Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойн цахилгаан станц ба төмөр замын цариг

Оюу толгой” компани  Өмнөговьд  босох цахилгаан станцаас эрчим хүчээ хангана гээд албан ёсоор дуугарчихлаа. Үүнийгээ Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад байна. Гарын үсэг зурсан нөгөө тал нь мэдээж Засгийн газар. “Рио” Засаг хоёрын үл ойлголцолд эцсийн цэг тавигдаагүй энэ үед “Оюу толгой” ийм алхам хийнэ гэдэг бол “Таван толгой цахилгаан станц” төслийг хариуцан ажиллаж байгаа хүн хөлсөө урсгаж ухаанаа зарсан гэсэн үг. Тодруулж хэлбэл М.Энхсайхан энэ ажил дээр лидер гэдгээ харуулж чадлаа. Таван толгой бол түүний хэлж ярьдгаар мега төсөл. Дэлхийн хэмжээний ийм аварга төслүүдийг хэрийн аавын хүү барьж авч хэрэгжүүлээд байдаггүй. 

”Танай засаг бидэнд хангалттай төвөг удаж байна. Байгуулсан гэрээнээсээ хүртэл буцаж, эхлүүлсэн бүтээн байгуулалтыг минь хүртэл зогсоосон…” гэж хэлээд энэ гэрээнд гарын үсэг зурахгүй суух эрх  “Оюу толгой”-д байсан. Ингэлээ гээд ёс зүйгүй харагдахгүй түмэн шалтгаан тэдэнд бий. Хэрвээ “Оюу толгой” компани энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол Таван толгойн цахилгаан станц төсөл хэрэгжихгүй, хэсэгтээ гацах нь мөн л тов тодорхой байсан. Өчнөөн жилийн өмнөөс ярьсан Таван толгойн цахилгаан станцын төслийг энэ засгийн үед М.Энхсайхан хөдөлгөж чадлаа. М.Энхсайханы хөдөлгөсөн “Таван толгой цахилгаан станц” төсөл хэрэгжиж эхлэх нь Монголд ямар давуу талтайг жагсаая.

Нүүрс, зэс гээд хөрсөн дороо эрдэнээр баян Өмнөговь нутаг өнөөдрийг хүртэл эрчим хүчний системгүй.  Даланзадгадын зургаахан МВт-ын станцаас гадна Ухаа худагт “Энержи ресурс”-ийн босгосон бага хүчин чадалтай станц л бий. Эрчим хүчний сүлжээ үүсгэж томоохон станц барья гэхээр том хэрэглэгчгүй бол дэмий мөнгөний гарз. Том хэрэглэгчгүй газар ямар ч хөрөнгө оруулагч том станц барья гэж бодохгүй. Өмнийн говийн эрчим хүчний системийг тэтгэх  том хэрэглэгч нь Оюу толгой гэдгийг дээр дооргүй  мэднэ. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл Оюу толгой компанитай энэ тал дээр за зүй гэж эцсийн тохироонд хүрээгүй байсан юм. 

“Оюу толгой” эрчим хүчээ урд хөршөөс мөнгийг нь төлөөд авч байгаа. Таван толгойн станц баригдчихвал  Монголоос эрчим хүчээ аваад эхэлнэ. Таван толгойн цахилгаан станцын 70 хувийг Оюу толгой дангаараа хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр урд хөршийн компанид төлж буй их хэмжээний мөнгө Монголд үлдэнэ гэсэн үг. Өмнөговь цахилгаан станцтай байхын эдийн засгийн наад захын үр ашиг гэвэл энэ. 

Өнөөдрийг хүртэл Засаг “Рио” хоёрын учраа олохыг хүлээж хөрөнгө оруулахаа азнаж буй мөнгөтэй эрхмүүдэд “Оюу толгой” компанийн энэ алхам эерэг дохио өгч эхэлсэн нь гарцаагүй. Гэрээнд гарын үсэг зурах ёслолыг “Рио”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастъян Жак “Засгийн газар, Оюу толгой компани хоёр нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо” гэж дүгнэнэ лээ. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхээр гэгээтэй үг. Энэ үг Таван толгойн цахилгаан станц гэсэн аварга том төсөлд хөрөнгөө оруулах сонирхол тээн чимээ чагнаж байгаа хөрөнгө оруулагчдад ч хамаатай. Цахилгаан станцын төсөлд нэг тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гараад буй. Оюу толгой шиг том хэрэглэгч цахилгаан авъя гэчихээр Монголд хэрэгжих энэ мега төсөлд мөнгөө оруулах сонирхол нэмэгдэх нь тодорхой. 

Таван толгойн цахилгаан станцын төсөлд Японы Марубени, Кансай, Солонгос, Францын хамтарсан консорциум үлдээд байгаа. Тэдэнд техникийн даалгаврыг нь өгсөн. Энэ сардаа багтаж арилжааны даалгаврыг нь өгөх юм билээ. Одоо станц тойрсон бичиг цаас, гэрээ хэлэлцээрийн ажил ид өрнөж буй. Зарцуулах хөрөнгө нь их наяд аль хэдийнэ давчихсан энэ аварга төсөл амжилттай хэрэгжвэл цахилгаан станц нэмж барьж, нүүрсний их нөөцтэй өмнийн говиос  Хятад руу цахилгаан экспортлох боломж нээгдэнэ. Цаашлуулж яривал баялаг дагасан цахилгаан станцын төслүүд өгөөжөө өгөөд эхэлбэл нийслэлд ч цахилгаан станц барих ажил асуудал биш болно. Цахилгаан гэдэг эд ховрын барааны тооноос хасагдчихвал хотын утаа үлгэр болно. Одоохондоо хэтрүүлэгтэй сонсогдох ч өмнийн говийн станц ажиллаад эхэлсэн үед санаанд багтах л төсөөлөл. Эдийн засаг, нийгмийн ийм  ач тустай төслийг амжилттай эхлүүлж чадсанд нь М.Энхсайханд баяр хүргэе. Дахин хэлэхэд тэр энэ ажлаараа улс төрийн том лидер, Монголын шилдэг эдийн засагчийн нэг гэдгээ баталлаа. 

Яг үүн шиг том хувьсгал  төмөр замд хэрэгтэй байна. Монгол нүүрс моодонд орж, үнэ нь хаданд гарч байх үед төмөр замтайсан бол овоо дориун мөнгө олох боломж бидэнд байлаа. Тэр үед “Энержи ресурс” гаднаас хөрөнгө оруулалт татаад төмөр зам барих гэж байтал хэсэг нөхөд  нарийн биш бүдүүн царигаар л төмөр замаа барина гээд болиулчихсан. Тэднийг оройлогч нь Женко Баттулга. Гэтэл өнөөдөр бид  өргөн, нарийн ямар ч төмөр замгүй сууцгааж байна. Ямар царигтай нь мэдэгдэхгүй төмөр замын даланд гаднаас өр тавьж авсан “Чингис бонд”-ынхоо өчнөөн ам.долларыг зарчихсан. Өнгөрсөн чуулганы үеэр нарийн царигийн төмөр зам  тавина, хөрөнгийг нь “Шинхуа” гаргана энэ тэр гээд овоо ажил өрнөх  нь үү гэж байтал хэсэг улс эсэргүүцсээр байгаад хойшлуулчихсан. Оройлогч бөгөөд санаачлагч нь мөн л Баттулга. 

Уг нь урд хөрш рүү тэдний нутагт байгаа шиг нарийн царигтай төмөр зам тавибал нүүрсээ шижигнэтэл нь зарчих боломж бидэнд бий. Зүй нь нарийн цариг гэдэг хөмсгөө атируулж ирээд  “геополитик, стратеги” гэх мэтийн айхтар сүржин үг яриад байх шаардлагагүй эд л дээ. 

Гэтэл Женко яагаад ч юм нарийн царигт тун дургүй. Х.Баттулгын хувьд М.Энхсайхан шиг улс төрийн лидер мөн үү гэвэл мөн. Энэ улсад баялаг бүтээсэн сайн бизнесмэн мөн үү гэвэл мөн. Таван толгойн станц шиг түмэнд хэрэгтэй өчнөөн ажил хийх боломжтой салбарыг толгойлдог байсан уу гэвэл байсан. Улсынхаа төлөө сэтгэлээ чилээдэг хүнд бол юм хийхээр салбаруудыг тэр удирдаж байсан. Барилга хот байгуулалтын сайд гэдэг жижиг алба биш. Тэр энэ албыг хашиж л байсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд гэдэг мөн л мундаг алба. Саяхныг хүртэл тэр энэ том салбарыг удирдаж байсан. Өчнөөн жил сайд хийлээ, гэтэл өнөөдрийг хүртэл “Баттулга тэр яамыг толгойлж байхдаа үүнийг хийсэн юм шүү, үгүй мөн олонд тустай ажил болж дээ” гээд дүгнэчихээр ажил харагддаггүй. Реформ хийж, хөгжлийг тодорхойлбол тодорхойлохоор салбаруудыг удирдсан хүнд Таван толгойн цахилгаан станцын дайны нүсэр ажил эхлүүлэх бололцоо байгаагүй гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Гэтэл М.Энхсайхан ердөө өнгөрсөн жилээс л Таван толгойн станцын төсөл дээр ажиллаж эхэлсэн. Өнөөдөр Таван толгойн станцын төсөл хэрэгжих нь баараггүй болж, бүхэл бүтэн Монгол Улсын  хөгжлийг тодорхойлох хэмжээнд  хүрчихлээ. Өмнийн говь нүүрсээ тээх төмөр замгүй хэвээрээ.  Ийм л ялгаа харагдаад байгаа юм даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (I)

Баабар ингэж өгүүлэв

Юмс үзэгдлийг судлах болон эдгээрийн хоорон дахь холбоосыг тогтоон олж авах мэдлэгийн олонлогийг шинжлэх ухаан гэнэ. Үгүйдээ л толь бичигт ингэж тодорхойлжээ. Шинжлэх ухаан нь дээшээ доошоо, гадагшаа дотогшоо хязгааргүй. Үүнийг хэдэн зуун жилийн өмнө Ньютон тодорхойлохдоо “Шинжлэх ухаан бол зах хязгааргүй далай юм. Харин би эрэг дээр нь тоглоод сууж байгаа бяцхан жаал” гэжээ. Тэрээр мөн өөрийн суут амжилтаа “Аваргуудын мөрөн дээр сууж байгаа болохоор би алсыг харж чадаж байна” хэмээн тайлбарласан байдаг. Нэн эртний хүмүүс сарны мөчлөгийг таньж, зарим ургамлын мансууруулах хүч чадлыг олж мэдсэн. Эртний египтчүүд Нил мөрний үерлэх мөчлөгийг тооцоолж сурчээ. Тэд аварга пирамид барихуйц геометрийн нарийн тооцоо бодож чаддаг байв. Вавилончууд жартын системээр тооцоолох арга үүсгэн 360 хэмээр дугуйг тооцоолж, цагийг 60 хэсэгт хуваан хэмжигдэхүүн болгожээ. Хятадууд мөн л тэр үед голлох однуудын байрлал зүйг гаргасан байна. Герег, Ромд дараа нь Арабын ертөнцөд шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөн. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан Висалюс, Копэрник хоёроос эхлэн буй болжээ. Өнөө үе бол шинжлэх ухааны бүх түүхэнд байсан хамгийн эрчимтэй, хамгийн өргөн дэлгэр үе. Мэдээж дараа үе үүнээс илүү оргилно. Ингэхээр бидний үе бол урьд ямар ч үетэй харьцуулахад хамгийн өндөрт зогсож байгаа хүмүүс. Бид хэдэн мянганы туршид төрсөн бүтээсэн бүх аваргуудын мөрөн дээр зогсож байгаа учир харах өнцөг асар уудам, зогсох цэг их өндөр.

Энд би шинжлэх ухааны тухай биш ялангуяа сүүлийн үед манайд дэндүү хавтгайрч байгаа псевдо шинжлэх ухаан болон шинжлэх ухааны нэр барин далайлгах дилэтант үзэгдлийн тухай ярих гэсэн юм. Нэг үгэндээ шинжлэх ухааныг өмөөрөх гэсэн билээ. Псевдо шинжлэх ухаан болон дилэтант нь тодорхой хүмүүст эрх мэдэл, нэр хүнд, ашиг завшаан болоод байна гэдэг өнцгөөс нь биш;, иймэрхүү солиорол нийгэмд ямар хор холбогдол учруулж байгаа талаас нь ярих гэсэн юм. Шинжлэх ухаанд хүрээгүй оргил, тайлаагүй оньсого үй түм бий. Энэ нь шинжлэх ухаанаар даажигнах нэг шалтаг болж байна. Шинжлэх ухаан тайлбарлах аргагүй, ерөөсөө тайлбарлах бололцоогүй зүйл ч бий. Шинжлэх ухаан алив бодит зүйлийг тал талаас нь судалдаг. Мораль, этик эсвэл үхэх төрөхийг процесс талаас нь хэлнэ үү гэхээс цаад мөн чанарын тухай ярих бололцоогүй. Асуудлын энэ талыг гүн ухаан, яруу найраг, шашин, урлаг, утга зохиол хариуцдаг. Энэ сонин зааг нь шинжлэх ухааны нэр баригсдад далим болдог. Зарим хялбар харагдах зүйлийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй явна. Анагаах ухаан гайхамшигт амжилтанд хүрсэн боловч халзрал, ханиад хоёрыг өнөөдөр хүртэл яаж ч чаддаггүй. Энэ бол бас мундаг далим. 

Судлаачид нийт шинжлэх ухааныг математик логик, биет, амьд байгалийн, нийгмийн гэж дөрөв ангилдаг. Шинжлэх ухааныг ажиглах, ангилах, логик гаргалгаа хийх, турших, таамаглах, тооцоолох, загвар бүтээх гэсэн үндсэн хэдэн аргаар судалдаг. Яг энэ цэг хүртэлхийг шинжлэх ухаан гэнэ, үүнээс цааших нь биш гэсэн нарийн зааг хязгаар байхгүй ч эрүүл хүн галзуу хүн хоёр шиг хоорондоо ялгаатай. Төрөл ангилал олонтой, судлах арга арвинтай, нарийн заагласан хилгүй энэ байдал нь хуурамч “эрдэмтэд” орж ирэн шинжлэх ухааны нэр барьж үймүүлэхэд тааламжтай үүд хаалга болж байгаа юм. 

Монголд ХХ зууны турш шинжлэх ухаан хөгжиж, ялангуяа жараад оноос хойш асар том дэвшилд хүрч, нүүдэлчдийн үр хүүхэд шинжлэх ухааны үр шимийг хүртэж зарим нь дэлхийд нэрээ гаргасныг энд огт үгүйсгэх гээгүй. Зөвхөн цөмийн физикт гэхэд бараг зуугаад монгол эрдэмтэн төрсний дотор Чүлтэм, Намсрай, Ганцог нарын бүтээл гадаадад байнга ишлэгддэг. Эзэмших мэргэжил, амьдрах газраа иргэд чөлөөтэй сонгох эрхтэй болсноос хойш шинжлэх ухаанд амжилт гаргаж буй монголчууд цөөнгүй сонстох боллоо. Японд сурч байхдаа генетикийн нээлт хийсэн залуу, Германд нанотехнологиор шинэ технологи гаргасан хүүхэн, Францын автомашины компанид шинэ загвар үйлддэг дизайнер гээд цоорсон амжилт гаргагчдаас гадна олон монголчууд гадаадын электроник, биотехнологийн хүрээлэнгүүдэд амжилттай ажиллаж байгаа. Энд монгол хүний хүмүүн бус онцгой генийн тухай ярих гээгүй, хүч хөдөлмөр зараад хичээвэл бид хэнээс ч дутахгүйг л сануулж буй хэрэг. 

Албан ёсныхон Шинжлэх ухааны нэр барьж бусдыг айлган сүрдүүлэхээс авахуулаад хий цэцэрхэх бүх үйлдэл хийдэг эхний бүлэг хүмүүс шинжлэх ухааны албан ёсны байгууллагуудад ховор бус байдаг. Ялангуяа үүнд нийгмийн ухааны салбарынхан гаажтай. Монголд орчин үеийн шинжлэх ухаан орж ирэхтэй зэрэгцэн марксист үзэл суртал давхцсан. Марксизм бүх шинжлэх ухааныг тэр дундаа нийгмийн ухааныг тэр чигээр нь удирдан захирч байв. Нийгмийн ухаан байтугай, генетик, кибернетик зэрэг тодорхой ухааныг ч үзэл сурталжуулан хүчингүйд тооцож байсан юм чинь. Марксизм өөрийгөө шинжлэх ухааны цогц гэж үздэг байсан. Харин Карл Поппер шинжлэх ухаанд шалгуур тавьж үзээд юун түрүүн марксизм нь шинжлэх ухаантай ямар ч холбоогүй болохыг тогтоожээ.  Түүний шалгуураар шинжлэх ухаан шалгагддаг байх ёстой, няцаагддаг байх ёстой, тухайн нөхцөл байдалд тохируулан тайлбар нь засагддаггүй байх ёстой гэх мэт.

Нэгэнт марксизм нь ноёлогч хэсгийн үзэл суртлын муна байсны хувьд нийгмийн шинжлэх ухааныг тэр чигээр нь атгаж мөн энэ зорилгодоо ашиглаж байв. Юун түрүүн түүх, философи, социологи, эдийн засаг, утга зохиол судлал бүрэн хэмжээгээр;, сурган, хэл зүй, психологи заримдаг хэмжээгээр зөвхөн үзэл сурталд зориулагдаж байсан учир шинжлэх ухаанлаг утгаа алдсан байсан юм. Судалхууны агууламж, арга зүй, гаргалгаа, дүгнэлт нь эхлээд буй болчихсон;, судлаачид дээрээс тогтоож өгсөн бэлэн хариуг ямар ч утга учиргүйгээр процесстэй тааруулан тайлбарлана. Ийм учраас дээрхи шинжлэх ухааны салбаруудыг шинжлэх ухаан утгаараа манайд бараг огт байгаагүй гэж хэлж болохуйц. Эдийн засагчид эдийн засгийн амьдралд болж буй үйл явдлын мөрөөр судалж ямар учиртайг нь гаргаж ирэхийн оронд урд талд нь гарчихсан яах ёстойг нь номлоно. Тэр байтугай хэл зүйчид хүмүүсийн хэлэлцэж байгааг судлахын оронд яаж хэлэлцэж нэвтрэлцэхийг нь урьдаас зааварлана. Түүхчид дээрээс зааж өгсөн өөрийн гэх бэлэн хариутай, тэрийгээ өнгөрсөн баларсан түүхэн процесст зоргоороо тааруулан ангилна. 

Марксизм сүйрснээс хойш манай нийгмийн ухааны эрдэмтдийн зарим нь “хүнээ байж” эхэлжээ. Ярьдаг байсан юмныхаа эсрэгийг суртчилдаг болсныг ойлгож болно. Шашин, мухар сүсэг, мистик, элдэв паранормал үзэгдэлтэй өөрийн “шинжлэх ухааныг” хольж нүд хальтармаар гибрид бүтээгдэхүүн гаргаж авах боллоо. Энэ аймаар юмаа шинжлэх ухаанч арьсаар нөмөрч нийгмийг, ялангуяа залуу үеийг хордуулах болов. Мөөг шиг олширсон дээд сургуулиудаас төрөх тэдний бүтээгдэхүүнүүд эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юм ярих байтугай хийх болсон нь нийгэмд тусаж буй хамгийн хүнд хор нь. Одоо Монголд 130 орчим мянган залуус “дээд сургуульд” сурч буйн дэндүү дийлэнх нь амар гэж үзэж нийгмийн ухааныг сонгожээ. Эд бүгдээрээ шахам эдийн засаг, хуулиар цэнэглэгдэж байгаа. Нарийн дээрээ тулбал адармаатай шинжлэх ухаан шүү дээ. Барьц алдсан физик, математик, химийн эрдэмтэд ч гал үүсгэгч, үзмэрч нарыг тодруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Аянгын онол ч гэх шиг илүүтэй мистик мухар сүсгийн гаралтай “онол” ярьж шинжлэх ухаанжуулж байсныг хүмүүс мартаагүй л байх. Эрдмийн болоод төрийн бүхий л цол гуншинг авчихсан цөмийн физикч энэ нарийн шинжлэх ухааныг зөвхөн монголчуудад “үйлчилдэг” мөнх тэнгэртэй холбон тайлбарлаж байхыг ч зурагтаар харлаа. 

Мөнхийн хөдөлгүүр, философийн чулуу гэх мэтийн шинжлэх ухаан нэг талд нь гарчихсан асуудлыг ч манай эрдэмтэд шүүрэн барьж Нобелийн шагнал горьдох болсон нь ямархуу баримжаа төвшинтэй байгааг илтгэнэ. Хүмүүнд шинжлэх ухаанаас гадна шинжлэх ухааны бус хэрэгцээ ч байдаг бололтой. Тиймдээ ч зөгнөл, хийсвэрлэл, аймшиг, элдэв фантаз, чөтгөр шулмын талаархи яриа элбэг байдаг. Энэ хэрэгцээ нь үзэл сурталд бүрэн захирагдаж хориотой байгаад гэнэт тавигдахаар эрээгээ алдаж үнэн худал хоёр хэр хэмжээнээс хэтрэн холилддог юм болов уу?  Шинжлэх ухааны түүх өөрийн адал явдалтай. Амьдаараа шатаагдсан Бруно, тамлуулсан Галиллей, галзуугийн больницод хүргэгдсэн Лобачевскийн домог манай олон эрдэмтдийн хүн ойлгохын аргагүй юм ярьж буйгийнх нь цаад зөвтгөл болдог. Аугаа эрдэмтэд хүмүүст ойлгогдохгүй байсан нь түүх, гэхдээ өнөөдөр хүнд ойлгогдохгүй юм ярих нь аугаагийн шинж биш байх аа. Македоны Александр аугаа баатар байсан нь үнэн, гэхдээ үүний төлөө сандал эвдэх ямар хэрэг байна? (Гоголийн үг шүү!)

Шинжлэх ухааны ач холбогдлоор далимдуулан хэр хэмжээнээсээ хэтэрсэн юм нэхэх үзэгдэл урьд ч байсан, одоо бүр ч гаарчээ. Саяхан манай “эрдэмтэд” нанотехнологи судалгаанд 27 тэрбум төгрөг эхний ээлжинд нэхэж байна. Үүнийгээ “ганц хүн казинод тоглоод ийм хэмжээний мөнгө алдсантай харьцуулах юм бол…” гээд шал хачин логикоор тайлбарлаж байх юм. Энэ дэлхий хөдөлмөрийн хуваарьтай. Суурь судалгаа нь хэтэрхий их мөнгө хөрөнгө, технологи, техник, дадлага туршлага, мэргэшил, хүн хүч шаардах мөртөө эдийн засгийн ашиг нь алсдаа гардаг. Иймээс хөгжингүй орнууд япончуудыг суурь судалгаанд мөнгө гаргахгүй, хэт ашиг харж бусдыг паразитлаж байна гэж шүүмжилдэг. Ихэнх орнууд хэрэглээний шинжлэх ухаанд анхаарлаа хандуулдаг нь аргагүй шалтгаантай юм. Компьютэр зүйд бид төдийлөн мөнгө хаяагүй боловч гайгүй хэрэглэгчийн төвшинд очиж байна. Эдийн засагт дивер­генци гэсэн ойлголт бий. Иймээс шинээр буй болж байгаа технологийн тогтож буй стандартуудыг ойлгодог, хурдан шилжиж чаддаг, ашигтайг нь өөриймшүүлдэг байх нь бидэнд илүү өгөөжтэй. Биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Японд, 10 хувь Европт ноогдож байна. Ингэхээр шинжлэх ухааны тэргүүний ололт юун түрүүн өндөр хөгжилтэй оронд ноогд­дог, бусад нь сайн хэрэглэгч, овсгоотой ашиглагч байхаар хөдөл­мөрийн хуваарь тогтжээ. 

Шинжлэх ухаан хоцрог¬долд байгааг манай олон мэргэ¬жилтнүүд техник технологитой холбож тайлбарладаг. Гэтэл асуудал үнэндээ тийм биш. Хай тек хэмээх тэргүүлэгч техник технологитой харилцахын тулд маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байх ёстой. Эм Ар Ай, томограф зэрэг багажгүй бол Монголын анагаах ухаан сөнөж байна гэсэн “онол” газар авсан. Гэтэл энэ хай текийн гаргаад ирсэн зургийг унших чадвартай хүнгүй бол ийм үнэтэй хогоор юу хийнэ! Эм Ар Айгаар авсан зургаар олон хүн тархины хавдартайгаар оношлогдсон инээдтэй явдал тохиолдсон. Гадаадад очоод шалгуулахаар өвчтөн болгон зүгээр гараад байдаг. Явж явж аппаратны дуранд юм наалдчихсан болох нь хожим илэрсэн гэнэ лээ. Хоцрогдол техниктээ биш хүндээ юм биш үү? Хоёр сая хүнд  нэг томограф багаж ноогдохоор тооцоолон 80-90 хувь ашиглаж дараагийн шинэ хувилбараар нь сольдог гэнэ. Монгол Улс гэнэт баяжингуутаа 10 гаруй Эм Ар Ай-тай болсон нь 20-30 сая хүнтэй зах зээлд хангалттай. Ашиглалт нь ердөө 0,2 хувь! 

Уул нь манай ургамал судлаачид хожуулаар дүүрсэн Баянзүрх уулыг түргэн ой моджуулах арга хайх, физикчид шинээр орж ирж буй техник технологийг Монголын нөхцөлд илүү үр дүнтэй ашиглах аргачлал боловсруулах, химичид монгол хүнд тохирох найрлага олоод  хүнсний үйлдвэрүүдэд худалдах, түүхчид Монголын түүхээр нэг буй цагаан толбуудыг арилгах, хэл зүйчид монгол хэлний элдэв толь зохиох, социологичид монгол хүний эд баялагт хандах хандлагыг тодорхойлох, эдийн засагчид авлигаар хичнээн хэмжээний мөнгө гоожиж буйг илрүүлэх, газар зүйчид дэлхийн дулаарлаас болж Хөвсгөл орчмын цэвдэг хэрхэн хайлж буйг тогтоох, эм зүйчид гадаадаас орж ирж буй эмийн аль нь монгол хүнд харшилтайг судлах, мал зүйчид бэлчээрийн малд биотехнологийн арга нэвтрүүлэх зэргээр ажиллабал судалгааны талбар асар ихээс гадна шинэ бүтээл судалгаагаа зах зээлд борлуулах өргөн бололцоотой. Энэ нь ДНБ-ийхээ 10-аас дээш хувийг шинжлэх ухаанд өг хэмээн төр засагт тулган авлигыг хөгжүүлж улс орноо хорлож байснаас хамаагүй дээр. Мөнгө төгрөг ч хавьгүй бага орно. Борлуулаад бүр ашигтай гарч тэндээсээ татвар төлөн улс орондоо тус болно. Өөрсдийнх нь амьдрал ч дээшилнэ. Алив эрдэмтэн мэргэжилтнийг цаг хугацаа үлдээсэн бүтээлээр нь үнэлдэг болохоос “уг нь төр засаг анхаараад мөнгө өгсөн бол алаад хаях байсан” гэсэн тулган шаардалт их бодож л онигооны түүвэрт үлдэнэ.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дугуй түгжигч нь “хэрхэн мөнгө салгах” уралдаанд түрүүлсэн санаа юу

Автомашины дугуйг түгжих тухай НИТХ-ын тэргүүлэгчдээс гаргасан журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ачаалал ихтэй Их, Бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн замын нэгдүгээр эгнээд машинтайгаа түр буюу удаан зогссон эсвэл ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон бол машиныхаа урд дугуйг түгжүүлнээ л гэсэн үг. Түүнчлэн жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслүүд ч үүнд хамаарч явах эрхгүй болно. 

Дугуйгаа түгжүүлсэн иргэдийн хувьд торгуулийн хуудас бичүүлж, 20 мянган төгрөг төлснөөр машинаа “өөрийн” болгох юм билээ. 

Энэ журмыг өнгөц харахад нийслэлийн удирдлагууд маань ядарсан муу иргэдээ “бодож”, шууд ачаад явчихаас арай хөнгөн “шийтгэл”-ийг оногдуулжээ гэмээр.

Гэхдээ ийм шинэ арга хэмжээ авлаа гээд машин ачих үйл ажиллагаа зогсчихгүй юм билээ. Дээрх тохиолдлуудаас арай хүнд буюу замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргасан үед ачна гэсэн.    

Автомашиныг ачиж байх үед хамгийн багадаа 80 мянган төгрөг, машины овор хэмжээнээс хамаарч түүнээс дээш төлбөр төлж байж машинаа журмын хашаанаас олж авч байв. Үүнээс хойш автомашин ачих үйлчилгээ үзүүлэгч компаниуд хэдэн саяыг халаасалж, энэ төрлийн бизнес цэцэглэсэн. Бүр ийм бизнес хийе гээд хэдэн зуугаараа хүсэлтээ ирүүлээд байгаа гэсэн шүү. Ингэж зөвхөн мөнгөний төлөө улайрсан компаниуд хэдхэн сартай нярай хүүхэдтэй машиныг ачаад явчихсан тохиолдол ч гарсан. 

Одоо харин дугуй түгжигч гэх шинэ бизнес гарч ирэв. Иргэд машинаа ачуулчихаад хаана хандахаа мэдэхгүй, цаг заваа алдаж бухимддаг байсан бол одоо дугуйгаа түгжүүлчихээд банк хайх, улмаар банкны урт дараалалд зогсох, эргэж ирж төлбөр төлсөн дансны хуулгаа өгөх гэсэн олон шат дамжлагыг давах хэрэгтэй боллоо. Магадгүй халаас хоосон нэгэн таарвал мөнгө хайж хаа нэг тийшээ гүйх ч хэрэг гарав шүү. 

Ер нь эдгээр арга хэмжээний эцсийн зорилго нь замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах гэж байгаа. Гэтэл яг үнэндээ дээр хэлсэн шат дамжлагуудыг дамжсаар явтал дор хаяж 30 минут болно. Тэгэхээр юун нөгөө замын хөдөлгөөнийг саадгүй болгох манатай болох биш үү.

Нөгөө талаас 20 мянган төгрөг төлж тайлуулах энэ түгжээ хэний бизнес вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Хэн, хэзээ, хичнээн ширхэг түгжээг Замын хөдөлгөөний удирдлагын төвд шахчихсан нь ийнхүү иргэдийн толгой дээр буув. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын мэр Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” компаниас нийлүүлж байгаа гэх юм. “Грандлайн” бол брокер диллерийн компани байснаа гэнэт барилгын компани болж БЗД-ийн гэр хорооллыг дахин төлөвлөх томоохон төслийг хэрэгжүүлэгч болсон билээ. Тиймээс бас л гэнэт үйл ажиллагаагаа өөрчлөн дугуй түгжигчийн бизнес эрхлэхээр болсон байж ч болох л юм.  

Мөн “Яаж сэтгэвэл иргэдээсээ мөнгө салгах вэ” гэдэг уралдаанд түрүүлсэн санаа мэт. Машиныг нь ачаад байхаар иргэд барагтай бол хүнд, ноцтой зөрчил үүсгэхээ больж, нийслэл болон автомашин ачигч компанийн орлого буурсан энэ цаг үед дахин мөнгө хайх боломжийг эрэлхийлсэн нь ийм шийдэлд хүргэсэн юм болов уу даа. Магадгүй жижиг, жижиг зөрчлүүдэд дөрөөлөн 20 мянган төгрөг салгах энэ арга хэмжээ нь автомашин ачихаас илүү орлогыг ч тэдэнд авчирч болох юм. Ингэж хардахаас өөрөөр замын хөдөлгөөнийг шуурхай, чирэгдэлгүй болгохын тулд хийж байна гэж огтхон ч харагдахгүй байна. Харин ч ойр зуурхны зөрчлийн улмаас дугуйгаа боолгуулсан хэдэн арван автомашин энд тэндгүй зогсож, хэдэн минутаар үргэлжлэх байсан түгжрэл хэдэн цаг болох бус уу. 

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга маань хотын төвөөр автомашинтай явбал 40-50 мянган төгрөг авна гэж жолооч нарыг бухимдуулж үзсэн. 

Энэ бүхнээс харахад төр засаг улмаар нийслэлийн удирдлагууд маань иргэдийгээ хэрхэн аюулгүй, эрүүл, сэтгэл санааны дарамтгүй орчинд амьдруулах вэ гэсэн улиг болсон “үүргээсээ” илүүтэйгээр жаахан ч гэсэн шалтаг, өө гарвал хэдэн мянган төгрөгөөр хэмжээд буцаагаад авчих вэ гэсэн бодлыг л өдөр шөнөгүй бодож суудаг юм шиг ээ. Ер нь энэ нийгэм хүнийг хүн гэж үзэлгүй мөнгө гэж хараад байгаа нь нийслэлийнхний энэхүү дугуй түгжих журмаас харагдаж байгаа юм.

Т.ГЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засаг солигдож, УИХ-ыг МАН удирдаж, Засгийг З.Энхболд удирдах уу

Нэлээд эртнээс л Засгийн газрыг огцруулах тухай яриа эхэлчихсэн. Одоогийнх шиг айхтар эрчимжээгүй байсан ч энэ зун  Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах тухай үйл явдал, ил далд их л өрнөлөө. Х.Баттулга, З.Энхболд тэр бүү хэл Ерөнхийлөгч ч нэг талд гарч, харин Н.Алтанхуяг энэ удаа ганцаардаж эхлэв бололтой. Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягт дургүйцэх  нь олон нийтэд илэрхий болсон. Засаг дөнгөж байгуулагдахад Одоогийн Засгийн газрын тэргүүнд нэлээд нааштай хандлагатай үг хэлэх болсон ч тэдний энэ найрсал тийм ч удаан үргэлжилсэнгүй асуудал дахин хурцдаж  эхэллээ. Гэнэт л сайшаалын үг хэлж эхэлсэн Х.Баттулга дахин Н.Алтанхуягтай муудаж  өөрийнх нь захиалж, продюсероор ажилласан гэх нэвтрүүлэг нэг хэсэгтээ л хэл ам татлав. Өргөн, нарийн царигийн асуудал  дээрх хоёрын дахин муудалцах шалтгаан болсон бололтой. Үүнээс хойш л Засгийн газрыг огцруулах далд яриа хөөрөө энд тэндгүй өрнөж, сүүлдээ энэ нь зарим хүнийг баривчлах, ажлаас нь халж солихоос эхлээд өрнөлттэй болж ирэв. Зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс” хөтөлбөрийн мөнгөнөөс завшсан хэмээн шалтаглаж барьсан нь Н.Алтанхуягт өгч буй сануулга гэх. Гэтэл Н.Алтанхуяг ч хариу бэлдэж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дайтаад байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлж орхилоо. Энэ хооронд тэртэй тэргүй асуудалд ороод, эрүүл мэндийн болон  улс төрийн шалтгаанаар ч Солонгосоос ирэхгүй,  намынхаа үйл хэргийг хилийн чанадаас удирдаж буй Н.Энхбаярыг дахин шалгахаар асуудал үүсчихээд байна. Энэ нь мөн л Шударга ёс бүлэгтэй  хамтарсан Засгийн газрын эсрэг буюу МАХН-ыг Засгаас гаргах гэсэн оролдлого гэж харж буй улс төрийн хүрээнийхэн олон байна. Н.Энхбаярыг барьж хоривол МАХН ч сандарч, Н.Энхбаяр ч уурлаж Засгийн газар огцрох нэг шалтгаан болно гэж тооцож байх магадлал бий. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Л.Гансүх хорихоос төрийн удирдлагуудад гараар бичсэн арав гаруй хуудастай захидал илгээснийг ихэд нууцалж буй. Энэхүү захидалд өөрийгөө болон Н.Алтанхуягийн охин, бас бус хүмүүс сэжиглээд байгаа хэрэгт огт хамаагүй, буруугүй болохыг нарийн задлан бичсэн гэж эх сурвалж хэлж байгаа. 

Энэ  хооронд Ардчилсан хүчний холбооны хурлаа бүсийн хэмжээнд хуралдуулж яваа бөгөөд хамгийн сүүлд зүүн бүсийн хурлын үеэр Буйр нуурын эрэгт УИХ-ын дарга тэргүүтэй улс төрийн хүрээний хэдэн нөхөд чамгүй төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл түгжээ. Өөр нэг эх сурважийн мэдээллээр Их тэнгэрт фракцуудын төлөөллийг Ерөнхийлөгч дуудаж уулзсан талаар юм. Энэ уулзалт ирэх намрын улс төрийн гол зангилаа байж таарах магадлал бий. 

Эдийн засаг хүндхэн долларын ханш өсчихсөн, хөрөнгө оруулагчид нүүр буруулсан энэ үед Засгийн газарт бас нэг шүдний өвчин нь өөрсдийг нь огцруулах гэж зүтгээд байгаа улс төрийн элдэв  тоглолтууд болоод байна. Ядаж байхад Ерөнхий  сайдад гол тулгуур болох хүмүүс нь уртын амралт авч, Засгийн газрын хуралдаан хэрүүл шуугиан ихтэй болж, зарим сайд Н.Алтанхуяг руугаа хатуухан үг шидлээд сүйд болоод эхэлж. Энэ хооронд Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж хэлж байсан, МАН жигтэйхэн ухаантай уриалга гаргалаа.  Улс төрийн намуудад гаргасан уг уриалгад манай эдийн засагт нөлөө бүхий хоёр хөрш улсын төрийн тэргүүнүүд ирж байгаа нь  ихээхэн ач холбогдолтой тул улс төрийн намууд эв нэгдэлтэй байж, улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавихыг хүсчээ.  

МАН-ын энэ уриалга одоогийн нөхцөл байдалд зөв зүйтэй  цаг үеэ олсон юм. Гэнэт ингэж МАН улс орноо яагаад бодох болов. Эсвэл энэ нь ээлжит нэгэн улс төрийн  шоу юу. Нэгэнтээ С.Баярцогт гишүүн  МАН-тай хамтарч засаг байгуулъя гэж хэлснийг  “Намын албан ёсны байр суурь биш” гэж АН мэдэгдэж байсан билээ.  Нөгөө талаар энэхүү уриалгыг Н.Алтанхуяг МАН-д тал өгч дэмжлэг авахаар тохироо хийж гаргуулсан гэж байгаа бол өөр нэг хэсэг нь Ерөнхий сайдын эсрэг АН-ын зарим фракцын зүгээс “Засаг солигдохоор хамтаръя” гэсэн санал тавьж  МАН-тай тохирсноос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Ямартай ч сөрөг хүчний найрсаг уриалгыг зүгээр нэг эх орноо бодсон алхам биш гэж тайлбарлах хүн олон байна.

Хэрэв Н.Алтанхуягийн удирдсан Засгийн газар огцорвол яах вэ. Энэ талаар ч мэдээллүүд хөвөрч байна. АН МАН хоёр хамтарч, УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болж, түүний ажлыг МАН-аас хэн нэгэн хаших гэж тохирсон талаар улс төрийн хүрээний  нөхөд ярина лээ. Энэ мэтээр үргэлжилбэл төлөвлөгөө ёсоор ирэх намар улс төрийн үйл явдал  өдөр алгасалгүй өрнөх нь. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, шинээр байгуулагдах Засгийн газар МАН-тай  хамтрах магадлал бий болчихов уу.  

Д.ХҮСЛЭН  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Алтангэрэл: Бид хийсэн бүтээснээ ард түмэнд ойлгуулахдаа дутуу ажиллаж байна уу даа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-“Эдийн
засгийг эрчимжүүлэх 100 хоног” хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж байна. Танай
яамны хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн бэ?

-Манай яамны хувьд боломжоо ашиглаад улсын эдийн засагт хувь нэмэр
болохуйц хоёр хуулийн төслийг энэ хугацаанд боловсруулан, Засгийн газраар хэлэлцүүлж,
нэгийг нь УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Үүний эхнийх нь Бооцоот морин уралдааны
тухай хууль юм. Учир нь морин уралдааны эрхзүйн орчныг яаралтай бүрдүүлж чадах юм
бол маш их хэмжээний мөнгөний эргэлт бий болно гэсэн судалгаа гарсан. Дэлхийн хэмжээнд
энэ төрлийн спортоор хичээллэдэг, уралдаан зохион байгуулж, түүндээ их хэмжээний
бооцоо тавьдаг жишиг Хонконг, Ази чиглэлд олонтаа байна. Тиймээс хуулийг нь баталчих
юм бол эдгээр уралдаануудыг зохион байгуулдаг дэлхий нийтийн томоохон сонирхогчид
манай улсыг зорих нь гарцаагүй. Ер нь Монгол бол газарзүйн болоод морь уралдуулах
нөхцөл бололцооны хувьд маш боломжтой нутаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс
уг хуулийг боловсруулж өргөн барилаа. Зарим нэг хүмүүс ийм цаг үед юун морин уралдааны
тухай хууль гэх байх. Уг нь бол манай оронд тохирсон том эдийн засаг юм л даа. Хоёрт
гэвэл мөн л Монголын эдийн засагт том нөлөө үзүүлэх Казиногийн тухай хууль юм. Энэ
хуулийн талаар олон жил ярьсны эцэст төслийг нь боловсрууллаа. Өнгөрснөөс харахад
Казиногийн хууль өөрөө маш их маргаан дагуулдаг, ард түмний дунд өрөөсгөл уур амьсгал
бий болгосон байдаг. Тиймээс бид олон талаас нь судалж боловсруулсан. Мэдээж хянуур
хандаж байгаа. Ер нь казиног зөв голдиролоор нь ашиглаж чадвал Монголын эдийн засагт
бас нэг тулгуур болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. 

-Аялал
жуулчлалын улирал дуусч байна. Энэ хугацаанд салбар хариуцсан яамны зүгээс ямар
ажил хийв. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манайд ирэх жуулчдад нөлөөлсөн
үү?

-Аялал жуулчлалын улирал дуусаагүй ээ. Монголд ирэх жуулчдын тоо
тогтвортой байгаа. Хэдийгээр дэлхийн эдийн засаг тийм ч таатай бус байгаа ч АНУ,
Япон, Европын орнуудаас ирэх жуулчдын тоо харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ өмнөх
жилүүдийнхээс тоон үзүүлэлтийн хувьд жаахан буурсан тохиолдол бий. Тэр нь хятад
ажилчдын визтэй холбоотой. Манай улсын болоод дэлхий нийтийн жишигт өөр улсын иргэн
нэг сараас дээш хугацаагаар виз аваад орж ирсэн тохиолдолд жуулчин гэж үздэг. Түүнээс
бус бодит жуулчдын тоонд өөрчлөлт гараагүй. Аялал жуулчлалын салбарт гарч байгаа
нэг том үзүүлэлт бий. Тэр нь дотоодын жуулчдын тоо эрс өссөн явдал. Бүр хоёр дахин
нэмэгдсэн байгаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. Дотоодын аялал жуулчлалын урсгал хаашаа
байна тэнд төрийн, хувийн хэвшлийн үйлчилгээ чанартай хүрч байх ёстой. Үүнд яамны
зүгээс онцгой анхаарч ажиллана. 

-Дотоодын
аялал жуулчлалын өсөлт нь нийгмийн амьдралын нэг талын үзүүлэлт гэж харж болох уу?

-Тухайн орны иргэдийн амьдралын түвшний гол үзүүлэлтийн нэг бол амрах,
жуулчлахад хэдий хэмжээний  хөрөнгө мөнгө,
цаг зав зориулж байгаагаар хэмжигддэг. Тиймээс дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн
байдал нь монголчуудын амьдрал сайн байна л гэсэн үг. Хэрэв тухайн өрхийн эдийн
засаг муу, түүнээ дагасан бухимдалтай байгаа бол юун аялж жуулчлах байхав дээ. Тиймээс
зарим нэг хүний муу амлаад байгаа шиг ард түмний амьдрал элгээрээ мөлхчихсөн гэх
ярианд аялал жуулчлалын салбар дахь энэхүү бодит тоон үзүүлэлт хариулт болно. Ер
нь бол аялал жуулчлалын салбарт Монгол Улс маш том зорилт тавьсан. 2016 он гэхэд
нэг сая жуулчин авна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 2015 онд Берлин хотноо
болох Олон улсын үзэсгэлэнд манай улс түнш орноор оролцох гэж байна. Түнш орон гэдэг
бол өөрийгөө сурталчлах давуу эрхтэй. Уг үзэсгэлэнг сонгосон гол шалтгаан нь үзэсгэлэнд
дэлхийн 188 орны аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 11 мянган аж ахуй нэгж
оролцож, нийтдээ 6.5 тэрбум еврогийн гэрээ хэлцэл хийгддэг. Мөн дэлхийн 400 гаруй
хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцдог. Ийм том үзэсгэлэнд Монгол Улс өөрийгөө сурталчлах
давуу эрх эдэлнэ гэдэг бол маш том боломж. Өмнөх тоон үзүүлэлтүүдээс харахад уг
үзэсгэлэнд түнш орноор оролцсон улсын жуулчдын тоо дараа жилээсээ 30 хувиар нэмэгддэг
гэсэн статистик байдаг юм билээ.

-Бүх
л зүйл болж бүтэхгүй байгаа мэт яриа хөөрөө дунд болж бүтэж байгаа хүний үг эерэг
сонсогдож байна. Манай улс соёлын салбартаа хэр ахиц дэвшилтэй байна вэ?

-Бид соёлын тухай хуулийг шинэчлээд дуусч байна. Аливаа салбарыг
хөгжүүлэхэд эрхзүйн орчин маш чухал. Шинэчлэлийн Засгийн газарт Соёл, Спорт, Аялал
Жуулчлалын Яам байгуулагдсанаар хийсэн нэг томоохон ажил бол Соёлын өвийн тухай
хуулийг батлуулсан явдал. Энэ хууль 1999 онд батлагдсан учир орчин үеийн шаардлага
хангахгүй болчихсон байсан. Аливаа улс үндэстнийг устгая гэвэл соёлыг нь устга гэсэн
үг бий. Харин уг хуулийг шинэчлэн батлуулснаар соёлын өвөө хадгалах, хамгаалах,
өвлүүлэх асуудлыг шийдэж чадсан. Хуучин бол маш олон соёлын өв хулгайгаар гадагш
гарч байсан. Их хэмжээний археологийн дурсгалууд уул уурхайн улмаас устгагддаг байлаа.
Энэ аюулыг хуулиар таслан зогсоосон. Яамны зүгээс 2013 онд хийсэн өөр нэг томоохон
ажил бол дэлхийн биет болон биет бус өвийн төлөөллийн жагсаалтад Монгол гэрийн уламжлалт
зан үйл, урлалыг бүртгүүлсэн. Нэн яаралтай хамгаалах биет болон биет бус өвийн жагсаалтад
уран бичлэгээ бүртгүүллээ. Одоо монгол шагайн харваагаа бүртгүүлэхээр шаардагдах
зүйлсийг нь өгчихөөд байна. Түүнчлэн дэлхийн өвд Бурхан халдун уул, Монгол дагуурын
газрыг бүртгүүлэхээр холбогдох материалаа бүрдүүлчихсэн, одоо дэлхийн өвийн хорооноос
мэргэжилтнүүд ирж газар дээр нь ажиллах л үлдээд байна.

-Ер
нь Соёл, спорт, аялал жуулчлал хариуцсан бие даасан яамтай болсны үр дүнг өнөөдөр
дүгнэж хэлэхээр хугацаа өнгөрлөө гэж бодож байна?

-Яам байгуулахдаа биеийн тамир спортыг бүх нийтэд нь хөгжүүлье гэвэл
нөхцөл бололцоог нь сайтар бүрдүүлж өгөх шаардлагатай гэж үзсэн. Тэгэхгүй бол тамирчид
маань байгалиас заяасан авьяасаараа л дэлхийн дэвжээнээс медаль авчирч байна. Үүнийг
системтэй, төлөвлөгөөтэй хөгжүүлэхийн тулд материаллаг баазыг нь бэлдэж өгөх ёстой.
Тиймээс ч нийслэлийн зургаан дүүрэгт биеийн тамир, спортын цогцолбор барихаар төлөвлөж,
ажлаа эхлүүлээд байна. Сонгинохайрхан дүүрэг гэхэд өнөө жил хүлээлгэж өгнө. Баянгол
дүүргийн ажил эхэлж байгаа. Бусад дүүргүүдийн хувьд 40-60 хувьтай явж байна. Мөн
аймгуудад усан бассейн, биеийн тамир спортын цогцолбор барих асуудлыг эхлүүллээ.
2016 он гэхэд эдгээр том бүтээн байгуулалтууд 
дуусна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болоход манай салбарт
гэхэд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ийм томоохон ажлууд хийгдлээ, хийгдээд явж
байна. Өөр маш олон ажил хийгдсэн. Би зах зухаас нь дурдаж байна.

-Та
бол УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн. Өнөөдрийн улс төрийн орчинд
болж буй үйл явцын талаар өөрийн дүгнэлттэй л байгаа байх?

 -Ер нь АН-ын байгуулсан Засгийн
газар бүхэн өмнөх Засгийн газрынхаа хийсэн алдааг засах гэж өөрсдийн хамаг цагийг
барж муу нэр дуулдаг юмдаа. Бид хийсэн бүтээснээ, болж бүтэж байгаагаа нийгмийн
сэтгэл зүйд зөвөөр хүргэх тал дээрээ дутуу дулимаг ажиллалаа. Энэ л бидний алдаа
болоод байх шиг байна даа.

Т.ГЭРЭЛМАА           

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлын газар залилсан гэх Д.Дондогт 10 жил өглөө, Алтан тэвшийн хонхорыг луйвардсан авлигачдад хэдэн жил өгөх вэ?

Улсын нийслэл Улаан¬баатар хот оршин буй Туул голын сав газрыг эртнээсээ Алтан тэвшийн хонхор хэмээн нэрлэдэг байсан юм. Одоо ч хүмүүс мартаж дээ. 

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил 1 сар эдлэх ял оноолоо. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу­тайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шууд ачсан байна. Д.Дондогийг УИХ-ын сонгуульд нэр дэв­шихдээ өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меритон” хэмээх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь  мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ялын тогтоолд бичжээ. Авч өгөхөөр ярьсан гэх газар нь томоохон хашаатай айлын газартай тэнцэх юм гэсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр айлын хашааны газар залилсан гэх Д.Дондогт 10 жилийн ял өгдөг юм байж, Алтан тэвшийн хонхор болох Улаанбаатар хотын газрыг тэр чигээр нь зарсан, баяжсан, авлигачид Монголоор дүүрэн байна, тэднийг яах гэж байна хэмээн асуумаар байгаа юм. Өчнөөн жил газрын наймаачид хэмээн нийгэмд цоллуулсан М.Энхболд, Т.Бадамжунай нарын хотын удирдлагад байсан хүмүүсийн газрын луйвартай холбоотой хэрэг явдал сөхөгдөөд л нам дарагд¬даг. Шүүх хуулийн бай­гуул-лагынхан дүлий дүмбэ болцгоодог. Газрын наймаа-М.Энхболд, Газрын наймаа-Т.Бадамжунай гэсэн үгс нийтийн цахим сүлжээнд шүлэг хүртэл болсныг олон даяараа харж байна шүү дээ. 

Улаан туг, залуучууд хоёр ихэр юм

Уралдаан, ялалт хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн жавхаа юм

Маргааш өдрийн гялбаа юм… гэсэн Ц.Гайтавын соц нийгэмд бичсэн үзэл суртлын шүлгийг өнөөдрийн залуус,

Газрын наймаа Бадамжунай хоёр ихэр юм

Гар хүндрүүлэх, баяжих хоёрын эхлэл юм

Манай өнөөдрийн өнгө юм

Маргаашийн бидэндээ сэрэмж юм… хэмээн орчин үеийн нийгмийн өнгө болгон өөрчилж интернэтэд залуус бичиж байна.

Эдгээр нэр дурдсан хүмүүсийг газрын наймаачид хэмээн үе үеийнхэн ийнхүү тунхаглаж байна. Цаашид ч ярьсаар байх бололтой. Үеийг 12 жилээр тооцдог бол аль тэртээх 2000 онд тэднийг газрын наймаачид гэж ярьсан. Өнөөдөр 2014 он. Хоёр дахь үеийнхэн тэднийг газрын най­маа­чид хэмээн цоллосоор. Гэтэл шударга ёс ярьсаар байх Шүүх засаглалын царайг хар. Айлын газар аваад төлбө¬рийг нь барагдуулсан хүнд 10 жилийн ял өгсөн хэрнээ 10, 20 жил газрын наймаагаар баяжсан хүмүүсийг яаж ч чадах­гүй суугаа нь энэ сал­барт ямар ч салхи ороогүйн жишээ юм. Олны үг ортой гэдэг. Олон түмэн гэдэг голоор нь л ярьдаг. Газрын наймаачидтай Шүүх засаглал тэмцэж байгаа юм бол арван жил цоллуулж буй эдгээр хүмүүст ямар хариуцлага тоо­цохоос харагдана. Ял шийтгэл бүү хэл улам дээшээ авирсаар байна шүү дээ, наад хүмүүс чинь. Хэл ам хийж чадахгүй, өөрийгөө хамгаалж энэ тэр газраар явдаггүй, математикийн багш байсан Д.Дондогт л ийм хатуу ялыг оноож чад­на. Бусдад нь чадахгүй л дээ хэмээн ард түмэн ярьж байна. Д.Дондогийн айлын газар залилж аваад үнийг нь буцааж өгсөн гэх төлбөр нь 400 сая төгрөг юм билээ. Тэгвэл найман тэрбумаас дээш луйврын хэрэгтэй МИАТ-ийнхэнд Монголын Шүүх саяхан гурван жилийн  ял өгч, заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосныг ард түмэн сайн санаж байгаа. 400 сая – 8 тэрбум хоёрт өгч байгаа ялын хэмжээг энгийн иргэн хэн ч ялгаж салгаж харахаар байгаа биз. 

УИХ-ын гишүүн асан Д.Дондог нь хэрэгт яллагдсан тэрхүү 242 мянган ам.долларыг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан юм байна лээ. Үүнийхээ хүчинд тэрбээр МАН-д нэг суудал авч өгсөн. Д.Дондогийн ингэтлээ зүтгэж авчирсан суудлын хүчээр МАН олонх болж Засгийн эрхэнд суусан. Тэгэхээр Д.Дондог биш МАН энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Намынх нь зүгээс ямар ч аргаар хамаагүй Д.Дондогийг нэг суудал авчир гэсэн үүрэг өгсөн. Нам чинь ялсны дараа газар байтугайг өгнө гэсэн нь хэнд ч тодорхой. Нэг аймагт нэр хамтдаа дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхболд, Су.Батболд нарыгаа харахаар газар мэтэд үнэхээр санаа зовох зүйлгүй байсан нь үнэн. Д.Дондог нарынхаа гишүүдийн энэ мэт зүтгэлээр МАН сонгуульд яллаа. Ялаад өчнөөн ашиг хийцгээсэн. Харин Д.Дондогт л тэр муу жаахан газрыг нь өгөөгүй л байхгүй юу. 

Намынхаа өмнө гишүүний хүлээсэн үүрэг хариуцлага эндээс харагдана. Тэгвэл гишүүдийнхээ өмнө хариуц¬лага хүлээдэг нам байдаг жишиг олон улсад бий. Бүр төлөвшчихсөн. Намынхаа төлөө гишүүн нь эрсдэл үүрэ¬хэд нам нь хариуцлага хүлээдэг тийм тогтолцоо манай­хаас бусад оронд байна. Энэ дэлхийн хамгийн харгис байгууллага, улс төрийн бүлэглэл болох Хамас хүртэл гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж мэдэгдэл хийдэг. Тэрхүү дэлбэрэлтийг манай байгууллагын гишүүн Мухемад үйлдээгүй харин Хамас бүлэглэл хариуцлагыг нь хүлээнэ гэх мэдэгдлийг бид олон сонссон. Д.Дондог бол тэр үед МАН-д суудал авахын төлөө явсан хүн. Хамт нэр дэвшсэн М.Энхболдын гар хөл болсон хүн. Ингэж явсан Д.Дондогт үнэхээр газрын луйврын, авлигын хэргээр ял оноож байгаа бол газрын наймаатай холбоотой бусад гэмт хэргийг буцааж сэргээн хариуцлага тооц. Ингэж гэмээнэ эрүүл харагдана. Д.Дондогийг өмөөрөх шалт¬гаан байна. Тэр нь Д.Дондогийг өмөөрөх шударга ёс юм. Шудар¬га ёс үнэхээр байгаа бол газрын наймаагаар баяж­сан гишүүдтэй МАН, энэ намын дарга М.Энхболд нартай хариуцлага тооцох ёстой. Газрын луйврын тухайд ганц Д.Дондогт үйлчилдэг шударга ёс, шударга шүүх гэж байх ёсгүй. 

Б.НЯМАА 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон дагагчтай твитерчид ордны гадна эсэргүүцэл илэрхийлэв

Бат инженер нэрээр үзэл бодлоо цацдаг Ц.Батыг 100 хоног баривчлах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан. Түүнд Зам тээврийн сайд А.Гансүх сайд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан юм. Твитерээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэн нэгнийг шоронд хорьж байгааг твитерчид эсэргүүцэж байна. Олон дагагчтай олны танил твитерчид цайны цагаараа төрийн ордны гадна цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Твитерээр жиргэсний төлөө  хэн нэгнийг  буруутгаж шүүж болохгүй гэж  энд цугласан хүмүүс ярьж байлаа. Тэд “Батыг чөлөөл”, “Твитерийг чөлөөл” гэж тэд  хашгиралдсан юм.  Энд олны танил Б.Болдсайхан эмч,  Цогоо гуай хэмээх нэрээр твитэрт бичдэг Ардын парламентын экс хөтлөгч Б.Цогтгэрэл, Боролдой С.Мягмар нарын олны танил хүмүүс ирсэн байлаа. 

Гэрэл зургийн сурвалжлагыг Ц.Мягмарсүрэн.    

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: А.Гансүх сайд салбарынхаа инженерүүдийг эрүүжүүлж байгаа нь аймшигтай санагдаж байна

Жиргээч  Ц.Бат инженерийг  Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор нэр
төрд нь халдаж, үндэслэлгүй мэдээлэл удаа дараа түгээсэн гэсэн үндэслэлээр
Баянзүрх
дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс
гурван
сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан
юм.  

Соёл, спорт аялал жуулчлалын сайд  Ц.Оюунгэрэлээс шүүх хурлын дараа тодруулга
авсан юм.

–  Нэлээд хэдэн сарын өмнө манай дүү Бат
жиргээгээр  А.Гансүх сайдыг салбарын
бодлоготой холбоотой шүүмжилсний  төлөө
А. Гансүх сайд эрүүгийн  хэрэг
үүсгүүлэхээр цагдаад гомдол гаргасан байсан. Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол
гаргана гэдэг улстөрийн албан тушаалтны хувьд, сайд хүний хувьд хийж байгаа  ноцтой алхам гэж би үзэж байсан. Тийм ч учраас
тухайн үед хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж гарч ирсэн
МоАХ-ны нэр дээр  сайд болсон хүн  шүүмжлэл сонсч чадахгүй, эрүүгийн хэрэг
үүсгүүлж байгаа нь буруу гэдгийг илэрхийлж байсан. Гэхдээ  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд
өөрийнхөө дүүтэй холбоотой асуудал яригдаад ирэхээр хэвлэлээр нэг их яриагүй.
Яагаад гэхээр яриад эхлэхээр шүүхийн шийдвэрт нь нөлөөлчих магадлалтай юм болов
уу гэж бодсон. Урьд нь бас хэдэн хүний эрхийг хамгаалахаар ярилцлага өгөхөд
шүүхийн шийдвэрт нөлөөллөө гээд байсан юм.  Улс төрийн албан хаагчийн хувьд би  салбарынхаа мэргэжилтэнүүдээс маш их шүүмжлэл
сонсдог.   Яг түүнтэй адил Бат бол салбарын өндөр
мэргэжлийн инженер салбарынхаа сайдыг шүүмжилсэн. Манай салбарт намайг
шүүмжлэхэд би ихэвчлэн няцааж, эсвэл мэдээллийг иргэддээ өгдөг. Эсвэл шүүмжилж
байгаа хүмүүсээ урьж уулзаж, зөвлөлдөж, ойлголтоо нэгтгэх тайлбар өгдөг. Эсвэл
шүүмжлэлийг дуугүй хүлээж авдаг.  Ийм
маягаар би шүүмжлэлтэй харьцдаг л даа.  Гэтэл А.Гансүх сайд өөрийнхөө салбарын өндөр
мэргэжлийн инженерүүдийг эрүүжүүлж байгаа нь аймшигтай санагдаж байна. Бат бол
нисэхийн салбарын өндөр мэргэжлийн инженер. Нисэхийн салбарт тулгамдаж байгаа
асуудлыг шүүмжилж байгаа. Мөн төмөр замын салбарт Даваапил гэж инженер байдаг. Төмөр
замын бодлогоор бас л А.Гансүх сайдыг шүүмжилж жиргэдэг. Энэ хүнд бас эрүүгийн
хэрэг үүсгүүлсэн.  Шүүхийн эхний шатанд
Даваапилийн хэргийг хэрэгсэхгүй болгоход А.Гансүх сайд заавал давж заалдаж байж
унагаах жишээтэй. Ийм үйлдлүүд хийгээд байгаа.  Улстөрч хүнийхээ хувьд салбар доторх бухимдлыг
ингэж эрүүжүүлээд байгаа нь ардчилсан Засгийн газарт, Ардчилсан намд баймааргүй
үзэгдэл. Манай дүү салбарын бодлогыг шүүмжилдэг, салбарын мэргэжилтэнүүдийн
бухимдлыг илэрхийлдэг “шүгэл үлээгч” хүн.

-Бат инженерийг өмнө нь байгууллагын
 нууц задруулсан хэргээр албан тушаалаасаа
халагдсан  гэдэг?

            -МИАТ компаний гэрээний тухай твитерт бичсэнийг нь зарим
нь тэгж шүүмжлээд байсан л даа. Гэтэл УИХ-аар батлагдсан “Шилэн дансны хууль”
үүнд хариулт болсон. Энэ хуульд аливаа байгууллага мөнгө төгрөгтэй холбоотой
гэрээгээ байгууллагын нууц болгож, дураараа нууцад авахыг хориглоно гэсэн заалт
орсон байгаа. Ашиггүй гэрээ хийгдэх гээд байна гэдгийг илэрхийлсэн иргэн бол “шүгэл
үлээгч” МИАТ компаний гэрээ хэлэлцээрийг шилэн болгосон хүн л байхгүй юу. Тэр
нь  Батаагийн  хувьд иргэн хүний байж болох шударга үйлдэл
гэж би үздэг. Манай дүүг ажлаас халсан үндэслэл тэр эсэхийг би мэдэхгүй. Ажлаас
халсан тушаалыг нь үзээгүй. Ажлаас халахад улс төрийн нөлөө орсон гэж манай дүү
үздэг би тэрэнд нь итгэдэг гэлээ.  

Ц.Бат инженер  Киевт Нисэхийн
ашиглалтын инженер,  Австралид нисэхийн
менежментээр мастер хамгаалсан.  Канадын
Мак Гийлийн их сургуулийг нисэхийн хуульч мэргэжлээр төгссөн. Нисэхийн аюулгүй
байдлаар бэлтгэгдсэн инженерүүдийн нэг. Нисэхийн инженерүүдийн хувьд үнэ
цэнэтэй мэргэжилтэн тэрбээр үзэл бодлоо интернэтээр хурцаар илэрхийлдэгээсээ
болоод “дээлээ нөмрөхөд” хүрлээ.  Ц.Бат
инженерийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдсэн байна лээ.  

Б.Эгшиглэн   

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржиж жүжиглэхгүйгээр долларын ханшаа л буулгачих

Зуны налгар цагт хэн хүнгүй амарч, УИХ-ын эрхэм гишүүд ч хууль ёсны амралтаа авч, хөдөө гадааг зорьжээ.  Гэвч Төрийн ордон эзгүй шахам байсан ч улс төр нам гүм байсан гэвэл ташаарал. Энд тэндгүй эдийн засгийн хямрал ярьж, улс орон сүйд болж байна гэцгээж  зуны  амралтанд хачир нэмцгээв. Улстөрчидтэй холбоотой, тэр дундаа Ерөнхий сайдын эргэн тойронд байгаа хүмүүсээс  хэл ам салсангүй. Үйлдэл болгоныг нь л буруутгах нь элбэг байна. Зунжин яригдсан гол сэдэв Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, тэдний үйл ажиллагааны тухай шүүмжлэл, Ерөнхий сайдын ойр тойрныхныг хорьсон, идсэн ууснаар нь дуудсаар л өнгөрөв. Мөн Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг унагах талаар ч хүний өөрийн нам, улс төрийн хүчнүүд байсхийгээд л мэдэгдэл, уриалга, сануулга өгсөөр байв. 

Үүнээс улбаатай ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж МАН-ынхан хэвлэлийн хурал зарласан. МАН-ын генсек  Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс сөрөг хүчнийг төлөөлж  УИХ-ын даргад хандаж мэдэгдэл гаргахдаа  долларын ханш өслөө,  улс орон хэцүүдлээ, Засгийн газрын тэргүүний асуудлыг авч хэлэлцэх шаардлагатайг дурдана лээ. Ерөнхий сайдыг ахлах зөвлөх Л.Гансүхийг хоригдож байхад нь Хууль зүйн сайдтай хамт очиж уулзлаа гэсэн нь тэдний гол буруутгал байсан юм.  Энэ нэг их сүр  бадрааж гайхаж, цочоод  байх зүйл биш. Сөрөг хүчнийхэн иймэрхүү мэдэгдэл хийж л байдаг. Тэрний зоргоор, зөвлөхөө эргэлээ гэж ээлжит бус чуулган хуралдуулж суухаар тэнгэрт хадаад байгаа долларын ханшаа буулгах талаар хуралдаж  байвал болох юм. Түүнээс биш  зөвлөхөө эргэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авч  хэлэлцэх гэж хуралдаад ямар ч хэрэг байхгүй. 

УИХ-ын ээлжит  бус хуралдааныг хуралдуулах сонирхол зөвхөн сөрөг хүчин гэлтгүй  АН-ын зарим гишүүдэд ч байгаа. Тэдний төлөөлөл болгож гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын даргад уриалга  хүргүүлсэн.  Гэхдээ тэдний саналд валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин улсын нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь нэмэгдэж байгааг дурдаад, ээлжит чуулганыг хүлээлгүй эдийн засгийн хямралыг давах асуудлыг хэлэлцэх шаардлагатайг дурдсан байна лээ.  Эдийн засаг сайжруулах талаар, долларын ханш буулгах тухайд хуралдвал болж байна. Харин ээлжит нэгэн улс төрийн жүжгийг  тавьж, сандал ширээ албан тушаалаа булаацалдаж,  хэмлэлдэх, эсвэл шоронд байгаа зөвлөхөө эргэлээ хэмээн загнах гэж байгаа бол ээлжит бус чуулган хуралдах шаардлага байхгүй.  

Ээлжит бус чуулганы талаар УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, гишүүд өөр өөр байр суурьтай байгаа. УИХ-д суудалгүй намууд ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хэлж байгаа ч тэд эдийн засаг хямраад байхад Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Чуулган хуралдуулах шаардлагатай гэсэн есөн үндэслэл гаргаад тавьж. Тэр ч бүү хэл Хятадын удирдлагыг ирэхээс өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яаран шийдэх ээлжит бус чуулган хуралдах хэрэгтэй гэж шаардаж буй.

Зарим нь ийм байр суурьтай байхад  нэг хэсэг нь ээлжит  бусаар хуралдах шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын  гишүүн Д.Арвин “Чуулган ямар үед хуралдаж, гишүүд хэзээ амрах нь хуульчлагдсан. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэнэ гэж Засгийн газар асуудлаа өргөн барьсан бол  ээлжит бусаар хуралдаж болох юм. Түүнээс өөрөөр ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй. Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудал бол өөр. УИХ шүүх байгууллага биш” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар нар мөн л “Засгийн газраас хэлэлцэх асуудал оруулж ирээгүй, төсвийн тодотгол хэлэлцье гээгүй байхад ээлжит бус чуулган хуралдуулах хэрэг байхгүй, юу хэлэлцэх вэ гэдгээ бодолцох ёстой” гэсэн байр суурьтай байна. Харин БНХАУ-ын дарга айлчлахтай холбоотой хүндэтгэлийн чуулган ирэх 22-нд болох юм.   

АН эрх барих бүртээ эв эвдэж хэрүүл тэмцэл, албан тушаалын сонирхлоосоо болж  дотооддоо эе эвдрэхэд өөр намд ашиг ирнэ үү гэхээс ард түмэнд сайнаар наалдаж байсан түүх үгүй. Мөн өөрийнх нь намд ч энэ нь дандаа муу үр дагавар авчирч байсан. Энэ чигтээ АН-ынхан хэдэн тийшээ хараад суучихвал дараагийн сонгуульд ялна гэж байхгүй.  Сөрөг хүчин сөрөг үйлдэл хийх шаардлагагүйгээр АН өөрсдөдөө унах нүхээ бэлдчихнэ гэсэн үг. Дандаа бусдын аманд орж,  өөрсдөдөө унах шалтгаан бий болгодог. Гэвч АН-ын эв түнжингүй байдал, фракцуудын зөрчилдөөн нь энэ удаа ч давтагдаж, дотооддоо зөрчилдөж эхэлсэн нь   нэгэнт ил тодорхой мэдэгдэх болсон. Өргөн нарийн, цариг, өшөө авалтын улстөржилт хэрээс хэтэрлээ.  Зуны налгар цагт  АН-ын дотоод зөрчил, улс төрийн гадаад хүчин зүйл, эдийн засгийн хямралтай зэрэгцээд нийгмийн амьдралыг налайлгасангүй.  Засаг барьсны маргаашаас л  эе эвдэрч эхэлсэн гэхэд нэг их буруутахгүй байх.  Одоо ингэж суухын оронд эдийн засгаа хамтдаа яаж босгож ирэх талаар ярилцаж нэг шийдвэрт хүрмээр байгаа юм.  

Ер нь үеийн үед аль засаг төр барьсан эрх баригчдыг бүгд л шүүмжилдэг. Ялангуяа Монголд энэ бол тогтчихсон ойлголт.  Хэзээ хойно хэн нэгэн Ерөнхий сайд, аль нэг эрх баригчтай харьцуулж байж л  жинхэнэ үнэлэлт дүгнэлт гарч ирдэг.   Шүүмжиллээ гээд айж,  гайхаад байх  зүйлгүй. Энэ засгийг огцрууллаа гээд дараа нь хэн ч гарлаа гэсэн өргөс авахын дайны эдийн засаг сэргэчихнэ гэж байхгүй. Эдийн засаг хүндхэн, долларын ханш өсөөд айл бүрийн амьдралд энэ нь нөлөөлж байгааг хэн ч мэднэ. Амтай болгон л  толгой сэгсрэн шаагилдаж байна.  Одоо асуудлын гол нь энэ л болохоос Н.Алтанхуяг болоод түүний танхимын гишүүд биш. АН-ынхан одоо л ширээ тойрч суугаад хүндхэн байдлаас хэрхэн гарч, хөрөнгө оруулагчдыг цаашаа явсан сэтгэлийг нааш хандуулахгүй бол Н.Алтанхуяг  ба түүний нөхдийн асуудлыг хэлэлцэж, зөвлөхөө эргэснээр нь улс төр хийж байх зуур цаг хугацаа яваад байна.  Н.Алтанхуягаа унагаж, дараагийн засгийг байгуулж эмхлэх гэсээр байтал ард түмэн, улс орон чинь хэцүүдэх гээд байна. Та нарын хэрүүл тэмцэл, албан тушаалын маргааныг хүлээж  буурдаг доллар гэж юу байхав.  Ахин хэлэхэд яг одоогоор долларын ханштай л ноцолдож, эдийн засгаа өөдлүүлж, улс орноо аврахаа  бод.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ил захидал

Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн мэндийг айлтган миний бие танд хоёр дахь удаагаа  ил захидал илгээж байна. Таныг цаг зав гарган уншиж танилцана гэдэгт гүнээ итгэж байна. 

Миний нөхөр Д.Цогтбаатар өргөсөн тангарагтаа үнэнч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ТЕГ-т 16 жил ажиллахдаа хоёр ч удаа Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдож байсан. Миний нөхрийг анх 2013 оны 2 сараас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт ор үндэслэлгүй гүтгэсэн мэдээллүүдийг цацаж байгаад улмаар 2013 оны 6 сараас эхлэн зохиомол хэргээр цагдан хорьсон. Хоёр сар гаруй хоригдоод суллагдсан учраас бүх асуудал шийдэгдэж дууссан гэж бодож байтал шоронгоос суллагдсан өдрөөс нь эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар өмнөхийн адилаар гүтгэсэн мэдээллүүд гаргаж эхэлсэн. Ингэж байгаад 2014 оны 4 сарын 4-ний өдөр гэнэт АТГ-аас баривчлан Төв аймгийн хориход бүтэн гурван сар цагдан хорьсон. Хоригдсоноосоо хойш нөхрийн маань бие эрс муудаж, эмчийн дүгнэлтээр хаван тулсан, бөөрний архаг үрэвсэлтэй, зүрхний хэм алдагдсан, шулуун гэдэсний цус алдалттай зэрэг өвчнүүдийн оноштойгоор Төв аймгийн хорихоос 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт шилжиж ирсэн ч бие нь дээрдэхгүй байгаа билээ. Эмч нарын дүгнэлтээр яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн онош тавигдсан учраас миний зүгээс нөхрийгөө заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Ерөнхий прокурорын нэр дээр гурван удаа, Нийслэлийн прокурорт зургаан удаа гаргасан юм. Мөн өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтээ олон удаа гаргаж байсан боловч “Гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх, оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа” гэсэн хариуг өгсөн. Миний нөхөр хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, оршин суух тодорхой хаягтай,  ТЕГ- т харьяалагддаг,  гадаад паспорт нь энэ байгуулагадаа хадгалагдаж байдаг. Ийм байхад заавал шоронд хорьж, олон янзын хэрэг тулгаж,  зөвхөн оргон зайлж гэмт хэрэг дахин үйлдэх  магадлалтай гэсэн хуулийн заалтаар өнөөдрийг хүртэл хориод байгаад гомдолтой байна.   Энэ нь зохион байгуулалттайгаар нөхрийг маань ямар нэгэн байдлаар яллах гээд байна уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм” хэмээн тайлбарлаж байна. 

Нөхрийг маань гэм буруутай гэж шүүх тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гэмт хэрэгтэн мэтээр мэдээлж, нэр төрийг нь гутаан доромжлоод зогсохгүй “Цогтбаатар амьд явах эрхгүй, өс хонзонгоо авч байхад битгий саад бол” гэж хэлсэн нөлөө бүхий хүний ажилладаг АТГ нөхрийн маань хэргийг шалгаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. 

Д.Цогтбаатарт холбогдох хэрэг гэгчийг шуурхай шалгаж, шийдвэрлэж өгөхийг Цогтбаатарын өмгөөлөгч болон миний бие 2013 оны 6 сараас хойш өнөөг хүртэл хугацаанд мөрддөг, хянадаг, хорих зөвшөөрөл өгдөг шат шатны эрх бүхий албан тушаалтнуудаас эхлээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Улсын ерөнхий прокурор, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисст олон удаа гомдол, хүсэлт, захидал илгээсэн боловч анхаарч үзэж байгаа байгууллага, албан тушаалтан алга байна. Одоо би хаана, хэнд хандах ёстой вэ, эрхэм Ерөнхийлөгч өө. Миний нөхөр шоронгоос Ерөнхийлөгч танд үнэн байдлаа илтгэсэн захидал нийт таван удаа илгээсэн гэсэн. Танд хүрдэг эсэх нь эргэлзээтэй юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрх, хүний эрх, эрх чөлөө манай гэр бүлд ноцтойгоор зөрчигдөж, эрх мэдэлтэй хүний хувийн өс хонзонгийн золиос болоод байхад XXI зууны Ардчилсан Монгол, Ардчилсан засгийн газар огт анхаарахгүй байгаад би хувьдаа маш их эмзэглэж байна. Манай улсад одоо яг тэртээх 37 оны хэлмэгдүүлэлт биетээрээ болж, жирийн нэг айлын тайван амьдрал сүйрч, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хүмүүсийн итгэл алдарч, шүүх прокурор нь хараат байдалд ажиллаж байгааг яагаад төр засаг нүд чихгүй мэт анзаарахгүй байна вэ?

Энэ бүхэнд Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч та төрийн тэргүүн, хань нөхөр, эцэг хүнийхээ хувьд цаг зав гарган анхаарлаа хандуулж өгөөч ээ хэмээн хүчин мөхөдсөн эмэгтэй хүний хувиас чин сэтгэлээсээ хүсч байна. 

Ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэж явахад нь  хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод, мөрдөж мөшгиж цагдан хорьж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог ийм байдлаа  хэзээ зогсоох юм бол.

Дашрамд хэлэхэд, миний өвөө болон аав маань хууль хүчний байгууллагад нэг насныхаа амьдралыг нэр төртэй холбосон хүмүүс байсан. Миний нөхөр ч гэсэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчилгүй, хуулийн хүрээнд ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан гэдэгт ханийн хувьд би итгэлтэй байна. 

Эрхэм Ерөнхийлөгч таныг хүндэтгэсэн иргэн Ч.МАНДАХ