Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн 7А ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтынхоо орлогоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасгийн орыг шинэчилжээ. Сайн үйл бүтээсэн түүнийг Эрүүл мэндийн салбарын “Эх хүүхдэд ээлтэй сурагч”-аар өргөмжилсөн байна. Тэрээр улсын чанартай олон ч уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ. Тухайлбал, Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медальт шилдэг сурагч ажээ.
Мөн Ц.Ухаанзаяа охин жилийн өмнө Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн 350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд “Эгэл амьдралын тулах багана – Ирээдүйн оюунлаг эздээ баярлуулъя” нэртэй хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээ¬лийн дээжээс сонирхуулахын сацуу 3 500 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн тоглолтын та-сал¬бараа “Огторгуйд дүүлэн одох мо¬торт дугуй” хүүхдийн ном, гарын бэлгийн хамт хүүхэд бүрт бэлэглэжээ. Мөн тус асрах төвүүдийн номын санд 500 мянган төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг “Огторгуйд дүүлэн одох мо¬торт дугуй” номыг хандивласнаас гадна тоглолтыг нь үзэхээр ирсэн бүх үеийн найзууддаа 1.5 сая төгрөгийн үнэ бүхий номыг дагуулан өгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Category: соёл-урлаг
“Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт маргааш “Glamour” арт галерейд болох нь. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулах аж. Шинэ цомгондоо “Моханик Амарбаясгалантад” гэдэг нэр өгчээ. Сонирхуулж хэлэхэд “Моханик” хамтлагийн дөрөвдүгээр сарын 3-нд болсон “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн болгон тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд уг тасалбараа хураалган шинэ цомгийг нь 50 хувийн хөнгөлөлттэй буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Монголын хошин урлагийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг түмэн олондоо толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ удаад хүүхэд залууст зориулсан хоёр дахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулгалаа. Тус хамтлагийнхан өмнө нь “Баавгай дуулах уу”? хүүхдийн жүжгийг тайзнаа амилуулж бяцхан үзэгчдэдээ бэлэг барьж байсан бол энэ удаад удахгүй тохиох “Эх үрсийн баяр”-т зориулан диснейн “Аладдин” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг “3D” хэлбэрээр шинэлэг, өнгө аястай тавихаар болсон байна.
Хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн баатрууд болох Жасмин, Жабарыг дэргэдээс нь харах боломжтой. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь тавдугаар сарын 29-нээс эхлэн Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглогдох юм. Мөн энэ дашрамд жүжгийг хүүхдүүд ээ хүргэхэд дэмжсэн байгууллагууд: “Соёл, Спорт аялал жуулчлал”-ын яам, “Скатейл” группын хамт олондоо талархал илэрхийлье. Түүнчлэн дашрамд дуулгахад, уг жүжгийн зохиолыг “Шилдэг өнгө” продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж, бичсэн бөгөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа ажээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 7-ны өдөр Малайзийн нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрсөн “MH370” онгоц өнөөг хүртэл сураггүй байгаа юм. Тэгвэл сураггүй болсон онгоцны бодит түүхийг харуулсан “The Vanishing Act” уран сайхны киноны трейлер цацагдсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Энэхүү уран сайхны киног Малайз болон Филиппиний уран бүтээлчид хамтран бүтээсэн аж.
Кино зохиолыг бичсэн Малайзийн нэрт найруулагч, зохиолч Рипуш Паул “Манай кино багийнхан сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэж байгаа. Бусдын хэлээд байгаа шиг гадны биет болон амиа золиослогчид авч яваагүй. Харамсалтай ч гэсэн энэ уран бүтээлээр дамжуулан нийгэмд үнэнийг хүргэхийг зорьж буй” гэж ярьжээ.
Тус киноны албан ёсны трейлерийг өчигдөр Филиппин улсад зохион байгуулагдсан “2014 Cannes Film Festival”-ийн үеэр сонирхуулсан байна.
Одой циркчид маргааш ирнэ
Дэлхийд танигдсан одой циркчид Монголд ирж тоглох тов гарсан. Тодруулбал энэ сарын 24-нд буюу маргааш манай улсад хүрэлцэн ирэх юм. Тэднийг Монголын үндэсний циркийнхэн урьсан бөгөөд 20 жилийн өмнө Монголын үзэгчидтэй уулзаж байжээ. Энэ удаа 35 хүний бүрэлдэхүүнтэй баг буюу баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтадтайгаа ирэх юм байна. “Бяцхан оддын гайхамшиг” хэмээх энэхүү тоглолтын тасалбарын үнэ 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд энэ сарын 25-наас зургадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
“Улаан пальто” маргааш нээлтээ хийнэ
Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн зохиолыг нь бичсэн “Улаан пальто” кино энэ сарын 21-нд буюу маргааш нээлтээ хийх гэж байна. “Улаан пальто” киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Долгор, хөтлөгч, жүжигчин Т.Өөдөө, ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Ч.Сайханбилэгийн гэргий топ модель О.Байгаль нарын бүсгүйчүүд тогложээ. Эх үрийн нандин холбоо, хүнлэг нандин сэтгэл, хүний сүнс төрөл сэлгэн эргэн төрдөг тухай өвөрмөц сэдэвтэй “Улаан пальто” кино аз жаргалтай төгсгөлтэй, хүүхдийн эрхийг хөндсөн зэргээрээ гэр бүлээрээ үзэх дуртай кино болсон ажээ. Сонирхуулахад “Улаан пальто”-ны хөгжмийг гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичсэн бол киноны гол дүр Номин охины дуулдаг “Би хүүхэлдэй” дууг Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнэ дуулсан байна.
“Гэгээн муза” олон улсын театрын наадам энэ сарын 19-нд буюу маргааш шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 20 уран бүтээл өрсөлдөж байгаа аж.
“Гэгээн муза 11” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтад өрсөлдөж буй бүтээлүүд энэ сарын 10-наас эхлэн тоглож эхэлсэн.
Тус наадамд нэр дэвшигчдийн бүтээлийн үзлэг өнөөдөр дуусч байгаа аж.
Амьд хөгжим сонирхогчдын “Playtime-2014” наадам ирэх долдугаар сарын 19, 20-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д болохоор товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн наадамд 30-35 хамтлаг тоглох юм байна.
Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох нь ээ. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэхийг зохион байгуулагчид дуулгалаа.
“Амьд” хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime” нь хөгжмийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой учраас шинэ залуу, чадварлаг хамтлагийг гаргаж ирэх, чадваржуулахыг хичээдэг юм. Тиймээс шалгаруулалтын босгыг жилээс жилд өндөржүүлж байгаа учраас шалгуурт тэнцсэн болон урилгаар оролцох хамтлагууд бүтэн “сэт” тоглолтоо хийх нь ээ.
Энэ жилийн наадмын эргэн тойрон дахь бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн байна. Тоглолтын тайз урьд жилийнхтэй адил гол болон жижиг тайзнаас бүтнэ. Наадмын талбайд хөгжим сонирхогчдод зориулсан худалдаа, наймаа, хоолны үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг бүртгэж эхэлснээс гадна жижиг тайзан дээр өөрсдийн “сэт”-ийг тавих хүсэлтэй DJ нарыг ч бүртгэж байгаа ажээ. Энэ жилийн наадмын онцлох мэдээлэл бол ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “МумийТролль”, “пост рок” урсгалаар тоглодог Японы “Envy” хамтлагууд зочин хамтлагаар ирэх юм.
Сонирхуулахад, энэ жилийн наадамд урилгаар оролцож байгаа “The Lemons” хамтлагийн төрсөн өдөр наадмын эхний өдөр тохионо. Учир нь тус хамтлаг нь анх 11 жилийн өмнө “Playtime” амьд хөгжмийн наадамд оролцож, уран бүтээлийн гараагаа эхэлж байв. Тиймээс ч жил бүрийн “Playtime” наадмын эхний өдөр тэд фэнүүдийнхээ хамт төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалтай. Тэд 11 жилийн төрсөн өдрөөрөө гурав дахь шинэ цомогт орсон дуунуудаасаа тоглоно гэсэн шүү.
Төгөлдөр хуурчид Эрдэнэтэд өрсөлдөнө
Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын хоёрдугаар уралдаан өнөөдөр Эрдэнэт хотноо эхэлж байна. Орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд төгөлдөр хуурыг сурталчилж, хөгжмийн боловсрол олгох зорилгоор тус уралдааныг “Эрдэнэт авьяастан” ТББ-ынхан Орхон аймагт зохион байгуулж буй юм.
Тус уралдаанд хот, хөдөөгийн төгөлдөр хуур сонирхон суралцагч 4-18 насны 200 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Оролцогчид ганцаарчилсан болон хосын төрлөөр өрсөлдөх ба СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын мэргэжлийн багш нар шүүн явуулах аж. Уралдааны шагналтангууд ням гарагт тодорно.
1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг сэргээн бүтээгээд байгаа билээ.
Тэгвэл уг хөгжмийг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ” маргааш болох гэж байна.
Алтай ятгыг анхлан дуурьсгах Монгол баатраар мэргэжлийн сумогын 68 дахь их аврага Асашёорюү Д.Дагвадорж тодорсон бөгөөд ёслолын арга хэмжээнд нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид зэрэг нийт 100 орчим уран бүтээлчид хамтран оролцох аж.
Дашрамд сонирхуулахад 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон Алтайн ятгын цар нь 2 мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олджээ. Энэ нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм.