Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ураны уурхайгаас өндөр хордлого үүсгэхээр цацрагийн тун хэзээ ч үүсэхгүй

Дэлхийн хамгийн анхны цөмийн бөмбөг хийсэн газар бол АНУ-ын
Лос Аламос дахь Цөмийн лаборатори юм. Тус лабораторийн судлаач Б.Баярбадрахтай
ярилцлаа.

 -Ураны
шар нунтаг аюултай гэсэн ойлголтыг иргэний нийгмийнхэн их ярьдаг. Мэргэжлийн
хүний хувьд ураны шар нунтгийг энгийнээр тайлбарлаач?

-Шар нунтаг бол байгалийн ураныг баяжуулаад хүчил хэлбэртэй
болгосон л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Цааш нь олон дамжлагаар боловсруулж байж
цөмийн реакторын түлш болдог эд. Ураныг олборлоод, шар нунтаг гаргаж авах
хүртэлх процесст цацрагийн түвшин тухайн газар нутагт байгалийн суурь
түвшингээсээ тэгтлээ ихэсдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүст нөлөөлөх цацрагийн
түвшин маш бага. Харин уурхайд ажиллагсдын авч байгаа цацрагийн тунг байнга
хянаж байдаг.

-Тэгэхээр
шар нунтагт байх уран яг байгаль дээрхтэйгээ ижил гэсэн үг үү?

-Яг тийм.

-Эрдэмтэн
судлаачдын яриаг сонсоод байхад цөмийн реакторт түлш болох хэмжээний баяжуулалт
хийх технологи баргийн оронд байдаггүй, байхыг ч зөвшөөрдөггүй гэж ойлгосон?

-Таны асуултад хариулахын өмнө бага зэрэг оршил хэлье. Байгаль
дээр ураны төрлийн хоёр изотоп байдаг. Химийн хувьд ижил шинж чанартай, харин
физик болон цөмийн урвал явагдах шинж чанараараа ялгаатай хоёр өөр уран байдаг
гээд ойлгочихож болно. Одоогийн цөмийн реакторуудад хэрэглэгдэж түлш болдог нь
уран-235 гэдэг изотоп.Энэ изотоп байгаль дээрх ураны 0.7 хувийг эзэлдэг.
Тэгэхээр байгалийн уранд байх 235 гэсэн хэмжээг өсгөх шаардлага гарч ирнэ.
Тодруулж хэлбэл дараагийн шатны баяжуулалт хийгдэнэ гэсэн үг. Ийм нарийн  технологи улс бүрд байдаггүй. Байхыг нь ч
хүчирхэг гүрнүүд зөвшөөрдөггүй.Учир нь уран-235-ын өндөр баяжмал гаргана гэдэг
нь шууд атомын бөмбөгийн түүхий эд болчихож байгаа хэрэг. Ямар төрлийн цөмийн
реактор гэдгээсээ хамаараад хэрэглэх түлш нь янз бүр байдаг.Голдуу 5-20 хувийн
уран-235-ын агууламжтай түлш хэрэглэдэг. Түлшний үлдэж буй хэсэг нь ураны нөгөө
изотоп. Уран-238  гэдэг изотопийн хувьд
байгал дээр 99.3 хувийг эзэлдэг.Тэгэхээр хүн төрөлхтөн одоогоор байгалийн ураны
нэг хүрэхгүй хувийг нь эрчим хүчний зорилгоор ашиглаж чадаж байгаа гээд
ойлгочихож болно. Гэхдээ уран-238-ын эрчим хүчийг ашиглах шинэ төрлийн
реакторуудын судалгаа эрчимтэй хийгдэж байгаа.

-Манай
улсад шар нунтаг хүртэл боловсруулна гэж байгаа. Энэ процесст цөмийн түлшний
хаягдал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Манай улсад шар нунтаг хүртэл боловсруулах тул цацрагийн өндөр
агууламжтай хаягдал үүсэхгүй. Уран гэдэг бол 
хэдэн тэрбум жилийн настай цацраг идэвхт химийн элемент. Олон сая жил
байгаль дээр бүрэлдэж бий болсон ураны орд дотор задралаас нь үүссэн бусад
элементүүд ч хамт байж байдаг. Хүдрийн биетээс ураныг нь ялгаж авсан ч тухайн
биет дотор байх бусад элементүүд тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Гэхдээ үлдсэн
элементүүдийн хувьд байгальд ямар хэмжээний идэвхжилтэй байсан тэр хэвээрээ л
байна.Уран олборлолтоос үүдэж цацрагийн бохирдол үүсэх нь бага гээд байгаа нь
ийм учиртай. Мэдээж уурхайн хайгуул, олборлолтын үед сахих дүрэм журмууд гэж
бий. Дүрэм журмаа  мөрдөөд ажиллахад уран
олборлоход  аюулгүй.

-Цөмийн
хаягдал оруулж ирээд хөрсөн дор булах гээд байна гэсэн шуугиан байсгээд
дэгддэг. Ингэх боломжтой юу?

-Дараагийн шатны боловсруулалтыг алгасаад Монголд орж ирэх нь
гэж шуугиад байгаа цөмийн хаягдал гэж юу вэ гэдгийг эхлээд тодруулъя. Цөмийн
реактор дотор уран шатах нь байгаль дээрх задралаас арай өөр. Цөмийн хуваагдах
урвал явагддаг. Өөрөөр хэлбэл, үелэх системийн 92 дугаарт байрлах уран хоёр
хуваагдахаар нийлбэр нь 92 гарах янз бүрийн хөнгөн элементүүд үүсдэг.
Тэдгээрийн ихэнх нь хурдан хурдан хугацаанд задраад байгаль дээр тогтвортой
байдаг хөнгөн элементүүд үүсдэг. Урт настай олон мянган жилд задарч дуусах
элементүүд ч байдаг. Мөн шатдаггүй гэж сая ярьсан уран-238-аас байгаль дээр
байдаггүй, илүү хүнд элемент болох плутони үүсдэг. Энэ нь бас л зэвсгийн түүхий
эд болдог.  Ийм шалтгаантай учраас  их гүрнүүд ашигласан түлшийг мөн л өөрсдийн
хяналтанд байлгах сонирхолтой. Тэгэхээр манайхны яриад байгаа шиг нууцаар
оруулж ирээд хаа нэг газар булчихна гэсэн ойлголт огт байхгүй. Одоогоор
ашигласан түлшийг маш цөөхөн газар дахин боловсруулалт хийдэг.

-Маш
бага хаягдал үүсгэх реакторуудыг туршиж байгаа гэл үү?

-Тэр чигийн судалгаа хийгдсэн. Туршилтын шатандаа явж байна.
Яваандаа тун бага хаягдал үүсгэж бүрэн шаталт явагдах реакторууд ажиллаж эхлэх
байх.

-Шар
нунтаг тийм ч айж болгоомжлоод байх эд биш болж таарлаа. Нийс­лэлчүүдийн гол
хэрэглээ болсон нүүр­сэнд агуулагдах ураны хэмжээнд анхаарах цаг болсон гэж
ярьдаг. Таны фэйсбүүк дээрээ постолсон тоо судалгаа ч сонирхол татсан…?

-Манай орны ихэнх ордын нүүрс бага боловч ураны агууламжтай
байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоосон зүйл. Нүүрсэнд ганц уран ч гэлтгүй их
олон төрлийн хүнд металл агуулагддаг. Энэ бүх хүнд элементүүд нүүрсний утаа,
үнсэнд агуулагддаг юм. Зөвхөн манай улсад ч биш бусад орнууд ч энэ талаар
анхаарч судалсан байдаг л даа. Нүүрсний цахилгаан станцын ойролцоо амьдарч буй
иргэдийн авах цацрагийн нөлөөлөл цөмийн станцын ойролцоо амьдардаг иргэдийхээс
100 дахин их байдаг гэсэн судалгааг АНУ-ын Оак Ридж лабораториос гаргасан
байдаг.Улаанбаатарчууд жилдээ ойролцоогоор 5.2 сая тонн нүүрс хэрэглэдэг.
Монгол орны нүүрсэнд дунджаар 1 ppm (саяд нэг буюу тонн нүүрсэнд 1 гр) уран
байдаг гэсэн судалгаа бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд голдуу үүнээс ч их
хэмжээтэй байдаг. Эндээс ургуулаад тооцохоор нийслэлчүүдийн түлсэн нүүрсний
үнс, утаагаар ялгарсан уран багаар бодоход л жилдээ таван тонн болно гэсэн тоо
гарч байна.

-Манай
улсад Францын “Арева” компани ураны хайгуул явуулж байгаа. “Арева”-гийн хувьд
уран олборлолтоороо дэлхийд хэдэд ордог вэ. Олборлолтоороо тэргүүлдэг улсууд
гэвэл өөр хаанах байна?

-“Арева” бол  уран
олборлолт төдийгүй цөмийн технологийн бүхий л салбарт ажилладаг дэлхийд
тэргүүлэгчдийн нэг. Уран олборлолтоор “Арева”-тай өрсөлддөг Канадын ”Камеко”
гэж компани орж ирээд гараад явсан түүх бий. Энэ хоёроос гадна Казахстан
байгаа. Цааш нь дурдвал манай хоёр хөршийн төрийн өмчит компаниуд гэсгээд
дуусна.  Ер нь  энэ салбарт олон том тоглогч
байхгүй.Олборлогч орнуудаас гэвэл Казахстан, Австрали, Канад, Нигер, Намиби,
ОХУ гэж жагсах байх.

-Цөмийн
физикчидтэй уулзахаар атомын станцтай болох хэрэгтэй гэдэг. Ер нь атомын
станцын сүүлийн үеийн чиг хандлага ямаршуу байгаа бол. Цөмийн эрчим хүчийг
дэлхий хэр сонирхож байна?

-Фукушимагийн ослоос хойш цөмийн эрчим хүчинд найдах улс
орнуудын хандлага багассан тал бий. Гэхдээ цөмийн эрчим хүчийг эрчим хүчнийхээ
гол хэсэг байсаар байх болно гэж үзэж буй орнууд цөөнгүй хэвээрээ. Ер нь аль ч
улс орон зөвхөн нэг төрлийн эх үүсвэр дээр улс орныхоо ирээдүйг найдаж
даатгадаггүй. Аль болох олон эх үүсвэр хослуулж хэрэглэх бодлого барьж байгаа
нь анзаарагддаг.Цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаа мэдэгдсэн Германы хувьд
гэхэд л зарим цөмийн реакторууд нь одоо ч гэсэн ажилласаар байна. Үүний
зэрэгцээ эрчим хүчний өөр эх үүсвэрийг ч идэвхтэй хайж байгаа. Манай урд хөрш
гэхэд цөмийн эрчим хүчнийхээ нөөцийг дор хаяж гурав дахин нэмэгдүүлэх
төлөвлөгөөтэй байна. Улс орон бүр эцсийн дүндээ эрчим хүчний нэг эх үүсвэрээс
хараат биш байх бодлого барьж байгааг эндээс харж болно. Яг үүн шиг манай улсын
эрчим хүчний бодлогод ч цөмийн эрчим хүч багтдаг. Гэхдээ бодлогыг бодит ажил
хэрэг болгох хөтөлбөр урт хугацаа шаардсан ажил. Өнөө маргаашдаа барьчих ажил
биш л дээ.

-Улаанбадрахад
гажигтай төл гарлаа гэсэн мэдээлэл ч бас давтамжтай цацагддаг. Судлаач хүний
хувьд энэ мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Гажигтай төл гарах олон шалтгаан байж болно шүү дээ. Тэр
болгоныг судлаачид олон талаас нь шинжилж байж л хэлнэ. Цацрагийн хордлогоос
болж гажигтай төл гарсан гэж үзвэл ургийн гажиг бий болохуйц их хэмжээний
цацрагийн бохирдол байгаа гэсэн үг. Үнэхээр тийм бохирдол байгаа бол манай
иргэний хөдөлгөөнийхөн ч гэсэн цацраг хэмжигч барьж очоод хэмжчих боломж бүрэн
бий. Нэг зүйлийг дахиад онцолъё. Тийм өндөр хордлого өгөхүйц цацрагийн тун
ураны уурхайгаас болж үүснэ гэж хэзээ ч байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөрвөн багш, 54 оюутныг авлига авсан, өгсөн хэргээр шүүнэ

-ЭНЭ БОЛ ЗАЛУУ
ҮЕИЙГ ХОМОРГОЛОН ШИЙТГЭЖ БУЙГААС ӨӨРЦГҮЙ, БУСАРМАГ ЯВДАЛ-

Худалдаа  үйлдвэрлэлийн дээд
сургуулийн  зарим багш, оюутан авлига авсан,
өгсөн гэх шуугиан дэгдэж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн билээ. Энэ хэргийн мөрдөн байцаалт
өнгөрсөн сард дуусч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжээд байсан юм. Анхан шатны шүүх
хурал  өнгөрсөн долоо хоногт болох ёстой байсан
боловч өмгөөлөгч, холбогдогч нарын ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Шүүх
хурал энэ сарын 23-нд болно. Энэ хэргийн талаар тоймлон хүргэе.

 2012 оны аравдугаар сард  тус
сургуулийн  зарим багш оюутанд  Эрүүгийн хуулийн 268, 269, 270 дугаар зүйл анги
буюу авлига хээл хахууль бусдад өгөх, зуучлах гэсэн зүйл ангиар буруутган шалгаж
эхэлсэн байдаг. Дээрх хэрэг  дөрвөн багш,
оюутан нийлээд 70 орчим  шүүгдэгч, 36 өмгөөлөгч
оролцохоор байгаа аж. Мөн дээрээс нь  шүүгдэгч
нарын ар гэрийнхэн  нэмэгдэхээр 200-300 хүн
шүүх хуралд оролцох  болоод байгаа гэнэ. Энэ
нь  олон шүүгдэгчтэй шүүх хурлын нэг  гэж тооцогдож байна. Манай шүүхийн танхимд өмнө
нь ийм олон шүүгдэгчтэй хэргийг шүүж байсан түүх байхгүй тухай шүүхийнхэн ярьж буй
юм. Харин  ар гэрийнхэн нь  “Залуу үеийг бөөнөөр нь  эрүүгийн хэрэг үүсгэж, хоморголон яллахыг улайрч
байна. Тэдний авлига өгнө, авна гэдэг юу байх вэ. Дүн, цагийн ирцээ засуулах гэсэн
багш, оюутан нарын хоорондын харилцаа. Үүнийг дэвэргэж авлига гэсэн том нэр хаяг
өгч бүтэн хоёр жил шалгаж ийн шүүхийн шатанд хүргэж буй нь буруу. Иймэрхүү явдал
аль ч их дээд сургуульд байдаг л зүйл” гэж үзэж байгаа гэнэ.

70 гаруй шүүгдэгчтэй гэж буй энэ хэргийн дийлэнх нь оюутнууд. Мөрдөн
байцаалт болон хавтаст хэргээс авсан материалаас үзвэл яг авлига өгсөн авсан гэдэг
нь нотлогдоогүй байдаг. Хэдэн гэрчийн мэдүүлгийг үндэслэн олноор нь оюутнуудыг яллах
гэж оролдож байна гэж үзэх ч өмгөөлөгч байгаа юм. Мөрдөн байцаалт эхэлснээс хойш  сэжигтэн шүүгдэгчдийн тоо буурч ирсэн ч нотлогдоогүй
хэрэг дээр барин тавин оюутан залуусыг хоморголон  шүүх гэж байна гэж багш нар хэлж байна. Тэдний
ар гэрийнхэн  холбогдох газруудад хандсан
ч тусыг эс олсон бололтой. Юутай ч анхан шатны шүүхийн шийдвэрийг харъя хэмээж буй
гэнэ.  Энэ хэрэгт оюутнууд багш нартаа дүнгээ
засуулах гэж мөнгө өгсөн юм уу, эсвэл сургуулийн төгсөлт, баяр наадамтай холбоотой
мөнгө өгсөн юм уу гэдэг нь тогтоогдоогүй гэж нэг өмгөөлөгч нь ярьсан юм.  

 Шүүхэд ирсэн материалаас үзвэл  энэ хэрэгт 54 оюутан, дөрвөн багштай холбоотой  эд мөрийн баримт цугласан байна. Тэдэнд үүсгэсэн
зүйл ангиар бол дээрх оюутнуудын хамгийн бага нь л гэхэд  тав, дээд тал нь найман жилийн ялаар шийтгүүлэх  төлөвтэй байгаа аж. Худалдаа үйлдвэрлэлийн дээд
сургуулийнхныг  буруутгаж буй зүйл  ангийн 
ялын хэмжээ нь ийм байгаа юм.Түүнчлэн 20-50 сая төгрөгийн авлигын хэрэг ч
яригдаж буй  гэнэ. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн
өөрийн итгэл үнэмшлээрээ хэргийг хэрхэн шийдэхээс бүх зүйл хамаарах бололтой. Өмгөөлөгчид
бол энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад яриа өгөх боломжгүй. Тэр тусмаа
шүүхэд хэрэг очсон үед яриа өгвөл шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх гэж оролдсон гэж буруутгагдана
хэмээж буй юм. Харин шүүгдэгч нарын нэгнийх нь ар гэрийн хүнтэй ярилцлаа.

-Энэ
хэрэг яагаад энэ хүртэл явчихсан юм бол?

-Мэдэхгүй. Сургууль дээрээ багш нарт авлига өгсөн гэж хуулийнхан
шалгаж байна гэж хэлсэн. Тэгтэл ийм олон хүүхэд 
энэ хэрэгт буруутгагдаж явааг сая л мэдлээ. Би үнэхээр гайхсан. Яахаараа  эрдэм боловсрол эзэмшээд мэргэжилтэй болох гэж
буй хүүхдүүдийг олноор нь яллах хүртлээ хэрэг шүүх рүү явчихав. Бид чинь хүнлэг
ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ.

-Хуулийнхнаас
энэ талаар асууж үзсэн үү?

-Асуусан. Хэсэг оюутнууд нийлж байгаад багш нартай зуучилдаг. Зарим
нэг нь дүнгээ, муу авсан хичээлийнхээ оноог өсгөхийн тулд хэдэн төгрөг өгсөн бололтой
юм. Би сайн мэдэхгүй. Сонссоноо л хэлж байгаа юм шүү. Энэ нь хууль бус үйлдэл гэнэ.
Хууль бус үйлдэл юм бол бас сануулаад тодорхой хэмжээнд арга хэмжээ авч болно шүү
дээ. Авлигын хэрэг гэхээр л сүр бадраагаад явчих юм. Хэдий хууль бий. Түүнийг  хүн бүхэн мөрдөх ёстой ч гэсэн. Хоморголон залуусыг
шийтгэж болохгүй шүү дээ. Энэ тал дээр ч төрийн зүгээс уян хатан бодлого баримталдаг
л байлгүй гэж санах юм.

-Бүгдийг
нь яллавал яах вэ. Тэдний ирээдүй бүрхэг болно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Ажил амьдралтайгаа золгох гэж байхад нь эрүүгийн
хэрэг үүсгэсэн гээд уяад байх юм. Манай хүү бол өнгөрсөн жил  сургуулиа төгссөн. Төгсөөд ажилд ч орж чадахгүй
хэрэг шийдэгдэхийг хүлээгээд байна. Ганц манай хүү ч биш. Өөр олон айлын хүү ингэж
хохирч байна. Залуу үеийг хоморголон шийтгэж буйгаас өөрцгүй бусармаг явдал. Хуулийн
байгууллага ингэж ажиллахын тулд байдаг бол хэцүү юм байна. Юунд итгэж найдахаа
ч мэдэхгүй юм.

-Багш
нартаа хахууль өгдөг байсан гэж л буруутгаад буй бололтой. Нэлээн олон сая төгрөг
яригдаж буй бололтой?

-Олон сая төгрөг яригдлаа гээд юу шалих вэ дээ. Хэдэн саяыг нь мэдэхгүй
юм. Гэхдээ л өөрийнхөө ирээдүйн дипломын оноонд санаа зовсон хүүхдүүдийг шунахайн
сэдэлтэй бусдад авлига өгсөн гэж буруутгаж байна гэсэн. Үүнийг сонсоод гайхсан.
Өмгөөлөгч нар нь ч гайхаж байсан.

-Дан
ганц дүнгийн оноо бус,  Худалдаа үйлдвэрлэлийн
дээд сургуульд хүүхэд оруулна гээд багш нартай хахууль авч өгч дунд нь зуучилдаг
байсан гэсэн зүйл яригдаж буй бололтой?

-Би тэрийг нь яаж мэдэх вэ. Гэхдээ  аль ч их дээд сургуульд ороход үнэ мөнгөний тухай
л яригддаг. Ганцхан дөрвөн багш 60 орчим хүүхдийг буруутгаж болохгүй шүү дээ. Анхнаасаа
энэ хэрэгт олон хүнийг буруутгасан. Танил талтай нэг нь хэргээс мултраад гараад
явчихсан л байгаа шүү дээ. Ингээд бодохоор үнэн юм гэж байна уу гэж асуумаар байна.
Энэ олон хүүхдүүдийг хэрэв шийтгэдэг юм бол би өлсгөлөн зарлана. Юу ч гэсэн анхан
шатны шүүхийн шийдвэрийг хармаар байна.

-Эцэг
эхчүүд юу гэх юм?

-Аргаа тасарсан хүмүүс л байна. Тэгтэл төрийн хөрөнгийг хувьдаа завшаад
явж байгаа олон улс төрч, албан тушаалтнууд байна. Тэднийг яах ч үгүй мөртлөө аар
саархан зүйлээр оролдож бусдын хүүхдүүдийг яллах гээд буй хуулийн байгууллагынхныг
ойлгохгүй байна. Хуулийн  байгууллага гэдэг
чинь ер нь яачихсан юм бэ. Өөрийнхөө ирээдүй үе болсон залуусыг ингэж олноор нь
шийтгэх гэж байгаа нь хэр оновчтой юм бол. Хэрэв асуудал муугаар эргэвэл  бид зүгээр байхгүй гэж бодож байгаа.

-Хэн
хэн гэдэг багш нар энэ хэрэгт холбогдсон юм бэ?

-Хэрэг нь шийдэгдээгүй байхад багш, оюутнуудын нэрийг гаргаад хэрэггүй.
Тэдэнд цаанаа амьдрал бий.Тэгээд ч хэрэг нь нотлогдоогүй байгаа гэдгийг олон хүн
хэлж байна.

-Хэрэг
нь мөрдөн байцаалтаар нотлогдоогүй бол шүүхэд шилжүүлэхгүй л дээ?

-Ингэж би зөвхөн яриагүй өмгөөлөгч нар хэлж байгаа. Тэд чинь хуулийн
хүмүүс, хавтаст хэрэгт юу гэж байна. Ямар нотлох баримт байгааг мэднэ. 

Г.ЯЛГУУН                   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө, улс оронд хэрэгтэй юу үлдэв

УИХ-ын хаврын ээлжит чуулган албан ёсоор хаалтаа хийлээ. Улс төрийн нэгэн мөчлөг өнгөрлөө. Аливааг эхлэл дээр нь бус төгсгөл дээр нь үнэлж дүгнэхийг цаг үе шаардаж байгаа. Улс орны хувь заяаг удирдан залж байгаа УИХ-ын чуулганы хаалт нь ийнхүү дүгнэх мөчлөг юм. Энэ хавар улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдрал даруухан байсангүй. Жигд, хүчирхэг хэмнэлээр явсангүй. Юу болж байгааг хэвлэл мэдээллээс нийгмийн сэтгэл зүй хангалттай сонсож мэдсэн. Улс орныг удирдаж буй хүмүүс асуудлыг ярьсангүй, хүний тухай ярьсаар таарлаа. Сайд дарга нарыг огцруулах асуудал, хуйвалдааны эсрэг хуйвалдаан ярьсаар түүндээ ч цэг тавьж чадалгүй нээлттэй үлдээгээд чуулганаа завсарлуулав. Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын эсрэг тодорхой санал санаачилга, гарцыг ямар ч улс төрийн хүчин, улс төрчийн амнаас ард түмэн олж сонссонгүй. Хаврын чуулган ажлын 32 хоног ажиллаж, энэ хүрээнд нэгдсэн хуралдааныг 29 удаа, байнгын хороодын хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна. Мөн 79 хууль баталснаас бие даасан 9, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 43, хүчингүй болгох тухай 2, гэрээ хэлэлцээ, соёрхон батлах тухай 4, УИХ-ын тогтоолын 29 төсөл тус тус баталсан байна. Хууль эрх зүйн хувьд басчиг тоон үзүүлэлт. Тэгвэл УИХ-аас гаргасан хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хүрээнд ажлаа явуулах үүрэгтэй Засгийн газар нь хэрхэн ажиллав. Улс орны нийгэм, эдийн засагт хамгийн их ач холбогдолтой, үр дүн авчрах Төмөр зам, Газрын тосны үйлдвэр, Чөлөөт бүсүүд, Сайншандын аж үйлдвэрийн парк, Таван толгой, Оюу толгой хаа байна. Ажил нь хэрхэн ахив. Эдийн засгийн үр дүн байна уу. Үүнд УИХ-аас тодорхой үнэлэлт дүгнэлт өгөв үү. 

Жишээ нь хамгийн их хэрүүлийн талбар болоод байгаа Төмөр зам байна. Ямар ч улс төргүй, мэргэжлийн хүний дүгнэлтээр бол шинэ төмөр замын асуудал нь бодлого гарснаас хойш дөрвөн жил, төлөвлөж эхэлснээс хойш зургаан жил нийт 10 жилийг ардаа үджээ. Эхний галт тэрэг тээврээ хийх хугацааг алдсан байна гэж дүгнэсэн байна. Аль 2010 онд батлагдсан төмөр замын бодлого өнөөг хүртэл хэрэгжиж амжсангүй. Уг нь анх батлахдаа 2012 он гэхэд л 1100 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч км шинэ төмөр зам баригдсангүй. Өргөн, нарийн царигийн аль нь манай улсын эрх ашиг юм бэ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэлж байгаагаар бол “Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн гардаг урсгалуудыг нарийн царигтай болгоно. Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр замыг тавина. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү гарах импортын бүтээгдэхүүнийг зөөвөрлөх төмөр зам нь нарийн царигаар баригдана гэсэн үг. Харин Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замуудыг өргөн царигтай барина. Ингэснээр хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барина гэсэн үг” гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газраас оруулсан энэ санал нь энэ удаагийн чуулганаар бүдэрч хойшиллоо. Төмөр зам тавигдах асуудал дахиад л хойшлогдлоо гэсэн үг. Энэ мөчид өргөн царигийг дэмжигсэд болох Х.Баттулга тэргүүтэй хүмүүс мэдээллийн цахим ертөнц хийгээд мэдээллийн сувгуудаар ялалт байгууллаа, нарийн цариг тавихын төлөө нөхдөд хориг тавьж чадлаа хэмээн бахархалтайяа дуугарцгаах болов. Эцэстээ өргөн, нарийн царигийн маргаан Монголын нүүрсний гадаад зах зээлд өндөр үнээр борлуулж, их хэмжээний ашиг олох байсан алтан үеийг өнгөрөөж, нэг км ч шинэ төмөр замгүй хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ гэсэн үнэнтэй л үлдлээ. Үүнийг одоо ямар үр дүн гэх вэ. Улс төрийн орчин дахь маргаан нь улс орны хөгжлийн төлөөх мэтгэлцээн байдаг учраас заавал нэг үр дүн харагдаж байдаг. Тэгвэл Монголын улс төрийн, засаглалд суугчдын хоорон дахь энэхүү өргөн, нарийн царигийн маргаан, талцаан, хэрүүл тэмцлийн үр дүн гэж юу байна вэ. Үүнийг л ард түмэн хоёр тал болсон хүмүүсээс асууж байна. Тэгвэл өнөөдөр юу үнэн байна гэвэл юу ч үгүй, бүтээж байгуулсан зүйлгүй, зүгээр л төмөр замын царигаар хэрүүл хийн цаг хугацааг өнгөрөөж байгаа нь үнэн байна.   

Хэрэвзээ цариг дээрээ ойлголцоод төмөр замаа тавьж чадсан бол 1.5 тэрбум ам.долларын бондын ч хэрэггүйгээр улсын эдийн засагт мөнгө орж ирэх боломжтойг эдийн засаг судлаачид хэлж байгаа юм. Төмөр зам геополитик биш ээ, эдийн засгийн утга нь илүү гэвэл зөв сонголт нь нарийн цариг болно. Шууд урагшаа тавина. Шилжүүлэн ачилтын нэмэлт зардалгүйгээр Хятадын төмөр замтай холбогдоно. Зардал хэмнэнэ, цаг хугацаа хожно. Ачаа эргэлт хурдан болно. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, АНУ гээд олон улсад өргөн хэрэглэдэг дэлхийн стандартад нэвтрэх юм. Хоёр том хөршийнхөө дундаас бид хаа холдох билээ. Тийм болохоор тээврийн асуудлаа шийдэхгүй байгаа нь хөгжлийн гарцгүйгээр гацлаа гэсэн үг. Гарц байхгүй бол тээвэр байхгүй, тээвэрлэлт хийгдэхгүй бол Монгол Улсын хөгжлийн коридор хэзээ ч нээгдэхгүй гэсэн үг. Энэхүү царигийн хэрүүл эцэстээ ийм л үр дүнд хүрлээ.

Улс орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтаас төмөр замыг онцлоход ийм байна. Бусдынх нь тухай яривал бас ийм л агаартай мэдээллүүд цувна. Эмгэнэлтэй байна даа. УИХ-аас хууль эрх зүйн тодорхой бичиг баримтууд гарч байж л энэ улсын эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Тийм болохоор энэ удаагийн чуулганы хугацаа гэдэг бол эдийн засгийн эрх ашигтай хуулиудыг хэрхэн зөв эрэмбэлж баталснаар “Эзэн-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын эрч хүч, үр дүнг харах ёстой. Өнөөдөр харагдаж байгаагаар эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд барьсан 20 орчим хуулийн тал хувь нь ч батлагдалгүйгээр завсарлав. Энэ бас л үр дүн. Хаваржингаа эдийн засгаа эрчимжүүлнэ гэж ярьчихаад Их хурал нь завсарлачихаар ард түмэн итгэлгүй үлдэж байна. Их хурлын дарга ч өөрөө хэллээ, “Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтаа УИХ-д оруулж ирсэнгүй” гэж. Энэ бол Их хурал-Засгийн газар хоёрын уялдаа холбоо хангалтгүй байгаагийн жишээ. Ийм байхад эдийн засгийн эрчимжилт хийгээд эхэнд дурдсан томоохон бүтээн байгуулалтууд хэрхэн урагшлах тухай итгэл алга. Наадамлаж, найрласаар намрын дунд сарын 17 хүрч сая нэг сэхээ орно. Тэр үед улсын эдийн засаг болон олон улсад нөхцөл байдал ямар болсон байхыг багцаалж буй улс төрч байгаа юм уу. Наадмын уур амьсгал орчихсон энэ өдрүүдэд энэ тухай бодохыг ч хүсэхгүй байх шиг байна.

 УИХ-ын дарга З.Энхболдын чуулганы хаалтад хэлсэн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоомжууд, баталсан баримт бичгүүд, түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг хоёр хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталсан нь их бүтээн байгуулалтын ажлыг идэвхжүүлэхэд, эдийн засгийг эрчимжүүлэхэд бодитой түлхэц болоосой л гэж хэлье дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарханы төмөрлөгийн үйлдвэр дэх наад захын шахаа

Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “хог” шахсан бизнес удирдлага нь солигдсоны дараа  зах зухаасаа илэрчээ.   Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2014 оны 2 сарын 27-нд   өөрийн  твиттер хуудсаараа жиргэж,  “Эрдэнэт үйлдвэрийнхний Импортыг орлуулж, хэмнэлт хийсэн талаар танилцлаа. Цаашдаа шахааны бизнес гэж байхгүй!”  хэмээжээ.  Энэ өдрөөс хойш яг 11 хоногийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 10-нд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн  гүйцэтгэх захирал асан  П.Эрдэнэцогт  худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байх юм.  Гэрээ нь ч яахав гэрээ л юм байж. Хавсралт нь харин сонирхолтой түүх өгүүлнэ.  Энэхүү хавсралтаар сагсан бөмбөг ширхэгийг нь 290 мянган төгрөгөөр, гар бөмбөг  ширхэгийг нь 330 мянган төгрөгөөр, ширээний теннисны аркетийг  мөн л ширхэгийг нь 240 мянган төгрөгөөр, ширээний тениссний ширхэг  бөмбөгийг 10 мянган төгрөгөөр шахсан байна лээ. Эдгээрийг шахсан “Отгон цамхаг” ХХК-ийн захирал Ш.Баясгалан гэгч нь Дарханы МоАХ-ны нарийн бичгийн дарга аж. Өрсөлдөгч намынхандаа ийнхүү найр тавьж байгаа юм чинь өөрийнхөө намынхан, хамаатан садан, ах дүү найз нөхөдтэйгээ бол бүр аймаар дүнтэй гэрээ үзэглэдэг байлгүй.   Энэхүү гэрээ 49 сая 700 мянган төгрөгийн дотор үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгөөс дээш бараа үйлчилгээг тендер зарлаж авах учиртай. Тэгэхээр төрийн өмчөөр гараа угаадаг захирлууд 50 сая арай л хүргэлгүй иймэрхүү гэрээг олноор үйлддэг аргатай. Төмөрлөгийн үйлдвэрээс 49 сая гаруй төгрөгийн гэрээ олноороо илэрсэн аж. Бодвол шалгадаг хянадаг газрууд нь шалгах байлгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасан захирлууд халагдаад явахыгаа хариуцлага тооцсон гэж үздэг  шиг байгаа юм. Уг нь бол татвар төлөгчдийн мөнгөөр “хог” авдаг нөхөд “дээлээ нөмрөх” учиртай.

Б.Эгшиглэн 

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь


НЭГ. ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  07 дугаар  сарын  09, 10–нд  08.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 –нд амарч, 07 дугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний сүлжээ дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 дугаар сарын 11–нд  Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07 дугаар сарын 11, 12–нд “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 13–нд 10.00 -21.00  цаг  хүртэл  ажиллана.  07 дугаар сарын 11-нээс 15–ныг дуустал “Номин стандарт” амарна.

“Номин холдинг” ХХК–ний бүх салбарууд  07 дугаар сарын 14–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК –ний “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай”  их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12, 13–нд 10.00-21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30–20.30 цаг хүртэл  ажиллана. 07 дугаар сарын  14-нөөс 16–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–нөөс  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны төв 07 – р сарын 10 -нд ердийн цагийн хуваариар   10.00-19.00  цагт  ажиллаж ,  07 дугаар   сарын   11–нээс   эхлэн   07 дугаар  сарын      22–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 23-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул-2”  худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар   05.00-17.00  цагт  ажиллаж ,  07  дугаар   сарын   11–нээс   эхлэн   07 дугаар сарын     15–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 16-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Дүнжингарав”  худалдааны төв  07 дугаар сарын 11, 12-нд ердийн цагийн хуваариар   10.00-20.00  цагт  ажиллаж ,  07 дугаар сарын   13-наас   эхлэн   07 дугаар сарын 17–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 18-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар    09.00 -20.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-нээс 15–ныг хүртэл амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 07.00–20.00 цаг хүртэл   ажиллаж,   07 дугаар  сарын   11, 12, 13 ,14, 15–нд   амраад,   07 дугаар  сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.      

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 06.00–18.00 цаг   хүртэл   ажиллаж,   07 дугаар   сарын   11-нээс 15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ ” техникийн зах   07 дугаар сарын 10–нд 08.00–16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар  сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад,  07 дугаар сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын  10-нд  10.00–20.00  цагт    ажиллаж,  07 дугаар  сарын 11, 12, 13, 14, 15–нд  амраад,  07 дугаар  сарын  16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХОЁР. НИЙТИЙН ХООЛ 

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд  07 дугаар  сарын 10, 11, 12–нд ердийн  цагийн  хуваариар  ажиллаж,  07 дугаар сарын      13, 14 –нд амраад, 07 дугаар сарын 15–наас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 07 дугаар сарын 10, 11, 12–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 13, 14–нд амраад, 07 дугаар сарын 15–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ГУРАВ.  НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 83 чиглэлд  их багтаамжийн 674, туслах 24 чиглэлд  бага оврын 132, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 6, их багтаамжийн 7, нийт 819  автобус ажиллана

Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийсэн.

Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 5 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  3-5 минут тутамд нийт  23 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дах зогсоолоос, 7 сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  том оврын  20 автобус,  мөн 7 сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус бүгд 40 автобус  үйлчилнэ.

7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксины үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

 Наадмын   өдрүүдэд  нийтийн  зорчигч  тээврийн үйлчилгээний  чиглэлүүд

 Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорх утсуудаар хүлээн авна.

Нийслэлийн Тээврийн газар: 976 -11 -323176

                                                 976 -11 -326352

ДӨРӨВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  Үсчин, гоо сайхны газрууд 07 дугаар сарын 09, 10–нд 09.00–21.00 цаг хүртэл  ажиллаж,  07 дугаар сарын 11, 12, 13,14, 15 –нд  амарна.

 Гутал  засварын  газрууд  07 дугаар сарын 09, 10–нд  09.00–20.00  цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын  11, 12, 13, 14, 15 –нд амарна.

Хими  цэвэрлэгээний  үйлчилгээ  07 дугаар сарын  9, 10–нд  09.00-20.00 цаг хүртэл  ажиллаж,  07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15–нд амраад,  07 дугаар сарын      16–наас эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

 ТАВ.  ЦАХИЛГААН ХАНГАМЖ

  Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад баяр наадмаар 24 цагаар ажиллана.

Цахилгааны тасалдлын талаар мэдээлэл өгөх буюу хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний  төлбөрийн талаар лавлагаа авахыг хүсвэл доорх утсанд холбогдоно.

Д№

 
Албан газар

 
Утасны дугаар

11

 
Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба

 
344494, 70141072

22

 
Баруун түгээх төв шуурхай үйлчилгээний алба

 
345908, 70141074

33

 
Зүүн түгээх төв шуурхай үйлчилгээний алба

 
353580, 70141075

44

 
“Зуслан” хэсэг

 
357174

55

 
Баянзүрх дүүрэг  Хэрэглэгчдэд  үйлчлэх төв

 
466536

66

 
Хан-Уул дүүрэг   Хэрэглэгчлдэд үйлччлэх төв

 
346556

77

 
Сонгинохайрхан  Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
636556

88

 
Баянгол    Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
366556

99

 
Сүхбаатар   Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
70136556

110

 
Чингэлтэй    Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
316556

 
11
1

 
Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
70233536

 
   12

 
Зуун мод хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
70272000

ЗУРГАА. УС ХАНГАМЖ 

Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байруудын баяр наадмын өдрүүдэд  ажиллах цагийн хуваарь

А. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

 
Д/д

 
Өдөр

 
Гараг

 
Ажиллах цаг

 
1

 
07.10

 
Мягмар

10.00 -14.00
16.00 -20.00

 
2

 
07.11

 
Лхагва

 
Амарна

 
3

 
07.12

 
Пүрэв

 
Амарна

 
4

 
07.13

 
Баасан

10.00 -14.00
16.00 -20.00

 
5

 
07.14

 
Бямба

 
10.00 -14.00
16.00 -20.00

Б. Баярын өдрүүдэд зуслангийн үйлчилгээний болон бусад үйлчилгээний ус зөөврийн жижүүрийн машин амралтгүй ажиллана.

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албатууд дээр хариуцлагатай жижүүр ажиллана.

Үйлчилгээний талаар санал авах утас: 70157066, 70157016

ДОЛОО. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн удирдах газар, түүний харъяа ОСНАА –н компаний ээлжийн инженерүүд 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээний талаар гарсан санал, гомдлыг доорх  утсуудаар  хүлээн авч барагдуулна.

д/д

Байгууллага салбарын нэр

Утасны дугаар

1

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах
газар

325595

2

“Санкомфорт”

321641

3

“Дулаан өргөө”  ХХК

70115026

4

“Эма энд Би” ХХК

70115764

5

“Ивэн эх”  ХХК

350721

6

“Опен хаус”  ХХК

329047

7

“Хайрхан уул өргөө” ХХК

341826

8

“Сансар өргөө”  ХХК

450697

9

“ГМ”  ХХК

480451,    
454050

10

“ХАУСИНГ СЕРВИС”  ХХК

455025,    
452186

11

“Эцэг эх хүү”  ХХК

70156722

12

“Ашид ундрах”  ХХК

687491

13

“Симс”  ХХК

367152

14

“Санни хаус”  ХХК

70122088,    
70120203

15

“Хөх асар”  ХХК

70149711

16

“Өнөр хотхон”  ХХК

682966

17

“Өнөр горхи”  ХХК

682484

18

“Таван шар” салбар

70180015

19

“Ганга өргөө” ОНӨААТҮГ

244283

20

“Батбаян бүрд” ОНӨААТҮГ

244780

21

“Баянхошуу –Ус” салбар

631150

22

“Москва” салбар

50012012

Хувийн
хэвшлийн Орон сууц нийтийн аж ахуйн

байгууллагуудын утасны жагсаалт

Д/д

Байгууллагын нэр

Утасны дугаар

1

“Ганбиж” ХХК

453294, 99172404

2

“Jimbo” ХХК

70153243, 99118227

3

“Хаусинг холд” ХХК

70110320, 99177616

4

“Дэнж хотхон” ХХК

451442, 96630415

5

“Жаргалан сервис” ХХК

325237, 96667076

6

“МОНТС” ХХК

99920939, 70145756

7

“Ганманлай” ХХК

99045222, 91926844

8

“Богд Асар” ХХК

99104547, 305565

9

“Хүрээ хаус” ХХК

98113097, 70151527

10

ОСАК “Дөл” ХХК

99117027, 455743

11

“Тулга хотхон” ХХК

99757742

12

“Ар жанар” ХХК

98110220, 70171710

13

“Таван өндөр” ХХК

99114533

Аваарын ангитай 325595, 320903 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машинууд 24 цагаар дуудлага авч ажиллана.

НАЙМ. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ БУЯН”  КОМПАНИ

 “Буян” компани  07 дугаар сарын 11-15-ныг дуустал 10.00-15.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн  ердийн цагийн хуваарийн дагуу  09.00 -18.00 цагт ажиллана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтай таванбогд хайрханыг тахилаа

Баян-Өлгий аймгийн Улаан-Хус Цэнгэл сумын нутагт байрлах Алтай ханы Таванбогд хайрханыг тахих төрийн ёслол өчигдөр боллоо. Алтай таванбогд хайрханыг тахих зарлиг 2012 онд гарсан бөгөөд энэ оны долдугаар сарын гуравны өдөр буюу зуны дунд сарын шинийн зургаанд анх удаа тахьсан юм. Төрийн тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн А.Бакей, тус аймгийн Засаг дарга Х.Дармен тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нарын хүндэт хүмүүс мөн оролцлоо. Төрийн тахилгын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдийн туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм.

Их эзэн Чингэс хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ Монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэл болон сүндэрлэж байна” гэлээ. 

Харин тэргүүн хамба Д.Чойжамц  “Энэ хайрхан цаанаасаа эзэнтэй нь мэдэгдлээ. Ерөнхийлөгчийг зарлигаа уншиж байхад нь нар мандаж, тэнгэр цэлмэлээ. Энэ сав шим бидэнд ивээл хайраа үзүүлж байна. Бид эвтэй найртай байж Монгол Улсыг босгох юм шүү” гэдгийг хэлсэн юм. Алтай таванбогд нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсыг дамнан оршдог бол Төв Азийн нийт мөсөн голуудын 80 гаруй хувь нь эл хайрханаас эх авдаг аж. Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан ой

-Фельетон-

Энэ Улаанбаатар хотын ойноос болоод хамаг юмныхаа учрыг олохоо байсаан. Нийслэлд төөрөх байтугай торох ой мод байхгүй болохоор тэмдэглэлт ойн тухай л ярьж байгаа хэрэг.  Манай томыг гардаг жил 1984 онд Улаанбаатар хотын 60 жилийн ой болж байсан нь тодхон байна аа.  Монголчууд чинь хүүхдийн наснаас  эхлээд аливаа юмыг тэр үед болсон ой,  содон үйл явдалтай уялдуулж   тоолдог улс. Ухаандаа  хууччуул бол “гамингийн жил төрсөн хүүхэд”, “хөрөнгө хураадгийн урьд намар болсон явдал”,  “мичин жилийн зудны хойтон болсон хэрэг” гэхчилэнгээр он цагийг баримжаална. Харин арай шинэ үеийнхэн нь “намайг Зөвлөлтөд жуулчилдаг жил”,  “эрдмийн зэрэг хамгаалахаас маань жилийн өмнө болсон хэрэг л дээ” , “Одонгийн найр болдгийн хойтонгийн явдал”  гэх маягаар тооцно.  

Би ч хүүхдээ Улаанбаа­тарын 60 жилээр төрсөн гээд сайн баримжаатай явсан хэрэг.  Тэгсэн чинь   10 төгсгөдөг жил нь  Улаанбаатарын 360 жилийн ойг тэмдэглэх нь тэр. Толгой бүр эргэж гүйцсэн.  Манай хүүхэд чинь Улаанбаатарын 60 жилээр төрсөн хүүхэд  гээд ярихаар 332 настай болох нь дүүрч гэхэд надаас  292 насаар ах болоод явчихлаа.  Энэ жил Улаанбаатарын 370 жил гээд бодохоор манай хүүхэд 310 хүрч байгаа болтой юм аа. 

Би өөрөө болохоор мал нийгэмчилдэг жил төрсөн тулдаа нэгдэлжих хөдөлгөөний ойгоор насаа тааруулаад  болоод явдаг амархан байсан. Аз дутахад ардчиллаас болоод нэгдэлжих хөдөлгөөн ялсны ойг тэмдэглэхээ байчихлаа. Өнөө “Хүргэн хүү” кинон дээр “Сэрээнэн  дарга маань ч ажлаасаа халагдаад явчихлаа” гэдэг шиг юм болсон. Гэхдээ оргүйд орвол охинтой гэгчээр хүүхдээсээ төд дүү байх учиртай гэдэг баримжаа бол байх нь байна.  

Гэтэл сая нэг эрдэмтэн бичжээ. Монгол Улсын нийслэлийг эзэн Чингэс хааны байгуулсан Хархорумаар тоолж 790 жилийн ойг нь энэ жил тэмдэглэх учиртай гэсэн байх юм. Чингэвэл би хүүхдээсээ даруй 730-аар дүү болж таарах нь, улам л залуужаад зүгээр ч юм уу?

Гэхдээ  зарим хүнийг бодоход би азтай байгаа л даа.  Андын маань хүүхэд Октябрийн районы  10 жилийн ойгоор төрсөн гэж байгаа. Гэтэл  район нь дүүрэг болоод бас нэрээ солиод  1992 оноос насаа шинээр тоолж эхэлжээ. Найзын маань 17-той хүү өвдөж хавдлаа гэхэд шууд л нэгдүгээр төрөхийн нярайн тасагт хэвтэх болсон хэрэг.  Тэр хүү хойтон нь гэрлэж ой зургаан сартайдаа үрийн зулай үнэрлэснийг дурдаад эл түүхийг орхиё доо. 

Гэхдээ учир нь олддоггүй ойнуудад ч зөв мэнэжмэнт хийвэл бас нөөц байна аа. Нэг найз маань хаваржингаа төрсөн өдрөө тэмдэглэдэг  гэж байгаа. Мань хүн нийтийн он тооллын 3 сарын 10-нд төрсөн байгаа юм. Тэр өдрөө мэдээж тэмдэглэнэ. Гэтэл нийтийн тооллын тэр өдөр нь дорнын зурхайн хаврын  дунд сарын шинийн найман байсан байгаа юм. Тэрбишийн зурхайг харж байгаад тэрийгээ бас ёслоно. Ингээд зогсохгүй ээ. Гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригт төрсөн гэдгээ орхих нь тусгүй гэж үздэг. Дээр нь  мөн тэр өөрийн мэндэлсэн “цагаагчин туулай” өдөр, улмаар өдрийн барилдлага, шүтэн барилдлагаар тааруулж бас тэмдэглэнэ. “Миний бие хаврын дунд сарын хамгийн эхний шороо  махбодтой өдөр төрсөн, тэрийгээ л тэмдэглэж сууна, чамайг урьж байна” гэхэд яаж хоосон очих билээ. Ямар азаар балжинням, дашнямтай өдөр төрөөгүй юм бэ? Тэгсэн бол  жилд хичнээн ч тэмдэглээ билээ.

Яах гэж үүнийг ярив аа гэхээр сая хотынхоо ямар нэгэн түүхт ойг угтан гол замынхаа гол хэсгийг сайхан засаад авбаа даа. Гэтэл ой ганц, зам ганцгүй байдаг. Учир иймд хотынхоо ойг З7О-аар нэг тэмдэглэснээрээ тэмдэглэе. Залгуулаад Улаанбаатар  гэгдэх болсноор ёслохын тулд Бага тойруугийн замыг янзлаад, улмаар Чингэсийнхээр тооцоолж баярлахдаа Их тойруугийн замыг засаад явчихмаар санагдаад байна. Энэ зуур замаа засаж дуусахгүй бол  анх хот байгуулагдахад ямар амьтанд харгалдах жил, махбод, мэнгэ, суудал зэрэг таарснаар нь дахин дахин  бодоод байхад ямар ч л байсан тэмдэглүүштэй ой гараад л ирнэ.  Ой ар араасаа цувраад далимд нь зам сайхан болоод байна гэсэн үг. Хэдийгээр гадныхан биднийг “импотентоо мэдэхгүй презерватив хураав” гэгчээр  юун ч ойсог юм билээ гэж шоолбол шоолж л байг. Байгаа юманд учир олдоно шүү дээ.

2009 оны 

11 сарын 17

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Х.Баттулга гишүүнд хандан мэдэгдэл гаргаж, зарим асуудалд тайлбар хийв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан мэдэгдэл гаргаж, зарим асуудалд тайлбар хийв.

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар энэ удаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг олны анхаарлын төвд байгаа зарим асуудлуудад тайлбар өглөө. Тодруулбал, 2010 онд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу манай улс гурван чиглэлд шинээр төмөр зам тавих ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч км зам бариагүй. Царигийн маргааны улмаас удааширсан энэ ажлыг Засгийн газар зоригтой урагшлуулж, төмөр замын бүтээн байгуулалтад “Чингэс” бондын хөрөнгөөс 200 гаруй сая ам.доллар зарцуулаад байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолж байв. Тэрчлэн ирээдүйд хоёр хөрш рүү долоон цэгээр төмөр замын тээвэрлэлт хийх боломжтойг дурдсан. Зорилтоос зөвхөн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын төмөр замын ажил л урагшилж байгаа. Хятадын тал цаанаас Ганц модны боомт хүртэл төмөр зам тавьчихсан, харин манайх ачаа тээвэрлэх замын царигийн асуудлаа шийдвэрлэлгүй дахиад хойшлууллаа. Иймээс УИХ-ын намрын чуулган хүртэл Засгийн газар хөрш орнуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Шинээр тавих төмөр замаар зөвхөн Хятад улс руу биш далайн эрэг хүртэл ачаа тээвэрлэх учраас хөрш орны газар нутгаар явах маршрут, төлөх татвар хураамж, тээврийн зардал гэх мэт олон асуудлыг нарийвчлан хэлэлцэж тогтоох шаардлагатай гэдгийг ч хэлж байсан. 

Түүний ярьсан дараагийн зүйл нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын Ерөнхий сайдад хаягласан ил захидалтай холбогдуулан мэдэгдэл гаргаснаа танилцуулсан. Тэрээр “Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын  тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу ажил нь хийгдэж дууссан болно. Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар дөрвөн жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна. “Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно. “Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэ хуулийн төслийг эргүүлэн татсан. Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээжээ. 

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгасан эрх зүйн гол гол зохицуулалтаа УИХ-ын хаврын чуулганаар батлуулж чадсан, орон сууцны найман хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа. Импортыг орлож, экспорт нэмэх 888 төслөөс одоогийн байдлаар арилжааны банкуудын шаардлага хангасан 20 гаруй төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон, энэ ажил хэвийн явагдаж байна. Төрийн өмчит нэр бүхий 22 компанийг энэ сард багтаан хувьд шилжүүлнэ гэх мэтийг дурдсан юм.

Л.ТӨР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Энхболд: Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирсэнгүй

2014 оны хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр өндөрлөж байна. Хаврын чуулган ажлын 62 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 29 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 108 удаа хийсэн байна.

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын даргын урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Швэ Манн тэргүүтэй төлөөлөгчид, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Миний бие хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулах, олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, аж ахуйн нэгжийн орлогын татварыг нэг шатлалтай болгох, “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг хэлэлцэж батлах, төрийн өмчийн менежментийг боловсронгуй болгож 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг батлах, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлуулж, төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бондын эх үүсвэрүүдтэй уялдуулахад анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгосон. Хаврын чуулганаар 106 хууль, тогтоол, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл хэлэлцэж баталсаны 10  бие даасан хууль, 61 нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 4 хүчингүй болгох тухай, 4  гэрээ соёрхон батлах тухай хууль, 27  Улсын Их Хурлын тогтоол байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Соёлын өвийг хамгаалах тухай”, “Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Малын индексжүүлсэн даатгалын тухай”, “Шилэн дансны тухай”, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоол зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль тогтоолуудыг баталлаа. Түүнчлэн Амгалангийн дулааны цахилгаан станцын угсралтын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төлөх хугацааг 2 хүртэл жилээр сунгах тухай хуулиудыг баталж их бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцлийг бүрдүүллээ.

“Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай”, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай”, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл, нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулиудыг баталлаа.

Хаврын чуулганы хугацаанд “Хяналтын тухай”, “Газрын тосны тухай”, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон “Чиглэл өгөх тухай” зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслүүд эргэж буцаж цаг хугацаа ихээхэн алдлаа. Энэ нь Засгийн газраас өргөн баригдсан зарим хууль, тогтоол дутуу дулимаг боловсрогдсон төдийгүй УИХ дахь нам, эвслийн бүлэг, гишүүдийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай холбоотой байна. Нөгөө талаар хаврын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АН-ын бүлэг 3 удаа 15 хоног, МАН-ын бүлэг 9 удаа 37 хоног, МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн бүлэг 4 удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авсан нь зарим хууль, тогтоолыг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэдгийг тэмдэглэж байна.

УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа инфляцийг энэ оны эцэст 8 хувьд байлгаж, улмаар 2015-2016 онд 7 хувьд хүргэн дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байх нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Гэвч энэ оны 5 дугаар сарын байдлаар инфляци 13.7 хувьтайгаас харахад энэ зорилт биелэх боломж бага байна. Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна.

Урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар буюу 728.2 сая ам.доллараар буурч, 580.5 сая ам.долларын алдагдалтай байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан өнөөдрийн нөхцөлд уул уурхайн салбарын өсөлтөөр дэмжигдсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр хадгалах гэж оролдсон нь төлбөрийн тэнцэл алдагдах, төгрөгийн ханш унах, инфляци нэмэгдэх үндэс болсон байна. Иймээс макро эдийн засгийн бодлогоо хатууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлж, нийлүүлэлтийг хязгаарлах шаардлага тулгарч байна.

Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгж үүнийг ойлгож, богино хугацаанд тулгамдаж байгаа эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллана гэдэгт итгэж байна. Гэхдээ бага, дунд орлоготой иргэдийн ажлын байр, бодит орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэл болон үндэсний компаниудын тогтвортой хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх шаардлага нэмэгдэж байгааг анхаарч ажиллах нь зүйтэй.

Засгийн газрын тэвчиж болох зардал, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурхи Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байвал төлбөрийн  тэнцэл улам муудаж, хямралыг бодитойгоор бий болгох магадлал байна. Засгийн газар Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-д оруулж батлуулах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ жагсаалтыг УИХ-д оруулж ирсэнгүй. 

Судлагаанаас үзэхэд Хөгжлийн банк ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвийн гадуур зарцуулсан байгаа. Хэрэв энэ байдал үргэлжилж Хөгжлийн банкны дансан дахь 1.0 тэрбум ам. долларын бондын хөрөнгөөр Хөгжлийн банкин дахь хүлээгдэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлбэл төсвийн нийт алдагдал ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна. Тиймээс Хөгжлийн банкнаас хийж байгаа “Чингис”, “Самуурай” бондын санхүүжилт, тэдгээрийн зардал, төсвийн шинж чанартай бүх үйл ажиллагааг нэгдсэн төсөвт тусгаж, нийт төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан түвшинд хүртэл үе шаттайгаар буулгах бодлогоор төсвийн тодотголыг боловсруулж 8 дугаар сард УИХ-д оруулж ирэх хэрэгтэй.

Цаашид Засгийн газар бондын хөрөнгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зарчмаар зарцуулж, түүний хэрэгжилтэд УИХ-ын холбогдох Байнгын хороод анхаарал хандуулж хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Ялангуяа банк, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг улам чангатгаж, уламжлалт бус замаар олгогдсон эрсдэл үүсгэж болзошгүй байгаа зээлийн томоохон багцад дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүнчлэн зээлийн чанар нь муудаж байгаа салбарын зээлийг хязгаарлахад анхаарах нь зүйтэй. Гадаад валютын зээлийн зохистой бус харьцааг өөрчлөх, валютын зээлийг бүхэлд нь зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монголбанк санаачилга гарган ажиллавал зохино.

  Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хугацаа тодорхой учраас хэрэгжилтийг хангахад анхаарлаа хандуулж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг хаасныг мэдэгдье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОРТ-ийн “Жди меня” нэвтрүүлэг 29 жилийн дараа монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ

Ээжтэйгээ 29 жил уулзаагүй хүү, охин хоёр  Оросын “ОРТ” телевизийн тусламжтайгаар уулзаж  буй  “Жди
меня” нэвтрүүлэг  “Youtube”-д тавигдсаныг
олон хүн нулимстай үзсэн билээ. Ээжийгээ олж уулзсан Н.Сансартай уулзаж төөрөлдсөн
хувь  тавиланг, ээжтэйгээ уулзсан баярт мөчийнх
нь талаар ярилцлаа.
 

 -Анх аав, ээж хоёр чинь  Украйнд
танилцсан гэсэн.  Аав тань Львовт цэргийн
сургуульд сурч  байсан юм уу?

-Украйны Львов хотод  хуучин социалист нийгмийн үед Монголоос цэргийн
дарга нар бэлтгэгддэг байсан. 1969 онд цэргийн албанд яваад 1972 онд халагдаж ирээд
тэгээд шууд таван жил Львовт улс төрийн сургуульд явж байсан. Манай аав одоо тэтгэвэртээ
гарсан хүн байдаг юм. Львовт сурч байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Ээж минь украйн
хүн.    Монголд 18 жил байхдаа  ээж Украйн руу бас явдаг байсан юм.  Ээж, аав хоёр хамт ч явдаг байсан. 1986 онд намайг
нэгдүгээр ангид ордог жил ээжийн аав нь нас барж, манай гэрийн амьдрал ч болж бүтэхгүй
байсан юм шиг байна лээ. Тэгээд л Украйн руу явсан.

-Тэгээд буцаж ирээгүй юм уу?

-Угаасаа “Би ингээд
явлаа. Буцаж ирэхгүй”   гээд бүр явсан.

-Яагаад буцаж ирэхгүй гэсэн юм бол. Ирэхгүй байх учир шалтгаан байж
дээ?

-Ээж, аав хоёр муудсан  байх аа. Манай аав цэргийн байгууллагаасаа
1983,1984 онд гарсан. Хувьсгалын музейн орлогч дарга хийж байгаад дараа нь Богд
хааны музейн орлогч дарга болсон. Тэгж байхдаа нэг асуудалд орооцолдсон шиг байгаа
юм. Баахан цэргийн дарга нар бөөндөө хөзөр тоглож, архи уугаад л баригдсан юм шиг
билээ. Улсын мөнгө төгрөг рүү орсон ч гэдэг билүү. Нилээн олон хүн шүүхээр ороод
гурван жилийн ял  авцгаасан. Манай аав ч адил.
Гурван жил суух байснаас  жил гаруй болоод
гарч ирсэн. Гарч ирээд  ажил байхгүй, архи
их уудаг байлаа.  Тэр үед ээжийн аав нь нас
барсан. Нөхөр нь архи уугаад байхаар эмэгтэй хүн тэсээгүй, Украйн руу бүр явсан
болов уу. Уг нь манайх Улаан хуаранд хамгийн анх баригдсан таван давхар байшинд
байсан. Улсаас хоёр өрөө байр өгсөн юм. Аав тэр үед Батлан хамгаалахын их сургуульд
улс төрийн орлогч, багшаар ажиллаж байв. Хамгийн анхны л цэргийн дарга нар манай
байранд байдаг. Тэр үед цэргийн дарга нар орос эхнэртэй байх моод байсан. Цэдэнбал
даргын үеийн моод шүү дээ. Хойно сургуульд сурч төгсөөд ирэхдээ гадаад эхнэртэй
л ирдэг байж.

-Та аав, ээжээсээ гурвуулаа байхаа…?

-Тиймээ, хоёр том
нь  хотод 
аав, ээжтэйгээ амьдардаг. Бага дүү 
эмээ, өвөөтэйгөө хөдөө  амьдардаг байсан.
Бид цөөн насны зөрөөтэй болохоор   ээж ажил
хийх шаардлагатай болоод аавын аав, ээж дээр бага дүүг төрөнгүүт нь хөдөө явуулсан.
Манай ээж Ира  Батлан хамгаалах яамны лабораторид
олон жил ажилласан.   Тухайн үед олон жаахан
хүүхэдтэй болоод ч тэр үү “Бид  энэ хоёр хүүхдээ
өсгөе, та бага  хүүхдийг өсгөөд өг” гээд  эмээ, өвөөд өгч, манай бага дүү эмээ өвөөгийн  хүүхэд болсон шүү дээ.

-Тэр дүү чинь одоо хөдөө л байдаг 
уу?

-Тиймээ.  Сүүлд ээжтэй уулзсанаас хойш  “Дүүгээ битгий хол байлгаач ээ, өөрийнхөө хажууд
байлга”  гэсэн. Тэгээд хөдөөгийн байрыг нь
зараад Гачууртад хашаа байшин авч өгсөн юм. Хотод хоёр жил гаруй амьдарсан. Энд
амьдарч үнэхээр чадахгүй нь гээд хөдөө рүүгээ явсан.

-Дүү нь нөхөр, хүүхэдтэй болсон уу?

-Нөхөр хүүхэдтэй.
Нөхөр нь төмөр замд ажилладаг. Хөдөөнөө л сайхан байна гэсэн. Тэндээ өөрөө үсчин
хийгээд, саяхан ямар юмны ч билээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон гэж ярьсан.

-Та хоёр ээжийгээ санадаг байсан уу. Та хоёр тусдаа байж байгаад хэзээ
уулзсан юм бэ?

-Ээжийг явснаас хойш
аав бид хоёулаа үлдсэн. Нэгдүгээр анги төгсөөд зун нь хөдөө өвөөгийнх рүүгээ явсан.
Галт тэргэнд  суугаад  л  Дорноговь
явчихна. Зуны амралт дуусахад гэртээ хүрээд ирнэ. Ингээд  дүүтэйгээ холбоотой байдаг байлаа. Би бас Дорноговьд
нэг жил эмээ өвөөгийндөө сурсан. Дараа нь Дорноговийн-Сайншандад шилжээд нэг жил
айлд байсан. Аав архи уугаад, байраа зараад тэгээд орох оронгүй. Тухайн үеийн хүмүүсийн
амьдрал канондсон юм шиг яг адилхан. Тухайн үеийн цэргийн дарга нар яг нэг замаар
ижилхэн явсан шүү дээ . Бүгд ажилгүй, эхнэрээсээ салаад, байраа зараад, архинд орцгоосон.

-Та хэд ээжтэйгээ уулзаагүй хэр удсан бэ?

-Манай дүү бол нэг
ч удаа уулзаагүй, хараагүй.  Зураг хараад
л ээж гэж мэддэг  байсан. Би ч бас гайгүй
1986 оноос хойш хараагүй байлаа. Бас бус юмаа санана. Дүү маань ээжтэй 29 жил уулзаагүй
гэсэн үг л дээ. 1981 онд төрөөд л эмээ, өвөө дээр байсан болохоор ээжтэй уулзаагүй.
Би 24 жил уулзаагүй байж байгаад л 2010 онд уулзсан юм шүү дээ.

-Тэгээд ээжтэйгээ уулзъя гэж хэзээ шийдсэн  юм бэ. Тэр хооронд холбоотой байсан уу?

– Ерөөсөө холбоо
байхгүй. Намайг багад нэг л өдөр ээж  “Өвөө
нь өнгөрчихлөө, Украйн  явахгүй бол болохгүй.
Чи Монголд аавтайгаа үлдэх үү, ээжтэйгээ явах уу” гэж асууж байсан нь тод санагддаг.
“Монголд аавтайгаа үлдэнэ” гэж би хэлсэн. Нэгдүгээр  ангийн жаахан хүүхдийн сонголт байсан шүү дээ.
Миний дараагийн дүү Сарнайгаас бас яг ингэж асуусан. Сарнай “Аавтай үлдэхгүй, ээжтэйгээ
явна”  гэсэн.  Тэгээд л би аавтайгаа үлдэж, Сарнай ээжийг дагаж
яваад, бага дүү Солонго маань эмээ, өвөө дээрээ хөдөө үлдсэн хэрэг. 1986 онд Монголд
амьдарч байсан орос, украйн хүмүүс   их буцсан
шүү дээ. Цэргийн дарга нарын орос эхнэрүүд нөхрөөсөө салаад, зарим нь нөхөр хүүхдээ
дагуулаад явцгаасан юм. Ээж минь надаас  тэгж
асуугаад л маргааш нь билет бүх юм нь бэлэн болчихсон  байсан.

-Цаанаас нь ер нь хүнээ татаж авсан юм уу?

-Тийм л юм шиг билээ.
Буцаж очъё гэсэн хүмүүстээ тусалсан байх.

-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүд хэцүү л байсан байх…

-Тийм ээ. Амьдрах
гэж өчнөөн л юм болж байгаа юм чинь. Энд ч 
нэг ажил хийгээд, тэнд ч нэг ажил, давхар ажил хийгээд л яваад байлаа.

-Та дээд сургуульд сурсан уу?

– ШУТИС-д сурсан,
төгсөж чадаагүй. Сая Япон сургуульд гурав дахь жилдээ сурч байхад хөрөнгө оруулалтаа
татаад зогссон. Олон л сургуулиар явлаа. Төгсөхийн даваан дээр болж өгөхгүй юм аа.
Энэ жил Боловсролын яамнаас гурван жил сурсан бичгээ аваад ирвэл нэг жилийн төлбөрөө
төлөөд дипломоо ав гэж байна лээ. Гэхдээ тэгмээргүй байна.  Өөрөө суралцаж төгсөөд хонхны баяр хийж үзмээр
байна шүү дээ.

-Ямар, ямар ажил хийж байсан юм бэ?

-1995 онд арван жилээ
төгссөн. 1995 он чинь дампуурлын үе шүү дээ. Наймаа хийдэг хүн болж Эрээн рүү явна.  Тамхи авчирч хот руу зарна. Хотоос хүнсний бараа
авч   Эрээн явах замдаа галт тэргэнд зарна.
1997 онд “Хос ирвэс” клубт тамирчнаар орсон. Дөрвөн сар хэртэй бэлтгэл хийгээд
“Топ тэн” клубт хамгаалагчаар орсон. Гурван жил ажиллаад бас дампуурсан. “Tse” гээд
пабын сүлжээ хамгийн анх Од кино театрын урд ганцхан салбартай байсан. Тэнд  хамгаалагчаар ороод нэг жил гаруй ажилласан. Дараа
нь Дэнжийн мянга– Нарантуулын хооронд микро барьсан. Хамгаалагчийн ажил олон жил
хийсэн болохоор туршлагатай. Монгол шилтгээнд 12  жил ажиллаж байна. 2005 онд харуул хамгаалалтын
компани нээсэн. Хэд хэдэн ажил давхар хийнэ шүү дээ. Хамгаалагч хийж явсан хүн хамгаалагчаараа
л явахгүй бол өөр ажил байхгүй шүү дээ. 

– Эндээ ямар алба хашдаг юм?

-Монгол шилтгээнийхээ
Хамгаалалтын албаа хариуцдаг.  Эндээсээ бол
хангалттай цалин авна. Бас Английн элчингийн хамгаалалтыг хариуцдаг. Бас хоёр, гурван
барилгын компанид зөвлөх хийдэг. Цаг бол асар бага дөрөв, таван цагийн нойр аваад
маш нарийн хуваарийн дагуу ажиллана. Залуу байгаа дээр жаахан ажиллахгүй  бол болохгүй. 
Ингэж чармайж ажиллахгүй  юм бол хамаатан
садан гэх хүн цөөн, найз нөхдөөс өөр хүнгүй хүн чинь хэцүү.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Гурван хүүхэдтэй.
Хоёр охин, нэг хүүтэй. Амьдрахын төлөө яваад л байна.

-Аав тань одоо тусдаа  байдаг
уу?

-Тиймээ, тусдаа.

-Харилцаа гайгүй биз дээ?

– Гайгүй ээ. Долоо
хоногтоо нэг, хоёр удаа ойр зуурынх нь хэрэгтэй зүйл, хоол ундыг нь  аваад очдог. 
Аавыг минь Нэргүй гэдэг. Нэг хүнтэй хожуу суусан, одоо сайхан амьдарч байгаа.

-Ээжийгээ их санадаг байсан уу?

-Яаж байгаа бол,
ямар болсон бол, хүнтэй суусан болов уу гээд 
том болох тусмаа их юм боддог болсон. 
Амьдрал гайгүй  болоод ирэхээр энэ
нь яаж байгаа бол, тэр минь яаж байгаа бол гээд санаа тавьж эхэлдэг юм байна. Ээж
минь яаж байгаа бол, ядарч байвал очоод тусалчих юмсан гээд  боддог байлаа.

-Ээжтэйгээ яаж холбоо барьсан талаар сонирхмоор байна л даа….

-Украйнаас Оросын
жуулчид ирсэн. “ТрансСибирь” гээд жилд хоёр удаа Сибириэр,  Монголоор дайрч Бээжин ордог, өөрсдийн вагоноор  буцаад Европ руугаа явдаг Европын баячуудын аялал
байдаг. Тэр аяллын групп одоо миний  ажиллаж
байгаа Монгол шилтгээнд байнга буудаг юм. Өнгөрсөн жил буугаагүй. Манай төмөр зам
гадны вагоныг өртөөн дээрээ зогсоохгүй гэснээс болоод  шууд явчихсан юм. Тэр группын орчуулагчийн аав,
ээж хоёр гээд хоёр хүн буусан.  Би бараг сарын
өмнө захиралтайгаа ээжийнхээ тухай ярьж, боломж олдвол нэг яваад ирдэг юм бил үү,
очоод нэг сураглаад болох байлгүй гэж ярьсан чинь “Тэгэхгүй юу даа,  нэг яваад ирэхгүй юу” гээд ярьж байсан юм. Тэгээд
захирал тэр хүмүүстэй ярилцахад Украйнаас аялж яваа хүмүүс гэдгээ хэлж. Гэтэл манай
захирал миний талаар ярьж, “Украйнд ээж нь байдаг. Та хоёр холбоо барьж өгөөч” гэж
хэлсэн юм билээ.

-Хаяг нь өөрт чинь байсан юм уу?

-Явахдаа үлдээсэн
хаяг нь л байсан юм. Тэгээд нөгөө хүмүүстэй би уулзаж, ээжийн үлдээсэн хаягийг өгч
асууж өгөөч гэхэд нөгөө хоёр хүн “Нутаг буцаад холбоод өгье, холбогдох газарт мэдэгдэж,  хайж олж өгье”  гээд надаас 
ойр зуурын мэдээлэл аваад явсан.  
Би бас оросоор сайн ярьж чадахгүй. Хүн ярихыг ойлгоод байдаг, ярих гэхээр
таг. За тэгээд ямар ч байсан ойлголцоод нөгөө хоёр хүн ч яваад өгсөн, би нэг их
ач холбогдол өгөөгүй юм. Бие муутай настай хүмүүс юм чинь надад тусалж чадах болов
уу даа гэж эргэлзээд  өнгөрсөн. Гэтэл дараагийн
аяллаар нөгөө орчуулагч хүү нь хүрээд ирсэн. Ирэхдээ “Манай аав, ээж хоёр чамд юм
явуулсан” гэсэн чинь надад бэлэг  явуулж.
“Бид хөөцөлдөж байгаа шүү. Бид өөрсдөө явж чадахгүй болохоор хайдаг газар луу мэдэгдсэн.
Ямар ч байсан олдох байхаа, хаяг нь байгаа юм чинь” гэж хэлүүлсэн байв.  11 дүгээр сар эхлээд Украйнаас над руу нөгөө газраас
нь утсаар ярьсан.  “Таны өгсөн хаягаар хайгаад
олдохгүй байна. Украйнд амьдардаггүй юм байна. Хамгийн найдвартай газар Орос байна.
Таны хүсэлтийг бид Орос руу явуулсан шүү. Оросоос  хүмүүс тан руу   хандаж холбоо барина. Тэгээд учир байдлаа ярихаар
нь хэлээрэй” гэсэн. Тэгээд байж байтал сарын дараа Москвагаас ярьсан. “Ээжийн тань  сургийг гаргах гэсэн чинь эрэл мухардах гээд байна. 

Нэмэлт мэдээлэл явуулах хэрэгтэй байна. Буриадын телевизээс сурвалжлагч нар явууллаа
шүү” гэлээ. Буриадын телевизээс долоохон хоногийн дараа баахан сурвалжлагч давхиад
ирдэг юм байна. Манай гэрт хүрч ирээд гэр орны зураг аваад л, “Ээжийгээ хайж байгаа
тухайгаа камер луу хараад хэлээрэй” гээд л баахан зураг аваад хоёр өдөр болоод буцаад
явчихлаа. Арван хэд хоногийн дараа Улаан-Үдээс дахиад нэг телевиз яваад ирлээ.  ОРТ телевизээс дахиад сурвалжлага ав гэсэн юм
байна. Тэгээд тэд бас хоёр өдөр болсон. Энүүгээр яваад л, хотоор яваад л баахан
зураг авлаа. Би бас Монголд  ирсэн хүмүүсийг
яаж зүгээр байлгахав. Цонжин болдог,  дэлгүүр
хоршоо  дагуулж явсан юм.  Тэд өмнө нь Монголд ирж байгаагүй хүмүүс. Ямар
гоё юм гээд л.  Өндөр байшингуудыг харж гайхаад
л. Шангриллад манай хамгаалалт гардаг юм. Нөгөө айхтар үнэтэй брэндийн дэлгүүрүүдээр
оруултал тэрбум төгрөгийн үнэтэй цаг хараад нүд нь орой дээрээ  гарсан. Бараг л шокийн байдалд орсон.  Зах руу гарсан чинь мэдрэгчтэй  гэрэл хэдийг авч явсан. Манай гэрт тийм гэрэл
байдаг юм. Тэрийг харж сонирхоод тэрнээс авмаар байна гээд авч явсан. Зах дээр байдаг
гээд авч өгсөн. Тэднийг явсны дараа Улаанбаатар телевизээс сурвалжлах групп  ирсэн. Улаанбаатар телевиз  Улаан-Үдийн телевиз хоёр  хамтарч ажилладаг юм байна. Тэгээд тэд ярилцлага
авч 11 сард баахан бичлэг хийгээд  л усанд
хаясан чулуу шиг чив чимээгүй болчихсон. 

Гурав дөрвөн сар  нам гүм болчихлоо. Тэгж байтал дахиад Оросоос  ярилаа. “Сансараа, таны  явуулсан энэ материалууд ерөөсөө болж өгөхгүй
байна. Москвад ирээд манай нэвтрүүлэгт шууд ор. Ээжийгээ хүлээж байна гээд ярилцлага
өгөх хэрэгтэй байна. ОРТ дээр хүрч ир” гэсэн.  
“Би өөрөө очъё” гэлээ. Тэд “Та яах вэ, 
гол нь дүүгээ дагуулж ир гэлээ. Та 
бол ээжийгээ харсан хүн байна. Гучин жил болж байхад нэг ч удаа хараагүй
охин дүүгээ авчир гэлээ. Тэгээд манай дүү бид хоёрт  урилга явуулсан.

-Охин дүү чинь ээжийнхээ тухай ярьдаг байв уу?

– Тийм, эмээ дээрээ
өссөн болохоор эмээгээ “ээжээ”  гэдэг  байхгүй юу. Одоо хүртэл эмээтэйгээ байгаа.  Тэгээд Оросоос урилга ирсэн. ОРТ  ёстой мундаг юм билээ. Над руу утсаар яриад маргааш
нь миний урилга мэйлээр ирлээ. Над руу явуулсан урилгаа нэг хувийг Элчин сайдын
яам руугаа явуулчихсан байсан. “Урилгыг  чинь
явуулсан. Элчин рүү хоёр паспортоо аваад оч” гэдэг юм байна. Оронгуут Элчин сайд
нь өөрөө намайг угтаж аваад. “За юу болсон юм. Би сайн учрыг нь олохгүй л байна.
ОРТ-ээс утасдаад “Энэ хоёр хүүхдийн визийг гаргаж өг” гэсэн. Ямар учиртай, юу болоод
байгаа юм”  гэлээ. Би ч хамаг учраа хэллээ.
Тэгээд хэдхэн цагийн дотор виз гараад л хоёр хоногийн дараа онгоцны тийз явуулсан,  манай дүүгийн зардлыг Оросын “В” банк  гаргаж, 
миний зардлыг би өөрөө, манай компани гаргаад явсан.  ОРТ өөрөө зочид буудалтай юм билээ. Биднийг очиход
тэндээ байрлуулсан. Телевизийн байрнаасаа холгүйхэн шиг байдаг. Би дүүгээ хөдөөнөөс
дуудаад хувцас хунараа бэлдээд хүрээд ир гэсэн. Тэгээд дүү ирээд бид Москва ниссэн
дээ.   

-Тэр үед ээжийгээ олдсон гэх бодол төрөөгүй юу?

-Сэтгэлийн мухарт
олдохгүй нь гэж хэлэх юм болов уу, очтол байж байх болов уу гээд л элдэв юм бодогдоод.
Намайг явахад Монголын өчнөөн олон компани тусалсан шүү дээ. “Тэргүүн инвест”,
“Монгол шилтгээн”, “Хаан брой”,  “Говь” гээд
олон компани тусалсан. Манай найзууд хүртэл тусалсан. Би бас очихдоо яаж зүгээр
байхав. Телевизийн нэвтрүүлэгт үгээ хэлснийх нь дараа дүүгээ буцаагаад өөрөө үлдээд
сураг ажиг гаргана даа гэж бодож байлаа.

Жаахан бэлэг сэлт авсан. Гэхдээ л уулзалдахгүй бол яана гэж түмэн янзаар
бодож байлаа. 

-Ээжийгээ амьд мэнд гэдэгт нь итгэж байсан биз
дээ….

-Хүний зөн совин гэж байдаг шүү дээ. Амьд гэж итгэж байлаа. Юмыг яаж мэдэхэв
гээд хадаг аваад, амьдарч байсан газар нь уячихаад явдаг юм билүү гэж бодоод авч
явсан.  Мөнгөн аяга авч явдаг ч юм билүү гэж
бодож байлаа.

-Орост очоод юу болов?

-Онгоцноос шууд буугаад л ОРТ гэсэн хаягтай миний нэрийг барьчихсан хүмүүс
угтлаа.  Шууд машинд суулган буудалд буулгаад
“Маргааш тэдэн цагт явна шүү”  гээд л үлдээ­гээд
явсан. Дүү бид хоёр буудлаасаа гарч зайрмаг зардаг том цэгээс хамгийн томоос нэг
нэг зайрмаг  авч  идээд Москвагийн гудамжаар алхлаа, бүх хүн хараад
л байсан. Машинтай хүн хүртэл нүд нь том болоод л хараад байсан. Өвөл зайрмаг иддэггүй
юм уу, иддэггүй юм бол зайрмагны дэлгүүр яагаад ажиллаад байгаа юм, учрыг нь олоогүй
ээ. Тэгж бид хоёр Москвагаар жаахан аялж билээ. Хоёр дахь өдрөөс нь телевизийн бичлэгт
орно гээд хүмүүс ирж дагуулж явлаа. ОРТ чинь аймаар юм билээ. Шалгалт гэж жигтэйхэн.
Дотогшоо ортол нэвтрүүлэг нь яг эхэлж байсан. Бид хоёрыг хүлээлгийн танхимд суулгаад
хэсэг хугацаа боллоо.   Би бол бага сага оросоор
ойлгоод байдаг. Манай дүү “Юу  гэнээ, юу гэж
байгаа юм бол” гээд л надаас асууна. Би арван жилд орос хэл заалгаж байсан болохоор
хурдан сурахаар юм билээ. Тэгээд л тусгай өрөөнд сууж байтал нэвтрүүлэг бараг дуусах
гэж байна. “Та хоёр ээжийгээ хайж байгаа тухайгаа ярь” гэлээ. Би ч нөгөө хаягаа
барьчихсан, “За ороорой” гэх үед нь дүүгээ дагуулаад орлоо.  Нэвтрүүлгийн 
заал гэж пиг хүн. Гэтэл Оросын хамгийн хоёр алдартай хөтлөгчийг дуудаад ирүүлчихэж.
Эрэл нь бүтэлтэй болоод ч тэр үү мундаг хөтлөгч нар хөтөлж байсан. Хөтлөгч эмэгтэй
нь Оросын гавьяат жүжигчин, төрийн шагналт 
ч билүү  хүний охин гэнэ. Тэгээд л
надаас асууж байна. Надад чихэвч авчирч өгөөд шууд монголоор ярь гэлээ. Шууд орчуулаад
явчихаж байгаа юм. Ээжийг тань хайж байгааг гаргая гээд Монголд авсан нөгөө бичлэгүүдийг
том дэлгэцээр гаргаад хөтлөгч асуугаад би ч хариулаад л байлаа. 

-Яг тэр үед ээжтэйгээ уулзах нь гэж бодож байв
уу.

-Харин ч итгэл алдрах маягтай. Ер нь л 
нэг найраагүй талдаа болоод явчихлаа гээд бодож байтал эрэгтэй хөтлөгч нь
“Бид ээжийг тань хайсан. Украйнаас, Оросоос хайгаад олоогүй, Италиас  оллоо. Сургийг нь гаргалаа. Та одоо ээжийгээ хаана
байгаа гэж бодож байна” гэсэн чинь би “Украйн гэж бодож байна” гэж хариултал  “Энэ зааланд ирсэн байна, Ира, Сарнай хоёр гараад
ир дээ” гэдэг юм байна. Гэтэл ээж дүү хоёр маань нөгөө том дэлгэцийн цаанаас гараад
ирсэн. Тэгээд бид хоёр очоод бөөн уйлаан болж тэврэлдээд, нэвтрүүлэг ч өндөрлөсөн.
Тэд биднийг нэг өрөөнд оруулаад “Дахиж битгий холбоогоо таслаарай”  гэж хэлсэн. Дараа нь бид  ээж, дүү хоёрын байрласан буудалд очиж зөндөө
удаан ярьж суусан.

-Уулзах агшны мэдрэм­жээсээ хуваалцаач….

-Зүүд ч юм шиг, үнэн ч юм шиг.

-Москвад хэр удсан бэ?

-Бид нэг хоног хамтдаа өнжөөд маргааш нь Моск­вагаар бүтэн өдөр зугаалаад
гурав дахь өдөр нь ээжийгээ дүүтэй Итали руу нь үдэж явуулсан даа. 

-Энэ хугацаанд ээж нь юу хийж байсан гэнэ….

-Украйнд амьдрал хэцүү учир Европ руу гарч ажил хийдэг. Тэгж ажил хийж байхдаа
нэг хүнтэй танил­цаад, тэр нь том ресторан ажиллуулдаг хүн юм билээ. Тэр газар нь
ажиллаж байгаад хоорондоо танилцсан юм шиг билээ. “Манай хүн чамд мэнд хүргэсэн”
гээд л ээж минь утсаар ярихдаа хэлдэг.  

-Тэгэхээр та хэдээс өөр хүүхэдтэй болоогүй юм
байна, тийм үү?

-Дахиж хүүхэд гаргаагүй юм билээ. Миний дараагийн дүү охин ээжтэй байсан
шүү дээ. Ээж маань хэзээ ч Монгол руу явахгүй гэж байсан хүн чинь сүүлдээ бас наашлах
гээд л байсан юм шиг билээ. Намайг ингэж өөрийг нь хайж олоогүй бол Монгол руу нэг
очно гэж бодож байсан гэж ярьж байна лээ.

-Таны ээж Монголын иргэн байсан уу, Украйны иргэн
хэвээр визээ сунгуу­лаад Монголд амьдардаг байсан уу?

-Украйны иргэнээрээ л байсан юм билээ. 

-Та хэд яаж хэл нэвтрэлцэж байв?

-Би л бага сага орчуулж хэлээд, ээж монгол хэл бага сага мэддэг байсан юм
билээ. Дүү маань байнга шокийн байдалтай гайхсан, манарсан л хүн яваад байгаа юм
чинь. Монгол руу буцатлаа   манараа нь гараагүй
байсан.(инээв)  Эмээ маань дүүг минь “Ээжтэй
нь нэг уулзуулахсан” гэж байнга ярьдаг байсан юм. Эмээ маань одоо ч Дорноговьдоо
байгаа л даа.

-Одоо ээж нь байнга харилцаатай байгаа юу.
2010 оноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн байна…

-Байнга холбоотой. Ялангуяа  дүүтэй
байнга холбоотой. Одоо бага дүү Польшид  байгаа.  Бид байнга мэйлээр харилцаатай байдаг, мөн утсаар
холбогддог. 

-Ээжийгээ дагаад явсан дунд дүү нь та нарыг ер
нь мэддэг байж уу?

-Надтай тоглож байсан үеэ санадаг гэж байсан. Хоёрхон монгол үгийг огт мартаагүй
юм билээ. Нэг нь “аав” гэдэг үг, нөгөө нь нохой.

 -Аав тань
энэ талаар мэдсэн биз дээ. Сонсоод юу гэх юм?

-Мэдсээн. Эр хүн болохоор
хааяа нэг ярьдаг л байсан. Байнга яриад байхгүй ээ. Ээжтэй уулзаад ирснийг сонсоод
“Болж дээ” л гэсэн.