Categories
мэдээ улс-төр

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэхээр болов

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг төлөвшүүлэн, эм хангамжийн үр ашигтай, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн хөнгөлөлт олгох тогтолцоог боловсронгуй болгох талаар мөн тусгасан байна. Гишүүд эмийн үнэ, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, төрөөс үзүүлж буй эмийн үнийн хөнгөлөлт, эмийн худалдаа, эм ханган нийлүүлэлтийн тендертэй холбоотой асуудлаар төсөл санаачлагчаас асууж тодруулан, саналаа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд сайд Эстоний парламентын даргатай уулзав

Бүгд Найрамдах Эстони Улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хуралд оролцож, тус улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд Эстоний Парламентын Ерөнхийлөгч Ейки Нестор-той уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Е.Нестор Эстонид зохион байгуулагдсан “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хурал нь интернет мэдээллийг нээлттэй, чөлөөтэй, аюулгүй ашиглах талаар гадаадын олон орны зочин төлөөлөгчид хэлэлцсэн олон улсын чухал арга хэмжээ болсныг тэмдэглэж, дараагийн ээлжит 5 дугаар Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах болсонд баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Эстоний тал дээрх бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахад өөрсдийн туршлагаас хуваалцах, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдоос мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Хоёр тал Монгол, Эстоний харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч идэвхжүүлэн хөгжүүлэх, Европын Холбооны хүрээнд хамтран ажиллах, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал цахим засаглал, занар боловсруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Хоёр улсын Парламентэд Монгол-Эстони, Эстони-Монголын Парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд УИХ дахь Монгол-Эстоний Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Батцогт, Эстоний Парламент дэх Эстони-Монголын Парламентын бүлгийн даргаар Эстоний Парламентын гишүүн Маргус Цахна ажиллаж байна. 

 Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Эстони улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Эстоний Мэдээлэл, холбооны технологийн Танилцуулах төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Эстонид цахим засаглал өндөр хөгжиж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний салбар, иргэдийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэж байна. Тухайлбал, Эстоний сургууль, засгийн газрын байгууллагууд 100 хувь, хувийн компаниудын 95 хувь компьютерээр хангагдсан. Эстонид Парламентын болон орон нутгийн сонгуулийг интернетээр явуулдаг, шинээр төрсөн хүүхдэд албан ёсны цахим хаяг нээдэг байна. Мөн цахим иргэний үнэмлэх, цахим эрүүл мэндийн систем, цахим цагдаагийн систем зэрэг олон салбарт цахим засаглалыг амжилттай хэрэгжүүлжээ. Эстонид татвар хураалт, татварын буцаалтын дийлэнх хувийг цахим хэлбэрээр гүйцэтгэдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин сайд, давхар дээлтнүүдийн асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 09.00 цагт эхэлнэ. Эхэнд нь “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлээд Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ний тухай хуулийн төслийг хэлэлцнэ. Дараагаар нь Х.Тэмүүжин сайдын асуудлыг шийднэ. Олны анхаарлын төвд ороод байгаа эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ийн хойшилж, өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа билээ.

Ямартаа ч АН-ын зүгээс Х.Тэмүүжин сайдыгаа авч үлдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн олон нийт, ард түмэн ч түүний хууль, шүүхийн салбарт хийсэн шинэчлэлүүдийг хүлээн зөвшөөрч, огцруулах асуудлыг эсэргүүцээд байгаа юм.