Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг-2022” наадмын эхний шатны дүн гарлаа DNN.mn

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмын эхний шатанд ирсэн 80 өгүүллэгийг Удирдах Зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн уншиж шүүгээд, дараах 10 өгүүллэгийг шалгарууллаа.

1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно.
Шалгарсан өгүүллэгийн зохиолчид “Утгын чимэг” наадамд унших жүжигчдийнхээ нэрсийг 2022 оны 12 дугаар сарын 26-наас өмнө МЗЭ-ийн менежер П.Наранбаатарт өгнө үү!

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадамд тэргүүлж “Болор цом”-ын эзэн болсон М.Амархүүтэй ярилцлаа.


-“Болор цом-40” яруу найргийн наадамд тэргүүлж “Болор цом”-ын эзэн болсон танд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Энэ бол миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн гэдэг нь нэг талаасаа харагдаж байгаа юм. 21 жил тэмцээнд оролцож 21 дэх жилдээ “Болор цом” хүртлээ. 1990-ээд оны эхээс тус наадамд оролцож эхэлж, тусгай байруудад ч шалгарч байсан ийм наадам юм. “Болор цом”-ын эзэн болох энэ хүртэлх хугацаанд би улсын чанартай нэрэмжит яруу найргийн наадмуудад есөн удаа цом өргөж, нэг жанжны сэлэм өргөсөн. Нэг үгээр хэлбэл, байнгын бэлтгэлтэй улсын шигшээ багийн тамирчин шиг амжилттай явж ирсэн. Тэгэхээр “Болор цом” надад гэнэтийн цочир үйл явдал биш юм. Олон жилийн хүч хөдөлмөр шаардагдаж, шат дараалалтайгаар явж “Болор цом”-ын өндөр босгоор давж, өндөр тавцан дээр зогслоо гэж бодож болно.

-Яруу найргийн салбар утга зохиолд та хэрхэн орох болсон бэ, түүхээсээ хуваалцаач?

-Би 1990 оноос мөнгөн үеийнхэн гэгддэг яруу найрагчдын дунд, өнөр бүлд орж ирсэн. Манай мөнгөн үеийнхэн Монголын утга зохиолын шинэчилсэн давлагаа, шинэчлэл гэж үнэлэгддэг. Энэ сайхан үеийн төлөөлөл болсондоо их баяртай байдаг. Анхны шүлэг бичиж байсан үе гэвэл 1985 оны үед Зэвсэгт хүчний 016 нэгтгэл 096 ангид цэргийн алба хааж байх үедээ шүлгүүдээ бичиж байсан. Энэ нь үргэлжилсээр сургуулиа төгсөөд, 1990-ээд оных руу орж ирсэн. Үүнээс хойш утга зохиолын салбарт тасралтгүй явж байна даа.

-Анх яруу найрагт ороход нөлөөлсөн, дурлуулсан хүн гэвэл хэнийг хэлэх вэ?

-Цэрэгт анхны шүлгүүдээ бичиж байх үед армийн “Улаан-Од” сонинд миний шүлгүүд гарч байсан. Ер нь цэрэг дайчдын сэдэв миний хамгийн анхны яруу найрагт дөрөөлж орж ирсэн сэдэв юм. Тийм учраас энэ сэдэв рүү их ойр байж, Батлан хамгаалахын наадамд цом өргөж, дараагаар нь жанжин сэлэм хүртсэн. Тэгэхээр цэргийн энэ үе надад их нөлөөлсөн. Сүүлд нь Монголын өмнөх үеийн томоохон яруу найрагчдын бүтээлүүд бол миний багш юм. Д.Нацагдорж, Б.Явуухулан гээд бүгдийг л уншдаг байлаа. 1990 оноос хойш миний бүтээлд гүнзгий нөлөөлсөн хүмүүс гэвэл Сүхбаатар аймгийн гурван яруу найрагч бий. Тэдний нэг нь О.Дашбалбар ах. О.Дашбалбар ахын хажууд би их ойр байсан.Г.Мэнд-Ооёо, Эрээнцавын Д.Нямсүрэн гээд Сүхбаатар нутгийн найрагчид, мөн Б.Лхагвасүрэн ах нар миний уран бүтээлд гүнзгий нөлөөлсөн. Мөн миний хамгийн их ойр дотны найз байсан Монголын 1980-аад оны сүүл үеийн нэртэй том яруу найрагчид болох Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нар надад их хүчтэй нөлөөлж би их ойр дотно нөхөрлөж явсан. Эдгээр хүмүүсийн нөлөө маш их бий. Дээрх нэрийг нь дурдсан хүмүүс бол намайг эргэлт буцалтгүйгээр яруу найрагт шимтэн дурлуулсан хүмүүс юм.

-Таны үеийн Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ гээд мундаг яруу найрагчид байсан гэлээ. Та энэ хүмүүсийн талаар дэлгэрүүлээч?

-Би ярихдаа их тааламжтай байна. Ж.Болд-Эрдэнэ Ленинградын театрын зураачын сургууль төгссөн театрын зураач хүн. Мөнгөн үеийн яруу найргийн цээжний, гол толгой яруу найрагч. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, “Гоо марал” үзэгдэл болсон ном зохиол гаргаж байсан. Ш.Уянга Москвагийн геодези зураг зүйн дээд сургууль, МУИС-ийн физикийн ангийг зэрэг төгссөн. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны товчооны гишүүн байсан. Манай үеийн хамгийн анхдагч боловсролтой яруу найрагч гэж хэлж болно. Үүний дараагаар утга зохиолын өндөр боловсролтой яруу найрагч гэвэл Г.Аюурзана, Ц.Буянзаяаг нэрлэхэд таатай байна.

-Архангайн утга зохиолын нэгдэлтэйгээ та ойр байсан уу, ер нь ямар байсан бэ?

-Намайг хөдөө орон нутагт зургийн багшаар сургуулиа төгсөөд 1990 оноос өмнө ажиллаж байх үед Архангай аймгийн Утга зохиолын нэгдэл ажиллаж байсан. Энэ утга зохиолын нэгдэл 1955 онд байгуулагдсан. Утга зохиолын нэгдлээс “Хангайн цом” наадмыг зохион байгуулдаг байлаа. “Хангайн цом” наадмын үед наадамд оролцдоггүй, очиж үздэг л байлаа. Миний эргэн тойрон, хүрээлэлд аймгийн урчуудын салбарын зураач нар их ойр байсан. Одоо бодоход манай зураач нар бүгд л яруу найраг сонирхдог мундаг хүмүүс байж дээ. Ингэж явсаар 2016 онд н.Минжинсайхан тэргүүтэй хүмүүс утга зохиолын нэгдлийг “Хан тамир” гэж нэр өгөн байнгын ажиллагаатай, Улаанбаатар төвтэй, Архангай аймагт төлөөлөлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагаа сэргээж байгуулсан. Үүнээс хойш би тасралтгүй зохион байгуулагддаг үйл ажиллагаанд нь оролцож явж байна даа. Хамгийн анхны оролцоо минь гэвэл “Хан тамир” утга зохиолын нэгдлийн логог зурж оролцож байсан. Манай нэгдэл Монголын зохиолчдын эвлэлийн салбарын харьяалалтай байдаг. Маш олон ажлыг зохион байгуулснаас хамгийн том нь “Хангайн цом” яруу найргийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болсон юм.

-Утга уран зохиолоос гадна мөн шог зураг зурдаг гэсэн үү, энэ талаар тодруулаач?

-Дүрслэх урлагийн хувьд би 1990-ээд оны зураач. Би зураасан зургийн мэргэжлийн хүн учраас номын чимэг зураг, шог зураг миний уран бүтээлийн гол байрыг эзэлдэг. Энэ хугацаанд Монголын урчуудын эвлэлийн “Art” галерейд бие даасан үзэсгэлэн, хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд ч оролцож байлаа. Шог зургийн үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байна. Одоогоор оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцох гээд бүтээлээ хийж байна даа. Урчуудын эвлэлийн 80 жилийн ой тохиож байгаа, үүний угтал болгоод дүрслэх урлагийн бүтээлүүдээ хийгээд явж байна. Үндсэндээ 450 орчим номын ялангуяа утга зохиолын номын чимэг зураг хийсэн байна. Сүүлийн 1990 оноос хойш гарсан Монголын утга зохиолын номын 70 хувь нь миний бүтээлүүд байгаа. Урлаг судлаачид намайг “Явдаг галерей” гэж хэлж, бичиж байсан. Энэ нь бас нэг үнэлгээ юм.

-Тэгвэл ямар үед танд уран бүтээлийн шинэ санаа, онгод илүү их төрдөг вэ?

-Хүмүүс намайг хоймсон уран бүтээлтэй, хос мөртэй гэж Монголын нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо ахаас эхлүүлж нэрлэсэн. Түүнээс хойш хүмүүс тэгж хэлдэг болсон байна лээ. Энэ хоёр уран бүтээл нь нэг нэгнийгээ нөхөж байдаг. Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол унших уран зураг. Зураг зурж байхад шүлгийн санаа төрдөг, шүлэг бичиж байхад зургийн санаа төрдөг гээд энэ их үнэн юм байна лээ. Ялангуяа яруу найрагт минийх дүрсэлгээ нь их өвөрмөц бусад яруу найрагчаас давуу талтай байх.

Монголын утга зохиолд дүрслэл сэтгэлгээний өөр өнгө аяс оруулж ирэхийг зорьсондоо хүрч сэтгэл хангалуун явж байгаа. Цаашид ч улам хөгжүүлж хийе гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, би уран бүтээлийн өөрийнхөө ертөнцийг бий болгосон хүн. Үүндээ маш аз жаргалтай байдаг. Миний шүлгүүд бусдаас ялгагдана, танигдана.

-Яруу найраг таны хувьд юу вэ, шүлэг яруу найргийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

-Яруу найраг гэдэг бол үгийн урлаг, тэр дундаа хөгжимлөг, сэтгэлгээний, дүрслэх урлагаар маш уран тансаг зураг, сийлбэр юм. Яруу найрагч хөгжимтэй, сэтгэлгээтэй, уртай, утгатай хүн. Утга зохиолын хаан төрөл гэж нэрлэдгээс харахад яруу найраг утга зохиолын хамгийн хэцүү төрөл. Энэ хугацаанд яруу найргийн наадмуудын хувьд урам, өөрийгөө харах хэмжүүр юм. Ямар түвшинд байна, уншигчдад өөрийгөө илэрхийлэх, тэдэнтэй хамгийн ойр байх хэлбэрүүдийн нэг гэж боддог. Голлон уран бүтээлийг дүгнэхэд яруу найргийн ном юм. Ном бүтээл л яруу найргийн эцсийн хэмжүүр.

-Та 15 ном гаргаж байсан гэсэн үү?

-Тийм. Анхны ном гэхэд Монголын зохиолчдын эвлэлийн анхны номны уралдаан, шалгаруулалтад орж шалгарч хэвлэгдэж байсан. Миний бүтээлүүд дотор зохиолчдын эвлэлийн шагнал, утга зохиолын төрлөөр “Алтан-Өд” шагнал авсан ч ном бүтээлүүд минь бий. 2017 онд Монгол Улсад болсон дэлхийн яруу найргийн Их хурлын үеэр миний англи хэл дээр гарсан “Хөх цом” гэдэг нимгэн боршур ном маань Тайванийн утга зохиолын яруу найргийн алтан медаль хүртсэн нь гадаадаас авсан шагнал юм. Хамгийн сүүлд “Хөх цом” гэж ном гаргасан. Энэ бол миний яруу найргийн 16 дахь ном юм. Үүнээс гадна хүүхдийн зохиолын төрөл миний утга зохиолын гол бүтээл туурвидаг төрөл. Хүүхдийн зохиолын нийт 23 ном хийж бүтээсэн.

-Таныг архи согтууруулах ундаа их хэрэглэдэг хүн байсан гэж сонссон. Архинаас хэрхэн гарсан юм бэ?

-Би архинд баярладаг. Архийг сурталчилж байна гэж битгий бодоорой. Энэ бол хүн төрөлхтний хамгийн том хүндэтгэл, нээлт. Хүний хэрэглээнээс л шалтгаалдаг, хэтрүүлж, донтож хэрэглээд асуудалд орооцолдох гээд төрөл бүрийн зүйлс л тохиолдоно. Гэхдээ би шүтэж уусан хүн. Олон улсын шагнал хүртэж, бүтээл маань ч сайхан болж, номнуудаа ч гаргаж байсан. Жоохон идээ будаа хүртсээн, өмнө нь ч бага зэрэг амсдаг байж ширүүн хүртсэн. Гэхдээ би эвдэрч хүмүүсийг доромжилж, элдэв бусын зан авир гаргаагүй гэдгийг миний ойр дотны хүрээлэл зураачид, зохиолчид сайн мэднэ. Сэтгүүлчид ч мэднэ.

Энэ жилийн “Болор цом” их өндөр зохион байгуулалттай болсон. Ер нь цахим орчинд олны сэтгэгдлээс харахад М.Амархүү түрүүлээсэй гэсэн хүмүүсийн хүлээлт их байсан юм байна лээ. Энэ жил хүлээлт нь болж “Болор цом”-д түрүүлсэн. Шүүлт өндөр түвшинд явсан гэж сонссон, дектафон тавьж, хяналтын зөвлөлөөс давхар хяналт тавьж, оноонуудыг шууд нэмж газар дээр нь гаргаж олон түмний нүдэн дээр ил болсныг үзсэн ард түмэн хэлж байна лээ. Наадмыг чин шударгаар зохион байгуулсан Монголын зохиолчдын эвлэлийнхэндээ талархал илэрхийлэх ёстой гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

​Д.Пүрэвдорж “амилсан” өдөр DNN.mn

Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ахин дахин сонсоход их найрагч хүүхдийн цээл хоолойгоор тусгаар тогтнолын үнэ цэнийг зүрхэнд сийлэх шиг санагдана. Ерөнхий боловсролын “Үй цай” сургуульд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найргийн наадам арав дахь жилдээ боллоо. Улс тунхагласан өдөр, Монгол бахархлын өдрүүд шил дарсан болоод ч тэрүү хүүхдүүд “Тусгаар тогтнол” шүлгийг нь олонтаа сонгожээ. “Урлаг” танхимд Д.Пүрэвдоржийн шүлгүүд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдээр дамжин амилж байлаа. Гучдугаар сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч, хөх дээлтэй Б.Нарантунгалаг “Хөх даалимбан тэрлэг” найраглалын гол баатар эмэгтэй ийм л байсан болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлэв.

“Тэсгэл алдсан сэтгэл гэдэг

Тэгтлээ амархан уулзах юм шиг

Тэнгэр өнгөтэй цэнхэр даалимбаар

Тэр өдөртөө тэрлэг эсгэлээ”…хэмээн уран уншиж, бүсгүйн сэтгэлийг танхимд цацсан Б.Нарантунгалаг ахлах насны ангилалд тэргүүн байр хүртсэн юм.

Ковидын жилд цахимаар өрнөсөн уг наадамд энэ жил өмнөхөөс олон хүүхэд зорьж ирсэн тухай зохион байгуулагчид нь дурдаж байна лээ. Замын-Үүдийн оролцогчид өглөө галт тэрэгнээс буун наашилж байгаа чимээтэй. Монгол дээлээр гангарсан хүүхдүүд үзэгчдийн танхимд суужээ. “Гоё дээлтэй хүүхэд шалгаруулна” гэж “Үй цай” сургуулийн захирал Д.Цэцэгмаа хэлсэн. Хятад хэлний сургалттай уг сургуульд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26, Бүгд найрамдах Улс тунхагласан өдрийг угтан ийнхүү багш сурагчид үндэсний хувцсаар гангарч, эх оронч үзэл санаа ханхалдаг. Уг сургууль дахь Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл, уран зохиолын танхимын хананд Монголын яруу найрагч, зохиолчдын хөрөг байрлуулж, номын шүүгээнд тэдний зохиол өрөөстэй үзэгдэв. Өглөө сурагчдыг сургуульдаа ирэхэд их найрагчийн шүлгүүд цуурайтаж байх нь олонтаа. Гадаад хэл үзэж буй хүүхдүүдэд, эх хэлний боловсрол чухал гэж энэ сургуулийн захирлууд үздэг юм билээ.

Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, Замын-Үүд, Дорноговийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Эзэн заяа”-д оролцохоор зорьж иржээ.

Тэд нэгдүгээр шатанд Д.Пүрэвдорж найрагчийн шүлгээс уран уншиж, хоёрдугаар шатанд шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу 10 минутын хугацаанд шүлэг зохиож унших даалгавар авсан. Хоёр шатны нийлбэр оноогоор бага, дунд, ахлах ангийн ангилал тус бүрийн шилдгүүд тодорлоо.

Бага насныхан өөртөө ахадам “Тусгаар тогтнол” шүлэг, “Сэгс цагаан богд” найраглалаас торохгүй уншиж байлаа.

“Ертөнц” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Бадралын Гоодаль “Буурай эмээ” шүлгийг сэтгэлд хоногштол уншив. Эмээ нь түүнийг уг наадамд сойжээ. Эмээ нь “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр олны танил болсон жүжигчин Ш.Цэцэг юм. Тэрбээр ач охиныхоо заавраар гавьяатын тэмдгээ энгэртээ зүүжээ.

Б.Гоодаль, эмээ хоёртой цөөн хором ярилцаж амжлаа.

-Ингэхэд Б.Гоодаль маань “Буурай эмээ” шүлгийг яагаад сонгосон бэ?

– Эмээтэйгээ дотно болохоор энэ шүлгийг сонгосон.

– Энэ шүлгийн буурай эмээ эмээтэй чинь адилхан санагдсан уу?

-Энэ шүлгийг уншиж байхдаа эмээгээ өрөвдөх, хайрлах сэтгэл төрж байсан.

-Хэр удаан цээжилсэн бэ, хэцүү байв уу?

-Бага зэрэг хэцүү байсан.

Д.Пүрэвдорж гуайн өөр шүлэг мэдэх үү?

-Ммм… бараг мэдэхгүй ээ.

-Эмээ нь жүжигчин болохоор хүмүүсийн сэтгэлд хүртэл уншихад чинь нөлөөлсөн болов уу?

-Нөлөөлсөн. Сэтгэлээсээ, нүдэндээ харж, бүх утгыг нь ойлгож чанга унш гэж эмээ маань зааж өгсөн.

-Том болоод ямар мэргэжилтэй болох сон гэж боддог вэ?

-Сэтгүүлч гэв.

Харин түүний эмээ гавьяат жүжигчин Ш.Цэцэг “Би кино жүжигчнээр ажиллаж, Кино урлагийн дээд сургуульд багшилж байгаад, тэтгэвэртээ суусан. Хүүхдүүдтэй ажиллаж байсан болохоороо ач охинтойгоо ажиллахад гайгүй л байна. Охиндоо ганц нэг юм хэлж өгдөг юм. Би нэг их ажиллаад, үйлээ үзсэн юм байхгүй ээ. Хамгийн гол нь би “Үгээ хүргэ. Шүлгээ сайн ойлгож байж үг чинь гарна шүү” гэдэг юм. Би охиноо жүжигчин болох юм болов уу гэхээр сэтгүүлч болно л гэдэг юм, том болохоороо бас хүүхэд өөрчлөгдөнө шүү дээ” хэмээн хуучиллаа.

Тэрбээр хоёр хүүтэй.

-Том нь “Би чамд хайртайгийн Баяраа”, бага нь бас “Гарын таван хуруу”-гийн бага хүүд тоглосон. Баяраагийнх (Н.Бадрал) энэ л охинтой, бага хүү маань дөрвөн хүүхэдтэй” гэж гавьяат ярив.

“Монгени” цогцолбор сургуулийн наймдугаар ангид суралдцаг Б.Мөнхжин

“Их цагаан сүлдэнд мөргөх айлтгал” хэмээх том шүлэг сонгож авсан байлаа. Сүрлэг, хүчтэй хоолойгоор хэзээ язааны жүжигчин аятай уншсан тэрбээр улаан залаат монгол малгай, дээл хувцас өмсчээ.

-Энэ шүлгийг яагаад сонгов?

-Түүхийн хичээл дээр Чингис хаанаас хойших хаадын олон харуусалтай түүхийг үзэж байгаа. Энэ бүхнийг бодож байгаад энэ шүлгийг харсан чинь өөрийн эрхгүй дотор огшоод, яагаад ч юм энэ бүхнээс уучлал гуймаар санагдаад, энэ шүлгийг сонгосон юм.

-Хэр удаан бэлтгэсэн бэ?

– Шүлгийн номыг хайсаар уралдаанд орохын өмнөх өдөр л бэлтгэсэн. Ер нь би тэмцээн уралдаанд дандаа ордог болохоор шүлэг хурдан цээжилчихдэг л дээ. Богино хугацаанд цээжилсэн болохоор үгээ мартах шахсан.

-Итгэл үнэмшилтэй гоё уншсан л даа, жүжигчин болохыг хүсдэг үү?

-Би эдийн засагч болно гэж боддог. Гэхдээ урлагаа орхихгүй. Аль алийг нь зэрэг хөгжүүлээд явахыг хүсдэг. Миний аав жүжигчин, найруулагч Д.Батбаатар гэдэг хүн бий. Гэхдээ ааваас илүү ээж маань урлагаар явахыг дэмждэг. Аав маань өөрөө жүжигчин болохоор намайг урлагийн замаар явуулахыг нэг их хүсдэггүй. Ээж маань урлаг, спорт, хичээлдээ ч сайн байх хэрэгтэй, тэгш хөгжүүлэх ёстой гэдэг.

-Малгай, дээл хувцас нь их гоё юм аа?

-Тэмцээн болгонд зориулж хувцсаа бэлтгэдэг. Тайзаа, үзэгчдээ хүндэтгэдэг, бас шүлгээ амилуулахад их дөхөм болдог. Хувцсаа өмсөөд шүлгээ уншихад өөр байдаг.

-Д.Пүрэвдорж гуайн өөр шүлэг мэдэх үү?

– Хэдэн жилийн өмнө хоёр шүлэг цээжилж, энэ наадамд оролцож байлаа.

-Шүлэг яруу найраг чамд юу өгдөг вэ?

-Өөртөө итгэх итгэл өгдөг. Ой тогтоолт сайжирдаг. Ямар ч шүлгийг хэдэн цагийн дотор цээжилдэг. Тэсвэр хатуужилтай болгодог гэв.

“Уулын горхиноос би гүн үү гэж асуулаа

Ус үзээгүй чамд бол гүнзгий гэж хариуллаа” гэсэн шүлгийн мөрүүдийг их найрагчийн ач, нэгдүгээр ангийн сурагч Х.Гэгээн-Учрал уншсан юм. “Гэртээ их хөөрхөн уншиж байсан. Харин сая тайзан дээр гараад гацчихлаа” хэмээн Д.Пүрэвдоржийн бэр П.Нямцэцэг тайлбарлав. Тэрбээр зохиолч С.Пүрэвийн охин юм билээ. Бэр нь найрагчийн номуудын эхийг бэлтгэдэг байсан гэнэ. Д.Пүрэвдоржийн нэрэмжит танхимд П.Нямцэцэг, “Үй цай” сургуулийн захирал Д.Баяраа нарын хооронд ийм яриа өрнөлөө.

“Анги танхим тохижуулаад, ном зохиолыг нь тавьчихсаныг харахад их л сайхан санагдсан. Тухайн үедээ бид иймэрхүү юм хийнэ гэж сэтгээгүй. Хүүхдүүдийн дунд уралдаан зохионо, шүлгийг нь уншуулна гэдэг чухал. Шүлгүүд нь давтагддаг ч нэг хүүхэд уншихаар нэг юм олж сонсоод дараагийн удаа сонсохоор дахиад нэг юм олж мэдэж суулаа” хэмээн П.Нямцэцэг талархав.

-“Пап барагтай урилганд явдаггүй. “Үй цай” сургуульд зочлоод ирэхдээ “Надад 100 доллар өгсөн” гэж ярьж байсан хэмээн тэр инээж байна.

-“Ийм юм өгөөд байвал дандаа ирээд байх юм биш үү” гэж наргиа болгож байсан гэж Д.Баяраа захирал бас дурслаа. Д.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаан зохиох болсон тухайгаа захирал ийнхүү тайлбарлав.

-Одоогоос 15 жилийн өмнө “Үй цай” сургууль үүсгэн байгуулагдсаны арван жилийн ойн үеэр “Нууц товчоо”, морин хуурыг айл болгон гэрийнхээ хойморт залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан юм. Дунд сургууль Ерөнхийлөгчийн энэ зарлигийг хэрэгжүүлэх ёстой юм байна гэж бодсон.

Д.Пүрэвдорж гуайтай өмнө нь ч харилцаад “Улаан зүүд” романыг нь ивээн тэтгэж хэвлүүлсэн удаатай. “Нууц товчоо”-г залахдаа их найрагчийг урьсан юм. Тэгсэн чинь Д.Пүрэвдорж гуай маань нутгийн дүү Н.Жанцанноровыг дагуулаад ороод ирсэн. Морин хуурыг залахад хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нууц товчоог залахад нутгийн ах Д.Пүрэвдорж гуай маань байлцсан нь их хувь ерөөл гэж санадаг. Одоо ч “Үй цай” сургуулийн маань үүдээр ороход хойморын шилэн хоргонд “Нууц товчоо”, морин хуур залаастай хэвээр байдаг. Энэ хоёр эрхэм хүн сайхан ерөөсөн нь “Үй цай боловсрол арван жил” гэсэн номонд маань бий. Дараахан нь Д.Пүрэвдорж гуай маань Хөдөлмөрийн баатар болсон. Бие нь тааруу байсан, удалгүй мөнх бусыг үзүүлсэн дээ. Гадаад хэлний сургалттай сургуулийн хувьд эх хэлний сургалтыг дэмжих ёстой гэж боддог. Эх хэлний ярих бичих уншиж ойлгох чадвар өндөр байх тусмаа гадаад хэлний боловсролд сайн нөлөөтэй. Энэ үүднээс эх хэлний сургалтыг дэмжиж, Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит кабинет байгуулсан. Дараа нь бид Д.Пүрэвдоржийн онгод халгисан уран уншлагын наадам зохион байгуулахаар шийдсэн юм. Гадаад хэл үзэж байгаа хүүхдүүдэд эх оронч хүмүүжил чухал. Их найрагчийн “Тусгаар тогтнол” шүлэгт “Эзэн заяа” гэсэн үг байдаг. Энэ үгээр наадмаа нэрлэсэн юм. Д.Пүрэвдорж гуай манай сургуульд ирж “Нууц товчоо” залах үедээ “Эрдэмд эзэн заяатай байгаарай” гэж сурагчдад захисан юм хэмээн Д.Баяраа захирал хуучлав.

Ахлах насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн “Үй цай” сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч С.Төрмандах “Буханвальдаас ярьж байна” хэмээх онцгой шүлэг сонгожээ.

-Энэ шүлгийг хэр удаан бэлтгэсэн бэ, яагаад энэ шүлгийг сонгов?

– Долоо хоног зарцуулсан. Би өөрийгөө эх оронч хүн гэж боддог. Сэтгэл хөдөлгөсөн шүлэг таалагддаг. Дайн хүсэх зүйл биш гэдгийг харуулахаар энэ шүлгийг сонгосон.

Д.Пүрэвдоржийн ”Тусгаар тогтнол”, “Чингис” шүлэг нь алдартай. Бусад шүлгийг нь уншсан ч энэ шүлэг нь онцгой санагдсан гэв.

Шүүгчдийн нэг, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга сурагчдад зориулж, их найрагчийн “Урт намар” шүлгийг уншиж сонирхуулсан юм. Тэрбээр сурагч байхдаа 280 гаруй шүлэг цээжээр мэддэг байсан гэнэ. “Шүлэг уншихад тухайн он цагт очих шиг болдог. Монголын яруу найргийн охь дээж болсон шүлэг яруу найргийг цээжлэхэд өөртөө итгэх итгэл нэмэгддэг төдийгүй, хэлсэн үг ч утга учиртай болдог” гэж тэрбээр хүүхүүдэд зөвлөсөн юм.

П.Батзаяа

Categories
мэдээ утга-зоxиол

Яруу найрагч М.Амархүү 40 дэх удаагийн “Болор цом”-ын эзэн боллоо DNN.mn

“Болор цом” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн яруу найрагч Мягмарын Амархүү тэргүүн байр эзэлж, “Болор цом”-ын эзэн боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам зохион байгуулагдсан түүхтэй. Харин энэ жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулан зохиож буй Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” наадмын хоёрдугаар шатанд дараах 40 яруу найрагчид шүлгээ уншин өрсөлдсөн юм.

1. М.Амархүү (Архангай)
2. Ш.Бадамрагчаа (Хөвсгөл)
3. А.Байгальмаа (Дорноговь)
4. На.Батболд (Булган)
5. Г.Батжавхлан (Увс)
6. Л.Батсайхан (Улаанбаатар)
7. Т.Батхүрэл (Өмнөговь)
8. Б.Буянцэцэг (БНХАУ- Шинжаан)
9. А.Бөхням (Завхан)
10. Б.Бүргэд (Дээд Монгол)
11. С.Бүрнээ (Ховд)
12. Д.Галсансүх (Хэнтий)
13. Э.Гантулга (Дундговь)
14. Б.Ганхүрэл (Говь-Алтай)
15. Ч.Ганзориг (Баян-Өлгий)
16. Ц.Гончиг (Хөвсгөл)
17. П.Гэрэлхүү (Дорнод)
18. Д.Дашдондов (Орхон)
19. Б.Жамбалдорж (Ховд)
20. Г.Лхагвадорж (Завхан)
21. Л.Лхагвасүрэн (Улаанбаатар)
22. Л.Мажиггарав (Булган)
23. Л.Моломжамц (Өвөрхангай)
24. Л.Мөнхбаатар (Дархан-Уул)
25. Н.Мөнхбаяр (Орхон)
26. Л.Мягмарсүрэн (Говь-Алтай)
27. Г.Наранцогт (Булган)
28. Д.Нямдорж (Хөвсгөл)
29 Ц.Отгонбаатар (Ховд)
30. Д.Отгонцагаан (Сэлэнгэ)
31. Д.Сосорбарам (Орхон)
32. Г.Сүхбаатар (Говь-Алтай)
33. Д.Тунгалаг (Баянхонгор)
34. А.Түмэнбаяр (Хэнтий)
35. Ч.Ууганбаяр (Өвөрхангай)
36. М.Уянсүх (Дархан-Уул)
37. О.Цэнд-Аюуш (Завхан)
38. Ширапова Валерия Тогтохоевна (ОХУ- Буриад)
39. О.Элбэгтөгс (Хөвсгөл)
40. Л.Эрдэнэбат (Дорноговь)

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-40” яруу найргийн наадам өнөөдөр 19:00 цагаас болно DNN.mn

Өнөөдөр “Болор цом”-ын эзэн тодорно

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-40” яруу найргийн наадам өнөөдөр СТӨ-нд 19.00 цагаас болно. Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ташлан Их хааны суу алдрыг алдаршуулан мөнхлөх, үйлс бүтээлийг хойч үедээ таниулан сурталчлах зорилгын хүрээнд хийж буйгаараа онцлог.

“Болор цом-40” яруу найргийн наадамд бүтээлээ ирүүлэх найрагчид тухайн онд бичсэн, ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй 2 шүлгийг ирүүлдэг бөгөөд наадмын нэг бүтээл нь Эзэн Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга агуулга бүхий байх юм.

Categories
мэдээ утга-зоxиол

“Хэнз хурга-2022” хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо DNN.mn

Монголын шинэ орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой өнөөдөр тохиож буйг угтан өчигдөр “Хэнз хурга-2022” хүүхдийн зохиолчдын яруу найргийн наадам боллоо.

May be an image of 2 people and people standing

Үүнд 50 гаруй зохиолч оролцсоноос тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн О.Сундуй, дэд байрыг доктор, профессор Д.Батжаргал, гутгаар байрыг яруу найрагч, зураач, зохиолч, “Алтан-Өд” шагналт М.Амархүү, тусгай байрыг залуу зохиолч Э.Энхтөгс, яруу найрагч, зохиолч Ш.Бадарч нар тус тус эзэллээ.

May be an image of 7 people, people standing and indoor

Categories
амьдралын-өнгө мэдээ утга-зоxиол

Дэлхий харагддаг Дэлгэрхааны ноён оргилоос DNN.mn

Сайн сайхан үйлийн шүншиг ерөөл гэж байдаг юм болов уу. Ижий аав, эцэг өвгөдийнхөө халуун голомт нь оршсон өлгий нутаг, чухамхүү хурандаагийн маань бахдал дүүрэн хэлдгээр “Дэлхий харагддаг Дэлгэрхааны оргил-Миний төрсөн нутаг ертөнцийн цэнхэр хязгаар”-ыг зориход бүхий л зүйл утга учиртай санагдсан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт их ойн наадмын сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр орж ирэх тэр л цаг дор бид Солонготын даваан дээр дөрөө мулталлаа. Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө хоноглоод нааш хөдлөхүйд хангайн дүнжгэр их нуруу алдарт Солонготын даваа асгарсан бороотой угтлаа. Усархаг бороон дундуур санд мэндхэн тэргүүн овоог нь тойроход хурандаа хэдийнэ Цэнд гуайн хэлсэн үгийг чулуун хөшөөнийх нь бичээсээс уншиж зогсоно. Намын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, АИХ-ын дарга Лувсанцэрэнгийн Цэнд Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргаар нутаг заагдан ажиллаж байхдаа Солонготын даваанд зам тавих их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүхэн гавьяатай. Түүний “Ийм хувьтай оронд төрж, ийм сайхан ард түмний хүү болсондоо би бахархаж явдаг” хэмээх үгийг хангайн буурал даваан дээр нь тамгалж, дурсгалыг нь хүндэтгэсэн билээ.

Цэнд гуайн эл үгийг Бадамдорж хурандаа яг л аавынхаа захиас үг шиг сэтгэл догдлон хэлсэн юм. Хурандаагийн аав Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Галуутын голын малчин Маамаан Пүрэв гэж эгэл жирийн тэр хүн хүүхдүүддээ “Гэмгүй санасан нэгэнд тусалчихад бүр гэмгүй” гэх үгийг гэрээс болгон хэлсэн байдаг. Аавынхаа үгийг хүүхдүүд нь амьдралынхаа чиг шугам болгожээ. Эндээс л бидний явдал замын учрал ерөөл бүрдэж Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийн цэнхэр хязгаар, Тагна Туватай хил залгах Тэсийн голын шугуй, Хотгойдын Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ариун дагшин уул усыг зорьж яваа минь энэ. “Найрагч дүүдээ ижий аавынхаа буян оршсон ус нутаг, төрсөн газрынхаа салхийг амсуулна” гэж хэлсэн ёсоор өдөр судраа тогтож, наадмын урьд өглөө, үүрийн шаргал гэгээнээр хотоос гарсан. Пүрэвийн Бадамдорж бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны домогт хурандаа. Эл эрхэм шиг чанга дэглэмтэй Монголын таван шоронг бүх насаараа удирдсан хүн эдүгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ховор болов уу гэж санана. Анх Бэрлэгийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид домогт Нацаг хурандаагийн удирдлагад ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1985-1990 онд Мааньтын хорихын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч байхдаа 3-22 удаагийн давтан хэрэгтэй 1200 хоригдлыг захирч байсан. Тэнд Монголын эрүүгийн ертөнцийн 90 хувь нь хоригдож байсан гэдэг.

Ингэж рецдевүүдтэй ажиллаж ирсэн ч сэтгэл нь өр зөөлөн, ижий аав ус нутаг гэхээр нүдэнд нь нулимс гүйлгэнэдэг, аав ээжийнхээ алтан захиасыг үргэлжид санадаг нэгэн. “Аав ээж хоёр минь ганцхан жилийн зайтай биднийгээ орхисон. Нутаглуулснаас нь хойш 25, 26 жилийн дараа газрыг нь сая эргэж очлоо. Яг хэвээрээ байх юм. Аавын минь шарил дээр зүрхэн тушаа газарт алтан харгана ургасан байна. Тэгээд ах нь бодлоо, аав ээж хоёроо зөв газар нутаглуулжээ, зөв газарт нутаглуулсан учир үр хүүхэд бид зам мөр тэгш яваа юм байна гэж бодлоо” хэмээн хурандаа зам зуурт уяралтайхнаар хэлсэн. Тэгснээ залгуулаад “Манайх Тэрэгтийн шилд буугаад байсан цаг. Мал тушаах боллоо. Орой очиж хонь шахаарай гэж аав ээж хоёр хэллээ. Гүйгээд очтол “Муусайн хур захынхан гар мухар ирлээ, мод бариад ирэхгүй” гэж аав загнаад. Юм л болохоор хур захынхан гэдэг байсан. Тэр нь төвийнхөн гэсэн үг байсан юм уу даа. Манайх хонио тушаахад эр хонь тус бүрийн амьдын жин 50 кг 600 гр болдог юм. Их өндөр тушаалаа гээд улс амьтан ч шуугиад явчихлаа. За Пүрвээ ч улсын аваргын болзол хангачихав уу даа гэсэн яриа ч гарлаа. Аймгийн аваргын болзлыг шууд хангачихаж байгаа юм. Улсад түрүүлэхэд ердөө 200 гр дутаж байсан. Увс аймгийн малчин 50 кг 800 гр-аар улсын аваргын болзол хангаж аав ээж хоёр минь хоёрдугаар байрт шалгарч байлаа” гэхүйд нэгдэл нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн аварга малчдын дүр байдал нүднээ бууж байна.

Ийм л яриа хөөрөөтэй, элгэн зөөлөн сэтгэлээр аяны харгуйн алтан шарыг эвхэж явна. Орхон түшээ мөрнийг өнгөрч Хотонтод зам дагуух айлын зэлэн дээр зогсон айраг авлаа. Яагаад ч юм надад Хотонтын айраг ойр байдаг. Манай сум (Булганы Хишиг-Өндөр)-ын бүдүүн Суурь дарга Хотонтоос айрагны хөрөнгө авч хамгийн түрүүнд манайд аваачиж өгдөг сөн. Ингээд манайх гүүгээ уяж нутгийнхан хөрөнгөө адууч аавынхаас минь хүндэтгэн авдаг бичигдээгүй хуультай. Эл бүгдийг бодоход Хотонтын айраг сэтгэлд бүлээн байдаг юм. Түүхт ойн их наадмын торгон хөшиг нээгдэж, Төрийн дуулал эгшиглэж байхад Тосонцэнгэлийн цайны газарт нэг нэг таваг цуйван хуйлчихаад цааш хөдөллөө. Удаа ч үгүй дөрвөн замын уулзвараар хойш эргэн Нөмрөгийн наахна очиход Тэгшээ ах хүүтэйгээ биднийг тосоод зогсож байв. Тэгшээ гэж тавь эргэм насны номхон дөлгөөн царайтай, өндөр туранхай бор хүн. Уул нэр нь Түвшин юм гэсэн, гэхдээ бүгд л Тэгшээ хэмээн дуудах ажээ. Бид Ханангийн дөрөлжөөр даван Нөмрөгийн Холбоо нуурын урдаас ороод ирлээ. Нөмрөг бол Жалханз хутагтын нутаг, мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очирын өлгий нутаг гэж бодохоор сайхан санагддаг юм. Чанх урд Холбоо нуур мэлтэлзэж баруунаа Нөмрөгийн нуруу таширалдаж, нуурын хойхно Баянзүрх хайрхан, зүүн тушаад Буга-Өндөр сунайж байна.

Нөмрөгийн уулс, Буга-Өндөр гээд бодохоор “Шинэ үсгийн багш” кино санаанд буудаг. Жүжигчин Хүрлээ “Чойжоо гуайн хөх сарлагийг би дийлэхгүй юм байна” гэдэг тэрхүү инээдмийн гэрэл цацруулсан киноноос хойш миний хувьд монгол киног тэгтлээ шимтэж үзээгүй билээ. Уг киноны зохиолыг бичсэн Батжаргалын Жамбалдорж энэ нутгийн хүн. Тиймээс зургийг нь нутагтаа авсан байдаг. Дунжидмаа “Лхам эгч ээ, та ямар сайхан дуулав даа. Үнэн зүрхнээс дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг юм билээ” гэхэд “Хагархай Лхамын дуулах, халзан гунжны мөөрөх хоёрт ямар ялгаа байнаа” гээд “Хөөрхий дөө, муу бүрлээч маань жаахан юм балгачихаараа “Хүрэн толгойн сүүдрээ” дуулах дуртай сан. Дуунд гавихгүй л дээ, гэхдээ үнэн сэтгэлээсээ дуулахыг нь яана” гэх гавьяат Сэлэнгээ (хагархай Лхам), жүжигчин Болормаа (Дунжидмаа) хоёрын дуунд уярч, дуугаар ойлголцож буй хэсгийг үзэхэд нүдний нулимс гарах гээд байдаг. Энэ бүхнийг Нөмрөг хайрхан, Холбоо нуур, Буга-Өндөрт “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүргээд хүүшилнэ дээ, хүний бага чамтайгаа сэтгэл юундаа даслаа даа” гэж уяран бодож, сэтгэл дэнсэлж явлаа. Нуурын хөвөөний айлууд гангар хун шиг гэрэлтэн байна. “Буга-Өндөрийн ар тал Галуутын голын эх, Цэцэрлэгийн эх. Манай сумын нутаг. Удахгүй бид Тойруугийн дөрөлж дээрээс Бүстийн нуураа харна. Энэ баруун талын өврийн өвөлжөө бол Монголбанкны ерөнхийлөгч байсан Дэмжигжавын Моломжамцын төрсөн газар. Буга-Өндөрийн урагшаа буурал Булнайн нуруу залгана. Цаана нь Элээт, тэгээд Сангийн далай нуур, Шадар ван Чингүнжавын төрсөн нутаг. Мөн цаахна нь Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт Мандалын овоо, Эрчимийн нуруу залгана. Ингэж хангайн их уулс үргэлжилдэг” гэж хурандаа замын дунд яг л шүлэг шиг уншиж явлаа.

1905 оны их газар хөдлөлтийн гүн сорви, нутгийнхны хэлдгээр газрын гав дээр түрхэн зуурт дөрөө мултлав. Булнайн нуруунаас Увсын Хөнхөхийн нуруу хүртэл шугамдсан юм шиг эгцээрээ газар хагарсныг нутгийнхан хэлж байна. Үүнийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал, өнгөрсөн зуунд Монголд хөдөлсөн хамгийн хүчтэй газар хөдлөлт гэгддэг. Увс нуурын өмнөд хэсгээс Ханхөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Тэрэгтийн нурууны хойд бэл, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор газрын хойд хормой, Булнайн нурууг арлан, Тэсийн голын эхийг дайран Сангийн далайн өмнө эрэг хүртэл 500 км урт хагарал үүссэн аж. Оросын эрдэмтэн Вознесенский ирж судалгаа хийж, газар хөдлөлтийн хүчийг 11-12 баллд хүрч, 7 сая ам дөрвөлжин газар нутгийг хамран доргисон гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэхүү газар хөдлөлт Цэцэрлэг сумын нутагт хоёр удаа хүчтэй хөдөлж Буянтын нурууны ар, Хул азаргын нурууны өврөөр их бага хагарал үүссэнийг тэмдэглэсэн байна. Газар дүнгэнэн дуугарч байснаа уулнаас чулуу нурж, нуурын ус цацагдан, уулын мод үндсээрээ суга үсрэн ханаран унаж, зарим булаг шанд алга болсон гэдэг. Вознесенскийн тэмдэглэснээр Тэсийн хүрээнд хоёр шавар байшин, 30 орчим модон дуган нурж, Алтанхөлийн нуруунд хоёр нуур алга болжээ. Тэр жил Увсын Зүүнхангай Ханхөхийд очиход энэхүү газар хөдлөлтийн тухай өвгөд хөгшид ярьж байсан.

Хоттой хонь майлалдаж, үхэр мал газар доор мөөрөлдөн орилолдож байсан тухай хэлж байсан. Хоёр зууныг дамнасан газрын гав яг хэвээрээ байна. Газрын гавд тогтоол ус үүсдэг байна. Бүст нуурын арын айлууд газрынхаа гавыг ашиглаад карлинд малаа угаадаг тухай нутгийнхан хэлсэн. Газрын шарх гэдэг хоёр зууныг дамнасан ч аньдаггүйг нүдээр үзэж, тэндээс хурандаагийн хэлснээр Тойруугийн дөрөлж дээр гарч Бүстийн цэнхэр нуураа харлаа. Дуунд мөнхөрсөн нуурын мандал салхины чичиргээнд бидэр татуулж угтав. Завханыхан Багабандийгаа Ерөнхийлөгч байхад нь загас бариулах гэж Бүстийн нуурандаа авчраад загас байгаагүйгээ мэдсэн тухай яриа байдаг. Харин сүүлд Баярын ээж Дулмаа гуай Бүстийн нуурыг загастай болгосон ч хар галуу гэж аюул бийг нутгийнхан хэлдэг. Бүст нуурын Бүстийн дунд уул. Газарзүйн тодорхойлолтоор бол эргэн тойрон усаар хүрээлэгдсэн хуурай газар буюу арал гэж болохоор. Энэхүү дунд уул буюу арал дээр айл амьтан өвөлжиж байсан улбаа бий. 2000 оны зуднаар айлууд дунд ууланд өвөлжиж өнтэй давсан гэдэг. Бүстийн нуурын зүүн хойно Жарантайн улаан эрэг харагдана. Энэхүү улаан эргээр даваад ар дор нь Цэцэрлэгийн Рэнцэнжугнай нуур цэлийж байгаа. “Аав минь Увсын Дэмбэрэлсамбуу гэж аймгийн заан цолтой мундаг бөхийг хаяж сумынхаа наадмын түрүүг хүртэж сумын заан цолны эзэн болсон. Галуутын голын Пүрвээ заан гэдэг нь тийм учиртай. Тэртээ жаран есөн онд Дэмбэрэлсамбуу гуайг мал туудаг гэж сонсоод, аав уулзах гэж улаан эргээр морьтой давж ирж байлаа” хэмээн хүү нь Жарантайн улаан эргийг хараад ачит эцгээ дурсан явлаа. Ааг бяртай тэр сайхан хүчтэнээр сумынхаа түрүүг хүртсэн авшиг ерөөлийг Пүрвээ заан бодож явсных нь илэрхийлэл тууврын замд уулзаж амрыг асуун хөөрөг зөрүүлсэн хуучаас мэдрэгднэм. Ёстой нэг эрийн хэц, хүний мөс нь мэдрэгдэж байна.

Бид явсаар Галуутын голыг уруудлаа. Чухамхүү газрын дундаж диваажин гэж дуун алдмаар Галуутын гол. Намар усны шувууд буцахад ижил сүргээсээ хоцорсон ганц галуу энэ хясаанд өвөлжиж, харзных нь усанд хөлөө хайруулснаас “Мухар Галуут” гэж нэрийдэх болсон домогтой газар. Галуутын голд ирэхэд намираа зөөлөн цагаан бороо цайран орж байлаа. Эхийн сэтгэл шиг, эцгийн гэрээс шиг энгэр цээжийг сүлсэн сүүн цагаан бороо. Хүчтэй салхилж орохгүй, басхүү ганц нэгхэн дусагнахгүй, хацар нүүрийг зөөлхөнөөр илбэж намиранхан орж байгаа юм. Уул ус тэр чигтээ цайраад, нимгэн цагаан пансан торго сувдран татаж уу гэмээр. Галуутын тохойн мөнгөн сортой өвснүүд болор шүүдэр талстуулан цацарна. Цэцэрлэгийн голынхон, Галуутын голынхон энэ л тохой бүрээс хадлангаа авдаг байна. Урд уулын хяраас тачигнан бууж ирсэн хэдэн “зэрлэг” адуу зам хөндлөн хатируулсаар, эргэн эргэн сэрвэлзсээр өвөр зүг рүү орлоо. Ижий аавынхаа ариун дагшин уул усыг газрын холоос зорьж ирсэн хурандаагийн сэтгэл яг л энэ намираа цагаан бороо шиг асгарч буйг би мэдэрч явлаа.

Хуучин нийгмийн үед айл амьтан ховор, эль хуль зэлүүд нутаг байжээ. Одоо бол ам болгондоо өвөлжөө, намаржаатай байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой нутаг юмсанж. Хоёр талдаа огцом өндөр битүү модот уултай, голоор нь Галуутын гол тунгалагшин урсаж, төрөл бүрийн жимс жимсгэнэ урган, мод бургас өнгө өнгөөр алаглан багсайлдана. Бадамдорж хурандаагийн өвөө данхар Маамаа гуайн өвөлжөө Галуутын Нам даваагийн ухаад байна. “Өвөө минь бурхны номтой хүн байсан. Эм барьдаг, манайхны дээдэлдгээр маарамба байлаа” гэж ач хүү нь хэлж байна. Тэрээр Нам даваагийн урд хярыг Хөх ямаат, хойшоо харагдаж байгааг нь Бухт гэдэг. Аавтайгаа, ахтайгаа Бухтад хадландаа гардаг байлаа гэж дурссан. Энэхүү ариун дагшин гол уснаас олон сайхан алдартан төрсний дундаас УИХ-ын гишүүн асан Хулангийн аав нэрт дипломатч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лүдэвдоржийн Хашбат, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Тэгшжаргалын Сэнгэдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрэвийн Дэлгэрнаран нарын эрхмүүдийг онцлон хэлэх байна.

“Галуутад манайх Пүрэвжялын Туваанжав, Цэгмидийн Отгон, Бадарч болон Лүдэвдорж гуайнхтай айл аймаг явсан. Өргөн ширэнгэ рүү Маамаан Базарсад, Хасаан Ширнээ, Пандийн Биндэръяа, Очирын Биндэръяа нарынхтай, мөн монхор Жийгээ буюу холбооны Жигжидсүрэн, Павуужав гуайнхтай айл аймаг явсан”-аа хурандаа хэлж олон сайхан хүний гэгээн дүрийг сэтгэлдээ үзэх шиг болсон. Газрын дундад диваажин Галуутын голыг уруудсаар Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт бөх, босоо Шагдарын төрсөн газар Хүрэн харганад ирлээ.

Н.Гантулга

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Монголын утга зохиол дахь залуусын хийрхэл DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монголын утга зохиолд 1990-ээд оныхон гэж бүлэг бий. Тэд утга зохиолд
шинэчлэлийн салхийг хүч түрэн оруулж ирсэн бол түүнээс хойш утга зохиол унтаа
байлаа. Одоо ч хурхирсаар л байна. Харин 2000-аад оноос хойш утга зохиолын
ертөнцөд хөл тавигсад нэлээдгүй олширсон. Эднийг “Шинэ мянган”-ы залуус гэдэг. Тэдний
хувьд өөрсдийгөө олох гэж хуулбарлаж, дуурайх, унших, бичихээс эхлээд өөрсдийгөө
олох гэж зүдэрсэн. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн залуусын хувьд зарим
нь өөрсдийн бичлэгийн өнгийг тодорхойлсон бол зарим нь хийрхэлийг л олж авсан
юм. Оюутан ахуй цагтаа халаасандаа ганц ч зоосгүй нөхөрлөж, дүн өвлөөр
галлагаагүй байшинд бөөнөөр цуглаж шөнөжин шүлэг хэлж өнждөг байсан тэр дэврүүн
үеэ мартав бололтой. Залуусын хувьд анхны тэр нэгдмэл хүч нь сарнисан. Утга
зохиолын хэд хэдэн бүлгэм болсон нь нэгдмэл хүчийг сарниулсан байж мэднэ. Утга
зохиол хэмээх адармаатай хэрнээ барьцгүй зүйлээс зарим нэг нь хийрхэлийг олж
авснаа ихээхэн олз олсон мэт бодох болжээ. Халаасан дахь мөнгөнүүдээ нийлүүлж
тэд ном авдаг байсан бол одоо хийрхэл авдаг болж. Өөр өөрсдийн гэсэн хувийн
амбиц эрх ашгийн төлөө нэгнээ дорд үзэх болсон. Утга зохиолдоо хайртай хэмээн
худал хэлж бие биеийнхээ ар нуруунаас хутга дүрэх болсон.

Мөнгөн үеийнхэн хэзээ ч биенээ цаашаа гэж түлхэж байгаагүй. Зарим нэг нь
үзэл бодлын зөрчилтэй байдаг ч утга зохиолынхоо тал дээр зангидсан гар шиг байж
чаддаг. Монголын утга зохиолд залуусын хүчтэй давалгаа үгүйлэгдэж байна. Үгүйлэгдэхдээ
бүр анган цангаж байгаа нь нууц биш.

Утга зохиолын 1990-ээд оныхноо давж чадахгүй бол утга зохиолд шинэчлэл гэж
байхгүй гэсэн үг. 1990 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй гэхэд болно. Мөнгөн
үеийнхэн өдгөө 40 гарч дөрөө дарцгаалаа. Харин “Шинэ мянган”-ыхан живхтэйгээ
зууралдсаар байна. Хийрхэл, мэдэмхийрэл нь ихдэж хийж бүтээх нь багассан ажээ. Тэдний
хувьд сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр “халтуур”-ын уран бүтээл
хийх нь эрс нэмэгдсэн. Хийж буй зүйлс нь зүрх сэтгэлээс бус шуналаас нь гарах
болсон. Дэгж дэрвэсэн оюутан цагийнх шиг нь мэдрэмжийн бүтээл ховордсон. Зарим
нь яруу найргийн наадамд байр эзэлсэнгүй хэмээн бусаддаа агсамнах болсон нь энэ
бүхнийг гэрчилнэ. Энэ дунд бүр хөгийн юм ч болно. Нэгэн бүсгүйд сайхан
харагдахын тулд үзэг нэгт нөхрөө газар дор ортол муулна. Муу үг модон улаатай
гэгчээр мөрөөрөө яваа нэг нь атаархуу нөхрийнхөө золиос болж үлдэнэ. Хийрхэлийн
хөх мананд нь хөө төгрөг болон хийсч явна.

Удахгүй Монголын зохиолчдын эвлэлийн их хурал болно. Монголын утга зохиолын
дараагийн дөрвөн жилийн хөгжлийг хэлэлцэх хурал юм. “Болор цом” яруу найргийн
наадмын дараагаас МЗЭ-ийн дараагийн даргын суудлын төлөөх нууц тэмцэл эхэлсэн. Энэ
дунд залуучууд ч гүйж яваа. Тэр бүү хэл ханцуйдаа хутга нуугаад инээж явна.

Хийрхэгчид албан тушаалын төлөө хэн нэгний гар хөл болохын төлөө явж байхад
жинхэнэ уран бүтээлчид нь даруухан уран бүтээлээ хийсээр явна. Зарим нэг залуус
нь утга зохиолын бохир заваан үеийнхнийхээ золиос болохгүйн тулд утга зохиолоос
алгуурхан дөлж өмнөх ажлаа хийж эхэлсэн. Тэд алдаагүй. Хэний ч аманд орж, хэн
нэгнийг муулаагүй. Шүлэг зохиолоо бичих үедээ бичиж бусад үед нь ажлаа хийж
байна. Жишээ нь яруу найрагч Ц.Доржсэмбэ шиг “Хэнд би таалагдах ёстой гэж”
хэмээн амьдарч явна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ утга-зоxиол

“Хэнз хурга-2022” хүүхдийн яруу найргийн наадам болно DNN.mn

“Хэнз хурга-2022″ хүүхдийн яруу найргийн наадам энэ сарын 16-нд Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр суманд болно.

Энэхүү наадмын зорилго нь орчин үеийн хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлог болон хэрэгцээнд тохирсон шүлэг бүтээлийг шинээр төрүүлэх, хүүхдийн зохиолчийн шинэ үе, авьяас билэгтнүүдийг нээн илрүүлэх тэдний бүтээлийг уншигч багачуудад түгээх, МЗЭ – ийн Хүүхдийн зохиолын үндэсний төвтэй цаашид хамтран уран зохиолоор дамжуулан хүүхдийн хөгжил, нийгмийн төлөвшилд хувь нэмэр оруулахад оршиж байна.

Уралдаанд оролцох бүтээлүүд нь урьд болсон “Хэнз хурга” болон бусад төрлийн наадамд оролцож байгаагүй, ном товхимолд нийтлэгдээгүй 2020 оноос хойш бичигдсэн шүлэг байх аж.

Хоёр үе шаттай явагдах тус наадмын нэгдүгээр шатанд оролцох зохиолчид тус бүр өөрсдийн бүтээл болох бага дунд насны хүүхдэд зориулсан хоёр шүлгийг МЗЭ-ийн хүүхдийн зохиолын үндэсний төв, Багануур дүүргийн зохиолчдын “Гүн нуур” бүлгэмийн /gunnuur22@gmail.com/ цахим хаягаар болон бичгээр ирүүлж болно.

Categories
мэдээ утга-зоxиол

“Монголын философичдын өв-III” номын нээлт боллоо DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбараас “Монголын философичдын өв-III” номын нээлт зохион байгууллаа.

Уг цуврал ботийн гуравдугаарт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат философийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвийн нэгэн сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, зохиогчийн намтар, бүтээлийн жагсаалт, баримт, гэрэл зургийг эмхэтгэжээ. Ботид Д.Дашпүрэвийн 1995 онд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнд философийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон “Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд /нийгэм-философийн анализ/” нэгэн сэдэвт бүтээл багтсанаараа онцлог юм.

зураг

Энэхүү бүтээлийн монгол орчуулга нь хэвлэгдэн гарч уншигчидын хүртээл болж байна. Ботийг зохиогчийн үүсгэн байгуулсан Олон Улс Судлалын Дээд сургууль ивээн тэтгэж хэвлүүлжээ.

зураг

зураг

Номын нээлтэд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, СУИС, ОУСДС, ШУТИС-ийн БУХС, МУБИС, “Хангай” ДС, “Ач” АУДС, Монголын Философийн Холбоо, шавь нарын төлөөлөл оролцлоо.