Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрлийзүүд ба түүний дайснууд

Баабар ингэж өгүүлэв

1. Наяад оны дундуур ма¬най хүрээлэнгийн та¬ван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм. Ирсний дараа манай хариуцах яамнаас хүрээлэнгийн захирал бид хоёрыг дууддаг юм байна. Томилолтоор явсан мэргэжилтнүүдийн дунд хятадын эрлийз нэг эмэгтэй ажилтан багтсан нь яам түргэн авах шалтаг болжээ. Захирал бид хоёрыг улс төрийн сонор сэрэмжгүй гэж тархи эргэтэл загналаа. Дараа нь НАХЯ-ны бас нэг төлөөлөгч ирж сонор сэрэмжийн талаар сурталчлан дараа дараагийн томилолтоор хэн хэнийг явуулж болохгүй талаар сурган эрлийз хурлийз, өвөрлөгч нарын жагсаалт гаргаж өглөө. НАХЯ-д бүртгэлтэй ийм хүмүүс манай хүрээлэнд дөрөв тав байдаг аж. Бид тэрийг нь сонирхож ч байсангүй үнэхээр улс төрийн сонор сэрэмж үгүй байсан бололтой.

2. Хөдөө суманд ажиллаж байлаа. Сургуульд цэрэгжлийн хичээл гэж нэг марзан юм орно. Сургуулийн нэг танхимын цонхыг төмөрлөж битүүлээд сурагчдаар ээлжилж мануулна. Сурагчид модон буугаар сургуулилна, харин битүүмжилсэн танхимд ганц ширхэг жинхэнэ АК автомат бий. Аймгийн цэргийн хэлтсээс нэг хошууч шалгалтаар ирдэг юм байна. Тэрээр мөнөөх ориг АК-г хэрхэн хадгалж байгааг шалгаад цонхны төмөр сараалжийг найдваргүй хэмээн голов. “Энэ бууг хулгайлчих хүн энэ суманд байгаа юм уу?” хэмээн хэрэгт дурлаад асуучихсан чинь хошууч миний тэнэгийг гайхаж байгаа бололтой толгой сэгсрэн сургамжилсан нь “Энэ суманд жаран хоёр онд урдаас орж ирээд нутаг заагдсан хоёр айл бий. Тэд юу ч хийж магадгүй. Сэхээтэн хүн байж мөн ч сонор сэрэмжгүй байна даа” хэмээн эелдгээр тайлбарлаж өгөв. Олон хүүхэдтэй багын багш нэг авгай, мөн сургуулийн мужаан хийдэг өвгөнийх хоёр мөнөөх нутаг заагдагч нар болохыг мэдэж авав. Хүүхдүүд нь том болсон авч тэдний хэн нь ч аймгийн төв орж үзээгүй гэнэ. Сумын хэлтсийн төлөөлөгчийн хараанд байдаг аж. Хэлтсийн төлөөлөгч залуутай хожим нь танилцаж дотно болсон. Түүний нэг чухал үүрэг нь мөнөөх нутаг заагдагч нарыг харж хандаж байх аж. Орой болгон гэрийнх нь гадуур сэм өнгөрч ам бүлийг нь бүртгэдэг байж билээ.

3. Би Арьс ширний үйлдвэрт нормын ажилчин, дөрөвдүгээр зэргийн эсгүүрчин байлаа. Цехээс нэг хөдөлмөрийн баатар төрөв. Үйлдвэр том хүлээж авч дараа нь баатрын гэрт лут найр боллоо. Найран дээр манай цехийн хамгийн аварга эсгүүрчин бут агсам тавьж сүүлдээ хутга шөвгөндөө тулж баатрын гуянд, цехийн даргын даланд тонгорог зоогдож, намын үүрийн дарга авгай хамраа нээлгүүлсэн. Агсамын шалтгаан тодорхой болов. Тэрээр бүх уралдаанд түрүүлдэг, хамгийн сайн эсгүүрчин боловч надтай адилхан дөнгөж дөрөвдүгээр зэрэгтэй аж. Дээд эсгүүрчин долдугаар зэрэгтэй болдог юм. Түүний аав нь хятад хүн байсан шалтгаанаар үргэлж гадуурхдаг, амралтын почоонк ч өгдөггүй байж. Баатраас хавьгүй илүү боловч ингэж гадуурхагдаж дарамтанд явсан гомдол нь зад татжээ. Хөөрхий шорон явсан, баатар хутгалсан хэргээр том ч ял авсан, хожим дуулахнаа шорондоо үхсэн гэнэ лээ.

4. Далан есөн онд улс төрийн хэргээр шоронд оров оо, би. Эрүүгийнхэн цагдаагийн хяналтанд тусдаа байдаг бол мань мэтийн улс төрийнхөн НАХЯ-ны мэдэлд Ганцын буланд тусгай маягтай хоригдоно. НАХЯ-ны тусгай төлөөлөгчийг хамт архидаж суугаад хутгалчихсан нэг тавьтаргүй өвгөн, хил давж оргож орж ирсэн нэг өвөр монгол залуу бид гурав нэг камерийн улс төрийнхөн. Өдөрт гурван удаа жорлон ороход эрүүгийнхэнтэй холилдоно. Мөн ч муухай өвгөн байж билээ. Өнөө муу өвөр монгол залууг эрүүгийнхэнд янз бүрээр худал хов зөөн хатгаж жорлонд зодуулдаг байсан. Нэг удаа би зэргэлдээ өрөөнд байцаагдаж байхдаа өвгөн өөрийн байцаагчид юу гэж бүлтэрч байгааг сонссон. Дайсны тагнуул өвөр монголыг зовоосноор эх оронч үйлдэл гүйцэтгэж хийсэн алдаа гэмээ цайруулж байгаа хэрэг гэж ярьсан шүү. Өвөр монгол залуу сүүлдээ жорлон явахаас айж хоолныхоо түмпэнд шээгээд цонхоор цацдаг болчиж билээ. 

5. Танил маань саяхан одонгоор шагнуулжээ. Ресторанд нэлээд халамцуу байхад нь тааралдав. Надад ихэд талархан бүр үнслээ. “Хужаагийн хүү намайг элдвээр гадуурхалгүй өдий болтол хүн шиг хүндэтгэж явсанд чинь би маш их талархдаг. Намайг сая одонгоор шагналаа. Ёстой зүүдлээгүй явсан юм” гэж яриад уйллаа. Үнэндээ би түүний гарал үүслийг огт мэддэггүй байсан. Гэхдээ ямар их дарамттайгаар энэ оронд 50 гаруй жил амьдарсныг нь ойлгон өрөвдөж эгээ л дагаад уйлчихсангүй. 

6. Нэгэн дээд сургуулийн таньдаг багш маань жараад оны үед Монголд орж ирсэн өвөрлөгч. Тархи толгой гайгүйтэй сүрхий эрдэмтэн боловч лав мэдэхээс ерэн он хүртэл мөн ч их гадуурхагдсан даа. Эрдмийн зэргээ хамгаалах гэж ёстой үйлээ эдэлсэн. Шагнал урамшил курс сургууль, гадаад томилолтоос дандаа хасагдана. Намд орох гэж зөндөө хөөцөлдөөд “идэвхитэн” гэдэг ангиллаас дээш гаргаагүй. Өөрөө ч үүндээ дасаад барагтай хүний доромжлолыг тоохоо больсон юм. Харин ерэн оноос хойш мань хүн шал өөр нэгэн болж хувирсан. Таарсан болгоныг эрлийз хурлийзаар нь дуудна, хэн нэгний тухайд гарал үүслийнх нь талаар үнэмшмээргүй зүйл ярина. Ялангуяа мань эртэй муудалцсан нэгэн шууд л гадаадын тагнуул болж хувирна. Хүмүүс залхдаг ч юм уу, төвөгшөөдөг ч юм уу түүний “атаман” гэдгийг аяндаа чимээгүй зөвшөөрлөө. Одоо тэрээр сургуулиа тэр чигээр нь атгачихсан, хүн болгоныг айлгана.

7. Батлан хамгаалах яаманд үзэл суртал хариуцаж байсан нэгэн надад ингэж ярьсан юм: “Одоо энэ хятадуудын эсрэг чанга орилж гүйгээд байгаа залуусын ард урьд офицер байсан эрлийз хурлийзууд байдаг юм билээ. Эд бүгд бүртгэлтэй, байнгын хараанд байсан. Ахмадаас дээш цол олгохыг зөвшөөрдөггүй байлаа. Шагнал урамшуулал бол бүр горьдолтгүй. Ингэж дарамтлуулж гадуурхагдаж байсныхаа өшөө хорслыг одоо авдаг болсон юм шиг билээ”.

8. Манлайбаатар Дамдинсүрэнг дагаж 1911 онд олон баргууд Халхад орж ирсэнд Богд хаанаас газар заан өгчээ. Энэ нь одоогийн Төв аймгийн урд сумд юм. Тэд “Ээж хад” хэмээх шүтээнээ хүртэл босгосон. Нэр алдар бүхий нэгэн эрхэм нэлээд хэдэн удаа ярилцлага өгөхдөө “голын урдуур баргууд байдаг, Дулмаа барга, би харин голын хойтхынх, жинхэнэ боржгон халх” гэж давтан өгүүлнэ. Уг нь тэрийг нь хэн ч сонирхоогүй л дээ, гэхдээ бүхэл бүтэн зуун жил өнгөрчихөөд байхад гоморхлын ул мөр арилдаггүй ээ.

9. ХХ зууны эхээр Өвөр Монголын Харчин хошууны ноён Манжийн хаантай заргалдан муудалцжээ. “Харчингуудыг үхрийн баас шиг цувуулна” гэж хаан занаад одоогийн Сүхбаатар аймгаас Ховдын хил хүртэл шинэ өртөө буй болгон харчингуудыг өртөөчин болгосон байна. Хожим нь цагийн явцад уусан алга болж тэд хэдхэн газар төвлөрчээ. Дундговийн урдуур, Өмнөговийн бас нэг хоёр сум гэх мэт. Зуу гаруй жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Гэвч тэдний нэлээдийн энэ комплекс үе дамжин үлдсэн байдаг. Эрлийз хурлийзын тухай, цусны ариун цэврийн тухай ярьдаг хашгичдаг хүмүүсийг сонирхоод байхад ийм нэгэн комплекс дөрвөн үе дамжин үлдсэн байх юм.

10. Сүхбаатар аймгийн урд хэдэн сум бас л зуугаад жилийн өмнө Гадаад Монголд багтдаггүй, Хаалганд хамаардаг байжээ. Хошуу захирагчийг нь өхрийдаа гэх маягтай нэрлэдэг, Бээжингээс томилогддог байсан бололтой. 1942 он хүртэл Дотоод яамны мэдэлд Жавхлантшарга аймаг нэртэй байсан. Сүхбаатар гэнэт Монголын удирдагчаар тодрох үед Жавхлантшаргыг Дорнодын болон Хэнтийн хэдэн сумтай нийлүүлж шинээр Сүхбаатар аймаг байгуулжээ. Бас л бөөн комплекс. Тэндэхийн цус шинжээчид мөн ч олон доо. 11. 1945 онд Барга, Үзэмчингээс нэлээд олон айл Монголд нүүн ирж суурьшсан. Заримд нь тусгай сум хүртэл байгуулж өгсөн. Харин тэр нь 1990 он хүртэл НАХЯ-ны хатуу хяналтанд байлаа. Үр хүүхэд нь сургууль номд явах, ер нь шилжин суурьших зэрэг нь мөн ч хязгаарлагдмал байжээ. Өсөрхөл үүсэх том шалтгаан мөн биз?

12. Дөрөв таван үеийн өмнө урдаас орж ирсэн гэх авч өдгөө мартагдвал мартагдахаар болсон хэсэг этгээд ерэн оны ардчиллын дөнгөж дараа цусны ариун цэвэр үзэж тогтоодог бүлэг (холбоо?, эвлэл?, нийгэмлэг?, байгууллага?) байгуулжээ. Монголын төрийн өндөрлөгт буй хятадын эрлийз гэх 500 хүний нэрийн жагсаалт гаргасан байна. Ингээд “хэрэгт холбогдогч” нарт өнөөхөө үзүүлж шантаажилдаг байгаа. Нэг багашаархан намын дарга өнөөх жагсаалтанд орчихжээ. Тохиролцож мөнгө төгрөг өгч авалцсаны дараа жагсаалтаас нэрээ “албан ёсоор” хасуулав. Одоо мөнөөх намын дарга дахин ийм хэрэгт орохгүйн тулд цус цэвэр байх тухай, хэн хэн ийм хэрэгт орсон талаар зурагтаар байнга ярьдаг болсон.

13.  Ерэн оноос Монгол Хятадын харилцаа хэвийн болж харилцан зорчих явдал нээлттэй болов. Ар монголчууд өвөрлөгч нараа үл тоохоор барахгүй элдвээр басамжлан хужаа хувхайгаар нь дуудах болов. Хүн гомддог юм байгаа биз дээ. Ингээд зарим ирсэн гийчид зориудын хагалан бутаргах явуулга хийж эхэлжээ. “Монгол дахь хятадын эрлийзүүдээс Хятадын дарга Зянь Зэминд бичсэн захидал” гэгч тухайн үедээ шар сонин болгон дээр хэвлэгдсэн. Тагнуулын байгууллагынхан этгээдийг саатуулан шалгахад хятад монгол хэлээр өөрөө бичин тараасан болох нь ил болсон. Тэдний зарим нь Монголд улс төрийн тавцанд гарч ирсэн болгоныг эрлийз хурлийзаар нь зарлах ажлаар дагнах болж билээ.

14. Эрлийз хурлийзын “хэрэгт” хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг халх ястан холбогддог. Хасаг, буриад, дархад ястан ийм хочоос ангид. Төв халхын “дурак” Лундаажанцан УИХ-ын дарга болоход түүнийг антропологийн шинжлэх ухааны үүднээс хятадын эрлийз болохыг нь зарласан хэвлэлийн бага хурал болж байсныг хүмүүс мартсан болов уу? Гэхдээ энэ бол МАХН-ын (Одоогийнхоор бол МАН) төлөөлөгч ийм хэрэгт орсон бараг анхны тохиолдол. Учир нь МАХН байвал цэв цэвэр монгол, харин Ардчилсан хүчнийхэн бол хуйгаараа хужаа. Цаад байгууллагынх нь инерци л юм болов уу даа.

15. Сонгуульд нэр дэвшигч шууд хужаагаар зарлагдана. Энэ бол хорин жил тогтсон ёс горимтой уламжлал. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөв өө. Гурав нь цусны шинжилгээгээр хужаа болох нь шууд л батлагдсан. Ирсэн гарсан, цагаачин ногоочноороо яривал үлдсэн ганц цэвэр цустай нь гурав дахь үеийн цагаач байсан нь харин хувь заяаны шоглоом юм даа.

16. Хужаагийн хэрэгт орсон хүн эргээд өөрөө хамгийн лут цус шинжээч болдог. Хятадын далд бодлого гэх маягийн хүн үнэмшмээргүй үлгэр бүхий л мэдээллийн хэрэгслэлээр цацаж суудаг “төгс мэргэн үзмэрч” болон хувирна. Парной өвчинтэй болчихдог юм уу, эсвэл үнэхээр “но”-той болоод булах гэж ядаад байгаа юм уу, юутай ч нэг комплекс байх шиг байгаа юм. “Намайг хужаа гээд бодчих (мэдчих?) вий” гэсэн айдас!

17. Интернэтийн сүлжээнд сэтгэгдэл бичих нь хорслоо тайлах хамгийн таатай хэрэгслэл болсон. Монголын улс төрийн тайзанд гарч ирсэн болгон бараг зуун хувь хужаа. Ингэж нэр усгүй нуугдан бичиж сэтгэлийн шархаа эдгээдэг 100 хүрэхгүй хүн байдаг. Гэвч интернэт бол яг л телефон утас шиг заавал мөрөө үлдээдэг хог л доо. Терроризмтай тэмцэх нэрээр хэн хаанаас бичиж байгаа нь амархан илрэх болжээ. Сэтгэгдэлчид бараг бүгдээрээ гүн комплекстой, арилшгүй гомдолтой хүмүүс болох нь тогтоогдсон. 

18. Бусдыг хужаагаар дуудах нь нэг ёсны эх оронч үзлийн илэрхийлэл боллоо. Гэвч энэ нь гэмт хэргээ цайруулах, рэкет хийх, комплексоо нуух хэрэгслэл байдаг. Бараг бүх тохиолдолд. Үхсэн малын махаар хоол хийж зарж байгаад баригдсан нэгэн “Энийг хүнд өгөх гэсэн юм биш, хужаа нарт өгөх гэсэн юм” гэж мэдүүлжээ. Ямааны мах Хятадаар дамжуулж Иранд гаргах гэсэн юм гэсэн тайлбар хийж байгаа наймаачныг бүлтэлзүүлж байгаа сэтгүүлчдийн луг нэвтрүүлгийг зурагтаар харсан уу? Сэтгүүлчид наймаачныг махаа Иранд гаргах гэж байгаа бол ч яахав, гэхдээ л худлаа тэгж байгаад замдаа богооноо суллаад хятадуудад идүүлнэ дээ хэмээн хардана. Хөөрхий наймаачин монгол ямааны махыг лалын ах дүү нартаа идүүлнэ хэмээн бараг л цусаараа тангараг тавьж уйлагнана. “Хүн алж болохгүй, нохой хужаа нарыг бол алж болно” гэсэн эх оронч зарлалын самбар зам дагуу тавьсан байхыг бодвол олон хүн хараа биз. 

19. Үйлийн үр заавал эргэж боловсордог. Өнгөрсөн нийгэм хэдэн арван жилийн турш нийгмийн зарим гишүүдээ гарал үүсэлтэй нь холбогдуулан хүний ёсноос гадуур дарамталж зовоон гадуурхаж хэдэн үеэр нь арилшгүй сэтгэлийн гүн шарх үлдээсэн. Одоо эргэж үйлийн үрээ амсаж элдвээр хараалгаж тэрэндээ комплексдож зовж шаналж, ичсэнээсээ болон гадаад дотоодгүй зохиомол дайсан бий болгож түүнтэйгээ тэмцэж буй нэрээр улс орныхоо эрх ашгийн эсрэг ухамсартай болоод ухамсаргүйгээр хорлон сүйтгэж яваа нь үйлийн үр л юм. Системийн гажиг нүглийг олон жилийн дараа иргэд нь хувь бие дээрээ амсаж буй нь энэ ээ, бас. Олон жил хураагдсан өсөрхөл эргэж дэлбэрэхээрээ ийм л үр дүн гарах нь хууль. 

Жич: Зориуд өөрийгөө хужаа гэж нотолдог эсрэг үйлдэл бас байдаг нь их марзан. Гадаадад улс төрийн цагаачлал гуйхдаа өөрийгөө эрлийз хурлийз хэмээн нотолж Монголд гадуурхагдан зовж шаналж байгаа гэсэн өргөдөл бичиж орогнол авсан хүн мундахгүй бий. Шалгаад үзэхэд Монголд үнэхээр ийм гадуурхал өргөн тархсан байдаг нь нотлогддог. Улс төрийн орогнол ч ашигтай л даа, байр хоолоор хангана, үнэгүй хэл зааж өгнө, дараа нь ажилд оруулна. Харлаж зовж байснаас хавьгүй гоё.

2011.02.20

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТҮЦ машинаас цахим үнэмлэхээ захиалах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээний цахим машинаас иргэд 18 төрлийн үйлчилгээг авдаг байсан бол одоо 20 төрлийн үйлчилгээ авдаг болж нэмэгдсэн байна. Тодруулбал, ТҮЦ машинд хуруугаа уншуулж, цахим үнэмлэхээ дахин захиалах боломжтой болжээ. 

Өмнө нь иргэн хаяж үрэгдүүлсэн цахим үнэмлэхээ харьяа хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах, төлбөр хураамжаа банкинд тушаах зэргээр хугацаа алддаг байсан бол одоо ТҮЦ машинаас захиалж, аль банкны картаар төлбөр, хураамжаа төлөх боломжтой болсон байна. Мөн өөрийн нэр дээр ААН бүртгэлтэй эсэх талаар лавлагааг авах боломжтой болжээ. Одоогоор улс орон даяар нийт 108 ТҮЦ машин байрлаж иргэдэд үйлчилж байна.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг борлуулалттай номыг зарлаж байхаар боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчиддээ мэдээлж иржээ.

Тус газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гарган олон нийтийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, хэрэглэгчид, уншигчиддаа хүргэж байхаар шийдвэрлэсэн байна.

Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд буй бүх номын дэлгүүрүүдээс ирсэн шилдэг 10 номын жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

Д/д Номын нэр   -Зохиогч  – Тоо 

1 Тавилан-  Л.Сарантуяа -530

2 Сорхугтани -Б.Сарантуяа – 276

3 Усан доогуур 20 бээр аялсан нь- Мир хэвлэлийн газар -258

4 Тэнгэрийн таалал  -Л.Сарантуяа -224

5 Луун шивээст охин -Стиг Ларсон- 214

6 Цагаан могой -Мир хэвлэлийн газар- 180

7 Эрдмийн тулгуур 3-5 нас Юнгэрэн, Лхамсүрэн 152

8 Амжилтийн тарни -Т.Бадамзул -148

9 Өөдөө тэмүүл -Шейрил Сандберг- 136

10 Алтангэрэл судар -С.Гантөмөр -135

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл ойлголцлын өдөр байлгая

Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчууд хоорондоо ойлголцоогүйгээсээ болж аймшигтай том алдсан өдөр. Тэр өдрийн тэнгэр дор эргээд нэг зогсъё. 2008 оны долдугаар сарын 1-ний энэ өдөр Сүхбаатарын талбайд иргэд олноор цуглаж, улмаар МАН-ын байрны үүдэнд очсон. Цугласан иргэдийн тоо улам нэмэгдсээр ойрын жилүүдэд хүрээгүй их тоонд хүрч төв талбай, МАН-ын байр орчим хөл тавих зайгүй шахам боллоо. Тэдний сэтгэлийг хэрхэн хөөргөж, яаж дэвэргэж байсныг анзаарахад тийм нэг зохион байгуулалттай гэмээр хүч үнэхээр тэнд үйлчилсэн гэж хэлэхээс өөр үг олддоггүй. Тэрхүү аймшигт өдрийн үймээн самууныг монголчууд мэдээллийн хэрэгслээр хангалттай харсан. Монголын цагдаа ийм юмтай анх удаа нүүр тулгарсан нь үймээнийг улам дэвэргэсэн гэж ч үздэг. Үйл явдал нэгэнт хяналтаас гарсан учир Онц байдал зарлалаа. Улаанбаатар хотод цэргийн хүч орж ирлээ. Ардын журамт цэргээс хойш анх удаа зэвсэгтэй цэргүүд орж ирж, хуягтын цуваа хотод пиг дүүрсэн юм. Оройн 22.00 цагийн орчим сэтгүүлчдээ энд тэнд тараан байршуулж явсан бид анх удаа тийм олон байлдааны техник хэрэгсэл, хуягт машин хот руу орж ирэхийг харсан билээ. Манайх зэвсэгтэй улс юм билээ шүү. Маргааш өглөө нь биднийг шатсан байшин, буудуулж үхсэн хүмүүс, буу зэвсэг агссан цэргүүд угтсан. Онц байдал зарласан үед улс орон, иргэд ямар байх ёстой тухай ойлголт бидний хэнд нь ч байгаагүй. Гэтэл бусад улс орны хувьд Онц байдлын талаар ямар байх тодорхой хууль эрх зүйтэй байдгийг сүүлд уншаад айх шиг болсон. Учир нь Онц байдал зарласан үед ямар ч хүний эрх яриад хэрэггүй юм билээ. Гэрээсээ битгий гар л гэсэн бол гарахгүй байх хуультай. Гарч яваад буудуулсан бол тэгээд хохь болдог олон улс даяар үйлчилдэг хууль байна. Энэ юу хэлж байна гэхээр Онц байдал зарлуулах хэмжээний үйлдлийг монголчууд минь дахин гаргах ёсгүй юм байна лээ шүү гэсэн үг. Дээр нь Онц байдал зарласан үеийг ашигладаг, далимдуулдаг, мушгин гуйвуулдаг, хуулийг нь зорилгоо биелүүлэх хэрэгслээ болгодог бодит хүчин нийгэм үймсэн үед заавал гарч ирдэг байна. Бид харин тийм муухайг үзээгүй гэж найдъя.

Ингээд монголчуудын хувьд тэр өдөр чухам юу болж байгаа ухааныг олохгүй өнгөрлөө. Маргааш өглөө нь Монголын Үндэсний телевизээр тухайн үеийн АН-ын дарга, өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таван хүн буудуулан үхэж, хэдэн зуун хүн баригдлаа” гэсэн мэдээллийг анх хийж, түүнийг нь МҮОНТ бүрэн эхээр нь дамжуулж амжсан юм. Монголын ард түмний хувьд ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа энэ хоромд бага ч болтугай мэдэрсэн ч тэгээд хаагдлаа. Дамжуулж дуусахтай нь зэрэгцээд тэр үеийн эрх баригчдын зүгээс хүчний байгууллагынхныг МҮОНТ рүү оруулж, захирлыг нь өрөөнд хашиж, үйл хөдөлгөөн бүрийг нь хянаж эхэлсэн билээ. Бусад бүх мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зогсоолоо. Ийнхүү Монголын ард түмний нүдийг хааж, амыг нь тагласан тэр өдрүүдэд чухам юу болж байгаа талаар ганцхан “Өдрийн сонин” л зогсоо зайгүй мэдээлж байв. Аймшигт хэрэг явдлууд өрнөж буй газруудад сэтгүүлчид маань бүх хүчээрээ ажиллаж, хамгийн халуун цэг болох Дэнжийн 1000-ын саатуулахад хоригдсон хэдэн зуун залуусыг хэрхэн дэглэж байгааг гэрэл зурагтай хамт мэдээлж, олон нийтэд хүргэж байлаа. Талбайн ойр орчмын саад, нэгдүгээр эмнэлэг орчим, хотын төв орчмуудад хар машинтай хүмүүс зугтаж байгаа залуусыг араас нь хөөн, буудан унагаж байхад зугтаж явсан хүмүүс дотор нь ч манай сэтгүүлчид гүйж явсан юм шүү. Тэр үед твиттер, фэйсбүүк гэж байсангүй, цахим сайтуудын мэдээлэл ч гэж юу байлаа. Ард түмэн чухам юу болоод байгааг мэдэх асар их хүсэл эрмэлзэлтэй тийм өдрүүдэд “Өдрийн сонин” ганцаараа мэдээлэл түгээж байсныг түүх гэрчилнэ. Аймшигт хэрэг явдал болсны маргааш өглөө нь Монгол Улсын Ерөнхий сайд урьд шөнө нь буудуулж үхсэн хүмүүст биш шатсан байшинд мэхийж байсан өдрүүд үргэлжилж байсныг монголчууд мартах ёсгүй. 

Ард түмэн яах гэж жагссан юм бэ? Сонгуулийн булхай луйвраас болж жагссан. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад, дэлхийн улс орнуудад болсон, болж буй жагсаал цуглаан, үймээн бужигнаан, улс төрийн тэмцэл, тогтворгүй байдал бүхэн заавал нэг дэглэлттэй, найруулгын дагуу л болдог болжээ. Хаанаас захиалсан, найруулагч нь хэн болох, хэн гол дүрд нь тоглосон, ямар үр дүн хүлээсэн, ямар ашиг хонжоо хайсныг бүү мэд. Ямар ч байсан жагсаал болж, цус урсах нь дэлхийгээр тархаж байна. Зүгээр л болж бүтэж, амар амгалан байсан Египет, Ливи, Ирак, Сири, сүүлд Украинд юу болов. Бүгд л танил, манай долдугаар сарын 1-тэй адил хэрэг явдлууд болж байгаа биз. Манайд долдугаар сарын 1-ний хэрэг явдал цааш даамжирч, үргэлжилсэн бол  дээрх улсуудын адил хувь тавилан хүлээх байсан. Таван хүний амь нас 50-д хүрч, бүх зүйл хяналтаас гарч, хяналтгүй болсон нийгэм өшөө хонзогнолын талбар болох байсан. МАН-ын байр руу дайрсан хүмүүс хамгийн түрүүнд дотор нь байсан дэлгүүрийг тоносон. Энэ байдал цааш газар авсан бол юунд хүрэх үү. Жижиг орны хувь заяа эмзэг. Хэдэн том дэлгүүр, хэдэн арилжааны банк халдлагад өртөхөд л Монгол Улсын хувь заяа дээсэн дөрөөн дээр очиж, НҮБ-ын мандат өвөртөлсөн цэрэг манайх руу энхийг сахиулах нэрээр орж ирэх байлаа. Ингэх нь хэнд ашигтай байх вэ. Бодож үзсэн хүн байна уу. Монголын хувь заяагаар тоглох эрх хэнд ч байхгүй.  

Тийм болохоор долдугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний амь нас, гашуун сургамжийг бид мартах ёсгүй юм. Энэ таван хүн утга учиргүй амиа алдаагүй. Тэдний үрэгдсэн амь бол ард түмэн дотроо үймж, талцаж, гэдсэндээ хөлөө хийлцэж, хүчээр асуудлыг шийдэж болдоггүйг бидний орой руу ортол хэлж өгсөн амь нас юм. Долдугаар сарын 1-ний өдөр нь эрүүл ухаан нийгмийг залж явдаг, зөвшилцөл, ойлголцол, хүлээцтэй байх нь улс үндэстний оршин байхын үндэс гэдгийг сануулсан өдөр. Таван залуугийн амь нас бидэнд энэхүү эмгэнэлт гашуун өдрийг байнга сануулсаар байх болно. 

Тэр үед улс орныг удирдан залж, төр төвшин, түмэн олноо амгалан байлгах үүрэг хүлээсэн дарга нараас өнөөдөр ганц нь ч төрийн сэнтийд алга. Суудлаа өгцгөөсөн байна. Яах гэж таван сайхан залуугийн амийг золиослон сандал ширээ, эрх ямбатайгаа зууралдав хэмээн тэд өдөр бүхэн  санаж толгойгоо шааж суугаа. Тэртэй тэргүй тодорхой цаг хугацааны дараа буучих сандал ширээг, намыг хамгаалах нь ямар утгагүй юм бэ гэдэг нь эндээс харагдана. Тэгж олон хүний амь хохироон тэмцэлдсэний үр дүн хаана байна гэж тэр үеийн эрх баригчдаас энэ өдөр ард түмэн асуух хэрэгтэй. Таван залуугийн дурсгалд зориулсан хөшөөг байгуулах хэрэгтэй. Түүндээ долдугаар 1-ний өдөр цэцэг өргөж байя. Гэхдээ энэ бүхэн санан дурсаж, цэцэг өргөхдөө бус том утга учрыг агуулах ёстой. Долдугаар сарын 1-нийг хар өдөр гэхээсээ илүүтэй Үндэсний их эв нэгдэл, ойлголцлын өдөр байлгая. Үүнийгээ зарлан тунхаглаж, дагаж мөрдье. Улс төрчдөөсөө эхлээд ус голдоо хүртэл эв эвдэрсэн бүхэн эвээ олж гар барьдаг, их ойлголцлын, их уучлалын өдөр байя. Алдаанаас сургамж авдаг ард түмэн өнө мөнхөд оршин тогтнодгийн тод жишээ бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улс, монголчууд юм гэдгийг бас дахин  харуулъя.     

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аргентин, Бельги шөвгийн наймд шалгарлаа

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Аргентин, Бельгийн шигшээ багууд шалгарлаа. Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг шөвгийн наймын шатанд Швейцарийг 1:0-ийн харьцаатай хожсон. Аргентины шигшээ багийн хожлын, чухал гоолыг 118 дахь минутад Лионель Мессигийн дамжуулалтаар Анхель Ди Мария орууллаа.

Харин Европийн “Улаан чөтгөрүүд” гэгддэг Бельгийн шигшээ АНУ-ыг нэмэлт цагт 2:1-ийн харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгарчээ. Хоёр багийн үндсэн цагт гоол ороогүй учир нэмэлт цагийг сунган тоглосон юм. Нэмэлт цаг эхэлмэгц буюу 93 дахь минутад Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Кевин Де Брюйн гоол оруулж, тооны харьцаа нээлээ. Үүний дараа 105 дахь минутад Кевин Де Брюйны дамжуулалтаар сэлгээгээр талбайд гарсан Ромелу Лукаку гоол оруулж, тооны харьцааг 2:0 болгон холдуулсан юм. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Голд машинаа угаавал эрхийг нь хасч, 720 мянган төгрөгөөр торгоно

Туул голын сав газрын хамгаалалтын захиргаанаас, Туул голын хамгаалалтын зурваст ахуйн болон барилгын хог хаягдалаа хаяж, машин тэргээ угааж буй үйлдлийг таслан зогсоохоор өнгөрсөн сарын 10-наас эхлэн энэ сарын 10 хүртэлх хугацаанд шөнийн эргүүл хийн ажиллажээ. Энэ хугацаанд Нийслэлийн цагдаагийн газраас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст зөрчил гаргасан ААН болон тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэх, зарим зам гарцыг хаах тухай албан шаардлагыг хүргүүлсэн байна.Цаашид голд барилгын болон ахуйн хог хаяж буй иргэдэд байнгын хяналт тавин ажиллахаас гадна голд автомашинаа угаасан жолоочдын жолоодох эрхийг хасч, 720 мянган төгрөгийн торгууль оногдуулах гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулийн бүртгэл онлайнаар явагдана

Их, дээд
сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноогБоловсролын
үнэлгээний төвийн www.eec.mnсайтад 2014 оны
06 дугаар сарын 28-ны өдөр байрлуулсан.  Ерөнхий
боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн
элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн
хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг 2014 оны 7 дугаар сарын
02-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгоно. 

Бусад шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн
оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд
2014 оны 07 дугаар сарын 02-05 ны өдрүүдэд ажлын цагаар олгоно.  Эдгээр
шалгуулагчид батламж хуудсаа иргэний үнэмлэхтэйгээ ирж  авна. Их, дээд
сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн
консерциум /МИДСК/  дараахь байдлаар зохион байгуулна.  Үүнд:

Хөдөө орон нутагт :

Элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mnвэб
хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо он-лайнаар
хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй  МИДСК-ын элсэлтийн комисс онооны
дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж,  хуваарь сонголтыг баталгаажуулна.
Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил 2014 оы 7
дугаар сарын 01-08-ны өдрүүдэд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн
хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

Нийслэл хотод:

Дараах их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ 2014 оны 7
дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн он-лайнаар хийнэ.

  1. МУИС
    www.burtgel.num.edu.mn
  2. АШУҮИС-
    www.burtgel.mnums.edu.mn
  3. ШУТИС-
    www.elselt.edu.mn
  4. МУБИС-
    www.burtgel.surgalt.mn
  5. ХААИС-
    http://www.msua.edu.mn
  6. СУИС-
    www.suis.edu.mn/elselt/
  7. БХИС
    www.elselt.dum.gov.mn
  8. ХСИС
    www.cd.gov.mn
  9. Тээврийн
    дээд сургууль –
    www.elselt.insttrans.mn
  10. Монгол-Германы
    технологийн их сургууль-
    www.gmit.mn
  11. Хүмүүнлэгийн
    ухаааны их сургууль –
    www.elselt-his.mn
  12. Сан
    дээд сургууль-
    www.san.edu.mn
  13. Мандах
    Бүртгэл дээд сургууль –
    www.mandakhburtgel.edu.mn

Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо он-лайнаар хийх эдгээр
их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй
мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан болно. Бусад хувийн их,
дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны
дараа  тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүл
эх гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадам үзэх тасалбарыг энэ сарын 6-наас худалдаална

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлэх юм байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн  ажиллагаа долдугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх юм. Наадмын нээлт үзэх тасалбарыг энэ сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхлэх гэнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16000, 20000, 24000 төгрөг байх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хонины хурга зутарна гэж хоньчны хөвгүүн бэтгэрэх ёстой юу

Саяхан “Өдрийн сонин” дээр сэтгүүлч Э.Энэрэл “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя” хэмээн бичсэн. Тэрхүү нийтлэлд “Социализм  байгуулж байна гэж хийрхэж эхэлснээс хойш бараг 90 жил дотуур байр нэртэй боловсон шоронтой байсаар ирлээ, бид.  Харин энэ хугацаанд ямар иргэдтэй болов. Бусдыг дээрэлхдэг, бусдаас өрсөж хүртэх гэж булаалдсан атгаг санаа бүр багаас суух болсон. Бас хүнийг хайрладаггүй, хүйтэн хөндий, нэгэндээ талархаж баярлахаасаа атаархаж хонзогнох нь илүүтэй улс болж хувирлаа”  гэж өгүүлсэн нь бий. 

Миний бие хэдийгээр дотуур байрны бүтээгдэхүүн ч гэлээ, малчин ардын хүүхдүүдийн адил тэр л жишгээр явж сургууль соёл дүүргэсэн ч энэхүү уриалгыг зөв гэж бодож байна. Бүр чин сэтгэлээс дэмжиж буйгаа ч илэрхийлье. 

Дотуур байранд хашигд¬чихаад ямар зовлон тамлалыг эдэлж, ижий аавынхаа хайр энхрийлэлд умбаж л байх бага балчир насандаа яаж их шаналж, бусдын хараанд байж, өлсөж цангаж явснаа мартаагүй. Тийм зүйл огтоос мартагддаггүй юм билээ.

Одоо эргээд бодох нь, аавынхаа дүнсэн тамхи сонинд ороочихоод утаа суунаглуулж суудаг дүр төрхийг, эмнэг хангалыг чихдэж номхруулдаг ч үр наддаа элгэмсэг зөөлөн хандаж, сахалтай хошуугаараа энхрийлэн үнсдэгийг нь ямар их үгүйлэн санадаг байж вэ. Мөн ижийнхээ сааль сүү дарайтал шингэсэн дээлийнх нь энгэрт эрхэлж өссөнөө мөрөөдөн санаж, ор дэрээ нэвтэртэл уйлан, нус нулимстайгаа холилдон бэтгэрч байснаа мартаагүй байна. Эгэл малч¬ны хүүхэд бид ижий ааваасаа хол, ингэж бэтгэрч байх заяатай юм байна гэж боддог байж билээ. 

Гэвч өнөөдөр XXI зуун. Дэлхий нийтээр шинэ соёл иргэншил түгэн тархаж, хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтийнхээ эрин үедээ нэгэнт иржээ. Дэлхийн улс  орнууд хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр сахин хамгаалж, хүнээ хайрласан,  иргэнээ дээдэлсэн, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бүтээн байгуулсан хүн ёсны эрин зуунд бид аж төрж байна. Гэтэл аль хорьдугаар зууны эхэн хагасын социализмын хатуу чанд бодлого Монголд мөрдөгдсөн хэвээр байж, энэхүү өгөршсөн, шоронжсон тогтолцоо улс орны хамгийн үнэт капитал ирээдүй хойч үеийн минь хувь заяагаар тоглож байна. Үүнийг анхаарч буй яам, тамгын газар засаг төр гэж алга. 

Дотуур байр хэмээх энэ шорон малаас нь хүнийг хөндийрүүлэхгүй гэсэн со¬циализмын харалган бодлого дээр байгуулагдсаныг бид мэднэ. Нэгдэл нийгмийн мал хуйтай айлуудыг хүүхдээ сургууль соёлд сургана гээд малаасаа хөндийрчих вий, ноос ноолуур, дэл сүүл, айраг сүүний төлөвлөгөө тасарчих вий гэсэндээ сум суурин бүхэнд дотуур байр барьж, амьтны алаг үрсийг өнчин хурганаас ч дорд үзэж өнөөх шорондоо хашсан байдаг. Монголд өнөөдөр дунд сургуулийн 512 дотуур байр байна, түүнд жилд дунджаар 38 мянган хүүхэд ордог гэсэн судалгаа байдаг.  Хуучин нийгмийн үлдэгдэл дотуур байр өдгөө цагт үнэндээ хоцрогджээ. Монголчууд бид чинь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төрт улс орон биз дээ. Гэтэл амьтны үрсийг хар нялхаар нь бараг ижийнх нь мээмнээс салган авчирч, хорьж цагдаж байгаа нь хүнээ дээдэлсэн нийгэм мөн үү. Соёлт улс орнуудын шорон ч манай дотуур байрнаас дээр байгаа. Байрны ахуй амьдралыг бид сайн мэднэ. Өнөөдөр гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол гээд ярьж байна. Ялангуяа Боловсролын яамныхан их ярих юм. Хар нялхаараа ижий ааваасаа хаягдсан хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол гэсэн ойлголт яаж байх билээ. Харин ч бусдад өширхсөн, хэн нэгнээ хайрлахаа байчихсан, хүнийг дээдлэх, хүндэтгэх гэдгийг мэдэхгүй аавын цээжүүд пэд пэд хийцгээж л байдаг шүү дээ. 

Яриа хөөрөө нь тийм нэг хахир хүйтэн болчихдог. Арга ч үгүй юм даа. Тэднийг удирдаж цаг ямагт дэргэд нь гозойж байдаг байрны багш гэж ямар ч боловсрол мэдлэггүй, харилцааны соёлгүй, бүдүүлэг нэгнийг сургуулийн захиргаа танил талаараа тавьчихдаг. Тэд амьтны нялх үрстэй “ална шудна” гэсэн хандлагаар л  харилцдаг нь нууц биш. Хүүхэд л болсон хойно залхуурах, өлсөж цангахын эрхэнд гэрээ санах гээд түмэн асуудал гаргана. Тэр бүгдэд байрны багш хуйгаар нь загнаж занд-раад яс янгинам хахир өвлийн хүйтэнд түлээ түлш бэлдүүлэх, голын жавар сөргүүлэн алхуулж мөс үүрүүлэх, худгаас ус зөөлгөх гээд хүнд хүчир ажил хийлгэнэ. Гадуур тэнэсэн нэгнийг нь орой хатуу арга хэмжээ авч яг л шоронгийн дэглэм шиг үзэж тарна. Ийм  л нөхцөлд ижий аавынхаа хайрыг мэд­рэхгүйгээр хүүхдүүд өсдөг. Дээр нь дэмий тэнэнэ, гу¬дамж метрлэнэ гэх ажил өөрийн эрхгүй бий болдог нь хорлонтой. Хоолондоо цадаагүй хүүхдүүд ах дүү амраг саднаа царайчлах нь дамжиггүй. Өнөө хэд байр¬ны хүүхэд гэхээр л бараг шоронгийн хоригдол шиг хү¬лээн авч, суганых нь бул­чирхайг цочтол мод хөрөөдүүлж, гэрийнхээ бүх л сав суулганд ус дүүргүүлж авсны  дараа таван боорцог хармаалуулаад явуулна. Боорцогны бараа харсан хүүхдүүд шууд байрандаа очихгүй. Ахлах ангийнхан ганцхан нэгжлэг хийгээд дээрэмдэнэ, өгөхгүй бол зодож жанчина. Олон жил байраар явчихсан хүүхэд ямар чиг үед сууж сураагүй, гэрт тогтохыг мэддэггүй. Зундаа гэртээ очихдоо болж л өгвөл айл амьтны тогоо өнгийчихсөн томчуудын хэрэгтэй хэрэгүй ярианд дурлачихсан явж байдаг. 

Бага балчрын энэ зан, өнөө “суурь боловсрол” нь тэднийг амьдралд хайш яйш  болгож, нийгмийн нэг л базаахгүй давхаргын хүмүүс болгох нь бий.

Тэгэхээр Монголын төр одоо Хүүхдийн төлөө хууль баталмаар байна. Тэрхүү хуульд монгол хүүхдүүдийг 14 нас хүртэл гэр бүлийнхээ халуун дулаан орчинд, ижий аавынхаа дэргэд сурч боловсрох ёстой гэсэн заалтыг оруулах нь зүйтэй. Ирээдүй хойч үеэ, залгамж халаагаа бид хуулиар л баталгаажуулах нь чухал. Гэвч яриад ямар чиг нэмэргүй. Гадны бүхий л улс орнууд хүүхдийг 11 нас хүртэл ганцаар явахыг хориглодог. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө маш их үүрэг хариуцлага үүрч, алдаа гаргасан нэг нь эрх чөлөөгөө ч хасуулдаг хууль дүрэмтэй. Гэвч Монгол Улсад хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрнэ гэсэн ойлголт бараг байхгүй дээ. Тиймдээ л монгол хүүхдүүд бага балчраасаа хэрэг түвэгт орооцолдож, элдэв самуун үйлдэлд донтож, бусдын золиос болж цэцэг цэрвүү шиг насандаа амиа алдаж байна. Нэг л их хараа хяналтгүй хүүхдүүд. Ер нь хүүхэд хараа хяналтгүй байна гэдэг аймаар. Тэд нийлж дарвихаараа юу болдог билээ. Эхлээд тамхи татаж сурна. Дараа нь пиво ууж сурна, үндсэндээ согтууруулах, мансууруулах зүйлд татагдаж эхэлнэ. Тэгээд жаахан томрохоороо сексийн харилцаанд орж эхэлдэг. Бидний хойч үе иймэрхүү л маягтай амьдарч ирж байна. Хүүхдүүд багаасаа жирэмсэн боллоо, дунд сургуулийн төгсөлтийн хонхны баяр дээр форм паарчигтай охид цүдийсэн гэдэстэй зогсож ижий аавынхаа нүүрийг олны өмнө түлдэг тохиолдол цөөнгүй. Өнөө л дотуур байрны амьдрал, хууль дүрэм шүү дээ. Охидын байрны гадаа сумын төвийн архайсан залуус архи үнэртүүлээд орой үдэш зогсож байдгийг мэднэ дээ, бид.  

Ингээд бичихээр “Болоод ирсэн юм аа, хүү минь” гэж хүн бүхэн дайрдаг. Тэгвэл Монголд болчихсон нь хаана байгаа юм бэ. Манай улс дэлхийн 200-гаад орноос ядуу буурай, бүдүүлэг хоцрогдсон байдлаараа 180-д орж байна. Болчихсон нь тэгээд энэ үү. Огт болохгүй байгаагийн хамгийн гол үзүүлэлт энэ мөн биз дээ. 

Олон улсад нэр хүнд бүхий “Economist intelligence Unit” компани хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудын судалгааг саяхан нийтэлжээ. Амьдралын хэв маяг, боловсрол, аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэх үзүүлэлтээр 140 орныг нэрлэж, бусдыг  нь хүн амьдрах эцэсгүй гэж үзсэн байдаг. Манай улс хүн амьдрах эцэсгүйд нь багтжээ. “Хүн сурч боловсрох,  хөдөлмөрлөх улс орнуудын жагсаалт”-ын мөн л сүүл хэсэгт бичигдсэн байна. Өнөөдөр Монголд Нобелийн шагналтан байна уу, байхгүй. Цаашдаа гарах болов уу, мэдэхгүй. Ойрын 100 жилдээ лав гарахгүй байх. Гэвч Азийн ихэнх орноос Нобелийн шагналтнуудад төрчихөж. Мөн дэлхийд гайхуулсан нэг брэнд, Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн байна уу.  Нэр цууд гарсан ганц хүн байна уу. Сумогийн хэдийг хэлдэггүй юм бол алга. Тэгэхэд уулын там болсон Түвдэд Далай лам байж л байна. Соёлт хүн төрөлхтнөөс ийнхүү хоцрогдож ядуу буурай, бүдүүлэг дорой байгаагийн үндэс суурь нь боловсрол юм. Өнөө манайхны амаа цангатал яриад байгаа гэр бүлийн хүмүүжил, суурь боловсрол мэдлэг гэдэг чинь. Дотуур байранд хоригдож өлсөж, цангаж, ижий ааваа санаж хоол унд, хувцас хунараас өөр зүйл бодох сөхөөгүй жил саруудыг туулж ирсэн Монголын хойч үе яаж боловсорч, дэлхийд гайхагдах билээ. Тэгэхээр Монголын төр засаг, Их хурал даруйхан Хүүхдийн төлөө хууль гаргаж дотуур байр хэмээх шоронг устгах хэрэгтэй. Хурга зутарчихна гэх өрөвдмөөр сэтгэлгээгээр малчдыг малынх нь дэргэд хатааж, малчин түмний мянга мянга үрсийг бэтгэрүүлэх учиргүй ээ.               

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл, ойлголцлын өдөр байлгая нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ны мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Энэ дугаарын эхний нүүрээс “Бяр тэнхээ нь жигдэрсэн бөхчүүд сэтгэлзүйн бэлтгэлдээ орлоо” сурвалжлага хүрч байна. Булган, Төв, Завхан, Ховд аймгийн бөхийн галаас бэлдсэн энэхүү сурвалжлага наадмын өмнөх өдрүүдийн өнгийг тодорхойлно. Хэн гэдэг улсын цолтон хаана, хэдэн шинэ цолтон төрүүлэхээр бэлтгэлээ базааж буйг эндээс уншаарай. Тэрчлэн “Ерөнхийлөгч давхар дээлийн тухай хуулийн төслөө намар дахин өргөн барина” сэдэвт нийтлэлийг эхний нүүрээсээ толилуулж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлаад буй хуулийн төслүүдийнхээ талаар ярилцсан юм. Энэ үеэр “Давхар дээл”-ийн гэгдэх, Шилэн дансны тухай гээд олон хуулийн төслийг хэлэлцжээ.

Харин улс төрийн мэдээллийн буланд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн ч тодорхой шалтгаанаар томилогдож чадахгүй байгаа УИХ-ын гишүүн Д.Ганбатын ярилцлага нийтлэгдэв. Тэрээр сэдвийн хүрээнд өөрийнхөө байр суурийг илэрхийллээ. Тэрчлэн Н.Батбаяр сайд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх” гэрээнд гарын үсэг юм. Уг мэдээллийг болон түүнийг огцруулах асуудлын талаар өөрөөс нь байр суурийг нь авсныг нийтэлжээ.

“Өдрийн сонин”-ны нийтлэлийн бодлогын өнгийг тодорхойлдог гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулуун “Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл, ойлголцлын өдөр байлгая” нийтлэлээ хүргэлээ. Улс төрийн сөрөг уур амьсгалаас үүдэн таван хүний халуун амийг авч одсон тэр хар өдрөөс хойш зургаан жил болжээ. Тэрээр энэхүү өдрийг тохиолдуулан уг нийтлэлээрээ долдугаар сарын 1-нд монголчууд эвлэрч, ойлголцолд хүрч чадаагүйгээс уг хэрэг үүдсэнийг дахин сануулж байна.   Энэ дугаарт бас нэгэн сонирхолтой ярилцлага нийтлэгдэж байгаа нь “Орт-ийн Жди меня нэвтрүүлэг 29 жилийн дараа Монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ” гэсэн гарчигтай. Энэ ярилцлагад 29 жилийн тэртээд болсон үйл явдал эхнээсээ багтсан. Тодорхойлбол, тэртээ онд Монголд амьдарч, Монгол залуутай нэгэн бүл болж байсан Украйн эмэгтэй нутаг буцсан байгаа юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн тэр бүсгүй нэг охиноо тэврэн хоёр хүүхдээ эцэгт нь үлдээгээд харьж одсон. Хагацлын тэр өдрөөс хойш 29 жилийн дараа тэд уулзсан гунигт бас баярт явдлын тухай хүүрнэл ярилцлагыг уншихад таны сэтгэлд бас нэгэн зүйл хургах бизээ.

Бас ГЕГ-ын дарга О.Ганбатын “шинэчлэл” гэх шоуны үнэн нүүр царай “эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан” тэмдэглэлийн гуравдугаар цуврал багтаж байна. Өмнөх нийтлэлүүдийн үргэлжлэлийг эндээс олж уншаарай.