Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Баасандорж: Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүйгээс хүний амь эрсдлээ

-“Нийслэл өргөө” компани арван давхар барих ётой барилгыг 14 болгож өөрчилсөн-

“Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгаас гурван хүн унаж амиа алдсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой утсаар холбогдож ярилцлаа. 

-Бямба гаригт барилгаас гурван хүн унаж амиа алдлаа. Ослын талаар мэдээлэл өгөөч?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл Өргөө” компанийн барьж байсан барилгын 14 дүгээр давхарт цахилгаан шатны хэв хашмал хийх гэж байсан гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. “Нийслэл Өргөө” компани хоёр туслах компани ажиллуулж байсан. Туслах хоёр компанийн нэгийнх нь ажилчид амиа алдсан. 

-Ослын шалтгаан юу байсан бэ. Ажилчдын яриагаар хөдөлмөр хамгааллын хэрэгсэл өмсөөгүй байсан гэх юм.

-Тийм ээ. Барилгын ажил дээр хөдөлмөр, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй байсан. Ажилчид хамгаалах бүсгүй ажиллаж байсан юм билээ. Мөн шаардлага хангаагүй тавцан ашиглаж байсан. Тэр тавцан нь ачааллаа дийлэхгүй эвдэрснээс гурван хүн доош унасан байна.

-Цахилгаан шатны хэв хашмал хийж байсан гэж ярилаа. Барилгын давхруудад хаалт хийгээгүй байсан юм уу?

-Цахилгаан шатны хонгилын давхар бүрт хамгаалалт байх ёстой. Гэтэл “Нийслэл Өргөө” компанийн барьж байгаа барилгын 4-14 давхарт огт хамгаалалт байгаагүй. Дөрөвдүгээр давхар хүртлээ хамгаалалт хийгээд дээшээ хоосон хонгил үлдээсэн гэсэн үг. Үүнээс гадна барилгын аравдугаар давхраас дээш гадна ханын хамгаалалт хийгээгүй байсан. Гэх зэрэг маш эрсдэлтэй нөхцөлд хүмүүс ажиллаж байжээ. 

-Мэргэжлийн хяналтын газраас барилгад шалгалт хийж байсан уу?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгалт хийж байсан. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа талаар нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын газраас маш олон удаа албан бичиг, шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн краныг ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл өөрсдөө дур мэдэн кранаа ажиллуулаад эхэлчихсэн байсан. Энэ мэтээр төрийн байгууллагын шийд­вэрийг үл тоож, хөдөлмөр аюул­гүй ажиллагааны шаардлага хангаагүй, маш олон зөрчилтэйгөөр үйл ажил­лагаагаа үргэлжлүүлсээр байсан нь хүний амь эрсдэхэд хүргэлээ. 

-Барилгын зураг төслийг өөрчилсөн гэх мэдээлэл бас байгаа. Энэ үнэн үү?

-Анх 10 давхар барилга барихаар зураг төсөл гарсан юм билээ. Гэтэл гүйцэтгэгч компани зураг төслийг дур мэдэн өөрчилж 14 давхар болгосон. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харъяаллын бус өвчтөнд шаардлагатай эмчилгээг хийсний дараа шилжүүлэхийг үүрэг болгов

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 24 дэх удаагийн цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд болсон юм. Уг хуралд  Эрүүл мэндийн сайд Н.Удвал холбогдох албан тушаалтнууд, УБ хотын дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтнүүд оролцов. Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг оны эхний хагас жилийн байдлаар товч мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1521 төрөлт бүртгэгджээ. Энэ оны эхний 6 сарын нийт төрөлтийг өнгөрсөн оны 6 сарынхтай харьцуулхад 3,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

 НҮБ-ын Дээд хэмжээний Чуулга уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцож, халдварт бус өвчний талаар илтгэл тавьсанаа товч танилцууллаа. Мөн Монгол улс ДЭМБ, ХАС, Хүүхдийн сан, Дэлхийн банк, Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын нөхөн үржихүйн хорооны гишүүн орноор сонгогдсоныг дуулгалаа. Өмнөговь аймагт 07 дугаар сарын 01-нд “Уул уурхай ба эрүүл мэнд” анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Орон нутагтаа салбар дундын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулсан аймгийн засаг дарга, болон эрүүл мэндийн газрын дарга нарт талархал илэрхийлсэн. 

Энэ намар Ерөнхийлөгчийн ивээл дор архины асуудлаар үндэсний хэмжээний чуулга, уулзалтыг Эрүүл мэндийн яам, Хуульзүйн яам, Гадаад хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам хамтран зохион байгуулах юм. Энэ үеэр архины хор хөнөөлийг бууруулах үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явагдах юм байна. Дараагийн төлөвлөсөн ажил нь сургуулийн эмч нарын зөвлөгөөнийг ЭМЯ, БСШУЯ-тай хамтран хийхээр болсон явдал юм. Зөвлөгөөнөөр сургуулийн эмч нарын ажлын байрны стандарт, тодорхойлолтыг гаргах, гарын авлагыг бэлтгэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарал хандуулна гэсэн үг юм. 

Эрүүл мэндийн сайд, нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр ирсэн харьяаллын бус ямар ч өвчтөнд шаардагдах эмчилгээ, үйлчилгээг хийсний дараа харьяаллын эмнэлэгт шилжүүлж байхыг үүрэг болголоо. 

Түүнчлэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ. “Эх, хүүхэд бүрт үйлчилье ” сэдвийн хүрээнд тус аймгийн өрхийн эмч нар айл, өрхөөр явж 217 хүнд мэдээлэл өгсөн бол эрүүл мэндийн ажилтнууд сум, багт ажиллаж, 564 иргэнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа өгсөн. Түүнчлэн 14 эмч, мэргэжилтэн ОХУ-ын Буриад улсад туршлага судалж байна. 

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа  “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь 193,689 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дүүргийн эмзэг бүлгийн 53 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дүүргийн ЕБС-ийн сургуулийн 11,899 хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоог хийж, эмчилсэн байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт бороо орохгүй

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байх аж. Харин баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Харин говийн аймгуудын нутгаар бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын гамшиг

Хүйтний уур орж, шөнөдөө хасах хэм болж, анхны цас унаж зудын гамшгийн тухай яриа эхэлж байна. Яг энэ үеэс л наадам цөөрч найр эхэлнэ. Өнөөдөр намрын дунд сарын 17 буюу албан ёсны их найр хуримын өдөр. Энэ зунжингаа Монгол даяараа  нүсэр их наадлаа.Яг л эртний туульсын ялсан баатрууд наадаж наргиж байгаа юм шиг наадав. Унасан морио гундтал, өмссөн дээлээ гандтал,торх торхоор сархад зооглож, үхэр үхрээр мах чанаж , жар хоног жаргаж нэгэн наадав. Ная хоног наргиж нэгэн наадав. Ер нь цас ороогүй бол наадаад л баймаараа. Ямар ямар наадмууд болоод өнгөрөв өө. Тоолохын ч аргагүй дээ. Харин энэ их хөлгүй цэнгэлд үрэгдэж байгаа хөрөнгө мөнгийг мэргэн уншигч нар минь  багцаагаар тооцоод үзээрэй. Тоймтойгоос нь: Хамгийн том наадам Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын яруу алдарт ой Улаанбаатарт болов.  Нийслэлийн төсвөөс 600 сая төгрөг гаргав.  Засгийн газраас гарсан мөнгийг тооцохын арга үгүй. Дараа нь их хурд наадам боллоо. Ёстой нэг баярхаж өгөв. Зуун сая төгрөгийн ланд машинаар байлав. Дараа нь аймгуудын наадмууд болов. Албан ёсны мэдээгээр бол нэг аймаг 150-280 сая төгрөгөнд наадмаа багтаасан гэж байна. Гэхдээ энэ өчүүхэн бага төсөв хүрэлцэхгүй болохоор ирэх жил нэг аймаг 500 сая төгрөгөөр наадахаа эрхэм гишүүдээрээ дамжуулан төр засагтаа уламжлав. Дараа нь сумуудын наадам болов оо. Төсөв нь 60-100 сая төгрөг гэж байгаа боловч сумын наадамдаа өгөх хандив тус­ламж, гуйсан түүсэнтэйгээ нийлээд 200 сая гарсан тухай  бүх сумууд мэдээлсэн   байна. 21 аймаг,  Эрдэнэт, Дархан хот, хо­тын дүүргүүд, 360 сумтай гэж тооцохоо мартав. “Эр­дэнэт үйлдвэр” ёстой юмтай газар шиг наадмын зарлагын ханшийг суга өсгөлөө.  Дээд адгуусанд 10 сая төгрөг, дунд адгуусанд таван сая төгрөг, адгийн адгуусанд нэг сая төгрөг шидэж, уулыг тал болтол талыг там болтол хүлэг сайн морио уралдуулж хүчит сайн эрсээ барилдуулж  нэгэн наадлаа. Тоонд сайн уншигч нар минь үржүүлээд байгаарай. Баруун ,зүүн, урд, хойд, төвийн бүсийн их хурд наадмууд болов. Бүсийн хурд наадам хэмжээ цараа зарсан хөрөнгө мөнгөөрөө улсын наадмаас агуу гэнэв. Их хурд наадам битгий хэл бүсийн хурд наадмын түрүү морь бөхийн шагнал улсын наадмын шагналыг 100 дахин нэмсэнтэй тэнцдэг ажгуу . Өөр ямар наадмууд боллоо доо. Өө тийм Баруун зүүн Монгол, Ойрд халхаараа хуваагдан өрсөлдөн, тэмцэлдэн, хурд хүчээ сорин тэмцэлдэн наадав. Ястан үндэстэн, овог аймгаараа ялгарч баахан наадав. Буриадууд наадав. Өөлдүүд наадав. Дүрвэдүүд наадав, Баядууд наадав.Хасагууд наадав, Боржигонууд наадав. Баргууд наадав. Зарсан хөрөнгө, зартай томчуудаараа гайхуулан нэгэн наадав. Хүний хүч хүлгийн хурд, мэргэн харваачаараа гайхуулж нэгэн наадав. Архинд халуурсан наадамчдын цөс нь хөөрөхдөө ойр тойрондоо байгаа овог аймгууд руу дайлаар мордох нь холгүй юм болж наадав. Инээдтэй жишээ ч их гарав гэнэ. Халхын наадамд түрүүлсэн тэр  муу өөлдийн бөхийг тэнгэр харуулах юмсан гэж нэгэн  монгол баатрын дүртэй дарга агсагнасныг хэвлэлд тэмдэглэжээ. Өөлдийн наадамд түрүүлсэн тэр муу халхын адсаганы шөрмөсийг огтлох юмсан гэж нэг  хүлэг баатрын хувцаст гишүүн  хутга гарган дүвчигнэсэн гэнэв. Эдгээр хөлгүй их баяр цэнгэл наадмуудаас  хамгийн лут нь МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг төрүүлсэн нутаг Хөвсгөл аймагт хот­гойдын Чингүнжавын наадам болов. Эл их наадамд Мон­гол Улсын Засгийн газраас нэг тэрбум төгрөг гарган өгч баярхав. Оролцсон төлөө­лөгчид нь гэвэл улсын Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, сайдуудаас эхлээд аймгуудын хурлын болон засаг ноёд хаа байгаа газраасаа эрх тушаал ямбаны унаа унаштайгаа морилон очиж өгсөн бэлэг, өмссөн зүүснээрээ уралдацгаав. Эрхэм дарга, хошуу ноёдууд Хөвсгөлийн наадмаас эргэж нутагтаа ирээд, нутгаасаа төрж гарсан хошуу ноён хийгээд өдгөө УИХ-ын гишүүн болсон   томчуудынхаа наадмыг  хийцгээв. УИХ-ын гишүүдийн хамгийн жул наадам нь УИХ-ын гишүүн Бямбацогттой хамт Ховд аймгийн Мянгад суманд бага сургуулийн хоёроос дөрөвдүгээр  ангид хамт сурч байсан  ангийн хүүхдүүдийн нь зохион байгуулсан нэрэмжит наадам болсон байна.Сониноор бичигдсэнгүй, зурагтаар гарсангүй. УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас” Бямбацогт гишүүн наадам хийсэн ангийнхандаа баярлалаа” гэсэн цагаан мэдээ тараагаад өнгөрөв.   УИХ-ын гишүүн томчуудаас наадмаа хамгийн нүнжигтэй зохион байгуулсан нь их аварга гишүүн Бат-Эрдэнэ болов.  УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга их аварга Б.Бат-Эрдэнэ  манлайлан Хэнтий аймагт 108 суварга босгож морь бөхийн бурхан бүтээж, нүсэр их наадам хийж хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи уув гэж албан бусаар мэдээлэв. (108 суварганд орсон хөрөнгө хэмээвээс тус бүр нь нэг сая төгрөгийн суврага 100,  тус бүр нь 10 сая төгрөгийн суварга наймыг босгож нэг метрийн өндөртэй Дамдинчойжоо нэртэй морины бурхан бүтээж залав гэнэ. Харин бөхийн бурхан залаагүй.Яагаад гэвэл бөхийн амьд бурхан нь Хэнтий нутгийг ивээж, Монголын хуулийг даргалж байгаа нь  их учиртай гэв. (Нэг суварганд дунджаар 1-25 сая төгрөгийн цемент, туйпуй, ном орно гэж суварганы бизнес эрхэлдэг лам ярив Г.Д) Их аварга гишүүний манлайлан бүтээсэн суварга, наадмаас илүү гарах гэж аархан баярхаж, УИХ-ын гишүүн Сангийн сайд Баярцогт, Монгол банкны Ерөнхийлөгч асан Чулуунбат, Ашигт малмалын хэрэг эрхлэх газрын дарга Батхуяг, иргэн Далай нар ивээн тэтгэж олон сая доллор хаян Сэлэнгэ аймагт гэрэлт цагаан суварга босгон түүхэн том наадам хийлээ. Төр засгийн хууль, банк, санхүүг атгасан эрхэм гишүүдийн цуглуулж наадсан энэ их хөрөнгө зудад малаа үхүүлсэн сумынхан болон ядмагхан зарим гишүүнээ хөлдөө чирэх нь байна. Саяхан намайг сумандаа очиход манай сумынхан 108 суварга босгож чаддаггүй юм гэхэд ганц суварга босгож  Дондог гишүүнийхээ наадмыг хийе гээд хандив мандив болж байлаа. Тэгээд шүтлэгт Баян уулан дээрээ өнчин суварга босгож морь уралдуулж санаа амрав. Уул овоо, гишүүн, морь бөх, суварга тахилгын наадмууд үргэлжилнэ. Уудам  Монгол нутгийн хичнээн овоог ч тахиж наадсан юм бүү мэд. Манай суманд л лав энэ хавар, зун, намар овоо тахилгын  наадам таван удаа болов. Нэг сумын нутагт дунджаар гурван овоо тахисан гэж бодоход 2000 наадам болоод өнгөрч дээ. Мартах шахлаа. Энэ бүх наадмуудад түрүүлж айрагдсан морь бөхийн мялаалгын наадмууд зун намрын зургаан сардаа багтах шинжгүй байна. Албан газруудын 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн наадмуудыг хэн тоолж барах вэ. Адаглаад л сургуулиудын 80 жилийн ойн нүсэр наадмууд болоод өнгөрөв. Манай сургуулийн 80 жилийн ойн баяр наадам болж зургаан настай энэ жил сургуульд орсон хүүхдээс эхлээд 60 гарсан буурлууд уулзаж учирч ангиараа нийлж хонь ямаа боож,айраг архи  зооглож морь уралдуулж бөх барилдуулж маш сайхан наадав. Монголчууд даяараа сайхан наадлаа. Манай нийгмийг ерөөсөө л наадам зохицуулдаг юм шиг болжээ.  УИХ-аа завсарлуулж байгаад, Засгийн газруудын байгууллагуудаа хааж байгаад, сургуулиудаа амрааж байгаад наадаж байна. Хууль хяналтын байгууллагууд ч гэсэн байцааж байгаа хүмүүсээ гурван сар цоожилж байгаад л амарч нааддаг. Эдийн засгийн хохирол хэдэн тэрбум доллар найр наадамд үрэгддэгийг хэнч мэддэггүй. Лав л зудын гамшгаас арай илүү мөнгө эдгээр  эх захгүй наадмын гамшигт үрэгдэж байна. Тэхээр өвөл нь зудын гамшиг зун нь наадмын гамшиг хоёр гамшгийн хооронд бид хэзээ ч дэвжихгүйнээ. Суврага барьснаас сургууль барьсан нь хамаагүй дээр. Бид найр наадам, морь бөх, дуу хуур,хуушуур боодог,бурхан, тахилга, бөө тамлага,айраг архинд хөрөнгөө  үрж байдгаа барснаас ганц үйлдвэр барьсан нь илүү гэдгийг хорин хэддүгээр зуунд ойлгох юм бол бүү мэд. Нацагдорж зохиолч үнэн хэлжээ. “Амьд явбал наадам үзнэ” гэж.  Иргэд ядуу явах нь хамаагүй наадам үзэхийн тулд амьд л явах хэрэгтэй юм шив дээ. Анхны цас орлоо. Наадмын гамшиг татарч зудын гамшиг эхэллээ. Амьд явбал ахиад л хойтон жил сонгуулийн урьд жил бүүр хөрөнгө мөнгийг ус шиг цацсан хөлгүй том наадмууд үзнэ.

 Одоогоос олон мянган жилийн өмнө, ойрхи дорнодын хавьд хоёр голын сав газарт, давсны их баялагтай, тэр давсыг нь арабууд дарсаар сольж тэмээгээр зөөж авдаг  нэг их баян хаант улс байжээ.  Хаан эхэлж найр наадам хийгээд жаргаад байжээ. Дараа нь ард олноороо найрлан жаргадаг болжээ. Энэ улс орон одоо түүхэнд ч байхгүй болтлоо мөхсөн байна. Газар хөдлөлт, гадны дайсан довтолгоон, боолчуудын бослого, эдийн засгийн уналтаар сүйрээгүй харин эх захгүй зугаа цэнгэл, “найр наадмын гамшиг”т сүйрсэн тухай  гайхамшигтай номыг би уншиж дууслаа.

 2008 он есдүгээр сар

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол ралли”-ийн аялагчид Монголд ирэх сард ирнэ

“Монгол ралли” автомашины аялал өнөөдөр Лондонгоос эхлэж байна. Дэлхийн хамгийн адал явдалтай аялалуудын нэгд тооцогддог “Монгол ралли” автомашины аялал одоогоос арван жилийн өмнө эхэлсэн түүхтэй. Тухайн үед олон улсын буяны байгууллагуудад хандив цуглуулах зорилгоор аялал эхэлж зургаан баг Монголд ирж байв. Үүнээс хойш Евразийг хөндлөн гулд туулан манай улсын нийслэлд барианд ордог энэ аялал хүрээгээ маш хурдан тэлж, Лондоны алдарт Хайд паркаас гараагаа эхэлсэн 2007 оны аялалд оролцохыг хүсэгчдийн тоо хэт их байсан тул 200 багийг сугалаагаар тодруулахад хүрсэн гэдэг. Энэ аяллын гол онцлог нь 1.2 литрийн багтаамжтай цилиндртэй бага оврын машиныг л оролцуулдагт оршдог аж.

Олон арван орны нутаг дэвсгэрээр өнгөрдөг энэ аяллын үеэр эмгэнэлтэй осол гарсан нь ч цөөнгүй. Жишээлбэл, 2010 оны “Монгол ралли”-д оролцсон Английн хоёр иргэн Иран, Туркменистаны хил дээр осолдон амь насаа алдаж байжээ. Тус аялал 21 орны газар нутгаар болсон тохиолдол ч бий. Харин арав дахь “Монгол ралли” уралдааны оролцогчид 17 орноор дайран наймдугаар сарын 31 гэхэд Улаанбаатарт хүрэлцэн ирсэн байх ёстой аж. Энэ удаагийн аялалд Мальта улсын баг анх удаа оролцох бөгөөд орон орны нийт 300 шахам бага оврын машин Монголыг зорих юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наймдугаар сарын 1-нээс иргэдэд газар өмчлүүлнэ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр болсон билээ. Шинээр газар өмчлүүлэх  ажлын бэлтгэл ажил дууссан байна.  Энэ талаар өчигдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Өмч газрын харилцааны албанаас мэдээлэл хийлээ.  Иргэдэд үнэгүй өмчлүүлэх 52 байршлаас эхний ээлжинд таван байршлыг сонгон ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн цахим хэлбэрээр өмчлүүлэхээр болсноо зарлалаа.  

Тодруулбал, эхний таван байршил бүхий  1524 га газарт нийтдээ 14954 иргэнд газар өмчлүүлэхээр болжээ. Газрын тухай хуульд иргэн бүр 0.07 га хүртэл газрыг үнэгүй өмчлөх эрхтэй  гэж заасан байдаг ч хүртээмжийг бодолцоод  энэ удаад 0.05 га газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Эхний ээлжинд өмчлүүлэх таван байршил нь Баянзүрх дүүргийн XX хорооны Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн XII, XIII хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн IV хорооны Тариан булагийн I хэсэгт 7504 иргэнд,

Багахангай дүүргийн II хороонд Бор-Үзүүр гэдэг газар 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх гэнэ.Нийслэлийн өмч газрын харилцааны албаны мэдээлснээр иргэдэд газар өмчлүүлэх өргөдлийг  цахимаар хүлээж авах “Газар өмчлөлийн цахим систем” буюу программ хангамжийг боловсруулах ажлыг дуусгасан байна. Цахим хаягийн нэр болон хэрхэн өргөдөл авахыг наймдугаар сарын 1-нээс өмнө зарлах аж. 

Тус системд иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын байршлууд, тэдгээрийн албан ёсны нэр, хаяг, талбайн хэмжээ, төвөөс алслагдах зай, хил заагийг харуулсан тойм зураг, байршил тус бүрийн батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний загвар төсөл буюу хаягийн зураг, өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо, газар өмчлөхөөр хүсэлт гаргасан нийт иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн нэрс зэрэг шаардлагатай бүхий л мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод байрлуулсан байх аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хэдийгээр газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр хүний оролцоогүйгээр явуулах боловч давхцал гарах магадлалтай байна. Жишээгээр тайлбарлахад Сонгинохайрхан дүүргийн Соёоны аманд 4100 хүнд газар өмчлүүлнэ. Гэтэл тэр байршилд арван мянган хүн өргөдөл өгвөл тодорхой байршлын газруудад давхцаж өргөдөл өгсөн гэсэн үг. Ийм асуудал гарвал давхцсан хүмүүсийг ч сугалаа сугалуулна. Үүнээс өөр аргагүй юм. Зарим хүмүүс хамгийн түрүүнд өргөдөл өгсөн хүмүүст газар өгье гэж байна. Тэгэхээр бөөн маргаан гарах магадлалтай. Тиймээс хамгийн шударга арга нь сугалуулах юм” гэж тайлбарлалаа. Нэмж мэдээлэхэд газар өмчилж авах иргэд нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн бүртгэлтэй болсон байх ёстой гэнэ. Энэ ажлыг хянан шалгах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон буюу газар өмчлөх эрх нь нээгдсэн иргэн тухайн газрын харъяа дүүргийн Засаг даргад ажлын 10 хоногт багтаан өргөдөл гаргах бөгөөд тухайн дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь өргөдлийг хүлээн авч, газар өмчлөхөөр сонгогдсон иргэнд өөрийн өмчлөх нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт суулгах, тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг өгөх ёстой. 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ ГАЗРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЭЗЭМШҮҮЛНЭ

Тус хурлын үеэр Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас өгсөн бас нэг мэдээлэл нь нийслэлд барилга байгууламж барих газрыг зөвхөн дуудлага худалдаагаар олгохоор болсныг дуулгалаа. Энэ талаар мэдээлэхдээ “Газрын тухай хуульд юу гэж заадаг вэ гэхээр, гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтын газрыг дуудлага худалдаагаар  эзэмшүүлнэ  гэж заасан байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хуулийн энэ заалт зөрчигдөж ирсэн. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн тодорхой эзэмших эрхтэй газруудыг хүчингүй болгож, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгохдоо зөвхөн дуудлага худалдаагаар олгож эхлээд байгаа юм. Эхний ээлжинд ирэх есдүгээр сард 20 байршил бүхий газрыг дуудлага худалдаагаар өгөх ажлыг зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар  эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар 2014 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Сая хуралдсан НИТХ-аар эхний ээлжинд арав гаруй автозогсоолын газрыг дуудлага худалдаагаар өгөхөөр шийдвэрээ оруулсан. Өнгөрсөн хугацаанд гарсан бас нэг асуудал төрийн байгууллагатай хамтраад газар эзэмших эрх авдаг байсан. Үүнийг өнгөрсөн 2013 оны Нийслэлийн Засаг даргын 915 тоот захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр болсон. Дуудлага худалдааныхаа анхны үнийг төлөөд газрынхаа эрхийг баталгаажуулж ав гэдэг шаардлагыг тавьж байна. Энэ арга хэмжээг жилийн хугацаанд авахад энэ хугацаанд 91 аж ахуйн нэгж дуудлага худалдааныхаа анхны үнийг төлөөгүй байна. Хэрвээ энэ байгууллагууд дуудлага худалдааны анхны үнээ төлсөн бол нийслэлийн төсөвт 20 шахам тэрбум төгрөгийн орлого орж ирэх байсан. Тиймээс энэхүү шийдвэрийг хэрэгжүүлээгүй 91 аж ахуйн нэгжийн газрыг хүчингүй болгосон. Эдгээр газраа хүчингүй болгосон иргэдээс гурван байгууллага, иргэн эргэж хуулийн байгууллагад хандсан бол бусад нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Техникийн нөхцөл зургийн даалгавар нь өгөгдсөн газрыг дуудлага худалгаагаар өгнө” гэж мэдээллээ. 

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлснээр эдийн засгийн хувьд ямар ашиг олж болох вэ гэсэн судалгааг хийжээ. 2003-2014 он хүртэлх хугацаанд олгосон газруудыг  хуулийн  дагуу дуудлага худалдаагаар олгосон бол 2012 оны нийслэлийн төсвийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцүү орлого олох байсан гэнэ. Нийслэлийн 2012 оны төсвийн орлого 359 тэрбум төгрөг бөгөөд үүнийг 77 дахин үржүүлсэнтэй тэнцүү орлого олох байсан гэнэ. Хэрвээ өнөөдрийн нийслэлийн нөөцөнд байгаа газраа дуудлага худалдаагаар өгч чадвал 2012 оны нийслэлийн төсвийг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх орлого хамгийн багадаа орж ирнэ гэсэн тооцоо гаргаад байгаа аж. Энэ нь 1.5 их наяд төгрөгийн  орлого орж ирнэ гэсэн үг. 

ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

УИХ-аар  2013 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан билээ. Энэ  төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод хичнээн шугам сүлжээг хаагуур татахыг нарийвчилж баталжээ. Гэтэл одоо гарч байгаа нэг асуудал нь  Дулааны шугамын хамгаалалтын зурвас дээр 8000 айл буужээ. Эдгээр айлууд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа буюу шугамд гэмтэл гарвал асар халуун уур, ус алдаж хүний амь нас эрсдэх эрсдэл байгаа аж. Тиймээс энэ айлуудыг нүүлгэж, газрыг нь чөлөөлөхөөр болсоноо дуулгалаа. Мөн Зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан талаар мэдээллээ. Зуслангийн газрыг өмчлүүлэхээр  бэлтгэл ажил нь үргэлжилж байгаа гэнэ. Сүхбаатар  дүүргийн 25, 20 хороо, Чингэлтэй дүүргийн 19 хороо Жигжидийн зуслан, Яргайтын зуслан гээд нийтдээ 1400 гаруй га газар  6100 зуслангийн  хашаа байдаг. Энэ айлуудын газрыг өмчлүүлэхийн тулд эхний ээлжинд  хаягжуулж байгаа аж. Хаягжуулсаны  дараа газар өмчлүүлэхээр төлөвлөжээ. Жигжид зусланд газрын зөрчил маргаан их учраас дүүргийн газрын албанаас маргааныг арилгаж дуусгахаар ажиллаж байгаа аж. Хаягжилтыг хийснээр,  хашаа хороог татуулж, гудамж зам гаргах, замын трассыг шинээр татах гэнэ. Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил есдүгээр сарын 1-нээс эхэлнэ хэмээлээ. Гэхдээ голын ай сав, ой модон дотор байгаа газрыг өмчлүүлэхгүй гэдгийг анхаарууллаа.

Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлууд:

1. Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зуслан  366 га 1478 хашаа

2. Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зуслан 173 га         644 хашаа

3. Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зуслан 391 га         715 хашаа

4. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслан  219 га         2036 хашаа

5. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зуслан  265 га         1313 хашаа

Нийт: 1414 га 6186 хашаа

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Японд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21- 24-ний өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Парламент дахь Найрамдлын бүлэг, Монголтой харилцдаг олон нийтийн байгууллагуудын удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/, Япон, Монголын эдийн засгийн хорооны ерөнхийлөгч нартай уулзалт хийнэ.  КEIDANREN-тай хамтран зохион байгуулах Монгол, Японы Бизнес форумд оролцож илтгэл тавих юм байна. 

Монгол, Японы бизнес форумд оролцох үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулах юм. Түүнчлэн Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран “Бизнес нетворкинг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар 19 хүүхэд мориноосоо унажээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмаар тус газар Үндэсний баяр наадмын Бөх, Сур, Хурдан морины салбар хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоо, Цагдаагийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласан байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өсвөрийн бөх, Өсвөрийн сурын харваа, Хурдан морины уралдааны үеэр таван өдөр ажиллажээ.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Өсвөрийн хүчит 128 бөх барилдсанаас бөхийн барилдаан элдэв маргаан, бэртэл, зөрчилгүй болж, Батжаргалын Лхагвадорж нь сүүлийн гурван жил дараалан түрүүлж үндэсний бөхийн түүхэнд шинээр бичигдэх амжилт үзүүлсэн байна.

Үндэсний баяр наадмаар 120 хүүхэд Өсвөрийн сурын харваанд оролцсон нь өмнөх оноос 40 хувиар нэмэгджээ. Үндэсний сурын спортоор хичээллэж буй хүүхэд тусгай зай талбайд биеийн өндөртөө харьцуулсан нум сумаар хичээллэдэг бөгөөд хүүхдэд тохирсон нум сумыг хийх хүн ховор байдаг нь гол хүндрэл болдог байна.

Үндэсний их баяр наадамд /Хүй долоо худаг/ 7-18 насны 511 унаач хүүхэд бүртгүүлсэн ба есөн насны 1751 морь унаж уралджээ. Хурдан морины үндсэн зургаан нас болон эрлийз морины гурван насны уралдаанд нэг уралдаанч хүүхдийн унаж уралдаж буй байдлыг авч үзвэл нэг удаагийн наадамд дунджаар гурван насны морь унажээ.

Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих ММ5:6264:2011 тоот стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласаны үр дүнд унаач хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцсон байна. 19 хүүхэд мориноос унаж гурван унаач хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авч, найман хүүхэд гэмтэлгүй гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал

 “De facto” нэвтрүүлгийн зочноор оролцсон УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.

УИХ бол манай нийгмийн багасгасан хувилбар. Гудамжинд хэрэлдэж суухаар наанаа тусгай дэгийн дагуу саналаа гаргаад, биднийг төлөөлөөд бидний асуудлыг шийд гээд явуулдаг.

“Давхар дээл”-ийн асуудлыг буруу гэж үзээд, Ерөнхийлөгч хууль санаачлаад, хууль яг гардаг дээрээ батлагдаагүй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр хоорондоо холилдчихоод байгаа учраас болохгүй байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу ойлгомжтой болгох ёстой.

Ашигт малтмалын хувьд бид алдаж л явна. Манайд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байж болох хамгийн либерал дэглэмээр явж ирлээ. Гэтэл сонгогчид шүүмжилсэн. Тэгэхэд нь сандраад 2008-2010 онд гэнэт бүх хөрөнгө оруулалтаа хаачихсан. Шинээр лиценз олгохоо байж, үндсэндээ уул уурхайн салбарыг зогсоочихсон. Эдийн засаг хямраад болохоо байгаад ирэнгүүт, “Энэ чинь болохгүй юм байна, үүнийгээ нээе ээ” гээд хуучин шиг бүх юм нээлттэй биш, зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг байх ийм Ашигт малтмалын хууль баталлаа л даа. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татъя, хөрөнгө оруулалт орж ирэхэд валютын ханш буурна гэж тооцож байгаа. Эдийн засгаа сэргээе гэдэг утгаар. Ер нь бол бүгд нээлттэй байсан нэг хязгаараас бүгдийг хаасан нэг хязгаар болсон байсан. Одоо дунджийг нь олж явах гээд байна. Монголын ард түмэн уул уурхайгаа явуулъя аа, гэхдээ хэмжээ хязгаартай, зааж өгсөн газарт үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа. Энэ дагуу дуртай газраа очоод ухаад байдгаа больё гэдэг ийм шийдэл гаргалаа. Энэ утгаар Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтийг түүхэн гэж хэлж болно. Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж авч байна. Алдан онон байж.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж үзсэн. 2012 оны сонгуулийн өмнө тавдугаар сард. Түүнийг буруу юм гэдгийг 2013 оны сүүлээр ойлгоод буцааж нээж өгсөн.

“Урт нэртэй хууль”-ийг аваад үзье. Асуудал нэлээд олон жилийн турш хуримтлагдсан болохоор тийм хууль гаргахаас аргагүй байдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн. Монголчууд өөрийнхөө газар нутаг дээр ингэж амьдраад байхдаа яадаг юм.

Төрийн өмчийн хороо 1996 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны даргаар нь очсон. Цаанадаж 10 жил ажиллаад, хэрэгтэй хэрэггүй өмчөөсөө салаад, төрд хувийн өмч давамгайлаад, баяртай гээд татан буугдах байгууллага гэж тооцож байсан. Өнөөдөр 2014 он, энэ байгууллага байсаар байгаа. Удах тусмаа эдийн засагт саад учруулж эхэлж байгаа. Төрийн оролцох ёстой юм, оролцох ёсгүй юм гэж байна. Энэ мөнхийн сэдэв л дээ.

“Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу өнөөдөр шилжиж байна.

Нүүрс бол дэлхийн бүх улсад байна, тэгэхээр энэ нь стратегийн биш юм байна гэж үзэх болж байна. Стратегийн ойлголтыг орд гэдгээр нь биш, бүтээгдэхүүн гэдэг ойлголтоор шинэчилье гэдэг концепц Их хурал дээр яригдаж байгаа. Ер нь алт, газрын ховор элемент гэх мэтийн батлан хамгаалахын чиглэлтэй онцгой бараанууд байна.

Төрд татвараас цугласан мөнгөөр ямар нэгэн бизнес хийх нь буруу юм байна гэдэг шийдэлд сая “Цагаан суварга”-ыг шийдсэн байдлаас харахад УИХ-ын гишүүдийн олонх нь хүрч байгаа нь өөрөө их том дэвшил болж байгаа юм.

Бидний зан араншин хэтэрхий туйлшрал руу яваад байна.

Хөгжлийн банкаа татан буулга, “Чингис”, “Самурай” бондоо төсөвтэйгөө нийлүүлэх шийдвэрийг 76 гишүүнээ хуралдуулахад олонх нь сая л гаргалаа шүү дээ. Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.

Улсын төсвийг компаниудаас авсан татвараар бүрдүүлж байгаа юм. Эцсийн эцэст энэ зээлийг төлөх газар нь УИХ учраас УИХ жагсаалтыг батална гэдэг хуультай. Гэтэл УИХ-аар батлуулалгүй хоёр жил явчихсан хариуцлагагүй Засгийн газар байгааг би шүүмжилсэн. Одоо энэ зээлийнхээ учрыг олох ажил хүлээгдэж байна.

Ханшийг интервенц хийх мөнгөтэй бол багасгаж болдог. Ханш яагаад өсөөд байдаг юм, Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад буулгаж болдоггүй юм, ханшийн өсөлт гай болж байна гэсэн яриа, ойлголт яваад байдаг. Энэ талаар тайлбарлах гэж Эрдэнэтэд байдаг “Бэрэн” компанийн дөрвөн бүтээгдэхүүн авчирсан. Эхнийх нь хүн болгоны мэддэг арматур. Хоёр дахь нь Архангайн Төвшрүүлэхэд газар дороос гаргадаг, тонныг нь 40 доллараар зардаг төмрийн хүдэр. Үүний 50 хувьд нь ч юм уу төмөр байна, үлдсэн нь чулуу. Бутлаад одоо бариад байгаа зууханд нь хийхэд ийм ширэм (гурав дахь бүтээгдэхүүн нь) болж байгаа юм, 400 долларын. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг ган бөмбөлөг 900 долларын үнэтэй. Жилдээ нэлээд олон арван сая доллараар худалдаж авдаг эд. Өнөөх 6670 доллараар зардаг зэс дотор энэ тодорхой хувь эзэлж байгаа. Гэтэл энэ бөмбөлөг доторхийг хэд ч байдаг юм, тухайлбал 600 долларын  орцыг бид биш, оросууд хийж байна шүү дээ. 

Валютын ханш хэзээ буурч, хүмүүсийн хүсч буй түвшинд хүрэх вэ гэхээр Архангайн Төвшрүүлэхийн төмрийн хүдэр явсаар байгаад ган бөмбөлөг болсон үед. Тэр цагт ханш тогтворжино. Уул уурхайн экспортод Монголынхоо оролцоог нэмэх юм бол ханш гэдэг юм баригдана.

Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал Монгол Улсад үйлдвэрлэсэн 10 сая тонн ширэм дэлхийн зах зээлийн үнээр зарагдах нь царигаас илүү хэрэгтэй. НҮБ-ын далайд гарцгүй орнуудын хэлэлцээрт “Далайд гарцгүй улс далай руу явахад замд нь байгаа улсууд өөрийнхөө компанитай адилхан тарифаар нэвтрүүлэх үүрэгтэй”. Бид тийм эрхтэй, тэр эрхээ гэрээгээр зохицох ёстой юм. Тэгэхээр бид хоёр улстайгаа тэдний нутгаар дамжин далайн эрэгт хүрдэг гэрээнүүдээ байгуулж авах нь чухал. Тэгэхгүй бол бид бус нутгийн худалдаагаар хятадад өгөөд дэлхийн үнийг авч чадахгүй байгаа юм.  Манай бүтээгдэхүүн далайд хүрч байж л дэлхийн зах зээлийн үнээ барьж авна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малайзийн зорчигч тээврийн онгоц Украинд осолджээ

Малайзийн агаарын тээврийн “Боинг-777” онгоц пүрэв гаригийн орой Украины нутаг дэвсгэрт осолджээ. Онгоцонд нисэх багийн 15 гишүүнээс гадна 283 зорчигч байсны гурав нь нялх хүүхэд аж. Тодруулбал, осол гарах үед онгоцонд Нидерландын 154, Австралийн 27, Малайзын 23, Индонезийн 11, Их Британийн зургаа, Герман, Бельги улсаас тус бүр дөрөв, Филиппиний гурав, Канадын нэг иргэн байжээ. Мөн өөр 41 зорчигч аль улсын иргэн болох нь одоогоор тодорхой бус байна. Зарим хэвлэлд мэдээлснээр тэдний дунд 23 америк байсан гэж үзэж байгаа аж. Онгоцны багийн 15 гишүүн бүгд Малайзын иргэд юм байна. Малайзын агаарын тээврийн МН17 нислэг Голландын нийслэл Амстердамаас Куала-Лумпурыг чиглэн явахдаа Украины Донецк мужийн нутагт орон нутгийн цагаар 19.00 цагт осолджээ. Урьдчилсан байдлаар байлдааны байдалтай байгаа бүсэд тус онгоц пуужингийн харвалтад өртсөн байж болзошгүй гэнэ. Онгоцонд байсан бүх хүн амиа алдсан байна. 

Д.ЦЭРЭНДОЛГОР