Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Татварынхан хулгайгаар данс хуурайлдаг боллоо

Монгол Улсын төсөв хүндэрсэнтэй
холбоотойгоор татвар бүрдүүлэх кампанит
ажил өрнөөд эхэлчихэж. Өчигдөрхөн
манай редакц руу нэгэн
уншигч утсаар залгаж “Энэ
төр чинь хуулиар далайлган
тонуул хийдэг болж. Эдийн
засаг хүндхэн энэ үед
ашиг олох нь бүү
хэл арайхийн татвараа төлөөд өнөө маргаашаа
аргацааж байгаа мань мэтийн
аж ахуйн нэгжүүд олон
бий. Гэтэл Баянгол дүүргийн
татварын хэлтэс банкин дахь
компанийн дансыг бидэнд албан
ёсоор мэдэгдэлгүйгээр НӨАТ авах нэрийдлээр
хоосолчихлоо. Энэ чинь хууль
бус үйлдэл биз дээ.
Манайх жилийн 40-хөн сая төгрөгийн
орлоготой жижигхэн компани” хэмээн их л
бухимдангуй ярьсан юм.

Түүний компани сүүлийн хэдэн
жил тогтмол ажиллаж хүн
амын орлогын болон нийгмийн
даатгалын зэрэг хугацаат татваруудаа
тухайн сар сардаа төлсөөр
иржээ. Тэгтэл өнгөрсөн долоо
хоногийн даваа гаригт Баянгол
дүүргийн татварын хэлтсээс НӨАТ-ын сүүлийн
гурван сарын өр дөрвөн
сая гаруй төгрөгөө төлөхийг
сануулжээ.  “Эдийн
засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгжүүдийн
данс нь улайчихсан байгаа
гэдгийг та бүхэн мэдэж
байгаа. Төлөх л ёстой
юм чинь би хаашаа
ч бултахгүй. Ирэх
аравдугаар сард төлөөд дуусгачихна”
хэмээн тэрээр хариулжээ. Байцаагч
ч “За, ойлголоо” гээд
л утсаа салгаж.
Ийнхүү утсаар ярьснаасаа хойш
гурав хоногийн дараа буюу пүрэв
гаригт дансан дахь дөрвөн
сая гаруй төгрөгийг нь
бүгдийг нь НӨАТ-ын
өрөнд суутгаж авчээ. Ингэхдээ
бүр ажлын цаг тарсны
дараа буюу оройн 19.00 цагт
гүйлгээ хийгдсэн аж. Дансан дахь
мөнгийг нь НӨАТ-т
суутгагдсныг тэрээр маргааш нь
буюу баасан гаригийн өглөө
ажил дээрээ ирээд мэджээ.
НӨАТ-ын өрөнд данснаас
нь мөнгө суутгах гэж
байгаа тухайгаа албан ёсоор тухайн
аж ахуйн нэгжид огт
мэдэгдээгүй аж. Бүр “Хаан”
банкнаас ч түүнд мэдэгдээгүй
аж. Зүй нь дүүргийн
татварын хэлтсээс энэ тухайгаа утсаар
ярих бус хуульд заасны
дагуу НӨАТ-ын сүүлийн
гурван сарын мөнгөө төлөхийг
шаардсан мэдэгдэл акт, мэдэгдэх хуудас,
төлбөрийн хуудас хүргүүлэх ёстой.
Банкны тухай хуулинд заасны
дагуу эзэмшлийнх нь данснаас албадлагаар
зарлага гаргах гэж байгаа
бол эзэнд нь зайлшгүй
мэдэгдэх ёстой юм байна.

“Хаан” банктай холбогдоход “НӨАТ-ын сүүлийн гурван
сарын өрийг нь шууд
суутгаж авах талаар” Дүүргийн
татварын хэлтсээс бидэнд албан бичиг
ирүүлсэн. Энэ гүйлгээг хийхэд
тус компанийн ямар ч албан
тушаалтны гарын үсэг, зөвшөөрлийг
авах нь бүү хэл
мэдэгдээ ч үгүй юм
байна. Харин энэ талаар
дүүргийн татварын хэлтсээс лавлахад “Бид хуулийн хүрээнд
үүргээ биелүүлсэн. Хууль дүрмээ судал.
Татварын тухай хуулийн 62, 75-ийн
1.6 дүгээр заалтуудыг унш” гэж сүрхий
зандарчээ. Давхар дансан дахь
мөнгөнд нь өөрийнх нь
зөвшөөрөлгүй гар дүрсэн шалтгааныг
тодруулахаар асуусны хариуд “Ажил
ихтэй байхад төвөг удаад
байх юм. Авах ёстойгоо
л аваа биз
дээ” гэж уцаарлажээ. Тэгтэл
Татварын ерөнхий хуулийн наймдугаар
бүлгийн 62 дугаар зүйлд “Татварын
алба хугацаанд нь төлөөгүй татварын
өрийг хураах ажиллагааг дор
дурдсан дарааллаар явуулна. Үүнд үл маргах
журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин
хөлс, бусад орлогоос гаргуулах,
шүүхэд нэхэмжлэх гаргах” хэмээн заажээ.
Гэтэл НӨАТ төлөх хугацааг
хуульчилж заагаагүй учраас ихэнх аж
ахуйн нэгж тухайн улирал
эсвэл жилдээ багтаан төлдөг
байна. Энгийнээр бол төсөв бүрдүүлэх
зорилготой татвар биш учраас
сар сардаа төлөх ёстой
хэмээн хуульчлаагүй байна. Харин 75 дугаар
зүйлд нь “Шаардлагатай нягтлан
бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын
мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж
өгөхгүй байх, байр агуулахад
нь нэвтрэх боломж олгохгүй
байх, ажлын зураг авалт,
үзлэг, хөрөнгө барьцаалах болон
битүүмжлэх үйл ажиллагааг хийлгэхгүй
байх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
талаар өгсөн мэдэгдэл акт,
мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас
шаардлагыг биелүүлэхгүй зэрэг тохиолдлуудад хувь
хүний хөдөлмөрийн доод хэмжээг хоёроос
гурав, албан тушаалтныг хөдөлмөрийн
доод хэмжээг гурваас дөрөв
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөрөнгөөр торгоно”
хэмээн тусгасан байдаг аж. “Тэгэхээр
хуулийн дээрх заалтыг огт
хэрэглэлгүйгээр дансан дахь мөнгийг
нь авсан гэдэг нь
эндээс харагдаж байгаа биз.

Тэгээд ч энэ хуулийн
заалт татварын улсын байцаагчийн албан
үүргээ гүйцэтгэхэд санаатайгаар саад учруулсан тохиолдолд
авах арга хэмжээний талаар
тусгасан болохоос НӨАТ-ыг хичнээн
сараар төлөөгүй бол банкны данснаас
эзэнд нь мэдэгдэлгүй мөнгийг
нь хумсална гэсэн үг огт
биш” гэж бидэнд хандсан
компанийн захирал ярилаа.  

 

Дээрх
болсон үйл явдалтай холбоотойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ж.Жавзандуламаас тодруулга авлаа.

 

Аж
ахуйн нэгжийн дансан дахь мөнгийг өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр НӨАТ авсан үйлдлийг хууль зөрчсөн гэх үндэслэл бий юу?

 -Бүрэн үндэслэлтэй.
Эдийн засаг хүндхэн байгаа
өнөө үед НӨАТ ч
гэлтгүй бусад татварыг хугацаанд
нь төлөөгүй байсан ч алданги
аваад л явах хэрэгтэй.
Хуулиар тогтоосон хугацаа хэтэрвэл татвараас
зугтсан, татварын өндөр өртэй зэрэг
тохиолдлуудад дээрх шиг дансыг
нь лацдах, шүүхэд хандаж
эсвэл данснаас шууд мөнгө гаргуулахаар
хуульчилсан. Тэгтэл сар бүр
төлөх ёстой татваруудаа төлөөд,
тогтмол үйл ажиллагаагаа явуулахын
сацуу хуулийнхаа хүрээнд улиралдаа багтаагаад
НӨАТ-аа төлнө гэчихээд
байхад аж ахуйн нэгжид
нь албан ёсоор мэдэгдэлгүйгээр,
ажлын бус цагаар данснаас
нь шууд мөнгийг нь
татаж авна гэдэг бол
хууль зөрчсөн үйлдэл. Энэ
бол хүний хөрөнгөд хуулийн
үндэслэлгүй шууд халдсан хэлбэр.
Бас бизнес үйл ажиллагаанд
нь саад учруулж байна.
Хөдөлмөрийн хуулиндаа өглөөний наймаас 17, есөөс 18 цагийн хоорондох цагуудыг
ажлын цаг гэж үздэг.
Энэ хугацаанд л төрийн үйл
ажиллагаа хуулийн дагуу явагдаж,
тушаал шийдвэрүүд гарч, биелэгдээд явах
учиртай. 19 буюу ажлын бус
цагаар мөнгийг нь авна
гэдэг бол төрийн үйл
ажиллагаа ажлын бус цагаар
явагдаж хууль зөрчсөн хэлбэр.
Бүр төр нийтийн үйлчилгээний
алба болчихсон өнөө үед шүү.

Хуулиараа бол данснаас нь
НӨАТ-т суутгаж авах
гэж байгаагаа утсаар бус албан
ёсоор мэдэгдэх ёстой. Хоёрдугаарт “Хаан”
банк тухайн аж ахуй
нэгжийн данснаас мөнгийг нь НӨАТ-т суутгах гэж
байгаа бол мөн л
эзэмшигчид нь мэдэгдэх ёстой.
Энэ тухай банкны дүрэмд
заасан. Гуравдугаарт НӨАТ-ыг сар
сардаа төлөхөөр хуульчлаагүй байгаа. Тухайн жилдээ,
эсвэл улиралдаа багтаагаад л аж ахуйн
нэгжүүд төлдөг. Тэр ч
утгаараа дээрх компани ирэх
сард төлж болох байсан.
Дөрөвдүгээрт дансан дахь мөнгийг
нь шууд татаж авсан
нь хуулийн үндэслэлд ч
зохицолдохгүй байна.

Энэ
тохиолдолд банк үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж зөвхөн мэдэгдэх бус, бүр данснаас нь мөнгө гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой байсан юм биш үү?

-Банкны үйлчилгээ хамгийн гол нь
итгэлцэл дээр тогтдог. Энэ
мэт хуулийн үндэслэлгүй нөхцөлд
мөнгийг нь тавиад туучихаж
байгаа бол харилцагчдын итгэлцэлд
сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай
нь банк энэ тал
дээр хариуцлагагүй хандаж, дансны эзэнд
нь ч мэдэгдээгүй байна
шүү дээ.

Дээрх
тохиолдолд татварын байцаагч хуулийн заалтаа унш, судал, гэж иргэдийг зандрах нь хуульд хэр нийцсэн үйлдэл вэ?

-Харин манайд л ингээд
эсрэгээрээ болчихоод байгаа юм. Өгөх
хүн гэдийж, авах нь
бөхийдөг гэдэг биз дээ.
Монгол Улсын иргэн төрсөн
цагаасаа авахуулаад нас барсан хойноо
ч татвар төлдөг.
Нас барсны гэрчилгээ авахдаа
хураамж төлдөг. Татварын алба
бол иргэддээ үйлчилгээ үзүүлэх ёстой. Үйлчилгээ
гэхээр юу хэлээд байгаа
юм гэхээр иргэд, аж
ахуй нэгждээ хуулиа тайлбарлан
таниулж, ойлгуулж байж татвараа авдаг.
Хэрэв үнэхээр энэ нь
хууль зүйн үндэслэлтэй, иргэн
ташаа ойлгосон тохиолдолд бүрэн эхээр нь
уншиж өгөөд зогсохгүй дэлгэрэнгүй
тайлбарлаж өгөх ёстой.

Танаас
зөвлөгөө авдаг аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-тай холбоотой өөр ямар тулгамдсан асуудал гарч ирдэг вэ?

-НӨАТ-ын босго болох
10 сая төгрөгийг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр
ихэнх аж ахуйн нэгж
нэгдсэн байр суурьтай байдаг.
НӨАТ бол хэрэглээний буюу
хяналтын татвар болохоос төсөв
бүрдүүлэхэд чиглэгдээгүй. Өнөөдөр аж ахуй
нэгжүүдийн жилийн орлого 10 сая
төгрөгөөс давж байвал НӨАТ
төлдөг. Тэгтэл өнөөдөр захын
жижиг ТҮЦ-нд 20 сая
төгрөг эргэлдэж байна. Тийм ч
учраас ихэнх жижиг дунд
аж ахуй нэгжүүд НӨАТ
төлөгч. Бас НӨАТ-ын
өртэй. Хэрэв тэдгээр аж
ахуйн нэгжүүдийн НӨАТ-ыг яг
ийм аргаар татаад эхэлбэл
бүгд дампуурахад бэлэн байна. Энэ
нь төр “Орлогоос чинь
авах ёстой татвараа хууль
зөрчөөд ч хамаагүй авлаа.
Та нар оршин тогтнох
эсэх, алдагдалд орох эсэх, ажилчдаа
халах эсэх нь ч
хамаагүй гэсэнтэй яг ижил.

                                                         М.УУГАН-ЭРДЭНЭ

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятадын даргад зориулсан хүндэтгэлийн чуулганыг ганцхан Х.Баттулга гишүүн тасалжээ

Хятадын дарга Си Жиньпин саяхан
манайд айлчилсан юм. Хятадын даргыг монголчууд юу болов гэмээр сүр дуулиантай угтсан.
Энэ ертөнцийн эзэн ирсэн мэтээр сэтгэл хөдлөлтэйгээр үйлчилж, дарга, цэрэггүй магтан
шагшиж байлаа. Монголд буугаад мордох хугацаанд нь ая тухтай байлгах хэрэгтэйн ач
тусыг зарим нам эвсэн урьдаас сануулан шогширч байлаа.  Хэдийгээр 
УИХ-ын хаврын чуулган завсарласан ч Хятадын даргыг айлчлах үеэр хүндэтгэлийн
чуулган хуралдуулсан юм. Хөдөө, гадаагүй зугаалж яваа УИХ-ын гишүүд цөм цуглаж,  төрийн дууллаа эгшиглүүлэн өмнөд хөршийнхөө даргад
хүндэтгэл үзүүлж байв. Харин тэр өдөр    ганцхан
Х.Баттулга гишүүн хүндэтгэлийн чуулганыг тасалсан юм. Хэн бүхэн сандарч мэгдэн гоё
хувцсаа өмсөн хүндэтгэж байхад Х.Баттулга гишүүн хаана байв.

Монголын
нэр нөлөөтэй хүмүүсийн твиттерт жиргэж, зургийг нь тавьснаас  харвал эрхэм гишүүн Х.Баттулга яг тэр өдөр буюу
Хятадын дарга Си Жиньпинийг айлчлан ирэх үед Энхтайваны гүүрээр ээлжит өглөөний
гүйлтээ хийж явжээ. Эр бяраа гайхуулсан хоёр залуугаар хамгаалуулан хээвнэг гүйж
яваа түүний зургийг Монголын нэр нөлөөтнүүд твиттерт тавьж жиргэсэн байх юм. Эрхэм
гишүүн Х.Баттулгад Си дарга огтхон ч сонин биш юм уу. Эсвэл тэр дарга харж долдойдоггүй,
хэнэггүй эр юм уу. Ямартай ч Хятадын даргын айлчлалын цуваатай хэнэг ч үгүй зөрөөд
гүйж яваа зураг нь хэдийнэ твиттерчдийн жиргээний сэдэв болж, олны хүртээл болжээ.
Ялаа ч нисгэхгүй, нам гүм хамгаалалтын дундуур халдашгүй дархан эрхтэй Х.Баттулга
гишүүн л гүйж байжээ. Аргагүй архаг твиттерч Асашёорюү Д.Дагвадорж шүүрс
алдсанаар аргагүй л эрх чөлөө гэж энэ юм байх даа.

 

Я.МӨНГӨН

 

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэргэжлийн Засгийн газар байгуулъя

Сүйрлийн ирмэгт ч ирсэн
юм байхгүй л дээ.
Малын тоо 50 сая гараад
явчихлаа, турж үхтэл хаа
байсан юм! Ер нь
бүх түүхийнхээ туршид монголчууд нийтийг
хамарсан өлсгөлөн, байгалийн гамшигтай учирч яваагүй. Тиймдээ
ч хөгжих шаардлага
гарч байгаагүй бололтой. Гэтэл жишээ нь
XIII зуунд тахал гарч хүн
амыг нь сүйтгэсний дараа
л Англи улс
хөгжлийн өөр замд орж
дэвшилд хүрсэн гэх. Алив
үндэстэн зовлон бэрхшээл тулж
арга тасарсан үедээ амьдралын өөр
арга чарга хайн явсаар
шинэ зөв зам олдог
гэдэг.

Бидний өнөөгийн зовлон бол нэгэнт
хүрсэн өндөрлөгөөсөө маш хурдтай эргэж
унах гээд байгаад оршино.
Социализмын үед нийт орлогынхоо
70 хувийг хүнээс зээлээд тарчиг
ч гэсэн амьдарсаар
ирсэн. Систем задран унасны
дараа өөрийн жинхэнэ хөрсөн
дээр унаж “дэлгүүрт давснаас
өөр юмгүй”-д очсон.
“Зах зээлийн өнөөгийн хүнд
нөхцөл” гэгчид үнэндээ гуйлгаар
л амьдарсан. Нийт
орлогын 50 шахам хувийг Олон
улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнууд, хүмүүнлэгийн тусламжаар
бүрдүүлж байв. 2000 он хүрч байж
бид арай гэж нэг
тэрбум долларын эдийн засагтай болов.
Арван жилд хоёр дахин
өсчихөөд байгаа нь энэ,
гэхдээ хүнд ноогдох ДНБ
дөнгөж 450 доллар буюу дэлхийн
хамгийн доод үзүүлэлтэнд багтана.
Гэхдээ энэ 10 жилд байгалийн
баялаг илрүүлэх, ашиглах бэлтгэл сайн
хийгдсэний дүнд хайгуулиар олон
баялаг илэрсэн ба хуулийн
тогтолцоо буй болгосны хүчинд
түрүүчээсээ гадаадын хөрөнгө оруулагчид хаалгаар
шагайж эхэлсэн юм.

2005 оноос
ДНБ огцом өсч эхэллээ.
Түүхий эдийн үнэ дэлхий
даяар гэнэт өсч эхэлсний
дүн болохоос бид гэнэт ажилсаг
болчихсон хэрэг биш л
дээ. Чухам ийм учраас
түүхий эдийн үнээс хамаарсан
гэнэтийн өсөлт бол төдийлөн
сайн үзүүлэлт биш. Үнэ гэнэт
унахад урдахаасаа хүнд байдалд орж
хямардаг. 1973 оны газрын тосны
гэнэтийн өсөлт ба хэдэн
жилийн дараахь үнийн уналт
нефть олборлодог олон оронд тун
ч муугаар төгссөн.
Монголын эдийн засгийн чадавхи
түүхий эдийн гэнэтийн өсөлтөөс
шалтгаалан 5-7 жилийн дотор 10 дахин
нэмэгдлээ. Нийт эдийн засаг
нь 10 тэрбум долларын үзүүлэлттэй
болсон нь хүнд ноогдох
ДНБ-ийг дөрвөн мянгад
хүргэн дэлхийн дундаж орлоготой
айл болгосон.

Гэнэтийн их мөнгө хараад
нийгэм маань тэр чигтээ
галзуурчихсан. Архинд голдуу үрэгдсэн
дөрвөн тэрбум долларыг нам
засаг ард түмнээ бодон
хайрлаад бэлнээр нь тараачихсан
нь үрэлгэн эдийн засгийн
зөвхөн нэг тал нь.
Төрийн зардал хүн аймаар
нэмэгдэж, хэнд ч хэрэггүй,
эсвэл огт ашиглаж чадахгүй
асар их бараа үйлчилгээний
гүйлгээ хийлээ. Дээр нь
хэдэн мянгаараа байгуулагдсан Төрийн бус байгууллагын
“эгэл баатруудаас” эхлээд төрийн удирдлага
сайд дарга нараа хүртэл
шинэ баяны цээж гарган
ханхалзаж үзээгүйгээ үзэж үхэр цамаа
харайж гарлаа. Эдийн засгийн
өсөлтөөсөө давсан авлигын сүлжээ
замаа алдсан.

Өнөөдөртөө
Монголын эдийн засаг байгалийн
баялаг дээр л тогтож
байгаа. Нийт экспорт бараг
л тэр чигээрээ
байгалийн баялаг. Өөр гадагш
нь гаргаж худалдах юм
бидэнд өнөөдөртөө үгүй. Нэгэнт 10 тэрбум
хүртлээ тэлсэн эдийн засагт
урьд нь болгоод байсан
ноолуур, жуулчлал, малын түүхий эд,
үр тариа бараг л
хувь эзлэхээ больжээ. Солонгорсон
эдийн засагтай болохын тулд юун
түрүүн асар их мөнгө
хэрэгтэй. Бид эднээ хөгжүүлэх
суурь тавьж болох байсан
гэнэтийн их олзоо ам
руугаа хийгээд жорлон руу
асгачихсан шүү дээ. Цаана
нь боловсрол, эрүүл мэнд гээд
мөн л их мөнгө
шаардсан салбар байна. Энэ
мөнгийг өнөөдөртөө бид уул уурхайгаас
өөр ямар ч салбараас
босгож чадахгүй.

ДНБ-ий хэмжээ хурдтай
буух нь аюултай үзэгдэл.
Тогтмол 3-5 хувийг өсөлттэй эдийн
засгийг эрүүл гэж үздэг.
Гэтэл бид 17-оос 12 болсон
ба энэ жилд 6-7, хойтон
жил 3-4, тэгээд хасах руугаа
орох прогнозтой байна. Төгрөгийн ханшийг
барьж байх учиртай валютын
нөөц үнэн чанартаа тэглэж
байгаа. Дутуу байшин бариад
дуусгачихсан. Энэ зун баригдаж
байгаа байшин сав бараг
харагдаагүйг хүмүүс ажигласан л
байх. Улсын төсөв их
наядаар хотойтол дутах боллоо. Хувийн
ба төрийн гадаад өр
20 тэрбум доллар руу дөхөж
явна. Жижиг дунд гэхээсээ
энэ улсыг чирч, төсвийг
нь бүрдүүлдэг том компаниуд хаалгаа
барих дээрээ тулж байна.
Экспортод гарч буй түүхий
эдүүд түрүүлж зээлээд хуваагаад
идчихсэн өрөнд гарч байгаа.
Импорт эрс багаслаа.

Алдаа бол алдаа, өнгөрсөн
борооны хойноос цув нөмрөөд
ашиггүй. Алдахад биш алдаагаа
засаж чадахад л хамаг
ухаан оршино. Сүүлийн арван
жил төр хувааж барьсан
хоёр нам одоо балраад
ирэхээр биенээ буруутгах аянд
мордлоо. Энэ хямрал бол
хамтын бүтээл. Энэ хэрэгт
манай жирийн иргэд ч
оролцоотой. Нэхэж шаардан хомхойрч
байснаас гадна төрийн эрх
барих дээд байгууллагыг өвчтэй
галзуу хүмүүсээр дүүргэсэн. Иймээс бурууг хэнээс
ч эрэх шаардлагагүй,
эзэд нь бид бүгдээрээ.
Саяхан Японы шинжээчид манайд
судалгаа хийж үзээд өнөөгийн
хямралд юутай ч гаднаас
нөлөөлсөн ямар ч хүчин
зүйл алга, зөвхөн өөрсдөөсөө
болсон байна гэсэн хариу
гаргажээ.

Нэгэнт хямралын буруутан нь цөмөөрөө учир
ялтныг хайн дэмий л
хэрэлдэж байхаар гарах шинэ
гарц бэдэрсэн нь дээр санагдана.
Саяхан Хятадын дарга айлчлаад
буцлаа. Мөнгө өгч аврах
байх гэсэн горьдлогыг жолоочоос
жолоодогч хүртэл цээжиндээ агуулав.
Мөнгөний бараа хараад энэ
дэлхийг хүртэл өшигчиж байсан
гарууд маань номхорч юун
хужаа хувхай, ах минь,
найз минь, чи хөөрхөн
шүү, авгай чинь бүр
хөөрхөн болоод явсан даа.
Си Зиньпин дарга олон
гэрээ үзэглэснээс хамгийн чухал нь
Монголд үйлдвэрлэсэн юуг ч худалдан
авахад бэлнээ илэрхийлсэн явдал
юм. Бэлэн мөнгө яахав
дээ, ямаа идэхээс хойш
ямар ялгаа байна! Гол
нь Монголын өмнө зах зээлээ
нээж өгөхөөр амлалаа. Монгол
руу хандах гадаадын хөрөнгө
оруулалтын хамаг гол сонирхол
бол Хятадын хэмжээгүй аварга
зах зээл. Хятадын зах
зээлд Монголоор дамжин гарч чадна
гэдэг ашигтай наймаа. Энэ
нь Монгол Улс эдийн
засгаа сэргээх хамгийн том
бололцоо.

Бид аманд гэнэт ороод
ирсэн шар тосыг юм
болгож чадах уу? Их
л эргэлзээтэй. Улс
төрийн өнөөгийн харьцаа хамгийн түрүүн
гай болно. МАХН агсан
хөөрхий дундуураа хоёр хуваагдаад тусдаа
нам болох мөртөө аль
алин нь хууль тогтоох
байгууллагад хүчирхэг бүлэгтэй болоод авсан. МАН
нэртэй болсон хэсэг нь
ч даргын ба
даргын бус гээд хоёр
хуваагдчихсан байгаа. Төрийн эрх
барилцаж байгаа МАХН нэрийг
авагчид ч дотроо бөөн
явдал. АН-ын хувьд
чухам хэд хуваагдсаныг нарийн
байтугай бүдүүнээр ч хэлэх бололцоогүй.
Хамгийн хүчирхэг хэсэг нь намын
даргын толгойлох бүлэг. Тэднийг унагах
гэсэн бусад бүлгүүд түр
нэгдэл байгуулаад бяраа үзэж байгаа.
Хоёр оролдоод бүтээгүй, бурхан гурав гэсэн
тоонд дуртай болохоор Намрын
чуулганд хайнаа салгаж магадгүй
л юм. Тэд
МАН-ын даргын бүлгийг
хүчин хавсруулахаар дуудаж байгаа. Харин
АН-ын даргын бүлэг
МАХН-аасаа салахгүй гэж
гүрийж байгаа. Нүдний булай
болсон эдийн засгийн алуурчин
гэгдэх ганц хоёр сайдаасаа
салж байгаад цааш үлдэх
сонирхолтой. Түр зуурын л
амьсгал даа. Нүглийн нүдийг
гурилаар хуурав гэгчээр. Аль
ч хувилбараар нь
яваад унасан нь унагаасныгаа
ажил хийлгэхгүй. Тийм хангалттай хүч
аль алинд нь байгаа.
1919 онд яг ийм нөхцөл
засагт үүсч, ноёдын ба
шар лам нарын хагарал
нь тэнцээд хэн нь
ч дийлэхгүй болохоор
нөгөө нэгэндээ төр бариулж байхаар
автоном төрөө унагачихъя гэдэгтээ
тулан Хятадаас цэрэг уралдан урьж
тусгаар тогтнолоосоо татгалзаж байсан тохиолдол бий
шүү дээ. Энэ талын
хоёргүй нэг утгатай баримт
хэдийнээ олдсон.

Ардчилсан төрд сөргөлдөх хүчнүүд
хэт тэнцсэнээс болоод шийдвэр гаргаж
чадахгүй мухардалд орж байсан тохиолдол
олон бий. Бельгид хоёр
хүчин яг тэнцчихээд Засгийн
газаргүй жил гаруй болсон
тохиолдол саяхных. Энэ ч яахав
улс төрийн хямрал. Гэтэл
дагалдаад эдийн засгийн хямрал
болохоор сүйрлийн дохио болно. Ийм
явдал саяхан Италид тохиов.
Герег, Кипр, Испаний араас
Итали сөхөрч эхэлсэн. Берлескунийг
хүүхэнтэй орооцолдсон хэргээр шүүхэд аваачиж
өгсөн ч нам нь
дарагддаггүй ээ. Шударга сонгуулиар
гарч ирсэн улс төрийн
намыг яалтай нь билээ
дээ. Ингээд улс төрийн
бүх намууд хэлэлцэж байгаад
улс төрөөс ангид мэргэжлийнхнээс
бүрдсэн дундын Засгийн газрыг
буй болголоо. Энэ нь цаашид
үргэлж мөрдөх бололцоогүй зарчим
ч хямралаас гарах
түр зуурын сайн арга
болохоо харуулсан. Ерөнхий сайдыг нь
Сюпэр Марио гэж дуудах
болов. Жилийн дотор мэргэжлийнхэн
улс орныг эдийн засгийн
хямралаас гаргаад эргүүлээд улс
төрийнхэнд засгийн эрхийг нь
буцааж өгсөн. Ийм аргыг
урьд нь Финланд болон
Израилд хэрэглэж байжээ.

Хямралаас гарах үндэсний эвлэрэл
зөвшлийг буй болгоод Засгийн
газрыг хөндлөнгийн мэргэжлийнхний гарт түр хүлээлгэн
өгөх энэ арга л
өнөөгийн манай нийгэм улс
төр эдийн засгийн хямралтай
үед хамгийн сайн эм
болох болов уу гэж
санагдана. Нэг үеэ бодвол
манай орон зах зээлийн
эдийн засгийг ойлгодог мэдлэг
мэргэжилтэй боловсон хүчний нөөцтэй болжээ.
Мэдээж тэдэнд туршлага дутна,
ялангуяа улс төрийн туршлага.
Үүнийг улс төрөөс нэгэнт
холдсон туршлага бүхий зангарагтай хуучин
кадраар зангидуулан удирдуулж болно. Энхсайхан, Бат-Үүл, Дорлигжав, Ганболд
гэсэн нэрс санаанд орж
байна. Олонхийг АН бүрдүүлж байгаа
учир нөгөө намуудаас хүн
нэрлэсэнгүй. УИХ-аас ганц
хүн л мэргэжлийн түр
Засгийн газарт орох юм
бол бусад нь барьцаад
заваарч өгнө гэдгийг тооцож
л санаанд юун
түрүүнд буусан нэрсийг жишээ
болгов. Сайд нарыг мэдээж
фракцууд дэвшүүлэх боловч хүний өөрийн
гэхээсээ мэргэжил туршлагад нь тулгуурлана гэсэн
зарчимд хүрэх ёстой. Голлох
агентлаг болон төрийн өмчит
компанийн удирдлагыг Засгийн газар өөрөө
шийдэж нэрлэнэ. Фракцууд Засгийн газрын шийдвэрт
аль болох оролцохгүй ба
бие биедээ хяналт тогтоон
Засгийн газарт нөлөөлөх нөлөөллийг
багасгана. Хоёр жилийн дотор
эдийн засгийг сэргээн 2012 оны
түвшинд нь аваачих ба
Засгийн газарт орсон хэн
нь ч цаашид улс
төрийн карьер хөөцөлдөхгүй, сонгуульд
нэрээ дэвшүүлэхгүй гэсэн болзол тавих
хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуулиар ард
түмэндээ таалагдах гээд баахан популизм
хийгээд хаячихна. Нохойн толгой ширээн
дээр тогтохгүй гэгчээр бидний хамаг
зовлон бол популизм болчихоод
байна. Намуудын фракцууд ч нэгэнт Үндэсний
зөвшилцөлд хүрэх юм бол
мэргэжлийн Засгийн газрыг хууль
эрхийн хүрээнд сайн дэмжинэ
гэдгээ амлах ёстой. Эс
чингэвээс бантан болж Засгийн
газар юу ч хийж
чадахгүй.

 

Жич:
Хэдэн нэр хэлчихсэн биш, одоо энийг дагаад бөөн маргаан болж эцэст нь портуун дээр унах вий дээ.

2014.8.28

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч В.Путин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна

Манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин яг одоо Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байна. Тэрээр Халх голын байдлааны ялалтын түүхэн ойд хүрэлцэн ирсэн учир ийнхүү Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж байгаа юм. 

ОХУ-ын Төрийн тэргүүн эндээсээ шууд Чингэс хаан олон улсын нисэх буудлыг зорьсноор түүний айлчлал өндөрлөх юм.  

Дашрамд хэлэхэд, түүний айлчлалын хөтөлбөртэй холбоотойгоор Г.К.Жуковын музейн орчим болон нисэх хүртэлх замуудыг бүрэн хаагаад байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Обама Эстонид айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Эстонид хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Эстонийн нийслэлд байх хугацаандаа тус улсын Ерөнхийлөгч болон төрийн хариуцлагатай ажилтнуудтай уулзах юм байна.Тэрээр Таллинд байх хугацаандаа Латв, Литвийн төрийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Америкийн төрийн тэргүүн энэ айлчлалаараа АНУ нь Балтийн орнуудыг хамгаална гэдгийг харуулж байгаа юм. 

Б.Обамагийн Эстонид хийх айлчлал нь хоёр хоног үргэлжлэх гэнэ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын байлдааны ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрөв

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ахмад дайчдын төлөөлөлд уг шагналыг гардуулан өгөв.

Халх голын байлдааны ахмад дайчдаас Монгол Улсын баатар төрсөн юм. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дууриал үзүүлсэн түүхэн гавъяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүртээж, баатар цолны Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Баяндалайн Сааралдайг,

Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Шагдарын Багаажав, Сүрэнгийн Лхамжав нарыг,

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Гончигийн Батмөнх, Сүхийн Борхүү, ахмад дайчин эмэгтэй Цэрэнгийн Чимэдцэрэн нарыг тус тус шагнав.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ  “Эрхэм Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн гуай,

Эрхэм ахмад дайчид, ард иргэд ээ,

Та бид энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт ойг улс даяараа хүндтэтгэн тэмдэглэж байна.

Монголын ард түмэн түүхэн гавъяа байгуулсан баатарлаг охид хөвгүүдээ эргэн дурсаж байдаг. Мөн Монголчууд бидэнд дайн байлдааны хүнд цагт үнэлж баршгүй тус хүргэсэн, Зөвлөлтийн дайчид, орос анд нөхдийнхөө гавъяаг бид хэзээ ч мартах ёсгүй. Учир нь тэд Монгол Улсын бие даасан байдал, хөгжил дэвшлийн төлөө залуу халуун нас, амь биеэ үл хайрлан тэмцсэн юм.

Өнөөдрийн энэ түүхт өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд айлчлахаар хүрэлцэн ирж байгаа нь бүр ч бэлгэдэлтэй юм. Монгол, Оросын олон ахмад дайчид өнөөдөр гавъяа зүтгэлээ үнэлүүлж байна. Халхын голын байлдааны түүхэн ялалтын ойн өдөр Монгол, Оросын ахмад дайчдын төлөөлөл болсон 38 буурал маань Монгол төрийн хүндэтгэл хүлээж шагнагдлаа. 

Шагналаа биеэр ирж авах боломжгүй ахмадуудын шагналыг тусгай төлөөлөл гэрт нь очиж гардуулж өгнө. 1939 онд 18 настай явсан залуу дайчин өнөөдөр 93 насны босго давсан байгаа. Өнөөдөр энд шагналаа гардан авсан хүмүүсийн  дундаас би Монгол Улсын баатар цол хүртсэн Пунцагийн Шагдарсүрэн гуайн тухай онцгойлон дурдахыг хүсэж байна. Тэрээр дайны амь өрссөн өдрүүдэд 21-хэн настайдаа 1939 оны гуравдугаар сард Тамсагийн зургадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд Штабын дарга, улмаар хороон даргаар томилогдон эх орноо хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан хүчин зүтгэжээ. Тэр Халхын голын байлдаан эхлэхээс дуусах хүртэл эх оронч дайчин нөхдөө удирдан тулалдаж явсан манай домогт залуу дарга нарын нэг юм.

Тэрээр Халхын голын байлдаан төдийгүй, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон манай бахархалт ахмад үеийнхний төлөөлөл-баатар хүн юм. Шагдарсүрэн гуайд олгож байгаа энэ эрхэм хүндтэй цол бол нийт ахмад дайчиддаа Монголын төр, ард түмнээс үзүүлж буй өндөр дээд хүндэтгэл юм. Энэ бол Монголын ард түмэн хойч үе, ахмад үеийнхнийхээ баатарлаг түүх, тэдний гавъяа зүтгэлийг хэзээ ч мартахгүй байнга дурсаж байхын илэрхийлэл юм.

Өнөөдөр мөн төрийнхөө есөн хөлт Цагаан тугийн өмнө шагналаа авсан ахмадуудаа нэр дурдаж хэлэхийг хүсэж байна. Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивизийн хөгжимчин, тагнуулчаар үүрэг гүйцэтгэсэн Гончигийн Батмөнх гуай, Халхын голын дайн төдийгүй Чөлөөлөх дайнд оролцсон Сүхийн Борхүү гуай, тавдугаар дивизийн 13 дугаар морьт хороонд нууцын даргаар үүрэг гүйцэтгэсэн Баяндалайн Сааралдай гуай, 15-хан насандаа өөрийн хүсэл, сайн дураараа Халхын голын байлдаанд сувилагч цэргээр очиж, галын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн гуай, наймдугаар дивизэд их бууны наводчикийн үүрэг гүйцэтгэсэн Шагдарын Багаажав гуай, 14 дүгээр морьт хорооны бага даргаар тулалдаж байсан Сүрэнгийн Лхамжав гуай нартаа чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн Халхын голын байлдаанд оролцож гавъяа байгуулсан мянга мянган зөвлөлтийн ахмад дайчдын төлөөлөл энэ өдөр Монгол Улсын эрхэм дээд цолоор шагнагдсан. Тэдний төлөөлөл болж шагнал хүртэж байгаа ОХУ-ын иргэд болох Халхын голын байлдааны ахмад дайчин  Григорьев Петр Осипович, Елизавета Ивановна Чувашова, Ковалев Ефрем Андреевич, Мартыненко Андрей Иванович, Олейников Михаил Федотович, Хулугуров Василий Прокопьевич, Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлж баяр хүргэе. 

Монгол төрийн дээд хүндэтгэл, гавъяа шагналыг өмнө нь болон өнөөдөр хүртсэн нийт ахмад дайчиддаа дайчин нөхөрлөлийн баярын мэнд хүргэж, улам урт удаан насалж бидэндээ үлгэр дууриал болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний баатарлаг гавъяаг түүх мартахгүй, Монголын ард түмэн мартахгүй” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралаа үүрч ирсэн монгол ээжүүдийн охид үзүүлээд өгөхөөс өөр яах билээ

Мөнгөний хомсдол, дол­ларын ханшийн өсөлт, баривчилгаа, тагнасан чагнасан хэрэг, улстөрчдийн хоорондын толхилцоон гээд дан хар бараан мэдээ мэдээлэл, үйл явдал дунд амьдарч яваа бидэнд гэрэл гэгээ татуулан дуулдсан нэг сайхан мэдээ бол ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг нэг алт, шагналт тавдугаар байр, мөн багийн эмэгтэйчүүдийн барилдаанаас мөнгөн медаль хүртсэн явдал байлаа. Нийт 110 үндэстний 639 жүдоч өрсөлдсөн энэ тэмцээнд монголчууд жүдод дээгүүр шүү гэдгээ баталж чадав. 

Ялангуяа монгол бүсгүйчүүд багаараа мөнгөн медаль хүртэж, үүнийг нотолсон. Одоогоос долоон жилийн өмнө буюу “Бээжин-2007” ДАШТ-д хүрэл медаль хүртэж байсан манай нядханууд энэ удаад медалийн өнгөө хувиргаж, мөнгөн медалийн эзэн болов. Ердөө ганц оноогоор алтан медалийн үзүүрээс татаад алдсан тэдэнд аваргын титэм энүүхэнд байна. Үнэндээ ч унага татаж, портер жолоодож, “гахай” үүрч амьдралаа авч ирсэн тийм ээжүүдийн охид ийм байхаас өөр яах билээ. Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэн он жилүүдэд хэн хүнгүй л хөл алдаж байлаа. Хэрхэн яаж амьдралаа авч явах билээ, картын бараанаас давж шанага гурил, ам даавуу яаж олох вэ гэж хүүхнүүд л толгой гашилгаж байсан юм. Хэдийгээр эрчүүд амьдралынхаа гол нуруу байж, том түшиг тулгуур болдог гэлцдэг ч хэцүү үед эмэгтэйчүүд илүү тэсвэр тэвчээр гаргадаг. Энэ бол байгалийн хууль. Эр амьтан бэрхшээл тулгарахад туулах чадвар, өвчин тусахад давах чадвар цаанаасаа үгүй. Яг энэ жишгээр ерээд оны мөчиг тачиг үеийг Монголын эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч гарч ирсэн гэлцдэг. Эмэгтэйчүүд өөрөөсөө хэд дахин том “гахай”-г вагон дамжуулан үүрч, дүүрч явсан тэр жилүүдэд архины лонх бараадаж өдөр хоногийг өнгөрүүлж байсан нөхрүүд цөөнгүй байсан. Гэр бүлээ авч явж, үр хүүхдээ тэжээж, хань нөхрөө дэмжих гэж зүтгэсээр тэр хатуухан он жилүүдийн гашуун өдрүүдийг бүсгүйчүүд давж гарсныг онцлохоос аргагүй. Тийм л сайхан ээжүүдийн охид өнөөдөр дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргаж байна. М.Бундмаа 1985 онд төрснийг эс тооцвол бусад багийн гишүүд бүгд ерээд оныхон. Өнөөдөр дөнгөж хорь гарч яваа тэдний ээжүүд шилжилтийн үеийг шийр зааж давж чадсан эмэгтэйчүүд байх ёстой.

Дэлхийн банкнаас 1990-2012 оны хооронд монгол эмэгтэйчүүдийн ажил эрхэлсэн байдлыг судалж гаргахад 2010 онд хамгийн бага, 1990 онд хамгийн өндөр хувьтай байгаа нь гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, амьдрал хэцүүдэж хүмүүс хэрхэхээ мэдэхээ байсан 1990 онд бүсгүйчүүд олноороо ажил эрхэлж, харин эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ДНБ 17 хувиас давж дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө нэгдүгээрт бичигдэж байсан тэр жил арай гар газар, хөл хөсөр байжээ гэж харагдахаар байгаа юм. ДАШТ-д газар газрын хүчтэнүүдтэй тулж, мөнгөн медалийг гуядаж авсан эмэгтэй жүдочдоо харахад дотор огшиж, сэтгэл өмөлзөхөөр байсан. Тэд Казахстан, Куба, Польшийн багуудыг ардаа орхиж, дэлхийн аваргын нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай Францын багтай тулж үлдсэн байв. Француудын хувьд дэлхийн аваргын алтыг хоёронтоо, мөнгийг нэг, хүрлийг бас хоёр удаа хүртсэн жүдогийн өлгий нутгийн япончуудыг буулгаад авчихсан байсан болохоор сэтгэл зүйн хувьд давуутай байсан биз. Бас Францын багийн таван гишүүний гурав нь бие бялдрын хувьд Азийн шар арьстнуудаас тэс өмнөө африк гаралтай бөхчүүд байсан болохоор манайханд амаргүй байсан нь мэдээж. Гэвч дөрвөн барилдааны дараа хоёр, хоёр болж тэнцэж алтан медаль тун ч ойрхон өндөрлөснийг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Багийн тэмцээн бол сэтгэл зүйн хувьд ч, бусдынхаа өмнө хүлээх хариуцлагын хувьд ч тун амаргүй тэмцээн байдаг. Ганцаарчилсан барилдаанд мөнгөн медаль, хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байр дээр буусан Д.Сумьяа энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүд дундаа өндөр амжилт үзүүлсэн нэгэн. Тэр аваргын төлөө францчуудтай үзсэн барилдаанд ч үүргээ сайн гүйцэтгэсэн. Мөн уг барилдааны 70 кг-ын жинд гарч ирсэн Ц.Наранжаргал сэтгэл зүйн хувьд адармаатай шалгалтыг өгсөн гэж болно. Хэрэв тэр ялагдвал гурав хожигдсоноор асуудал тодорхой болчих учраас тэр ялагдахгүйн тулд бүх биеэрээ, бүр сэтгэлээрээ тулалдсан нь илт харагдаж байсан билээ. Тэр өрсөлдөгчөөсөө бяраар бас техникээр ч илүү байгаагүй. Харин тэр сэтгэлээрээ давуу байж чадсан учраас ялалтыг багтаа авчирч байгаа харагдсан. Монгол эмэгтэйчүүд тийм л байдаг. Улаан чулуу атгахаас буцахгүй зориг зүрхтэй монгол ээжүүдийн өсгөсөн охид тийм байхаас өөр яах билээ. Үүнийг манай бүсгүй жүдочид батлан харуулж чадлаа. Гурав ч хүрэхгүй сая хүнийг төлөөлөн дэлхийн дэвжээнд очсон шавилхан бүсгүйчүүд Казахстаныг 17 сая, Кубыг 11 сая, Польшийг 38,5 сая хүнийх нь хамт жүдогийн татами дээр ялж, амьдралын хатууг дагаж бус сөрж давдаг монгол ээжийн охид гэдгээ гайхуулсан. Тэдэндээ гүнээ талархъя. 

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа

Намрын уянга, ухаарал, дуурслыг нэвт шингээсэн Мөрдорж гуайн уг дууны ая аялгуунд шувуудын цуваа шиг шаргал өдрүүд ар араасаа зэллэн ирдэг билээ л. Цаг хугацааны хөнгөн гуниг хөндүүрхэн аястай тунгалаг улиралд хүмүүн гэгч сэтгэл зүрхнийхээ дотоод чинад руу улам тэмүүлж, дурсамж дурдатгалынхаа сайханд буй биеэрээ булхах шиг болдог. Хөхүүртэй айраг уруул чимчигнүүлэн исч, хөдөө хээр уртын дуу алсраад, шарга манхан уулсын хормойгоор адуу мал налайн зээ татсан ухаа хонгор өдрүүдийг бурхны бэлэг гэж бодохоос аргагүйд хүрдэг юм. Нэг санах нь ээ, уртхан налгар ч юм шиг, эс бөгөөс огтоос богино ч юм шиг энэхүү зурвасхан цаг мөчид халуу шатсан зуны сарууд хэдийнэ үүл шиг нүүн одож, сэр сэрхэн салхи үлээсэн сэрүүн бумбын орон алгаа дэлгэдэг. 

Жимс ногооны болц нь бо¬ловсорч гүйцэн хаашаа л хар­на арааны шүлс асгаруулам бөн­жигнөнө. Зуны наранд хахарч гашуурсан айраг хамар сэтлэм сэнхийгээд, улцайж нялцайгаад болдоггүй өрөм хуруу зузаан дарайхыг нь яана. Шар сүү болсон тараг аяндаа өтгөрч бүрэлдээд ца¬гаан элэг огтлоод тавьчихсан мэт гайхам сайхан. Гоо үзэс­гэлэнгээ бахдуулж биш­рүүл­сэн байгаль дэлхий шим шүүсээ татахынхаа өмнө байгаа бүхнээ дэлгэж тавьдаг нь учиртай л биз. Уул толгодын бараа хонгортон бүгээнтээд, улмаар алтран шаргалтаж хүүсхэн хүүсхэн салхины намиргаанд хүмүүний амьдрал бөмбөрөөд ч байх шиг.  

Ийм нэг сэтгэлийг шинэт­гэсэн улирал Мөөеөгийн “Галуун цуваа хөвөрсөн, голын ус нь мэлтэгнэсэн, ганган байгаль хосолсон, гоёхон намрын өнгө…”-тэйгээ ирж байна даа. Намрын тухай дуу олон чиг бий. Гэвч тэр бүгдээс аварга Мөрдоржийн хөгжим, Цэрэндэндэв билүү дээ, нэр нь үл мэдэгдэх жолоочийн шүлгийг нь ундруулсан эл дууны бадаг нугалаанд эрхгүй сэтгэл далавчлаад, тариан түрүү сугсарсан хөндий дээгүүр аяны шувууд адил зэллэх шигт болдог бүлгээ. Адарсүрэнгийн хоолойгоор хоногшсон дуу юм. 

Тэр тухай Адуучийн Басхүү “Гэнэт хашааны хаалга нээгдээд Адараа ах сэвхийтэл ороод ирэв. Орж ирж байгаа нь бас л хийморьтой харагддаг сан. Ээж аав хоёроос манай хүн айна. Ээж хүний эх л болсон хойно, гэргий хүүхдээ хаяад хаагуур яваад байгаа юм, архи дарс уугаад байна уу гэж зэмлэлээ. Тэгтэл жаахан хулгаснаа “Аав ээж хоёр минь уучлаарай” гээд “Хүү нь дөнгөж сая Монголын ард түмэн хэзээд ч мартахааргүй, зуун дамжин дуулагдах нэгэн бүтээлийг радиод бичүүлчихээд ирлээ. Ялангуяа намар цагт миний энэ дууг дуулж хүмүүс намрын сайхныг сэрж мэдэрнэ дээ” гэж байсан сан. Тэр нь “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа” гэсэн дуу. Уг дууг дуулуулах гэж төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай Адараа ахыг эрж сурч хайсан юм билээ. Өөр дуучнаар эхлээд дуулуулж л дээ. Гэхэд өвгөн “Та нар миний дотроо бодож амилуулсан намрын өнгийг илэрхийлж чадахгүй байна. Үүнийг ганцхан Адараа л чадна. Би түүний хоолойд зориулж бичсэн юм шүү” гэж  хэлж байсан гэдэг” хэмээн дурссан нь бий. Ингэж Мөрдоржийн “Алтан намар” Адараагийн хоолойгоор олны сэтгэлийг долгилуулж, дуучны өөрийнх нь хэлснээр зуун дамжигдах ерөөлийг олж  шүү. 

“Галуун цуваа хөвөрсөн…” гээд эхлэхээр яалт ч үгүй Хөшөөтийн голын минь халиун шаргал намар санаанд бууна. Сав л хийвэл бодол оюунд ургаад цээжин цаана хөндүүрлэн, хөвсөлзүүлээд ирдэг нь оюутан болох жилийн намар юм даа. Хоёр мянга нэг оны наймдугаар сарын хорин тавны орой ижий аав минь ууган хүү намайгаа эрдмийн аянд мордуулахаар үдэж, гол усныхныгаа хүүхэд хөгшидтэй нь цуглуулж найр наадам үүсгээд, ханагар өвгөд хоймор эзэлсэн хайлган тэр үдшийг яахин мартах билээ. 

Маргааш өглөө хотын унаанд дөрөөлөхийн өмнөхөн аав, хаяа хаяагаа дэрлэн буусан хот айлаа гүүн зэл, үнээн зэлтэй бүгдийг нар зөв гурвантаа тойроод ирэхийг хэлж унаган хүлэгт минь мордуулж билээ. Холын холд одох гэж буйгаа тэгэхэд л анзаарч, хоёр нүднээсээ нулимс сувдруулан явахдаа Хөшөөтийн голын намрыг сэтгэл зүрхнийхээ гүнээс мэдэрсэн сэн. Уул ус минь энхрий дотно санагдаж, голын хойно урд багширсан адуу мал намрын хонгор наран дотор налайгаад, зэлтэй унага мөр мөрөө дэрлэн зүүрмэглэж, бага балчраас жалга довных нь чулуугаар тоглож өссөн Гозгорын тэртээгээс элгэмсэг зөөлөн салхи сэвэгнэн, Баянхангай хайрханы наагуур униар хөөг татаад үлгэрийн мэт санагдаж байсан сан. “Хүний дээдтэй учирч, уулсын сайхныг үзэж яваарай” гээд аав минь хоцорсон доо. 

Намрын сарууд надад ийм л дурсамж дурдатгалын цэнхэр сэвэлзээтэй ирдэг билээ. Багын юм мартагдана гэж үгүй сэн. Сумын төвийн ёотон цагаан байшингуудын дунд ижий ааваа санагалзан нус нулимстайгаа холилдон суусан халтар жаалыг будааны тэрэгтэй ах нар “53”-ынхаа тэвшин дээр “шидэж” олон ч удаа гэрт минь хүргэсэн дээ. Нэлэнхүйдээ амуу тариа асгарсан том тэрэгний тэвшин дээр салхи сөрөн дарцаглаж, гол усаа өгсөн намрын хонгор өдөр гэртээ очих сайхан. Шөнө орой хэдийд ч яваад очиход уяа дүүрэн морьд, гэр дүүрэн хүн угтдаг билээ. Тэгээд л айраг найрын дугараа эргэж, өнөө л Адараагийн “Алтан намар” эгшиглээд хяруу унасан намрын буурал өглөө айлын ах нартай адуунд мордохын бахтайг хэлээд яах вэ. Уулсын орой бууралтсан намрын өглөө адуунд мордоход ухаан санаа сийрэгхэн болдог нь дамжиггүй. Цантай хулсан уурга, хазаарын суран жолоо гар хайраад улмаар хурууны өндөг чимчигнээд ирэхэд биеийн эд эс бүхэлдээ сэрэх шиг болдог юм. 

Хайлган хөх үдшээр уулсаа халиаж суух сайхан. Ертөнцийн жам ёсыг эргэцүүлж, өөрөө өөрийгөө танихын эхлэл тавигдах шиг болдог. Өвгөн цохионых нь сүглийлдсэн орой он жилүүдийн дуртгал шиг санагдана. Улирах ца¬гийн аясаар өвсөн толгой жимбүүрдэн исгэрч хэн нэг­нийг санаж эгээрэхийн бодлогошролд умбуулж орхи¬но. Тийм дээ, намар бол дурсан саналзахын, дуулан гэгэлзэхийн, амраглан хайр¬лахын, ариусан гэгээрэхийн улирал юм. Их, Бага Арцын ам, Хэц өндрийнхөө ноёлог уулсын энгэр ташаагаар адуу хураах гэж манарган туучихдаа Нацагдорж, Явуу, Пүрэвдорж, Ширчинсүрэн, Сэр-Одын намрын шүлгүүдийг уншиж явжээ. 

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа…” гэх Явуугийн бодлогошрол ухаарал, за тэгээд л Нацагдоржийнхоо сэтгэл бөмбөрүүлсэн найргийн мөрүүдээс асгаруулж, Пүрэвдорж гуайн  “…Алтан наранд хэлхсэн юм шиг

Ангир шар өдрүүд ар араасаа цуварч

Айраг, найр хоёроо барж ядсан

Ай даа, мөн урт намар байж шүү

Удахгүй өвөлжөөнд танайтай цуг айлсана гэхээс

Уулын толгой будраасай гэхэд будрахгүй

Усны шувууд буцаасай гэхэд буцахгүй

Уртын дуу шиг уянгалсан урт намтар…”-т нь сэтгэл татагдан явж дээ. Одоо эргээд  дээрх шүлгүүдээс уншихуйд Их Арцын уулсын магнаг тэргүүнийг  илбэсэн салхин сэрчигнээ мэдрэгдэж, унасан морины минь хөлс амтагдах шиг болдог сон.   

Манайх Дэлгэрийн буурал шанаанд буусан тэр намрын саруудыг мөн л мартдаггүй ээ. Гэмтсэн унаганыхаа хөлийг эмчлэх гэж ижийтэйгээ хоёул нарийн шаргал дэрсэн дундуур өдөржин алхалж, унагаа зөөлөн зөөлөн гишгүүлж явсан эмзэг уясуухан цаг юмсан. Дэлгэрийн нууранд хичнээн ч төрлийн шувууд цугласан юм бэ. Тэргэл цагаан сартай үдэш гүүгээ тавихаар оройн сааманд гарахад түмэн зүйлийн шувууд ганганалдан чуулаад сэтгэл зүрхийг хилийн торгон утас шиг жингэнүүлж орхино. Ёстой л нөгөө наран тогорууд цээжинд хошуурсан намар гэдэг нь тэр байлгүй.   

Шувууд чуулсан намрын орой зэгс шагшуурга исгэрэхийг чагнаархан нуурын хаяа дэрлэн унтах шиг жаргал үгүй. Тооноор мэлтийсэн сарны туяа асгараад, түрүүхэнд бүлээд орхисон хөхүүртэй айраг чим чим шуугин исч, тариа будааг нь хураасан хөндийд цагаан шаргал солоом хөглөрөн, тэр зүгт адуу мал үүрсэн янцгаалдана. Аавынхаа тэрлэгийг өрөөлдөж нөмрөөд өглөө эртээ адуунд мордохоор хэвтэхэд өнөө “Алтан намрын өнгө” чинь голын шуугианаас, нуурын тэртээгээс, саахалтынхны хот айлаас дуурьсаж л байна шүү дээ.

Тэр жил Сэлэнгийн Алтан¬булагт алба хааж байсан дүүгээ зорихдоо Сайханы хөтөл дээрээс Орхон, Сэлэнгийн бэлчирийг сэтгэл догдлон харж ой шугуйнх нь шаргал халиун намарт уусч явлаа. Нимгэн цагаан үүлс хошуурсан намрын тунгалаг шөнө гол мөрөн уулсаа ороон эмжээрлэн урсахыг харах бас л сайхан. Нарийн хонгор салхи нь найргийн мөрүүд шивнэлээ гэдэг шиг. Аанай буурал найрагч Пунцагийн Бадарчийн хэлсэнчлэн 

“Сонгинын шар шугуй

Солонгын долоон өнгөтэй

Сор мөнгөн намартаа

Согоо уйдам салхитай…” байдаг биз ээ. Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Эрдэнэ баавайнхаа Ононгийн намрыг мөн л үзэж нүд баясан явснаа үл мартнам. 

“…Би Альпийн нурууг үзсэн. Оройных нь цас зунаар хайлж уул тэр чигээрээ ус болоод гоожиж байдаг юм билээ. Үнэхээр сайхан байгаль сэтгэл догдлуулдаг юм. Тэгэхдээ би тэр уулыг Хүүлээ шигээ ер хайрлах сэтгэл төрөөгүй. Хүүлээгээ харах бүрт энэ л бодогддог доо” гэж Мягаа эрхлэгч бичсэн нь бий. Нээрээ л орчлон ертөнцийн хаанаас ч хүмүүний үр нутгийнхаа уулсад, нутгийнхаа намарт сэтгэл хоргоддог ажгуу. Амьдрахуйн сайхныг бэлэглэж, алдаа оноо, цэнгэл баяр, уйтгар гунигийг төрүүлэн хэнийг ч болов гэрэлт ирээдүй рүү хөтөлсөн ус голын намар шиг үнэт эрдэнийг хаанаас ч олохгүй болов уу. Халуут сэтгэлээр цэнгэн, хайр энхрийллээр нэгнээ мөрөөдөн байдаг ч хатуу өвлийн буулгыг мэддэгтээ хадлан бордоогоо бэлдэж, тариа ногоогоо хурааж, хулгана хүртэл хөеөгөө цуглуулан  нүргэлсэн их симфони эгшиглэлээ гэдэг шиг намрын бүхий л хөдөлгөөн дунд хүмүүний амьдрал өрнөнө. Намрын уулс гүн их бодлогошролд автаад дотоод хүчээ бид бүхэнд өгдөг болохоор л цээж хөндүүрлэн татагдаж, сэвшээ хонгор салхинаас нь тарнийн шидийг мэдэрдэг биз ээ. “Амуу тариа найгасан, арвин сүрэг налайсан, айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” ч жинхэнэ утгаараа гэрэлтэн байна даа. Удаа ч үгүй хяруу мөнгөрөн цавцайж, уяа цэрвэнд сойлттой морьд бөн бөн чичирч, усны шувууд ганганан буцаад улс амьтны сэтгэл дэнслээд ирнэ дээ. 

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр теле хичээл заав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүдээр орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.

Энэ удаагийн хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн  Д.Оюунцэцэг багштай 4-б  ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Гэр” үлгэрээр сэдэвлэн сурагчдад бүтээлч, хамтач байхын үлгэр дуурайллыг сургамжлан, харилцан ярилцаж хичээлээ явууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦЕГ-ын шинэ дарга С.Баатаржав анхны тушаалаараа Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн хурандаа нарыг шалгах үүрэг өгчээ

ЦЕГ-ын шинэхэн дарга тэргүүн комиссар С.Баатаржав анхныхаа тушаалыг гаргалаа. Өнгөрсөн пүрэв гаригт Засгийн газрын хуралдаанаар томилогдож, баасан гаригт тэргүүн комиссар цол авсан С.Баатаржав ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрыг хуралдуулав. Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг хөдөлсөн гэх хурандаа болон зарим газар хэлтсийн дарга нарыг шалгах асуудлыг ярилцсан байна. Улмаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын хэлтэст хурандаа нарыг шалгах үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Н.Ариунболд, УМБГ-ын дарга Ц.Батсүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Н.Аадарсүх нарыг шалгаж эхэлсэн аж. 

Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдсон  Г.Сарангэрэлийг дээрх хурандаа нар зориуд хөдөлгөсөн хэмээн үзэж байгаа бололтой.