АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛ ХОЙШЛОВ
Ардчилсан намын фракцуудын зөрчил ид өрнөж байна. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа намын дүрмийн өөрчлөлт, намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэхээр тохирсон Алтан гадас, МоАХ фракцынхны төлөвлөгөө нуран унасан талаар бид мэдээлэл хүргэж байлаа. Тохирооноосоо буцсан Н.Алтанхуягт ҮЗХ дахь МоАХ фракцынхан хурал хаяж бэлэг барьсан. Харин саяхнаас энэ тохирооны нөгөө талд үлдсэн Ардчилсан хүчний холбоо, МҮДН, Нэг ардчиллын залуус нэгдэн эвсэл байгуулахаар ярьсан гэнэ. Өнгөрсөн удаагийн гэнэтийн тохиролцоо шиг үйл явдал өрнөх аваас хариу барихаар тэд ийнхүү гар барилцахаар болжээ.
Үүнээс гадна өнгөрсөн баасан гаригт тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдахаар цаг товлосон ч Н.Алтанхуяг даргынхаа тушаалаар гэнэт хойшлогдов. Уг нь удаан хугацаанд хоёр даргатай явж ирсэн маргаантай дүүргүүдийн асуудлыг энэ удаа цэгцлэх ёстой байлаа. Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн олонхи Алтан гадасынхан. Тиймээс ч хоорондоо ойлголцож өгдөггүй Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийг Алтан гадасынхан өөрсдийн хүндээ өгөх нь гэсэн таамаг нам дотор хэдийнэ бий болчихоод байсан юм. Гэвч энэ удаа асуудлыг нэг талд нь гаргасангүй хойшлуулж ирэх долоо хоногт ярихаар болов. Намын дарга, Алтан гадасын тэргүүн Н.Алтанхуяг ямар нэгэн улс төрийн үйл явцаас шалтгаалан ийнхүү хойшлуулсан байж болох юм. Нэгэнт л ингэж улайрч байгаа бол Алтан гадастаа энэ дүүргүүдийг авчихсандаа ч дээр биз. Тэгэхгүй энэ янзаараа сонгуультай золговол байдал улам л төвөгтэй болно. Мөн Ардчилсан нам дүрмээ өөрчлөхөөр ярьж эхлээд нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Харин сүүлийн үед дүрмийн өөрчлөлтийг хийхээр энд тэндгүй хуралдах болжээ.
МАХН ДЭЭД ШҮҮХЭД ӨРГӨДЛӨӨ ӨНӨӨДӨР ӨГНӨ
Улс төрийн жижиг намууд нэгдэж гуравдагч хүчин бий болох явц руу явчихлаа. Үүнд Дээд шүүхэд нэрээ бүртгүүлчихвэл МАХН голлох үүрэг гүйцэтгэхээр яригдаж байна.
Онц их хурлаа хийсэн МАХН өнөөдөр өргөдлөө Дээд шүүхэд өгөхөөр болжээ. МАХН нэрээр нь Дээд шүүх бүртгэнэ гэдэгт тэд итгэлтэй байгаа гэнэ. Өөрсдийн зүгээс хуулийн гаргалгааг ч нарийн судалжээ. Мөн өнөөдөр тус намын Гүйцэтгэх товчоо хуралдах юм байна. Энэ удаа тэд бүтэц зохион байгуулалт, аппаратын ажилтнуудын ажил үүргийн хуваарийг ярилцах аж. Дээд шүүх МАХН нэрээр нь бүртгэсний дараа аймаг, нийслэл, сум, дүүргүүд дэх нэгжүүдээ байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Хэдийгээр байдал ийм байгаа ч тэдний дунд бие биенээ МАН-ын тагнуул гэж хардаж сэрдэх явдал газар авчээ. Хурал хаяж гарсан Ц.Алтаншагай хэмээх залууг ч ингэж хардаж сэрдсэн байна. Уг нь түүний бухимдлын шалтгаан Хэнтий, Орхон аймгаас ирсэн төлөөлөгчдөд мандат олгохгүй буцааснаас эхлэлтэй байж. Ирсэн төлөөлөгчдийн мандатыг өгсөнгүй гэж хурлын өмнөх өдөр Ц.Алтаншагайг ундууцахад Гүйцэтгэх товчооны гишүүн Ю.Атар нүүр рүү нь нулимж, түлхэж орхисон байна. Үнэн хэрэгтээ хурал орхиж гарсан Ц.Алтаншагайг МАН-ынхан ч нэлээд оролдож хувийн бизнест хүртэл саад хийх гэж хавчиж байсан атал ийнхүү МАХН-ынхан нь бас тагнуулч гэж үзжээ. Цаашлаад Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын зөрчил ч Онц их хурлаас өмнө явж байсан бөгөөд намын даргын суудлыг хэн хэн нь сонирхсоноос болсон гэнэ. Одоогоор энэ намынхан өндийх гэж зүтгэж байгаа ч ард нь иймэрхүү явдлууд бас болоод байгаа ажээ.
МАН АЛТАН ГАДАСТАЙ ТОХИРОВ УУ?
Энэ хооронд МАН-ынхан бас л толхилцоонтой. Нам доторхи жижиг ашиг сонирхлууд намын даргатайгаа зөрөн байж жагсаал
цуглаан дураараа зохион байгуулсан У.Хүрэлсүхийг эрүүл мэндийн шалтгаанаар
ажлаа өгөх гэж байгаа
талаар мэдээлэл
нисгэх болов.
Үүнийг харин эх
сурвалжууд үгүйсгэж байгаа
бөгөөд “У.Хүрэлсүх шиг эрүүл хүн байхгүй” хэмээн хэллээ. Харин улс төрийн үл ойлголцол, үйл явдлын өрнөлөөс шалтгаалан удаан хугацаанд хойшилсоор байгаа Сонгуулийн тухай хуулийг ирэх хавар хэлэлцэхээр дахин хойшлуулсан. Зарим эх сурвалж гарцгүй гацчихаад байгаа
энэ хууль дээр Ардчилсан намын Алтан гадас фракц Ардын намынхантай тохироонд хүрсэн гэж үзэж байгаа юм.
Тэд Сонгуулийн хуулийг энэ удаадаа 2008 оныхоороо явуулъя гэж санал нэгдсэн гэх. Намуудын ойрын үеийн сонин
хачин нэг иймэрхүү л
байна.