Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

V цахилгаан станцын газрын асуудлыг шийдлээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын газрын асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор V цахилгаан станц барьж байгуулах тухай тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж,  Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тиймээс Эрчим хүчний яам цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Өмнө нь энэ газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар “Люкс нью проперти солюшн” компани эзэмшиж байсан бөгөөд 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Тус компани газар эзэмших эрхийг нь түдгэлзүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн Шүүхийн тогтоолоор нийслэлйин Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын  кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтний танилцуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг авсаар байжээ.  Тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахын тулд  тус компанитай харилцан ойлголцож, Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын замын 8,0 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн  тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын зүүн талбайд 14,0 га газрыг Эрчим хүчний яаманд гурван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Цагаан: Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалд шаргуу бэлтгэж байна

Ойрын өдрүүдэд Монгол Улсад хоёр хөршийн төрийн тэргүүн нар айлчлах болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй билээ. ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд чухам хэзээ манай улсад айлчлахтай холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодруулга авлаа. 

-БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын манай улсад хийх айлчлалын талаар сүүлийн үед эрчимтэй яригдах боллоо. Айлчлалын бэлтгэл ажил хэрхэн явагдаж буй талаар тодруулж болох уу?  
-Айчлалын бэлтгэл сайн явж байгаа. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэл хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ удаагийн хоёр их хөршийн маань төрийн тэргүүнүүдийн айлчлал бол манай орнуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан түүхэн айлчлал болно гэж үзэж байна. Нийгмийн хүлээлт  ч тийм байна. Аль аль айлчлал  нь Монгол Улсын хөгжилд тэмүүлсэн бодлогыг бодитоор дэмжсэн, чухал ач холбогдолтой шийдэл, тохиролцоонд хүрсэн айлчлал болно гэдэгт итгэж байна. Олон баримт бичигт гарын үсэг зурна. Эдгээр айлчлалд манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, ГХЯ, Засгийн газар хоорондын комисс гээд бүх түвшинд өндөр ач холбогдол өгч, багаараа шаргуу бэлтгэж байна. Гадаад харилцааны яамдын ачаалал их байх шиг байна. Эдгээр түүхэн айлчлалд зориулж, УИХ  хүндэтгэлийн чуулган ч хийхээр яригдаж байгаа.

-Хоёр улсын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгчийн урилгаар зочилж байгаа юу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Путин Ерөнхийлөгч, Си Жинпинь дарга нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар айлчилж байгаа. Ерөнхийлөгчийн зочид.
-Ингэхэд айлчлал яг хэзээ болох вэ? Нэг зэрэг ирэх ч юм шиг, тус тусдаа ч айлчлах юм шиг яриад байх юм?
-Төрийн дээд хэмжээний айлчлалыг хоёр тал гадаад харилцааны шугамаар харилцан тохироод нэгэн зэрэг зарладаг нь олон улсын дипломат ёс. Хэн дуртай нь аль эсвэл нэг тал нь түрүүлж зарлаад байдаггүй. Манайханд заримдаа сонссоноо юм уу бодсоноо мэдээлэлтэй хүн болох гэж хамаагүй ярьчихдаг болчимгүй тал байна.
БНХАУ-ын дарга Си Жинпинь манай улсад наймдугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сард айлчлахаар байгаа.
-Нэг зүйлийг лав­лахад, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар айлчлалын бэлтгэл ажил дээр хамтран ажиллаж байгаа юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд засгийн бүтэц бүгдээрээ эдгээр айлчлалд хамтран бэлтгэж байгаа. Байнга уулзалдаж байгаа.

Л.ТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай сумын ой

Энэ бол манай сумын ой. Дааган дэл ууланд  манай сумын ой байдаг. Уулын ард маш олон тооны буган чулуун хөшөө бий. Хамгийн олон хөшөө бүхий  чуулбар гэдэг санагдана. Албан ёсоор бол Өвөр цэцэрлэгийн буган чулуун хөшөө гэдэг. 

Та бүхэн  ойн баяр наадмын тухай ярих гэж байна гэж бодсон уу?    Жаахан ногоон чиг баримжаатай байж сур л даа.

Морины бариа

   

Энэ нөхөр бол миний зээ дүү байгаа юм.               Бяцхан ноёнтон

Хамт найм төгссөн найзуудын маань хэд нь энд байна. Бусад нь нийллэгийн хорхог морхог бэлдэж яваад энэ зурагт ороогүй юм.

Уулын ар дээр ямар нэгэн хувьсгалч лоозон байсан санагдана.  Харин өдгөө  соёмбо хийгээд 90 жил хэмээн бичсэн харагдана.

Харин одоо сумынхаа 90 жилийн ойн тухай ярья. Завхан аймгийн Шилүүстэй сум энэ жил 90 жилийн ойгоо хийлээ. Хуучнаар бол тэр хавийн хэдэн сум Сайн ноён хан аймгийн Хошууч бээсийн хошуу гэж явжээ. Саяхан 90 жилийн ойгоо хийсэн СЭЗДС-ийн анхны оюутнуудын нэг нь манай хошууны сүүлчийн ноён  байсан гэдэг. Сэтгүүлч, зохиолч Б.Чойндон агсны дурсамжид “…хошууч бээс Дашзэвэг гэж саарал дээлтэй хүн  Гаалийн сургуульд хамт сурч байсан” тухай өгүүлсэн нь бий.

Нутгийн Чингэс хаан өрлөгүүдийн хамт

Морины наадам “хангайд” болов.   Өвөр гол, овооны үзүүрт морьдоо барилаа. Шар хөтөл дээр гарч ирэхэд  Отгон тэнгэр хайрханы  бараа, нялх багаас нүдэнд үзэгдэж, сэтгэлд хоногшсон төрхөөрөө, “уулан дээр суусан  уул”  мэт харагдав.

Харин манай өвөлжөө байдаг Ухаа аргалантын өврөөр Завхан гол урсана. Голын эргээр бургас, улиас, бас зэрлэг чацаргана ургана.

Манай нутгаас төрсөн цэргийн мяндагтан эрхмүүд

 “Шуудангийн Дэрэм” хэмээх Дорждэрэм гуай бол Холбооны газрын  аавын цээж  барьдаг жолооч  байсан хүн юм.

                        

Хонь хариулж явсан газраараа явтал        Сумын дарга байсан Дондонхүү 

ийм  Фараон  харагдав.  Ухаа аргалант.       гуай одоо нас сүүдэр ер гарсан ч 

Хар дэлийн өвөлжөө орчим.                             тэнхлүүн  сайхан харагдана.

Морин хуурч хүүхдүүд. Манай аймгийн мянган морин хуурч хүүхэд Чингэсийн талбайд  тоглолт хийж байсныг санаж байгаа байх. Тэдний нэг хэсэг нь манай хүүхдүүд байгаа юм.

Хужиртын гол, Ялаат булгийн дэнжээс Отгон тэнгэр уул ингэж харагдана.

Гэрэл зураг болон тайлбарыг Б.Цэнддоо

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадад дуурайлгаж үйлдвэрлэсэн дүрэмт хувцас авахгүй байхыг анхааруулав

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас сурагчийн дүрэмт хувцасны талаар тодруулахад “Сурагчийн дүрэмт хувцсыг бид өнгөрсөн жилээс шинэчилсэн. Ялангуяа бага ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг 100 хувь шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил цаг хугацааны хувьд давчуу байсан учраас дунд, ахлах ангийн дүрэмт хувцас оройтсон. Бид сурагчийн дүрэмт хувцсандаа тавигдах стандартыг хангасан. Оёдлын нэгдсэн холбооны долоон үйлдвэр оролцсон. Өнгөрсөн жил  нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас, бусад сургуулийн захиалгын дагуу гурван зуугаад мянган дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн. Энэ жил нийт захиалгын дүрэмт хувцаснуудаа 100 хувь оёчихсон. Бэлэн болчихсон хувцсаа  сургуулиуддаа түгээх ажил үлдээд байна” гэлээ. Эцэг, эхчүүдээс дүрэмт хувцасны материал цоорсон, бөөрөнхийлж ноолорсон гэсэн гомдол их ирдэг. Энэ талаар тодруулахад тэрээр “Манай үйлдвэрлэгчид дүрэмт хувцсаа цэвэр хонины ноосон бүтээгдэхүүнээр хийдэг. Ийм гомдол гарах болсон шалтгаан нь эцэг, эхчүүд дүрэмт хувцсаа үйлдвэрээс нь авдаггүйтэй холбоотой. Манай үйлдвэрийн дүрэмт хувцсыг дуурайлгаж Хятад улсад хийсэн хувцсыг худалдаж авчихаад дээрх гомдлуудыг гаргадаг. Иймээс эцэг, эхчүүддээ анхааруулж хэлэхэд яг үйлдвэрээс нь аваарай гэмээр байна.Эсвэл сургуулиар нь дамжуулж худалдаж байгаа дүрэмт хувцаснуудаас авахыг хүсэж байна. Хятад Улс дэлхийн брэндүүдийг дуурайлгаж хийдгээрээ алдартай. Манай дүрэмт хувцсыг дуурайлгаж оёод зарж байна. Үйлдвэр, сургуулийн алинаас нь ч авсан үнэ нь ялгаагүй. Үнэ нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй” гэсэн юм. 

У.УУГАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөл-Булганы авто замын ажил 70 гаруй хувьтай байна

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил ид үргэлжилж байна. Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын ажлыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг “Эйч Ки Би интернэшнл холдинг” компани гүйцэтгэж байна. Эхний 40 км авто замын ажил 90 хувьтай, энэ сарын 30-нд бүрэн ашиглалтад орох гэнэ. Харин үлдсэн 48 км авто замын ажил 65 хувьтай, ирэх аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. 

Мөрөн-Тариалан чиглэлийн 32 км авто замыг “Хотгор зам” ХХК-ийнхан барьж гүйцэтгэж байна. Замын ажлын явц 71 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийтдээ 145 хүн зам, барилгын ажлыг хийж байгаа гэнэ. Гэрээний хугацаа өнгөрөгч долоодугаар сарын 10-нд дууссан ч цаг агаарын байдлаас шалтгаалан ажил хэсэг хугацаанд саатсан гэдгийг тус компанийн удирдлагууд нуусангүй. “Хотгор зам” компанийн барьж гүйцэтгэж буй замтай залгаад “Их Монгол барилга” компани Мөрөн-Тариалан чиглэлд 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулжээ. Харин тус компанийн ажлын явц 50 гаруйхан хувьтай явж байна. Зам, тээврийн сайд А.Гансүх тус компанийг замын ажлыг цагт нь эхлээгүй, ажлын гүйцэтгэл муу байгаа зэргийг шүүмжлэлтэй хандсан юм.  

Ийнхүү өнөөдрийн байдлаар Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын 130 орчим км нь хатуу хучилттай замаар холбогджээ. 

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гудамж төслийн захирал Б.Батболд “Намайг АТГ-аас шалгаж байгаа ч сэжигтнээр татаагүй”

Гудамж төслийн захирал Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэдэг үндэсллээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа талаар хэвлэл мэдээллийн хэргслээр цацагдах болсон. Мөн “Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгө буюу Засгийн газрын үнэт цаас худалдаж төвлөрүүлсэн мөнгөөр төсвийн урсгал зардал санхүүжүүлэхгүй байх ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин урсгал зардал их хэмжээний мөнгө зарцуулсан болон төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй байна гэх зэрэг үндэслэлээр түүнийг шалгаж байгаа ажээ.

Харин энэ тухайд тэрээр “Би АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ сэжигтнээр татагдаагүй. “Самурай” бондын хөрөнгөөс 55 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл нь ташаа юм. Гудамж төсөл Чингис бондын хөрөнгөөс санхүүждэг болохоос Самурай бондтой ямар ч хамаагүй. Төсөл хөтөлбөрүүдээ сонгон шалгаруулаад, Хөгжлийн банкнаас санхүүжээд явдаг. Өөрөөр хэлбэл Гудамж төслийн санд санхүүжилтийн хөрөнгө орж ирдэггүй. Би төслийн захирлын хувьд ажилчдын цалин, хэрэгцээт тоног төхөөрөмжийг авахад зарцуулах хөрөнгийг шийдвэрлэх эрхтэй. 470 сая төгрөгөөр дөрвөн автомашин худалдан авч, санхүүжилтийг үргүй зарцууллаа гэдэгтэй би санал нийлдэхгүй байна. Манай төсөл чинь дотроо гурван дэд төсөлтэй. Өөр өөрсдийнхөө төслийн чиг үүргийн дагуу хурдны автозамынхаа трасыг шалгахаас өгсүүлээд хөдөө орон нутагт төслийн хүрээнд хэрэгжих ажилтай танилцахад шаардлагатай автомашин, техникүүдийг авсан. Үүнийг дэмий зүйлд оруулсан хөрөнгө оруулалт биш” гэсэн юм.  

М.Ууган

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Танкны биатлоны ДАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож байна

Өнгөрсөн ням гарагт ОХУ-д танкийн биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тус тэмцээний ганцаарчилсан уралдааны дүнгээр ОХУ-ын баг тамирчид тэргүүлж байгаа бол удаах байруудад Армени, Казахстан зэрэг улс оржээ. Харин манай баг тамирчид есдүгээр байранд жагссан аж. Тэмцээний эхний шатанд оролцогчид 1.800, 1.700 болон 1.600 метрийн зай дахь байг онож, замдаа таарсан саад бэрхшээлүүдийг даван туулжээ. Байг оноогүй, саадыг давж чадаагүй болгонд 60 секундын торгуулийн хугацаа өгдөг байна. 

Тэмцээний хоёр дахь шат буюу гурван километрийн спринт маргааш эхэлнэ. Гурав дахь шат буюу бие биенээ гүйцэж түрүүлэх тэмцээн болно. Тус тэмцээнд ОХУ, Ангол, Армени, Энэтхэг, Казахстан, Киргиз, БНХАУ, Кувейт, Монгол, Серби зэрэг 13 орны төлөөлөл оролцож байна. 

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШАШНЫГ ӨМӨӨРӨХҮЙ (III)

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

МАРКСИЗМ БА БУДДИЗМ

“Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж хэлж байхдаа Маркс өөрийнхөө сургаалыг бас нэгэн шинэ шашин болно гэж зүүдлээгүй биз ээ. Коммунизмын тухай таамаг нь бас нэгэн шинэ диваажингийн амлалт болж өөрийнх нь хөрөг Есүсийг орлох боллоо. Маркс шашныг басамжлан үздэг байсан бол түүний хамгийн үнэнч шавь Ленин шашныг шууд үзэн яддаг байлаа. Ленин, дараа нь Сталин марксизмыг шинэ шашин болгон хувиргасан юм. Ердөө л орлуулах журмаар. Маркс, Ленин нар сүсэгтэй сэхээтэн айлд өсөж хүмүүжсэн бол Сталин шашны сургуульд сурч байжээ. Ингээд л орлуулж гарлаа. Коммунизм-диваажин, сүм хийд-нам, хувраг-намын дарга нар, сүмээс хөөх-намаас хөөх, усан баталгаа-пионерт элсэх, дагшин газар-удирдагчийн бунхан, Есүс-Маркс болон бусад удирдагч, архад-улс төрийн товчооны гишүүд, чойг-намын батлах, шашны баяр-хувьсгалын баяр, тарни-намын лоозон, шүтээн алтарь-Лениний болон Сүхбаатарын танхим… гэх мэт. Гэхдээ өөр шашин болон ямар ч үзэл бодлыг үл зөвшөөрдөг дундад зууны католикуудын үеийн загвараар буй болгожээ. Иймээс коммунист инквизаци ч ажиллаж байсан.

Оросуудын оруулж ирсэн энэ шашны цаад мөн чанарыг монголчууд эхлээд ойлгохгүй байлаа. УБХ-ын дарга Гэндэн “Ертөнц дээр Будда, Ленин гэж хоёр аугаа бурхан төрсөн…” гэж хурал дээр айлдаж байв. Хоёр удаагийн Ерөнхий сайд Амар шүтлэгтэйгээ нуух байтугай илт идэвхтэй буддист аж. 1940 он гэхэд бүгдийг нь алж устгаж, буддын сүм хийдийг шатааж нурааж дууссанаар ортодокс марксизм өрсөлдөгчгүй ноёрхох боллоо. 1943 онд намын хатуу хяналтын дор Гандантэгчилэн хийдийг нээжээ. 1990 он хүртэл энэ сүм төрийн нэгэн хавсарга болж байсан төдийгүй нууц цагдаагийн газрын нууц туршуулын ч үүрэг гүйцэтгэж байсан. Төвдийн буддизм анхлан орж ирэхдээ бөөгийн бүдүүлэг зан заншлыг устгаж Энэтхэг Төвдийн асар их соёлыг тээн орж ирснээрээ нийгэмд мундахгүй их дэвшил авчирсан. Яг адилхан процесс энд бас болсон юм. Марксизм орж ирснээр өрнийн соёл иргэншлийг тээн авчирч шинжлэх ухааныг ихэд хөгжүүлсэн. “Шар машин” гэгдэх оюун санааны хүлээсийг зад татан, мухар сүсгээс үүдэлтэй бүдүүлэг зан заншлыг халж, нийгмийн асар том дэвшил дагуулсан билээ.  

МОНГОЛ СҮЖИГ

Иргэншлээс зөвхөн бэлэн зүйлсийг нь хэрэглэж байсан талын нүүдэлчин монголчууд иргэншсэн шашныг мухар сүжгийн хэмжээнд ашиглана уу гэхээс цаад мөн чанар руу нь орж автаж байсангүй. Эзэлсэн орондоо суурьшсан монголчууд л хэдэн үе өнгөрсний дараа жинхэнэ лал, күнз, христос, буддын шашинтан болж байлаа. Рүбрүкийн баталж байгаагаар христос мөргөлтөн болсон нүүдэлчид байтугай миссионер, хуврагууд нь хүртэл олон авгайтай, архи дарс уугаад явдаг аж. Загалмайд хүлэгдсэн Христийн дүрсийг хуу татаад авчихна. Хүн төрөлхтний гэмийг өөртөө хүлээн шаналж байгаа жинхэнэ утгыг нь ухахгүй, тиймдээ ч бусдад тайлбарлаж чадахгүй болохоороо ингэж байсан болов уу. 

Төвдийн буддизм орж ирсэн ч энэ шашны жинхэнэ философи, арга ухаан, мөн чанар нүүдэлчдийн дэндүү ихэнхэд дэндүү холын юм байлаа. Бөөгийн мухар сүжгийг орлох төдий үүрэг гүйцэтгэх болов. Ерөөсөө бөө нь үхэгсдийн сүнсийг шүтэх гаргалгаатай. Өөрийн өвөг дээдсийн сүнс тэр хүндээ Бурхан байдаг. Ингэхээр зэрэгцээ хоёр хүний шүтээн бурхан тус тусдаа байдаг нь гайхмаар зүйл биш төдийгүй, ерөөсөө л угаасаа ийм байх ёстой аж. Иймдээ ч нүүдэлчид алив шашныг хэзээ ч харилхдаггүй, хэрэгцээ гарвал тун амархан өөриймшүүлчихдэг ажгуу. Чингэсийн их гүрэнд дайсагнагч шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж байсны нууц энд болов уу.     

Оросын эрдэмтэн Майский 1918 онд Монголд ирэхдээ нэгэн хачирхалтай зүйл олж ажигласнаа тэмдэглэсэн байдаг. Нэгэн баян нүүдэлчин өглөө христийн сүмд загалмайлаад зогсож байж. Өдөр нь тэднийд очсон чинь лам авчирчихсан ном уншуулаад сууж байж. Орой нь харин тэднийд бөө уригдан ирж түүдэг ноцоож онгон тэнгэрээ дуудан эзний муу муухайг зайлуулж байх юм гэнэ. Гэрийн эзнээс яагаад энэхүү хоорондоо харш шашныг зэрэг зэрэг шүтдэгийг нь асуужээ. “Нэг нь тус болохгүй гэхэд нөгөө нь туслах байлгүй” хэмээн цаадах нь маш прагматикаар хариулж. Алив шашинд хандах монгол хүний жинхэнэ дүр!

1937-38 онд 800 шахам сүм хийдийн 6 мянга орчим барилга байгууламжийг үнэн хэрэгтээ монгол хүн гараараа галдан нураасан. Заавар, зандрал тулгалт нь цаанаасаа байсан ч монгол хүн өөрийн гараар энэ нүглийг үйлдсэн. Хэрэв буддын ухааныг мөн чанараар нь ойлгодог байсансан бол ийм нүгэл хийхээс үхлийг дээрд үзэх байсан болов уу. Үүнээс даруй дөрвөн зууны тэртээ хэдэн мянган жил шүтсэн бөөгийн ёсоо төвдийн буддизмийн суртлаар харгислан дарж үгүй хийсэн билээ. Төвдөөс суртал нь ирсэн болохоос үүнийг мөн л монгол гар гүйцэтгэсэн. Хожим нь орж ирсэн марксист шашинд монголчууд үнэнчээр үйлчилж, үүгээр урьд нь байсан буддизмыг орлуулах болжээ. 1980-аад оны дундуур энэ талаар судалгаа хийсэн европын шинжээчдийн тайланд “марксизмыг шашны хэмжээнд ритуал, итгэл үнэмшилтэй нь мөрддөг магадгүй цорын ганц ард түмэн” гэж гайхшран нэрлэсэн байдаг. “Шашин хориглогдоод хэдэн үе өнгөрсний дараа хүмүүс орлуулж болох юуг ч шинэ шашин болгон мөрддөг юм байна” гэсэн нээлтийн хэмжээний дүгнэлт гаргаж байлаа, тэд.

АРДЧИЛАЛ БА ШАШИН

1990 оны ардчилсан хувьсгал шашны эрх чөлөөг авчирлаа. Гучаад онд Монголд арчигдсан төвдийн буддизм 1990 онд буцаж ирэх хооронд Монголын нийгмийн харилцаа, бүтэц, зэрэг дэв үндсээрээ өөрчлөгджээ. Иргэншил гүн шингэсэн, хүн амын ядахнаа тал нь иргэншсэн орчинд амьдардаг, бүх нийтээр бичиг үсэгтэй, үйлдвэржсэн, хотожсон, ухамсаржсан, соёлжсон нийгэм болжээ. Шинжлэх ухаан энэ нийгмийн ертөнцийг ойлгох гол аргачлал нь болсон юм.

1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрсдийгөө буддист гэж тооцдог гэнэ. Ямар марксист гэлтэй нь биш! Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг нь биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм. Христосын шашинтай таван хувь, лалын шашинтай гурван хувь, бөө мөргөл шүтдэг тав орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагдаггүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэй аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Марко Пологийн номын орчуулгад ийм хүмүүсийг “дүрс хөрөг шүтэгчид” гэсэн байдаг. Мөнөөх Майскийтэй тааралдсан олон шашинтан эрийг хэлээд буй хэрэг. Өөрөөр хэлбэл ердөө л мухар сүсэгтэн. Бөө ч мухар сүсэг, тэгэхээр юугаараа ялгагдах вэ? Бөө шүтэгч хүмүүс тэрийгээ л итгэл үнэмшил болгодог бол анимистууд бөөг оруулаад юуг л бол юуг сүслэнэ.

Эд хэн бэ? Шалгалтын өмнө хүрд эргүүлдэг оюутнууд, гаалийн байцаагчийн өмнөөс шороо цацдаг наймаачид, айл ухсан олзноосоо Ганданд аваачиж өгдөг хулгайчид, өвчин зовлонгоо эдгээх гэж боловсон эмнэлгээс эхлээд бөө хүртэл тэнэдэг өвчтөнүүд, өр ширнээсээ салах гэсэн зовлонтон, өрсөлдөгчөө хорлож үхүүлэх гэж гүрэм уншуулдаг атаач, олсон хэдээ эргүүлж алдахаас айн даатгал “төлдөг” баячууд, албан тушаал ахих гэсэн горьлогчид, үрэгдэгчийн араас гунихрагч, зүгээр л нойр шингэрсэн бие чилээрхсэн хүмүүс гээд нийгмийн бүх давхрагаас янз бүрийн асуудалтай улс юм. Ер нь ч тэгээд цайчихсан тэнэгийг тооцохгүй бол асуудал бэрхшээлгүй хэн байх билээ. Үүндээ чухам яаж хандаж байна гэдэгт л хэргийн учир бий.

Шинжлэх ухаан, техник технологийн ийм өндөр эрэмбэд гарсан XXI зуунд, муу ч сайн ч нийтээр сургууль номоор явсан орчин цагийн хүмүүс ийм олноороо яагаад мухар сүсэгтэн болж хувирав? Олон шалтгаан бий байх. Итгэл үнэмшил байхгүйгээр гурван үеийг өнгөрөөжээ. Явсаар ганц итгэл нь коммунизм болсон. Гэтэл коммунизм ганцхан өдрийн дотор хайлан урсахад хүмүүсийн итгэл үнэмшилд асар том хоосон орон зай гарчээ. Итгэл үнэмшил, ариун дээд юм, эрхэмлэх зүйл, амьдралын утга учрын тухай төсөөлөл, ертөнцийг харах үнэлэмж асар дээр үеийн бүдүүлэг отог омгийн гишүүдэд үүссэн тухай дээр өгүүлсэн. Шинжлэх ухаан нь хүмүүсийн мэдлэг дээр суурилж, байгаль эд юмсын объектив талыг нь судлан нууцыг нь ойлгуулдаг. Харин шашин бол оюун санаа, төсөөлөл дээр суурилан хоосныг судлана. Аль алин нь танин мэдэхүй, гэхдээ нэг нь биет зүйлийг, нөгөө нь биет бус зүйлийг танина. Шашин бол ариун, дээд танин мэдэхүй. Шинжлэх ухаан мэдлэгийг буй болгодог бол шашин мэдэрхүйг буй болгоно. Хүн шинжлэх ухаангүйгээр амьдарна, харин хомо сапенс хэмээх оюунт хүмүүн шашингүйгээр бараг л бололцоогүй болов уу. Хэрэв шашин гэдгийг итгэл бишрэл, ариун дээд юм, үнэмшил, бишрэл гэж үзэх юм бол шүү дээ. Шашин бол танин мэдэхүй төдийгүй соёл, урлаг, гүн ухаан, боловсрол, хүмүүжил юм. Орчин үеийн ихэнх шашин олон жилийн намтартай, өөрийн үзэл санаатай, ёс журамтай учир хүмүүнд хар багаас нь сууж хүмүүжүүлж, ёс суртахууныг нь тогтоож, болох болохгүйн заагийг тогтоож өгдөг. Харин ердийн мухар сүсэг нь бэлтгэлгүй хүнд тун амархан сууна. Чухам ийм л шалтгаанаар гэнэт өөрийн ариун нандин гэх зүйлгүй, итгэл үнэмшилгүй болсон нийгэмд мухар сүсэг хүчтэй нэвтрэн орсон болов уу. Олон шалтгаан бий байх, гэхдээ энэ бол хамгийн гол учир нь байхаа. Иймдээ ч хүмүүс үзтэл галзуу солиотой, эсвэл улайм цайм луйварчид руу “юмыг яаж мэдэхэв!” гэсэн үндэслэлээр өргөл өвөртлөн цувна.

ШАШНЫ ЗАХ ЗЭЭЛ

Эрэлтийг дагаж ний­лүүлэлт буй болдог. Нийлүү­лэлт ч эрэлтийг өдөөдөг. 1990 оноос Монголд оюун санааны тулгуурын асар их эрэлт буй болжээ. Шилжилтийн эхний үе ядуурал, инфляци, гэр оронгүй хүмүүс, барааны хомсдол, ажилгүйдэл дагуулсан. Ингэхээр хүмүүс юун түрүүн аврал хайж юунд л бол юунд итгэхэд бэлэн болжээ. Анхны оюуны аврал амлагч нь Ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг хүүхэн, алтан цөгц, өөр гаригийнхан, Ромбу хэмээх нууцлаг биест, 69 машинд угсарсан мөнхийн хөдөлгүүр, Чингэсийн булш, Унгерний нуусан алт эрдэнэс байсан, бүгд л хөдөлмөр заралгүйгээр амархан хөлжих арга зааж өгөв.

Шашин болгонд “культ” гэгддэг гажсан, үндсэн санаанаас хол зөрсөн, зарим тохиолдолд хүчирхийлэл, амиа хорлол, солиорол сурталчилдаг хориотой урсгал бий. Тэр жилүүдэд чухам ийм культууд эхэлж орж байв. Мэккагаас “буруу номт” гэж зарлагдсан, лалын ихэнх оронд хориглогдсон урсгал л 1990 онд Баян-Өлгийд хамгийн түрүүн ирж байсан. Энэтхэгээс хиндугийн хориглогдсон зарим культ орж ирсэн нь одоо болтол энд байсаар байгаа. Христийн сайнслоги гэх мэтийн культ ч орж ирсэн. Токиогийн метронд хорт утаа тавьж олон хүнийг үхүүлдэг Ом Шанригийн бүлэг ч төвдийн буддизмын нэг культ юм. Ийм гаж үзэгдэлд нийгэм хамгаалалтгүй байлаа.

Бараг мөхөж алга болоод 400 жил болсон бөө мөргөл эргээд гараад ирлээ. Угсаатан судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүд шинэ бөө нарын гарын авлага болох нь тэр. Эрдэмтэн Пүрэв, Бадамхатан нарын бүтээл ингэж луйвар хийх хэрэгсэл болдог байжээ! 1996 онд нар хиртэхэд гадаадын жуулчдыг хоргоож байсан бөө нар Ураалын их сургуулийг төгссөн сэхээтнүүд байж билээ. Хөвсгөлийн тайгад цаатан болж жүжиглэн урцанд сууж бөөлөгчид дунд сургууль төгссөн монгол хүмүүс байдаг. Бөө удамшдаг гэж ярьдаг, тийм юм бол тэнэг ч, зальхай ч, луйвар ч удамших ёстой. Юутай ч удамшдаггүй юм гэхэд халдвартай бололтой. Хөвсгөл гэдэг гучаад оны үед байгуулсан зохиомол аймаг. Урд сумд нь Сайн ноён ханых, баруун сумд Засагт ханых, зүүн хэсэг нь Түшээт ханых. Зөвхөн хойд тайга нь Богдын шавь байлаа. Одоо ч “би Хөвсгөлийнх” гэвэл “мөнгө өгөхгүй бол хараана шүү” гэсэн утгатай болоо шив дээ! Өвчин бүх улс даяар тархаж дотроо ихээхэн өрсөлдөөнтэй, захиалга ч ихтэй дажгүй бизнес болжээ. Биенийгээ хараалгаж өрөөл татуу болгох, улмаар үхүүлэх захиалга хамгийн эрэлттэй нь. Нэгийг нь хараачихаад, нөгөө дээр нь очиж хараал хариулаад орлогоо хоёр нугална.     

Буддистууд гэгч манай лам нарын тухай олон юм яримааргүй байна. Урьд бол До яамны нууц мэдээлэгчид цөөнгүй байсан, одоо ч олзонд явдаг ичих нүүргүй гар л олширч. Тэд хаа л бол хаа, ингэхээр бүгдээрээ сайн мэдэх болоо биз. Энэтхэгт зуу зуун монгол лам сурч байна. Тав зургаа нь үнэхээр дээшээ гараад явчихсан залуучууд байнаа. Бусад нь Монгол Энэтхэгийн хооронд бумба зөөх юм. Бумба тахиулахаар айл баяждаг гэнэ. Хөдөлмөр заралгүйгээр баяжих хүсэлтэн санасныг бодвол олон шүү дээ. Намсрай гэж бурхан бий, мөнгөтэй хүн түүнээ хэрхэн зарцуулахыг, яаж түүгээрээ буян үйлдэх ёстойг заасан ёс суртахууны кодекс болохоос ядуу айл болон компанийг баяжуулах ямар ч ид шид түүнд байхгүй. Манал бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэх эдгэрүүлэх далдын ид шид үгүй.  “Таравчимбо”, “Жадамба”, “Банзрагч” гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ? “Ганжуур” бол буддизмын нэвтэрхий толь, орчин үеийн ойлголтоор “Британника” энциклопеди юм даа. 108 боть энэ аварга судар хэд хэдэн янзын хэвлэлтэй. Номын хавтаслалтаас нь болоод нэгийг нь Алтан ганжуур, нөгөөг нь бэхэн Ганжуур гэнэ. Харин Гандангийн унших тариф өөр өөр, ямар учиртайг нь Будда өөрөө ч ойлгомгүй. “Ширнэн” бол Буддагийн сургаалын дээд орой, ертөнц хоосон гэдгийг баталсан шастир. Одоогийн ойлголтоор Кантын “Цэвэр шалтгааны шүүмж”-ийн зэрэглэлийн гүн ухааны бүтээл. Ийм нарийн юмыг хүний буян заяа дуудахад зориулж уншихаар яахав? Занабазар “Жанаг гагадог” гэдэг шүлэглэсэн ерөөл төвдөөр зохиожээ. “Хар хятадыг хорихуй” гэж орчуулж болно. Үүнийг одоо мэнгэ засалд уншдаг. Ийм юм бол Парчингийн “Алтайн магтаал”-аар мөн ч олон юм аргалж болохнээ? “Жадамба” бол Буддагийн сургаалын хураангуй эмхтгэл. Энийг суудал засах гэх мэт мужаан маягийн юм болгожээ, манай лам нар. “Банзрагч” хэмээх гүн ухааны зохиол “малын банзрагч” болсон нь доромжлол уу? “Таравчимбо” хэмээх гайхалтай зохиолын монгол нэр нь “Үлэмж гэгээрүүлэгч”. Энийг төвдөөр уншуулж сонсохоор хувь заяанд эргэлт гардаг юм бол Гегелийн “Шашны философи” зохиолыг германаар уншуулал даа, ялгаа бий юу? 

Ном уншиж засал хийдэг энэ тэнэг балай ёс анхлан үүсэж байхад амьдарч асан Данзанравжаа эсэргүүцэн тэмцсэн учир галзуу согтуу­гаараа мөн ч их дуудуулж байсан аж. Эдгээр зохиолын төвд бичлэгийг одоогийн төвд хүн ч ойлгохгүй, учир нь хэл өөрчлөгддөг болохоор номын сонгодог хэлбэр гэдэг нь болсон. Эдгээр номонд нь уг нь буддагийн сургаалыг энгийн сүсэгт хүмүүст хялбарчлан тайлбарлаж өгөхийг захисан байгаа. Эдгээр номонд нь од гаригийн хөдөлгөөн, он сараар хүнийг мэргэлж мунхруулахыг тас хориглосон байгаа. Эдгээр номонд нь ид шид гэж байхгүй, хүн зөвхөн өөрөө хайж байж үнэнийг олно гэсэн байгаа. Харин монгол сүсэгтэн тарифаар мөнгө төлөөд хэтэвчээ дундлаад л гарна. Зонхов, Адиша нарын үед Төвдөд ч, Монголд ч бичиг үсэгтэй хүн ховор байсан, иймдээ л лам царайчлах хэрэгтэй байж. Нийтээр бичиг номтой болсон өнөө үед хөтлөгч хэрэгтэй юу? Ойлгохгүй юм гарч болно, тэрийг хэлээд өгөх лам ч ховор доо, ховор. Гандангийн үүдэн дээр гадаад хүн харуулдаад суудаг лам нарыг хэн хүнгүй таних болоо биз. Бурхны өргөөнд орж үзэхийн тулд 10 доллар төлдөг өөр тийм сүм дэлхий дээр үгүй байхаа. 

Суваргыг анх энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сейфний зориулалттай байсан нь сонин. Тэнд номын эхийг хадгалдаг, хожим маргаан гарвал тэндээс судраа гаргаж тулгадаг байж. Суварганд ямар ч ид шид байхгүй. Харин энэхүү улаан халтуур овоотой өрсөлдөн олширсоор. Ньютоноос хойш од гаригийн хөдөлгөөн маш тодорхой болсон. Хүсвэл үүнээс цааш хэдэн мянган жилээр гариг эрхсийн хөдөлгөөнийг секундээр нь тодорхойлж болно. Үүнд нэг их ухаан орохгүй. Пифагорын теоремыг сургуульд хүүхдэд заадаг болохоос математикийн хүрээлэнгийн эрдэмтэд өглөө бүр энэ теоремыг дахин баталдаг, үүнийхээ төлөө цалин авдаг төдийгүй теоремыг өдөр болгон зөв баталдаг гээд цол зэрэг авбал ямархуу байхав? Шинэ жилээ хэднээс тоолох нь ёс заншил дагасан үзэмжийн асуудал, энд ямар ч шинжлэх ухаан хэрэггүй. Календарь зарах гэсэн луйварчдын маргаан буддын философи, шинжлэх ухааныг хэлмэгдүүлнэ.

Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашиглагддаг нохойд барьдаг мод. Устгаж нэг тог­лоод л, сэргээж нэг тог­лоод л, үйлийн үртэй ч юм даа. 1990 оны сонгуульд аравнайлсан шүдэнз тарааж санал авч байлаа. Одоо ч замаа алдсан. Бөө, буддизм хоёрыг ялгах тэнхэлгүй улс төрийн зүтгэлтнүүд тэнд ч уул овоо тахиж гол нуур руу алт эрдэнэс цацаад л, энд ч төвдийн бурханжсан чөтгөр шуламны зураг хөрөг хийлгэж төрийн байгууллагын шүтээн болгоод л. Чингэс хаан хүртэл төвд бурхны хойд дүр болоод явчихлаа. Өөрөө мэдвэл эднийг цаазлах байсан даа. Уул нь важрапаань бурхныг XVI зуунд халхын Автай сайн хан Төвдөөс залсан гэдэгсэн. Богд хаан уул овоо тахих журмыг цэгцэлж төрийн тахилгатай дөрвөн уулыг нэрлэж, шүүсийг нь орон нутаг гаргах ёслолд дэд сайдаас доогуур хүн төр төлөөлж оролцохоор зарлиг гаргасан байдаг юм. Одоо ч сум болгон төрийн тахилгат овоотой болох гэж уралдан, сонгуулийн өмнө үүнээ баталгаажуулж авах болж. Уул нь тахилгыг номоор нь хийх гэж байгаа бол залуу онгон охидыг усанд үйж, галд шатаадаг ёстой юм шүү дээ, дарга нар минь! Төрийн яам агентлаг албан газрууд бөө нь мэдэгдэхгүй, буддизм нь мэдэгдэхгүй тахилга шүтээний албан танхимтай болоод авлаа. Батлан хамгаалах яам хүртэл шүү! Сүхбаатарын танхимыг орлож байгаа юм байх даа? Тэнд салбаганасан бөө гэгч, улаан шарыг намируулсан лам нар уралдан очиж гүрэм уншиж, хараал хийж, даатгаж, сүр үзүүлж дөвчигнөцгөөнө. Төр шашин хоёрыг салгасан Үндсэн хуулийн заалт цаанаа олон утга агуулсан бүхэл бүтэн зарчим юмсан. Монголын үр хүүхдийг төр даан заавал нийтийн сургалтанд хамруулах хууль бий. Энэ бол хойч үеийн өмнө хүлээсэн үе үеийнхний үүрэг, хариуцлага. Сүм болгонд бичиг үсэгт ч тайлагдаагүй мухар толгойтой тэнэг банди нар олширсоор. Хүүхдийг сүмд аваачиж хүн биш болгодог өөр ийм шашин байдаг болов уу? Сүсэг бишрэл гэдэг бол насанд хүрсэн хүний чөлөөт сонголт шүү дээ. Тэр дундаа буддизм бол хүүхдийн шашин биш. Өнчин тэнэмэл хүүхдийг хайрлах халамжлах хүмүүжүүлэх, тэднийг гэгээрүүлэх ажил гадныхны л үйл хэрэг юм аа даа. Уул нь буддизм ч ийм буян хийдэг болох нь Их хөлгөний сүм, III хорооллын сүм зэрэг гадаад захиргаатай буддын сүм хийдийн ажиллагаанаас харагдаад байх юм. Тэд өргөл барьц ч авдаггүй, төлбөртэй ном уншдаггүй, мэргэ төлгө тавьдаггүй.  

Жич: Энд шашныг үгүйс­­гэ­сэн, буддизмыг дором­жилсон ямар ч санаа агуулаагүй, харин ч өмөөрч байна. Үеэ өнгөрөөсөн ч бай, бүдүүлэг ч бай хэн хүнгүй бөө ч шүтэх эрхтэй. Залилан бол шашнаас их л өөр зүйл. Орчин үеийн ертөнцөд аль ч орны хуульд залиланг эрүүгийн хуулиар шийтгэдэг шүү дээ. Үнэн сүсэгтэн, жинхэнэ номтой лам цөөнгүй бийг энд огт үгүйсгээгүй. Харин шашныг бизнес луйвар, дээ­рэм болгосон үзэгдэл манай нийгэмд илэрхий давам­гай­лаад байгааг эрхбиш та зөвшөөрнө биз ээ? Бидэнд зовлон маш их байна. Манай нийгэм зовж байна. Монгол орон зовж байна. Зовлонтой нь биш шалтгаантай нь тэмцэж, шалт­гааныг олж арилга гэж суут Сиддарта Гуатама тэртээ 2500 жилийн өмнө хүн төрөлхтөнд сургасан. Түүнийг бид Будда гэдэг нэрээр нь сайн танинаа.

2009.2.10


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр дуу цахилгаантай түр зуурын бороотой


2014 оны 8 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-ынхныг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна гэв

Төрийн тусгай хамгаалалттай газраас мэдэгдэл гаргалаа. Энэ тухайгаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлж тус газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэв болон албаны хүмүүс оролцлоо. Тэдний өгүүлснээр “Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, түүнд оролцож байгаа хүч хэрэгсэл, арга тактик нь төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл өнгөрсөн сарын 31-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэгт хамаарагддаг Ерөнхий сайдыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үеийн нөхцөл байдлыг АТГ-ын ажилтнууд бичлэгээр баримтжуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсантай холбогдуулж мэдэгдэл гаргаж байна” гэсэн юм. Мэдэгдэлд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, Орон нутгийн Тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин бичлэг хийж баримтжуулан, уг бичлэгээ хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо. Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал Засгийн газрын тухай хуулийн 25. 2.1-д “Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д зааснаар “Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-д “Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.

Мөн АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар “Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-р зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно гэжээ. 

Хурлын дараа Төрийн тусгай хамгаалалттай газрын захиргааны хэлтсийн хурандаа Ж.Самбалхүндэвээс цөөн зүйл тодруулав.

-АТГ-ын ямар албан тушаалтнуудын нэр зааж, энэ хариуцлага тооцох хүсэлт тавих гэж байна вэ?

-Чухам ямар албан тушаалтанд ямар хариуцлага хүлээх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаад, бурууг нь тогтоох байх.

-Ерөнхий сайдыг хууль бус ажиллагаа хийсэн ч та бүхэн хамгаалах үүрэгтэй гэсэн үг үү?

-Ерөнхий сайдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон нь зөв буруу эсэх талаар бид ярихгүй байгаа. Манайд хамааралтай асуудал биш. Тэнд Ерөнхий сайд очих үед зохион байгуулагдсан Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагааг нууц байх хэсгийг л задруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар хандаж байна.