Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойд шийдэгдээгүй хоёр асуудал үлдсэн гэв

Уул уурхайн яамнаас өнөөдөр ил тод уур уурхай хэвлэлийн хурлаа хийсэн юм. Энэ үеэр Оюу толгойн талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Хувь нийлүүлэгчдийн дунд шийдлээ хүлээж байгаа техникийн шинжтэй хоёр асуудал байгаа аж. Эхнийх нь далд уурхайн санхүүжилттэй холбоотой гэнэ. “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэрээний дагуу хийгдэхээр тусгагдсан. Ажлаа эхлэхийн тулд Оюу толгой ТЭЗҮ-д тодотголоо боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах учиртай. Эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгсөн. Шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Хоёрдугаарт татварын маргаантай асуудал байгаа. Энэ бол Татварын ерөнхий газар, Оюу толгой ХХК хоорондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохицуулагддаг. Хоёр тал ойлголцлоо нэгтгэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байна” гэж яамныхан ярилаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг есдүгээр сарын 30-ны дотор шийдүүлэх чиглэлд салбарын яамны зүгээс идэвх гарган ажиллаж байгаа гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сүхбаатар: Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо

БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн билээ. Айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа. 

-Си Жиньпиний айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүн Иж бүрэн түншлэлийн  тунхаглал баталлаа. Үүний онцлог, ач холбогдлыг тодорхойлохгүй юу?

-Сүүлийн 30-аад жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа хэвийн байдалд орж, сүүлийн үед нэн тааламжтай байдалд  орж хөгжиж байна. Манай төрийн дээд удирдлагууд ойр ойрхон тогтмол уулздаг боллоо. Харилцан айлчлалууд тогтмолжиж байна. Үүний тод жишээ бол Си Жиньпиний айлчлал байна. Энэ айлчлал бол түрүүчийн Хятадын удирдагч манай улсад айлчилснаас 11 жилийн дараа болж байгаагаараа онцлог, түүхэн үйл явдал гэж хоёр талууд дүгнэж байна. 1994 онд найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тэр үед хоёр орны  харилцаа үнэхээр хэвийн болж, харилцааны үндсэн зарчмыг тодорхойлсон гэрээ байгуулсан. Үүний дараа 2003 онд Хятадын түрүүчийн удирдагч айлчилж, хоёр улсын харилцааг түншлэлийн харилцаа болгож хөгжүүлэхээр зарласан байдаг. 2002 онд Ерөнхий сайд С.Батболдын хоёр орны харилцааг стратегийн түвшинд гаргая гэсэн албан баримт бичигт гарын үсэгт зурсан. Үүнийг энэ удаагийн айлчлалаар иж бүрэн стратегийн харилцаа болгон шат ахиулах шийдвэрт хоёр тал хүрсэн байгаа. Иж бүрэн гэдэг нь олон улсын харилцаанд аливаа улсуудын хоорондын харилцааны түвшинг харуулна. Бүх салбарт харилцаагаа өргөжүүлнэ. Стратегийн гэхээр урт, тогтвортой хугацаанд харилцаагаа хөгжүүлнэ гэсэн үг. Иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоохдоо Монгол Улс зөвхөн Хятадтай харилцаагаа бүх салбарт өргөжүүлж тэлэхээс гадна тус улсын нутгаар дамжин транзит тээврээр бүс нутгийн болоод гуравдагч орнуудад өөрийн бараагаа гаргахаар тохирч чадлаа. Хятадын тал манайд боомтуудаа нээж өгч, төмөр замын гарцуудыг зааж өгч, том боломж олголоо. Үүгээр иж бүрэн түншлэлийн харилцаа маань зөвхөн хоёр талын харилцаа биш, гурав дахь зах зээл рүү гаргах боломжийг олгосон. 

-Айлчлалын үеэр олон гэрээ хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурлаа. Яг ямар асуудал шийдчихэв ээ?

-Олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаас хамгийн чухал нь улс төрийн баримт бичиг. Стратегийн иж бүрэн түншлэлийн тухай тунхаглалыг төрийн тэргүүнүүдийн хэмжээнд зурлаа. Манай гадаад бодлогын үзэл баримтлал, бусад хууль тогтоомжууд улс төрийн гадаад харилцааны тодорхойлогч байдаг. Бусад нь эдийн засаг, соёл боловсролын зэрэг салбарын үндэс суурь нь болж өгдөг. Энэ харилцааны түвшинг тодорхойлж байгаа баримт бичиг бол стратегийн түншлэлийн тунхаглал болно. Тодруулбал доод тал нь ирэх 10 жилийн хугацаанд манай үндсэн харилцааны шинж чанарыг тодорхойлох тусгай баримт бичиг. Энэ утгаараа түүхэн ач холбогдолтой баримт бичиг болсон байгаа. Айлчлалын үеэр хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны олон асуудлуудыг хөндөж ярьсан. Манай талаас байгалийн баялгаа ашиглаж, сэргээн хөгжүүлэхэд бидэнд зайлшгүй зах зээл рүү бүрэн түүхий эд болоод боловсруулсан бүтээгдэхүүнээ гаргах шаардлага байна. Юуны өмнө ойрын хөрш БНХАУ манай гол экспортын бүтээгдэхүүний зах зээл болдог. Зөвхөн нэг зах зээлээс хамааралтай байх бус, Хятадын нутгаар дамжуулан гуравдагч орнууд  зах зээл рүү гаргах боломжийг олох зорилгыг тавин айлчлалыг хэрэгжүүлсэн. Үүнийхээ зорилгыг тодорхой хэмжээнд биелүүлж, Хятадын зүүн хойд мужуудад байгаа далайн боомтуудыг ашиглах боломжтой боллоо. Энэ боомтуудад хүрэх төмөр зам болоод бусад дэд бүтцүүдийг ашиглах боломж нээгдлээ. Тодруулбал, төмөр замаар зөөгдөж байгаа их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэхээр хоёр тал тохирлоо. Иймэрхүү зарчмын томоохон тохиролцоонуудыг хийсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байгаа. Айлчлалын үеэр албан ёсны нийтдээ 26 баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн байгууллага хооронд 10 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан байгаа. Олон салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах үндсэн тохиролцоонууд хийгдсэн байгаа. 

-Хятадын талаас нэлээд том амлалтууд өглөө. Ялангуяа манай эдийн засгийг  сэргээхэд дэм болохоор амлалтууд харагдсан. Тухайлбал, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлүүд өгөхөөр байсан байх аа…

-Сая БНХАУ-аас төрийн тэргүүнийхээ айлчлалаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэлээд олон хөнгөлөлттэй зээл боломжуудыг амлалаа. Ирэх гурван жилийн хугацаанд 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоор болж байна. Үүнийг манай Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд санхүүжүүлэх боломжтой. Манай талд энэ хөрөнгийг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд үлдэж байна. Дээр нь бид нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн сувгийг нээлээ. Мөн Хятадын тал их хэмжээний арилжааны зээлийг авч ашиглах асуудлыг нээлттэй авч үзнэ гэдгээ зарласан. Эдгээр нь манайд нэн шаардлагатай байгаа санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход боломжуудыг нээж өгсөн амлалт болсон. Нөгөө талаас боловсролын салбарт нэлээд томоохон амлалтуудыг өглөө. Ирэх таван жилийн хугацаанд 1000 хүнийг урт богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулахаа урд хөршийн зүгээс илэрхийллээ. Таван жилийн хугацаанд нэмж 1000 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр сургана гэж байна. Мөн 500 цэргийн албан хаагчийг олон төрлийн сургалтад хамруулна гэдгээ хэлсэн. Манай тал үүнийг хүлээж авсан. Үүнийг найрсаг хөршийн ёсоор өөрийнхөө хөгжлийн боломжийг зэргэлдээ орныхоо хөгжлийн зорилготой уялдуулъя, дэмжье гэсэн санааны үүднээс өгч байгаа тусламж гэж ойлгох хэрэгтэй. 

-Манайх өмнө БНХАУ-аас 300 сая ам.долларын зээл авсан. Дараа нь 500 сая ам.доллар нэмж зээлсэн.  Гэтэл 300 сая ам.долларын зээлийг найман жилийн дараа ашигласан. Харин 500 саяынх нь 200 саяыг ашигласан. Үлдсэнийг нь  ашиглаж амжаагүй л байна. Урд хөршийн зүгээс ийнхүү манайд зээл амлаад байдаг хэрэгжиж чадахгүй байгаагийн тод жишээ энэ юм.  Одоо нэг тэрбум ам.долларын асуудал гарч ирж байна. Яавал авсан зээлээ хугацаанд нь ашиглах ёстой юм бэ?

-2003 оноос 300 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг 2011 оны үед ашиглах гэрээ хэлэлцээрүүд нь байгуулагдаж дууссан байдаг. Эндээс харахад зээлийг тухайн үеийн Засгийн газар болон хариуцсан албан тушаалтнууд нь солигдох тутамд өөрчлөгдөж ирсээр найман жилийг алдсан байдаг юм. Үүнийг юань, ам.долларын ханшаар аваад үзэхэд нэг ам.доллар найман юаньтай тэнцэж байсан. Тэгвэл ам.долларыг тухайн үеийн ханшаар аваад үзэхэд 2.4 тэрбум юанийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдах боломжтой байсан. Гэтэл найман жилийн дараа үүнийгээ авч ашиглахад ам.долларын ханш гэхэд 1х6 болчихсон. Энэ хооронд 600 сая юанийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авч ашиглах боломжоо алдчихсан байдаг. 500 сая ам.долларын зээлийн шугамыг 2011 оноос нээсэн байгаа. Мөн энэ зээлийн ашиглалт тун хангалтгүй явсан хэвээр байна. Ойролцоогоор 200 сая ам.долларыг нь авч ашиглахаар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байгаа. 

Үлдсэнийг нь ашиглах асуудал яригдаж байгаа. Одоо дахиад нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж байна. Үүн дээр манай дотоодын байгууллагын хоорондын уялдаа харилцаа энэ зээлийн төслүүдийг шалгаруулах дээр уддаг. Янз бүрийн хувийн хэсэг бүлгийн ашиг сонирхол ордог. Нэг яам нь нөгөөхөө дэмждэггүй, хоорондоо өрсөлдөх гэх мэт байдлаас болоод энэ зээлийн ашиглалтууд тушигддаг. Миний санааг зовж байгаа зүйл бол энэ зээлийг маш хурдан хугацаанд улс орны эдийн засагт хэрэгтэй салбарууд руу чиглүүлэх ёстой. Мэдээж Хятадын талаас өөрийн экспортыг дэмжих зорилготой зээл болохоор тэднийхэнтэй хамт зохицуулах ёстой. Гэхдээ хоёр тал уул уурхайн дэд бүтцээ хөгжлүүлэх бодлогод  санаа нийлж байгаа. Дахиад зээлсэн мөнгийг хэн авах уу гэдэгт зөрчилдөх байдлаар явбал цаг алдана. Энэ бол маш түвэгтэй. Тиймээс Засгийн газраас болоод манай төрийн дээд байгууллага ялангуяа Ерөнхийлөгчийн зүгээс ч юм уу үүнд анхаарал тавьж, тодорхой ажлын хэсэг байгуулж, зээлийн асуудлыг зохицуулах шуурхай арга хэмжээ авах болов уу гэж найдаж байна. 

Тэгэхгүйгээр цаг алдвал дахиад эдийн засаг яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Өнөөдөр манай эдийн засагт гадны хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа энэ үед аль болох дотоодын зөрчлөө давж хурдан шийдэх шаардлагатай. 

-Транзит тээврийн асуудал болоод төмөр замын нарийн царигийн асуудлыг хэрхэн шийдэхээр талууд тохиров?

-Айлчлалын үеэр Монгол Улсаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээл болоод Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулаад гурав дахь зах зээлд гаргахад чиглэсэн дөрвөн чухал гэрээ хэлцлүүд байгуулсан. 

Үүний хамгийн чухал нь төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажлын өр­гөжүүлэх тухай Засгийн га­зар хоорондын ерөнхий хэлэл­цээрийг байгуулсан байгаа. Транзит тээврийн маань нөх­цөл чиглэлийг тогтоосон гол хэлэлцээр энэ юм. Үүнийг байгуулахын тулд маш олон гэрээ хэлэлцээр явагдсан. 2014 оны эхнээс Зам тээврийн яамны төлөөлөгчид Бээжинд нийт 20 гаруй удаагийн хэлэлцээ хийж байж тохирсон. Эцсийн байдлаар айлчлал болохын өмнөх өдөрт тохирч байх жишээтэй. Маш удаан хугацаанд үр дүнтэй хийсний эцэст төмөр замаар дамжин далайн боомтуудад хүрэх чиглэл, тээвэрлэх ачааны хэмжээ, тн/км-ийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирч чадлаа. Хамгийн гол нь бид Хятадын дотоодын сүлжээнд  төмөр замаар холбогдсон нөхцөлд Монголоос гарч байгаа барааныхаа гуравны хоёрыг тус улсын зах зээлд борлуулж, гуравны нэгийг нь тэдний нутгаар дамжуулан гуравдагч зах зээл рүү гаргахаар тохирлоо. Үүнийг зөвхөн  Хятадын талаас төмөр замаар бүх боломжийг хангаж өгнө. Тарифыг одоогийн төмөр замын байгууллагуудын мөрдөж байгаагаас 40 хувийн хямд байхаар тохироод гарын үсэг зурсан. Энэ асуудал УИХ-аар орж хэлэлцэн баталснаар Хятадын талд мэдэгдэж, хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулаад Хятадын талаас өөрийнхөө нөхцөл шаардлагыг тавьж эхэлж байгаа. 

Энэ дөрвөн хэлэлцээрийн дотор мөн Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тухай гэсэн 1991 оны хэлэлцээрийг өөрчилсөн заалт оруулсан байгаа. Хуучин БНХАУ-ын Тэньжин боомтоор Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр хийгддэг байсан бол одоо бүх нээлттэй боомтууд руу дамжин өнгөрөх тээвэр хийж болно гэсэн зарчмыг нээж өгч байгаа юм. Дээрээс нь 1955 оны хилийн төмөр замын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчилсэн санамж бичиг байгууллаа. Үүгээр Замын-Үүдээс гадна төмөр замын дөрвөн гарцыг Шивээхүрэн, Бичигт, Гашуунсухайт, Нөмрөгт гэсэн боомтуудаар нээхээр хоёр тал тохирлоо. Монгол Улсын далайд гарах боломжийг ингэж шийдсэн цогц гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан. Энэ бүгдэд Зам тээврийн яам маш сайн ажилласан гэдгийг зориуд цохон хэлмээр байна. Үүнийг дээрээс УИХ-ын өгсөн чиглэлд нийцүүлж гэрээ байгуулна гэдэг бол үнэхээр том амжилт гэж дүгнэж байгаа.

-Ялтан шилжүүлэх хэлэл­цээрт хоёр тал гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрийг баталсан даруйд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм уу. Х.Тэмүүжин сайдын өгсөн ярилцлагыг харахад Хятадад ял эдэлж байгаа 10 гаруй хүнийг шууд авчихмаар юм шиг ойлгогдоод байгаа. Ямар нөхцөлөөр ялтан шилжүүлэх юм бэ?

-2011онд ялтан шилжүүлэх хэлэлцээрийг Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Энэ нь хоёр талдаа хүний эрхтэй холбоотой асуудал учраас заавал төрийн эрхийн дээд байгууллагаар орж, соёрхон батлах дамжлага байдаг. Манай улс тухайн үед нь соёрхон баталсан. Хятадын талаас энэ айлчлалын өмнө төрийн дээд байгууллага нь баталж, энэ тухай батламж жуух бичгийг солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болж байгаа юм. Гэрээнд тодорхой нөхцөлүүдийг тусгасан. Тухайн ялтан өөрийнхөө ямар гэмт хэрэг үйлдсэнээс шалтгаалан ялынхаа тодорхой хэмжээг биечлэн эдэлсэн байх ёстой. Тухайн ялтныг шилжүүлэн авах талаар холбогдох төрийн байгууллага буюу Монгол Улсын талаас албан ёсны хүсэлт тавьсан байх ёстой. Тухайн ялтны өөрийнх нь биеийн байдал юм уу, ар гэрийнх нь хүсэлтийг харгалзсан байх ёстой. Энэ журам нь хоёр талын эрх бүхий байгууллагууд харилцан тохирсон нөхцөлд ялтанг шилжүүлж авна. Түүнээс тухайн ялтанг автоматаар шилжүүлнэ гэсэн үг биш. Мэдээж хөнгөн ялтай хүмүүст хялбар дөхөм байх талтай. Хар тамхи юм уу, хүн амины хэрэгт холбогдсон хүмүүст хүнд талтай. Монголд шилжүүлэн авчирлаа ч шууд суллана гэсэн үг биш, үргэлжлүүлэн ял эдлүүлэх баталгааг манай талаас гаргаж өгдөг. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор манай хоёр орны хүмүүнлэгийн салбарт том ахиц болж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад Хятадын талаас манайд хэдэн хүн шилжүүлэн өгсөн. Одоогийн байдлаар манай 53 хүн шүүхээс ял аваад биеэр эдэлж байгаа. Тэдний 34 нь хар тамхины хэрэгт холбогдсон. Таван хүн ялын дээд хэмжээ авсан. Цаазаар авах ялыг бүх насаар болгох талаар яригдаж байгаа.  

-Айлчлалын өмнөхөн Хятад Монголыг эрхшээлдээ авах нь, Монгол бол Хятадын нэг хэсэг болох нь гэх мэтчилэн янз бүрийн мэдээллүүд байсан. Харин Си Жиньпин дарга манай тусгаар тогтнол газар нутгийг үеийн үед хүндэтгэж явна гэдгээ илэрхийллээ шүү дээ. Дипломатч хүний хувьд та үүнд ямар дүгнэлт хийв?

-Хятад бол үнэхээр дэлхийн тэргүүлэх гүрний нэг болон гарч ирж байна. Эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байгаа. Тэр утгаараа Хятад улс зарим нэг бүс нутгийн эргэн тойрны  санааг зовоох байдал бий болж байгааг Си Жиньпин дарга хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн. Тэрбээр “Хятад хүчирхэгжиж байгаа нь бүс нутаг тэр тусмаа хөрш орнуудад аюул занал хийхгүй” гэж дэлхий нийтэд хандаж мэдэгдлээ. Монгол Улсын хувьд 1994 оны гэрээнд аль хэдийнэ тогтсон зарчмууд бий. Энэ гэрээний дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, бусад асуудлууд, ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ гэдгээ дахин нотолсон. Манайд байгаа нийгмийн зарим нэг тодорхой бүлэг давхаргад бий болсон эргэлзээ, айдас хүйдсийг зөөлрүүлэхийн үүднээс дахин Хятадын Төрийн тэргүүн ийн хэлж байна. Үүнээс илүү баталгаа хаана ч байхгүй. Си Жиньпиний манай УИХ-ын индэрээс хэлсэн гол үгийнх нь агуулгыг ингэж ойлгох хэрэгтэй. Их гүрэн жижиг гүрэнтэй эн зэрэгцэж болдог юм. Тэрбээр их гүрний хөгжлийн боломжийг хөрш зэргэлдээ орондоо хүргэж, тусалж хөгжүүлж болдог юм гэдгийг дэлхий нийтэд харуулах зорилготой ирсэн юм болов уу гэж харагдаж байгаа. 

-Нүүрсийг боловсруулж, хийн хоолойгоор дамжуулах тал дээр гэрээ хэлэлцээр байгуулна гэсэн асуудал хүлээлт дагуулж байсан. Харин айлчлалын үеэр гарын үсэг зурагдсангүй? 

-Энэ бол том хэмжээний төсөл. Хятадад агаарын бохирдлыг шийдэх томоохон зорилтуудыг Засгийн газрын бодлогын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Төслийн талаар баримт бичгүүд нэлээд хийгдсэн. ТЭЗҮ-ийг нь хийчихсэн байгаа. Гэхдээ энэ айлчлалын үеэр хараахан гарын зурагдсангүй. Манай Уул уурхайн яам, Хятадын хөгжил шинэчлэлийн хороотой энэ төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн эхний тохиролцоогоо хийж байгаа. Тэр нь  ерөнхий дүнгээр 16 тэрбум шоо метр байгалийн хий үйлдвэрлэж манай дотоодын болоод Хятадын  зах зээлд нийлүүлнэ гэсэн зарчмын тохиролцоо хийгдсэн. Үүний үндсэн дээр Монгол Улсаас төрийн өмчийн хороонд энэ төслийг хариуцсан нэгж бий болоод Хятадын төрийн болон хувийн өмчийн байгууллагуудтай шууд төслийнхөө тохиролцоонуудыг хийгээд явна. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг

Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

 Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна. 

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү. 

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу. 

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүс яагаад Орос, Хятад руу биш Америк руу дүрвэдэг юм бэ?

Мериам Яхиа Ибрахим бол христийн шашинтай залуутай гэрлэсэн судан бүсгүй.  Улсынх нь шүүх сүсэг бишрэлээсээ урвасан гэж бүсгүйг буруутган зуун удаа ташуурдаж дүүжлэх ял оноогоод байсан юм. Ташуурдуулж байгаа бичлэг нь цахим ертөнцөд шуугиан дэгдээснийг уншигчид санаж байгаа байх. Шоронд хоригдсон бүсгүй анхны үрээ нарсанд төрүүлсэн. Үрийн зулай үнэрлэснийх нь дараа Суданы шүүхээс Мериамыг цаазлах ялыг хоёр жилээр хойшлуулж байлаа. Бүсгүй хоёр дахь хүүхдээ ч шоронд төрүүлсэн. Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага, барууны  улсуудын удирдагчид Суданд шаардлага тавьсны хүчээр бүсгүй цаазын ялаас мултарч чадсан юм. Давж заалдах доод шатны шүүхээс Мериамд оноосон ялыг хүчин­гүй болгосон мэдээг дэлхий даяараа баярлан хүлээж авсан. Бичиг баримтын асууд­­лаас болж Суданд байх хугацаанд нь исламын Хамза бүлэг бүсгүйг болон түүнд тусалсан бүгдийг ална хэмээн заналхийлж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Харин Хартум дахь АНУ-ын Элчин сайдын яам бүсгүйн авралын газар болж чадсан юм. Дараахан нь тэр Италийн Засгийн газрын онго­­цоор Италид ирсэн. Одоо тэндээ хоёр хүүхэд, нөхрийнхөө хамт сайхан амьдарч байна.

Мериам бүсгүй шиг хэцүү байдалд орсон хүмүүс АНУ, баруунаас орогнол хүссэн талаар өчнөөн мэдээ дуулддаг.  Наад захын жишээ гэхэд л BBC-д блог хөтөлдөг байсан пакистан охины түүх бий. Амьдарч байсан мужид нь эзэр­хийлэл тогтоосон Тали­бан бүлэглэлийнхэн хүүх­дүүдийг сургуульдаа явахыг хориглосон юм. Үүнийг нь эсэр­гүүцсэн Малала ВВС-д нууц нэрээр өдөр бүр блог хөтөлж хүний эрхийг зөрчсөн бүлэглэлийг зоригтой шүүмжлэх болсныг дэлхий даяараа дэмжин уншиж байв. Ингэснийхээ төлөө охин Талибан бүлэглэлийнхний халдлагад өртөж сонсголгүй болсон юм. Ээжийнхээ хамт Англи руу дүрвэсэн Малала одоо тэндээ сурч боловсроод сайхан амьдарч яваа. Оросын тэрбумтан “Юкос”-ыг удирдаж явсан Ходорковский гэхэд л шоронд өчнөөн жил хориг­доод гарсныхаа дараа эхнэр хөвгүүдийнхээ хамт  Швейцарийг зорьсон. Швейцарийн удирдлагууд Ходорковскийн хэрэгт шударга хандахыг Орост сануулсаар ирсэн юм. Оросын тэрбумтан шоронгоос гарсныхаа дараа өөрт нь эрх чөлөө олгох талд бат зогссоор ирсэн Швейцарийн удирдлагад талархаж байсан нь ердөө саяхны явдал. Эрх чөлөөг хүссэн хүмүүс барууныг сонгосон, тэднээс орогнол хүссэн жишээг энэ мэтээр дурдвал  өчнөөн түүх ярьж болно. 

Харин Орос, Хятадаас орогнол хүссэн жишээ сон­согд­доггүй. АНУ-ын тагнуулын нууц материалыг дэлхийд тараасан Сноуден, өндөр татвар төлөхгүй гэж шаралх­сан Жерарьд Депарьде хоёр л Оросоос орогнол хүссэн. Гэхдээ Сноудений жишээ бол амьдрах аргагүй болт­лоо дарамтлуулж, үхэл амьд­ралын зааг дээр ирсэн Мериам бүсгүйнхээс өөр. Улсынхаа тагнуулын нууцыг задруулсан гэдэг бол тусдаа хэрэг. Жерарьд Депарьде ч гэсэн ахиухан мөнгөтэй үлдэх гэж л Оросоос орогнол хүсч иргэн нь болсон. Харин Мериам шиг эрх чөлөөг хүссэн бүхэн Орос, Хятад руу биш, Америкаас орогнол хүсдэг нь сонин юм шүү. 

Сүүлийн үед манай дарга нар Орос, Хятад шиг диваажин алга, тэдэнгүй л бол бид балрах гээд байна, өмнө нь бид барууныхныг хэт дагаад ёстой нэг төөрөлдөж явжээ  гэх маягийн үг унагах боллоо. Си дарга бидэнд овоо мөнгө өглөө, ашгүй дээ, эдийн засаг сэргэх нь гэх маягийн үг ч дуулдаж байх шиг. Путин ирвэл ч бүр их мөнгө өгнө дөө гоё, гоё гэцгээгээд нэг л биш ээ. Бид­нийг ингэж догдлоод байхад дэлхий яагаад тэгэхгүй байна вэ? Яагаад эрх чөлөө хүссэн иргэд Орос, Хятадаас биш барууны улсаас орогнол хүсдэг юм бол? Бодох л асуулт. Хэрвээ үнэхээр л хоёр хөршөө түшээд санаа амар амьдаръя гэж бодож байсан бол яагаад ардчиллыг бий болгох гэж хорин жилийн турш улс даяараа үйлээ үзсэн юм бол? “Азийн цээжин дэх ардчиллын ганцхан бамбар” гэж үнэлэгдтэлээ зүтгэж хөлсөө дуслуулсны хэрэг юу билээ?  Энэ цагийн дарга нарын сэтгэл хөдлөлөөр унагасан цөөхөн үгэнд баллуурдуулах байсан юм бол тэгтлээ хөлсөө урсгах хэрэг байсан юм болов уу? Тавих л учиртай асуулт. 

Саяын айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн бие биенээ үндэстнийх нь хувьд гутаан доромжилсон үйлдэл гаргахгүй гэж үг хэлээ нэгтгэсэн нь сайхан санагдсан. Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн Си даргын үг гоё сонсогдсон. Нарийн царигаа зөвшөөрвөл төмөр зам барихад чинь бүх талаар тусална гэж дуугарсан нь эдийн засагт хэрэгтэй мэдэг­дэл байж чадсан. Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэ­рээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр ч түүхэн тохиролцооны  тоонд зүй ёсоор багтана. 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэцгээсэн нь аль аль талдаа хэрэгтэй шийдэл. Дэлхийн хамгийн том зах зээлийг удирддаг хүн нь ирж, эдийн засагт хэрэгтэй өчнөөн асуудлыг шийдэл болгосонд Монгол даяараа олзуурхаж байгаа. Мөнхийн хөрш, дэл­хийн хамгийн том зах зээл гэдэг утгаар нь бидэнд Хятадтай ойр харилцах түмэн шалтгаан бий. 

Гэхдээ анзаарахгүй орхиж боломгүй зүйл ч бас байна.  Жишээ нь айлчлалын үеэр Си дарга “Олон улс, бүс нутгийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр улс цаашид НҮБ, АСЕМ, ШХАБ,CICA зэрэг байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа, зохицуулалтыг нэмэгдүүлж, сайжруулж хөгжүүлэх болно” гэж мэдэгдсэн. НҮБ, АСЕМ-ын хүрээнд харилцаагаа сайжруулах нь байж болох асуудал. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол манайх шиг жижиг оронд болгоомжлох учиртай нэгдэл. Хятадын талаас ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох шахалт ирвэл бидэнд эрсдэлтэй гэж судлаачид онцолдог нь цаанаа нарийн шалтгаантай. Барууны оролцоог хазаарлах Азийн хүчирхэг эвсэл болж хөгжиж буй газар гэвэл учир мэдэх ямар ч хүн ШХАБ-ыг нэрлэнэ. Энэ эвслийн бодитой, хүчтэй нөлөөг дэлхий даяараа мэднэ. ШХАБ-ын шахалтаар Узбекстан нутаг дэвсгэрээсээ Америкийн цэргийг гаргаж байсан бодит түүх бий. Энэ явдлын дараа цэнхэр гаригийнхан Азийн энэ нэгдлийг бүр ч өөрөөр харах болсон. НАТО-гийн орнууд энэ үеэс хойш ШХАБ-ыг цэргийн эвсэл гэж үзэх болсон нь нууц биш. Хэрвээ Хятадын талаас ШХАБ-ын жинхэнэ гишүүн болооч гэсэн санал гаргавал, тэр санал нь ажил болбол Азийн Монголд ардчиллын замаар явахад бэрхшээл тулгарна. Судлаачид ийм болгоомжлолыг эртнээс сануулсаар ирсэн.  

Хоёр тал айлчлалын үеэр Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулахаар санамж бичиг зурсан. Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар. Эрчим хүчний хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах салбар. Энэ хоёр салбартаа барууны хөрөнгө болон урд хөршийн хөрөнгө оруулалтын жин банг тааруулах учиртай гэж эдийн засагчид хэлдэг. Үүнтэй холбоотой урт гэгчийн өгүүлбэр хоёр улсын хамтарсан тунхаглалд багтсан. Өгүүлбэрийг бүтнээр нь сийрүүлье. “Талууд Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болон хоёр талын бусад механизмын хүрээнд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, боомт, төмөр, зэс, хар тугалга, цайр, уран, нүүрс, газрын тос, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгө зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхай, эрчим хүчний томоохон төс­лүүд, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хурдацтай урагш­луулж, Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг бүх талаар дээшлүүлнэ” гэжээ. Хамтарсан тунхаглалд үүнтэй агуулга нэг өөр ч өгүүлбэр бий. “Хятадын тал Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмын дагуу өөрсдийн давуу талыг ашиглан Монгол дахь томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд орол­цо­хыг дэмжинэ” гэсэн өгүүл­бэр. Манай сонин өмнө нь төрийн өндөр оролцоотой Хятад, Оросын компаниуд олноор орж ирвэл зах зээлийн жамаар яваа барууны компаниуд тоглох дүрэмгүй болж шахагдана, тоглох дүрэмгүй компаниуд хүссэн хүсээгүй Монголыг орхино, байдал иймдээ хүрвэл олон улсын хөрөнгийн бирж дээрх Монголын гэх компани цөөрнө, тэр хэрээр Азийн Монголыг дэлхий үнэлэх аргагүй болно гэсэн сэдвийг хөндөж тавьсан. Цаашлуулж яривал Орос, Хятадын компаниудын эзлэх жин ихэдвэл Азид ардчиллын загвар гэж гайхагддаг тогтолцоонд маань эрсдэл учирна гэдгийг ч сөхөж гаргаж ирсэн. Энэ өнцгөөс  харвал дээр дурдсан  өгүүлбэрүүд хамтарсан тунхаглалын ухаж уншмаар л хэсэг.  

Энэ мэт болгоожилмоор, алсдаа санахад илүүдэхгүй ямар ямар  асуудал айлчлалын үеэр яригдсаныг судлаачид сөхөж гаргаж ирмээр байна. Ардчиллаасаа ухрахгүйгээр их хөрштэйгээ яаж харилцвал аль аль талдаа ашигтай байх талаар өчнөөн гарц суд­лаач, шинжээчдэд байж таараа. Эцэст нь дахиад асууя. Эрх чөлөөг хүссэн хүмүүс яагаад Орос, Хятадаас биш Америкаас, баруунаас орогнол хүсдэг юм бол?

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга энэ сарын 22-31-нийг дуустал автомашиныг дугаарын төгсгөлийг тэгш, сондгой дугаартайгаар нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.

Энэ хуваарийн дагуу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Түүнчлэн автомашины дугаарын хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан иргэдэд нийтийн тээврээр зорчих 500 төгрөгийн өдрийн тасалбарыг гаргасан юм. Ингэснээр иргэд энэ сарыг дуустал нийтийн тээврийн шинэчилсэн хуваарийн дагуух чиглэлд бүтэн өдрийн турш “сэлгэн суулт үнэгүй” гэсэн бичиг бүхий 500 төгрөгийн тасалбарыг автобусны буудлууд болон тухайн зорчиж буй автобусныхаа хяналтын ажилтнаас худалдан авч зорчиж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Буянт-Ухаа”-гийн байрыг бэлэн мөнгөөр худалдана

“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 байранд 1534 иргэн гэрээ хийсэн. Квотоос байраа сонгоогүй 62 айл бий. Одоогийн байдлаар 140 айл түлхүүр хүлээн авснаас 52 нь амьдарч байна. Оршин суугчид энэ оны 11 дүгээр сард төвхнөж дуусах төлөвтэй гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга хэллээ. Мөн түүний тайлбарласнаар үлдэгдэл 168 байрыг бэлэн мөнгөөр шууд авах хүмүүст олгохоор болжээ. Ингэхдээ “Буянт-Ухаа” хорооллын байрны сугалаанд оролцсон байх шаардлага тавьж буй аж. 

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орох бөгөөд барилга угсралтын ажил нь одоогоор 50 орчим хувьтай юм байна.

Онцлоход, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулна гэх мэдээллийг ТОСК-ийн захирал өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУХМ Г.Болдбаатар дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр ОХУ-ын Челябинск хотод эхэллээ.  Тэмцээнд 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглож байгаа юм.  Тэмцээний эхний өдөр  эрэгтэйчүүдийн хасах 60 кг, эмэгтэйчүүдийн хасах 48 кг-ын жингийн тамирчид зодоглолоо. Тус тэмцээний хасах 60 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ганбатын Болдбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. “D” хэсгийг тэргүүлэн барилдсан Г.Болдбаатар эхний барилдаандаа хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн тамирчин Кабэ Ахмит Сахиныг ялсан бол гуравдугаар тойрогт Тайванийн бөх Цай Мин Ентэй учраа таарсан юм. Тэрээр уг бөхийг 02:26 минутад цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялсан юм. Имашеев Айбек нь 1992 онд төрсөн 22 настай. Хамгийн сүүлд энэ оны өнгөрсөн гуравдугаар сард болсон Европын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа тамирчин билээ. ОУХМ Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдаж ялалт байгуулан улмаар аваргын төлөө Оросын бөх Беслан Мудрановтой барилдаж буулган авсан юм. Аваргын төлөөх энэхүү барилдаанд Мудранов торгуулийн илүүгээр манай бөхөд хожигдол хүлээсэн юм. Ганбатын Болдбаатар нь жүдо бөхөөр 14 жил хичээллэсний эцэст ийн дэлхийн аварга хэмээх эрхэм цолын эзэн боллоо. Түүний гарын багш нь Ш.Бат-Орших билээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баар, пабуудаар бичиг баримтгүй үйлчлүүлсэн иргэдийг 72 цаг саатуулна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутан залуус уулзалдаж, архидан согтууран улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж эхэлдэг байна. Иймд аж ахуй нэгж, баар, пабуудыг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн иргэдэд үйлчлэх журмыг баримталж ажиллахыг шаардах үүднээс Цагдаагийн байгууллагаас зохих шалгалтыг явуулж эхэлжээ.

Шалгалтын явцад цэнгээний газруудаар үйлчлүүлж буй иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа бөгөөд үйлчлүүлэгч иргэд заавал иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагыг тавьж байгаа гэнэ.

Баар, паб зэрэг цэнгээний газруудаар үйлчлүүлж байгаа насанд хүрэгчид иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг гэрчлэх бичиг баримтгүй бол цагдаагийн байгууллага тухайн хүнийг 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулан, шалгаж тодруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцэрлэгийн бүртгэлийн талаарх гомдлыг 1800-1284 утсаар авна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цэцэрлэгүүдийн бүртгэлд хяналт тавихаар болжээ. Ингэхдээ тухайн цэцэрлэг хамран сургах тойргийн бус хүүхэд авсан тохиолдолд хариуцлага тооцох юм байна. Мөн цэцэрлэгийн бүртгэлийн зөрчил доголдлын тухай гомдол, мэдээллийг 1800-1284 утсаар авах аж. Цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс энэ сарын 29 хүртэл явагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

-Сондгой тоогоор төгссөн машин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно. –


Наймдугаар сарын 22-ноос 31-ныг дуустал автомашиныг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан билээ.

Энэ хуваарийн дагуу хэрэв таны Тээврийн хэрэгсэл тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтойг анхаарна уу.

Жич: Нийтийн тээврийн хэрэгслүүд түргэний машин, цагдаагийн машин энэ хязгаарлалтад хамаарахгүй болно.