Categories
мэдээ соёл-урлаг

Стандарт бүжгийн төрөлд “Хатан туул” аваргалжээ

Бүжгийн спортын аварга шалгаруулах “Сарны цом-2014” тэмцээн Буянт Ухаа спорт цогцолборт боллоо. Энэ удаагийн УАШТ-д Өмнөговь, Дорнод, Дархан, Улаанбаатарын 40 гаруй хамтлаг өрсөлдсөн бөгөөд олон улсын бүжгийн спортын дүрмийн дагуу балчир нас (долоон нас хүртэлх), бага нас (8-11 нас), өсвөр (12-15 нас), залуучууд (16-18), насанд хүрэгчид (19 дээш нас) таван насны ангиллаар стандарт, латин бүжгийн төрлөөр аваргаа шалгаруулжээ.

Насанд хүрэгчдийн УАШТ-д эхний хоёр байрт шалгарсан хамтлаг Герман улсын Брауншвейг, ОХУ-д болох 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 

Тэмцээний ялагчдыг танилцуулбал:

Насанд хүрэгчдийн ангилал: Стандарт бүжгийн төрөл

1. “Хатан туул” хамтлаг

2. “Улаан сарнай” хамтлаг

3. “Мүүн” хамтлаг

Латин Америкийн төрөл

1. “Мүүн” хамтлаг

2. “Стар” хамтлаг

3. “Хатан туул” хамтлаг

Г.Ган

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин  “солгой” хэмээх Н.Төмөрхуяг ард  түмэндээ талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон тоглолт хийхээр болжээ.  Монгол бөхийн өргөөнд энэ сарын 19-нд болох энэхүү тоглолт нь шинэхэн гавьяатын цолны  мялаалга юм.

Тэрбээр уран бүтээлийн тайлан тоглолтоо  хийлгүй олон жил болсон бөгөөд энэ удаад залуу дуучин  Д.Балдантай хамтрах гэнэ. Тэд хамтдаа 2012 онд “Хорвоод  ганцхан ээждээ” дууг шинэчлэн дуулсан нь олон түмэнд их  таалагдсан билээ.

Удахгүй болох тоглолтод ч Н.Төмөрхуяг  гавьяатын өмнө нь дуулж байсан олон сайхан уран бүтээлийг орчин үеийн хөгжимтэй нийцүүлэн шинэчилж, ард  түмэнд хүргэх гэнэ.

“Амьдрал хайр дээр тогтдог”, “Хорвоод ганцхан ээждээ”,  “Насны намар”, “Зүрхний уяа”, “Саа мөнгөн Хэрлэн” зэрэг  хуучны дуунуудын хөгжмийг “Анир” студийнхэн  шинэчлэн найруулж байгаа бол “2В энтертайнмент” дүрсжүүлэх  ажлыг хариуцсан аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Баясгалан моно жүжгийн тоглолт хийнэ

УДЭТ-ын жүжигчин Д.Баясгалан “Моно жүжгийн өдрүүд” тоглолт хийхээ зарлалаа. Тэрбээр ирэх тавдугаар сарын 2-нд “Би Эдит Пиаф байна”, “Бенефис”, тавдугаар сарын 3-нд Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” моно жүжгүүдийг тоглох аж. Д.Баясгалан саяхан Косово улсад болсон Олон улсын театрын наадмаас”Би Эдит Пиаф байна” жүжгээр гран при шагнал хүртээд буй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Kush & Oyuka” дэлхийн жааз хөгжмийн өдрөөр тоглоно

ЮНЕСКО-гоос 2011 онд жааз хөгжмийг “Дэлхий нийтийн эрх чөлөө, бүтээлч байдлын илэрхийлэл” гэж тодорхойлсон бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жааз хөгжмийн өдөр болгон тунхагласан.

Энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байгаа ба Парис, Шинэ Орлеон, Нью-Йорк болон Вашигтон зэрэг хотуудад жааз хөгжмийн одод цугласан томоохон тоглолтууд зохион байгуулагдаж байгаа юм.

Жааз хөгжим нь дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөө үзүүлсэн Америкийн алдартай хөгжмийн урсгалуудын нэг бөгөөд Америкийн соёл мэдээллийн төвөөс Олон улсын жааз хөгжмийн өдрийг тэмдэглэн “Kush & Oyuka” жааз хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байна.

Тоглолт өнөөдөр 19.00 цагт  Улаанбаатар хотын төв номын санд байрлах “Америкийн соёл мэдээллийн төв”-д болно. Энэ тоглолт нь жааз хөгжмийн сарыг олон нийтэд сурталчлан, Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойг угтсан дөрөв дэх үйл ажиллагаа юм. Тоглолт үнэ төлбөргүй ба олон нийтэд нээлттэй болох нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүгүй ломбард” нээлтээ хийнэ

 “Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Киноны зураг авалт дууссан бөгөөд тавдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Кино найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажилласан бөгөөд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн шавь нар ажилласан байна.   

Харин киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тогложээ. Мөн  Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, МУСТА Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин  СТА Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, МУСТА Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин СТА Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин СТА Р.Адьяа нар тоглосон байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ соёл-урлаг

Яагаад “Ус дээшээ урсдаг”-ийг 28 ангит киноноос үзээрэй

“Ус дээшээ урсдаг”
хэмээх телевизийн олон ангит кино “Тэнгис” кино
театрт  нээлтээ хийлээ. Телевизийн
28 ангит киногоор авлигын хор хөнөөлийг харуулсан уг
киног “NTV” телевизийн уран бүтээлчид АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн
санхүүжилтээр Монгол Улсад Азийн сангийн хэрэгжүүлж буй “Ил тод
байдал сайн засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Глоб интернэйшнл ТББ,
“Зориг” сантай хамтран бүтээжээ. Авлигын хор хөнөөлийг харуулсан онц сонирхолтой
детектив 28 ангит уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр үзэгчидтэй уулзаж дурсгалын зураг татуулсан юм. Энэ сарын 28-наас эхлэн үдэш бүр 22.00 цагт
авлигын эсрэг мөрдөгч Хангайн түүхийг “NTV” телевизийн дэлгэцээр үзэгчдэд
хүргэх юм байна. Уг киноны дөрвөн анги тутамд үйл явдал нь өөрчлөгдөн ар
араасаа авлигын хэргүүд задран сонирхолтой үйл явдлууд өрнөнө.

Киноны таван гол дүр буюу мөрдөгч Хангайд
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Болдбаатар, ахмад Амарт жүжигчин
Д.Хосбаяр, дэслэгч Мөнхөөд жүжигчин н.Бямбацогт, Тогост Соёлын тэргүүний
ажилтан, жүжигчин Н.Отгонтогос, Саруулд жүжигчин Б.Батсүх нар тогложээ.

Харанхуйд бүдчин яваа нэгэн залууг отож
зогссон залуу хутгалаад хутгаа ойролцоох гараж руу шидээд зугтана. Харин
түүнийг булан тойрч ч амжаагүй байхад өөр нэгэн этгээд буудан бас л ул мөрөө
баллан алга болно. Чухам хэн юуны учир энэ бүхнийг хийсэн нь тодорхойгүй хэдий
ч мэдэгдэж буй зүйл нь хутгалуулсан залууг Саруул гэнэ. Саруулыг хутгалсан хүн
бол шоронгоос гараад удаагүй байгаа “хутга” хочит Хуягаа. Саруул,
Хуягаа хоёр сайн найзууд бөгөөд яагаад нэгнийхээ аминд халдах болсон,
“хутга”-ыг хэн буудаж хөнөөсөн гээд хариултаа нэхсэн олон асуулт
хуулийнхны өмнө тулгарна. Энэ хэргийг Цагдаагийн нэгдүгээр хэсэг ахлагч Амар
хариуцаж ажиллана. Харин нөгөө талд өөрийн хүслээр ажлаасаа чөлөөлөгдсөн
комиссар Хангайг хэн нэгэн хөлсөлж, Саруулыг хайлгаж эхэлнэ. Комиссар Хангай нь
ахмад Амарын багш. Энэ бол “Ус дээшээ урсдаг” телевизийн олон ангит киноны
нэгдүгээр анги. “Ус дээшээ урсдаг” олон ангит киног зургаан зохиолч,
хоёр зөвлөх, 200 жүжигчин, арын албаныхан нийт 400 гаруй хүн зургаан сарын
хугацаанд бүтээжээ. Уг киноны хөгжмийн зохиолчоор Г.Ганга ажиллажээ.