Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-д шүлгээ сойх 30 яруу найрагчийн нэр тодорчээ

Энэ жилийн “Болор цом”-н наадам “Эрээн цав”-ын эвдрээгүй яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн төрсөн нутаг Дорнод аймагт болохоороо онцлог билээ. Наадмын эхний шалгаруулалтад 200 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 30 нь тэнцжээ. Энэ жил олон удаа айргийн тавд үлдэж байсан Л.Ганзул яруу найрагч ороогүй байна. Мөн нутгийнхны чих тавин хүлээж байсан Д.Ган-Очир найрагчийн нэр ч алга. Удахгүй энэ сарын 28-ны өдөр найргийн тэнгэр ивээж дараах яруу найрагчдаас нэг нь “Болор цом”-ын эзэн болох буй за.

1. Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эргэнэзулай

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Царцаа Намжилын номын багшид С.Болд-Эрдэнэ тоглоно

Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлэх “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид тоглох гэж байна.

Тус театрын хамт олон БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээл”-ийн төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын Монгол ардын үлгэр “Царцаа Намжил”-аас сэдэвлэн бичсэн зохиолыг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байгаа ажээ.

Хүүхдийн уран бүтээлийн урын санг шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор ийнхүү бэлтгэж байна.

Жүжгийн нээлт хоёрдугаар сарын 5-нд УДЭТ-ын тайзнаа болно.

Найруулагаар Б.Хишигзаяа, зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор Б.Цацрал, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир ажилласан байна.

Харин дүрүүдэд царцаа Намжилд Б.Золжаргал, номын багшид С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, банди нарт О.Итгэл, Р.Адъяабаатар, Н.Сэргэлэн, Г.Очирбат, хэрээнд Б.Одончимэг, тогоcт Ц.Аззаяа, сүүлгүй хулганд Б.Шинэбаяр, хулганд Б.Жаргалсайхан, Д.Асардарь, мууранд Э.Тодгэрэл, тэмээнд Ц.Төгсбилэгт, буганд Г.Алтангэрэл, согоонд Г.Номуун, эрлэг номун хаанд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ж.Пүрэвдорж, хатанд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, түшмэлд А.Чингүн, Г.Ганбат, эмгэн шивэгчинд Б.Золзаяа нар тоглохоор болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран дархчууд анхны уралдаанаа хийнэ

Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааныг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Щвейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулах гэж байна. “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” сэдвийн хүрээнд болох энэхүү уралдаанд уран дархчууд алт, мөнгийг дангаар нь эсвэл хослуулан ашигласан гоёлын бөгж, ээмэг, зүүлт урлаж өрсөлдөх ажээ.

Монгол дархчууд гоёл чимэглэлийн зүйл урлаж ирсэн өнө удаан жилийн түүх, уламжлалтай. Уран дархны урлалд нутаг нутгийн онцлог бүхий харилцан адилгүй арга барил, ур хийц гэж бий. Өнөө цагийн монголчууд орчин үеийн хэв загвар бүхий гоёл чимэглэлийн зүйлийг илүү их шимтэн хэрэглэх болсон учир энэхүү уралдаанаар дамжуулан загвар, хэв маягийн шинэ санаа, шинэлэг загвар эрэлхийлэхийг зорьж байгаа гэнэ. Тиймээс уламжлалтаас өөр шинэ арга барилаар, төрөл бүрийн материал ашиглахын зэрэгцээ хуучны хэв донжийг орчин үеийн загвартай хослуулан урлах боломжтой юм байна.

Гоёл чимэглэлийн уран дархчуудын улсын анхдугаар уралдааны бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 15-ны дотор бүтээлүүдийг хүлээн авч шилдгүүдийг шалгаруулан монгол дархны ур ухааны гайхамшиг болсон бүтээлүүдийг нийтэд танилцуулан сурталчлах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадмын бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон.

Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байгаа аж. Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлэх юм. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа маргааш буюу энэ сарын 20-нд дуусах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ илрүүлжээ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгч тодруулдаг утга уянгын “Болор цом” наадам энэ жил эх орны зүүн хязгаар Дорнод аймагт болох билээ. 2005 оноос Эрдэнэт, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болж байсан бол энэ удаагийн наадмын бэлтгэл ажил хэдийнэ хангагджээ.

Өнөөдрийн байдлаар “Болор цом” наадамд 80 гаруй найрагч бүтээлээ ирүүлээд байгаа аж. Урд жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн ч дүрэм ёсоор шилдэг 30 бүтээлийг шалгаруулж, тайзнаа өрсөлдүүлэх юм байна. Яруу найрагчдын бүтээл хүлээж авах хугацаа ирэх баасан гаригт дуусахыг эх сурвалж мэдээлэв. Тэртээ 1983 онд анх зохиогдсон цагаас хойш өдгөө 44 дэх жилийнхээ босгыг алхаж буй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр хаана, ямар тоглолт болох вэ

Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” гурван бүлэг, гурван үзэгдэлт балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд тоглох аж. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны тавдугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд уг балетыг сэргээн тавьсан бөгөөд өдийг хүртэл тус театрын хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг бүтээл болжээ.

ДУУРЬ

ДБЭТ-ын бүтээл төрийн соёрхалт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг энэ амралтын өдрүүдэд тус театрын тайзнаа тоглох аж. Энэхүү дуурь нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй бөгөөд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээснээрээ онцлогтой. Дуурийн гол өрнөл нь “Хан” гүрний ухаалаг, нинжин сэтгэлт Гүн гэрийн гүнж Цай Вэн Жигийн тухай юм. “Хан” гүрнээс хулгайлагдсан Цай Вэн Жин гүнж “Хүн” гүрний хатан болж, хоёр агъ төрүүлнэ. Тэрээр “Хан”, “Хүн” гүрний эв найрамдлын гүүр төдийгүй, харь нутагт ирж хатан болсон ч цөхрөлийг ардаа орхин, Хүн гүрний төлөө бүхнээ зориулсан гүнж юм. Тус дуурийг анх 2005 онд концерт хэлбэрээр тоглож байсан бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүрэн хэмжээний дуурь болон үзэгчдийн хүртээл болсон юм.

ЦИРК

Монголын үндэсний циркийн урилгаар тоглож буй “Олон улсын цирк Демидов”-ын тоглолт үзэгчдийн хүсэлтээр энэ амралтын өдрүүдээр дахин тоглох аж. Тус тоглолтод хамгийн эрсдэлтэй, амь дүйсэн зр зоригийн мото үзүүлбэрийн нэг болох сургуультай араатан амьтдын үзүүлбэр багтаж буй. “Олон улсын цирк Демидов”-ын тоглолтын “Магда” барыг өнгөрсөн баасан гаригт улсын циркээс улсын их дэлгүүр хүртэлх гудамжаар зугаалуулаад зогсохгүй, “Макс Молл” худаалдааны төвөөр шоппинг хийлгээд амжсан юм. Тус тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-35 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цэнхэр нүдэн бүсгүй” балет өнөөдөр тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг тоглох гэж байна.

Энэхүү балетын гол дүр болох дэггүй, дүрсгүй, дурласан бүсгүй Сванильдад балетын залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Анужин гоцлон бүжиглэнэ. Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 3 бүлэг, 3 үзэгдэлтэй. УДБЭТ”-ын тайзнаа тавьсны 50 жилийн ой 2016 онд тохиосон. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны 5 дугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд сэргээн тавьж байжээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл театрын жил бүрийн хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг сонгодог бүтээлийн нэг болсон “Цэнхэр нүдэн бүсгүй”-ээр бүжигчин О.Анужин өнөө орой үзэгчдээ уяраах нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн ордонд “Сэтгэлийн хээ” дэлгэгдэнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М. Ган-Очир 1986 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн зураач эмэгтэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Энэ сарын 17-нд зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” уран бүтээлийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдэх юм. Нийт 30 орчим бүтээл үзэсгэлэнд тавигдах аж. Зураач М.Ган-Очир монгол үндэсний хээнүүдийг абстракт зурагтай “сүлж” уран бүтээл туурвидаг онцлогтой. Түүнтэй ярилцлаа.


-Яагаад Төрийн ордныг сонгож авсан бэ?

-Өмнө нь янз бүрийн галерейд үзэсгэлэнгээ гаргаж байсан. Хээтэй зургууд болохоор Төрийн ордонд илүү зохицох юм шиг санагдсан. Төрийн ордонд бас пүрэв гаригт иргэд танилцах аялал хийдэг юм билээ. Үзэсгэлэн гаргах боломж надад олдсон юм л даа.

-Хэдийнээс хээ танд онцгой мэдрэмж төрүүлж эхэлсэн бэ?

-Хээ бүр багаас содон санагддаг байсан. Аав маань биднийг багад мужаан байлаа. Тавдугаар ангиасаа л аавын хийсэн модон эдлэлийг дүүтэйгээ цуг хээлдэг байж билээ. Түүний нөлөө байсан ч юм уу. Багаас суусан мэдрэмжүүд сөхөгдөж гарч ирдэг юм болов уу даа. Хээ харахаар хүний нүд хөгждөг шиг санагддаг. Магадгүй зураач болоход хээний гүйцэтгэсэн үүрэг их. Хээг би яаж орчин үеийн зурагтай хослуулах вэ гэж их бодсон. Анх навчин хээг ашиглаж абстракт зураг зураад, түүнээсээ хойш хээнүүд маань ар араасаа ундарсан.

-Таны хээгээр урласан бүтээлийг хэн нэгэн худалдаж авсан уу?

– Хээтэй хэд хэдэн зураг зарсан. Монголчууд хээндээ дуртай юм билээ. Зургуудаа энд тэнд үзэсгэлэнд тавихаар “Зарах уу, ямар үнэтэй вэ” гээд асуугаад ирдэг. Энэ зоосон хээг нэг эмэгтэй гэртээ тавихаар худалдаж авсан юм. Зоосон хээ болохоор их билэгшээсэн. Уг нь би нэг их арилжааны чанартай бодож хийгээгүй л дээ. Гэхдээ л тэр хүн зоосон хээ юм чинь гэрт байвал эд мөнгө арвижна гэж билгэдэж авсан юм.

-“Гоолингоо” дууг сонсоход ийм хээ сүлжсэн мэдрэмж төрнө гэдэг сонин юм аа?

– Би ардын дуунд их дуртай. “Гоолингоо” дууг сонсоод түүнээсээ санаа авч “Гоолингоо” зургаа зурсан. Энэ хээг би зохиогоогүй юм. Энэ өлзий хээний төрлүүд. Зоосон хээ гэхэд бас олон янз. “Янзган зоотой шарга” дуунаас санаа авч хийсэн зураг ч бий. Хээ, ардын дуу хоёр их сайхан зохицох юм билээ. Орчин үеийн модерн тавилгатай айл ханандаа өлгөхөд монгол уур амьсгал ханхлах мөртлөө орчин үеийн арга барилаар хийсэн зураг. Энэ зурагний хувьд тухайн үеийн мэдрэмжээс үүдсэн хийсвэр зураг. Мөн хээгээ эвдэж зохиомжилсон зургууд ч байгаа. Өмнө нь би абстракт зургууд зурдаг байсан. Үүн дотроо хээгээ бага багаар оруулж зурсан. Өнгөнүүдийнхээ шийдлийг яаж гоё хослуулах вэ гэж боддог.

-Таны энэ зургийг харахаар зуны халуун санагдаж байна шүү?

-Зун хөдөө явж ирээд зурсан зураг. Зураг сэтгэлзүйтэй холбоотой. Сэтгэл санаа өөдрөг гоё үед зурсан зураг. Одоо яг энэ зургийг харж байгаад дуурайлгаад зуръя ч гэсэн энэ өнгө нь гардаггүй. Энэ цуврал зургууд маань саяхан Солонгос руу үзэсгэлэн явж байгаад ирсэн.

-Та урлантай юу, хаана төвлөрч ажилладаг вэ?

-Би “Бармаш” компанийн байранд урлантай. Урландаа очоод зургаа зурахаар өөр л дөө. Илүү төвлөрч ажиллана.

-Та зургаараа хоолоо олж иддэг гэсэн үг үү?

-Ерөнхийдөө нөхөртэйгээ хамтардаг хувийн ажлууд бий. Зургаа ч зурна. Бармаш дээрх урландаа сургалтын төвтэй. Эцэг, эхчүүд нэг үеэ бодвол хүүхдүүддээ маш их анхаарал тавьдаг болсон шүү дээ. Зураач болохгүй ч мэдрэмжтэй, урлаг ойлгодог болгохыг хүсдэг. Тоо, математикт сайн хүүхдүүдийн зүүн тархи илүү хөгжсөн байдаг. Баруун тархины хөгжилтэй хүүхдийн дуу хөгжмийн сонсгол, уран зургийн мэдрэмж илүү хөгжсөн байдаг.

-Урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Хүүхдийг багаас нь урлагийн талын хичээл, дугуйланд суулгаад мэдрэмжийг нь дэмжвэл баруун тархи нь хөгждөг.

-Гадаадад үзэсгэлэнд их оролцдог уу?

-Их оролцдог. Солонгос, Япон, Германд миний зургууд л яваад байдаг.

-Ямар нэг амжилт үзүүлсэн үү?

-Тэр үзэсгэлэнгүүдэд Монголоосоо оролцоно гэдэг амжилт гэж боддог. Зураач бүр өөрийн ертөнцийг зурдаг. Тийм учраас тэрний ертөнц илүү, тэрнийх дор гэж болохгүй л дээ. Нэг их айхавтар тамирчид шиг уралдаанд оролцохыг хүсдэггүй.

-CD-гээр бас уран бүтээл хийж байжээ. Зураач нар юмыг өвөрмөц нүдээр харах юм аа. СD-г хүртэл урлагийн бүтээл болгочих юм?

– CD гэрлийн тусгалаар өнгө нь өөрчлөгддөг. Тэрийг бүтээлдээ ашиглаж байсан юм. Урлаг хөгжөөд маш дээд түвшиндээ хүрсэн. Европт бүр XX зууны үеэс бэлэн бүтээгдэхүүн ашигладаг урлаг хөгжсөн. Ахуйн эд зүйлсийг уран бүтээлдээ ашигладаг поп артын төрөл гэх юм уу даа.

-Уран бүтээлд тань говийн хүний мэдрэмж хэр их үлдсэн бэ?

-Тусдаг байх аа. Намайг сурч байхад манай ангид арав гаруй хүүхэд байсан. Гаднаас нь харахад 18-19-тэй хүүхдүүд. Зурахаараа зарим нь хар бараан, улаан хүрэн өнгөөр зурдаг. Өссөн орчин их нөлөөтэй. Хэрвээ би хотод төрж өссөн бол ингэж хээ зурах ч байсан юм уу үгүй ч юм уу.

-Ардын дуу, хээ гэдэг орчин үеийн залуусаас өөр мэдрэмж л дээ?

-Гэхдээ тийм ч хуучинсаг хүн биш л дээ. Орчин үеийн хөгжимд дуртай. Техно жаз хөгжимд дуртай. Гэхдээ л багад суусан мэдрэмж хүнийг дагаж явдаг юм билээ.

-Нутгийн хүмүүс тэр уул хайрхныг зураад өгөөч гэж хүсдэг үү?

-Юу зураад өг гэснийг нь зурдаг. Би чинь уран зургийн анги төгссөн шүү дээ.

-Дуучныг дуу дуулаад өгөөч гэдэг шиг зураачийг “Намайг зураад өгөөч” гэдэг үү?

-Тэгж ярихаас биш ажил хэрэг болгоод урланд зорьж ирсэн хүн байгаагүй ээ. Хүн зурах үе байдаг л даа. Энд тэнд явж байгаад харандаагаар хар зургаар таньдаг хүнийг зураад бэлэглэсэн удаа бий. Нөгөө хүн баярлаад нүүр хуудастаа тавьчихсан тохиолдол ч байсан. Тиймэрхүү юм тохиолдоно. Зураач хүний амьдрал юм даа.

-Зураачийн амьдралд нэг шинэ юм ороод ирэхээр уран бүтээлд нь нөлөөлж байдаг уу?

-Тийм юм маш их. Зун хөдөө яваад ирэх, гадаад яваад ирэхээр арай өөр мэдрэмж төрнө. Би хүүхэдтэй болчихоод сүүн цагаан, шар өнгөтэй зураг их зурсан. Нэг хэсэг эмээгээ өнгөрсөнөөс хойш бараан өнгө зонхилдог болчихсон байсан л даа.

-Эмээгийн хайртай хүүхэд байсан уу?

-Би зураач, дараагийн дүү дизайнер. Бидний уран бүтээл эмээтэй холбоотой. Эмээ их уран хүн байсан. Хөдөөний малчин хүн гэхэд их мэдрэмжтэй. Эмээгийн дэргэд өссөн болохоор эмээгийн нөлөө их бий. Жирийн нэг эмээ байгаагүй. Их ондоо хүн байсан. Эмээгээ дуурайсандаа баярладаг. Эмээтэйгээ цуг дуу сонсдог байж билээ. Эмээ дагаж дуулаад “Яаж ингэж гоё үг, аялгуу зохиож байна аа гэдэг сэн. Хүүхдүүдийнхээ хувцсыг бүгдийг оёдог. Их уран хүн байсан. Зураач болоход маань эмээ их нөлөөлсөн гэж боддог. Ээжийн талынхан дуучин хүмүүс. Бага дүү дуучин. Өөрсдөө аяндаа мэргэжлээ сонгосон.

-Та их хөдөлмөрч хүн юм аа?

-Аав өглөө таван цагт босоод ажилладаг байсан. Ээж, аав их хөдөлмөрч улсууд. Би тийм хөдөлмөрч биш ч аав, ээжийн нөлөө бий. Хүмүүс намайг хөдөлмөрч л гэдэг. Гэхдээ аав шигээ өглөө тавд босч зургаа зурахгүй л байгаа юм.

-Манай нийгэм танд ямар өнгөөр төсөөлөгддөг вэ?

– Надад их гэгээлэг санагддаг. Ямар ч нийгэмд асуудал байлгүй яах вэ. Гэхдээ манай орон залуус хөгжих боломжтой азтай улс. Дуртай орондоо очиж сурах боломжтой. Монгол улс маань цаашдаа их хөгжих байх гэж боддог.


Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-ын бүртгэл энэ сарын 20-нд хаагдана

Оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ жил Дорнод аймагт болно. 34 дэх удаагаа зохион байгуулагдах тус наадмыг энэ жил “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн агсны 70 жилийн ойн хүрээнд болно.

Наадам энэ сарын 28-нд болох бөгөөд наадмын бүртгэл өнгөрсөн сарын 20-нд эхэлж, энэ сарын 20-нд хаах юм байна. Жил бүр 100 гаруй яруу найрагч бүртгүүлдэг ч зөвхөн 30-ийг нь шалгаруулж, хоёрын даваанаас тайзнаас унших эрх олгодог. Харин “Болор цом”-ын эзэд урилгаар оролцдог билээ.

Өнгөрсөн жилийнхт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлсэн бол энэ жил хэн байх нь оньсго мэт байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн зохиол “Алтан өд” хүртлээ

Монголын утга зохиолын оны шилдэгүүдийг тодруулдаг “Алтан өд” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадам төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл болсон МЗЭ-ийн 88 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлог юм. Зохиолчдын хүсэн хүлээж жилийн хөдөлмөрөө үнэлүүлдэг энэ наадам бусад салбарын наадмуудын шалгаруулалтыг бодвол шударга болдог. Яагаад гэвэл уран бүтээлчдийн сэтгэлийн охиор тэжээгдсэн тэр жилийн бүтээлүүдэд нь гадны хир буртаг орох ёсгүй юм. Үе үеийн шилдэг зохиолчдын ариун шүншиг оршсон МЗЭ хэмээх энэ байгууллага ч үүргээ ухамсарлан наадмыг нэр төртэй ёстой зохион байгууллаа.

Ингээд яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл томоохон хэмжээний бүтээл, жүжиг киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиолын бүтээл зэрэг есөн номинацид шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя.

“АЛТАН ӨД-2016” наадмын утга зохиолын шилдэг бүтээлүүд:

  1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр – Зохиолч Ш.Энхбаярын “Болжмор, “Шоовдор”

  1. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр – Зохиолч Д.Жамъянгийн “Сарны шувуу”

  1. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр – Зохиолч Т.Бум-Эрдэнийн “Дотроосоо”

  1. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл – Зохиолч Л.Дашнямын “Байх, байх үгүйн дунд”

  1. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр – Судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын “Гэгээг хүсэх, Мананд бэдрэх”

  1. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр – Зохиолч П.Батхуягийн “Эсрэг цаг-3”

  1. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр – Зохиолч Д.Дашмөнхийн “Цэвэрхэн саруулхан газар”

  1. Жүжиг, киноны шилдэг зохиолоор – Ш.Гүрбазарын ” Жаргаагүй нар”

  1. Яруу найргийн шилдэг бүтээлээр – Яруу найрагч Я.Баяраагийн “Таслал” тус тус шилдгээр шалгарлаа.