Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: АН-ын байр суурь өөрчлөгдөөгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл дээр яамдын тоог багасгах, бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан уу?

-Засгийн газар Төсвийн тодотголоор яамдын асуудлыг оруулж ирэх ёстой. Төсвийн тодотглоор яаж оруулж ирэх нь Засгийн газрын асуудал. Ер нь бол манай гишүүдийн олонхи нь Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, цомхон байх зүйл рүүгээ өөрчлөлт хийх ёстой юм биш үү гэсэн асуудлыг үүсгэж байгаа. Бүлэг энэ асуудлаар ярилцах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ хугацааны хувьд яаж ярих вэ гэдэг нь хүлээгдэж байгаа зүйл гэж болно.

-Төмөр замын царигийн асуудлаар АН ямар байр суурьтай байгаа вэ. Өргөн, нарийн царигийг хоёуланг нь явуулах ёстой гэсэн тогтоол орж ирсэн?

-Төмөр замын асуудлыг УИХ шийднэ. Цаг хугацаа хүлээхгүй байгаа гэдгийг бүгд ойлгож байгаа. АН-ын бүлэг энэ асуудлаар хаалттай хуралдаж шийдвэрээ гаргасан. Төмөр замын чиглэлээр хийгдэж буй хэлэлцээрүүдээ эрчимжүүлж, ойрын хугацаанд АН-ын бүлэгт оруулж ирж, төмөр замын асуудалдаа цэг тавих ёстой гэдэг шийдвэр гаргасан.

-Сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Х.Баттулга сайдын асуудлаар бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?

-Х.Баттулга сайдын асуудлаар Засгийн газар өөрсдөө хуралдаж, гаргасан шийдвэрээ УИХ-д оруулж ирэх ёстой. Үүний дараа АН яах вэ гэдгээ ярина.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа шинэчлэлүүд Х.Баттулга сайдтай үргэлжлэх ёстой юу эсвэл хувь хүний шийдвэрийг хүндэтгэн үзэх үү?

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа шинэлчлэл олон байгаа. Гэхдээ Х.Баттулга сайд өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас Засгийн газар нухацтай авч үзэх ёстой. Аливаа шинэчлэлийг цаашид үргэлжлүүлэх хүсэлт байна уу, үгүй юу гэдэг нь Х.Баттулга сайдаас өөрөөс нь асуух асуулт гэж бодож байна.

-АН-ын бүлэг зарим асуудал дээр байр сууриа нэгтгэсэн гэж та өмнө нь хэлж байсан ч байдал өөр байсан. Ер нь АН дотор үйл ойлголцол, фракциудын хагаралтай байна гэсэн хардлага төрөөд олон нийтэд байгаад байна?

-Бүлэг дээр “давхар дээл” тайлах хуулийн талаар Ерөнхийлөгчийн анх өргөн барьсан хувилбарыг дэмжинэ гэж бүгд байр сууриа нэгтгэсэн байсан. Харамсалтай нь эцсийн хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбар 180 градус эргэсэн. Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно, хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэж өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн. Тиймээс эцсийн хэлэлцүүлэг дээр АН Ерөнхийлөгчийн анхны өргөн баригдсан төслийг дэмжинэ гэсэн байр сууриа хатуу илэрхийлсэн гэж ойлгож болно. Энэ асуудлаар далимдуулж Засгийн газрыг тогтворгүй болгох хөндлөнгийн өдөөлтөд АН орохгүй гэдгээ илэрхийлсэн. Цаашид ч орох ёсгүй. АН хэзээ ч 100 хувийн саналаар асуудлыг шийдэж байгаагүй. Зарим гишүүд өөр өөрсдийн үзлээр саналаа өгснийг би буруутгахгүй байгаа. Гэхдээ АН-ын гаргасан нэгдмэл байр суурь эцсийн тусгал дээрээ АН-ын шийдвэр болж гарах ёстой гэдэг дээр АН бодлогоо баримтална.

-УИХ-ын гишүүн Р.Бурмаа намын жагсаалтын гишүүн. Түүнийг эсрэг санал өгсөн учраас намаас хөөх шийдвэрийг АН-ын Хяналтын ерөнхий хороо гаргасан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд мөн намын жагсаалтын гишүүн байж эсрэг санал өгсөн. Тэгэхээр З.Энхболд гишүүн дээр энэ асуудал яригдах уу?

-Энэ бол намын асуудал. Намын асуудлыг бүлэг рүү татаж оруулж ирж болохгүй. Манай намын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр бол дүгнэлт. Шийдвэрийг намын ҮЗХ гаргадаг. Бид хэн нэгэндээ ял тулгах гэж энэ Засгийн газарт эрх барьж, олонхи болоогүй. Гэхдээ өөрсдийнхөө намын үзэл бодол, шийдвэрээ хүндэтгэж үзэх нь бидний хамгийн гол улстөрийн ноён нуруу байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Цаашид манай гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь тухайн хүмүүсийн асуудал болж үлдэнэ. Гэхдээ асуудал дандаа АН-ын шийдвэрээс гажаад явна гэж би бодохгүй байна. Бидэн дотор ойлголцох шаардлагатай зүйл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ үүнийг бидний дотор үүссэн эвэлж болохгүй хагарал гэж асуудал руу түлхэх нь хөнгөн ойлголт гэж бодож байна.

-Х.Тэмүүжин сайдын асуудлаар АН завсарлага авсан. Өмнө нь гаргасан байр суурь өөрчлөгдөх үү?

-Х.Тэмүүжин сайдын асуудлаар АН-ын байр суурь хэвээрээ байгаа. Х.Тэмүүжин сайдын хувийн амьдрал руу орж байгаа зүйл сүүлийн үед олонтаа гарч байна. Үүний нотолгоо гарсан эсэхийг дахин нягталж үзээч гэж АН завсарлага авсан. Хэн нэгнийг гэм буруутай нь нотлогдоогүй байхад хариуцлага хүлээлгэх явдал байх ёсгүй гэдэг дээр АН-ын бүлэг санал нэгдсэн. Энэ асуудлыг энэ пүрэв гаригт хэлэлцэнэ, АН-ынхан хуучин байр суурин дээрээ байгаа.

-Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг сөрөг хүчний зүгээс тавьсан. Сайд нарт хариуцлага тооцох асуудал дээр АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайд нарт хариуцлага тооцох эрх нь Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдад байгаа учраас Ерөнхий сайдаас энэ асуултаа асуух хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар эхлээд хэлэлцэнэ

Ардчилсан намын бүлгийн хурал өчигдөр бүтэн өдрийн турш
хуралдаж 20 цагийн үед өндөрлөсөн. Тэгвэл энэ талаар өнөөдөр АН-ын бүлгээс
мэдээлэл хийлээ. Тус
бүлгийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолтой холбогдуулан орж ирж
буй хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлах ёстой гэдэг дээр байр сууриа
нэгтгэжээ. Мөн эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбогдуулан 16 хуулийн төсөл
УИХ-аар батлагдах ёстойгоос одоогоор гурван хуулийн төсөл өргөн баригдсаныг
онцлов. Тиймээс цаашид орж ирэх хуулийн төслүүдийг ирэх зургадугаар сарын
1-нээс өмнө өргөн барьж, хаврын чуулганы хуралдаанаар батлах ёстой гэдэг дээр
АН-ын гишүүд саналаа нэгтджээ.

Тус бүлэг өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хяналтын тухай хуулийн
шинэчилсэн найруулга, Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлого зэрэг
таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ерөнхий
сайдын мэдээлэл хэлэлцэх асуудалд багтжээ. Мөн шинэ төмөр зам барих тогтоолын
төслийг ч хаалттай хэлэлцжээ. Сүүлийн
үед Чингэс
бондын зарцуулалтын талаар эерэг, сөрөг мэдээлэл гарах болсон учраас АН-ын
бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Ингээд Чингэс бондын зарцуулалт ил тод байх ёстой,
зарцуулалтын талаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодоос хамтарсан
ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлгийнхэн үзсэн байна. Харин Засгийн
газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх
эсэх асуудлыг тус намын бүлэг дэмжихээр болсон байна. Гэхдээ энэ хуулийн төсөл
дээр анхаарах зүйл олон байгаа тул хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг
байгуулж, зарим асуудал дээр байр сууриа нэгтгэж, судлах шаардлагатай гэсэн
дүгнэлтэд хүрчээ. Мөн Хяналтын тухай хууль болон Төрөөс боловсролын салбарт
баримтлах бодлогын төслүүдийг дэмжиж ажиллахаар болжээ. АН-ын бүлгийн хурлаас анхаарал татаж
буй сэдэв нь Төрөөс шинэ төмөр зам барих тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн
явдал. Тус намын бүлэг эдийн засгийн зарим асуудлаар дотооддоо ярилцах
асуудал байсан учраас уг асуудлаар хаалттай хуралдсан хэмээн тайлбарлаж
байна. Хаалттай хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн
яамдын мэдээллийг сонсч, төмөр замын хэлэлцээ удаашралтай байгаад АН-ын бүлгийн
гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг ярилцсан байна. Ингээд ямар үнэ тарифаар,
ямар чиглэл, боомт байх вэ зэрэг асуудлыг тодорхой болгон эрчимжүүлж,
ойрын хугацаанд АН-ын бүлэгт оруулж ирэн, төмөр асуудалдаа цэг тавих ёстой
гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

АН-ын
бүлгийн хуралдаанаар сайдынхаа ажлыг хүлээлгэж өгөх хүсэлт гаргаад буй
Х.Баттулгын талаар намынхан нь ярилцсан эсэхийг сэтгүүлчид АН-ын удирдлагуудаас
сонирхлоо. Үүнд,

“Сайдаасаа
чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д оруулж ирэх
ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн байгаа. Энэ асуудлыг Засгийн газраас
оруулж ирсний дараа холбогдох байнгын хороо хуралдаж, УИХ шийдвэрээ гаргана.
Тиймээс Засгийн газраас Х.Баттулга сайдын өргөдлийг хэлэлцээд оруулж ирвэл
АН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ” гэж тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн
юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Бодлогын алдаануудаа засахгүй бол ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулагчдаа түлхээд байна

Өнгөрөгч баасан гаригийн үдээс
өмнөх чуулганаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын
төслийг хэлэлцэх үеэр цөөнхийг төлөөлж, Ч.Хүрэлбаатар гишүүн ингэж хэлсэн юм. Тэрбээр
“Эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан
ажлын хэсэгт нь орж ажиласан. Олон сайхан саналууд гарсан. Огт хүлээн зөвшөөрч болохгүй
хэд хэдэн зүйл байна. Өнөөдрийн ажлын хэсгээс оруулж ирсэн энэ саналын дагуу эдийн
засаг идэвхжихэд тун хэцүү шүү. Яагаад гэвэл жилийн дотор Монгол Улсын эдийн засгийг
ийм хямралд оруулсан бодлогын алдаанууд огтхон ч засагдахгүй байгаа. Тиймээс манай
намын бүлгийн гишүүд хэд хэдэн санал оруулж ирсэн. “Үүний нэг нь үнэ тогтворжуулах
хөтөлбөр”. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа арга нь буруу байгаа юм. Мөнгө хэвлэж,
үнэ тогтворжуулна гэсэн ойлголт дэлхий дээр хаана ч байхгүй. Монгол Улсын эдийн
засаг чинь онолын дагуу явдаг шүү дээ. Бодлого боловсруулахад онол хэрэгтэй. Онолоос
татгалзаад цээжин баримжаагаар, тэнгэрээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсыг хөгжүүлж
болохгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа.
Энэ гурван их наяд төгрөгийг мөнгө хэвлэж, эдийн засагт оруулж байгаа. Тэгэхээр
гурван их наяд төгрөгийн хөтөлбөрийн 80 хувь нь импортыг дэмжиж байгаа юм. Импорт
нэмэгдэхээр худалдаж авч байгаа ам.долларын эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс худалдааны
тэнцэл, төлбөрийн тэнцэл чинь гурван их наяд төгрөг хүрчихээд байгаа юм. Иймээс
Монгол Улсын эдийн засгийн бодлогод хэн ч итгэхгүй байгаа болохоор хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа. Та бүхэн бүтэн жил яриад
байгаа Ардын намын энэ бодлогыг үгүйсгэж болно. Гэхдээ саяхан ирээд эрх баригчидтай
уулзсан Олон улсын валютын сангийнхныхаа зөвлөгөөг нэг хараадхаач. Тэд энэ хөтөлбөрийг
яаралтай зогсоо гэж зөвлөсөн. Яагаад гэвэл өөрсдийнхөө зовж олсон валютаа Монгол
Улс руу бариад ирж байгаа хөрөнгө оруулагчид чинь та бүгдийн үгэнд итгэхгүй, эрх
баригчид аа. Тэд Олон улсын валютын сангийн Монгол Улсад өгч байгаа үнэлгээ дүгнэлтийг
хардаг. Тэд “Монгол Улс чинь хөрөнгө оруулалт хийж болохгүй юм байна” гэж итгэдэг.
Тиймээс та бүхэн өөрсдийнхөө энэ тэнэгдүүхэн бодлогоо болиоч, засаач. Одоо та бүгдэд
МАН-ын бодлогыг дэмжиж, санал өгөх нэг зам байна.

Мөн төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдэж
байна. “Самурай” бонд, “Чингэс” бонд л гэнэ. Энэ их хөрөнгийн эх үүсвэрийг төсөвтөө суулгаач ээ. ДНБ-ий
10 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдал гэдэг бол Монгол Улсын эдийн засгийг
алж байна. Хөрөнгө оруулагчид үүнийг хараад хөрөнгө оруулахаас айж байна. Нэг, хоёр,
гурван жилийн дараа татвар өснө гэдгийг харж байгаа. Тиймээс бодлогын алдаагаа засаач
гэсэн МАН-ын саналыг хүлээж аваач. Энэ бодлогынхоо өөрчлөлтийг хийе. Магадгүй та
бүхэн олонхиороо түрээд кнопоо дарж магадгүй. Гэхдээ ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалтаа
түлхээд байна шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого зөв байвал хөрөнгө оруулалт
орж ирнэ. Танай манай гэж улстөржихгүйгээр бодлогынхоо алдааг засч ажиллая” гэсэн
юм.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг өргөн барьжээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барьсан байна.

УИХ-ын 2013 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6.883.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7.293.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 35.6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -410.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2.0 хувьтай байхаар тус, тус баталсан юм.

Гэвч эдийн засагт үүссэн хүндрэлээс шалтгаалж, төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээд буй. Тухайлбал, эхний нэгдүгээр улирлын байдлаар татварын орлого 300 тэрбум төгрөгөөр тасраад байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг бууруулах шаардлага үүсч буй юм. Тиймээс Засгийн газраас 2014 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна.

Categories
мэдээ улс-төр

“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг болно

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг өнөөдөр 12.00 цагаас Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.

Өнөөдөр “Монголдоо бүтээцгээе” импортыг орлох, экспортыг дэмжих төслүүдийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам өнөөдөр мэдээлэл хийнэ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр бүтэн
өдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Хяналтын тухай хуулийн
төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийн
талаар байр сууриа нэгтгэжээ. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл болон
цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн үдээс хойшхи хуралдаанаар төмөр
замын царигийн асуудал болон бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй
ч Х.Баттулга сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн бололтой. Ардчилсан
намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийнэ.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

ӨНӨӨДӨР: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Өнөөдөр УИХ-аар:

Байнгын хороодын хуралдаан

09:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

09:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

14:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

Ажлын хэсгүүдийн хуралдаан

09:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

11:00 цагаас гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд;

13:00 цагаас нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14:00 цагаас Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

15:00 цагаас Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдана.

Үйл явдлууд

09:00 цагаас Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр “Байгууллагын хөгжил, соёл, тусламжийн чанар” сэдэвт хоёр өдрийн сургалт болно. Уг сургалтад ЭМЯ-ны харьяа 16 байгууллага, хувийн хэвшил, Төмөр замын эмнэлэг, Оргил рашаан сувилал, ТТАХНЭ, Сэргээн засах төв, уламжлалт анагаах ухаан зэрэг нийт 50 гаруй байгууллагын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежерүүд оролцоно.

10:00 цагаас Монголын Залуучуудын Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудын ажилгүйдлыг бууруулахад хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын Залуучуудын Холбооны төв байранд болно. Энэхүү Санамж бичгийн зорилго нь Монголын Залуучуудын Холбоо болон Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд манай улсын нийт хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өргөн хүрээнд бодлогын түвшинд авч үзэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах юм байна.

10:00 цагаас Гадаад Хэргийн Яамны Зөвшилцөл танхимд Хөдөөгийн Бичил Санхvvгийн Хөгжлийг дэмжих Холбооны чуулга уулзалт болно. Уг чуулганд хөдөөгийн 50 орчим сумдад vйл ажиллагаа явуулдаг ХЗХоршоодын 120 төлөөлөгчид оролцоно. Утас:99850211

11:00 цагаас “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ” МОНГОЛЫН ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ АЛТАЙ ЯТГЫГ ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРЛАХ ӨДРИЙН ТУХАЙ” хэвлэлийн хурал МОНГОЛ НЬЮС мэдээллийн төвд болно. Хэвлэлийн хуралд Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол уламжлал академийн ерөнхийлөгч Л.Дашням, Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн захирал О.Цоодол, Яруу сэтгэгч нэгдлийн тэргүүн Ж.Лувсандорж нар оролцож мэдээлэл өгнө. Утас: 99167471, 89967471, 88028241

11:00 цагаас “Залуучуудын соёлын төвд” Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал болно. Тус холбоог “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд холбооны анхны ажил болгож Монголын амьд хөгжмийн хамтлагийн нэг болох “UB NIGHT” хамтлаг “A Hard day`s night” нэртэй анхны бие даасан тоглолтоо энэ сарын 9-нд ганцхан удаа зохион байгуулах гэж байна.

12:00 цагаас Энэтхэг улсын элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта, тус улсад элэг шилжүүлэх эмчилгээнд орсон хүмүүсийн төлөөлөл хамтран элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зөвлөгөө өгөх, Хавдар Судлалын Үндэсний төвтэй хамтран ажиллах талаар мэдээлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга сайдыг явуулбал Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөх гэнэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхыг хориглох хуулийг санаачлагчид нь буцаасны маргааш Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаа өгөх хүсэлтийг гаргасан. Дээрх хуулийн хүрээнд Засгийн газар хэрхэх бол гэсэн хүлээлт ард түмний дунд байсан бол одоо Х.Баттулгыг яах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Түүний хүсэлтийг УИХ гэхээсээ илүүтэй АН-ын фракциуд шийдэх бололтой. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайдтай уулзаж “2016 он хүртэл эвтэй байя. Олонхиороо албан тушаалд чинь  үлдээе” гэсэн хүсэлтийг тавьжээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд тухайн өдөр АН-ын зарим фракц бүлэглэлүүд “сэм” уулзаж байр сууриа нэгтгэсэн байна. Ингэхдээ “түүний хүсэлтийг хүлээж авъя” гэж тохиролцсон сурагтай. Тэгэхээр асуудал хаашаа ч эргэж магадгүй байгаа бололтой. 

Асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд чуулганы дэгийн тухай хуулийг баримтална. Дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэг 391-1-д “Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана” гэжээ. Тэгэхээр үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрээ УИХ-д хүргүүлэх аж. УИХ мөн л хуулийн дагуу асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Ингэхдээ ил санал хураалт явуулж Засгийн газрын гишүүнийг чөлөөлөхийг олонх дэмжвэл батлагдсанд тооцох юм байна. Тэрчлэн Х.Баттулга сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ дахь нам эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх боломжтой гэж хуульд заажээ. Товчхондоо чөлөөлөх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг аль нэг намын бүлэг хөндлөнгөөс оруулж хэлэлцүүлэх боломж байгаа гэсэн үг. Мөн Засгийн газар тухайн сайдад итгэл хүлээлгэж байгаа тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх бас нэг боломж байдаг юм байна. 

Ер нь Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хууль ямар ч байлаа гэсэн эрх баригчид дотооддоо тохиролцоо хийж МоАХ-ны сэтгэл ханамжийг дээд зэрэгт хангасан цагт 2016 он хүртэл Засгийн газарт ямар нэгэн хөдөлгөөн орохгүй. Харин тохироо наймаа хийгдэхгүй фракц хоорондын үл ойлголцол хэвээр үргэлжилбэл нэг бус нэлээд хэдэн сайдын суудлыг шинэчлэх, өөрчлөх, улмаар Засгийн газрыг унагах асуудал хөндөгдөх тухай ярьж эхэлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайд нар хэл амаа ололцохгүй бол өргөдлөө өгөх дараагийн хүн нь Зам, тээврийн сайд А.Гансүх байна гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй. Өргөдлөө өгөх шалтгаан нь төмөр замын царигийн асуудал. Зам, тээврийн яамны боловсруулсан царигийн бодлогод Эдийн засгийн хөгжлийн яам санал оруулахдаа анх байснаас нь эсрэгээр нь болгож өөрчилсөн нь томоохон маргаан, хагарлын эхлэл болжээ. Тиймдээ ч А.Гансүх сайдыг “Албан тушаалаасаа буух өргөдлөө өг” гэж МоАХ хийгээд Х.Баттулга сайд шахаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Хэрвээ төмөр замын царигийг Х.Баттулга сайдын хүсч байгаагаар баталбал асуудал намдах төлөвтэй байгааг улстөрчид ярьж эхэлжээ. Харин эс зөвшөөрвөл А.Гансүх сайдын дараа Шонхор фракцаас Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар огцрох өргөдлөө өгч магадгүй гэсэн таамаглал байна. Ингээд өргөдлөө өгсөн сайд бүрийг явуулаад байвал эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд хүрч магадгүй байгаа ажээ.

Л.ТӨР

Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт: Эрх баригчид албан тушаалдаа дуртай байгаа юм байна

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “давхар дээл”-ийн хуулийн төслийг батлах шаардлагагүй гэж үзсэн билээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ц.Бямбацогтоос тодруулснаа хүргэе. 

-Хуулийн төслийг Их хурлаас батлах шаардлагагүй гэж үзлээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ухаалаг төр рүү хурдан шилжье, монгол төр данхайсан байна, нөгөө ард түмэн, татвар төлөгчид жижгэрээд байдаг. Гэтэл төр нь томроод данхайгаад байдаг. Төсвийн орлого бүрдэхээ байсан. Энэ үүднээс ухаалаг төр рүүгээ хурдан шилжье гэж Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилсан байх. Харамсалтай нь эрх мэдэл, албан тушаалдаа эрх баригчид дуртай байгаа юм байна. Аргагүй л вакум байгаа юм байна даа л гэж хэлэхээс өөр үг алга даа. 
-Г.Уянга, С.Дэмбэрэл гишүүний саналыг яах вэ?
-Дэгийн тухай хуулиар гишүүд ирцэнд орчихоод санал хураалтад оролцоогүй бол татгалзсанд тооцдог. Яах ч арга байхгүй.  

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан товчооны захирлыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэрийг өнөөдөр /2014.05.01/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Сайд С.Эрдэнэ ноён Тим Дэ Мэйэрт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирлаар томилогдсонд баяр хүргээд, 1990 оноос эхлэн Монгол Улсын хөдөлмөр эрхлэлт болон хүний эрхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудын хэрэгжилтийг сайжруулах, нийгмийн түншлэлийг Монгол Улсад хөгжүүлэхэд Засгийн газар, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд салбарын сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийллээ. 

Тэрбээр нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах зорилгоор ХАХНХЯ, НҮБ-ын Нийгмийн хамгааллын ажлын хэсэг хамтран 2013 оны есдүгээр сард эхлүүлсэн үндэсний хэмжээний хэлэлцүүлгийн гурав дахь удаагийн арга хэмжээг маргааш хийх гэж байгааг мөн дуулгасан юм.

Ноён Тим Дэ Мэйэр, 2002 оноос хойш нийгмийн хамгааллын чиглэлээр салбарын яамтай хамтран ажиллаж ирсэн гээд шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж байснаа дурслаа. Монгол Улсыг зорин ирсний зорилго нь эртнээс эхлүүлсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэмээгээд Хөдөлмөрийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малчид, хувиараа болон албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалд хамрагдлыг нэмэгдүүлэх замаар нийгмийн хамгааллын хамрах хүрээг өргөжүүлэх” төслийн нээлтэд маргааш хүрэлцэн ирэхийг урьсан юм. 

Мөн тэрбээр нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн өөрчлөлтийн талаар сайдаас тодруулсан. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Нийгмийн даатгалын шинэтгэлийн ажлыг гурван үе шаттай явуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, үргэлжлүүлээд тэтгэврийн даатгалын, мөн тэтгэмжийн даатгалын шинэтгэлийг эхлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай тухай хуулийн төсөл Засгийн газраас дэмжлэг авсан учир удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байна. Түүний араас удахгүй эхлүүлэх нийгмийн даатгалын шинэтгэлийн чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санал санаачилга гаргавал хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн сайд хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.