Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нарантуул”-ын өргөтгөлийг хааснаар бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүснэ гэлээ

“Нарантуул” захын өргөт­гөл буюу хүнсний худал­дааны хэсгийг өчигдрөөс эхлэн хаалаа. Энэ талаар сурвалжлахаар тус худалдаа­ны төвийг зорьсон юм.

Барааны захын хэсэг болон хөдөө орон нутгийн зогсоолын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин хүнсний худалдааны хэсэг буюу хүмүүсийн нэрлэж заншсан “Өргөтгөл”-ийн хэсэг рүү орох хаалгануудыг төмөр цоожоор түгжжээ. Гэсэн ч хаалганы завсраар харахад олон хүмүүс нааш, цааш холхилдож байгаа харагдана.

Бусдын нэгэн адил цоожтой хаалганы завсар зайгаар дотогш орлоо. Энд ажиллаж байгаа нэг ч павильон алга. Гэхдээ түрээслэгчид бужигналдаж байна. Тэдний дундаас чанга яригч барьж, бусдадаа заавар зөвлөгөө өгч буй эмэгтэйтэй уулзлаа. Түүнийг А.Намчинсүрэн гэдэг бөгөөд буцаад ажлын байраа олж авах зорилго бүхий түрээслэгчдийн түр хорооны гишүүн гэнэ.

Түүний хэлснээр Нийслэ­лийн Мэргэжлийн хяналтын газраас бараа бүтээгдэхүүний чанар алдагдсан, бохир заваан орчинтой, худалдааны павильонууд нь дулаалгагүй буюу гадаа нөхцөлтэй гэсэн гурван үндсэн шалтгаанаар “Өргөтгөл”-ийг хаажээ. Тиймээс түрээслэгчдийн хувьд өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийе хэмээж, орчин тойрноо цэвэрлэн ийн бужигнаж байгаа аж.

Тэрээр мөн “Манай өргөт­гөл бол хуучны бэлтгэн нийлүү­лэх баазын үүрэг гүйцэтгэдэг. Энд 30-36 мянган хүний ажлын байрны эрх ашиг яригдаж байгаа. Энэ тоонд зөвхөн түрээслэгчид төдийгүй эндээс очсон барааг нийслэл болоод орон нутагт зарж, борлуулдаг олон мянган хүн, орон нутагт ачаа зөөдөг автомашины жолооч нар ч багтаж байгаа. Тэдгээр хүмүүсийн 20, 30 жил амьдралаа залгуулж ирсэн асуудал хөндөгдөж байна. Тиймээс энэ бол ганцхан Ш.Сайхансамбуугийн бус бидний өөрсдийн хэрэг учир ажлын байрныхаа төлөө тэмцье хэмээн ярилцаад өнөөдөр тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх гэж байна” гэлээ.

“Нарантуул” захын өргөтгөлд 450 павильон худалдаа үйлчилгээ үзүүлж, хүнсний бүтээгдэхүүн худалддаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч сарын 16-19-ний хооронд явуулсан шалгалтаар худалдаалж буй зарим бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна. Гэхдээ ийм асуудлаар “бүдэрсэн” нь цөөн хэдэн павильон байгаа юм байна. Харин 450-ууланг нь зэрэг хаасан шалтгаан нь зориулалтын дулаан байргүй гэсэн шалтгаан байжээ.

Өргөтгөлийн нэг павильонд л гэхэд ачих, буулгах, худалдах зэрэг үүрэг бүхий таван хүн ажилладаг гэж байгаа. Ингээд бодоод үзвэл хоёр мянга гаруй хүний ажлын байр тасалдахад хүрч байгаа гэнэ. Тасалдахад гэсний учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн Улсын ахлах байцаагчийн актанд “хугацаагүйгээр” буюу зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг зогсоох ёстойг заасан байгаа юм.

Түрээслэгчдийн түр хорооны дарга Ч.Жаргалсайхан болон гишүүн А.Намчинсүрэн нарын хэлж буйгаар бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, бохир орчноо цэвэрлэсэн ч дулаан байртай болох боломж ойрын хэдэн сардаа л байхгүй тул мэргэжлийн хяналтын газрын актыг биелүүлэх боломжгүй болж таарах нь. Үүнийг дагаад “Өргөтгөл”-ийн хэсэг нээгдэж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Үүнд л түрээслэгчид гол анхаарлаа хандуулж, бухимдаж байгаа юм байна.

Ийн түр хорооны гишүүдтэй уулзаж байх зуур түрээслэгчид тохиролцсон ёсоороо Өргөтгөлийн төв хэсгийн талбайд уриа, лоозон барьж жагссан юм. Тэд “50 мянган ажлын байрны төлөө”, “Бид төр засгаас юу ч гуйгаагүй”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм та бидний банкны өр зээл болон амьжиргаанд баталгаа гаргаж өгөх үү”, “Ард түмний захаар бүү оролд” зэрэг уриа лоозон барьжээ. Харин тэднийг ийн жагсаж, чанга яригчаар хашгирах зуурт “Нарантуул” худалдааны төв байрлах Баянзүрх дүүргийн XIV хорооны хороо хариуцсан цагдаа С.Батхуягаар ахлуулсан цагдаа нар ирж, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан юм. Түрээслэгчдийн хувьд “Бид жагсаал цуглаан хийгээгүй. Эвлэлдэн нэгдэх ардчиллаар олгогдсон эрх чөлөөгөө л эдэлж байна. Бид элдвийн шуугиан гаргаж жагсахгүй. Зөвхөн цаашид хэрхэн ажлын байраа авч үлдэх тухайгаа ярилцах зорилготой” хэмээж байлаа.

Түрээслэгчдийн хэлж буйгаар энд ажиллаж байгаа хүмүүсийн дунд банкны зээлгүй нэг ч хүн байхгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй өдөр бүр зээл төлөлт хийж, мөнгө тушаадаг нэгэн ч бий ажээ. Тиймээс ажилгүйчүүдийн тоог нэмж байна хэмээн бухимдах нэгэн ч байв. Зөвхөн бэлэн мөнгөөр зээл төлөлт хийдэг түрээслэгчдээс гадна лизингээр автомашин худалдан авч, орон нутагт бараа зөөдөг олон зуун жолооч нарын тухай ч энд яригдах ажээ. Ер нь эндээс бараагаа татдаг 21 аймаг, гурван хотын хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа бүрэн мөсөн зогсоход хүрэх гэнэ. Ингэж барааны хомсдол үүссэнээр үнийн хөөрөгдөл дээд цэгтээ хүрнэ гэдгийг олноороо цугласан түрээслэгч нар тал талаас учирлах ажээ. Нөгөө талаас тус худалдааны төвд бараа нийлүүлдэг дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсэх гэнэ. Учир нь дотоодын томоохон үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний 70 хувийг тус худалдааны төв буюу түрээслэгч нар авч худалдан борлуулж өгдөг ажээ. Павильонуудын үйл ажиллагааг ингэж хааснаар нэг павильон өдөрт 5-6 сая төгрөгийн алдагдал хүлээх гэнэ.

Түрээслэгч нарын хувьд алдаа дутагдалтай гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Тиймээс ч өөрсдөөс шалтгаалах зүйлээ цаашид ч хийх тул ажлын байрыг нь л ингэж бүрмөсөн хаахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүсч байгаа юм байна. Тиймээс энэ өдөр цугласан түрээслэгч нар 500 хүний гарын үсэг бүхий өргөх бичгийг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад өгөхөөр бэлджээ.

Төрд хандсан ямар нэг бичиг баримтын хариуг эргүүлж өгөх хугацаа хуулийн хүрээнд 30 хоног байдаг. Гэвч түрээслэгч нарын хувьд орлого, зарлага нь өдөр, цагаар хэмжигдэж байдаг тул тийм удаан хүлээх боломжгүйгээ хэлж байв. Тэдний хэлж буйгаар мягмар гариг буюу өнөөдөр тус худалдааны төв амрах ёстой. Харин маргааш буюу лхагва гариг гэхэд Өргөтгөл хэвийн ажиллаж байх шаардлагатай ажээ.

Д.ТҮВШИНБАТ: ЗАХЫН УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОМЖГҮЙ

Гаднах талбайд ийн үйл явдал өрнөж байх зуурт дотогш орж, “Нарантуул” трейд компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Гадаа түрээслэгч нар бужигнаж байна. Үүнд захын удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидэнд зөрчил байсан. Өнөөдөртөө шийдвэрлэж болох, бүр тодорхой хугацаа шаардах ч зөрчил бий. Энэ нь үйл ажиллагаа явуулж буй павильонуудыг ажлын байрны шаардлага хангахгүй гэсэн. Үүнийг шийдэхийн тулд дулаан байр барих шаардлагатай. “Нарантуул” 1999 оноос эхлэн өнөөдрийн ашиглаж байгаа ажлын байртай явж ирсэн. Тиймээс худалдааны төвийн удирдлагын зүгээс одоо шууд ямар нэг арга хэмжээ авахад хүндрэлтэй байна. Түрээслэгч нар эсэргүүцлээ илэрхийлнэ гэж байна. Бид үүнд нь оролцох боломжгүй. Ямар ч байсан эхний ээлжинд төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээд үйл ажиллагааг нь зогсоочихоод байж байна.

-Ер нь энэ асуудал үргэлж яригддаг. Яагаад эртнээс яригдсан уг асуудлыг шийдчихэж болдоггүй юм бэ?

-Одоогийн байрыг бид судалж үзсэн. Халаалт оруулах ямар ч боломжгүй. Хэрэв оруулбал дулааны алдагдалтай. Тиймээс бидний хувьд зүгээр байгаагүй. Өөрөөр хэлбэл, томоохон хэмжээний худалдааны төв барихаар зураг төслийг нь гаргаад Хотын захиргаанд батлуулах гээд өгчихсөн. Одоо энэ өргөтгөлийн газар дээр барих юм. Гэсэн ч хотын захиргаанаас гарын үсэг зурах буюу зөвшөөрлийг нь өгөхгүй байна. Хэрэв энэ зөвшөөрлийг өгчихвөл уг асуудал шууд шийдэгдчих боломжтой юм.

-Хотын захиргаанд зураг төслөө хэзээ өгсөн юм бэ. Яг ямар албан тушаалтан гарын үсэг зурах ёстой юм?

-Бараг нэг жил болох гэж байна. Энэ хэсгийг барилгажуулах хотын ерөнхий төлөвлөгөөнд л оруулах гэж өгсөн хэрэг шүү дээ. Өнөөдөр яг хаана, ямар хүн дээрээ гацчихаад байгааг мэдэхгүй байна.

-Танайх нэг түрээслэгчээс хичнээн төгрөг авдаг юм бэ?

-Павильонуудаас нэг сарын 190 мянган төгрөг авдаг. Харин бараан захын жижиг лангуунаас 30-60 мянган төгрөгийн түрээс авдаг.

-Танай зах дотооддоо бараа бүтээгдэхүүндээ хяналт тавьдаггүй байсан юм уу?

-Байлгүй яахав. Манайд эрүүл ахуйг хариуцсан байцаагч, бараа бүтээгдэхүүнийг шинжилдэг лаборатори ч бий. Нөгөө талаас манайх түрээслэгч нэг бүртэй түрээсийн гэрээ байгуулдаг. Энэ гэрээнд чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдаална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үйл ажиллагаа нь тодорхой хэдэн хүмүүс түрээсийн гэрээгээ зөрчиж далд, нууц байдлаар шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаж байснаас үүдэлтэй. Тиймээс удирдлагын зүгээс түрээсийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа.

Д.ЭНХБАТ:”НАРАНТУУЛ”-ЫН УДИРДЛАГА ОЛОН УДААГИЙН ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ

“Нарантуул” худалдааны төвд үүсээд буй нөхцөл байдлын талаар акт тогтоосон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Нарантуул” захын хүнсний худалдааны хэсэгт акт тогтоосны улмаас бужигнаан үүсээд байна. Мэргэжлийн байгууллага ямар учраас ийм шийдэлд хүрсэн юм бэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан манай улсын байцаагч нарын тавьсан, хүргүүлсэн шаардлага өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй тул бид ийм арга хэмжээ авсан. Манайхаас тавьж буй хамгийн гол асуудал нь энд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөөд байна. Энд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж байна. Үүнд захын удирдлагын зүгээс арга хэмжээ аваач гэж хэсэгчлэн хаасан нь энэ юм. Тиймээс наймаачдын хувьд удирдлагууддаа ажиллах нөхцөл байдлаа сайжруулах, ялангуяа дулаан байртай болгох асуудлыг тавих ёстой юм.

-Актанд зориулалтын байртай байх гэсэн байсан. Түүнийг барьтал хугацаа шаардлагатай болно. Тэр болтол ажлын байргүй болох нь хэмээн түрээслэгчид бухимдалтай байна лээ?

-Зориулалтын байр гэж заагаагүй. Одоо байгаа байраа л дулаанд холбодог ч юмуу, эсвэл цахилгаанд холбодог ч юм уу. Ямар л арга байна, тэр бүхнээр шийдэх шаардлагатай гэсэн. Ер нь бол уг асуудлыг ганцхан өнөөдөр шаардаж байгаа юм биш. Олон удаа шаардсан, биелүүлэхгүй байгаа.

-Захын удирдлагын хэлж буйгаар одоогийн байрны дулааныг цахилгаан гэх мэт асуудлаар шийдэх боломжгүй гээд байна лээ. Заавал л шинэ барилга барьж таарах нь. Тэгээд л хугацаа гээд байна л даа?

-Эднийх дандаа ийм тайлбар хийдэг юм. Зургаа өгчихсөн л гэнэ, хүлээж байгаа л гэнэ. Хамгийн гол нь ийм тайлбартай яваад байвал дахиад хэдэн ч жил явж мэднэ.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

11 хүн аянганд ниргүүлэн нас баржээ

Колумбийн хойд нутагт Гуачака хотоос холгүй Сьерра-Невада ууланд шашны баярын арга хэмжээний үеэр 11 хүн аянганд ниргүүлэн нас баржээ. Амь үрэгдсэд бүгд Колумбийн уугуул иргэд болох вива үндэстэн аж. Түүнээс гадна 15 хүн түлэгдсэний улмаас Санта-Марта хотын эмнэлэг хүргэгдсэн байна. Нэгэн омгийн 60-аад хүн уулан дахь дээврийг нь далдуу модны навчаар бүрсэн сүмд цугларсан байжээ. Гэтэл байшин аяганд ниргүүлснээс хүний амь эрсэдсэн аж.

Ю.Дэлгэр

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Л.Чинбат:Урт нэртэй хууль явж явж тодорхой хэсэг хүнд зориулж хийсэн хууль

“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын тариаланчийн зовлон, жаргалын тухай яриаг “Өдрийн сонин”-д нийтэлсэн. Энэ удаа түүний богино хугацаанд барууны стандарт хангасан мах экспортлох гарц, бизнес эрхлэгчид учирдаг дарамт, алт, үнэт зүйлийн тухай илэн далангүй ярианы үргэлжлэлийг хүргэж байна.

-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирээд “Монголоос мах авмаар байна” гэсэн. Мах экспортлох ирээдүй хэр байна?

-Манайх мал аж ахуй, газар тариалан хослон хөгжих ямар л боломж байна түүнийг хийж байгаа. Дэлхий тэгж явж байна. Бид түүнийг копидож байгаа. Манайх Канад, АНУ, Францаас манайтай төстэй юмыг нь авч өөрийнхөө хөрсөн дээр буулгаж яваа. Мал аж ахуйн хувьд энэ хүмүүсийн ярьж байгаа шиг маргааш Орос руу мах гаргах хүнд. Аливаа юманд стандарт гэж байх учиртай. Манай малын мах ямар стандарттай юм бэ гэдгийг тогтоох ёстой. Путин мах гарга гэж байгаа ч гаргатал зай бий. Тэгэхийн тулд манайхан ажиллах ёстой. Мал нь эрүүл байх ёстой.

-Толгой дараалан вакцинжуулвал өртөг өндөр тусах уу?

-Малаа эрүүлжүүлэхийн тулд бэлчээрээ эрүүлжүүлэх ёстой. Задгай явж байгаа малыг бүгдийг эрүүлжүүлж чадахгүй. Голомт нь салахгүй байгаа. Үүнийгээ эрүүлжүүлээгүй цагт мах гаргах хэцүү. Малаа цөөлөхийн тулд төхөөрөөд байх ёстой юм шиг ярьдаг. Манай мах Оросын хувьд консервнд л тохиромжтой байдаг. Консерв хийгээд цэргийн хүнсэнд явдаг.

-Бэлчээрийн мал аж ахуйгаас илүү эрчимжсэн мал аж ахуй экспортонд тохиромжтой гэсэн үг үү?

-Европ хүмүүсийн хүнсний стандарт шаардлагыг хангах хэрэгтэй. Хамгийн гол нь манай мал өвчингүй гэдгээ нотолсны дараа л манай мах үнэд хүрнэ. Монголын бэлчээр эрүүл, мал нь эрүүл байвал манай мах үнэд хүрнэ. Одоо бол партизан маягийн аргаар л жаахан мах гаргаж байна. Дэлхийн зах зээлд гаръя гэвэл эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй. Малаа бордох хэрэгтэй. Бордохын тулд тэжээл хэрэгтэй. Тэжээл бэлтгэхэд талбай хэрэгтэй. Боломж бий. Мах экспортлохын тулд хамгийн боломжтой гарц гэвэл Европоос залуу мал оруулж ирээд тэжээгээд, тодорхой хугацааны дараа буцаагаад зарах боломж бий. Малыг ийм хэлбэрээр Орос, Хятад руу гаргах боломжтой. Ийм малын мах стандарт хангана. Монголд эрчимжсэн мал аж ахуйн эрүүл бүс гэж бий болгоод Европоос мал оруулж ирэх хэрэгтэй. Орос, Хятад руу Европоос мал оруулахгүй байгаа. Монгол руу оруулж байна. Энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн зуны хугацаанд мал оруулж ирээд, тэжээгээд, буцаагаад намар нядлаад махыг нь гаргачихна. Зургаа, долоон сарын ажил хийчихээд сууж байвал боломжтой. Энэ бол богино хугацааны гарц. Хүмүүс мал олширлоо гэдэг. Үнэн хэрэгтээ манайхаас үхрийн мах л авна. Үхэр нь цөөхөн. Хэрэв Орос руу гаргавал нэг жил гаргаад л дуусчихна.

-Уг нь бэлчээрийн малын мах илүү чанартай, амттай гэж монголчууд боддог?

-Монгол мал зун нь жаахан таргалж ирээд, буцаагаад өвөлдөө тарга хүчээ алддаг. Нас нь өндөр болоод мах нь хатуурдаг. Гадаадад бол 24 сарын доторх махыг л иддэг. Түүнээс дээшхи махыг нохойн хоолонд явуулдаг. Бид болохоор томруулж байж иддэг.

-Танайхан ямар чиглэлийн мал оруулж ирж байна?

-Манайх мах, сүүний чиглэлийн үхэр аль алиныг нь оруулж ирж байна.

-Монгол мал ихтэй мөртлөө махаа өндөр үнээр авч байна. Цэвэр сүү ууж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манайд сайхан сүүний үйлдвэрүүд байна. Ганцхан Монголоос сүү авъя гэхээр ямар ч сүү нь шаардлага хангахгүй байна шүү дээ. Анхдагч сүүгээ үйлдвэрлэдэг сүүний фермер нь бий болох ёстой. Сааж байгаа сүү нь хүний гар дамжихгүй байх учиртай. Манай сааж байгаа сүү нь, хэвтэж байгаа хэвтэр нь бүгд бохир байна. Тийм фермүүдийг байгуулж болно. Гэхдээ Улаанбаатарын эргэн тойронд биш. Фермүүд тэжээлдээ ойрхон байх ёстой. Сүүний үхэр тэжээлээр л явдаг. Одоо систем нь буруу учраас мах, сүү үнэтэй байна. Монголын дотоодын хэрэгцээг хангах асуудал биш. Ганцхан бодлого буруу учраас цөөхөн ченжийн гараар үнэтэй болоод байна.

-Мах сүүгээ Улаанбаатар руу тээвэрлэхэд зардал их биш гэж үү?

-Тэр бол асуудал биш. Таван төгрөгийн зардал нэмэгдсэн ч цэвэр сүү орж ирнэ. Фермерийн аж ахуй байгуулах туршлага манайханд дутаж байна л даа.

-Төрийн гарыг ийм юман дээр харах ёстой юм уу. Төртэй төргүй хувийн хэвшлийнхэн хийх юм биш үү?

– Сүүн дээр төрийн дэмжлэг байх ёстой. Тэр тусмаа манайх шиг улсад төрийн дэмжлэг хэрэгтэй. Сүүний чиглэлийн фермийн ажлыг төрөөс дэмжиж байж босгож ирдэг. Сүү үйлдвэрлэж байгаа хэсгийг стандартын дагуу хийх учиртай. Стандартын бус хэдэн зуун жижиг фермер байснаас стандартын шаардлага хангасан хэдхэн фермер байх ёстой. Төр анхдагчаар үүсгэх ёстой. Сүү хөгжихийн тулд махны чиглэлийн тугалыг аваад тэжээдэг, сүүний охин тугалыг аваад тэжээгээд, үнээ болгодог дамжлага тус бүр системтэйгээр хөгжиж явдаг. Түүнээс биш нэг хүн бүгдийг хийх аргагүй. Сүү сааж байгаа хүн сүүгээ л саах ёстой. Үнээгээ солъё гэхэд үнээ зардаг компаниас дараагийн үнээгээ авна. 50 үхэр сааж байсан бол тэднийгээ нядалгаанд өгөөд, ахин 50 үхэр оруулж ирээд саагаад явах учиртай. Тэр 50 үхрээс 20-30 литр сүү гардаг л байх ёстой. Дагнасан аж ахуйн нэгжүүд мэндлэх ёстой юм. Түүнээс биш манайхан бүгдийг нь хийх гээд байвал сайжрахгүй. Бид ойр хавийн ийм бизнес хийж байгаа хүмүүст сурсан мэдсэн бүхнээ чадахаараа хэлж байна.

-Ноу хаугаа нуудаггүй гэсэн үг үү?

-Юуг нь нуудаг юм. Бид ч гэсэн гаднаас копидож оруулж ирсэн юмаа дараагийн хүнд өвлүүлэх нь гол. Төрийн бодлого зөв биш бол бид нар дор нь мянган юм хийх гэж зүтгээд нэмэр байхгүй.

-Алтны том компаниуд зөндөө л байдаг. Та яагаад мах, сүү хүнс бэлтгэх ажил руу яваад орчихсон юм бэ?

-Нэгдүгээрт би малчин, тариачин гаралтай хүн. Бага байхад манай аав, өвөг эцэг бүгд л тариа тарьж, мал маллаж байсан. Хоёрдугаарт бизнест хөл тавиад гадаад ертөнц ямар байгааг харсан, манайх ямар байгааг харсан. Тэр үед ерээд онд биднийг хамгийн их эмзэглүүлж байсан юм бидний идэж байгаа хүнс байсан. Тэр үед ёстой Хятадын нохойноос дор юм идэж байсан. Тэр үед манай найз нар ярьж байгаад гурил, будаа, мах сүү, хүнсний ногоо гэсэн таван зүйл дээр хийе гэсэн. Монголчуудыг монгол хүн л тэжээнэ. Байшинд өссөн хүмүүс хөдөө очиж бизнес хийхгүй. Улсын дотоодын хэрэгцээний 10-20 хувийг үйлдвэрлэдэг болно гэж зорилго тавьсан учраас би энэ салбарт бүх амьдралаа зориулж байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд 2001 оноос хойш зүтгэлээ. Гурилаа хийчихлээ. Махны

2-3 хувийг үйлдвэрлэж байна. Сүүн дээр надаас шалтгаалаагүй. Сүүний ферм хийх газрын зөвшөөрөл өгөхгүй 7-8 жил болж байна.

-Яагаад тэр вэ?

-Төр засгаас л асуу.

-Мөнгөтэй хүмүүс юм болгоныг чаддаг гэж хүмүүс боддог. Танд бас хүчрэхгүй юм байна аа?

-Би улстөржөөд явдаггүй. Хэн нэгнийг дарамталж хийх ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Манайх Сэлэнгийн найман суманд яг адилхан хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Мал маллаад, тариа, хүнсний ногоо тариад эхэлсэн. Тэр сумдаас 2-3 нь дэмжээд бусад нь дэмжихгүй байгаа юм. Дэмжсэнд нь хөрөнгө оруулаад, дэмжихгүйг нь хаяад явсан. Явсаар байгаад Цагааннуур, Түшиг суманд үлдэж байна. Зарим сумынхан “Малаа аваад яв” гээд хөөхөөр нь гарсан. Найман суманд фермийн аж ахуй хөгжсөн бол ямар байхав.

-Бизнес эрхлэгчдэд бухимдах үе байдаг гэдэг. Танд ч гэсэн хоёр гараа алдалж байгаад хашгирмаар үе байдаг уу?

– Байна аа байна. Бизнесийн тэр олон асуудлын тодорхой хувийг манай хүмүүс үүрдэг. Сая гэхэд л манай будаатай машиныг явуулахгүй зогсоочихлоо л гэнэ. Хүмүүс чи яаж даагаад байгаа юм гэдэг.

-Та авилга өгдөггүй юм уу?

-Авилга өгөх гэж би ажил хийгээгүй шүү дээ.

-Бизнесийнхэн улс төрд ороод байх юм. Би өөрөө улс төрд ороод энэ бүхнийг залруулая гэж бодогдох үе байдаг уу?

-Өдий хүртэл бизнесээр явчихаад үлдсэн амьдралаа тэгж буртаглаад яахав дээ. Гэхдээ ч тэвчээр барагдах үе их л байна шүү дээ. Чи сонссон л байх. Миний нэг барилгын асуудал яригдаад байгаа. Миний буруу нэг ширхэг ч байхгүй. Гэтэл гурван жил зогсоож байна. Э.Бат-Үүл буулгах байшингийн жагсаалтанд оруулчихаад нэг хэсэг хүмүүс надаас мөнгө нэхдэг. 2001 онд нийтийн дуудлага худалдаагаар Герман элчингийн урд нэг давхар байшинг худалдаж авсан. Тэр байшинг худалдаж авсан ч газрынхаа гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар долоон жилийн дараа өгсөн. Тэр хооронд нь хажуу талд нь нэг орон сууцны байшин, сургууль хоёр барьчихаж байгаа юм. Газрын гэрчилгээгүй болохоор би тэрэн дээр шүүхдэх эрх үүсэхгүй байгаа юм. Би тэр байшинг худалдаж авахад нэг байшинг хоёр хуваагаад, 44 м.кв нь төрд үлдсэн. Тэр хэсгийг нь би дахиад худалдаад авчихгүй юу. Хажуугийн байшинд нь бойлуур байсан. Тэр бойлуурыг энэ рүү оруулах ёстой гэж хүмүүс хотын захиргаатай муудалцсан. Хотын захиргааны ерөнхий менежер Бат гэж байсан. Бат дуудаж уулзсан юм. “Танайх энэ байшингаа буулгаад, хурдхан шиг бойлуур оруулах хэрэгтэй байна” гэсэн. Байшин бария гэхээр зураг батлуулах есөн жорын ажил ундарсан. 2009 онд бэлэн болго гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр нь би “Та нар зөвшөөрөл авахад тусла” гэсэн. Проткол үйлдээд, гэрээ байгуулахаар нь би нэг давхар байшингаа долоон сая төгрөг өгөөд нураалгасан. Зургаа хийлгэж явах хооронд нэг өдөр нөгөөдөх дээр чинь байшин барьж байна гэсэн. Хүрээд ирсэн чинь байшин бариад зогсч байна. Хамгаалалтын алба аваад, тэднийг хөөж гаргаад шүүхдсэн. Хотын захиргааныхан дахиж уулзаад “Энэ хүмүүс дураараа юм хийлээ. Улсын төсвөөс бид энд бойлуурын төсөв батлуулчихсан юм” гэсэн. “Хэрэв энэ газар юм барих гэж байгаа бол бид хэн хэнээсээ зөвшөөрөл авах ёстой. Нэг ханаар хиллэж байгаа юм чинь та нар надаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн. Дахиж сууж ярилцаад “Чи байшингаа барь” гэсэн. Би подволдоо бойлуурынх нь өрөө гаргаж өгөхөөр болсон. 2011 оны 9-сарын 11 гэхэд ажилд оруулах ёстой гэсэн. Би байшингаа бүрэн босгоогүй ч бойлуурыг нь ажилд оруулсан. Э. Бат-Үүлийн хамаг ажлыг хөөцөлдөж өгдөг нэг өвгөн байдаг. Тэр л “Чи энэ байрнаасаа гурван өрөөг надад өг. Тэгвэл асуудлыг шийднэ” гэсэн. Би “Үгүй” л гэсэн. Би яахаараа хуруу ч хөдөлгөөгүй хүнд мөнгө өгөх ёстой юм. Тэр өвгөн бүх цахилгаан, ус таслуулсан. Эхлээд шүүхэд өгөхдөө талбай томсгосон гэх мэтээр яриагүй юм байхгүй. Хамгийн сүүлд “Эднийх энд газийн бойлуур барьчихсан дэлбэрэх гээд байна” гэсэн. Бүтэн жил шүүхээр яваад мэргэжлийн хяналтынхан “Газийн бойлуур байхгүй байна” гэсэн. Шүүх хуралдаа ирэхгүй ахиад нэг жил болсон. Ингээд гурван жил авч байна. Нийслэлийн шүүх хурал манай талд гарсан л даа. Би энд гоё төсөл хэрэгжүүлэх гэж байсан. Хотын төвд дөчөөд айлын орон сууц бариад, яг хажуу талын нурах гэж байгаа орон сууцны айлуудыг шилжүүлж оруулаад, хуучныг нь буулгаад 16 давхар бариад буцаж оруулахаар бодсон юм. Тэр айлууд хүүхдийн цэцэрлэг, сургууль, ажлаасаа холдохгүй байж байгаад байшиндаа орчихно. Ийм юм хийе гэж бодож байсан. Тэгээд тэр төслийг зогсоосон. Тэгэхэд банкнаас авсан таван сая долларын зээл одоо болтол надад тээр болоод л явж байна. Тэр барилга дуусаагүй. Тэгсэн мөртлөө би банкны хүү төлөөд байдаг. Энэ хүмүүс бизнест ямар хор учруулж байна вэ. Хэрэв би тэрнээс өөр өмчгүй байсан бол өдийд шоронд орчихсон байгаа. Гараараа юм хийж үзээгүй хүмүүсийн харгай. Ингэж саад болоогүй байсан бол хямралаас өмнө байшин бариад, хэдэн ч хүн орон сууцанд орчих байлаа. Би гол анхаарлаа газар тариалан, мал аж ахуйдаа тавиад бусад юмандаа оролцож чадахгүй байгаа л даа.

-Сая Засгийн газрын нэг шийдвэр гарсан. Гацууртын ордод төр хувь эзэмшинэ гээд?

-Нэр нь манайх ч хамаа байхгүй. Орд нь манайх байж байгаад ерэн хэдэн онд Канадын компанид лицензээ шилжүүлээд өгчихсөн. Орд олох юм бол хүдрийг нь зөөх л гэрээтэй. Тэр үед үндсэн орд толгойд багтдаггүй байлаа шүү дээ. Бид чадахгүй гэж бодоод лицензээ өгчихсөн. Тэгэхэд эд нар ордыг нь хайгаад олчихсон л доо. Бид энд үндсэн орд байгаа гэж баараггүй мэдэж байсан хэрнээ лицензээ өгчихсөн.

-Хүдрийг нь зөөх тийм ашигтай юм уу?

-Тэр орд 10 жил ажиллавал би арван жил ажилтай байна л гэсэн үг.

Газар тариалангаас бусад бүх юман дээр зардал нэмэх нь ашигтай байдаг.

-Та алтны бизнес эрхэлдэг хүн хэр алтан эдлэлтэй вэ?

-Би бөгж ч, цаг ч зүүдэггүй.

-Та алтнаас олсон мөнгөө газарт хийгээд байдаг юм уу?

-Манайх алт байхгүй. Урт нэртэй хуулиар бүгдийг нь хураагаад авчихсан. Урт нэртэй хууль явж явж тодорхой хэдэн хүнд зориулж хийсэн хууль. Хураагдсан лицензийн арван хувь нь манайх. Бусад нь хугацаа нь дууссан, хэнд ч хэрэггүй болсон лицензүүд. Яг үйлдвэрлэл явуулаад ид ажиллаж байхад манай лицензүүд хураагдсан. Цаг нь болсон бол тэр л биз гээд нэг их юм ярилгүй хураалгасан. Хүмүүс намайг алтнаас олсон мөнгөө газар тариалан руу хийлээ гэж боддог. Миний олборлосон алтнаас 10-20 дахин олборлосон компани зөндөө. Тэр мөнгө хаачсан, юу болсон. Би бол тийм биш. Над шиг банкны өндөр зээлтэй хүн магадгүй байхгүй. Алтнаас ажиллаж байх үедээ ашиг олсон уу олсон. Тэр үедээ давуу тал байсан. Тоног төхөөрөмж илүү байсан, техникийн мэдлэгийн давуу тал бий. Гадны хүмүүсийн итгэлийг дааж байсны үр ашиг гарсан. Ирж тусалсан гадны хүмүүс хэрэглэж байсан хямд тоног төхөөрөмж олж өгч байлаа. Хамгийн том эх үүсвэр ганзагаас олсон мөнгө. Би ганзагаас олсон мөнгөө зөв байршуулж чадсан гэж л боддог. Хүмүүст зээлүүлж тухайн үед банкны орлогоос илүү мөнгө хүүгээрээ олдог байсан. Уурхай байгаагүй бол байсан хэдээ газар тариаланд хийгээд зогсох байсан. Банкууд хөдөө аж ахуйн компанид зээл өгдөггүй. Уурхай байсан болохоор л бид зээл авч байсан юм. Одоо бид өөрсдөө өөрсдийнхөө амийг тээх гэж амь тэмцэн явж байна.

-Монголын баяуудыг жагсаасан чинь та дээгүүр орсон харагдсан?

-Худлаа худлаа. Миний мэдэхийн надаас илүү мөнгөтэй ч бичигдээгүй зөндөө улсууд байна. Ихэнх нь улстөрийнхөн эзлэх байх. Яг бизнес эрхэлж байгаа улсууд дандаа л өр зээлтэй байгаа шүү дээ.

Б.Янжмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр Солонгосын иргэн болсон уу?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д суурьшаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр эрүүл мэндийн шалт­гааны улмаас тус улсад эмч­лүүлж байгаа гэх мэдээлэл бий. Харин түүнийг БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, гэр бүлийнхээ хамт тэндэхийн иргэн болсон талаар үндэсний өдөр тутмынх нь хэвлэлүүд мэдээл­жээ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Солонгосын иргэн болох хүсэлт тавиад байсныг нь хүлээн авлаа гэж бичиж байна.

“ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙСАН ХҮН УЛС ТӨРИЙН ОРОГНОЛ ХҮСЧ БАЙГАА НЬ АНХНЫ ТОХИОЛДОЛ”

Солонгосын үндэсний өдөр тутмын хэвлэл болох “Жунганг Илбу” сонины өчигд­рийн буюу даваа гаригийн дугаарт “Төрийн тэргүүн манай улсаас орогнол хүсчээ” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгд­сэн байна. Уг нийтлэлд “Мон­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, бурхны үнэнч шавь Намбарын Энхбаяр, Ерөнхийлөгчийн алба хашиж байх үедээ манай улстай онцгой найрамдалт харилцааг хадгалж ирсэн бөгөөд саяхан БНСУ-д орогнохоор боллоо. Н.Энхбаяр нь 2012 оны Ерөн­хийлөгч байх үедээ улсын өмчийг гэр бүлийн өмчдөө шилжүүлсэн хэргээр хоёр жил зургаан сарын ял авч байсан юм. Гэвч эрүүл мэндийн шалт­гаанаар өнгөрсөн оны наймдугаар сард өршөөлөөр сул­лагдсан. Үүний дараахнаас Солонгос улсад оршин сууж эмчлүүлж байсан юм. Тэгвэл Н.Энхбаяр нь саяхан гэр бүлийн хамтаар тус улсын иргэншлийг авлаа. Монгол Улсын хэвлэлүүд түүнийг дахин баривчлагдахаас зайлс­хийж, БНСУ-д орогнолоо хэмээн дүгнэж байгаа юм байна” гэжээ.

Мөн Солонгосын “Өглөөний сонин”-д “Энхбаяр Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч саяхан манай улсад орогнох болсон гэж мэдээлж байна. Гадаадын улс төрийн хэрэгтэн(дайсан) Солонгос улсад орогнож байгаа нь анхных юм. Энхбаяр нь 2005-2009 он хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тэр үедээ төрийн өмчийг (үйлдвэр болон зочид буудал) зэргийг гэр бүлийн өмч болгосон хэргээр баривчлагдсаны дараа өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлд багтсан юм. Энхбаяр нь энэ оноос эхлэн БНСУ-д эмчилгээ хийлгэж, гадаадтай харилцаа холбоотой байсан, гэр бүлийн хамт саяхан БНСУ-д оршин тогтнох болсон байна” гэжээ. Энэ тухай мэдээлэл өчигдөр Солонгосын бүхий л өдөр тутмын хэвлэлүүд хийгээд телевизүүдийн өглөөний нэвтрүүлгээр цацагдлаа.

МАХН-ЫНХАН БНСУ-ЫН ЭСЯ-НД ХАНДЛАА

Н.Энхбаярыг БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, гэр бүлийнхээ хамт тус улсын иргэн болсон талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан МАХН-аас өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тэд Солонгосын хэвлэлүүдээр гар­сан мэдээллийг эрс ня­цаалаа. Улмаар ташаа мэ­дээлэл гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандаж, тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Энэхүү мэдээлэл ор үндэсгүй тухай, өөрийнх нь баттай эх сурвалжаас авалгүйгээр хэвлэлээр гарсан мэдээллийг засаж залруулах асуудлаар анхаарал хандуулахыг хүс­сэн. Улмаар уг мэдээллийн цаад эх сурвалжийг тодруу­лаад албан хариу өгөхийг шаарджээ. МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Н.Энхбаяр дарга намаа удир­даж байгаа. Бид са­нал бодлоо солилцож, на­мын үйл ажиллагаагаа танилцуулж байгаа” гэв. Тэрбээр өчигдөр өглөө намын даргатайгаа холбогджээ. Солонгосын хэвлэлд гарсан мэдээллийг Н.Энхбаяр үгүйсгэж, ард түмэнд үнэн зөв ойлголт өгөхийг намын удирдлагууддаа захижээ. Ингэхдээ “Ийм зүйл огт байхгүй. Би Монголдоо очих юмсан. Монголчуудтайгаа уулзаж, Монголынхоо сэрүүн агаарт биеэ тэнхрүүлэхийг хүсч байна. Энэ мэдээлэл бол гүтгэлэг. Миний нэр төрд халдсан явдал. Солонгосын сайтуудад бичсэнчлэн улс төрийн орогнол хүссэн, өөр бусад аргаар Солонгос улсад үлдэх гэсэн ямар нэгэн санаа зорилго хүсэл байхгүй” гэж хэлсэн байна. Ер нь Н.Энхбаярын ойр дотнынхон хийгээд МАХН-ынхан уг асуудлыг улс төрийн явуулга гэж харж байгаа юм. Тэдэнд уламжилсан эх сурвалжууд “Н.Энхбаяр даргатай хол­боотой мэдээллүүд Монголын улстөрчдөөс гаралтай. Ес­дүгээр сараас эхлэн гарсан” гэжээ. Тиймээс МАХН-ын­хан гүтгэлэг, гүжирдлэгийг зогсоохын төлөө явахаа дуулгалаа.

Н.ЭНХБАЯР ИРГЭНШЛЭЭ СОЛИХ АСУУДЛААР МОНГОЛЫН ТАЛД ХАНДААГҮЙ

БНСУ давхар иргэншил­тэй байхыг хүлээн зөв­шөөр­­­дөггүй аж. Харин 18 хүртэлх насныханд энэ хууль үйлчлэхгүй юм байна. Харин насанд хүрсэн даруйдаа аль нэг иргэншлээ сонгодог байна. Тэгэхээр Н.Энхбаяр Солонгосын иргэн болохын тулд Монгол Улсын иргэншлээсээ татгалзах учиртай. Иргэншлээ солих асуудлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголын талд хандсан эсэхийг Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газраас лавлахад “Н.Энхбаяраас иргэний харьяаллаа өөрчлөх ямар нэгэн хүсэлт ирээгүй. Зарим улс давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн онцгой тохиолдолд буюу тухайлсан хүний давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх тохиолдол байдаг. Тиймээс БНСУ давхар иргэншил хү­лээн зөвшөөрдөггүй байлаа ч онцгой тохиолдолд за­­рим хүнийг давхар иргэн­шилтэй байж болно гэж шийдэхийг үгүйсгэхгүй юм” гэ­лээ. Гэхдээ Монголын тал ч давхар иргэншил хүлээн зөвшөөрдөггүй тул Н.Энхбаяр хоёр улсын давхар иргэншилтэй болох боломж бараг үгүй болохыг албаныхан тайлбарлав.

МАХН-ын дарга Н.Энхбая­рыг улс төрд алба хашиж байх жилүүддээ эрх мэдлээ урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан, хээл хахууль авсан зэрэг хэрэгт бу­руутган шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон би­лээ. Түүнд Ерөнхийлөгч ууч­лал үзүүлснээр эрх чөлөөтэй нэгэн болсон. Тун удалгүй БНСУ-ыг зорьсон юм. Өнгөрсөн зун түүнийг эх орондоо ирэх гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Наадмаар Далай ламтай хамт ирнэ гэх ч мэдээлэл байв. Гэтэл дахиад түүний холбогдсон хэрэг сөхөгдсөн. Ийм тохиолдолд Н.Энхбаяр хэрэв Солонгосоос иргэншил хүссэн байлаа гэхэд хувь хүнийх нь хувьд түүнийг буруутгах аргагүй юм. Хэн ч гэсэн эрх чөлөөтэй байж, нийгэмд ажиллаж амьдрахыг хүснэ. Түүний оронд өөр хэн нэгэн байлаа ч тэнэг хүн л биш бол шоронд орох гээд Монголд ирэхгүй шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэнхэг тусах хэмээх идэхийн төлөө амьдрагсад

Улсаа бар болтол хөг­жүүлсэн ард түмнүүд өөртөө нэгэн сорви үлдээжээ. Тэр сорви ул мөрөө арилгах гэж төдийлөн хичээдэггүй агаад ерөнхийдөө зөнд нь хаясан мэт санагддаг. Япон, Солонгос, Хятад, Орос үндэстнүүд маш их өлсөж амьдардаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд увуу цувуугаар өлсгөлөнгийн проблемээсээ нэн тэргүүнд салж, улс орон нь хөгжин дэвшиж, гэдэс цадсан ч сэтгэл нь цадаагүй хэвээрээ бяцхан дутагдалтай. Ялангуяа манай дорнынхон өөр зуураа “Будаагаа идэж амжсан уу?, будаа олж идэж чадав уу?” ч билүү тийм сул үгнүүд байнга ярьцгаадаг нь бидэнд их анзаарагддаг. Турж үхсэн амьтны сүнс л гэж ийм байдаг байх гэмээр.

Том том дайны хөлд хамгийн их нэрвэгдэж байсан Оросын ард түмний хувьд арга ч үгүй юм даа. Идэж уух юм, түлээ түлшээ мөн ч сайн базаана даа. Харин шавар оромжинд шахалдсан суурин тариачдын зүдүү уламжлалыг бодвол нүүдэлчид идэж уухын төлөө төдий л ач холбогдол өгч байсангүй. Хожим дэлхийн II дайны дараагаас монголчуудын амьдралын чиг хандлага өөрчлөгдөж өвөлд зориулсан идэж уухын их аянд хамрагдацгаасан. Нүүдэлчид өрнө дорно аль алиныг нь дуурайж суурин амьдралд шилжицгээсэн боловч баялаг хурааж хөрөнгөждөг нийгэмтэй учраагүй харамсалтай явдал өнө удаан үргэлжилсэн билээ. Тэгсэн мөртлөө гэм халгүй хүнс тэжээлийн асуудал дээр зориудын хомсдол нүүрлэж түүнийг нь ч олигтой шийдэж чадалгүй олон он жилийг өнгөрөөжээ. Яваандаа нийт ард түмэн зөвхөн идэхийн төлөө амьдарсаар байгаад таардаг боллоо. Одоо ч олон хүний сэтгэхүйд “Мөр бүтэн гэдэс цатгалан” бол болоо гэх хандлага байсаар л байна. Саяхан болтол ихэд өлсөж явсан хангуг хүмүүс тэр бяцхан хонхроосоо бялууртлаа хүнсээр хангах асуудлыг дор нь шийдээд цаашид нийт ард түмэн нь зөвхөн идэхийн төлөө биш хөгжлийн дараагийн алхамдаа орцгоосон. Эртээ урьдын мартагдаад буй хаа нэг их бага хэмжээгээр өвлөгдөн үлдсэн хамтдаа хооллох, идэж уух сэдэл нь өнөөдөр хөгжлөө дагаад эрүүл мэнд эмчилгээний чиг зорилготой, үгүй ядаж тансаг зоог сонирхох гэж л ресторанд очдог болжээ. Тэгвэл угийн ходоод хоосон зовлонгоосоо эрт ангижирсан өрнийнхөн, барууныхан хэзээний баян хоосонгүй өлөв долов хийхээ больж алив зочинтойгоо “цай ч үгүй царай ч үгүй” харьцаад сурчихсан нь олон юман дээр анзаарагддаг. Аяга кофе өмнөө барьчихаад өчнөөн жил уулзаагүй нөхөртэйгээ юм яриад суугаад байдаг кинонууд бишгүй үзсэн. Манайхан болохоор “Алив хоол цай, хонь гарга, ид уу, амьтан муу хэлнэ…” гээд эхэлдэг. Нийгэм улс төрийн бухимдал уур хилэнг намжаахын тулд төр засаг ард түмнээ тайтгаруулахын тулд байсгээд л баяр ой тэмдэглэж, гурил будаа, шөлний хонь бэлэглэцгээдэг. Монгол ёс заншилд хүүхэд хооллох, насанд хүрэгсдэд зориулан хүлээн авалт зохиохоор нийтээр ихэд баярладаг ба том буянд тооцогддог. Хожим хариуд нь ходоодоороо сонгуулийн санал хураалтанд оролцож ямааны хорхог үнэгүй идүүлсэн хүний төлөө саналаа өгцгөөх нь энүүхэнд аж.

1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үе үнэндээ хэсэгхэн хугацаанд үргэлжилсэн юм. Жил гарангийн турш улсын дэлгүүрт давснаас өөр хүнсний бараа үзэгдэхээ болиход олон хүн сэтгэл санаагаар унаж, уур хилэн нь бадарцгаасан. Харин түүнээс ч ноцтой сургууль соёл, үйлдвэр үйлчилгээний байгууллагууд дампууран хаалгаа барихад ашгүй ажил хий гэж зовоохоо болилоо гээд баярлалдсан гээч. Өнөө цагийн эрх баригчид, улс төрчид сайн нэр зүүх аргаа амархан олцгоосон. Тэр нь ердөө л хэн илүү их ууж идэх асуудал дээр санаа тавьсан, бодлого боловсруулсан нь хожиж байна. “Буян”-гийн Жагаа “Бүсээ чангалаад ажил хий” гэж хэлээд сонгуульд нарим ялагдаж байхад Гүндалай анх бие дааж нэр дэвшиж байх үедээ нэг сарын турш тогоо дүүрэн хоол чанаж орж ирсэн болгонд үнэгүй аяглаж өгсөөр байгаад ардчилсан хүчнээс ганцаараа ялчихаж билээ.

Хөдөлмөрчид цалин мөнгөө шаардан ажил хаях, жагсаал цуглаан зохиоход төдийлөн цочрохгүй. Харин хоолноос татгалзаж өлсгөлөн зарлалаа гэвэл сандралдаад явчихна. Улс орны стратеги, аюулгүй байдал, хөгжлийн олон тулгамдсан асуудлуудыг бүхэлд нь тоймлоод ажиглаад байхад нэн тэргүүнд мах, сүү, гурил будаа, чихэр жимсэнд хамаг анхаарлаа хандуулцгаадаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Хүмүүсийг жаахан өлсөөгөөд ажил хийлгэж, сургалт боловсролд дайчлах юм бол хоолтой газар бараадаад гэр орноо, эх орноо ч хаяж мэднэ шүү.

Орон сууц, засмал зам, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйг дараагийн ээлжинд орхиод давын өмнө мал аж ахуй, газар тариаланг бүх л улс төрийн хүчнүүд хөхиүлэн дэмжиж өндөр оноо авцгаалаа. Залгуулаад сургуулийн хүүхдүүдэд үдийн цай үнэгүй өгч баярлуулав. Эрээнээс төрөл бүрийн эрүүл эсэх нь чухал биш хүнснүүдийг зөөн цутган цатгаж өгсөн чинь дэлгүүрүүд идэх юмаар дүүрч бялхаад, шил шилээ дарсан гуанз цайны газрууд нээгдэн тоогоо алдав.

Африкийн хэд хэдэн оронд дандаа л тохиолддог тэр өлсгөлөн гээч юм манай эх орон хийгээд бидний эргэн тойронд сэтгэл зовоохоор хурц асуудал биш баймаар л харагддаг. Өнөөдөр яаж турахав, жингээ барьчих арга юу байна гэсэн шинэ проблем нийгмийн бүх л давхаргынханд хамаатай болчихлоо. Одоо идэж ууж ханасан бол цаашдаа хамаг олсон ашиг орлогоо хоолонд зарцуулдгаа багасмаар байгаа юм. Монгол үндэстэн намхан нуруутай, навтгар хамартай атлаа маш их таргалсан, гүзээ ихтэй болцгоожээ. Хот хөдөөгүй тааралдах таних танихгүй хүн бүр эр эмгүй лухайн бүдүүрснийг хэн ч хараад нөгөө ядуурал чинь тэгээд хаана байгаа юм гэж асуух дээрээ тулаад байна. Цайллага баяр ёслолгүй өдөр гэж байхаа больж ширээ дүүрэн салат, бууз, айраг, архи пивоор өдөржин нэгнийгээ шахаж бордон тэрнийгээ жаргаж байна гэж тун айхтар эндүүрцгээх юм даа. Энүүхэн зуур хотоос гараад Тэрэлж орчим ороод салхинд гараад ирэхийн хооронд түрүүвчинд байгаа мөнгөнийхөө ихэнхийг замдаа хүнсний дэлгүүрээс идэх юм хиам аваад дуусгачихаж байгаа юм. Тэгээд зорьж очсон газар дээрээ ирэнгүүтээ хоолоо бэлдээд, хоолоо идэх гэсээр байтал өдөр өнгөрч буцах болчихож. За тэр архи дарсыг бол энэ удаа ярилгүй өнжөөд байгаа ш дээ. Ингэхэд бид яах гэж юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохоо байх нь.

Монгол Улсыг хөгжүүлэх нэн тулгамдсан ажил төрөл гэж юу байна гэвэл төр засаг, олон нийт бүх нийтээрээ Өмнөговь явцгааж Оюутолгой, Таван толгой дээрээ очицгоон, төмөр болон засмал замаа бушуухан барих, эрчим хүч газрын тосоо үйлдвэрлэх, зэс, төмрөөс баяжуулсан боловсруулсан бүтээгдэхүүн гаргах, эдгээртэй хамаатай төрөл бүрийн дадлага туршлага, сургалтууд л ид өрнөж баймаар юм. Мах, гурил, төмс гурваа бэлдэж байгаа нь энэ гээд улс орон даяар аль өнгөрсөн хоёр гуравдугаар сараас эхлэн дуулиан татуулан одоо төдөн хувьтай, цавуулаг нь, цаг агаар нь, ингэчихлээ гээд бусдад огт хамаагүй дэмий юм ярьцгаагаад хөдөөгүүр тэнээд ажил хийдэг албан тушаалтан олдохоо байлаа. Цаад эцсийн зорилго нь жижигхээн ашиг сонирхол, шалихгүй улс төр л яваа. Ургацын далай, мал өвөлжилт хэмээн шоудацгааж буй нь Хотол олныг доромжилж идэхийн төлөө амьдарч байгаа мэт харагдуулж байна. Орчин цагийн хүний идэж уудаг хүнс тэжээлээ улс орнууд тоотой хэдхэн фермер компанидаа даатгаад орхичихсон харагддаг. Бусад уламжлалт мал аж ахуй, газар тариалан, ан агнуур, шувуу галууны тухайд бол тухайн үндэстний хобби, урлаг жуулчлалын чиглэлээр хөгжүүлдэг болохоос бидэн шиг амь амьдрал нь ч биш юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Равдандорж: Монголын Ардчилсан Холбоо фракц албан ёсоор шинээр байгуулагдлаа

Ардчилсан намын Үндэс­ний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандоржтой ярилцлаа.

Саяхан интернет сайтад Ш.Түвдэндорж та хоёрыг МоАХ-ноос гаргалаа гэсэн мэдээлэл байна. Гэтэл ардчиллын тогоонд өдий удаан чанагдаж явж ирсэн анхны хэдэн мундаг залуучуудын нэг нь та байжээ. Энэ ардчиллын тогоонд чанагдсан тухайгаа сөхөөд ярилцъя?

-Саяхан МоАХ хуралдсан. Энэ хуралдаанаараа хэд хэдэн асуудал авч хэлэлцсэн. Удирдах зөвлөлийн гишүүний хувиар надад хуралтай гэж хэлээгүй. Дараа нь Ардчилал сонин, сайтуудаас мэдээлэл авсан. Энэ хурлаар 3-4 асуудал авч хэлэлцсэн юм байна. Тухайлбал нэгдүгээрт ардчилсан намын дотоод нөхцөл байдлын тухай, жишээлбэл үндэсний зөвлөлдөх хороо хуралддаггүй, дотоод ардчилал алга байна гэх мэт. Хоёрдугаарт мөн МоАХ-ны удирдлагын буруугаас болж МоАХ-ны үйл ажиллагаа буруу явж байна. Удирдлагаас болоод МоАХ ажиллахгүй байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байна. Гуравдугаарт Засгийн газрын үйл ажиллагаанд өөрчлөлт орвол ямар хүмүүсээ сайд болгох тухай асуудлыг ярьсан байна. Дөрөвдүгээрт одоо Ардчилсан хувьсгалын анхдагч партизануудын тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудлыг тус тус ярилцсан байна. Ийм дөрвөн чухал асуудлыг авч хэлэлцжээ гэж би ойлгосон. Тэгээд МоАХ-ны удирдлаганд ажиллаж байсан гүйцэтгэх захирал Ш.Түвдэндорж, орон нутаг, дүүрэг хариуцсан миний биеийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Одоо та тэгэхээр энэ ажлыг хийхгүй байгаа гэсэн үг үү?

-Хийхгүй байгаа. Гэхдээ энэ бол чөлөөлөгдөх асуудлыг би хувь хүний хувьд тоохгүй. Яагаад гэвэл би улс төрд 25 жил чанагдлаа. Түрүүн өөрөө хэллээ анхдагчдын нэг гэж хэллээ. Би Ардчилсан хувьсгалд оролцоод залуу насаа энэ үйл хэрэгт зориулсан. Тэгэхээр одоо манай байрыг Ардчиллын ордон гэж хүмүүс яриад байдаг гэтэл энэ бол ардчиллын ордон биш. Ардчиллын ордон бол одоо баригдах гээд байж байна. Энэ байрыг МоАХ-ны цагаан байшин гэж нэрлэдэг. Энэ цагаан байшинд би 22 жил амьдарсан. Энэ цагаан байшинд амьдраад хамаг залуу насаа өнгөрөөгөөд улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүх зүйлээ зориулсан гэсэн үг. Ажлаас халагдах зүйл хаана ч байна. Энэ тал дээр бодож санаад байх зүйл огт байхгүй. Миний хувьд МоАХ-г хэзээ ч муулахгүй. Муулах үндэслэл байхгүй. МоАХ бол монголын ард түмэнд их зүйлийг хийсэн. Аугаа их зүйлийг хийсэн. Монголын хойч үе ч үүнийг дурсана. Учир нь юундаа байна гэхээр энэ хурлаар 4 асуудал хэлэлцсэн байна. Эдгээр ньбүгдээрээ шүүмжлэл дагуулсан асуудлууд байсан. Энэ хэлэлцсэн асуудлыг буруу гэж шүүмжлэх гээд байна. Юу нь буруу вэ. Тэгэхээр Ардчилсан холбоо гэдэг байгууллага бол дүрмээрээ төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй. Монгол Улсын хуулиар улс төрийн үйл ажиллагааг улс төрийн намууд явуулна. Төрийн болон төрийн бус байгууллагын хууль гэж байдаг энэ дагуу ажиллах ёстой. Тэгэхээр шууд намын асуудал яриад намын дотоод ардчилал муу байна гээд ярьсан байна. Гэтэл манай Ардчилсан нам бол дотоод ардчилал хамгийн өндөр хөгжсөн нам. Тэгэхээр намын асуудлыг нэг төрийн бус байгууллага яриад байж болохгүй. Тэгэхээр би юу яриад байна вэ гэхээр МоАХ одоо өөрчлөгдөх ёстой. МоАХ-ны анхны үүрэг зорилго бүгд биелсэн. Шашин шүтэх эрх чөлөөтэй болсон, олон намын системтэй болсон, олон банкны систем гээд бүгд биелсэн. Эдгээр нь 1992 оны Үндсэн хуулиар бүгд баталгаажсан. Гэтэл МоАХ анхныхаа зорилгоосоо хөндийрчээ гэдэг ч юм уу, анхны зорилго биелээгүй гэдэг зүйлийг огт ярьж болохгүй. Харин МоАХ-ны бодлого, удирдлага нэг хүний гарт төвлөрч байгаа нь буруу.

Энэ хурлаар МоАХ-ны ахмадуудын нийгмийн асуудлын талаар, дараагийн сайд нарын томилгоо гэх мэт асуудлыг ярилцсан байна. Тэгэхээр МоАХ Ардчилсан намд төлөөлөгч байгууллага юм уу? Тэгэхээр нэг үндэстэй хэрнээ тусдаа статустай хоёр байгууллага баймаар санагдаад байна. Нэг нь холбоо гээд төрийн бус байгууллага баймаар нөгөө нь Монголын АН гэж баймаар юм шиг. Холбоо, намд нөлөөлөх нөлөөлөл нь хэр байдаг юм бэ?Ер нь МоАХ-ны үйл ажиллагаа сүүлийн үед ямар байдлаар явагдаж байна вэ?

-Нэгдүгээрт МоАХ-ны үйл ажиллагаа, хоёрдугаарт ЗГ-ын бүтцийн өөрчлөлтөөр сайд нараа оруулах талаар ярьсан байна. Одоо бол тэгж сандал суудал ярьдаг цаг биш. Одоо бол бидажиллах хэрэгтэй. Тэгж байж бид 2016 оны сонгуульд оролцоно. Тэгэхээр ард түмэн юу хийж байгааг мэднэ. Энэ Улаанбаатар хотын жишээ байна шүү дээ. Энэ мэтчилэнгээр юмаа хийх хэрэгтэй. Тэгж бужигнаж самуурч элдэв бус болох шаардлага байхгүй. Тэгэхээр удирдлагын буруутай үйл ажиллагаа байхгүй юу. Би өнгөрсөн 7 сард МоАХ-ны ерөнхий чуулганыг хуралдуулъя гээд мэдэгдэл гаргасан.Мэдэгдлээ аймаг дүүргийнхээ Ардчилсан холбооны дарга нар, удирдах зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн.Тэгээд эдгээр хүмүүс дотроос нэг, хоёр нөхөр “Ж.Равдандорж МоАХ-г тараан бутаргаж, хуваах гэж байна” гэж ярьсан байна. Энэ бол ил тод асуудал. Аливаа ажил хийхэд зөрөлдөөн гарна, хүмүүс үзэл бодлын зөрүүтэй байдаг. Тэгж хагалган бутаргалаа гэдэг шалтгаанаар чөлөөлсөн юм байна гэж би ойлгосон. Манай удирдах зөвлөлийн гишүүд МоАХ дангаараа нэг хүний байгууллага болсныг ойлгох хэрэгтэй.

МоАХ хэр баян байгууллага вэ?

-За асуудал баяндаа биш. Тэгэхээр тэр асуудлыг УИХ-д өргөн барина гэсэн байна. Ерөнхийлөгч, ЗГ-т тавиад шийдвэрлүүлж чадаагүй гээд улс төр оруулаад ийм асуудлыг тавьсан байна. Би бол анхдагчдын нэг. Энэ тэтгэвэр тэтгэмж ярих юм бол өөрөө өөрсдийгөө дэвшүүлж өөрсдийгөө шагнаж болохгүй. Би Ардчилсан холбооны анхдагч партизануудад байр өгөхийнэсрэг асуудлыг яриагүй зүгээр процессыг ярьж байна. Тэрийг төр засаг мэдэж байгаа. Төр засаг өгдөг өмнө нь ардын хувьсгалын партизануудад гээд өгч л байсан. Ингэж улс төржүүлж болохгүй. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл МоАХ-ны бодлого алдагджээ. 3-р Их хурал гэж шоу хийсэн. Церемони маягийн сүртэй ёслолын ажиллагаатай хурал болсон. Яг ажил хэрэг ч хурал хийгдээгүй. МоАХ-ны дарга хууль ёсны дарга мөн үү асуудал ингэж тавигдана. МоАХ-ны дүрмэнд “МоАХ-ны даргыг 4 жилийн хугацаатай сонгодог. Нэг удаа улиран сонгогдож болно” гэж заасан байдаг. Мөн дүрмээрээ МоАХ-ны чуулганыг 3 жилд нэг удаа зарлан хуралдуулах ёстой.

За энэ даргын сонгууль явагдсан уу?

-Нэг ч явагдаагүй. МоАХ-ны Ерөнхий чуулган нэг ч хуралдаагүй. МоАХ-ны даргын сонгууль 2006 оноос хойш нэг ч удаа явагдаагүй.

МоАХ-г хэн санхүүжүүлж байна вэ?

-МоАХ-ны дарга Х.Баттулга санхүүжүүлдэг.

За тэгэхээр ард түмний эрх ашгийн байгууллага биш МоАХ-г хэн нэгэн мөнгөтэй хүн толгойлоод явж байгаа юм шиг санагдаад байна?

-Хүнд тэгж харагдаж болно. Гэхдээ хийсэн юм бол бий л дээ. Бодлого хийсэн юм хоёр бол өөр. Тэгэхээр тэгж шоудаж болохгүй гэж хэлэх гээд байна. МоАХ фракцыг МоАХ-ны дарга толгойлох ёстой юу. Ийм учраас би өнөөдөр олон нийтэд улс төрчдөд хандаж МоАХ фракцыг өөрчлөн байгуулж байгааг зарлаж байна. МоАХ фракцыг албан ёсоор өөрчлөн байгуулна.Үйл ажиллагаа нь явагдаж байгаа. АН-ын ҮЗХ, УИХ-ын түвшинд энэ үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр МоАХ-ны дарга Х.Баттулга МоАХ фракцыг хянаж чадахаа больсон. МоАХ фракц гэж одоо байгаа юм уу бүү мэд хэдэн тийшээ тараад алга болсон.

Одоо МоАХ фракцыг шинэчлэн байгуулахын зорилго юу вэ?

-Шинэчлэн байгуулах нь МоАХ фракцыг шинэчлэн зорилго бол бодлогыг өөрчлөе. Бүгдээрээ нийлж хуралддаг болъё. Түүнээс нэг хүн орж ирээд нэг юм тулгаад яриад баймааргүй байна. Тийм учраас одоо МоАХ фракц гэж одоо байхгүй. Тийм учраас МоАХ фракцыг шинээр зохион байгуулна. Ийм учраас МоАХ фракцыг бодлого, зохион байгуулалтын хувьд албан ёсны болгож байгаа. Энэ бол улс төрийн нэлээд чухал мэдэгдэл. Тэгэхээр би МоАХ-г муулмааргүй байна. Муулах зүйл МоАХ-нд байхгүй. Энэ үйл хэргийн төлөө үхэхээс бусдыг хийсэн байхгүй юу.

Энэ бол аргагүй МоАХ-нд сэтгэл зүрхээ өгч явсан хүний сайхан үг байна.

-Би энэ үйл хэргээс гарна гэж байхгүй. МоАХ-ноос гарна гэж байхгүй. Энэ бол надтай хамт өнгөрөх зүйл. Энэ бол цус гарахгүй хувьсгал хийсэн гэж ярьдаг. Тийм биш. Энд аягүй олон хүн үхсэн. Энэ зүйлийг чинь даадаг хүн байна даадаггүй хүн байна. Энэ их амьдралын нугачаа, дарамт байна. Гэхдээ л үзэл бодолдоо үнэнч байгаа. Одоо энэ 25 жилийн хугацаанд Монголын ардчиллын төлөө бат зогссон хүмүүс бол МоАХ-ныхон. Зогсох зогсохдоо маш хатуу зогссон. Үзэл санаагаа худалдана гэж байхгүй. Тийм учраас нэг өрөө байр гээд л дээрээс нь янз бүрийн асуудал болгоод улс төржүүлж болохгүй. Би үндсэндээ хоёр асуудал дэвшүүлж байна. Нэгдүгээрт МоАХ-г улс төржүүлж болохгүй. МоАХ-г нам болох юм гэнээ гэж их яригдаж байна. Бидэнд мэдэгдэхгүй юм яригдаад байна. Бас олны үг ортой гэдэг. Тэгвэл худлаа шүү гэдгийг үзүүлмээр байна шүү дээ. МоАХ нам гэж байхгүй. Энэ сайхан байгууллагыг дүрмээр нь явуулмаар байна. Тэр дүрмэнд юу хийх ёстойг жагсаасан байгаа. Одоо гэтэл МоАХ удирдлагаа дагаад хуваагдаж байна. Тэгэхээр МоАХ-ны анхан болон дунд шатны байгууллагууд бодох хэрэгтэй. Олон асуудал байгаа. Энэ бүгдийг ярья гэсэн юм. Тэгэхээр нэгдүгээрт МоАХ-г улс төржүүлж болохгүй. Хоёрдугаарт МоАХ фракцыг шинээр өөрчлөн байгуулагдсаныг албан ёсоор зарлаж байна.

Шинээр өөрчлөгдөн байгуулагдаж байгаа фракцад ямар хүмүүс нэгдэж байгаа вэ?

-Ихэнхи нь манай хуучны гишүүд. Ер нь бол дэлхийн жишигт том намууд фракцтай байдаг. Энэ фракцын асуудал бол Эртний Ромын үеэс үүдэлтэй. Анхны МоАНамын үед фракцтай байсан. 81-ийн бүлэг гэж байсан. Мөн 1992 онд МоАХ нам болох гэж байна гээд 77-гийн бүлэг гарч байсан гээд олон асуудал бий. Тэгээд улс төр үргэлжлээд байна. Монгол Улсыг удирдах ажлыг намаар дамжуулж хэрэгжүүлдэг хуультай. Тэр хуулийн дагуу л явж байгаа.

МоАХ-ны нэг хэсэг хүмүүс шинэ юм хийх гээд тэнд бас нэг улсууд нэг өөр юм бодоод яваад байна. Энэ байдлыг дотоод ардчилал гэж ойлгох уу, эсвэл хагарал хуваагдал гэж ойлгох уу? Та өнөөдөр шинэ фракц зарлаж байна?

-Энэ асуудлыг бол ингэж ойлгох хэрэгтэй. Энэ бол хуваагдал биш. МоАХ хэзээ ч хуваагддаггүй. Зөндөө муудалцах асуудал гарна. Эцсийн эцэст нэг хэргийн төлөө нэгддэг. Ардчилсан нам ч бас адилхан. Тэгэхээр фракц байвал байсан шиг байх ёстой. Би бол ҮЗХ-ны гишүүн учраас улс төрөө ярина. МоАХ-ны хувьд бол тийм хуваагдал байж болохгүй.

Та ер нь 7-р сард ямар шаардлага тавьсан юм бэ?

-Энд олон зүйл байна. Өнөөдөр МоАХ-ны үйл ажиллагаа яаж явагдаад байгаа юм бэ? Тэр удирдаж байгаа хүн албан ёсны хүн мөн юм уу? Сонгууль байна уу? МоАХ-ны дүрэм журмаараа явсан байна уу? Бодлого нь яаж явсан байна вэ гээд олон асуудал байна. Нэг хүний бодлого явж байна уу. Өөрөө дээр санхүүжилт гээж асууж байсан. Үнэхээр энэ хүн МоАХ-г санхүүжүүлж байгаа. Тэгэхээр нэг хүний санхүүжилтээр ингээд цаашид явах юм уу? Дүрмэнд юу гэж заасан юм бэ? Тэгэхээр бүр нарийн асуудлыг бол би МоАХ-ны хурал дээр ярина. Энд бол хамаагүй элдэв зүйл яриад хэрэггүй. Ярих юм их олон байна.

МоАХ-ны шинэ фракц үүсгэн байгуулагдсан юм байна. Энэ фракц нэлээд хүчтэй фракц болж байгаа юм гэсэн сэтгэгдэл төрлөө. Та тэгэхээр энэ шинэ фракц гараад иртэл Х.Баттулга дарга тэнд МоАХ-ны дарга гээд байж байгаа. Санхүүжилтийг баринаа гэдэг бол тэр хүн өөрийнхөө үзэл бодлыг тулгана эрх ашгийг нийцүүлнэ. Өөрийн карьерт ашиглах хэмжээнд хүрнэ. Тэгэхээр энэ асуудлаас урьдчилан сэргийлж энэ зүйлийг зохион байгуулж байна уу, үүсчихсэн учраас зохион байгуулж байна уу?

-Энд бүгдийг хийж байна. Бүгдийг та хамруулж ярилаа. Яг үнэнийг хэлэхэд Х.Баттулга дарга МоАХ-ны нэрээр Монгол Улсын төрийн сайдыг хоёр удаа хашлаа. Тэгээд сайдын суудлыг хаяад явж болохгүй. Яагаад гэвэл ЗГ-т орно гэдэг чинь тэнд бодлого явж байна. ЗГ-ын гишүүн болно гэдэг том бодлого, хариуцлага. Хөлөг онгоцны ахмад хөлөг онгоцоо хаяад явж болохгүй биздээ. Арынхан хүмүүс бүгд үхнэ биз дээ. Ялгаа байхгүй хариуцлагаас мултарч байгаа биз дээ. Тэгээд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо, Зам тээврийн яам энэ бүх бодлого хаашаа явах вэ? Хаашаа явсан нь бүү мэд. Өнөөдөр Х.Баттулга даргын нэг ярилцлагыг уншсан чинь Соёл, спорт, аялал жуулчлалын яам гарч ирсэн чинь спорт баларлаа гэж бичсэн байна. Энэ мэтчилэнгээр янз бүрийн зүйл ярих бол ярьдаг газар гэж байгаа. Бид нар чөлөөтэй бие биенээ шүүмжилдэг. Эмзэглэх зүйл огт байхгүй.

Эндээс хараад байхад танд гомдол,зангирал, бухимдал гурав давхцаад байх шиг?

-За гомдоод байх юм байхгүй. Гомддог нас ч биш. Энэ бол улс төр. Улс төрд бол их юм үзнэ. Унана босно. Бид бол улс төрийн тогоонд чанагдаад шарагдаад мулзраад дууссан хүмүүс. Бүх насаараа шүү дээ. Би МоАХ-нд гомдоогүй. Би бол МоАХ-ны байдал ямар байгааг хэллээ. Тэгэхээр гишүүддээ хандаж хэлэхэд МоАХ-гоо хараа. Жирийн гишүүд дүрмээ сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ хуралдмаар байна.

Та ардчиллын талаар нэг ч муу үг хэлсэнгүй. Би ардчилсан намын олон гишүүнтэй уулзаж байсан. Анх удаагаа МоАХ-г нэг үгээр ч муулахгүй, ардчиллын талаар нэг ч муу юм ярихгүй гээд сууж байсан хүнийг үзсэнгүй. Ёстой зүрх сэтгэлээ өгнө гэдэг энэ байх даа. Сүүлчийн нэг минутыг танд үлдээе. Бүхий л амьдралаа нэг зүйлд зориулсан тэгээд цаашдаа тэмцэнэ гээд сууж байгааг харж байна?

-Цаашдаа тэмцэнэ. Бид чинь бол санасан бодсон үзэл бодолдоо тууштай байдаг. Энэ асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан. Одоо буцаад соцаилизм руу орно гэвэл хүмүүс яах бол. Тэгэхээр ийм их юм бүтээсэн байж нэгнийгээ муулаад байх хэрэггүй. Гэхдээ бол бүх юм цэгцэртэл өчнөөн хугацаа хэрэгтэй. тэгэхээр маш сайн ажиллах хэрэгтэй.МоАХ фракцыг шинээр өөрчлөн байгуулж байгааг дахин зарлая. МоАХ-ны гишүүд та бүхэн МоАХ-ныхоо үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаач гэж хүсмээр байна. МоАХ ингэж хагалган бутаргаж, гишүүдийн хооронд ан цав үүсгэж болохгүй. Ийм л юм хэлье.

Ярилцсан Д.БАТБОЛД

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Монголын экс Ерөнхийлөгч орогнол хүссэн тухай Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-аас улс төрийн оргонол хүссэн гэх мэдээлэл өнөөдөр БНСУ-ын өдөр тутмынхэвлэлүүдээр гарч байна. Хэвлэлүүд мэдээлэхдээ Н.Энхбаярыг улс төрийн хэргээр ял эдэлж байсан гэдгийг нь онцолжээ. Тухайлбал, “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Монгол Улсад авлигын хэргээр шүүхээс ял сонсож, хэргээ хүлээж байхдаа биеийн эрүүл мэнд нь муудсан тул хугацаанаасаа 8 сарын өмнө гарсан. Түүнээс хойш Солонгос улсад эрүүл мэнд, сэтгэл санааны эмчилгээг ойролцоогоор хоёр жил хийлгэж байна. Тэрбээр одоогийн байдлаар гэр бүлийнхээ хамтаар Солонгос Улсын иргэншилд орлоо. Цагтаа улсын Ерөнхийлөгч байсан хүн БНСУ-аас улс төрийн орогнол хүсч, иргэншил авч байгаа нь Солонгосын түүхэнд анхны тохиолдол” гэж сэтгүүлчид нь онцолжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн нөөцийг баталсны дараа ТЭЗҮ-ийг нь хэлэлцэнэ

Оюу толгой компанийнТУЗ Оюу толгойн ТЭЗҮ-ийг хэлэлцсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр хөвөрсөн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцээд сарын хугацаа өгч буцаасан гэх мэдээлэл ч чих дэлсээд буй. Энэ талаар Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуугаас тодруулахад “ТУЗ, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн аль нь ч ТЭЗҮ-ийг хэлэлцээгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд геологийн нөөцийн тайланнь орж ирсэн. Энэ асуудлаар хуралдаад явж байгаа. Нөөцийн тайлан дээр гэхэд гарчгаа буруу бичээд ороод ирсэн байх жишээний. Тэмдэглэлд буруугаар орчих эрсдэлтэйучраас гарчгаа соль гэсэн шаардлага тавьсан. Ордынхоо нэрийг солиод тодотгол гэсэн үг оруулаад ир гэсэн. Техникийн чанартай л зүйлүүд. Сарын хугацаанд багтааж оруулж ир гэдэг нь заавал сар болж байж асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг биш. Нэг, хоёрхон цагийн дотор засвараа хийгээд оруулж ирэх боломжтой. Тухайн компанийн өөрсдийнх нь эрхийн асуудал. ТЭЗҮ-ийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд тавхан хоногийн өмнөнэг нэг хувийг тараасан. Хамгийн гол хэсэг буюу эдийн засгийн тооцоотой хэсгийг нь хэтэрхий жижиг хэвлэсэн байсан юм. Томруулдаг шилээр ч харахад хэцүү жижгээр хэвлэсэн байсан. Тэр хэсгийн хуудсуудаа арай томруулаад хэвлээд ир гэсэн шаардлага тавьсан. Шаардлагын дагуу томоор хэвлээд оруулж ирсэн. Одоо асуудалгүй. Өчигдөр (уржигдар)албан бусаар ярьсан. Оюу толгойн ТУЗ дээр маргааш, нөгөөдөр гэхэд хэлэлцэж ярилцаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд оруул гэсэн чиг гарах байх. Түүнээс биш ТЭЗҮ-ийг буцаасан асуудал огт байхгүй. Цэвэр техникийн шинжтэй асуудал л өрнөсөн” гэсэн хариу өглөө.

Эх сурвалжийн мэдээллээр “Рио”-гийн зүгээс Оюу толгойн хувьдкомпанийнхаа ТУЗ-д ТЭЗҮ-ээ өгчээ. Өнгөрсөн сарын 25, 26-ны аль нэгэнд ТУЗ-д ТЭЗҮ-ээ өгсөн гэх мэдээлэл байна. Оюу толгойн ТУЗ-ийн хувьд ТЭЗҮ-тэй танилцаж, өөрийн болгоход багагүй хугацаа орж таарна гэсэн таамгийг учир мэдэх улс хэлж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн ордын геологийн нөөцийн тайланг ямар ч гэсэн хэлэлцээд эхэлчихэж. Нөөцийг нь хэлэлцэж баталсны дараа ТЭЗҮ рүү орох учиртай. Нөөцийн хувьд эдийн засгийн тооцоо энэ тэр нь эхний байдлаар орж ирэх ёстой аж. Эдийн засгийн тооцоолол гэх мэт хэрэгтэй мэдээллүүд нь орж ирээгүй учраас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тайланг батлахад асуудал үүсээд байгаа гэсэн мэдээлэл ч байна.

Тодруулж хэлбэл Оюу толгойн нөөц баталгаажсаны дараа ТЭЗҮ дээр нөөцтэй холбоотой зохих өөрчлөлт хийгдэх гэнэ. Тэгэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хувьдэхний ээлжинд нөөц батлах ажил байгаа юм байна. Нэг зүйлийг сануулж хэлэхэд “Рио”-гийн зүгээсэнэ оны зургадугаар сард багтаан ТЭЗҮ-ээ өгнө гэж байсан юм. Татварын ерөнхий газар татварын акт тавьсны дараахан хөрөнгө оруулагчид”Энэ асуудлыг шийдэгдсэний дараа ТЭЗҮ-ээ өгөх эсэхээ шийднэ” гэсэн агуулгатай мэдээлэл гаргаж байсан юм.

Татварын маргаан таслах зөвлөл Оюу толгойд тавьсан 130 сая ам.долларын татварын актыг 30 сая хүртэл бууруулаад байгаа. Хөрөнгө оруулагчид татварын хэмжээг бууруулсан шийдвэртхэрхэн хандаж байгааг энэ сарын 2-нд төслийн санхүүжилттэй холбогдуулж гаргасан TRQ-гийнмэдээнээс харчихаж болно. “Туркойз хилл” мэдээлэлдээ “Маргаан таслах зөвлөл 30 сая ам.долларын татвар төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Бид үүний үнэн зөв эсэхийг нягталж байна” хэмээн онцлоод буй. Эндээс 30 сая ам.долларын татварыг хөрөнгө оруулагч тал төлөхгүй ч байж магадгүй гэсэн гаргалгааг хийчихэж болохоор. Зөвшөөрөхгүй ч байж магадгүй гэсэн өнгө TRQ-гийн албан мэдээллээс анзаарагдаж байна.

Төслийн санхүүжилт дээр олон улсын 15 банк хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд буй. Банкуудын зээлийн баталгааны хугацааесдүгээр сарын 30-наар дуусгавар болсон юм. “Туркойз хилл” албан мэдээндээ банкуудын зээлийн баталгааны хугацаа сунгагдаагүй, санхүүжилтийн хугацааг сунгах хүсэлт гаргаагүйгэж онцолсон. Банкуудтай энэ асуудлаар ярилцаж байгаа, хэлцлийн явцаас хамаарч хугацаагаа сунгах хүсэлтээ гаргана гэсэн санаа ч TRQ-ээс гаргасан мэдээлэлд бий. “Хувьцаа эзэмшигчид далд уурхайн төслийн санхүүжилт, шинэчилсэн ТЭЗҮ-ийгбатлах, Эрдэс баялгийн зөвлөл хүлээн авах зэрэг үлдсэн асуудлуудаа шийдвэрлэхээр ярилцаж байгаа. Мөн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах хэрэгтэй байна” гэсэн өгүүлбэр хөрөнгө оруулагчдын олон улсад цацсан мэдээлэл дээр дурайж байгаа. Тэдний олон нийтэд өгсөн мэдээллээс хэлцэл дажгүй сайн явагдвал банкуудтай зээлийнбаталгааны хугацааг дахин сунгах талаар ярина гэсэн агуулгыг төвөггүй ухаж болно.

Гэхдээ олон улсын банкуудад Оюу толгой гэсэн дэлхийд томд тооцогдох төслийн санхүүжилтэд хамтрах өндөр сонирхол байгаа. Үүнийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны мэдэгдлээс харж болно. Тус банк Оюу толгойд өгсөн баталгааны хугацаагаа энэ оны эцэс хүртэл хүчинтэй гэж мэдэгдээд буй. Бусад банкуудын хувьд ч Оюу толгой төслийн санхүүжилтээс татгалзах сонирхол байхгүй болов уу. Тэд хэлэлцээрийн явцыг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Дашрамд сонирхуулахад банкууд үүнээс өмнө зээлийн баталгааны хугацаагаа гурван удаа сунгасан юм.Засаг төлөөлсөн эрхмүүд төслийн санхүүжилт дээр байр суурь нэг байгаа, шаардлагатай тохиолдолд сунгаад явж болно гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж буй. Саяхан гэхэдУул уурхайн сайд Д.Ганхуяг “Хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтэн дээр зээлдүүлэгчидтэй ойлголцолд хүрсэн байх” гэсэн үг унагасан.

Оюу толгойн асуудлыг хугацаа алдалгүй шийдэх сонирхлыг Засгийн газрын зүгээс сүүлийн үед идэвхитэйгээр илэрхийлэх болсон. Ерөнхий сайд иргэдэд хандаж хэлсэн үгэндээ Оюу толгойн асуудлыг энэ намартаа багтааж шийднэ гэж онцолсон болОюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт анхнаас нь оролцсон хүний нэг, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу “Үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг тодотгоход цоо шинэ ТЭЗҮ хийхээс хялбархан. Хүлээж авахад ч ачаалал нь харьцангуй бага. ТЭЗҮ-ийн тодотгол ороод ирвэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл чиг үүргийнхээ дагуу хэлэлцээд хурдан хугацаанд хүлээж авах боломжтой. Энэ асуудалд Засгийн газрын оролцоо байдаггүй” гэж байр сууриа илэрхийлсэн. ТЭЗҮ хэлэлцэгдлээ л бол хугацаа алдалгүй батлагдах боломжтой гэсэн гаргалгааг хийчихэж болохоор л мэдэгдэл. Уул уурхайн сайд ч энэ асуудал дээр дуугүй суугаагүй. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны эхний хагаст эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг унагаад буй. Харин хөрөнгө оруулагчдын тухайд TRQ-ийн аравдугаар сарын 2-нд гаргасан мэдээллээс өөр байр суурь одоогоор алга.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж буй далд уурхайн бүтээн байгуулалт Засгийн газар, “Рио тинто” групп Оюу толгойтой холбоотой зарим асуудал дээр нэгдсэн ойлголтонд хүрээгүй гэх шалтгаанаар саатсан.Шинэчилсэн ТЭЗҮ-ээр далд уурхайн бүтээн байгуулалтад 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа.Далд уурхайд шаардлагатай санхүүжилт 300 сая ам.доллараар өсөөд байгаа нь энэ.Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2014 онд далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтанд 500 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо бий. Энэ тоог нэмбэл далд уурхайн санхүүжилт 5.4 тэрбум ам.доллар болж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс Оюу толгойн эхний шатны бүтээн байгуулалт болох ил уурхайн бүтээн байгуулалтанд6.2 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн мэдэгдэж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрыг мэргэжлийн болгох бүтцийн өөрчлөлт ямар байх бол?

Налгар зуны гурван сар тааваараа наадсан гишүүд танхимдаа цугларч намрын чуулган эхэллээ. Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлаар улс төр буцалж байна.

Дөрвөн дугуй хэрэг боллоо гээд дарга дээрээ цохоод ортол шат шатных нь эрх мэдэлтнүүд хассаар байгаад ганц дугуй л оногддог нэгдлийн үеийг харуулсан кино байдаг даа.Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг яг үүнтэй адил бүтцийн өөрчлөлтийн төслийг оруулж ирлээ. Зургаан яамыг нэгтгэж, гурав болгож цөөлөхөөр болсноо тэрбээр мэдэгдсэн. Түүний оруулж ирсэн төслөөр бол Эдийн засгийн хөгжлийн яамыг хоёр салгаж Сангийн болон Гадаад харилцааны яам руу үүрэг чиглэлийнх дагуу хуваарилна гэв. Уул уурхай, Эрчим хүчний яамыг нийлүүлж Геологи уул уурхай, эрчим хүчний яам болгоно гэж байгаа. Зам тээврийн яамыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтатгаж Дэд бүтцийн яам байгуулна гэсэн. Засгийн газрын шинэ бүтэц ямар байх бол гэсэн таамаг төдий мэдээллүүдийг Ерөнхий сайд ийн зарлаж, дээрх хувилбарыг дэвшүүллээ. Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж, цомхон, ухаалаг болох ёстой гэсэн шүүмжлэлийг аваад оруулж ирсэн төсөл нь энэ. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжихгүй байгаа юм. Ялангуяа сөрөг хүчнийхэн илүүтэйгээр эсэргүүцлээ. Ардчилсан намын бүлэг ч хуралдаад гол гол яамдаа нэгтгэх гэж байна гэх шүүмж­лэлийг унагасан. Өмнө таамаглаж байсан шиг үүрэг оролцоо багатай яамдыгнэгтгэх байх гэсэн хүлээлт улстөрчид болоод олон нийтэд байв.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ баасан гаригт шуурхайлан хэлэлцлээ. Ямартай ч засгийг хөдөлгөх нь зүйтэй гэсэн байр суурьт гишүүд нэгдэж, анхны хэлэлцүүлэгт нь бэлтгүүлэхээр болж байна. Хэлэлцүүлгийн шатанд Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөл яаж ч эргэж мэднэ. Эрхлэх асуудал, ажил үүргийнхнь хувьднэгтгэхболомжтой дахиад дөрвөн ч салбарын яам бий. Яваандаа Ц.ОюунгэрэлсайдынтэргүүлсэнСоёл, спорт, аялалжуулчлалыняамыг Боловсрол шинжлэх ухааны яамтай, Хүн ам, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай нэгтгэх байх. Ардын намынхан ч ийм бодолтой байгаа. Тэдний зөвшилцөл дээр хөдөлж магадгүй ийм дүр зураг улс төрд байна. Ерөнхий сайдын өргөн барьсан бүтцээр бол Тэргүүн шадар сайдтай болно гэсэн. Харин хэлэлцүүлгийн шатанд Тэргүүн шадар сайд байтугай ёдорсайд ч үгүй болно гэх яриа ч бий. Энэ өөрчлөлтийг Ерөнхий сайд өөрийн гараар биш, УИХ-аар хийлгэхээр төсөл оруулж ирж байх шиг байна. Засгийн газрын бүтцийн асуудал дээр МАН-аас гарах саналыг тэрбээр тооцсон л байж таараа.

Засгийн газрын шинэ бүтэц батлагдсаныдараа томилгоо явагдах нь тодорхой. Энэ асуудалд Ардчилсан нам дахь фракциуд аль хэдийнэ анхаарлаа хандуулаад эхэлжээ. Шонхор, МҮДН-ийнхэн дор бүрнээ хуралдаж, шинэ яамдыг хэнээр удир­дуулах дээр тохиролцоо явж байна. Салбараа хариуцсан яам шиг яам болж хүчтэй хөгжихийн тулд удирдлага нь давхар албан тушаал хашихгүй байх ёстой. Энэ асуудалд Ерөнхийлөгч ч анхаарлаа хандуулж, Н.Алтанхуягт са­нуулсан. Ерөнхийлөгч болоод сөрөг хүчнийхэн засгийн шинэ бүтцийг аль болох дан дээлтэй байлгах гэж үзнэ.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тасралтгүй сүүлийн зургаан жил намын даргын албан тушаалыг хашиж байгаа. Ардчилсан намын дотоод дүрэм журмын дагуу хуулийн хугацаа нь хэтэрсэн гэж жигүүрийнхний шүүмжлэлд багагүй өртсөн. Засгийн газрын тэргүүн чнамын даргын ажлаа өгнө гэж ярьдаг болсон. Тэгэхээр 2016 оны сонгуулиас өмнө намын даргын суудлаа өгөх биз ээ. Шинэчлэлийн Засгийн газарт хоёрхон жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс Баабарын хэлсэн шиг мэргэжлийн байх ёстой.Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр түүний өгүүлсэн шиг мэргэжлийн тал руугаа ажиллах болов уу. Энэ парламентын хугацаанд улс төр ингэж өрнөхөөр харагдаж байгаа юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголыг сурталчилсан “Намрын баяр” тун удахгүй Осака хотод болно

Монголын соёл, уламжлалыг дэлгэрүүлэн, таниулах “Намрын баяр” энэ сарын 13-нд Японы Осака хотод болно. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний хүрээнд морин хуурын аялгуу шуранхайлж, уртын дуу, хөөмий зэрэг язгуур урлагийн тоглолт болох юм.

Тодруулбал, Монгол Улсын төрийн шагналт Д.Сосорбарамын найруулсан “Үүлэн хээтэй салхи” бүрэн хэмжээний концерт тоглогдоно. Мөн Монгол Улсынхаа нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа “Домог”, “Хөсөгтөн” болон поп-опера “Увертюра” хамтлаг, уртын дуучин Ж.Энхбаатар, уран нугараач Ж.Нямгэрэл нар оролцсон шилдэг мастеруудын үзүүлбэр багтаж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээний үеэряпон хэлний нэвтрүүлэг явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Япон хэлний нэвтрүүлгийн редакцийн таван уран бүтээлч сонсогч олонтойгоо уулзалт хийх аж. Энэ удаа Монголоос явуулах япон хэлний нэвтрүүлгийг дугаар алгасалгүй сонсож, он удаан жил захидал, сэтгэгдлээ илгээсээр буй үнэнч фэнүүдтэйгээ уулзах алтан агшин тохионо.

“Намрын баяр”-ын үеэр Монголтой харилцаа, хамтын ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс өөрсдийн үйл ажиллагааг таниулан мэдээлэл өгөх юм. Мөн зураач Р.Оюунгэрэлийн зургийн үзэсгэлэн, монгол дээлний үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, эх орны үйлдвэрлэлийн бэлэг дурсгалын бичил худалдаа явагдана.

Намрын баяр”-ын тухай Монгол Улсаас Япон улсын Осака хотноо суугаа Ерөнхий консул Ч.Куландагаас дараахь тодруулгыг авлаа.

Өнгөрсөн жилээс эхлэн Консулын газраас санаачлан, явуулж буй энэ үйл ажиллагааны зорилго хийгээд гол ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Токиод олон жилийн турш уламжлал болон явагдаж байгаа “Хаврын баяр” гэж байдаг. Японы баруун бүс болох Кансай орчимд Монголын Ерөнхий консулын газар байгуулагдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар ажиллах болсон болохоор энэ бүс нутагт өргөн олныг хамруулах арга хэмжээ зохиох нь зүйтэй гэж үзсэн. Монголыг сурталчлах, монгол соёлыг таниулах, улмаар япончуудад Монголын талаарх сонирхлыг нэмэгдүүлэхэд “Намрын баяр” томоохон үүрэг гүйцэтгэх болно. Токио дахь “Хаврын баяр”-ыг олон нийтийн байгууллага болон оюутнууд гардан зохион байгуулдаг болсон. Энэ арга хэмжээнийхээ эхлэлийг нь тавьчихвал цаашид оюутан залуучууд маань өөрсдөө аваад явчих болов уу гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй монгол хүн Япон улсад ажиллаж амьдардаг. Тэдний 50 гаруй хувь нь баруун бүс болох Кансай орчимд оршин суудаг. Ялангуяа удаан амьдарч байгаа монголчууд, тэдний үр хүүхэд эх нутгаасаа хөндийрч, хэл соёлоо мартах нөхцөл бий болсон нь бодит байдал. Эх орны үр сад маань “Би монгол хүн, надад эх орон минь байгаа шүү” гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Мөн ажиллаж, суралцаж буй монгол залуус Монголоороо бахархах, найз нөхөд, дэмжин туслагч нартаа Монгол орноо гайхуулах сайхан боломжийг олгож байгаа юм. Дэлхий даяар монголчууд тархан суурьшжээ. Намайг Боловсролын яаманд ажиллаж байхад Шведийн монголчууд ерөнхий боловсролын сургалтын сурах бичиг явуулаач, хүүхдүүддээ монгол хэл, бичиг заамаар байна гэж үр хойчдоо эх хэл соёлоо өвлүүлэх санал гаргаж байсан нь санаанаас ер гардаггүй. Монголчууд олноор цугларч, Монголоор амьсгалах иймэрхүү арга хэмжээ улс орон болгонд дэлгэрч байгаа шүү дээ.

Мөн дээр цухас дурдлаа, япончуудад Монголын талаарх мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн, түгээх зорилготой. Манай сумочид Монголын нэрийг дуурсгаж явааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголыг мэдэхгүй, ямар ч ойлголтгүй хүн зөндөө байна. Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага, хувь хүмүүст урам өгч, тэдний ажлыг дэмжих хэрэгтэй байна. Олсон бүхнээ, цаг заваа Монголд зориулдаг япончууд байна. Ерэн оноос хойш ийм хүмүүс, байгууллага эрс нэмэгдсэн ч өдгөө эрч нь буурсан. Зарим олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсоход хүрээд байна. Нас өндөр болсон сайн санаатнуудын үйл хэргийг залгамжлах залуус тэр болгон төрөхгүй байгаа нь бодит үнэн. Япон залуусын Монголыг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд цахим ертөнцийг түлхүү ашиглахыг зорьж байна. “Намрын баяр”-ын талаар япон хэл дээр оруулсан манай газрын мэдээлэл олон мянган уншигчтай болсон нь харилцаж холбогдвол сонирхол нэмэгдэхийн жишээ болж харагдаж байна. “Намрын баяр”-аар олон япон залуус Монголыг сонгох болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ удаагийн “Намрын баяр” өнгөрсөн жилийнхээс юугаараа онцлог байх вэ?

-Өнгөрсөн жил “Намрын баяр”-ыг анх зохион байгуулахдаа монголчуудыг хэрхэн олноор цуглуулах вэ гэдэгт санаа зовниж байлаа. Манай хамаарах бүс нутагт оршин суугаа нутаг нэгтнүүд үндсэндээ залуучууд байдаг. Залуусын сонирхдог, харахыг хүсдэг зүйлийг үзүүлэх хэрэгтэй байв. Тэгээд “Киви” хамтлагийг урихаар шийдсэн(инээв). Энэ жил бол арай өөр. Тавьж буй зорилготойгоо уяалдуулан япон, монгол аль аль нь сонирхох хөтөлбөртэй. Төрийн соёрхолт, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан 34 хүний бүрэлдэхүүнтэй,өндөр ур чадвартай ардын урлагийн төлөөлөгчид ирж байгаа. Тэднийг үзсэн монголчууд огшиж, япончууд биширч л таарна. Мөн энэ өдөр зөвхөн монголчууд гэлтгүй Өвөрмонгол, Халимаг, Буриад, Тува зэрэг монгол туургатанууд цуглах болно. Манай зохион байгуулж буй энэ арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан буй “Олуулаа болъё” бодлогод нийцэж байгаа.

Ерөнхий Консулын газар цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголыг сурталчлахаас гадна гадаад харилцааг эдийн засагжуулах Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэнэ. Өнгөрсөн долоон сардТокио хотноо Эдийн засгийн Форумыг амжилттай зохион байгуулсан. Ирэх жил ийм Форумыг Кансай бүс нутагт,Осака хотноо зохион байгуулья гэж төлөвлөж байгаа.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Япон улс Осака хот