүнийг харин хэдхэн хоно­гийн дараа ийм шийдвэр гаргаад палхийтэл
зарлаж,  хүсэлтээ албан ёсоор хүр­гүүл­чихнэ
гэж хэн мэдэхэв. Гэтэл Р.Амаржаргал  аль
эртнээс үүнийг  бодож явсан аж.  Далим олдохоор нь хэл­сэн  нь тэр байх. 
Тэрээр ийм шийдвэр гаргаснаа олон ний­тэд мэдэгдэж, УИХ-ын гишүү­нээсээ
болон Үндэсний зөв­лөл­дөх хорооны гишүүнээсээ ч татгалзах саналаа хүргүүл­сэн
байгаа. Харин өөрөө энэ талаар тодорхой хэлэхгүй, “Мэдэхгүй, дараа болъё” гэх
мэтээр тайлбарлаад өнгөрч  байгаа. Гадаад
орнуудад өндөр үнээр  эдийн засгийн
талаар  лекц уншдаг гэх түү­ний хэт биеэ
тоосон өөрийгөө дөвийлгөх байдал нь бусда­даа гомдох шалтаг боллоо гэж нэг
хэсэг нь үзэж байгаа бол нөгөө нэг хэсэг нь төдийгөөс өдий хүртэл явж ирсэн
гомдол нь ийм алхам хийхэд хүргэлээ гэх. 
Гэхдээ ингэх хэрэг байсан юм уу, ард түмний сонголтыг албан тушаалын
төлөөх гомд­лоор сольж болох уу гэсэн асуудал бас гарч ирж байгаа. Хэдийгээр
УИХ-ын гишүүнээр ажиллах, чөлөө­лөг­дөх эсэх нь өөрийнх нь сонголт боловч
УИХ-ын тухай хуульд  зааснаар гишүүн
чөлөөлөгдөх хүсэлтээ гарга­сан бол УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцэх аж. Ямар­тай
ч логикийн хувьд нэгэнт хүн өөрөө хүсэхгүй байхад УИХ саналыг нь хүлээж авах
эсэхийг хэлэлцдэг нь  сонин байгаа юм.
Хэрвээ УИХ олон­хиороо түүнийг чөлөөлөхгүй гэвэл хүчээр ажлаа хийнэ гэсэн үг.
Магадгүй тэрээр үүнийг мэдэж нөгөөдүүлээ буулгаж авах гэсэн байж болох юм. Ер
нь бол түүнийх шиг өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзсан тохиолдол
манайд хэд хэд бий л дээ. Энэ парламентад л гэхэд У.Хүрэлсүх хувийн шалтгаанаар
хүсэлтээ өгч байсан.

Р.Амаржаргал гишүүн энэ гэнэтийн
хачин шийдвэ­рийн­хээ талаар одоогоор албан ёсны хариу өгөөгүй. Өгөхөд ч хэцүү
байх шиг байна. Юу болоод байгаа талаар асуу­сан сэтгүүлчид “Юу болоод байгааг
би мэдэхгүй байна. Энэ талаар хэлэхэд цаг хуга­цаа­ны хувьд эрт байна” гэсэн
байна лээ. Ямар ховсдуул­чих­сан биш юу болоод бай­гааг,  яагаад хүсэлт гаргаснаа өөрөө мэдэхгүй байна
гэж байхгүй. Шууд хариулахад хэцүү л байсан байх. Магад­гүй намынхан  нь сандарч, 
түүнд ямар нэгэн албан тушаал өгнө гэж горилсныг үгүйсгэхгүй. Далимаар
нь нэг сайн айлгаад авч байж болох талтай. Сонгууль болгоноор л түүнийг яаж
хоосон орхих вий гэсэн шиг аль хүнд той­рогт 
хүсэлтийг нь үл харгал­зан зоодог. Эрийн сайндаа нөгөөх нь ялаад гараад
ирдэг л дээ. Энэ намд түүний гүйцэт­гэсэн үүрэг том орон зай эзэл­нэ. Тиймээс ч
тэр хэрээр ал­бан тушаал горилж л байсан биз.

Мөн тэрээр МҮДН фрак­цад
хамаардаг  боловч харь­цан­гуй цөөн
хүнтэй уг фрак­цын нөлөөлөл намдаа бага байснаас Р.Амаржаргалын хүсэлт биелэхэд
төвөгтэй байсан болов уу. Түүнийг мөн гадаадад 
амьдрах гэж бай­гаа. Зөвхөн лекцээ уншаад явахад л дажгүй сайхан
амьдарчихна гэж ярьж яваа хүмүүс байна.

Энэ мэдээллүүдийн хажуу­­­г­аар тэс хөндлөн нэг мэдээ­лэл
ороод ирэв. МАН-ынхантай тохирсон гэх. М.Энх­­болд намаа аваад одоо алдсан нэр
хүндийг сэргээх нөлөөллөө ихэсгэхийг хүсч байгаа. Тиймээс Р.Амар­жаргалын
гомдол дээр тоглож тохиролцсон байхыг үгүйс­гэх­гүй. Ингээд нөхөн сонгуульд
МАХН-аас Н.Энхбаярыг дэвшүүлэхэд МАН боломж олгож сул хүн дэвшүүлж МАХН
баталгаатай нэг суу­дал олж авах бөгөөд нэгэнт УИХ дахь суудлын тоо нэмэгд­сэн
учир Засгийн газарт квотоо нэмнэ гээд суучихаж болох талтай.  Ийн­хүү МАН МАХН хоёр наал­даад эхэлбэл АН-ын
хувьд хүндхэн байдал бий болно гэх батлагдаагүй ч, байж болох мэдээлэл чих
дэлсэв. Нөгөө талаас МАН нөхөн сонгуу­лиар ялалт авахын тулд хамаг байдаг хүчээ
хаяна. Тэртэй тэргүй МАН нөхөн сонгуульд ялалт байгуулдаг арвин турш­лагатай.
Тэдэнд энэ суу­дал чухал. Тиймээс ялах хам­гийн боломжтой хүнээ дэв­шүүл­нэ
гэцгээх нь байна. Гэхдээ одоогоор байдал цааш яах нь тодорхойгүй байхад намууд
нэр дэвших хүнээ яриад, зарим горилог­чид “Би дэвшье” гээд явж байгаа гэнэ.
Угтаа бол  УИХ Р.Амаржаргалын хүсэлтийг
хүлээж авлаа ч уу,  үгүй ч үү.  АН Р.Амаржаргалтайгаа сайн тохирч чадах ч юм
бил үү, хэн мэдлээ. Юутай ч УИХ яаж шийдэхийг эхлээд харъя.

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би

Гэргийн хамт

Монгол Улсын ар­дын уран зохиолч,
тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо. Гэргийтэй­гээ хоёул байж байна.
“Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв
хоёрын зохиол надад ойр юм” хэмээсээр угт­сан. Залгуулаад “Хүр­гэн маань энэ хөөр­гийг
надад дурсгаад” гэж гартаам хөөргөөр тамхилангаа, “Адууны мах иднэ биз дээ. Манай
Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж авлаа.
Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм гэсэн”. Ийм л
ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.  

-Та бол “Насны ном Цэнд, насны
хань Цэнд” гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө ярилцаж байлаа. Эл
удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл ямар вэ?

-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь
1959 он юм. Тэгэхэд би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн
шал­галтаа онц өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд
урьчихлаа. Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд
анх болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.

Намайг харсан хэрнээ огт хараагүй
юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь
ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ
зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.

-“Нэрээр бичсэн шүлэг” анхны номонд
тань орсон байх шүү?

-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр
бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн “Шөнө ургасан цэцэг” номон­доо оруулж байлаа.

“Цээлхэн дуугий чинь хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би билээ

Найртай сэтгэлийг чинь нар гэвэл

Дулаацаж жаргасан нь би билээ

Эрэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би билээ” гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг минь
саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг ханьдаа
зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс жаран он миний
хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу Намын төв хорооны
үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой хамт явах бол­лоо.
Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм. Тухайн үеийн 1600 төгрөг
гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар
дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр
ижий аав болоод хөөр баярт умбасан. Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг
маань түрүүлж түүний шагнал болох цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав “МОНЦАМЭ”-гээс
олж өгч түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.

Манай Цоодол ч анхны бүтээл “Нутгийн
зургаан өнгө”-ийнхөө шагналаар дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын
буян тэгж л эхэлдэг юм даа.

-Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн
Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно явсан он жилүүдээ
дурсаач?

-Монголын уран зохиолд хувь заяагаар
төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм.
Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын
мөрүүдийг нь уншиж зүрхээ баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриа­дын нэрт зохиолч
Дашрав­дан Батожабой нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданс­сан
билээ. Эрдэнэ тэрхүү аян замаас ирээд “Алтай” хэмээх алдарт нийтлэлээ бичиж бид­нийг
бахдуулсан юм.  “Алтайн оргилд дун цагаан
салхи салхилж байхад, наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд
шар салхи тэнүүчлэн” буйг өнгө­ний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок
лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Мон­го­лын
соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж ба­гийн бүрэлдэхүүнийг Намын төв хорооны
улс төрийн тов­чооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэг­дүгээр орлогч дарга Д.Майдар
толгойло­хоор бол­лоо. Нэрт уртын дуучин Н.Норов­банзад, уран нуга­раач зууны манлай
Но­ров­­сам­­буу, төрийн шагналт хөгж­мийн зохиолч Ц.Намс­рай­жав, ардын жүжигчин
Д.Жар­гал­сайхан гээд урлаг соёлын том бүрэлдэхүүн явлаа. Сосор­барам, Лувсан­чүл­тэм
гээд дарга, сайдууд явсан ч Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв. 

-Зохиолчдоос С.Эрдэнэ баа­вай та
хоёр явсан хэрэг үү?

-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан
тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр онгоцны буудлаас халам­цуу­хан үдэж өглөө.
Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны
арын халаасанд замд ууна хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь
халаа­­сыг цоолон цухуйгаад амьтныг инээлгэж байхав.  Онгоц яг нисэх болтол бид хоё­рын гадаад паспорт
олд­дог­­гүй багагүй сандаргалаа. Тэг­тэл ашгүй Эрдэнийн гар цүнх­­­нээс олдов.
Майдар дар­га урд талын суудлаас өн­дийж “Хэн онгоц саатуулаад байна аа” гэж зандрангуй
дуугардаг юм. Энэ үед Эрдэ­нэ дув дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ
жүжигчдийн арын суудлаас гэнэт босч ирээд “Тэр Майдар юу юм” гэж чанга хашгирснаа
буцаад нугдай­гаад нуугдах маягтай суучи­хав. Эрдэнийн тэгж хашгир­сан нь олон хүний
зүр­хийг хагалчих шахаж би­лээ. Согтуу хүн сохор ухаан­тай гэгчээр онгоц өндрөө
авсан үед “хэрэг” тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол олсон хойноо
баавай­тайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөр­ний гүүрэн дээгүүр үдшийн сэрүүнд
хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүр­тэл засмалаар давхин

“Нарны наагуур явахгүй л аад

Нарийнхан жороогийн хэрэг юув

Насандаа намхандаа ханьсахгүй л
аад

Наадуулж явахын хэрэг юув” гэж буриадаар дуулал­дан жаргаж явсан. Сүүлд нурсан худалдааны
хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэн­дээ нартаа гоёлын нүдний
шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай элчин дипло­мат
Д.Жаргалсайхан гуай­гаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр өнгөрөхийнхөө өм­нөхөн
“Монголын уран зохиолын алтан үеийн алдарт­­нуудын нэг Шаравын Сүрэнжавт дурсгав”
гэж “Тэн­гэ­рийн хөвүүний эцэслэл, Хар хун шувуу” номондоо бичиж өгснийг мартамгүй
ээ. Саяхан арван боть нь хэвлэг­дэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа
явсан он жилүүдээ энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.

-Олон хүний тухай зузаан зузаан
ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог болжээ. Хэн бугай
ч маргах­гүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны хөрөг нийтлэл ч бий?

-Далан есөн оны хоёр­дугаар сарын
нэгэн жихүүв­тэр шөнө билээ. Хэдэнтээ үргэлжилсэн үүд тогшилт на­майг сэрээлээ.
Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөр­вөн цаг хагас. “Өдийд хэн ирдэг билээ” гээд
гайхашир­сан янзтай үүдээ тайлтал Чимид зогсч байна. Чими­дийн ирсэн сургаар эхнэр,
том охин хоёр ч ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө
тодорч хоолой нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд “зуу” хэрэгтэй
байгааг би мэдэрч байв. “Цай яахав, цай яахав” гээд түшлэг­тэй зөөлөн сандал дээр
ядран­­гуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эх­нэр, охин хоёрынхоо чөлөө­­гөөр
би түүнд “татах уу” гэхэд “Ашгүй чамд байгаа юм уу” гээд биеэ тэгшилж байсан сан.
Түүнээс хойш нэг жилийн дараа аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. “Чимидийн
бие тун тааруу байна” гэх яаралтай цахил­гаа­ныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад
хүлээж авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх.
Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Мар­шал Чойбалсанд үнэлэгдэн
түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэв­лэлд гарч, тив дэлхийгээр тойрч
ертөнцийн сайхан хүүх­­нүүдтэй ч уулзан учирч дэлхийн сонгодгуудтай нэгэн зиндаанд
явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэ­цэнд Чимидийн “Жаргалын зам” дууриа
уншиж буйг хара­хад ямар чиг бахтай билээ дээ.

-Чимидийг Зохиолчдын хороонд байх
үед та хоёр их л ойр байсан гэдэг?

-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг
ярина гэвэл барах­­гүй л дээ. Гэхдээ бодол санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд
цаг хугацаа алсрах тусам улам тод санагдах юм. Жаран до­лоон оны үед Чимид Зохиолч­дын
хорооны орлогч даргын алба хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэг­дэх
“Миний дуулах ертөнц” буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа
цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төг­рөг олгохоор
баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл мөнөөхөн цохолт
хий­сэн дар­га маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн элчинд үйлчилж байгаа
хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан алхалж гараад өнөө ганган хар
ма­ши­ны хаал­­гыг татвал арынх нь суу­дал дээр Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм
аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид жолоочийн хажуу талын суудалд суугаад
“Эх­нэр чинь хаана билээ” гэж асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ”
гэлээ. Тэр даруйд “Их дэл­гүү­рийн үүдэнд очоод зогсоо­рой” гэж жолоочийг захирав.
Утга зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь
цонхоор “намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л явлаа даа.
Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид “за чи яваад эхнэрээ
аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд
шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын
ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээ­гийн баярлаж байгаа гэж жиг­тэй­хэн. Гутлынх
нь ул гялал­заад их дэлгүүрийн шатаар алга болж билээ. Горькийн сургуулийн дээд
курсийн оюут­­ны байрны долоон давх­рын өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр
орос авгай гүйж ирэн үүд нээгээд “Танай Элчин сайдын яам­наас яарал­­­тай ярья гэж
бай­на” хэмээн сандруухан хэлэ­хэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан
янзтай утасны харилцуур автал “Бай­на уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр. Цааш
чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол Россия бууд­лаас
Цэвэл­сүрэн­гээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуу­даж сэрээ” гэж би­лээ.
Банди нар гэдэг нь Гоь­кийн сур­гуульд сурч байсан оюутнууд буюу Готовын Нямаа тэргүү­тэй
Монголын нэртэй зохиол­чид байсан даа. Бид бол аугаа их Чими­дэд нээрээ л банди
нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотно­суулж хэлдэг хүн байж.  “Сүрэн­жавтай ярья, Монго­лын Элчин сай­дын яамнаас
ярьж байна” гэдэг нь орос ав­гайг хуурах заль л байхгүй юу. Чи­мид бол түүнээ мэднэ
ш дээ.          

-Ламзавын Вангантай та бас л ойр
явсан даа?

-Жаран найман оны найм­­­­­­дугаар
сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс Халх голыг зорин цэргийн ачааны жаран
гурав машинтай хэдэн хүн гарсны дотор Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуу­хан
байж дээ. Ванган гуай ч гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз
дээ. Их эрт нэрд гарч олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн
шиг санагддаг байсан. Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин
дээр улаан тамхи угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны
63-ын тэвшин дээр сууж яваа хүмүү­сээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа
пинтүү мая­гийн халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Ан­заар­­сан хүнд бол
энгэр дээр нь гялалзаж байгаа өл­зий утастай төрийн шагналт­ны тэмдэг нь л бусдаас
арай өөр гэдгийг нь тодруулж бай­сан даа. Вангантай холбоо­той олон дурсамж хэлмээр
байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүр­лээд амаргүй. Монголын соёл
урлагт ёстой нэг гай нүүрлэ­сэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус Туулын гүүрний
урд мөргөцөгт онхол­дон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л чуулга сүйрч, түүний
улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ. Доржсүрэн байцааг­дан орлогч
сайдаасаа ава­хуулж, Сосорбарам сайд Дорнодын театрын ойд орол­цон эзгүй байснаар
Лодой­дамба гуай тулгагдан Чехийн үймээн дундуур олон шари­лыг хүргэн түнээсээ гайтсан
уу, хоёр жилийн дараа хор­воог орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж
билээ. Түүнээс хойш нэг л хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал
тэнхрээгүй юм даа. Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг
дээрээ гоц гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээ­рээ авч явдгийг Ванган,
Лодой­­дамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьд­­­­­ралын
сүүлийн жилүү­дэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад адсаган
дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэв­сэн ярилцахдаа Ванган гуай минь тэр аяараа зохиолын
баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй нягт холбогдож бай­сан
сан. “Намайг сайд бай­хад…” гээд эхэлдэг яриа нь  үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай
хөвөрнө.

“Ертөнц
амилах хавар цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч

Есөн
төө чулууны дор нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно”
гэх мөрүүдийг би аугаа Ванган­даа зориулсан юм даа. Монголын
театр урлагийн түүх Ламзавын Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Цасанд боогдсон зам даваа байхгүй гэв

-ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХУР ТУНАДАС ОРЖ, ЦАГ АГААР СЭРҮҮСЭХИЙГ
АНХААРУУЛЖ БАЙНА-

Уржигдар оройноос нутгийн төв хэсэг,
тэр дундаа Улаанбаатар хо­тод хур тунадас орж, цаг агаар сэрүүссэн билээ. Өмнөх
жилүүдийн мөн үетэй харьцуулахад хүйт­ний эрч сул байсан уч­раас орсон цас тэр да­руйдаа
хайлж байсан юм. Харин оройн 22 цагаас хойш автомашины хө­дөл­гөөн сийрэг болохын
хажуугаар зам дээр тогт­сон цасны ус зайрмаг­таж, гулгаа үүсч эхэлсэн юм. Цас орохтой
зэрэгцэн Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид Баруун бо­лон Зүүн
дөрвөн зам, Энх­тайвны гүүр, Нарны гүүр, Энхтайвны өргөн чөлөө, Тасганы овооны уулзвар
зэрэг хөдөлгөө­ний ачаалал ихтэй хэсгүү­дэд халтиргаа үүсэхээс сэргийлж давс, цас
хай­луулах бодис цацах ажил­даа шуурхайлан орсон байна. Өглөөний найман цагаас хотын
за­хаасаа төв рүүгээ чиглэ­сэн ид түгжрэл эхэлдэг байна. Энэ үед хотын төв хэсгийн
голлох авто­замууд гөлөөн болтлоо хөлдчихөлгүй харин ч шөнөжин машин холхи­сон шалбааг
тогтсон гэр хорооллын гудамж гэл­тэй байв.

Гэсэн хэдий ч хотын төв рүүгээ чиглэсэн хэд хэдэн чиглэл дэх
замуу­­дад хөдөлгөөн эрс удааш­ралтай байсан юм. Тухайлбал Хан-Уул дүүр­гийн
120 мянгатаас хотын төв рүү, Баруун дөрвөн зам дээрх аль аль талаа­саа, Зүүн дөрвөн
замын хотын төв рүү, хотын төв рүү чиглэсэн Нарны гүү­рэн дээрх автомашины хөдөлгөөн
тус тус удааш­ралтай байлаа. Гэсэн хэдий ч Шуурхай удирд­лага мэдээллийн төвөөс
түгжрэлтэй чиглэлийн хөдөл­гөөнийг саадгүй нэвтрүүлж, харин автома­ши­ны урсгал
сийрэг чиг­лэ­лийн хөдөлгөөнийг түр хугацаанд саатуулах мая­гаар зохих арга хэм­жээг
авч ажиллажээ.

Цаг агаар харьцангуй тогтуун дулаан
байсан учраас өглөөгүүр (өчиг­дөр)”Гранд плаза” худал­дааны төвийн арын дөр­вөн
замын уулзварыг эс тооц­вол бага зэргийн гөлөөн үүссэн замууд өдрийн 12 цаг гэхэд
ямар ч халтиргаа гулгаагүй бол­с­он байсан юм. Харин тус хэсэгт “Гранд плаза” худал­дааны
төвийн сүү­дэр нилээн удаан хуга­цаанд уулзварыг халхал­даг уч­раас ийн гөлөөнтэй
уддаг аж. Харин энэ үед хэдхэн цагийн өмнө хотын захаа­саа төв рүү­гээ чиг­лэсэн
автомашины түгж­рэл Боловсролын их сур­гуу­лийн уулзвараас Төв шуудан, 120 мянга­тын
уулзвараас Төв шуу­дан руугаа болон Энх­тайв­ны өргөн чөлөө дагуух Баруун дөрвөн
замаас Бөхийн өргөөний арын дөрвөн замын уулзвар хооронд болж өөрчлөгд­дөг байна.
Өчиг­дөр ч мөн хөдөлгөөн энэ янзаар үргэлжилсэн юм. Замын цагдаагийн газ­рын Жи­жүү­рийн
шуурхай удирд­лага зохицуу­лал­тын төв өчигдрийн 16 цагийн байд­лаар зам тээв­рийн
осол хэргийн 180 гаруй дуудлага хүлээн авсан байна. Тэд­гээ­рээс ес нь гэмт хэргийн
шинжтэй байсан бол бусад нь хурд хэтрүүлэх, эгнээ байр байрлан явах журам зөр­чих
зэрэг зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Энэ нь өмнөх өдрүүдтэй харь­цуу­лахад
өссөн үзүүлэлт гэдгийг Замын цагдаа­гийн газ­рын холбогдох мэргэ­жилт­нүүд хэлж
бай­сан юм. Нийтийн үйлчил­гээ­ний “Улаанбаатар нэгт­­гэл”-ийн олон нийттэй харилцах
мэргэжилтэн э.Азза­яа “Энх тайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Нарны зам,
Нарны гүүр, Энх тайвны гүүр орчимд гулгаа үүсэ­хээс сэргийлж нийт 22 тонн давс цацсан.
Мөн шөнийн 03-05 цагийн хооронд Баянзүрхийн тов­­чоо орчимд 1,5 тонн давс цацсан.
Талбайн 60 үйлчлэгч бүхий дөрвөн бригад өглөөний 05 цагаас цас цэвэрлэж эхэл­сэн.
“22-ын товчоо”, Морин­­гийн даваа, Айд­сын даваа, Эмээлт, Баруун турууны даваа руу
хоёр камаз, таван хүний бүрэлдэхүүнтэй бригад гарч давс цацсан” гэсэн юм. 

Хот хоорондын тээ­вэр­лэлт хэвийн
үргэл­жилж байна. Улаан­баа­тараас хойд чиглэл Төв аймгийн Баянчандмань сум хоорондын
болон 52-ын даваа орчимд халтиргаа үүссэн хэдий ч хөдөлгөөн хэвийн үргэл­жилж байлаа.
Харин хойд чиглэлд Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Дархан-Эрдэнэт-Булган-Мөрөн, баруун
чиглэлд Улаан­баа­тар-Архангай-Зав­хан,Улаанбаатар-Өвөр­хангай, Баянхонгор, урагш
Улаанбаатар-Дунговь-Өмнөговь, зүүн тийш Улаанбаатар-Дорнод-Хэнтий-Сүх­баа­тар чиглэлд
халтиргаа гулгаа үүсээгүй хөдөл­гөөн хэвийн үргэлжилж байна. Цаг агаар хүндэр­сэн
тохиолдолд Архан­гай аймгийн Солонгот, Цагаан даваа, Дорнод аймгийн Баяндаваа, Өвөр­­хангай
аймгийн Жарга­­лантын даваа, урагш Өндөр дов зэрэг хаагдаж болзошгүй даваа­­нууд
дээр тухайн орон нутгийнх нь автозам засвар арчлалтын ком­паниуд анхаарал тавьж
ажиллаж байгаа гэв. Улсын чанартай бүх даваа гүвээний зам дагуу халтиргаа үүссэн
үед хэрэг­­лэх элс шороог бүрэн овоолж дуусчээ. Энэ жилийн өвөлжил­тийн бэлтгэл
ажлын хүрээнд Замын цагдаа­гийн Ерөнхий газар, авто зам засвар арчлалтын компаниудтайгаа
хам­тарч ажиллахаар бэлтгэл ажлууд нь хийгджээ. Ус цаг уур, орчны шинжил­гээний
хүрээлэнгийн мэдээлс­­нээр ойрын өдрүү­­дэд ихэнх нутгаар эрс сэрүүсч, хур тунадас
орох төлөвтэй байгаа учраас холын тээвэрт гарч байгаа тээврийн хэрэгс­лүүддээ замын
нөх­­­цөл байдлынхаа талаар мэдээлж явахыг анхааруулж байгаа гэнэ. Тодруулбал өнөө
мар­гаашдаа Хөвсгөл, Сэлэн­гэ, Завхан аймгийн хойд хэсгээр  16, 17-нд Дорнод хэнтий Сүхбаатар айм­гийн зарим
хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй талаар Ус цаг уур орчны шинжил­гээ­ний
хүрээлэнгээс мэдээл­­сэн юм. 

Өчигдөр өглөөний най­­ман цагийн байдлаар
Өмнөговь, Дорноговь, Дорно­дын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дунд­говийн өмнөд
хэс­гээр цасгүй, бусад нутгаар 0-19 см зузаан цасан бүр­хүүл тогтжээ. Харин Хэн­тийн
Батширээтэд 19 см, Хөвсгөлийн Хатгалд 17 см, Булганы Хутаг-Өндөр, Булганд 15, Говь-Алтайн
Бугатад 11 см, Архангайн Хархорин, Эрдэнэт хот орчмоор 10 см зузаан цасан бүрхүүл
тогтжээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл
зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Д.Хаянхярваа: Ирэх жилийн төсөв үнэхээр чанаргүй болох нь

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Ирэх оны улсын төс­­вийг хэлэлцэж бай­на.
2014 оны төсвийн төсөлд өмнөх жи­лүү­дийнхээс олон өөрч­лөл­түүд орж, нэлээд танагдаж
байх шиг. Ер нь энэ төсвийн онцло­гийг та хэрхэн харж бай­гаа вэ?

-Өнгөрсөн 
жил 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол өнөө жил нэг их
наяд орчим болж байна. Энэ Засгийн газар өнгөрсөн онд тавигдсан төсвийн­хөө 30,
40 хувийг ашиглаж чадлаа. Ингээд аваад үзвэл энэ жилийн төс­вийн онцлог, содон юм
харагдахгүй байгаа. Төс­вийн тухай, Төсвийн тогт­вортой байдлын тухай хуулиудыг
зөрчиж орж ирсэн төсөв болох нь. МАН-ын бүлгийн зүгээс эрх баригчдад энэ бүх зүйлээ
хуулинд нийцүү­лэхийг шаардаж, анхаа­руулсаар байгаа.

-Тухайлбал, ямар хуу­лийн зүйл заалт зөрчив?

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үед Төсвийн тухай
хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Төсвийн хүрээ­ний мэдэгдэл, Төсвийн
тогтвортой байдлын ту­хай хуулиндаа нийцүүлж орж ирэх ёстой байсан ч өөрчлөлтөө
оруулж ирээ­гүй. Одоо төсвийн хүрээ­ний мэдэгдлээ өөрчилнө гээд оруулаад ирсэн.
Төс­вийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад өрийн хязгаар 40 хувь
байсныг 60 бол­гоно гээд оруулаад ирлээ. Үүнийг МАН-ын бүлэг эрс эсэргүүцэж байгаа.
Төс­вийн тогтвортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй, үүнтэйгээ уял­даад
ирэхээр Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрч­лөлт орохгүй гэж байгаа юм.

-Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогт­вортой
байдлын тухай хуулиа өөрчлөхгүй юм бол хууль зөрчөөд ороод ирсэн төсвөө яах ёстой
юм бэ?

-Миний харж байгаа­гаар энэ төсвийг олон­хиороо
түрж батлах байх. Тэгэхдээ Төсвийн тогт­вор­той байдлын тухай хуульд хуралдаанд
оролц­­сон гишүүдийн гу­рав­ны хоёрын саналаар батална гэсэн шал­гуур­тай. Тиймээс
энэ шалгуу­рыг давж чадах уу үгүй юу гэдэг нь сонин. Одоо эрх баригчид юу бодож
бай­гаа нь сонин.

-Ирэх жилийн төс­вийг батлах хуулийн эцсийн хугацаа
нь ар­ван­нэгдүгээр сарын 15. Хэрэг энэ хугацаанд УИХ төсвөө баталж ча­дах­гүй бол
тарна гэж хуулинд заасан байх аа. Амжиж батлах болов уу?

-Яг нарийндаа ийм хуулийн заалт байгааг мэдэхгүй
юм байна.

-Төсвийг батлах хуу­лийн хугацаа нь дөх­сөнтэй
холбогдуулан төсвийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт эр­чимжиж, бужигналдаж байна.
Өмнөх жилүүдэд төсвийг нэлээд нухац­тай хэлэлцэж, маргалд­даг байсан. Гэтэл өнөө
жилийн төсвийг хэ­лэл­цэлгүй батлах шинж­тэй?

-Намуудын бүлгээс гарсан  ажлын хэсгүүд сайн ажилласан. Хам­гийн гол нь
намын бүлэг гаргасан зарчмын гэх са­на­луудыг хүлээж авсан. Тухайлбал, төсвийн урс­гал
зардлыг нэлээд танах тухай, олон жил үргэл­жилсэн хөрөнгө оруулалт нь зогссон обьектуудыг
царцааж, хийгдэхгүй хө­рөн­гө оруулалтыг хасах тухай асуудлууд байна. Цалин тэтгэвэр
тэтгэм­жийн нэмэгдлийн хувьд урсгал зардлаас танасан 35 тэрбум төгрөгөө нэ­мээд
235 тэрбум төгрөгийг тавьчихсан нь үнэхээр харамсалтай. Үүнийг бо­дит амьдрал дээр
аваад үзвэл цалин, тэтгэвэр тэт­гэмж 7-8 хувиар өснө. Гэтэл эрх баригчдын дэв­шүүлсэн
зорилтод инф­ляцийн түвшин нэг орон­той тоо байна гэсэн. Гэтэл өнөөдөр 10.2 хувьд
хүр­чи­хээд байгаа. Намын дэвшүүлж тавьсан мө­рийн хөтөлбөрт инфляц­тай уялдуулж,
цалин тэт­гэвэр тэтгэмжийг өсгөнө гэж заачихсан мөртлөө өнгөрсөн жил нэг ч төг­рөгөөр
нэмэгдүүлээгүй. Энэ жил ерөнхийдөө хуу­рах маягаар явж байна.

-Яаран сандран ба­талж байгаа энэ төсвийг чанаргүй
төсөв болох нь гэдэгтэй санал ний­лэх үү?

-Чанаргүй төсөв гэд­гийг хүлээн зөвшөөрнө. Энэ
жилийн хувьд төсөв тийм ч чамбай болж чадах­гүй гэж хэлэх байна. Бидний тавиад байгаа
бас нэг шаардлага бол төсвөөс гадуур явж бай­гаа олон тэрбум, их наяд төгрөгийг
яаж төсөв дээ­рээ суулгаж, УИХ-ынхаа хяналт доор байлгах вэ гэдэг асуудлыг удаа
да­раа тавьсан. Харамсал­тай нь хэлгүй, дүлий хоёр шиг явж байгаад төсөв батлагдах
нь. Үүний гор хэсэг хугацааны дараа гарна. Өөрөөр хэлбэл, бид төсвөөс гадуур төсөв­тэйгээ
тэнцэхүйц хэм­жээний их мөнгийг эргэл­дүүлээд байна. Энэ бол маш том алдаа.

-Төсөв дээр өрийн босгыг 60 хувь хүргэх тухай
яригдаж байна. Энэ асуудалд ямар бодолтой байгаа вэ?

-Нөхцөл байдал би­шид­сэнийг хэлж байгаа юм. Энэ
жил ДНБ-нд эзлэх хувь хэмжээг Төс­вийн тогтвортой байдлын тухай хуулиар 50 хувь
гэж заасан. Засгийн газрын явуулж байгаа алдаатай бодлогоос болж бидний өрийн хэмжээ
хэт ихэс­чихлээ. Валютын ханш савлачихлаа. Үнэ тогт­вор­гүй болж, ард түмний амьдралд
үнэхээр хүн­дээр тусч эхэлж байна.

-ДНБ-ий хувь хэм­жээ 60 хувь хүрвэл Мон­голд ямар
эрсдэл учирна гэж?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өнгөрсөн
парламентаар маш чамбай хэлэлцэж байж баталсан. Үүнийг олон улсын банк санхүү­гийн
байгууллага “Мон­голын Төсвийн тогтвор­той байдлын тухай хууль маш  сайн боллоо. Тий­мээс Монголд хөрөнгө оруулах
таатай орчин бий болсон” гэж үнэлж байсан. Харамсалтай нь жил гарангийн дараа­гаар
энэ хуулинд өөрч­лөлт оруулна гээд явж байна. Энэ нь гадаадад биднийг “Монголчууд
төрийн бодлогоо барьж чаддаггүй” гэсэн үнэлэм­жинд хүргэж байна. Ха­рин эрх баригчид
үүнийг цаг үетэйгээ уялдуулж өөрчилж байна хэмээн тайлбарлаж байгаа. Да­раа­гийн
жил дахиад л өөрчилж, ДНБ-ий хувь хэмжээ 60 биш 70 хувь болгочихвол Монгол Улс баларна.
Гадаадын өрийн хэмжээ ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний бол­чихсон байна. Тиймээс бид
өрийн хязгаар дээр маш хатуу байр суурьтай байгаа.

-Оюутны үндэсний тэтгэлэг нэлээд мар­гаан дагууллаа.
Хэлэл­цүүлгийн үеэр танай намынхан эсрэг байр суурь­тай хандаж бай­сан?

-Оюутны үндэсний тэт­гэлгийг хэлэлцэж бат­ла­хад
үнэхээр шог юм боллоо л доо. Хэдхэн сарын өмнө АН-ынхан оюутнуудад 93 мянган төгрөг
өгнө гэж байсан. Бүх оюутнууд Ерөнхий­лөгчийн бодлогыг дэмж­сэн. Гэтэл олонхи амлал­таасаа
ухарч, оюутны тэтгэлгийг алга болгох хэмжээний саналыг оруулж ирлээ ш дээ. Олон­хиороо
түрээд батлах болохоор бидний зарим нь зориудаар дэмж­сэн л дээ. Тэгээд оюутны эсэргүүцэлтэй
тулгарангуутаа 50 хувь гэдэг босгоо авч хаяад, тодорхойгүй тогтоол оруулж ирээд
батлуулж байна. Засгийн газар оюутны тэтгэлгийг сар сард нь тогтооно гэсэн үл ойлгогдох
юм оруулж ирээд батлуулж байна л даа.

-Оюутнууд автобу­санд үнэгүй явж байна. Дээрээс
нь тэтгэлэг авч байна. Тэгсэн хэрнээ шөнийн баар цэнгээний газрууд оюутнуудаар дүүрдэг.
Ер нь хичээл сурлагадаа сайн оюут­нуудад тэтгэлэг олгож, муу сурлагатнуудад нь өгөхгүй
ч юмуу, иймэр­хүү цензур байх нь зүйтэй юм биш үү?

-Цензур байхыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Оюутнууд
ч баар саваар хэсч байгаатай би санал нэг байдаг. Өнөөдөр төр засаг ямар байгаа
билээ, улс орны эдийн засаг хүнд байхад оюутнууд үүнийг ухамсарлах ёстой. Улсаас
олгож байгаа тэт­гэл­гийг үр ашигтай, амьд­ралдаа хэрэгтэй байд­лаар зарцуулах нь
зүйтэй.

-Төсвийн байдлаас ирэх жил улс орны ху­далдаа
эдийн засаг ямар байна гэж харж байна вэ. Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг
буулгаж чадах болов уу?

-Буулгаж чадна гэж хэлж чадахгүй. Харин энэ түвшиндээ
барьж чадах уу үгүй юу гэдэг нь эргэл­зээтэй асуудал. Оюу тол­гой, Таван толгойн
ажил ямар байх уу гэдгээс улс орны байдал хамаарна.

-Улс орны эдийн зас­гийн энэхүү хүндрэлийг МАН-ынхны
Засаг барьж байх үеийн ал­даатай бодлогын гор гэж тайлбарлаж байгаа. Оюу  толгой, Таван тол­гойгоос орж ирэх их хэм­жээний
мөнгийг ха­ламж хэлбэрээр иргэ­дэд тарааж, дансаа улайлгачихсан биз дээ?

-Лам олдохгүй бол буцахдаа зална гэж үг байдаг
даа. Эрх баригчид өөрсдийнхөө алдааг олж харахгүй байж, бүх бурууг МАН-тай холбож
тайл­бар­лаж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд манай нам дангаараа явсан. Оюу толгойгоос
авсан урьд­чил­гаа, Таван толгойгоос авсан мөнгөнөөс тараа­сан нь ард иргэдийн амьд­ралд
нэмэртэй бай­сан. Энэ мөнгө өнөөдөр төсөвт том дарамт боло­хуйц, инфляц өсөх, валю­тын
ханш өөрчлөгдөх хэм­­жээнд хүргээгүй. Өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлт одоогийн
Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэлтэй.

-Тухайн үед та Сангийн сайд байсан. Энэ мөнгө
таны яриад байгаа урт хугацааны инфляцийн хөөрөгдөл­тийг бий болгочихсон юм биш
үү?

-Эх орны хишиг гэж 21 мянган төгрөг иргэн бүрт
очиж байсан. Энэ мөнгө өрхийн амьжиргааны эх үүсвэр болж байлаа. Гэ­тэл Засгийн
газрын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” юу болов. Өнөөдөр бүх юмны өссөн байна. Өн­гөрсөн
дөрвөн жилд ин­гэж валют огцом савлаж байгаагүй. Инфляц ч өсөөгүй.

-Ерөнхий сайд ав­лигажсан төсвийг арил­гана гэж
мэдэгдэхэд танай намынхан шүүм­жилж байсан. Үнэхээр Ерөнхий сайд авлигаж­сан төсөв
оруулж ирсэн гэж үү?

-Ерөнхий сайд өөрөө авлигажсан төсөв оруулж ирсэн.
Бид энэ авлигаж­сан төсөвт эзнийг нь ол гээд шахаад бариад бай­вал болох байсан.
Ер нь барилга удаан хугацаанд үргэлжилж, үнэ өсгөдөг буруу тогтолцоо байгаа. Гэтэл
энэ жил оруулж байгаа төсөв нь 335 тэр­бум төгрөгөөр байсан төсөвт өртгийг нь нэмэг­дүүлж
орж ирсэн. Энэ чинь жинхэнэ авлигажсан төсөв.

-МАН-ынхан байн­гын хорооны гишүү­дийн­­хээ тоог
нэмэг­дүү­лэхээр шантаачилж, төсвийн хэлэлцүүлгийг гацаасан юм биш үү?

-Бид “Байнгын хо­роонд оруулахгүй бол төсвийг
чинь хэлэлцэхгүй шүү” гэсэн яриа байхгүй. Би гэхэд нэг л байнгын хороонд байдаг.
Гэтэл хоёр, гурван байнгын хо­роонд байдаг хэрнээ байн­гын хорооны дарга хийгээд
явж байгаа хүн бий. Парламентад ингэж хуулиа зөрчиж, тэнцвэр­гүй байж болохгүй гэсэн
шаардлага тавьж байгаа.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Бөөнцагаан нуураа санагалзах найрагч бөн бөн нулимстай

Пүрэвжавын Пүрэв­сүрэн найраг­чийнд оч­лоо. Их
хотын баруунтаа байх хуучин сууцандаа гэргий Нав­чаа­тайгаа, хав нохойтойгоо аж
төрж суу­на. Орцных нь үүдээр  орохуйд хав
нохойны бор­гон хуцах нь тодхон сонсдов. Навчаа эгч най­рагчдыг хүлээгээд хэдий­нэ
гэрийнхээ хаалгыг нээ­чихсэн дуу шуутайхан зогсож байгаа нь тэр л дээ. Пүрэвсүрэн
найрагч том өрөөндөө аанай л хэвтэж байна. Өндөр гэгч дэр тавиад бараг л өн­дий­гөөд
суучихсанаас ялгаагүй. Данзангийн Нямаа тэр­гүүтэй Хонгор нутгийнхаа найрагчдыг
харж, өөрийнх нь араас их утга зохиолын замд уралдааны морьд шиг гарч ирсэн тэднийгээ
үнэр­лэн үнсээд сая л нэг бах ханаж байгаа болол­той. Мэнд усаа мэдэлцэн царай зүс
нь бүр чиг туяа­раад ирлээ. Ер нь чиг тэнхлүүн сайхан байна. Өнөө л бүдүүн хадуун
хоолойгоор энэ тэрхэнийг өгүүлнэ.  “Түүний
дуу хоолойг сонсоход бүлээн сүү ууж байгаа юм шиг таатайхан санагддаг билээ. Сэтгэл
татах ямар нэг зөөлөн намуун юм түүний дотроос ундраад байх шиг. Царай төрх нь зуны
наранд халсан байц хадтай төстэй ч тэр хадыг нэвт хаван гоо тансаг цэцэгс ургаж
сэтгэл гижигдэн, өнгө бүрээр нүд булааж дулаахан гэгээ авчрах бүлгээ. Би Пү­рэвсүрэнгийн
шүлгүүдийг уншиж суухдаа Мон­голын яруу найргийн хүн чанар юм даа гэж бодов” хэмээн
Очирбатын Даш­балбар агсан “Морь­­той хүн буюу Пүрэвжавын Пүрэв­сүрэн” хөрөг нийт­лэлдээ
тодотгосон байдаг.

Үнэндээ Пүрэв­сүрэн найрагчийн бүдүүн хадуун дуу
хоолойг сонсож суухуйд нэн таатай хийгээд Бөөн­цагаан нуураа зүрх сэтгэлдээ долгис
татуулан санаж, Баацагааныхаа ухаа хонгор тол­годыг зүйрлэх ар­гагүй санахыг нь
мэдрэх бас чиг амаргүй. “Би гэдэг хүн хөдөөгөө л санах юм даа. Ижий аав хоёроо тэсэхүйеэ
бэрхээр санах юм. Дөнгөж төрөөд гурав хонож байсан улаан нялзрай амьтныг хормойлж
хариад хүн бол­госон ачлалт ижий минь. Зүүдэнд ижийтэйгээ уулзаж хацар­таа зөөлхөн
үнсүүлээд  сэрэ­хэд үнэр нь үнэртдэг шүү”
гээд хоёр нүднийх нь нулимс сувдраад ирнэм. Тэрээр хөдөөгөө, Баацагааныхаа ботгон
халиун тол­годыг, Бөөн­цагаан нуу­рынхаа уйтан хонгор үдшийг сэтгэл бөмбөрүүлэн
санаж, хаврын гэгээн сарнаар нэм­нээтэй бяруу шиг нутгийнхаа тэнгэр дор эгэл хийгээд
элгэмсүүхэн зогсч шүлгээ бичдэг найрагч билээ. Нут­гийнхаа тэнгэр дор гэдэг нь Нав­чаагийнхаа
дэргэд яг л одоо өндийж суугаа энэ орон дээрээ л гэсэн үг юм. Бие нь энд боловч
сэтгэл зүрх нь цаг ямагт нутгийнхаа тэнгэр дор зогсч, нуурынхаа тунгалаг уснаас
маг­найдаа адислаж байдаг, Бөөн­цагаан нууртайгаа зүрхнийхээ нандин холбоосоор холбогддог
найрагч бүлээ. Тиймдээ түүний шүлэг бүрээс, шүлэг найргийнх нь дотоод ааг амьсгал
бүрээс хөдөө­гийн салхи савир нэвт ханхалж, намрын шаргал наран дор цагаан бүгээн
дэрс бөхөлзөх шиг болж, голын тэртээгээс бүлээн манан дээш хөөрөх хийгээд хавар
эртийн цаг дор ангир нургих шиг уяруухан болдог ажгуу.

Найрагчийн гэргий цай цүй хоол унд болж, Нямаа
найрагч, төрийн шагналт зохиолчийн “Багшийн ачийг мартахгүй” шүлэг аль тэртээ тавин
зургаан онд “Лениний зам” сонинд хэвлэгдэж байсныг дурсч, өнөө Пүрэвсүрэн нь Лхагвасүрэн­гийн
Батцэнгэл дүүгээ өөрийг нь “Өдрийн сонин”-д хэдэнтээ гаргас­ныг хайлган сэтгэлээр
санадгаа хэлж байх зуурт миний бие

“Сарны туяа хүлгийн минь дэлэнд наадах

Сайхан шөнө тал нутгаараа давхих сан

Санаа сэтгэл уужран дөрөөн дээрээ өндийхүй

Сайн хүлгийн туурай дooгуур газар дэлхий урсдаг
сан

Цэцэгт талын хязгаарт аяыг нь хүргэх гэсэн мэт

Цээл сайхан эгшигтэй дуугаа нэг дуулах сан

Амгай дарах хүлгийн нуруун дээр дуулахад

Амьсгал уужран ая нь чөлөөтэй урсдаг сан

Тайван тэнгэрээс түмэн одод анивчих шөнөөр

Таанын замбагат толгой бутар­тал нэг давхих сан

Талын салхинд дээлийн хормой дөл шиг хийсэж

Таатай залуу насны хийморь ганц бадардаг сан

Орчлонд ганцхан заяасан нутгаа дурсан санахуй

Орон хотын хөлөөс гүйх морь шиг холдмоор

Үүрсэн дуудах хүлгээ шилгээлээ гээд сэрэхэд

Үүрийн зүүднээс нутгаа дахиад үзэхсэн гэж хоргодмоор

Ай хөөрхий төрсөн нутаг чам­даа дахин очиж

Агтын дэлэнд салхи шуугихыг сонсох минь хэзээ
бол

Атар залуу насны дуртгал бүхнээ сэргээж

Айрагт гэрийн гадаа дөрөө мултлах минь хэдийд
бол…”
гэх нэгэн тунгалаг шүлгийг нь цээжээр уншаадахав.
Найрагчийн сэтгэл ихэд хөдөлж “Хэрсэнгийн цагаан талаа мориор туучиж явсан хүүхэд
багын дурсамжаа санаж наад шүл­гийг чинь жараад оны эхээр бичсэн юм шүү” гэв. Тэгснээ
“Миний Хэр­сэнгийн тал бол мориор туулаад барамгүй их тал даа” гэж цээжнийхээ угт
хөндүүрхэн санаа алдлаа. Тэр­хүү далай цагаан талд багын дуугаа хадаан сайн хүлгийн
нуруун дээр дарцаглаж явахдаа яруу найргийн­хаа тансаг сайхан мөрүүдийг сэтгэл­дээ
тарни мэт нэвчээж, ус нутаг­тайгаа уусан алдарсан биз ээ гэх бодол төрөөд явчихаж
байгаа хэрэг. Биднийг шүлэг найраг болоод ихээ­хэн дуутай шуутай ахуйд Пүрэв­сүрэн
найрагч хэсэгхэн хугацаанд хоёр нүдээ анисхийж чимээ аниргүй суусан нь нэгийг өгүүлэх
буй за.

“Сүүлд хэний ямар номыг уншив, найрагч нөхдөөс
чинь хэн хэн эргэж ирэв, уран бүтээл их туурвиж байна уу” гэх асуултуудыг ар араас
нь ханаруулан тавилаа. “Манайхан ойрдоо үзэгдсэнгүй ээ. Цоодол, Бадарч хоёр ирдэг
юм. Бадарчийнх хотын төв рүү нүүгээд нутаг холдсон дуулдана. Цоодол шинэ бүтээл
бүхнийхээ эхийг бариад ширээ ат шиг намс намс алхаад орж ирнэ дээ, цаадах чинь.
Тангадын Галсан өвлийн өвгөн болж шинэ жилээр Нямаа энэ хэд ирээд намайг нэг уйлуулаад
явсан даа” хэмээн Их утга зохиолын харгуйд ижил зүсмийн морьд шиг яваа найрагч нөхдөө
дурслаа. Дөнгөтийн Цоодол найраг­чийн шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал хүртсэн
“Хөеө” болон “Хони­ны боол” номуудынх нь өмнөтгөлийг ардын зохиолчийн дотночилж
хэлд­гээр “Банхар” нь бичиж билээ. Дур­самж дурдатгал, хөрөг, эссэ тэмдэг­лэл, өгүүллэг
туурийн шилмэл бүтээл болох “Хөеө”-гийн өмнөтгөлд Пүүжээ найрагч “Хуучин андын шинэ
номыг уншаад хүүхэд болтлоо баярлалаа” гэж халуун дулаан, ёстой л уран бүтээлчийн
нулимст үгсийг бичсэнийг санаж байна. “Хонины боол”-ыг нь ч ялгаагүй дээ, тийм л
сэтгэгдэл сэрэ­хүйд хөтлөгдөн бичсэн байдаг. Түүнээс уран бүтээ­лийн андууд­тайгаа
хэрхэн танилцаж байсныг асуухад, “Жаран есөн оны өвөл юм сан. Зохиолчдын хороогоор
орж, Явуу багшийн өрөөний хаалгыг татаж үзвэл эзгүй байна аа. Адъяа эгч ажилдаа
явчихсан, мань эр бие тааруу гэртээ байгаа юм байна гэж санаад дэлгүүрээс ганц
“гожин” аваад очлоо. Зочны өрөөнд нь орвол монгол дээлтэй, их өтгөн битүү хар халимагтай,
хүдэрхэн залуу сууж байна. Би түүнтэй мэндлэх зуураа “Энэ лав барилддаг байхдаа”
гэж бодсон сон. Тэр нөхөр Цоодол байсан даа. Ер нь би Явуугийнд үеийнхээ сайхан
найрагчидтай та­нилцсан байдаг юм шүү. “Улаан хамар”-т Шагдарсүрэнтэй бас л Явуугийнд
танилцаж байлаа. Манай Шагдарсүрэн тэвхгэр сайхан эр байсан даа” гээд бас л чимээгүй
болов.

Бадарч, Сүрэнжав, Дулмаа, Шаг­­дар­сүрэн, Чойном
гээд Мон­голын утга зохиолд жараад онд дуутайхан орж ирсэн найрагч нөхдөө үгүйлэн
санаж буй нь илт. Данзан­нямын Шагдарсүрэн гэж богинохон насал­сан ч эрдэнийн чулуу
шиг гэрэлтэм авьяастантай тэрээр дэндүү дотно явсныг утга зохиолынхон мэднэ. Шагдарсүрэнгээ
өнгөрсний дараа­хан Сүхбаатарын Баруун-Уртад гэрт нь очиж шүлэг зохиолыг нь эмхлүүлээд
буцахын даваан дээр ижийг нь тэвэрч цурхиран уйлсныг Балбар найрагч хөрөг тэмдэглэлдээ
бичсэн нь бий. Тэгээд эмхэлсэн шүлгүүдийг нь баринтаглаад “Уянгын цэнхэр давалгаа”
нэртэй сайхан ном гаргасан байдаг. Пүрэвсүрэн бол нөхөрлөлд тийм үнэнч, хүн чанарын
туйл болсон найрагч.

Уг номонд “Хэрвээ хүмүүс цэцэг­хэн гэвэл

Хээр талын хэнзхэн сарнай, би

 Арвин дэлхий
шиг ачлалт ээж таныхаа

Алганы толион дээр ургасан байж таарна…” гэх
“Үүрд хамт байгаач, ээж ээ” зэрэг найрагчийн халуун амьсгал хураахын өмнө бичсэн
хайлган шүлгүүд багтсан билээ.

“Шаравын Сүрэнжав, Шагдар­сүрэн, Нямаа

Шагдарын Дулмаа, Пүрэвсүрэн, Бадраа

Цайлган сэтгэл зүрхэнд минь мөнх дүрээ сийлсэн

Цаг үеийн чацуутнууд мөр мө­рөөр ярайнам” гэх бадаг шүлэг Чойномын “Миний Монгол” найраг­лалд бий. Эндээс харахуйд,
Чой­номын зүрхэнд эдгээр найрагчид хичнээн дотно явсны илрэл биз ээ.

Хоёр мянга хоёр оны хавар. Бүр тодруулбал, дөрөвдүгээр
сарын арван есний орой. Утга зохиолын сургуулийн нэгдүгээр ангийн оюутан би бээр
анхны хайртайгаа учирч, дээд ангийнхаа гэрэлтсэн хар нүдтэй охинд дурлаж яг л тэр
үдэш хайртай гэдгээ хэлэхээр шийдэн, болзсон цагаа тэсч ядан хүлээж суухдаа Пүрэвжавын
Пүрэвсүрэн найраг­чийн “Үдийн наран өндөр” хэмээх шилмэл ботийг эргүүлж, “Их Тээлийн
даваа” туужийг нь сэтгэл догдлон уншсанаа мартдаггүй юм. Цээжин цаана зүрх булгилж,
хайртай гэх үгийг хэлнэ гэхээс хамаг биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг болоод тогтож
ядан байсан хүн чинь уг зохиолын амтанд орж өнчин Тулга хүүгийн дуулахыг зүр­хээрээ
мэдэрч, Их Тээлийн даваанд нь хамтдаа гарах шиг болсон доо. Хажууд хөх мах нь чичирч
зогсоо морины хөлс амтагдаж, Жамъян­мядаг тэргүүт цэцгүүдийн дунд тэр­лэгээ дэвсэж
хэвтээд, улмаар уулсын энгэрт цайлалзан зэрэглээнд хөвөх цагаан гэрүүд, гол ус мушгиран
урсахыг даваан дээрээс харах шиг болсон сон. Түүний зохиол надад тэгж л нөлөөлж
бороо орох гээд ч байгаа юм шиг, тэнгэр үе барааг­насан урин хаврын орой сэтгэлдээ
Их Тээлийн давааг тээгээд учралт бүсгүйдээ тийнхүү очиж билээ. Хүний амьд­ралд нэг
их тохиохгүй нандин дурсамж юм даа. Тэр л цагаас хойш би Пүрэвсүрэн найрагчид чин
зүрх­нээсээ татагдан “Танил хорвоо” гэх зузаан хөх хавтастай номыг нь дэрлэн унтах  болсон юм. Хоёр мянга долоон оны зургадугаар сарын
хорьдоор Отгонтэнгэр хайр­ханыг зорих замдаа Баянхонгорын Баа­цагаанаар дайрч, Их
Лхам­сүрэн­гийнхээ “Хүрэн морь”-нд сун­далдан яваа ангир үрстэй нь хамтдаа шуу­гилдаж,
Бөөнцагаан нуурынх нь хөвөөнд хоноглосон үдшийг яахин мартах билээ.  Шөнө нойр хүрдэггүй ээ. “ТВ-9” телевизийн сэтгүүлч
байсан Батсүхийгээ, Монголын радиогийн Элдэв-Очир энэ хэдийгээ дагуулан гэрээс зургадугаар
сарын хорьдын саран туссан Бөөнцагаан нуурын хөвөөгөөр Пүрэвсүрэн найрагчийн шүлгийг
уншин алхалж билээ. Нуурын зөөлөн тунгалаг уснаас магнайдаа адислах ахуйд болор
болор дуслууд сарны гэрэлд дугариг  долгис
үүсгэн, түүн дунд бүдүүн хар модны хожуул шиг найрагчийн дүр тодорч, “Бүжигч охидын
өлмий шиг ижил мянган долгистой Бөөнцагаан нуур…” гэх мөрүүд өнөөх сарны туяа шиг
асгарч байв даа. Маргааш өг­лөөний мандмал нарыг  мөн л нуурын хөвөөнөөс харан бахдаж, Улаан шалын
хоолойгоор хойш давхиулсаар Алтан тэвшийн хөндий-Говь-Алтайн Бигэрт очиж Мишигийн
Цэдэндоржийн Бурхан буудай ууланд сүслэн залбирч явсан даа. Ийм л нандин мэдрэмж,
хувь заяаны тохиол өчүүхэн намайг найз нөхдийн нь шоглож хэлснээр “Авьяасаар дүүрэн
хар овоохой”-той холбосон юм аа.

Бид ганзалж очсон ганц “юм”-аа Навчаа эгчийн гурилтай
шөлийг даруулсхийгээд нар зөв тойрч шүлгээ уншлаа. Данзангийн Нямаа найрагч “Монголын
сонгомол яруу найраг” антолигид багтсан “Сарны туулай” шүлгээ уншив. Араас нь Баян­хонгорын
Загийн хөвгүүн, МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт  “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Лхагвасүрэнгийн Батцэнгэл
“Тэнгэрт өргөх шүлэг”-ээ дуудан, “Хос шарга” дуу нь гарсан даруйдаа хит болж, “Амгалан
төрийн ажнай шарга”-ын давхилыг их усны хаялга шиг улам задгайлж, өөрөө золтой л
Эрдэнэ­чулуун уяачтай ижил манлай боло­хоо алдсан Даш-Очирын Агваан найрагч “Босоо
бичиг” шүлгийг Пүү­жээ найрагчийнхаа орны толгойг түшисхийгээд уншлаа. Ичинхорлоо
гэж мөн л Хонгор нутгийн найрагч бүсгүй нутгийн толгодыг уясуулсан нэгэн сайхан
шүлэг уншаадахав. Тэр бүхний дараа Пүрэвсүрэн найраг­чийн дугараа ирлээ. Тэрээр
“Эрдэнэ засгийн унага нь

Эрвэлзэнхэн жороо

Элс манханд нутагтай

Эмгэн буурал ээжтэй

Товуу засгийн унага нь

Товолзсонхон жороо

Товцог манханд нутагтай

Тун чиг буурал аавтай…” хэ­мээн нүдэндээ нулимс гүйлмэг­нүүлэн уншлаа. Сэтгэл хөдөлсөн, өнөө
дээр өгүүлсэнчлэн нутгийнх “тэнгэр” дор нулимстай зогсох ахуйдаа тэрээр “Эрдэнэ
засгийн унага”-ыг дуулах биш дуурсуулдаг юм, аялах бус асгаруулдаг ажгуу. “Би чинь
ийм л ижий аав хоёртой бай­лаа” гээд дотогшоогоо мэлмэрэхэд нь

“Холдож одсон зуныг нэхэж яваа мэт

Хонгор намрын сэрүүн салхи сэвэлзэнэ

Овооны дэргэд аавтайгаа хамт зогсоход

Орог буураг санчигных нь үс сэрвэлзэнэ….” Гэх
юм уу, эс бөгөөс

“Хөгшин хусны мөчир шиг эв хавгүй

Хөшүүн боргил нэгэн гарт би хайртай

Хазаарын товруу шиг овгор товгор үеийг нь

Харах тоолон эзнийг нь өрөвдөн уярдаг юм

Хөдөө талд жингийн цуваа буудаллах үес

Хөр хунгарыг малтаж майхны буйр засаад

Цаст өвлийн үүрийн жаварт энэ гар

Цантсан олсоор ачаа татаж явсан юм…” хэмээх аавдаа зориул­сан шүлгүүд утга зохиолд жин дарах бүтээлүүд,
ерөөс Пүрэвсүрэнгийн шүлгүүдийн мөр бадгууд шиг аавын тухай шүлгүүд үнэндээ ховор.
Энэ мэт найрагчийн шүлгүүдээс жишээ татна гэвэл “Танил хорвоо” номыг нь тэр чигээр
нь биччихмээр л. Гэхдээ “Морин тойруулгад” гэх нэгэн шүлгийг нь дурсахгүй өнгөрч
болохгүй нь.

“Тэнгэрийн хаяаг нэвтлэм гарам

Алсан зай-Морин тойруулгад үгүйлэгдэвч

Тэмүүлэх хүлгүүдийн догшин төвөргөөн

Аргагүй л хээр талыг санаг­дуулна

Хөрстийг долоон цойлох сум адил

Хөлийн шүргэлтээр шороо бос­гох морьд

Тоос буусан зовхи цавчрахын зуур

Торс торхийн өнгөрч байна

Морин дэл дээр агаар амссан зүрх

Гарт орсон хараацай шиг цовхчиж

Монгол талын эрүүл салхин нүүр алгадах шиг болно

Хүлгийн халуун тоос мөрөн дээр минь хур шиг бууж

Хөдөөд жигүүрлэсэн сэтгэлд эртний дуртгал

Цэцэг шиг задарч байна

Хүлэг морьдын уралдаан кино аятай дуусаж

Хөөрсөн тоос залхууран газар­таа бууж

Наадамч олон үүргүй шоргоолж шиг бужигнахуй

Надад ханаагүй жаргалын харам­сал нэмэгдэв

Хотод төрж баригшин дээр өссөн

Хонгор минь залхуурсан янзтай суниаж

Өдийхөн юманд хөөрч догдол­сон намайгаа

Өрөвдсөн янзтай мөрний тоо­сыг гүвж байна”. Ёстой л нөгөө хэмнэл хөдөлгөөн нэгэн амьс­галаар төрсөн шүлэг дээ.
Пүрэв­сүрэн бол ийм л аатай найрагч билээ.

Түүний “Миний ээж тэмээчин” болоод “Цастай гудамж
гантиг шиг цайрч…” гээд эхэлдэг “Шинэ жилийн дуу”-г нь мэдэхгүй хүн ховор. “Алган
дээрээ бөм­бөрүүлсэн, айлын хоо­ронд үүрсэн…” ээжий тухай дуу нь ардын дуу шиг мөнхөрсөн
байх жишээний. Энэ мэт олон сайхан дурсамж дурдатгалыг зохиолчтой үдэшжин хуучилж,
Бөөнцагаан нуу­раа санан бөн бөн нулимстай суухад нь “Бурхан Богд аав хоёр”, “Эцэг”,
“Өшөө” тэргүүт ерээд дун­дуур бичсэн шилдэг зохиолуудынх нь тухай ярилцсан. “Та
хэд минь дахиад ирээрэй, цаад хэддээ мэнд хүргээрэй. Намайг  бүр өндийгөөд сууж байна гэдгийг хэлээрэй” хэмээн
ээлж да­раалан үнсэхэд цээжнийх нь цаана Бөөнцагаан нуур нь дугариг дугариг долгистой,
ангир нургиулсан шигээ зөөлхөн долгилж байв шүү.

Н.ГАНТУЛГА           

Categories
редакцийн-нийтлэл

Н.Алтанхуяг: Дундговийн зам говийн бүсэд хөгжил хүргэх болно

Даваа гаригийн өглөө Улаан­баатараас
Дунд­говь аймаг оро­хоор сэт­гүүлч­дийн баг хөдөллөө. Учир нь айм­гийн төв Ман­дал­говь
хотыг Улаан­баа­тар хоттой хатуу ху­чилт­тай замаар холбож дуус­сан тул нээл­тэд
нь орол­цо­хоор явцгааж байгаа минь энэ. Улаанбаатарт утаа­ны улирал хэдийнэ эхэл­сэн
тул Айд­сын даваа дөхөөд л утаа минь баяр­тай болов шүү. Төв айм­гийн баруун талд
3-4 км замыг хатуу хучилтаар хучиж амжаагүй байлаа. Шороон замаар хэсэг оволзоод
хатуу хучилттай замдаа орлоо.

Төв айм­гийн Баянцагаан сумаас цааш
юун өвлийн эхэн сар дундаа орох мана­тай. Халуун намраараа байх чинь. Бид явсаар
шинэхэн тавигдсан то­лий­сон хар зам руу ор­лоо. Хэсэг яваад харин шинэхэн тавьсан
овой­сон замаар явав. Олон компани зам тавьж байгаа тул сайнтай муутай зам тавигдсан
юм болов уу гэж бодлоо. Овойсон за­маар хэсэг дэржигнүүлэн явсаар аятайхан зам руу
ороод авлаа. Төд удалгүй замын хажуугаар хятад ногоон шүүр шүүр барь­сан гурав,
дөрвөн хүн өнөө нээлтээ хийх гэж буй хатуу хучилттай замыг шүүрдэж яваа харагдлаа.
104 км замын нээлт бол­но гэсэн сураг дуулаад байсан тул нэлээдгүй гайхлаа. Арай
ч тэр бүх замыг энэ нөхдүүд шүүр­дээгүй байх.

Замын 225 км-ээс эхлэн бага­хан уул
толгод дайралдаж, өвөр бэлд нь хонь мал тогтуун гэгч налайна. “Урт сайхан намар
болж байна даа” хэмээн бодож явсаар Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ирлээ. Хатуу
хучилттай шинэхэн замын баруун талд шана­гаа өргөсөн ковш, түрэгч, ачааны том машинуудыг
дундуур нь хүн гарахын аргагүй болтол нь ярайтал зогсоожээ. Харин замын зүүн талд
гурван гэр барьсан байлаа. Түүний хойхон талд ачааны машин зог­соон тайз засч байв.
Нутгийн иргэдээс замын талаарх сэтгэгд­лийг сонсож байтал хар савхин пиджактай ахимаг
насны эр “Баяр­сүх хаана байнаа. Ерөнхий сайд ирэх гэж байхад тайзны энүүгээр нохой
яваад байна. Энэ нохойнуу­дад арга хэмжээ ав” хэмээн хүмүү­сийн дундуур орилж явлаа.
Нутгийн иргэд замын нээлтэд ихээхэн ач холбогдол өгцгөөж байлаа. Монгол гутал, дээл,
ноосон малгай өмссөн залуус энгэртээ тууз зүүгээд замын нээлтдээ оролцохоор иржээ.
Нут­гийн хөгшид харин улстөрчдөө асууцгааж байлаа. “Замын нээл­тээр Ерөнхий сайдынхаа
барааг харах нь” хэмээн хэлж байсан бол нэг өвөө “Тэр сонин, телеви­зийн­хэн байна
уу. Нэг хүний сураг гаргая” гэлээ. Тэрбээр “Манайхан Наранхүү гэдэг хүүг УИХ-д явуул­сан.
Гарсан цагаасаа хойш алга. Ер бараа нь үзэгдсэнгүй. Хааяа зурагт харахаар чуулган
дээрээ ч харагдахгүй юм. Хааяа бид шарга азаргыг нь дурсахаас өөрийг нь дурсах ч
хүн алга. Тойрогтоо бушуу ир гэж хэл” гээд эмгэнээ сугадан үзэгчдийн суудалд суулаа.
Төд удалгүй Ерөнхий сайдын цуваа хөтөл даван ороод ирлээ. Тэднийг ирэхэд лам нар
шинэ замыг арав­найлан ном хурав. Үүний дараа замын нээлтийн ажиллагаа албан ёсоор
эхэллээ. Ингэснээр даваа гаригт Дундговь аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон
хатуу хучилттай авто зам нээлтээ хийснээр Шинэчлэлийн Засгийн газрын энэ оны төлөвлөгөөнд
туссан зургаан аймгаас гурав нь нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож
чадсан нь энэ ажээ. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 300 орчим км замын ажлыг
2009 онд эхлүүлж байсан тухай аймгийн нутгийн удирдлагууд хэлж байсан ба өнөө жил
104 км авто замыг хийж дуус­гажээ. Замын санхүүжилтэд зориу­лан Чингэс бондын хөрөнгөөс
49.2 тэрбум төгрөг гаргасан тухай мэ­дээллийг тайзны ард томоор бич­сэн байлаа.
Уг замыг “Монголын хурдны зам”, “Жэй Кэй Си”, “Мотор сервис” Монголын, “Шинжан Жэн­гун
Житуа” Хятадын дөрвөн компа­ни барьжээ. Замын нээлтэд оролц­сон Засгийн газрын тэргүүн
“Хөг­жил бидний хажуугаар өнгөрч байна гэж ярьдаг байсан Дунд­говьчууд өнөөдрөөс
авто замын сүлжээний гол бүсүүдийн нэг бол­лоо. Улаанбаатар-Өмнөговийг холбосон
их замын дунд орших Дундговь аймгийн энэ зам говийн бүсэд хөгжил тээн хүргэх болно.
Энэ замаар Оюутолгой, Тавантол­гойн их бүтээн байгуулалтын тээвэр хийгдэж, олон
том ажлыг урагш­луулна. Бүтээн байгуулалт, хөгж­лийн үр шим Дундговьчуудын хаал­гаар
орж, иргэдийн маань амьжир­гаанд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэж шинэ замыг
улсын комисст хүлээн авах ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн
юм. Түүнчлэн дээр дурдсан овойсон замыг хэзээ янзлах вэ хэмээн Ерөнхий сайд “Жэй
Кэй Си” ХХК-ийн захирлаас асуухад “Ирэх хавар янзалж дуус­гана” гэсэн амлалтыг иргэдийнх
нь өмнө авсан юм. Шинэ замтай болох сайхан байлгүй яахав. Үүнийг цаашид арчилж хамгаална
гэдэг төвөгтэй гэдгийг дор бүрнээ мэдэж байгаа байлгүй. Ийнхүү өнгөрөгч зун 90 жилийнхээ
ойг тэмдэглэсэн Дэлгэрцогт сумын 1500 иргэн хатуу хучилттай замаар холбогдсонд сэтгэл
өндөр байгаагаа хэлж байлаа. Өмнө нь шороон замаар өдрийн хагас явж нийслэлийнхээ
барааг хардаг байсан цаг түүх боллоо хэмээн шагшицгаана. Алтан шар замаа цагаан
сүүгээр мялааснаар замын нээлтийн ажил­лагаа өндөрлөсөн. Түүний дараа Ерөнхий сайд
аймгийн төв орж бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцлоо. Бизнес эрхлэгчид Дунд­говь
аймагт эрхэлж болох бизне­сийн санаанууд Ерөнхий сайдад хэлж, тулгамдаж буй асуудлуудаа
газар дээр нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байлаа. Гурилан бүтээг­дэхүүн хэрэглэгчид гурилын
үнэ өсөж буйд бухимдаж байгаа илэр­хийлсэн бол бусад салбарын биз­нес эрхлэгчид
өөрсдийн бизнесийг цаашид хөгжүүлэхэд төрийн бод­лого чухал байгааг дурдлаа. Дунд­говь
аймгийн хувьд ихээр тулгам­даж буй асуудал нь ажлын байр болоод байгаа талаар бизнесийн­хэн
хэлж байлаа. Ажил хийх сонир­холтой иргэд олон байгаа ч нөөц боломждоо тааруулан
ажиллах хүч авч байна. Бараа бүтээг­дэхүү­ний үнэ өссөөр байгаа тул цаашид ажиллах
хүч, цалин нэмэх нь хүнд­рэлтэй байгааг хэлцгээлээ. Тус аймаг сурагчийн дүрэмт хувцсыг
өөрсдөө хийж, гүйцэтгэж байгаа юм байна. Өөрсдийн аймгийн сурагч­дын дүрэмт хувцсыг
аймгийнхаа үйлдвэрлэгчдийг дэмжих зорил­гоор дотооддоо үйлдвэрлэж бай­гаад бизнес
эрхлэгчид сайшаалтай байгаа гэлээ. Тус аймагт гурилын үнэ өсч байгаа талаар бизнес
эрхлэгчид хэлж байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх, гурилын үнийг тогтворжуулах
хөтөлбөрийн хүрээнд хэлэлцээр хийж байгаа аж. “Их газрын чулуу” ХХК-ийн захирал
Долсмаа “Манай компани 11 дэх жилдээ оёдлын бизнес эрхэлж байгаа. Хөнгөн үйлдвэрийн
салбар сүүлийн хэдэн жил уналтад орсон байсан. Энэ салбарт эмэгтэй хүмүүс ажилладаг,
өрх толгойлсон эмэгтэйчүүд ихээр ажилладаг онц­логтой. Засгийн газраа сурагчийн
дүрэмт хувцсыг эх орондоо үйлд­вэрлэж байгаа нь маш том боломж юм. Гэвч сурагчийн
дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд зөв зохицуулалт хэрэгтэй байна. Сурагчийн дүрэмт хувцас
үйлдвэрлэлийн туслан гүйцэтгэгч компаниуд нэг өмдийг 2000 төгрөгөөр оёдог. Гэтэл
манай компанийн хувьд 53 ажилчинтай учраас ажилчдын цалин болон бусад зардлаа авах
боломжгүй байдаг. Тиймээс энэ асуудалд анхаарч, зөв зохицуулалт хэрэгтэй байна”
гэдгээ Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд харьяа яамдын төрийн нарийн бичгийн
дарга, дэд сайд, газрын дарга нар томилолтын багт явсан тул асууд­лыг газар дээр
нь шийдвэрлэх, шийдвэрлэх арга замын талаар бизнес эрхлэгчидтэй санал солилц­лоо.
Уулзалтын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд 400 айлын “Залуус” хороолол, “Түмний” хороолол нь 400 айлын орон
сууц барихаар төлөвлөжээ. Эндээс 80 айлын орон сууц ашиглалтад орсон хэмээн аймгийн
Засаг дарга С.Сүхбаатар танилцуулсан. Мөн 200 айлын хаус хороолол барих газрыг нь
бүрэн шийджээ. Нутгийн иргэдийн 25 хувь нь орон сууцанд байгаа нь бага үзүүлэлт
гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Аймгийн төв дөрвөн сургуультай бөгөөд ирэх
жил нэг сургууль шинээр ашиглалтад орох аж. Дундговь аймагт мянгаас дээш малтай
иргэд орон сууц ихээр сонирхож байгаа гэлээ. Нутгийн малчин иргэд ч үүнийгээ илэр­хийлж
байсан. Сүүлийн үед айм­гийн төвийг зүлэгжүүлж, мод тари­хад ихээхэн анхаарал хандуулж
хөрөнгө гаргаж байгаа юм билээ. Говийн аймаг гэхээр үргэлж элс төсөөлөгддөг тэр
цагийг халах нь зөв гэцгээв. Ерөнхий сайд “Түм­ний”, “Залуус”, “Хаус” хороолол гэсэн
нэрийг өөрчлөх нь зүйтэйг сануулав. Хятадын “Шинжан Жэн­гун Житуа” компани Улаанбаа­тараас
Мандалговь хүртэлх 32 км замыг хийсэн бол аймгийн төвийн замыг мөн хийжээ. Монголчууд
цаашид зам тавьж сурахгүй бол бидний хөрөнгө гадагшаа урсаад байна хэмээн иргэд
хэлж байсан юм.

Үүний дараа аймгийн аймгийн Засаг
даргын тамгын газрын хур­лын танхимд аймгийн удирдлага, дэд сайдууд, алба, хэлтсийн
дарга нартай суун иргэдтэй цахим хурал хийлээ. Хурлын эхэнд Ерөн­хий сайд Шинэчлэлийн
Засгийн газ­раас хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч дурдсан юм. Хүнд­рэлтэй асуудал
гарвал “11 11 Төв”-д хандаж болно. Дундговь аймгаас ийм иргэд тийм асуудлаар манай
утсанд хандсан байна. Аймгийн Засаг даргатай холбоотой ийм асуудлууд иржээ хэмээн
нүүрэн дээр нь улалзтал хэлээд авлаа. Иргэд тулгамждаж буй асууд­луу­даа нээлттэйгээр
асууж, харьяа газрынхан нь цаашид хэрхэн ан­хаарч ажиллах талаар нээлттэй ярилцлаа.
Ерөнхий сайдтай биеч­лэн уулзах гэсэн нутгийн иргэд Засаг даргын тамгын газрын үүдэнд
цугласан билээ. Энэ үеэр цахим хурал болж байсан тул тэд захиргааныхаа үүдэнд Ерөнхий
сайд болон албаны хүмүүс юу ярьж байгааг сонирхон зарим нь асуух зүйлээ хэлмээр
байна, нэгж байна уу хэмээн дэргэдэх хүнээсээ асууж байсан юм. Цахим хурлыг аймгийн
төвийн “Цоглог” телевиз шууд дамжуулж иргэдээс асуултуудыг хүлээн авч байлаа. Иргэдээс
ирсэн асуултад Ерөнхий сайд Н.Алтан­хуяг, яам, тамгын газрын удирд­лагууд болон
аймгийн Засаг дарга С.Сүхбаатар бусад албаны хүмүүс хариулт өглөө. Ингэснээр Ерөнхий
сайд Н.Алтанхуягийн Дундговь аймаг дахь албан томилолт өндөр­лөсөн юм.

Э.ЭНХБОЛД