Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр

-“Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармаг Монголын залуучуудын холбооны гадна талбайд болно-

Монголын залуучуудын өдөр өнөөдөр болно. Тэртээ 92 жилийн өмнө Монголын залуучуудын хөдөлгөөн үүсч, үг хэлэх эрх чөлөөгөө хангуулахаар албан ёсоор нэгдэж байжээ. 1997 онд Монгол Улсын Засгийн газар тогтоол гарган, жил бүрийн наймдугаар сарын 25-нд энэхүү түүхэн өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Түүнээс хойш манай улс Залуучуудын өдрийг тэмдэглэн ирсэн бөгөөд даруй 17 жилийг ардаа орхижээ. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор наймдугаар сарын 25-нд буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр 10.00-17.00 цагийн хооронд “Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармагийг Залуучуудын холбооны гадна талбайд зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн яармагт 15-аас 20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдахаараа онцлог юм. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах ажээ.Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилах бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боксынхон олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн өдөр-Монгол бахархал

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө Бээжингийн тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаа хоёронтоо мандаж, төрийн дуулал маань дэлхий даяар эгшиглэж байв аа. Учир юу гэвээс 2008 оны наймдугаар сарын энэ л өдөр Монголын боксын шигшээ багийн тамирчид болох Энхбатын Бадар-Ууган, Пүрэвдоржийн Сэрдамба нар Монголоороо гоёсон юм. Дэлхийн аваргын мөнгө медаль хүртсэнийхээ дараа Бадар-Ууган Оросын “Миша”-тай л ганцхан тоглох хүсэлтэй Бээжингийн олимпийг зорьсон гэдэг. Өнөөх нь даанч доогуур тойрогт ялагдаж мань хүн монгол эрийн шийр зааж аваргын алтан медалиа хүртсэн билээ. Энэ нь Монголын түүхэн дэх олимпийн наадмын хоёр дахь алт, Монголын боксын түүхэн дэх анхны алтан медаль байсан нь спортод хайртай ард түмнийхээ сэтгэлийн цангааг ийн тайлж байсан саяхансан. Тэрбээр боксын 54 кг-ын жинд аваргалан рингэн дээр 

“Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог

Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог” хэмээн омогшиж Монголын ард түмнээ баярлуулж, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг нус, нулимстай нь холиод хаячихсан. Түүний хувьд аваргын алтан медалийн төлөө боксын эх орон гэгдэх Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 26 настай, Кубын тамирчин Янкиел Леон Аларконыг 15:4-өөр илт илүүрхэн буулган авсан юм. Тэрээр 23 насандаа дэлхийн боксын спортын тавцанд өөрийгөө мөнхөлсөн билээ. Олимпийн аварга болсон жилээ өөрийн ур чадвар, техникээрээ бусдаас илүү гэдгээ нотлон тухайн оны дэлхийн шилдэг боксчин болж байсныг бид мартаагүй. 

П. Сэрдамбын хувьд 48 кг-ын жинд “битүү морь” Бээжингийн рингэнд гарч тулаан бүртээ ялалт байгуулсаар аваргын алтан медалийн төлөө тоглоход түүний баруун гар бэртэлтэй байсны улмаас тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс БНХАУ-ын нэрт тэмирчин олимп, дэлхийн аварга Зоу Шиминь алтан медалийн эзэн болсон билээ. Энэ мөнгөн медаль бол Монгол улс боксын спортын төрөлд Олимпоос хүртэж байгаа анхны мөнгөн медаль байлаа. Дэнжийн мянгын хүү олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж аавдаа бэлэг барилаа хэмээн монголчууд бахархаж суусан цаг саяхан билээ. Монголын боксын спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан хоёр тамирчин маань олимп, дэлхийгээс хос медаль хүртсэн цөөн тамирчдын нэг билээ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“БНХАУ Монгол Улстай хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг хүсэж байна” гэв

БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Жиньпин манай улсад хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээ зарласан юм. Мөн хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэн баталлаа.  Хятад улсын дарга Си Жиньпиний айлчлалыг дагалдан явсан Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао Бээжингийн Олон улсын радиогийн сурвалжлагчид дараахь ярилцлагыг өгчээ. Тэрбээр айлчлалын үр дүнгийн талаар юу гэж ярьсныг хүргэе. Лю Жяньчао ярилцлагынхаа эхэнд “Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны удаашраад байсан зарим томоохон төсөлд ахиц гаргахаар болсон нь хэлэлцээний чухал үр дүн юм. Хятад улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа сэргэн мандаж, хөгжин дэвжихийг хүсэж байна” гэж онцолжээ.

-Энэ удаагийн айлчлалын үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Си Жиньпин даргын энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд тод бичигдэх түүхэн айлчлал юм. Айлчлал дараах гурван чухал үр дүнд хүрлээ гэж үзэж байна. Үүнд: 

Юуны өмнө, улс төрийн талаар хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхийг хоёр орны удирдагч зарласан нь хоёр талын харилцан итгэлцэл улам бүр бэхжиж буйг харуулсан. Өнөө хоёр талын харилцан итгэлцлийн түвшин түүхийн хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. 

Хоёрт, хоёр тал өөрсдийн анхаарч буй томоохон бөгөөд амин чухал ашиг сонирхлын асуудлаар, тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятад улсын Түвд, Тайванийн асуудал зэрэг дээр харилцан тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ нь хоёр талд маш чухал юм. 

Гуравт, хоёр талын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн салбарт цогц хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон. Энэ нь мөн харилцан ашигтай, хамтаар хожих, давуу талуудаа харилцан нөхвөрлөх ач холбогдолтой юм.

Ялангуяа олон талын шалтгааны улмаас удаашраад байсан Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны зарим томоохон төслийн явцад ахиц гаргах хүсэлтэй байгаагаа Си Жиньпин даргын айлчлалын үеэр талууд санал нэгтэй илэрхийлсэн. Цаашид уул уурхай, дэд бүтэц, банк санхүүгийн гэсэн гурван салбарыг нэгтгэсэн цогц хамтын ажиллагаа явуулна гэж тохиролцсон. Энэ нь Монголын байгалийн баялгийг эдийн засгийн хөгжлийн давуу талаа болгох, эд баялаг, хөрөнгийн давуу талаа болгон хөгжүүлэхэд ашигтай бас шаардлагатай юм. Холбогдох томоохон төслүүдэд Хятадын компаниуд мөн оролцох хүсэлтэй байгаа.

-Хоёр тал төмөр зам, транзит тээврийн асуудлаар чухал хэлэлцээр байгуулсан. Энэ талаар? 

-Си Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын үеэр Хятад, Монгол хоёр тал төмөр зам, боомт, транзит тээврийн зэрэг асуудлаар хамтран ажиллах олон чухал тохиролцоонд хүрсэн. 

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Энэ утгаараа Монгол Улсад Хятадын далайн боомтуудад түшиглэж өөрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах хэрэгцээ маш их бий. Хятад улс энэ талаар бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэ талын чухал хэлэлцээрүүд нь мэдээж хоёр талын аль алинд ашигтай, Монгол Улсад бүр ч ашиг тустай юм. 

-Хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарын чухал санаачилгууд дэвшүүлж байсан. Энэ талаар тодруулж ярина уу. 

-Си Жиньпин дарга Монголын талд эдийн засаг техникийн туслалцаа, боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай туслалцаа зэргийг үзүүлэх цогц төлөвлөгөө санал болгосон. Ер нь хоёр тал соёл хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах олон санал санаачилга дэвшүүлсэн. 

Тухайлбал, Монгол Улсын соёлын төвийг Хятад улсад байгуулах, Монголын соёлыг Хятад улсад сурталчлан таниулах гэх мэт. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа хил дамнасан халдварт өвчнөөс сэргийлэх, мөн цөлжилттэй тэмцэх зэрэг олон асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. 

-Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ? 

-Монгол Улс бол БНХАУ-тай 4700 гаруй км буюу хамгийн урт хилийн шугамаар холбогддог том хөрш юм. Манай хоёр орон маш ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын сэргэн мандал, хөгжил цэцэглэлтэд хүргэнэ гэж найдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин, 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, 

Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, 

Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин оролцож байна. 

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг Монгол оронд минь тавтай морилохыг хүсье. 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Энэ удаагийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд эрчим хүч, төмөр зам, авто зам, нүүрс, сүү боловсруулах зэрэг хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгууллаа.

Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг бүхий л анхаарлаа хандуулж хамтран ажиллах болно. 

Байгалийн нөөц баялгийг ашиглах хамтын ажиллагааны хүрээнд нүүрс хийжүүлж шатдаг хий гаргах, төмөр, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна. 

БНХАУ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна. 

Танд Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд дахин талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бодоо, Чагдаржав нараас макстенект гардуулсан бичиг

Монголын ард түмэн ба гадаад Монголын Ардын намын төлөөлөгчдийн бичиг

Монголын ард түмний нэр бүхий төлөөлөгчид бид бүрэн эрхийн дагуу доорхи зүйлийг мэдэгдэж гуйх нь:

Орос улсын цагаан хааны ба түүний Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын автономит эрхийг тунхаглан зарласан цагаас хойш Оросын Засгийн газрын эзлэн түрэмгийлэх зорилго хийгээд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засгийн түвшинг дээшлүүлж эс чадсан феодалын хэмжээгүй эрхт ёсны байгуулал нь Монголын ард түмэнд хөнөөлт шинжтэй болохыг мэдсэн хэсэг хүн монголчуудын дотор байсан билээ. Эл хүмүүс тэр үеийн нөхцөлд өөрсдийгөө ил харуулж чадахгүй байсан бөгөөд гагцхүү Оросын хувьсгалын байлдан ололтын нөлөө, ялангуяа хятадууд Монголын автономит эрхийг устгасны дараа ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулан сэтгэлэг адил хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлж, ард иргэдийн дунд үндэсний хувьсгалт үзэл санааг дэлгэрүүлж, юуны өмнө Монгол орны бие даасан байдлыг сэргээхэд Зөвлөлт Орос улсаас тусламж эрэхээр шийдсэн билээ. Хуучныг баримтлагч-үндэсний үзэлт ноёдын ба жижиг түшмэдийн нам Хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг нэгдэн тэмцэх санал тавьсанд Ардын нам үндэсний бие даасан байдлын төлөө тэмцэлдээ амжилт олохын үүднээс дарлагдан зовсон Монголын ард түмэнд чин сэтгэлээр тусалж чадах гагц орон Зөвлөлт улсад хандах болзолтойгоор уг саналыг хүлээн авсан бөлгөө. Ийнхүү тохиролцсоны үр дүн нь Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг Зөвлөлт Засгийн газарт илгээсэн явдал мөн. Бидний төлөөлөгчдийн зорилго нь Бүгд найрамдах Орос улсын хувьсгалт ард түмэн болон Монголын хооронд бат холбоо тогтоох, зөвлөлт засаг Монголд хэрхэн хандаж буйг тодорхой мэдэх, Монголд идэвхтэй тусламж үзүүлэх боломжийн талаар Оросын төв Засгийн газартай хэлэлцээ хийхэд оршино.

Манай ард түмний хүсэл эорилгыг мэдэгдэхдээ, бидний эрмэлзлэлийг гүйцэлдүүлэхэд бололцоотой бүхнийг хийхээс Та бүгд үл татгалзах буй заа хэмээн найдаж байгаагаа илэрхийлье.

“Монгольский сборник. (Экономика, история и археология. Москва. 1959. 110-111 дэх талаас)

Ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь

Хуучныг баримтлагч үндэсний үзэлт ноёдын ба жижиг түшмэдийн нам, Хятадын эзэрхэг түрэмгий нарын эсрэг нэгдэн тэмцэх санал тавьсан гэж  бичигдсэнийг та харж байна.

Марксист түүхчид 1919-1920 онд дан ганц Ардын нам байгуулагдсан, тэд л 1921 оны хувьсгалыг хийсэн гэж өдий хүртэл номлосоор ирсэн. Тэгвэл тэр үеийн Монголд олон нам байсан байна. Ноёдын ба түшмэдийн нам гэж байсан. Ноёд түшмэдийн нам Ардын намд Зөвлөлт Оросоос тусламж гуйх  хүсэлт тавьсан улаан Орос тусламж өгсөн байна гэж ойлгож болмоор. Ийм  учраас 1921 онд байгуулагдсан Ардын намын анхны Засгийн газар буюу Бодоогийн Засгийн газар бол яах аргагүй ноёдын нам, түшмэдийн намд зохих суудал өгсөн, Ардын намаас Ерөнхий сайд тавьсан эвслийн Засгийн газар байж гэж дүгнэж болохоор.

Цаг хугацааны хувьд авч үзвэл Бодоо энэ бичгийг коминтернд өгүүтээ тун удалгүй хүрээ рүү эргэсэн гэж Х.Чойбалсан бичсэн байна. Бодоо намын нөхөдтэйгөө цуг байх үедээ МАН-ын бүх бичиг баримтыг боловсруулдаг байсан. Түүндээ эрдээд ч юм уу, бусдыгаа дарангуйлдаг байсан талаар намын нөхөд нь тэмдэглэн үлдээжээ. 

Ардын намынхан Эрхүүд байхдаа хоорондоо санал зөрөлдөн муудалцсан. Бие биетэйгээ дуугарахгүй болж, нэг гудамжны хоёр талаар явсан тухайгаа Х.Чойбалсан нарын номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Богдын тамгатай бичгийн талаарх маргаан дээр Данзангаас  Бодоогийн зан харьцааны талаар ийм үг хэлсэн байна. 

Данзангаас Бодоод хандан их л уурсангүйгээр энэ үгийг хэлжээ. “Ер нь Бодоо бол хэзээнээс Консулын дэнж дээр анги бүлэг болж, Орос талаар ийм тийм хэмээн бидэнтэй нийлж хамтрахыг бодохгүй ДЭЭРЭНГҮЙЛЭН, МЭДЭЭРХЭЖ явдаг шүү” хэмээн уурсахад,

Бодоогоос: -Юу гэнэ ээ. Ер чи хүрээнд анги бүлгийн чанартай сууж, хэрэг ажлын эцсийн бүтээлт чанарыг хянахгүй, тус ангид үл бүтэх этгээдийг авч байсан учраас, гүн Нямжав урваж Хятадад ажлыг хийж байгаа шүү. Энэ үгийг танай нам нь түшмэдийн нам шүү гэж ойлгож болмоор доо гэж Бодоо уурсчээ.  

Марксизм, Ленинизмын түүх бичлэгийн арга барилаар зохиогдсон Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын бичсэн Монголын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх номоос үзэхэд Бодоо, Данзан нар хүрээнд байхдаа л зөрчилдөж эхэлсэн гэж болохоор. Данзан Бодоог нөхдөдөө дээрэлхүү гэдгийг мэддэг, Бодоогийн сээрдүү зантай үндэсний үзэлтэйг оросууд ч ажиглаж байжээ. Шумяцкий Бодоогоос болгоомжилж “Бодоо гэдэг чинь хашир чоно” гэж байсан баримт байна. Үнэхээр Бодоог улаан Оросын талаар “тийм ийм” гэж анхнаас нь дүгнэн ярьж явсныг коминтерн мэдэж, бас түшмэдийн намын толгойлогч Данзан, Ардын намын толгойлогч Бодоо хоёрын хоорондын зөрчлийг ашиглахаа Оросын чекистүүд тооцож суусан байж магадгүй. Тэгээд коминтерн Бодоо, Данзан нараас жийрхэж мэдлэг, боловсрол нимгэнтэй, залуу халуун зүрх зоригтой Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарыг олзлон авсан байх магадлалтай. Оросууд Бодоог Кремльд аваачих гэж хэд хэд ятгасан. Мөн Орос явах бололцоо Бодоод олдсоор байхад  яаж ийгээд мултарч үлдээд байсан  нь их сонин. 

Оросууд коминтерний III их хуралд Бодоог онцлон оролцуулахаар урьжээ. Бодоо бас л хойш суужээ.

Бас нэг ийм бичиг МАХН-ын төв архив. Ф-4, Д-1. 69 дэх талд хадгалагдаж байх юм.

Монгол Ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газрын 13 дугаар хурлын бичиг 

“…Коминтерний III хуралдаанд Бодоо, Бегзеев /Цэвээн Жамсрановын орос нэр Г.Д/нарыг намын Төв хорооноос төлөөлөгчид тохоон тавьж, томилон гаргах ажаамуу хэмээн Эрхүүгийн Шумяцкийгээс тавдугаар сарын 7-ны өдөр 355 тоот цахилгаан мэдээ ирснийг байцаан үзээд, одоо цаг чухал бөгөөд улсын албан хэрэг үлэмжхэн тул Москва хотод дарга Бодоогийн оронд Хорлоог, Түшмэл Бегзеев нарыг Монгол ардын засгаас бүрэн эрх олгож, томилон гаргахаар тогтов.

Засгийн газрын дарга Бодоо 

Олноо өргөгдсөний 11 дүгээр он. таван сарын 3” гэжээ.

Ингээд Бодоо Москва явахаас хоёр удаа  мултран үлдсэн баримт энэ. Гурав дахь удаагаа бол Данзан тэргүүтэй төлөөлөгчид Москва явж Ленинтэй уулзсан домогт уулзалтыг Монголын түүх их л тодорхой өгүүлдэг.  Гэхдээ төлөөлөгчдийн ахлагч нь Д.Сүхбаатар байсан мэтээр түүхийг гуйвуулдаг юм. Коминтерний тооцоолсноор Монголын төлөөлөгчдийг Ерөнхий сайд нь ахалж очих ёстой байлаа. Тэгээд Лениндээ хувьсгалыг Монголд ингэж хийсэн гэж ажлын тайлангаа тавих цаг үе.  Гэтэл Монголын Ерөнхий сайд Бодоо ажилтай гэж Москвад очихоос өөрөө татгалзсан байна.

Харин Алс дорнодын Монгол, Хятадыг хариуц­сан комин­терний төлөө­лөгч Кремльд Мон­голын төлөөлөгчдийн бүрэл­дэхүүнийг танилцуулахдаа Д.Сүхбаатарыг Монголын Ардын намын Засгийн газрын Ерөнхий сайд гэж “зориудаар андууран”, Данзанг Сангийн сайд гэж танилцуулсан байдаг. Орос гэлтгүй Монголын түүх бичигчид энэ үеийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Д.Сүхбаатар ч байсан юм шиг, Ерөнхий сайд Д.Сүхбаатар Орост айлчилж, Ленинтэй уулзсан юм шиг болгон кино, ном, шүлэг, найраглал бүтээчихсэн. Социализмын үеийнхэн Д.Сүхбаатар Москваг зорьж, Ленинтэй уулзсан Д.Сүхбаатар Ерөнхий сайд байсан гэсэн ойлголттой үлдсэн. Эрхүүд суурьшсан коминтернийхэн Д.Сүхбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын төлөөлөгчдийн тэргүүн гэж танилцуулж, Ленинтэй уулзуулсан гэж бичиж байна. Ленин Д.Сүхбаатар хоёр уулзсан уулзаагүй гэж олон түүхчид маргалддаг. Харин Ленин Д.Сүхбаатар хоёр уулзсан бол Ленин Монголын төлөөлөгчдийн тэргүүн Данзанг хүлээн авч уулзсан баймаар. Харин Шумяцкий өөрийнхөө бичсэн номонд Д.Сүхбаатар Ленинтэй уулзаад дараа нь “Монголчууд “Ерөнхий сайд Бодоогоо Орост суух элчин сайд болгоод өгөөч” гэж хүсэлт тавьсан гэж тэмдэглэжээ. Орос явах төлөөлөгчдийг Ерөнхий сайд Бодоогоор ахлуулж, ирүүл гэсэн цахилгаан утасны ха­риуд Бодоо “Төрийн ажил барагдахгүй тул эрхбиш Сан­гийн сайд, цэргийн сайд нар Москва явах буй за. Өчүүхэн би шинэ тулгар төрийн их ажлыг та нарыг иртэл амжуулж ява­хыг хичээсүгэй” гэж байжээ. Ямар ч байсан Бодоо Москва явахгүй мултарч үлдсээр нэгэн биеийг дуусгасан нь ямар учиртайг хэн ч үл тайлна. Тэр үеийн Москвад улаантны аллага ид гаарч байлаа. Коминтернд элссэн хэн боловч коминтерний үзэл суртлыг дагаж, нийтийн дайсны эсрэг тэмцэнэ. Эс биелүүлбэл буудан хорооно. Эсвэл баривчлан цэргийн гэмт хэрэгтэн болгон Москвад аваачин шүүнэ гэдэг хууль үйлчилж байв. Москва аллагын газар, Эрхүү хавь цөллөгийн газар болж оросууд хоорондоо орос хэлээр биш гар буугаар ярьж байсан хэцүү цаг.

Аллагын яг ийм механизм коминтерний туршлагаар Монголд хэрэгжиж байсан баримт оллоо. Албан бичгийн журмыг чандлах тухай Засгийн газрын Ерөнхий дарга Бодоогийн гэсэн нэг ийм бичиг МАН-ын архивт үлджээ. Уг бичигт “Энэхүү өдрөөс эхлэн ардын хэргийг мөчийн төдий саатуулан боогдуулах явдал гаргагчид байх ахул коминтерн буюу бусад нэгэн аргаар Москва хотын хорооноо мэдэгдэн шийтгүүлэх арга хэрэглэнэ. 

Засгийн газрын Ерөнхий дарга Бодоо

Нарийн бичгийн дарга Батхаан” гэжээ.

Бүх шийтгэлийг коминтерн оногдуулна. Коминтерн юу гэнэ тэр бол хууль. Улаан оросын нэгэн адил Ардын засгийн явдлыг эсэргүүцсэн хэнтэй ч буугаар ярьдаг ярга­лал эхэлж байсан эрх зүйн баримт Бодоогийн нэрээр гарчээ. 

Иймэрхүү бичгийг Ерөнхий сайд Бодоо үйлдээд зогсож байлаа гэж үү гэж гайхмаар.  Ер нь Бодоо, Чагдаржав нарыг баривчилж, буудан алсны дараа гэзэг үс хяргах, өмч хөрөнгө хураах зэрэг төр засгийн хамаг муу муухай, соёлгүй бүдүүлэг хэт хувьсгалжсан, зүүнтэн болгох ажлыг Бодоо нарын хийсэн жүжиг болгон тавьжээ. Архивт байгаа Бодоогийн цуглуулга баримт бичигт Бодоо гэгч нь ядаж Ерөнхий сайдынхаа албан тушаалыг ч нэг янзаар бичиж чаддаггүй хүн гэж ойлгогдохоор янз бүрийн бичгүүд Бодоогийн нэртэй үлджээ. 

Жишээлбэл: Шавь сайд Бодоо, Засгийн газрын Ерөнхий дарга Бодоо, Засгийн газрын дарга Бодоо, Ерөнхий Гадаад яамны тэргүүн сайд Бодоо, Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Гадаад яамны сайд Бодоо, Монгол ардын засгийн хэргийг бүгдэд  захиран шийтгэх газрын ерөнхий дарга Бодоо, МАН-ын төв хорооны бошгыг халах тэргүүлэх дарга Бодоо, Засгийн газрын гишүүн Бодоо гээд ганц албан тушаалыг хичнээн янзаар бичжээ. Аль нь ч түүхэн баримт аль нь зассан, хассан, нэмсэн баримт гэдэг нь мэдэгдэхээ больжээ.  

Бодоо Чагдаржав нар 1922 оны есдүгээр сард алагдсан. Зарим түүхч наймдугаар сард алагдсан гэж мэдээлдэг. Алуулсан сар, өдрийг нь хүртэл олон янзаар бичиж үлдээжээ. 1935 оноос МАН-ын түүхийг марксист ёсоор анх оросууд бичиж өгсөн. Түүнээс хойш түүхийг монголчууд бичсэн боловч бүгдийг оросууд, Зөвлөлт холбоот улсын коммунист нам зөвлөж, МАХН үзэл сурталдаа зориулж засч, редакторлаж хэвлүүлдэг байсан. МАХН-ын түүхийн архивыг үзэхэд бүх сайн сайхныг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар хийсэн гэж мандуулахын тулд Бодоог гол дайснаар тодруулж түүхэн баримт бичгийг хүртэл энэхүү үзэл сурталдаа зориулан бэлтгэсэн гэлтэй. 

Бодоогийн тухай түүхэн баримтын цуглуулга гэгчид ядаж он сарын хувьд дэндүү ал­даатай, улс төрийн үйл явдлын дараалалгүй болго­жээ. Ерөнхий сайд Бодоог  бие муу учир ажлаас чө­лөөлж өгнө үү гэж намын төв байгууллагадаа, Засгийн газартаа өргөдлөө гаргаагүй байхад коминтерн Бодоогийн Ерөнхий сайдын ажлыг өөрчилж, Зөвлөлт Орост суух элчин сайдаар томилчихсон инээдэмт түүх байна.  Бодоо тэр үед Ерөнхий сайдын ажлаа үнэнч хийж байсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Си Жиньпин: Харилцан туслах замаар Хятад, Монголын харилцааны шинэ эрин үеийг нээнэ

  -Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд

                                    БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үг-

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  болон түүний гэргий,

Эрхэм хүндэт З.Энхболд Их Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт гишүүд ээ, сайд нар аа,

Хатагтай ноёд оо,

Анд нөхөд өө,

Сайн байцгаана уу. Өнөөдөр миний бие Монгол Улсын Их Хуралд зочилж, Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын байртай байна.

Юуны өмнө миний бие БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа энд оролцож байгаа Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний бие 2008 онд БНХАУ-ын Дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахдаа Монгол Улс элбэг баян сайхан орон юм гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Танай улсын нэрт зохиолч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт:

       “Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

       Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

       Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

       Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

       Энэ бол миний төрсөн нутаг  Монголын сайхан орон” гэж бичсэн байдаг.

Би 6 жилийн дараа дахин Монгол Улсад айлчилж, танай улсын хөгжил цэцэглэлт, хүч бололцоог хараад чин сэтгэлээсээ баярлаж байна. Миний бие ажилсаг хичээнгүй, итгэл төгс дүүрэн Монголын ард түмний ололт амжилтад баяр хүргэж байна.

Өчигдөр миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж ярилцлаа. Монгол Улсын удирдагчидтай Хятад, Монголын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаараа өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэн дээшлүүлж, Хамтарсан тунхаглал гарган, улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын 20 гаруй хэлэлцээр, баримт бичигт  гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд би сэтгэл ханамжтай байна. Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна.

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Хүлгийн сайныг унаж мэддэг

Хүний сайныг ханилж таньдаг.

Хятад, Монгол  хоёр улсын хооронд 65 жилийн өмнө анх дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол Улс шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг. Танай улсаас шинэ Хятад улсад үзүүлсэн дэмжлэгийг бид мартах ёсгүй.

Хоёр дахь жарандаа ороод байгаа хоёр талын харилцаа улам өндөр түвшинд хүрснийг баяртайгаар тэмдэглэж байна. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн туршид Хятад, Монголын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирлээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, БНХАУ олон жил дараалан танай улсын гадаад худалдааны хамгийн том түнш болон хамгийн том хөрөнгө оруулагчийн байр суурийг хадгалж байна.

2013 онд Хятад, Монгол хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1 сая 300 мянга давсны дотор Хятадад зорчсон монгол иргэдийн тоо 1 саяыг давжээ. БНХАУ, Монгол Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь цаг үетэйгээ нийцэж байна. Энэ нь хоёр талын харилцаа түүхэндээ хамгийн сайн үедээ орсныг илтгэж байна.  

Хятад, Монгол хоёр орон уул, усаараа холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн хувьд чухал улсууд билээ. Энэ жил бол БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэсний 20 жилийн ой, мөн Хятад, Монголын найрсаг солилцооны жил болж байна.  Хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан Хятад, Монголын харилцааг улам өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж үзэж байна.

Үүний тулд,

Нэгдүгээрт, Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөрш болох ёстой.

Олон улсын нөхцөл байдалд ямарч өөрчлөлт гарсан хоёр улсын харилцааны гол чиг шугамаа дагаж, стратегийн түншлэлийн өнцгөөс нөгөө талынхаа эрх ашгийг бодолцож байх ёстой. Нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол асуудал болон нөгөө талынхаа анхаарлаа хандуулж буй томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй.

Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгална.

Хоёр улсын удирдагч нар янз бүрийн шугамаар уулзалдаж, стратегийн зохицуулалтыг эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлнэ.  Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард Хятадад болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагч нарын албан ёсны бус хурлын үеэр зохион байгуулах дэд бүтцээр холбох түншлэлийн яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. 

Хятадын тал Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэ онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийг мөн урьж байна. Хууль тогтоох байгууллагуудын хооронд байнгын харилцах механизм, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд стратегийн яриа хэлэлцээний механизм тогтоохоор хоёр тал тохиролцсон бөгөөд батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Монгол Улсыг АПЕК-ийн гишүүнээр элсэхийг БНХАУ дэмжиж байна.

Монголын тал Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн Азийн дээд түвшний уулзалт, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаанд зохих хэлбэрээр оролцохыг Хятадын тал дэмжиж байна. Монголын тал санаачилсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж, НҮБ, АСЕМ, АХАИББХ, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Хятадын тал Монголын талтай “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд ажиллахад бэлэн байна. Мөн Монголын “Талын зам”санаачлагад нааштайгаар, нээлттэй хандаж байна. Хоёр тал Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг шинэ талбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хамтдаа хөгжиж, хамтран ашиг хүртэх болно.

Хоёрдугаарт, Хятад, Монгол хоёр улс харилцан ашигтай, хамтдаа хожих сайн түнш болох ёстой.

“Усны дэргэдэх асраас сарны тусгалыг түрүүлж харна” гэсэн үг бий.

Хятад, Монгол хоёр орон газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник,технологи, зам, дэд бүтцийн талаар давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна.

Өнгөрсөн жил Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт 4 трилион 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх 5 жилд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 трилион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жил гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл, боломжийг нээж байна.

Миний энэ удаагийн Монгол Улсад хийсэн айлчлалаар Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн дамжин өнгөрөх тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ. Хоёр тал уул, уурхай, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааны комисс байгуулж, Хятад, Монголын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт гарын үсэг зурлаа.  2020 он гэхэд хоёр талын хоорондын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тодорхойлсон. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож, тохиролцоонд хүрлээ.  Хоёр тал юань, төгрөгийн свопийн хэмжээг 10 тэрбум 500 сая хүртэл нэмэгдүүллээ. Эрээн-Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар судалгаа хийхээр санал нэгдлээ. Хоёр тал уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулах, шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт бүх талын хамтын ажиллагаа явуулах  болно. Эдгээр шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд улам их, бодит ашиг тус авчирна гэдэгт найдаж байна.

Гуравдугаарт, Хятад, Монгол хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой.

Замаа мэдвэл явахад амар

Хүнээ мэдвэл ярилцахад амар.

Өчигдөр би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийхэд иргэдийн солилцоог идэвхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого баримтлах, залуучууд, хэвлэл, мэдээллийн салбарын тогтмол солилцоог бэхжүүлж, ингэснээрээ нийгэмд таатай уур амьсгалыг бүрдүүлж, Хятад, Монголын найрамдлыг эрчимтэй сурталчлахаар тохиролцсон.

Хятадын тал Монгол Улсын иргэн тус улсад суралцах, жуулчлах, худалдаа хийх, эмчлүүлэхэд найрсагаар хүлээн авах болно. Хятадын тал ирэх 5 жилд Монголын талд нийт 1000 хүнийг давтан сургалтад хамрагдах квот олгож, Засгийн газрын тэтгэлэгт 1000 оюутныг хамруулах, 500 цэргийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх болно. Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлахыг урьж байна. Хятадын тал Монголын талд 25 шилдэг кино бэлэглэх болно. Эдгээр нь хоёр орны ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.

Хатагтай, ноёд оо,

Анд нөхөд өө,

Одоо Хятадын ард түмэн хоёр “100 жил”-ийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна. 2020 он гэхэд анхан шатны чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, ардчилсан, соёлтой, өв тэгш, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулна. Бидний энэхүү зорилтыг товчлон хэлбэл, Хятад үндэстний сэргэлтийн “Хятадын мөрөөдөл” гэж хэлж болно. Монгол Улс өөрийн орны шинэчлэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байна. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний зүрхэнд бас “Монголын мөрөөдөл” бий.

БНХАУ-ын шинэчлэл өөрчлөлт, нээлттэй байх бодлого, орчин үеийн бүтээн байгуулалт нь хөрш орнуудад, түүний дотор Монгол Улсын хөгжилд нааштайгаар нөлөөлж, чухал түлхэц болно. Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн стратегийг үр дүнтэй хослуулснаар хамтран хөгжих бүрэн боломжтой юм.

Хоёр “100 жил”-ийн зорилтыг биелүүлэх нь амар хэрэг биш. Яагаад гэвэл бид 1 тэрбум 300 сая хүн амтай, алслагдсан зах хязгаар нутгийн хөгжил тэнцвэргүй, бидний ачаа хүнд, туулах зам хол байгааг бүрэн мэдэрч байна. Бид удаан хугацаанд цуцалтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэхүү зорилтыг биелүүлэхэд аятай таатай орчин хэрэгтэй. Хэрвээ гэрийн гадаа тайван байвал, гэрийн дотор санаа зоволтгүй ажлаа хийж чадна.

Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм.

Хятад улс энх тайванч замаар тууштай замнаж, дэлхийн улс орнууд энх тайвнаар хөгжихийг дэмжиж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, дэлхийн бусад орнуудтай хамтран хүн төрөлхтөний ёс суртахуун болон олон улсын нийтлэг хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхий болоод бүс нутгийн үйл ажиллагаанд шударга ёсыг эрхэмлэн оролцох болно. Хятад улс чин шударга, зоригтой, тэвчээртэй, яриа хэлэлцээний зарчмаар, энх тайван замаар аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байна.

Хятад улс дэлхийн улс орнууд өөр өөрсдийн хөгжих замыг сонгох эрхийг хүндэтгэж ирснийг олонтаа мэдэгдэж байсан. Бид өөрсдийн үзэл бодлыг бусдад тулган хүлээлгэхгүй. Аливаа хүн өөрийн үзэл бодлыг хятадын ард түмэнд тулган хүлээлгэхийг бид бас зөвшөөрөхгүй. Бид олон улсын маргааныг энх тайвнаар шийдэхийн төлөө байна. Хятад улс аливаа жанжлах бодлого, хүчирхийлэгч улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлах бодлого явуулахгүй, хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй.

Хятад үндэстэн энх тайвныг эрхэмлэгч үндэстэн бөгөөд хятадын соёл, өв уламжлалыг эрхэмлэдэг. Таван мянган жилийн иргэншлийн хөгжлийн явцад хятад үндэстэн энх тайванч, эв хамтач үзлийг тууштай баримталж ирсэн билээ. Энх тайвныг эрхэмлэх, эвсэг найртай харилцах, өөрийн хүслийг бусдад тулгахгүй байх зэрэг ойлголтууд нь Хятадын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн, хятад гүн ухаанд  шингэсэн, хятад хүний үйл ажлаар илэрч байдаг. Эрт дээр үеэс хятад үндэстэн гадаадад довтлохын оронд худалдаа хийх, гадаад харилцааг идэвхтэй явуулж ирсэн. Өөрийн орныг хамгаалах эх оронч үзлийг эрхэмлэдэг. Харин нутаг дэвсгэрээ тэлэх, колончилох  үзэл байхгүй. Хуучин Хятад улсын түүхээс харахад гай гамшиг дүүрэн, зовлон доромжлолд автсан гашуун түүх байдаг. Мөн Хятад үндэстний гадаадын довтлогоог эсэргүүцсэн, үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн аугаа их тэмцлийн түүх байдаг. Хатуу зовлонг туулсан Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн хайрладаг бөгөөд өөрийн гашуун сургамжийг бусдад дахин амсуулахгүйн төлөө байна. Хятадын ард түмэн дэлхийн бусад орны ард түмэнтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв хамтаар хөгжих, энх тайвныг хамтран сахин хамгаалж, энх амгаланг хамтдаа хүртэхийн төлөө бэлэн байна.

Хятад улсын шинэчлэл, нээлттэй бодлого явуулсан 30 гаруй жилийн түүх энх тайвнаар хөгжих нь БНХАУ-ын улс орны үндсэн нөхцөл байдал, нийгмийн тогтолцоо, уламжлалт соёлоос үүдсэн стратегийн сонголт гэдгийг нотлон харуулж байна. Энэ нь он цагийн урсгалд хөл нийлсэн, Хятадын үндэсний эрх ашигт нийцсэн, дэлхийн бусад орон болон хөрш орнуудын эрх ашигт зохицсон байдаг юм. Бид үүнийг өөрчлөх учиргүй.

Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсагаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална.

Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. “Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж үг байдаг.

Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаа явуулахдаа зөв үзэл бодол баримталж, “би хожиж, чи хожигдоно”, “би ихийг, чи багыг” гэх асуудал гаргахгүйгээр, зарим тодорхой төслүүд дээр нөгөө талын эрх ашгийг анхаарах болно гэдгийн би олонтаа хэлсэн. Хятад хүн хэлснээ хийдэг, хийснээ дуусгадаг. Хятад улсын хэлсэн үг, амласан амлалт заавал биелэх, хэрэгжих ёстой.

Хатагтай, ноёд оо,

Найз нөхөд өө,

Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг.  Хятад хүн “Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад  улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг.

Өнөөгийн өртөнцөд Ази тив бол эдийн засаг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг. Мөн эмзэг асуудал цөөнгүй байдаг. Азийн улс орнуудын хөршийн харилцааг хэрхэн зохицуулах, яаж энх тайвнаар зэрэгцэн орших, яаж хамтдаа хөгжих, зөрчил маргааныг эв зүйгээр хэрхэн зохицуулах зэрэг нь заримдаа төвөгтэй асуудалд хүргэдэг. Миний бодлоор эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн чухал нь цаг үеийн байдал, ард түмний хүсэл зорилгод нийцүүлэх хэрэгтэй гэж үздэг. Мөн түүнчлэн харилцан хүндэтгэлтэй хандаж, үзэл бодлоо нэгтгэж, санал зөрөлдөөнөө арилган, ирээдүйгээ харсан, харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмыг баримталж, дорно дахины оюун ухаанаар аядуу зөөлөн асуудлыг шийдэж, эвийг эрхэмлэх зүйтэй гэж боддог.

60 жилийн өмнө Хятад, Энэтхэг, Мяньмар хамтран энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг санаачилсан нь улс хоорондын харилцааны чиглүүлэх суурь мөрдлөг болж, Азийн улс орнууд олон улсын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал хувь нэмэр оруулсан билээ. Бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах явцад Азийн улс орнуудын солилцоог бий болгон, харилцан хүндэтгэж, санал нэгтэй зөвшилцөн тал талд таатай ази хэв маягийг харгалзан үзэх нь энэ бүс нутгийн онцлог, харилцаагаа зохицуулах уламжлалд нийцэх юм. Энэхүү уламжлал нь Азийн улс орны хөршийн харилцаанд илэрч байна. Өнөөдөр үүнийг үргэлжлүүлэн өргөжүүлж, Азийн орнууд болон бүс нутгийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагаанд тасралтгүй өдөөгч, дотоод хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй. Энэхүү уламжлалыг баримталж хэрэгжүүлэхэд дараах хэдэн зүйлийг хийх хэрэгтэй.

Харилцан хүндэтгэж, харилцан итгэе. Азийн олон улс, орнууд гадны түрэмгийлэлд өртөж, зовлон зүдгүүр амссан түүхтэй. Тиймээс ч тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгодог. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, нөгөө улсын сонгосон нийгмийн тогтолцоо болон хөгжлийн замыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох, бие биенийхээ анхаарал хандуулж буй томоохон асуудлыг харилцан  дэмжих нь Азийн улс орнуудын найрсаг харилцааны гол үндэс юм. Азийн улс орнууд өөр өөрийн онцлогтой, нээлттэй, хүлээцтэй уламжлалтай билээ. Улс орнууд эрх тэгш зарчимд тулгуурласан өөр өөр соёл, иргэншлийн харилцан солилцоог нэмэгдүүлэх замаар харилцан ойлголцол, илтгэлцлийг гүнзгийрүүлж, Ази тивийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн бат бэх үндэс суурийг бий болгоно.    

Нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчлийг арилгая. Азийн улс орнуудын харилцааны түүхэнд найрсаг хамтын ажиллагаа голлож ирсэн боловч зарим нэг шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хөрш орнуудын хооронд үл ойлголцох явдал хааяа гардгийг үгүйсгэхгүй. Гол нь асуудалд хэрхэн хандаж, яаж шийдвэрлэх нь чухал юм. Яриа хэлэлцээний нэгдсэн ойлголт болон хамтын ажиллагааны нийтлэг зүйлийг нэмэгдүүлж, зөрчилдөөнийг арилгах нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг удаан хугацааны туршид хадгалах цорын ганц баталгаа юм. Бид алсын хараатай байж, аливаа асуудлыг найрсагаар хэлэлцэн зөвшилцөж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хамтран оролцож олон улсын улс төр, эдийн засгийг эрх тэгш, шударга зарчмаар хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулна.

Хамтын ажиллагаанд хамтдаа хожих, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь Азийн улс орнуудад тулгарч буй эн тэргүүний зорилт бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найрсаг харилцааг урагшлуулах гол түлхүүр юм. Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжин, харилцан туслах ази чанараа хадгалан, давуу талаараа харилцан нөхөлцөж, эрх ашгаа хамтатган өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах болон харилцан дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаа урагшлуулан, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин, нийтлэг эрх ашгийн том бялууг бүтээлцэж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийг хүсч байна.

Хатагтай, ноёдоо,

Анд найз нараа,

Миний бие энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлалаасаа Монгол, Хятадын найрамдал хэдийнээ хоёр орны ард түмний сэтгэлд соёлж буйг мэдэрлээ. Энэ нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд хамгийн том итгэлцэл, хөдөлгөгч хүч юм. Хоёр орны ард түмний дэмжлэгээр Монгол, Хятадын харилцааны маргааш улам сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ он бол Монгол, Хятадын морин жил. Морь бол хүч чадал, ахиц дэвшлийн бэлэг тэмдэг юм. Монгол, Хятад хоёр орны ард түмний хайр, хүндэтгэлийг гүн гүнзгий мэдэрцгээе.

Монгол Улсын бүтээн байгуулалт морины хурдаар цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсч байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд хурдан моринд ташуур өгөх адил амжилт хүсье. Гар гараасаа барилцан хамтын чармайлтаар Монгол, Хятадын үе үеийн найрамдлын үрийг хоёр орны ард түмний сэтгэл зүрхэнд цацая.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнээ нэмсэн эрчим хүчнийхэн ямар мөнгөөр наадам хийчихэв ээ?

Саяхан энгийн иргэдийн цахилгаан хэрэглэсний төлбөрийг  таван төгрөгөөр нэмсэн. Төгрөг цаас болсон ийм үед цахилгааны үнэ нэмэгдэнэ гэдэг нэг өрхийн хувьд  бага ачаа биш. Компаниудын цахилгаан хэрэглэсний төлбөр  иргэдийнхээс ч илүү нэмэгдсэн байж таарна. Ашиггүй, дандаа алдагдалтай ажиллаж байна, бүр ажиллаж дийлэхээ байсан учраас арга буюу үнээ нэмлээ гэцгээсэн л дээ. За яахав, үнэхээр тийм зовлонтой бол юу гэхэв гэсхийгээд сууж байтал маргаашнаас нь наадамлаад эхэлдэг байгаа. Эрчим хүчний өдрөө тэмдэглэж байгаа юм гэнэ. Хүй долоо худагт дэнж хотойтол наадацгаасан.  Мөнгөө багтааж ядсан салбарынхан л ингэж нааддаг байх даа гэмээр, сүртэй сайхан наадам тэнд боллоо. 

Асар бүрт хонины ууц, айраг цагаа бялхалзаад сайхаан сайхан. Эрчим хүчнийхний наадам хачин сайхан болсон. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж санааширмаар сайхан наадам Хүй долоо худагт болж өнгөрлөө. Өчнөөн алдагдалтай учраас үнээ нэмж байна гэж уруу царайлаад байсан улс мөнгөө багтааж ядан нааддаг л юм байна. 

Наадамлаж найрлаж суухыг нь харахаар мөнгөгүй ч биш ээ гэж хардмаар. Үнэхээр алдагдалд ороод бөөн юм болж байгаа бол юун наадам, юун цагаан сар гэцгээгээд ажилдаа хэрэглэдэг цаасаа хүртэл хэмнэж суумаар санагдах юм. Тэгэхээр энэ салбар мөнгөгүй ч биш юм байна. Наадмыг нь хараад лав тэгж бодогдсон. 

Тэгж сүрхий мөнгөгүйдсэн юм бол ийм сүрхий наадмыг яаж хийсэн байж таарах вэ. Наадам хийнэ гэдэг тоглоом биш. Морь уралдуулж бөх барилдуулна. Зангаргаа харуулах гэж байгаа ахиухан хэлж таарна. Ахиу бай хэлж байж гайгүй бөхчүүд зодоглох учраас энд тэндхийн наадмууд байгаараа өрсөлддөг нь бараг зан болсон. За тэгээд айраг цагаа, мах шүүс гээд өчнөөн юм бий. Тэгэхээр ийм зардалтай наадмыг  ямар мөнгөөр яаж хийв гэдэг асуулт сонирхол татаад байгаа юм даа. Алдагдалтай ажиллаж байна гэж үнээ нэмчихээд ингэж болох уу. 

Ер нь муу удирдагч л найр наадам хийж сүйд болдог. Ажлаараа тодорч гавихгүй учраас нэрээ дурсуулахын тулд наадам хийдэг гээд хэлчихмээр дүр зураг хаа яагүй л анзаарагддаг. Хожим  удирдлагад нь ажиллаж байсан хэд нь “Манай тэр даргын үед Хүй долоон худагт үгүй мөн сайхан наадаж билээ” гэж ярих нь л дээ. Энэ гээд хэлчихмээр тоймтой ажил хийгээгүй нөхдийн хувьд ядаж ингэж дурсагдъя гэж боддог байж мэдэх л юм. Гэхдээ найр наадам хийнэ гэдэг удирдагч хүний хийдэг ажил биш. Тэр дундаа Монголын өрх бүрт хамаатай салбарт дарга хийж байгаа хүмүүсийн хийдэг ажил бүр ч биш. 

Тэгээд бүр зөндөө алдагдалтай гэсэн зовлон тоочиж амьжиргаагаа арай гэж залгуулж байгаа иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмж буй салбарын хувьд их мөнгө зарж наадамлана гэдэг байж боломгүй хэрэг. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алан хядагчдын бүлэглэл Хамасаас дор улс төрийн хүчин гэж байх уу

Гэрийн гадаа пид пад

Гараад харсан Дондог алга. Хаачсан юм бол гээд хайсан чинь шорон руу чирээд явж байдаг байна шүү. Ямар учиртай юм бол гээд нягталсан чинь сонгуульд өрсөлдөхдөө луйвар хийж ялсан юм гэнэ. Тэгээд тэрхүү луйвар нь илрээд 10 жилийн ял авч шорон руу ачигджээ. Энэ бүхэн ер нь юу болов. Хотын газрын мафийнхан гэж яригддаг хэсэг бүлэг хүмүүс бий болсоор удлаа. Лавтай арван хэдэн жил болж байна. Тэдгээр бүлэг хүмүүс нь Төв аймгаас УИХ-д буг болтлоо сонгогдож байгаа дөрвөн нөхөр юм. Тэр дөрөв дээр Т.Бадамжунай, “Мон уран”-ы Наранхүү нарын толгойлогчид нэмэгдэнэ. Нийслэлд нэвт шувт сүлжээ үүсгэн дархлагдсан эдгээр нөхөд дотроо хамгийн роль багатай нь Д.Дондог юм шүү дээ. Тийм хэрнээ 10 жилийн ял авч байгаа нь шударга ёс мөн үү. Шүүхийн шударга шийдвэр мөн үү. Газрын наймаа, авлигачдын эсрэг хийж байгаа гал цогтой тэмцэл мөн үү. Өрмийг нь хулгайлж иддэг том гарууд нь үлдээд хусмыг нь долоохыг оролдсон нөхдөд Монголын Шүүх яасан том ял онооно вэ. Нийслэлийн газрын мафитай холбоотой ахиад нэг хэрэг таслагдаад ял авлаа гэхэд яг л Д.Дондог шиг гар хөл нь болсон төдий нөхөд явна. Авлигын эсрэг тэмцэл гээч нь ийм л замаар АТГ илрүүлсэн нэр зүүж, Шүүх засаглал нь шүүсэн нэр зүүсээр дуусах нь бололтой. Жинхэнэ их гарын луйварчид Их хурал, Засгийн газартаа байсаар. Их доошиллоо гэхэд том намын удирдах бүрэлдэхүүнд шингээд.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн ингэж зүтгэсэн ялалтын ачаар МАН сонгуульд ялж Засаг барих эрх авсан юм. Энэ бол энгийн хэнд ч ойлгогдох асуудал. Засгийн эрх авснаасаа хойш зад найрласан даа, улсын өмчөөр тэд. Нэг муу хашааны газар байтугай идсэн. Д.Дондогт л юм өгөөгүй хөгийн нөхдүүд байхгүй юу. Тооны багш номхон дөлгөөн нэгнийгээ элэг барьсан хэрэг л дээ. Тэрнээс эрийн хуйхнууд байсан бол ижилхэн Төв аймагт хөтлөлцөөд нэр дэвшиж явсан нөгөө гуравт нь жаахан газар Д.Дондогтоо өгөх юухан байхав. Тэдний ийм нэг амиа хичээсэн луйварт нь намынх нь нөхөд эртнээсээ дургүйцэж зарим нь бүр хэвлэл мэдээллээр ил тод ярьж хэлдэг байсан юм. Жишээлбэл УИХ-ын гишүүн асан, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Сайхансамбуу бээр “Би анх Нарантуул захын газрыг авахаар ерээд онд хөөцөлдөж явахад газрын авлига огт байгаагүй. 2000 он гарсаар газрын авлига цадигаа алдсан юм даа” гэж хэлсэн нь МАН засгийн эрхэнд сууж, дээрх нэр дурдсан нөхөд нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан он жилүүд юм. Сайхансамбууд Д.Дондог шиг хандсан ч цаадхи нь баян хүн болохоор Д.Дондог шиг золиослогдоогүй. Аймшигт хэргээр яллагдсан, “Судалт” төвийн босс байснаар нь хүмүүс мэдэх, МАН-ын бага хурлын гишүүн нэгний 2005 онд өдөр тутмын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлага бий. Тэрбээр “Би чөмгөө дундартал зүтгэсэн олон жилийн хөдөлмөрийнхөө үрээр шинэ 105 машин унаж байхад нийслэлийн газрын албанд очоод нэг жил ч ажиллаагүй хурган дарга шинэ 105 машин унаад давхиж явааг нь харахаар уур хүрдэг. Үнэндээ энэ нийслэлийн газрын хууль бус наймаа дэндлээ шүү дээ” гэж ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа хадгалагдан үлджээ. Намынх нь тодорхой гишүүд ийнхүү хэлж шүүмжилж байснаас хойш 14 жил өнгөрлөө. Газрын мафийнхан улам дээшилж байр сууриа бататгасаар. Тэдний тэргүүнд Төв аймагт холбоотой бяруу шиг явж ялдаг хэдэн нөхөр “бид дархлагдсан хулгайч” гэсэн аятай байсаар. Хэрэг нь сөхөгдөөд ирэхээр хамтран зүтгэж явсан нэгнийхээ доройг нь шорон руу түлхчихээд чимээгүй үлддэг. Төрийн нэрээр амьдарч сурчихсан тэдний зан чанар юм шиг байна. Төр засгийн өндөр өндөр эрх мэдлийг ээлж дараалан хашсан эдэн шиг хүмүүс Монголын төрд байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд. Тун ядлаа гэхэд Шадар сайд болцгоож байдаг. Үнэн чанартаа та бүгдийг ийм их эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй болоход Д.Дондогийн идсэн уусан гэх тэрхүү мөнгөний хувь нэмэр их байгаа юм. Ингэж үйлээ үзэж олсон мөнгөөрөө Д.Дондог сонгуульд ялж, намдаа суудал авчирч, та нарыг сайд болгосон. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Гэтэл яагаад ийнхүү холбоотой бяруу шиг явсан нөхрөө, намынхаа гишүүнийг та нар, танай нам өмгөөлөхгүй, хамгаалахгүй байгаа юм бэ. Яасан хүний үнэргүй эрчүүд вэ, та нар. МАН-ын зүгээс гишүүнийхээ луйвар хийгээд ч болтугай олж ирсэн мөнгөөр нь сурталчилгаагаа хийж сонгуульд ялж байсан нь маргашгүй үнэн шүү дээ. Гаалийн Ерөнхий газрын дарга асан Баатар гэж МАН-ын сонгуулийн санхүүжилтэд олон арван тэрбумыг цуглуулж өгсөн аварга амьтан байлаа. Түүнийг яаж золиосонд гаргаж шоронд явуулав. МАН-ын бүх томчуулын хэргийг үүрч Хархорины шоронд хэдэн жил суусан түүнийг гарч ирээд намынхаа эдгээр дарга нартай уулзах гэхэд бүгдээрээ хэрхэн нүүр буруулж, утсаа авахгүй зугтсан тухай Баатар манай сонинд ярилцлага өгсөн. Бүр нэртэй устай нь ярьсан. МАН-ын  гишүүдийнхээ төлөө өчүүхэн ч хариуцлага хүлээдэггүй энэ байдал нь МАН-ын насыг улам богиносгож байгаа юм. Өнөөдөр Баатар, Дондог… гэхчлэн олон гишүүд нь ийнхүү том луйварчдынхаа тоглоом боллоо. Гишүүнийхээ төлөө энэ нам ядаж нэг мэдэгдэл хийж, зөв бурууг нь ялгахыг анхааруулж албан бичиг ч явуулсангүй. Хуруугаа бүү хэл хумсаа ч хөдөлгөсөнгүй. Өчигдөрхөн намыг нь төлөөлж УИХ-д сууж, байнгын хорооны дарга хийж явсан журмын нөхрөө үнсэнд хаясан шалз шиг орхилоо. Намын дарга М.Энхболд надаас холуур өнгөрөөсэй гэсэн шиг таг чиг. Төв аймагт ижилсэж явсан үеэ тэр өнөөдөр бодохыг ч хүсэхгүй байгаа нь мэдээж. Нэг чинь шоронд явчихлаа, нэг л өдөр алх дэргэд чинь дуугарахгүй гэх газаргүй. Д.Дондог шиг дорой, тооны багш, Ц.Батбаяр шиг цэргийн шазруун дарга дэргэд чинь үлдээгүй гэдгийг ард түмэн ярьж байгаа шүү.

МАН-ын удирдлагууд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүхийг шоронд эргэж очлоо огцор” гэсэн инээдтэй юмаа ярьж суухаар Д.Дондогийгоо эргэж очооч. Араас нь анхаарал тавьж яваач. МАН үнэндээ дэлхийд зартай алан хядах бүлэг Хамасаас дор байна. Хамас хажууд нь хамаагүй шударга, гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байгууллага юм байна. Тэд гишүүнээ шоронд хийлгэх, ял үүрүүлэхийг үзэж чаддаггүй. Зөрүүлээд нэг сэтгүүлчийг барьцаалж аваад нөхдөө суллахыг шаардан наймаалцаж эхэлдэг. Адгийн муу алан хядах бүлэглэлүүд ийм зарчимтай, дүрэмтэй байхад намаа ялуулахын төлөө бүгдийг хийж сонгуульд ялалт авчирсан Д.Дондогийн төлөө МАН яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Ийм хүйтэн цэвдэг МАН-ын төлөө хойшид хэн явах юм бэ. Д.Дондогийн төлөө МАН хэрхэн хариуцлага хүлээхээс энэ намын цаашдын нэр хүнд шалтгаална. Ямар ч логикоор бодсон Д.Дондогийн энэ үйлдэлд нам л буруутай. Арван хэдэн тэрбумын цагаан байшингаа зараад ч болтугай Д.Дондогийг суллаж ав. Ингэж байж танай намын нэр хүнд, гишүүдийн чинь итгэл сэргэнэ. Тэрнээс Д.Дондог шиг гишүүдээ хэрэгтэй үед нь ашиглаад, хэрэг нь дуусахаар амны алчуур шиг хаяад байвал МАН-ын мөхөл жилээс жилд улам ойртсоор байх юм байна. 

Б.ДОРЖСҮРЭН       

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна

Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Улсын Их Хурлын

дарга З.Энхболдын хэлсэн үг

 2014.08.22                                  Улаанбаатар хот

        БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин,

        Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

        Ерөнхий сайд аа,

       Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

       Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин оролцож байна.

БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Танд Монгол Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нарлаг монгол оронд минь тавтай морилохыг хүсье.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 65 жилийн ойн босгон дээр БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа нь 1994 онд хоёр орны хооронд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ болон хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж буй бусад баримт бичгийг амжилттай хэрэгжүүлж, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргаж, хоёр орны Засгийн газар хооронд Төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтыг ашиглах, худалдаа эдийн засаг, нийгмийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд эрчим хүч, төмөр зам, авто зам, нүүрс, сүү боловсруулах зэрэг хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар 10 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгууллаа.

Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг бүхий л анхаарлаа хандуулж хамтран ажиллах болно.

Байгалийн нөөц баялгийг ашиглах хамтын ажиллагааны хүрээнд нүүрс хийжүүлж шатдаг хий гаргах, төмөр, газрын тос боловсруулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ч харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байна.

БНХАУ-аас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж олгосонд талархал илэрхийлж байна.

Танд Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэнд дахин талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой  хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай тус тус уулзав. Хоёр улсын удирдагчид найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрэв.

Талууд Монгол, Хятадын харилцааны өндөр түвшинд хөгжиж буй таатай үндэс суурь болон бодит шаардлагад үндэслэн, хоёр улс, хоёр ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх хамтын хүсэл эрмэлзлэлийн дагуу мөнхөд итгэлтэй, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн анд байхын тулд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцов. Үүний тулд Талууд дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлнэ.

Нэг. Улс төрийн харилцаа:

Талууд “Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1994 оны гэрээ” болон бусад баримт бичгийн үзэл санааны дагуу бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов.

Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй, тэдгээрийн нөгөө улсын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд оролцохгүй, нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах үйл ажиллагаа өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг онцлон тэмдэглэв.

Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой, харилцан ашигтай, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжүүлэх нь өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлийн нэг болохыг дахин нотлов.

БНХАУ хөрш орнуудтайгаа “илүү дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай хүртээмжтэй байх” зарчмын дагуу хөгжлийн үр дүнгээ хуваалцан, харилцан ашигтай хамтдаа хожих бодлого баримталж байгааг монголын тал өндрөөр үнэлэв. Энэхүү зарчим нь Монгол, Хятадын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд илүү таатай боломжийг бүрдүүлж байгааг талууд тэмдэглэв. 

Монголын тал БНХАУ-ын Засгийн газар нь нийт Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар гэж үздэгээ нотлов. Монголын тал Тайвань, Төвд, Шинжааны асуудлаарх хятадын талын байр суурийг тууштай дэмжинэ.

Талууд хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, олон улсын арга хэмжээний үеэр уулздаг уламжлалыг үргэлжлүүлж, бусад арга хэлбэрийг ашиглан стратегийн хэлхээ холбоогоо улам бэхжүүлнэ.

Талууд хоёр улсын парламент, засгийн газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Талууд хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулахыг дэмжинэ. 

Хятадын тал Монгол Улс дэлхийн бүх улс орон, олон улсын байгууллагатай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж буйд баяртай байдаг бөгөөд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. 

Хятадын тал Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэн олон улс болон бүс нутгийн түвшинд дэмжинэ. Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал аливаа хэлбэрээр оруулах, байрлуулахын эсрэг хамтран ажиллахаар тогтов.     

Талууд Гадаад хэргийн яамдын хооронд “Стратегийн яриа хэлэлцээ”-ний механизмыг байгуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, гадаад бодлого болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцож байхаар тохиролцов. 

Талууд хоёр улсын улс төрийн намуудын хооронд туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг дэмжинэ.

Талууд батлан хамгаалах салбарт харилцан айлчлалыг тогтмолжуулж, цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахын зэрэгцээ боловсон хүчин сургах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Талууд хоёр талын хуулийн байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд, түүний дотор хил хамгаалах, цагдаа, авлигатай тэмцэх зэрэг байгууллага хоорондын өндөр түвшний харилцаа, хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Талууд терроризм, хил дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаатай хамтран тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Талууд хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэхээр тохиролцов. 

Хоёр. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа:

Талууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хоёр улс, ард түмний сайн сайхны төлөө чиглүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Хятадын тал цаашид ч харилцан ашигтай байх зарчмаар Монгол Улстай хамтран ажиллаж, хөгжлийн үр шимийг Монгол Улстай хуваалцаж, хамтын хөгжилд хүрэхийг хүсч байгаагаа онцлон тэмдэглэв. Монголын тал Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 

Талууд эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчмын дагуу бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ.

Талууд хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хоёр талын мөнгөн тэмдэгтийн харилцан солилцох хэмжээг нэмэгдүүлж, хоёр улсын аж ахуй нэгжүүд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр худалдааны төлбөр тооцоо хийхийг хөхиүлэн дэмжиж, арилжааны зээл, төслийн санхүүжилт зэрэг чиглэлийн хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлнэ. 

Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц боломжийг ашиглан, худалдааг хөнгөвчлөх бодлогыг дэмжих, Зүүн Хойд Азийн үзэсгэлэн яармаг, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, Монгол, Хятадын үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг замаар хоёр улсын худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорино. Талууд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хоёр талын худалдаан дахь хувийг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжинэ.

Талууд Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болон хоёр талын бусад механизмын хүрээнд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, боомт, төмөр, зэс, хар тугалга, цайр, уран, нүүрс, газрын тос, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгө зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хурдацтай урагшлуулж, Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг бүх талаар дээшлүүлнэ. 

Хятадын тал Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмын дагуу өөрсдийн давуу талыг ашиглан Монгол дахь томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монголын талтай шинэ өндөр технологи болон цэвэр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ.

Талууд Монгол, Хятадын нүүрс хийжүүлэх төслийг хоёр улсын хөгжилд алс хэтийн ач холбогдолтой хэмээн өндрөөр үнэлж, хоёр улсын аж ахуй нэгжүүд голлон оролцож, зах зээлийн зарчмын дагуу хамтран ажиллахыг дэмжинэ. Талууд хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан болон бусад томоохон төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ. 

Талууд Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлнэ.

Талууд өөрийн улсын эрчим хүчний хөгжлийн стратеги болон бодит хэрэгцээ шаардлагатай уялдуулан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, Монголд нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулан, Хятадад эрчим хүч экспортлох болон холбогдох хэлэлцээрийг байгуулах зэрэг асуудлыг идэвхтэй судлана. 

Хятадын тал Монгол Улсад дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, холбогдох хэлэлцээрийг байгуулсанд монголын тал талархал илэрхийлэв. Талууд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтов.

Талууд 1991 оны “Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг шинэчилж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Хятадын тал БНХАУ-ын Хойд болон Зүүн Хойд бүс нутгийн гадаад худалдааны нээлттэй боомтуудыг Монгол Улсын далайн гарц болгон ашиглуулна.

Талууд 1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”, 2004 оны “Монгол, Хятадын хил, хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг аль болох эрт шинэчлэн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулна.  

Талууд хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх арга хэмжээ авна. Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг олон улсын чанартай болгох, Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат боомтуудыг байнгын ажиллагаатай болгох ажлыг идэвхтэй урагшлуулна. Цагаандэл Уул-Өлзийт боомтыг нээх ажлыг түргэтгэнэ.

Талууд хоёр улсын иргэний нисэхийн хамтын ажиллагааны талаарх хэлхээ холбоогоо бэхжүүлж, хоёр улсын хоорондын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх боломжийг зах зээлийн шаардлагын дагуу нэмэгдүүлнэ.

Гурав. Боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа

Талууд “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад сэтгэл хангалуун байгаа бөгөөд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн холбогдох арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулна.Талууд хоёр улсын хүүхэд, залуучуудын харилцан солилцооны механизм байгуулахаар тохиролцож, 2015 оноос эхлэн ирэх 5 жилийн хугацаанд хятадын тал жил бүр Монголын 100 залууг, монголын тал Хятадын 50 залууг тус тус хүлээн авч, танилцах аялал зохион байгуулна.

Ирэх 5 жилд монголын талд богино хугацааны сургалтын 1000 квот олгох, Хятадын Засгийн газрын тэтгэлгийн тоог 1000-аар нэмэгдүүлэх, хэвлэл, мэдээллийн чиглэлийн 250 төлөөлөгчийг Хятадад айлчлуулахаар урьсанд монголын тал талархал илэрхийлэв.  

Талууд цаашид соёлын өдрүүдийн арга хэмжээг харилцан зохион байгуулж, соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлнэ.

Талууд биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, соёлын өвийн хууль бус наймаатай хамтран тэмцэх зэргээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын тавцанд харилцан дэмжлэг үзүүлдэг уламжлалаа үргэлжлүүлнэ.

Талууд цаашид хоёр улсын хэвлэл, мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлж, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааны механизмыг ашиглан кино, телевизийн нэвтрүүлэг хийх, дамжуулан нэвтрүүлэх, харилцан солилцоог хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгөхөө хятадын тал мэдэгдэв. Талууд хамтын ажиллагаа, солилцоогоо бэхжүүлэх замаар хоёр талын харилцааны хөгжлийн төлөө олон нийтийн илүү таатай хандлагыг бий болгож, ард түмний дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран чармайна.

Монголын тал МУИС-ийн Күнзийн институт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн үйл ажиллагаанд цаашид дэмжлэг үзүүлнэ. Монголын тал Бээжинд соёлын төв байгуулахад хятадын талаас шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. 

Талууд Монгол судлал, Хятад судлалыг өөрийн орондоо хөгжүүлэхийг дэмжиж, хоёр орны үндэсний соёл, хэл, уламжлал, түүх, урлаг, спорт, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Талууд Монгол Улсад эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эм, эмнэлэгийн хэрэгслийн чанарт анхаарч ажиллана.

Талууд хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааны үр дүнтэй механизм бий болгон, хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулж, хил орчмын бүс нутагт гарсан халдварт өвчний талаарх мэдээллийг шуурхай дамжуулж, тархалтыг бууруулна.

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, БНХАУ-ын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Талууд цаашид цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймэртэй тэмцэх, усны нөөцийг ашиглах болон хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.  

Дөрөв. Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа

Талууд энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжинэ.

Талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/, Ази-Европын уулзалт /АСЕМ/, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга /АРФ/, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/, “Их Түмэн санаачилга” зэрэг олон талт байгууллага болон хамтын ажиллагааны механизмын хүрээн дэх уялдаа, зохицуулалтаа цаашид бататгана.

Монголын тал “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд хамтран ажиллах, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ны бүтээн байгуулалтад үүсгэн байгуулагч улсын хувиар оролцоход бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Хятадын тал Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэхийг дэмжиж, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох,  Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ. 

Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хөгжпийн үйл хэргийн талаарх хэлхээ холбоо, зохицуулалтаа улам гүнзгийрүүлнэ. Монголын тал хятадын талын зохион байгуулагч орны хувиар Зургаан талт яриа хэлэлцээний үйл явцыг сэргээх, идэвхтэй урагшлуулах чиглэлээр гаргаж буй хүч чармайлтыг дэмжинэ. Хятадын тал Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжинэ. 

Талууд монголын талын санаачилсан Монгол, Хятад, Орос гурван улсын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах, гурван талын яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг дэмжинэ.         

Тав. Бусад                         

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцааны хөгжлийг улам бүр урагшлуулахад чухал ач холбогдолтой боллоо гэж талууд санал нэгтэй үзэв. Халуун дотно хүлээн авч, айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан монголын талд БНХАУ-ын дарга Си Зиньпин гүн талархал илэрхийлэв. Си Зиньпин дарга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тааламжтай цагтаа БНХАУ-д айлчлахыг урив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгыг талархан хүлээн авав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ СИ ЗИНЬПИН 

2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот