“Өдрийн сонин“-ы Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, нийтлэлч Жамбалын Гангаатай ярилцлаа.
–Хэдхэн хоногийн өмнө та Монголын сэтгүүлзүйн дээд шагнал болох “Балдорж шагнал“-ын эзэн боллоо. Яриагаа эндээс эхэлнэ дээ?
-Уралдаанд оролцох гээд юм бичээд байсан юм биш л дээ. Ерөөсөө л өөрийнхөө үндсэн ажлыг хийгээд явж байна. Түүнээс саяхан нэг том наадам болоод,
тэр өдөр миний од гийгээд, юунд ч ялагдахаа
байгаад, үндсэндээ төрийн наадмын түрүү бөх
шиг гэнэт цоорчихсон юм байхгүй.
“Балдорж
сан”-гийн шалгаруулалт бүтэн жил үргэлжилдэг. Магадгүй гурван жил ч үргэлжилж байгаа юм билүү. Тухайн хугацаанд “Энэ нөхөр л нэг гайгүй бичээд байна шүү” гэж шүүгчдийн зөвлөл ерөнхийд нь багцаалж байгаад шалгаруулсан болов уу. Шагнал эзнээ олсон, олоогүй янз бүр л байдаг. Нобелийн шагнал ч эзнээ олохгүй үе бий. Магадгүй би эрт орой хэзээ нэгэн цагт уг шагналыг авах л байсан байх. Ямар ч байсан гурав дахь жилдээ болж буй шалгаруулалтад нь магнайлж Гран-при хүртлээ. Маш их баярлаж байна. Үүн шиг үнэ цэнэтэй шагнал би бараг авч байгаагүй юм билээ.
–Та чинь “Оны шилдэг сэтгүүлч“-ээр олон л шалгарсан даа. “Өдрийн сонин“-ыхоо шилдэг ч болдог, Монголын сэтгүүлчдийн шилдэг ч болдог хүн дээ?
-Тийм
л дээ. “Балдорж шагнал”-ын нэр хүнд, үнэ цэнэ их өндөр учир зориуд ингэж хэлж байна. Нийгмийн бусад салбарт ажилладаг хүмүүс энэ байтугай өндөр шагналыг их амархан авчихдаг юм билээ. Түүний дэргэд уг шагнал бага санагдаж болох юм.
–Нийгмийн бусад салбарууд сэтгүүлзүйгээс чухал болоод л тэр юм болов уу?
-Амьдрал
их өөрчлөгдөж байна даа. Удахгүй хөгжлөө дагаад олон хүн бөх барилдах, хүрз барих зэрэг хүчний ажлаар хоолоо олж идэхээ болих байх. Цөмөөрөө л оюунлаг хөдөлмөрийг эрхлэх гэх болж. Тэр нь зөв шүү дээ. Бид угаасаа л тариачин байгаагүй. Нэг бол ноён, эсвэл лам болцгоодог удам уламжлалтай. Боолын хөдөлмөр эрхлэх дуртай хүн бараг байдаггүй. Хуучин гурван хүний нэг нь дарга байсан бол одоо гурвуулаа босс болчихоод байна. Болж л байна шүү дээ.
–Шагнал авсан бүтээлүүдийн тань талаар сонирхох гэсэн юм. “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ“, “Цагаан сарын үеэр л юм даг” нийтлэлүүд тань шүүгчдээс их өндөр үнэлгээ авсан. Мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн хэмээн өнөөгийн сэтгүүлзүйн луугарууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байсан даа?
-Тэгж
үнэлж байгаа бол сайн л байна. Гол нь уншигчид шүү. Манайхан хэн нэгэнд захиалж, зориулж бичээд байх юм. Би тэгдэггүй. Би ардчилсан үзэлтэй. Угаасаа хуучин нийгмийн үед ч тийм л байсан. Олон түмэнд ийм юм бичвэл хэрэгтэй байх гэсэн малгайн дор бүх бичлэг минь хөвөрдөг дөө.
–Таны нийтлэл, аян замын тэмдэглэлүүд үнэхээр өөр байдаг. Харин нэг зүйлийг онцолж асуухад, танин мэдэхүйн материалууд чинь олны анхаарлыг ихээхэн татдаг. Ямар сайндаа зохиолч Д.Урианхай “Танай Гангаа математикийн мундаг багш байсан уу” гэж асууж байхав дээ. Хүмүүст тэгж л ойлгогдохоор мэргэжлийн түвшинд бичдэг?
-Өнөөдөр
бид амьдралынхаа ихэнх хугацааг сурч боловсроход зориулж байна. Тэгэхээс ч аргагүй. Дээхэн үед бол дөрвөн аргын тоо сурчих л юм бол “Одоо миний хүү боллоо доо, сургуулиасаа гарчих” гэдэг байв. Энэ нийгэмд энгийн нэг ажил эрхэлье гэсэн хүн гуч нэлээн гартлаа сурах ёстой болоод байгаа. Дээр нь хэлтэй устай байх, жолооны курст суралцах, компьютер бүрэн эзэмшсэн байх гээд олон зүйл шаардагдана. Гэтэл манай залуус хорь жаахан гарангуутаа ажил амьдралын салбарт, бүр онигоотой нь 25 нас хүрэхтэй үгүйтэй улс төрд хүч үзэх гээд байдаг. Сурсан мэдсэнээрээ дулимаг байж амьдралд шууд л хөл тавиад байна шүү дээ. Үүнийг юуны учир өгүүлэв гэхээр миний бие мэдэх ёстой зүйлээ бүрэн мэдэж, сурч боловсорсны дараа сэтгүүлзүйд хөл тавьсан.
–Тэгэхээр аль ч чиглэлээр бичих чадвартай гэдгээ хэлээд байна аа даа?
-Тэгэх
гээд байгаа ухаантай. Сүүлийн жишээ гэхэд манай сонины өчигдрийн дугаарт цэрэг армийн тухай миний нэг материал гарав даа. Түүнийг уншчихаад хүмүүс, ялангуяа цэргийнхэн армийн тухай мэдлэгийг минь гайхаад байдаг. Би чинь армид гурван жил алба хаасан хүн. Би дөч гартлаа амьдрал дундуур явж туршлага мэдлэг цуглуулсан.
-“Өдрийн сонин“-д цувралаар хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьж байсан аян замын тэмдэглэлүүд болох Түвд, Буриад, Халимагийн тухай, за тэгээд Алтайн цаад говь, Алтайгаас Хянган хүртэл гээд олон нийтлэл дээр чинь тогтож яримаар байна. Тэр бүгдийг ярина гэвэл барагдахгүй. Сонирхоход, анх та хаашаа явж ирээд тэмдэглэл бичиж байсан бол?
-Эрээний
тухай бичиж байсан юм байна. “Элээтэл бичсэн Эрээний тухай” гэж гарчиглаад бичиж байв. Эрээн рүү бүгд л явдаг. Хаа холын малчин хүртэл очоод үзчихсэн л газар. Сэтгүүлчид бол үнэхээр элээтэл явж, явах бүртээ бичиж байсан. Гэхдээ би тэрхүү тэмдэглэлийг уншсан хэн бүхэн Эрээн рүү эргээд очтол нь бичиж байсан юм даа. Хүмүүсийн анзаараагүй зүйл зөндөө л байдаг байхгүй юу. Ингэхэд аян замын тэмдэглэлтэй холбогдуулж өөрийнхөө саналыг хэлье л дээ. Хүмүүс аялна гэхээр хамгийн түрүүнд өөрийгөө зугаацуулахаа л боддог. Өөрөө л гоё байх, жаргалтай байх гээд байдаг. Тэгээд аяллаас буцаж ирээд телевизийнхэн ч бай, сониныхон ч өөрийгөө л бичээд байдаг. “Би тийм гоё зүйл нүдээр үзлээ. Мөн азтай хүн юм аа, та бүхэн үзсэн ч болоосой” гээд шогшроод байдаг. Би нэг их олон түмнээ боддогтоо биш зугаа цэнгэл, гоё сайхан гэх бүгдийг хойш тавиад ийм ийм зүйлийг хүмүүст хэлж өгье гэх сэтгэлээр бичдэг. Бусдын төлөө гэсэн сэтгэл л надад байдаг учир аян замын тэмдэглэлүүд маань уншууртай, бусдаас өөр болдог хэрэг. Түүнээс би бусад шиг хар амиа бодож, гэр орондоо эд материал цуглуулж, аль эсвэл сэтгэлийн хөөрлөөр аливааг даган намирч, өдөр шөнөгүй архидаж байгаад ирдэг бол юугаа бичих билээ.
–Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хаашаа л явна, манайхаас та “ногоон гэрлээр” явдаг. Таныг хамт явна шүү гэдэг нь мэдээж. Төрийн тэргүүн гэлтгүй ямар ч хүмүүст “Гангааг л аваад явчихбал ажил маань үр дүнтэй болно” гэх ойлголт байдаг шиг. Үүнд өөрөө ямар хариулт өгөх вэ?
-Хүмүүс
тэгж боддог ч юм уу, үгүй ч юм уу би сайн мэдэхгүй юм. Ер нь тэгээд хамт явъя гэсний зоргоор яваад байдаггүй. Яахав, төрийн тэргүүн ч байна уу, энгийн нэг эрдэмтэн ч байна уу намайг эхлээд хүн гэдгээр нь хардаг байх. Би аливаа хүнийг тэгтлээ элдвээр хэлээд байдаггүй, бодит амьдрал дээр хүнтэй ч олигтойхон хэрэлдэж чаддаггүй товариш шүү дээ. Манай авгай миний зөв ч байсан, буруу ч байсан хэрүүл хийхэд намайг хэдийнэ таг болгочихоод кайфтайхан сууж байдаг (инээв). Юманд тэгтлээ хөл алдаад байдаггүй, гомдож гутраад байдаггүй тийм нэг монгол эр хүний сайхан чанар надад бий. Энэ маань ч нийтлэл, тэмдэглэлд минь нөлөөлдөг байх.
Өнөөдөр манай золигнууд яаж байна. Дургүй хүргэсэн нэгнээ учиргүй муулдаг. Жаахан баярлахаараа хөлөө хугалчихаа алдан хөөрч давхиад байдаг. Юмыг байгаа чигээр нь хэлдэггүй л байхгүй юу. Энэ бүхнээс намайг багийн бүрэлдэхүүндээ багтаах сонирхол хүмүүст байдаг болов уу. Түүнээс тэд магтан дуулагчаар л дутав гэж. Н.Энхбаярыг би дагаад явж л байсан. Тухайн үед манай сонин мань хүнийг авч өгдөг л байсан ш дээ. Би өөрт нь шударга хэлдэг байсан. “Би шүүмжлэх зүйл байвал таныг ч шүүмжилнэ шүү дээ, дарга минь. Ер нь намайг авч явах хэрэг байна уу даа” гэж. Үнэн сэтгэлээсээ ингэж хэлэхэд ямар ч хүнд сайхан санагддаг юм билээ л дээ.
–Санамсаргүй хийсэн алдаа түүнээс үүдсэн сургамж хүнд мартагддаггүй. Танд тийм зүйл байна уу. Алдаж байсан факталж байсан дурсамжуудаасаа хуваалцахгүй юу. Яриа маань нэг л албаны маягтай болоод байх шиг санагдах юм. Уран бүтээлчидтэй уулзахдаа битгий ажил ярьж байгаач, хүмүүст сонин санагдах, сонирхолтой энгийн зүйл ярилцаж байгаач гэж өглөөний хурал дээр та “донгоддог“. Гэтэл та бид хоёрын яриа…?
-Өөрийн
тань асуултад л би хариулж байгаа шүү дээ. Тиймээс яриа албан болно уу, энгийн байна уу надад хамаагүй ээ. Асуултад чинь одоо хариулъя. Надад сүрхий алдаад л, фактлаад байсан зүйл ховор. Миний бие арван найман наснаасаа эхлээд улсын ажил хийсэн. Өнөөдрийг хүртэл бараг амралтгүй ажиллаж байна. Юмыг хариуцлагатай хийгээд сурчихсан хэрэг. Сэтгүүлзүйн салбарт хөл тавьж байхад надад бэрхшээлтэй зүйл байгаагүй. Би өмнө нь бэлтгэгдсэн сэтгүүлч шиг шууд л бичээд эхэлсэн. Ухаандаа, үзэл суртлын номлолд огт автаагүй. Биеийн тамирын багш мэргэжилтэй учир марксизм, ленинизм заалгаагүй. Социализмын тогоонд чанагдаж байх үедээ үзэл суртал, нам улс төрийн ажил эрхэлж байсангүй. Сэхээтнүүдийн хамгийн хол салбар болох спортын хүн шүү дээ. Тиймээс зах зээлийн нийгэмд бэлтгэгдчихсэн сэтгүүлч байсан. Дээр нь бичгийн удам нөлөөлсөн байх аа.
–Бичгийн удмын нөлөө байсан нь тодорхой. Таны төрсөн ах Жамбалын Мягмарсүрэн “Ардын эрх” сонины Ерөнхий эрхлэгч байсан. Дараа нь “Өдрийн сонин“-г байгуулсан. Монголын лидер сэтгүүлчдийн түүчээ болсон нэгэн. Мөн манай нэртэй зохиолчдын нэг. Орлогч эрхлэгч Жамбалын Сандагдоржийг ч зангарагтай бичдэгийг уншигчид мэднэ дээ?
-Үнэхээр
миний бие бичгийн олон жилийн удамтай. Уугиж буй арц шиг сайхан хөрс суурь байна. Энэ мэт есөн шид нь бүрдсэн амьтан сэтгүүлзүйд хөл тавьж байлаа. Хуучин нийгмийн хоцрогдсон хэдэн сэтгүүлчийг тордож байхын оронд дүүгээ сэтгүүлч болговол дээр юм байна гэдгийг Ж.Мягмарсүрэн ах гярхай анзаарсан байгаа юм. Тэгээд надаар юм бичүүлсэн. Би ч өөрийнх нь бодож байсан шиг бичсэн шиг байгаа юм. Харь гаригаас хүн авч ирээд бичүүлсэн мэт тэс өөр өнцгөөс өөр зүйл бичсэн хэрэг. Тэр нь үзэл суртлын сонин хэвлэл, албаны үг ярианаас уйдсан уншигчдад яг таарсан байгаа юм. Тийм учраас надад ямар ч алдаа байгаагүй.
Сэтгүүлзүйн дээд шагнал авлаа. Үнэхээр миний үе эхэлчихлээ. Шинэ сэтгүүлзүй гэдэг чинь одоо л өнгө төрхөө олж байна. Уншигчдад чин үнэнийг хэлдэг, энгийн бичдэгээрээ би бусдаасаа ялгарч байгаа. Дээр нь нургисан сайхан, инээмсэглэсэн мэт монгол үгнүүд олж бичлэгтээ шигтгэхийг эрмэлздэг маань уншигчдад таалагддаг байх аа. Уянга, хөг оруулж байгаа нь энэ гээд манайхан чинь Өвөрхангайн Уянгын эрээн гэр шиг хээ угалз оруулаад өгөх юм уу, бүр хоцрогдсон үгнүүд хэрэглэх нь бий. Тэр нь уг нийтлэл, тэмдэглэлийнхээ үнэ цэнийг бууруулчихдаг. Сайхан үгтэй, үг нь оновчтой, ид шидийн гэмээр нийтлэл уншсан хүнд ер бусын энерги өгдөг. Сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг. Ийм л учиртай.
–Та их олон хүнтэй нөхөрлөдөг. Гэхдээ тэдэнтэй бүр лав нөхөрлөж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй…?
-Манай
“Өдрийн сонин” цаанаа эрх ашгийн зөрчилгүй. Гэтэл сониныг удирдаж байгаа хүмүүс нь эрх ашгийн зөрчилтэй болохоор нэг тал руу мурийгаад байдаг. Би хүмүүстэй дотно нөхөрлөхийг боддог. Ер нь ч хүнтэй их амархан танилцаж, ойлголцчихдог зантай. Харин намайг ах нар маань бодлогоор хүнтэй дотно нөхөрлүүлдэггүй. Учир нь эр хүний жудаг заагаад тэднийг би шүүмжилж, дутагдлыг нь хэлж чадахаа байчихна. Бусад хүмүүс бүгд миний найз болчих юм бол би чинь юугаа бичих билээ. Тэгсгээд сониноо хаасан дээр биз дээ. Уншигчид ч хэн нэгнийг магтаад унавал авлига авчихаж гээд элдвээр зүхээд унана.
–Ингэхэд сонин ямар хэрэгтэй талаар бодлыг тань сонсъё?
-Бичих
ярих ур чадвар бүх салбарт чухал болчихлоо. Өнөөдөр манай бүх ажил энэн дээр тогтох нь. Бас бид шал өөр Монгол хэллэгээр харилцан ойлголцох хөгжлийн шаардлага гарчихсан. Үүнд сэтгүүлзүй гол үүргийг гүйцэтгэх нь гарцаагүй. Тэгээд ч сэтгүүлчид нийгмийн түрүүнд бүхнийг олж харах үүрэг хүлээдэг. Нийгмээ түрүүлж харъя гэвэл сайн сонин, сайн сэтгүүлчийн материалыг унших хэрэгтэй. Би одоо тэр эрхээ эдлэх албан ёсны визээ авчихлаа гэж бодож байна. Харин хэр сайн үүргээ биелүүлэх эсэхийг цаашид бичих зүйлээс танигдах байх. “Балдорж сан”-гийн шагналыг дэмий хүнд өгчихөж гэж хэлүүлэхгүйн төлөө толгойгоо ажиллуулах л болох нь дээ.
Ярилцсан Н.ГАНТУЛГА