АЛБАН ТУШААЛТАН ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖЛАА ӨГӨХИЙГ ДЭМЖИВ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураав. Энэ үеэр төрийн албан тушаалтан сонгуульд нэр дэвших бол сонгуулиас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх тухай заалтыг тойрч нэлээд ярилаа. Энэ заалт хүчин төгөлдөр болбол сонгуульд нэр дэвших төрийн албан тушаалтан ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх болчихоод байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс энэ хугацааг гурван сар болгох саналтайгаа илэрхийлчихсэн байдаг. Үүнээс болж гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдсэн юм. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Төрийн өмчит компаниудын захирлууд бол төрийн албан хаагчаас тэс өөр. Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэхээр ид зүтгэж байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь буруу. Тухайн хүн өөрөө сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлгүй байхад намаас нь шаардаад шахаад байвал яах юм. Тиймээс хуучнаараа нэг сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй” хэмээж байв. Тэгтэл Н.Энхболд, Х.Тэмүүжин нарын гишүүд “Улс төр, мөнгө хоёрыг салгахын тулд ингэж өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол төрийн ажил ч хийхгүй, хэдэн сараар ажлаа хаяад алга болдог тал бий. Дээрээс нь албан газрынхаа ажилчдыг сонгуульд дайчлаад амраадаггүй. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй, чирэгддэг” гэсэн тайлбараар хамгаалж байлаа.
Харин Э.Бат-Үүл гишүүн “Ирэх жилийн сонгууль дахиад луйвар болох нь гэж гадуур яриад байна. Сонгуульд нэр дэвшигч гурван сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэнэ гэдэг саналыг дэмжээд аваад явбал гадаа байгаа намууд эсэргүүцэл илэрхийлнэ. Албан тушаалтан эрсдлээ үүрээд сонгуулиас зургаан сарын өмнө УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэг. Үгүй гэвэл албан тушаалдаа үлдэх сонголтоо хийг. Сонгуулийн тухай хуульдаа намууд захирагдах ёстой” гэж байв. Ингээд эцэст нь Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн саналыг гишүүд дэмжсэн юм.
Д.ДЭМБЭРЭЛ: БАТБАЯР ГИШҮҮН ЭЭ, БАРИН ТАВИН ХУДЛАА ЯРИЛАА ГЭДЭГ ҮГИЙГ ЧИНЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ШҮҮ
Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Бямбацогт нарын санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын тухай хуулийн Үндсэн хуультай зөрчилдөж байгаа долдугаар зүйлийн 1.12 дахь заалтыг өөрчлөхөөр санал оруулж байгаа юм байна. Ингэснээр парламентын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг цуглуулсан тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхээр болно гэсэн үг. Энэ өөрчлөлтийг хийснээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиуд зөрчилдөхгүй болох гэнэ. Үүнээс болж гишүүдийн дунд үүссэн маргааныг тайлбаргүйгээр хүргэж байна. Энэхүү хуралд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцсон юм.
УИХ–ын гишүүн Ц.БАТБАЯР: Хэний захиалга, даалгавраар ийм төсөл оруулж ирээд байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Гэнэт алдаагаа ухаарсан юм шиг Ж.Сүхбаатараар хуулийн төсөл санаачлуулж байна. Ж.Сүхбаатар та нарын нохойд барьдаг мод юм уу. Ж.Сүхбаатар нь Х.Тэмүүжин, С.Бямбацогт нараас гуйгаад хамт хуулийн төсөл боловсруулсан байна шүү дээ.
УИХ–ын гишүүн Ж.СҮХБААТАР: Та тэгвэл хэний захиалга, даалгавраар Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан юм. Хүнийг өөр шигээ боддогоо болих хэрэгтэй. Таны ард тэгвэл хэн байгаа юм бэ.
УИХ–ын гишүүн Ц.БАТБАЯР: Хоёр, гуравхан хоногийн дотор хуулийн төсөл санаачилж оруулж ирчихээд юу яриад байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН: Та ямар хартай юм бэ.
УИХ–ын гишүүн Ц.БАТБАЯР: Би харгүй байсан. Та нар хартай болгосон шүү дээ. Миний ард би өөрөө л байна, өөр хэн ч байхгүй. Та нарын ард харин хэн байгаа юм бэ хэлчих л дээ.
УИХ–ын гишүүн Ж.СҮХБААТАР: Миний ард сонгогчид л байгаа.
УИХ–ын гишүүн Э.БАТ–ҮҮЛ: Өнгөрсөн хавар Х.Тэмүүжин гишүүн бид хэд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, найман хүний гарын үсэг зураад УИХ-ын даргад өргөн барих гэтэл боломжгүй гэсэн. Тэгэхээр нь орхисон шүү дээ. Гэтэл одоо Д.Дэмбэрэл дарга та яагаад намынхаа Ц.Батбаяр тэргүүтэй нөхдүүдийг Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихаар хүлээж аваад Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа юм. Та энэ бичгийг хүлээж авснаараа Үндсэн хууль зөрчлөө.
УИХ–ын дарга Д.ДЭМБЭРЭЛ: Таныг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавих үед бид ярилцсан шүү дээ. Тэгээд Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн 19-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавина гэж заасан байдаг тэр заалтыг хүндэтгэн үзэхээр болоод асуудлыг шийдсэн биз дээ. Харин энэ есөн гишүүн асуудлаа сайн ойлгоогүй. Тийм учраас чуулганы танхимд орж ирэн Ерөнхий сайдыг огцруулах албан бичгээ өргөн барьсан. Уг нь тухайн өдөр “Маргааш буюу баасан гаригийн өглөө 09.30 цагт та хэдийг өрөөндөө хүлээж авъя” гэж хэлсэн юм. Гэтэл тэд “Бидний бичгийг хүлээж авахгүй зугтлаа” гэх зэргээр ярьж эхэлсэн. Тэгээд пүрэв гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны үеэр огцруулах тухай өргөн барьж буй бичгээ уншаад явчихсан шүү дээ. Нэгэнт өгсөн албан бичгийг хүлээж аваад, холбогдох байнгын хороо руу шилжүүлэхээс өөр яах юм. Харин Х.Тэмүүжин нарын гишүүд төсөл санаачлан, зөрчил үүсгээд байгаа асуудлыг нэг тийш шийдье гэдэг нь сайн хэрэг.
УИХ–ын гишүүн Ц.БАТБАЯР: УИХ-ын дарга аа, та барин тавин худлаа ярьж байна. Та “Маргааш өглөө 09.30 цагт өрөөндөө хүлээж авъя” гэж огт хэлээгүй. “Г.Батхүү даргад өгчих” л гэсэн. Бид Г.Батхүүд өргөн барих гэтэл хүлээж аваагүй, алга болсон. Тиймээс бид бүтэн цаг хүлээсэн. Дараа нь Н.Энхболд даргад асуудлыг тавьтал “Хүлээж авахгүй” гэсэн шүү дээ. Ингээд бичгээ танд өгөхөөс өөр арга байгаагүй. Битгий ингэж худлаа ярь.
УИХ–ын дарга Д.ДЭМБЭРЭЛ: Батбаяр гишүүн ээ, барин тавин худлаа ярилаа гэдэг үгийг чинь хүлээж авахгүй шүү. Би тэр үед юу болсныг л ярьж байна.
УИХ–ын гишүүн Ц.БАТБАЯР: Та хүлээж авахгүй гээд зугтсан шүү дээ.
УИХ–ын дарга Д.ДЭМБЭРЭЛ: Тийм зүйл байхгүй ээ. Ер нь цаашдаа надад албан бичиг өгөх бол албан ёсоор миний өрөөнд орж өргөн барих хэрэгтэй. Та нар чуулганы танхимд өгсөн нь буруу болсон. УИХ-ын даргад албан бичиг өргөн барих нь жирийн үйл явдал. Үүнийг улстөржүүлж болохгүй.
УИХ–ын гишүүн Ц.БАТБАЯР: Есөн гишүүний амыг таглах гэж хууль санаачилж байгаа бол болиорой. Хуулиа өөрчлөх гэж байгаа юм бол асуудлыг цогцоор нь ярих хэрэгтэй. Засгийн газрын талаас илүү хувь нь огцорвол бүхэлдээ огцрох хуультай. Сайдыг огцруулах асуудлыг нэг ч гишүүн тавьж болно.
УИХ–ын гишүүн Э.БАТ–ҮҮЛ: Ерөнхий сайд огцорсон нөхцөлд дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихдаа орных нь хүний нэрийг өгөх ёстой. Өмнө нь Засгийн газрыг огцруулахдаа дараагийн хүнийх нь нэрийг өгөөгүйн улмаас Ц.Элбэгдорж зургаан сарын турш Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаалыг хашиж байсан юм. Есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихдаа үндэслэл, шийдвэрийн төслөө хамт өгсөн юм уу.
УИХ–ын дарга Д.ДЭМБЭРЭЛ: Өгөөгүй. Албан бичиг л өгсөн. Үүнийг нь тодруулж асуухад “УИХ-ын Тамгын газар өгнө” гэсэн.
УИХ–ын гишүүн Э.БАТ–ҮҮЛ: Энэ маягаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж болдог юм бол би одоо ч гэсэн Засгийн газрыг огцруулах шаардлага тавимаар байна. Стратегийн ордуудаа хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Бид ямар ял үүрсэн гэхээрээ ядуу байх ёстой юм. Өөрсдийнхөө амьдралын хамаг асуудлыг шийдвэрлэчихсэн УИХ-ын гишүүд ч яахав. Цаана чинь байртай болохыг хүссэн гэр бүл хэдэн мянгаараа байна. Засгийн газар амласнаа хурдан биелүүлж, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулмаар байна. Бид Япон, Швейцарь шиг сайхан амьдармаар байна. Үүнийг Засгийн газраас шаардъя. Тэгээд энэ хуулийг дэмжээд гаргалаа гэхэд ирэх оны долдугаар сараас хэрэгжүүлмээр байна. Тэгэхгүй бол хүмүүс дэмий популизм хийнэ” хэмээн дуу нь чангарлаа. Гэвч түүний үгээр хэлэлцэх асуудлыг өндөрлөж, санал хураахад Ц.Батбаяр гишүүнээс бусад нь энэхүү хуулийн төслийг дэмжив.
ЕРӨНХИЙ САЙДААР ТЕНДЕРИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦУУЛАХГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
Хамгийн сүүлд нь “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 43 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийв. Тендерийн тухай өөрчлөлт оруулж, тендер хариуцсан тусгай агентлагтай болох гэж байгаа юм байна. Үүнийг Ерөнхий сайд хариуцаж ажиллах саналыг тусгажээ. Гэвч үүнийг нь УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг эсэргүүцэж “Улс орныг хөгжүүлэх их ажилтай Ерөнхий сайд тендерийн асуудлыг зохицуулна гэвэл амжихгүй. Тэгээд асуудлыг хэрэг эрхлэх газар руу гаа шилжүүлнэ. Тэндээ очоод шийдэгдсэн зүйлгүй, бие бие рүүгээ шидээд бөөн хугацаа алдана. Тэгээд ч Ерөнхий сайд тендертэй шууд холбоотой ажиллавал түүнийг огцруулах санал байсхийгээд орж ирэх юм болно. Тиймээс энэ саналаа буцааж татах хэрэгтэй” гэв. Харин Х.Тэмүүжин гишүүн Ерөнхий сайдыг аж ахуйн асуудалд хутгалдуулж болохгүй гэсэн саналыг нэмэрлэж байлаа. Гэх мэтчилэн гишүүд дуу дуугаа авалцан эсэргүүцээд эхэлтэл уг саналыг санаачилсан ажлын хэсгийн гишүүн Э.Бат-Үүл “Саналаа татаж авах хэрэгтэй юм байна” хэмээн гэнэт ухаарав. Тэгтэл ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь гишүүн “Хэлэлцүүлгийн явцад гэнэт ийм зүйл хэлж байгаа юм чинь яалтай билээ. Миний байр суурь ч үүнтэй нэгдэж байна” гээд саналаа татаж авах юм боллоо. “Эсвэл ажлын хэсэг дээрээ асуудлыг дахиад ярих учраас хойшлууъя” гээд гарахаар завдав. Тэгтэл С.Баярцогт сайд “Хариуцлагыг нь та хүлээгээрэй” хэмээн Ж.Батсуурь гишүүнд хэлж бухимдаж байлаа. Цаанаас нь Э.Мөнх-Очир гишүүн “Ийм хариуцлагагүй хүнээр ажлын хэсэг ахлууллаа” гэж үг нэмэрлэж суув. Ч.Сайханбилэг гишүүн “Төслийг хойшлуулах нь буруу. Сонгууль дөхчихлөө гээд хамаг ажлаа хойшлуулаад байвал энэ төр чинь ердөө хоёр жил л ажилладаг боллоо шүү дээ. Тиймээс асуудлуудаа хойшлуулахгүй хэлэлцээд, шийдээд явъя” гэлээ. Үүний дагуу Ерөнхий сайдаар Тендерийн асуудлыг хариуцуулах нь зөв үү, үгүй юу хэмээн санал хураахад гишүүд дэмжсэнгүй.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ