Categories
мэдээ соёл-урлаг

Д.Болд өвөөгийнхөө 95 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулжээ

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ардын Жүжигчин,Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Гомбодоржын Жамъян агсны 95 насны ой тохиосон байна. Тэгвэл энэ хүрээнд Г.Жамъян агсаны ач, Төрийн соёрхолт дуучин Д.Болд өвөөгийнхөө 95 насны хүндэтгэлийн тоглолтыг Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулжээ.

Тоглолтод МУДБЭТеатрын симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин Хуурын чуулга, МУСУИС, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим Бүжгийн коллеж, Арга билэг хамтлаг, Улаанбаатар чуулга, Никитон, Kамертон зэрэг хамтлаг дуучид хамтлаг оролцсон байна.


Ах Дүү нартайгаа..


Д.Болд гэргийн хамтаар


Өвөөгийн 95 насны ойн хүндэтгэлийн тоглолт сайхан болж байна. Хайрт хамтлагтайгаа тайзны ард.


Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаа танаар бахархаж явдаг билээ. Өвөөгийн 95 насны ойн тоглолтын тайзны ард.


Миний өвөөгийн хайртай шавь нарын нэг монголын алдарт хуурч Ардын Жүжигчин Ч.Батсайхан ахтай тайзны ард

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголчууд” сонсдог номын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцов

УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” сонсдог номын нээлт өчигдөр боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд номын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед улс үндэстэн бүрийн ялгарах зүйл нь түүх юм. Бид дэлхийн түүхийг удирдаж явсан, Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй. Доктор Д.Өлзийбаатар сүүлийн хэдэн жил түүхийг олон нийтэд таниулах тал дээр ажиллаж байгаа эрдэмтэн. “Монголчууд” хэмээх энэ сонсдог номонд түүхийг байгаагаар нь гаргасан. Энэ сайхан ном Анхдугаар Үндсэн хууль баталсны 90 жилийн ойн өдрөөр нээлтээ хийж буй нь бэлгэшээлтэй юм” гэв.

ГХЭЗХАЯ-нд болсон “Монголчууд” (цахим түүх) номын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл” наадам баасан гаригт эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хувцас загварын “Гоёл” наадам энэ сарын 28-нд эхлэх гэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин, топ моделийг шалгаруулна. Наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх бөгөөд тус арга хэмжээний үеэр Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм байна. Харин шилдэгүүдийг тодруулах гала тоглолт нь арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөнд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Хишигдалай олон улсын уралдаанаас гранпри хүртжээ

“Universe best songs” наадмын шилдгийн шилдэг оролцогч, дуучин А.Хишигдалай Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын эстрадын дуулаачдын наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Тувагийн Кызыл хотод болсон уг наадамд гавъяат жүжигчин Ж.Алтанцэцэг шүүгчээр ажиллажээ. Тэрээр 2001 онд тус наадмаас “Мандах нар” дуугаараа гранпри шагнал хүртэж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“On’n Off” 20 жилийн ойн тоглолт болно

Монголын хамгийн анхны клип, рекламыг анх гаргаж байсан гэдгээр нь “On’n Off” продакшныг рок попын төдийгүй урлаг сонирхогчид андахгүй сайн мэднэ. Тэгвэл тус продакшн өөрсдийн 20 жилийн ойгоо удахгүй хийх нь ээ.

Тэдний 20 жилийн ой арванэгдүгээр сарын 29-нд 17.00 цагт Соёлын төв өргөөнд 20 жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэхээр зэхжээ. Тэдний ойн баярын тоглолтонд Юнескогийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үеийн болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцон тоглох аж.

Ойн тоглолтонд Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, Дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хийлч Ч.Чинбат, Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа, Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин С.Наран зэрэг уран бүтээлчид оролцон тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дасгалжуулагч” кино олон улсад өрсөлдөнө

“Сондор” фильмийн залуус “Дасгалжуулагч” шинэ киноныхоо зураг авалтад оржээ.

Тус бүтээл нь ирэх сард Туркт болох олон улсын спортын кино наадамд өрсөлдөх юм.

Гурван жилд нэг удаа болдог спортын кино наадамд энэ жил 200 гаруй орны бүтээлчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Уг кинонд олимпийн наадамд шавиа оруулахаар бэлдэж буй дасгалжуулагчийн амьдрал гардаг байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бэрцэцэг”-ийн шагналтнууд тодорлоо

Монголын үндэсний бахархалт “Бэрцэцэг” цэцгийг дурангийн хальсанд гоёмсгоор буулгах уралдааныг БОНХЯ, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимтэй хамтраннийт багш, оюутан, гэрэл зураг сонирхогчдын дунд зургийн уралдааныг зарласан билээ. Уралдаанд нийт 60 гаруй бүтээл ирснийг үзэсгэлэн гаргаж оюутнууд болон үзэгчдийн саналыг үндэслэн мэргэжлийн гэрэл зурагчдыг оролцуулан шалгаруулжээ.

Тэргүүн байранд МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Н.Батсайханы зураг шалгарсан бол Дэд байранд МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Л.Ариунцэцэгийн, гутгаар байранд ХААИС-ийн багш С.Оюунсувдын зураг тус тус шалгарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын алтан хоолойтнуудын тоглолт Москвагийн Их театрт боллоо

Монгол Улсын ДБЭТ-ын шилдэг найман гоцлол дуучин “Монголын алтан хоолойтнууд” Москвагийн Их Театрт тоглох болсон тухай зар ОХУ, Монгол Улсын хил даван чимээлэв. Их театрт айлчлан тоглох багийн бүрэлдхүүнд нэгэн хүндтэй эрхэм уригдсан нь СУИС-ийн багш, Монгол Улсын гавьяат багш Цэрэнпилийн Ерөө юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ирүүлсэн урилгыг СУИС-ийн захирал Э.Сонинтогос Ц.Ерөө багшид албан ёсоор гардуулж, амжилт хүсэн баяр хүргэжээ.

П.Цагаан дарга урилгадаа “Дуурийн урлагийн олон арван алдартныг төрүүлж, Монгол Улсдаа сонгодог урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тань гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлэхийн ялдамд Дэлхийн урлагийн алдарт тайзнаа зохиогдох энэхүү түүхэн тоглолтод Таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан авьяас билэгт шавь нартайгаа нэгэн гайхамшигтай үдшийг хамт өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн энэхүү нэр хүндтэй айлчлан тоглолтын хүндэт зочдын бүрэлдэхүүнд СУИС-ийн багш, Ардын жүжигчин А.Долгор уригдсан байна.

Их театрт дуулах МУГЖ Э.Амартүвшин, Ө.Уянга, гоцлооч Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Батжаргал нар бүгдээрээ СУИС-ийн төгсөгчид, МУГЖ Э.Амартүвшин Ц.Ерөө багшийн гарын шавь нь юм. Э.Амартүвшин сонгодог ур­лагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагналыг эх орондоо авч ирсэн, манайхан энэ тэмцээнээс шагнал авахыг хагас зуун жил хүлээсэн билээ. Дараа нь БНХАУ-ын Бээжин хотноо болсон Плачидо Домингогийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын уралдаанд Плачидо Домингогийн удирдсан симфони найрал хөгжимтэй дуулж, тэргүүн байр эзлэн дэлхийн дуурийн шилдэг дуулаачаар хүлээн зөвшөөрөгдсөн, СУИС-ийн нэр нүүр болсон төгсөгчийн нэгэн билээ. Ц.Ерөө багш “Би өөрөө ОХУ-д энэ чиглэлээр бэлтгэгдсэн хүн, гэтэл шавь нар маань Орост биш эх орондоо бэлтгэгдсэн, Монгол Улсад сонгодог урлаг хэрхэн хөгжиж байгааг дэлхий нийтээрээ мэддэг болсон, СУИС болоод Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж байгаа нь юутай сайхан” гэсэн юм.

Манай дуучид энэ удаа П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”, Ж.Вердийн “Трубадур”, “Травиата”, “Риголетто”, А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн ари, дуэтыг “Их театр”ын тайзнаа эгшиглүүлнэ. Энэхүү тайзнаа ая дуугаа өргөсөн Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасан гуайн үргэлжлэл болж 30 жилийн дараа ийнхүү “Их театр”-ын тайзнаа Монголчууд дууллаа.

Монголын алтан хоолойтнуудын тоглолт 11 дүгээр сарын 20-ндболжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан ус” кино нээлтээ хийв

Реппер Gee, Rokit bay нарын голд дүрд нь тоглосон “Алтан ус” уран сайхны кино өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд Тэнгис кино театрт албан ёсны нээлтээ хийлээ.

Киноны зураг авалтын ихэнх хэсгийг элсэн цөлд авсан гэдгээрээ онцлогтой болсон байна.

Зохиолын санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж, Э.Оргил зохиолч, найруулагчаар ажилласан “Алтан ус” киног “Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing” нар хамтран бүтээжээ.

Хялбар аргаар баяжих санаа олсон хоёр найз алтны төлөө нөхөрлөлөөрөө дэнчин тавина.

Тэдний өмнө нь алтаа аваад үхэх үү, алтаа хаяад амьд үлдэх үү гэсэн хоёр сонголт гарч ирснээр киноны үйл явдал өрнөх юм.

Нэгэн цагт үй зайгүй найзууд юуны тулд бие биенээ үзэн ядах болов, олзоо булаацалдах тэр л мөчид нөхөрлөл гэдэг зүйл хий хоосон яриа болон хувирч байгаа талаар энэ кинонд өгүүлэх юм.

Киноны нээлтийн ажиллагааны үеэр реппер Gee-гийн сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрбээр “Кино маань олон залуусын хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. “Алтан ус” кинонд би Баганаа гэдэг залуугийн дүрийг бүтээх гэж оролдсон. Хэрэв та бүхэнд таалагдвал магтаалаа харамгүй хайрлаарай, урам болно. Харин таалагдахгүй бол шүүмжлэлээ харамгүй хайрлаарай. сургамж болно” гэсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Лаа” сэтгэхүйн эротик драмыг тайзнаа дахин тоглоно

Монголын залуучуудын холбоо, Залуу эмэгтэйчүүдийн клубээс санаачлан “Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжгийг ДОХ-ын өдрийг тохиолдуулан ирэх арванхоёрдугаар сарын 1,2-нд Тусгаар тогтнолын ордонд тоглох гэж байна.

Өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар” чуулгын тайзнаа нээлтээ хийсэн уг жүжгийн зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа бол жүжгийн тайзны зураачаар Г.Долгион, Г.Гантөмөр, Ц.Сүхбат нар ажиллажээ.

Уг жүжиг нь биеэ үнэлэгч эмэгтэйн амьдарлаар нийгэмд тохиолддог асуудлуудыг бодитойгоор хөндөн харуулсан ба хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэл биеэ үнэлэлтийн эсрэг үзлийг дэлгэрүүлэх зорилготой юм.

Энэхүү жүжгийн үзэгчдийн 40-50 хувь нь амьдралын боломж, бололцоогүй залуус, өрх толгойлсон эхчүүд гээд нийгмийн эмзэг давхаргынхан байх ба тэдэнд үнэ төлбөргүй үзүүлэх аж.

“Лаа” сэтгэхүйн эротик драмын жүжгийн тасалбар 12 мянган төгрөг бөгөөд Тусгаар тогтнолын ордонд борлуулж байна.