Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг-2” шоуны эхний ялагчаар Г.Бархүү шалгарлаа

Дэлхийн алдартай шоуг монголдоо албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевиз хоёр дахь жилдээ хүргэж байна. Энэ удаагийн “Яг түүн шиг-2” шоуны дугаарт “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нар оролцлоо. Хамгийн сүүлийн найм дахь оролцогчийн нэрийг нууцалж байсан бөгөөд өчигдөр хамгийн сүүлд нууц ноёнтон нүүрээ харуулж олныг гайхашруулав. Энэ нууц эрхэм бол өмнөх жилийн шоуны шүүгч хийж байсан Г.Ганхүү байлаа. Тэрбээр Харангын Лхагваагийн дүрд хувиран дуулсан нь чамгүй адилхан болж дуугаа дуулан дуустал нь үзэгчид хэн бэ гэдгийг нь тааж чадахгүй эргэлзэж байсан юм. Тэрбээр шоунд оролцох болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Зарим залуус 60, 70 оныхон амьд юм уу гэж яриад байдаг. Тэгвэл Би 60, 70-аад оныхноо төлөөлөн оролцож байна” гэсэн юм.

Өмнөх улиралын шүүгчээр ажиллаж байсан жүжигчин Г.Онон энэ удаад дахин шүүгчдийн ширээнд суулаа. Харин түүний хамт “Яг түүн шиг-2” шоуг шүүхээр хөгжмийн зохиолч Б.Наранзун уригджээ. Тэрээр шууд л шүүгчдийн ширээнд суусангүй Б.Бадар-Ууган агсны г үзэгчидтэй уулзууллаа. Мөн тэдний хамт жүжигчин Г.Ундармаа шүүгч хоёр залуугаа чимэн ажиллахаар сонгогджээ.

Энэ удаагийн шоуны анхны ялагчаар жүжигчин Г.Бархүү шалгарч 3 сая төгрөгийн эзэн болов. Тэрээр дуучин Дэлгэрмөрөнг гайхалтай дуурайж олныг бишрүүлж чадсан юм. Хувцаслалтынхаа талаар ярихдаа “дуучнаас нь гутал, бүсийг нь авсан нь их нэмэр боллоо” хэмээж байв.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн болно

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Лхагвын “Сэтэрт тал” уран бүтээлийн цэнгүүн ирэх сарын 14-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.

Цэнгүүнд Ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Д.Чулуунчимэг, Н.Чулуунхүү, Д.Ариунаа, Г.Цогтсайхан, дуучин Ц.Төрмандах, Г.Түмэн-Өлзий, Д.Үүрийнтуяа, А.Мөнхбат, Б.Мөнхжаргал, Д.Мөнхбаатар, Ц.Дэлгэрмаа, Д.Амарсайхан, Г.Солонго нар ая дуугаа өргөнө.

Мөн “Домог”, “Аура” хамтлаг, Өвөрмонголын нэрт дуучин Г.Улаансарнай, Мандалт, Урьхан нар зохиолчийн бүтээлээс дээжлэн хүргэх гэнэ.

Монгол Улсын ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, төрийн шагналт, зохиолч Д.Нямаа, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, Д.Төрбат, Ц.Хулан, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар шүлгээ унших бол гавьяат жүжигчин Г.Равдан, соёлын гавьяат жүжигчин Л.Жагдаг нар найрагчийн шүлгийг сонордуулах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Азтай бадарчин” хошин урлагийн наадам ахин зохиогдоно

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам тун удахгүй болох гэж байна.

Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж.

Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

Монголын хошин урлагийн академийн санаачилгаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй “Азтай бадарчин” наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

Дашрамд дуулгахад эрхэм уншигч та http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.
Categories
мэдээ соёл-урлаг

Т.Энхбат Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллана

Мариинский театрын залуучуудын багийн дуучин Т.Энхбат ирэх сарын 26-нд тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд дуулахаар болжээ. Тэрбээр тус театрын алдартай таван дуучинтай өрсөлдөн байж эл дүрд сонгогдсон байна. Хэрэв Т.Энхбат дүрээ амжилттай амилуулвал тус театрын үндсэн буюу гоцлол дуучнаар ажиллах анхны монгол хүн болох нь. Сонирхуулахад Т.Энхбат тус театрт 15 дахь удаагаа дуурийн гол дүрд дуулах гэж байгаа бөгөөд залуучуудын багаас одоогоор жилийн дотор 15 удаа гол дүрд сонгогдсон хүн байхгүй юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Аадар” хамтлаг “Guns N’ Roses”-н шилдэг 20 дууг амилуулна

Хурд хамтлагийн дэргэд байгуулагдсан “Аадар” хамтлагийнхан тоглолтоо хийх гэж байна. Тэд ирэх сарын 4-нд “Guns N’ Roses” хамтлагийн Монгол дахь фен клубтэй хамтран тус хамтлагийн олонд түгсэн 20 дууг “Студи интертайнмент” клубт дуулж үзүүлэх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Уран уншлагын “Уран жиргээ” уралдаан боллоо

Хүүхдийн авъяас , чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд урлаг, уран сайхан, гоо зүйн хүмүүжил олгох, шинэ авъяастныг бий болгоход чиглэсэн “ Уран жиргээ” уран унглагын уралдаан Хүүхдийн ордонд боллоо. Уралдаанд гурван насны ангиллаар 60 уран уншигч хүүхэд оролцож өөрсдийн авъяас , чадвараа сорьсоноос:

Уралдааны бага насны ангилалд :
l байр: “Авъяас билэг” төвийн сурагч Э.Нандинзаяа
ll байр:Баян-Өндөр цогцолбор сургуулийн 4в ангийн сурагч П.Номин-Эрдэнэ
lll байр: Орхон цогцолбор сургуулийн 5ё ангийн сурагч О.Очирлхагва
Тусгай байр: Баян-Өндөр цогцолбор сургуулийн 3а ангийн сурагч Э.Энххүслэн,

Дунд насны ангилалд:
l байр: 14-р сургуулийн 7в ангийн сурагч У.Булгансувд
ll байр: Орхон цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Э.Анужин
lll байр: 7-р сургуулийн 8а ангийн сурагч н.Урангоо
Тусгай байр: Жаргалант сумын сургуулийн 8а ангийн сурагч Б.Мөнхтуяа,

Ахлах насны ангилалд:
l байр: Наран цогцолбор сургуулийн 11 а ангийн сурагч Ц.Хулан
ll байр: Наран цогцолбор сургуулийн 10 в ангийн сурагч М.Халиунаа
lll байр: 8-р сургуулийн 10б ангийн сурагч Э.Нарангарав эзэллээ.
Уралдааны ангилал тус бүрийн тэргүүн байрийн эзэд Улсын уралдаанд оролцох эрх авсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” шоунд Солонгост уран бүтээлээ туурвидаг С.Гантогоо оролцоно

“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг “Яг түүн шиг” шоу хоёрдугаар улирлын шинэ цувралаа эхлэхэд бэлэн болжээ.

Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Амармэнд, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами нар оролцох бол найм дахь оролцогч нууц бөгөөд “нууц эрхэм” хэн болохыг шоуны эхний дугаар дээр зарлах аж.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ болон шигшээ тэмцээний оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэх аж.

Шоу ирэх сарын 2-нд эхлэх бөгөөд арван долоо хоног үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн ододыг нэгэн тайзнаа цуглуулах юм байна.

Оролцогчдын сэтгэгдэл:

“Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү “Энэ шоунд оролцож байгаадаа маш баяртай байна. Энэ нэвтрүүлгийг улам илүү сайхан болгохын төлөө ажиллах болно. Эдгээр уран бүтээлчидтэйгээ хамт оролцох гэж байгаа даа маш баяртай байна. Мөн 8 дахь оролцогч тодорхойгүй байгаа”.

Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Яг түүн шиг шоунд оролцохоор өнөөдөр төрөл бүрийн хүмүүс оролцож байна. Бид бүх боломжоо ашиглаад энэхүү шоуг гайхалтай болгохоор ажиллах болно. Боловсрол телевизийн хамт олонтой бид маш сайн хамтарч ажиллах болно”.

Төгөлдөр хуурч Ами “Маш их зориг гарган оролцож байна. Ямар ч байсан бүх өөрийнхөө хүч чадлаараа оролцох болно”.

БНСУ-ын “Монтант” хамтлагийн гишүүн С.Гантогоо “Энэ саналыг анх сонсоод итгээгүй. Энэ саналыг тавьсан Боловсрол ТВ-ийнхэнд баярлалаа. Энэ шоунд оролцох болсондоо маш баяртай байна. Оролцогч нартаа бас амжилт хүсье”.

Дуучин Б.Халиун “Одоо 3 хүүтэй болсон байгаа. Ганцаарчилсан соло цомог гаргаж байгаа. Цаашдаа ганцаараа уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ шоунд оролцох саналыг би маш баяртай хүлээж авсан”.

Залуу дуучин А.Хишигдалай “Боловсрол ТВ ийм шоу хийж байгаад нь маш баяртай байна. Хүссэн шоундаа оролцож байна. Өмнөх жилийн шоунд оролцож чадаагүй. Энэ жил оролцохыг маш хүсэж байсан. Бүх зүйлээ харуулж оролцох болно”.

Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” шоуны хоёр дахь улирлын оролцогчдыг маргааш зарлана

Маргааш “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлын оролцогчдыг зарлах хэвлэлийн бага хурал 11 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах “Слам” паб-д болох гэж байна. Өмнөх дугаарт авьяаслаг найман оролцогч өөрт байгаа бүхий л бололцоогоо дайчлан оролцож дуучин П.Баярцэнгэл ялагчаар тодорч 20 сая төгрөгийн эзэн болж байсан билээ. Тэд бүтэн сарын турш 79 алдарт дуучдыг дуурайн дуулсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан эхэллээ

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI олон улсын уралдаан өнөөдөр ХБК-д эхэллээ. Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд Япон, Австрали, БНСУ, ОХУ зэрэг орны 250 гаруй хүүхэд өрсөлдөж байна.

Тус тэмцээнээс олон алдартай уран бүтээлч, хөгжимчин гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө олон улсын шинж чанартай, нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрснийг багш нар онцлов.

ХБК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Саранцэцэг хэлэхдээ, “Энэ уралдаан нь Монголын хөгжмийн боловсрол олгох мэргэжлийн урлагийн сургуулийн чанар чансаа, багш, сурагчдын хөдөлмөрийн бүтээмжийн илрэл юм. Уралдаанд оролцогчид олон улсын хэмжээнд мэргэжил нэгт нөхдөөсөө бүтээлчээр суралцаж, өнөө цаг үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Мөн багш нарын мэргэжлийн боловсрол, бүтээлч үйл ажиллагааны үр дүнд олон улсын уралдааны шагналтан жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.

Тус тэмцээний II шатны шалгаруулалт энэ сарын 28, 29-нд болно. Шалгарсан шилдгүүд энэ сарын 30-нд болох Гала тоглолтод оролцох эрхтэй болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын балетийн тэмцээнд 11 настай Б.Анхзул хүрэл медаль хүртлээ

Олон улсын балетын уралдаан болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2)” тэмцээний 10-13 насны ангилалд “Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч 11 настай Б.Анхзул оролцож Хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагджээ.

Тэрээр насныхаа ангилалд Сингапур, Япон, Шанхай, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн ийнхүү эхний гуравт шалгарсан байна. Балетчин охины дасгалжуулагчаар Н.Энхтуяа болон Япон улсад зөвлөх багшаар Б.Батболд ажиллажээ.

Б.Анхзул өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзнээр шалгарчээ.