УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Иргэд, сонгогчдоос Өргөдлийн байнгын хороонд хандаж, хуралдаа суудаггүй гишүүнд хариуцлага тооцдог байх шаардлагыг тавих болжээ. Тиймээс тус байнгын хороо нь УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй гишүүнийг, мөн дээрх хуралдаанд согтуу ирсэн гишүүнийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийн төсөл боловсруулж буй аж. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
Category: улс-төр
Засгийн газрын эрхэнд байгаа Ардчилсан нам гишүүдээ бөөн бөөнөөр нь шоронд явуулж байна. Тэд улс төрийн тоглоомын дүрмээ огтхон нь ойлгохгүй байгааг хаширууд шүүмжлэлтэй нүдээр харж байна. Эрх баригчдын тухай хатуу үнэнийг өгүүлэх “Өрсөлдөгчөө өрөвдсөн гор”-ыг амссан хүчин хүлээцтэй суухад эд нар өөрсдийгөө яахнав дээ” нийтлэл “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдлээ.
Япон улсад болж буй НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал”-д Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн бага хуралд дэлхийн 18 орны төрийн тэргүүн, 100 гаруй орны сайд нар дугуй ширээний ярилцлага, дээд түвшний салбар дундын түншлэлийн хэлэлцүүлэг, сэдэвчилсэн хуралдаануудад оролцож байгаа аж. Энэ сарын 14-нд Шадар сайд У.Хүрэлсүх гамшгийн шинэ эрсдэл бий болохоос урьдчилан сэргийлэх, гамшгийн өртөнгө, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, соёл, хүрээлэн буй орчны арга хэмжээг хэрэгжүүлэх замаар одоо байгаа гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Ирэх 20 жилд гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх байдал, ард иргэдийн аж амьдрал, олон нийт цаашлаад улс орны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үнэт зүйлст учрах хохирлыг бодитоор бууруулахад олон улсын түншлэлийг өргөжүүлэх нь нэн чухал болохыг Шадар сайд өөрийн илтгэлдээ онцолжээ.
Урт нэртэй хуулийн өөрчлөлт, “Ноён уулыг стратегийн ордод оруулсныг эсэргүүцсэн “Босоо хөх Монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд Ерөнхийлөгчийг огцруулахаар өнгөрсөн баасан гаригаас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаж эхэлсэн.
Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гадаадын иргэнд уучлал үзүүлж хууль зөрчсөн гэж үзэж буй юм. “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдан “Улсад олон тэрбумын өртэй гадаад иргэдийн шүүн таслах ажиллагаа дуусаагүй байхад уучлал үзүүлсэн нь Ерөнхийлөгчийг огцруулах олон үндэслэл гарч ирж байгаа юм. Үндсэн хуульд Төрийн тэргүүнээс эхлээд энгийн иргэн хэн боловч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Мөн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байдаг. Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийг бүрэн эрхийг зөрчвөл огцруулна гэж заасан байдаг. Уул усны төлөөх бидний тэмцэл яахын аргагүй Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах тэмцэл рүү орж байна” гэв. Тэд ирэх тавдугаар сар хүртэл иргэдийн саналыг авч гарын үсэг цуглуулах аж.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд хүндэт зочноор оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.03.15/ мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов.
Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, “CeBIT-2015” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ма Кай, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ХБНГУ-ын Канцлер А.Меркель болон хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Мэдээллийн технологийн салбарын ололт дэвшлийг танилцуулах талбар болсон “CeBIT-2015” үзэсгэлэн 2015 оны 03 дугаар сарын 15-20нд зохиогдож буй бөгөөд гол түншээр БНХАУ оролцож байна. Иймээс бид БНХАУ-ын зарим хоттой түншийн харилцаа тогтоолоо. Манай муж улс бол бүхий л салбарын бодит үсрэнгүй хөгжлийг хангаж, амьдралын чанарыг нэмэгдүүлж буй муж улс мөн. Манай Ханновер хотод гадаадын 100 мянган иргэн амьдарч байна. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ эрин үед дэлхийн олон орноос энэ танхимд хүрэлцэн ирсэн та бид технологийн хөгжлийг ашиглан уулзаж ярилцаж болох хэдий ч биечлэн уулзах нь хамгаас чухал гэдгийг онцлон хэлье. Та бүхэн Ханноверт хүрэлцэн ирж, “CeBIT-2015” үзэсгэлэнд оролцож буйд баяртай байна гэсэн юм.
Мөн энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн, үг хэллээ. Канцлер А.Меркель, Даяаршил болон дижиталчилал хоорондоо уялдаа холбоотойгоор хөгжиж байна. Дижиталчилал нь шууд эдийн засагтай холбогдож, ирээдүйн эдийн засгийн дэвшлийг тодорхойлоход ихээр нөлөөлж байна. Өрсөлдөөн ихтэй энэхүү орон зайд “CeBIT” өөрийн хувь нэмрээ оруулсаар ирснийг онцлох хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэнг хамтран зохион байгуулцаж буй ХБНГУ болон БНХАУ нь өөрсдийн онцлогийг багтаасан дэвшилтэт олон талуудтай. ХБНГУ бодлогын хэмжээнд дижиталчлалын хөгжлийг дэмжих ёстой, хууль эрхзүйн орчныг хөгжүүлэхэд саад болж буй бэрхшээлийг арилгах хэрэгтэй гэж үзэж байна. ХБНГУ бол зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж чаддаг, түүнийгээ ч түгээж чаддаг. Бид дижитал хөтөлбөрийг 2014-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Шинэ шинэ дижитал шийдлүүд хүмүүсийн итгэлийг олох хэрэгтэй бөгөөд бид тасралтгүй судалгаа шинжилгээ хийж байх хэрэгтэй. Бид интернетийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг боловсруулж байна. Энэ нь зөвхөн ХБНГУ-д төдийгүй Европын холбооны улсуудын хэмжээнд ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
“CeBIT-2015” үзэсгэлэн яармагийн үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер А.Меркель Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэхүү үзэсгэлэн яармагт оролцож байгаад талархал илэрхийллээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн нийслэл Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ сарын эцсээр БНХАУ, Япон болон Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар уулзаж, төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Тус улсын удирдлагууд 2011 онд нэг удаа уулзаж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцаж байсан юм. Уулзалтаар удирдлагууд маргаантай бүс нутаг болон эдийн засгийн асуудлаар зөвлөлдөхөөр болсон байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд И Кюн Су “NHK” агентлагт “Энэ сардаа багтаан гурван улсын хамтарсан уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдах болно. Хэзээ гэдгийг нь Гадаад хэргийн сайд нар уулзаж, шийдвэрлэх болно” гэж ярьжээ.
Зүүн Хятадын тэнгис дэх арлын эзэмшлийн маргааны улмаас БНХАУ болон Японы харилцаа муудсан юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны онд японоор Сенкаку, хятадаар Дяоюйдао аралд зочилж, дэлхийн II дайнд амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлснээс болж маргаан улам хурцадсан билээ. Японы удирдлагууд дээрх хүйтэн харилцааг зогсоох, Хятадтай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэхийг хүссэн учир гурван талт уулзалтыг зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Швейцарийн Женев хотноо Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны хурал болж байна. Энэ хуралд манай улсаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож буй юм. Уг хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны гишүүнээр сонгожээ.
Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын Зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой байгууллага юм.
Харин Олон Улсын Зохицуулах Хорооны Товчоо нь гишүүнээр элсэхээр хүссэн ХЭҮБ-ын хүсэлтийг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх, Магадлан Итгэмжлэх Дэд Хорооноос зөвлөмж гаргасны дараа магадлан итгэмжлэлийн статусыг хэлэлцэн шалгаж, шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэг хүлээх аж.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар ХБНГУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2015.03.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийсэн айлчлалаа дуусгаад БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д албан ёсны айлчлал хийнэ.
БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна
Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна. Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар усны салбарын 40 гаруй хүн ажлаасаа халагдсан гэнэ. Ажлаасаа халагдсан хүмүүсийн төлөөлөл өнөөдөр МҮОНРТ-ийн мэдээллийн танхимд ирж байр сууриа илэрхийлсэн юм. Онги голын сав газрын захиргааны дарга Рэгзэн “Сав газрын дарга нар нийлсэн 40 гаруй хүнийг ажлаас нь халаад байна. Өмнө нь 17 хүнийг халсан. Нэмээд 24 хүнийг халах тушаал гарчихсан. Ямар ч шалтгаангүйгээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн зорилгоор халлаа. МАН-ын хүмүүсийг бидний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилж байна” гэж ярилаа. Тэд Төрийн албаны зөвлөлд хандаад байгаа юм байна. Мөн захиргааны хэргийг шүүхэд хандахаа ч дуулгав.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ХБНГУ-д, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д тус тус албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна
Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна. Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.