Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. МУГЖ Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож арванхоёрдугаар сарын 24-нөөс 29-ны хооронд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн талаар товч мэдээлэл өглөө.
Тоглолтонд ОХУ, Япон улсын бүжигчдээс гадна ДБЭТеатрын балет анги бүрэн бүрэлдэхүүнээрээ, ХБКоллеж болон СУИС-ийн Бүжгийн сургуулийн оюутан сурагчид оролцон тоглоно. Мөн тоглолтын нэг онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагийн сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн симфони найрал хөгжимтэй бүжих болно. Бүртгэлийн ажил энэ сарын 10-ны өдрөөс 19-ны хооронд явагдах ажээ. Оролцох хүүхдүүд бүжиглэх жүжиглэх, дур сонрхолтой, тайзан дээр гарах чин хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын 22, 23-ний 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Хүүхдүүдээс мэргэжлийн ур чадвар шаардахгүй учраас эцэг эхчүүдийг хүүхдүүдээ идэвхтэй оролцуулан шинэ жилийг сонирхолтой шинэлэг байдлаар гэр бүлээрээ өнгөрүүлэхийг урьж байна.
“Цөмөөхэй” балетын жүжгийг Монголчууддаа жил бүр уламжлал болгон сонирхуулах, хүчилж биш хүслээр нь хүүхдээ дагуулж, сонгодог урлагийн сайхныг мэдрэх боломжийг олгохын тулд энэ удаагийн тоглолтын онцлог оршино. ДБЭТеатрт 1983 онд анх “Шелкунчик” бүжгэн жүжиг тавигдаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтоороо шинэчилсэн найруулага, хореграфтай “Цөмөөхэй балет”-г Монголын балетын хөгжил сан, НЗДТГ Соёл Урлагийн газартай хамтран үзүүлэхээр бэлдэж байна. Оролцох хүсэлтэй хүүхдүүд Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Хөгжим Бүжгийн Коллеж болон тус сангийн хаягаар 11 сарын 19-ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт арваннэгдүгээр сарын 22, 23-нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.
1. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХС болон ХБКоллежийн байранд хүлээлгэн өгөх.
2. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
3. ХБКоллеж