Categories
редакцийн-нийтлэл

Э.УЯНГА: Эгчтэйгээ нэг жинд тоглох хэцүү санагдаад доод жиндээ орсон

Улаанбаатар хотноо зохиогдсон эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 64 кгын жинд алтан медаль хүртсэн, ОУХМ Э.Уянгатай ярилцлаа.

Ази тивийн аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.
Азийн аварга бо­ло­ход минь тусалж дэмжсэн шиг­шээ багийнхан, Монголын олим­пийн боксын холбоо, БТСГ-ынхан болон бусад хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Энэ удаагийн Азийн аварга олон амжилт дагуулсан сайхан тэмцээн болж өнгөрлөө?

-Манайх
бүтэн багаараа оролц­лоо. Арван жинд арван охин өрсөл­дөөд хоёр алт, хоёр хүрэл медаль авсан нь Монголын эмэгтэй боксчдыг хэр байгааг нотолсон байх гэж бодож байна.

Та аваргын төлөө БНХАУын тамирчныг буулгаж авсан. Өрсөл­дөгч тань нэлээд бяртай харагдсан?

-Хятадын
тэр тамирчинтай анх удаа тоглож үзлээ. Тивийн аваргын тэмцээнд улс бүр шилдгүүдээ илгээсэн байж таараа. Би Хятадын шилдэг тамирчныг ялсандаа баяр­тай байгаа.

Хятадын хүнд жингийн тамир­чид чанга байсан шүү. Бас Энэтхэг, Казахстаны тамирчид ч арга барил сайтай байна лээ?

-Азийн
боксчид чинь дэлхийд нэлээд дээгүүр байр эзэлдэг. Хятад, Энэтхэг, Казахстаны тамир­чид чансаагаараа дэлхийд өндөрт тооцогддог. Миний өрсөлдөгчид Казахстан, Энэтхэг, Хятадын тамир­чид байлаа. Хүчтэй өрсөл­дөгчид, ширүүн тулаан дундаас л алтан медаль хүртсэн шүү. Энэ бүхэн багшийн минь л ач тус.

Шигшээгийн дасгалжуулагч Л.Энхбаатар багш уу?

-Тийм
ээ. Л.Энхбаатар багш маань надад анхнаас нь боксыг заасан. Би гурав дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна.

Яагаад боксоор хичээллэх болсон юм бэ?

-Яагаад
ч юм бэ дээ, өөрөө ч мэдэлгүй энэ спортыг сонгосон. Хүн амьтанд дээрэлхүүлэхгүй гэсэн бодлын үүднээс л сонирхсон байх.

Өөрийг тань дээрэлхдэг хүн байсан юм уу?

-Үгүй
л дээ. Харахад эмэгтэйлэг хэрнээ, эрэмгий байхыг хүссэн. Хүнтэй барилцаад авахад мөчөө­гөө өгөхгүй л гэж бодсон. Манай зарим найз боксоор хичээллэдэг юм. Найз охиноо бокс тоглохыг нь хараад маш их бахархдаг байсан. Найз маань ч надад боксоор хичээллэ гэж олон удаа санал тавьдаг байсан юм.

Найзыг тань хэн гэдэг вэ?

-Амгаланжаргал гэж охин бий. Кикбоксоор хичээллэдэг юм. Найзы­гаа харахаар ямар гоё, бахархмаар гэж санана. Тоглохыг нь хараад бага зэрэг атаархах сэтгэл төрдөг байлаа. Тэгээд л найзынхаа зөвлөсний дагуу “Хар чоно” клубт очоод Л.Энхбаатар багшид шавь орсон. Одоо багш маань эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгал­жуу­лагч болсон.

Боксоор хичээллэж эхлэх үед ар гэрийнхэн тань эсэр­гүүцэж байв уу. Шууд лТогло, тоглогээд зөвшөөрөөгүй л болов уу?

-Гайгүй
ээ. Манайхан шууд хориглож, үгүй гэж хэлээгүй. Эхэн­дээ “Ямар сонин юм сонирхдог юм бэ” гэцгээдэг байсан. Би багаасаа сагсан бөмбөг, спортоор яваад харьцангуй биеэ даачихсан байсан болохоор боксоор хичээллэх гэж буйгаа ээжид хэлтэл “Явж явж ямар сонин спорт сонирхдог юм бэ” л гэсэн. Тэгээд сонирхоод хичээл­лээд техникийг нь сураад иртэл “Энэ бол гэмтэл бэртэл биш. Спорт юм байна” гэдгийг ойлгосон. Техни­кээ сайн сурсан тамирчин гэмт­дэггүй гэдэг. Боксын суурийг багш маань зөв тавьж өгсөн учир ингээд хүчтэй өрсөлдөгчдөө ялаад тивийн аварга болчихлоо. Би алтан медалийн болзол хангачихаад өөртөө итгээгүй, сонин санагдсан. “Юу билээ. Яг хожсон юм болов уу” гэж бодогдоод өөртөө итгэхгүй байсан шүү. Одоо ч гэсэн медалиа гаргаж ирээд “Аая яа яа. Бас л…” гэж бодогдоод байгаа шүү.

Аваргын төлөө тоглоход тань гэрийнхэн чинь үзсэн байл­гүй. Ер нь тоглолтуудыг чинь танайхан ирж үздэг үү?

-Ер
нь бол нэг их үзүүлээд байдаггүй юм. Дэргэд байгаад яах юм бэ, зурагтаар үзэх нь дээр шүү дээ гэчихдэг. Сая алтан медалийн төлөө тоглосон болохоор манай­хан яах аргагүй бүгд ирээд үзсэн. Бид энэ тэмцээнд бэлтгээд хоёр сар орчим гэрээсээ хол байсан. Гар утас ч бариагүй.

Хоёр сар орчим гэрийнхэн­тэйгээ огт уулзаагүй гэсэн үг үү?

-Азийн
аваргын тэмцээн ДАШТ-ий өмнөх сорилго болохоор маш их бэлдлээ. Урьд өмнө нь энэ тэмцээнд ингэж 17 улсын тамирчид оролцож байгаагүй юм билээ. Олимпийн өмнөх Азийн аварга гэдэг бол асар их ач холбогдолтой. Бид хоёр сарын турш бэлтгэл хийсний үр дүнд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ.

Эрдэнэтийн “Олимп” баазад бэлтгэл хийсэн. Багш бидний гар утаснуудыг хураагаад авчихсан. Ар гэрт нь асуудал гарлаа гэхэд тэр талаар сонсоод сэтгэлзүйд нь өөрчлөлт орж, бэлтгэлжилт алдаг­дана гээд л тэгсэн хэрэг. Бид нар ч сүүлдээ дасчихаж дээ. Утасгүй явсаар байгаад. Зурагт ч үзэхгүй. Зөвхөн бэлтгэлээ хийгээд л, амраад л.

Тэмцээн өндөрлөсний дараа л зурагт үзлээ. Өнөө өглөө л (өчигдөр) гэртээ ирсэн. Ингэж л нэг юм гэрийн бараа харлаа даа. Гэрт маань олон юм өөрчлөгдөж, дүү нар минь том болчихож. Ойрд телевиз үзэж, радио сонсоогүй болохоор их сонин санагдсан. Шинэ дуу, клипүүд их гарчихаж.

Өөрөө хэдэн онд төрсөн бэ?

-1989 онд.

Сурдаг уу?

-Их
сургуулиа төгсөөд гурван жил болж байна. МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг спортын аялал жуулчлалын мене­жер, багшаар төгссөн. Дөрөвдүгээр курсээсээ боксоор хичээллэж эхэлсэн.

Биеийн өндөр чинь хэд вэ?

-172 см.

Та хаана төрсөн бэ. Ээж, аав тань аль нутаг усны хүмүүс байдаг вэ?

-Би
Улаанбаатарын унаган хүүхэд. Аав, ээж маань ч хотынх. Харин эмээ, өвөө маань Архангай чигийн хүмүүс юм шиг байна лээ. Тэр талаар сайн мэддэггүй юм. Хотод өссөн болохоор ийшээ тийшээ нэг их явж байгаагүй. Боксоор хичээллэснээсээ хойш Эрдэнэт рүү л бэлтгэлээр их явдаг даа. 14 хоног, сар, 45 хоног, хоёр сарын хугацаатайгаар.

Боксоор гаргасан амжилтуу­даасаа дурдвал?

-Улсын
аваргаас хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. 2010 онд Азийн аваргад оролцож байсан. Мөн Индонезийн Эзэн хааны цомын аварга шалгаруулах тэм­цээ­нээс мөнгө, Казахстанд болсон эмэгтэй боксчдын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Сая Азийн аваргаас алтан медаль аваад байна даа.

Боксоор хичээллэдгийн ач тус амьдрал дээр хэрэг болж байсан тохиолдол бий юу?

-Боксын
спортыг амьдралд хэрэг­жүүлж болохгүй л дээ. Бид хүнийг хаана нь яаж цохивол яахыг нь сайн мэдэх учраас тэр бүгдийг амьдралд хэрэглэх хориотой бай­даг. Энэ талаар AIBA (Олон улсын сонирхогчдын боксын холбоо)-гийн дүрэмд болохгүй гээд заа­чихсан байдаг юм. Тулааны спор­тоор хичээллэдэг хүн ямар нэг гар зөрүүлэх таагүй явдалтай тохиолд­вол хамгийн түрүүнд ямар зарчим баримталдаг вэ гэхээр “Зугт” л гэдэг (инээв). Ерөөсөө л зугт. Яаж ийж байгаад л зугт гэдэг юм.

Найз залуутай юу?

-Найз
залуу байгаа.

Боксоор хичээллэдгийг тань хэр дэмждэг вэ?

-Найз
залуу минь өөрөө боксын спортын хүн л дээ.

Хэн гэдэг тамирчин билээ?

-П.Мөнхбаатар гэдэг. 81 кг-ын жинд тоглодог. Хоёулаа нэг спор­тын хүн болохоор бие биенээ ойлгох тал дээр ямар нэг асуудал гардаггүй. Харин ч бие биедээ зөвлөөд сайхан байдаг.

Таны тоглож буй 64 кгын жин олимпод орохгүй. 75 кг юм уу, 60 кгын жинд орж олимпод тоглож болохгүй юу?

-Би
уг нь 75 кг-ын жинд тоглодог байсан юм. Сая спартакиадаар 60 кг-ын жинд орж тоглоод ялагд­чихсан. Гэхдээ 2012 оны олимпод биш юм аа гэхэд 2016 оны олимп өмнө минь байна. Тэр үед эмэг­тэйчүүдийн бүх жин олимпод орчих ч юм билүү. Миний хувьд 64 кг-ын жин надад их тохироод байгаа.

Төрсөн эгч Э.Ундрам тань 75 кгын жинд тоглодог. Эгчтэйгээ нэг жинд өрсөлдөхөөс татгал­заад доод жинд орсон юм уу?

-Эгчтэйгээ
олон тэмцээн дээр таарч тоглосон. Эвгүй шүү дээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн эгчтэйгээ тоглоод байх хэцүү санаг­даад 64 кг-ын жин рүү орсон. Тэмцээний дараа бид хоёр “Чи намайг тэгж цохисон”, “Чи ингэж цохисон биз дээ” гэж биедээ гомдол­лодог ч “Гэхдээ чиний тэр цохилт дажгүй байсан шүү. Ингэвэл бүр ч янзтай болно доо” гэцгээнэ. Ээж “Та хоёр битгий зодолдоод байгаач ээ. Юм л бол зодолдох юм. Хэцүү санагдаад байна” гэдэг байсан юм. Одоо би жин доошил­чихсон болохоор эгчтэйгээ тогло­хоор цохилт нь илүү жинтэй тусаад байх шиг санагдаад байгаа шүү. Жингийн ялгаа их мэдэгддэг юм байна.

ОУХМ Э.Ундрам дүүгээ дагаад боксчин болчихсон хэрэг үү?

-Тийм
ээ. Би эгчээ дагуулсан. Уг нь эгч маань ерөөсөө спортоор хичээллэдэггүй байсан юм. Анх удаа л боксоор хичээллэж буй нь энэ. Одоо ЭМШУИС-д сурдаг. Сургууль, бэлтгэл гээд л завгүй явдаг юм.

Боксоор анх хичээллэхэд хэцүү санагдах үе байв уу?

-Байлгүй
яахав. Толгой өвдөнө. Хоёр нүдээ ээлжлээд хөхрүүл­чихнэ. Хүнд зодуулчихсан юм шиг л хөхөрсөн нүдтэй явдаг байлаа. Алба ч биш ингэн, ингэн явах хэрэг байна уу гэж бодогдож бай­сан ч “Энэ спортыг сонгоод хичээл­лэж эхэлсэн юм чинь эцсийг нь үзнэ” гээд л зүтгэдэг байлаа. Би угаасаа жаахан шаралхуу зантай л даа. Тэгсээр сүүл рүүгээ бэртэл авах нь багасгаад ирдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Х.Баттулга: УИХ-ын дарга төмөр замын чиглэлээр БНСУ-тай хамтрахыг үүрэгдсэн

УИХын гишүүн Х.Бат­тулга өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Зам тээ­вэр, барилга хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүх бо­лон  өөрийнхөө зөвлө­хөөр ажиллаж байсан н.Ганбат нарыг да­гуулж  ирсэн юм. Х.Бат­тулга гишүүн ингэж ярилаа.

ГЭРЭЭ УГААСАА ӨМЧЛӨЛИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ

“Сүүлийн
өдрүүдэд өрнөөд
байгаа асууд­лаар тaйлбар хийе гэж ирлээ. Засгийн газрын нэр бүхий хэдэн сайдын авлигатай холбоотой
асууд­лыг телевизээр ярьс­ны дараа ийм нөх­цөл байдал үүслээ. Асуу­дал гаргаж тавиад байгаа
хүмүүс ямаа гэхээр тэмээ гэж дайраад
байх юм. Тэгэхээр бид нууц гэж нийтэд зарлаад байгаа гэрээний тухай ярья. Энэ гэрээг
Ч.Хүрэлбаатар нь нүдээрээ харсан гэлээ. Ц.Нямдорж
нь тагнуул царайлчихаад бас яриад байна. Манай яамны дэд сайд Т.Пүрэвдорж нь хүртэл энэ гэрээг үзэж хараагүй гээд байна. Үнэн­дээ түүний зөв, тэр хараагүй.
Угаасаа ийм гэрээний ажилд тэд оролц­доггүй
байсан юм. Тэдний хуурамч гээд бай­гаа гэрээ нь энэ байна.  Гэрээг 
Монголын талаас “Монголын төмөр зам” төрийн өмчит компани байгуулсан. Тэд Хятадын Дандонг компанийн
хам­тарсан БНСУ-ын Морек хэмээх  компанитай
энэ гэрээг хийсэн байна. Гэ­рээ­ний дээд талд өмч­лөлийн нууцлалтай гэж бичсэн байгаа.
Юу гэсэн үг вэ гэхээр үүнийг гурав­дагч этгээдэд харуулж
болохгүй, нууцалсан гэ­сэн
үг. Тэгвэл “Монголын төмөр зам” гэдэг компа­нийг 2008 онд байгуулсан юм. Тухайн
үеийн Зам тээврийн сайд  Р.Раш, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд С.Баярын үед гэсэн үг шүү дээ.  Тэ­гэ­хээр
уг компани манай яаманд  ямар ч хамаагүй. Тэгээд ч төлөөлөн
Удир­дах зөвлөлийн даргаар нь Зам тээвэр, барилга
хот байгуулалтын  Тө­рийн нарийн бичгийн дар­га Л.Бат-Эрдэнэ
ажилладаг юм.

СОЛОНГОСЫН КОМПАНИЙГ СОНГОСОН ШАЛТГААН ЮУ БАЙВ

Энэ гэрээнд намайг гарын үсэг зурж баталсан гээд байх юм.  Би гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ батлаагүй юм шүү дээ.  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг тө­лөөлж, гэрээтэй танилц­сан гээд гарын үсэг зурсан байгаа.  Монголд 1100 км төмөр зам барихаар гэрээ байгуулж байхад салба­рын сайд нь танилцах нь зөв биз дээ” гээд Засгийн газраар төмөр зам тавих талаар танилцуулж бай­сан хурлын тэмдэг­лэ­лүү­дийг он сар, өдрөөр нь танилцууллаа. Засгийн газрын 2009 оны дө­рөвдү­гээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон санхүү­жилтийн талаар хэлэлц­сэн байна.  Ингээд уул уурхайн бүтээгдэхүүн ний­лүүлж, хөрөнгө оруу­лаг­чидтай гэрээ байгуулахыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Бат­тулгад зөвшөөрчээ. Энэ тухайгаа эргүүлээд танил­цуулахыг ч түүнд даал­гасан байна. 

Х.Баттулга гишүүн “Али­ваа том ажлыг хий­хэд УИХ Засгийн газартаа үүрэг өгдөг юм. Энэ дагуу УИХ “Та нар төмөр замаа бариарай” гээд Засгийн газарт үүрэгдсэн.  Харин  Засгийн газар чиглэлийн яамдаа үүрэг өгсөн. Чиг­лэлийн яамд нь үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар Засгийн газартаа мэдээллээ байнга өгдөг байлаа” гэв. “Төрөөс тө­мөр замын талаар ба­римт­лах бодлого, шинэ бүтээн байгуулалтын та­лаар баримт бичгүүдийг тэрээр Засгийн газарт цаг тухайд нь танилцуулдаг байсан. 2011 оны хоёрду­гаар 23-ны Засгийн газ­рын хуралдаанаар ми­ний Солонгост хийх аж­лын айлчлалыг хүртэл зөвшөөрсөн. 2011 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор бат­лагдсан Төмөр замын та­лаар баримтлах бодлогод заасны дагуу эхний ша­танд барихаар шийдсэн Даланзадгад-Таван тол­гой-Сайншанд- Чой­бал­сан­гийн чиглэлийн төмөр замын ажлын явцыг та­нилцуулсан. Үүнээс хойш ажлын явцыг байнга хэлж байсан. 

Тэгж яривал УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн  БНСУ-д айлчилсан аж­лын төлөвлөгөөг Гадаад харилцааны сайд  Г.Зан­даншатар, УИХ-ын Там­гын газрын дарга Ц.Ша­равдорж нар баталсан байна. Үүнд “БНСУ-тай төмөр замын бүх чиглэ­лээр хамтран ажиллахыг дэмжинэ. Энэ ажлыг  2010 оноос эхэл. Үүнийг хариу­цах газар нь Зам тээвэр, барилга, хот байгуулал­тын яам” гээд заагаад өгчих­сөн байгаа. Ийм үүрэг даалгаврын дагуу Төмөр замын хөрөнгө оруу­лагч компанитай гэ­рээ байгуу­лах эрхийг “Монголын төмөр зам” компанид өг­сөн юм.

Үнэндээ “Монголын төмөр зам” компанид хө­рөнгө мөнгө гэж байгаа­гүй. Тэднийг хөрөнгөтэй болгох үүднээс 49 хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж хувь­чилъя, үлдсэн 51 хувь нь төрийн мэдэлд байг гэсэн юм. Тиймээс тэр компани  хөрөнгө оруулагчтай гэрээ хийхийн тулд  Орос, Хятад, Япон, Солонгосын компанитай уулзаж, гэрээ­гээ хийх эрхтэй. Энэ ком­панийн  захирлаар миний бие хамгаалагч байсан н.Батзаяа гэдэг залууг томилсон гээд яриад бай­на. Тэр хүнийг би энэ суу­далд аваачаагүй.  Төрийн өмчийн хороо томилж, Ерөнхий сайд баталсан.   Батзаяа өөрөө хувийн хамгаалалтын компа­ни­тай. Харин сүүлд JCI хэ­мээх компанид удир­даг­чаар  ажиллаж байсан юм билээ. Тэр бол  манай сайд нарын хүү, хүргэн шиг намд элсч ажилд ор­доггүй, шударга залуу бай­гаа юм.

УИХ-аас гаргасан тог­тоолын дагуу  Морек гэдэг компани Монголын төмөр зам компанид төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Тухайн компанийн төлөөлөл Мон­­голд ирж Ерөнхий сайдтай уулзсан байгаа. “Танай стратегийн хө­рөнгө оруулагч болъё” гэсэн санал тавьсан. Ийм үйл явдлын дараа гэрээ байгуулж, түүнтэй би танилцлаа гэж гарын үсэг зурсан хэрэг. Өөр зүйл байхгүй. Тэгээд ч төмөр замын талаар асуудлыг хариуцсан яамнаас гарга­сан ажлын хэсэгт  Ерөн­хий сайдын зөвлөх С.Энх­баяр орсон байдаг. Тий­мээс  энэ хүрээнд яригдаж байгаа уулзалт, хэлэл­цээ­рүүдийг Засгийн газар мэдэхгүй байна гэж байх­гүй” гэв.

Харин  Морек”-тэй хийсэн гэрээ хүчингүй юм уу. Энэ гэрээ хэрэгжээгүй гэл үү” гэсэн манай асуул­тад “Тийм. Морек хэмээх хамтарсан компани төмөр замд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэр­хийлж, Ц.Дашдорж сайд­тай ес хоногийн өмнө уулзсан байна лээ. Дахиад гэрээний асуудал ярьсан гэсэн. Хөрөнгө оруулах консерциумаа байгуулахад нь “Сигнум”, Хятадын “Дандонг”, “Энержи ресурс” компа­нийн төлөөлөл оролцсон байна лээ.

Мөн төмөр замын ТЭЗҮ-ийг хийлгэхдээ “Мак­­кензи” гэдэг компа­нийг тендергүйгээр шалга­руулж, 15 сая доллар өгсөн. Дундаас нь  2.5 сая ам.долларыг нь Х.Бат­тулга авчихсан гэдэг зүйл  яриад байна. Энэ ком­пани зөвлөх үйлчилгээ явуулдаг, дэлхийд гу­равду­гаарт ордог. Тэдний  хийсэн техник, эдийн зас­гийн үндэслэлийг дэлхийн аль ч банкинд хүлээн зөв­шөөрдөг юм. Энэ тухай намын бүлэг дээр танил­цуулсан.  Ерөнхий сайдад ч танилцуулсан. Бүр  Ерөн­хийлөгчийн аюул­гүйн зөвлөлд хүртэл та­нил­цуулсан байдаг. “Мак­канзи” гэдэг компаниар нийтдээ гурван шатны ажил хийлгэх байсан. Эх­ний ээлжинд ТЭЗҮ-ээ хийл­гэж 6.5 сая доллар төлсөн байгаа. Харин тус компанийнхан Монголын талаас ажиллах хүмүүсээ өөрөө авахдаа энэ Ган­батыг сонгосон юм. Ган­батын ард талд хэлтэй, устай 20 гаруй чадварлаг залуус ажилласан. Тэд “Маккензи” компанитай гэрээ байгуулж,  ажлын­хаа хөлсөнд  2.5 сая ам.доллар авсан.  Гэтэл ийм зүйлийг улс төрд ашиг­лаж болохгүй ээ. Га­даадад байгаа мэдлэгтэй залуусаа ингээд улс төрд ашиглаад байх юм бол нөгөө Ерөнхий сайдын яриад байсан “Зөгийн үүр” хөтөлбөр нь яаж ахицтай байх юм. 

Дараа нь ярьж байгаа өөр нэг зүйл нь 100 мян­ган айлын орон сууц хө­төлбөр. Гэтэл энэ хөтөл­бөрийн ажлын хэсгийн ахлагчаар нь шадар сайд М.Энхболд ажилласан шүү дээ.  н.Ууганбаяр гэдэг залуу бол 2007 онд  орон сууцны төслийн чиг­лэлээр сургууль төгссөн. Оюутан байхдаа энэ за­луу ангийнхантайгаа ний­лээд Яармагийн бүх айлаар явж судалгаа хий­гээд, орон сууц барих төсөл бичсэн байдаг юм. Тийм учраас би түүнийг үнэлж, орон тооны бус зөвлөхөөрөө авсан бай­даг. Тэр өөрийнхөө хийсэн төслийг Хятадын “Эгзим” банкинд танилцуулсан чинь тэр нь шалгарсан.  Хятад бол манай МАН-ынхан шиг биш шүү дээ. Тэнд арын хаалга гэж байхгүй,  авлига гэж мэ­дэх­гүй. Хэрэв авлига ав­бал цаазаар авна шүү дээ. Ийм хэцүү улсын банк түүний төслийг шалга­руулсан байдаг юм. Үүнийг нь хараад би ба­харх­сан. Төсөл шалга­руу­лагч Хятадын банк гүй­цэтгэгчээ өөрсдөө захиал­сан. Түүний тулд манай  Хөгжлийн банкнаас ганц бичиг аваад ир гэсэн юм. Харамсалтай нь  тэр бич­гийг нь манайхан гацаа­чих­сан юм шүү дээ. Ердөө ийм л зүйл байгаа юм. 100 мянган айлын орон сууц барих төслийг Засгийн газраар  оруулсан. Би сайд байхдаа төмөр за­маа, 100 мянга айлын орон сууцаа, Сайн­шан­дын цогцолбороо барь­чи­хаад дараа нь шоронд суусан ч яахав гэж тоглоом шоглоомоор ярьдаг бай­сан. Ямар МАН-ынхан шиг 14 тэрбум төгрөгөөр тог­лоод, төрийн банк дам­пууруулаад явж байгаа биш дээ. Даанч манай яаманд явж байсан чухал төслүүд  цаасан дээрээ үлдсэн дээ. Энэ Засгийн газар төмөр замыг улайм айм гацаасан.

Ц.НЯМДОРЖ САЙДЫН НУУЦ ГЭРЭЭ ГЭДГИЙГ ДЭЛГЭСНИЙ ШАЛТГААН ЮУ ВЭ?

Үнэндээ  “Ухаа худаг”-аас Гашуун сухайт хүртэл 240 км төмөр зам барих зөвшөөрлийг 2008  оны зургадугаар сарын 23 буюу сонгуулиас тав хо­ногийн өмнө өгсөн бай­лаа. Тэр үед төмөр замын талаар браимтлах бодлого гараагүй байсан. Ингээд есдүгээр сард  нь би Засгийн газарт ороод Хятадын төмөр замын сайдтай уулзахад долоон газраар нарийн царигтай төмөр зам барих төлөвлөгөө гаргачихсан байсан.  Яагаад ийм зүйл болсныг түүнээс  асуухад “Танай өмнөх сайд нар ийм санал өгсөн” гэж хэлсэн юм.  Үүнээс болж өргөн, нарийн царигтай төмөр замын маргаан үүссэн юм шүү дээ. 

Д.Дорлигжав прокурор  Ц.Нямдоржийн УИХ-ын дарга байхдаа гаргасан тогтоолыг ярьж байна лээ. Тэр  2007 онд УИХ-ын дарга байхдаа стратегийн орд газруудыг журамлана гэсэн тогтоол гаргасан. Үүний нэгдүгээр хавсралтад Таван толгой, Энержи ресурс, Дайцүки зэрэг компанийн эзэмшиж байгаа тусгай зөв­шөөр­лийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг стра­тегийн ордод хамаа­руул­на гэсэн байгаа. Гэтэл  “Энержи ресурс” компа­нитай тогтвортой байд­лын гэрээ байгуулахдаа “Энержи ресурс”-ийг хасна гэсэн заалт оруул­сан. Үүнийг нь зөвшөө­рөхгүй гэдэг саналыг ма­най яам Сангийн яаманд өгсөн. Эцэстээ “Ухаа ху­даг”-ийг авахдаа “Энержи ресурс” компани 833 мян­ган ам.доллар төлсөн бай­даг. Хайгуул хийсэн зардлаа бас тооцсон бай­даг. Гэтэл энэ ордын хай­гуулын аль эрт оросууд хийсэн байдаг юм. Ингэж л хууль зөрчиж, улсаар тоглож байна шүү дээ.

Ухаа худаг Таван тол­гойн дөрвөн хувийг авлаа гэж матрын нулимс уна­гадаг. Тэгтэл тэдний яриад байгаа дөрвөн хувь нь дөрвөн тэрбум ам.дол­ларын хөрөнгөтэй тэнцдэг юм.  “Ухаа худаг” нүүрсээ экспортолж, ашиг олоод хөрөнгийн биржид хувь­цаа гаргаж өчнөөн тэрбу­маар нь ашиг олж байна. Тиймээс хэрэв том Таван толгой ашиглалтад орчих­вол “Энержи ресурс” ашиг олохоо байна гэсэн үг. Ийм учраас том Таван толгойг ашиглалтад оруу­лахгүйн тулд манай сайд нарыг орон сууцаар хан­гаж, өөрсдийнхөө эрх аш­гийг хамгаалуулж байна. Үүнийг би хэлсэн боло­хоор өнөөдөр Ц.Нямдорж тэс хөндлөнгийн зүйл ярьж байна. Хонконгийн биржид гарчихаар энэ ордууд үнэгүй болчихоод байна. Үүнийг нь ярихаар өөдөөс тэс хөндлөнгийн өөр зүйл яриад байна. Ц.Нямдоржтой бид тэм­цэлдээд байгаа юм биш. Ц.Нямдорж Ерөнхий сай­даа, намаа өмгөөлж бай­гаа юм шиг царайлж увс зангаа гаргадаг байхгүй юу. Хэний орон сууцанд амьдарч байгаагаа ч мэ­дэхгүй гэж мэдэн будлиад байна. Сайд Ё.Отгонбаяр тэр компаниас орон сууц авсан. Түүний төрсөн ах Ухаа худагийн төмөр замын даргаар ажил­ла­даг. Үүнийгээ яагаад хэ­лэхгүй байна аа.  “Ма­най хэвлэлийнхэн нэг зүйл анхаараад өгөөч. Ухаа худаг Монголын 20 гэр бүлийнх, Таван толгой 2.7 сая иргэнийх. Үүнийг харь­цуулаад бодоод үз.  Ийм шударга бус зүйлтэй бид эвлэрэх ёсгүй. Энэ талаар АН-ын бүлгийн ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр гарах байх. Түү­нийг УИХ-ын даргад та­нилцуулж, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад гарсан тогтоол хэрэг­жээ­гүйг үзүүлнэ.  Хэвлэ­лийнх­нийг би  ойлгож байна. Бүгд мөнгөнөөс болоод MCS-ийн асуудлыг гар­гах­гүй байна.  С1 хүртэл тэднийхтэй гэрээ хийгээд явж байна. Би зураг­таа­раа ярих гэсэн чинь гар­гадаггүй байна шүү. Яа­сан гэсэн чинь MCS-тэй гэрээ хийчихсэн байгаа юм. МҮОНРТ-ээр гаргах­гүй гэхээр нь “орон сууц ярина” гэж худлаа хэлээд нэвтрүүлэгт орлоо.  Ц.Ням­дорж  МҮОНРТ-ээр Хувьсгалт намынхныг 20 минут ярилаа. Тэгсэн на­дад хоёр минут ярих эрх олгож байна. Дөрөвдүгээр засаглалынхан та нар энэ асуудалд эрүүлээр хан­даарай.

Өнөөдөр Ч.Хү­рэлбаа­тар сайд төмөр зам, бү­тээн байгуулалтын талаар  ямар ч мэдээлэл байхгүй байгаа биз. Ц.Нямдорж ч гэсэн. Ерөнхий сайд нь ч ойлголт байхгүй.  Яар­ма­гийн шинэ хорооллын шавыг Ерөнхий сайд чинь тавьсан юм шүү дээ.  Би “Батболд доо хоёулаа бизнес хийж байсан юм байна. Энэ Яармагийн хорооллыг босгочихъё” гэж хэлээд тэнд аваачиж,  шавыг нь тавиулсан юм.  Тэр дэд сайд Т.Пүрэв­дорж хөөрхий минь бүр юу ч мэдэхгүй. Гурван жил нэг албан тушаалд суух үүрэг­тэй  хүнээс цаашгүй.

Ажлын чадвартай ко­мандыг би 2008 онд бүр­дүүлсэн. Сайншанд дээр Ганбат, Төмөр зам дээр А.Гансүх, 100 мянга айлын орон сууц дээр Ууганбаяр гэдэг чад­вар­тай залуусыг тавь­сан. Үнэн­­дээ манай яамдад чадвартай боловсон хү­чин байхгүй. Яагаад гэвэл сүүлийн 20 жилд МАХН сонгуульд луйвраар гарч, намаа тэжээдэг. Тэ­жээгдсэн хүмүүсээрээ на­маа санхүүжүүлдэг. Жи­шээ нь гэгээн цагаан өд­рөөр нэгийгээ алдаг, улсын банкийг иддэг шүү дээ. Сүүлд нь долдугаар сарын 1-нд таван хүнийг буудаж алуулсан. Үнэн биз дээ. Би алдаа гарга­сан байж магадгүй. Яам­наас мөнгө идээгүй. Яам­ны ажилд хувиасаа ар­ваад тэрбум төгрөг гар­гаад ажилласандаа алд­сан байж мэднэ.  Тэглээ гээд би өр нэхэхгүй. Улсаа хөгжүүлж байна л гэж бодож байна. 

Энэ төрд Монгол Ул­сыг хөгжүүлэх сонирхол алга. Би зөвхөн Хувьсгалт намынхныг хэлээгүй. Энэ парламентын 76 гишүүн дотор МАН-ын талын ги­шүүдээс нэг нэгээрээ над дээр ирээд гаслаад явдаг гишүүн зөндөө бий. Тэд ил ярихаасаа айдаг юм. Тэд “Хэдхэн сайд жорлон дээр суусан ялаа шиг “Ухаа худаг” дээр шавчихсан байна” гэцгээдэг.  Өнөө­дөр намайг ийм барим­тууд дэлгэхээр маргааш улсын нууц задаллаа гээд  ярьж магадгүй. Тэгвэл энэ бичгүүд бүгдээрээ legalinfo.mn гэсэн сайтад байгаа шүү” гэсэн юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх сонгуулиар ардчилал ялах гээд л байна даа

Хэдийгээр хамгийн төгс төгөл­дөр нь биш ч гэсэн хүн төрөлхтөнд байгаа хамгийн аятай тохитой тогтолцоо нь ардчилал хэмээдэг билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ардчиллыг тогтоохын төлөө тэм­цэж, энэ замналыг сонгосон нь хөрсөн­дөө бат нот суулгахын төлөө хаа сайгүй махран зүтгэж байна.

Цагаан морин жилд хийсэн хувьсгалаараа ардчилсан замна­лаар явна гэдгээ шийдсэн монгол­чууд өнгөрсөн 22 жилийн хуга­цаанд ардчиллаа баттай суурь­шуулахын төлөө зүтгэж ирлээ. Гэхдээ олон шалтаг шалтгаан, нөхцөл байдлын улмаас Монголын нийгэмд ардчилал бүрэн утгаараа шингэж, ялж чадахгүй явсаар ирэв. Ардчилсан зам­налаар явж байгаа гэсэн ч хуучин коммунист нам нь 18 жилийн турш эрх барьж ирсэн байх жишээтэй. Хэрэв ардчилсан хувьс­галын дараа хуучин коммунист намыг татан буулгачихсан байсан бол энэ төрлийн эргэлзээ үүсэхээр­гүй байсан байх л даа. Гэвч яахын аргагүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, социалист нийгэмд төр засгийг удирдаж байсан МАХН тэр л нэр усаараа, тэр л угшил гарвалаараа хориод жил төр барьсан шүү дээ.

Харин энэ зун ардчилал жинхэнэ утгаараа ялахаар байх шиг. Улс төрийн нөхцөл байдал ч их өөр болжээ. Коммунист угшил­тай нам маань хоёр хуваагдчих­лаа. Одоо өөр хоорондоо тэмцэл­дээд өөд уруугүй л байцгаана. Нэрээ сольсон ч үндсэн голомтоо сахиж ирсэн МАН нь ардчилалд харш бүхий л зүйлийг хийж ирлээ. Үүнийг ардчилсан нийгэмд амьд­рахыг хүсдэг олон мянган иргэд ялгаж салгаж байна. МАН-ыг бүх олигархиудын нам гэж хэлэхэд хилсдэхгүй. Бүр энэ намын гишүүн Н.Ганбямба хүртэл УИХ-ын чуулганы танхимд үүнийг батлан хэлж, олигархиудыг буудъя гэж байхав дээ.

Бас энэ нам сонгуулийг шу­дарга явуулсангүй, санал луй­вард­лаа гэж үзэл бодлоо илэрхий­лэн жагссаных нь төлөө иргэдээ буудсан. Ямар тоталитар дэглэм­тэй орон биш, яагаад иргэдээ буудав гээд буруутныг нь шүүх гэсэн чинь цагдааг нь эргээд босгож байна. Ерөөсөө ардчилалд хар­шил­даг бүх зүйлийг энэ намынхан хийж байна. Өнгөц харахад МАН-ынхан цагдааг өмөөрөөд байгаа юм шиг. Үнэндээ цагдааг уу, өөрс­дийгөө юу гэвэл хариулт нь өөр гарна. Цагдаа буруугүй гээд байна, тэгвэл буруутан нь хэн бэ гэхээр байхгүй. Хэн нэгэн харь гаригийн хүн ирээд л хүний амь хороосон юм шиг ярина. Сайндаа ч цагдааг өмөө­рөөд байгаа биш харин буруутан нь өөрсдөө болчих гээд байгаа учраас ийн улайран хамгаалж байна гэж олон хүн ярьж байгаа нь үнэн. Үүрэг өгсөн хүнийг нэрлэчих вий гэхээс энэ намынхан үхтлээ айж байна. Тийм ч учраас долду­гаар сарын 1-ний хэргийг утга учиргүй болгохын төлөө бүгдийг хийж байна. Бүр сүүлдээ Ерөнхий­лөгч рүү дайрч эхэлсэн. Хүмүүсийн сайн мэдэж байгаагаар тэр хүн хэрэг явдлаас жилийн дараа ард түмний саналаар төрийн тэргүүний албанд очсон доо. Нөгөө талаас сумны хонгио халаасанд байна гэж хэлсэн Ц.Элбэг­дорж гэдэг хүнээс асуудлыг мухарлах хэрэгтэй хэмээн энэ намынхан мэдэгдэж байна. Ард түмний ой санамж богинохон гэж эрх баригчид андуурч боддог нь үнэн юм. Тухайн үед, бүр тодруул­бал гэгээн цагаан өдөр сургуулийн сум, хаймран сумаар ард иргэдээ буудаж байсанд олон хүн эгдүүцэн дургүйцэж байсан билээ. Тэгэхэд сөрөг хүчний намын дарга тэр талаар хөндөж халаа­санд нь сум­ны хонгио байгаа талаар Ерөнхий­лөгч Н.Энхбаярт хэлэхэд телеви­зээр үзсэн олон хүн үүнд нь талархалтай хандаж байсан. Үнэн­дээ ардчилсан Монгол Улсад иргэд рүүгээ хаймран сумаар ч болов буудна гэхэд итгэхгүй бас тэрнийг байж боломгүй явдал гэж боддог байсан юм, бид. Гэтэл онц байдал зарласан 00 цагаас хойш өнөөх хаймран сум ч энүүхний явдал болж бүр галт зэвсэг хэрэглэсэн шүү дээ. Ард иргэдийн ой санамж хэдэн цагийн үед жагсагчид руу ямар сум хэрэглэж байсан, Ц.Элбэг­дорж ямар хонгионы тухай ярьж байсныг бас хэдэн цагаас хойш галт зэвсэг хэрэглэж хүний амь хороосныг санахтайгаа л байна. Дөрвөн жилийн өмнөхийг ч санах­гүй мэт гуйвуулан үйл явдлын чигийг өөрчлөх гэж улайран байгаа нь энэ намынхан үнэхээр л эзэн­гүйдүүлэхийн тулд бүх арга саамаа хэрэглэж байгааг батлан харуулж байна. Ард түмэн гээд эзэн биегүй мэт боловч ялгаж салгахаа салга­даг, үзэж харахаа хардаг их хүчин байдаг. Тийм ч учраас сонгуулиар нэг дүнгээ тавиад өгчихдөг билээ. Хэрэв тэдний өгсөн саналыг луй­вардчихгүй л бол үнэний багцаа­тай гарч ирнэ. Энэ утгаараа ирэх зургадугаар сард болох их сунгаа­гаар Монголд ардчилал ялах магадлал өндөр болж байгаа юм.

Гэхдээ бас анхаарч харах хүчин зүйлүүд байгааг ч хэлэх хэрэгтэй. Учир нь үрнээс дөнгөж соёлсон нялх ардчиллыг тэртээ ерээд онд суулгах үед шороог нь нааш цааш зөөж ирсэн хэдэн нөхөд бий. Тэд өөрсдийгөө ардчиллын партиза­нууд гэдэг. Хэд хэдэн жагсаал цуглаанд оролцож явсан тэр нөхөд соёлсон нахиагаа ургуулж, тойлохын тулд юу ч хийгээгүй атлаа шороо зөөж явснаа байнга ярьдаг. Бас өөрсдийгөө гавьяатай гэж төмөр болгоныг зүүх гэж нэхэж, байр сууц шагналд авах ёстой гэж урвайдаг. Тэд үнэхээр ардчиллаа Монголын хөрсөнд бат нот суулгах гэж хичээж, нялх нахиагаа арчилж байсан бол юу гэж өнөөдрийнх шиг болох билээ дээ. Тэгэхээр ардчил­лын партизанууд гэж өөрсдийгөө өргөмжлөгчдөд хандахад хорин жилийн өмнө зүтгэсэн шигээ одоо нэг зүтгэх цаг болжээ. Ингэхийн тулд хий дэмий цээжээ дэлдэлгүй, яль шалихгүй гоморхол, амбицаа даран байж хамтдаа зүтгэцгээгээч ээ. Ардчиллын партизануудын хийх зүйл ард чинь өнгөрсөн биш харин урд чинь байна гэдгийг хэлмээр байна. Ардчиллыг ургуулж дэлбээлүүлэхийн төлөө хорь гаруй жил тууштай тэмцэж байгаа бусды­гаа лидер гэж хэлүүлж байгаад нь уурсан хилэгнэж “Би ч бас тэгж явлаа” хэмээн өнгөрснөө мянга дахин томруулахын оронд хийх зүйл өмнөө байна гэдгийг ухаа­рах нь ирэх зуны ардчиллын ялал­тад шууд нөлөөлөх юм. Ардчиллыг Монголын хөрсөнд суулгах гэж анхнаас нь зүтгэж ирсэн С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гончиг­доржоос эхлээд М.Энхсайхан гээд олон хүн бий. Нам сольж явсан ч ардчиллыг гэсэн жанжин шугамаа­саа холдоогүй гэж үзэж байгаа учраас М.Энхсайханыг ч энд дурсч байна.

Хэрэв МАН ирэх сонгуулиар ялагдвал 2000 онд ардчиллынхан ялагдчихаад гудамжинд лааз өшиглөхөөр гарсан шиг суудлаа амар тавьж өгөхгүй нь олон зүйлээс харагдаж байна. Энгийн жишээ нь л саяхан болж өнгөрсөн хурандаа нарын асуудал. Одоо ч энэ асууд­лаар жинхэнэ өргөн фронтоор тэмцэл өрнүүлж байгаа. Үүнээс өмнө ч түүндээ бэлтгэж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ийнх шиг хэрэг явдал гарвал цагдаа нар хэрхэх талаар бэлтгэл сургуулилт хийхдээ заримыгаа босогчид, заримыгаа цагдаа нар болгон бэлдэж байгаа талаар манай сонин сурвалжлан хүргэж байсан. Тэр бэлтгэл сур­гуулилт ч яахав, хамгийн эмгэ­нэлтэй нь босогч болсон тал нь “Эрх чөлөө” гээд орилоод ирэхэд цагдаа нар нь “Эрх чөлөө чинь ингээд дуусдаг юм” гээд цохиж унагаж бэлтгэлээ хангаж байсан билээ. Ардчилсан нийг­мийн үнэт чанар болсон эрх чөлөө гэдэг үгэнд яагаад ингэтлээ зэвүүцнэ вэ. Хүн төрөлхтөнд тэр чигээрээ таагүй санагддаг “Алан хядлага” эсвэл “Терроризм” гэсэн үг байж болдоггүй юм уу. Энгийн мэт боловч энэ жишээ нэгийг хэлнэ. Нэгж шатандаа хүртэл ардчиллын эсрэг үзэлтэй энэ нам эрх мэдлээ өгөхгүйн тулд бүгдийг хийх нь тодорхой байгаа юм. Бүр Ерөн­хийлөгч онц байдал зарлаж, уг намыг татан буулгахад хүрэхэд ч гайхахааргүй харагдаж байна.

Ээ дээ, ардчиллын партизанууд минь элдэв жижиг амбицаа дарж,
АН-д борооны дараа буцалдаг мөөг
мэт бужигнасан фракцууд нь ашиг сонирхлоо зөөллөж, ардчил­лын төлөөх зүрх
сэтгэлээ нэгтгэж чадвал, ирэх сонгуулиар ч ардчи­лал ялах гээд л байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: МАН-ын зарим улстөрчид тэнэгээ бусдад гайхуулахаас ичдэггүй юм аа

УИХын гишүүн  Э.БатҮүлтэй ярилцлаа.

Орон нутгийн сон­гуулийн хуулийг хоёр нам бас л гацаанд оруул­чихлаа. Та энэ та­лаар ямар байр суурь­тай байгаа вэ?

-УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулах манай намын байр суурь баттай байх ёстой. Өнгөрсөн 20-иод жилийн турш энэ хоёр сонгуулийг тусад нь явуулсан. Үр дүн нь их хор хохиролтой болохыг харуулсан. Монголд  орон нутгийн бодлого ямагт хаягддаг. Орон нутгийн амьдрал төрийн бодло­гоос дандаа хаягдаж хо­цордог. Үүнийг засах хэ­рэг­тэй гэсэн учраас өмнөх парламентын үед Эр­дэнэбү­рэн гишүүн бид хоёр хоёр сонгуулийг зэ­рэг явуулах хуулийн тө­сөл санаачилж,  бат­луул­сан. Улс хөгжихийн эхлэл нь орон нутаг хөгжих яв­дал шүү дээ.

Аймаг, нийслэлийн сонгуулиа одоо хамт явуулаад, сум дүүр­гийн сонгуулиа намар тусад нь хийе гэсэн буултыг танай нам хий­сэн байх аа?

-УИХ-ын болон орон нутгийн сонгууль зэрэг болоход аль аль нь өөр тогтолцоогоор явна. Ийм гарцаагүй байдлаас бо­лоод манай нам буулт хийсэн юм. Гэвч Хувьсгалт нам түүнийг нь авч өгөх­гүй байх шиг байна л даа.

Ардын нам хоёр сон­гуулийг салгах гээд байгаа нь луйвар хийх нь гэсэн хардлага тө­рүүлээд байна л даа.

-Ардын намын муй­харлаж байгааг хар­да­хаас өөр аргагүй. Орон нутгийнхныг эхлээд УИХ-ын сонгуульд намын ги­шүүдээ сонгож өг. Энэ ажилд хүчээ төвлөрүүлж ажиллачихаад дараа нь өөрсдийнхөө сонгуулийг хий гэсэн хуваарь гаргаж өгөх гээд байна шүү дээ, МАН-ынхан. Өнгөрсөн 20 жилийн турш ийм л зарч­маар явж ирсэн. Үүнийгээ өөрчлөхийг хүсэхгүй бай­на. Үнэндээ мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед хоёр сонгуулийг хамт явууллаа гээд хүндрэл, бэрхшээл гарна гэдэг бол зүгээр шалтаг төдий юм.

Сонгуулийн хугацаа улам ойртоод байдаг. Одоогийн байдлаар хоёр намын бүлэг ямар тохироонд хүрчихсэн байгаа вэ. Сонгуулиас өмнө асуудлыг амжиж шийдэх болов уу?

-Мухардмал байдал үүсчихээд байна. Хэрэв асуудлыг шийдэж ча­дахгүй бол хариуцлагыг нь хэн хүлээх юм бүү мэд. Үндсэн хуулиар бол хуу­лийн хэрэгжилтийг Ерөн­хий сайд хариуцна гээд заачихсан байгаа.  Тэгэ­хээр энэ хуулийг нэг тийш нь шийдэж чадахгүйгээр сонгуулийн хугацаа тул­чихвал хариуцлагыг нь Ерөнхий сайд хүлээнэ. Гэвч тэд хэн нэгэн рүү буруугаа бухах гэж орол­дох байх л даа.

Сая ээлжит бус чуул­ганаар танай на­мынхан Батлан хам­гаалахын сайдыг огц­руу­лах гээд дийл­сэн­гүй. Одоо яах бодолтой байна вэ?

-Ардын намаас хийж байгаа үйлдлүүдийг бү­хэлд нь харахаар ер нь энэ сонгуулиар шийдсэн аргаа хэрэгжүүлье гэсэн бодолтой байгаа юм уу даа. Зориуд төрийн на­рийн бичгийн дарга нарыг улс төрийн албан ту­шаалд аваачиж байна. Энэ нь төрийн албаны олон хүнд “Бидний төлөө зүтгэх юм бол шагнана шүү” гэсэн мессежийг өгч байгаа байхгүй юу. Харин тэр Ж.Энхбаяр гэдэг нө­хөр сайд болонгуутаа зэвсэгт хүчнийг сон­гуу­лийн маргаанд ашиглана гэсэн зүйл ярилаа.  Энэ бол үнэхээр хариуц­ла­гагүй зүйл. Хүмүүс анзаа­рахгүй байж магадгүй. Гэхдээ тэр хүн маш ноц­той зүйл ярьчихсан байх­гүй юу. Сонгуулийн дүн гарсны дараа зэвсэгт хүч­нээ оруулна гэж бусад ардчилсан оронд яривал аймшигтай юм болно биз дээ. Тэгж ярьсан хүнийг шууд шоронд хийнэ. Гэ­тэл манайд Ардын намын сайд томилог­дон­гуутаа ингэж хэлдэг байна шүү. Эндээс харж байхад МАН-ынхан ирэх сон­гуульд  ялагдана гэсэн айдастай байна. Тиймээс юу ч хийхээс буцахгүй болж. Шийдсэн аргаа хэ­рэг­лэж,  эцсийн мэхээ хийх гэж байгаа юм бай­на.

МАНын дарга С.БаярЯмар ч үнээр хамаагүй ялалт бай­гуулнагэж хэлээд 2008 онд юу боллоо доо. Одоо тэр нь давтагдах юм биш үү?

-Аливаа улсад сон­гуулийн дүнтэй хол­боо­той маргаан гарч таарна. Иргэд тайван замаар эсэр­гүүцлээ илэрхийлэх эрхтэй. Жагсаал цуглаан хийх нь ардчиллын үнд­сэн хэм хэмжүүр. Сон­гуульд луйвардуул­чи­хаад яаж зүгээр суух юм бэ. Хэн ч байсан эсэр­гүүцлээ илэрхийлнэ. Гэх­дээ түүнд зэвсэгт хүчнийг ашиглана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Гадны аль нэг улс цэрэг дайчнаа манайх руу явуулбал одоо хамаа алга. Зэвсэгт хүчнээ хөдөлгөх гэх сэн. Сонгогчдод сонгуулийн дүн таалагдахгүй бол тай­ван жагсаал хийж л таараа. Гэтэл, зэвсэгт хүчнийг дотоодын улс төрд хутгах тухай ярьсан хүн шүү дээ тэр.

Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудал үн­дэслэлгүй, баримтгүй гэж МАНынхан үзсэн. Үнэхээр тийм гэж үү?

– Манай зэвсэгт хүчин улс орноо гадны халд­лагаас хамгаалах үүрэг­тэй шүү дээ. Тэр чиг үүр­гийнхээ дагуу ажиллах ёстой. Тэгэхээр Ж.Энх­баяр хуулиа баримтал­даг сайд байсан бол “Хуу­лиараа бид дотоодын улс төрийн асуудалд орох ёсгүй” гэж хэлээд сууж байх ёстой. Харамсалтай нь тэр хүн өөрийнхөө юу яриад байгааг ч ойл­гоо­гүй.  Ямар ч хэнхэг том яриатай юм. Зүүн хойд Азийн геополитик өөрч­лөгдсөн ч гэх шиг. МАН, хуулийг ноцтой зөрчсөн түүнийг хамгаалаад аваад үлдлээ. Гэхдээ энэ асуудлыг бид гаргаж тавь­сан нь зөв шийдэл бол­сон. Нийгэмд хэлэх ёстой зүйлийг хэлсэн. Ер нь Ж.Энхбаярын овлигогүй үг ярианд олонх дургүй байсан шүү дээ.

Төрийн яамд ардын намын аппарат болоод хувирчихсан юм биш үү, Батлан хамгаалахын сайд зөвлөлийн хуралд МАНын нарийн бичгийн дарга Я.Сод­баатар ирж суудаг су­рагтай байсан

-Ер нь сүүлийн үед дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын үйл ажил­лагааг намын ерөн­хий нарийн бичгийн дарга хянаж байна гэсэн яриа гарч байна. Төрийн албанд байгаа манай намын угшилтай хүмүү­сийг зайлуулах ажил­ла­гаа их хийгдэж байна. Түүний бас нэг жишээ нь Батлан хамгаалах яам болсон.

Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой шүүх хурал нэлээд шуу­гиан тарилаа. Цагдаа нар шүүхийг үл хүн­дэт­гэсэн үйлдлийг та юу гэж үзэж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллага төрийн бүрэлдэхүүнд байна уу, үгүй юу гэдэг асуулт эндээс гарч байна. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага хэвээрээ байна уу гэсэн асуулт тавигдчихлаа. Бүр тодруулбал цагдаагийн байгууллага ард түмний мэдэлд байна уу.  Амарболд нарын хувийн өмч, хамгаалалтын алба болчихсон юм биш биз гэсэн асуултууд ургаж гараад байна л даа. 

Шүүгдэж байгаа цагдаа нар үхсэн ч шо­рон руу явахгүй гээд эмнэлэгт бүгээд бай­сан. Тэгсэн гэнэт хү­сэлтээрээ хоригдох юм болсон. МАНынхан тэд­­нийг өмнөөсөө зо­лионд гаргачихав уу даа. Та юу гэж бодож байна вэ?

-Би ямар нэгэн улстөрж­сөн таамаглал гаргамааргүй бай­на. Хам­гийн харамсалтай нь Амарболд нар цагдаа­гийн нэр төрөөр тоглож орхилоо. Цагдаагийн нэр төр олон түмний дунд шалан дээр уналаа. Би ийм юм урьд өмнө хэзээ ч үзсэнгүй. Одоо Монго­лын төр цагдаагийн нэр тө­рийг өсгөх талаар маш их зүйл хийх хэрэгтэй бол­лоо. Тэд маань хэсэг бүлэг этгээдүүдийн хам­гаа­лал­тын алба биш шүү дээ. Цагдаа гэдэг бол бараг л өөрөө төр гэж хэлэг­дэ­хээр тийм төрийн онцгой алба юм шүү дээ. Амар­болд нар ядаж өр­гөсөн тангаргаа бодохгүй яав аа. Нэр төрөө баран байж өөрсдийг нь дэмж­сэн цагдаа нарынхаа нэр төрийг бодохгүй яав аа.

Уг нь тэд долдугаар сарын 1-нд хүн буудаж гэмт хэрэг хийхийг даал­гаж, хүн буудах тушаал өгсөн даргаа нэрлэчихвэл болох юм биш үү?

-Харин тийм. Шүүх Амарболд нарыг яллах гэж зориогүй байл­гүй. Үнэн мөнийг олж хууль зөрчсөн албан ту­шаал­танд хариуцлага тооцох л гэсэн биз. Угаа­саа ингэх нь хуулиар тогтоосон үүрэгтэй. Энэ үүргээ бие­лүүлэхгүй бол шүүх өөрөө ард түмэн болоод төрийн өмнө буруудна шүү дээ.

Гэрчээр дуудаг­даад байгаа тухай үеийн МАНын дарга нар яа­гаад шүүх хуралд ирэх­гүй байгаа юм бол. О.Маг­най, Ж.Батзан­дан­тай барьцаад цагдаа­гийн хэдэн дарга нарыг урдаа барьчихаад суу­гаад байгаа юм шиг ха­раг­даад байна

-Ер нь дарга нар хуулиа уландаа гишгэх явдал эрээ цээрээгээ алд­лаа. Жирийн иргэд боло­хоор шүүхээс тавьж бай­гаа шаардлагыг бие­лүүл­дэг, дарга нар зүгээр л нулимчихдаг болчих­лоо. Үүнийг энхбаярдах гэдэг болсон юм гээ биз дээ.

Нээрээ та ирэх сон­гуульд нэр дэвшихгүй гэсэн. Хэвээрээ юу?

-Дэвшихгүй гэдгээ намын удирдлагадаа хэл­чихсэн. Дэвшихгүй л гэж бодож байгаа.

Гэхдээ нэр дэвших, дэвшихгүй байх нь зөвхөн миний хувийн асуудал биш болчихжээ. Магад­гүй энэ шийдэл манай намын сонгуулийн өмнөх нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Ардын намынхан үүнийг  зориуд мушгиж магадгүй шүү. Тэгсэн ч миний нэр дэв­шихгүй гэдэг  шийдвэрийг намын удирдлагууд хү­лээж авах байх гэж бодож байна.

Дэвшихгүй гээд бай­гаа шалтгаан нь юу юм бэ?

-Үүнийг тайлбар­ла­вал зөндөө юм ярина. Хүмүүс гэр хорооллыг орон сууцжуулах асуудал ямар онцгой гэдгийг ойл­гохгүй байна. Энэ бол зүгээр нэг орон сууц­жуу­лах төдий ажил биш юм аа. Өргөн цар хүрээтэй нийгмийн асуудал шүү дээ. Би энэ үйл хэргийн төлөө тэмцье гэж байгаа юм.

  Намайг дэмжиж байгаа гэр хорооллынхон “Чиний ярьж байгаа зүйл зөв. Гэхдээ бид­нийг улс төрд, сонгуульд бит­гий ашиглаарай” гэсэн юм. Тиймээс би сонгуульд нэр дэв­шихгүй гэж амласан. Өнөө­дөр Монголд эхэлсэн ардчилсан хувьс­гал яагаад доголдоод байгаа юм. Юу нь болохгүй болчихоод нэр хүндээ ал­даад байна вэ. Үнэндээ  Мон­го­лын нийгэм хоёр хэсэгт ху­вааг­даад байна. Энэ улсын өн­гө­­тэй өөдтэй бялуу бүрээс хүр­тэх эрхтэй цөөн нэг хэсэг бай­на. Үлд­сэн 80 гаруй хувь нь ард­чил­лын бий болгож өгсөн тэр бо­ломжуудаас хүр­тэх эрхгүй бол­чихоод байна. Жи­рийн ир­гэн хашааныхаа газ­рыг барь­цаалаад зээл авъя гэхэд өгөх­­гүй байна шүү дээ. Гэтэл та­нил тал, арын хаалгаар  зээл олгож байна. Монголд олон компанийн захирал нүү­рээ­рээ зээл авчи­хаад төлж чадахгүй сууж бай­на. Ард­чил­сан нийгэм чинь уг нь хүний царайг биш хөрөн­гийг нь харж зээл өгдөг юм шүү. Үнэнийг хэлэхэд бид гэр хо­роол­лынх­ныг ядуу л гээд бай­даг. Гэтэл тэд оон сууцтай айлуудаас өн­дөр өртгөөр амьдарч байна шүү дээ. Өвөл бүр ч их өртгөөр өн­гө­рүүлж бай­на. Гэтэл нийс­­­лэ­лийн удирд­лага хө­гийн юм их ярьж байна. Гэр хороололд ин­же­нерийн шу­гам татаж бо­лох­гүй гэнэ. Тэг­вэл яагаад уулын аманд том хотхон барьж амьдарцгаагаад бай­гаа юм. Инженерийн шу­гам та­вих хөрөнгө байхгүй л гэнэ. Тэгсэн хэрнээ айлуу­дын ха­шааг 50 саяар худал­даж аваад орон сууц барина гээд сурталчлаад байх юм. Үнэн­дээ социализмын үед гэр хо­роо­лол руу инженерийн шу­гам татаад орон сууцтай бол­гох боломж байсан. Тэгэхээр хүн бүр хувийн өмчтэй болчих гээд байсан учраас тэгээгүй байхгүй юу. Коммунистуудын ба­рим­талж байсан тэр бод­ло­гыг өнөөдөр яриад сууж бай­гаа нь даанч харам­сал­тай.

Хүмүүс парламентад суу­хын тулд гудамжинд улс төр хий­гээд явж байна. Ха­рин та эндээс гудамжны улс төр хийх гэж зүт­гээд байх юм

-Одоо
надад учир зүйгээ олсон олон түмний дэмжлэг хэ­рэгтэй байна. Тэгэхгүй бол УИХ-д бид цөөдөж байна. Хүч хүрэхгүй байна. Энд со­нирх­лын зөрчилтэй хүмүүс зөндөө байна. Тийм боло­хоор аль болох олон түмнээ хөдөлгөе гэсэн юм. Улс­төр­чид олон түмнээс айдаг юм. Сон­гуульд ашиглуулж, улс төрд ноо­луул­саар байгаад Монголын ард түмэн залх­чих­лаа. Би тэднийг улс төрд ашиг­лахгүй гэдгээ нотолж бай­гаа царай маань энэ.

Олон хүн, улс төрийн хү­чин хүчирхийлэлд уриалах боллоо?

-Өнөөдөр
Монголд хоёр талаас хүчирхийлэл ярьж бай­на. Нэг нь гудамжнаас, нө­гөө нь Батлан хам­гаа­лах яам­наас. Ардчиллыг устгах хам­гийн богино зам нь хүчир­хий­лэл юм шүү дээ. О.Магнай гэ­дэг за­луу манай намын ги­шүүн л дээ. Гэх­дээ тэр “Тө­рийн эргэлт хийнэ, хувьс­гал хийх хэрэгтэй” гэж яриад байгаа. Хараад байхад О.Маг­найд  сахал тавьчихад Ле­нинтэй адилхан болчих гээд байна. Би Магнайд өөрт нь хэлж л байсан. “Хүчир­хий­лэл бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог зүйл шүү” гэж. Үнэ­хээр Магнайгийн хэлж бай­гаа­гаар хувьс­галт зөв­лөл бай­гуулаад зас­гийн эрх авъя гэж бодъё. Тэр үед Маг­най даран­гуй­лал тогтоож өөрий­гөө хамгаалахаас өөр арга­гүй байдалд ор­но. Магнайгийн тог­тоо­сон хү­чээр төрийн эрх авах жишгийг эргээд өөрт хэрэглэх хүч гарч ирж таа­раа. Өрсөлдөгч өөр хүчир­хийлэгч л гарч ир­нэ. Монголд хүчир­хий­лэл га­раад ирвэл бүх зүйл байхгүй бол­но шүү дээ. Хүчир­хий­лэлтэй орноос бүх зүйл зугт­даг. Ингээд Монгол Улс Ливи шиг болох вий. Ард­чил­сан оронд нэг л зар­чим бий. Тө­рийн эрхийг хэн ч авч бол­но. Гэх­дээ Сонгуулийн жур­маар, тай­ван замаар л авах хэрэг­тэй.

Сүүлийн үед шуугиулж бай­гаа нэг зүйл нь УИХын гишүүн Х.Баттулга, Ц.Ням­дорж нарын маргаанаас үүд­лээ. Х.Баттулга гишүүн Ерөн­хий сайдын фрак­цынх­­ныг АТГд өглөө. Тэг­тэл тэд эргүүлээд Х.Бат­тул­га ги­шүү­ний сайд сайх­даа хий­сэн нууц гэрээг дэл­гэж бай­на. Энэ талаарх таны бо­дол

-Х.Баттулга зөв алхам хий­­сэн. Авлигатай хол­богд­сон асууд­лыг хий хоосон ултөр­жүүлж бай­хаар хуулиар тог­тоо­сон үүрэг бүхий бай­гуул­лагад өгөөд шал­гуул­чих­на гэдэг бол зөв. Авлигач хэ­мээн бие биеэ хэлж, дайрч хий хоосон улс төр хийдгээ одоо болих хэрэгтэй.

Үнэхээр ийм нууц гэрээ бай­гуул­чихсан юм болов уу?

Тэр худлаа биз. Гадны хүмүү­сийг бид тэнэг гэж бод­дог бололтой. Яалаа гэж хууль зүйн хувьд хол явахгүй элдэв гэрээ хийх вэ дээ.

Дараа нь асуудал босч ирэ­хийг мэдсээр байж Зас­гийн газ­раас нууцаар гэрээ байгуулна гэдэг нь үнэмш­мээр­гүй юм. Эс­вэл Засгийн газар Оросоос нуу­цаар Хя­тад­тай гэрээ бай­гуул­чи­хаад баригдахдаа ажлаа өг­сөн сайд руугаа буруугаа чихэж байна уу?

– Манайхны
мангар улс төр л ийм байхгүй юу. МАН-ын зарим улстөр­чид тэнэгээ бус­дад гайхуулахаас ичдэггүй юм аа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хавтгайрсан их халамж улс орныг дампууруулах нь

МАН-ын Засгийн газрын өнөөдөр өгч
байгаа хорин нэгэн мянга олон хүнд
нэмэр болж байгаа юм шиг санагддаг биз.  Амаа
ангайгаад,  гараа хөдөлгөхгүй ингэж тэжээлгээд байвал болоод
л байх мэт. Гэвч энэ нь хүнийг  “тэжээвэр” болгож байна. Өнөөдөр
бид Засгийн газрынхаа “тэжээврүүд”
болчихоод байгаа. Тэжээгддэг гэдэг нь өөрөө өрөвдөлтэй ойлголт. Мал адгуус дээр ч
бодоод үзье л дээ. Хамгийн
сул дорой, онд орохооргүйгээ
л малчид гэртээ тэжээж байдаг. Тэжээвэр мал энэнд нь аяндаа  дасч өөрийнхөөрөө хоол олж идэхээ байж, бэлчээрт ч гарахгүй,  хүний
гар харж эхэлдэг. Аймшигтай нь МАН-ын Засгийн газар чадалтай, чадалгүй бүгдийг нь “тэжээвэр” болголоо.

Тэжээвэр хэзээ ч ханаж цад­даггүй, улам давардаг. Өнөөдөр хорин нэгэн мянга  байгаа бол маргааш дөчин нэг, далан  нэг, тэгээд цаашлаад эцэс төгсгөлгүй нэхсээр байна. Одоо бас сая төгрөг авна гээд хүлээцгээж байгаа. Эний­гээ аваад болчих юм шиг санаж байгаа ч  дараа нь дахиад л нэхнэ. Ийм сэтгэлгээнд МАН-ынхан өөрс­дөө сургаж, дасгасаар ирсэн. Ба­раг хорин жил зах зээлийн нийгэм нэртэй социализмын  халамжаар бөмбөгдөв. Хүнийг ямар ч үнэ цэнэгүй болгож байна. Өнөөд­рийнхөө хорин нэгэн мянгад ха­наад маргаашдаа санаа зовохгүй амьдруулж байна. Яг үнэндээ бол социализмдаа байхдаа ч ийм их халамжаар бөмбөгдөөд байдаггүй байсан юм шүү. Ядаж ажил хийл­гэж мөнгө өгдөг байсан юм. Өнөө­дөр харин залуус хорин нэгээрээ архи ууж, ажил хийхээ больсон.    

Айн Рэйндийн “Сайтар эргэ­цүүл” зохиолыг  төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам тайзнаа амилуулсныг уншигчид санаж бай­гаа бол гол дүрийн баатар мөн­гөтэй, арга зальтай нэгэн бээр анд нөхөд, гэр бүл хийгээд бүх л хү­мүүсийг харж үзэж, тусалж байгаа нэрээр аквариумын загас шиг болгоод эцэстээ нөгөөдүүл нь ямар ч аз жаргалгүй “тэжээврүүд” болс­ноо мэддэг. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй эцэст нь найз нь түүнийг буудаж хорооно. Гол дү­рийн баатар тэдгээр хүмүүсийн өөрийнхөөрөө байх аз жаргал, эрх чөлөөг  үгүй хийсэн учраас л буу­дуулсан хэрэг. Зохиолын төгсгөлд байцаагч тэднээс хэн буудсаныг асуухад бүгд “Би буудсан”  гэж хэлцгээдэг. Энэ бүтээл бусдыг өөрөөрөө байх, өөрөөрөө амьсга­лах эрх чөлөөг боомилж, мөнгө, бэлэнчлэх сэтгэлгээгээр хичнээн хорьж байсан ч тэд нэг л өдөр тэсэрч эрх чөлөөг эрэлхийлдгийг гаргасан.  Хүн эцсийн эцэст өөрийн­­хөөрөө л амьдрах ёстой. Үнэ цэнэ, эрх чөлөөгөө мэдрэх ёстой. Өөрөө өөрийнхөөрөө  зо­вох нь хүртэл аз жаргал гэдгийг энэ зохиолд харуулсан юм.

Арабын орнуудад болоод бай­гаа бослого хөдөлгөөнүүд ч тэр өлссөндөө биш тэжээлгэсэндээ ийм байдалд хүрсэн иргэдийн бослого юм.

Одоо олгож байгаа хорин нэгэн мянга нь эцсийн бүтээгдэхүүнээс олсон орлого биш юм. Уул уурхайг барьцаалсан мөнгөнөөс олгогдож байгаа. Таван толгойгоо барь­цаанд тавьж, хоёр гурван ачааны машинаас өөр зүйлгүй ажил нь урагшлаагүй байж зээл тавин байж, ард иргэддээ мөнгө өгч байгаа. Урьдчилгаагаа ард түмэнд халамж болгож өгсөөр байгаад улс орон дампуурах нь. Банкуу­даар хорин нэгэн мянга олгогдох­гүй байгаа бөгөөд удахгүй олгог­доно гэсэн мэдээлэл тараав. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж сонгууль хүртэл явах нь. Саяхан Монголбанкны нөхдүүд Хятадад очоод үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцэл хийгээд  ирсэн байна лээ. Аягүй бол хорин нэгээ сонгууль хүртэл явуулах  гуйлгаа гуйгаад ирсэн биз. Оронд нь юугаа барьцаалаад ирснийг хэн мэдэхэв дээ. Саяхан Сангийн сайд “Энэ хавтгайрсан халамж бол бидний маш том алдаа. Би үүнийг  маш сайн ойлгосон” гэж хэлсэн байна лээ. Байдал ямар байгааг   тэр мэдэж байгаа учраас л ингэж хэлсэн байх. Алдсан юм бол алдаагаа засахгүй үргэлж­лүү­лээд байгаа нь учиртай. Энэ мөнгийг  сонгууль хүртэл өгөхгүй бол ялагдана гэдгээ мэдэж байгаа учраас өгсөөр л байх биз. Өнөө маргаашгүй  хорин нэгэн мянгаа  олгож эхлэх байх. Хаа нэгтээгээс гуйлга гуйгаад ч хамаагүй.   Ямар ч байсан сонгууль хүртэл иргэдийн уур унтууг хүргэхгүйхэн шиг хойд хормойгоороо урд хормойгоо нө­хөөд л явж байх биз. Ингэж урьд­чилгаагаар ард түмэнд мөнгө өгсөөр улс орон дампуурлаа. Монголд ажил хийдэг хүн олдохоо байх нь. Зөвхөн Баян-Өлгий аймгийн иргэ­дийнх нь тавь орчим хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг бай­на. Бүхэл бүтэн аймгийн хүн амынх нь тэн хагас нь халамж авдаг гэхээр  үнэмшилтэй биш санагдаж байна. Хүн амынх нь тавин хувь нь хөдөл­мөрийн чадваргүй, тахир дутуу болж таарах уу. Халамж байгаа газар дандаа хууран мэхлэлт  явагд­даг аж. Бэлээхэн жишээ Грек.

Грек хэт халамжаасаа болоод эдийн засаг нь хямарсан. Хямра­лаас гарах гэж элдвийн л арга хэмжээ авч байна. Өнгөрсөн сард тэтгэврийн болон нийгмийн ха­ламжийн тэтгэмж олгогчдын бүрт­гэлд шалгалт хийхэд 36 мянган иргэн хуурамчаар тэтгэмж авч бай­сан нь илэрчээ. Бүр хараагүй, дү­лий хүний дүрээр  сардаа нэг удаа очиж  тэтгэмжээ авдаг байж. Ингэх­дээ таньдаг эмчээсээ хараагүй, дүлий гэсэн бичиг хийлгэдэг байсан байгаа юм. Одоо энэ улс хямралаас гарахын тулд улс орнуудаас мөнгө гуйж Оросын тавьсан цэрэг дайны бааз болох хатуу болзлыг нь хүлээн зөвшөөрч байна. Грекийн  ха­лам­жаас үүдэлтэй эдийн засгийн хям­рал нь цаашлаад Евро бүсийг хямруулахад хүргэж, “Халамж, цагаачлалтай холбоотой асуудлаа цэгцлэхгүй бол Европын холбоо­ноос гарна” гэдгээ Франц улс мэ­дэгдээд байгаа. Халамж яаж улс орныг дапууруулдгийн хамгийн сүүлийн үеийн жишээ энэ.

МАН сүүлийн хорин жил хавт­гайрсан халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, сүүл рүүгээ төрийн албанд орох хүмүүсийн тоо л нэмэгдэж байгаа. Нөгөө талд нь хаа сайгүй ажил олгогч нарын явуулсан зар  ихэвч­лэн бүтэлгүйтсээр байна.  Учир нь ажил хийдэг хүн олдохгүй, эсвэл ажил олгогчийн шаардлага хангах  нь үгүй аж. Төрийн албанд орвол баян болно, цалин нэмэгдэнэ гэсэн бодолтой хүмүүс л өдрөөс өдөрт нэмэгдэж, урт дараалал үүссэн гэх юм. Төрийн албан хаагчийн цалинг л нэмээд байгаа болохоос хувийн хэвшлийнхний талаар огт бодсонгүй.

Нийгмээрээ ижилхэн, халамжид дулдуйдсан байхыг үзэл баримт­лалаа болгодог   нам төрийн тол­гойд байхаар ийм “тэжээврүүд”  зах зээл нэртэй нийгэмд социализ­маараа амьдарч байдаг юм байна. 

Гэтэл  дээр нь сонгуулийн шоу болгож эдийн засийн ямар ч үн­дэслэлгүй 100 мянган айлын орон сууц зургаан хувийн хүүтэй олгоно гэчихлээ. Гэтэл тавин саяар байраа өгдөг барилгын компаниуд олдох уу. Үүнд хамрагдах нөхцөл нь биелэгдэшгүй. Өмнө нь аав, ээжийн­хээ байрны ордер дээр  хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн бол тэр хүн  хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Гэтэл манай залуусын ихэнх нь тийм байгаа. Ийм үлгэрээ сонгуулийн шоу болгож байгаа болохоос улс орон, ард иргэдээ бодоогүй шүү. Сонгууль хүртэл л амь зогоох арга нь энэ юм. Ингээд зогсохгүй ээж нарт мөнгө өгч гэрт нь суулгах гэж зүтгүүлсэн. Энэ мэтээр улс орноо  “тэжээврүүд”-ээр дүүргэж,  дампууруулах нь ээ,  энэ эрх баригчид. 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цэдэвсүрэн: Монгол хүн сансарт ниссэн мэдээг зарлахын тулд эфирээ хаахгүй хүлээлгэж байлаа

Монгол хүн сансарт нис­сэний
31 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Уг ойн өдрийг тохиолдуулан “MNC”
телевизийн ерөнхий инженер Дамбийжанцангийн Цэдэв­сүрэн­тэй ярилцлаа. Тэрээр
санс­рын нислэгийн үйл явцыг Москвагийн телевизээс шууд дамжуулах манай багийн
бүрэл­дэхүүнийг удирдан ажиллаж байсан гавьяатан билээ.

-Өнөөдөр монгол хүн сансарт
ниссэний баярын өдөр. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Сансрын нислэгийн үйл
явцыг Москвагийн телевизээс шууд дамжуулахад та Монголын багийн бүрэлдэхүүнийг,
ялан­гуяа инженер техникийн ажилч­дыг буюу арын албыг хариуцаж байсан. Тэр
тухайгаа сонирхуу­лахгүй юу?

-Баярлалаа. Эхлээд нэг түүх ярья.
Далаад оны сүүл наяад оны эхээр дарга нарын түвшинд нууц групп байгуулагдаад
байгаа нь илт анзаарагдаж байсан. Нууцаар сурвалжлага, бичлэг хийж түүнээ
хадгалаад байгаа нь мэдрэгддэг байв. Би Мэдээлэл радио, теле­визийн улсын хороо
гэж байхад ерөнхий инженерээр ажиллаж байлаа. Монголын үндэсний теле­визтэй дөч
гаруй жилийн хуга­цаанд хувь заяагаа холбосон байдаг. Сүүлд захирлаар нь ажил­лаж
байсан. Мөн “UBS” теле­ви­зийн захирлаар ажиллаж байсан хүн шүү дээ.

Нууцаар явагдаад байгаа зүй­лийн
талаар асуух боломжгүй. Харин наян онд надад дээрээс хариуцлагатай үүрэг ирлээ.
Тэр нь телевизийн техник тоног төхөө­рөмжийн шинэчлэлийн тухай юм. Тодруулбал,
гаднаас валютаар төхөөрөмж авах тухай. Доллараар наймаа хийх нь бүү хэл доллар
гэдгийг мэддэг хүн ховор байсан цаг. Ийн үүрэг өгөхдөө ирэх онд буюу наян нэгэн
онд нэг томоохон үйл явдал болно, ер нь монгол хүн сансарт нисэх төлөвлөгөөтэй
бай­гаа шүү гэдгийг цухуйлгасан. Тэгээд “Энэ бол улсын нууц шүү” гэдгийг хатуу
анхааруулсан. Тэгээд гад­наас авах тоног төхөөрөмжөөр техникийн бэлтгэл сайтар
хангахыг үүрэг болгосон доо.

-Хэн үүрэг өгөв. Дээрээс гэдэг
маань…?

-Мэдээлэл радио, телевизийн улсын
хорооны дарга С.Пүрэвжав гэж хүн надад үүрэг өгсөн. Пүрэв­жав даргад мэдээж
дээрээс үүрэг ирсэн байж таараа. Наян нэгэн он гарлаа. Гаднаас авах тоног төхөө­рөмж
ч эхнээсээ ирлээ. Нэг өдөр намайг дуудлаа шүү. Дарга нарын тусгай бүрэлдэхүүн
хуралдаад ЗХУ болоод Монгол Улсын иргэдийн сансрын хамтарсан нислэгийг
сурвалжлах багийг томилсон юм байна. Би ч сайн мэдэлгүй сүүлд нь яваад очтол
“Чамайг техникийн багийн удирдагчаар томилсон, тушаал гарсан” гэв. Мэдээлэл
радио, телевизийн улсын хорооны ерөнхий инженерийн хувьд, үнд­сэндээ ажил
үүргийн хуваариараа би гарцаагүй явах байсан л даа. Тэгээд л бэлтгэл ажилдаа
орсон. Нислэгийн үйл явцыг газар дээрээс нь 
Монгол руу дамжуулахад холбоо­ны шугам, сансрын хиймэл дагуул гээд олон
бэрх зүйлтэй тулгарна. Түүнийг тухайн үеийн Холбооны яам хариуцаж байв.

Тус яамны нэгдүгээр орлогч сайд
Гарам-Очир гуай бид хоёр техникийн бэлтгэл хангахаар наян оны хоёрдугаар сарын
дундуур, нислэгээс нэг сарын өмнө Москвад очиж байлаа. Зөвлөлтөд буугаад шууд л
Холбооны яаманд очиж байгаа юм. Тус яам л бүгдийг мэдэж байсан. Гарам-Очир гуай
бид хоёр бүхий л зүйлтэй сайтар танилцаад, тэмдэглэл хөтлөөд гарын үсэг зурж
баталгаажуулж байв. Түүнээс өмнө бас туршлага судлуулахаар гурван хүнийг
явуулсан. Тэдний нэг нь би л дээ. Унгарын нисгэгч Зөвлөл­тийнхөнтэй хамтарч
нислэг үйлдэж байв. Түүнийг газар дээрээс нь сурвалжилж туршлага судлуулсан
түүхтэй.

-Сурвалжлах багт яг хэдэн хүн
явсан бол оо?

-Өө олон хүн явсан. Тоог нь
нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Дөч, тавин хүн лав явсан байх. Миний санаж
буйгаар нэвтрүүлэг­чээр соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа, найруулагчаар
Ц.Пунсаа нар явсан. Санхүү, аж ахуйн албаныхан ч явсан. Шууд нэвтрүүлгийг
хүргэхэд хамтран ажиллаж байгаа Зөвлөлтийн нөхдөдөө өгөх бэлэг дурсгалын зүйл
гээд баахан зүйл аваачсан. “Останкино” буюу Москвагийн төв телевиз дээр бид
чинь байрлаж байлаа шүү дээ. Ардын уран зо­хиолч Ш.Сүрэнжав гуай нис­лэгийн үйл
явцыг шууд тайлбарлан хүргэж байсныг манайхан мэднэ. Мань хүн тухайн үед
Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч байсан гэдэг. Орчуу­лагчаар
МОНЦАМЭ агентла­гийн Чагдар гэж хүн явсан. Муу орчуулж байна гэж загнуулаад л.
Оросын тайл­бар­лагчийн шууд нэвтрүүлгийн текс­тийг харж үзэл­гүй­гээр сонсоод
шууд орчуулна гэдэг төвөгтэй л дээ. Чагдар гуайн загнуулж, муугаараа дуудуулах
нь ч аргагүй юм. Манай Сүрэнжав гуайн тайлбарыг Оросын орчуу­лагч хэрхэн яаж
хүргэж байс­ныг мэдэхгүй байна. Ш.Сүрэнжав гуай бол урьдчилж бэлдсэн зүйлгүй, ёстой
яруу найрагчийнхаа авьяас онгодоор л урсгасан. Оросын орчуулагч буурал
толгойтой бу­риад нөхөр байсан санагдана.

-Нислэгийн өмнөх байдлыг
тодорхой ярихгүй юу. Инженер техникийнхэн амьсгаа авах зав­гүй бөөн бужигнаан
дунд л байв уу?

-Хорин хоёронд Москвагийн цагаар
17 цагт Байконураас хөлөг хөөрсөн. Монголд шөнийн 22 цаг болж байгаа. Техникийн
дэвшил тухайн үед үнэндээ гайхмаар байсан шүү. Бидний байрлаж буй төв телевизэд
хэд хэдэн томоохон дэлгэц байрлуулсан байв. Байко­нурт чухам юу болж байгаа,
нис­лэгийг удирдах төв буюу Оддын хотхон ямар байдалтай байгаа нь тэрхүү
дэлгэцүүдээр тодоос тод харагдана. Ухаандаа, В.Жани­беков, Ж.Гүррагчаа нар
сансрын хөлөгтөө сууж байгааг дэргэд нь юм шиг л харж байв. Харин түүнийгээ
дамжуулах эрхгүй.

Бичлэгээ сайтар нягтлаад хад­галж
байлаа. Зураг авалтыг бол Зөвлөлтийн нөхөд газар дээр нь хийж байсан. Сансрын
нисгэгчид газраас хөөрөх үед би тусгай олон аппарат дунд ганцаараа сууж байв.
Нэгээр нь Улаанбаатар руу мэдээ дамжуулна, нөгөөгөөр нь оросууд­тайгаа ярина.
Владимир гээд хотод байрлах сансрын тойрог замын төвтэйгээ холбогдоно. Харин
гол хариуцлага нь нислэг амжилттай болоод сансрын тойрог замдаа орчих юм бол
Москвагийн бүх телевиз болоод Монголын телеви­зээр мэдээллийг нэгэн зэрэг цацах
явдал байсан. Түүнд л бид бэлдэж бүх техник хэрэгслийг бэлэн бай­далд
байлгасан. Гэтэл нэг ноцтой асуудал гарлаа. 

-Юу тэр вэ?

-Юмжаагийн Цэдэнбал гэж хүн­тэй
холбоотой. Зөвлөлтийнхөнтэй өмнө нь олон орны нисгэгчид хамтарч сансарт
хөөрсөн. Тэдгээр орнуудын удирдагчид ажлын өрөө­нөөсөө сансрын нисгэгчидтэйгээ
холбогдож, утсаар ярьж захиас заавар өгч байсан түүхтэй. Уг бичигдээгүй хуулийн
жишгээр нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг Гүррагчаатай холбуулах, ажлын­хаа
өрөөнд зурагт үзэж байгаагаар бичлэг хийж аваад шууд нэвтрүүл­гээр цацъя гэтэл
Бал дарга Москвад оччихсон байж билээ. Ингээд л асуудал үүсч байгаа юм. Хаана
яаж Цэдэнбалын зургийг авах уу гээд л пижигнэлдээд явчихлаа. Ерөнхийдөө улс
төрийн хүнд асуу­дал үүсээд явчихаж байгаа юм. Мань хүн хэл чимээ ч үгүй
Москвад оччихсон байхад бид их гайхаж билээ. Сүүлд мэдэх нь ээ, хэнд ч дуулгаж
хэлэлгүйгээр Бал дарга авгайтайгаа Москва руу байнга нисчихдэг байсан юм билээ.
Ин­гээд түүний зургийг Зөвлөлтөд байгаа Монголын Элчин сайдын өрөөнд авахаар
боллоо. Тусдаа өрөө гаргуулж гэрийн тавилга тавьж, гэртээ байгаа маягаар тохи­жууллаа.
Явуулын станц Элчин сайдын яаманд байрлуулж, өнөө тусгай өрөөндөө гурван камер
зоогоод авлаа. Гэтэл зургийг нь хэнтэй хамт авах уу гэсэн асуудал гардаг юм.
Авгайтай нь хамт авъя гэхээр Филатова орос хүн байдаг. Тэгээд эцэст нь Москвад
байдаг хүүтэй нь хамт авсан даа. Хүмүүс болохоор Бал даргыг гэртээ хүү­тэйгээ
үзэж байна гэж бодсон нь мэдээж. Тэр болгонд би оролцож байлаа шүү дээ.

-Нэвтрүүлгээ одоо явуул гэх
даалгаврыг хэн өгсөн билээ?

-ТАСС буюу Москвагийн төв мэдээллийн
агентлагаас өгнө шүү дээ, албан ёсоор. Хэрвээ нислэг бүтэлгүй болбол тэгээд л
тас нуу­чих­даг байсан. Манай нислэгээс өмнө Болгарын нэг нөхөр Зөв­лөлтийнхөнтэй
хамтарч нисээд тойрог замдаа орж чадалгүй бүтэл­гүйтэж байсан. Шууд нислэгийг
дамжуулалгүй удсаны учир манай Гүррагчаа алдаа гаргасан байгаа юм. Тойрог замын
станцдаа залгаг­даж чадалгүй нэг тойрог илүү яв­чих­сан юм билээ. Хоёр дахь
тойр­гоосоо холбогдсон хэрэг. Тэрхүү хугацаанд Улаанбаатараас яриад байдаг.
Шууд нэвтрүүлгээ өгнө гэсэн яасан бэ. Шөнийн арван цаг өнгөрчихөөд байна.
Телеви­зийн нэвтрүүлгээ хаах юм уу, яах юм гээд асуугаад байдаг.

Тэгэхэд та ямар хариу өгөв?

-Зурагтын нэвтрүүлгээ хааж
болохгүй. Хаах л юм бол иргэд унтчихна. Нэвтрүүлэг зогсох учир­гүй гэж
үүрэгдсэн. Тэгээд л “Хаврын арван долоон учрал” киног үргэлж­лүүлж гаргаад
байлаа. Монголын цагаар 23 цаг өнгөрч байхад би­дэнд мэдээ ирлээ. Телевизийн
нэвтрүүлгийг шууд дамжуулж бол­но оо гэсэн. Үндсэндээ бид бүхэн урьдчилж бичсэн
бичлэгээ яг шууд дамжуулж байгаа мэтээр олонд хүргэсэн дээ. Ийн хүргэхэд бас
нэг асуудал гарсаан.

-За бас ямар асуудал гарав
даа?

-Команд өгөөд нэвтрүүлгийг яг
дамжуулах болтол монгол, орос хоёр нэвтрүүлэгчийн хэн нь эхэлж текстээ хүргэх
вэ гэдэг асуудал гарлаа. Оросууд “Манай нэвтрүү­лэгч эхэлж хэлнэ. Ер нь манайх
эхэлдэг жишигтэй юм” гэлээ. Ту­хайн үед миний бие арын албыг хариуцаж байсны
хувьд манайх эхэлнэ гэж дайрлаа. Яг тэрхэн мөчид миний бие группээ ахалж байсан
юм. Биднийг даргалж байсан Магсарын Чойжил гуай Байконур руу явсан учир би
албыг нь хариуцаж үлдсэн байв. Ингээд оросуудтайгаа маргалдлаа. “Та­най
Элчингээс асууна” гэж байна. “Тэг ээ” л гэлээ. Тухайн үед ЗХУ-д суугаа Элчин
сайд Д.Готов гуай байсан. Мань хүн мэдээж “Мон­голын нэвтрүүлэгч Д.Нарантуяа
эхэл­нэ” гэж хэлсэн нь тодорхой. Тэгээд л монгол хүн сансарт нисч буй түүхэн
үйл явдлыг Д.Наран­туяагийн дуу хоолойгоор ЗХУ бо­лоод Мон­гол Улс даяараа
сонсож байлаа. Тухайн үедээ би ажлаа хийж байна л гэж боддог байсан. Харин цаг
хугацааны дараа эргээд бодохуйд монгол хүн сансарт нис­сэн түүхэн үйл явцад гар
бие оролцож, Д.Наран­туяагийнхаа дуу хоолойгоор шууд нэвтрүүлгийг эхлүүлсэндээ
өөрийн эрхгүй ба­харх­даг шүү. Д.Наран­туяа шууд нэвтрүүлгийг эхлүүлнэ гэдэг
монгол хэлээр, монгол дуу авиагаар эхлүүлж байгаа хэрэг.

-Тэрхүү түүхэн үйл явдалд гар
бие оролцсоны дурсгал гэ­вэл юу байна. Зураг хөрөг бий юу?

-Хувь амьдралд минь тохиолд­сон
хамгийн дурсгалтай мөчийн нэг юм аа. Харин надад дурсгал болгон хадгалдаг зүйл
ховор. Зураг хөрөг байдаггүй юм аа. Оросын зурагчид уг нь авч л байсан. Гэхдээ олж
авч чадаагүй.  ЗХУ, Монгол Улсын
хамтарсан түүхэн нислэг гэсэн гарчиг бүхий Оросын төв хэвлэлийн тусгай дугаар,
Гүр­рагчаа, Жанибеков нарын нэр бүхий бичээстэй захидлын дугтуй л байна даа.
Өнгөрөгч онд гучин жилийн ой тохиосон. Тус ойд зо­риулсан ном гарсан. Түүнд
миний дурсамж орсон юм. Мөн тэрхүү ойгоор төрийн дээд шагнал  болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан.
Үүнийг сансар огтор­гуйн буян, Ж.Гүррагчаа баатрын маань хишиг гэж сүсэглэн
боддог доо.   

Ярилцсан
Н.ГАНТУЛГА

 

 

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Б.Баяраа хүүтэй хамт боксын тэмцээн үзлээ

Сонирхогчийн боксын эмэгтэй­чүү­дийн
Ази тивийн аварга шал­га­руу­лах VI тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт үргэлжилж
бай­на. Манай улсад анх удаа зохиог­дож буй энэхүү тэмцээнд 19 орны 100 гаруй боксчин
арван жингийн ангилалд өрсөлдөж байгаа. Эхний хоёр өдөр тус бүр долоон тоглолт болсон
бол өчигдөр 48, 54, 60, 64 кг-ын жингийн нийт 13 тоглолт болсон юм.

48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин
Т.Болортуул, Шри Лан­кийн тамирчин Косала Нилминитай тоглосон нь өчигдрийн эхний
ту­лаан байлаа. Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Болортуул зүүн далан дээрээ хилэнцийн
шивээс­тэй аж. Манай тамирчин өрсөл­дөг­чөө­сөө нуруугаар өндөр, чац урт учир зайнаас
тоглоно. Харин Коса­ла Нилмини 2010 оны Ази тивийн аварга.

Т.Болортуул аль болох өрсөл­дөг­чийнхөө
гарт өртөхгүйн тулд хурдан зайлж, зайнаас ажил­лаж ихэнх оноогоо авлаа. Эхний үед
5:3 харьцаагаар Т.Болортуул илүүрхсэн бол дараагийн үеүдэд 15:6, 21:10 харьцаагаар
илт тэр­гүүлж эхлэв. Сүүлийн раундад Шри Ланкийн тамирчин оноо авах гэж улайрч дайрахад
манай тамирчин хам­гаалалт, цохилтыг хослуулж тооны харьцааг 26:11 болгож ялалт
байгууллаа.

Хэдий урьдчилсан шатны тог­лол­тууд
явагдаж байгаа ч манай үзэг­чид тамирчдаа дэмжихээр ир­жээ. Нэг хэсэг газар бөөнөөрөө
суугаад та­мирчнаа өөр өөрсдийн­хөөр “дас­галжуулна”. “Зайнаас ажилла”, “Тойрч гарч”,
“Гэдсэнд нь цохи” гээд л орилолдоно. Тэдний дунд ахмад боксчин, дасгалжуулагч, тамирчид,
шигшээгийнхэн сууж харагдана лээ.

Хөдөөнөөс ирсэн найздаа тэм­цээн үзүүлж
байгаа нэг залуу байна. Тэрээр найздаа “Энэ ордон том байгаа биз. Гадаадын тамирч­дыг
харахаар сонин байгаа биз дээ. Тээр тэнд байгаа чинь Вьетнам улсын төрийн далбаа
байхгүй юу. Наана нь Хойд Солонгосын дал­баа байна. Дан эмэгтэйчүүд тоглож авар­гаа
шалгаруулж байгаа юм” гээд л энэ тэрийг танилцуулна. Найз нь ч тэр болгонд толгой
дохиж эргэн тойрноо сайтар ажиглана.

Энэ үеэр 13 настай Б.Баяраа гэдэг
хүүтэй танилцлаа. Тэрээр тэмцээнийг телевизээр шууд дам­жуулж байхаар нь тоглолтыг
боди­тоор нь үзье гээд ирсэн нь энэ гэнэ. 
Гэр нь Нисэхэд байдаг учир хичээ­лээ тарангуут нааш иржээ. Тасал­бар шалгагч
“Чамаас яалаа гэж мөн­гө авах вэ. Миний дүү ор, ор” гээд л оруулчихсан гэсэн. Хүү
дэр­гэд суугаад элдвийг шалгааж, юм л бол “Аниа” гээд л юм асуух юм.

Тэрээр “Аниа, тэр аль орны далбаа
вэ. Өмнөд Америкийн далбаа яагаад байхгүй байгаа юм бэ. Яагаад эрэгтэй боксчид гарч
ирэхгүй байгаа бол” гээд л янз бүрийн юм асууж гарлаа. Тэмцээ­нийг үзэнгээ хүүд
тэр бүхнийг нь аль бо­лох тайлбарлахыг хичээв. Хүү чөлөөт бөхийн дугуйланд явдаг
гэнэ. Спортод дуртай нэгэн. Ирээ­дүйд тамирчин болохыг хүсдэг гэсэн. 

Энэ үеэр зааланд олимпийн аварга Э.Бадар-Ууган
орж ирлээ. Б.Баяраа түүнийг хажуунаас нь харна гээд гүйгээд явчихав. Энэ мөчид
48 кг-ын жинд Тайванийн тамирчин Мен Чун Хсеих, Вьет­на­мын тамирчин Ди Там нар
тоглож бай­сан юм. Эхний гурван үед хоёр та­мирчин ижил тэнцүү тоглолт гаргасан
ч дөрөвдүгээр үед улаан булангаас гарч тоглосон Тай­ва­нийн тамирчин сульдаж, өрсөл­дөг­чөө­сөө
зуурч эхлэв. Тэрээр ядар­сан ч өрсөлдөгчийнхөө цохилтоос бултаж, оноо алдалгүй
17:15 харь­цаа­гаар хожлоо. 

Дараагийн тоглолт Филиппин, БНХАУ-ын
тамирчдын хооронд болсон. Хоёулаа тэсрэлттэй, хүч­тэй цохилттой тамирчид учир тог­лолт
нь нэн  сонирхолтой. Эрэгтэй боксчид тоглож
байна уу даа гэл­тэй. Энэ тоглолтод БНХАУ-ын та­мир­чин Южи Луо 10:16-гаар илүүр­хэв.

Б.Баяраа “Э.Бадар-Ууганыг бүр хажуунаас
нь очиж харчихаад ирлээ” хэмээсээр гүйж ирээд дэр­гэд суучихлаа. Тэгснээ “Би цэнхэр
булангаас гарч ирсэн тамирчныг нь дэмжихгүй байгаа. Тэр Хятадын тамирчин юм чинь”
гэв. Бээлий, малгайгаа өмсч зогссон Хойд Солонгосын тамирчныг харчихаад “Тэр Хойд
Солонгосын тамирчин байна. Өмсгөлийнх нь ард тэгээд биччихсэн байна. Хойд солон­гос­чууд
урд байдаг солон­гос­чууд­тай­гаа байлдаж байсан байхгүй юу. Би түүхийг нь мэднэ
шүү” хэмээлээ.

48 кг-ын жингийн сүүлийн тог­лолт
Энэтхэг, Казахстаны тамирч­дын хооронд болсон юм. Тэгтэл Б.Баяраа “Би Казахстаны
тамирч­ныг нь дэмжиж байгаа. Яагаад гэвэл казах эмэгтэйчүүд манай эмэгтэйчүүдтэй
царайгаараа их адилхан юм шиг санагдаад байгаа” гэсэн юм.

Эхний хоёр раундад тамирчид 2:2,
5:5 оноогоор тэнцсэн бол сүүлийн хоёр үед Казахстаны боксчин Дина Любаева 10:6,
17:8 харьцаагаар хошуучилсан. Ийнхүү 48 кг-ын жинд дөрвөн тоглолт болсны дараа
54 кг-ын жингийн тулаанууд эхэллээ. Шри Ланкийн тамирчин Видушика Пра­бад, Энэтхэгийн
тамирчин Сониа Ладер энэ жингийн эхний тулааныг хийв. Энэтхэгийн тамирчин хоёр,
дөрөв­дү­гээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж, 5:24 харь­цаа­гаар ялалт байгууллаа.

Б.Баяраа хүү тоглолт явагдаж байхад
ч хажууд элдвийг асуусаар л, ярьсаар л. “Би сая Бадар-Ууганыг дэргэдээс нь харлаа.
Гоё юм. Би өмнө нь чөлөөт бөхийн од Наран­баа­тар ахыг харсан. Яг хажуунаас нь.
Хан-Уул дүүргийн спортын ор­донд. Чих нь аягүй сонин юм билээ. Яагаад чих нь тийм
сонин болчих­сон юм бэ. Би барилдаад байвал бас тийм чихтэй болчих уу” л гэнэ.
“Эмэгтэй боксчид юм байж яагаад эрэгтэй хүн шиг биетэй байгаа юм бэ” ч гэх шиг.  Хүүтэй энэ тэрийг ярьж суутал 54 кг-ын жинд манай
тамирчин М.Гүндэгмаа, Казахс­та­ны тамирчин Гүльзан Акимоватай хүч үзэхээр рингнээ
гарч ирэв. Уг нь М.Гүндэгмаа арал чацаараа илүү ч өрсөлдөгчөө гартаа оруулж чадсангүй.
Оновчгүй баахан цохилт хийж өрсөлдөгчийн цохилтод орж тоолуулав. Манай тамирчин
оноо авах гэж хэт дайрч, эмх цэгцгүй тоглосноос оноо авах биш алдсаар 23:14-өөр
ялагдчихлаа.

Б.Баяраа хүү ихэд харамсан “11-хэн
оноогоор ялагдчихлаа. Үеийг нь сунгаж болдог болов уу” гээд над руу харав.

Энэ тоглолтын дараа 54 кг-ын жингийн
үлдсэн тоглолт, 60, 64 кг-ын жингийн тоглолтууд болсон юм. Спорт цогцолбороос гарч
явтал өнөө хүү “Та маргаашийн тоглол­тыг ирж үзэх үү. Би байж байна шүү. Баяртай”
гэсээр хоцорлоо.

Тэмцээн өнөөдөр урьдчилсан шатны үлдсэн
тоглолтуудаар үр­гэл­жилнэ. Харин хагас шигшээ тоглолт 25-нд эхлэх юм.

Д.ГАНСАРУУЛ
Гэрэл
зургуудыг
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Хурандаа нарын Орогнолын Засгийн газар Сүхбаатар дүүргийн эмнэлэгт байрлаж байна

Монгол Улс хоёр Засгийн га­зар­тай
болчихоод байна. Нэг нь мэдээж албан ёсны буюу С.Бат­болдын толгойлж буй Засгийн
газар. С.Батболдын толгойлдог  Засгийн газрын
гишүүд бол “Долду­гаар сарын 1”-ний хэрэгтэй шууд утгаараа холбогдохгүй. Харин хуучин
Ху-гийн хөрөнгөжүү хэсгийн төлөөллөөс бүрдсэн Засгийн газар гэж хэлж болох юм. За
ямар ч байсан албан ёсны Засгийн газар гэдгийг бүгд мэдэх учраас олон тайлбар сэлт
хэрэггүй биз. Нөгөөх нь хууль бус буюу Орогнолын Засгийн газар. Өөрөөр хэлбэл Сүхбаатар
дүүргийн эмнэлэгт орог­носон Долдугаар сарын нэгний хэрэгт гол буруутнаар сэжиглэгдэж
байгаа генерал, хурандаа нарын албан бус Засгийн газар. Үүнийг “Орогнолын Засгийн
газар” буюу “Хоногоо хүлээгсдийн Засгийн газар”, “Далд Засгийн газар” гэж хэлж болохоор
байна. Энэ нь  өнгөн дээрээ Ш.Батсүх нарын
“Бариг­даш­гүй өшөө авагч”-дын Засгийн газар мэт харагдавч, яг жинхэнэдээ Дол­дугаар
сарын нэгэнд дөрөв нь буудуулж, нэг нь МАН-ын байранд угаартаж нас барсан таван
хүний амь настай холбогдох хэргийн зохион байгуулагч байж мэдэх  С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдор­жийн Далд Засгийн
газар юм. Тийм учраас ил байгаа хурандаа, гене­ралууд зоригтой байна. Яагаад гэвэл
ард нь асаалттай танк байна гэгчээр л хүмүүсийн ивээлд байгаа болохоор л тэр. Өнгөрсөн
сонгуу­лийн булхай, жагсагчдыг буудсан гэх зэрэг хэрэг нь илэрвэл шоронд явахаас
өөр гарцгүй болсон хүмүүс энэ Орогнолын Засгийн газрын ард байгаа. Цагдаа нарын
энэ үйлдэл бол зүгээр л МАН-ын хү­мүүсийн тоглоом болж байгаа зүйл юм. Үүний баталгаа
нь хуучин Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр
хэвлэлд өгсөн ярилцла­гадаа “Шүүх, прокурор нь дургүй хүргээд байсан болохоос цагдаа
нарын тухайд цаг нь болохоор  төр арга хэмжээ
авч чадна” гэсэн утга­тай зүйл хэлсэн байна лээ. Улс төр нь тохирчихвол цагдаа нар
юу ч биш, энэ бол жүжиг гэсэн үг юм шиг буугаад байгаа юм. Энэ нь хуран­даа нарыг
гарын дор гэж хэлж байгаа хэрэг юм. Бүр цаана нь том улс төрийн хүчин байна гэсэн
баталгаа шиг харагда­на. 

Шүүх прокурор нь яагаад түү­ний дургүйг
хүргээд байгаа хэрэг вэ. Хуучин Ху буюу МАН-ыг шүүх гэж бүдүүн зүрх гаргаснаараа
л дургүйг нь хүргээд байгаа хэрэг. Дээр нь шударга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх
прокурорыг томилсонд дургүй нь хүрээд бай­гаа хэрэг үү.  

Эдгээр генерал, хурандаа нар цагдаад
20-30 жил ажилласан. МАН-ын  гар хөл бологсод
буюу энэ намын дайсан гэж үздэг хүмүүсээ 
зайлуулж, мууг нь үзэж байсан МАН-ын хуулийн хэлтсийн ажилт­нууд  нь гэсэн үг. Долдугаар сарын нэгний хэргийн гол
толгойлогч гэгдэх Ш.Батсүхийн хэвлэлд өгсөн 
ярилцлагад  “Би ардчилал гэгчийнх нь
үед ч цагдаагийн байгууллагад ажиллаж байсан” гэсэн байдаг.   “Ардчилал гэгч” гэж хэлж байгаа нь ардчилалд
эхнээсээ дургүй гэдгийг нь тодоос тод хэлээд өгч байна. 90-ээд оны эхэнд хуучин
Ху-гийнхан нийтээрээ хэлдэг байсан энэ үгийг хорин жилийн дараа энэ хүн гаргаж ирж
байгаа нь үгширч үгүй болж буй коммунистуудын сүүлчийн үлдэг­дэл гэдгээ гэрчилж
байна.  Дээрх үг нь Ардын намын хүн гэдгийг
хө­дөлшгүй  хэлээд өгч  байгаа хэрэг л дээ. Хурандаа нарын ард Нийслэ­лийн
цагдаагийн бие бүрэлдэ­хүүний 60-70 хувь нь 
байгаа болов уу. Яагаад гэвэл энэ олон жилд цагдаад ажиллаж, өндөр алба хашиж
байсан дээрх хүмүүсийн хамаатан садан, ажилд авсан торгон цэргүүд нь гээд. Тэд бол
генерал хурандаа нарыг   бол шууд амиараа
ч хамаагүй хамгаалах юм байна. Ийм ар талтай албан бус Засгийн газрын өөдөөс арми
л хөдөлгөдөггүй юм бол эднийг дий­лэх хүч Монголд байхгүй.

Саяхан Сүхбаатар дүүргийн  шүүх дээр болсон  хурандаа нарын үйл явцыг харах юм бол эд нар бяцхан
төрийн эргэлт хийчихээд байгаа юм биш үү. Сая шүүх хурлыг хүчгүйдүүлж, шүүгч рүү
дайрч, Сүхбаатар дүүргийн шүүхийг цаг­даа нар бараг гурван давхар бү­сэлчихсэн шүүхийг
ямар ч эрх мэдэлгүй болгож чадсан. Тэр өдөр тэнд шүүх шийдвэрээ гаргасан боловч
тэр нь биелэгдээгүй. Тэгэ­хээр тэр хэсэг газарт, яг тэр үед  Монголд төр байхгүй болжээ гэж харж болохоор байв.
Яг энэ үед хурандаа нарын засаглал эхэлсэн. Бүх зүйл тэдний хүсэлтээр явагдаж байна.
Тэр ч бүү хэл С.Баяртай  “Нэг, хоёрын гурав
аа” гэсэн уриа­тайгаар УИХ-ын сонгуулийн 
той­рогт, нэг намаас өрсөлдөж байсан Чимгээ хэмээх эмэгтэй генерал, хурандаа
нарын орогнож буй  Сүхбаатар дүүргийн эмнэлгийн
даргаар ажилладаг юм байна.

Орогнолын Засгийн газрын гишүүд  эхний ээлжинд хүчээ тур­шиж байх шиг. Одоо авлигын
хэргээр шалгагдаад байгаа айм­гийн Засаг дарга нарын хэргийг ч ийм маягаар замруулна.
Төр тэд­нийг шалгаж чадахаа болих биз. Энэ янз байдлаас нь харахад.   Ийм жижиг хэлбэрийн төрийн эр­гэлт болоод байхад
мэдрэмж­тэйсэн бол УИХ Онц хуралдаан зарлаж байх ёстой. Тэд энэ  хууль бусаар Засгийн эрхийг авсан асуудлыг хэлэлцэх
ёстой байсан юм. Яагаад гэвэл парламентын шийдвэр тэнд хүчин төгөлдөр  ажиллахгүй байна. Яагаад гэвэл парламент хууль
баталдаг.  Тэр баталсан хуулийг нь хэрэгжүүлэхгүй
уландаа гишгэж байна. Ийм учраас УИХ хуралдан асуудлыг авч хэлэлцэх байв.

Орогнолын Засгийн газар хүчээ туршиж
байна гэж дээр дурдсан. Одоо энэ орогнолын Засгийн газар  нам нь ялагдвал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй,
Засгийн эрхийг шилжүүлэхгүй гээд энэ олон цагдаагаараа төрийн бүх байгуул­лагыг
бүслүүлчихнэ. Тэгээд онц байдлын хороог байгуулаад өөрс­дийн Засгийн газраа байгуулаад
явчихна. Хууль дүрэм болон бусад бүх юм хамаагүй. Яагаад гэвэл сонгуульд ялагдвал
энэ намаас олон хүн шоронд явах учраас тэр. Цагдааг дийлэх хүч Монголд байх­гүй.
Засгийн бүх эрх эд нарт л байна.

Өнөөдөр хохирогчийн дүрд тоглож, өөрсдийгөө
цагдаа нараар өмгөөлүүлж, ардаа хамгаалалт халхавчтай гэгдэх генерал, хуран­даа
нар  үнэн хэрэгтээ тийм ариун цэвэр шударга,
үнэнч хүмүүс бай­сан уу, үгүй юу гэдэг нь өөрөө анхаарал татах л асуудал. Гене­рал
Ч.Амарболдыг одоо хүртэл илрээгүй С.Зоригийн хэргийг за­вааруулж орхисон гэцгээдэг.
Тэ­рээр Хэнтий аймгийн Галшир су­маас анх хэсгийн төлөөлөгчөөр  ажлаа эхэлж байжээ. Цагдаагийн даргаар хоёр удаа
томилогдож байсан. С.Баяр Засгийн газрын тэргүүн байхдаа Цагдаагийн бай­гууллагын
даргаар тавьсан боло­хоор түүнийг С.Баярын хүн гэцгээдэг. 

Харин хурандаа Ш.Батсүх  баа­хан олон баар савтай гэгддэг юм билээ. Ер
нь цагдаагийн томоохон албан тушаалтнуудыг тансаг хаус, үнэтэй машины талаар бүгд л ярьдаг шүү
дээ. Магадгүй өөрс­дийнх нь нэр дээр юу ч байдаггүй л байлгүй. Энэ хэрэгт хамгийн анхаа­рал
татахаар хүн бол Ш.Батсүх хурандаа. Ямар сайндаа “Манай
дарга үнэхээр мэргэн бууддаг
юм байна лээ” гэж долдугаар сарын нэгний үйл
явдлын үед нэгэн цагдаа ярьсныг
өнөөх “хар дэвтэр” дээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Сүх­баатар дүүргийн эмнэлэгт байрлах Орогнолын
Засгийн газрын талаар товчхондоо ийм л байна. Дахин хэлэхэд Монголд хоёр Засгийн
газар зэрэгцэн үйл ажиллагаа
явуулаад бараг долоо хонож бай­на. Энэ талаар санаа зовниж байгаа албан ёсны төр засаг гэж байна уу. Ерөнхийлөгч, УИХ, Зас­гийн газар гэх зэрэг байгууллагууд одоо
хүртэл юу хийгээд байна вэ.

Categories
редакцийн-нийтлэл

Гараа “цусанд дүрсэн” хүмүүс Монгол төрийн ариун сэнтийд суух эрхгүй

“Монгол
төр  ариун байх ёстой” гэж манай улстөрч нөхдүүд их ярьцгаадаг. Яаж ариун байлгах талаар харин огт ярихгүй юм.  Тиймээс “Долдугаар сарын 1”-ний үймээний үед  төрд ажиллаж бай­сан хүмүүсийн ёс суртахууны ту­хай сөхөж бичихэд хүргэлээ.  Н.Энх­баяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил  нарыг засаг барьж,  төрд алба хааж байхад ийм аллага хядлага болсон.  Үүнийг  хэн ч үгүйсгэхгүй. Гэтэл тэд дахиад л засаглал руу тэмүүлж байна.  Дахиад л улс төрд шургалж, УИХ-д дэвшихээр зэхэж эхэллээ.

Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар ард түмнээ буудах бололцоо гарган өгч  гараа энгийн иргэдийн цусанд дүрсэн хүмүүс.   Эдгээрийн засаглалын үед дөрвөн иргэн төрдөө буудуулан нас барж, нэг иргэн мөн төрийн нүдний өмнө  угаартаж үхсэн билээ. Дээр нь арваад иргэн төрдөө буудуулан шархдаж, мянгаад иргэн төрийн шүүхээр шоронд явцгаасан.

Мөн Эргүүл хамгаалалтын газ­рын дарга асан хурандаа Ш.Бат­сүх, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хо­шууч генерал Ч.Амарболд, Нийслэ­лийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, тус газрын хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаа­тар нар тухайн өдөр цагдаагаа удирдан, иргэдээ буудуулж, буу­дах тушаал өгсөн хүнийг олон нийтэд зарлаагүй хаацайлж байгаа нь гэмт хэрэг мөн.

Тэгэхээр нэр дурдагдсан гене­рал, хурандаа нар ч төрд алба хаших эрхгүй. Харин Н.Энхбаяр, С.Баяр,  Ц.Мөнх-Оргил нар нь УИХ-д нэр дэвших эрхгүй. Ард түмэн рүүгээ буу шагайж чадсан хэрнээ,  ард түмнээсээ санал авна гэж гуйх нь ёс суртахуунгүй хэрэг юм.

Н.Энхбаяр. Тэр үед Ерөнхий­лөгч байсан. Тэрээр онц байдал зарласан. Өмнөх өдөр нь намаа ялуулчихсан хуучин Ху-гийнхан буюу одооны хэлээр “Хуху” на­мынхан шөнөжингөө архидсан гэ­дэг. Тэгээд тэр архи нь гарч ам­жаагүй согтуу Баярыг “солиорсных”  нь зоргоор  Н.Энхбаяр Онц байдал зарладаг нь буруу байсан. Энэ хүний насан туршдаа гэмшиж явах гол алдаа энэ. Нас ахих тусам тэр “Би онц байдал зарлаагүй бол тэдгээр хүмүүс үхэхгүй байх байсан даа” гэж гэмшиж толгойгоо шааж явах болно. Тэрээр “”Долдугаар сарын 1″ улстөрчдийн өдөөсөн маш том гэмт хэрэг” гэж өчигдөр  хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсон байна лээ. Энэ үг өөрт нь ч хамаатай. Учир нь тэр Үндэс­ний аюулгүй байдлын зөвлөлийн дарга бай­сан. Гадаа хүн үхэж байхад өрөөн дотроо намын дарга нарыг цуг­луул­чихсан учраа олох­гүй, яахаа мэдэхгүй сууж байлаа.

С.Баяр Ерөнхий сайдынхаа ажлыг хийхгүй намын байрныхаа шатахыг, намын байранд нь хүн угаартаж үхэхийг, намынх нь байр­ны гадаа хүмүүс буудуулж үхэхийг харж байгаад 22 цагт ордон руу  очдог нь ч юу билээ. Уг нь тэрээр  Монгол төрийнхөө ажлыг хийх ёстой байлаа.  Төрийн ажил гэж юу байв. Тэр нь жагсаал цуглааныг  зохицуулж жирийн тайван арга замаар түүнийг тараахад оршиж байв.Монгол Улсын Ерөнхий сайд атлаа тийм хүнд хэцүү нөхцөлд төр засгийг эзгүйдүүлэн хаяж, намын даргын ажлаа хийж, МАН-ын бай­рандаа өдөржин өнжиж, улсынхаа ажлыг ардаа орхисон. Тэрээр Онц байдал зарлахыг Н.Энхбаярт ша­хаж бай­сан гэдэг. Тиймээс С.Баяр яалт ч үгүй хариуцлага үүрэх хүний нэг. 

Ц.МөнхОргилын хувьд Онц байдлын шуурхай штабын дарга.  Хууль зүйн сайд асан. Дээр нь Онц байдлын үеийн Штабын дарга байсан хүн өдий болтол энэ тухай юу ч ярихгүй байгаа. Бүх асуудал Ц.Мөнх-Оргил дээр буусан. Шта­бын даргаар томилогдсон л бол тэр үед ажиллаж байсан хууль, цагдаа­гийн байгууллагаа хянаж байх ёстой. Ядаж боловсролоороо ч, төрд алба хаасан туршлагаараа ч тэр өдийд ингэж чимээгүй суух хүн биш.

Гэтэл тэр цагаас хойш нэг ч дуугараагүй. “Долдугаар сарын 1”-ний  тухай хэлэлцүүлэг болох үед  урилгагүй орж ирээд нэг дуугарсан санагдана. Захад нь суугаад “Цаг­даа нарын буруу гэж юу байсан юм” гэж хэлж байсан билээ. Цагдаа нар нь буруудвал өөрөө буруудах гээд байж л дээ. Энэ хүн дэндүү их айдас хүйдэстэй байгаа. Түүнийг хамгаалж байгаа зүйл нь УИХ-ын гишүүний сэнтий. Энэ суудлаас нь  буулгаж байцааж үзмээр  байгаа юм. Ингэхэд их л юмны сэжүүр олдоно доо.

Ч.Амарболд С.Баяртай шууд харьцаж байсан хүн. Ерөнхийдөө 22 цаг хүртэл “Онц байдал зарлах хэрэггүй. Цагдаа зохи­цуулчихна” гэж ярьсныг нь Н.Энх­баяр батал­даг. Орой 22 цагаас хойш “Дий­лэ­хээ болилоо. Онц байдал зарлая” гэсэн. Цагдааг удирдаж байсан учраас тушаал даалгавар даргаа­саа авсан байж таарах гээд бай­гаа.

О.Зоригт Нийслэлийн цагдаа­гийн газрын дарга. Онц байдлын үед Нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн голлон ажилласан. Ч.Амарболдоосоо үүрэг авч удирд­лаган доорх хүмүүстээ дамжуулж байсан гэдэг.

Ш.Батсүх Эргүүл хамгаалал­тын газрын дарга. Эргүүл хам­гаалалтын газрынхан галын шу­гамд гол үүрэгтэй ажиллаж байсан.  Галт зэвсгийг тэд нарт тараасан гэж үздэг. Энэ тухай Эргүүл хамгаа­лалтын газрын цагдаагийн тэмдэг­лэлд ч байдаг. Тэмдэглэлд дурдса­наар Ш.Батсүх өөрөө хүн буудсан байх магадлалтай.

Г.Ганбаатар Нийслэлийн цаг­даагийн газрын Хэв журмын хэлт­сийн дарга. Хэв журмыг голчилж ажиллаж байсан.  

Энэ хүмүүс хэн тушаал өгснийг одоо болтол хэлээгүй. Тэд “Дээрээс тушаал өгсөн” гэсэн битүү, тодор­хойгүй  юм л ярьдаг.   Дээрээс гэхээр Ерөнхий сайд, штабын дарга, эсвэл Ерөнхийлөгч байж таарах гээд байгаа юм. 

Тэд тушаал биелүүлсэн ч бай,  тушаал өгсөн ч бай дахин төрд ажиллах ёсгүй. Харин ч бүр ард түмнээсээ уучлалт гуйгаад төрд ажиллахаа болих хэрэгтэй юм.  Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Гараа ард түмнийхээ цусанд угаачихаад юун улс төр, юун төрд ажиллах.

Эднийг УИХ-д нэр дэвшүү­лэхгүй, төрд ажиллуулахгүй байя.  Шүүх яаж шийдэх тухай яриагүй байна. Харин тэдэнд дахин Монго­лын төрд ажиллах ёс суртахууны эрх байхгүй.

Н.Энхбаяр,С.Баяр, Ц,Мөнх-Оргил нар одоо улс төрөөс татгал­зах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хэрэгт яах арга үгүй холбогдсон хүмүүс бол дээрх улстөрчид мөн билээ. Яаж ч мэлзээд,  яаж ч биеэ өмөөрөөд тухайн үед онц байдлын шийдвэрийг энэ гурван улстөрч л гаргаж, гардан гүйцэтгэсэн.

Харин нэр дурдагдсан гене­рал, хурандаа нарыг дахин төрд ажил­луулах, ямар нэгэн албан тушаал хашихаас татгалзуулах ёстой. Үүнийг бүх насаар нь мөрдлөг болгох нь чухал. Шийтгэл нь тэр болог. Яагаад ингэх гээд байгаа юм гэвэл төр нэгэнт өөрийгөө хамгаа­луулчихаад дараа нь шоронд илгээгээд байх нь зохимжгүй юм.

Цагдаагийн дарга нар дээрх гурван улстөрчийн хэн нэгнийх нь тушаалаар л хүмүүс рүү буудсан болж таарах гээд байгаа. Генерал, хурандаа нар идэвх гаргаж дарга­даа сайн хүн болох гээд өөрсдөө дээрээс тушаалгүйгээр хүн буу­даад унасан бол харин хатуу шийт­гэх ёстой. Үүнийг шүүхээр тогтоож хэн буруутай, хэн тушаал өгснийг  илрүүлэх нь чухал. Ингэж байж шударга үнэн тогтоно шүү.

Дээрх хүмүүсийн асуудлыг  улс­төржүүлэн манай ч нам, танай ч нам хэмээн хэргийг илрүүлэхгүй өнгөрөөвөл Монгол Улсад  дахиж хэзээ ч шударга үнэнийг яриад хэрэг байхгүй.

Categories
редакцийн-нийтлэл

Судрыг нь буйтугай хуврагуудыг нь шатааж байхад дуугүй суух юм даа, манай лам нар

Исламын шашны хамгийн гэгээн судар,
ариун нандин зүйлийнх нь дээд туйл болох Кораныг Америкийн цэргүүд
шатаасан. Уг судар бол Лалын буюу Исламын шашинтай орнуудын шашин, хууль
цааз, нийгмийн харилцааны үндэс болдог. Ерөөс Лалын ертөнцийнхний оройн
чимэг, амь амьдралынх нь зүг чиг юм билээ. Зөнч Мухаммед нь агуйд сууж
Аллах тэнгэрээс өөрт нь дамжуулах айлдваруудыг шавь нар болон илтгэгч
дагуулууддаа хэлж өгч дал модны навчин дээр буулгасан гэх түүхтэй. Ийм л
итгэл бишрэл, хүндэтгэлийнх нь дээд туйл болсон судрыг Америкийн
цэргүүд хог дээр шатаасан байгаа юм. Хэрвээ тэрхүү судрыг ямар нэгэн
байдлаар шатаах болбол асар шударга хүнийг хилсээр хилмэгдүүлсэн мэт
эмгэнэн, тусгай ёслол үйлдэж шатаадаг байна. Үндсэндээ шашны хатуу дэг
жаягийн дор, бүр нэг нарийн ёс журамтайгаар шатаадаг юм гэсэн.
Тэгвэл Афганистаны Баграм дахь Америкийн
цэргийн баазад Коран болон бусад лалын шашны судрыг зүгээр л хог шиг
овоолж байгаад шатаасан байна. Энэ нь лалын шашинтнуудын хувьд огтоос
тэсч чадамгүй, байж боломгүй доромжлол мэт харагдаж байгаа нь тодорхой.
Хэн ч харсан тэгж л ойлгогдоно.

Иймээс Афган болон лалын ертөнц тэр
чигээрээ Америкийн цэргүүдийн эсрэг тэмцэх хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн.
Ариун нандин зүйл рүү нь, итгэл бишрэл, гүн хүндэтгэл рүү нь нулимж
илтээр доромжилсон учир тийнхүү тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн хэрэг л дээ.
Ариун нандин зүйлийнх нь дээд илэрхийлэл болсон судрыг шатаасан тухай
мэдээлэл афганчуудын дунд маш хурдтайгаар тархаж, тэр дороо л бүгд гал
голомтоо самруулсан хүмүүс шиг дийлдэх аргагүйгээр босоод ирсэн.

Бараг хэдхээн цаг минутад хэдэн зуун
мянган хүн гудманд цуглаж, уур хилэндээ автсан иргэд Америкийн цэргийн
бааз руу дайрч, ариун дайн эхлүүлэхийг уриалж байлаа. Тэднийг нисдэг
тэрэгнээс анхааруулах пуужин харваж зогсоосон тухай мэдээлэл сонин
хэвлэлд гарч байсан. Уг тэмцэл, үймээнээс болж олон хүн амиа алдсан
билээ.

Тэгвэл Америкийн цэрэг яагаад Коран
судрыг шатаах болов. Тэдний тайлбараар бол арга ч үгүй үйл явдал
тохиолдсон талаар мэдээлэгдээд байгаа. Тэр нь юу вэ гэвэл шоронгийн
хоригдлуудад Коран судрыг тараадаг юм байна. Хоригдлууд судар дээр
тэмдэглэл хийдэг аж.

Тэрхүү тэмдэглэл нь хоригдлууд хоорондоо
нууцаар харилцах гүүр болоод байсан аж. Үүнээс болж Коран болоод бусад
судрыг шатаасан гээд байгаа. Тэгээд шинэ судар өгчээ. Америкчууд судрыг
зүгээр л ном сонин шиг овоолж байгаад шатааж. Энэхүү үйлдэл нь нийт лал
шашинтнуудыг шашин үндэстнээ хамгаалах тэмцэлд босгочихжээ. Гэхдээ миний
бие дээрх судартай холбоотой шашны тэмцлийн тухай бичихийг эрмэлзсэнгүй
ээ. Тэр тухай ийн тодорхой өгүүлсний учир өөрийнхөө лам нарыг
шүүмжилмээр санагдсан хэрэг.

Афганистантай харьцуулбал манай хаяанд
байгаа, шашин шүтлэгээ, итгэл үнэмшлээ бодох аваас өөриймс ч болох
Түвдтэй холбоотой асуудал байна. Өнөөдөр Түвдийн лам нар өдөрт нэгээр
дутахгүй шатаж, зулын гол болон хайлж байна. Сүүлд гэхэд залуухан
эмэгтэй, гэлэнмаа зулын гол болсныг бид мэдэж байгаа. Бүр тодруулбал,
Хятадын өмнөд хэсгийн Сычуань муж дахь Дэчи Чойнхорлин хийдийн гэлэнмаа
амьдаараа зулын гол болж, өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Лондонд төвтэй
Түвдийн хүний эрхийн төвийн мэдээлж буйгаар хорь орчим настай Дэнзэн
Вангмо хэмээх эмэгтэй Түвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч,
Дээрхийн гэгээнтэн Далай ламыг эх нутагт нь буцааж авчрахыг уриалан олны
нүдэн дээр өөрийгөө шатаасан юм гэсэн. Түүнээс өмнө хичнээн ч лам зулын
гол болж хайлав даа. Шарын шашны лам нарыг хувраг хувилгаадыг
монголчууд биднээс өөр хэн бугай ч энэ хорвоо ертөнц дээр өмөөрөхгүй.
Түвдийн шарын шашинтай лам нарыг хамгийн их өмөөрч хаацайлж, сэтгэл
өвдөх хүмүүс манай лам нар баймаар. Шарын шашин гэдэг бол Түвдийн Бурхны
шашны сэтгэгч, шинэчлэгч Зонхавын сургаалаар үүссэн Буддын шашны
хамгийн сүүлийн шинэ урсгал гэдэг. Шарын шашны төвд гаралтай нэр
“гэлүгва” гэдэг нь монгол хэлэнд хөрвүүлэхээр буяны ёс гэсэн утга үг
билээ. Зонхав Түвдийн өмнөд нутгийн нэгэн агуйд шар малгай есөн удтал
даяанчлан суусан тул түүний болгосон шашны урсгал шар малгайтан, улмаар
Монголд шарын шашин хэмээн нэрийдсэн байдаг. Ингэж Богд Зонхавын шарын
шашны урсгал Монгол нутагт түгэн дэлгэрч бид бүхэн сүсэг бишрэл, итгэл
үнэмшлээ өгсөн. Гэтэл шарын шашны лам хуврагууд нь зулын гол болж,
амьдаараа шатан хайлж байхад манай лам нар нүдээ анин маани мэгзэмээ
уншаад юу ч болоогүй мэт хээв нэгхэн сууж байх юм. Гай барцад биднээс л
холуур өнгөрөх болтугай хэмээн хувиа бодож суух манай лам нар
хөөрхийлөлтэй.

Манай лам нар хэзээнээсээ л ийм үхээнц
байсан даа. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтэд сүм хийдүүд устан үгүй
болж, мэргэжил нэгт гэх үү дээ, лам хуврагууд нь буудуулж байхад өнөө
бурхны элч нар маань амь амиа бодоод алга болцгоосон байдаг. Номын
багшаа орхимжиндоо боогдож, нүдэн дээр нь буудуулж байхад өөрийгөө л,
өчүүхэн улаан амиа л хоохойлж байсан. Үүх түүхээс харахуйд, нэг ч лам
бусдынхаа өмнөөс босоогүй. Босох нь бүү хэл ганц ч үг ганхийгээгүй
гунигт түүхтэй. Монгол лам нар шашин номынхоо төлөө сэтгэл зовдоггүй,
чухам юунд тэгж сэтгэлээ чилээдэг хэрэг вэ. Тэд бол ерөөсөө бусдын өглөг
барьцыг л бодно. Сүсэгтэн олноос ахиухан зүйл авахыг л бодож суухаас
өөрийг хийдэг гэж үү. Одоо тэгээд цагаан сар хуучраагүй байна. Шинийн
арван тавны дотор засал номоо хийлгэхээр бүх л хүн гандан хийдийг зүглэж
байгаа. Лам нарт барих өргөл барьц ахиухан байгаа нь тодорхой.

Манай ламхай нарт өнөөдөр бусад улс
орон, харийн хүний байдал огтоос хамаагүй мэт санагдаж байгаа байх л
даа. Шашин нэгтэй Түвдэд хувраг лам нар зулын гол болоод шатаж байна.
Тэд юуны төлөө ингээд байгаа юм бэ? Тэд харийн түрэмгийллийн эсрэг
тэмцэж шүтэх шашин, сүслэх төртэй тусгаар улс чөлөөт Түвд орныхоо төлөө л
ингэж тэмцэж байгаа. Энэ нь бидэнд ямар хамаатай юм бэ. Тэр шатсан лам
нарыг манай лам нар яагаад өмөөрөх ёстой юм бэ гэсэн асуултууд гарна.
Түвдийн үзэж байгаа зовлон бидэнд тийм хол гэж үү. Дэлхий нийтээрээ энэ
талаар санаагаа зовоохгүй бол дараагийн орон нь хэн бэ.

Ялангуяа ядуу буурай, цөөн хүн амтай,
хоёр том гүрний дунд байдаг бид энэ тал дээр маш сонор соргог байх
хэрэгтэй байна. Хүмүүс шашнаа яаж өмөөрч байна. Шашнаа өмөөрөх нь
тусгаар тогтнолоо өмөөрч байгаа хэрэг юм. Тэгвэл манай шашинтнууд судрыг
нь байтугай хуврагуудыг нь шатаахад цачив хийхгүй суудаг нь буруу шүү
дээ. Хүний хамгийн нандин юм нь бурхан шашин байдаг. Түүнээ
доромжлуулсан хүмүүс уурсдаг. Харин манай ламхай нар огтоос тийм биш
бололтой.

Н.ГАНТУЛГА