Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр “Үүлэн заяа”
дуурийг тоглоно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй уг дуурийг 1988 онд анх
тоглож, УГЗ Ч.Жамсранжав удирдаж байсан түүхтэй. Үндэсний сонгодог
бүтээлийн нэг “Үүлэн заяа” дуурь нутагт нь ган гачиг болж өөр газар
нүүдэллэсэн ард олон нутагтаа буцаж ирж явна. Хоовондой түшмэл эзэн
ноёныхоо бие муудсан тухай мэдээг олонд дуулгаснаар тэд аян нүүдлээ түр
зогсооно.
Category: соёл-урлаг
Монголд артхаус киног түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбоо 2013 онд зохион байгуулсан “Монголын андерграунд кино уралдаан”-ыхаа шууд үргэлжлэл болгож, энэ жил “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ыг зохион байгуулж байгаа аж.
Түүнчлэн энэ үеэр наадмын шилдгүүдэд “Алтан хальс Гран при”, “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” гэсэн төрлөөр шагнал гардуулах юм байна.
Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд бэсрэг кино, дэлхийн шилдэг богино хэмжээний андерграунд бүтээлүүдтэй танилцуулах тус наадам өнөөдөр СУИС-ийн Оюутан театрт 11.00 цагаас эхэлжээ.
Хөтөлбөр
11:00 Кино наадмын нээлт
11:20 Нээлтийн кино (Албан ёсны толилуулалт)
Дон Херцфельд – Янзтай сайхан өдөр
12:30 Уралдаант бус хэсгийн бүтээлүүд
12:50 Их завсарлага
13:30 Уралдаант хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүд (1-р хэсэг)
15:20 Завсарлага
15:30 Уралдаант хэсэгт өрсөлдөж буй бүтээлүүд (2-р хэсэг)
17:40 Завсарлага
18:00 Дэлхийн шилдэг богино бүтээлүүд (Албан ёсны толилуулалт)
Харун Фароки – Ноцтой тоглоом 1
Ив Хеллер – Крем 21
Кен Жэкобс – Өдөр ба шөнө
Гаи Мэддин – Дэлхийн зүрх
18:30 Шагнал гардуулах ёслол
20:00 Dreamers” Night – Movie Soundtrack Party
Төв талбайд “Задгай цагаан”-тай
Монголын үндэсний радиогийн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулж буйгйин нэг нь ирэх ням гаригт Чингис хааны нэрэмжит төв талбайд болох нээлттэй өдөрлөг юм.
Радиогийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нийтийг хамарсан “Радио ярьж байна” өдөрлөг хоёр хэсгээс бүрдэх юм байна. Нээлттэй өдөрлөг монголын радиогийн 80 жилийн түүхийг өгүүлэх жүжигчилсэн тоглолтоор эхэлж, үйл ажиллагаа өндөрлөх нь.
Харин өдөрлөгийн хоёрдахь хэсэг болох “Задгай цагаан” нийтийн цэнгээнт бүжиг 20.00 цагаас эхэлж, сонсогч олон нийтээ бүжгэнд урих юм байна. Бүжгийн дундуур урлагийн тоглолт болохоос гадна шилдэг бүжигчдийг шалгаруулах гэнэ.
“Алтаргана” бага наадам Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай болж өндөрлөлөө.
Наадамд Хэнтий аймгийн 10 гаруй сумаас ирж оролцсон ардын авьяастнууд буриад дуу, шүлэг, магтаал зэрэг 12 төрлөөр өрсөлджээ.
Энэ үеэр Дадал сумын ахмад настан Б.Бадамцэрэн суухан хуурыг урлаж наадмын зохион байгуулагчдад гардуулсан юм.
Бага наадмаас шалгарсан ардын авьяастнууд ирэх сарын 18, 19-нд болох “Алтаргана” их наадамд оролцох эрхтэй болжээ.
“Хамгийн сайхан нь” 30 саяыг олжээ
Долоо хоног бүр ШӨХТГ-аас киноны ашиг орлогын жагсаалтыг гаргадаг. Кино театруудын дэлгэцнээ монголын уран сайхны дөрвөн кино гарч байгаа. Энэ долоо хоногийн жагсаалтыг нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хамгийн сайхан нь” кино тэргүүлсэн байна. Харин мөн үзэгчдэд хүрээд удаагүй “Миний хайр” монголын уран сайхны кино 11 саяын орлогоор удаах байрт жагсчээ. Кинонуудын ашиг орлогын жагсаалтыг хүргэж байна.
Монголд артхаус кино түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулж байгаа билээ.
Уралдаанд оролцохоор нийт 33 бүтээл иржээ. Харин наадмын шүүгчээр Пусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажиллаж буй аж.
“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” нь гурван хэсгээс бүрдэх юм байна. Тухайлбал, “Албан ёсны толилуулт” хэсэгт олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг албан ёсны эрхтэйгээр толилуулах аж. Харин “Уралдаант” хэсэгт монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх бол “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлэхээр төлөвлөжээ.
Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх юм. Мөн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” гэсэн төрлөөр шагналын эзэд тодрох гэнэ.
Үзэгчиддээ 6 жилийн турш цэнхэр дэлгэцээр цацагдсан нэвтрүүлэг бол “Universe Best Songs”. Үе үеийн шилдгүүдийн анхдугаар наадмыг зохион байгуулж байгаа билээ. Үргэлж шинэ содон хоолойтой авьяастнууд төрөн гарсан тус наадмын шилдгийн шилдгийг өнөөдөр тодруулна.
Үзэгчдийн хүсэн хүлээсэн “Best of the best” наадмын Гала тоглолт, Гран При шагналтанг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 20,21-нд “UB PALACE”-т болох гэж байна.
Уг тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд “UBS” телевизийн байр, “UB PALACE”-ийн билетийн кассаар худалдаалагдаж байна. Мөн 16-17 утсаар захиалан үнэгүй бүртгүүлэх боломжтой сонирхсон мэдээллээ лавлах утас:19-51 утасны дугаараас авах боломжтой.
Шилдгүүдийг цугларуулсан үдэш зөвхөн цорын ганц “Гран При” шагналтанг шүүгч, үзэгчид хамтдаа тодруулна. Шилдгийн шилдгээр шалгарсан азтай авьяастан Солонгос улс болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийг гардан авна.
О.Ганцоож амжилттай бүжиж байна
АНУ-ын Жаксон хотод балетчидын олон улсын уралдаан болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог балетчидын хувьд олимптой дүйцэх уг уралдаанд манай улсын ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцон бүжиж байна.
Тэрбээр эхний шатнаас шалгарсан ба хоёрдугаарт шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөнө. Түүний хамтран бүжиглэгчээр Гавьяат жүжигчин Ч.Ганчимэг оролцож байгаа юм. 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уралдаанд 20 орны 92 балетчин өрсөлдөж буй аж.
Борооны дараах аливаа юмс үзэгдэл улам бүр гэрэлтэж өнгө төгөлдөр харагддаг. Өнөөдөр яг л тийм өдөр юмсанжээ. Бүтэн өдөр шивэрсэн бороо газарт шингэсэн ч нарны бүлээн амьсгалаар уулын сугаас манан болон босно. Ажилдаа яарах зарим нэг нь зам дээр тогтсон борооны усыг туучин одно. Өглөө эрт хотын гудамж сэлүүхэн ажээ. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажууханд ганц нэг хөгшчүүл гадаа нарлан, өчигдөр “агаарын саатал” тэмдэглэсэн зарим нэг нөхдүүд өрвийхөөрөө өрвийж, өнөө бүлцийтэл усан хаван гүйсэн нүдээ жоонийлгон байж нарны өөдөөс аврал эрэх мэт харна. “Сүү аваарай, сүү аваарай” хэмээн орилж байгаа харагддаг настай эгч Монголын оюутны холбооны хойд талд зогсож сүүгээ зардаг газар руугаа яаравчлан алхаж яваа харагдана. Зам хөндлөн гарахаас ихэд болгоомжилсон байртай хоёр гараа дээр дээр савчин явна. Фортуна сайд уурлахаараа хоёр гараа телевизийн өндөр антенн шиг гозолзуулан зөрж өнгөрдөг. Сүү зардаг эгчийг хараад өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаа гэнэт санав шүү. Зогсоолгүй газар аксент маркын машин зогсох ажээ. Шөнөжин таксинд яваад үүрээр л унтсан болов уу гэж дүгнэлт тавив. Хөөрхийг ингээд унтаж байхад өнөө жолооч нарын эрлэгийн элчээр өрсөлдөгчгүй шууд нэрлэгдээд байгаа ачигч машин ирээд тэр чигт ачаад явчих вий гэх харалган бодол төрнө.
Толгойдоо цагаан алчуурыг нар адил зангидсан ягаан халаадтай бүсгүй хүүхдээ тэвэрч яваатай таарав. Тэр нялх амьтанд “Аав нь унтаж байгаа” гэх мэт зүйлсийг хэлээд үнсэх нь сонсогдов. “Хөөрхийдөө миний муу эрчүүд эхнэрээ хар үүрээр хүүхдээ тэврүүлж гаргачихаад өөрсдөө таг шүү” гэх зэмийн бодол ч төрөх шиг. Гэхдээ тэд чинь ар гэрээ авч явахаар тун чиг завгүй ажилладаг хэмээн зөвтгөсөн ч эсвэл хөлбөмбөг үзсэн юм болов уу гэж бодох шиг явсаар ажилдаа ирлээ. Өглөөний 07 цаг жаахан өнгөрч байсан. Монголд ийм нэгэн гэгээн өглөө айлсан ирсэн бүлгээ. Энэ өдрийн өглөөг угтан яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы “Гэгээн монгол” шүлгийг хүргэж байна.
Сүрэг цагаан зээр
Шүүдэр гишгэн цахилж
Сүрлэг өндөр яндан дээр
Тэхийн эвэр сэрвийж
Монгол гэрийн гаднаас
Малын үнэр ханхалж
Моринд хайртай сайн эр
Уртын дууг аялж
Үүрийн гэгээтэй уралдан
Өрхний хошуу даялж
Өндөр борхон бүсгүй
Аргал хормойлон галлаж
Өтгөн шаргал цайг
Тооно өргүүлэн сарамч
Өүлэн эжий минь удам
Тэнгэрт цацал өргөж
Өөдрөг хөдөө нутагт минь
Өглөө болж байгаа нь тэрээ.
Үдийн нарны сүүдэр
Хөлөн тушаа нуугдаж
Өртөө газрын юмс зэрэглээнд бүжиглэж
Малын хишигтэй хүүхэд
Хонио усанд оруулж
Манай танайхан бүгдээрээ
Борцтой цай аягалж
Гэр дүүрэн буурлууд
Тамхи нэрэн хуучилж
Гэргий хүүхдийн хооронд
Цаггүй ажил хөвөрч
Нар унасан газраас
Ногооны үнэр ханхалж
Нанчид нэрсэн айлаас
Охийн үнэр сэнгэнэж
Зулзаган жаахан богширго
Нисэн бууж жиргээд л
Зунтай жилийн өдрүүд тиймэрхүү л байдагсаан
Өдөржин бэлчсэн мал
Задгай газар хотолж
Үдшийн буурал гэгээ
Толгод дамнан хүүшилж
Өнөө болсон явдлыг
Ам дамжин хуучилж
Үүр шөнийн болзоог
Залуухан хосууд товлож
Цүү хаях наадамд
Үеийнхэн голцуу цугларч
Цуутын цагаагч гүүг
Өвөө багачуулд ярьж
Сарны гэрэлтэй салхийг
Зэлний үхэр хивж
Саалийн хувинтай сүүнд
Түүхий цөцгий хөвж
Орон монгол хөдөөд минь
Орой болж байгаа нь тэрээ.
Мичид долоон бурхан
Тооно нарлах цагаар
Мэндийн гурвалжин өрх
Дөрвөлжин болох шөнөөр
Амрагийн болзоотой бүсгүй
Сэрүүхэн байх тохироонд
Армаг хүлгийн хазаар
Айлын шон дээр шаргив аа
Үзэхээс ихийг үзсэн
Өндөр настай эжий
Үүр тэмдэгрэх үеэр
Өрхөө даллаж явахдаа
Хүлэг нь эзгүй шон дээрх
Нойтон хомоолын үзчихээд
Хүргэнтэй болох нь ээ манайх гэж
Хүүхэн насаа дурсав аа
Азын тэнгэртэй гэгээн монголд минь
Айл нэмэх гэж байгаа нь тэр ээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Бид Сүхбаатарчууд” иргэдийн урлагийн наадам Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Уг урлагийн наадамд Сүхбаатар дүүргийн 20 хорооны 18-аас дээш насны 78 иргэн оролцсон юм. Тэд язгуур урлаг, хөгжим, зохиолын болон орчин үеийн дуу, бүжиг гэсэн дөрвөн төрлөөр авьяас чадвараа сорилоо. Дүүргийн иргэдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уг уралдааныг зохион байгуулжээ.
М.УНДРАЛ