Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон билээ. Шинээр газар өмчлүүлэх ажлын бэлтгэл ажил дууссан байна. Энэ талаар өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Өмч газрын харилцааны албанаас мэдээлэл хийлээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх 52 байршлаас эхний ээлжинд таван байршлыг сонгон ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрээр өмчлүүлэхээр болсноо зарлалаа.
Тодруулбал, эхний таван байршил бүхий 1524 га газарт нийтдээ 14954 иргэнд газар өмчлүүлэхээр болжээ. Газрын тухай хуульд иргэн бүр 0.07 га хүртэл газрыг үнэгүй өмчлөх эрхтэй гэж заасан байдаг ч хүртээмжийг бодолцоод энэ удаад 0.05 га газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Эхний ээлжинд өмчлүүлэх таван байршил нь Баянзүрх дүүргийн XX хорооны Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн XII, XIII хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн IV хорооны Тариан булагийн I хэсэгт 7504 иргэнд,
Багахангай дүүргийн II хороонд Бор-Үзүүр гэдэг газар 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх гэнэ.Нийслэлийн өмч газрын харилцааны албаны мэдээлснээр иргэдэд газар өмчлүүлэх өргөдлийг цахимаар хүлээж авах “Газар өмчлөлийн цахим систем” буюу программ хангамжийг боловсруулах ажлыг дуусгасан байна. Цахим хаягийн нэр болон хэрхэн өргөдөл авахыг наймдугаар сарын 1-нээс өмнө зарлах аж.
Тус системд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлууд, тэдгээрийн албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, төвөөс алслагдах зай, хил заагийг харуулсан тойм зураг, байршил тус бүрийн батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний загвар төсөл буюу хаягийн зураг, өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо, газар өмчлөхөөр хүсэлт гаргасан нийт иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн нэрс зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод байрлуулсан байх аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хэдийгээр газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр хүний оролцоогүйгээр явуулах боловч давхцал гарах магадлалтай байна. Жишээгээр тайлбарлахад Сонгинохайрхан дүүргийн Соёоны аманд 4100 хүнд газар өмчлүүлнэ. Гэтэл тэр байршилд арван мянган хүн өргөдөл өгвөл тодорхой байршлын газруудад давхцаж өргөдөл өгсөн гэсэн үг. Ийм асуудал гарвал давхцсан хүмүүсийг ч сугалаа сугалуулна. Үүнээс өөр аргагүй юм. Зарим хүмүүс хамгийн түрүүнд өргөдөл өгсөн хүмүүст газар өгье гэж байна. Тэгэхээр бөөн маргаан гарах магадлалтай. Тиймээс хамгийн шударга арга нь сугалуулах юм” гэж тайлбарлалаа. Нэмж мэдээлэхэд газар өмчилж авах иргэд нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн бүртгэлтэй болсон байх ёстой гэнэ. Энэ ажлыг хянан шалгах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон буюу газар өмчлөх эрх нь нээгдсэн иргэн тухайн газрын харъяа дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногт багтаан өргөдөл гаргах бөгөөд тухайн дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь өргөдлийг хүлээн авч, газар өмчлөхөөр сонгогдсон иргэнд өөрийн өмчлөх нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг өгөх ёстой.
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ ГАЗРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЭЗЭМШҮҮЛНЭ
Тус хурлын үеэр Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас өгсөн бас нэг мэдээлэл нь нийслэлд барилга байгууламж барих газрыг зөвхөн дуудлага худалдаагаар олгохоор болсныг дуулгалаа. Энэ талаар мэдээлэхдээ “Газрын тухай хуульд юу гэж заадаг вэ гэхээр, гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтын газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хуулийн энэ заалт зөрчигдөж ирсэн. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн тодорхой эзэмших эрхтэй газруудыг хүчингүй болгож, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгохдоо зөвхөн дуудлага худалдаагаар олгож эхлээд байгаа юм. Эхний ээлжинд ирэх есдүгээр сард 20 байршил бүхий газрыг дуудлага худалдаагаар өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Сая хуралдсан НИТХ-аар эхний ээлжинд арав гаруй автозогсоолын газрыг дуудлага худалдаагаар өгөхөөр шийдвэрээ оруулсан. Өнгөрсөн хугацаанд гарсан бас нэг асуудал төрийн байгууллагатай хамтраад газар эзэмших эрх авдаг байсан. Үүнийг өнгөрсөн 2013 оны Нийслэлийн Засаг даргын 915 тоот захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр болсон. Дуудлага худалдааныхаа анхны үнийг төлөөд газрынхаа эрхийг баталгаажуулж ав гэдэг шаардлагыг тавьж байна. Энэ арга хэмжээг жилийн хугацаанд авахад энэ хугацаанд 91 аж ахуйн нэгж дуудлага худалдааныхаа анхны үнийг төлөөгүй байна. Хэрвээ энэ байгууллагууд дуудлага худалдааны анхны үнээ төлсөн бол нийслэлийн төсөвт 20 шахам тэрбум төгрөгийн орлого орж ирэх байсан. Тиймээс энэхүү шийдвэрийг хэрэгжүүлээгүй 91 аж ахуйн нэгжийн газрыг хүчингүй болгосон. Эдгээр газраа хүчингүй болгосон иргэдээс гурван байгууллага, иргэн эргэж хуулийн байгууллагад хандсан бол бусад нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Техникийн нөхцөл зургийн даалгавар нь өгөгдсөн газрыг дуудлага худалгаагаар өгнө” гэж мэдээллээ.
Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлснээр эдийн засгийн хувьд ямар ашиг олж болох вэ гэсэн судалгааг хийжээ. 2003-2014 он хүртэлх хугацаанд олгосон газруудыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар олгосон бол 2012 оны нийслэлийн төсвийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцүү орлого олох байсан гэнэ. Нийслэлийн 2012 оны төсвийн орлого 359 тэрбум төгрөг бөгөөд үүнийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцүү орлого олох байсан гэнэ. Хэрвээ өнөөдрийн нийслэлийн нөөцөнд байгаа газраа дуудлага худалдаагаар өгч чадвал 2012 оны нийслэлийн төсвийг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх орлого хамгийн багадаа орж ирнэ гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Энэ нь 1.5 их наяд төгрөгийн орлого орж ирнэ гэсэн үг.
ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ
УИХ-аар 2013 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ. Энэ төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод хичнээн шугам сүлжээг хаагуур татахыг нарийвчилж баталжээ. Гэтэл одоо гарч байгаа нэг асуудал нь Дулааны шугамын хамгаалалтын зурвас дээр 8000 айл буужээ. Эдгээр айлууд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа буюу шугамд гэмтэл гарвал асар халуун уур, ус алдаж хүний амь нас эрсдэх эрсдэл байгаа аж. Тиймээс энэ айлуудыг нүүлгэж, газрыг нь чөлөөлөхөөр болсоноо дуулгалаа. Мөн Зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан талаар мэдээллээ. Зуслангийн газрыг өмчлүүлэхээр бэлтгэл ажил нь үргэлжилж байгаа гэнэ. Сүхбаатар дүүргийн 25, 20 хороо, Чингэлтэй дүүргийн 19 хороо Жигжидийн зуслан, Яргайтын зуслан гээд нийтдээ 1400 гаруй га газар 6100 зуслангийн хашаа байдаг. Энэ айлуудын газрыг өмчлүүлэхийн тулд эхний ээлжинд хаягжуулж байгаа аж. Хаягжуулсаны дараа газар өмчлүүлэхээр төлөвлөжээ. Жигжид зусланд газрын зөрчил маргаан их учраас дүүргийн газрын албанаас маргааныг арилгаж дуусгахаар ажиллаж байгаа аж. Хаягжилтыг хийснээр, хашаа хороог татуулж, гудамж зам гаргах, замын трассыг шинээр татах гэнэ. Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил есдүгээр сарын 1-нээс эхэлнэ хэмээлээ. Гэхдээ голын ай сав, ой модон дотор байгаа газрыг өмчлүүлэхгүй гэдгийг анхаарууллаа.
Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлууд:
1. Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зуслан 366 га 1478 хашаа
2. Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зуслан 173 га 644 хашаа
3. Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зуслан 391 га 715 хашаа
4. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслан 219 га 2036 хашаа
5. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зуслан 265 га 1313 хашаа
Нийт: 1414 га 6186 хашаа
Х.ЦЭНД-АЮУШ