Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоон системд шилжсэн ч зурагт ажиллагаагүй болохгүй гэнэ

Энэ сарын 31-ний өдөр Монгол орон даяар аналоги системээс нэгдсэн тоон системд шилжихээр болсон. Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын мэргэжилтэн Б.Оюунцэцэг “Шууд ирэх наймдугаар сарын 1-ээс энгийн зурагт буюу аналоги систем хүлээн авдаг зурагт ажиллагаагүй болчихгүй. Учир нь бид аналоги болон тоон системээ зэрэг ажиллуулна.Ингэснээр аналоги системийн хэрэглэгчид тоон системийн хүлээн авагчаа аажимдаа худалдан авах боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутагт Улаанбаатар хотыг бодвол газрын системийн тоног төхөөрөмж илүү их хэрэглэгдэж байна. Энэ төхөөрөмж нь нэгдсэн тоон системд шууд шилжинэ. Одоогийн байдлаар тус ажлын хүрээнд 360 гаруй газрын системийн тоног төхөөрөмжийг хөдөө орон нутгийн сум суурингуудад суурилуулж дууссан. Улсаас энэ асуудалд зориулж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Үүний  үндсэн дээр хөдөө орон нутаг болон хотын төхөөрөмжүүдийг тоон системийн төхөөрөмжөөр сольсон.Хэрэглэгчид хоёр төрлийн төхөөрөмж авч хэрэглэх боломжтой. Хувиргах “Сэтоб бокс” TK-1 төхөөрөмжийг ашиглан одоо ашиглаж байгаа зурагтаа үзэх боломжтой. Өөр нэг боломж нь өөр дээрээ хувиргагч DBBT-2 төхөөрөмжтэй зурагт худалдан авах боломжтой. Ард иргэдийн дунд заавал зурагтаа солих ёстой гэсэн ташаа бодол байгаа тийм асуудал байхгүй. Төхөөрөмжийн үнийг одоогоор хараахан тодорхойлоогүй” гэсэн юм. 

  С.Энэрэл 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батаар ясанд атаархаад баршгүй

Энэ хувьтай яс 70 сая жилийн тэртээ ямар буян хийчихсэн болоод энэ цагт бурхан болоод байгаа юм гэж бодохоос атаа хөдлөөд байх юм. Өнгөрсөн жил Батаар АНУ-аас яаж ирснийг уншигчид мартаагүй биз ээ. Эгээтэй л хүндэт харуул жагсаж, төрийн сүлд дуулал эгшиглүүлэн байж угтаж авсангүй. Авчирснаасаа хойш хав дарж, хэдэн сар сурталчилсны эцэст нэг сарын хугацаатай Чингэсийн талбайд байрлуултал Монголын бүх музейн арван жилийн нийт орлоготой тэнцэхүйц мөнгийг хамсан сураг дуулдана билээ. Үндэсний түүхийн, Байгалийн түүхийн, Богд хааны гээд олон арван бусдад гологдохооргүй үзмэртэй музейг сонирхож, шагайдаг ч үгүй монголчууд энэ л ясыг харахаар халаасан дахь хэдээсээ сарвайсан нь энэ. Бас болоогүй аялалд гаргаж, хүн ам шигүү суурьшсан хотуудаар авч яваад ирнэ билээ.   

Хаа хол Америкаас хөөцөлдөн байж олж ирлээ хэмээн өөрсдийгөө сурталчлах Соёл спорт, аялал жуулчлалын яамныхнаас эхлээд толгойтой бүхэн Батаарыг байртай болгоно гэж гүйсээр Лениний музейг олон нийтийн байгууллагын мэдэлд байхад нь булааж авав. “Энэ үйлдлийг төрийн луйвар байсан гээд хэлчихэд хол зөрөхгүй үйлдэл” хэмээн тухайн үед онцлох хүн олон байсан. Тэнд олон иргэн скайтелийн нэгж зарж, нийтийн хоолны газар, кино прокат, гэрэл зургийн студи ажиллуулж амин зуулгаа залгуулдаг байсан. Тэр байрыг Батаарын гэр болгох шүүхийн шийдвэр гарч, албадан гүйцэтгэснээр олон арван иргэн бизнесгүй, амин зуулгагүй үлдэж гудамжинд гарсан нь саяхны үйл явдал хэрнээ түүх болжээ. 

Батаарын гэх өгөр ясанд үзүүлэх монголчуудын хүндэтгэл үүгээр дууссангүй. Эцэст нь марканд мөнхөлж, ил захидлын нүүрийг чимнэ билээ. Өнөөдрөөс цааш өөр ямар хүндэтгэл үзүүлэх юм бүү мэд, түүнд. Ингээд харахад Соёл спорт, аялал жуулчлалын яамыг зөвхөн Батаарт зориулж, тэр ясыг сурталчлахын тулд байгуулсан бололтой. Соёлын яам Батаар ясны төлөө л ажиллах чин зорилготой юм шиг байна. 

Энэ яс Монголд ямар гавьяа байгуулсан болоод бид ингэж байдгаа барьж гүйнэ вэ. Мэрэхэд мөлжүүргүй, чанахад шөлгүй энэ өгөр яс валютын ханшийг тогтвортой барьж байгаа юм болов уу. Инфляц гэдэг зүйл Батаарын нуруун дээр тогтож байгаа хэрэг үү. Энэ ясыг тахин шүтсэнээр ард түмний аяган дахь боорцог нэгээр ч болов нэмэгдэж байна уу. Будаа ширхэгээр бус шанагаар өсч, шүдлэн үхрийн гуянаас шарын өрөөлтэй дүйхүйц мах авдаг болчихсон юм уу. Эсвэл Батаар хэмээх нэр дуулдаж, яс нь олдсоноор Монголын ард түмэн жаргаад эхэлчихэв үү. Ийм сайхан өсөлт, өнгө, жаргал нэмчихээд байгааг нь бид мэдэлгүй, зөрж өнгөрөөд байна уу. 

Яачихсан яс болохоор яам хүртэл байгуулж өгөөд өдөр шөнөгүй сурталчилна вэ. Энэ яс хэрвээ амьтай хийгээд оюун ухаантайсан бол “Зүүдэндээ ч зүрхэлж үзэхээргүй хүндлэл хүлээлээ. Амьдрал гэж сонин юм даа” гэх байсан биз. Монголчууд нэг зүйлд анхаарч, түүнийхээ хойноос туйлшрахаараа хэзээд үнэнч бас хөдөлмөрч байж, эцсийг нь үзэж чаддагийг эндээс харж авлаа. Олон олон асуудалд ийм шаргуу байж хийж бүтээвэл сайнсан.  

Бид Батаарт анхаарч байгаа шигээ бусад асуудалдаа анхаарч ажиллавал яасан юм. Нефтийн салбарт санаа бодлоо чиглүүлж өөрийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болоход сэтгэл шулуудвал яадаг юм бол. Хөлөө хугалах шахам гүйж байгаа шигээ  тавдугаар цахилгаан станцыг барихын төлөө, шавыг нь тавьж, ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөцгөөвөл ямар вэ. Тэртээ 70 сая жилийн өмнө үрэгдсэн махчин араатны ясыг орон гэрээр хангах гэж гүйлдэхийн оронд тэнд байсан бизнес эрхлэгчид, хөдөлмөрчдийг дэмжиж ард иргэдээ орон сууцжуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм. Яс бөөцийлж ямбалахын оронд ямар нэгэн ажил сэдэж ард түмнийхээ амьдралд анхаарах цаг нь болсон бус уу.

Хэрээ ч тоож тоншихооргүй болсон өгөр ясыг харж, барьж, шүтэж, хөөрцөглөж байх зуурт монголчуудын амьдрал улам л хүндрээд, хэцүүдээд байна. Энэ бүхнийг, өгөр яс сурталчилж байгаа яамыг, түүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа ард түмнийг харахаар атаа, зэвүү хоёр зэрэг төрөх юм. Зурагт руугаа аягатай цайгаа шидчихмээр санагдах үе олон тохиох боллоо.

Цаана нь ямар их чухал, ач холбогдолт ой, улс оронд хэрэгтэй ажлууд байна вэ. Тусгаар улс байхын тулд өгөр ястай хөөцөлдөх бус амин чухал гэсэн асуудлуудаа шүүрч аваад шийддэг, ажил хэрэг болгодог байлтай.  Нэг ёсондоо өгөр ясны хойноос хоёр жил хөөцөлдөх бус ажил хийж байж, зөв бодлогын дагуу зөв зам дээр гарч байж тусгаар гүрэн гэдгээ бататгах, ард иргэдийнхээ сэтгэлийг тэнэгэр байлгах бус уу. 

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дрогба Челсид эргэн ирлээ

Челсид Дрогба эргэн ирж байгаа талаар өчигдөр Челси клубээс албан ёсоор мэдээллээ. Ингэхдээ тэрээр нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд клубынхаа вебсайтад “Энэхүү шийдвэрийг гаргахдаа би огтхон ч эргэлзээгүй. Дасгалжуулагч Жозетой дахин хамтран ажиллах болсондоо баяртай байна” хэмээн бичжээ. Дрогба Туркийн Галацаред хүчин зүтгэж байсан юм. Түүний гэрээ дуусгавар болмогц чөлөөт агент болсон тэрээр өмнө нь тоглож байсан багтаа эргэн ирлээ.

М.Ууган

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбаа: Мөнгөний бодлогыг чангатгах нь нөхцөл байдлыг дордуулна

Санхүүгийн зах зээлийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Бямбаатай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засаг унаж байна гэж бүх хүн хүлээн зөвшөөрч байх шиг байна. Харин уналтын үед яах ёстой талаар нэг их олон хүн ярихгүй байх шиг?

-Яах ёстой талаар шийдэл олохын тулд өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн суурь учир шалтааныг зөв тодорхойлох хэрэгтэй. Оношлогоог зөв хийж байж зөв эмчилгээг олно. Манай холбооны зүгээс хийсэн дүн шинжилгээнээс харахад гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, манай эдийн засгийн бүтэц цөөн салбарт тулгуурласан, уул уурхайгаас хэт хамааралтай байдал, хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангах санхүүжилтийн эх үүсвэр хуримтлал дотооддоо алга, тиймээс гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хэт хараат байна, гуравдугаарт улс төрийн тогтворгүй байдал буюу статус-кво эмзэг байгаа нь улсын эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж бизнес хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна. Эдгээрээс улбаалан эдийн засагт хүндрэл гарч байгаа нь гадаад худалдааны алдагдал, валютын ханш, ханшаар дамжсан инфляцийн өсөлт, зээлийн чанаргүйдэл, өрийн тааз хэтэрсэн зэргээр илэрч байна. Дээрх гурван шалтгааныг хэрхэн арилгаж, эдийн засгийн уналтыг зогсоох вэ гэхээр эдийн засгийн бүтцийг өөрчлөх, санхүүгийн салбарын шинэчлэл хийж, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эсвэл орлуулах эх үүсвэр бүрдүүлэх замаар л манай эдийн засгийн эмзэг, юм л бол савладаг байдал арилна. Жишээ нь, хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг саяхан байгуулагдсан, энэ нь дотооддоо үндэсний хуримтлал үүсгэх  эхлэл гэж хэлж болно. Харин богино хугацаанд бодит үр дүн авчрах шийдэл харьцангуй хязгаарлагдмал юм, гэхдээ эдийн засагт илэрч байгаа сөрөг шинж тэмдгийг зөөлрүүлэхийн тулд хамгийн оновчтой арга нь юуны өмнө валютын дотогш чиглэсэн урсгалыг дэмжих юм. Үүний тулд улс төрийн гацаануудыг арилгаж, том хөрөнгө оруулалтын төслүүдийг ахиулж, гадаад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй байна. Гадаад банкны салбар байгуулах нь ч мөн чухал нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр олон ажил хийгдэж байгаа ч харамсалтай нь Оюу Толгойн далд уурхайн асуудал шийдэгдэхгүй  байгаа болохоор тоймтой том өөрчлөлт гарахгүй байна. Дотоодын хөрөнгө оруулагчид мөн адил, итгэл суларсан, том шинэ хөрөнгө оруулалт хийх, бизнес тэлэх сонирхол алга байна.  

-Хямралын үед  үйлдвэрлэлийн өртөг буусан байдаг учраас  шинэ бүтээгдэхүүний туршилт хийх,  шинэ бизнест бэлтгэх таатай цаг гэж та  дүгнэсэн байна лээ. Хямралд ч бас сайн тал байх нь ээ?

Тийм. Зах зээл өсч байхад бизнесүүд урсгалаараа явсаар үр ашгийн тал дээр анхаарал хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл, үргүй зардал их гаргадаг, үрэлгэн,  бүтээмж муу болсон байдаг. Харин хямралын үеэр компаниас гарч буй зардал бүрт хэрэгтэй хэрэггүйг тунгааж, яг үнэхээр хэрэгтэй зардлуудаа гаргадаг тул сахилга бат сайжирдаг. Нөгөө талаар, компаниудын бүтээгдэхүүн ч мөн адил зах зээлийн шалгуураар ордог. Үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн бол хэрэглэгч хямралын үед ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байдаг.Үйлдвэрлэлийн өртгийн тухайд монгол компаниудын хамгийн том зардлын ангилалд цалин хөлс, түрээс ордог. Хямралын үед хүмүүс цалин өндөр байх нь биш, харин ажилтай байх нь чухал болохоор хөдөлмөрийн хөлсний үнэлэмж буурдаг, бас оффисын түрээсийн  үнэ Улаанбаатарт буурч байна. Хөрөнгө оруулагчийн нүдээр харах юм бол эдийн засгийн цикл мөчлөгийн доод цэгтээ хүрэхэд хөрөнгө оруулалтын хамгийн ашигтай төслүүд гарч ирдэг.

-Төр бизнесийг дэмжсэн бус түрсэн байдалтай байна гэж та үзжээ. Түрнэ гэдэгтээ юуг багтаагаад байна. Яавал дэмжсэн бодлого явуулах вэ?

-Эдийн засгийн хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн эх үүсвэр гаднаас орж ирэхээ болиод, дотоодын зах зээлийн сентимент буураад ирэхээр хувийн хэвшлийн шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй байна. Энэ орон зайд бондоор санхүүжсэн дэд бүтцийн голдуу төслүүд орлох үүрэг гүйцэтгэж байна. Төр бизнесийг түрнэ гэдэг нь бизнес хийх таатай орчин бүрдүүлж өгөх биш, төр өөрөө хувийн бизнестэй адил бизнес хийхийг хэлээд байгаа юм. Жишээ нь, орон сууцны санхүүжилтийн корпорациуд байна, олон жил орон сууцны зээл өгдөг банк нь байна, хувийн барилгын компаниуд нь байна, гэтэл төр нэмэлт бүтэц бий болгож, төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Үүнтэй адил, жижиг дунд үйлдвэрлэлийн сангууд байна, саяхан Улаанбаатар хот бас сан байгууллаа гэсэн, төрийн албан хаагчид зээлийн материал шүүгээд явж байхаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад дамжуулан зээлдэх эрхийг нь өгч болно. Монголын хөрөнгийн бирж, төрийн өмчит олон компаниудын жишээ байна.  

-Үнэ тогтворжуулах бодлого зах зээлийн нийгэмд ч байх ёстой юу. Засгийн газрын өнөөг хүртэл явуулсан үнэ тогтворжуулах арга хэмжээнд та ямар дүн тавих вэ?

-Миний ойлгож байгаагаар зах зээлийн зүй тогтолд нөлөөлөх гэж оролдож байхаар ядуу, эмзэг давхрагад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг нарийн шал­гуур, тооцоотойгоор гаргасан нь сөрөг нөлөө багатай. Жишээ нь, Монголбанкнаас явуулсан орон сууцны найман хувийн зээлийг авч үзье. Яг хэрэгцээтэй байсан эмзэг, ядуу, анх удаа байр авах сонирхолтой ард иргэдэд энэ зээлийн хөтөлбөр үйлчилсэн үү гэвэл огт үгүй. Эсрэгээр, өмнө нь зээл авчихсан хүмүүс хүүгээ бууруулсан, байртай хүмүүс хоорондоо хуурамч хэлцлээр байраа солилцож, хямд хүүтэй зээл авч, орон сууцанд бус өөр зүйлд зарцуулсан, мөн энэ нь орон сууцны зах зээлд хөөрөгдөл авчирч,  зээлийн хүү нь хямд байсан ч орон сууцны үнэ нь нэмэгдсэн болохоор эцсийн хэрэглэгчид төдийлөн бодит дэмжлэг авчраагүй.Үүний уршгаар долларын ханш ч мөн хөөрөгдсөн, хуурамч зээл төгрөгийн найман хувь дээр авсан хүмүүс эргүүлээд банкинд 15 хувьтай, эсвэл доллар болгоод хадгалуулчихсан.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд зарим хуулиудыг УИХ баталлаа. Энэ үнэхээр эрчимжүүлэхэд нөлөөлөх хуулиуд байж чадах уу?

-Мэдээж хууль батглагдаад, хэрэг­жиж эхлээд зах зээлд үр нөлөө нь мэдрэгдтэл хугацаа орно. 

-Таван толгойгоос ард иргэддээ хувьцаа тараасан хэлбэрт та шүүмжлэлтэй ханддаг юм билээ.  Яавал уул уурхайн баялагаас ирээдүйд өв болгож үлдээх вэ?

-Хувьцаа тараах нь буруу биш, тараахдаа хувьцааны үнэлгээг зах зээлийн механизмаар нь дамжуулахгүй, хүчээр жагсаалт гараад л бүртгэл байдлаар хийчихсэнд асуудал байгаа юм. Нэгэнт зах зээл дээр үнэлгээ гарах боломжгүй, арилжих боломжгүй хувьцаа эргээд хүнд баялаг болж чадахгүй, цаас төдий гэсэн үг. Төрийн өмчит үйлдвэрүүдийн хувьцааг хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлээд, хувьцаа эзэмшигчийн эрхийг нь мэргэжлийн менежментийн компаниудад нь өгчихвөл иргэд менежерээрээ дамжуулан хувьцаа эзэмшигчийн үндсэн эрхээ эдлэх боломжтой болно, тухайлбал компанийн стратегийн шийдвэрт саналаа өгөх,  ТУЗ-ийн гишүүдийг томилох, ногдол ашиг авах гэх мэт. Зөвхөн энэ тохиолдолд “Таван толгой”-н хувьцаа иргэдийн бодит өмч, баялаг болж чадна. Ирээдүйн өвийн тухайд Баялгийн сан байгуулах нь  гурван чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, уул уурхайн баялгийн орлогыг өөр салбар руу хөрөнгө оруулалт болгож хуваарилдаг, хоёрдугаарт иргэдэд баялгаас хүртэх боломж олгодог, гуравдугаарт ирээдүй хойч үед үлдээх боломж олгодог.   

-Дэлхийн банкнаас мөнгөний бодлогоо чангатгахыг Монгол банкинд зөвлөөд байгаа.  Үүнээс өөр арга байхгүй юу?

-Би мөнгөний бодлогыг чангатгах нь нөхцөл байдлыг дордуулна гэж бодож байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй, хэвээр барьж болно, харин хүүг нэмэгдүүлж, эдийн засгаас мөнгийг татвал эдийн засаг, бизнесийн эргэлт улам л хумигдаж, жинхэнэ хямралын үе шат руугаа орно. Төгрөгийн ханш суларсан, үүнийг дагаад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж байгаа нь долларын хомсдолтой л холбоотой. Инфляци, долларын ханш бууруулах гэж байна гээд эдийн засгийг бүр царцаасан нь дээр үү, эсвэл үнийн өсөлт явагдаж байгаа ч эдийн засаг өсөөд, хүмүүс ажил орлоготой байсан нь дээр үү л гэдэг асуудал.

-Долларын ханш нэмэгдсээр л байна хэд хүрч байж тогтох бол?

-Оны эхэнд бидний хийсэн таамгаар 1900 хүрэх боломжтой гэж үзэж байсан. Одоо хагас жилээр таамгаа шинэчлэн боловсруулж байна, удахгүй бэлэн болно.

-Дэргэд Хятад гэдэг дэлхийн хамгийн том зах зээл байдаг. Яаж эндээс бид ашиг хүртэх вэ?    

-Хятадын зах зээлийг бид илүү шинжлэх ухаанч байдлаар сайн судлах хэрэгтэй. Зах зээл нь том гэхээс өөр тоймтой юм хэлж мэдэхгүй байна шүү дээ. Энэ нь үйлчлүүлэгч, харилцагчаа мэдэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа компанитай яг адил. Хятадтай харьцуулахад монголчуудын илүү хийж чадах юм юу байна, манай харьцангуй давуу тал юу вэ гээд цогц судалгаа, стратегийг үйлдвэр, үйлчилгээний салбар тус бүрээр гаргаж чадвал бид ашиг хүртэх боломжтой. 

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын дайны ой ба дэмий хөөрцөглөл

Японы милитаристуудыг ялснаас хойш 75 жил өнгөрчээ. Манайхны ярьдгаар бол Халхын голын дайн. Япончууд болохоор Номонханы тулгаралт гэдэг. Номонханы хэрэг явдал гэх нь ч бий. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул. Япончууд Манжийн нутгийг 1939 онд  эзэлж Манж-Го нэртэй улс байгуулснаар Монголтой хил нийлэх болсон түүхтэй. Манж-Го, Монголын хоорондох хилийг япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм. Номонханы тулгаралт, Халхын  голын дайн гээд байгаа нь ийм учиртай. Судлаачид Халхын голд өрнөсөн үйл явдлыг дайн, байлдаан, хэрэг явдал, тулгаралт  алин болох дээр өнөөдрийг хүртэл маргадаг. Эцэслэсэн нэр томъёог дуу нэгтэйгээр гаргаагүй гэсэн үг. Манайхан энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэх санааг анх гаргаж өргөн хэмжээнд зохион байгуулахаар дээр дооргүй дэвж байна. Хөл хөөр болж байна гэж жигтэйхэн.Ингэж хөөрцөглөхийн цаад зорилгыг  ухаж ядах юмгүй. Путинд зуйрагнасан, Орос, Хятад хоёрт гавьяагаа харуулах гэсэн л санаа. Оросуудтай нийлж ийм гавьяа байгуулсан шүү гэдэг үзлийн үүднээс хийж байгаа ажил гээд дүгнэчихэд үнэнээс зөрөхгүй. 

Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд хойд хөршийн тэргүүн ёслол хүндэтгэлтэйгээр оролцоно гэж шуугиж байна. Эрхэм Путин ирэх учраас энэ арга хэмжээ дэлхийн сонорт хүрч таарна. Дэлхийн мэдээллийн агентлагууд дуу авалцан мэдээлэх нь тодорхой гэсэн үг. “Халхын голд хүн төрөлхтний дайсан муусайн япончуудыг монгол, орос цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж бут ниргэж билээ” гэж сүр дуулиантайгаар дэлхийд зарлах хэрэг байна уу. Ингэх нь бидэнд ашиг авчрах уу.  

Бид сүүлийн үед Японтой улс төр, эдийн засгийн ойр харилцаатай аж төрж  байгаа. Дэлгүүрийн лангуу давснаас өөр юу ч үгүй болтол хоосорсон ерээд оны шилжилтийн бэрх цагт гараа сунгасан цөөхөн улсын нэг нь Япон. Нэг удаа сунгаад орхиогүй, саяхныг хүртэл буцалтгүй тусламжаа үргэлжлүүлсэн орон. Одоо ч гэсэн дэлхийд жишиг болсон их сургуулийн эмнэлгийг буцалтгүй тусламжаар бариад өгье гэж байна. Эдийн засаг хүндэрсэн сүүлийн жилүүдэд ч тусалсаар байгаа цөөхөн орны нэг. Ерөнхий сайдын өнгөрсөн намар Японд хийсэн айлчлалыг эдийн засаг талаасаа түүхэн ач холбогдолтой боллоо гэж хэвлэлүүд дуу нийлүүлж байсан. Хамгийн наад зах нь гэхэд л наран улсынхны гар сунгасан “Самурай бонд” эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арлын улсад айлчлаад ирж байна. Төрийн тэргүүний айлчлалын тодотгол нь мөн л эдийн засаг гэдэг хоёр үг. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд толгой цохидог Япон улс бидэнтэй хамтаръя, тусалж дэмжье гэдгээ дахиад нотолчихлоо. Хямралд өртөөд буй Монголд хэрэгтэй өчнөөн гэрээ айлчлалын үеэр зурагдлаа. Монгол, Япон хоёр хамтарсан брэнд бүтээж дэлхийн зах зээлд гаргах яриа ч гарлаа. Өчигдрийн “дайсан” Япон өнөөдөр бидний гол түнш болчихсон гэсэн үг. 

Түүхэндээ байлдаж дайтаж яваагүй улс гэж хаана байхав. Бүгд л ялж, ялагдаж явсан түүхтэй. Дэлхийн улс гүрнүүдийн  өөр зуураа муудаж сайдаж явсан түүхийг тоочъё гэвэл барагдахгүй. Гэлээ гээд ухаантай улс дайсан чигээрээ үлддэггүй. ”Чи миний дайсан байсан биз дээ” гэж бие бие рүүгээ муухай хардаггүй. Хэн хэндээ ашигтай бол гар барьж инээмсэглээд цааш алхдаг. 

Бид цагтаа наран улсын армитай тулалдаж явсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр өчигдрөөс ондоо. Цаг хугацаа юуг ч элээж өөрчилдөг.  Дахиад хэлэхэд Япон  өнөөдөр манай гол түнш болчихсон. Харилцаагаа иж бүрэн түншлэлд хүргэсэн цөөхөн орны нэг гэж дипломатууд онцолдог тийм л улс болоод удаж байна. Инээмсэглэн гар бариад цаашаа хөтлөлцөн алхах ёстой орныхоо дурсах дургүй эмзэг  сэдвийг хөөргөж, дэлхий даяар юм болгох ямар хэрэг байна. Ингэж хөөрлөө гээд бидэнд ирэх ашиг лав байхгүй. 

Ер нь дэлхийн улс орнууд түүхийн иймэрхүү эмзэг сэдвүүдээ дэвэргээд байхыг хүсдэггүй. Найр наадам хийж сүйд болдог нэг ч улс байхгүй. Мэдээж ор тас үгүйсгэхгүй л дээ. Зүгээр л чимээгүйхэн тойроод гарчихдаг. Гэтэл өнөөдөр манайд тэс өөр үйл явдал өрнөж байдаг. Зүй нь эрх ашиг энэ тэрээ бодвол дуугүйхэн өнгөрчихмөөр. 

Дээхнэ үед Японы хэлмэрч залуугаас “Номонханы тулгаралтыг танай улс хүүхдүүддээ юу гэж заадаг вэ” гэж асуусан юм. Хэлмэрч залуу хэсэг чимээгүй сууснаа “Манай Засгийн газар ийм эмзэг сэдвүүдийг хойч үедээ сүр болгож заахгүйг хичээдэг. Түүхийн хичээлийн сэдэвт Номонханы тулгаралт багтдаг л даа. Гэхдээ хичээл амрах үеэр яг тэр сэдвийг үзэж таардаг юм. Багш нар сурагчдадаа амралтынхаа үеэр Номон ханы тулгаралтын талаар уншаарай гэсэн даалгавар өгдөг. Зуныхаа амралтаар ном уншаад судлаад суудаг хүүхэд гэж хаана байхав. Үнэхээр сонирхсон нь уншаад, сонирхоогүй нь уншихгүй орхих боломжтой гээд ойлгочихож болно” гэсэн хариу хэлж байсан. Яг ийм туршлага, хандлага олон оронд бий. 

Хятад, Орос, Япон гэсэн гурван том шахаасны дунд учраа мэдэхгүй хүүхэд шиг хөөрцөглөж гүйхгүй суух шалтгаан бидэнд бий. Халх голд өрнөсөн түүхэн үйл явдлын тухайд Орос, Хятад хоёрт хандах бидний ашиг сонирхол юу болохыг өмнө хэлсэн. Хаа, хаанаа харилцан ашигтай ажиллах хоёр тал биенээ түнш гэдэг.  Японы хувьд манай хэрэгтэй түнш. Хятад, Орос ч ялгаагүй. Бидний хувьд стратегийн ач холбогдолтой түнш орнууд. Товчхондоо гурвуулаа бидэнд хэрэгтэй түншүүд. Аль алиныг нь гомдоож, сэтгэлд нь сэв суулгахгүйгээр харилцах л хамгийн ухаалаг гадаад харилцаа. 

Үе үеийн засгийн Батлан хамгаалахын сайд энэ явдлыг эргэн дурсаж байж Оросоос хуучин буу, техник авдаг гэж дуулддаг. Яахав өнгөрсөн өнөөгийн элдэв эсийн явдлаа  бодоод Халхын голын үйл явдлыг тэмдэглэж болно л доо. Бүр огт дурсаад хэрэггүй гэж хэлэх гэсэнгүй. Тун даруухнаар, ор нэр төдий тэмдэглээд өнгөрөөх гарц бий. Хамгийн гол нь өнөөдрийн Япон бидний хувьд  ямар ч хамаагүй улс байхаа больсон гэдгийг л мартахгүй амьдрах  нь Монголын хувьд амин сэдэв. Тэгэхээр гурван гол түншийнхээ аль алиныг гомдоохгүйгээр эвтэй найртай ухаалаг харилцах нь л хамгийн ашигтай, ухаалаг алхам болох гээд  байна даа. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы амралтын дугаар хэвлэгдлээ

Бямба гаригийн дугаарын “Өд бэх” нүүрэнд зохиолч, яруу найрагч Л.Мөнхтөрийн “Сарны шүлэг буюу Цогдоржийн Бавуудорж” шүүмж нийтлэгдсэн бол “Нэг ангийнхан” буланд Архангай аймгийн Тариат сумын бүрэн дунд сургуулийг 1973 онд төгссөн 10-ийн “А” ангийхан уригдан оролцлоо. Бөхийн өргөөний арын гараашуудыг уржигдраас албадан нурааж эхэлсэнтэй холбоотойгоор үйл явдлын халуун цэгээс өдрийн сурвалжлагаа бэлтгэн та бүхэндээ толилуулж байна. Нураалгасан гараашууд дунд шог зураач, СГЗ С.Цогтбаярынх байсан гэдгээр нь цахим ертөнцөөр хэдийн шуугиулаад авсан. 

Ерөнхийлөгчийн өргөн барьж, УИХ-аар батлуулсан “Шилэн данс”-ны тухай хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулсан ярилцлагыг хоёрдугаар нүүрнээс, Батаарын ясын хэт тахин шүтэх нийгмийн сэтгэлзүйн талаарх шүүмжлэлт нийтлэлийг гуравдугаар нүүрнээс тус тус уншаарай. Арын нүүрэнд тахиан махан салат, амтат шпагетти хийх жорыг сонирхоорой. 

  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Морьт эргүүл” есдүгээр сарын 1-нийг хүртэл үүрэг гүйцэтгэнэ

Цагдаагийн Ерөнхий Газрын дэд даргын өгсөн үүргийн дагуу “Хан-Уул” дүүрэг болон “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэр болох “Био”-ийн гүүрнээс “Сонсоголон”-ийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна.

Морьт эргүүл долдугаар сарын 23-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж.

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Зоригт гишүүн “Скайтел”-ийг сурталчилсан нь хөрөнгө оруулагчдыг ялгаварласан хэрэг болох уу?

Зарим УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ялгаварласан сурталчилгааг үе үе хийх юм. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчилсан эхний өдрөө “Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт яг ижил түвшинд очлоо. Та нар Монголд хөрөнгө оруулалт хийвэл дотоодын компанитай адил нэг эрх, нэг үүргийн хүрээнд ажиллах боломж нь бүрдсэн” гэж мэдэгдэж байв.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийг ийн хэлж дуусаагүй шахам байхад гадна, дотны хөрөнгө оруулалтыг ялгаварласан сурталчилгааг УИХ-ын гишүүн хүн хийлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудастаа Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт утсаараа оролдож буй зургаа нийтэлж “Би Скайтелийн 3G-тэй учир интернетийн сүлжээтэй. Ккккк. Аварга юутай гэлээ дээ. Сүлжээгүй” хэмээн бичжээ. Энэ нь “Скайтел” компанийг илтэд сурталчилж байгаа хэрэг. Хүн хэдийбээр үгээ хэлэх эрхтэй ч төрийн чухал албанд оччихоод, төрийн нэрээр аль нэг байгууллагыг сурталчлах нь хэр зохимжтой байдаг юм бол. 

“Скайтел” нь дотоодын буюу УИХ-ын гишүүн Сү.Батболд, Г.Батхүү нарын хөрөнгө оруулалттай компани. М.Зоригт гишүүнээс өмнө төрийн бас л нэг чухал албан тушаалтан  “Скайтел бол Мобикомоос илүү” гэсэн утгатай үгийг твиттертээ жиргэж байсан санагдана. Энэ мэтээр төрийн өндөр албан тушаалтан тэр дундаа УИХ-ын гишүүд найз нарынхаа, УИХ-ын гишүүдийнхээ хөрөнгө оруулалттай компанийг илтэд сайшаан магтдаг  нь нууц биш. Энэ бол эмзэглэх асуудал. Төрийн түшээд нь гадаадын хөрөнгө оруулалтыг энэ мэтээр ад үзээд байвал Монгол Улсад хэн итгэж мөнгөө оруулах юм бэ. Эдийн засаг яаж сэргэх юм. Шударга өрсөлдөөний зарчим яаж хэрэгжих юм гэх мэтээр араасаа олон асуултыг дагуулна.  

УИХ-ын гишүүд нэг компанийн нүүр царай болж байгаа нь Шударга өрсөлдөөний зарчим, энэ тухай хуулийг зөрчсөн хэрэг болох болов уу. Үүнийг О.Магнай дарга анхааралдаа авч шалгах хэрэгтэй юм. Мөн Үндсэн хуульд энэ асуудал харшлах эсэхийг Цэцээр шалгуулбал зохилтой. Хэрэв УИХ-ын гишүүн хүн ийм хэлбэрээр хууль зөрчиж дотоодын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлдэг бол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл арга хэмжээг авдаг болъё. 

Л.МӨÍÕÒӨÐ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэвэрлэх байгууламжийн лагийг замын түүхий эд болгох гэнэ

Эмээлтэд  “Хөнгөн үйлдвэр,  технологийн паркийн цогцолбор” барих, уг паркийг эзэнжүүлэх асуудал Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны гол сэдэв болов. Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн асуудал 2010 оноос хойш яригдсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Энэ зуур төрөөгүй паркийг Дархан, бас Баганнуур руу “нүүлгэж” зөндөө эргэж буцсан шийдвэр гарсаар эргээд Эмээлтэд төвхнүүлэхээр яригдаж байгаа аж. Уг нь 2017 гэхэд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах шийдвэр гарчихсан. Одоо харин Эмээлтэд  бат бэх байрлуулах тухай ярьж байна. 214 га газарт цогцолбор босгох ТЭЗҮ хийсэн гэнэ. Тогтмол ажиллаж байгаа 20 гаруй арьс ширний үйлдвэр нийслэлд  байгаа аж. ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулах, байгаль орчны үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлөө авах ажлууд хүлээгдэж байна.   Энэ намартаа Эмээлтэд усны нөөц тогтоох судалгаа хийнэ.  Э.Бат-Үүл дарга парк байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд хэрэглэгчдийг оролцуулахыг зөвлөв. “Захиргааны аргаар байгуулсан үйлдвэрлэл технологийн паркууд үндсэндээ  дампуурдаг. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтгүй бол өнгөрнө”  гэж хотын мэр сануулсан. “Бид хаширлаад Хонхорын ложистик дээр удаан ч гэсэн хувийнхныг оролцуулаад,  хэлэлцээд явж байгаа” гэж  тэр ярилаа. Хотын дарга бас усны хайгуулын судлагаагаар бүтэлгүй дүн гарах вий хэмээн эмээв. “Бид тавдугаар цахилгаан станц дээр ингэж алдсан. Пижигнээд очтол хайгуулын судалгаагаар  өөр дүн гарсан” гэж сэрэмжлүүлэв. Усны хайгуул хараахан хийгээгүй ч тагнуулын байгууллагын  болон бусад мэдээгээр ойролцоох усны судлаас ус олборлох боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт  гаргасныг  орлогч  нь дуулгана лээ. Гарал үүслийн бичиг, элдэв зөвшөөрөл, хяналтаас авахуулаад төрийн бүх үйлчилгээг  Эмээлтэд  нэг цонхноос авах боломж олгох нь бизнес эрхлэгчдийг  болон хэрэглэгчдийг татах боломж  гэж хотын дарга зөвлөв. 

 Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ уг хуралдаанд хоёр паркийн асуудал танилцуусан. Нөгөө нэг парк нь Налайхад  байгуулах Барилгын материалын  үйлдвэрлэл, технологийн парк юм. Гэсэн ч хуралдаанд оролцогчид эхний паркад илүү анхаарал хандуулсан.  Хөнгөн үйлдвэр технологийн парк гэдэгт  ноос ноолуур, арьс шир ер нь л  хөдөө аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүн хамрагдана.  Муу нэртэй луу данстай арьс боловсруулах үйлдвэрүүдийн хаягдлаас  болоод Туул гол мөн ч их бохирдсон доо.  Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнийн яриагаар бол асуудлыг их л хялбархан шийдчих юм байх. “Цэвэрлэх байгууламжийн асуудлаар Европийн сэргээн босголтын банктай эхний ойлголцолд хүрсэн. Орчин үеийн дэвшилтэт цэвэрлэх байгууламжийг барих 30 сая еврог боломжийн хүүтэй, 12 жилийн хугацаатай зээлж болно. Японы цэвэрлэх байгууламжийн технологитой ч бид танилцсан. Цэвэрлэх байгууламжаас ялгарах лагийг засмал зам тавих суурь түүхий эд болгох технологи гараад жил гаруй болж байна. Зам хагарахгүй, бат бөх болдог юм байна. Япончууд бид санхүүжилтээ гаргаад хийсэн ч болно гэсэн. Наймдугаар сарын аравдаар  энэ хүмүүс ирж яриа хэлэлцээр хийнэ” гэж тэр танилцууллаа. Харин  бизнесийн үр ашигтай  гэгдээд буй уг паркийг Дарханыхан бас Багануурынхан нутаг орондоо байгуулахыг хүсээгүй юм билээ. Арьс ширний үйлдвэрийнхэн ч бид нүүж болно. Гэхдээ Дархан руу биш, Багануур руу биш гэснийг Т.Бат-Эрдэнэ уламжлав.  Арьс шир боловсруулагчид  Эмээлтийг хамгийн боломжийн хувилбар гэж үзэж байгаа гэнэ. Хот төлөвлөлтийн дагуу Эмээлт 80 мянган хүнтэй хот болох учиртайг  Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Н.Батаа сануулав. Парк ирээдүйн үйлдвэрлэлийн хотын зөвхөн жижиг хэсэг. Харин хот байгуулах асуудлыг хэн хариуцахыг тэр лавлав.  Одоохондоо хотыг хэн босгох талаар сонсогдсонгүй. Харин Хөнгөн үйлдвэр, технологийн парк байгуулах төслийн нэгж байгуулах талаар их ярилаа.  Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан, хотын ерөнхий төлөвлөгөөнд суусан асуудал учраас эргэлзэх хэрэггүй гэж хотын мэр хэлж байна лээ.  

“Хурдал, хичнээн жил ярив” гэж Э.Бат-Үүл дарга шавдуулж байна лээ.

Б.ЯНЖМАА       

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ралли Монголиа” наймдугаар сарын 10-17 өдрүүдэд болно

“Ралли Монголиа 2014”, автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан наймдугаар сарын 10-17-нд болох гэж байна. Уралдааныг энэ жил Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Уралдааны үеэр мотоциклийн ангилалд Монголын таван бүсгүй оролцохоор бүртгүүлсэн аж.

Японы SSER байгууллагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилдэг юм. Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхитэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд 8 удаа аваргын цом хүртэж байсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ихэвчлэн гадны тамирчид өрсөлддөг байсан бол өнгөрсөн жилээс Монголын бүсгүйчүүд анх удаа өрсөлдөх болж, “Ралли Монголиа-2013” тэмцээний авто ангилалд Н.Янжмаа, мото ангилалд Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг нар оролцсон юм.

Тэгвэл энэ жилийн хувьд уг уралдааны мотоциклын ангилалд Монголын таван бүсгүй бүртгүүлээд байгаа ба “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аялалын клубын тамирчин Ундрал нарын зоригт бүсгүйчүүд “Ралли Монголиа” уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна.