Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуун цэцэрлэг барих хөрөнгөөрөө зунжингаа л наадлаа даа

Монголчууд бүгдээрээ манай сумынхан шиг  ер нь наадамд дуртай улс юм. Энэ зунжингаа л наадлаа даа. Наадам дуусах яагаа ч үгүй зуны наадам эмхэрч намрын найр залгаж байна. Өнгөрсөн зун аймаг, улсын  наадмын дараа сумдын 90 жилийн ой болов. Улсын хэмжээгээр 113 сум 90 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэлээ. Манай сумын 90 жилийн ой сайхан болсон. Алс хол аймаг хот, энд тэнд байдаг манай сумынхан болон манай суманд ажиллаж амьдарч байсан хүмүүс хүүхэд шуухад ач гучаа дагуулаад сумынхаа их ойд зорин зорин ирсэн. Манай нутгийн нэг алиа өвгөн байдаг юм. 90 жилийн ой тун хөлтэй өргөн болж байна аа Мягаа гуай гэхэд, “Манай сум  өргөн наадахгүй бол Монголд өөр ямар сум өргөн нааддаг юм. Уугуул суугуул иргэдээ бүгдийг нь уривал манайхан ч өргөн хурна” гээд инээсэн юм. Орос цэрэг ах нар хүртэл уригдана, Мааньтын хориход ял эдэлж байсан хоригдол, бас архины эмчилгээ, галзуугийн больницод байсан өвчтөнүүдийг суугуул иргэдийн тоонд оруулж тэдэнд урилга өгсөн үү хандив авсан уу гэж сумын дарга нараас лавлана гэж Мягаа гуай наргиа болгож байна. Тэдний гэрэл зургийг сумынхаа ойн номонд оруулах юм гэнээ. 

 Манай сумын 90 жил ёстой  сайхан  болсон. Сийлбэртэй цагаан гэрүүдэд цагаан идээ бялхаж айраг сөгнөөд л, уралдсан морь хүүхэд энх мэнд бороо хуртай сайхан наадав. Түм түжигнэж бум бужигнаж байхад согтуу хүн бараг байхгүй нь манай сумын наадмын шинэчлэл байлаа. Сумын маань 90 жилийн ойгоос угсруулаад л наадам хөвөрсөн. 90 жилийн ой хийснээс хойш хоёр хоногийн дараа алдарт уяачийн наадам болов. Овооны наадам хоёр болов. Улсын наадамд айрагдсан морины наадам болов. Наян тавны найр болов. Тэр бүгдийг үзэж чадаагүй ээ. Энэ том наадмууд арай дуусаагүй байтал намрын сар гарч найр эхэллээ. Саяын өнгөрдөг хагас сайн бар өдөр тохиож бүх айлууд унагаа тамгалав. Тамганы найр хийж байгаа айлууд ямааны боодог хийдэг болсон байна. Намрын тэргүүн сарын шинийн 3-нд тав зургаан хурим дуулдав. Намрын дунд сарын 17 хүртэл буюу жинхэнэ найр хийдэг өдөр хүртэл сар гаруйн зай байна. Тэр өдөр манай Өгөөмөрийн багт гэхэд л дөрвөн айл гэр барих нь ээ. Яг одоо гол усаараа л дунд сарын найранд бэлдэж байна. Д.Пүрэвдорж гуайн ийм нэг шүлэг байдаг даа

Айраг найр хоёроо барж ядсан

Ай даа тэр намрын уртыг хэлэх үү гэж. 

Ийм л сайхан намар болж байна. Би хөдөөнийхнийгөө дэндүү их наадаж байна гэж их шүүмжилдэг юм. Харин өөрөө ус нутагтаа очоод рашаан ус, айраг саам, адуу мал эргүүлж явахад сайхан байна шүү. Ер нь ажил хийхгүй наргиж, наадаад хэрүүл сонсохгүй, дуу хуур болоод, зурагт үзэхгүй амар амгалан явах жаргал биш үү. Манай сум Б.Шинэгэрэл гэж залуухан эмэгтэй даргатай. Энэ даргын аав нь Жамбалдоржийн Биндэръяа гэж сумандаа насаараа намын дарга, сумын дарга байсан хүний охин нь юм. Сумынхан шинэ залуу даргыг 90 жилийн ойг яаж хийнэ дээ гэж их голонгуй байсан. Гэтэл бүсгүй дарга маань их ойгоо ямар ч эрэгтэй даргаас илүү мундаг зохион байгуулсан. Бусад газар, 90 жилийн ойгоо хийсэн бүх сумд цуглуулсан хөрөнгөө бүтээн байгуулалт болгож чадаагүй юм билээ. Засаг дарга маань бүх хандиваа морь, бөх байлаад дуусгасангүй. Цэцэрлэг бариад авчээ. Бас стадион барьчихаж. Сумынхаа хур хогийг цэвэрлэж, цэцэрлэгжүүлээд цэмбийтэл цэвэрлэжээ. Эмэгтэй хүнээр сумын дарга тавьж чадвал ийм л аж ахуйч байдаг юм байна. Хандив овоо цугларсан юм шиг байна билээ. Сумын их ой болно гэж дээд тал нь 250 сая төгрөг доод тал нь тэтгэврийн хөгшин хүртэл нэг сая төгрөг хандивласан байна. Улсын хэмжээгээр 90 жилийн ойгоо хийсэн зуу гаруй сумаас цэцэрлэг сургуультай болсон нь хэд бол доо. Шинэгэрэл дарга цэцэрлэг барина гээд шавыг нь тавьж хөрөнгө нь бэлэн болжээ. Манай суманд ядуу хүн байхгүй болсон гэнэ. Хорин мянган төгрөгөөр хог арилгах хүн байхгүй. Гучин мянган төгрөгөөр ямаа самнах хүн олдохгүй болсон. Сарын хоёр хонь өгнө дөрвөн ханатай гэр барьж өгнө гэхэд туслах малчин хийх хүн надаас өөр хөдөө бараг олдохгүй болжээ. Би зуны нэг хоёр сар өглөө эрт малд явахдаа дуртай төдийгүй, хөдөө байдаг дүү нараа наадам рашаанд явуулчихаад малыг нь хөлсөөр харах дуртай болсон юм. Манай сумын амьдрал сайжирчээ. Ялангуяа сумын Засаг даргаараа эмэгтэй хүн тавьж чадвал төр түмний өгсөн мөнгийг ядаж юм болгоод байна аа. Манай суманд орон нутгийн сонгуульд МАН ялсан юм байна. Гэтэл хурлын төлөөлөгчид нь улс төржилгүй АН-ын харьяалалтай ганц эмэгтэйг Засаг дарга болгоод сонгочихсон гэнэ. Худлаа ч байж магадгүй. Олны ярих нь МАН-ын олон жил болсон  дарга нараас засаг болгочихоор чадалтай хүмүүс байсан ч архи уудгүй нь олддоггүй аж. Ямар намын гишүүн нь хамаа байна ядаж архи уудаггүй удам судар сайтай гээд энэ бүсгүй даргыг  сонгосон гэнэ. Улсын хэмжээгээр ч сайхан л наадсаар.

 Нэг сум 500 сая төгрөгөөр их ойгоо тэмдэглэв. Тэгвэл 110 сум хэдэн төгрөгөөр наадаа бол. Хөдөөгийн нэг суманд цэцэрлэгийн барилга 250 сая төгрөгөөр, сургууль тэрбум төгрөгөөр босч байна. Манай сумын дарга хүүхдийн цэцэрлэгтэй болох гэж зүтгэжээ. Хүүхдин цэцэрлэгийн хөрөнгийг босгожээ. Найр наадамд зориулсан төр түмний хандивын мөнгийг хөдөө сумдын Засаг дарга нар хөрөнгө оруулалт болгож чадаж байвал наадаад байхаас даа. Засгийн газар ч гэсэн анхан шатны нэгж сумдаа байр эзлүүлэхдээ хөрөнгө оруулалт босгож юм хийж чадсан Засаг дарга нарыг урамшуулж баймаар юм. Улсын хэмжээгээр манай сумын Засаг дарга шиг сэтгэж ядахдаа ганц цэцэрлэгтэй болоод авсан бол аштай юу. 100 цэцэрлэг барих мөнгөөр зунжингаа наадлаа даа. Сайхаан сайхан. Наадмын сар дуусч найрын сар эхэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай билээ. 

Тэгвэл энэ  жил буюу маргааш Ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл  заах юм байна.  Өнгөрсөн жилүүдэд “Дэлхийн дулаарал ба Монгол”,  “Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээр  хичээл зааж,  хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байсан юм.

Өнөө жилийн хувьд  үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын Ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм  болсон хүүхэд бүрийг дэмжсэн,  хүүхэд  бүрийн оролцоог хангасан, тэдэнд  мэддэг зүйлээр  нь дамжуулан  хэрхэн чадвар суулгаж   болгодгийг  нотолсон хичээл болох юм ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс онлайн эрх чөлөөг хангуулах үүрэг хүлээсэн ч жиргээчээ шоронд хорьчихлоо

Дэлхий  цахим ертөнцөөр амьсгалж байна. Манайд ч хүн бүр онлайнаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж. Ийм ч учраас Монгол Улс НҮБ-ын дэргэдэх “Онлайн эрх чөлөө” эвслийн гишүүн орон болсон юм. Одоогоор 23 орон уг эвсэлд нэгдээд буй. Эвсэлд нэгдэн орсон улс болгон нэг, нэг жилээр эвслийн хурлаа даргалдаг уламжлалтай. Өнгөрсөн хавар Эстони улсын нийслэл Таллинн хотноо болсон “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хурлаас дараагийн хурлыг манайхыг зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Хуралд оролцогч гишүүн орнууд санал нэгтэйгээр V бага хурлын даргаар Монгол Улсыг сонгосон гэж байгаа. Энэ эвслийн хурлыг даргалан явуулах боломж тийм ч амар олдохгүй. Өндөр шалгууртай нь мэдээжийн хэрэг. 

Онлайн ертөнцөд иргэний эрх чөлөөг хэрхэн хангаж байгааг хамгийн гол шалгуураа болгодог. Интернэтийн орчин дахь эрх чөлөөг эрхэмлэдэг дэлхийд нэр хүндтэй энэ  байгууллага иргэддээ цахим эрх чөлөөг өгч чадсан гэж Монгол Улсад  2014-2015 онд даргалах эрх олгосон юм.  Эвслийн хүрээнд зохион байгуулагдах бүхий л ажилд манай орон манлайлан оролцож, онлайн эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаагаа олон улсын төлөөлөгчдөд тайлагнах үүрэгтэй. Харамсалтай нь жиргээч Ц.Батад тохиолдсон явдлыг харвал огт өөр дүр зураг харагдаж байна. Бид онлайн эрх чөлөөг хангах зарчмаасаа ухарч олон улсад шившгээ тарих нь байна. Монгол Улсын иргэн интернэт орчинд эрх чөлөөгөө боомилуулж, улмаар нийгэмд ажиллаж, амьдрах эрх чөлөөгөө хасуулсан тухай эвслийн гишүүн орнууд дуулбал мэл гайхах байх даа. Ингээд ч зогсохгүй  олон улсад ичгэвтэр байдалд орох нь гарцаагүй. Тийм л байсан юм бол “Онлайн эвсэл”-ийг даргалах хэрэг юунд байсан юм бэ. 

Иргэн Ц.Батыг интернэт ертөнцөд эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө шоронд хорьчихлоо. Хорих хорихдоо төрийн эрхийг барьж яваа Засгийн газрын гишүүнийх нь хатгаас, нөлөөгөөр ийм шийдвэр гарлаа. Зам тээврийн сайд А.Гансүх иргэн Ц.Батыг твиттерт жиргэснийх нь төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болгочихлоо. Жиргээч Ц.Бат бол нисэхийн салбарын мэргэшсэн ажилтан. Тиймээс салбартаа болж бүтэхгүй байгаа бусармаг явдлууд болон сэтгэл эмзэглүүлсэн зүйлсээ онлайн ертөнцөд чөлөөтэйгөөр олонтой хуваалцдаг байж. Үүнийхээ хариуд ажил, орлого, албан тушаалаараа  хохирч, эцэст нь эрх чөлөөгөө хасууллаа.

 А.Гансүх сайд түүний 5700 жиргээнд гомдож, хуулийн байгууллагад хандсанаар асуудал ингэж шийдэгдсэн юм. Харин Ц.Бат Эрүүгийн хуулиар шийтгүүлж, шоронд 100 хоног хоригдох ял аваад байна.  Ардчилсан чөлөөт нийгмийн хуулийг ийнхүү АН-аас сонгогдсон Засгийн газрын гишүүн маань зөрччихлөө. Ц.Батын эгч болох Спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл энэ санаатай үзэл бодол нэг байгаа юм. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Онлайн ертөнцөд хүмүүс ярьж байгаа шигээ л бичдэг. Хүн өдөрт 10 юм уу 20 өгүүлбэрээр яриарай, тэрнээс дээш яривал шийтгэнэ гэдэггүй биз дээ. Гэтэл дүүг маань 5700 удаа жиргэсэн байна гээд эрүүгийн ял оноолоо. Дүү маань жиргээнд А.Гансүхийг гомдоохоор тийм зүйл бараг байгаагүй. Энэ бол ардчиллаас ухарсан явдал. Ц.Батад тохиолдсон явдлыг ардчилсан орнууд маш их гайхна. Бүгд Ц.Батыг өмөөрнө, А.Гансүхийн үйлдлийг ойлгохгүй. Төрийн дархлааг иргэд хэзээ ч унагаадаггүй юм. Ц.Батаа мянга твиттерт жиргээд, түүн шиг мянган Батаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд төрийн дархлаа алга болохгүй. Төрийн дархлаа чинь иргэдийнхээ эрх чөлөөнд байдаг юм. Ц.Батаа харин шоронгоос гарсан байвал төр дархлаатай болно” гэсэн юм. Юутай ч “Онлайн эрх чөлөө” эвслийн гишүүн орнуудын төлөөлөл манай оронд ирэх нь гарцаагүй. Тэд Монгол Улсад цахим ертөнц хэрхэн оршин тогтнож байгаад дүн тавих учиртай. Уг эвслийн гол зорилго нь онлайн орчин дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих явдал. Үүнийхээ хүрээнд иргэн бүр онлайн орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Энэ эрх нь өөрийн гэсэн хэм хэмжээгээр хамгаалагдсан байхаас гадна хүний эрх онлайн байдлаар зөрчигдсөн тохиолдолд туслах зорилготой.  Ардчиллыг эрхэмлэгч алсын АНУ-д гэхэд жиргээг шүүхээр авч хэлэлцэхгүй гэсэн хуультай. Ирэх оны тавдугаар сард манай улсад зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвсэлд оролцохоор гишүүн орнуудын төлөөлөгчид ирнэ. Тэднийг ирэхэд бид Ц.Батад авсан арга хэмжээгээ юу гэж тайлбарлах вэ. Уг нь эрх чөлөөг нь ханга гэж даргалуулсан болохоос онлайнд эрх чөлөөгөө хангасан хүнийг барьж хорь, тэр байтугай эрүүгийн ял хүлээлгэ гээгүй биз дээ. Бид Монголдоо онлайн хурал зохиох эрх авчихаад твиттерт жиргэж байгаа хүнийг хорьчихлоо. Хурал эхлэх тэр цагт дэлхийн цахим эрх чөлөөг эрхэмлэгчид Монгол Улсад ямар үнэлгээ өгөх бол. Монголын нэр хүндийг олон улсад унагах бас нэг том шалтгаан нь эрхэм сайд А.Гансүхийн гомдлын дагуу Монгол Улсын иргэн Ц.Батад үзэл бодлоо илэрхийлж жиргэснийх нь төлөө өгсөн эрүүгийн ял болно гэдэгт эргэлзэх юм алга.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшлуулна

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох
асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоолууд гаргаж,
Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.

УИХ-ын 2008, 2010 оны тогтоолуудын дагуу Засгийн газраас шат дараатай
арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч эцэслэн шийдвэрлэгдэлгүй зогсонги байдалд ороод байсан
юм. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордод
хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг
2010 оны 12 дугаар сард зарлаж, санал ирүүлсэн 15 оролцогчоос 6 компанийг хураангуй
жагсаалтад шалгаруулсан. Дээрх 6 оролцогчтой хэлэлцээ явуулснаар 4 оролцогч буюу
Шиньхуа, Пибоди, ОХУ-ын төмөр зам тэргүүтэй Орос Монголын хамтарсан консорциумыг
сонгох саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан боловч зөвлөлөөс уг
асуудлыг дэмжилгүй буцаасан билээ. Улмаар УИХ-аас Засгийн газарт даалгасан хөрөнгө
оруулагч сонгох, гэрээ байгуулах ажиллагаанд хүлээгдэл үүсэн өдийг хүрсэн юм.

Иймд энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг
нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар
хэд хэдэн заалт тусгаж баталсан юм. Энэ дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн
дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах
замаар үргэлжлүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэн “Тавантолгойн ордын талаар
авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг
энэ оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан үргэлжлүүлэн явуулж дүгнэх, шалгарсан
хуулийн этгээдтэй 12 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах чиг үүрэгтэй Ажлын
хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалж, Эдийн засгийн хөгжлийн,
Уул уурхайн сайд нар гишүүдээр ажиллана.

Сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж дуусгаснаар ордыг эдийн
засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох,
түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг
ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

 

“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” БАТАЛЛАА

Манай улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж, хүн амын ажил эрхлэлт,
өрхийн орлогын эх үүсвэр болж ирсэн ахуйн үйлчилгээний салбар зах зээлийн шилжилтээс
хойш ихээхэн цалгардсан. Хувьд бүрэн шилжсэн энэ салбар зах зээлийн эрэлтийг даган
хөгжиж байгаа ч хөдөө орон нутагт төрийн дэмжлэгээр ахуйн үйлчилгээг өргөжүүлэх
шаардлагатай гэж Шинэчлэлийн Засгийн газар үзэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр
шийдвэрлэлээ. Өнөөдөр баталсан “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн
үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн саарч, иргэд бүртгэлтэй,
баталгаатай, хариуцлагатай албан хөдөлмөр эрхлэх зэрэг олон давуу тал бий болгох
юм.

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан “сумдад дэд бүтэц барьж, ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүд байгуулах,
иргэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах”
зорилтын хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Орон нутагт ахуйн үйлчилгээ эрхлэгчид зээлийн барьцаанд тавих үл
хөдлөх хөрөнгөгүйгээс үйлчилгээгээ өргөжүүлэх бололцоо хомс. Энэ байдлаас шалтгаалан
ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн 90 шахам хувь нь түрээсийн болон стандарт, шаардлага
хангахгүй байранд ажиллаж, ажилтнуудаа нийгмийн халамж, даатгалд хамруулах сонирхолгүй
хэвээр байна. 2013 онд ахуйн үйлчилгээний салбарт албан байдлаар 219 аж ахуйн нэгж
үйл ажиллагаагаа явуулж, 1200 гаруй хүнийг ажлын байраар хангасан статистик мэдээ
байдаг. Гэтэл ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоодын зүгээс тус салбарт 7700 гаруй
аж ахуйн нэгжид 60 гаруй мянган хүн ажиллаж, жилд 60 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт
хийж байгааг судлан тогтоожээ. Бүртгэлийн статистик дүн, албан бус мэдээ хэт зөрүүтэй
байгаа нь энэ салбарын үйл ажиллагааны ихэнх хувийг албан бус хөдөлмөр эрхлэлт эзэлсэнтэй
холбоотой юм.

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛНА

Шинээр байгуулж буй компани хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг
эрхлэн явуулна. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн хувьцаа
эзэмшигчийн эрх, үүргийг Сангийн сайд хэрэгжүүлнэ.

Засгийн газраас санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын
тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар баталсан бөгөөд энэ хуульд Засгийн
газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулах, компанийн төрийн өмчийн төлөөллийг
санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэхээр заасан юм.

Дээрх компанийг үүсгэн байгуулахаар энэ оны төсөвт суулгаж батлуулсан
хөрөнгийг зориулалтын дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн
дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд
тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.

 

УРГАЦ ХУРААЛТЫН АЖЛЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЭХЛҮҮЛНЭ

2014 оны ургацын урьдчилсан балансын дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн
сайд Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээнд 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан
балансаар 466.6 мянган тонн үр тариа хураан авахаар байгаа нь нэг га-гаас дунджаар
15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо, 5.8 цн тосны ургамал,
26.7 цн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломж бүрдүүлжээ.

Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний 15 хоногт нийт нутгаар
хур тунадас багасч, халснаас үүдэн хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 орчим хоногоор
эрт эхлэх төлөвтэй байна гэж салбарын сайд мэдээллээ. Үүний зэрэгцээ есдүгээр сарын
дунд хүртэл тариалангийн бүс нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байгаа тул
болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх
ажлыг ҮХААЯ-наас орон нутагт эрчимжүүлсэн байна. Ургац хураалтын ажилтай холбогдуулан
хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахыг Засгийн газраас салбарын яам, орон нутгийн
удирдлагуудад үүрэг болголоо. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ургац хураалтын
ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө
аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид, ургац тээвэрт ашиглагдах зам, гүүрийн засварыг шуурхайлж,
цахилгаан эрчим хүч, шатах тослох материалаар тасалдалгүй хангахыг Зам, тээврийн
сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Гансүх нарт даалгалаа.

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр даргаа хараад сөрөг хүчин эрх баригчаас илүү нялуурч байна

Урд, хойд хөршийн дарга нар манайд  айлчилж  байгаатай холбогдуулан МАН-ынхан өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд болон эрх баригч АН-д зориулж хоёр удаа мэдэгдэл гаргалаа. Эхнийх нь Си Жиньпин даргыг ирэх үеэр “Эвтэй байцгаая” гэдэг уриалга дэвшүүлсэн юм.  

Тэд “Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байна.  Энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байна. Энэ нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын айлчлалд МАН ихээхэн ач холбогдол өгч байна.  “Монгол Улсад, Монголын ард түмэнд үр ашигтай, хөрш орнуудын харилцааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэж байна. МАН улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ямагт нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна” гэлээ. Та минь ээ манай Си  даргыг ирэхэд эвтэй найртай байж, дор бүрнээ хариуцлагатай байна шүү. Хэд хоног чих халууцуулалгүй даргыг минь аятай таатай байлгаад буцаагаарай гэх шиг тэдний энэ үгс нялуун сонсогдож байлаа.  

МАН ингэж гуйх ямар шаардлага байсан юм бол. Өнгөц харахад эх оронч, улс үндэснийхээ эрх ашгийн төлөө мэт л байна. Гэвч үнэндээ төр засгийн ажил  Ардын намынханд падлийгүй баймаар юм, тэд ямар эрх баригч биш.  АН-ын өмнөөс Хятадын даргаас айж, нүүр нь улалзаж, яс хавталзаад байсан юм шиг байна.  Яг л хотын айлд хүргэн орсон хархүү хадмуудаасаа санаа зовдог шиг. Тостой гараа дээлэндээ шударсан хээ шаагүй яриатай аавынхаа өмнөөс хавчигнаж, дэмий л “Манай аавыг битгий тоогоорой” гээд нэг муу мушилзан тал засдаг залуучуудтай адил авирлах мэт санагдлаа.

Тэгвэл хэдхэн хоногийн дараа ирэх ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путиныг угтан  Ардын нам хоёр дахь  мэдэгдлээ гаргав.  Тэр мэдэгдэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийг ирэх үед юу хийхийг нь Ерөнхий сайд болоод Засгийн газрын гишүүдэд зааж өгсөн байна. “Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж ирсэн улс төрийн ууган хүчин МАН  Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж  ирсэн билээ. Ийм учраас Монгол Улсад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал хийх гэж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд дараахь чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, ажил хэрэгчээр хандах шаардлагатай” гэжээ. 

Үнэндээ хойд хөршийн­хөө Ерөнхийлөгчтэй  юу  хэлэлцэж, юуг шийдвэрлэхээ төрийн удирдлагууд Ардын намаар хэлүүлсэн хэлүүлээгүй мэдэж байгаа. Оросын Ерөнхийлөгчийг ирэхээр нь юу ярих ёстойгоо Ардын намынхнаар заалгачихна гээд ямар ч зорилгогүй урилга явуулчихаагүй нь лавтай.   В.Путин ч тодорхой зорилготой, ярих, хэлэлцэх асуудалтай учраас манайд айлчилж буй нь мэдээж.  Ийм байхад Ардын намынхан  ингэж шалчигнахын хэрэг юу байна. Эсвэл Хятад, Орос хоёр орны төр барьж байгаа намууд МАН-ынхнаас  гуйгаад байдаг юм уу.  Уг нь ч Хятадын коммунист нам бол МАН-тай угшил нэг. Нэгдсэн орос нам Ардын намтай нягт холбоотой. Тэр  үүднээсээ хоёр хөршийн дарга “Бид очлоо шүү. Төр барьж байгаа нөхдүүддээ та нар сайн хэлж зохицуулаарай” гэж МАН-аас хүссэн юм байх даа. Тэгдэг болоод Ардын намынхан өөртөө итгэлтэйгээр эрх баригч шиг сүржин мэдэгдлүүд хийгээд байгаа бололтой. 

Ер нь МАН барууны ардчилалд дургүй. Зүүн чигийн коммунист угшилтай социалист дэглэмийг дэмждэг нам. Тиймээс хоёр хөршийн дарга нар ирэхийг дуулаад хөл хөөрцөг болж, сүр хүчийг нь бахдаж байх шиг байна.  Уг нь үүнийхээ оронд Ардын нам эрх баригчдыг эрс шүүмжилсэн бол сөрөг хүчин гэдгээ илүү мэдрүүлэх байлаа. АН сүүлийн 20, 30 жилийн турш  тэмцсэн үйл хэргээ умартаж, ардчилсан чиглэлээсээ ухарлаа. Ардчиллын үнэт зүйл болсон  үзэл баримтлалаа хэдхэн долларын төлөө хоёр хөрштэй наймаалцлаа гэх мэтээр шуугисан бол өнөөдрийн сөрөг хүчин болж яваа Ардын намынхны нэр хүнд өсөх байв.  Ийм л хатуу шүүмжлэлээр энэ нийгмийг цэвэршүүлэх байлаа. Харамсалтай нь сөрөг хүчин өөрийгөө эрх баригч мэтээр эндүүрсээр байгаа нь буруу юм.  Эдийн засгийн ороо бусгаа энэ үе эрх баригч АН-ын авч байгаа арга хэмжээ, хийж буй үйлдлүүд үнэндээ зөв ч байж мэднэ. Буруу ч байж магадгүй. Сайн мэдэх юм алга. Буруу, зөвийн аль нь болохыг удахгүй цаг хугацаа харуулах биз. Гагцүү энэ цаг мөчид нэг л зүйл буруу гэдгийг  баараггүй мэдэж байна. Тэр нь сөрөг хүчин болох Ардын нам хоёр хөршийн дарга нарт эрх баригчдаас илүү хөл алдаад байгаа явдал юм. Ямартай ч МАН-ынхан Си даргынхаа  барааг хараад   “Манай даргын хэлсэн үг бүрийг тэмдэглэж ав” гэж эрх баригчдад зөвлөх нь холгүй байлаа.  Харин В.Путин даргыгаа ирэхээр яаж нялуурахыг нь харах л үлдлээ.  Ийнхүү хойд, урд хоёр хөршийн даргыг хараад сөрөг хүчин эрх баригчдаас илүү нялуурч гүйцлээ.     

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 19 хэм дулаан

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

9 дүгээр сарын 01-нээс автобусууд хуучин маршрутаар явна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга А/714 дугаар захирамж гаргаж, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Захирамжийн дагуу 08 дугаар сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Өнгөрсөн жил ч мөн хэрэгжүүлсэн дээрх зохицуулалттай холбоотойгоор иргэд автомашин нь замын хөдөлгөөнд оролцохгүй үед нийтийн тээврээр шуурхай үйлчлүүлэх боломжоор хангах шаардлагатай гэсэн саналыг тавьж байсан. Тиймээс иргэдийн саналын дагуу нийслэлийн Засаг даргын хүсэлтээр нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байна. Энэ нь иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчиж байгаа юм. Харин энэ үйлчилгээ нь автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор хязгаарлах 08 сарын 22-ноос 08 дугаар сарын 31-ний 21 цаг хүртэл хэрэгжинэ. Харин 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнийн говийн элс хөрөнгө оруулалтыг үргээх, эргэхийн дохио болж байна

“Саусгоби сэндс” компанийн хуучин удирдлагад холбогдох хэрэг анхан
шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Энэ хэрэгт тус компанийн захирлаар
ажиллаж байсан Жастин Капла, санхүүгийн менежер Кристобал Дэвид, Хиларион Кажуком
нарыг татвараас зайлсхийсэн  хэрэгт буруутган
шалгаж байгаад ийн шүүхэд шилжүүлсэн юм. 
Шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй байна хэмээн энэ удаа мөрдөн байцаалтад
буцаажээ.

Анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч нотлох баримт төдийлөн
олдохгүй, хангалттай бус байгаа тухай хуулийн хүрээний зарим эх сурвалж ярьдаг юм
билээ. Мөрдөн байцаалтад буцаах болсон шалтгаан нь үүнтэй холбоотой бололтой. Гадаадын
хөрөнгө оруулагчдыг манайхан хааж, тууж байх үед үүсгэсэн эрүүгийн хэрэг. Ашигт
малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг шалгах дүйвээнээр  хөрөнгө оруулагч олон компанийг шалгасан байдаг.
Тэдний нэг нь  “Саусгоби сэндс” компани юм.
Тухайн үед  өөр асуудлаар шалгаж эхэлсэн ч
эцэст нь 2007-2010 онд 40 гаруй тэрбум төгрөгийн татвар Монгол Улсад төлөөгүй, борлуулалтын
259 тэрбум төгрөгөө нуун дарагдуулсан хэмээх хэрэг нь тунаж үлдсэн гэдэг.

“Саусгоби сэндс” компанийн хуучин удирдлагатай холбоотой энэ хэргийг
шүүхээр шийдвэл гадаадын хөрөнгө оруулалтыг үргээнэ. Харин учраа олоод   харилцан нөхцөл болзол гаргаад  асуудлыг шийдчихвэл гадаадын хөрөнгө оруулалт
эргэх дохио болох юм.  40 тэрбум төгрөгийн
татвараас зайлсхийсэн гэж хөрөнгө оруулагчийг шийтгэх нь  манай улсад ямар ашигтай вэ.  40 тэрбумын асуудлаас илүү дараачийн хөрөнгө оруулалтын
замыг нээх нь бидэнд  тустай.  Аливаа зүйлийн  нэг талыг бус хоёр талыг жишиж үзэх, үр дагаврыг
нь харах алсын хараа, итгэл үнэмшил энэ цаг үед хэрэгтэй болоод буй нь нууц биш.
Хөрөнгө оруулагч нарт ч өөр хандлага, боломжийг олгох нь илүү оновчтой байж болох
юм. “Саусгоби сэндс”  гэдэг нь Өмнийн говийн
элс гэсэн утгатай. Тэгэхээр Өмнийн говийн элс хөрөнгө оруулалтыг үргээх, эргэхийн
дохио болж байна.

Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг эргүүлж чадахгүй
юм бол гялгар уутанд мөнгө хийж барьсан хятадууд, машиныхаа дугуйнд өрөмдлөгийн
багаж нуусан оросуудаас өөр хөрөнгө оруулагчгүй хоцорно. Эргэж буцалтгүй ийм л сонголт,
хөрөнгө оруулагчтай үлдэх нь. Харин үүнийхээ оронд барууны хөрөнгө оруулалт 70 хувиар
буурсан статистик мэдээг өөрчилж, жинхэнэ утгаараа эдийн засгаа сэргээж, валютын
ханшийг тогтоон барьж чадах гарц хэрэгтэй байна. Барууны  хөрөнгө оруулалтгүйгээр бид хол явах боломжгүй  гэдгийг учир мэдэх эдийн засагчид хэлж байгаа.
Хэрэв дээрх хэргийг энэ чигээр нь шүүгээд явуулчих юм бол барууны хөрөнгө оруулалтыг
давхар шүүгээд явуулчихна аа гэсэн үг. Харин тэр үед 40 тэрбум төгрөгийн татвараасаа
илүү хохиролтой зүйлтэй нүүр тулж мэдэх юм.

 

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажиа гэгээний эмнэлгийн нээлт боллоо

Цусны хорт хавдрын өвчтэй хүүхдүүдэд зориулсан шинэ эмнэлэг өнөөдөр үүдээ нээлээ. Эл эмнэлгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар барьж байгаа юм. Ингэснээр өнөөдөр “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ээ хүлээлгэн өгч байгаа юм. 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг баригдаж эхэлсэн бөгөөд эмнэлэг бүхэлдээ сайн санаат хүмүүсийн хандив тусламжаар боссон тухай нээлтийн үеэр онцоллоо. “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм байна.  ЭНЭШТ-ийн хяналтад одоогоор  цусны хорт хавдартай  гэсэн оноштой 700 гаруй хүүхэд байгаа аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өсчээ. 

Э.БОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ашигт малтмалын газар юуны учир Сүлжээний ерөнхий инженерээ ажлаас нь халав?

Гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн эхний шатны сонгон шалгаруулалт эхэлсэн.

Эхний ээлжинд эдгээр лицензийг эзэмшиж байсан компаниуд гаргасан зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоогоод буй 163 мянга гаруй га бүхий 14 талбайд сонгон шалгаруулалт явуулна. Хууль бусаар олгосон гэх эдгээр тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниудыг хохиролгүй болгохоор сонгон шалгаруулалт явуулахаар болсон гэж Уул, уурхайн яам мэдээлээд буй.

Эдгээр тусгай зөвшөөрлийн 82 хувь нь дотоодын, 18 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн эзэмшилд байсан билээ. 

Өмнөговь аймгийн Манлай сумын Амгалант, Дундговь, Өмнөговь аймгийн Могойт, Ховд аймгийн Мянгад сумын Чойдог худаг, Дундговийн Өлзийтийн Бага хөх цав, Дорноговь аймгийн Мандах сумын Ногоон тал, Довцог худаг, Хөх хошууны худаг, Баянхонгор аймгийн Хонхор дэрс, Товцог хайрхан уул, Хашаатын хөндий, Цогт хайрхан уул, Улаан эрэг, Хар ат уул Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Хөхтолгой зэрэг газруудад тендер зарлаад байгаа юм. Энэ үйл явцыг эдийн засагчид хөлдсөн баялаг гэсэх нь хэмээн үзэж, хайгуулын лицензээ даруй олгож эхлэх хэрэгтэй хэмээж байгаа юм. 

Манай улс сүүлийн таван жилийн турш хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр өмнөхөөсөө 3-5 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт шинээр бий болно гэж тооцоолоод байгаа. Тийм учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй, ил тод нээлттэй хэлбэрээр зохион байгуулахын тулд зөвшөөрөл хүлээн авах үйл явцыг цахим хэлбэрээр онлайн, төрийн үйлчилгээний машинаар авахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа. 

Энэ ажилтай зэрэгцүүлээд Ашигт малтмалын газар Сүлжээний ерөнхий инженер Д.Болдбаатарыг ажлаас нь халсан нь багагүй хэл ам дагуулж байна. Хайгуулын лицензийн зөвшөөрлийг онлайнаар зохион байгуулах энэ ажлыг эхлүүлэхэд анхнаас нь гар бие оролцсон мэргэжилтнээ ажлаас нь холдуулсан нь хэний ч анхаарлыг татна. Лицензийн зөвшөөрлийг хүлээн авах үйл ажиллагааг онлайнаар хүлээн авахаар болж байгаа энэ эгзэгтэй мөчид Ашигт малтмалын газар компьютер, сүлжээ, цахимын талын ганц шилдэг инженерээ ажлаас нь халсан нь олон хүнд сэжиг төрүүлж байна. 

Д.Болдбаатар салбартаа шилдэгт тооцогддог IT инженер гэнэ.

Кибер халдлагаас байгууллагынхаа мэдээллийг дээд зэргээр хамгаалдаг гэдгээрээ мэргэжил нэгтнүүдийнхээ дунд сайшаагддаг бөгөөд энэ төрлийн уралдаан, шалгалтад үргэлж өндөр оноо авдаг сүлжээний инженер юм байна. Түүгээр ч барахгүй хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай, байгууллагынхаа нууц код, паспорт зэргийг дээд зэргээр хадгалдаг нэлээд шударга, зарчимч залуу аж. Энэ зан нь магадгүй зарим хүмүүст таалагдаагүй учир ажлаасаа халагдахад хүргэсэн байж магадгүй гэж хамт ажиллагсад нь ярьж байна. 

Гэхдээ нөгөө талаар нэг байгууллагад 11 жил ажилласан хүн болохоор салбараа, ажлаа нэвт шувт мэддэг учир бусдын нөлөөнд орж мэдээлэл алдагдуулж магад гэсэн үүднээс яамнаас нь ийм арга хэмжээ авсан байх талтай. 

Д.Болдбаатар нэртэй төртэй айлын хүүхэд бөгөөд хамт олон дундаа шударга, ажилдаа үнэнч гэдгээрээ гайхагддаг учир гэнэт ажлаасаа халагдсанд нь бусад нь гайхаж байгаа гэнэ. Түүнийг юуны учир ажлаас нь халсныг зохих газарт нь шалгуулах ёстой хэмээн Ашигт малтмалын газрын зарим ажилтнууд мэдэгдэж “Онлайнаар бүх ажлаа явуулахаар болж байгаа болохоор Болдоог шударга зангаараа тээг садаа болж мэднэ гээд холдуулсан. Тэгээд түүний оронд хэн нэгэн өөрийн хүнээ шургуулах байх” хэмээцгээж байна. Түүний оронд компьютерийн наад захын мэдлэггүй хүн тавьж хайгуулын лицензийг будлиантуулах ажил сэдэж байж магад гэцгээж байгаа юм. Олон жил гар нийлж ажилласан ажилтнууд нь гэнэтийн энэ явдалд цочирдож ажлаасаа өөрийн хүсэлтээр гарахаар шийдээд байгаа тухай ч дуулдлаа. 

Д.Болдбаатартай холбогдоход “Би амралттай байсан. Амралтаа дуусгачихаад ажилдаа ортол цомхотголоор халсан тухай дуулгасан. Ийм л юм болчихлоо” гэлээ. Тэрээр энэ талаар ямар нэгэн гомдол гаргах хүсэлгүй байгаагаа илэрхийлээд “Цаг хугацаа бүхнийг харуулах биз. Үнэн мөн нь хэзээ нэгэн цагт гарах байлгүй” хэмээн хариуллаа. 

Жирийн нэгэн ажилтан ажлаасаа цомхотгол нэрийн дор халагдаж байгаа боловч түүний хашиж байсан алба, хийж байсан ажлыг анзаарвал зүгээр орхиж боломгүй асуудал үүсээд байгаа юм. Тогоон дотор нь чанагдаж, ажлаа мэддэг хэрнээ хэний ч нөлөөнд автдаггүй шударга залуус бий. Үнэхээр л тэр зангаасаа болоод ажилгүй болж байгаа бол үүнд холбогдох газрууд нь яаралтай анхаарал хандуулах нь зүйтэй байх.

Д.САРУУЛ