Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Н.Гаравсүрэн: Ардчиллын анхны жагсаалын үеэр Польшийн Элчин сайдаас зөвлөгөө авч байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Хурандаа Н.Гарав­сүрэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


-“НАВСГАР ХЭЛТСЭЭ
НАДААС АВ” ГЭЖ ХҮРТЭЛ ХЭЛЖ ҮЗСЭН. БИ ДАРГААС АЙЖ ЯВААГҮЙ-


Хурандаа Н.Гарав­сүрэнтэй уншигч та бүх­нийг уулзуулж
байна. Эл эрхэм Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын
тэр­гүүн дэд даргаар ажил­лаж явсан. Тэрбээр 1965 онд Эргүүлийн ротын цагдаагаар
ажлынхаа гарааг эхэлж байжээ.


-Таныг
цэргээс ха­лаг­даж ирээд л цагдаа болсон гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Би Завхан аймгийн Отгон сумын хүн. Цэрэгт ирээд Улаанбаатар хотын
барилгын цэргийн ангид хуваарилагдсан. Халагдаад л цагдаагийн байгууллагатай холбогд­чихсон
хүн. Одоо болтол цагдаагийн байгууллагаа бараадсаар л явна. 1965 онд Хотын цагдаагийн газрын Эргүүл ротод сэр­гийлэгч болсон.
Ми­ний ажлын гараа улаан погоонтой сэргийлэгч эргүүл хийхээс эхэлсэн. Явган, морьтой
гээд л хотын гудамж, зус­лангаар эргүүлд явна. Тэр үед цагдаагийн бай­­гуул­лагад
цөөн хүн ажилладаг, машин тэрэг гэж байсангүй. Хол га­зарт мориор, хотын гудам­жаар
явган эргүүлд гардаг байлаа. Тухайн үед машин гэвэл дарга нарын А 69 л байсан.
1970 оны дунд үеэс л цагдаагийн байгууллага машин, тэрэгтэй болж эхэлсэн дээ. Эргүүл
ротод сэргийлэгчээр жил гаруй ажиллаад, Салаан дарга болсон. Салаан даргаараа долоон
жил ажиллаад, районы цагдан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч болж дэвшсэн. Ингээд
хэв журмын тас­гийн дарга, Сэргийлэн хам­гаалах гарнизоны ор­­логч, эргүүл ротын
дар­га, Сүхбаатарын райо­ны цагдан сэргийлэх хэлтсийн дарга хүртлээ дэвшиж ажилласан.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга
гээд ер нь л цагдаагийн газарт хурган дарга хийж байгаад чөлөөндөө гарсан.

-1965
онд сэргийлэгч болохдоо цагдаагийн курс төгсч
байв уу?

-Тэр үед цагдаагийн бэлтгэх нэг, хоёр жилийн курс байсан. Миний хувьд
олон жил сэргийлэгчээр ажиллаж байсан Шагж гэдэг хүнийг дагаж, эргүүл хийдэг байлаа.
Цагдаагийн байгууллага цэргийн дүрмийг мөрд­дөг байсан үе. Тийм бо­ло­хоор хатуу
чанга шаард­лагатай, сахилга шаардсан ажил байсан юм. Буу үүрээд л эргүүлд гарч
байлаа. Одоо ямар нэгэн курст суугаагүй хүнд шууд буу үүрүүлээд гаргана гэвэл хүмүүсийн
са­наанд багтахгүй байх. Ард иргэдийн дунд
сэр­гий­лэхийн нэр хүнд сайн бай­лаа. Гудамж, талбайд ч хэрэг зөрчил барагтай бол
гарахгүй. Ийм үед ажиллаж байсандаа баяртай байдаг. Иргэддээ баярлаж явдаг. Иргэд
сэргийлэгчийн үгэнд сайн ордог, хүндэлдэг байлаа.

-Тэр
үед ихэвчлэн ямар хэрэг гардаг байв. Хүн амины хэрэг цөөхөн гардаг байсан уу?

-Хэрэг одоо үетэй харь­цуу­лах юм бол цөөн гардаг байсан нь үнэн.
Гэхдээ гардаг л байсан. Танхай, хулгай, дээрэм, хүчин гээд 13-14 тооны төрлийн хэрэг
ихэвчлэн гардаг байлаа. Тэр үед хүн ам цөөхөн архи дарсны үйл­чил­гээ бага байсан.
Орон байрны, иргэдийн өмчийн хулгай олон гардаг байлаа. Айлын гэрээс эд зүйлсийг
нь хулгайлдаг хэрэг олон гарна. Тэр үед айлуудын гэрт одоотой адил эд хөрөнгө их
байсангүй. Ихэвчлэн мөнгөн аяга, эмээл хазаар, халтар манан хөөрөг, хурган дотортой
дээл, каракуль захтай пальто алга болдог байлаа. Жилдээ нэг дүүрэгт 2-3 хүн амины
хэрэг гарна. Золгүй байдлаар амиа алдсан 60-70 хэрэг гардаг байсан. Тухайн үед олны
анхаарал татсан хэрэг гэвэл Нийгмийг аюулаас хам­гаалах яамны хоёр гене­ралын гэрт
хулгай орж, эд зүйлсийг нь хулгайлсан. Бас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн
гэрт хулгай орсон хэргүүд л шуугиан тарьж байсан.

-Айлуудын
гэрийн цагаан бүрээсний хулгай олон гарч, Сүхбаатарын районы цагдан сэргийлэгч нар
илрүүлж байсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-1968 он санагдаж байна. Өмнө огт гарч байгаагүй хулгай гардаг юм
байна. Намар бай­сан боло­хоор айлууд гэрээ дулаалж, шинэ цагаан бүрээс худалдаж
авч барьдаг байлаа. Тэгсэн гэрийн цагаан бүрээс хулгайлсан хэрэг хэд хэдэн удаа
гарлаа. Шөнө гэрийн эздийг унтаж байхад бүслүүрийг хутгаар огтлоод, хаяаны манаас
шорооноос сугалаад авчихдаг байв. Хэрэг илрэхгүй долоо хонож байлаа. Шөнийн рапорт
уншиж байтал дугуйтай хүн шуудайтай аргал
зөөгөөд явж байсан гэх мэдээлэл байсан. Улмаар дугуйтай хүмүүсийг шөнөөр шалгах
үүрэг өгсөн. Тэгсэн 56 дугаар дэлгүүрээс доор 32-ын тойрог орчимд дугуй хөтөлсөн
хүн хоёр шуудайтай зүйл тэгнээд явж байж. Түүнийг шалгаж, олон айлын бүрээсийг цэвэрхэн
авсан, эрхэлсэн тодорхой ажилгүй залууг саатуулан, хэргийг илрүүлсэн.

-Та
“Энэ навсгар хэлтсээ ав” гэж Сүхбаатарын райо­ны Цагдан сэргийлэх хэлт­сийн дарга
байхдаа дээд албан тушаалтнууддаа хэлж бай­сан
гэдэг. Таныг мэдэх хүмүүс дарга нараас айдаг­гүй байсан гэх юм билээ?

-Сүхбаатарын районд бусад дүүргийг бодоход их хэрэг гардаг байсан.
Иргэдээс жилд хоёр мянга гаруй өргө­дөл, гом­дол ирдэг. Үүнээс 1500 гаруй өргөдөл
гомдлыг эрүү үүсгэн шалгадаг байлаа. Тэр үед 8-10 төлөөлөгч 17 хэс­гийн байцаагчтай
ажиллаж байлаа. Хэрэг бүртгэлийн ажил явуулдаг. Жижүүр төлөө­лөгч нар ээлжээр гарна.
Ачаа­лал ихтэй нойргүй хонох нь энүүхэнд. Гэртээ ч харих завгүй ажиллаж байлаа.
Манай орлогч дарга Рэнцэндорж өрөөнийхөө диван доогуур хөнжил, цагаан хэрэгслээ
аваад хийчихсэн байдаг байлаа. “Цаггүй цаг­дан сэргийлэх” гэсэн нэр хочтой хүртэл
болж байсан үе. Иргэд өглөө ажилдаа явна. Орой ирэхэд гэрт нь хулгай орчихсон байх.
Эсвэл булган малгайг нь булаана. Ажил тараад үдэшлэг, уулзалт болж өч төчнөөн дуудлага
ирнэ. Бидэнд амралт гэж үнэндээ байдаггүй байлаа. Захиргаадалтын үе байсан. Нам
захиргаанаас эхлээд Улсын цагдан сэргийлэх газар, Хотын цагдан сэргийлэх газар гээд
намайгаа захирдаг, зандардаг улсууд их байсан. Энэ нь тун их ядаргаатай байсан.
Өөдөөс нь байнга ярдаглаад байх хэцүү. Тэд
“Гэмт хэрэг их гарч байна. Эзэнгүй хэрэг олон гарч байна. Чи муу ажиллаж байна.
Танай хэлтэс ажлаа хийхгүй байна” гээд загнана. Үнэндээ чадах чинээгээрээ ажиллаад
байхад гэж бодогдоод ажлыг нь өгчих юмсан гэж хүртэл бодно. Бүр “Навсгар хэлтсээ надаас ав” гэж хүртэл бухимдаж
хэлж байсан. Би даргаас айж яваагүй. “Албан тушаалаасаа доошоо бууна л биз. Ажил
олдож л таараа” гэж боддог байсан. Дээд шүүхийн дар­гын хүүхэд, Төв хорооны захиргааны
хэлтсийн орлогч эрхлэгчийн хүүхэд дээрмийн хэрэгт холбогдож, манай дүүргийн районд
шалгагдаж байсан. “Миний хүүхдийг хэн оролдоод байгаа юм” гээд дарамт шахалт хүртэл
ирж байлаа. Дарга ч бай, энгийн иргэд ч бай бүгдэд нь ижил үйлчлэх гэж хичээдэг
байв.

-Таныг
цагдаагийн албан хаагч нарт бие хамгаалах арга барилыг анх заасан гэдэг. Байлдааны
самбог цагдан сэргийлэгч нарт заадаг байсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Сэргийлэгч болсны дараа орос багшаар хоёр сар гаруй байлдааны самбогийн
хичээл заалгасан. Үдээс өмнө хүний биеийн анатоми үзнэ. Тэгээд үдээс хойш арга мэх
заана. Энд эмзэг цэг бий, тэнд хүний мэдрэлийн судас байгаа, ингэж өчнө гээд гар,
хөлийн мэх заалгасан. 80 гаруй мэх сурсан юм. Ингээд багшлах, шүүх эрхийн үнэмлэхтэй
сэр­гий­лэгч болсон юм. Тэгээд л офицер, сэргийлэгч нарт байлдааны самбогийн хичээл
заасан. Тэр үед байлдааны сам­богийн мэхүүд нь хамгаа­лах, хориглох нарийн дэг журам­тай
байсан. Өөрий­гөө болоод бусдыг гэмт халд­лагаас хамгаалах чиглэлийн хичээлүүд ордог
байсан. Бие хамгаалах урлагийг сурчихсан байхад тэр хамгаалах зүйл чинь тухайн хүнтэйгээ
байдаг зүйл. Цагдаа нарт одоогийнх шиг олон багаж, хэрэгсэл байдаггүй байсан.

-1989-1990
онд болж бай­сан жагсаалын үед та Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтсийн дарга,
бүр Хотын цагдаагийн газрын даргын албан тушаал хашиж байсан. Тэр үед цагдаа­гийн
байгууллага хэрхэн ажиллаж байв?

-Жагсаал цуглаан Сүх­баа­тар районы нутаг дэвс­гэрт болдог байсан.
Манай хэлтэс 1989 оны өвлөөс маш их ачаалалтай ажилласан. Хэлтсээ гурван хэсэг болгож
хуваачихаад ээлжгүй ажиллаж байлаа. Намайг 1990 оны зургадугаар сард Цагдаагийн
ерөнхий газрын орлогч бөгөөд хотын цагдаагийн дарга гэсэн албан тушаалд дэндүү эгзэгтэй
үед томилсон. Дүүргийн цагдаа нарыг удирдана гэсэн үг. Энэ нь миний өмнө нь хийж
байсан ажилтай адил чиг үүрэгтэй байв. Харин шинэ зүйл нь жагсаал цуглааны асуудал
байлаа. Мөн намуудын удирд­лагууд, олон нийтийн байгуул­лагуудтай харилцах, жагсаал,
цуглаан зохион бай­гуу­лагчидтай ажиллах асуудал байсан. Эдгээр нь тухайн үедээ
цоо шинэ зүйл байсан. Гэхдээ манайхан тэр үеийг гайгүй сайн давсан гэж бид дүгнэдэг.
Жагсаал, цуглааныг хэрхэн намжаах, давах талаар Польшийн Элчин сайдыг урьж зөвлөгөө
авч байсан. Тэр хүн Польшид гарсан жагсаал, цуглааны үед Цагдаагийн даргаар нь ажиллаж
байсан юм билээ. Тэгээд тэрбээр бидэнд нэгдүгээрт, жагсаал цуглаан хийгчидтэй үг
хэлээ ололцох, хоёрдугаарт, цагдаагийн бай­гуул­лага жагсаал, цуглаан болбол нийгмийн
хэв журмыг сахиулах гэж байгаагаа ард иргэдэд ойлгуулах, тохирох, зөв шаардах, хамгаалалтанд
ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг л даргын үгийг сонсож үүргийг биелүү­лэх
учиртайг бидэнд хэлсэн. Мөн жагсагчдын дундах гол үймүүлэгчдийг хэрхэн таних вэ,
яаж ялгах вэ, хэрхэн баримтжуулах вэ, байшин барилгуудыг хэрхэн ашиглах тактик гэх
мэтийг зөвлөсөн. Гэхдээ тэр үеийн жагсагчид цагдаагийн үгэнд ордог, үгийг нь сонсдог,
соёлтой байсан.

-“Жагсаал
зохион бай­гуулж буй С.Зоригт арга хэм­жээ ав” гэх тушаал дээрээс ирэхэд таныг биелүүлээгүй
гэх яриа байдаг?

-Тэр үед жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авах тухай 96 дугаар
зарлиг гэж гарсан. Зөвшөөрөл авалгүй жагсаал зохион байгуулбал хариуцлага тооцох
ёстой бай­сан. Гэтэл С.Зориг жаг­саал зохион байгуулахдаа зөвшөөрөл аваагүй хийсэн
байдаг. “Зөвшөөрөл авалгүй жагсаал зохион байгуулсан С.Зоригт арга хэмжээ ав” гэсэн
тушаал надад ирсэн. Мөн прокурор руу бас дээрээс тушаал ирсэн байсан. Түүний өрнүүлсэн
жагсаал олныг хамарч, маш өргөн далайцтай болж, бараг хүн бүр дэмжиж байсан. Гэтэл
түүний дундаас ганцхан хүнд арга хэмжээ авах нь хэр оновчтой вэ гэж бодсон. Тэгээд
С.Зоригийн ойролцоо ажилладаг Хадбаатар гэх залуу ирж уулзахад нь “Зоригт арга хэмжээ
авна” гэж хэлсэн. Түүний маргааш нь Зоригтой утсаар ярьж “Чамайг 300 төгрөгөөр торгохоор
болсон” гэхэд “Гаравсүрэн гуай, надад мөнгө байхгүй ээ” гэсэн. Тухайн үед ийм том
хөдөлгөөн болж байхад би ганц хүн торгоод ч яахав гэж бодсон. Цагдаагийн газраас
С.Зоригт ямар арга хэмжээ авсан бэ гэхээр нь “300 төгрөгөөр торгосон” гээд хэлчихсэн.
Энэ хэрэг тэгээд л өнгөрсөн. Үүнээс хоёр жилийн дараа Б.Пүрэв генерал “Чи Зоригийг
торгоогүй юм байна лээ” гэсэн. Хэнээс ч мэдсэн юм. Би тэгэхэд нь “Торгоогүй нь ч
зөв болсон байх аа” гэхэд генерал “Тийм ч байхаа даа” гэсэн шүү. Сүүлд шинэ Үндсэн
хууль хэлэлцэх үед С.Зоригтой тааралдаж, торгох, торгуулах тухай арга хэмжээний
талаар ярьж, инээлдэж байлаа. Юм гэдэг сонин шүү.

Үргэлжлэл
бий.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Төрийн соёрхолт Н.Нацагням: Би Windows XP шиг үйлдлийн систем бүтээсэн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС… Төрийн соёрхолт Н.Нацагням­тай хийсэн ярилц­лагыг хүргэж байна.


“Женерал электрик”-т ажил­лаж байсан
монгол залуу англи инжене­рүү­дийн хэдэн арван жилийн дотор хийсэн ажлыг дө­рөв­хөн
жилд амжуулжээ. Гар утас­­наас эхлээд ца­хим тө­хөөрөмжүүд хийх аргыг олсон инженер
Н.На­­цаг­­нямын “Синхрон генера­то­рын реактив чад­­лын автомат то­хи­руул­га бо­лох
NaNyam-AX12 болон түүний вир­таул лабора­тори” гэсэн энэ бүтээлд Ерөнхийлөгч зарлиг
гар­ган Тө­рийн соёрхол хүр­тээгээд бай­на.
Цахил­гаан хэрэглэс­ний төлбөр гэж хойд хөр­шид хэдэн тэр­бумаар өг­дөг мөнгийг
хэмнэсэн нь залуу инже­нерийн бүтээ­лийн эхний бодитой үр дүн.

Ингээд Төрийн соёрхолт Н.Нацагням­тай
хийсэн ярилц­лагаа хүргэе.

-Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Анх авч байгаа медаль
маань төрийн дээд одон байгаад үнэхээр их баярлаж байна.

-Бүтээл чинь амьдралд буу­вал гар утас, DVD тоглуулагч, IP телевизорыг хүртэл
эндээ хийж болно гэл үү?

-Ямар ч цахим төхөөрөмжийг хийх боломжтой.
Монголчууд хоёр гаргүй учраас л юм хийж чадахгүй
гэж хэлүүлдэг байсан. Нэг гар нь Реал тайм оперэйтинг систем. Нөгөө гар нь Пи Ай
Ди контрол систем. Энэ хоёр байхгүйгээр ца­хим төхөөрөмж хийх боломжгүй. Үүнийг
монгол нэрээр хийсэн. Барууны технологийн нууц бидний толгойд ороод ирсэн гэсэн
үг. Хэрэглээ болгочихвол бид юуг ч хийж чадна. IT-гийн бизнес хөгжих­гүй байгаа
нь ийм учиртай. Зүгээр нэг программист хүн
энэ бизнесийг хөгжүүлнэ гэж буруу ойлгоод байдаг. Хоёр гаргүй бол хоол идэхэд хэцүү.
Математик гаргалгаа нь бидний хэзээ ч бо­доод олохгүй тэгшитгэл байдаг. Тэр гаргалгааг
нь би Англиас олоод ирсэн юм. Түүнээс биш бид тэдний өчнөөн тэрбум доллараар бүтээ­сэн
100 жилийн хөгжлийг гүйцэх­гүй. Орчныг нь мэдэрч толгойдоо хийж ирэхгүй бол хулгайлах ямар ч боломжгүй. Тэдний
нууцлаад байгаа тэгшитгэл надад хэрэггүй. Учир нь би өөрөө хийж чадна. Рийл тайм
оперэтинг бол үйлдлийн сис­тем. Windows XP, Мак бол үйлд­лийн системүүд. Электрон
төхөө­рөмж болгонд тийм үйлдлийн сис­тем байдаг. Тэрийг нь би хийсэн юм.

-Таны хийсэн ажлыг Англид нэг, хоёрхон л хүн хийдэг гэж сонссон.
Тэгэхээр нэлээд мундаг хүмүүстэй нь ойр байж сурчээ?

-Тийм ээ. Надад зааж сургасан англи
хүн “Энд 30 жил ажиллахад хэн ч надаас ингэж асууж байгаа­гүй” гэж байсан шүү. Англичууд
амьдрал нь баталгаатай учраас юм суръя гэж тэгж их хичээдэггүй. Харин би монгол
хүн, эндээ ирээд юм хий­хийн тулд бүгдийг сурахыг хичээ­сэн.

-Таны бүтээлийг эрчим хүч­ний салбарт
ашиглахад л Оро­соос хамаарахааргүй болно
гээд байгаа. Эрчим хүчнээс өөр яг ямар салбаруудад хэрэглэх боломжтой вэ?

-Эрчим хүчнээс гадна барилга, уул
уурхай зэрэг олон салбарт ашиглах боломжтой.
Мотортой юм бүр дээр хэрэглэх боломжтой. Өөр өөр зах зээл дээр зарахын тулд
NaNyam гээд энэ төхөөрөм­жийн­хөө доторх хавтангуудыг зургаан хэсэг салахаар хийсэн.
Гэрэлтүү­лэг, урсдаг шат, цахилгаан лифт гээд олон юманд хэрэглэнэ. Хүчний электроник,
IT-гийн бизнес хаана байна тэр бүх газарт хэрэглэхээр хийсэн. Миний
бүтээлийг инжене­рийн бүх салбарт зарж болно.

-Оросоос цахилгаанаараа хараат
биш болно гэхээр хойд хөршөөс эрчим хүч авахаа болино гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Мон­голын эрчим
хүчнийхэн актив чад­лаа тооцоолж реактив чадлаа
тооцдоггүй. Манайхны тооцоолж, тохируулж чадахгүй реактив чад­лын дутагдлыг
нөхөх гэж Орос ТЭЦ-4 шиг том станцыг ашиггүй ажиллуулдаг. Хэрвээ Оросын оронд Англи
байсан бол бид өрөнд орох байсан. Олон улсын жишгээр бол дэлхийн орнууд систем хоо­рон­дын
реактив чадлын урсгал тэг байх гэрээ хийдэг. Энэ гэрээгээ зөрчвөл ухаалаг байсангүй гэж актив чадлаас арав дахин илүү үнээр торгодог юм.
Англи Шотланд хоёр гэхэд л эрчим хүчин дээрээ Орос манай хоёр
шиг харилцаатай. Гэтэл тэнд реактив чадал
байхгүй. Реактив чадлыг үйлдвэрлэх, шин­гээх зэрэгт нүүрс газ гэх мэт түлш­ний зардал
гардаггүй. Хүчдэл их тал руугаа гүйдэл үүсдэг. Энэ гүйд­лийг реактив гээд байгаа
юм. Үүн дээр ухаалаг менежмэнт хийж реактор тавьж тохируулаад кон­ден­саци хийчихэд
л болох асуу­дал. Бүх станцуудад тавьчихад Оросоос ирж байгаа реактив чад­лыг тэглэх боломжтой. Реактив чадлыг үйлдвэрлэж,
өөртөө шин­гээж чаддаг генераторын төрлүүд байдаг юм.

-Реактив, актив гэдгээ энгий­нээр
тайлбарлаач. Бид реактив чадлаа тооцож чадахгүй гэхээр бүр огт мэддэггүй байсан
хэрэг үү, эсвэл…?

-Реактив чадлын автомат бай­даг­гүй
бол яах вэ гэдгийг энгийн жишээгээр тайлбарлая. Тоос со­рогч залгангуут тог тасарчихлаа.
Ямар ч юм залгахад хүчдэл унадаг. Хүчдэл уначихаар актив чадал болох цахилгаан энерги
ирлээ ч тоос сорогчийг ажиллуулж чадах­гүй. Харин хүчдэлийг дээш нь болгохоор актив
чадал ирж тоос сорогч ажиллана. Реактив чадал урсаж ирээд хүчдэлийг дээшлүүл­дэг. Хүчдэлийг дээш, доош болго­дог юмыг
л реактив чадал гээд байгаа юм. Реактив чадал байхгүй бол актив чадал ганцаараа ирж нөгөө тоос сорогчийг ажиллуулж чадахгүй. Тоос
сорогчийг халааж байгааг нь актив чадал гээд
ойлго­чихож болно. Бид активдаа мөнгө төлөөд реактивд төлдөггүй учраас би Оросууд
хохироод байна гэж хэлээд байгаа юм.

-Реактив чадалгүй бол цахил­гаан
түгээж мөнгө олно гэсэн ойлголт байхгүй болох нь ээ?

-Яг тийм. Цахилгаан станц актив чадлыг иргэдэд өгч мөнгө олохын тулд хаалгаа нээх ёстой. Хүчдэлийг хүмүүст өгөх
гэж хаалга нээж байгаа гар нь реактив чадал.
Чулуудаж мөнгө олдог нь актив. Гэтэл дөнгөж саяхныг хүртэл хүмүүс реактив
чадал байдаггүй гэж маргадаг байсан. Бүр реактив чадал байдаггүй гээд академич болсон
хүн ч бий.

-Тэгээд хэн эхэлж ойлгов?

-Мэргэжлийн учир мэдэх улс бол тогтворжилт
хэцүүдлээ гэдгийг мэддэг, юм хийх ёстой гэдгийг ойлгодог. Шийдвэр гаргах төвшинд
эхэлж ойлгосон хүмүүс гэвэл Ерөн­хий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хоёр.

-Таныг бүтээлээ танилцуу­лаад явахаар
хүлээж авах хүн олдохгүй удсан гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Дөрвөн сарын хугацаанд хэн ч миний
ажлыг тоогоогүй нь үнэн. Гантөмөр сайдтай уулзаад схемээ үзүүлсэн чинь “Жинхэнэ
бүтээл байна” гээд дэмжсэн. Дараа нь Ерөнхий сайд дуудаж уулзаад реактив чадлын
талаар яриулсан. Физикийн хүн болохоор ойлгоод дэмжсэн.

-Хэрвээ реактив чадлаа тэг­лэх­гүй
бол өчнөөн станц бариад ч Оросоос салахгүй байж гэсэн бодол таны яриаг сонсоод төр­лөө?

-Яг тийм. ТЭЦ-10 хүртэл барь­сан ч Оросоос
салж чадахгүй. Жил бүр 50-иад тэрбум
төгрөгөө өгсөөр байх болно. Орос байхгүй
бол тогтворжилтоо хийж чадахгүй бай­сан. Өмнө нь Орос байхгүй бол тогт­воржилт байхгүй
болж, жаахан асуудал гарахад л генераторууд бүгд унадаг байсан шүү дээ. Хөл­дөх
аюул ойрхон байсан гэсэн үг. Реактив чадлаа
ойлгоогүй байхад аваар биш ердийн сэлгэн залгалт хийхэд л бүх станц унтрах эрс­дэлтэй.

-Дөрөвдүгээр станцын өргөт­гөлийг
англичууд нэлээд өндөр өртгөөр хийсэн. Өөрсдийнхөө юмыг оруулж ирж тавьсан боло­хоор
тэгсэн үү?

-Ер нь бол тэгээд ойлгочихож болно.
Англичууд бүгдийг нь аваад хаяж байгаад шинэчилдэг боло­хоор үнэтэй гарчихаж байгаа
юм. Монголд яг таарсан инженерийн шийдлийг тэд гаргаж чадахгүй. Гэтэл Оросын хуучны
юмнуудад Англиас ч илүү зүйл байна. Би тэр
гоё юмнуудыг нь үлдээгээд зөвхөн тархийг нь солино. Тэгээд гар ажиллагаатайг нь
автомат болгоно. Долгионоос хамгаалдаг шүүлтүү­рүүд байдаг. Тэр шүүлтүүрийг нь Монголдоо
тохируулж хийсэн. Монголын радиус Английнхаас өөр. Монголын дотооддоо ялга­руул­даг
долгионы өнгө, давтамж нь өөр байдаг юм. Өөрөө хардвэй­рээ зохион бүтээж байгаа
болохоор тэрэнд нь таарсан шүүлтүүрийг лабораторид сонгочихож байгаа юм.

-Гаднаас техник программ хангамж
авч ашиглахгүй зөвхөн өөрөө зохион бүтээхээр зард­лын хувьд асар их зөрүү гардаг
гэсэн. Хэр зөрүү гардаг вэ?

-IT-ийн бизнест материаллаг өртөг
гэж байхгүй л дээ. Англид байхдаа материаллаг зардлыг хэдхэн центээр тооцож асар
их ашиг олдогийг хараад гайхсан. Хямд өртөгөөр сонирхолтой, ухаа­лаг бизнес хийж
байгаа нь таалагд­сан. Миний хийсэн хардвэр, софт­вэрийг хэн нэгэнд өгөхөд шууд
хийж чадахгүй. Хийсэн ажлаа дөрвөн жил туршлаа. ТЭЦ II дээр хагас жил гаруй тасралтгүй
найдвартай удир­даж байна. Би хардвэр, софтвэ­рийг ганцаараа хийсэн ч судал­гаа­ны
болон механик ажилд 40 гаруй хүн хамтарсаны
хүчинд ийм үр дүнд хүрсэн. Монголын анхны цахим генераторын удирдлагыг харахын төлөө
эрчим хүчнийхэн сэтгэл нийлж ажилласанд баярлаж байгаа. Англид гэхэд ийм бүтээн
байгуулалтыг зуун жилд нэг удаа л хийдэг. 1965 онд Англид хийсэн хардверийг өнөөдрийг
хүртэл зарж байна. Барууны технологийг бид
маш их өөрчилсөний эцэст, өчнөөн зардал гаргаж байж хөрсөндөө буулгадаг.
Жишээ нь программ хангамжийн нэг төхөөрөмж авахад л 4000 ам.доллар. Тэр тэр төхөө­рөм­жийн
өөрийн өртөг нь 30 ам. доллар. Газын бойлуурт байгаа электроникийн хавтангийн өөрийн
өртөг нь 30 ам.доллар. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг зах зээл дээр 300 ам.доллараар
зарж байна. Бид 4000 ам.доллараар юм худалдаж авч байж яаж 30 доллартай өрсөл­дөхөв.
Миний хувьд тэрийг нь 30 доллар биш 10 доллараар хийчих­сэн. Үлдсэн нь бидний оюуны
ашиг. Дэлхийн хэрэглэгч болж байгаагаа
IT-гийн бизнес Монголд хөгжсөн гэж ярьдаг нь хөгжил биш л дээ.

-Таны бүтээлийг амьдралд хэрэгжүүлэхэд өртөг шаардах уу?

-Дахиад дөрвөн жил сууж бү­тээн байгуулалт
хийхгүй. Нэгэнт схем, хардвэр, софтвэр нь
бат­лагд­сан. Хавтангаа янзалж, гагнаж туршаад тавихад хэдхэн сарын хугацаа хэрэгтэй.

-Эрчим хүчний станцуудад системээ
суурилууллаа. Өндөр технологийн системийг тэгээд хэн ажиллуулах вэ?

-Характерийг нь бид өөрсдөө тодорхойлохоос
аргагүй. Бид гэдэг нь хувийн институт. Түүнээс биш агентлаг тодорхойлоход хэцүү.

-Оюуны өмчөө хамгаалах талын юм
хийсэн үү?

-Ази, Америкийн патентаа хам­гаалдаг
хоёр янзын аргын нэг нь нэр. Нэгдүгээрт би NаNyam гээд өөрийнхөө нэрээр хамгаалчихаж
байгаа юм. Хоёрдугаарт технологи нь өөр. Минийхийг салгаж аваад англичуудын ТЭЦ-4-т хийсэн гене­ра­торт залгаад 50, 60 герц
өгөхөд бүгд ажиллана. 100-200-г өгөхөд Английнх ажиллахгүй, харин ми­нийх ажиллаж
байх жишээтэй. Схем нь огт өөр гэсэн үг. Манайхан гаднаас хуулаад тавья гэдэг. Тийм боломж байхгүй. Гадны компаниуд юу гэж хоол
олж байгаа юмаа дэлгэх вэ дээ. Харин их, дээд сургуулийн багш, оюутнууд нь өөрсдийгөө сурталчилж юмаа тавьдаг. Үйлдвэрт хэзээ ч байж болохгүй хүүхдийн тоглоом маягийн стандарт бус схемүүд
байдаг.

Англичуудын хэмжээний бүтээлийг
монгол залуу хий­чих­лээ гэж ойлгож байна. Одоо бүтээлээ мөнгө болгох хэрэгтэй.
Жишээ нь Англи бүтээлээ яаж мөнгө болгодог юм бэ?

-Англичууд хардвэр, софт­фэ­рийг зохион
бүтэж байгаа техно­логи, ноу хаугаа стандарт
болго­дог. Тэр стандартыг нь америк мэдэхгүй болохоор худалдаж авъя гэдэг.
Англичууд мэдээж зарахгүй, 2000 паундаар үнэлчихдэг. Аме­рик­чууд жил бүр 2000 паунд
ту­шааж лицензээ сунгуулж мөнгөө үрэхийг хүсэхгүй. Англи инженер­тэй гэрээ хийгээд
бүх технологио өгдөг. Гэрээ хийсэн англи инженер Америкийн софтвэр, хардвэрийг Английн стандартад хөрвүүлдэг. Хасахыг нь хасч,
өөрчлөхийг нь өөрчлөөд. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалдаг бамбай бол стандарт. Гэтэл бид евро стандартыг нутаг­шуулна
гэж яриад байдаг. Энэ ажлыг эхлүүлсэн хүн бол
оюутны гэмт хэрэг хийснээс ялгаагүй. Дэл­хий стандартаараа өрсөлдөж бай­хад
бид бамбай, сэлэмгүй нүцгэн гараараа тулалдах гээд байна л даа. Үнэхээр Евро стандартыг авчих юм бол энд байгаа бүх үйлд­вэр
хаагдаж бүгдийг европоос авна гэсэн үг. Европоос Герман, Франц хоёрын үйлдвэрлэл
асар хурдтай өсч байна. Стандарт нь тэр хоё­рынх учраас өсч байгаа юм. Нөгөө­дүүлээ
хэрэглэгч болгочихсон гэсэн үг.

-Тэгвэл таны бүтээсэн ноу хаугаар
мөнгө олох ямар боломж байна. Мөнгө олохын тулд Монгол яах ёстой вэ?

-Стандарт гэдэг бол миний хардвэр,
софтвэр зохион бүтээж байгаа ноу хау. Энэ ноу хауг “Ма­найх ийм стандарттай болчихлоо.
Гаднаас юм оруулж ирж болно. Гэхдээ тэрийгээ монгол стандарт руу оруулаад зарж болно”
гэчихвэл мөнгө олоход асуудалгүй. Англид
ийм дүрэм үйлчилдэг. Капиталист улс импортоо
ингэж хамгаалдаг. Америк Англид жил бүр их мөнгө төлөлгүйгээр англи инженерийг хөлсөлдөг
гэж ярьсан даа. Яг тэрэн шиг LG утсаа манайд заръя гэвэл надад
бүх технологио өгнө. Манай инженерүүд тэрийг нь хасахыг нь хасч, сайжруулахыг нь
сайжруу­лаад Монголдоо хийнэ. Гэхдээ LG гэсэн нэрээрээ гарна. Англи ингэж хөгжиж байна.

-Таны бүтээсэн системээр дэлхийн
хэмжээний өрсөлдөг­чид гэвэл хэн байна?

-Миний удирдлагын системийн генераторын
бизнест гэхэд дэл­хийд хоёрхон монополь компани бий. Нэг нь Английнх, нөгөө нь Америкийнх.
Энэ хоёр зах зээл дээр өрсөлддөг. Монополиор байлд­даг. Дээд сургуулийн док­торууд
капитализм чөлөөт өрсөл­дөө­нөөр хөгждөг гэдэг. Үнэн хэрэг­тээ импортоо хамгаалж
байж, ху­вийн компаниуд нь улсынхаа за­хиалгаар юм хийж, улс нь моно­полио дэмжиж
байж хөгждөг.

-Засгийн газар “манайх ийм стандарттай”
гэсэн шийдвэр гаргачихад л болно гэсэн үг үү?

-“Манайд ийм стандарт байна, өөр стандартаар
бүтсэн софтвэр, хардвэрийг оруулахгүй” гээд
хууль гаргачихна гэсэн үг. Гэхдээ тэр нь улсын биш хувийн өмчид байна. “Хайнз” гээд
кетчуп бий. Технологи нь нэг номер. Тэрний стандартыг Засгийн газраас нь хүлээн
зөвшөөрч муу кетчупыг хорьж 30 жил монополдсон. Ингэж оюуны өмчийг дэмжиж хамгаалдаг.
Барууны юм чанартай гэдгийн гол нууц нь энэ. Гэтэл бид ардчиллаа эхлэхдээ Америкийн профессорыг авчраад заавраар нь явчихсан.
Америкт очоод профессоруудтай нь уулзахаар амьдралаас тэс өөр чөлөөт өрсөлдөөн гэж ярьдаг. Үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүстэй
нь уулзаад асуухаар “Мэддэггүй нь хичээл заадаг, мэд­дэгүүд нь үйлдвэр дээр ажилладаг”
гэж байгаа юм. Үйлдвэрлэлийн процесс гээд байгаа нь энэ.

-Шилдэг эрдэмтний шагнал аваад
удаагүй байтал төрийн соёрхолт инженер болчихлоо. Засаг үнэлж байгаа болохоор боломж
олгох байх. Ямар нэг зүйл амласан уу?

-Инноваци гээд гаднаас орж ирдэг импортын
олон тэрбумын захиалгаас хийж чаддагаа ав гэсэн.

-Залуу хүн ийм амжилтад хүрлээ. Ингэхсэн тэгэхсэн гэсэн хүсэл буцалж байгаа биз дээ?

-Бүх инженерүүд маань Анг­лийн сениор
инженерийн түвшинд бүгдийг хийж эхэлнэ. Бүх
зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулна. Тэгээд ирвэл Обамад таалагдана. “Овоо доо, энэ
монголчууд чинь арав, хорин тэрбум доллар хаячихад дотроо шингээгээд авах чадвартай
болчихлоо” гэж олзуурхана. Хувийн институт хийгээд ирэхээр Обама ойлгож эхэлнэ.

-Обамад таалагдвал яана гэж, сайн
ойлгосонгүй?

-Барууны өндөр технологийг сайжруулаад
зохион бүтээчихээр геополитикийн хувьцаагаа авах боломж нээгдэж байгаа юм. Геопо­литикийн
хувьцаа гэдэг нь Орос Хятадын хөрш улс орнуудад
АНУ үнэгүй олон арван тэрбум доллар өгч Орос Хятадын хараат улс бо­ло­хоос
урьдчилан сэргийлдэг. Жишээ нь Швед, Тайвань байна. Гэхдээ энэ хувьцааг авах хоёр
нөхцөл байдаг. Барууны техноло­гийг өөрсдөө үйлдвэрлэдэг байх, улс төр эдийн засгийн
тогтолцоо нь ухаалаг энгийн автоматаар хөгждөг систем байх гэсэн шалгуур нөхцөл
байдаг юм. Шингээх техникийн болон улстөрийн боломжийг нь харж байж өгдөг л дөө.

-Улс төр, эдийн засгийн тог­тол­цоо
нь ухаалаг, энгийн, авто­матаар хөгждөг гэдэг нь…?

-Капиталист бол автоматаар хөгждөг
тогтолцоо. Саяхан Горба­чёв, Тетчер хоёрын үерхлийн талаар баримтат кино үзлээ.
Гор­бачёв эхлээд Тетчерийг өрөөндөө оруулж
байгаа юм. Баахан бичиг цаас, бөөн ажил ундарсан өрөө. Тетчер нөгөөхөө магтаад,
нөгөөх нь аймаар ажилтайгаа яриад. Эмэгтэй хүний дотуур хувцасны загвар батлахад
хүртэл санаа оноогоо нэмэрлэж, баталж гарын үсэг зурс­наа хүртэл ярьж байгаа юм. Дараа нь Горбачёв Тетчерийн өрөөнд орсон чинь
үзэг, цаас, бүр тамга ч байхгүй цомхон өрөө угтдаг. Ер нь Английн компаниуд тамгагүй.
Зөв­хөн гарын үсэг л байдаг. Тэгсэн хэр нь эдийн засаг нь автоматаар буцалж байдаг.
Горбачёв үүнийг нь хараад “Ямар ухаалаг юм
бэ” гээд өөрөөсөө ичсэн байдаг. Баруу­ныхан Орос, Монголчуудыг одоо ч гэсэн тэр тогтолцооноосоо салаа­гүй гэж
ярьдаг. Сүүлийн үед Зас­гийн газрын зарим сайд нар “Төр мэдлэгтэй, мэдлэггүй хүмүүсээ
шалгах гэдгээ больё, зах зээл шалгана” гэж ярьдаг болсон. Үнэ­хээр зах зээл л шалгадаг. Энэ ухаалаг системийг
Горбачёв сүүл­дээ ойлгоогүй хаясан л даа. Уг нь бол ардчиллын хоёр дахь хувьсгал
байгаа юм. Инженерийн агентлаг­гүй болоод
хувийн хэвшлийнхэн хийгээд эхэлбэл автоматаар хөг­жөөд ирнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт огт хамаагүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС…“Буян” компанийн захирал Б.Жаргалсайха нтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


МАХН, МҮАН-ын хуралдааны үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцсан юм.


-Та МАХН, МҮАН-тай нэгдэж байгаагаа сая албан ёсоор зарлах шиг боллоо?

-Нэгдээгүй шүү дээ. Энэ хоёр нам холбоо
байгуулж байна. Сонгуулийн хуулиар өр нь эвсэл байгуулах ёстой юм.
Тэгэхээр энэ холбоо яваандаа эвсэл болох байх л даа.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан,
Б.Жаргалсайхан гурав хамтдаа гуравдагч хүчин болох ёстой гэж ярилаа. Ер
нь та гурвын хамтын ажиллагаа хэзээнээс эхэлсэн юм бэ?

-1999 оноос эхэлсэн. М.Энхсайхан,
Н.Энхбаяр хоёрын хувьд тэр үеэс л улс орны төлөө явж байгаа хүмүүс.
М.Энхсайхан бол Ерөнхий сайд, Шадар сайд хийж явсан хүн. Н.Энхбаяр
даргын хувьд өндөр албан тушаалуудыг бүгдийг нь хашсан. Тиймээс тэдний
хувьд улс төр шинэ биш. Энэ улс төрийг асар их туршлагатай хүмүүс
цэгцэлж чадна шүү дээ. Түүнээс биш шинэ хүмүүс гэнэт гарч ирээд улс төр,
эдийн засгийн амьдралыг ойлгох гэвэл цаг хугацаа алдана. Ямар ч хүн
алдаж л байдаг, онож л байдаг. Тэр утгаараа энэ хоёр хүн урьд нь хийж
чадаагүй зүйлээ жирийн ард түмний дунд орж харсан болов уу. Тиймээс
гуравдагч хүчин улс төрд гарч ирснээр нийгмийг илүү хөгжүүлнэ.

-Та ч гэсэн өнгөрсөн хугацаанд жирийн иргэдийн дунд орж энэ хоёр шиг их зүйлийг ухаарав уу?

-Бүгд найрамдах намын хувьд төрийн
эрхийг хэзээ ч авч байгаагүй шүү дээ. Өнгөрсөн хугацаанд манай нам
Монгол хүн гэдэг мөрийн хөтөлбөр гаргаж байлаа. Хүн болгонд боломж
олгоё, та бол хийж бүтээж чадна, төрийн албан хаагчдын цалинг нэмье,
бизнесийн орчныг сайжруулъя гэсэн хөтөлбөр дэвшүүлж байлаа. Гэтэл үүнийг
энэ хоёр намхуулчихаад явж байна. 2004 оны сонгуульд аль нам нь ямар
мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсныг сонины хуудаснаас эргээд нэг хараарай.
Бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө одоо сонгуульд орно.

-Та нарын амнаас гарч байгаа
үгийг сонсоод байхад төрийн эрх мэдлийг хүчээр авах гэж байгаа мэт
ойлгогдоод байна. Хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсэх вий гэхээс
иргэд эмээж байгаа тал бий?

-Манайхан эмх замбараагүй байдал үүсгээд
яасан юм. Болоогүй юмны төлөө л айгаад байх юм. Юунаас нь айгаад байгаа
юм. Зүгээр л нэг жирийн дарга нар ажлаа өгөх тухай ярьж байна. Японы
Засгийн газрын нэг гишүүн буруу үг хэлснийхээ төлөө маргааш нь огцордог
биз дээ. Харин ч манай ард түмэн аливаа асуудалд их тайван, уужуу
ханддаг шүү дээ. Дарга нар л ямар ч зүйлд замбараагүй байдаг. Ийм
замбараагүй дарга нарыг ажлыг нь өгүүлэхэд улс орон бужигнаад байх юм
байхгүй.

-Гэхдээ Монголын ардчиллыг бусниулахаас зарим хүн болгоомжлоод байх шиг байгаа юм?

-Ардчиллыг хоёр, гуравхан хүн өөрсдөдөө
тохоод байж болохгүй. Ардчилал гэдэг бол ард түмэн, эрхээ эдлэхийг л
хэлж байгаа. Тиймээс бид ардчилагч, бусад нь биш гэдэг жүжгийг дуусгах
хэрэгтэй.

-Та С.Батболдыг Ерөнхий сайд
болоход бизнесмэн хүн гарч ирлээ гээд дэмжиж байсан. Харин өнөөдөр
муулаад сууж байна. Таны байр суурь дандаа ингэж холбирч байдаг юмуу?

-Би С.Батболдод ямар ч өр ширгүй Мөн
түүнд хэзээ ч долигнож, зусардаж гүйгээгүй. Тэгээд ч энэ улс орныг
зөвхөн С.Батболд удирдаагүй. Түүний ард бүхэл бүтэн нам нь удирдаж
байна. С.Батболдод чаддаг юм байна, бас чадахгүй ч зүйл байна. Гэхдээ
түүний хийж чадахгүй зүйл олон байгаа учраас одоо эсэргүүцэж байгаа юм.

-Та Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёртой их тэрсэлддэг байсан байх аа. Одоо ингэтлээ магтаад байгаа чинь долигонож байгаагийнх юм уу?

-Н.Энхбаярын ОХУ-д өгөх ёстой байсан
Монголын өрийг дарсан. Мянганы замыг эхлүүлэхэд нь хүмүүс Мянгуужингийн
үлгэр гэж доромжилдог байсан шүү дээ. Тэр үед нь дэд бүтцээ хөгжүүлэх
хэрэгтэй гэж дэмжиж байсан хүн нь би. Тэр үеийн сонин хэвлэлийг унш.
Байж л байгаа. Хэрэв их өрийг тэглээгүй бол одоогийн Оюу толгой, Таван
толгойн орд, “Эрдэнэт” үйлдвэрийг ОХУ авах байсан шүү дээ. Үнэндээ бид
ямар ч толгойгүй хоцрох байсан юм. Энэ аюулаас хэн аварлаа.

-Гэхдээ Бүгд найрамдах нам
дангаараа явбал үнэхээр хүч хүрэхгүй гэж үү. Заавал Н.Энхбаяр,
М.Энхсайхан хоёрын нөмөр нөөлөгт багтах хэрэгтэй байсан юм уу?

-Улс орныг хөгжүүлнэ гэдэг чинь ганц
намын асуудал биш. Олон намын тогтолцоотой үед олуулаа байвал ямар ч
ажил үр дүнд хүрнэ. Тиймээс ийм шийдэлд хүрч байгаа юм. Энэ хоёр намтай
эвсч байгаа нь эмзэглээд байх зүйл биш ээ. Ямар Хятадын Коммунист намтай
нийлж байгаа биш дээ. Хойд Солонгосын коммунист намтай нийлчихэж байгаа
биш. Гитлерийн нацист намтай нийлсэн биш. Өнөөдрийн Монголын нийгмийг
Н.Энхбаяр ийм болгочихсон гэж хэлэхгүй юм байгаа биз дээ.

-Ийм байдал руу оруулсан л гээд байгаа шүү дээ?

-За за. Тэгвэл яахав дээ. Энэ төөрөгдлөөсөө салах цаг ирэх байлгүй дээ.

-Та нарын ярьж байгаа зүйлээс коммунизм үнэртээд байгаа юм биш үү?

-Тийм үү. Хэн хэлээд байгаа юм. Үгүй.
Ард түмэн ядуу байна. Амьдрал нь хүнд байна. Залуучууд ажилгүй байна.
Цалин дэндүү бага байна. Дээгүүр авлига, хулгай, луйвар их байна. Төрийн
мөнгийг дур зоргоороо идэж ууж байна. Хариуцлага тооцдог тогтолцоо
алга. Бүтээн байгуулалт өрнөхгүй байна. Энд юу коммунист, фашизм
үнэртээд байгаа юм. Бид амьдрал ярьж байна. Баабар яривал капиталист
болчихсон уу. Бусад нь юм яривал коммунист болчихдог юм уу. Наадахаа
болио. Үүнийг чинь үзэл суртал гээд нэрлэчихье.

-АН хамтарсан Засгийн газраас гарсан үйл явдалд ямар дүгнэлт өгч байв?

-Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв
гэгч гэдэг үг бий. Анхнаасаа хамтарсан Засгийн газрыг байгуулах хэрэггүй
байсан. Одоогийн МАН хуучнаар МАХН тэртэй тэргүй олонхийн дэмжлэг авсан
бол хариуцлагаа үүрээд ажлаа хийх байсан. Тэгээд түүний үр дүнг
сонгуулиар дүгнүүлэх байсан байхгүй юу. Гэхдээ одоо АН хамтарсан Засгийн
газраас гарсан ч гэлээ ард түмэн ирэх сонгуулиар энэ хоёр намд тус
тусад нь үнэлгээ өгөхгүй. Хүссэн хүсээгүй хамтад нь дүн тавих болно.
Үүгээрээ АН-ын гишүүдийг бүхэлд нь муу хэлж байгаа юм биш. АН-д эрүүл
саруул ухаантай шударга хэсэг бүлэг бий.

-Мөн саяхан Сонгуулийн тухай хуулиа шинэчиллээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Өдөр ч биш, шөнө ч биш, өөх ч биш,
булчирхай ч биш гэдэг шиг тийм хууль болсон. Энэ дэлхий дээр манайх шиг
ийм Сонгуулийн хуультай орон байхгүй. Холимог тогтолцоо ч гэнэ үү.
Дэлхийн ядуу улс орнууд мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулдаг.
Харин өндөр хөгжилтэй, соёлтой орнууд пропорциональ тогтолцоог сонгодог
юм. Намаа сонгодог, түүний хариуцлагатай гишүүдийг улс төрд оруулдаг.
Ийм зүйл манайд байхгүй учраас ямар ч хамаагүй хүн сонгуулиар гарч ирж
байна шүү дээ.

-Гэхдээ Сонгуулийн тухай хууль
гуравдагч хүчнийхэнд ашигтай. Босго хувийг тав болгосон нь парламентын
гаднах намуудыг УИХ-д орж ирэх боломжийг нээсэн юм биш үү?

-Сонгуулийн хуульдаа биш ээ. Дэлхийн
монголчууд гуравдагч хүчнийг сонгоно гэж байна лээ. Одоо эрх барьж
байгаа хоёр намд саналаа өгөхгүй. Интернэтээр ороод үз л дээ.

-Та илтгэлдээ. Энэ Сонгуулийн
хууль бидэнд зөвхөн нүдээ цавчих л эрх олгож байна гээд байсан. Өнгөрсөн
сонгуулиар та иргэдэд ноолууран цамц тараасан гэдэг байх аа. Тэгэхээр
энэ сонгуулиар юу ч өгч чадахгүй болчихоод байна уу?

-Би бусдын зүйлийг хулгай хийж
тараагаагүй. Өөрийнхөө хийсэн зүйлийг хэнд тараах нь миний хэрэг. Ер нь
мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт огт хамаагүй.
Олсон зүйлээ ах, дүү монголчуудтайгаа хувааж идэх болно. Би гэмт хэрэг
үйлдээгүй. АН, МАН хоёр Сонгуулийн хууль батлагдахаас өмнө амжаад зөндөө
юм тараачихсан шүү дээ.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан та гурвыг төрийн эрхийг аваад одоо ярьж байгаа шигээ сайхан ажиллана гэсэн баталгаа бий юу?

-Байгаа. Бидэнд арвин их туршлага байна.
М.Энхсайхан бол ардчилсан төрийг эмхлэн байгуулах ажлыг анх хийсэн.
Төрийн аппаратыг цомхотгоё гэж зүтгэж байсан. АН-ыг хоёр ч удаагийн
сонгуульд ялуулсан шүү дээ. Н.Энхбаярын хувьд Монгол Улсын төсөв 500-хан
сая ам.доллар байх тэр хэцүү үед төрийг удирдаж явсан хүн. Бүр Мянганы
замыг тавьж байсан. Түүний үед улс орон одоогийнх шиг ийм замбараагүй
байгаагүй. Махны үнэ 500-хан төгрөг байлаа шүү дээ. Тодорхой жишээ
дурдвал их байна. Гэтэл одоо улсын төсөв арван миллиард болчихоод байхад
мах ямар үнэтэй байгааг хар даа.

-Та өөрийгөө хэлсэнгүй?

-Би тэдэнд итгэж байгаа учраас холбоо байгуулахыг нь дэмжиж байна.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын
үед нэг хүний дарангуйлал тогтож, авлига цэцэглэсэн гэдэг. Та нар төрд
гараад ирвэл энэ үеийг эргээд авчрах юм биш биз дээ?

-Мэдэхгүй. Н.Энхбаярын үед парламент
Монгол Улсын хуульд хяналт тавьдаг байсан. Н.Энхбаярын үед маш олон
бизнес эрхлэгч төрсөн. Түүний үед одоо хошгороод, хашгираад хүн
доромжлоод байгаа МАН-ын нөхдүүд дарга болсон. Үгүй гээч. Тэд яагаад
дарга болсон юм. Цэрэг болоод мөлхөөд явж байхгүй яасан юм.

-Та нарын ярьж байгаа бүхнээс
нэг заналхийлэл мэдрэгдээд байна. Магадгүй та нар төрийн мэдлийг авсан
тохиолдолд өс хонзон авахаас өөр ажил хийх үү?

-Хулгайч хүн хаана байх ёстой вэ.

-Шоронд.

-Өөр асуудал байхгүй. Энэ хүмүүс хулгай
хийгээгүй бол сайн л байна. Монголд өнөөдөр дарангуйлал үүсчихээд байна
шүү дээ. Иргэд засаг төрийг шүүмжилбэл элдвээр дарамталдаг ийм үе чинь
одоо явж байна. Үүнийг бид өөрчилнө.

Я.Мөнгөнцэцэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ш.Сүхбаатар: Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2014 ОНЫ АРХИВААС… Хууль зүйн ухааны док­тор Ширчингийн Сүх­баатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Юм бүрт урагш давшилттай байваас юуг ч бүтээж
чадна. Монгол төрийн жо­лоог ухаалгаар удир­дан залж явсан Жамс­рангийн Самбуу гуай
ингэж хэлсэн бай­даг билээ. Түүний амьд­ралын хуудсууд хий­гээд төрийн албыг ямар
сайхан төвшин нуруулаг хашиж яв­сан тухай түүхийг “Мон­гол төрийн мэргэн өвөө” ном өгүүлдэг. Номын зохиогч, Хууль зүйн ухааны док­тор
Ширчингийн Сүх­баатар­тай ярилцлаа.


-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Сам­буу
гуайн талаар бичсэн “Монгол төрийн мэргэн өвөө” ном тань хоёр дахиа хэвлэгджээ.
Ингэхэд та Ж.Самбуу гуайн талаар хэдийнээс сонирхож эхлэв?

-Би 1982 оноос энэ мундаг хүний
талаар су­далж эхэлсэн гэхэд болно. Миний багад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу
гуайн талаар маш сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон
аман түүхээ “Мон­гол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн л
дээ. Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон
хоёр дахь хэв­лэлээ одоо гаргаж бай­на. Ж.Самбуу гуай на­сан туршдаа тавин жил тасралтгүй
төрдөө алба хашиж ирсэн хүн. Анх хо­шуу тамгын хавсраа бичээчээс, Сангийн яамны
тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг байхад нь анхны
дарга, бас Өмнөговь аймгийн анхны дарга бай­лаа. Орон нутагт төр төвхнүүлэх ажлыг
хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлт­сийн дарга, дараа нь Гадаад
яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар
суусан дипломат хүн. Мон­гол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг
со­нир­хон судлах бүх ухаад барш­гүй уурхай шиг арвин баримтууд олддог юм даа. Энэ
бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн.

-Ж.Самбуу гуай өөрөө мал аж ахуйн талаар олон ном бичсэн байх
аа?

-Тиймээ. Ж.Самбуу гуай малчин,
мал сүрэг хоёртоо амиа тавьдаг хүн байсан юм билээ. Тэр чанар нь олон ч ном бүтээлээс
нь харагддаг. “Ардын нүүд­лийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх арч­лалт арга маягийн
сэ­дэв” гэдэг номоо анх 1935 онд хэвлүүлж байсан. Түүнээс хойш 1937 онд “Малчны
туршлага”, 1945 онд “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга,
сургааль” зэрэг номуудыг нь нэр­лэж болно. Ж.Самбуу гуай эдгээр номоо бичи­хийн
тулд хуучнаар Д.На­цагдоржийн хөшөө байсан саруулхан дэнж дээр олон цагаан эсгий
гэр бариулаад Монгол орны бүх бүсээс шалгарсан
сайн малчид цуглуулж, тэдний ярьсан яриа болгоныг тэмдэглэж авсан байдаг юм. Ингэхдээ
уйгаржин монгол бичгээр 108 хуудас хөтөлсөн тэмдэглэл ч бий. Ийм хашир малчдын мал
маллах арга ухааныг өөрийн төрөлхийн ухаан­тайгаа нийлүүлэн сайн сайн номуудаа бүтээсэн.
Эдгээр номууд бол мал маллах ухааны ёстой л шижир тунгаамал гэсэн үг. Ж.Самбуу гуай
мал аж ахуйн талаар томоохон эрдмийн зэрэг цолгүй ч цолтой юм шиг юм бү­тээсэн хүн.
Энэ тухай Академич Б.Ширэндэв гуай дурссан байдаг юм. “Танд академич цол өгье” гэж
эрдэмтэд санал тавихад Ж.Самбуу гуай “Би
төрийн том алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй юм билээ.

-Түүний талаар хү­мүүс ер нь юу ярьдаг юм бол?

-Ж.Самбуу гуайн тө­рийн хүний
төвч ухаан, ноён нуруу, зангаргийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурсдаг. Ю.Цэдэнбал
дар­га гэхэд “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” гэж
онож хэлсэн. Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг
чанарыг хүндэтгэдэг” гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу
даргын ард түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг
эрхлэх ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрх­гүй
татаж чадсан билээ” гэж хэлсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн Ж.Самбуу гуайн хэлж байсан
сэтгэлд хоногшим үгнүүд энэ номд орсон. Тэрбээр монгол эр хүний жудагтай, хүнтэй
нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөчихдөг эр байж. Дэлхийн хоёрдугаар дайны үед гадаадын
Элчин сайд нар Москвагаас хол­дож, зарим нь нутаг буцаж байхад Ж.Самбуу гуай “Үхэвч
сэхэвч хамт” гэж хэлээд үлдсэн. Тухайн үед Оросын ард түмэн түүний энэ чанарыг ихэд
үнэлж дайны дараа Монголын Элчин сайдын яамыг Москвагийн төвд байгуул гэсэн шийдвэр
гаргаж байсан түүхтэй. Бас Хойд солонгосчууд Самбуу гуайг маш их хүндэтгэдэг байж.
Ким Ир Сен Монголд ирэхдээ “Ж.Самбуу даргын хүүхдүүд хаана байна” гэж сураглаж байсан
удаатай.

2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн
өргөө гэрийг босгоход Ж.Самбуу гуайн нэр төрөөр зарим зүйл нь бүтсэн гэдэг. Монгол
төрийн уламжлалыг шингээсэн ёслол хүндэтгэлийн гэрийн хөшгийг 26.8 метр урттай магнаг
торгоор хийхээр анх тооцоолж. Энэ дагуу Энэтхэгт суугаа Элчин сайдын яаманд хэлтэл
төсөвлөсөн мөнгөнөөс нь 30 дахин өндөр үнэ хэлж, ингээд зээгт наамлаар хийх гэ­тэл
бас өндөр үнэ сонсож. Тэгэхээр нь ардчилсан Солонгосын Элчин сайдад хандсан юм билээ.
Элчин сайд нь “Самбуу гуай бол бөмбөгдөлтийн үед биднийг орхиогүй. Жаргал зовлонгоо
хуваалцсан хүн. Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод тусалъя” гэсэн. Энэ дагуу 150
хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний гэрийн хөшгийг хатгаж
өгсөн байгаа юм. Тус улсын ханшаар анх төлөвлөснөөс 10 дахин өндөр зардал гарах
байсан ч хамгийн хямд үнээр нь хийж өгсөн гэдэг юм. Ингэж Ж.Самбуу гуай өнөө байхгүй
ч үлдсэндээ хэрэг болсоор байгаа хүн.

-Монгол төрийг 20-иод жил удирдаж явсан энэ эрхмийн талаар
судалсан таны хувьд “Ж.Самбуу гуайн жишгээс хара­хад төрийн хүн ийм л байх ёстой”
гэх бодол байгаа байх…?

-Монголын төрд Сам­буулаг хүнийг
олон болгох хэрэгтэй гэж сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн надад хэлж байсан юм. Би
түүнтэй санал нэг байна. Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж
хашдагийн үлгэр жишээ бол Ж.Самбуу гуай юм. Москвад олон жил Элчингээр суугаад ирэхдээ
барьж явсан хоёр чемодантайгаа буцаж ирж.
Тэгэхэд Х.Чойбалсан “Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн та­лаар Элчин Самбуу
шиг бай” гэж нам улсын хариуцлагатнуудад хэлж байсан юм билээ. Ерөөсөө тийм шуналгүй
хүн байсан хэрэг л дээ. Тэрбээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга байхдаа Улаанбаатар
хотын захиргаанд орон сууц хүссэн өргөдөлдөө
“Нэг өрөө байр олгоно уу” гээд Ард Самбуу гээд гарын үсгээ зурчихсан байсан
гэдэг. Ж.Самбуу гуай шиг албан тушаалтай хүмүүс тухайн үед бариг­даж буй барилгаас
дураа­раа авдаг байсан цаг шүү дээ. Харин Ж.Самбуу гуай бол асуудалд ийм л хүндэтгэлтэй
ханддаг байж. Нэг удаа Цэндийн Дамдинсүрэн гуай түүнд гадагшаа цагаачлах хү­сэлт
тавьж л дээ. Тэг­сэн Ж.Самбуу гуай “Дам­динсүрээн наадах чинь хороон даргын чинь
шийдэх асуудал байна” гэж. Хороон дарга нь шийдээгүй байхад дээрээс Их хурлын дарга
оролцож аливаа асуудлыг шийдэж болохгүй юм гэдгийн жишээ энэ. Ж.Самбуу гуай хүний
үгийг тэвчээр­тэй сонсдог. Тэгээд бодож байгаад цөөн үг хэлдэг хүн байжээ. Төрийн
албаны зангаргаараа улс орноо, ард түмнээ бодсон шийдвэр гаргадаг байв.

Аливаа асуудалд Монголоо, монгол
хүнээ юун түрүүн боддог байж. Жамбалдоржийн “хар тогтоол” гэж нэрлэгдэж байсан Социалист
өмч үрэгдүүлж, хулгайлсан хүнийг цаазаар авах тухай асуудал Их хурал дээр орж ирэхэд
Ж.Самбуу гуай “Хүнийг айлгах цаасан буу хэрэгтэй ч, монголчууд угаас цөөхөн хүнээ
л гамнах юмсан” хэмээн хэлсэн байна. Мөн ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд улсын баатар
цол олгох тухай асуудал зохих шатанд яригдаад Их хурлын түвшинд шийдэгдэхээр орж
ирэхэд Ж.Самбуу гуай “Монголд баатар эмэгтэй төрсөн билүү” гэж байсан. Үнэхээр Монголд
улсын баатар цол өмнө нь эмэгтэй хүнд олгож байгаагүй аж. Ингээд анх Түвдэнгийн
Борыг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нөхөн шагнаж, анхны эмэгтэй баатар болгож
байжээ. Ж.Самбуу гуай бол аливаад ингэж л ханддаг хүн байлаа. Түүний шинж чанарыг
харахад төрийн хүн яг түүн шиг байх ёстой. Төрийн хүн гэдэг бол аливаа юмны дүн
нуруу, голыг нь олоод шийдчихдэг юм байна. Иргэн хүндээ энэрэлтэй, зөөлөн сэтгэлээр
хандаж, тавьж байгаа асуудлыг нь аль болохоор шийдэж өгөхийн төлөө төр ажилладаг
юм байна. Төрийн ажил бол ихэмсэглэл, бардамналын ажил биш гэдэг нь харагддаг. Харамсалтай
нь өнөөгийн манай зарим төрийн албан хаагчид иргэддээ үйлчилж, тэдний төлөө ажиллана
гэхээсээ илүү өөрийгөө боддог нь нууц биш. Ж.Самбуу гуайн нэг ийм сургаал байдаг
юм. “Төрийн алба хаагч хүн амнаас гарах
хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад хэцүү.
Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Төвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг нь сонсохын
тулд нүд рүү нь хар гээд дандаа мэргэн үг хэлдэг байсан юм билээ. Хүрз зээтүү барьж,
малын шивтэр бууц үнэрлэж байж төрийг удирдах хүн болно. Тиймээс төрийн том албанд
хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд хүнийг бэлтгэхдээ ийм зарчим
барьж бай” гэдэг байсан юм билээ.

-Ж.Самбуу гуайн гэр бүлийнх­нийх нь талаар сонирхуулахгүй
юу. Одоо үлдэж хоцорсон ямар хүмүүс байна?

-Ж.Самбуу гуай түүний гэргий Нямаа
гуай нар төрүүлсэн үр хүүхэдгүй ч тэд олон хүүхэд өргөн авч, гарыг нь ганзаганд,
хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн ачтай буянтай хүмүүс. Хэдий тийм боловч Ж.Самбуу
гуайд төрсөн хүүхэд нь байсан юм билээ. Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад нь тэр
хүүхэд нь уулздаг, өргөмөл хүүхдүүдтэй нь
ойр дотно байсан тухай шинэ баримтыг энэ номондоо оруулсан. Ж.Самбуу гуай 1923 онд
Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зааг Булгуудын хэцийн Цэвэгжав
гэдэг эмэгтэйтэй үерхэж байсан юм билээ. Ингээд тэдний дундаас Цэнд охин нь төрж
л дээ. Тэрээр 1982 он хүртэл амьдарсан. Тэр аавтайгаа ойр дотно холбоотой байсныг
О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, түүний зээ хүү С.Ганбаатар нар нотолдог.

-Та охиных нь хүүхдүүдийг сураглаж үзэв үү?

-Ж.Самбуу гуайн зээ хүү С.Ган­баатар,
С.Баярсайхан гэж байсан. Харин С.Баярсайхан нь өөд бол­чихсон юм билээ. С.Баярсайханы
хүү Б.Батсайхан гэж залуу бий. Одоо Төмөр
замын холбоонд ажиллаж байгаа. Ер нь Ж.Самбуу
гуай төрсөн үр хүүхэдтэйгээ уулзаж, холбоо тогтооход гэргий Нямаа гуай их уужуу
ухаанаар ханддаг байсан гэнэ лээ. Тэдний өргөмөл хүү С.Сүрэнжав “Аавыг нас барахад
Цэнд эгч хамт байсан, түүний тухай ярихгүй
бол алдас болно” гэж хэлж байна билээ.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумын хүн. Нутгийнхан түүнийг Элчин Самба гэж дууддаг байсан гэдэг. Та ч бас
энэ сумын уугуул. Түүний тухай танд ямар дурсамж үлдсэн бэ?

-Миний багад Ж.Самбуу гуайн төрсөн
дүү, ах дүүс манайхтай нэг дор нутаглацгаана. Ж.Самбуу гуай төрийн том хүн гэхэд хөдөө нутагтаа очихоороо эгэл жирийн.
Мал хариулж, усалж, ан ав хийж ард олонтойгоо адил хүн байсан. Хүүхдүүдэд ховор
нандин чихэр боов тарааж өгдөг байлаа.
Түүнээс чихэр авч байсан хүүхдүүдийн нэг нь би. Ж.Самбуу гуайн дүү Ж.Гаажид гэж
байсан. Түүний охин Осоржамаагийн бага хүү А.Одхүү бид хоёр нэг ангид сурдаг байв.
Нэг хотноос сургуульдаа явна. 1967 оны үед санагдаж байна. Самбуу гуай намайг сургуульд
орохоос хэдэн жилийн өмнө Бүрэндээ ирэхдээ надад шар сүүлт янжуур тамхи шиг бал
өгч билээ. Ээж маань тэр балыг хадгалж байгаад намайг сургуульд ороход өгсөн юм.
Ж.Самбуу гуайн бэлэглэсэн балаар би анхны А үсгээ бичиж байсандаа ихэд бэлгэшээдэг.
Ер нь Самба гуай нутагтаа ирэхээрээ хүүхэд хөгшид гэж ялгахгүй бүгдэд нь юм өгдөг
байв. Тэр үед ховор байсан хулсан сам, толь зэргийг эмэгтэйчүүдэд өгнө. Эрчүүдэд морь сарлаг буюу коньяк зэрэг
ховор нандин архи авчирч өгдөгсөн. Тухайн үед хөдөө байшин савны хүрэлцээ ч тааруу
байж. Гадаа эсгий дэвсч нутгийн олноо суулгаж байгаад хурал хийдэг байсан. Ан ав хийлээ гэхэд агнасан ангийнхаа арьс үсийг
хоршоонд тушаагаад хамт явсан хүмүүстээ хувь тараагаад өгдөг хүн байсан юм билээ.

-Та ч бас төрд олон жил ажил­лаж байгаа хүн. Ж.Самбуу гуайгаас
үлгэр дуурайлал авдаг болов уу?

-Би төрдөө зүтгэж л явна. Ийм
хүний тухай ном бичихээр өөрийн эрхгүй бодогдох юм байлгүй яахав.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэж та дээр хэллээ.
Яавал төрд түүн шиг хүн олноор төрөх вэ?

-Төрийн албаны зөвлөл өөрийн­хөө
хууль эрх зүйн баримт бичгээ шинэчилж байгаа юм билээ. Тус зөвлөлийн гишүүн, доктор
Д.Даваа-Очир “Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал бий болгоё” гээд судалгаа хийлгэж байгаа.
Энэ нь төрд Сам­буулаг хүн олноор бий болгохын бодит санал санаачилга, эхлэл гэж
бодож байна.

-Энэ шагналыг ямар хүмүүст өгөх юм бол?

-Төрийн албаны хуулиар хүлээ­сэн
үүрэг, төрийн албан хаагч гэж ямар байх ёстой юм, тэр жишигт хүрсэн хүнд өгөх байх.
Яг үнэндээ өнөөдөр төрийн албан хаагчийг шагнадаг тухайлсан шагнал алга. Тиймээс
Ж.Самуу гуайн нэрэмжит шагнал бий болох байх.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Батболд: Яасан сүрхий амладаг эр вэ гэдэг үзүүлэлтээр аливаа улстөрчийг сонгодог үе ард өнгөрсөн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛДТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Ерөнхий сайд С.Бат­болд өн­гөр­сөн пүрэв гаригтӨдрийн сонинболон МҮОНТВ, TV5,
NTV, UBS, MN25
дугаар суваг теле­визэд цаг үеийн асуудлаар ярилц­лага өгснийг хүргэж байна.


МҮОНТВийн сэтгүүлч

Б.ОЮУНЧИМЭГ:

Яагаад ч юм сэт­гүүл­чид хүн­тэй ярилц­лага хийснийхээ төгс­гөлдСүүлчийн хормыг танд үлдээегэж хэл­дэг. Харин таны хувьд бидний зургаан сэт­гүүлч­­тэй уулзахдаа ямар асуудлыг чу­халчилж ярих ёстой гэж бод­сон бэ. Түүнээсээ яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Улстөрч­дөд ялан­гуяа Засгийн газ­рын тэргүүнд сэт­гүүлч­дээр юу асуулгахаа ший­дээд байх боломж тэр бүр олддоггүй. Харин өнөө­дөр надад ийм болом­жийг олгож байгаа та бүхэнд баярлаж, Зас­гийн газрын тэргүү­ний хувьд баяртай байна. Ерөн­хий сайдын хувьд ажлаа л ярих ёстой. Бид­ний ажил ард түмний амьд­­ралд хүрч байна уу, үгүй юу. Зөв ойлголт тө­рүүлж чадаж байна уу гэдгээ дүгнэх ёстой. Иргэ­дийн амьдралыг дээш­лүү­лэх чиглэлээр эдийн засаг, улс төр, нийгмийн хувьд ямар үр өгөөж өгч байгаа бол. Үүнийг тойр­сон ямар асуудал байна, түүнийг ярих ёстой гэж бодож байна.

TV5 телевизийн сэтгүүлч М.АМАРБАЯР:

Та Ерөнхий сайдын албыг аваад хоёр жил болох гэж байна. Оюу толгойн гэрээ бол хам­тар­сан Засгийн газрын хамгийн гол ажил бай­лаа гэж ярьдаг. Гэвч хүссэн хүсээгүй энэ гэрээг бай­гуулах аж­лын эхлэл С.Баярын Зас­гийн газартай салш­гүй хол­боотой байх жишээ­тэй. Тэгэхээр С.Батбол­дын Засгийн газрын ав­тор нь болох гол ажил юу вэ?

-Ер нь монгол төрийн үйл ажил­лагаа залгамж чанараа хадгалж байх ёстой.

Тэр агуулгаараа өмнөх Засгийн газруу­дын­хаа хийсэн ажлыг батал­гаажуулж боловс­ронгуй болгох учиртай. Дутуу орхисон ажлыг нь засч сайжруулах үүрэг үе үеийн Засгийн газарт ногддог. Энэ ч үүднээсээ ажилла­саар ирсэн. Үгүйс­­гэлээр ажиллаж ирсэн зарчим байгаагүй. Мэ­дээж хэрэг аль ч Засгийн үед алдаа мадаг гарсан байхыг үгүйсгэхгүй. Бүг­дээрээ хэлэлцвэл буруу­гүй гэдэг дээ. Хоёр намын мөрийн хөтөл­бөрийг нэгтгэж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөл­бөрийг бүгдээрээ ярьж байгаад баталсан. Түүнийг хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Хамтарч Зас­гийн газар байгуулсан том зорилго нь улс орны хөгжлийн хариуцла­гатай үед энэ их боломж, сорилтыг хамтдаа давж гараад хөгжлөө урагшлуулахад оршиж байсан. Хүний амьдралыг дээшлүүлэх, монгол хүний хөгжлийн төлөөх хамтрал байлаа.

Ингээд олон зорилт тавьж ажил­ласан. Үүний нэг хэсэг нь томоохон хөрөнгө оруулалтын төслүүд юм. Энэ чиглэлийн нэг том төсөл Оюу толгой. Монгол Улсыг хөрөнгө оруулалт, эдийн засгийн эргэлтийн хувьд шинэ түвшинд гаргаж байгаа ийм төсөл юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдэг дээр ямар нэг эргэлзээ байхгүй. Дараа дараагийн Засгийн газарт ч энэ эргэлзээ байхгүй биз ээ. Төс­лөөс монгол хүний хөгжилд нөлөө­лөх үр өгөөжийг нэмэгдүүлэхийг үе шаттайгаар цаашид нэмэг­дүү­лэхийн төлөө ажиллаж байна.

Ер нь С.Батболдын Засгийн газар эдийн засгийн энэ өөрч­лөлтийг бодитой болгоё. Эдийн засгийн энэ өсөлтийг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгоё. Ингэхийн тулд зөвхөн төсөл хэрэг­жүүлэх биш эдийн засгийг хөг­жүүлж, зах зээлийн төлөвлөлттэй болж, шинэ шатанд гаргах зарчим барьж байгаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэдэг нь эдийн засгийн харилцааны соёл, сэтгэл­гээ, нээлттэй засаглал, үр өгөөжийг дээшлүүлнэ гэсэн үг. Мөн бид шинэ бүтээн байгуулалтын том төслүү­дийн үндэс суурийг тавилаа. Дэд бүтцийн том төслүүдийг эхлүүлж байна. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд дэд бүтцээ хөгжүүлээд, түүхий эдийн экспортлогч бус түүнийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлж чадвал манай эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарч чадна. Бид ингэж эдийн засгийн реформ, сэтгэлгээний шинэчлэл хийх ёстой. Манай Засгийн газрын тавьж буй энэ ажлыг улс төрийн намууд хүлээн зөвшөөрч байгаа нь эдийн засгийг шинэчлэх суурь үндэс нь мөн гэдгийг илтгэж байна.

NTV телевизийн сэтгүүлч Д.ЭНХТУЯА:

Монголын эдийн засаг 17 хувиар өслөө гэж байна. Тэгэ­хээр эдийн засгийн бүтцэд ямар өөрчлөлт орсон бол?

-Бид эдийн засгийг зах зээлийн харилцааны түвшинд нь төлөвлөж сурах хэрэгтэй юм байна. Засгийн газар солигдоод гарч ирэхээрээ урт хугацааны стратеги байхгүй уч­раас эдийн засаг төлөвших, да­раа­гийн шатанд шилжих асуу­дал явагдахгүй байна. Хамтарсан Зас­гийн газрын ажиллах сонгуу­лийн бүрэн эрхийн энэ хугацаанд эдийн засгийн суурь үндэс тавигд­сан гэдгийг хэлсэн. Үүнд үндэслээд бид эдийн засгаа бүтцийн хувьд өргө­жүү­лэх хэрэгтэй. Манай эдийн засаг түүхий эдийн экспорт, зэсийн үнэ гэх мэт цөөн зүйлээс хамаарч байгаа. Гэтэл дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ буувал эдийн засаг маань хямарна. Ийм байдлыг бид 2008 онд үзсэн шүү дээ. Манай эдийн засаг хасах 1.6 хувь хүртлээ буурсан байгаа. Харин одоо манай эдийн засаг нэлээд өсч байна. Энэ жилдээ 18-20 хувийн өсөлттэй байна гэдгийг эдийн засагчид тооцоолж байгаа. Тэгэхээр үүнийг цаашид тогтвортой байлгах талаар ажиллах нь бидний зорилт юм. Ингэхийн тулд түүхий эдээс хараат эдийн засгийн хамаарлыг багас­гая. Аль болохоор боловсруулах үйлдвэрийг дэмжиж татвар, санхүү, мөнгө, зээлийн бодлогыг үүн рүү чиглүүлье гэж байгаа. Тиймээс бид Хөгжлийн банк байгуулсан. Үндэс­ний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэд бүтцээ хөгжүү­лэхийн тулд энэ банкийг байгуул­сан. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо салбарын яамтай хамтарч хөгжлийн бодлогоо гарган бат­луулах ёстой. Зах зээлийн төлөв­лөлт, өрөөсгөл эдийн засгийн бүтцийн хамаарлыг багасгах чиг­лэлээр нэлээд ажлыг хийж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн сал­барын ажил нэлээд ахицтай бай­гаа. Үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ цаашид экспортлогч орон болох боломж бий. Хүнсний бүтээг­дэхүүнээ хадгалах, боловсруулах чиглэлээр дараагийн шатанд шил­жих ёстой гэдэг бодлогыг Засгийн газрын зүгээс баримталж байна. Боловсруулах үйлдвэр, жижиг, дунд бизнес, хөнгөн үйлдвэрийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн бод­лого явуулах хэрэгтэй гэж бодож байна. Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, УИХ-аар батлуулсан байгаа. Энэ мэтчилэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг тодорхой болгож, бүсчилсэн маягаар хөгжүүлье, төлөвлөгөөтэй болгоё гэж байгаа. Үүнийг цаасан дээрх ажил болгож үлдээхгүйн төлөө эрх зүйн орчныг нь сайжруулж, татвар, санхүү, зээлийн бодлогыг нь тодорхой болгоё гэсэн чиглэлтэй байна. Саалиа бэлтгэхээс саваа бэлд гэдэг. Бүтээн байгуулалт хийх үндэс сууриа тавьсан он жилүүд болж байна.

Нөгөө талаас энэ бүх зүйлийн үр дүнг хүлээж байгаа. Гэвч энэ нь өргөс авч байгаа хурдан бүтдэг зүйл бас биш юм. Тэгэхээр мэдээж цаг хугацаа шаардана. Тиймээс бидний баримталж байгаа бод­лого тогтвортой, системтэй явах учиртай. Ингэж байж үр дүнтэй болно гэж бодож байна.

MN25 дугаар суваг телеви­зийн сэтгүүлч С.НАСАНЖАРГАЛ:

Манай улс эдийн засгийн хямралыг даван туулахад бэлэн байна уу. Цалин, тэтгэврийг нэ­мэх асуудлыг шүүмжлэх эдийн засаг­чид ч байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Үүнийг ярихаар хоёр асуудал байгаа юм. Засгийн газар бол зорилтоо дэвшүүлчихсэн байдаг. Бидний мөрийн хөтөлбөр ажил болох ёстой. Улс төрийн намууд сонгуульд орохдоо давшингуй амлачихсан зүйл байгаа шүү дээ. Гэвч үүнийг үгүйсгэх арга байхгүй. Дүүрсэн хэрэг гээд бүгдийг нь биелүүлж дуусгана гэвэл бас бо­лох­­­гүй. Бодит эдийн засгийн бо­лом­жийг харж, амлалтын бие­лэл­тийг зохистой хийх учиртай. Энэ бол тухайн Засгийн газар, парла­мен­тын үүрэг. Эндээс бидэнд ололт ч бий, авч байгаа сургамж ч байгаа. Өөрөөр хэлбэл, Ардын намын даргын хувьд улс төрийн намуудыг урьж уулзсан. Улс орны эдийн засаг зөв төлөвлөлттэй урагшаа явах ёстой. Энэ замд магадгүй улс төрийн намуудын сонгуулийн амлалт бэрхшээл үүс­гэж магадгүй. Тэгэхээр дараа­гийн сонгуулиудыг зах зээлийн горимын хүрээнд хэт боломжгүй амлалт­гүй­гээр явуулах ёстой гэж ярьж то­хир­сон. Нөгөө талаасаа эдийн засгийн боломжтой үед шийдэх ёстой асуудлаа шийдэж байх ёстой. Мэдээж хэрэг өсөөд байгаа эдийн засаг ард иргэдэд очиж наалдахгүй юм бол эдийн засаг өссөний хэрэг юу байхав. Гэлээ гээд эдийн зас­гийн өсөлтөө бүгдийг нь хүндээ хүргэнэ гэсэн үг биш л дээ. Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад тэр бүхэн тусч байх учиртай. Ер нь энэ оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ-ий үйлд­вэрлэл 3000 ам.дол­лар болохоор байна. Эдийн зас­гийн өсөлт тогт­вортой үргэл­жил­сээр байвал энэ тоо 5000 болох хандлагатай. Ингэвэл буурай хөг­жил­тэй орны тооноос дунд зэргийн түвшин рүү шилжих боломж манай улсад ирж байна. Тэгэхээр монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж байж эдийн засгийн өсөлт хүндээ наалдана. Ингэхгүй бол бид мянган хөгжил яриад нэмэргүй. Цалин нэмэгдүүлнэ гэдэг нь монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж байгаа хэрэг. ДНБ-ий үйлдвэрлэл өсч байхад монгол хүний цалин яагаад нэмэгдэж болохгүй гэж. Ийм бо­лолцоо байна, шаардлага ч бий. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Уул уурхайн орлогоос цөөнх нь хүртдэг системийг зохицуулалт хийж, шударга, тэгш болгох ёстой.

UBS телевизийн сэтгүүлч И.БУЯНЖАРГАЛ:

Газар тариалангийнхаа хөгж­лийн том баганыг босгоод авлаа. Одоо цаана нь мал аж ахуй үлдэж байна. Энэ салбарыг малчдадаа ээлтэй болгоход хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?

-Манай хувьд мал аж ахуйн салбар бол Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн. Тэгэхээр бид хөдөө аж ахуй, малчдынхаа талаар гарцаагүй бодлого боловсруулж байх ёстой. Малчдын талаар тө­рөөс баримтлах бодлогоо тодор­хой болгочихсон. Малчдаа дэмжих “Монгол мал” хөтөлбөрөө батал­чих­сан. Мөн хөдөө аж ахуйг эрчим­жүүлье, мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын­хаа үндэс суурийг тавьж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидний бий болгосон мал аж ахуйн салбар задарч унасан. Сүүлийн хоёр, гурван жилд энэ салбарт дэс дараатай, системтэй бодлого хэ­рэг­­жүүлэх эхлэл тавигдаж байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Тогтвортой хөгжлийн эх үүсвэр болгох ёстой. Эдийн зас­гийн хувьд малчдадаа ашигтай болгох үүднээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд махаа экс­порт­лох учиртай. Тэгэхээр малаа эрүүлжүүлж, чанаржуулахын тулд хөрөнгө оруулалт хийх шаард­ла­гатай. Малын угаалга, тарилга, вакцинжуулалтын ажлыг ойрын гурван жилийн хугацаанд хийхийг дэмжсэн бодлого гаргаж байна. Мах, сүүний үйлдвэрүүдийг дэм­жиж, гаднаас авч байгаа зээл тусламжийг малчдын хоршоолол нөхөрлөлд түлхүү олгоё гэж бай­гаа. Тухайлбал, БНХАУ-аас авах 200 сая ам.долларын зээлийг мах, сүүний үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрээр зарцуулахаар болсон. Мал аж ахуйг мэргэжлийн салбар болгох гол зорилт бидэнд байгаа.

Өдрийн сонин“-ы сэтгүүлч Я.МӨНГӨНЦЭЦЭГ

МАНын даргын хувьд та­наас нэг асуулт асууя. МАН өнгөрсөн сонгуулиар иргэддээ 1.5 сая төгрөг өгнө гээд амла­чихсан. Энэ мөнгөө хэзээ өгч дуусах юм бэ. 21 мянгаар бага багаар нь өгсөөр байх юм уу. Хэрэв амлалтаа биелүүлэхгүй МАН ирэх сонгуульд орол­цо­хоос татгалзах чадах уу?

-Хувь хишгээ өгнө өө, бид. Хоёр нам хамтарсан Засгийн газар бай­гуу­лаад 1.5 сая төгрөгийн хувь хишгийг ард түмэндээ өгнө гэж амласан. Энэ ажлыг Хүний хөгжил сангаараа дамжуулаад тодорхой явуулж байгаа. 21 мянган төгрөгийг сар бүр ард түмэндээ өгч байна. Өнгөрсөн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуустал энэ мөнгийг ард түмэндээ өгнө. Харин үлдэж байгаа нэг сая төгрөгөө ард түмэнд янз бүрийн хэлбэрээр олгоно. Хүний хөгжил сангийн мөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг, цалин тэтгэврийн нэмэгдэл хэл­бэ­рээр хуваарилагдана. Эх орны баялгийг ард иргэддээ тэгш бо­ломж, шударга зарчмаар хуваа­ри­лах механизмыг хийж байгаа. Түүнээс биш нэг намын улс төрийн хөтөлбөр гэдэг үүднээс үүнийг биелүүлэхгүй бол болино, болох­гүй гэж харж байгаа нь өрөөсгөл ойлголт. Манай намын үндсэн суурь мөн чанар нь Монгол Ул­сынхаа тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлдэг. Яагаад гэвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд баталгаажуулж, 1961 онд НҮБ-д бүртгүүлж дэлхийн 160 гаруй оронтой дипломат харил­цаа­тай болгосон гавьяатай нам. Ма­най нам МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд түүний үргэлжлэл мөн юм гэдгийг Их хурлаараа батал­гаа­жуул­сан. Нөгөө талаасаа манай нам нийгмийн ардчилсан буюу социал демократ үзэл баримт­ла­лыг шинэчлэл болгон аваад зүүн төвийн үзлийг манай намын мөн чанар, үндэс суурь гэж үзсэн. Энэ нь юуг хэлээд байна гэхээр нийг­мийн баялгийн шударга хуваа­ри­лал­тыг нэгдүгээрт тавьдаг нам гэсэн үг. Үүний үндсэн дээр ний­гэмд чинээлэг дундаж давхарга нь зонхилох хэсэг байх ёстой. Зүүн төвийн намуудын үзэл баримтлал энэ шүү дээ. Баруун төвийн намууд яахав дээ, зах зээлийн харилцаа давамгайлах ёстой. Чадаж байгаа нь сайхан амьдрах ёстой. Төрийн халамж дэмжлэг их байх хэрэггүй гэж үздэг. Тиймээс нийгмийн дун­даж давхаргыг бий болгохын тулд баялгийг тэгш хуваарилах ёстой. Баялгийг ард түмэнд хишиг, хувийн хэлбэрээр олгох ёстой гэсэн юм. Энэ бодлого цаашид ч үргэлжлэх учиртай. Энэ утгаараа 1.5 сая төгрөгийн асуудлыг гаргаж ирсэн. Оюутнуудад жил дараалан 500 мянган төгрөг өгч байна. 55 насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэг­тэй­чүүдэд баялгийн хуваари­лал­таас олгох мөнгөө бөөнөөр нь түрүүлээд өгчихье гэж байгаа. Хүүхдүүд нь аав, ээжтэйгээ барь­цахгүй байх. Энэ мөнгийг ард түмэндээ яаж олгох зарчмыг Зас­гийн газраас төсвийн тодотголдоо тусгаад өгчихсөн байгаа.

МҮОНТВийн сэтгүүлч

Б.ОЮУНЧИМЭГ:

Сонгуулийн хууль ямар хэл­бэрээр батлагдах бол гэдгийг хүмүүс харж байна. Яавал ирэх сонгууль шударга болох бол гэдгийг хамгийн их хүлээж бай­на. Өнөөдөр яригдаж байгаа 48:28 гэдэг хувилбарыг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Ер нь Сонгуулийн хуулийг сайн хийх ёстой. Гэхдээ Сонгуулийн хуулиа өөрчилчихөөр бүх зүйл төгс төгөлдөр болчихно гэдэгтэй хувь хүнийхээ хувьд санал нийлдэггүй. Байгаа хуулиа зөв хэрэгжүүлээд, хяналтаа сайн тавиад, бүх шатны байгууллагууд хуулиа дагаад яв­бал маргаан будлиан гарахгүй гэж боддог. Түүнээс биш бүх муу зүй­лийг хууль руу чихэх нь буруу юм болов уу. Тэгэхээр холимог тог­тол­цоог сонгочихвол сайхан болчихно гэдгийг харьцангуй ойлголт гэж үзэж байгаа. Хүнээ биш намаа харж сонговол сайхан болно гэж байна. Бодит амьдрал дээр энэ нь тэс өөрөөр тусах юм билээ. Энэ асуудлаар судалгаа хийлгүүлж үзтэл намын ард бор халзан төлөг байсан ч хамаагүй гэдэг утгаар сонголтоо хийх юм уу гэсэн чинь хүмүүс “үгүй” гэж байна лээ. Тэгээд өндөр хөгжилтэй орнуудын олон хүнтэй уулзаж ярихад ч иргэдээ төлөөлж төрд суух хүнээр ямар ёс суртахуунтай төлөөлөгч очих гэж байгааг ард түмэн мэдэж байх ёстой гэдэг байр суурьтай байдаг юм билээ. Нэр дэвшигчээ мэдэгдэх­гүй­гээр нам дугуйлаад явах нь гажуудал үүсгэнэ. Энэ эрсдлийг тооцох ёстой. Зарим улс төрийн хүчин үүнийг хүчтэй яриад байхаар хүмүүс нээрээ ч тийм юм уу гэж бодох хандлагатай байгаа. Нэг үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг. Гэвч үнэхээр ард түмэн нам дугуйлах гээд байгаа юм уу гээд судлуулахаар бас ч тийм биш юм билээ. Манай намын хувьд зөв­шил­цөж, ойлголцоод Сонгуулийн хуулиа гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа 48:28 гэсэн хувил­барыг аваад цааш нь хөгжүүлээд явъя гээд АН-ын саналуудыг хү­лээж авсан. Гэтэл АН-ын бүлэг энэ асуудлууд дээр эргэлзэж байгаа юм билээ.

-MN25 дугаар суваг телевизийн сэтгүүлч С.НАСАНЖАРГАЛ:

Засгийн газрыг огцруу­лах­тай зэрэгцээд Оюу толгойн гэ­рээг сайжруулахыг шаардаж буй гишүүдийн асуудал байгаа. Ха­раад байхад Засгийн газар Оюу толгойн гэрээг өөрчлөх тал дээр хөдлөхгүй байгаа юм шиг. Энэ талаар таны бодол?

-Ардчилсан нийгэмд чөлөөтэй ярих ёстой. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Бид хоорондоо сайн ярих учиртай. Ер нь гишүү­дийн дэвшүүлж байгаа асуудлыг үгүйсгэхгүй байгаа. Үндэстэй уч­раас асуудлыг гаргаж ирж байна гэж ойлгож байна. Гишүүд гэрээг зогсооё гэдэг санаанаас асуудал дэвшүүлээгүй гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс тэдэнтэй сайн ярилцах шаардлагатай. Уулзаж ч байгаа. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийх шаардлагыг бид үгүйсгээгүй. Ер нь ч Оюу тол­гойн гэрээ өө сэвгүй болсон гэж яриагүй. Гэхдээ Оюу толгойн ажил саадгүй явах ёстой гэдгийг хатуу хэлж байгаа. Оюу толгойн эдийн засгийн үр өгөөж биднийг тэжээ­сээр ирсэн, одоо ч тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин илүү байна. Ирэх жилүүдэд энэ үзүүлэлт улам нэмэгдэнэ. Дагаад ажлын байр нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөнө . Эхний шатны үйлдвэрлэлийн нээлт 2012 онд болно. Ингэвэл Оюу толгойгоос Монгол Улсад ирэх ашиг “Эрдэнэт” үйлдвэрийнхээс гурав, дөрөв да­хин их болно. Монголчууд таван ширхэг “Эрдэнэт” үйлдвэртэй бол­чих­лоо гэж бодох хэрэгтэй. Бид Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай энэ хавар хэлэлцээ хийсэн. Үр дүнд нь хувь нийлүүлэгчдийн гэ­рээнд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын эдийн засагт дарамт болж байсан зээлийн хүү 12.6 хувь байсан бол 6.6 хувь болгон буу­руул­сан. Хөрөнгө оруулагч тал манай Засгийн газрын зөвшөө­рөл­гүйгээр гуравдагч этгээдэд хувьцааг худалдаж болохгүй. Манай 34 хувь хэзээ ч буурахгүй байх өөрч­лөл­тийг энэ Засгийн газар хийсэн байгаа.

Оюу толгой дахь монголчуудын эрх ашиг, оролцоог нэмэг­дүү­лэ­хийг дэмжиж байна. Гишүүдийн тавиад байгаа асуудлыг хөрөнгө оруулагч талтай ярилцаж, энэ байр суурь цаашид яригдана, үүнийг хоёр тал хүндэтгэх ёстой гэдгийг тэмдэглэсэн. Гэхдээ хө­рөнгө оруулалтын гэрээнд гэнэт огцом өөрчлөлт хийвэл сан­хүү­жилтийн нөхцөлд хүндрэл гарах талтай. Төслийн ажил хойшлох хандлага ч гарч мэднэ. Тэгэхээр гэрээний асуудлыг сайжруулахыг үе шаттайгаар шийднэ гэдэг зар­чим дээр хоёр тал тохиролцсон. Аливаа улс оронд нэр хүнд байх ёстой. Түүний тулд яриа хэлэлцээ­рийг соёлтой, зарчимтай, зах зээ­лийн горимоор явуулахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.

-UBS телевизийн сэтгүүлч И.БУЯНЖАРГАЛ

Таван толгойн гэрээ хэзээ байгуулагдах бол гэсэн хүлээлт гадаад, дотоодод байгаа. 100 мянган айлын орон сууц хө­төл­бөр хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ. Сонгуулийн дуулианд энэ асуудлууд дарагдчих вий гэсэн түгшүүр байна л даа?

-Таван толгойн гэрээний суурь нь тавигдчихсан л даа. УИХ бод­логоо гаргачихсан. Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн. Зүүн Цанхийн гэрээт олборлогчоо тодорхойлоод олборлолт, борлуу­лал­таа хийгээд эхэлчихлээ. Харин баруун Цанхийн хөрөнгө оруулал­тын гэрээнд ойлголтын зөрүү бай­гаа юм.

Таван толгойн орд газар бол Монгол төрийн мэдэлд бий. Үүнээс 10 хувь нь ард иргэддээ хувьцаа хэлбэрээр очно. Дараагийн арван хувийг үндэсний аж ахуй нэгжүүдэд өгөх ёстой гээд УИХ шийдвэрээ гаргасан. 30 хүртэл хувь нь гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлээр борлуулагдах ёстой. Үлдсэн 51 хүртэл хувь нь Монгол төрийн мэдэлд үлдэх ёстой. Таван толгойн лиценз нь “Эрдэнэ МГЛ” гэх толгой компанидаа үлдэнэ. Түүний охин компани болох “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхи дээр гэрээт олборлогчтой байна. Бор­луу­лалтаа өөрөө хийгээд Монгол Улсдаа татвараа төлж, толгой компанидаа ногдол ашгаа өгөөд явна.

Харин бид нөгөө талаас нь урт хугацааны гэрээт төлөөлөгч оруу­лах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон улсын консорциумд жилдээ 20 сая тонн нүүрс олборлох эрх олгоно. Тэр консорциум зөвхөн олборлох, борлуулах эрх эдэлж байгаа гэсэн үг. Зүйрлүүлбэл урт хугацааны лизингээр орон сууц түрээсэлж байна гэж олйгох хэ­рэгтэй.

Тиймээс энэхүү гэрээт хөрөнгө оруулагч чухам яаж ажиллахыг бид ярьж байгаа. Орос, Хятад, Америк, Солонгос, Япон зэрэг орны компа­ниудын төлөөллийг нэгдсэн кон­сор­циум болгоод тодорхой хуга­цаа­гаар нүүрс олборлох, борлуу­лах эрх өгье гэсэн зүйл ярьж байна. Мэдээж энэ компаниуд түрээсийн төлбөрөө толгой компани болох “Эрдэнэ МГЛ” компанид төлнө. Хууль журмын дагуу манайд төлөх татвараа өгөөд явна гэсэн үг. Түүнээс биш Таван толгойн 40 хувийг хятадуудад, 36 хувийг нь оросуудад өгчихлөө гэх зэргээр яриад байгаа нь гэрээт олбор­лог­чийн үйл ажиллагаа өмчлөгч ком­па­нийнхтай хольж хутган будлиад байгаа асуудал бий. Таван толгойн өрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар танилцуулах үеэр ойлгомжтойгоор тайлбарлана. Засгийн газар энэ асуудлыг нээлттэй, мэдлэгтэйгээр хийнэ гэдгийг Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Тийм эр зориг, мэдлэг энэ Засгийн газарт байгаа. Харин иргэдэд хувьцаа олгох аж­лыг ирэх оны эхний улиралд баг­тааж хийхийг зорьж байна.

-“Өдрийн сонин“-ы сэтгүүлч Я.МӨНГӨНЦЭЦЭГ

МАН ирэх сонгуульд МАХНтай эвсэх болов уу. МАНын гишүүд түрүүчээсээ МАХН руу яваад өгөх хандлага байгаа болов уу?

-Би мэдэхгүй. Тийм зүйл сон­соогүй.

-TV5 телевизийн сэтгүүлч М.АМАРБАЯР:

Сүүлийн үеийн шүүмж­лэ­лийг харахад С.Батболд гэдэг хүн сул байна. Аядуу зөөлөн бодлого явуулж байна гэх болж. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд бүх зүйл дээр сэлэм эргүүлээд байх шаардлага байна уу, үгүй юу?

-Харьцангуй ойлголт л доо. Нөхцөл байдлыг бодитоор авч үзэх ёстой юм шиг байгаа юм. Хэдий­гээр хамтарсан Засгийн газар байгаа ч гэлээ УИХ-д 30 орчим суудал нь нөгөө талд байна. АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчтэй байгаа. Монгол төр тогтолцооны хувьд улс төрийн хүчнүүдийн тэнц­вэрийг хадгалж байна.

2000-2004 онд бол манай нам олонхи, Ерөнхийлөгч манай на­маас нэр дэвшсэн байлаа. Тиймээс асуудлаа шийдэхэд арай хялбар байсан байх. Гэтэл өнөөдөр бай­дал өөр байна шүү дээ. Бүх асууд­лыг ширээ шаагаад шийдчихдэг бол сайхан л байна. Тийм боломж байвал дуртай байлгүй яахав. Гэвч тийм боломж байхгүй шүү дээ. Боломж нь байвал хичнээн хаш­гир­сан ч бэлэн байна.

Салбар бүрийн бодлогын суу­рийг мэдлэгтэй, хариуцлагатай, судалгаатайгаар явуулж байна гэж бодож байна. Ардчилсан тогтол­цоо ийм л журмаар явж байгаа. Зарим тохиолдолд улстөрч байр сууриа тодорхой байлгаж, зөв гэж үзсэн зүйл дээрээ хатуу зогсох шаардлага гардаг. Тухайлбал, Оюу толгой, Таван толгойн асуудал дээр Ерөнхий сайдын хувьд байр сууриа тодорхой хэлж байна. Үлгэн салган явж байгаа боловсролын салбарт Кембрижийн тогтолцоог нэвтрүүлье гэсэн байр сууриа гаргачихлаа. Ийм бодитой зүйлийг шийдээд явж байна. С.Батболд гэдэг хүн зөөлөн юм уу хатуу байс­наар энэ асуудлуудыг шийдэж байгаа хэрэг биш. Энэ бол үндэс­лэлтэй, бодлоготой, итгэл үнэмш­лээр хийж байгаа зүйл. Нийгэм цаашдаа ийм тогтолцоогоор л явах учиртай. Мэдээж хариуцлага тоо­цох асуудал хэзээд байх ёстой. Үүнийг Засгийн газар тодорхой шатанд хийж байгаа, хийхээр хү­лээж буй зүйл ч бий. Салбарын ажил унагааж байгаа, ёс сурта­хуун­гүй нөхдүүдтэй хариуцлага тооцно.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Элбэгдорж: Хууль эрх зүйн шинэчлэл нь ард түмний нурууг тэнийлгэж, албан тушаалтнуудын нурууг бөхийлгөнө DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Тэрбээр тухайн үед МҮОНТВийн шууд ярилцлагад орж, таван телевизийн сэт­гүүлчийн асуултад хариулж байжээ.


Түрүүч нь

Улс төрийн соёлын тухай та яриад өнгөрлөө. Парла­мент дахь тэнцвэртэй байд­лын тухай, улстөрчдийн ёс зүйн талаар юу хэлэхийг хүсч байна вэ?

-Хуулийг нь чангалж өгөх ёстой. УИХ өөрсдийнхөө хариуцлага, соёлын тухай заалтуудыг хуульд оруулахдаа тун хойрго. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол яах вэ гэдэг асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар
байхгүй
болж хувирсан. Та нар намайг мэднэ. Би дээрээ долоон ахтай, айлын найм дахь хүүхэд. Хэрэв манай гэрт аав, ээж ёс журмыг тус тусад нь хэрэгжүүлсэн бол хамгийн бага нь гэдэг утгаараа би хохирох байсан байх. Гэвч тийм байгаагүй. Гэр бүлийн бүх гишүүд
ижил тэгш эрхтэй байсан. Аав, ээж хүүхдүүдтэйгээ ижил тэгш харьцдаг. Алдаа гаргавал адилхан шийтгэдэг байлаа.
Намайг
1994 онд хууль зөрчсөн гэдэг асуудлаар
хууль хяналтын байгууллагаас шалгаж байлаа. Тэгэхэд
тэр өдрөө би УИХ-ын дарга Н.Багабандид өргөдөл өгч
“Намайг хуулийн байгууллагаас шалгана гэсэн. УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү” гэсэн. МАХН-ынхан үдээс хойш хуралдаад маш баяртай­гаар намайг
чөлөөлөөд
явуулж байлаа. Маргааш нь би байцаалтад орж, 30 минут үг хэлээд л нэр төрөө цагаатгаад гарч ирсэн. Ер нь ямар ч даргыг хуулийн байгууллага дуудахад хувц­саа өмсөөд яваад оч. Тэгэхгүй “Би очихгүй” гээд яваад байвал өөрийгөө тойрсон харуулуудын тоог улам нэмэг­дүүлээд байна шүү дээ. Эцэст нь хуулийн байгууллага араас чинь очно. Улс төрийн өндөр албан тушаалтнууд энэ тал дээр
соёлтой,
зөв хандах хэрэгтэй.

Одоогийн УИХ, Засгийн газар­тай хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Та их олон хууль санаачилдаг боловч, зарим нь хэтэрхий удаад байгаа юм шиг санагддаг. Түүний нэг нь Ашигт малтмалын тухай хууль

-Ерөнхий сайд байхад цуглаан жагсаал их болдог байлаа.
Одоо харин тайван болчихсон байна. Тэр үед газар нутгийн 46 хувийг лицензээр өгчихлөө гэдэг шүүмжлэл явдаг
байсан.
Үүнийг бодсоор байгаад Ерөнхийлөгч болох­доо хайгуулын лицензийг зогсооё гэсэн юм. Лиценз олгох хугацааг зогсоох шийдвэрийг гурван удаа сунгаж байна шүү дээ. Хамгийн сүүлд энэ хугацааг нэг мөр Ашигт малт­малын хууль гартал сунгая гэсэн боловч УИХ хэлэлцээд энэ оны арванхоёрудаар сарын
31-нийг хүр­тэл сунгасан. Би сая дээрх хугацааг Ашигт малтмалын хууль гартал сунгая гэлээ. Хамгийн гол нь лиценз
гэдэг хуудас цаасаар өөр хоорондоо мөнгө угаагаад байгаа явдлыг зогсоох ёстой. Лицен­зийг дагаад ямар ч ажлын байр алга, хөрөнгө оруулалт алга. Лицензийг гадаад руу гаргаж, баахан мөнгө угааж байна. Ашигт малтмалын хууль маш том хууль байгаа. Үүнийг дагаад Газрын хэвлийн тухай багц хууль яригдаж байна. Үүнтэй ноцолдсоор байгаад гурав, дөрвөн хуулийн төсөл оруулж ирж байна. Энэ төслүүдийг
вэб сайт дээр тавьчихсан байгаа. Хүмүүс үүнийг тойроод хэлэлцэг. Тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх гэж байгаа бол ард иргэдээс нь асуу. Иргэд эсэргүүцвэл хайгуулаа зогсоодог байх ёстой. Дээрээс нь хайгуул хийхийнхээ өмнө тэр суманд ямар ашиг өгөх юм, байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй байх юм гэдэг бүх тооцоо төлөвлөгөөгөө гаргасан байх ёстой. Энэ сургамжаар л явуулах гэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар асууя. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ төслийг хэлэлцээд унагалаа. Сэтгүүлч хүнийхээ хувьд энэ хуульд хэр анхаарсан бэ?

-Энэ хуулийг унасан гэж бодохгүй байна. Зүгээр хойшилсон болов уу. Энэ хуульд маш их анхаарал тавьсан.
Аль болох хэвлэлийн эрх чөлөөний байдлыг нь баталгаажуулж өгье. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуул­лагатай холбоотой Эрүүгийн хуульд заасан хоёр заалтыг хүчингүй болгоё. Тэглээ гээд сэтгүүлчид дураараа авирлаж болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө ёс зүйн дүрэмтэй, түүнийг хариусан байгууллага нь алдаагаа залруулдаг болох хэрэгтэй. Сэтгүүлчийг заавал эрүүдэн шүүх хэрэггүй. Бусад оронд ийм л жишиг үйлчилдэг юм билээ. Ер нь төр эрхээ өгсөн шиг өгөөд үзэх хэрэгтэй. Тэгээд хариуцлагыг нь үүрүүлээд явъя гэж байгаа.

Хариуцлагатай уул уурхайг судлах зорилгоор улстөрчид гадны улс орноор явдаг байлаа. Энэ хүмүүс өнөөдөр туршлагаа хаана хэрэгжүүлээд байна вэ?

-Оюу толгой үнэхээр том компани. Гэхдээ хувь хэмжээ ярьж
хөрөнгө
оруулагчдыг
үргээж байснаас тэднийг Ханбогд сумынхантай хэл амыг нь ололцуулъя. Цогтцэций сумынхантай хэл амаа ололц. Дараа нь Монголын нийгэмтэй хэл амаа ололц л доо. Юу хийх гээд байгаа юм. Монголын говьд урсч байгаа тэр ганц голыг хааж газар
ухах гээд байх шаардлага алга. Баялгийг нь ашиглавал ашигла. Гэхдээ байгаль орчноо нөхөн сэргээгээд, хот улсыг нь хөгжүүлээд өг. Үүнийг л бид хүсч байгаа. Ингэж байж л бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ.
Санхүүгийн
тал дээр тэртэй тэргүй Монгол төрд мэдэл байхгүй шүү дээ. Харин хийж байгаа ажлыг нь хянаад шаардлага тавиад сууж байх ёстой. Оюу толгойгоос шаардах ёстой зүйлээ жагсаачихаад шаардаад сууж байя. Оюу толгойн зөвлөлийнхнийг, ахмадуудаа, Засгийн газрынхныгаа
суулгаад
бүгдээрээ
ярилцъя.
Хоёр гурван өдөр байсан ч хамаагүй бүх юмаа ярья. Үнэхээр дэлхийд гуравт орох том төсөл юм бол хамаагүй, бүгдээрээ буруу зөвийг нь
ярья.

Хойд аавдаа зодуулсан долоон настай хүүхдийн тухай нэг хэсэг яригдлаа. Таныг олон хүүхэдтэй болохоор өргөөд авчихдаггүй юм байх даа гэж ч ярьж байсан?

-Тэр хүүгийн тухай сонсолгүй яахав.
Манайх
21 хүүхэд өргөж авсан.
Өөрийнхөө
хүүхдүүдийг
нэмэхээр
25 хүүхэдтэй.
Яагаад ийм олон хүүхэд өргөж авсан бэ гэхээр би өөрөө олон хүүхэдтэй айлд өссөн болохоор олуулаа байя гэж боддог. Манай хоёр дахь хүүхэд 1989 онд төрж, гурав дахь нь 1999 онд гарсан. Энэ хооронд арван жил завсардсан байсан. Хувьсгал хийж явсан болохоор завгүй байж л дээ. Тэгээд гэнэт харсан чинь нэлээд хөгширчихсөн байлаа. Тиймээс олон хүүхэдтэй болох боломжгүй болчих­сон байсан. Ингээд л хүүхэд өргөж авъя гэж шийдсэн. Тиймээс асрах газрын нэг ангийг аваад тохижуулж өгсөн. Хүүхдүүд өсөөд асрах газрынхаа сургуульд явтал их хэцүү болсон л доо. Тэгэхээр нь
хүүхдүүдийг өөр дээрээ аваад аав, ээжтэй нь холбогдсон. Ингээд есөн айлыг хашаа гэртэй болгоод
хүүхдүүдийг
нь буцааж өгсөн. Харин үнэхээр гэр оронгүй, гудамжинд байсан, аав, ээжгүй хүүхдүүд нь бидэнд үлдсэн. Үүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ.
Хоёр жилийн өмнө ч хоёр хүүхэд өргөж авлаа. Эхлээд нэг их олон бужигнасан хүүхэдтэй санагддаг байлаа. Гаднаас ирсэн хүмүүс ч “Яаж байдаг байна аа” гэж боддог байсан байх. Гэтэл хүүхдүүд өсөөд ирэхээр ямар ч дарамтгүй болдог юм байна. Нэг компани ирээд жилийнх нь сүүг өгчихдөг. Нэг компани хүүхдүүдийг чинь зөөдөг автобус өгье гэдэг. Тэр долоон настай хүүхдийг эмээ нь авсан байна лээ. Би боддог. Ер нь аятайхан амьдарч байгаа хүмүүс дор хаяж хоёр хүүхэд өргөж аваад амьдралд зөв хөл тавихад нь тусалдаг байгаасай гэж.

Та хүүхдүүдтэйгээ хамт амь­дар­даг уу?

-Хамтдаа л байна шүү дээ. 11 охин, бусад нь банди шүү дээ.

Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?

-Бүгдэд нь өөр өөр нэр өгсөн.
Аминаа,
Сүминаа
гэх зэргээр нэр өгсөн байдаг.

Хүүхдүүдийнхээ гутлыг зэрэг­цүүлээд тавьчихсан зургаа интер­нэтэд тавьчихсан байсныг харсан

-Ам халсан учраас нэлээд ярьчих­лаа. Ер нь бол манай гэр бүлийн хүн бид хоёр энэ тухайгаа гадуур нэг их ярьдаггүй. Зүгээр л бид ажлаа хийж байгаа шүү дээ. Хүнд тус хүргэлээ
гээд яриад байх дургүй. Телевизийнхэн манайд очоод зураг авъя л гэдэг юм. Сая твиттер дээр хүүхдүүдийнхээ гутлынх нь зургийг тавьсан юм.
Хүмүүс гайхаж байна лээ.
Хорин хэдэн хүүхдийн гутлыг зэрэгцүүлээд тавихаар 40- өөд гутал болно биз дээ.

Хүүхдийг гадныхан их өргөж авдаг юм билээ. Энэ нь их асуудал болох юм

-Бид гадагшаа хүүхдээ үрчлүүл­мээргүй байгаа юм. Манай мөнгөтэй хүмүүс морь худалдаж аваад байх юм. Харин асрамжийн газрын нэг ангийг аваад тэр хүүхдүүдийг 20 нас хүртэл нь анхааралдаа авчихад болохгүй юм байхгүй. Тэр бол аз жаргал болно шүү. Манайх чинь орой гэртээ “Тэр тавын шүд уналаа, тэр гахайн хавдар туслаа,
эмнэлэгт
хэвтлээ,
тэр муу дүн авлаа, тэр хальтирч уналаа” гээд л яриад бужигналдаж гарна шүү дээ.
Зов­лон­той амьдралд төрсөн хүүхдүүд учраас суурь өвчинтэй байх
зэрэг асуудал гардаг л юм. Гэхдээ хүүхдүүд өсөөд сайхан л болдог юм билээ.

Есүгэний өдрийг та гаргасан. Ер нь ард түмний өдөр гэж байдаг­гүй. Тэгэхээр энэ сайхан зүйл болсон л доо?

-Ийм
зүйл дээр үнэлэмжийн тухай ярих ёстой.
Хүний амь нас хохирлоо гэхэд нэг байгууллага хохирлыг нь үнэлээд дуусдаг.
Гэтэл төрийн бай­гуул­лага яадаг ч үгүй хоцордог. Гэтэл аюулгүй байдлыг хянадаг төрийн байгууллагын ажил хангалтгүй байна. Төр эхлээд өөрийгөө засах ёстой. Юм хийж байгаа хүмүүс рүү дайраад өмч рүү нь халдаад байхаа урьтал бол­гомооргүй байна. Гэр бүлийн сэдэв рүү орох гэсэн юм. Хүн ямар нөхцөлд аз жаргалтай байх вэ. Эхлээд хүүхэд­тэй болох нь аз жаргал. Дараа нь тодорхой хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Тийм учраас хүүхдийн мөнгийг бий болгож байна. Цалинтай оюутан хариуцлагатай байна гэдэг үүднээс оюутны цалинг бий болгож байна. Боловсрол руу оруулах хөрөнгө оруулалтаа сайн зарцуулах
хэрэгтэй
байна. Сая ахмадуудын асуудлыг аятайхан шийдчихлээ. 1990 оноос ажилласан жил тасарсан хүмүүсийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгалыг нөхөн тооцдог боллоо. Хүүхэд нь мөнгөтэй, оюутан нь цалинтай, ахмад нь тэтгэвэртэй. Гай таараад хүүхэд нь хэрэг төвөгт орвол тэр нь шударгаар шийдэгдчихдэг, заавал нэг орон шоронд оруулаад байхгүйгээр шийтгэдэг ийм л шударга нийгмийг бүтээхийн төлөө бид ажиллаж байна.
Аливаа гэм буруутныг Ерөнхийлөгч өөрийнхөө хүслээр шоронд хийгээд байгаа юм биш. Зүгээр л хуульд тэгээд биччихсэн байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хатуухан үзье. Харин санамсаргүй үйлдсэн гэмт хэргийг заавал шоронд оруулах хэлбэрээр шийтгэдэг байхаа больё. Ядуу хүний хүүхэд, баян тарган, дарга нарын хүүхэд ч гэм хийсэн л
бол адилхан шийтгүүлдэг зарчим руу шилжье гэж байгаа юм. Энэ л ажлыг хийх гэж бид гарч ирсэн юм.

Ирэх зургадугаар сард монголчууд бид Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг сая баталлаа. Та сонгуульд нэр дэвших үү?

-Би цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Тэгэхээр нэг талаар сургуулийн сурагчтай адил. Хичээлийн даалгавраа сайн хийгээд явах ёстой. Түүнээс биш сонгууль хэзээ болох бол, түүнд
дэвших үү, үгүй юу гэдгээ цаг хугацаанд нь шийдэх байх. Надад дүн тавьдаг дарга нар бол ард түмэн. Ерөнхийлөгч болоод хийе гэвэл ажил зөндөө байна. Нөгөө талд жирийн иргэн байгаад гэр бүл, байгаль орчинд тус хүргэх ажил ч их байна. Зүгээр л хийх ёстой ажлаа сайн хийгээд ард иргэдэд тулгамдаж байгаа зүйл олон байна. Төмөр зам салбайгаад уналаа. Төмөр замаасаа болж Монголын эдийн засаг нурах гээд байна. Улаанбаатар хотод цахилгаан станц барилаа гэхэд нүүрсээ яаж оруулж ирэх нь асуудал болчихсон байна. ОХУ-д яваад байгаа вагоны дундаж хурд 67 км цаг байна. Гэтэл манай вагоны хурд
37 км цаг байна. Бидний ахмад үе их зүйл хийжээ, хөөрхий. Гэтэл одоо
тэр бүх зүйлийн эдэлгээ, цаг хугацаа нь дуусчихаж.
Сууриар
нь өөрчлөх цаг болчихжээ. Монголчууд бүтээн байгуулалт хийх гэхээр өр тавиад байна. Тэгэхээр бусадтай
хамтраад
нэг ам.доллараа өсгөөд цаашаа явах юмсан гэж бодож байна.

Та Ерөнхийлөгч болсон анхны шинэ оныг архигүйгээр тэмдэглэн өнгөрүүлье гээд сүү өргөж байлаа. Энэ уриалга нэлээд үр дүнгээ өгсөн шинжтэй харагдаж байна

-Айлын өрхийн тэргүүн гэр бүлийн гишүүд,
ард иргэдээсээ гарч байгаа сайн саналыг хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй. Үнэндээ архитай холбоотой зүйл миний амлалтад байгаагүй.
Энэ талаар хууль, зарлиг гаргасан юм байхгүй. Зүгээр л бид ярьж байгаад архи гэдэг юм үнэхээр хэтэрлээ, энэ буруу соёл боллоо. Айлд очиход архиар дайлдаг, архиар бэлэг барьдаг боллоо. Үүнийг өөрчилье гэсэн үүд­нээс уриалга гаргасан. Эхэндээ хүмүүс жаахан жиг жуг гэж ярьж байгаад сүүлдээ хурим найраа архи­гүй хийдэг болжээ. Үүнээс болж хүлээн авалтын зардал хоёр дахин хэм­нэгдсэн гэнэ лээ.
Хүлээн авалтын цаг ч тавин хувиар богиноссон гэсэн.
Архи уугаад л согтоод
шүлсээ гоожуулаад сунжраад суухаа больсон. Идэх уух юмаа уугаад баярын бичгээ солилцоод гараад явдаг болсон байхгүй юу. Архинаас хамгийн их хохирдог хүмүүс эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тиймээс санаа зовоосон бүх зүйлийг сайн судалж байгаад хууль болгох хэрэгтэй байна.

Энэ жил он солигдох мөчид та яах вэ?

-Сүүгээ л барьж мэндчилгээ дэв­шүүлнэ” гэв.

Тэрээр ярилцлагын төгсгөлд “Нийт телевиз үзэгч, радио сонсогчдодоо баярлалаа. Өнөөдөр сэтгэл өвдөж,
санаа зовсон зүйл та бүхэнд байсан байж магадгүй. Энэ үед нь та бүхэнтэй хамт байж, бие биедээ сэтгэлийн дэм өглөө. Ер нь Монголын ирээдүй аятайхан харагдаж байгаа, сайхан болно. Бид урагшаа явах болно. 21-ний өдрийн маргаашнаас эхлээд хүн болгон эх дэлхийгээ, гэр бүлээ хайрла­сан, хууль журмаа хүндэтгэсэн, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх болно. Бид ийм улс орон болно. Монголын цаг ирж байгаа” гэж хэлье гэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Хууль эрх зүйн шинэчлэл нь ард түмний нурууг тэнийлгэж, албан тушаалтнуудын нурууг бөхийлгөнө DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС ДАРААХ ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА. Тэрбээр тухайн үед МҮОНТВийн шууд ярилцлагад орж, таван телевизийн сэт­гүүлчийн асуултад хариулж байжээ.


Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гари­гийн орой буюу энэ сарын 21-ний өдрийн 21:00 цагт МҮОНТВийн шууд ярилцлагад орж, таван телевизийн сэт­гүүлчийн асуултад хариулсан билээ. Энэ­хүү ярилцлагыг сонины хуудаснаа бүрэн эхээр нь буулгаж, уншигч­дадаа хүргэж байна.


Тэгэхээр өнөөдөр их онцлогтой өдөр бай­лаа. Арванхоёр­дугаар са­рын 21-нийг зөвхөн мон­голчууд төдийгүй дэл­хий нийтээрээ хү­лээж байсан. Чухам энэ өд­рийг та яаж хүлээж байв аа. Үнэндээ таныг энэ өдрөөс зугтаах нь гэдэг цуу яриа гадуур тархсан байлаа?

-21-ний өдрийн та­лаар дэлхий нийтээрээ ярьж байсан. Янз бүрийн таамаглалууд хөвөрч бай­­лаа. Тийм учраас хү­мүүс ч их анхаарал хан­дуул­сан. Тэдний нэг ади­лаар анхаарал хандуулж бай­лаа. Сүүл рүүгээ 21-ний өдөр дөхөөд ирэхэд үнэ­хээр янз бүрийн асуу­дал гарах вий гэж санаа зовж байсан. Твиттерээр жир­гээ­чидтэй ярьсан л даа. “Шинжлэх ухаанд итгэ. Тайван байцгаа. Өөр­төө итгэ, амьдралын турш­ла­гадаа итгээрэй” гэсэн са­наа­нуудыг хэлж байлаа. Ер нь бол цуур­хал хурдан тардаг. Үнэн бол удаан үлддэг шүү дээ. Тийм учраас цуурхал маш хур­дан тарж, хү­мүүст айдас болгоомж­лол бий болсон байх. Телевизийн сэт­гүүл­­чид на­даас ярилц­лага авъя гэж хүсдэг. Харин өнөө­дөр та нарт ярилц­лага өгч таарлаа. 20-ны өдөр ярилц­лагад орох урилга авсан л даа. Тэгээд 21-ний өдөр ярилц­лагад орвол зүгээр байх гэж бодоод ирсэн. Үнэндээ энэ өдөр 14.00 цагаас эхлээд харанхуй болно гээд байсан ч тийм зүйл болсонгүй шүү дээ.

Ерөнхийлөгч ярилц­лага өгнө гэхээр ньЗаа­вал 21-нд байхдаа яахав дээгэж бодож байлаа. Та дэлхий сүй­рэх­гүй гэдэгт итгэлтэй байв уу?

-Би дэлхий сүйрнэ
гэдэгт итгээгүй. Ер нь
21-нд гэртээ хүүхдүүдтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ бай­хад сайхан л
байх болов уу. Хэрэв гэр бүлийнхэн
маань үнэхээр дэлхий сүйрч магадгүй гэж бол­гоом­жилж байгаа бол шүү дээ. Гэхдээ би тө­рийн тэргүүнийхээ хувьд мон­гол хүн
бүрийг тайван байлгах үүднээс хажууд нь очоод сууж чадахгүй учраас телевизээр айл бүхэнд оръё гэж үзсэн нь энэ. Тиймээс ард иргэд­дээ
тайван бай, маргааш болдгоороо болно, шинэ өглөө эхэлнэ гэж хэлье. Харин 2013
онд хүмүүс дэлхийгээ илүү их хайр­лаж, амьдралын үнэ цэ­нийг мэдэрсэн байх болов
уу гэж бодоод байгаа юм. Аливаа зүйл хоёр талтай. 21-ний өдрийн сургаар алс хол яваа хүүхэд нь буцаад ирсэн ч тал байж магадгүй. Удаан уулзаа­гүй хүмүүс
уулзаж, нэг гэртээ цуглах зэргийн сайн талууд ч гарсан байх. Ямартаа ч хүмүү­сийг буруутгах аргагүй.

Цуурхал их хүчтэй явсан учраас тэр үү, ахмадуудын бие муудахаас эхлээд сөрөг үзэгдлүүд нэлээд гарсан дуулдсан. Үүнээс үүдэж хариуцлага тооцох асуудал ч яриг­даж байх шиг байна

-Цуурхлыг далимдуулаад хулгай ч юм уу, хүний эрх, эрх чөлөөнд халдсан зүйл гарсан бол тэртэй тэргүй хуулийн дагуу арга хэмжээ авах байх. Хууль хяналтынхан ажиллаж байгаа. Би ч тэдэнтэй өнгөрсөн өдрүүдэд уулзсан.
“Хараа хяналттай байгаарай,
хэрэв цахилгаан тасарвал “Өвлийн ачаалал нэмэгдсэнээс болж техникийн саатал гарлаа” гэдэг үүднээс тайлбарлаж, олон нийтийг тайван байлгах арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Онцгой байдлын газруудад ч анхааралтай байхыг захисан. Чоно борооноор гэгчээр 21-ний өдрийг далимдуулж муу хүмүүс буруу юм хийх вий гэдэг үүднээс хаа хаанаа сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа. Ер нь
Захиргааны
хэргийн
хууль, Эрүүгийн хуульд
өөрчлөлт
оруулна.
Амьдрал
баян учраас өмнө нь тооцоолж байгаагүй гэнэтийн зүйлүүд тохиолдвол хариуц­лагын асуудлыг яаж шийдэхийг эдгээр хуулиудад оруулах хэрэгтэй юм байна.

Таны 21-ний өдөртэй холбоо­той уриалга гаргасныхаа дараа Хөвсгөл рүү явна гэсэн мэдээлэл байсан л даа?

-Ерөнхийлөгчийн хувьд надад тавьсан нэг зорилго бий. Тэр нь бүх аймгаар явах юм.
Хөвсгөл
рүү явна гэж аль ноднингоос төлөвлөсөн.
Тэ­гээд 21-нээс өмнө явна гээд төлөв­лөчихсөн байсан ч
больж, энэ өдрийн дараа явахаар шийдсэн. Тэнд очоод
цаатнуудтай
уулзах бодол бий.

Орон нутгийн байдалтай та­нил­­цаад ирэх байх. Энэ жил өвөл­жилт нэлээд хүндхэн байх шиг байна

-Орон нутгийн байдалтай танил­цана. Одоогоор арав гаруй аймагт зудтай байна гэсэн ч цаашлаад 100 гаруй суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Гэхдээ манай мал­чид зуд болдгийг мэддэг. Тиймээс урьд өмнөхөөсөө илүү зудад
бэлтгэлтэй
болсон байх. Би салбар чиглэлийн хүмүүстэй уулзаж, Засгийн газрын­хантай байнга ярьж байна. Цасанд дарагдсан газрыг яах вэ, яаж бэлчээр гаргах уу ч гэдэг юм уу. Тулгамдсан асуудлын талаар ярихад малчдын бэлтгэл нэлээд сайн байгаа юм билээ. Гэхдээ энэ өвөл хүндэрч магадгүй. Тэгээд ч манай малын тоо толгой 50 саяд хүрчихлээ. Уг нь 30-аад сая толгой малтай байхад л
болдог.
Гэтэл үүнээс давахаар бэлчээрийн даац ч хэтрэх төлөвтэй болоод ирлээ.

Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар та УИХын чуулганд үг хэлдэг байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид одоо сонгож авсан замаа төгс хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголын төрийн эрх мэдэл Төрийн ордонд төвлөрчихөөд байна. Үнэндээ ард­чилсан иргэний нийгэм бий болгоё гэж байгаа бол эрх мэдлийг иргэддээ өгөх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Суманд эрх мэдэл байна уу, байхгүй. Сумын Засаг дарга нь болов­сон хүчний, төсвийн мэдэлгүй байгаа. Харин одоо төсвийн шинэ хуулиар орон нутагт эрх мэдэл очиж байгаа. Сум хамгийн багадаа 200 гаруй сая төгрө­гийн төсөв жилдээ авна. Олон хүн амтай сум бол 700 гаруй сая төгрөг авах юм билээ. Ингээд иргэдээ цуг­луулж, сумандаа ямар асуудал ший­дэхийг ярилцдаг болно. Улаанбаатар хотод гэхэд хүн явдаггүй газар шал дэмий гүүр барьчихсан тохиолдол байдаг. Яагаад гэхээр дарга нар дангаараа шийддэг учраас тэр. Харин цуглаж ярилцвал үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй, сургууль, цэцэр­лэг рүүгээ хөрөнгө оруулалт хийх байх. Тийм учраас иргэд шийдвэрийг нь гаргаж,
ИТХ нь хөрөнгөө хуваарилдаг шийдэл рүү оръё гэж байгаа. Төлөөл­лийн ардчиллаас шууд ардчилал руу явъя гэсэн нь энэ. Би ингэж боддог. Хүүхэд нь Улаанбаатар хотод сайхан сургууль төгсөөд мэргэжил эзэмшээд иржээ. Ийм олон шинэ боловсон хүчин хө­дөөд ажилгүй байгаа. Тэгвэл сумандаа ямар нэг ажлын байр гарвал сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг боловсролтойг нь ажилд авч байвал болоо шүү дээ. Ийм чиглэл рүү явъя гээд байгаа юм. Сүүлийн үед энэ Засгийн газар нэг хууль оруулахаараа босоо бүтэц оруулна, сайд нь томилдог болно гэх юм. Энэ бол буруу. Тиймээс ийм асуудлуудыг Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулан нэг мөр шийдэх хэрэгтэй.

Иргэд шууд ардчилалд хэр бэлтгэлтэй байгаа бол?

-Би сая нэг хуралд суулаа.
Тэнд улсууд орон нутгийнхныг “Доод шат­ны­хан” гэж нэрлээд байна лээ. Тэгэ­хээр нь “Та нар дээд шатныхан юм уу” гэж тэднийг шүүмжилсэн. Үнэн хэрэгтээ орон нутгийнхан бол дээд шатныхан байхгүй юу. Төрийн ордон юм уу, энэ телевизийн байранд төрсөн хүн байхгүй шүү дээ. Монгол хүн бүр орон нутагт л төрсөн байдаг. Тиймээс хүний үндсэн эрх тэнд хэрэгжиж байх ёстой. Монголд хамгийн дээд эрх мэдэл Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч байхгүй. Зөвхөн ард түмэнд бий. Дараа нь мэдлэг боловсролтой холбоотой асуудал байна. Хүмүүст эрх мэдлийг нь өгч байж мэдлэгтэй болгоно. Хүмүүс өөрсдөө цуглаж, эхлээд хурлаа хийнэ. Тэндээс алдаа оноо гарна. Тэгж байж шийдлээ олно. Эрхийг нь өгвөл хүмүүс өөрсдийнхөө амьдралаа шийддэг. Олон оронд ингэж шийдээд ирсэн тухай гарын авлага бий. Ерөн­хий­лөгчийн Тамгын газраас
маш олон зүйлийг гаргасан. Бид Иргэний танхим байгуулаад ажиллаж байна.
Цаашдаа
энэ танхим сум, аймаг бүрт бий болох хэрэгтэй. ИТХ-ын нарийн бичгийн дарга нь иргэний танхимыг ажиллуул­даг л хүн болно. Цаашид хуулийг гаргаж ажиллана. Түүнээс биш нэг Ерөнхийлөгч гарч ирээд Иргэний танхим нээдэг.
Дараагийн
Ерөнхий­лөгч гарч ирээд болиулдаг байж болохгүй. Бидэнд сайн тогтолцоо хэрэгтэй. Энэ бол миний Ерөнхийлөг­чөөр ажиллаж байх үедээ ард түмэнд үлдээх өв. Хэдхэн дарга асуудал шийддэг биш, ард түмэн өөрсдөө шийддэг болно.

Ер нь хариуцлагын тогтолцоог яаж шийдэж байгаа вэ?

-Эрх мэдлийг нь өгөөд ирэхээр хариуцлага нэхдэг улсууд нь ард иргэд. Албан тушаалтнууд бие биеэсээ хариуцлага нэхэж чаддаггүй. Жишээ нь Засгийн
газрын нэг гишүүнийг огцруулна гээд УИХ-д гурав, дөрвөн удаа оруулаад чаддаггүй биз дээ. УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэхээр хамгаалсаар байгаад аваад үлддэг. Нөгөө хүн дараа нь сонгуульд нэр дэвшчихсэн явдаг.
Хааяа нэг хүнд үзүүлэн маягаар хариуцлага тооцсон болоод өөр албан тушаал руу дэвшүүлчихдэг. Тэгэхээр ард түмэн өөрсдөө эрх мэдлээ авч, хуралдаад төлөөллөөрөө дамжуулан ажил хийлгэ. Тэгээд чадахгүй бол хариуцлага тооцоод яваг гэсэн юм.
Манай хуулиудад нэг дутагдалтай зүйл байдаг нь хариуцлагын тогтолцоо. Албан тушаалд хүн тавих
заалт хуульд хангалттай байдаг мөртөө хариуцлага тооцох асуудлыг нь орхигдуулчихдаг.
Тийм учраас бүх хуульд хариуцлагын тогтолцоог тусгаж өгье. Дарга нарын эрхийг биш төрийн үүргийг
зааж өгье. Ийм маягаар өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Та Ерөнхийлөгч болсноосоо хойш хэдэн хууль өргөн барьж, хэд нь батлагдаад байна. Ямар ч байсан шүүхийн тухай багц хууль батлагдлаа

-Шүүхийн багц хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжээд эхэлнэ. Ямар ч байсан зургаан хууль гарчих­лаа. Үүний дараа дахиад арваад хууль бэлтгэж байгаа. Шүүх эрх мэдэл, цагдаагийн тухай гэхэд
18 хуулийг
өөрчлөх
шаардлагатай
байна. Өнгөр­сөн жилүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар бол хүнд урамшуулал өгдөг газар болчихсон байсан. Хууль зүйн яам­тайгаа ярихаар бүх өөрчлөлтийг хийчихсэн, ийм хууль хэрэггүй гэдэг байлаа. Ийм маягаар хоёр тийшээ харсан байдалтай явж ирлээ. Харин өнөөдөр шинээр томилогдсон Хууль зүйн сайдтай нэг ойлголт дээр ажиллаж чадаж байгаа.
Өмнө нь хууль хүчний байгууллага зөвхөн эрх мэдэлд үйл­чилдэг байсан. Үүнийг өөрчилж иргэнд үйлчилдэг болгох гээд байна. Үүний тулд
хуулиудыг
бүтнээр
нь өөрчлөх хэрэгтэй байна. Манай сонгосон энэ замыг сонирхож Киргизээс хүмүүс ирээд судалж байна. Сая манай Там­гын газрын даргыг тэд урьсаар байгаад аваачсан. Тэгээд Шүүхийн тухай багц хуулийг орос, киргиз хэлээр орчуулж байгаа. Тиймээс бид өөрчлөлтийг сайн хийж чадвал бусдад үлгэр дуурайлал болно. Ард түмний нурууг тэнийлгэж, албан тушаалтнуудын нурууг бөхийл­гөдөг ийм хууль эрх зүйн шинэчлэл рүү бид шилжиж байна.

Эрүүгийн
хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах гэж байна.
Намрын чуулган завсарлахаас өмнө нэгдүгээр сардаа багтаад төслөө өргөн барих байх. 2004 онд намайг Ерөнхий сайд болоход хамгийн их авлига авдаг газраар Гаалийн газар тодорч, даргаасаа эхлээд асуудал дэгдээж, бөөн юм болж
байлаа.
Харин одоо Ерөнхийлөгч болчихоод гаалийн дарга нартай уулзахад авлига багассан байна. Ингэж үр дүн гарчээ.
Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар надтай уулзаад “Үнэхээр үр дүн гарчээ. Миний танил компанийн захирал сая хоёр тендер авсан байна. Тендер авахад нь мөнгө нэхсэн хүн гарсангүй гэнэ.
Ном журмынх нь дагуу шудар­гаар тендер аваад бөөн баяр болж байна лээ” гэж ярьсан. Бид ийм л өөрчлөлтийг хийх гэж байна.

Шүүхийн шинэтгэлийг ард түмэн дэмжиж байна гэх. Гэтэл Ерөнхийлөгч шүүх, прокурорыг өөрийн мэдэлдээ байлгаж, далай­сан газар бүртээ хүмүүсийг асуу­далд оруулаад байна гэдэг шүүмж­лэл ч таныг дагах юм. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Ерөнхийлөгч бол хүмүүст зовлон учруулаад байгаа зүйлийг шийдэхийн тулд ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч болоод ирсэн хүний гарт бүх хууль, шүүхийн байгууллага орчихдог. Тэр нөхрийг явчихаар дараагийн Ерөнхий­лөгчийн гарт бүх зүйл орно.
Тэгэхээр
ард түмэнд ямар ч ашиггүй биз дээ. Бид ард түмний хүсэн хүлээсэн тэр ажлыг хийх ёстой. Энэ зорилго, үнэт зүйлээ ойлгочих юм бол болоо. Ерөн­хийлөгчөөр дөрвөн жил болоод явна уу, тэрнээс олон жил байна уу хамаа­гүй. Хамгийн гол нь илүү шударга нийгмийг үлдээх ёстой. Шаардлагатай хуулиудыг нь баталж, шударга тогтол­цоог бий болгох ёстой.
Удирдагч
гэдэг бол үнэлэмжийг бий болгодог байх ёстой. Үнэлэмж гэдэг бол цас бороотой л адил. Цас, бороо орсноор цэцэг, ногоо ургадагтай адил.
Үүний төлөө л ажиллах ёстой.

Цагдаагийн дарга нарыг хори­лоо. Экс Ерөнхийлөгчийг хорих руу ачаад явлаа. Тэднийг хэлмэгдүүлж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Нэг л зүйлийг хэлье. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Өнөөдөр энэ зүйлүүдийг хүн талаас нь ойлгодог юм уу яадаг юм хүн болгон нэг юм
ярьж байна. Мөн хүн болгон өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ нөгөө талаас хэн ч бай хэрэг хийж,
хуулийн
бай­гуул­лагаар шалгуулж байгаа бол хуулийн өмнө ижил тэгш байх ёстой. Ерөнхийлөгч ч ийм үүрэг хүлээдэг. Ерөнхийлөгч хууль хяналтын ажилд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Үүнийг хуульд заагаад өгчихсөн.
Түүнээс
биш жирийн хүний хувиар байр сууриа илэрхийлээд сэтгэл зүрх ярьж болно. Гэхдээ би хуулийн дагуу явж байгаа.

Хууль, шүүхийн салбарын шинэчлэлийг та юу гэж харж байгаа вэ?

-Нэг үеэ бодоход шүүхийн бай­гууллагаар иргэд ордог болсон. Шүүх бүр вэб сайттай болсон. Шийдвэр бүхэн энэ сайт дээр гардаг болж. Гаргасан
шийдвэрүүдээ
эмхэтгэл
болгон гаргадаг боллоо. Шүүхээр хувь заяагаа шийдүүлж байгаа хүмүүс тэр шийдвэрийг харж, буруу зөвийг нь тунгааж байна.
Үүнээс гадна шүүгчтэй холбоотой олон асуудлыг шийдсэн. Шүүх рүү асуудал очоод буцаад байдаг. Мөрдөн байцаалтад очоод хоёр, гурван жил явдаг. Тэгвэл одоо шүүх дээр очсон л бол шууд шийддэг байя. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцдог шүү дээ. Одоо
иргэдийн
төлөөлөгч
шүүх хуралд суугаад анхан шатны шүүх дээр тухайн хэргийг таслах эрхтэй оролцдог болсон. Шүүгчтэй адилхан ийм том эрхтэй болж байна гэсэн үг. Нөгөө талаас шүүхийн төсвийг бие даалгаж байна. Шүүх төсвөө Сангийн яамаар хя­нуулдаг байсан. Харин одоо шүүхийн төсөв Засгийн газраар дамжилгүй шууд УИХ-д
орж ирнэ. Аймаг болгон тусдаа шүүгчтэй байдаг.
Тэгвэл одоо хүн амынх нь тоог харгалзаж, аймгуу­дын дунд нэг шүүгч гаргаж байгаа. Тэгэхээр нэг аймгийн Засаг дарга “Чи манай аймгийн шүүгч шүү” гээд машин, орон сууцаар хахуульддаг зүйл үгүй болно. Энэ тогтолцоог бид үлдээх гээд яваад байна.

Ерөнхий сайд энэ сарын 27-нд Оюу толгойн ажилтай танилцана. Энэ компани, ордтой холбоотой асуудал одоо ч яригдсаар байна. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад гэрээгээ хурдан байгуулаад ажлаа хурдан эхлээч гэдэг шаардлага тавьдаг байсан. Гэтэл энэ гэрээ Монгол Улсын Үндсэн хуулиас илүү хугацаанд яригдсаны эцэст сая бат­лагдсан. Гэхдээ Оюу толгойн гэрээ маш их ярих юмтай. Бид ярьж болдог­гүй гэрээтэй үйлдвэртэй байсан. Тухайлбал, социализмын үед “Эрдэ­нэт” үйлдвэр байгуулагдаж байсан. Тэр үед Монголд гурван хувийн ашиг ирж, Зөвлөлтөд 97 хувийн ашиг очдог байлаа.
Монгол Улс “Эрдэнэт” үйлд­вэрээс татвар авахгүй 20 жил явсан шүү дээ. Бидний ахмад үе “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж,
Эрдэнэт
хотыг бий болгосон. Тэдний дараагийн үе нь энэ үйлдвэрээс татвар авдаг болоод явж байна. Тэгэхээр 30 жилийн дараа бид “Эрдэнэт” үйлдвэрээс ашиг хүртэж эхэлж байна. Өнөөдөр бүх зүйлийг зөв буруу болгох гээд зүтгэх нь чухал биш.
Улс орны эрх ашигтай холбоотой
зүйлийг
бодож, яримаар байна.
Улс төрийн асуудал гэж бий. Ард түмний амин эрх ашгийн асуудал байна. Сонгууль ч байна. Улстөрчдийн дураараа ярьдаг үзэгдэл ч байна. Ард түмний нэгдсэн эрх ашгийг ярьдаг асуудал бий.

Ерөнхийдөө гэрээнд өөрчлөлт оруулна гэж ойлгож болох уу?

-Оюу толгой бол Монголын бүтээн байгуулалт. Тийм учраас Оюу толгой дээр ярих зүйл зөндөө бий. Оюу толгойд ханган нийлүүлэлт хийж байгаа компаниуд бий. Тэдэнд Монголын компаниуд зуучилдаг.
Ийм маягаар асар их зардал гарч байна. Ийм байж болохгүй. Тэгж яривал Оюу толгой зарим бүтээгдэхүүнээ Францаас татдаг, махаа Хятадаас авдаг гэж сонссон.
Махаа зөвхөн Монголоос ав л даа. Оюу толгойн хажууд махны хамгийн сайд үйлдвэр байгуулъя. Элс хайргаас эхлээд хэрэгтэй бүх зүйлээ Монголоос ав. Оюу толгойд эдэлж хэрэглэж байгаа бүхнийг Монгол хийг. Бид үүнийг л шаардах ёстой. Усны асуудлыг тодорхой болгох ёстой. Хэдэн жил хаанаас ус аваад яах юм. Монгол Улс хөдөө аж ахуйн орон учраас
Оюу толгой ордын тэр хавьд арьс ширний үйлдвэр байгуулах хэрэгтэй. Монголд аялал жуулчлал, аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад Оюу толгой оролцох ёстой.

Уучлаарай. Та тэгэх ёстой гээд яриад байна л даа. Хэзээ энэ бүх­нийг хэрэгжүүлэх юм бэ?

-Үүнийг ярих шат дамжлагууд зөндөө байгаа. Оюу толгой дээр ярих өөр нэг зүйл бий. Говьд бүтээн байгуу­лалт явж байна. Гол хөрөнгө оруулаг­чид нь Лондонд байна. Гэтэл Монголын улстөрчид Улаанбаатарт байна. Ингээд Оюу толгой тойрсон хүмүүс ямар ч хэлхээ холбоогүй ажиллаж байна. Байдлыг газар дээр нь очиж үзээгүй, тэр гэрээг гүйцэд хараагүй хүмүүс цээжний бангаар ярьж байна. Ажилчидтай нь уулзаад учир начрыг нь
үнэнээр
олох ёстой. Оюу толгойг “Эрдэнэс Оюу толгой” гэдэг компани хариуцдаг гэдэг. Гэтэл тэр нь асууд­лаа яамны сайддаа танилцуулдаг тогтолцоо бараг алга. Өнөөдөр энэ асуудлыг хэн хариуцах юм. Д.Ганхуяг сайд юм уу, Х.Баттулга юм уу. Д.Ган­хуяг сайд хариуцаад Оюу толгой дээр гарч байгаа асуудлыг УИХ, Засгийн газарт шууд танилцуулдаг. Шаардлага­тай бол асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү оруулж ирдэг байх ёстой. Гэтэл ийм зүйл алга. Вакуум үүсчихсэн орчинд гурав, дөр­вөн газар тарж суучихаад телевизийн камерын өмнө мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ.

Олон нийтийн шүүмжлэлтэй хандаад байгаа зүйл нь Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал л даа

-АН-ын дарга байхдаа ярьж байгаад 30-аад хүний дунд санал хураасан. Оюу толгойд Төрийн өмчийн оролцоо хэрэгтэй юу, үгүй гэдэг асуудлаар. Тэгэхэд нэг л хүн төрийн оролцоо хэрэгтэй гэдэг санал өгч байсан юм. Би жишээлбэл 34 хувийг шаардлагагүй гэж үздэг. Өнөөдөр Оюу толгой 100 гутал нийлүүлэхэд 34 гутал нь Монголд өр болно. Арван мянган хуушуур нийлүүлэхэд 3400 хуушуу­рын үнэ нь Монголд өр болж байна. Энэ ямар хэрэгтэй юм. 34 хувийн цаана Монгол
ямар ашиг олох юм. Ер нь хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд хөрөнгөө оруулчих. Харин олсон ашгаас нь бид хувь авъя. Газрын тос их гаргадаг Норвеги улс хөрөнгө оруулагч компанийнхаа ашгийн 78 хувийг авдаг юм билээ. Оюу толгой хөрөнгө оруулагч компанийн ашгийнх нь 70 хувийг бид татаад авчихъя л даа. УИХ-ын гишүүдээс “34 хувийг та нар өр болгоод байна” гэж ярьдаг. Тэгвэл энэ өрөө яагаад 50 хувь болгох гээд байгаа юм бэ” гэж асуудаг. Төрийн хувийг нэмнэ л гээд байна. Тэр чинь төрийн сайдын хувь л болж үлдэнэ шүү дээ. Сайдын компани Оюу толгойд бизнесээ шахна. Ингээд ашиг
хэдэн дарга нарын халаасанд орно. Татвараа аваад, УИХ-аа хянаад явбал өөр шүү дээ. Ийм л асуудал байгаа юм.

Монгол
34 хувиа нэмэгдүүллээ гэж бодъё. Тэгвэл хөрөнгө оруулагч тал зардлаа нэмээд алдагдлаа шингээ­чихнэ шүү дээ. 34 хувийг 50 хувь болгох гэхээр биднийг дээрэм хийлээ
гэж байгаа.
Энэ нь Монголын нэрийг хугалахаас цаашгүй байна. Үүний оронд татвараа нэмье гэж ярих хэрэг­тэй. Монгол ажилчдынхаа
асуудлыг
тавих хэрэгтэй. Бүтээгдэхүүн ний­лүүлдэг асуудлаа ярих хэрэгтэй. Угаасаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 34 хувиа 50 болгоно гэж яриад байгаа. Тэгвэл энэ асуудал
тав, зургаан жилийн дараа яригдана. Ийм байхад заавал өнөөдөр улсынхаа нэрийг дээрэмчнээр нь дуудуулж, унагах хэрэг юу байна. Би ингэж боддог. Монголын нэр унаснаас миний яс хугарах ёстой. Тийм биз дээ. Төрийн улсууд ийм хатуу байх ёстой. Бид тавих ёстой асуудлаа хэзээ тавих вэ гэдгээ бодох ёстой. Оюу толгойн асуудлыг тавьсаар байгаад гурван зүйлийг шийдүүлчихсэн биз дээ. Түүн шиг миний ярьсан энэ олон асуудлыг Монголын эрх ашгийн төлөө шийдүүлж болно. Татвар, усны асуудал, ханган нийлүүлэлтийн асуудлыг
яривал тэр хүмүүс Монголын нэр хүндийг унагахгүй. Монголчууд шударга зүйл ярьж байна л гэж хэлнэ.

Бид өөрсдийнхөө юмыг булааж авах гэж байна, төрийн хувийг нэмэх гэж байна гэхээр социализм,
комму­низм руу яваад байгаа юм. Хувь хэмжээгээ нэмье гэж хашгирснаас болоод манайхаас сар бүхэн 120 сая ам.доллар гараад явчихаж байна. Тийм учраас танай телевиз сэтгүүлч­дийнхээ цалинг нэмж чадахгүй байгаа юм. 70-хан ажилтантай жижиг компа­нийн захирал над руу ярьж байна. “50 ажилтнаа хална. Ямар ч хөрөнгө оруулаад явахаа байлаа” гэж байна. Оюу толгойг дагаад орж ирсэн бүх хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргасан учраас ийм асуудал болж байна шүү дээ.
УИХ стратегийн асуудлаар нэг хууль гаргасан. Санаа нь зөв боловч гаргасан хууль нь буруу. 80 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулал­тыг
төр хянадаг болчихвол Монголд ямар хөрөнгө оруулагч орж ирэх юм. Дэлхий нийтээрээ наашаа харж байтал өөдөөс нь ус цацчихаж байгаа байхгүй юу. Монгол өөрөө чөмөгжмөөр байна. Бид өөрсдөө тосоо хийдэг болмоор байна. Хажуу талынхаа хоёр айлтай юм ярьдаг болъё. Монголын нэг хүнд Хятадын 4800 хүн ногдож байгаа шүү дээ. Хоёр талын айлын газар нутгийг аваад үзье. Хашааны газар нь хичнээн том гэж бодож байна. Оросынх Монголын газар нутгаас 11 дахин том. Хятадынх 6.1 дахин том хашаатай. Бид өөсдөө далай руу гарсан хаалгагүй. Хаалгаараа гара­хаараа хүний нутгаар явдаг. Тиймээс төмөр замын асуудлаа ярья. Эрчим хүч, гэрлийн асуудлаа зохицуулъя.
Хоёр хөрштэйгээ энэ асуудлаа ярих хэрэгтэй байна. Ингэхийн тулд гурав дахь хөршийн бодлогыг оруулж ирэх хэрэгтэй. Магадгүй Оюу толгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байд­лаар буцаагаад өгөх­гүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуу­дад” анхааралтай хандъя. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадны­хан “монголчууд хэлсэн­дээ
тууштай
байдаггүй
юм байна”
гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ. Өнөөдрийн улс төрийн соёлд би дургүй байгаа. Манайхан хэв­лэлийнхнийг цуглуулаад мэдэг­дэл хийдэг. Нэг л их хэвлэлийн хурал зарласан хүмүүс. Монгол гэдэг айлыг аваад үзье. Гурван сая гаруй хүнтэй.
Тэгээд л архи уусан, хоорондоо зодолдсон хүмүүс. Гэрээсээ гарахаар хэвлэлийн хурал хийхээс өөр ажилгүй болчихлоо шүү дээ.

Монголд болж байгаа бүх асуудлыг улстөрчид яриад байдаг. Яг асуудлаа мэддэг хүмүүс нь хаана байгаа юм бол?

-Үүнийг бид өөрчлөх хэрэг­тэй. Өмнө нь Ерөнхий сайд байхдаа бараг долоо хоног бол­гон ярилцлага өгч зурагтаар гардаг байсан. Ерөнхийлөгч болоод Цагаан сараар нэг ярилцлага өгсөн. Одоо ингээд ярилцаж байна. Ерөнхийлөгчийн хувьд өдөр бүхэн зурагтаар гараад, бүх асуудал руу ороод байх шаардлагагүй. Засаг төр хийдэг ажлаа, сайд нь хариуцсан зүйлээ хийг. Хүн болгон ха­риуцсан хариуцсанаа аваад явах хэрэгтэй байна. Реклам шиг өдөр болгон уралдаад зурагтаар гарахаа больё. Ийм л зарчмыг би баримталдаг.

Оюу толгойн 34 хувь ард түмний биш улстөрчдийн хувь болж харагдаад байгаа юм л даа. Оюу толгойд очиж байгаа зөвлөхүүд нь улстөрчид байдаг. Таван толгойд энэ алдааг яаж давтахгүй байх вэ?

-Чили улсын Уул уурхайн сайд надтай уулзахад нь би
“Бид нэг ийм гэрээ хийсэн. Өөрчилье гэж бодож байгаа”
гэхэд тэр ганцхан зүйл хэлсэн. “Танайх анхны алдаагаа засах гэж битгий оролдоорой. Хоёр дахиасаа зас. Хуулиа сайжруул. Анхны шийд­вэрээ засах гэвэл улс орныхоо нэр хүндийг алдана”
гэсэн. Оюу толгойд хөрөнгө оруулж байгаа хүмүүс үйлдвэрээ хаагаад яваг. Оронд нь хэн орж ирэх вэ. Сурснаараа хоёр хөршийнхөн орж ирэх байх. Тэднийгээ л ноолно доо. Богд хааны үеийн Ерөнхий сайд, төрийн тэргүүн нар юу бодож явсныг би уншсан. Улсынхаа тусгаар тогтнолыг зарласны дараагаас манай ул­сыг дэмжиж өгөөч гэж гадны улсуудтай ярьж байсан юм билээ. Бидний бие даасан байдал эмзэг. Тиймээс үүнийг эдийн засгийн аргаар засах өөрчлөх ёстой.

Монгол гэдэг бол нэг гэр. Хашаан дотроо зодоонтой байгаа гэж та хэллээ. Аав нь эзгүй байгаа учраас ингээд байгаа юм болов уу?

-Ер нь аавынх нь хийдэг ажил хуулиар хумигдах нь ч юу юм, ямар ч байсан өөрийн гэсэн үүрэгтэй. Гэхдээ бид хийх ёстой зүйлээ хийж л байгаа. Сая жишээ нь бондын мөнгө орж ирлээ. Бод доо, бонд гаргасан нь буруу, он гарсны дараа болох байсан, эсвэл төслөө боловсруулчихаад бонд гаргах байсан,
ийм их өр тавих ёсгүй гэсэн байр сууриу­дыг хүмүүс илэрхийлж байна.
Нөгөө талаас бондын тухай сайн талаас нь
ярьж байгаа хүмүүс бий. Бид аливааг дандаа сайн
талаас нь ярьсаар байгаад дараа нь үр дүн дээр нь муулдаг байхгүй юу. Тэгэхээр энэ улс оронд аавын үүрэг бол харуу­лын цэрэг. Би бол харуулын цэрэг л гэж өөрийгөө боддог. Хүний эрхийг зөрччих вий. Энд авлига байх вий, Монголын нэр хүнд уначих вий гэж хэлж суудаг. Бонд оруулж ирээд мөнгийг нь цацаад эхэлсэн бол яах вэ. Бондын мөнгө орж ирэхээс өмнө Үн­дэсний аюулгүй байдлын зөв­лөлийг хуралдуулж, шийдвэрийг ард түмэн­дээ танилцуулсан. Орж ирсэн мөнгөө нэг төсөлд хийгээд
шатвал яах вэ. Нэг төсөлд хөрөнгө оруулалт хийх­дээ төслийн үнэлгээний1/3-ээс илүү мөнгө гаргаж болохгүй. Бонд худалдаж нэг төгрөг гаргасан бол хөрөнгө оруулаг­чаас хоёр төгрөг авах зарчмаар явах хэрэгтэй.
Уг нь бид бонд
хөөцөлдөлгүй
хөрөнгө
оруулалтын
салбараа
сайж­руулсан бол
эрсдэлгүй
байлаа.
Ирэх жилээс нэмээд 3.5 тэрбум ам.дол­ларын бонд гаргах гэж байна. Ингэхээр өр улам нэмэгдэнэ. Ингэж улсаараа, тусгаар тогтнолоороо дэнчин тавьж өр тавьж байснаас хө­рөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй байсан. Гэхдээ бондоос орж ирэх мөнгөө зөв зүйлд зарцуулбал инфляци багасна, эдийн засаг тэлнэ. Гэсэн ч ашигтай зүйлийн шалгуурыг хэн тавих юм, явж явж УИХ шийдэх байх. Энэ чиглэлээр баахан үүрэг өгсөн л дөө. Тиймээс энэ их хурал завсарлахаасаа өмнө хууль гаргах ёстой. Ер нь бонд гар­гаагүй улс орон дэлхийд байхгүй байх. Тэгээд ч манай улсын нэр хүнд гайгүй байна. Олон янзаар улс орныхоо нэр хүндийг зарим улстөрчид популизм хийж унагасан. Сая бонд гаргах үеэр ч унагасан. Бондын хүү эхлээд
арай бага байсан ч яг мөнгө нь орж ирэх үеэр өссөн байна лээ.

Бондыг хавар гаргах байсан гэж ярьж байгаа

-Хаврын улирал гаргахыг хүлээнэ гэхээр дэлхий дээр байгаа санхүүгийн нөхцөл байдал, Монголын нэр хүнд юу ч болоо билээ. Засаг төрийнх нь байдал яагаа ч билээ. Засагт хамтарч байгаа хоёр намын нэг нь гарлаа гэж дуугарахад л бондын хүүд өөрчлөлт орж бай­гаа шүү дээ. Өмнө нь монгол­чууд хэдэн аж ахуйн нэгжээсээ Сан­гийн яаман дээр мөнгө цуг­луулаад түүний­гээ тойрч хэ­рэлддэг байсан. Тэгвэл өнөөдөр улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж өр тавилаа. Тиймээс хариуцлага нэмэгдэж байна. Одоо “Засгаас гарлаа, орлоо, Оюу толгой ийм тийм байна” гэж
ярих тоолонд бондын хүү арван сая ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр хариуцлагатай байя. Улстөр­чид, хэвлэлийнхэн аль аль нь хариуцлагатай байя. Хэлэх гэж байгаа нэг үгээ бодож хэл. Нэг товч хийж үзээгүй улстөрчид өнөөдөр ганц мэдэгдэл хийгээд 120 сая
төгрөгийн
хөрөнгө
оруулалтыг
хөөгөөд
гаргачихаж
байна шүү дээ. Монголд яагаад инфляци хөөрөгдөөд байгаа юм бэ. Гад­наас орж ирдэг хөрөнгө оруулалт багассаных шүү дээ. Монгол­чууд хэдэн бор төгрөгөө дотроо эргэлдүүлээд сууж байгаа учраас үнэ хөөрөгдөж байна.

Үргэлжлэл

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Монгол ган үйлдвэрлэгч болчихвол Азид тоглогч байх бүрэн боломжтой DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Өнгөрсөн долоо хоно­гийн баасан гаригт
бол­сон “Металс Монголиа” чуулганы үеэр хэлсэн дүгнэлтүүдээс анхаарал татахаар өгүүлбэр
нь энэ байлаа. Металлургийн салбарын хөрөнгө оруу­лагчид энэ өдөр алт, зэс, хар төмөрлөгийг онцолж илтгэл сонсож,
хэлэлцүү­лэг өрнүүлсэн юм. Чуул­га­наас анхаарал татсан хэсэг нь хар төмөрлөгийн
салбар хуралдаан байв.

Улс орны хөгжил, аюул­гүй байдлыг ган үйлд­вэрлэж байгаа эсэ­хээр нь хэмждэг гэсэн
бичигдээгүй хэрнээ боди­той хууль бий. Манай улс ч ган хайлах чиг рүү бод­логоо
чиглүүлж байгааг тус хуралдаанд оролц­сон төрийн төлөөллүү­дийн байр сууринаас ан­заарч
болохоор байв.

Хар төмөрлөгийн сал­бар хуралдаанд
Уул уур­хайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, ҮХААЯ-ны
хүнд үйлд­вэрийн бодлогын хэрэ­гжилтийг зохицуулах газ­рын дарга Д.Ганболд зэрэг
эрхмүүд оролцсон юм. Тэд түүхий эдийн гэ­хээс
илүү металлын үйлдвэрлэлд анхаарах бод­логыг төрөөс барьж бай­гаа гэж онцолж байсан.
Өөрөөр хэлбэл ган хай­лах чиг рүү явж, тэр зүгийн бодлого барьж байгаагаа метал­лур­гийн­ханд
дуулгасан. Төмрийн хүдрийг 100 ор­чим ам.доллараар зардаг бол, да­раагийн шатны
бо­ловсруулалт хийвэл 200 ам.доллар, ширэм хийвэл 400, ширэмнээс ган болоод ирэхээрээ
600-800 ам.дол­лар байдаг учраас эдийн засгаа бодсон ч аюулгүй байдлаа тооцсон ч
ган үйлд­вэрлэгч орон болох ёстой гэдэг дээр шийдвэр гаргагчид санал нэгджээ.

Уул уурхайн сайд “Металс Монголиа”-г
нээж хэлсэн үгэндээ ч гангийн үйлдвэр байгуулах бод­лого барьж буйгаа онцолж байсан.
Тэрээр “Уул уурхайн яам, Мон­голын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой төмрийн хүдрийн
бо­ловсруулалтын түвшинг дээш­лүүлэх, өрсөлдөх чадварыг нэ­мэгдүүлэх, экспорт борлуулалтын
“Нэг цонх”-ны бодлогыг хэрэг­жүүлэх зорилгоор “Монголын тө­мөрлөг үйлдвэрлэлийн
салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулаад байна. Цаашид “Мон­гол төмөр” хөтөлбөрийн
хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангах, ул­маар экспортлох хүчин чадал бү­хий гангийн
үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Ин­гэснээр төмрийн хүдрээ экспорт­лоод
эргүүлээд төмөр хийц импор­толдог өнөөгийн байдал үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн
зэс хай­луулах үйлдвэр барих ажлыг хурдавчлах зорилго бүхий яамд дундын ажлын хэсэг
ажиллаж байна” хэмээн ярьж байв. Чуулга уулзалтад металлургийн салбарт хөрөнгө оруулах
сонирхолтой гаднын хөрөнгө оруулагчид ч цөөнгүй харагдаж байсан. Уул уурхайн сайд
хөрөнгө оруулалтын орчны талаар нааштай мэдэгдлийг чуулганы индрээс хийсэн юм. Уул
уурхайн яам хөрөнгө оруулалтад нээлттэй хандаж байгаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн
тулд дэс дараатай ажлуудыг хийж бай­на гэсэн агуулгатай үг хэлж байв. Гэхдээ металлургийн
салбарт хөрөнгө оруулалтыг яг яаж дэмжих талаар тодорхой зүйл яриагүй.

“Сайншан­дын аж үйлдвэрийн цогцол­бор”
компанийн гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөн энэ үеэр төс­лийн­хөө талаар ярьсан юм. ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бод­логын хэрэгжилтийг
зо­хицуулах газар Сайншандын аж үйлд­вэрийн паркийн асуудлыг хариу­цаж, холбог­дох
судалгааг нь хийж байгаа аж. Сайншандын аж үйлд­вэрийн паркийн гол зорилго нь гангийн
үйлдвэрлэлээр дотоодын хэрэглээг хангах гэж тэрээр он­цолж байв.

ХАЙГУУЛ ХИЙВЭЛ ХҮДРИЙН НӨӨЦ ЭРС НЭМЭГДЭНЭ

Бид үйлдвэрлэсэн гангаараа Ази­даа
тоглогч байх ч боломж­той гэнэ. Урд хөршид
гэхэд л 750 сая тонн металл хэрэг­лэд­гийнхээ ихэн­хийг гаднаас авдаг, төмрийн хүд­рийнх
нь нөөц багасч байгаа гэсэн хоёр шалтгааныг чуулганд орол­цогчид онцолж байсан. Хятадад Энэтхэг, Бразил, Автсрали төм­рийн хүдрээ
ний­лүүлдэг. Гол ний­лүүлэг­чдэд ордог Энэтхэг, Бразил өөрс­дийнх нь хэрэглээ өсөх
уч­раас урд хөршид зардаг төмрийн хүд­рийн хэмжээгээ эрс багасгана гэсэн таамгийг
судлаачид гаргажээ. Цааш­даа 5-10 сая тонн ган хайлах цогцолбор барих бүрэн бо­ломж
бий аж. Хүн тө­рөлхтөн төмрийнхөө 55 ху­вийг барил­гад ашигладаг, Ази хотжилтод
ач холбогдол өгч байгаа учраас төмрийн хувьд бидэнд маш их боломж байгаа юм билээ.

Монгол Улс төмрийн хүд­рийн нөөцөөрөө
ч цэнхэр гаригийн анхааралд орж бо­лохоор гэдгийг “Гложекс холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатарын
илт­гэлээс харж болохоор байв. АМГ-аас гаргасан тооцоо­гоор Монгол A,B, C зэр­гийнхээр
958 сая тонн төм­рийн хүдрийн нөөцтэй юм бай­на. А нь баттай, B нь бодитой, С нь
боломжтой гэсэн үг аж. А зэргийн нөөц байхгүй гэж илтгэгч онцолж байсан. Манайд
байгаа зэ­рэг­лэлүүд дээр төмрийн хүдрийн үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн байдаг
гэнэ. Тэгэхээр манайд дажгүй нөөцтэй гэж
тэмдэглэгдсэн 56 ордын хувьд үйлдвэрлэл явуулж
болохоор гэсэн үг. Хайгуул хийвэл төмрийн хүдрийн нөөц нэлээд хэмжээгээр нэмэгдэх
магадлалтай, нөөцөөрөө дэлхийн хэмжээнд яригдах боломжтойг салбар ху­рал­даанаас анзаарч болохоор байв.

Саяхан гэхэд л “Харанга ресурс” Сэлэнгийн
Баянголын бүс нутагт нэлээд хөрөнгө зарж, хай­гуул хийгээд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг
ЖОРК стандар­таар 300 сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөц илрүүлжээ. Энэ мэтээр
хайгуул хийгээд байвал нөөцөө ахиулаад байх боломжтой гэдгийг төмрийн салбарынхан
онцолж байлаа. Хуульд зааснаар бол салбараас олсон орлогын 30 хувийг хайгуулд зарна
гэсэн заалт бий ч амьдрал дээр хэрэгждэггүй аж. Энэ заалтыг хэрэгжвэл нөөц эрс нэмэгдэх
боломжтой гэнэ. Хайгуулын лиценз олголт хумигд­сан нь ч нөөцөд нөлөөлж байгаа юм
байна.

ТӨМРИЙН БАЯЖМАЛЫН ЗАХ ДЭЭР УРД ХӨРШИЙН НӨЛӨӨ ИХЭСЧЭЭ

Хуралдаанд оролцогчид тө­рөөс 50 сая
ам долларын дэмжлэг үзүүлж, нойтон баяжуулах үйлд­вэрийг дэмжиж буйд ам сайтай байсан.
Одоогоор ихэнх үйлдвэр­лэг­чид хуурай аргаар баяжуулж буй учраас чанартай баяжмал гаргаж чадахгүй байгаа гэнэ. Ной­тон аргаар баяжуулаад эхэлчихвэл олон улсын
стандартад нийцсэн хүдрийг урд хөршид экспортлох боломж нээгдэж байгаа аж. Со­нирхуулж
хэлэхэд энэ аргаар баям­жал үйлдвэрлэхэд 64-67 ху­вийн агуулгатай баяжмал гараад ирэх юм билээ.

Салбар хуралдаан дээр тавь­сан илтгэлүүдээс нэг статистик сонирхол татав. Манайд байгаа төмрийн
хүдрийн 56 ордын 29 нь Хятадын зуун хувийн
хөрөнгө оруу­лалттай, 20 нь Монголын зуун хувийн хөрөнгө оруулалттай, зур­гаа нь
хамтарсан хөрөнгө оруу­лалттай гэж явдаг гэнэ. Хамтарсан гэгдээд байгаа компаниудын
хувьд Хятадын хөрөнгө оруулалт давам­гайлсан
байдаг аж. Төмрийн баяжмалд Хятадын хөрөнгө
оруу­лалт анхаарахаар өнцөг болсон нь эдгээр
тооноос харагдаж бай­сан юм. Өөр нэг баримт анхаарал татаж байв. Дархан, Чойр, Говь-Өндөрт жижиг оврын 200-300
мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрүүд байгаа
гэнэ. Нойтон аргын баяжуулалтаар ажиллаж байгаа энэ үйлдвэрүүдээс гарсан бүтээгдэхүүн экспортын багагүй хувийг эзэлж эхэлжээ. Цаашдаа
экспортод эзлэх хувь нь нэмэг­дэхээр байгаа гэнэ.

Өөрсдөө ордгүй атлаа уурхай­нуудаас
хямд үнээр төмрийн хүдэр авч боловсруулаад экспортлодог гэнэ. Энэ үйлдвэрүүдийг ажиллуул­даг хүмүүс нь хятадууд
аж. Малч­даас ноолуур авч энд хагас бо­ловс­руулаад
хил давуулдаг систем төмрийн хүдэр дээр ажиллаад эхэлсэн, төр засаг үүн дээр ан­хаараач гэсэн саналыг
биз­несмэнүүд тавьж байв.

ТӨМРИЙН ҮНЭ 2027 ОН ХҮРТЭЛ БУУХГҮЙ

Үнэ нь уначихаад байгаа нүүрстэй харьцуулахад
төмрийн баяжмалын зах зээл гайгүй байгаа
гэнэ. Үнэ нь огцом өсөхгүй, бас огцом уруудахгүй
гэсэн таамгийг дэлхийн шинжээчид гаргачихаад байгаа юм байна. Дэлхийд эхний гуравт орох ган үйлдвэрлэгчид
2019 он хүртэл хөрөнгө оруу­лалтаа эрс нэмэгдүүлэх бодлого бариад эхэлжээ. Үүнээс
цааш таваас найман жилдээ төмрийн хүдрийн
үнэ унахгүй гэдгийн наад захын жишээ нь энэ гэнэ. Тэгэхээр 2027 он хүртэл төмрийн баяж­малын зах
зээлд ямар нэг асуудал гарахгүй нь бололтой.

Салбар хуралдааны үеэр “Нано металл”
компаниас хэрэг­жүүлж байгаа шууд ангижруулсан төмрийн хүдрийн төслөө сонир­хуулсан
юм.

Жилийн 500 мянган тоннын хүчин чадалтай
үйлдвэр барих боломж бүхий энэ төслийг Дарханд барих бололцоотой гэнэ. Европ стандартын,
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон улсын бир­жүүд дээр хүлээн зөвшөөрөгдсөн, эдийн
засгийн хувьд хэмнэлттэй, бүрэн автомажсан гэсэн давуу талуудтай аж. Еnerjiron хэмээх энэ технологиор дэлхийн олон
улсад үйлдвэр барьжээ. Сүүлийн үеийн мэдээгээр гэхэд Америкт 2.5 сая, Египетэд хоёр сая, Эмиратад хоёр
сая тоннын хүчин чадалтай ийм үйлдвэрүүдийг барьж эхэлсэн гэнэ.

Энэ технологиор шууд ангиж­руулсан
төмөр үйлдвэрлээд эхэл­бэл хаана ч өндөр үнээр борлуулж болох юм байна. Хөгжлийн
банк­наас 30 хувийн санхүүжилтийг нь өгчихвөл Хятадын хөгжлийн банк үлдсэн хувийг
нь гаргаж, Хятадын компани бариад өгье гээд
гэрээ байгуулжээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Холливудын оддын дэргэд өнгөрүүлсэн үдэш DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


ХАТАГТАЙ
ЖЕЙ “МОНГОЛ, МОНГОЛ” ХЭМЭЭН ДАВТАН ХЭЛСЭЭР ИНЭЭМСЭГЛЭН ЯВЖ ОДЛОО

Зөөлөн
уур амьсгал оруула­хаар бүүдгэр гэрэл тусгасан болор танхимд хөл тавилаа. Тэр
гэрэлд болор улам тод гялалзах аж. Бол­ороор чимсэн жижигхэн багануудын хөлд болор
шигтгээнүүд шалаар нэг асгажээ. Үлгэрт л
болор ордон байдгийг мэдэ­хээс хөлөөр нэг болор асгасан ийм зүйл харж байсангүй.
Танхим дүүрэн хүн. Гаднаас ороход ялаа дүнгэнэж байна уу гэлтэй дуу чимээ гэж жигтэйхэн.

Болор танхимд хөл тавиад шууд л танил
царай олж харлаа. Хэдэн хүнээр хүрээлүүлчихсэн зогсоо хар арьст эр өөрийн эрхгүй
анхаарал татав. Урт хар савхин хүрмэн до­туураа даавуун цамцан дээр ноосон цамц өмсч, час улаан будгаар уруулаа будчихсан, гараа аальгүйтэн хөдөлгөж ярих тэр эрийг Монголд байхдаа “Амери­кийн ирээдүйн топ модель”
хэмээх Тайра Банксын телевизийн шоу­наас олонтаа харж байлаа. Ижил хүйстэн тэрээр
энэ онд өөрийн амьдралаас сэдэвлэсэн ном
бичсэн нь АНУ-д борлуулалтаараа дээгүүрт орж байгаа гэсэн.

Загвар
өмсөгч, дизайнер тэрээр алдарт загвар өмсөгч Тайра Банкс­тай 16 жил нөхөрлөж байгаа
аж. Тавхан алхмын зайтай зогсоо түүнийг хараад шууд л хамт явсан сэтгүүлч бүсгүй
бид хоёр зургийн аппаратаа шүүрэх нь тэр. Аппарат­ны гэрэл ч гялсхийлээ. Нөгөө хүн
маань харин гараараа боль гэсэн дохио үзүү­лээд бусдаасаа тасарч бид хоёрыг зүглээд
ирлээ. Зургийн аппарат булаачихвий гэж бол­гоомжлон зугтах газаргүй хэрнээ хүн дүүрсэн
тэр танхимд орон зай хайн арагш ухарч хэд
алхлаа. Гэтэл юу болсон гээч. Нөгөө нөхөр
чинь загвар өмсөгч шиг гунхан бидэн рүү дөхөөд ирлээ. “Сая авсан зургаа арилгачих. Түрүүнд санаандгүй байхад дарсан
боло­хоор муухай гарсан байх. Харин одоо ав” гээд инээмсэглэн зогсдог байгаа. Тэртэй
тэргүй загвар өмсөгч­дийг бэлтгэ­дэг, тэдэнд яаж зогсож зургаа авахуулах талаар
зөвлөдөг хүн шүү дээ. Итгэж ядсан бид хоёр ч түүний зургийг дар­чихаад бас даварч
өөрсдөө хамт зургаа татуул­лаа. “Та хоёр хаанаас ирсэн билээ” гэж тэр асуув. “Монго­лоос”
гэж хариултал “Монгол, Мон­гол” хэмээн амандаа дахин дахин хэлээд улаан алгатай хар гараараа “Баяртай” гэх хөдөлгөөн үзүүлээд хамт байсан хэд рүүгээ зүглэлээ. Түүний энэ уриалгахан
зангийн дараа бид хоёр дэмий юманд санаа зовсноо бодоод инээлдэж мөн бодсоноо давуулан
биелүүл­сэндээ сэтгэл хангалуун үлдлээ. Үзэсгэлэнт залуу охидыг зургаа муухай авахууллаа,
ингэж буруу алхлаа, тэгж ч эвгүй зогслоо гэж
шүүмжлээд байдаг нөхөр шүү дээ.

ХОЛЛИ
БЕРРИ ХОРИН ДАГУУЛТАЙГАА ОРЖ ИРЭЭД…

Яг
энэ агшинд зочид шаагиад явчихлаа. Хорь хол давсан хүн дагуулчихсан нэг хүний зургийг
авах гэж хэвлэлийнхэн зүтгээд барсангүй. Үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний нар байж
гэдэг шиг л Холли Берри нүд ирмэхийн зуурт
хамгаалагчдынхаа дундаас цухуйх төдий харагдаад алга болов. Зөвхөн хэвлэлийнхэн
төдийгүй тэнд хүрэлцэн ирсэн зочид ч Холли
Берриг харах гэж зүтгэсэн нь түү­нийг энд удаан байхаас цэрвэхэд хүргэсэн биз. Оскарын
шагналт жүжигчин бүсгүйг Жеймс Бондын цувралын нэг ангид тоглосныг нь манай үзэгчид
андахгүй. Мөн “Муур эмэгтэй” киног нь санаж
байгаа байх. Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй болсон бөгөөд
тайзан дээр догдолсон сэтгэлээ нууж чадалгүй хэсэг зуур уйлж зогссон билээ. Тас хар даашинзтай үзэсгэлэнт тэр бүсгүй
кинон дээр гардгаа бодвол бодит амьдрал
дээр жижигхэн биетэй аж. Гэвч төгс бие галбиртай,
өө хэлэх аргагүй гоо үзэсгэлэнтэй ажээ. Гэрэл цацруулаад л алга болсон доо. Түүнээс
илүү харж анхаарч амжсангүй. Дөнгөж орж ирээд л том биетэй олон дагуу­луудтайгаа ихэмсэгээр гарч одсон.

АМЕРИКИЙН
САЯТНУУДЫН ЭХНЭРҮҮД ИРСЭН БАЙВ

Тэнд
цугласан хүмүүсийн анхаар­лыг татахаар хувцасласан нэг бүсгүй толгой дээрээ аалзны дүрстэй малгай шиг юм тавьчихсан, малгай ч гэж
дээ толгой дээр нь амьд аалз арваганаад байх шиг харагдсан. Загвар муутай урт улаан
даашинз, толгой дээрх улаан аалз­ны дүрс хоёр нь өөрийн эрхгүй анхаарал татаж инээд
хүргэв. Түүнд хүн болгон анхаарал хан­дуулж өөрийнх нь содон жигтэй хувцсыг сэм
сэмхэн харахад улам өөртөө итгэлтэй болох аж. Манай­хаар бол марзан хувцасласан
тэр бүсгүйг шоолох хүн нэгэнт байхгүй болохоор тэр анхаарлын төвд байх гэсэн санаагаа
гүйцээсэн болол­той. Эрх чөлөөний орны эрх чөлөө­ний нэг хэсэг энэ аж. Хажууд нь
бас нэг үзэсгэлэнт бүсгүй хундага улаан дарс шимэн зогсоно. Түүний өмссөн даашинз нөгөөгийнхөөс бүр өөр. Урдуураа
богино, ар талын хормой нь газар шүргэсэн
даашинз нь “Guns\’ n Roses” хамт­ла­гийн “Арван нэгэн сарын бороо” хэмээх алдарт
дууны клипэн дээр сүйт бүсгүйнх нь өмсдөг
цагаан даашинзны хар өнгөтэй хувилбар гэлтэй.

Эргэн
тойронд нүд гялбам бо­лор чимэгтэй үй олон гоо бүсгүй­чүүд мөн энгийнээс энгийн,
хайш яйш хувцасласан эрхмүүд ч зөн­дөө. Америкийн саятнуудын мөн­гөө барж ядан эрхэлсэн
эрхэм­сэг авхай нар. Ихэнх нь Америкт гардаг “Саятны эхнэрүүд мөнгөө хэрхэн үрдэг
вэ” шоунд оролцож байсан олны танил хатагтай нар. Гарын­хаа шуунаас тохой хүртлээ
ал­тан бугуйвчаар чимсэн залуухан хатаг­тай, болор эдлэлийг хайр найргүй зүүсэн
баян бүсгүйчүүд. Фраг өмсч эрвээхэй зангиагаар чимсэн эрхэм­сэг эрчүүд энэ оройг
өөрсдөө чимж байв.

Нэг
ёсондоо америкчуудын мөрөөдлийг энэ хүмүүс аль хэдий­нэ олж авсан хүмүүс.

Бас
нэг бүсгүй олны харааг өөрийн эрхгүй татах аж. Өндөр зэгзгэр биетэй ч хэт туран­хай
биш үзэсгэлэнтэй хар арьст бүсгүйн нөхөр нь ахимаг насны буурал толгойтой баян эр
аж. Эхнэрийнхээ гоо үзэсгэлэнгийн сүрэнд дарагдах мань эр ямагт хойно нь дагуул
мэт нэг алхам ч холдсонгүй. Харин эхнэрийг нь босч, суух бүрий зоч­дын хараа түүн
дээр тусах аж. Түүний бие яг л зорсон юм шиг сайхан. Эвгүй хэлбэл дотуур хув­цас
шиг богино өмд, энгэр цээжээ ил гаргасан тачаангуй хувцаслалт, өөлөхийн аргагүй
гоё бие нь олон хүний харааг булааж байгаа нь тэр. Эндээс гарч явахдаа цахилгаан шатанд тэр хостой
таарлаа. Хаалга руу хараад цааш харж зогсох
түүнийг цахилгаан шатанд суусан хүмүүс ч ар нуруунаас нь цоортол ширтэж байсан.

МОНГОЛЫН
БИЗНЕСМЭН ЭХНЭРТЭЭ
8500
АМ.ДОЛЛАРААР СВАРОВСКИЙ ШИГТГЭЭТЭЙ ДААШИНЗ АВЛАА

Тусгайлан
зассан тайзны өмнө нэрт загвар өмсөгч болон алдарт­нууд сваровский шигтгээтэй ганган даашинз, чимэглэлээр
гоёсон од бүсгүйчүүд ээлжлэн хэвлэлийнхэнд зориулж зургаа татуулах аж. Тэд хэзээний
сурцтай нь аргагүй эвлэг­хэн зогсч инээмсэглэлээр чимж зургаа авахуулахаа мэдэх
аж. Энд Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий хатагтай Х.Отгонтуяаг мөн зарлаж тэрээр
хүүгийн хамт зургаа татуулав. Эхлээд анзаараагүй байсан гадны хэвлэлийнхэн шивэр авир хийж зургийн аппарат шаг
шаг хийж эхлэв. Олон танхимын нэгэнд энэ оройны гол арга хэмжээ болох болор
шигтгээтэй даашинзуудыг дуудлага худалдаагаар зарах ёстой байв. Танхим дүүрэн суусан хүмүүс дуудлага
худалдаанд орол­цо­хоор тус бүрийн дугаартай пайзыг гартаа барьжээ. Энэ тан­хим бусдыгаа бодвол энгийн.

Хамгийн
хямд даашинз мянга таван зуун ам.доллараас дөрвөн мянга таван зуун мянган ам.дол­лар
хүрэв. Зарим нь 30, 40 мянган доллараас эхэлж
дуудаад 100 гаруй мянган ам.долларт хүрч байлаа.

Айлчлалын
бүрэлдэхүүнд яв­сан бизнесмэн монгол эр эхнэртээ 8500 ам.доллараар сваровский болороор
битүү чимсэн урт хар даашинз дуудлага худалдаанаас авсан. Болор даашинзны дуудлага
худалдаанд очих боломж олгосон учраас хэвлэлд
нэрээ бичихгүй байхыг аминчлан гуйсан тул түүний нэрийг бас азтай эхнэрт атаархах
олон бүсгүйчүүдээс болгоомжлон энд бичихгүй байхаар шийдлээ. Гэхдээ тэрээр “Манай
эхнэрийн энэ жилийн бэлэгний лимит дууслаа” гэж хэлээд гар утсандаа даашинз­ны зургийг
аваад эхнэр лүүгээ илгээснийг харин дуулгачихъя.

Дуудлага
худалдаанаас өмнө нэгэнт бусад танхимд маникюрт
өмсгөсөн ганган даашинзуудыг олны нүдэн дээр ил тавьсан байсан болохоор оролцогчид
сонгох даа­шин­заа хэдийнэ товлочихсон байлаа. Зарим хүн үнэтэй даа­шинз­уудыг хоёр,
гурваар нь авч байна. Зарим нь эхнэртэйгээ зэрэгцэж суугаад саналыг нь асууж ирээд
л пайзаа өргөх аж. Эрх муур шиг эхнэрүүд
нь нөхөртөө наалдан сууж байгаад дэлгэцэн дээр танил­цуулах болор шигтгээт даашин­зуудыг
өөрсдөд нь тараасан танил­цуулган дээрх зургаас хуруу­гаараа заагаад л хэдэн мянган
долларыг нь дураараа үрж орхихыг харж суулаа.

Дуудлага
худалдаанаас олсон орлого хавдартай хүмүүсийн
эрүүл мэндэд зориулагдах учраас нэг ёсондоо буяны арга хэмжээ. Иймээс Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий буяны энэ арга хэмжээнд
оролцож байгаа нь энэ.

Хавдрын
эсрэг байгууллагын тэргүүн эмэгтэй Ерөнхий
сайдын гэргий Х.Отгонтуяатай ирж уулзан зургаа татуулав. Ерөнхий сайдын гэргий энэ
үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэр­гий, тэргүүн хатагтай Х.Болормаа
Хавдрын эсрэг сан байгуулсан. Танай байгууллагын
талаар улам­жилж хэлнэ” гэлээ.

Холоос
хол мэт санагдах Хол­ливудын одод, Америкийн баячуу­дын дэргэд өнгөрөөсөн нэг үдэш
ийнхүү өндөрлөв.

Гартаа дарс барьсан, жаахан
халамцаж дуу нь чангарсан баян америкчууд тэнд сэтгэл хангалуун үдэшлэгээ үргэлжлүүлэн
үлдсэн дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Эмирийн ордонг эзэгнэсэн өдрүүд III DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС… Кувейт улсаас хийсэн аян замын тэмдэглэлийг дахин нийтэлж байна.


Эмирийн өргөө буюу “Баяан палас”-ын эзний эдлэнд очлоо. Мань хүн
бол хааны удмынхны нэгэн. Эрх мэдэл гэдэг мэдээж хэмжээлшгүй. “Энэхэн дэлхий даях­­наараа…”
гэдэг шиг л. Уг эдлэн Кувейт хотоос зүүн урд зүгт байлаа. Үндсэндээ тухайн орны
иргэдийн мөргөлийн зүг рүү бид бүхэн давхи­сан юм. Аливаа байр сууцны таа­занд зүүн
урд зүг рүү заасан сум байдаг. Юу юм бол доо гэж эхний ганц нэг хоногт гайхдаг л
байлаа. Гэвч мөргөлийн зүг нь юм байна гэдгийг даруй ойлгосон юм. Арабууд өдөрт
таван удаа мөргө­дөг юм билээ. Бөхийн цол дуудаж байгаа юм шиг бүх нийтээрээ уянгалаад
явчихна. Мөргөлийн цаг нь эхэлж байгаа нь тэр. Өдөрт таван удаа мөргөдөг юм гэсэн.
Өнөө Шейхийн чинь эдлэнд үдийн зоог барьчихаад хөдлөх гэж байхад төвөөс ирсэн хэд
хэдэн хүн тусгай өрөөнд, тусгай олбог дээр мөргөж байгаа харагдсан. Мөргөлийн цаг
нь болсон байв уу, эс бөгөөс хурганы мах эх захгүй идсэндээ тэгсэн үү, бүү мэд.
Мөргөлийн тухайд нэг тиймэрхүү. Одоо эдлэн газрын сониноос дуулгая л даа.

Багахан сумын төвийн хэмжээ­ний газар байсан. Үндсэндээ цөлд л
ногоон байгууламж бий болгож, Монгол шиг, Швейцарь шиг тийм нэг тансаг орчныг цогцлоожээ.
Бүхнийг мөнгөөр шийдсэн нь мэдээж. Бүр нэг жижигхээн зүйлээс нь хүртэл алт, мөнгө
ханхлаад байгаа юм. Эдлэнгийн ногооны талбайг усжуулсан байгаа, ус сув­гийн орчин
үеийн техникийг ашиг­ла­сан зэрэг нь яалт ч үгүй л харц булаахаар. Элбэгээ Ерөн­хийлөг­чөөс
түрүүлж хэвлэл мэдээ­лэл болоод ажлын хэсгийнхэн очоод байсан. Бизнесийн багийн­хан
ч ирсэн байв. Кувейт хүүхдэд монгол дээл, жанжин малгай өмсгө­чихсөн монголчуудыг
угтуулсан нь сонин сайхан санагдаж байлаа. Дарга нарыг хадаг сүүтэй угтдаг дээхнэ
үеийн Дүүриймаа гэдэг шиг тэр нэг хөөрхөн банди монгол хувцастай Монгол Улсын төрийн
тэргүүнийг угтсан нь бас л нэгэн дурсамж даа. Тэнд ажиллаж амь­дарч буй ганцхан
монгол өрхийн тэргүүн Б.Ганбаа­тар нисгэгч уг эдлэнд ирчихсэн хүлээж байсан. Ж.Оджаргалтай
л ойр зуур яриад, харсан бүхэнд тун дотно байдаг юм байна гэсэн сэт­гэгд­лийг төрүүлээд
авсан. Оджар­гал түүнд “Би чам руу амжихгүй нь гэсэн мессеж явуулсан даа” гэхэд
нөгөөдөх нь, тийм мес­сеж ирээгүй дээ гээд утсаа шал­гуулж ч байх шиг. Их л дотно
юм билээ.
Шейхийн эдлэнгээс урт цуваа маань хөдлөхөд эхний машин амьтдын
хүрээлэнг зорьсон юм. Урт цуваа гэснээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг Кувейт болоод
Катарт ямархан өндөр хэмжээнд хүлээж авсны нэгэн илэрхийлэл бол төрийн хамгаалалтаас
нь харагдана. Үүнийг сапир Сайраан онцолж хэлж байсан. Ард­чилсан Ерөнхийлөгчийг
Арабын орнууд арай л дэндүү хүндэтгэж байна даа гэж. Ерөнхийлөгчийг айлчлалын хүрээнд
Сайрааны нэр хүнд бага­гүй өссөн байлгүй. Эхэн үедээ мань хүн гэм хийсэн юм шиг
дуу шуу багатай байсан бол Ката­рын Дохад сэтгэл үлэмж хангалуун машид баясгалантай
байгаа нь мэдрэгдсэн. Ц.Элбэгдорж Ерөн­хий­лөгчийн эл удаагийн айлчлал Кувейтэд
байгаа Элчингийн нөх­дөд нэр хүндийн өндөрлөг тогтоо­гоод зогсохгүй олон хүнд итгэл
үзүүлсэн дээ. Тухайлбал, Монго­лын Хөгжлийн банк Кувейтийн сантай хамтралын гэрээ
байгуул­сан. Төрийн тэргүүнийхээ буянаар баян газрын сантай баруун солгой­гүй гар
барилцаад авсандаа Хөгж­лийн банкны Л.Болормаа захирал тун чиг сэтгэл хангалуун
байгаа нь сэт­гүүлч бидэнд илт ажиглагдсан билээ.
Шейхийн эдлэнгийн амины хүрээлэнд тэмээн хяруул, хиймэл цөөрмийн
дэргэдэх саарал шороон дээр хэвтэж буй матар, лам гөрөөс, сойр болоод бөднө шувуу
гээд урьд өмнө олонтаа сонсож байсан ч тэр бүр нүдээр үзээгүй ховор амьтдыг дэргэдээс
нь харлаа. За тэгээд адууных нь “амралтын өрөө”-гөөр орлоо. Өн­дөр хашаан дотор
залуу­хан араб азарга хэдэн тийшээ туйлж байна аа. Тоос манан татуу­лан давхиж булангийн
цементэн хашааг мөр­гөж зогсоод л мөн чиг адгуу байна. Зэргэлдээх хашаанд мань
“эр”-ийн эзэмшил болох хэдэн байдсыг хорьчихож. Тэгээд л сүрийг бадруу­лаад байсан
ажээ. Жинхэнэ араб адууг бид олон харсан. Басхүү араб цусны адууг нэг хэсэг төрийн­хөө
наадамд тор­гон жолоо өргө­хийг ч харсан. Тиймийн учир араб адуу бидэнд тийм ч сонин
биш. Гэвч яг газар дээр нь очоод “ориг”-оор нь үзэхээр арай л өөр юм билээ. Азаргыг
нь тусдаа, хөгшин гүү, хэдэн сарваа, унагануудыг нь бас тусдаа байл­гадаг ажээ.
Харин унааны болоод гоёлын морьд “хаус”-нд л бүрэн хангамжаар дүүрэн байдаг юм билээ.
Тэрхүү эдлэнд бид ганц бөхтэй тэмээ үзсэн. Ерөнхийлөгч бүр хашаан
дотор нь орчихсон, өнөө хэдэн тэмээтэй чинь найзалж бай­гаа харагдсан. Манайхны
зогдроо шидлэх өндөр өндөр шар атнуу­дын дэргэд Арабын ганц бөхтэй тэмээ үнэн жул
санагддаг ч яг дэргэд нь очоод харахаар бас чиг өөр юм билээ шүү. Харин зурагтаар
бол онцгүй ха­рагд­даг юм билээ. Ялангуяа тэмээ­ний уралдаан нь. Эмирийн ордныхоо
буудалд томоо гэгч өрөөнд ганцаар Арабын Шейх шиг л хэв­тэх­дээ зурагтаар тэмээний
урал­даан үзлээ. Гуван гуван давхих тэмээнүүдээ гоё гоё жийптэй Арабын баячууд дагаад,
машины­хаа цонхоор орилолдоод сүйд л болдог юм билээ. Хүйлэн хөх зам­буу­лангийн
салхийг нь хүртэл дагуулаад эргэдэг соёолонгийн эрэмгий давхилыг яг дэргэдээс нь
хардаг бидэнд гуван гуван хурдлах ганц бөхт тэмээний уралдаан лөөлөө л санагдаж
байгаа юм. Уг уралдааны маргааш нь байна уу даа, сонинд нэгэн мэдээлэл гарчээ. Кувейт
бол өдөр тутмын олон хэвлэлтэй, “Араб таймс”-аас аваад хэд хэдэн сонины нэр дуулддаг.
Эмир ч өөрөө хувийн сонин теле­виз­тэй юм гэсэн. Цахиагийн Элбэг­дорж Ерөнхийлөгч
Кувейтэд буу­хад эрхэм дээд Эмир нь хүндэтгэн угтаж бид бүхнийг өнөө алдарт Баяан
буудалдаа аваачихуйд зураг­таар нь уг айлчлалын мэдээ шууд цацагдаж байсан. Тэгэхээр
мэдээлэл ерөнхийдөө хурдан түг­дэг нь анзаарагдаж байгаа биз. Нэг зүйлийг онцлох
гээд энэ бүгдийг хачирлалаа л даа. Дээрх тэмээний уралдааны үеэр нэгэн бизнесмэн газар дээр нь Кувейтийн мөнгөөр
хоёр сая динараар худалдан авсан байгаа юм. Хоёр сая динар бол монгол мөнгөөр тооцоод
үзэхээр арван тэрбум төгрөг. Арабын ертөн­цөд хурдан удмын угшил сайтай тэмээ ийнхүү
арван тэрбум хүрч түүхэн амжилт тогтоожээ. Өнгөрсөн жилийн наадмаар “Мон-Уран”-ы
Б.Наранхүү төрийн наа­дамд аман хүзүүдсэн азаргыг до­лоон зуун сая төгрөгөөр худалдан
авч дээд амжилт тогтоосон билээ. Арабад бол морь биш тэмээ, тэмээ тэмээдээ ганц
бөхт тэмээ арван тэрбум л хүрч байна шүү дээ, базарваань.
Өнгөрөгч сарын хорьдоор хоёр монгол оюутан Кувейтийн их сур­гуульд
очсон талаар өмнөх тэмдэг­лэлдээ дурссан. Одоо нэгнийх нь ярианаас хүргэе. Мань
хоёр тө­рийн тэргүүнээ ирснийг дуулаад Эмирийн ордонд ирчихсэн, үүд хавиар нь эргэлдэж
байсан юм. Тэр зуур миний бие таарч яриа өдсөн нь энэ юм. Тэд бол Алтанхүү, Өнер­гүл
нар л даа. Алтанхүү нь яриа хөөрөө муутай “Чи багш байс­наараа сайн ярь” гэж казах
хүүхэн­дээ үүрэг болгосноор Өнергүл бид хоёр Эмирийн ордны уулзалтын өрөөг эзэгнэнхэн
ярилцсан юм аа.
Өнергүлийн аав нь казах юм байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх
гэсэн. Бүхий л насаараа цахилгааны инженерээр ажиллаад одоо Улаанбаатар хотноо гэр
бүлийн хамт тэтгэвэртээ суужээ. Өнергүл
“Чингэс хаан” дээд сургуу­лийн олон улсын харилцааны ангийг 2003 онд төгсөөд сур­гууль­даа
багшилсан гэнэ. Кувейт рүү яагаад ирж суралцах болов хэмээн асуухад, оюутан байхдаа
араб хэлийг их сонирхож байсан. Мөн Булангийн орнуудын талаар мэ­дээ­лэл багагүй
авдаг байсан. Ерөөс энэ чиглэлээр мэргэшье л гэж бодсон. Бакалавр, магистрын­хаа
дипломын ажлыг Арабын орнуу­дын түүхээр хамгаалсан гэдгээ илэрхийлээд оюутан цагийнхаа
хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Булан­гийн оронд ирээд буйгаа дуулга­сан. Түүний ангид
25 хүүхэд сурдаг гэнэ. Япон, Сонгос, Чех , Унгар, Итали, Африк гээд орон орны л
оюутнууд суралцдаг аж. Хэл усыг нь сурахад хэр хэцүү вэ гэхүйд, мэдээж түвэгтэй.
Адаглаад л хой­ноос урагш буюу бичгийн хэллэгээр зүүнээс баруун руугаа бичигдэнэ.
Гэхдээ яг сураад ирэхээр маш сонирхолтой. Мэддэг цөөн үгээ ашиглаад хүмүүстэй ойлголцоод
байх боломжтой хэмээн хээвнэг хариулж байлаа.
Оюутны байр нь эмэгтэй эрэг­тэйгээр тусдаа байдаг гэнэ. Банди
нар охидын байраар очих эрх байхгүй. Хичээлийн цагаар л уул­зана гэхээс оройхон
байрны гадаа очоод шүгэлдэх аваас цаг­даа магдаа болох нь холгүй гэсэн. Зоогийн
газар, номын сан, интер­нэт танхим гээд бүх зүйл нь нэг дороо гэж байгаа. Сургуулиас
нь автобус гаргаад өгчихдөг байна. Дэлгүүрээр хэсэх юм уу өөр газруу­даар явъя гэвэл
тусдаа унаа гар­гаад өгчихдөг гэнэ лээ. Төрийн тэргүүний албан уулзалтууд орой хэрд
дуусч өдөржин гүйлдсэн бид түр амраад л дэлгүүр хоршоо болно шүү дээ. Мэдээж цаг
за­ваараа л даа. Араб руу явлаа гэхүйд гэр бүл, найз нөхдөөс аваад захын хүн л алт
захина шүү дээ. Гэтэл начир дээрээ алт нь үнэтэй гэдэг жигтэйхэн. Зүгээр нэг бөгж
авъя гэхэд л таван зуу гаруй доллар. Бууна барина гэсэн ойл­голт байхгүй. Ерөөс
бараа таваа­рынх нь ханш өндөр. Аргагүй дээ, амьжиргааных нь түвшин өндөр болохоор
тэр. Кувейт улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээг­дэхүүн тавин мянга гаруй
ам.дол­лар. Тус орны эдийн засгийн гол үндэс суурь нь газрын тосны сал­бар гэдгийг
бүгд мэднэ. Дотоодын нийт бүтээг­дэхүүний ихэнх хувийг, экспортын орлого болоод
төсвийн орлогын ерэн таван хувийг газрын тосны бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг. Газ­рын
тос экспортлох хэмжээ­гээрээ Булангийн орнууд дотроо­соо Саудын Араб, Арабын нэгдсэн
Эмират улсын дараа ордог гэж байгаа. Нэг хүнд оногдох баялаг бүтээгдэхүүнээрээ дэлхийд
цээж­ний тавд л жагсдаг шүү дээ.
“Гар аргаар алт олборлодог зүйл байдаг юм болов уу” гэж сонирхож
үзсэн л дээ. Юмыг яаж мэдэхэв гэсэн үүднээс л сонирхож байгаа хэрэг. Гэтэл тийм
зүйл алга аа. Нифтиэ газрын гүнээс тусгай техник технологийн дагуу олбор­лодог,
маш том суурь бааз ажил­ладаг учир тийм зүйл байдаггүй байна. Мөн нефть нь зуун
хувь төрийн өмч байдаг учир боломжгүй ажээ. Газрын тос шавхагдашгүй юу, ер нь хэдэн
жилийн нөөцтэй вэ гэж сапираасаа асуухад, уучлаарай энэ бол Кувейтийн төрийн нууц
аа гээд ам таглачихсан. Тийм л юм байлгүй.
Наадам, цагаан сар тэргүүт үндэсний баяраараа та хэд маань яаж
баярладаг вэ гэж сонирхлоо. Сапирын хэдэн цэргээс асууж байгаа минь тэр. Монголын
төр ёсны баяраар албан ёсоор амар­даг байна. Тэгээд л яг эх орондоо байгаа юм шиг
ес уламжлалынхаа дагуу тэмдэглэдэг байна. Юун түрүүнд эхлээд Элчин сайддаа золгодог
гэсэн. Сапирындаа яваад ортол зарим үед мөргөлөө хийчих­сэн сууж байдаг гэж байгаа.
Цаг улирлын дулаанд монгол дээлээ өмссөн нөхөд нас зүснийхээ дагуу бие биедээ золгодог
байлгүй. Я.Санжмятав даргын өмнө олон хутагт хувилгаадын нутаг Завхан аймгийг толгойлж
байсан П.Гансүх дарга Кувейтийн Элчингийн гурав­дугаар нарийн бичгийн даргаар оччихсон
юм байна. Гэр бүлийнхээ хамт дээд хэмжээний уулзалтад оролцож байсан. Түүнтэй тав
гур­ван солиход орон хотоо асуухаас илүү Отгонтэнгэрийнхнийгээ л асууж байна лээ.
Нутгаа санаж буй нь бүр нэг илт шүү. Төрсөн ах нь гавьяат болж мань эр өнгөрсөн
зун Арабын тэнгэр дор мөн чиг баяр­ласан дуулдсан. Тэрхүү гавьяат болж Кувейтэд
суугаа дүүгээ баяр­луулсан эрхэм бол Пүрэвжавын Батсайхан. “Долоовор хуруундаа зүүний
сорвитой гээд эхэлдэг…” ханийн тухай дуунаас аваад Зав­ханы С.Батсүх гавьяатын
дуулдаг олны сэтгэлд хоногшсон бүх л дууны шүлгийг тэрлэсэн нэгэн юм. Тэрээр Завхан
аймагтаа хутаг­туудынхаа хөшөөг босгож, Ар халхын алтан мөнгөн тамгатай хутагт хувилгаадынхаа
тухай цув­рал нэвтрүүлэг бэлтгэн Монголын үндэсний олон нийтийн телеви­зээр явуулж
байсан соёлын зүтгэл­тэн билээ. Гагцхүү П.Гансүх дарга бус Элчингийнхэн маань Монгол
Улсын Ерөнхийлөгчөө ихэд сана­сан, Монголынхоо тэсгим өвлийг, цасан бударсан тунгалаг
үдшүү­дийг санагалзаж байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгдэж байсан юм аа. Эмирийн ордонг
эзэгнэсэн өдрүү­дийнхээ тэмдэглэлийн сонин сайх­наас хүргэхэд ийм байна. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үр дүнгийн талаар Лүндэгийн Пүрэвсүрэн зөвлөхийн
яриагаар хүргэх юм аа. Мөн энэхүү тэмдэглэл олонд хүрэхийн өмнө Ерөнхийлөгчийн айлчлалын
албан мэдээллүүд хэвлэлээр цацагдаж, Монгол Улс, Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн нэр
хүнд Арабын тэн­гэр дор хэрхэн өндөр байсныг эрхэм та бүхэн мэдрэхийн дээдээр мэдэрч
буй учир дахин дахин бичиглэхийг эрмэлзсэнгүй. Алба­ны бус энгийн тэмдэглэл хүргэхийг
зорьсон нь энэ ээ. Дараагийн дугаарт Катарын нийслэл Доха­гийн тэнгэр дор уулзюу.
Хүлүг хааны үед эзэлж явсан Эмирийн ордонг Ардчилсан Ерөнхий­лөг­чийн айлчлал дор
нэгэнтээ эзэг­нэлээ.

Үргэлжлэл бий