Categories
мэдээ соёл-урлаг

Л.Балхжавын “Миний дуунууд-2016” тоглолт удахгүй болно

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2016” тоглолт 11-р сарын 18, 19-нд 19:00 цагаас “UB PALACE”-ийн концертын их танхимд болно.


Хөгжмийн зохиолч Л.Балхжав “Амин нутаг” анхны хөгжмөө бичсэнээс хойш Монголын хөгжмийн урлагт 40 жил уран бүтээлээ туурвиж, ая данг нь тааруулсан 1000 гаруй дуу зохиожээ.Харин хөгжмийн зохиолчийн дотоод ертөнцийн илэрхийлэл, уран бүтээлийн тайлагнал “Миний дуунууд” тоглолт ийнхүү 18 нас хүрч, хэдийнэ эрийн цээнд хүрлээ.

Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай 18 дахь удаагийн “Миний дуунууд” тоглолтонд Монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид дахин чуулах гэж байна. МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, СТА, поп дива С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг , “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, “My Voice-2015” уралдааны Гран-При шагналт Э.Хосбаяр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцож, аялгуу эгшигээр үзэгч олноо хөглөн баясгана.

Хөгжмийн зохиолчийн 2016 оны онцлох бүтээлүүдийн нэг нь Үндэсний их баяр наадмын сүлд дуу болон мэндэлсэн “Миний Монгол наадам” дуу юм. Сонгодог, нийтийн, рок попын бүхий л шилдэг уран бүтээлчдийн хамтрал болсон энэхүү дуун бүтээл энэ жилийн тоглолтын тайзнаас үзэгчиддээ дахин хүрнэ. Мөн цөөнгүй шинэ бүтээлүүд “Миний дуунууд-2016” тоглолтын тайзнаа анхлан дуулагдаж, сонсогчдын хүртээл болно. Дуунд дуртай монголчууддаа өргөн барих шинэ, шилдэг бүтээлүүдийн дээжис, гэнэтийн бэлэг бүхнээр тоглолт арвин байна.

Хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундарсан үе үеийн бүтээл туурвил, шилдэг хамтлаг дуучдын зүрхнээс зүрхэнд эгшиглэх аялгуут дуу бүхэн үзэгч танд зориулагдав. Тоглолтын тасалбарын онлайн захиалга www.TICKET.mn сайтаар, 1900-1800 утсаар тасалбар хүргэлт хийгдэж байна.

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлын алиныг авчрахыг би таашгүй…

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанхуй хад” УСК үзэгчдийн хүртээл болно

Д.Нацагдорж Харанхуй хад зурган илэрцүүд

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.Энэхүү ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ШУА-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хуралд тус академийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, Түүх архлеогийн хүрээлэнгийн дарга С.Чулуун, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгс, Төв аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нар оролцсон юм. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний мэдэх Д.Нацагдорж” эсээ бичлэгийн уралдаан, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний шинэ хөшөөг босгох, их зохиолчийн мэндэлсэн газар хүндэтгэл үзүүлэх, “Харанхуй хад” уран сайхны киног үзэгчдэд хүргэх зэрэг олон ажлыг хийж байгаагаа танилцууллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ыг “Сүхбаатар” одонгоор шагналаа

Улсын драмын эрдмийн театр нь 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоолоор “Улсын төв театр” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Ингэхдээ С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийг тайзнаа тавин үүд хаалгаа нээсэн түүхтэй.

Тус театрын урын санд У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, А.П.Чехов, Л.Ванган, Д.Мягмар, Д.Намдаг, Б.Лхагвасүрэн нарын гадаад дотоодын зохиолчдын 400 гаруй бүтээл байдаг байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Цогнэмэхийн “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг тоглогдоно

Нийслэлийн иргэдийн соёл, урлагийн боловсролд зориулсан олон талт үйл ажиллагаа явуулах, ардын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар” чуулгын 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойдоо зориулан тус чуулгынхан энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 9-ны өдрүүдэд цуврал тоглолтуудаа үзэгчиддээ өргөн барих аж. Үүнд, зохиолч Б.Цогнэмэхийн “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг, “Улаанбаатар” циркийн жүжигчдийн “Гайхамшигт цирк” шоу, “Эрчист ирмүүн” бүжгийн тоглолт, “Хангарьд” үндэсний найрал хөгжмийн “Улаанбаатарын үдэш”, мөн 10 жилийн ойн арга хэмжээний “Хүндэтгэлийн тоглолт”-оор үзэгчиддээ бэлэг барих юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Жанцанноров, Т.Галсан, Л.Дашням нар “Номын жор”-оо хуваалцана

“Номын жор” клуб, “Book cafе Mongolia”-гийн залуусын хамтран зохион байгуулдаг “Номын жор” өдөрлөг энэ сарын 27-нд болно. Тус өдөрлөгт төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням нар оролцон лекц унших юм байна. “Эдгээр гурван эрхэм нь утга зохиол, урлаг соёл, шинжлэх ухаан гэсэн гурван салбарын ноён оргил гэж хэлж болохоор хүмүүс. Тиймээс залуучуудынхаа энэ гурван салбарын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой” хэмээн зохион байгуулагчид ярилаа. Энэхүү өдөрлөгт очсоноор азтай үзэгчээр шалгарч, гарын бэлэгний эзэн болно гэдгийг тэд бас онцоллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол ардын суут” жүжиг маргааш нээлтээ хийнэ

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжгийн нээлт Хүүхэлдэйн театрын тайзнаа арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 19.37 цагаас эхэлнэ.

Тус жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичжээ.

Энэ удаагийн жүжиг Хүүхэлдэйн театрт насанд хүрэгчдэд зориулсан анхны жүжиг тоглогдох гэж байгаагаараа онцлогтой. Мөн “Аргун” компанийн нэвтрүүлж буй Монголын театрын түүхэнд анх удаа технологийн “амьд тасалбар” Монгол ардын суут жүжигт зориулагдан хэвлэгдэж, худалдаанд гарлаа. Та IOS, ANDROID төхөөрөмжийнхөө App store\Playstore-оор Argun Trade аппликейшнийг үнэ төлбөргүй татан суулгаад Каталоги цэсийг сонгон AR тэмдэглэгээг сонгон сурталчилгааг сонсох болно.

________________________________________
МОНГОЛ АРДЫН СУУТ драмын жүжиг:

  • Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/
  • Найруулагч: Б:Баатар /МУУГЗ/
  • Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ/
  • Ивээн тэтгэгч: “Аргун Трейд” ХХК

Уран бүтээлчид:

Гол дүрд:

  • Д.Нацагдорж- Ц.Цэрэндорж
  • Д.Пагмадулам- М.Энхзаяа
  • Хар хүн- Г.Гандөш
  • Халамцуу бүсгүй- Я.Өнөртуул/СТА/

Дүрүүдэд:

  • Өвгөн багш- П.Эрдэнэзаяа
  • Буудлын жижүүр- Л.Даваадалай
  • Хоёрдугаар эмэгтэй- С.Оюунболор
  • Морин тэрэгч- Х.Батжаргал /МУСТА/
  • Нэгдүгээр цагдаа- П.Эрдэнэзаяа
  • Хоёрдугаар цагдаа- Л.Даваадалай

Бусад уран бүтээлч:

  • Туслах найруулагч- М.Ариунтуяа /МУСТА/
  • Гэрлийн техникч- Х.Камесхан
  • Дууны техникч- Э.Базарханд /МУСТА/
  • Ерөнхий зураач- В.Энх-Амгалан
  • Туслах зураач- Б.Бямбацэрэн, С.Энх-Од

Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжиг маргааш 19.37 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.

Ингээд зохиолчийн бичсэн сэтгэлийн үгийг хүргэж байна.

Цас хуртай сайхан өдрийн мэндийг хүргэе!
Өглөө бударч байсан цагаан цас үд дунд гэхэд саарал шалбааг болж, их хотын хөл хөдөлгөөний хэм хэмжээг сааруулаад, улирал солигдох нэгэн аятайхан хэрнээ хөнгөхөөн гуниг хаана ч юухнаас ч мэдрэгдэнэ бус уу…
20-р зууны Монголын соднайрагч, эгэл хүмүүн Дашдоржийн Нацагдоржийн тухай бидний хэдэн уран бүтээлч Монгол ардын суут хэмээх жүжиг тавихыг зориглоод, энэ сарын 9-ний өдөр буюу маргааш нээлтээ хийх гэж байна.
Аливаа шинэ уран бүтээл нь хийж туурвихын ид бах, үзэгч уншигчдад хүрдэг болов уу үгүй гэсэн айдас, энэ уран бүтээлийн дараа хүмүүс болон нийгэм ямар нэг өчүүүхэн ч атугай хэмжээгээр өөрчлөгддөг болов уу үгүй юу … гэсэн янз бүрийн бодол таамаг намайг ээрч, хөөрхөн тамлаж, нойргүй хонуулж байна. Уран бүтээл хийх гэдэг ийм гоё шүү дээ.
Ялангуяа, саяхан миний нэгэн ярилцлагандаа хэлснээр “Хүүхэдгүй морь, эзэнгүй уран бүтээлд хайртай байдаг” тэр л сэтгэлээр хандах юм бол, Нацагдорж шиг суу билэгтэй, Нацагдорж шиг өрөвдөм хувь заяатай, Нацагдорж шиг хойч үеийнхэндээ шулуухан хэлэх юм бол “ашиглагдаж гүйцсэн” зохиолчийн тухай, түүний амьдралын сүүлчийн шөнийн тухай өгүүлсэн ийм жүжиг надаас өөр ухаантай хүн байсан бол заяа нь хийхгүй дээ.
Яагаад гээч? Ерөнхий боловсролын сургуульд яг өнөөдөр л гэхэд түүний 20 гаруй уран бүтээлийг сурагчид үзэж, уншиж байна. Гэсэн хэрнээ Нацагдорж гэж хэн юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй. Би ч гэсэн багадаа тийм л байсан. Гэрээ цэвэрлэхдээ “Миний нутаг” шүлгийг нь чангаар уянгалуулан уншиж, “хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар” гэсэн хэсэг дээр нь ирээд хоолой зангирдаг байсан. Гээд Нацагдоржийг би өөрөө өөртөө их хожуу нээсэн юм. Түүний музейг үгүй хийж оронцоглосон мэргэжлийн байгууллагынхантай хэрүүл тэмцэл хийж, өөртөө ядаргаа болгосон энэ тэр гээд бодоход, Нацагдорж бид хоёрын дунд нэгэн үл үзэгдэх хэлхээ холбоо мөнхөд байсан юм шиг ээ… Энэ жүжиг ч гэсэн түүний л нэг үргэлжлэл байх. Нацагдоржийн амьдрал үхлийг бүтнээр нь харахад, тэр юу хэлэх гэсэн юм болоо? Дан ганц шүлэг зохиолоор бүтээлчийг өөрийг нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл. Захидал, тэмдэглэл, олны хууч яриа …. Нацагдорж судлаачдын бидэнд үлдээсэн үнэт өв … энэ бүхэн жүжгийн маань анхдагч суурь болсон. Тэгээд түүхээ, хувь хүмүүсийн намтрыг гоёчлох хэрэггүйг энэ удаа ч гэсэн мэдэрсэн. Харин түүний оронд …
Үгсэн хуйвалдах, эвлэлдэн алмайрахын эсрэг, эх орноо жинхэнэ утгаар нь бүтээж яваа тийм хүмүүс миний болон бидний жүжгийг ойлгоноо… Нацагдорж маань та бидний гүүр болон сунайж байна.
Та нарыгаа хүрэлцэн ирэхийг урья.
Ямар ч уран бүтээл хуйвалдаан байдаг. Энэ хуйвалдаан бол уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хийгддэг ил тод тохиролцоо юм. Бид юу гэж тохирсон бэ тэгвэл, энэ жүжгээр?
Монголд авьяас билэгтэй, эрдэм боловсролтой нь сайхан амьдраасай, шударга үнэн дийлдэг цаг ирээсэй… Эрх мэдлийн төлөөх бялдуулчлал, зусардал үгүй болж, Монголын төр тархиа цэнэглээсэй… намчирхалын далбаан дор цөөхөн монголчууд нэгнээ хэлмэгдүүлдэггүй байгаасай …гэсэн мэт өчнөөн олон үл бүтэх ч юм шиг хөгийн тохиролцоо сэдлээр энэхүү жүжгээ хуучны цахиур буу мэт найдвартай сумлаад гэмгүй царайлан энэ их цас шалбааг дунд алхаж л явна даа.
Дашрамд хэлэхэд, миний хамтрагчид гэж шинийг эрэлхийлдэг саак залуус бий. “Аргун” компаний нэвтрүүлж буй цоо шинэ, Монголын театрын түүхэнд анх удаа AR технологийн “амьд тасалбар” Монгол ардын суут жүжигт зориулагдан хэвлэгдэж, худалдаанд гарч эхэллээ.
Давтан хэлье, ХЭНЭЭТНҮҮДЭД БИШ СЭХЭЭТНҮҮДЭД ЗОРИУЛАВ
Манай театрын үүдэнд уулзацгаая.
Categories
мэдээ соёл-урлаг

Д.Нацагдоржтой уулзах боломж олгосон “Жаргаагүй нар” жүжиг

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Жаргаагүй нар” жүжгийг үзлээ. Үзэгчийн хувиар энэхүү жүжгийг үзээд төрсөн сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ.

“Жаргаагүй нар” жүжгийн хувьд тэмцэл, үхэл гээд амьдралын өнгө бүрийг хослуулжээ. Д.Нацагдорж, Пагмадулам нар Герман руу нөхдийн хамт сурахаар болж баяр хөөртэй байхад нь багш Цэвээн нь орж ирж байгаагаар жүжиг эхэлнэ. Багшийнх нь захиж хэлсэн ганц үг бол “Төр өөртэйгөө орооцолдсон хүнийг дуулгавартай зарц байлгахын тулд мөлхүүлдэг, эсвэл цовдолдог” гэсэн үг. Энэхүү үгээрээ Д.Нацагдоржийг хаашаа ч явсан төр араас нь мөрдсөөр байх болно гэсэн утгыг гаргажээ. Герман орон руу эрдэм сурахаар явсан хорин хэдэн залуус хилийн дээс алхсан боловч очсон хойно нь сургууль төгссөн гэсэн тодорхойлолтыг нь Ишдорж нарын хүмүүс явуулахгүй байгаад их бухимдаж буй талаар жүжиг өрнөнө. Тэдний дунд Д.Намдаг явсан бөгөөд Д.Нацагдоржийн хамгийн үнэнч, дотнын нөхрөөр жүжигт дүрслэгдэнэ. Тэд шинэ жил тэмдэглэж, харь орны дарс уун, бүжин цэнгэлдэж байгаа нэг хэсэг үзэгдэл өрнөнө. Тэдний дунд дотоод яамны туршуул нэгэн залуу байнга мэдээлэл дамжуулах нь жүжгийн нэгэн шигтгээ болжээ.

Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-гоо бичиж буй хэсгийн үзүүлэн тоглолт түүний бичгийн хүн гэдгийг нь тодотгож өгнө. Дүрсэлбэл тэрээр жүжгээ бичин тайзны дээд талд залрана. Харин доор нь жүжгийн хэсэг өрнөн Юндэн, Нансалмаа, Хоролмаа, Балган нарын хүмүүс бие биеэ түлхэлцэн нааш цааш болох нь зураг мэт хөврөөд өнгөрч байгаа нь өвөрмөц болжээ.

Харин жүжгийн төгсгөл хэсэг хүн бүрийн сэтгэлийг хөндөж чадсан юм. Д.Нацагдорж олны дунд хавчигдан гадуурхагдаж, шаналж явах үедээ“Миний нутаг” шүлгээ уншсан нь үзэгчдийн сэтгэлийг үймрүүлж, өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Бас нэг онцгой юм байсан нь үе үе эгшиглэх шанзны гунигтай аялгуу дотор сэрхийлгэх шиг л уянгална. Энэхүү жүжгийн хөгжмийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ажилласан нь нүдээ олсон хэрэг байлаа. Харин жүжгийн зохиолыг туурвисан Ш.Гүрбазар гуайн хувьд олон эх сурвалжийг харьцуулж, нэлээд чамбай ажилласан нь олон жил урлаг, утга зохиолд зүтгэсний үр шим гарч байна даа гэж бодогдож суулаа.

Ч.Түвшин найруулагч “Жаргаагүй нар” жүжгийнхээ эхлэл, өрнөл, төгсгөл, солбилцлыг гарамгай найруулж маш олон хэсгүүдийг чадамгай хослуулжээ. Тухайлбал, Д.Нацагдоржийг Дотоод газрын цагдаа нар мөрдөж мөшгөөд салахгүй болохоор тэрээр бор дарсанд орсон мэт дүр эсгэн нэг хэсэг хугацааг согтуу хөлчүү өнгөрүүлнэ. Гэвч түүнийг мөрдөж мөшгөсөөр байсанд тэрээр “Учиртай гурван толгой” дууриа найз Д.Намдагтайгаа тайзан дээр тоглуулж байх үедээ энэ тухай үнэнээ хэлж дахиж уухгүй гэдгээ илэрхийлж байгаа нь одоогийн залууст ихээхэн сургамжтай хэсэг болсон мэт. Нэг удаа түүнийг архи уун сууж байхад нь хүрээний гурван хүүхэн орж ирэн өдөж “Дахиад л бидний тухай бичиж байна уу” хэмээн дооглон тас тас инээнэ. Тэр үеэр дотоод яамны хоёр хүн орж ирэн Д.Нацагдоржийг элдэвлэн үг алдуулахын тулд янз бүрээр өдөж хатган, ширээн дээр нь үсрэн гарч эсвэл дайрч давшлан заамдаж авах, бүр нүүр рүү нь нулимах зэргээр хог шаартай харьцаж байгаа мэт дураар аашилна. Гэвч Д.Нацагдорж хэзээд өөрийнхөөрөө байж тэдэнд ганц ч үг алдахгүй бүхнийг тэвчээд өнгөрүүлнэ. “Жаргаагүй нар” жүжгийг үзэж байхад жүжиг гэдэг ганцхан гол дүрийн ажил биш бүхэл бүтэн театрынхны хөдөлмөр, гар нийлсэн ажиллагаа юм гэдэг нь тодорхой харагдаж байлаа.

Д.Нацагдоржийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Шинэбаярын жүжиглэлт, гал цогтой залуу нас Их зохиолч Д.Нацагдоржтой хэр адил болж вэ гэдгийг харахаар хүмүүс УДЭТ хэмээх улаан байшингийн зүг мөрөө гаргасан нь цөөнгүй буй за гэж бодож байна. Үзэгчид үнэхээр сайхан жүжиг болж гэж төгсгөлд нь сэтгэл дүүрэн гарах боловч Дашдоржийн Нацагдоржийг үзэв үү, Б.Шинэбаярыг үзэв үү гэдэг эргэлзээ надад төрлөө. Б.Шинэбаяр сайн тоглож. Гэхдээ жаахан хөөрүү дэврүү дүрийг бүтээчихэв үү гэж бодогдохоор. Царцаа шиг үсчсэн, “энхийн цагаан тагтаа” шиг залуугийн дүрийг бүтээчихэв үү гэж санагдана. Гэхдээ энэ нь Д.Нацагдоржийн хиргүй тунгалаг залуу насны сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд үлдээх гэсэн найруулагчийн санаа байсан ч байж болно.

Үзэгч бидэнд бичгийн их хүмүүн Д.Нацагдорж бор дээлээ дурдан бүсээр жимбийтэл ороон, бүрх малгайгаа жишүү тавин ихэмсэгээр суух тэр л дүр нь дотно байдагсан.

О.Өнөрцэцэг

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Нацагдоржийн тухай гурав дахь уран бүтээлийг амилуулна

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин “Жаргаагүй нар” жүжиг тавин өнгөрөгч баасан гарагт олны хүртээл болгосон билээ. Ойн хүрээнд Улсын хүүхэлдэйн театрт ирэх лхагва гарагт МУСГЗ Ц.Хулангийн зохиолоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан “Монгол Ардын суут” жүжиг тавихаар болсон. Түүнээс гадна зохиолч П.Батхуяг Их зохиолчийн амьдралаас сэдэвлэн “Чулуудын хүүрнэл” эмгэнэлт жүжгийг ирэх сарын дундуур ДБЭТ-т тавихаар болжээ. Жүжгийг Ц.Бат-найрамдал найруулж, Г.Түвшинтөр хөгжмийг зохиох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол зураач олон улсын уран зургийн наадамд түрүүллээ

Мэргэжлийн уран зургийн их наадам энэ сард Канад улсад болж өнгөрлөө. Тус наадамд дэлхийн 200 гаруй орны мэргэжлийн уран зураачид өрсөлдсөнөөс манай улсын залуу зураач Б.Одсүрэн оролцон тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн болжээ. Тэрээр өнгөрсөн жил БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон залуу зураачдын уралдаанд оролцож, мөн алтан медаль хүртсэн юм. Залуу уран бүтээлч өөрийн гэсэн урлантай болж, галерей болгон өргөжүүлэх мөрөөдөлтэй төдийгүй зурах дуртай хүүхдүүдэд авьяасаа хөгжүүлэхэд нь туслахыг хүсдэг гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Утгын чимэг” наадам ирэх сарын 16-нд болно

Image result for Утгын чимэг

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Тэгвэл тус наадмын тов зарлагдаж ирэх сарын 16-ны өдөр болох гэж байна. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.