Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадын радиод өгсөн ярилцлага бүрэн эхээрээ

Шанхай хотноо болж буй Азид хамтын ажиллагаа итгэлцлийг
бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалтад оролцож байгаа Монгол Улсын
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадын олон улсын радиод ярилцлага өгчээ.

-Ц.ЭЛБЭГДОРЖ: ШИ ЖИНЬПИН ДАРГЫГ ЭНЭ ОНД МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ
УРЬСАН-

-Та 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцож
байсан. Мөн энэ удаа Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд
биечлэн оролцож байна. Ойрын жилүүдийн Хятад улсын хөгжлийн талаар та ямар
сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Би Шанхай хотод гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь намын
дарга байхдаа 2010 онд ирж байсан. Тухайн үед БНХАУ-ын дарга Хү Жиньтао байсан.
Ши Жиньпин дэд дарга байсан. Бидэнд уулзах сайхан боломж гарч байсан юм. Шанхай
хот маш том хот юм. Ирэх бүртээ Шанхай хотын хөгжлийг гайхдаг. Манай хөрш БНХАУ
маш их хөгжиж байгаад би баярлаж явдаг.

-Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх
дээд уулзалт яг одоо болж байна. Энэ хурал бүс нутгийн аюулгүй байдалд ямар
үүрэг гүйцэтгэж байна гэж үздэг вэ? Хятад улсад анх удаа зохион байгуулж байгаа
энэ хурлаас та ямар үр дүн хүлээж байна вэ?

-Миний хувьд, энэ хуралд оролцохоор ирж байгаа бүс нутгийн
орнуудын удирдлагуудтай уулзах сайхан боломж гарна. Мөн ярьж байгаа сэдвээр
өөрийн орныхоо байр суурийг илэрхийлэх боломж гарч ирдэг. Би энд ирээд БНХАУ-ын
дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийсэн. Өглөөний цай хамт ууж, маш
сайхан элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Манай хоёр орны хооронд шийдвэрлэх
шаардлагатай асуудал олон бий. Эдийн засгийн, дэд бүтцийн томоохон асуудлууд
байгаа. Эдгээр асуудалд Ши Жиньпин дарга маш их анхаарал хандуулж, ажиллаж
байгаа. Үүнд бид их баяртай байна. Би бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй
уулзах болно. Ийм элэгсэг дотно яриа уулзалт улс орнуудын найрсаг хамтын
ажиллагааг бэхжүүлэхэд их тус болдог. Мэдээж энэ хурал дээр бүс нутагт байгаа
аюулгүй байдлын асуудал, тодорхой ярилцах шаардлагатай асуудал дээр улс орны
удирдлагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж ярих байх. Монгол улсын хувьд ч
гэсэн бид өөрийн байр суурийг ярьж идэвхтэй оролцоно.

-Энэ жил Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65
жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20
жилийн ой тус тус тохиож байна. Манай хоёр орны харилцааны хөгжлийн одоогийн
байдал, алс ирээдүйн талаар та бодлоо хуваалцана уу.

-Манай хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагаа гэж томьёолдог.
Манай хоёр орны харилцаа хамгийн гол нь хоёр ард түмний нийтлэг эрх ашигтай
нийцдэг харилцаа учир стратегийн харилцаа юм. 2013 оны 10 сард манай хоёр орны
засгийн газар стратегийн харилцаагаа хөгжүүлэх дунд болон урт хугацааны
хөтөлбөрийг баталсан. Хоёр орны харилцааны гол гол асуудлуудыг шийдвэрлэхээр
тавигдсан байгаа. Энэ ажлуудыг хоёр талдаа анхааран хийгээд явж байгаа. Ноднин
би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтай ШХАБ-ын дээд уулзалтын үеэр Киргиз улсад
уулзсан. Түүнээс хойш манай хоёр орны албаны хүмүүсийн уулзалт  олширч, үр
дүн их сайн байгаа. Би сая Ши Жиньпин даргыг энэ онд Монгол улсад төрийн
айлчлал хийхийг урьсан. Энэ жил бол Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа
тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны
20 жилийн ой тохиож байгаа. Манай хоёр орны харилцаа маш идэвхтэй хөгжиж байгаа
учраас Ши Жиньпин даргын айлчлал цаг үеэ олсон чухал айлчлал байх болно гэж би
итгэж байна.

-Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа улам
өргөжин тэлж байна. Хоёр орон ямар салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх
ёстой гэж та үздэг бэ?

-Бид зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш алдаж оносон зүйл
олон бий. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж
байгаа. Ойролцоогоор 10 хувьтай хөгжиж байна. Тийм учраас эдийн засгийн энэ
хөгжил БНХАУ-тай харилцаж байгаа харилцаатай нягт холбоотой юм. Энэ өсөлтийг
бид улам бэхжүүлэх ёстой. Бэхжүүлэхийн тулд бидний хооронд дэд бүтцийн шинжтэй
томоохон шийдвэрлэх асуудлууд байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийх
хэрэгтэй байгаа. Мөн уул уурхай дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар гэж маш том уламжлалт салбар байгаа. Мөн ард
иргэдийн хоорондын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаанууд байгаа. Эдгээр
ажлуудыг, бид цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоо хүлээгдэж байсан олон
жилийн яригдаж байсан эдгээр асуудлыг шийдвэрлэх сайхан боломж бүрдэж байна гэж
бодож байна.

-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс олгодог “Эх дэлхийг
хамгаалагч” цолыг 2012 онд та хүртэж байсан. Байгаль орчныг хамгаалах
талаар Монгол улс ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? Байгаль хамгаалах асуудал
нь Хятад улсын хувьд ч тулгамдаж байгаа чухал асуудал. Хятад Монгол хоёр орон
энэ салбарт ямар хамтын ажиллагаа өрнүүлж болох вэ? Энэ талаар таны бодлыг
сонсъё.

-Манай хоёр орны газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжиж байгаа.
Энэ талаар бид хамтарч ажиллах бүрэн боломж бий. Энэ чиглэлд БНХАУ-ын
туршлагаас Монгол улс суралцан хамтарч ажиллах сонирхолтой. Би ерөнхийлөгч
болоод Монгол улсад жилдээ мод тарих хөдөлгөөн бий болгож маш олон сая мод
тарьж байгаа. Ногоон байгууламжуудыг асар ихээр бий болгож байгаа. Шинээр
байшин барихад хажууд нь заавал ногоон байгууламж байх ёстой гэж үзэж, том
уурхай ашиглахад заавал нөхөн сэргээж байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
Мөн агаарын бохирдлын асуудал манай хоёр орны төв суурин газруудад их
хүндрэлтэй асуудал болоод байна. Энэ асуудлыг хамтарч шийдвэрлэхээр бид ярилцаж
байгаа. Байгаль орчны энэ асуудлыг шийдвэрлэх нэг гол зүйл бол сэргээгдэх эрчим
хүч, манай говийн бүс нутагт нарны эрчим хүч, салхины эрчим хүчийг ашиглах
ихээхэн боломж бий. Зөвхөн нүүрсний эрчим хүчийг ашиглахаас гадна сэргээгдэх
эрчим хүчийг давхар ашиглах гэж бодож байна. БНХАУ-д эрчим хүчний том хэрэгцээ
байна. Монгол улсын нүүрсний уурхайг түшиглэн эрчим хүчээ БНХАУ-д худалдаж
болно. Үүний зэрэгцээ бас сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлье гэсэн
санал тавьж хамтарч ажиллаж байна. Иймэрхүү байдлаар байгаль орчны асуудлаа
шийдье. Бид өөр өөр улс боловч дэлхийн хэмжээнд авч үзвэл, дэлхий гэдэг бол нэг
гэр бүл юм. Тийм учир энд тулгамдаж байгаа байгаль орчны асуудалд хамтдаа
анхаарах ёстой. Энэ талаар БНХАУ бидний байр суурийг ойлгож дэмжиж хамтарч
ажиллаж байгаад бид баяртай байна” гэжээ.

Н.МЯГМАР

Эх сурвалж www.medee.mn


Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Ийм нийгмийн төлөө бид хувьсгал хийгээгүй юм шүү

Хууль сахиулах байгууллагыг “хүчний байгууллага” гэж ойлгодог, үүнтэй нь эвлэрдэг хандлагад бид дэндүү дасчээ. Энэ салбарт ажиллаж буй албан хаагч, албан тушаалтнууд хүртэл “хүчний байгууллага” буюу иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэх ёстой мэтээр ойлгож, ийм итгэл үнэмшлээр ажиллаж ирсэн. Хууль, шүүхийн шинэтгэл чухамдаа энэ ойлголтыг өөрчилж, цагдаагаас эхлээд хууль сахиулах бүхий л шатны байгууллага “иргэдэдээхүч хэрэглэдэг” биш хууль ёсны эрхийг нь хамгаалдаг, үйлчилдэг байгууллага болж, сэтгэлгээнээсээ эхлээд шинэчлэгдэх ёстой гэдгийг өнөөдрийн нийгэм захиалж буй.

Хууль зүйн сайдтай хариуцлага тооцох асуудлыг сүүлийн хагас сарын туршхэрүүл дунд хэлэлцэж, улстөржсөн УИХ-ын гишүүд харин өчигдөр хууль зүйн салбарын халуун сэдвийг нэлээн нухацтай авч хэлэлцлээ. Хууль зөрчсөн эсэхээ шалгуулж байгаа, цаашлаад шүүхээр гэм буруутай, үгүй нь тогтоогдоогүй иргэд түр саатуулах байранд байх хугацаандаа амь нас алдах тохиолдол цөөнгүй гарч байгааг өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны хурлаар хэлэлцсэн. Хорих байранд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй нь хүний эрхийн ноцтой зөрчил учраас өчигдрийн хуралдаанд ШШГЕГ-ын албан тушаалтнуудаас гадна Хүний эрхийн үндэсний комиссын дарга, мэргэжилтнүүд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүд хурлын хэлэлцүүлгийн явцад дээрхээс ч илүү нухацтай асуудлуудыг ч хөндөж байлаа. Хууль сахиулах байгууллага өөрийн эрх мэдлээ иргэдийн эсрэг ашиглаж, хэлмэгдүүлэх, сүрдүүлэх, дарамтлах байдлаар иргэдийн эрх, эрх чөлөөнд халддаг, айдсыг нь төрүүлдэг байгууллага болж байгаа юм биш гэдгийг гишүүд сануулж байв. Хууль сахиулах байгууллагынхан хүний эрх чөлөө, нэр төрд халдсан энэ мэт үйлдлийнхээ шалтгааныг тайлбарлахдаа “Дээрээс ийм үүрэг өгсөн” гэдэг эзэн хаяггүй зүйл хэлдэг болсныг УИХ-ын гишүүд, тэр дундаа Хууль зүйн сайд ч байнгын хорооны хуралдааны үеэрил хэллээ. Хууль сахиулах, мөрдөх байцаах, цагдан хорих үйл явц өөрөө хуульчлагдсан байх ёстой төдийгүй албан тушаалтны үйлдэл, алхам нь бүр хууль зүйн үндэслэлтэй байх учиртай. Гэтэл өнөөдөөр “дээрээс” гэх захиалгаар ажиллах болсон нь аймшигт хэлмэгдүүлэлтийг сануулж байгааг нэр бүхий гишүүд хэлж байлаа.

Энэ талаар Хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр гишүүн Л.Болд хэлэхдээ“1990 оноос хойш бид юуны төлөө тэмцсэн юм бэ? Бид ийм айдсын төлөө 20 жил ажиллаагүй юм шүү. НАХЯ дуртай хүндээ дуртай хэргээ тулгадаг байсан. Бүх хүнийг айдаст байлгаж байсан. Бид өнөөдөр НАХЯ-тай л ижил байна. Бид хувьсгал хийж байж өөрчилсөн, одоо дахиад та НАХЯ байгуулах гэж байгаа бол үүнийг өөрчлөх гэж дахиад хувьсгал хийх болох уу?” гэжээ. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд тэрээр мөн хуралдаан дээр дараах зүйлийг мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.

-Бид бүгдээрээ нэг эх оронтой.Монгол Улсөнөөдөр эдийн засгийн хямралтай байна. Хөрөнгө оруулалт буурлаа л гэж байна. Үүнд хүн бүрийн оролцоо байгаа шүү. Тэр дундаа хуулийн байгууллагын оролцоо асар их байгаа шүү. Өнөөдөр дэлхий хавтгай болж, нэг мэдээллийн орон зайд амьдардаг боллоо. Монголыг дэлхий дахин яаж дүрсэлж байна? Монгол Улс бол асар том шорон юм” гэсэн нийтлэлүүд олон улсын томоохон хэвлэлүүдээр гарлаа. Үүний цаад эзэд нь хэн юм бэ. Ямар зорилгоор гадаадад ийм нөхцөл байдлыг үүсгэж, нэр хүндийг маань унагаж байгаа юм бэ? Үүний үр дагавар нь айл өрх, хүн бүрийн амьжиргаанд очиж тусч байгаа шүү дээ. Энэ байдлаас хамгаалахын тулд манай хуулийн байгууллага юу хийж байгаа юм бэ? Хэн тайлбарыг нь өгч байгаа юм бэ? Хэн няцаалт өгч байгаа юм бэ? Эсвэл үнэн юм уу, том шорон юм уу? Хүний эрхийн үндэсний комисс энэ мөрөөр юу хийх юм бэ? Хүний эрхийн дэд хороо хуралдаад одоо нэг тайлбар гаргах ёстой байхгэсэн хатуухан мэдэгдлийг Л.Болд хийлээ.

Түүнчлэн “ШШГЕГ-ын хорих байранд хүн нас барахыг ноцтой учрал гэж хэлдэг юм байна. Үнэндээ энэ бол “учрал” биш Монголын эмгэнэл. Ар гэр, үр хүүхэд, ах дүүст нь эмгэнэл шүү дээ. Тэр дундаа гэм буруутай нь тогтоогдоогүй хүн хоригдож байх үедээ амиа алдах болсон нь бид хаашаа явж байна вэ гэдэг асуултыг бидэнд тавьж байна” гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн байна. 

Хууль сахиулах байгууллага, тэр дундаа мөрдөн байцаах ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдлыг УИХ-ын гишүүн байнгын хорооны хуралдаан дээр хатуухан үгээр шүүмжилсэн байр суурь сүүлийн үед бараг сонсогдоогүй гэхэд болно. Магадгүй УИХ-ын гишүүд, улстөрчдийг ч бас битүүхэн айдас нөмрөөд байгааг ч үгүйсгэхгүй. Энэ талаар Л.Болд “Бид айхгүй шүү. Бид УИХ-ын гишүүд. Ямар ч байсан үгээ хэлнэ. Яаж ч оролдож болно, ер яаж ч болно. Маниуст айх юм байхгүй ээ. Гэхдээ тэрийг зохиочихож болно. Бид тэрийг мэдэж байгаа…” гэсэн нь цөөнгүй хүнд цочроо өгөх шиг болсон. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа:

-Бидний өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хууль, шүүхийн шинэтгэлтэй холбоотой хуулиудыг хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр ч ярьж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль л гэхэд нэрнээсээ хүртэл байцаах, шийтгэх ойлголтыг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна. Байцаан шийтгэж тарчлааж, тартагт нь тулгаж байж хүнд хэрэг хүлээлгэдэг энэ ойлголт хадгалагдаад үлдчихсэн. Одоо бид өөрчилж байгаа. Гэхдээ та нар Үндсэн хуулийнхаа язгуур эрх ашиг, амьд явах эрхийг хүндэтгээд байцаан шийтгэх ажиллагаагаа өөрчилж болохгүй юм уу? Би маш сайн санаж байна. Хэвтрийн хүнийг АТГ-ын нэг комиссар дуудсан байгаа юм. Би хэвтэрт байна гэж хэлээд байхад дуудсаар байгаад эцэст нь хоёр талаас дамнаад аваачихад дөрвөн давхрын нэг өрөөнд оруулаад байцаалт авсан. Тэгээд “Орон тооны хэтрэлт” гэх мэт юм асууж байна гэнэ. Бид ийм айдсын төлөө яваагүй. Тодорхой тохиолдолд очоод байцаад авч болдоггүй юм уу. Та нарын байцаалт авах практик чинь ер нь юу болчихсон юм бэ? Ерэн онд бид хувьсгал хийсэн юм. НАХЯ-ыг өөрчилсөн. Зарим хүмүүс үхэлд хүргээгүй хувьсгал гэж хэлдэг л юм. Эрх баригчид буу өгөөгүй бол үхэлд хүргэх л байсан. Бид сайхан амьдрал мөрөөдөж очоогүй юм аа. Амь насаа золиосолж байж хувьсгал хийсэн юм шүү. Үүний дараа Үндсэн хууль, бүх юмаа шинэчилж, хуулийн байгууллагаа өөрчилье гээд цагдаадаа эрхийг нь өгсөн. Төд удалгүй гуйвуулаад л эхэлсэн. Та нар санаж байгаа байх Хууль зүйн сайд байсан Батчулууныг дуудаж хэрэгт холбоод л… шоронд хийгээд л амийг нь хороосон шахуу… Дараа нь энэ бас болохгүй нь, арай тулхтайгаар нь прокурортоо эрхийг нь өгьё гэсэн. Тэгж байснаа прокурорыг бас л болохгүй байна, Н.Энхбаяртай холбоотой. Эрх баригчдын хэрэгсэл боллоо гээд болиулсан. Явж явж бүх юмны гогцоо нь авлигал юм байна, бие даасан газар байгуулья гээд АТГ-ыг байгуулсан. Эрх мэдлүүдийг нь ч өгсөн, прокурорт байсан эрхийг ч өгсөн. Гэтэл одоо ийм байдалд биднийг хүргэж байна. Одоо юуны төлөө ямар өөрчлөлт хийх вэ. Дахиж бид талбай дээр гарах ёстой юу?!Энэ бүхэн нийгмийг цочроогоод эхэллээ.

Бүх арга хэрэгсэл нь яг адилхан. Эхлээд тэр хүнийг хэвлэлээр гаргадаг, хүмүүст итгүүлдэг, нийгэмд гутаадаг. Дараа нь тэр хүнийг шоронд хийнэ үү, цаазаар аваачна уу хэнд ч сонин биш болно. Яагаад гэвэл тэр хүнийг хэдийнэ нийгмийн хог шаар болгочихсон. Б. Ринчин гуайг “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж том нүүр дүүрэн хэвлэлээр бичээд л бүх насаар нь тоглосон. Эцэст нь Ринчин гуайг өнгөрөхөд оршуулганд нь ирэх хүн олдоогүй гэдэг. Манай аав оршуулгад нь очоод “жинхэнээсээ уйлсан” гэдэг шалтгаанаар сэрдэгдэж, дуудагдаж, мөрдөгдөж байсан. Эцэст нь үнэн үнэнээрээ л ялдаг. Өнөөдөр Ринчин гуайд хөшөө босгочихсон байж байна. Нөгөө Сталин, Лениний хөшөө хаана байна. Энэ бол үзэл суртлаар шийдчихдэг асуудал биш л дээ. Энэ бол Монголд ардчилсан нийгэм зүй зохисоороо хөгжих, ард иргэдийн сонголтын асуудал. Гэтэл бид өнөөдөр айж байна. Чухамдаа бид хувь хүн, хувь айл, хувь байгууллага бүрийг, нийгмийг айдас хүйдэст автуулах замаар ардчилсан сонголтоосоо ухрах гэж байна. Та нар хариулт өгөх хэрэгтэй. Үнэхээр та нар хуучин НАХЯ-ыг бий болгох гэж байгаа бол тэрийгээ хэл. Хуулийн цоорхой байгаа бол тэрийг нь хэл, бид засья. Бид айхгүй шүү. Бид УИХ-ын гишүүд. Ямар ч байсан үгээ хэлнэ. Яаж ч оролдож болно, яаж ч болно. Маниуст айх юм байхгүй. Гэхдээ тэрийг зохиочихож болно. Бид тэрийг мэдэж байгаа…Ийм байдлаар бид цаашаа явахгүй өөрчлөх ёстой. Өнөөдөр энд дарга нар нь ч алга. Хүний эрхийн дэд хороо УИХ-ын байгууллага шүү. Бид ардчилсан нийгмийнхээ баталгааны төлөө явах болно” гэлээ. Түүний хэлсэн үг, байр суурийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж дэмжиж байгаа илэрхийлээд “Биднээс зөвлөгөө авах гээд ирсэн хүмүүст сүүлдээ бид “цаад хүн чинь хэцүү шүү” гэдэг сануулгыг хүртэл өгөх болсон” гэж хэлсэн нь бүр ноцтой байлаа. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:

-Монгол Улс том шорон болсон гэдэгтэй зарим талаар санал нийлэхгүй. Гэвч “хил хорио” гэдэг зүйл хэдийнээс гэдгийг нь мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа. Хэрэгт шалгаж байгаа хүнээ гадагш гарахыг нь хориглосон хориог хууль сахиулах байгууллагын хэн нэг хүн хувийн үзэмжээрээ тавьчихдаг. Тийм хууль ч байхгүй, прокурорын зөвшөөрөл ч байхгүй. Гэтэл үүнийг хууль, шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлдэг хэм хэмжээтэй орны хүмүүст энэ нь үнэхээр бүдүүлэг явдал. Улсынхаа хилээр шоронгийн гортиг татчихсан гэсэн ойлголт төрүүлээд байгаа. Маш хүчтай байгаа энэ практикийг өөрчлөх ёстой. Үнэхээр хуулийн байгууллага айдас үйлдвэрлэгч болчихлоо… гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, тэр дундаа Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаан Монголын нийгэмд бодитой хэлбэржиж байгаа асуудлыг ил гарган шүүмжилж, эргэн тойронд нь хэлэлцүүлэг өрнүүлснээрээ анхаарал татлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн чуулганд үг хэллээ

-Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг б¿рэн эõýýð íü õ¿ðãýæ áàéíà-

(Шанхай, 2014.5.21)
– Хуралдааныг даргалагч, БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин,
– Эрхэм хүндэт төлөөлөгчид,
– Хатагтай, ноёд оо!
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) даргын хүндтэй албыг залгуулан авч, гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй БНХАУ-ын дарга, Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд гүн талархал илэрхийлье!
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын олон улсын нэр хүнд өсч, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр хамрагдах орны тоо нэмэгдэж байна.
Үүний зэрэгцээ Ази тивийн энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, итгэлцлийг бэхжүүлэхэд тус бага хурал чухал үүрэг гүйцэтгэн төлөвшиж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын “Залуучуудын зөвлөл”, “Ажил хэргийн зөвлөл байгуулагдлаа.
Мөн тус бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага хийгээд Казахстаны ард түмний Ассамблей зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагтай харилцан ойлголцлын Санамж бичгүүд байгуулсанд баяртай байна.
Энэ дашрамд, шинээр гишүүн болж байгаа Катар, Бангладеш улсуудад баяр хүргэе.
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль хамгаалал, терроризм зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх үндсэн механизм болох өөдрөг ирээдүй байгаа гэж бид үзэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт юм.
Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт гаргаж ирсэн.

Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байна.
2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ тунхагласан.
Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс  өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм.
Миний бие Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчин хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг нэн тэргүүнд эрдэм шинжилгээний аргаар таниулан, хамтран ажиллахад чиглэх юм.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд эрдэмтэн, судлаачдын анхны хуралдааныг энэ оны зургаадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд олон эрдэмтэн судлаачид оролцохоо илэрхийлээд байна.
Манай улс далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын нэгэн адил олон улсын худалдаа, тээвэртэй холбоотой хүндрэлүүдийг багасгах асуудалд анхаарал тавьж ирсэн.
Тухайлбал, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Азийн далайд гарцгүй олон улс дэмжиж, Засгийн газар хоорондын олон талт Хэлэлцээрт нэгдсэнд талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлыг энэ оны 6 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнууд, түүний дотор манай хөршүүд болох БНХАУ, ОХУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн
Манай улсын эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт Ази, Номхон далайн бүс нутгийн бүхий л орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж буйг тэмдэглэхийг хүсч байна.
Монгол Улс “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
Энэхүү уулзалт нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй  орон гэдгийг бататгасан бөгөөд 2016 оны “Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг тавиад байгааг энэ дашрамд та бүхэнд сонордуулъя.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг өргөжүүлэх, улмаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл зэрэг олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан Турк Улсад талархал илэрхийлье.
Ингээд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг даргалах хүндтэй үүргийг хүлээн авч буй БНХАУ-д дахин баяр хүргэж амжилт хүсье.
Монгол Улс, Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж буй тус бага хурлын гишүүн, ажиглагч орнуудтай цаашид ч улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг дахин илэрхийлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүргийг Д.Ганхуяг сайдад хариуцуулжээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны тавдугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1-д заасныг тус тус үндэслэн 63 дугаар захирамж гарган, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулжээ. 

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж эхлээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
 Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Болор хийсэн танилцуулгадаа, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тооцоог авч үзсэний үндсэн дээр төсвийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлын хэмжээг 39 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан. Төсвийн тодотголтой холбогдуулан байнгын хороод, нам, эвслийн бүлэг, бие даагч гишүүдээс ирүүлсэн саналыг нэгбүрчлэн судалж, зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн дүнд өөрчлөлт оруулах саналын томъёолол бэлтгэсэн тухайгаа дурдлаа.
  Ажлын хэсгийн энэ танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг өөрчлөх, нэрэнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсоныг байнгын хорооны ажлын хэсэг 38 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулснаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дараа нь “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуулаар санал хураалт явуулж дэмжив.
 Байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ улс-төр

Олон жил хүлээлт үүсгэсэн байгалийн хий нийлүүлэх гэрээг яагаад үзэглэсэнгүй вэ?

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо болж байна. Энэхүү арга хэмжээг зохион явуулах  санаачилгыг 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дахь чуулганы үеэр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назербаев дэвшүүлсэн нь дэмжлэг авч байжээ. Ингээд анхны чуулганыг 2002 онд  Казахстаны Алматы хотод зохион явуулж байсан юм. Үүнд 16 орон нэгдэж, Азид энхтайвныг сахиулан тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах Алматын тунхаг бичгийг боловсруулсан байна. Анхны уулзалт Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгал орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд явагдаж байжээ.
Банк санхүүгийн чөлөөт бүс Шанхай хотноо болж буй уг арга хэмжээ өндөр харуул хамгаалалт доор өрнөж байгаа юм. Ази, Номхон далайн бvс нутгийн энх тайван, аюулгvй байдлын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад 14 орны төр засгийн тэргүүн, улс төрийн лидерүүд иржээ. Тухайлбал, Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн ирсэн байна.
CICA-гийн гишүүн орнуудад Азер байджан, Афганистан, Бахрейн, Вьетнам,Египет, Израиль, Иордан, Ирак, Иран, Казакстан, Камбодж, БНКиру, Монгол, ОХУ, Пакистан, Палестин, БНСУ, Тажикстан, Тайланд, Турк, Узбекстан, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Энэтхэг зэрэг 24 орон, АНУ, Бангладеш, Индонез, Катар, Малайзи, Украйн, Филиппин, Шри-Ланка, Япон зэрэг есөн ажиглагч орон багтдаг аж.
Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван, тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа юм. Хурлыг БНХАУ-ын дарга Си Зиньпин  даргалж байна. Оролцож буй орнуудын төр засгийн тэргүүнүүд таван минутын хугацаатай илтгэл тавина. Манай улсын Ерөнхийлөгч дараалал ёсоор үдээс өмнөх хуралдааны үеэр үг хэлнэ.
CICA-гийн чуулган болж буй энэ өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал давхцаж байгаа юм. Тиймээс Шанхай хотын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн зарим автозамуудын хөдөлгөөнийг хаажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Хятадтай эдийн засаг, шинжлэх ухаан, өндөр технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой айлчилж байна. Тодруулбал, хамтын ажиллагааны 40 гаруй гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Үүнд олон жил хүлээлтийн байдалд байгаа байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээ багтжээ. Гэвч хоёр улсын төрийн тэргүүнүүд уг гэрээнд одоогийн байдлаар гарын үсэг зураагүй байна. ОХУ, БНХАУ хамтын ажиллагааны олон гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээг үзэглэж чадаагүй юм. Энэ нөхцөл байдлыг олон улсын ажиглагчдын зүгээс “В.Путин баруунтай таарамжгүй байгаа улс төрийн нөхцөл байдлаас болж, яаран ашиггүй гэрээ байгуулахыг хүсээгүй” гэж үзэж байгаа юм. Ямартаа ч худалдааны хамгийн том түнш хоёр улс 2015 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 100 тэрбумд, 2020 он гэхэд түүнээс хоёр дахин нэмэхээр тохиролцжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Монгол, Шведийн дипломат харилцааны 50 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ёслолын арга хэмжээ 5 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд боллоо.
Уг арга хэмжээг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Швед, Монголын парламентын бүлгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцов. Мөн Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгуулагуудын тэргүүн нар болон Шведийн Вант Улсын Өргөмжит консул зэрэг хүмүүс оролцов.
Сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ сүүлийн хагас зуун жил Монгол, Шведийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжиж байгааг дурдан хоёр орны хооронд эрчим хүч, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Түүнчлэн Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ларс Фреден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд Шведийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Швед Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж, харилцааны үндсийг бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой айлчлал болсныг онцлов.
Монгол Улс, Шведийн Вант Улсын хооронд 1964 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.


Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ларс Фреденийг  хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Л.Болд энэ жил Швед Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Хааны гэр бүлийн гишүүд Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, хоёр тал улс төр, эдийн засаг, эрчим хүч, уул уурхайн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комисс байгуулах талаар хоёр тал санал солилцож, энэ асуудлыг судалж хамтын ажиллагааны тодорхой чиглээлээр ажиллах Засгийн газар хоорондын комисс байгуулах нь зүйтэйг тэмдэглэв.  

Categories
мэдээ улс-төр

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал эхэллээ

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний дөрөвдүгээр бага хурал яг одоо Шанхай хотноо эхэлж байна. Бага хуралд 40 гаруй улс, 14 орны төр, засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага оролцож байна. Дөнгөж сая БНХАУ-ын дарга Си Жиньпин тэднийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээг сурвалжлахаар олон орны хэвлэл мэдээллийн байгууллагууд иржээ. Харин энэ үйл явдлыг ССТV албан ёсны эрхтэйгээр дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлнэ. 


АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтаар төгсгөлийн баримт бичиг – Тунхаглал батлан гаргах бөгөөд энэхүү баримт бичигт Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн талаарх заалтуудыг тусгах талаар ажиллаж байна.
Манай улсын  Ерөнхийлөгчийн хувьд энэ сарын 18-нд Шанхай хотноо ирсэн бөгөөд хурал эхлэхээс өмнө хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдтэй уулзлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг АПЕК-д гишүүн орноор элсүүлэхийг Хятадын зүгээс дэмжинэ гэв

БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг даваа гаригт хүлээж авсан бөгөөд албан ёсны уулзалтын дараа тэд хамтдаа өглөөний цай уув.
Тэдний уулзалт 40 минутаар төлөвлөгдсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нөхөрсөг яриа хэлэлцээр өрнүүлэв. Тухайлбал, хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцлаа.  Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал уулзалтынхаа үеэр онцолж байсан юм. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Өнөө жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан юм. Иймд хоёр улсын төрийн тэргүүн түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Монгол Улсад айлчлахыг уриад “Таны манай улсад хийх айлчлал хоёр орны харилцаа шинэ шатанд гаргасан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

В.Путин манай Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй уулзлаа. В.В.Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж буй гэдгээ тодотгон хэлсэн юм.
Хоёр улсын эртний уламжлалт харилцааны нэгэн илрэл болох Халхын голын байлдааны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Уг арга хэмжээг наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэж тэрбээр нэмж хэллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, мөн хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд “Ирэх наймдугаар сард Халхын голынялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ерөнхийлөгчийн илэрхийлсэн юм. Түүний санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харилцан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа дуулгав. Мөн В.В.Путин өөрийнхөө зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урилаа. 


Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт 30 гаруй минут үргэлжлэв. Тэдний хөндсөн асуудлуудыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  Санкт-Петербургт хийх  уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар боллоо. Засгийн газрын тэргүүн энэ бямба гаригт В.Путинтай уулзах юм.