Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэнгийн халтар соёолонгийн түрүү магнайд ирлээ

Төрийн их баяр наадмын хурдан соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. Хамгийн хурдтай морьдын уралдаан гэгдэх 254 соёолон 22 км-ээс эргэсэн бөгөөд зул задрахад Г.Тэмүүлэнгийн халтар үрээ, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат тод манлай уяач Ж.Бат-Эрдэнийн халтар, Завхан аймгийн Яруу сумын харьяат тод манлай уяач Д.Дагвадоржийн хүрэн, Хэнтийн Галшарын Д.Хүрэлбаатарын хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржаагийн Ононгийн янзага зээрдийн дүү зээрд соёолон хөтөлж эхлээд байсан юм. Тэгвэл барианд ороход Г.Тэмүүлэнгийн халтар соёолон толгойдоо тоос ч хүргэлгүй ирснээр торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Д.Ононгийн зээрд, айргийн гуравт Т.Гантөмөрийн зээрд, Ж.Бат-Эрдэнийн халтар, Цэгмидийн бор тус тус айргийн тавд хурдалжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр түр зуурын бороотой

2014 оны 7 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр  зуурын  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
                                           
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Төрийн их баяр наадмын хоёрын давааны сүүлчийн барилдаанууд олны анхаарлыг татсан үзүүштэй барилдаануудаар дүүрэн байлаа. Учир нь жил жилийн баяр наадмаар улсын цол хүртэнэ гэгдэж байсан бөхчүүд оноолтоор таарч барилдсан юм. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан бариа зөрүүн дээрээс Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг тэнгэр харуулан төрийн ёсөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга  Өмнөговийн Дарханбатад, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Баянхонгор аймгийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд бөхчүүд дундаа “хорчин” гэгдэх Говь-Алтай Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. 

Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь  заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэн талаар зөвлөлдөж байгаа харагдсан юм. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваан хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр: Наадмаараа хийморио сэргээж байна

Баяр наадмын үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярын сэтгэгдлийг сонслоо.

-Өнөө жилийн баяр наадам сайхан эхэлж байна. Та наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монгол төрийн баяр наадам үнэхээр сайхан болж байна. Төрт ёсны баяр наадам сайхан эхэллээ. Монголын ард түмний бахархал болсон наадмаараа хийморио сэргээж байна. Наадам сайхан болж байна.

-Удаан барилдаагүй бөхчүүд их барилдсанаараа онцлог болж байна?

-Бөхчүүд маань бүгдээрээ бэлтгэл сайтай харагдана. Олон сайхан залуучууд цол хүртэж сайхан барилдах байх аа. Бөхийн зүлэг ногоон дэвжээн дээрээ бөхчүүд минь өөрсдийн уран мэхийг уралдуулах байх аа. 

-Аймгийн арслангуудыг хараад ямар бодол төрж байх юм?

-Бөх хүний амжилт өөрөөс нь шалтгаалдаг тул бүгдээрээ хичээх биз ээ. Айл болгонд инээд хөөр аз жаргал хүсье. Энэ жил Архангай аймгийн Батцэнгэл сумын маань ой тохиож байгаа тул нутгийн иргэддээ сайн сайхныг хүсье. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аваргууд зүүний магнайгаа булаалдав

Өнөө жилийн төрийн их баяр наадамд хоёр дархан аварга цолтон барилдаж байгаа билээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хувьд хэн нь энэ наадмын зүүний магнайгаас босох вэ гэдэг нь чухал байлаа. Нэгийн давааны өмнө хоёр аварга би зүүний мангайд гарна гээд багагүй маргалдлаа. Нэлээдгүй маргалдсаны эцэст А.Сүхбат аварга зүүний магнайд 512 бөхөө магнайлсан юм. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн их баяр наадам нээлтээ хийлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадам есөн хөлт цагаан тугыг залах ажиллагаагаар ёслол төгөлдөр эхэллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагааг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирлээ. Төв цэнгэлдэхэд ирсэн иргэдийн уухайн түрлэг хадаж, үндэсний хувцасаараа гоёсон хүмүүс сэтгэл тэнэгэр алхаж байна. Чингэс хааны үеэс улбаатай есөн шарга морьд цэнгэлдэх тойроход иргэдийн уухай тэнгэрт хадав. Баяр наадмын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол ёсолгоо хийгээд “Өнгөрснөөс өвлөж, өнөөдрөөр цэцэглэх монгол нааддмын дэвжжээнээс баяр наадмын мэнд хүргэе. Морьтон монголчууддаа морио унацгаая. Морио уная, морио эмээллье. Хурай, хурай, хурхай ” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний дараа төрийн дуулал эгшиглэхэд энхийн цагаан тагтааг мөнх хөх тэнгэртээ нисгэлээ. Төрийн баяр наадамд оролцох сур, шагай болон хүчит бөхчүүд баяр наадмын нээлтэд оролцсон юм. Айрганд нь ардын дуу иссэн монгол төрийн наадам ийнхүү эхэллээ. 

Өнөө жил Монголын баг тамирчид олимпийн наадамд оролцож эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд баяр наадмын нээлтийн ажиллагаанд олимпийн наадмын аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Ойдов, Төгсцогт тэргүүтэй тамирчид ард т үмэндээ хүндэтгэл үзүүллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагаанд гадны жуулчид ихээр оролцож байгаа бөгөөд “Дэлхийд ганцхан гэж ярьдаг Монголын наадам үнэхээр сэтгэл хөдөлгөм юм аа” гэсэн юм. Үлээвэр найрал хөгжимчид “Эртний сайхан” дууг аялгуулан хөгжөөж тал нутгийн монгол наадам эхэлж буйг зарлалаа. Ардын бий биелээчид наадмын нээлтэд оролцсон бөгөөд Орос , Тувагаас бий биелээчид оролцсон наадмын нээлтийн нэгэн онцлог байлаа. Наадмын нээлтийн ажимллагаанд “Хонхны дуу”-нд төв цэнгэлдэх даяарын амгаланд автаж, ардчиллын үнэ ямархан замаар бидэнд ирсэнийг дахин нэг сануулав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуу цахилгаантай бороотой үед зурагтын антеннаараа оролдохгүй байхыг зөвлөв

Ус, цаг уур орчны шинжил¬гээний газрын мэдээлснээр энэ сард дуу цахилгаантай бороо ихээр орох төлөвтэй байна. Ялангуяа сарын эхний болон сүүлийн арав хоногт дуу цахилгаантай, ширүүн бороо ихээр орох аж. Бороо хур ихтэй байгаагаас ихэнх гол үерлэж байгаа мэдээ ч байна. Уржигдрын байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинд хүрчээ. Мөн Буянт, Ховд хот, Хөвсгөлийн уулсын Дэлгэрмөрөн, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Хэнтийн нурууны арын Хурх гол Өмнөдэлгэр сум, Барх гол Батширээт сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үеэрлэж байгаа аж. Тиймээс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Сүүлийн өдрүүдэд дуу, цахилгаантай бороо ихээр орсноос цөөнгүй газар аянга буужээ. Тодруулбал, Энэ сарын 2-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо хуучнаар Дэнжийн 1000-ын  авто баазын хойд хэсэгт байдаг байшингийн дээвэр дээр аянга бууж, гэрлийн залгуур нь бууджээ. Үүний маргааш нь Хан-Уул дүүрэгт нэг айлд аянга бууж гэрийнх нь бүрээс, цахилгаан хэрэгсэл нь шатсан байна. Дуу цахилгаантай бороо орсон үед гар утас, цахилгаан хэрэгслээ унтраахыг зөвлөдөг. Гэтэл хүмүүс хөлбөмбөг үзэхээр бороон дунд антеннаа оролдож, цахилгааны хэлбэлзэл үүсгэх болжээ. Тиймээс дуу цахилгаантай бороо орох үеэр цахилгаан хэрэгслээ түр зуур салгаж, гар утсаа унтраахыг онцгойгийнхон зөвлөсөн юм. 

Мөн аялал, зугаалганд явахдаа гүүр, гармаар гол гаталж байхыг санууллаа. Өнгөрсөн долоо хоногт Туул голд машинаа урсгасан дуудлагын дагуу онцгойгийнхон очиж арав гаруй залуусыг аварчээ. Гүүр, гармаар гарахаас гадна голын ойролцоо амарч, зугаалахдаа болгоомжтой байж бага насны хүүхэд,  согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг усанд ойртуулахгүй байхыг зөвлөлөө. 

Б.САРАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэрэнбалтавын хул үрээ түрүүлж, түмэн олноо баясгалаа

Их Монгол улс байгуулагдасны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаан хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын 307 хурдан ажнай тоосоо өргөж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бат-Очирын Цэрэнбалтавын хул үрээ түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд Улаанбаатар хотын “Хөх чоно” группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор үрээ хурдлав. Харин айргийн гуравт ҮХАА яамны дэд сайд Цэвэгдоржийн Тувааны хул, айргийн дөрвөөр Дундговь аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Дашдэлгэрийн Сүхбаатарын хонгор халзан, айргийн таваар Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-ын том манлай уяач Д.Ононгийн бор тус тус хурдалж хурсан олон наадамчин түмнээ баясгаад байна.

Д.САР

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дархан аварга А.Сүхбат наадамд барилдахаар бүртгүүллээ

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн удаатай. Гэхдээ бөх сонирхогчдын дунд түүнийг энэ жилийн наадамд барилдах эсэх тухай таавар, тодорхойгүй таамаглалууд явсаар байсан юм.

Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд барилдах нь тодорхой болжээ. Тэрбээр наадмын барилдаанд бүртгүүлээд явж байхдаа телевизийнхны дуранд өртсөн байна.

Хэдийгээр Дархан аварга А.Сүхбатыг наадамд барилдаад өндөр амжилт үзүүлэхгүй гэсэн таамаг байгаа ч наадамчдын хүлээлт түүний давааг бус барилдааныг харахад оршиж байгаа юм.

Д.САР


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад “Чиний тухай кино хийе” гэхэд зөвшөөрөөгүй


Кино зураглаач З.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монгол кино үйлдвэр”-т  1960 онд дагалдан оператороор орсон түүхтэй. Монголын түүхийг кино хальсанд буулгах түүний их ажлын  жилүүд эндээс эхэлсэн. Тэрбээр улсын наадмыг 15-20 жилийн турш кино хальсанд буулгасан хүн. 150 баримтат кино, 300 гаруй кино мэдээ, сюжет бэлтгэсэн гэнэ шүү.  Наадмын үеийн кино зураглаачийн хөдөлмөрийн талаар түүнээс эхлээд сонирхсон юм. 

-Кино хальс нарийн. Мэдрэмж шаарддаг. Наадмын үеэр гэртээ байна гэж үгүй.  Наадмаар ажиллах их гоё. Лагерьт байлаа гэхэд өглөө тусгай машин очиж авна. Орой ажил тарахад хүргэж өгнө. Сайхан байсан.  Одоо хүүхдүүд маань “Наадам үзэх үү” гэхээр нь “Юу ярьж байгаа юм. Насаараа наадам үзлээ, юуг нь үзэх юм” гэдэг. Кино бас нэг их үзэх сонирхолгүй. Киноны сургуульд сурч байхад өглөө зургаан цагаас орой найман цаг хүртэл кино үзнэ. Лаборатори 24 цагаар ажилладаг. Өлсөж цангахаа ч анзаарахгүй ноцолддог байж. Одоо бол  наадмаар телевиз хараад сууна. Бөхчүүдийг  андахгүй. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид мундаг байхад “Чиний тухай кино хийе” гэхэд хийлгээгүй. Б.Бат-Эрдэнэ их шүтлэгтэй. Цэцэглэж байхад нь кино хийсэн бол сайхан залуу нас нь үлдэхгүй юу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын тухай “Аваргын дэвжээнд” кино хийж байлаа. Наадмын үеэр 3000-аад метр цэвэр плёнк өгнө. Харагдсанаа аваад байж болохгүй. Секундэд 24 кадр явна. Плёнк аваад нарийн тооцоотой зарна шүү. Хэтрүүлж хэрэглэвэл өрөнд орно. Нэг кино мэдээнд 2000-аад метр хальсны зөвшөөрөлтэй. Угаахад тусгай ажилчинтай, Монгол кино үйлдвэр 500 ажилчинтай, мундаг ажиллаж байсан. Жилд таваас зургаан кино хийнэ. Баримтат кино тоймгүй олон хийнэ.  Кино камер  үүрчихээд, фото аппараттай явахад хэцүү. 27-28 орноор явсан.  Зураг үлдээгүй хэмээн хуучиллаа.     

-Та олон наадмаас бичлэг хийжээ. Социализмын үеийн наадам, одоогийн наадам  өөр үү?

-Ер нь үйл явдал нь адилхан шүү дээ. Их насны морь, наадмын нээлт хаалт  бүгд л адилхан. Хамгийн гол нь морины гарааг нисдэг тэргээр авдаг байлаа. Тэгэхэд хурдан морийг нисдэг тэргээр дагах зардал өгдөг байсан даа. Монгол кино үйлдвэрээс  нэг оператор, телевизээс нэг оператор, гэрэл зурагчин нэг гээд тоотой хэдэн хүнд үнэмлэх өгдөг. Моринд явдаг байсан. Жил жилийн наадмаар кино зурганд явчихаагүй бол наадмын зурганд ерөнхий оператороор ажиллаж байсан л даа. 

-Агшин хором алдвал хэцүү байх даа. Яаж бүхнийг амжуулах вэ тусгай арга техник байв уу?

-Арга техник байхгүй. Тэр үед одоогийнхтой адилгүй, аппарат  гацна. Аппаратаа үүрээд, плёнкоо халаасандаа хийчихнэ. Гацсаныгаа дор нь  сольж хийнэ шүү дээ. Бүх юм бэлэн явна.  Аппарат  7-8 кг. Түүнийгээ бариад гүйчихнэ шүү дээ. Хөлс мөлс урсах хамаагүй ээ. Цуг явсан хамаатны фоточин “Хамар нь сарталзаад дайраад ордог” гээд намайг шоолоод байсан.  Үйл явдлаас хоцорч болохгүй учраас дайрч орохоос өөр арга байдаггүй. Бүх юм механик,  намдаад байвал гараа өргөж байгаад л таамгаараа авна. 1984 онд Кубад чуулганд Ж.Батмөнх дарга явсан. Ямар ч улсад  эхлээд сэтгүүлч, сурвалжлагчид онгоцноос  буудаг. Онгоцноос буусан чинь хүнгүй байсан. Нэг харсан Фидель Кастро байж байна. Тэгэнгүүт НАХЯ-ныхан намайг шууд өргөж аваачаад, өөр газар тавьчихаж байгаа юм. Германд сүйдэлнэ. Өшиглөнө. Гуя руу  “аваад” хаяна. Өвдөхөд ялархах юм байхгүй, улангассан юм шиг дайрна шүү дээ. Арав хорь, гуч дөчин хүн буцалж байна. Айлчлалын зурагт гар барьж байгаа  зураг, эсвэл цэцэг нь байхгүй байж болохгүй. Ю.Цэдэнбал даргатай явахад  Хотын намын хороо, Соёлын яаманд зургаа үзүүлнэ.  Тийм зураг алга байна. Сайхан болж гэх мэт дүгнэлтийг Филатово гуай л хэлнэ. Дарга юм хэлэхгүй. 

-Шагнал урамшуулал авч байсан уу?

-Д.Бямбасүрэнгийн үед Засгийн газрын жуух авсан юм. Соёлын тэргүүний ажилтанг залуудаа авсан. Кино үйлдвэрийн 60 жилийн ойгоор Алтангадас авсан юм.  

-Улаанбаатарт болсон үерийн үеэр та бас зураг авсан уу?

-1966 оны үерийн дараахан төгсч ирсэн. 100 айлд зуун гэр бариад, үерт нэрвэгдэж, гэр оронгүй болсон хүмүүст өгч байсан. Тэр үеийн зургийг бол авч байсан.  

-Ингэхэд аав, ээж тань малчин хүмүүс байв уу?

-1939 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Зүүн бүслүүр гэдэг газарт малчны гэрт төрсөн хүн. Аав маань Зандан гэдэг хүн байсан. 

-Багадаа юу сонирхдог хүүхэд байв?

-Багадаа малд явдаг. Сургуульд бүжгийн дугуйланд явна. Фото зураг сонирхдог. Ес, аравдугаар ангид байхдаа “Зорький” аппараттай болсон. Фотогийн дугуйланд явдаг. Байшин сав, найзуудынхаа зургийг аваад шөнөжин угаагаад зарим нь  ч өөдтэй зарим нь өөдгүй юм гарна. 

-Яаж  яваад кино зураглаач болчихов?

-Эцэг, эх өөд болооч эгчтэйгээ амьдардаг байлаа. 1959 онд их сургуулийн бэлтгэл ангид орсон. Оюутнууд хөдөө ажилд дайчлагддаг. Эгч маань бие нь муудаад ажил хийх аргагүй болсон. Тэжээх хүн байхгүй. Их сургуулийнхандаа үнэнээ хэлээд сургуулиас гарсан даа. Кино үйлдвэрт гоё зураг авдаг хүн ажилладаг гэж хүнээс дуулсан. Нутгийн хүнээ сураглаж байгаад очсон. “Би фото зураг авах дуртай. Дагалдан оператороор ажилд ороход эхлээд фотогоор шалгалт өгдөг юм байна. Ажилд оруулж өгөөч” гэж гуйлаа. Тэгээд шалгалт өгч намайг дагалдан оператороор авсан юм. Дүйнхэр гэдэг хүний шавь болов. Операторууд зурганд явахаар дагалдан оператор хөлийг нь бариад, аппаратыг нь бариад, плёнкыг нь цэнэглээд, гүйнэ. Овоо юм сурч байгаа юм л даа. Төрийн соёрхолт кино найруулагч Д.Жигжидтэй зурганд явна. Зураг авахыг нь л хараад байдаг. Өөрөө авах эрх байхгүй. Аппаратыг нь цэнэглэнэ, плёнкыг нь бэлтгэнэ, хамаг юмыг нь хийнэ. Тэгээд л зураг авч дуусахаар бүх юмаа хамж аваад явдаг байлаа. Д.Жигжид гуай “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны зураг авахад дагалдан туслах оператороор намайг томилсон юм. 1961 оны хавраас эхлээд тэр кинонд явж байхад манай уран сайхны удирдагч Э.Оюун гуай байлаа. Долоо, найман туслах байсан юм. “Та  нар операторуудын хөл гарыг нь үүрээд л явах юм. Эд нар та нарт ном заадаг уу. Яаж зураг авахыг зааж өгдөг үү” гэсэн. “Өгдөг” гэсэн. “Та нарыг шалгана” гэнэ. Тэгээд кино, мэдээ сурвалжлага хоёр гурван газар авахуулсан юм. Зургуудаа бүгд Э.Оюун гуайд үзүүлсэн. Би киноны зураг авалтаар Хужиртын Улаан цутгаланд явж байсан юм.  Намайг Д.Жигжид гуай дуудлаа. “Чамайг Москва хотын киноны дээд сургуульд явуулах болсон байна. Маргааш Хужиртаас онгоцоор Улаанбаатар явуулна” гээд 40 литр айраг, хонь аваад намайг гаргаж өгсөн. Шалтгалтад гайгүй дүн авсан шиг байгаа юм. Тэгээд л Э.Оюун гуайн хүчинд  Москвад Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан. Тэгээд 1966 онд төгсч ирсэн. Намайг хоёрдугаар курст сурч байх жил  Ю. Цэдэнбал дарга Москвад албан ёсны айлчлалаар очсон юм. Найруулагч маань  Ю.Цэдэнбал даргын Москвад айлчилсан сэдвээр кино мэдээ хийх болсон. Оператороор би явлаа.  Горькийн институтаас задгай тэрэг өгөөд, зургийн дарга гаргаад, курсын ажилдаа гарсан. Тэр үеэс л  баримтат кинонд сонирхолтой болсон юм. Эндээс Ю.Цэдэнбал даргыг кино оператор Цэнджав гэж хүн дагаж явсан.  Би тэндээс курсын ажил гээд Киноны сургуулиас ирэхгүй юу. Даргатай явж байгаа юм гэхээр намайг оруулчихдаг.  Тэр үйл явдлын зургийг бүгдийг авсан. Их зоригтой, хамаагүй дайрч довтлоод л, ном дүрмийг нь мэдэхгүй. Үйл явдлыг л алдахгүй авах сонирхолтой. Онгоцны буудлаас буугаад гар барихад нь алдчихвал яаж кино болох вэ. 

-Тэр үед Ю.Цэдэнбал дарга та нарт хандаж юм хэлсэн үү?

-Тийм юм байгаагүй. Найруулагч хажууд дагаж явна. Энийг нь авна шүү. Тэрийг л авахгүй бол кино байхгүй болно шүү гээд үглээд явуулна. Найруулагчийг дотогш нь оруулахгүй. Зургаа аваад курсийн ажлаа хийсэн. Курсийн ажил ч сайн болсон. Дэлхийн оюутан залуучуудын наадам Берлинд 1973 онд болсон. Төгсч ирээд түүнд явсан. Түүнээс хойш Ю.Цэдэнбал даргын итгэмжлэгдсэн кино оператор болсон юм. Даргыг хаана явна, дагаж явна. Герман, Румын, Болгарт айлчлалаар явахад нь дагаж яваад гурван бүлэг 30 минутын кино хийдэг байсан.  

-Сансарт монгол хүн нисэхэд дагаж зураг авсан гэв үү?

-1978 онд намайг дууддаг юм байна. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч биднийг дуудаад, “За Сүхбаатар аа. Монгол хүн сансарт нисэх талаар ярилцаад байгаа юм.  Хүнээ сонгох юм байна.  Энэ бүх үйл явдлын зургийг авахуулахаар чамайг томилж байна.  Маш нууц. Хүн амьтанд хэлж болохгүй. Гэр бүлийнхээ хүнд ч хэлж болохгүй. Энэ зурганд л ажиллана шүү” гэсэн.   Сансарт нисэхээр анх хориод хүн сонгосон байлаа. Зургийг  нь аваад эхнээс нь эцсийг нь хүртэл дагасан даа. 1978-1981 он хүртэл ажилласан.  Найруулагч нь Монголд байна. Гомбо гээд Золжаргалын аав, найруулагч, би оператор нь байсан. Тэгээд л ер нь 1979 он гэхэд Москвад амьдардаг, Оддын хотхонд очсон. Би тэр үед баримтат кинонд нэлээд явдаг. Москвагийн баримтат киноны студид танил ихтэй. Манайхан “Олон хүн явахаар зардал их орох гээд байна. Чи тэндээсээ дууны оператор, гэрэлтүүлэгч, зургийн дарга бэлтгэ” гэсэн. Эндээс цалинжуулаад, тийм хүмүүс тэндээсээ авсан. Өглөө зургийн дарга  орос авгай ирээд, биднийг аваад, Оддын хотхонд очно. Оддын хотхонд НАХЯ-ны хөгшин хурандаа хүлээж авна. Бүх зураг дуусахаар хоол идүүлээд, дэлгүүр оруулаад буцаана. Маргааш нь тэдийд ирнэ гээд зургийн дарга ярьчихна. Ингэж бүх киног нь хийсэн.  1980 он гэхэд А вариант, Б вариант гээд Гүррагчаагийн тухай гурван бүлэг, Ганзоригийн тухай гурван бүлэг кино хийсэн байсан.  Яг нислэгийн үеэр гаргана гэж бэлтгэсэн. Хэн нь ч нисч болно шүү дээ. Байконуурт очлоо. Сансараас  эх дэлхийдээ буухад нь нэмэлт оператор явуулсан. Мандухайг хийсэн  Балжиннямыг Байконуурт явуулсан. 

-Охин тань бас таны мэргэжлийг өвлөсөн юм уу?      

-Охин маань гэрэл зурагчин. Хүргэн маань яг манай сургуулийг 1984 онд төгссөн шүү дээ. 

-Улаанбаатарын тухай кино хийгээд байраар шагнуулсан гэсэн?

-“Олондоо алдартай” гэж Улаанбаатарын тухай кино хийлээ. Захиалгат кино болохоор Хотын дарга киногоо үзээд “Үнэхээр сайн авсан байна. Операторын ажил ярих юм байхгүй. Чамайг байраар шагнана” гэсэн. Хамаатныхаа нэг өрөө байранд амьдардаг байлаа.  Би хөдөө гадаа их явна. Манай гэр бүлийн хүн Найрамдлын районы намын хороонд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Эхнэр рүү маань  утасдаж гэнэ. “Сүхбаатарын гэр бүлийн хүн мөн үү.  Байр нь хуваарилагдаад сар болж байна. Байраа авахгүй юм байх даа” гэж. Тэгсэн надад дөрвөн өрөө байр өгсөн байхгүй юу. Нэг бол гадаад, нэг бол хөдөө явчихдаг байсан даа. 

-Хамгийн зовж авсан зураг юу байна?

-Майн нэгнээр зураг авч байгаад таван метрийн өндөртэй кранаас шидүүлсэн юм.

-Яаж байгаад тэр вэ?

-Кино кран гэж байсан.  Намайг туслахтай цуг сэгсэрчихсэн. 5 метрээс. Ухаан алдаад, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гурав хоногийн дараа “Одоо дажгүй” гэсэн. Хорь, гучин жилийн дараа хөл муудаж,  гэмтэл мэдэгддэг юм билээ. 

Б.ЯНЖМАА

М.УНДРАЛ