Categories
мэдээ соёл-урлаг

“Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг маргааш тоглоно

Улсын драмын эрдмийн театрын сор болсон бүтээлүүдийн нэг бол “Тэнгэрийн хүү” туульсын жүжиг билээ. Хүннү гүрнийг сулран доройтуулсан эцэг Түмэн Шаньюйг хороон эх нутаг, газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй олддог эрхэм нандин зүйл болохыг хүн бүрийн зүрх сэтгэлд тунхагласан Модун хааны гашуун ч, баатарлаг түүхэн туульсыг “ТЭНГЭРИЙН ХҮҮ”-д өгүүлдэг.

УДЭТ-ын “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийн нээлтийг “Тэнгэрийн хүү” жүжгээр эхлүүлсэн бол энэ долоо хоногт дахин гурван удаа тоглох гэж байна. “Тэнгэрийн хүү” жүжгийг маргааш буюу энэ сарын 21-ний 18.00 цагаас, амралтын өдрүүдэд буюу энэ сарын 22, 23-ны 17.00 цагаас тоглоно.

Мөн УДЭТ-ын тайзнаа ирэх ням гаригийн 11.00 цагт “ТЭМҮҮЖИН” хүүхдийн жүжгийг тоглох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

М.Одончимэг, Г.Ундармаа нар Төрийн ордонд зочлов

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн өнөөдөр Төрийн ордноо “Х ТҮЦ” прадокшны жүжигчин МУГЖ И.Одончимэг, “Шинэ үе” прадокшны жүжигчин МУСТА Г.Ундармаа нарыг хүлээн авч, хийж буй сайн үйлсэд талархал илэрхийллээ. “Х ТҮЦ ” прадокшны жүжигчин И.Одончимэгийн хувьд “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Харин жүжигчин Г.Ундармаа”Итгэлийн танхим-2″ төслөө нээсэн билээ. Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, мөн эмэгтэйчүүдийн төлөө юм. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэг та бүхэндээ баярлаж байна. Цаашид энэ талаар хамтарч ажиллах болно” гэлээ. Түүнчлэн хоёр жүжигчин бүсгүй сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.

Г.Ундармаа: Танхимаа тохижуулах материалаа 100 айлаас өөрөө татсан

“Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж ерөөсөө бодсонгүй. Мөн Одноо эгч бид хоёрын хийсэн ажлыг бусдад таниулж, талархаж байгаад маш их баярлаж байна. Ер нь бид үзэгчдийнхээ өгсөн мөнгөөр “Шинэ үе” прадокшнаас цалингаа авдаг. Бидний ажил мянган үзэгчийн өмнө явагддаг. Үзэгчид маань бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг. Бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлж чадахгүй учраас тодорхой хэмжээнд бидний зүгээс тус байх ёстой гэж бодсон. Харин тэр тус маань эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулья гэдэг санаа. Эмнэлгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй үйлчлүүлдэг юм билээ. Би аавыгаа үзүүлэхээр явж байхдаа хүндрэл бэрхшээлийг нь маш сайн ойлгосон. Тэгээд л маргаашнаас нь эмнэлгийнхээ талбайг аваад, зургаа гаргаж эхэлсэн. Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар мөнгө хайж эхэлсэн. Ингэж явсаар хоёр ажлаа амжилттай хийж дуусгасан. Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхасын 220 метр квадрат талбайг тохижууллаа. Энэ хугацаанд уйлах, инээх ч үе гарсан даа. Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амжиргаа улаан болгож, 100 айлаас бүх материалаа өөрөө явж татдаг байлаа. Өөрөө явахаар наймаачид овоо хямдруулаад өгчихдөг юм”

И.Одончимэг: Бид үлгэр дуурайлал болох ёстой

“Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь шууд Улаанчулуутын хогын цэг дээрээсээ хүрээд ирлээ. Ний, нуугүй хэлэхэд би энэ талаар бодож явдаг байсан л даа. Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодсоор явлаа. Надад нэг зүйл ажиглагдсан. Ялангуяа уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой юм байна гэдэг. Бас уриалан дуудагч байх ёстой. Бидэнд хазгай гишгэх эрх байдаггүй. Олны танил хүмүүст нийгмийн хариуцлага гэж байдаг. Би тэрийг их сайн ажиглаад нийгэмд тустай үйл хэрэг хийхийг зорьсон. Улаанбаатар хотын захын хороололд маш хүнд амьдрал байдаийг өөрийн нүдээр харж явсан. Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг. Яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд дэмжлэг маш хэрэгтэй байгааг өөрийн нүдээр олж харсан. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их. Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг. Тэнд өдрийн хоолоо яаж олж идье гэж байгаа хүмүүс гэрчилгээ, бичиг баримт хөөцөлдөөд явах ямар ч чадваргүй. Тэнд маш олон сургуульд явдаггүй хүүхдүүд байна. Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгосон. Би ч төсөлд оролцоод ялсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж байна. Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ. Энэ нь цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна”

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2014 оны 11 дүгээр сарын 17-ны 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-24-нд үзэх боломжтой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Жанжин клуб “дахин төрлөө”

Д.Сүхбаатарын нэрэмжит Баянзүрх дүүргийн Соёлын төвийн шинэ байрны нээлт боллоо. Жанжин клубын түүхт 90 жилийн ойн баяртай Соёлын төвийн шинэ барилгын нээлт давхацсан юм. Нээлтэд Баянзүрх дүүргийн удирдлагууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ, Г.Бүрнээбаяр нарын гавьяатууд хүрэлцэн ирж Соёлын төвдөө хүндэтгэл үзүүлсэн байна.

Соёлын ордон нь 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэйгээр ажиллах аж. Түүнчлэн тус Соёлын ордны дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дуу бүжгийн “Их Монгол” хамтлаг дугуйлан 11 дэх жилдээ хичээллэж байна.

Мөн дүүргийн хороодын ардын авьяастнуудын дунд урлагийн наадам, Ардын богино дууны наадам, сургуулийн сурагчдын дунд “Нарны инээд” эстрадын дууны уралдаан, Ардын бүжгийн тэмцээн, Их дээд сургуулиудын дунд “Байгаль эко соёл” Дэвжээ тэмцээн, “Архигүй, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” цуврал сургалт хичээл болон төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулан явуулдаг юм.

Дашрамд сонирхуулахад, Жанжин клуб буюу Баянзүрх дүүргийн Соёлын төв нь “Шилдэг Соёлын төв”-өөр хоёр удаа, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Соёл спортын шилдэг байгууллага”, “Ахмадад ээлтэй байгууллага”-аар шалгарч байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэн гарна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол ирэх даваа гарагийн 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ.
Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон аймагт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг монгол бичгээр хөтөлж Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэлхийн хаанаас ч унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
“Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-24-нд үзэх боломжтой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Үл тайлагдах зангилаа”-г тайлахуй

Залуу уран бүтээлч Б.Бадралын “Үл тайлагдах зангилаа” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” арт галлерейд дэлгэгдлээ. Уран бүтээлч энэхүү бүтээл дээрээ гурван жилийн турш ажиллажээ.

Түүний бүтээлүүд өнгөрсөн 20 жилд манай нийгмийн өсч өндийж, ухарч бас сөхөрсөн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл, хэлээгүй үг, бүтээгүй түүх, харагдахгүй сүүдэр, мэдрээгүй шаналлын зангилаа. Мөн тэр зангилаанд өөрөө өөрийгөө анагаах, ухаарах, өсч өндийх нуугдмал эрчим, гоо үзэсгэлэн, төгс төгөлдөрийн шүтэн барилдлага тод мэдрэгддэгээрээ онцлог.

Та бүхэн “Үл тайлагдах зангилаа”-г тольдож зураач Бу.Бадралын юунаас ч үл хамаарах, содон бөгөөд зожиг байр суурь, уран бөгөөд ил тод хэллэг бидний өдөр тутмын амьдралд зангирсан олон зангилааны талаар бодох, дотроо тунгаагаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

Оюутны амьдралаар кино бүтээнэ

Монголын үндэсний кино урлагийн академи, Монголын оюутны холбоо хамтран оюутны амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болжээ. 1974 онд бүтээгдсэн “Мартагдашгүй намар” уран сайхны киноноос өөр оюутны амьдралыг харуулсан томоохон бүтээл өдгөө хүртэл гараагүй юм байна.

Кино хийх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн оюутан залуусын дунд кино зохиолын уралдааныг зарлаж байгаа аж. Зохиол нь сэдэвт баригдахгүй оюутны амьдралыг аль ч талаас нь харуулсан байж болох гэнэ. Уралдаанд нэгдүгээр байрын эзэлсэн оюутныг нэг жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба зохиолоор нь кино хийх, хоёр, гуравдугаар байрт шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мөн шилдэг зохиолуудыг эмхэтгэн ном болгон хэвлүүлэх аж. Уралдаанд ирүүлэх бүтээлийг ирэх 12 дугаар сарын нэгний 17:00 цаг хүртэл МОХ-ны байранд хүлээн авах бөгөөд файл хэлбэрээр batjargal@student,org.mn хаягаар хүлээн авах гэнэ. Харин жүжигчдийн сонгон шалгаруулалт ирэх сарын долооноос 14-ний хооронд явуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нутагтаа өргөх аялгуу” цэнгүүн болно

МУГЗ, ОХУ-ын Буриад улсын СГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Дамбадоогийн Нацагдоржийн “Нутагтаа өргөх аялгуу” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 14, 15-нд “Саран хөхөө” театрт болно. Тоглолтод урилгаар Эрдэнэт хотын Хөгжимт драмын театр, Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн “Боржигон” чуулга, ОХУ-ын Улаан-Үд хотын Дуурийн театр, Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уран бүтээлчид оролцон тоглоно.
Тоглолтод дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн цоморлигоос, дэлхийд танигдсан ардын болон язгуур урлагийн гайхамшигт бүтээлүүдээс үзэгчдийн сонорыг мялааж эшиглэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Асид зориулан хандивын тоглолт хийнэ

Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг болох жүжигчин Аси буюу Р.Алтансүхийн бие чилээрхжээ. Тэрбээр цус харваж эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өдгөө гэрээрээ эмчилгээгээ үргэлжүүлэн хийж байгаа юм байна. Мөн тэрбээр удахгүй БНСУ руу явж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж. Тиймээс түүнд зориулан монголын хошин урлагийнхан болон дуучин Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Ариунаа нар хандивын тоглолт зохион байгуулах санааг гаргаж ажил хэрэг болгож эхэлжээ.

Хандивын тоглолт энэ сарын 18-ны өдөр 19.00 цагт “UB palace”-ийн концертын их танхимд болох юм байна. Тоглолтод Монголын хошин урлагийн бүх хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Ариунаа нар оролцох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй”-д оролцогчдыг бүртгэж байна

Нийслэлийн ЗДТГ, Монголын Балетын Хөгжил Сантай хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд тоглох гэж байна.
Энэхүү бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд энэ жил өмнөх жилүүдээс илүү шинэчилж, АНУ-ын Бостон хотоос техник технологи, тайз, хувцас зэргийг худалдан авч, тоглох гэж байгаагаараа онцлог юм. Цөмөөхэй балетад бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8-12 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Тус жүжигт оролцох сонирхолтой хүүхдүүд Монголын Балетын Хөгжил Сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын касс болон жижүүр дээр 11 сарын 19 ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын анги болон Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орны мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн симфони найрал хөгжимтэй бүжгэн жүжгийг тоглох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.