Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” европоор тоглолтоо хийнэ

“Харанга” хамтлагийнхан Европийн улсуудад аялан тоглолт хийхээр болжээ. Тэд өөрсдийн 25 жилийн ойн хүрээнд гадаадад амьдарч байгаа Монголчууддаа ийнхүү бэлэг барихаар болсон байна.

“Харанга” хамтлагийн уран бүтээлчид нөгөөдөр буюу араваннэгдүгээр сарын 5-нд Европыг зорих гэнэ. Эл тоглолтонд “Харанга”-ынхан шилдэг бүтээлүүдээсээ үзэгчиддээ хуваалцах бөгөөд бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болсон бололтой. Тэдний тоглолтыг гадаадад амьдарч буй Монголчууд зохион байгуулж байгаагаараа онцлогтой ажээ.

Дашрамд сонирхуулахад тэд эл аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод зочлон тоглох гэнэ. Ингээд энэ тухай тус хамтлагийн бөмбөрчин Пүүжээгээс тодруулсан юм.

-Хэдийгээр Европыг зорих вэ?

-Нөгөөдөр явах гэж байгаа.

-Уг тоглолтын төлөвлөгөө ер нь хэзээ гарсан бэ?

-Өнгөрсөн зун гэхэд төлөвлөгдчихсөн байсан.

-Монголчууд зохион байгуулж байгаа юу?

-Тийм шүү. Гадаадад амьдарч байгаа Монголчууд маань зохион байгуулж байгаа. Бид мөн энэ аялан тоглолтынхоо дараа АНУ-ын таван хотод очиж тоглохоор болсон.

-“Харанга” хамтлагийн 25 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа төслийн нэг хэсэг юм аа даа. Тоглолтынхоо товыг гаргасан уу?

-Тийм. “Харанга” хамтлагийнхан маань 25 жилийн ойн баяраа гадаадад амьдарч байгаа Монголчууддаа хуваалцаж байгаа гэх үү дээ. Тоглолтын тов гарсан. Арваннэгдүгээр сарын 8-нд Швейцар, 14-нд Белги, 15-нд Франц, 16-нд Испани, 21-нд Швед, 24-нд Лондон хот дахь монголчуудтайгаа тоглолтоороо уулзах болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн найрууллаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурь боллоо. Шинэчлэгдэн тавигдсан энэхүү дуурийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 1-2-нд тоглолоо.

Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байсан байна. Ийнхүү 3 дахь удаагаа тайзнаа тавигдахдаа шинэчилсэн найруулгаар тавигдаж байна.

Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Энэ удаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамы Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ.

Дуурийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, хөгжмийн редактор, ерөнхий удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар ажилласан байна.

Дуурийн гол дүрүүдэд Хөхөө Намжилд М.Даваадорж, Б.Батжаргал, Уянгад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Б.Энхнаран, Алтайн дагинад М.Дариймаа, Ц.Арюна, Галданд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Түшмэлд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Хувилгаанд Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Их Хатанд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Дугачад Л.Эрдэнэ-Очир, Г.Шижирболд зэрэг дуучид дуулсан юм.

Дуурийн концертместр Б.Алунгоо хэлэхдээ: “Дуучидтайгаа үргэлж тайзан дээр хамт байгаа мэт ажиллалаа. Энэхүү дуурь 3 дахь удаагаа тайзнаа тоглолоо. Тиймээс дандаа шинэ дуучид дуулж, шинэчлэгдсэн найруулагаар тавигдлаа. Дуурийн сургуулилалт энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. “Хөхөө Намжил” дуурь бол домгоос сэдэвлэгдсэн бүтээл. Манай үндэсний уламжлалт хоёр чавхдастай хорвоог уйлуулдаг морин хуур хөгжим маань яаж үүссэн тухай өгүүлдэг. Намжил гэдэг залуугийн унаж байсан далавчтай морийг хайртай эмэгтэй нь хардах сэтгэлээсээ болоод болчимгүй зүйл хийж, түүнийг хорлох гэсэн хүмүүсийн гарт өгдөг. Тэгээд дараа нь буруу зүйл хийснээ мэдэж, түүндээ харамсаж, мориных нь яс, сүүл, арьсаар энэхүү хөгжмийг бүтээж байгаа домогтой юм.” гэв.

Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Дуурь таван үзэгдэлтэй:

Нэгдүгээр үзэгдэл

Хошуу ноён нас нөгцсөн учир агь ноён Галдан тушаал гаргаж ард олны үс гэзгийг нь задлуулж,албадан уй гашуудал хийлгүүлнэ. Дарлан зовоогч ноён үхсэн нь сайн болж гэж ард олон дотроо баярлавч арга буюу гашуудан байх энэ үеэр Хөхөө Намжил ирж “Аав ээж, амраг садангаасаа хагацсан биш, харгис ноёны үхсэнд гашуудах нь байтугай харин ч баярлах хэрэгтэй” хэмээн ард олныг ятгах үед түшмэл ирж “ноёны зарлигийг зөрчив” хэмээн Намжилыг баривчилна.

Галдан ноёны зарлигаар дуучин залуу Хөхөө Намжилыг эх сайхан нутаг, элгэн садан, энхрий хайрт амрагаас нь салгаад өндөр Алтайн хязгаарт цөлөхөөр авч явна.

Хоёрдугаар үзэгдэл

Алтай нутагт Хөхөө Намжил цөлөгдөн ирээд өлгий эх нутаг, энхрий хайрт амрагаа мөрөөдөн дуулж байхад нь түүнийг сонсож бахадсан Алтайн дагина гэнэт гарч ирж эх сайхан Алтай нутгийг магтан дуулахыг хүсэхэд Хөхөө Намжил уран цэцэн үг хэл, уянгат сайхан хоолойгоор Алтай нутгийг магтан дуулав.

Алтайн дагина Намжилыг үнэхээр сайхан дуулсанд баясаж, “Аялгуу дууныхаа тэргүүнд Алтай сайхан нутгийг минь магтаж дуулж бай” гээд энэ нутагт үлдэхийг ятган алт мөнгө, үнэт эрдэнэс, уран гоо охидын бүжгээ түүнд үзүүллээ. Гэвч Хөхөө Намжил хайрт амраг,өссөн төрсөн нутагтаа очихыг мөрөөдөж байгаагаа хэлэхэд Алтайн дагина хун шувуу шиг далавчтай, гуурст хурдан хүлэг бэлэглэж “Нартай өдөр амрагтайгаа уулзаж, сартай шөнө энд ирж бай” хэмээнэ.

Хөхөө Намжил талархлаа илэрхийлэн төрсөн нутгийн зүг одоход Алтайн дагина, эрдэнэсийн охид үднэ.

Гуравдугаар үзэгдэл

Холын холд цөлөн явуулсан Хөхөө Намжил гуурст хурдан хүлэгтэй болж нутагтаа эргэн ирсэнд атаархан хорссон Галдан ноён хайртай хүүхнээр нь түүнийг хорлуулахаар хуйвалдаан зохионо.

Хөхөө Намжил нутагтаа ирж хайрт хүүхэн Уянгатайгаа уулзаад уянгат дуугаа ард түмэндээ өдөртөөсонсгон шөнөдөө буцаж явах болсныг Уянга хүүхэн буруугаар ойлгож сэтгэлдээ хардах ажээ. Уянгын хайр сэтгэлийн энэ хардлагыг муу санаатнууд ашиглан Хөхөө Намжил түүнийг үүрд орхиж байгаа мэтээр ухуулж, гуурст хурдан хүлгийг нь хөнөөвөл Хөхөө Намжил хаашаа ч явж чадахгүй болно хэмээн Хувилгаанаар ятгуулна.

Дөрөвдүгээр үзэгдэл

Уянга хүүхэн хэргийн нарийн учрыг бүрэн тунгаалгүй хайр сэтгэлийн хардлагын улмаас нөхрийнхөө гуурст хурдан хүлгийг хөнөөсөн нь түүнд гэмшиж баршгүй алдаа болжээ.

Хорон муу санаатнууд Уянгын хийсэн бузар хэргийг үнэлж түүнд шан хүртээнэ.Хөхөө Намжил амраг Уянгадаа гомдон “Хайртай хүлэг минь амилаагүй цагт ханиа гэж үзэхгүй” гээд дахин цөлөгдөн одно.

Уянга хүүхэн муу санаатнуудад мэхлэгдсэнээ сая ухааран мэдэж үнэнч сайн нөхөртөө хор хүргэсэн өөдгүй эм гэж өөрийнхөө амийг хорлох гэхэд Алтайн дагина гэнэт ирж хайрт нөхөртөө үнэнч байж, хүлэг сайн морьтой нь тэнцэх уянгат сайхан дуутай хөгжим урлаж, гуурст хүлгийн нь толгойгоор хуурын толгойг хийхийг зааж сургаад, захиад явжээ.

Тавдугаар үзэгдэл

Нутгаа санасан Хөхөө Намжил уйтгарлан сууж байтал Уянга хүүхэн хүрч ирэн морины сүүлний хялгасаар утасласан уян сайхан дуутай, хайрт хүлгийг нь дүрсэлсэн уран гоё хийцтэй, хуур хийгээд түүнд бэлэглэв. Хайрт хүлгийг нь орлох энэ морин хуур ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжихийн билэгдэл болон мөнхрөв өө.

Дашрамд дуулгахад, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8-ны 17.00 цагаас Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балет, 9-ны 17.00 цагаас “Найрал хөгжмийн шинэ одод” залуу хөгжимчдийн концертыг тоглох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ч.Бадрал гран при хүртжээ

ОХУ-ын Ардын жүжигчин алдарт дуучин Наталий Шпиллэрийн нэрэмжит анхдугаар конкурсаас Монголын дуучин Ч.Бадрал гран при хүртлээ. Москва хотын Гнесины нэрэмжит хөгжмийн академийн хоёрдугаар курсын оюутан, магистрант Ч.Бадрал нь 2011 онд СССР Ардын жүжигчин Л.Линховоина нэрэмжит олон улсын дуурын дуулаачдын X уралдааны гран при, 2013 онд СССР-ийн Ардын жүжигчин А.П.Ивановагийн нэрэмжит олон улсын дуурын дуулаачдын VIII уралдааны гран при хүртэж байсан чадварлаг залуу уран бүтээлч юм. Тэрбээр 2013 оны “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын VI уралдааны “Шилдэг Юндэн”-гээр шалгарч байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний сонгодог дуурь, балетын нотны сан байгуулав

УДБЭТ нь өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оны 10-р сараас MCS компаны санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргалаа.

Энэ нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ.
Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн энэ бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ.
Энэ төслийг хэрэгжүүлэхэд Монголын шилдэгүүдийн нэг “MCS” кoмпани нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэнд театрын хамт олон талархаж байгаагаа илэрхийлж байна.
Энэ төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болж, улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувь ямар нэг асуудалгүй болж Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.
“Үндэсний сонгодог дуурь, балетын нотын сан”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ бямба гаригт УДБЭТ-т болов.

Categories
мэдээ соёл-урлаг

Хошин урлагийн “Нэгдсэн шоу” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг томоохон шоу тоглолт хэдхэн хоногийн дараа хөшгөө нээхээр зэхэж байна.

Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын “Нэгдсэн шоу” тоглолт ирэх 11 сарын 09-ны 19:30 цагт “UB Palac”-ийн концертын их танхимд болно. Тэгвэл тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн “UB Palace”-ийн кассаар худалдаалагдаж эхэллээ. Тасалбарын үнийн хувьд 20 мянга, 15 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолтонд, “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Х Түц” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшн, “Чапи & Суурь”, “Параоди” хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдийн хүртээл болгож олон мянган фэнүүддээ “инээмсэглэл”, “бодрол”, “урам”-ыг бэлэглэх нээ.

Урилгаар олны хайр, хүндлэлийг хүлээсэн дуучид оролцоно. Түүнчлэн “Нэгдсэн” шоу тоглолтыг “Захиалгат инээд” хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид хөтлөх юм.

Дашрамд дуулгахад, монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Цэцэ хандивын тоглолт хийнэ

Реппер Цэцэ хүүхэд багачуудад зориулсан хандивын тоглолт хийх гэж байна. Тус тоглолтод Opozit, 3 охин, Дөлгөөн, BX “Хувьсал” продакшн, Vanquish зэрэг хамтран уран бүтээл хийсэн хамтлаг, дуучид оролцох ажээ.

“Ном ба ирээдүй” нэртэй хандивын тоглолтын бүх орлогыг Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлаx 1-6 насны хүүхдүүдэд зориулсан номын санд хандивлах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

У.Хүрэлсүх ”Андууд”-ынхаа хамтаар тайлан тоглолтоо хийнэ

Улстөрч У.Хүрэлсүхийн ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт өнөөдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно. Унаган багаасаа нөхөрлөж ирсэн андуудынхаа хамт жинхэнэ амьд тоглолтоор зочдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгах ажээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян “Андууд” хамтлагийн басс гитарчин, цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав бөмбөрчин нь гэнэ. “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан нар хамтлагийн уран сайхны удирдаач нь ажээ.

У.Хүрэлсүхийн тоглолтод хоёр гавьяат ирж ая дуугаа өргөх аж. “Чингис хаан”-ы Жагаа “Анд нөхдийн дуу”, “Хундагаа өргөе” дуунуудаараа танхимд цугларсан олны цөсийг хөөргөнө гэж “Андууд” хамтлагийнханд амласан байна. Гандан бууршгүй эрос хатагтай Т.Ариунаа болон дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшиг дор хоолойн чадлаа гайхуулах нь ээ.

Тоглолтод МАН-ын үе, үеийн дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар ирж үзэгчдийн суудалд тухлах гэнэ. Монгол ардын нам “Зөвлөхүүдийн танхим” нэрийн дор үе, үеийн удирдлагуудаа нэгтгэн өнөөгийн үйл ажиллагаандаа санал зөвлөмжийг нь хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл “Зөвлөхүүдийн танхим”-аас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр нарын лидерүүд тоглолтод ирэх бололтой.

У.Хүрэлсүхийн урлагийн авьяас ийнхүү тодорч буй ч улс төрөөс холдох нь юу л бол. Түүнд “Гавьяат жүжигчин амлаад ч намаас нь салгаж чадахгүй” гэх яриа Ардын намын цагаан ордонд ид хүчээ авч байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Робби Уильямс Орост тоглолтоо хийнэ

Их Британийн нэрт дуучин Робби Уильямс ирэх оны дөрөвдүгээр сард Орост тодруулбал Москва, Санкт-Петербург хотуудад тоглолтоо хийх гэнэ. Тэрбээр 2015 онд “Let Me Entertrain You” нэртэй аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь шоу-бизнесийн түүхэнд бичигдэн үлдэх концерт болох гэнэ. Орост хийх тоглолтын бэлтгэл ажлыг хангахаар 100 гаруй тайз чимэглэлийн мэргэжилтнүүд очих бөгөөд 20 ачааны машинд ч багтахааргүй тоног төхөөрөмж аваачих аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ СТА цол, тэмдгээ салбарын сайддаа буцаажээ

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг СТА цол, тэмдгээ Соёл, спорт аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд буцаасан байна. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа ийн бичиж, бичлэг хийжээ. “МУСТА цол, тэмдэгээ буцаан олголоо. Учир нь энэхүү цол тэмдэг нэгэн цаг үед уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг шагнал байлаа. Гэвч өнөөдөр хэн нь танигдахгүй юу хийсэн нь мэдэгдэхгүй хүүхдүүд урлагийн сургууль төгсөхдөө ромбоныхоо хажууд зэрэгцүүлэн зүүж төгсөх нь холгүй болжээ. Надаас их хөдөлмөрлөж ихийг бүтээсэн атлаа одоог хүртэл МУСТА цол тэмдэгтэйгээ байгаа уран бүтээлчдээ би үгүйсгэсэнгүй. Хийсэн уран бүтээлийнхээ учрыг ч олоогүй байж цээжээ балбаж яваа хүүхдүүдийн өмнөөс ичэв. Ийм нэр хүндгүй болсон шагналыг зүүж явах хүсэл алга. Нэг бол үнэхээр хийсэн бүтээсэнд нь өг үгүй бол хэзээч битгий өг” хэмээн бичжээ. Тэрээр өнөөдөр дугтуйнд хийсэн цол, тэмдгээ “Ц.Оюунгэрэл сайдад” хэмээн хаяглаж яамны бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Бүжгийн тэмцээн эхэллээ

“UB Colden Cup-2014” бүжгийн тэмцээн Ус сувгийн удирдах газрын спорт зааланд эхэллээ. Уг тэмцээн нь хосын, соло, формэйшн, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар явагдаж байгаа юм. “Mongolian Dance Sport Federation”, “UB Dance School” энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа юм. Харин тэмцээний ивээн тэтгэгчээр нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Sound of Mongolia”, “Хөгжил” трэйд ХХК, “Tede Energe” ХХК, “Ухаант Боржигон” ХХК, “Ариун Сүх Эс” ХХК, “Монгол Флора Дэвшил” ХХК ажиллаж байгаа юм байна.