Categories
их-уншсан туслах-ангилал

​Энэ зун Засгийн газар амрах эрхгүй болж үлдлээ

Төрийн эрх баригч Монгол ардын нам талцаж, хоёр хуваагдсан тухай яриа хэвлэлээр яваад удлаа. УИХ-д суудалтай 65 гишүүн нь албан бусаар “33”, “32”-ын бүлгээрээ хуралддаг болсон тухай нэг хэсэг шуугьсан. Харин Д.Гантулга гишүүн огцорсноор дээрх тооны харьцаа тэнцүү болсон билээ. Сүүлийн үед Засгийн газрын зүгээс 60 тэрбумын асуудлыг хөндөж, УИХ-ын даргыг шахаж байгаа гэх юм. Нэгэнт дарагдсан энэ хэргийг У.Хүрэлсүхийн тал дахин сөхөж байгаа бол М.Энхболдын фракцынхан “Засгийн газрыг огцруулахаар 20-иод гишүүн гарын үсэг зурсан” гэж хариу цохилт хийж байна. Дээрээс нь хотын намын хорооны даргын суудлын төлөө Ц.Сандуйгаас хойш бас алалцсаар байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын намын хороог авахаар үзэлцэж буй нөлөөтэй өрсөлдөгч. У.Хүрэлсүхийг огцруулъя гэвэл Их хурлын даргын 32-ын бүлэг сөрөг хүчний есөн гишүүнтэй нийлээд дор нь тонгорч дөнгөнө. Тийм болохоор М.Энхболдын бэхжүүлсэн хотын фракц руу У.Хүрэлсүх шаргуу довтлох боллоо. Хэдийгээр хотын дарга С.Батболдын хувьд Ерөнхий сайдтай нэг үеийнхэн, ихэд ойлголцож, гар нийлэн хамтарч ажиллаж байгаа гэгддэг ч улс төрд урьдны нөхөрлөл огт хамаагүй байдгийн тод жишээ энэ юм. Монголын улс төр нэг иймэрхүү бужигнаантай байна. МАН-ын гишүүдийн амбиц, хорсол төрийн гурван том албан тушаалыг ганхуулж мэдэхээр болов. Засгийн газар, УИХ-ын дарга, хотын даргыг огцруулна гэсэн яриа байна. Ер нь иймэрхүү мэдээлэл оргүй хоосноос гардаггүй. Хөшигний ард үйл явдал өрнөж байгаа болохоор л явган яриа газар авч буй биз. Гэхдээ улс төрийн ууган хүчин МАН бол арай өөр байх ёстой. Намын дотоод асуудал нь улс орны амьдрал, эдийн засагт тушаа болох учиргүйг мэддэг гэж үздэг. Тэгвэл бусад намууд тэр дундаа АН эрх барьж байхдаа ийм хэрүүл тэмцэлтэй гарсан бол юу ч хийхгүй байсан. Дэмий л УИХ нь Засгийн газраа унагаах гэж шүүмжилнэ. Засгийн газар нь Их хурлаа огцруулна гэж шүлсээ үсчүүлэн бархиралдана. Бие биетэйгээ барьцалдаж, шантаажилсаар байгаад чуулганаа хаагаад явна. АН-ын засаглаж байсан он жилүүдийн туршлага ч тэр, улс төрийн хүрээнийхэн, судлаачид ч ингэж үзэж байгаа юм. Тэгвэл улс төрийн ууган хүчин болон МАН олон жил төр барьсан туршлага, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж Таван толгойгоо хөдөлгөчихөөд чуулганаа хаалаа. Энэ намаас ард түмэн үүнийг л хүлээж байв. Тийм болохоор л тэдэнд итгэл хүлээлгэн төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгож, ялуулсан. Сая бас орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН ялалт байгууллаа. Ингээд харахаар МАН-д итгэх ард түмний итгэл найдвар арай ч тасарчихаагүй байна. УИХ хаврын чуулганы төгсгөлд гурван том ажлыг баталлаа. Энэ бол эдийн засаг хөдөлж эхлэх асар том дохио юм. Эхнийх нь мэдээж Эрдэнэс Таван толгойн 30 хүртэлх хувьд нь дотоодын болоод гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргах. Хоёр дахь том шийдвэр нь иргэний агаарын тээврийн салбарыг либералчлах эхлэл тавигдсан. Сөүл, Бээжингийн чиглэлд нэг авиа компани монополь байх давуу эрх олгосон УИХ-ын хуучин тогтоолын шийдвэрийг цуцалсан. Ингэснээр энэ чиглэлд хоёр дахь компани орж ирэх зам нээгдэв. Чөлөөт өрсөлдөөн бий болсноор тийзийн үнэ хямдарч, нислэгийн тоо олширно гэсэн сайн тооцоолол бий. Дээр нь гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж, тэр хэрээр манайд валют орж ирнэ. Цаашлаад МИАТ-ийн 49 хувийг хувьчилснаар менежмэнт нь сайжирч, Монголын агаарын тээврийн салбар бүрэн утгаараа либералчлагдаж хөгжих юм. Их хурлын гаргасан гурав дахь том шийдвэр бол “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт орууллаа. Энэ тогтоолд Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг тусгасан юм. Тодруулбал, төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх чухал ач холбогдолтой ажил болно. Ямартаа ч УИХ-аас эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх хууль, тогтоолууд баталчихлаа. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Тиймээс Засгийн газарт том хариуцлага ногдож байна. Наадмын уур амьсгал орсон зун цагт Засгийн газар амрах ч эрхгүй гэсэн үг. “Зун бол амралт зугаалга биш. Ажлын цаг” гэж дэлхийн тэрбумтан Билл Гэйтс хэлсэн байдаг. Түүний амжилтад хүрсэн гол түлхүүр бол ерөөсөө зуны цагийг үр бүтээлтэй ашигласан явдал. Мань эр тэр тухайгаа “Бүх хүн зун амарчихаад байхад би ажилласан учраас ийм амжилттай яваа” гэж хэлсэн нь ч бий. Тиймээс Засгийн газар энэ үед тогтвортой эрчтэй ажиллах хэрэгтэй. Аливаа бодлого шийдвэр хөрөнгө мөнгөгүй бол урагшлахгүй. Тиймээс Засгийн газар мөнгө босгохын тулд бүхий л бололцоо, гарцыг эрэлхийлж ажиллах нь мэдээжийн асуудал. Эхний ээлжинд энэ зун шинэ төмөр замынхаа ажлыг барьж авмаар байна. Намар гэхэд Таван толгойн IPO гаргах бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой. Туршлагатай, мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулж, тэдний зөвлөгөө зааврыг ч судалж, зөв менежмэнттэй хөдлөх гарц шийдлээ олох нь хамгийн чухал. Энэ зун хамгийн их хариуцлагатай ажиллах даалгавар У.Хүрэлсүхийн нуруун дээр буув. Иймд нам бүлэглэлийнхээ эрх ашгийг хойш тавиад улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад хамаг анхаарал, ур чадвараа дайчлан хурдтай ажилламаар байна. Тэгээд ч ард түмэн Засгийн газарт итгэж эхэлж байгаа үед урмыг нь хугалчихгүйг хичээх ёстой. Засаг төр бол ард түмний аманд орж байгаа хоолыг ажлаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, ард иргэдээ ажлын байраар хангаж, ядуурлаа бууруулж, дундаж давхаргыг хөгжүүлэх амин сүнс нь зөвхөн зөв бодлого. Тиймээс үүргээ ухамсарлаж, найр наадам хэсч назгайрах эрхгүй улсууд бол Засгийн газар юм шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Энхболд: Нинжа нар сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл болсон учраас алтны төслүүд явахгүй байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Канадын хөрөнгийн биржээс мөнгө босгоод ирсэн “Степ голд”-ын ажлыг Дорнодын зарим иргэн, иргэний хөдөлгөөнийхөн очоод гацаачихлаа. Заамарт “ Эко Алтан Заамар”, Баянхонгорт “Central Asia mining” зэрэг уул уурхайн компаниудын ажил ч иргэд, иргэний хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулаад байна. Энэ үйл явдлууд дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Таны дурдсан сүүлийн гурван тохиолдол алтан дээр байгааг анхаарах хэрэгтэй. Нинжа гэдэг асуудал сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл маягтай болсныг л нотолгоо. Тэд хаана алт байгааг сонсоод л хөдөлдөг болсон. Лицензээ ном журмаар нь авч, татвараа төлөөд ажиллая гэсэн компаниудын үйл ажиллагааг гацаагаад байгаа шалтгаан нь ердөө энэ. Компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд удаашруулах тактик хэрэглээд байна л даа. Тэр хойгуур нь ямар нэгэн байдлаар нинжа оруулдаг арга руу орчихлоо. Иргэний нийгмийнхэн уул уурхайг эсэргүүцээд байгаа хэрэг огтхон ч биш. Өрсөлдөөн яваад байгаа хэрэг. Хууль ёсны уул уурхай, хууль бус уул уурхайн дунд өрсөлдөөн яваад байна.

-Уул уурхайн нөгөө талд нөхөн сэргээлт хийдэггүй, татвар төлдөггүй нинжа нар тэгж хүчтэй ажиллаад байгаа хэрэг үү?

-Тэгээд байна. Хоршоолол байгуулж гар аргаар алт олборлоод нөхөн сэргээлтээ хийж, татвараа төлөөд явдаг хэсэг бий. Харамсалтай нь 6000-8000 орчим хүн л албан ёсны бүртгэлтэй байдаг. Албан бус тоогоор 40 гаруй мянган нинжа бий гэдэг. Ямар ч хариуцлага хүлээхгүй газар сэндийчээд явдаг хүмүүс гэж ойлгож болно. Үүнээс гадна энэ хүмүүс уул уурхайн салбарын нэр хүндийг хамгийн ихээр унагаж байна. “Степ голд” гэхэд лицензээ аваад Канадын Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж хөрөнгө босгоод хайгуул хийх гэж ирсэн компани. Хөрөнгө босгох үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн сайн мэдээ болгож түгээж байсан компани шүү дээ. Нинжа нар мэдээллийг маш хурдан авдаг. “Степ голд”-ын талбайн байршил энэ тэрийг бүгдийг нь мэдэж байсан нь тодорхой. Тийм учраас хөрөнгө босголоо, үйл ажиллагаагаа эхлэх нь гэсэн мэдээллийг сонссон даруйдаа давхиад оччихож байгаа юм. Ер нь алт, жоншин дээр ийм сонин байдал үүсчихсэн. Тодруулж хэлбэл, нинжа нараа дарж чадахаа байсан. Нинжа нар нь албан ёсны уурхайгаасаа хүчтэй, зарим тохиолдолд Засгийн газраасаа хүчирхэг болчихоод байна.

– Тэгэхээр нэгдэж нийлсэн нинжа нарын ар талд нөлөөтэй хүмүүс байна гэсэн үг үү?

-Нөлөөтэй хүн байна уу, мөнгөтэй хэсэг бий юу гэдэг нь бас сонирхолтой. Орон нутгийн Засаг дарга, НИТХын даргатай уулзаад л хэдэн төгрөг атгуулаад иргэдийг босгочихдог аргатай болсон учраас заавал том нөлөө хэрэггүй шиг байгаа юм.

– Иргэний нийгэм , иргэдтэй хамт орон нутгийн ИТХ-ын дарга нь юм уу, Засаг дарга нь тэмцээд яваа тал ч анзаарагдаж байгаа шүү…?

-Ингэх нь сонин үзэгдэл биш болчихсон шүү дээ. Уг нь манайх холбооны улс биш. Нэг засагтай улс. Аймаг, сум бол засаг захиргааны нэгж болохоос тусдаа гарсан автономит улс биш. ИТХыг аваад үзье. Төсвөөс цалинждаг. Тэгсэн хэрнээ сонгуулиар гарч ирдэг. Нэг талаасаа төрийн нөгөө талаасаа иргэний төлөөлөл гэж харагдаад байдаг. Гэхдээ иргэний төлөөлөл гэдэг үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Төрийн болоод хувийн ашиг сонирхлын хойноос яваад байгаа нь маш тод анзаарагддаг. Уг нь иргэдийн төлөөлөл шүү дээ. Засгийн газраас гаргасан шийдвэр орон нутагт хэрэгжихэд иргэдийн саналыг тусгах ёстой газар бол ИТХ. Түүнээс биш өөрсдөө шийдвэр гаргачихаад түүнийгээ Засгийн газраар батлуулах гэж дайрдаг газар огт биш.

-Орон нутгийн ИТХ-ын хувьд сүүлийн үед уул уурхай дээр таны хэлсэн шиг хандлага руу орчихоод байна л даа…?

-Миний хувьд ганц уул уурхайгаар тогтохгүй байгаа гэж хардаг. Том мөнгө эргэлддэг, шантаажилж байгаад мөнгө салгах боломжтой учраас уул уурхай дээр илүү төвлөрдөг байх. Түүнээс биш бүх салбарт ийм хандлага гаргадаг болчихсон.

– Иргэний нийгмийн төлөөлөл гэсэн нэр дор хэдхэн хүн уул уурхайн бүх төсөл дээр яваад оччихсон эсэргүүцэж яваа харагддаг. Байгаль экологийн төлөө яг зориод явж байгаа нь хэд бол?

-Ер нь хэдхэн хүн ийм үйл ажиллагаа явуулаад байгаа анзаарагддаг. Тэр хүмүүсийг сүүлдээ бүр нийтээрээ мэддэг шахуу болчихлоо. Үнэхээр хариуцлагагүй ажиллаж байгаа уул уурхайн компаниудад сануулга өгч, чиглүүлж, зүглүүлэх ажил хийж яваа цөөхөн хүмүүс бийг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлд эсэргүүцэлтэй тулсан “Степ голд”-ын хувьд үйл ажиллагаагаа дөнгөж эхлэх гэж байсан компани. Кэмпийн нээлтээ хийх гэж байхад нь давхиж очоод эсэргүүцнэ гэдэг өөр хэрэг л дээ. Цэвэр явуулга гэж харахаас аргагүй.

-“Гацуурт”-ын алтны төсөл зогссон нь мөн л нинжатай холбоотой гэдэг. Та энэ үйл явдлыг яаж харж байна вэ?

-“Гацуурт”-ын лиценз “Сентерраголд”-ын нэр дээр арав гаруй жил бол чихсон байсан юм. Иргэний нийгмийнхний хувьд ашиглалтад оруулах гэж байгааг нь сонсонгуутаа л эсэргүүцээд эхэлсэн түүхтэй. Ийм сураг сонсонгуут нинжа нар ашиглалтын талбай руу нь түрээд орчихсон. Жагсаал хийж байгаад шүүхээр яваад эхэлсэн байдаг. Нэлээд мөнгөтэй хүмүүс л ингэж уйгагүй явна шүү дээ. Шүүхэд өргөдөл өгөхдөө “Сентерра голд”-ыг биш АМГ-ыг буруутгасан байдаг. АМГ буруу шийдвэр гаргаад “Сентерра голд” тэрийг нь ашигласан болгочихсон. Энэ тохиолдолд шүүх юу гэж шийдэх нь бараг хамаагүй шахуу болчихож байгаа юм. Тийм үндэслэлээр шүүхэд өгч болж байна гэдэг нь өөрөө утгагүй асуудал. Компани нэрээ солиод авсны төлөө шүү дээ. Эцэст нь шүүхийн шийдвэр гаргуулаад үйл ажиллагааг нь зогсоочихлоо. “Сентерра голд”-ын тухайд шүүхийн системээс гадна хуулийн цоорхойг ашиглах боломжтой төрийн бус байгууллага нэртэй газруудын дутагдлыг харуулсан хэрэг болсон гэж хардаг. “Сентерра голд” энэ асуудлаа Арбитрт аваад очвол дэлхийн аль ч улс ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улс дахиад өр торгуульд унаж, “Гацуурт”-ыг том эзэнтэй нинжа нар аваад дуусна.

– Баян хонгорт уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болсон “Central Asia Mining” компанийн тухайд хуулийнхаа дагуу лицензээ аваад очсон гэх мэдээлэл бий. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан компанийг иргэний хөдөлгөөн, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэдэг дээр таны байр суурийг сонсъё?

-Компанийн тухайд үйл ажиллагаа явуулах нөлөөллийн бүс дэх иргэдэд мэдэгдээгүй байж магадгүй. Уул уурхайн төслүүд иргэд, иргэний нийгмийн эсэргүүцэлтэй тулаад эхлэхээр уул уурхайн компаниуд ажлаа эхлэхдээ болгоомжилдог болсон байхыг, тийм хандлагаар мэдээлэл өгөөгүй байхыг ч үгүйсгэх аргагүй. Компаниудыг ийм байдал руу оруулаад байгаа нь яах аргагүй буруу хандлага. Компаниудын тухайд орон нутагтайгаа хэл амаа ололцоод явчихаар ямар ч асуудал гардаггүй. Учраа ололцоод байж байтал Ул аанбаатараас мөнгө харсан хэдэн нөхөр давхиад оччихдог нь хамгийн том асуудал болоод байна. Орон нутгийнхныг уул уурхайн төслийн эсрэг зогсоодог хүмүүс нь Улаанбаатараас мөнгө харж очсон нөхөд. Нуугаад байх зүйл биш. Орон нутгийн эсэргүүцэл гэхээс илүү мөнгө нь дуусаад ирэхээрээ гүйж очдог хэдэн нөхдийн л хийгээд байгаа ажил.

-Иргэний нийгмийн гэсэн малгайн дор ингэж авирлаад байгаа хүмүүсийн асуудлыг зөв зүг рүү нь шийдэх гарц байна уу?

-Төрийн бус байгууллагын хуулиа эргэж харах ёстой гэж боддог. Манай ассоциаци хүртэл тэдэнтэй нэг статустай шүү дээ. Төрийн бус байгууллагуудын хувьд гишүүддээ үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг гэсэн хоёр чиглэлтэй. Манайх гишүүддээ, тэд нийгэмд үйлчилдэг. Төрийн бус байгууллагын хуулиараа тодорхой шатлал тавьж, тодорхой үйл ажиллагаагаар нь хүлээн зөвшөөрдөг болгохгүй бол утгаа алдаад байна. Гуч гаруй мянган ТББ байна гэсэн тоо дуулддаг. Үндэс сууриар нь харахаас аргагүй болсон.

– Хамгийн сүүлд Баянхонгорт “Central Asia Mining”-ийг эсэргүүцлээ. Таны ярианаас анзаарахад “Central Asia Mining” шиг дахиад нэг алтны компани өөр аймагт үйл ажиллагаа явуулна гээд гараад ирвэл эсэргүүцэлтэй тулах магадлал өндөр гэж ойлголоо…?

-100 хувь баталгаатай. Эсэргүүцнэ, зогсооно. Манай улсын хувьд ашигласан цорын ганц үндсэн орд бол Бороогийн алтны орд. Ашиглаад гурван жил болж байхад нь л эсэргүүцсэн. С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс эсэргүүцэж байсныг нийгэм даяараа мэднэ. Иргэний нийгмийнхэн болон зарим иргэд мөнгө саах зорилготойгоор эсэргүүцсэн нь өнөөдөр хэн бүхэнд ил болсон. Дараагийн үндсэн орд нь Гацуурт. Дахиад л мөнгө харсан хүмүүсийн эсэргүүцэлтэй нүүр тулж өнөөдрийг хүрээд байна. Алт дагасан зохион байгуулалттай эсэргүүцэл яваад байгааг хөнгөхөн харчих нотолгоонууд. Шороон ордыг хэн ч анзаардаггүй хэрнээ үндсэн орд руу ингэж дайрдаг. Шороон орд дээр байгаль сүйдлэх асуудал жинхэнэ зовлон болчихоод байхад тоохгүй байгаа гээд бод доо. Хууль бусаар шороон орд ажиллуулж, байгаль сүйдлээд байхад иргэний нийгэм ярьдаг, иргэний төлөө гэсэн хөдөлгөөнийхнөөс хэн ч тоодоггүй. Ингээд харахаар алтны төслүүд рүү “Байгалиа хамгаалах гэж зүтгэж явна” хэмээн дайрч буй хүмүүст эргэлзэхээс аргагүй байгаа биз. Хуулийн дагуу үндсэн ордын лиценз аваад хайгуулаа эхлэх гэхээр л эсэргүүцээд байдгийн цаад зорилго нь ерөөсөө мөнгө.

-Алт бол валютын нөөц нэмэгдүүлэхээс эхлээд эдийн засагт үзүүлэх нөлөө ихтэй металл. Төрөөс тэр утгаар нь алтны төслүүддээ анхаарах ёстой шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Валютын нөөц бүрдүүлнэ гэдэг стратегийн том асуудал. Стратегийн орд гэж яриад л байдаг. Үнэндээ стратегийн бүтээгдэхүүн гэвэл уран, алт хоёр л байгаа шүү дээ.

-Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр ярилцлагаа төгсгөе?

-Уул уурхайн салбар экспортын 90 хувийг дангаараа эзэлдэг. Монголбанк руу орж ирж буй валютын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг гэсэн үг. Уул уурхайн салбар ДНБ-ий 20, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 70 хувийг дангаараа бүрдүүлдэг. Уул уурхайн салбарын үржүүлэх эффект гэж бий. Үүнийг нь тооцож үзвэл манай эдийн засгийн 70-аас илүү хувь нь уул уурхай дээр тогтож байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Д.Оюунхорол:“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO амжилттай гаргахын тулд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулганы хаалттай зэрэгцээд УИХ-аас олон чухал шийдвэр гаргалаа. Тухайлбал, хүлээлт дагуулаад байсан Таван толгойг хөдөлгөхөөр болоод байна. Засгийн газар ч энэ зун амрах эрхгүй ажиллана. Намар гэхэд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO гаргахын тулд хэрхэн ажиллах ёстой вэ?

-Таван толгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм учраас энэ баялгийг Монголын хөгжил дэвшилд, ард түмний сайн сайхан амьдралын үндэс болгох ёстой гэж ойлгож байгаа. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь сүүлийн найман жил улс төрийн хүрээний талцаж маргалдах сэдвийн нэг байсан. Энэ тогтоолыг баталснаар Таван толгойн ордыг олон улсын зах зээл дээр IPO гаргаж Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн 1072 хувьцаа амь оруулах асуудлаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжлээ. Одоо Засгийн газар энэ төсөл дээрээ ажиллаж IPO хэрхэн гаргах, бусад төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх, гадна дотныхонтой яаж хамтарч ажиллах, үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Намрын чуулган эхлэхэд энэ асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргаж үр дүнг танилцуулах байх гэж бодож байна.

Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хувийг арилжаалахын тулд хэд хэдэн асуудлыг нарийвчлан тодруулах шаардлагатай.Нэгдүгээрт, ҮАБЗ-өөс Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар гаргасан шийдвэрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Хоёрдугаарт, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 30 хувийн IPO гаргахын тулд хууль эрх зүйн орчноо эргэж харах шаардлагатай. Гуравдугаарт, одоогийн байгаа ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг маш сайн хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг нарийвчлан боловсруулж дахин танилцуулах шаардлагатай. Энэ бүхнийг хариуцлагатай хийж байж өгөөжтэй, үр ашигтай төсөл болно. Ийм агуулгаар нь дэмжсэн. Мөн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр борлуулж, босгосон мөнгөөрөө яг юу хийх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Дэд бүтцийн салбаруудаа илүү бэхжүүлэхэд зориулна гэж ойлгож байгаа. Концессийн гэрээгээр баригдах болон бусад санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргаж ил тод болгож олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Усны нөөцийг хамгаалах чиглэлээр ч онцгой анхаарах ёстой. Балгасын улаан нуурын гүний усыг ашиглаж энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Говь шиг ус багатай газар нүүрсээ илүү зарах гээд хамаг усаа шавхаад хүн нь уух ундны усгүй, мал нь бэлчих газаргүй, элсний нүүдэл, цөлжилтөд нэрвэгдэж байгаль экологийн тэнцвэрээ алдах вий гэдгээс болгоомжлоход илүүдэхгүй. Тийм учраас гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, илүү хурдтай, өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Эрчим хүчний хувьд ус бага ашиглах, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр инновацийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

-“Эрдэнэс Монгол” компанийн энгийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг хувьцаа хэлбэрээр гаргаж, иргэдэд нэмж эзэмшүүлье гэсэн зарчмын саналыг сөрөг хүчин гаргасан. Харин яагаад танай бүлэг дэмжээгүй юм бэ?

-Засгийн газраас Таван толгойн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцүүлээд АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг иргэдэд эзэмшүүлье гэж Засгийн газрын тогтоолын төслөөс өөр агуулгатай заалтыг нэмж оруулж ирсэн учраас УИХ-ын гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн. Тухайн оруулж ирсэн заалт нь эдийн засгийн бодит тооцоо судалгаа хийгдээгүй байсан. Таван толгойн бүлэг ордын 30 хувийг IPO хийж гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулснаар иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах тухай асуудал яригдана.

МАН-ын бүлэг “Эрдэнэс Монгол” компанид харьяалагддаг стратегийн олон ордуудын 34 хувийг ард түмний нэрээр хувьчлах тухай ярьж, нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр хөнгөн гоомой шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Түүнээс биш ард түмнээсээ харамласандаа тус саналыг дэмжээгүй гэсэн үг огт биш. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалын үр дүнг цөөн хэдэн хүн хүртсэн. Тухайлбал, өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар тодорхой аж ахуй нэгж байгууллагуудын хувьцааг авсан иргэд маань өнөөдөр мөнгөө ч авч чадахгүй тухайн компани нь дампуураад байхгүй болчихсон, эсвэл хэсэг бүлэг хүн эзэн суусан ийм л хариуцлагагүй үзэгдэл бий болсон учир олон нийтийн дунд өмч хувьчлалын асуудлаар эргэлзээ бий болсон нь үнэн. Тиймээс өмч хувьчлалын асуудалд бид илүү хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

-Засгийн газраас Төрийн өмчийн 27 аж ахуйн нэгжийг хувьчлах асуудал нэлээд хардлага дагуулж байгаа. Ер нь өмч хувьчлалыг ард түмэндээ хүртээмжтэй байдлаар яаж шударга явуулах вэ?

-1995 оноос хойш 2000 орчим аж ахуйн нэгжийг хувьчилж, хэсэг бүлэг хүмүүс төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан л гэж ард түмэн үздэг. Дээр хэлсэнчлэн, улсынхаа өмчийг бүх нийтээрээ хувааж авна гэсэн нэрийдлээр ягаан, цэнхэр тасалбар болгоод өмчийн талаар ямар ч ойлголтгүй ард түмэнд тарааж өгсөн.

Энэ тасалбаруудаа энд тэнд өгөх нь өгөөд сураггүй алга болгоцгоосон. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж ажилгүйдэл, ядуурал бодитойгоор нүүрлэсэн. Баян ядуугийн ялгаа хоёр тийш туйл болсон, ард иргэд бухимдуу байгаа энэ үед өмч хувьчлалын асуудалд маш нухацтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна, хэн ч хувьцаа худалдаж авах эрхтэй гэж байгаа ч нөгөө л хэсэг бүлэг олигархууд л авна гэсэн эргэлзээ байсаар байна. Жирийн иргэд өнөөдөр хувьцаа авах нь бүү хэл амьжиргаагаа залгуулах орлогогүй шахуу байна. Үүнээс гадна төрд үлдсэн цөөн хэдэн аж ахуйн нэгжийн асуудлыг багцаар нь нэг дор хэлэлцэнэ гэдэг нь буруу. Үл хөдлөх хөрөнгийн, бэлэн мөнгөний үнэлгээнүүдийг нь нарийвчлан хийлгээд, аж ахуйн нэгж тус бүрээр нь хэлэлцэх хэрэгтэй. Мөн хувьчилж үл болох объектын жагсаалтаа эргэж харах, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Нэлээд хэл ам дагуулсан сэдэв бол Захиргааны ерөнхий хуулийн төсөл. Энэ төсөл батлагдвал Захиргааны хэргийн шүүх татан буугдаж, Засгийн газар хүссэн шийдвэрээ гаргаж, хуулийн хариуцлага хүлээхгүй болж хувирна гээд хуульчид эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандсан. Харин та ямар бодолтой байна?

-Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийг манай бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй л дээ. Энэ хууль нь ардчиллын үнэт зүйлүүдээс ухарсан, олон хуультай зөрчилдсөн, олон түмний зүгээс бухимдал дагуулсан маргаантай хууль орж ирсэн.

Оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд яам, агентлаг, төв орон нутгийн бүх байгууллагын эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно. Нэг хүний буруутай шийдвэрээр иргэн, байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон асуудал үүснэ. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд яам, агентлаг, төв орон нутгийн бүх байгууллагын эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно. Нэг хүний буруутай шийдвэрээр иргэн, байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон асуудал үүснэ. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо тогтолцоогоо сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх хэрэгтэй. Улстөрчид хуулийн байгууллагынхныг хуулийн хүрээнд ажиллах боломжийг нь олгож өгөх ёстой гэж боддог.

-Ингэхэд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Өргөн барихад бэлэн болж байна. Өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдийн саналыг авлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үнэхээр нийгмийн эрэлт хэрэгцээ болсон хууль байна гэдгийг харлаа. Цахим сүлжээгээр 1000 гаруй иргэн, байгууллагаас дэмжсэн санал ирсэн бол Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төсөлд өгөх саналаа томьёолоод бичээд ирсэн байсан нь үнэхээр ажил хэрэгч хандсаны илрэл гэж бодож байна. Бас Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Үүнээс гадна Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тендерийн тухай хууль дээр ажлын хэсэг хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Олон гишүүд санал хэлсэн. Дутуу баригдаад орхигдсон барилга, чанаргүй баригдаад 1-2 жил болоод бүтэн засвар хийж байгаа барилгууд байна. Мөн гүйцэтгэлийн явцад үнэ асар их өсч байгаа гээд асуудлууд олон байна. Нэг зүйлийг хэлэхэд Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль маань төсөв батлагдаад сонгон шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч сонгох хүртэлх ажлыг зохицуулдаг.

Үүнээс цааших гүйцэтгэлийн чанар, хугацаа гээд бусад асуудал дээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу холбогдох төрийн байгууллагууд хяналт, үнэлгээ хийх асуудалд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр хэрхэн оновчтой шалгаруулалт хийх вэ гэдэг асуудлаа зөв тодорхойлж өгөхөөр ажиллаж байна. Олон асуудал дээр өөрчлөлт оруулж өгөөч гэж санал гарч байгаа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн зүйл заалтынхаа хүрээнд л бид ажиллаж байна.

-Энэ хуулинд тусгагдаж байгаа зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан хоёроос дээш үйлдвэрлэгчтэй гурав хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон.Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа. Цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,түүнчлэн захиалагч байгууллагын гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Засгийн газрыг огцруулах тухай мэдээлэл өнгөрсөн хавраас хойш явлаа. Бүлгийн хаалттай хуралдаанууд ч шөнө дүл хүртэл нэлээд ширүүн үргэлжилсэн шүү дээ?

-МАН-ын бүлэгт одоогоор фракц бүлэглэл байхгүй ээ. Нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан ярилцдаг л даа. Засаг огцруулах тухай ямар ч яриа болоогүй. Намын бүлэг дотроо асуудлыг нэгдмэл байр суурьтай болгохын тулд зарим үед нэлээн ширүүн маргаан мэтгэлцээн болдог л доо. Үүнийг хэтэрхий дэвэргэж намын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхол зарим хүмүүст байж болох л юм. Тийм учраас бид илүү ухаантай, мэдрэмжтэй улс төр хийж хувийн ашиг, сонирхлоо ардаа орхиж, намын эв нэгдлийг зангидаж, хамтран бүтээлчээр ажиллаж, ард түмний итгэлийг даах ёстой л гэж боддог.

Манай нам задарч хэсэг бүлэглэлүүдэд хуваагдах нь улс эх орны эрх ашигт хохиролтой л доо. УИХ-ын гишүүд эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой.

-Та салбарын сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын оновчтой шалгаруулалт хийх вэ гэдэг асуудлаа зөв тодорхойлж өгөхөөр ажиллаж байна. Олон асуудал дээр өөрчлөлт оруулж өгөөч гэж санал гарч байгаа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн зүйл заалтынхаа хүрээнд л бид ажиллаж байна.

-Энэ хуулинд тусгагдаж байгаа зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан хоёроос дээш үйлдвэрлэгчтэй гурав хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон.Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа. Цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,түүнчлэн захиалагч байгууллагын гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Засгийн газрыг огцруулах тухай мэдээлэл өнгөрсөн хавраас хойш явлаа. Бүлгийн хаалттай хуралдаанууд ч шөнө дүл хүртэл нэлээд ширүүн үргэлжилсэн шүү дээ?

-МАН-ын бүлэгт одоогоор фракц бүлэглэл байхгүй ээ. Нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан ярилцдаг л даа. Засаг огцруулах тухай ямар ч яриа болоогүй. Намын бүлэг дотроо асуудлыг нэгдмэл байр суурьтай болгохын тулд зарим үед нэлээн ширүүн маргаан мэтгэлцээн болдог л доо. Үүнийг хэтэрхий дэвэргэж намын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхол зарим хүмүүст байж болох л юм. Тийм учраас бид илүү ухаантай, мэдрэмжтэй улс төр хийж хувийн ашиг, сонирхлоо ардаа орхиж, намын эв нэгдлийг зангидаж, хамтран бүтээлчээр ажиллаж, ард түмний итгэлийг даах ёстой л гэж боддог.

Манай нам задарч хэсэг бүлэглэлүүдэд хуваагдах нь улс эх орны эрх ашигт хохиролтой л доо. УИХ-ын гишүүд эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой.

-Та салбарын сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж, төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжилж байна.

Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтойгоор эхлүүлж байна. Мөн эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан ОУВС-гаас тавьсан хатуу заалтуудыг уян хатнаар зохицуулж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгуулахаар боллоо. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг ч ярьж байна.

-Цахим орчинд тан руу дайрсан сөрөг мэдээллүүд их явах юм. Яагаад хариу тайлбар өгдөггүй юм бэ?

-Сошиал орчинд нэр хаяггүй, хуурамч хаягаар намайг гүтгэсэн, доромжилсон материалууд зохион байгуулалттайгаар гаргаж байгаа. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагуудад нь хандсан. Тэр бүрийн араас хөөцөлдөж тайлбар хийгээд явбал бодлого боловсруулах ажлаа хийх цаг гарахгүй. Ард түмнээ төлөөлөн сонгогдсон элчийн хувьд нийгмийн өмнө тулгамдсан, олон нийтийг бухимдуулсан, эрх ашгийг нь зөрчсөн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зүтгэж байна даа. Зарим асуудлыг шийдвэрлэснээр олонхийн эрх ашгийг хамгаалдаг ч цөөн хэдэн хүний ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Гэсэн ч өөрийн байр сууриндаа баттай зогсч ирсэн маань сүүлийн үед цахим орчноор гүтгүүлэн доромжлуулах үндэс суурь болж байх шиг байна. Монголын ард түмний мэргэн ухаанд би итгэдэг. Хэдхэн хүний мөнгө төлж, захиалж явуулсан хуурамч мэдээлэлд иргэд, олон нийт итгэхээсээ илүүтэй бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдэгт эргэлздэггүй.

-Таны сонгогдсон тойрогт голдуу гэр хорооллын бүс багтдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа вэ?

-Манай тойрогт Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эх чиглэлийн зургаан хороо хамаардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ онд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Мөн Ганц худгийн амнаас орж ирдэг үерийн усыг зайлуулах хамгаалалтын далангийн барилгын ажил эхлээд явж байна. Удахгүй 48 дугаар сургуулийн спорт заалны барилгын ажил эхэлнэ.Мөн хотын даргад хүсэлт гаргаснаар замын арчилгаа, засвар, байрнуудын дээврийн засварын ажлууд, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна гэр хорооллуудад иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулахад нэн даруй шийдвэрлэх асуудал бол гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал. Мөн хорооны цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эдгээр асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандаж санал, хүсэлтээ уламжилсан, удахгүй шийдэгдэх байх.

Categories
их-уншсан туслах-ангилал

Төрийн дээд өндөрлөгүүдээс анх удаа зөв санаа сонслоо

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хаалтын ажиллагаан дээр УИХ-ын дарга М.Энхболд их зөв үг хэллээ. Түүний хэлсэн үгийг уламжлалт хэвлэл болоод цахим мэдээллийн хэрэгслүүд төдийлөн хэрэгссэнгүй өнгөрөөчихөв. М.Энхболд дарга “Үг, үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан бие, ухаанаа тэгшлэн засаж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм. УИХ-ын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш. Харин шалгуур сорилт юм шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Төрийн хүн үг, үйлдэлдээ анхаарч төв голч үзлээр биеэ хянаж ярьж буй үг, хийж байгаа үйлдэл нь төв байх ёстой. Гэвч энэ ёс зүй Монголын төрд үнэхээр үгүйлэгдэж байна. Манай УИХ-ын гишүүд, төрийн эрхмүүд танхимдаа суугаад, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу гэж ярьцгаадаг билээ. “30 гэр бүлийг устгана”, “Монголын төрөөс хулгай хийсэн хулгайч”, “Хонзонгоо тэгж авна” гэх мэтийн увайгүй үгс л амных нь уншлага болчихсон. Ийм үгс төрийн өндөрлөгөөс, УИХ-ын гишүүдийн амнаас цуурайтах нь энгийн үзэгдэл шахуу болтлоо олширчээ. Эрхэм гишүүдийн үг, үйлдлүүдийг эргэн санацгаая л даа, зах зухаас нь. Хүчин хийж, бэлэг эрхтэнийхээ зургийг ийш тийш илгээж, нэг нэгнээ хулгайчаар нь дуудаж, хаанаас яаж мөнгө, нүүрс хулгайлж, хулгайлсан мөнгөөрөө хаана, юу хийж хэрхэн казинодсоныг нь УИХ-ын чуулганы танхимд хээвнэг ярьсан шигээ сууцгааж байдаг.

Төрийн түшээд нь ийм олхиогүй байдалтай, нэгэнтэйгээ гудамжны этгээдүүд шиг харьцаж бүдүүлэг үг унагаад байхаар ард түмэн яг тэр үйлдэл, үгийг нь дагаж эвдэрч, тэр байдлаар нь төрийн түшээдийг хүлээж аваад байдаг талтай. Хэрвээ УИХ-ын гишүүд нэгнээ “Хатагтай”, “Ноён” хэмээн хүндэтгэлийн үгээр хүндэлж харьцвал ард түмэн энэ үгсийг нь дуурайж, нэг нэгэнтэйгээ хүндэтгэлтэй харьцаж эхэлнэ. “Унтаж байхад чинь хорлож ална”, “Хажуу бөөр рүү чинь хутга шаана шүү” гэж яривал тэрийг нь ард түмэн нь дүрэм мэт дагаж тэр үйлдлийг хийчих гээд байдаг. Ард түмний эв нэгдэлгүй, нэгэнтэйгээ дайсагналцдаг байдал нь явж явж төрийн түшээдийн хэлж ярьж байгаа үг, үйлдэлтэй шууд хамааралтай. Угтаа ард түмэндээ үлгэр жишээ болох үг хэлж, зоригжуулж, сайн сайханд уриалсан, болж бүтэж байгаа юмыг дэмжсэн эерэг үг хэлж байх учиртай. Харамсалтай нь Монголын нийгэмд ийм зүйл байхгүй болоод удаж байна. Тэр хэрээр нийгэм ирээдүйдээ итгэхээ больж, эвдэрч, эмтэрч байна. Харин энэ их эвдрэл дунд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн дээрх үг цаг үеэ олсон, бодож боловсруулсан үг байлаа шүү. Энэ утгаараа манай төрийн өндөрлөгүүдийн амнаас гарсан анхны зөв санаа нь энэ болов.

Орчин үед өрсөлдөгчөө уг үндсээр нь үгүй хийх, эсвэл нэг тал нь дангаараа хожоод нөгөө тал нь хохирч үлдэнэ гэдэг ойлголт байхаа больсон. Үүнийг орчин үеийн дэлхийн харилцаанаас харж болно. Хэдий үзэл бодол зөрчилдөөнтэй, ямар нэг сэдэв дээр маргаантай байдаг хоёр тал, баруунтан, зүүнтэн гэж хуваагддаг ч эцэст нь зөвшилцөж тохиролцдог. АНУ, Хойд Солонгосын асуудал, Сирийн дайн гээд манай дэлхий дээр талцсан үйл явдлууд өрнөсөөр. Ингэж хоёр тал өөр өөрийн байр суурийг илэрхийлж зүүн, баруун тийш харлаа ч аль ч тал нь ялалт байгуулдаггүй, асуудал нь улам хурцаддаг. Харин дэлхийн харилцаа ерөөсөө л голч төв үзлийг эрхэмлэж, тэр л цэгт уулзаж бүхий л асуудлаа даруухан, хүлээцтэйгээр шийдээд удаж байна.

Баруун, зүүний аль алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр голыг нь олсон, талуудыг сэтгэл ханамжтай үлдээхдээ хоёр талын хүлээн зөвшөөрсөн доод хэмжээнээс нь доордуулахгүйгээр голчийг олсон хувилбараар л олон улсын харилцаа зохицуулагддаг. Жишээ нь, Хойд Солонгос, АНУ-ын харилцааг хөндлөнгөөс харахад юу юугүй дүрэлзээд асчих гал мэт харагдаж байтал аль аль талынх нь эрх ашгийг хөндөлгүйгээр бас хэн хэнд нь ашигтай хувилбараар зохицуулах гарцыг олчихоод байна. Аливаа асуудалд гарц заавал байдаг. Дэлхийд ингэж аливаа асуудлын голчийг олдог харилцаа ид ноёлж байна.

Манайд Таван толгойг хөдөлгөж болохгүй, хөдөлгөж болно гэдэг хоёр тал болчихоод олон жил хэрэлдсэн. Аль алиных нь ашиг сонирхол, хүсэл биелэхгүй байсан учир энэ том төслийг зориуд гацаагаад байсан гэсэн үг л дээ. Харин одоо Таван толгойг тэр хоёр талын хэн хэнийх нь ашиг сонирхлыг харгалзан үзсэний үр дүнд хөдөлгөөд байгаа гэсэн үг. Хэрвээ аль нэг талд нь бат зогссон хэвээр байсан бол энэ төсөл хэзээ ч хөдлөхгүй, гацаатай чигээрээ үлдэх байлаа.

Уг төсөл дээр голч үзлээр хандсаны дүнд төсөл хөдөлж ард түмэн хоолтойгоо үлдэж, улс эх орны эдийн засагт түлхэц өгөх нэг том хөдөлгүүр асч байгаа юм.

Өрсөлдөгчөө, нөгөө талынхнаа, өөр нам, бусад улстөрчдийг бүгдийг нь үгүй хийгээд алж талаад, буудаад газрын гаваар оруулчихна гэсэн тийм гэнэн мөрөөдөл нь алсуураа том эрх ашгийг хүчтэй хөндөж, бүгд л хохирч хоцордог. Иймд төв голч үзлээр явахаас өөр арга үгүй. Хуучин бол Монголын төр засгийн удирдагчид харьцангуй зөв, эв нэгдэл эрхэмлэсэн, төрийн түшээгийн ёс зүйгээ дээдэлж ихэд бодож тунгаан байж үг хэлдэг байжээ. Сүүлд Ерөнхийлөгч П.Очирбат “Монголыг Азийн бар улс болгоно” гэсэн нь тухайн үед монголчуудыг доргиож сэргээж, үнэхээр итгэл төрүүлж “Азийн бар болж чадна” гэсэн мөрөөдлийн галыг иргэн болгоныг зүрхэнд асааж чадсан сан. Ерөнхий сайд асан П.Жасрай элгээрээ хэвтчихсэн байсан дотоодын үйлдвэрлэл сэргэж, ажлын байр нэмэгдэж эхлэхэд “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Нисэх онгоцны хошуу өндийлөө” гэж ярьсан нь цаг үеэ тодорхойлсон, нөхцөл байдлыг ончтойгоор илэрхийлсэн түшээгийн үг болж чадсан бөгөөд тэр цагаас хойш монголчууд сайн цагийн эхлэл, сайн мэдээ дуулаад “Хонгилын үзүүрт гэрэл аслаа” хэмээн бэлгэшээдэг болсон дог. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2005 оны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Урт шар дээлтээс болгоомжил” гэж ярьсныг хүмүүс хаврын урт өдрүүд ирж, хаана хаанаа бүсээ чангалах хэрэгтэйг сануулж ёгтоллоо гэж үзсэн бол нөгөө хэсэг нь шар дээл өмсдөг Н.Энхбаярыг хэлсэн гэж тайлбарлаж байсан билээ.

Ямартаа ч энэ ёгт үг нэг хэсэгтээ л дээр дооргүй хүн бүрт юм бодогдуулаад амжсан юм. Энд бас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Хэлэх бол хийхийн тал” гэдэг үгийг онцлууштай. Аливааг ор тас мартахаас илүүтэй хэлж ярьж санаж явбал бүтдэг гэдэг өөдрөг үзлийг тэрээр энэ үгээрээ нийгэмд хүчтэй хүргэсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлсэн “Эвтэй байхдаа хүчтэй” гэх үг бас л нийгэмд давалгаалсан юм. Чингис хааны үеийн мэргэн үгнээс эш татсан гэх энэ үгийг зарим хүмүүс эвлэлдэн нэгдээд улсаа хувааж идэхийг хэлжээ гэж сөргүүлж ч тайлбарлаж байсан удаатай.

Ер нь эвтэй байхын гол нь голч төв үзэл. Нийгмээрээ нэг тал руугаа хазайж, шуурахад нийгэм өөрийн гэсэн тормозоо гишгэдэг байх ёстой. Зүүнтэн, баруунтан гэж талцаж туйлширсны үр дүнд 36 мянган иргэнээ хэлмэгдүүлсэн. Социализмын үед нэг орныг хэт тахин шүтэж шуурсны үр дүнд үндэсний баялаг, үндэсний хөрөнгөтөнтэй болж амжаагүй. Дараа нь өмч хувьчлал гэж шуурснаас бий болгосон жаахан юмаа үрэн таран хийсэн. Ардчилал, хүний эрх чөлөө гэж шуурснаас ардчиллын мөн чанарыг одоо хүртэл ойлгоогүй л тарамдуулж явж байна. Элдэв янзын хатгаас, дотоод гадаадын түлхээс байдаг л байх. Нэгнээ үзэж чадахаа байж, нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, хэт нэг тал руу туйлширч савладаг болсон энэ цагт төв голч байхыг сануулсан УИХ-ын дарга М.Энхболдын үг зөвхөн улстөрчид гэлтгүй бүгдэд хамаатуулсан зөв үг байлаа.

“Үг, үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан бие, ухаанаа тэгшлэн засаж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм”. Энэ үүргээ төрийн түшээд биелүүлж эхэлбэл тэднийг дуурайдаг, үлгэр жишээгээ хэмээн хардаг ард түмэн нь аяндаа дагаж үг, үйлдлээ хянаж эхлэх нь ойлгомжтой. “Ууцыг дал дагадаг, уулыг мод дагадаг” гэгчээр ард түмэн нь сонгосон түшээдээ л дагана шүү дээ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Н.Батсуурьтай барьцах нь энэ сардаа лав мөн ч тэнэг харагдана даа

Монгол түмний уламжлалт үндэсний их баяр наадам нар, хур нь тэгширсэн, олныг баясгасан ярих хөөрөх зүйл ихтэй сайхан л болж өнгөрлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, шинэ аварга цолтон төрлөө. Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал болгож “Ланд крузер-200” автомашин, 11 өрөө орон сууц, дөрвөн өрөө орон сууц, “Ниссан” маркийн сүүлийн үеийн загварын автомашин бэлэглэлээ гэх зэргээр бэлгэнд дарагдсан мэдээллүүд сүүлийн хэд хоногийн шуугианы нэг болж байна. Зөвхөн түрүү бөх гэлтгүй үзүүрлэсэн бөх, олны харааг булааж ир бяраараа гайхуулсан олон олон бөхчүүд, хурдан морины уяачдад нутаг усныхан нь, хувийн компаниуд хайр гамгүй бэлэг сэлт, мөнгөн урамшууллыг олгож байна.
Жил болгон бэлгэнд дарагддаг үе бол яах аргагүй наадмын баяр юм. Үүнийг гайхан шагшаад бүр хэтрүүлж хэлбэл атаархан хорсоод байх зүйл ер алга. Дэлхийн улс оронд олны анхааралд орсон тамирчид, олны танил хүмүүсийг хувийн салбарынхан нь шагнаж урамшуулдаг. Үзэгч ихтэй мэргэжлийн лигийн тамирчид гэхэд хэдэн саяар тоологдох цалин авч байдаг. Тухайн орны хамгийн шуугиантай спортод бизнес эрхлэгч нар анхаарлаа хандуулан, ивээн тэтгэгчээр ажиллах нь энгийн үзэгдэл. Хүн төрөлхтний соёл, бизнесийн хуулиар олон хүний анхааралд орсон тамирчин ч бай оюуны спортын шатарчин ч бай хамгийн гол нь маш олон хүнийг хамарсан гэдгийг гол үзүүлэлт болгон хувийн аж ахуйн нэгжүүд шагнал урамшууллаараа дардаг нь бизнесийн жам ёсны зүйлийн нэг. Энэ нь тухайн бизнесээ олонд таниулах, бизнесийн орон зайгаа тэлэх арга. Сонирхуулахад, Америкт нэр хүндтэй. “Нью-Йорк Янкиз” баг гэхэд нэг тоглогчид дунджаар 7.3 сая ам.доллар буюу 18 тэрбум төгрөгийн цалин өгдөг. Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 тамирчны найм нь хөлбөмбөгчид байдаг. Хөлбөмбөгчдийн авдаг цалинг, олгодог урамшуулал, дэмжлэгийг тоочоод барахгүй их.
Дэлхий нийтэд хамгийн эрэлттэй, энгүүн их гавьяатай мэргэжлийг сувилагч гэж үзэн шүтдэг ч бөмбөг хөөсөн тамирчдад дэлхийн нэр хүндтэй компаниуд мөнгө, цаг заваа харамгүй зарцуулж ирсний нууц юунд байна вэ. Монголын хувьд үндэсний спорт буюу хамгийн олон хүн сонирхож үздэг спорт нь хурдан морь, бөх хоёр юм. Сайн барилдсан бөхийн нэр хүнд өсч, шагнал урамшуулал амьдралд хүрэхүйц боломжийн өсөөд явчихдаг. Шагнал, урамшууллыг дагаад хүүхдээ сайн бөх болгочих юмсан гэсэн хүмүүс олширч, улмаар бөх сонирхогчдын тоо өсч, уг спортоор хичээллэх идэвх эрс нэмэгдэж байдаг. Хэдхээн жилийн өмнө үндэсний их баяр наадмын 512 бөхийн барилдах тоонд хүрэхгүйн улмаас цэргүүдийг “хүчээр” авчирч барилдуулдаг байсан бол одоо шинэ, шинэ залуу бөхчүүд хүч түрэн орж ирж наадмын ногоон дэнжийг эзэгнэн байгааг бөх сонирхогчид ярьж, хэлж байна. Хөлбөмбөг өнөөдөр дэлхийн спорт болсон нууц нь ч асар их мөнгө, ивээн тэтгэлгээр хөгжсөнтэй холбоотой. Спорт хөгжсөн улс орнуудад дэлхийн том тамирчдын залгамж халаа хэдэн зуугаараа бэлтгэгдсэн байдаг.
Залгамж халаа болон дараагийн дэлхийг шуугиулах тамирчид ард нь бэлэн байдаг. Ингэж байж тухайн улсын үндэсний спорт эрчтэй сайн хөгждөг. Улсынх нь ч хэлэх, тэрэнд ч тийм ч байр, машин өглөө гэж дуу алдах нь зохистой харагдахгүй нь. Тэр сумын эмнэлэгт ч бензин байхгүй байхад энэнд ийм юм өгч суудаг гэх зэргээр элдэвлэх нь хэр ончтой байх вэ. Тэгээд ч сумын эмнэлгийн бензинийг төр засаг нь хангах үүрэгтэй болохоос хувийн аж ахуй нэгжүүд өгөх үүрэг хүлээгээгүй. Сая наадмын үеэр Монгол Улс ес дэх олон улсын шатрын их мастертай болсон сайн мэдээллийг бөхтэй харьцуулж олон хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байх шиг байна. Оюун ухааны спортын оргил өндөр цолонд хүрч дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан байтал өнөө дэмждэг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд нь хаана явна вэ гэцгээсэн. Монгол хүний оюуны бяр чадлыг гайхуулсан оюунт монгол охин Б.Амина олон улсын шатрын их мастер цол хүртсэн нь үнэхээр бахадмаар, баяр хүргүүштэй явдал болсон нь үнэн.

Сайшаалтай хэрэг. Гэвч шатрын уралдаан тэмцээнд оролцоод явж байхад нь хичнээн олон хүн үзэж, дэмжиж, фэн болж үзэж байсан бэ. Гэтэл наадмаар Увс аймгийн харьяат бөх түрүүлж, Увс нуур дууг зон олон дуулсных нь төлөө нийгмээрээ талцан, бухимдан бархирч Увс ба бусад гэдэг тухай яриа өрнүүлж суухав дээ манайхан. Нийгмээрээ ингэж анхаарсан, олныг хамарсан спорт, олны танил хүмүүсийг өнөө хувийн бизнес эрхлэгч нар дэмжиж, шагнаж урамшуулах нь хорвоо ертөнц дэх бизнесийн алтан зарчим. Түүнээс биш бөх, оюуны спорт хоёрын аль нэгийг нь дээр, доор үзэж ялгаварлаж байгаадаа биш юм аа. Энэ бол тэнгэр, газар шиг ялгаатай, тусдаа өөр асуудал юм.

Тухайлбал, эрэлттэй мэргэжлээр тэргүүлдэг сувилагч мянган сайн үйлс бүтээж баатарлаг гавьяа байгууллаа ч лигт тоглодог сагсчны цалингаас хэд дахин бага хөлс хүртдэг. Дунджаар сувилагч жилдээ 63 мянган ам. доллар буюу 160 сая төгрөгийн цалинтай гэж тооцдог бол Английн Премьер лигийн нэг тамирчны дундаж цалин 3.8 сая ам.доллар буюу 10 орчим тэрбум төгрөгийн хэмжээтэй байх жишээтэй. Жилдээ нэг сувилагч 160 сая төгрөг, нэг хөлбөмбөгч 10 тэрбум төгрөг хүртэж буйг манай сошиал шүүмжлэгч нар овоо хараандаа авбал нэлээн үг урсгахаар байгаа биз. Юун Н.Батсуурь бөх, шатрын мастер охин. Тэгэхээр монгол бөхийн түрүү магнай улсын аварга Н.Батсуурийг лав энэ долдугаар сардаа элдвээр хэлэх нь бусдад мөн ч тэнэг харагдана даа. Сая Н.Батсуурь аварга болоход Увс нуур дууг олноороо дуулж, Увс аймгийн гаралтай хүмүүс ихэд баярлаж хөөрсөнд бухимдах хүмүүс багагүй гарлаа. Фанат, фэнүүд нь баярлаж хөөрөө л биз. Хэрвээ тийм л сүрхий байсан юм бол урьд нь түрүүлж байсан бөхчүүдийн аймгийнхан, гарал угсаатай хүмүүс нь нутаг усныхаа дуугаа дуулж, ингэтлээ их баярлаж хөөрөхгүй байх нь яасан юм бэ.
Өдгөө хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид явагдаж байна. Фанатууд нь баярлан хөөрч, улсаараа, хотоороо, гэр бүлээрээ яаж хөөрч хөгжиж байгааг дэлхий нийтээрээ хангалттай харж байна. Сагс, хөлбөмбөг гэх мэт дэлхийн анхааралд орсон спортын тамирчид, багийнхан амжилт гаргахад манай баг, манай тамирчин гэж Нью-Жерси, Лос-Анжелосаас эхлээд хотоороо тэр чигтээ бүгдээрээ баярлаж, амралтын өдөр болгон зарлаж, бүр улсын төсвөөсөө ч харамгүй мөнгө зарцуулцгаадаг. Нутаг, ус, хот, суурингийнхныгаа дэмжих үзэл бол дэлхийн өнцөг булан бүрийн хаана ч болж байдаг энгийн үзэгдэл. Үүнийг дэвэргээд байх хэрэг үгүй юм. Харин ч овсгоотой улс орон, бизнесийн хүрээнийхэн фанат, фэнүүдээр дамжуулан менежмэнт хийж, хүн төрөлхтөнд бахархал, үнэт зүйлсээ зарлан тунхаглаж суудаг юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тавган дээрх Таван толгой

Таван толгойн уурхай бол монголчууд бидэнд бурхнаас хайрласан бэлэг. Үндсэндээ бурхнаас таваглаад бидний өмнө тавьчихсан хоол юм. Гэвч энэхүү тавган дээрх бэлэн хоолыг хүртэх гэж мөн ч олон жил хүлээсэн. Ард түмэн сөхөрч унатлаа итгэн горьдож хүлээсэн. Монголчуудын олон жилийн энэ их хүлээлтийг Ардын намын засаг тайллаа. Өнгөрөгч баасан гаригийн Их хурлын чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолыг баталж, түүхэн шийдвэр гаргалаа. Уул нь бурхны таваглаад тавьчихсан энэ бэлэн хоолыг бид хэзээ ч хүртэх боломжтой байсан. Ард түмэндээ ээлгүй төр засгийн удирдагчид тэрхүү хоолыг нь өгөхгүй, ходоодыг нь хонгинуулж тамлаж, тавласаар ирсэн нь үнэн.

Гол учир нь эрх барьж буй улс төрийн хүчний бүлэглэлүүд хоорондоо таардаггүй, хэн нэг нь өрсөж идэх гээд алалцаан болж, түүнийх нь хариуд ард түмэн өлсгөлөн байсан юм. Их хуралд сонгогдож төрийн жолооноос атгахын тулд бүгд том төслүүдээ хөдөлгөнө, та бүхнийг хоолтой болгоно гэж амладаг. Харин төрийн түшээд болчихоод Таван толгойгоо ярих завгүй байсаар сонгуулийн ээлжит хугацаагаа дуусгана. Олон нийтийг Таван толгойг ярих завгүй байлгана. Амьдралд ямар ч хэрэггүй улс төрийн акцууд хийж нийгмийг самууруулна. Улстөрчдийн Таван толгойг ард түмэнд мартагнуулж, өөрсдөө завгүй мэт харагддаг гол арга нь ердөө шударга ёсыг тогтоох, арчиллыг хөгжүүлэх. Шударга ёс ярьсан шударга бус нөхөд өөр хоорондоо дайсагнаж, дайснуудтайгаа тэмцэж байгаа мэт жүжиг тавьсаар нэг л мэдэхэд дөрвөн жил нь өнгөрсөн байдаг. Яг Таван толгойг ярьж, монголчуудаа хоолтой болгох нь уу гэтэл огт өөр асуудал нийгэмд шуугиан болгон гаргаад ирнэ. Түүнийгээ таван толгойгоос маш чухал зүйл гэж итгүүлнэ. Улстөрчдийн увайгүй ийм хар технологиор Монголын төр сүүлийн 30 жил явлаа. Эрх баригчдын бүлэглэл хоорондын тэмцэл, ханаж цадахыг мэдэхгүй, ард түмнээ хайрлахгүй сувдаг шунахай байдал том төслүүдийг хөдөлгөлгүй тал талаас нь яхийтал зуурч зогсоосон.

Ард түмэн эрх баригчдын шударга төрх үг, үйлдэлд эхлээд үнэмшдэг байсан. Одоо бол цаг өөр болсон. Хэн нь хэн бэ гэдгийг нийгэм сайн мэддэг болсон. Төрийн түшээдийн шударга болж харагдах жүжиг, шоу ард түмнийг тэгтлээ хэрсүүжихэд хүргэсэн байхгүй юу. Их хурлаас баталсан Таван толгойн түүхэн шийдвэрээс харахад улс төрийн бүлэглэлүүд тохиролцсон бололтой. Үндэсний аюулгүй байдал дээр тохирсон гэж дуулдсан. Гэхдээ сая яаж зүгээр байхав, Таван толгойг хөдөлгөхөөс өмнө мөн л улс төрийн башир аргаа хэрэглэх гэж үзсэн. Жаран тэрбум гэж нийгмийг төөрүүлсэн юм яриад эхэлсэн.

Монголчуудын аяган дахь хоолонд жаран тэрбумын гэх энэ хэрэг ямар ч нэмэргүй, ёстой нөгөө ганц боорцогны ч нэмэргүйг хэрсүүжсэн ард түмэн мэдэлгүй хаачихав. Тиймээс жаран тэрбум хэмээн шуугиан шаагиан болж, Таван толгойгоосоо зөрж давхисангүй. Таван толгойгоос илүү юм өгнө гэж худлаа амлаж, хоосон хоцорсон бүлэглэл нь хонзогнохдоо үлгэр зохион гол асуудлаас төөрүүлдэг жишиг энэ удаад бас давтагдлаа. Тодруулбал, Таван толгойн 30 хувийг өгөхтэй зэрэгцээд “Эрдэнэс МГЛ” компанийн хувьцааг иргэн бүрт хүртээж, 34 хувийг ард түмэнд тараах болов. Сонсоход чихэнд чимэгтэй ийм гоё үлгэрийг Ардчилсан нам зохиож Их хурлын чуулганд оруулж ирсэн. Энэ бол яагаад ч бүтэхгүй эд, ард түмнээ дахиад гоё үгээр хуурч хоосон байлгах гэсэн арга мэх. Ардчилсан намын энэ үлгэртэй холбогдуулж Их хурлын дарга “Ардчилсан намын гаргасан саналаар санал хураалаа. Олонх дэмжсэнгүй. Магадгүй энэ саналыг олонх дэмжээгүй нь зөв байсан байх. “Эрдэнэс МГЛ” компанийг би байгуулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Таван толгойн ордыг ашиглах үеэр “Эрдэнэс МГЛ”-ийн талаар нэг ч үг байгаагүй” гэдгийг хэлсэн.

Мөн Ц.Нямдорж “Эрдэнэс Монголын талаар Засгийн газар дээр яриагүй. Энэ компанийн бүх компаниудыг тус бүрээр нь оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх боломжтой. Судалгаа тооцоогүй зүйл дээр яаж шийдвэр гаргах вэ. 1072 хувьцааны асуудал одоо болтол тодорхой биш байхад тооцоо судалгаагаа хийж, Засгийн газар дээр яриагүй зүйлийг ингэж оруулж ирж болохгүй. Намрын чуулганаар тус бүрээр нь санал оруулж хэлэлцэх хэрэгтэй. Ханцуйны зарчмаар асуудал оруулж ирдгээ Их хурал болих хэрэгтэй” гэв.

“Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 10 жил болж байгаа. Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрэгжүүлэгч ордуудын үйл ажиллагааг хариуцдаг. “Эрдэнэс Таван толгой” 65 хувь, “Эрдэнэс Оюу толгой”, “Багануур”, “Шивээ овоо”, “Эрдэнэс метан”, “Эрдэнэс шивээ энержи”, “МонАтом”, “Гашуунсухайт роуд” зэрэг компаниудын заримыг нь 100 хувь, зарим нь тодорхой хувиар эзэмшдэг. Хууль дүрэм зөрчсөн Ардчилсан намын энэ асуудал Таван толгойн хувь заяаг дахиад залгих нь гэж бодтол эрх баригч хүчин дэмжсэнгүй. “Эрдэнэс МГЛ”-ийн 34 хувийг хэлэлцэнэ гэж Ардчилсан намын бүлгийг чуулганд оруулангуутаа саналыг нь унагаж молигодсон. Д.Эрдэнэбат “Монголын уул уурхайн баялгийг ард түмэнд олгох санал санаачилга гаргаж МАН-тай улс төрийн зөвшилцөлд хүрсэн гэж ойлгосон боловч чадсангүй. Энэ Монголын баялгийн эзэд бид биш, Засгийн газар, МАН-ынхан ч биш. Энэ шийдвэрээс татгалзлаа. Тиймээс бид Таван толгойн ордыг эргэлтэд оруулах асуудал дээр гурав хоногийн завсарлага үргэлжлүүлэн сунгахыг хүсч байна. Дахин завсарлага авах, завсарлагын хугацааг сунгах хоёр өөр юм” гэж мэдэгдсэн ч УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно, төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авсан учраас дахин завсарлага авах боломжгүй гэх тайлбарыг Их хурлынТамгын газраас өгсөн.

Ингэж Таван толгой хөдлөхөөр боллоо. Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжинэ. Зүүн төмөр зам болон Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын тодорхой хэсгийг санхүүжүүлнэ. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох аж. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 ажлын байр шууд бий болж, дам нөлөөгөөр 43 мянга орчим хүний ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болгоно. Мөн Сангийн яам болон холбогдох албаныхны гаргасан тооцооллоор экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж улсын төсөвт жилд 400-гаас нэг тэрбум ам.долларын орлого орно гэдгийг салбарын сайд нь хэлээд байгаа. IPO гаргахдаа гадаад дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлжээ. Хонгконгийн хөрөнгий бирж дээр IPO гаргах шаардлагыг бүрэн хангасан. Мөн Нью-Йоркийн хөрөнгийн биржийг судалж байгаа гэсэн. Ер нь IPO-г хэн авахаа эрх баригч хүчин хэдийнэ тохирсон байлгүй. Мэдээж хувьцаагаа зарлана, ард түмэн чадлаараа ганц нэгийг нь авна. Тэгээд л эрх баригч намын нэг нөхөр бөөнөөр нь авна биз. Түүнд ард түмэн огтхон гудийхгүй байгаа. Томыг нь томчууд иддэг, жижгийг нь жижигчүүд иддэгийг мэдэхтэйгээ болсон. Олон түмэн “Та нар дээгүүрээ учир зүйгээ олчих оо. Таван толгойгоос бидэнд хусам байхад л хангалттай” гэж сүүлийн найман жил төр засгаас шаардсан, хусмаа горьдож хүлээсэн.

Монголчууд энэ зун ажлын бараа харах нь бололтой. Авсан хувьцаагаараа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, нийлүүлж байгаад нэг нь байртай болчих, ажилд ороод найман хувийн зээлнээсээ гарчих гээд маш олон боломж бидний амьдралд нээлттэй болж ирнэ. Ажилтай болсон нөхөд зургаан сарын дараагаас л лизингээр машин, байртай болно. Эдийн засаг сэргэж, тэр их ажлын байр бий болоод эхлэхэд Монголын нийгэмд гэрэл асаад ирэх нь мэдээж. Монголчууд бид бүтээн байгуулалтыг өрнүүлж, том том хотууд бий болгож, ажил ундарч, айл бүхний амьдрал дээшлэх цаг болсон баймаар. Алийн болгон морио уралдуулж, бөхөө барилдуулж, дуу хуур болж наргиж цэнгэн, хоосон гуйлгачин суух юм бэ. Ажилгүй өлсгөлөн байхын төлөөс маш хүнд. Монгол орноо ч устгаж мэднэ. Өлсгөлөн хүнд ардчилал ч хамаагүй, тусгаар тогтнол ч хамаагүй. Хоол өгч байгаа хүн л чухал байдаг. Таван толгой ингээд хөдөллөө. Одоо бол бүтээн байгуулалтын их түүхээ эхлүүлж улс шиг улс болох цаг нь ирсэн байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Наадмаас өмнө, наадмын дараа гэсэн хачин зуршлаа хаямаар байна

Массын дунд нэг хачин хандлага анзаарагддаг. Амьдралынхаа мөчлөгийг наадмаас өмнө, наадмын дараа, цагаан сараас өмнө амжаад, цагаан сар өнгөрөөж байгаад гээд хуваачихдаг. Нэг ажил эхлэх болохоороо наадмаас өмнө шалавлая гэж уухирдах нь энүүхэнд. Эсвэл наадмын дараа болъё доо гээд налайчихдаг. Нүүдэлчин амьдралаас улбаатай буруу хандлагын нэг л дээ. Энэ сэтгэлгээнээсээ татгалзах цаг хаяанд ирчихээд хаалга тогшоод удаж байна. Наадам, цагаан сарын дараа бүх зүйл дуусах юм шиг сэтгэж адгахаа больё.

Яг энэ хандлага УИХ дээр анзаарагдаад байх юм. Наадмаас өмнө амжуулъя гээд хууль, шийдвэрүүдийг бөөнддөгөө болимоор байна.УИХ цаг хугацааны ийм хачин мэдрэмжтэй ажиллавал улсаа хөгжүүлнэ гэж мянгантаа яриад нэмэргүй. Өнөөдөр гэхэд л хууль тогтоогчид Таван толгойг яахаа наадмаас өмнө шийдье гээд дээр доороо орсон шигээ бужигнаж байна. Нөгөө талд АН-ынхан наадмын өмнө хэлэлцүүлэхгүй шүү гэж завсарлага авч бойкотлосон ч “Хоёр тал ойлголцсон учраас хэлэлцүүлэг үргэлжилнэ” гэсэн агуулгатай мэдээлэл өчигдөр цацагдлаа. Хэлэлцэхээс аргагүй асуудлыг гацааж уях нь хэтээсээ дэмий хэрэг л дээ. Гацаахдаа огт үндэслэлгүй гаргалгаа, гарц ярьж далийгаад бүр дэмий. Зарим улстөрчдийн хэлээд байсан шиг Таван толгойн 51 хувийг ард түмэнд өгвөл юун IPO болно. Хөрөнгө босгож том төслөө хөдөлгөх ажил үлгэр болоод дуусах өндөр эрсдэлтэй. Таван толгойг Сингапурын нэг хүн сонирхож байгаа гэсэн дэл сул яриа дуулддаг. Нүүрсний зах зээл дажгүй байгаа ийм үед Таван толгойг сонирхох хөрөнгө оруулагчид мэдээж бий. Тэдний хувьд коксжих нүүрсний их нөөцтэй ордоо ямар хувилбараар, яаж ашиглах нь вэ гэдгийг харж байж мөнгөө оруулах эсэхээ шийдэж таарна.

Хэрвээ УИХ-аас иргэддээ энэ ордын дийлэнх хувийг эзэмшүүлэх шийдвэр гаргачихвал гадны ямар ч хөрөнгө оруулагч Таван толгойд мөнгөө хийхгүй. Том төсөл дээрээ ингэж попорвол синга нь байтугай инга нь ч олдохгүй. Ямартаа ч хоёр тал ойлголцолд хүрч Таван толгой дээр гар барьцгаах шиг боллоо. Гэхдээ өчигдрийн үйл явдлаас харахад Таван толгойг хөдөлгөх тухай санааг гажуудуулчихав уу гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Уул уурхайн сайд “Эрдэнэс Таван толгой”-н тодорхой хувийн хувьцааг арилжаалж мөнгө босгоё гэсэн хувилбар оруулж ирсэн. Гэтэл нөгөө талаас “Эрдэнэс Монгол”-ын хувьцааг нийтэд нь арилжаалах хувилбар гаргаад ирлээ. Засгийн газрын хувьд цаг алдахгүй гэсэн санаагаар нөгөө талынхаа хувилбар дээр толгой дохисон ч юм шиг өнгө ажиглагдаж байна. “Эрдэнэс Монгол” хэд хэдэн охин компанитай. ”Эрдэнэс Монгол”-ын хувьцаа гэдэг дээр хоёр тал гар баривал Оюу толгойгоос эхлээд бүх охин компанийн асуудал яригдана гэсэн үг. Хэрвээ асуудал ийм зургаар шийдэгдвэл Таван толгойг хөдөлгөх санаа талаар болно гэсэн үг. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа болохоор дүгнэлт хийхэд эрт байна.

Ямартаа ч өчигдөр болсон үйл явдлаас анзаарахад УИХ наадмаас өмнө том төслөө хөдөлгөх шийдвэр гаргаж магадгүй зураг харагдаж байна. Яг нарийндаа наадмаас өмнө Таван толгойгоо тачигнуулчихъя гэж яарах нь ч буруу хандлага. Наадам хоёрхон өдөр болоод дуусах баяр. Хоёр өдөр наадаж амарчихаад үргэлжлүүлээд хэлэлцэхэд болохгүй юмгүй. Тэгэх ч учиртай. Наадмын өмнө хэлэлцэж шийдвэр гаргаж чадсангүй наадмын дараа болъё гэсэн алгуурлал лав л Таван толгой дээр байж болохгүй. Өнөөдөр төр засгийнхан долларын нөөц гурван тэрбум, эдийн засаг дажгүй өсөлттэй гэж ирээд толгой өндөр суугаа. Гэхдээ ногоон валютаар тасарчихгүйхэн шиг аятайхан амь зуугаад байгаа нэг л зүйл бий гэдгийг санаж сэрж суугаа нь хэд бол. Хатуухан хэлэхэд уяачид нь морио, бөхчид нь бөхөө бодоод юун эдийн засаг манатай яваа нь гашуун ч гэлээ үнэн.

Эдийн засаг амь тасарчихгүй яваад байгаа нь нүүрстэй холбоотой. Мэдээж бидний сайных биш л дээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өссөн учраас эрх баригчид овоо дориун, том дуугарсан шигээ сууцгааж байгаа юм. Төмөр замаа бариагүй, баяжуулах үйлдвэрээ байгуулаагүй, Таван толгой дээрээ ер нь юу ч хийгээгүй мөртлөө нүүрсээ их хэмжээгээр давгүй үнээр зараад байгаа нь Хятадын зах зээл дээр эрэлт үүссэнтэй холбоотой. Муу хүний заяа завагт гэдэгчлэн сүүлд гэхэд л Хятад АНУ-аас авах нүүрсэндээ 25 хувийн импортын татвар тавиадахлаа. Дэлхийн худалдааны дайнаас өгөөж хүртэх цөөхөн улсын нэгд багтсан маань л Монголын эдийн засагт аврал болж байна. Ингээд харахаар Азийн Монголын эдийн засаг гарцаагүй шалтгаанаар биш азаар л овоо сэхүүн яваад байна. Эдийн засагчид “Нүүрсний зах зээл дээр эдийн засаг тогтож байна” гэж анхааруулаад байгаа нь ийм учиртай. Тэгэхээр энэ алтан үеийг алдахгүйгээр Таван толгойгоо хөдөлгөе гэж шамдуулж яваа Д.Сумъяабазар сайдын санааг дэмжихээс аргагүй. Наадам ч болчихлоо, намрын чуулганаар л ярилцъя гэж алгуурлавал бид боломжоо алдана.

Наадмын дараа морь, бөх хөөцөлдөж хөдөө гадаа хэсэхгүйхэн шиг Төрийн ордондоо тогтож суумаар байна. Долдугаар сардаа багтааж Таван толгойг хөдөлгөх Засгийн газрын санааг ажил шийдэл болгомоор байна. Намрын чуулган гэж алгуурлавал эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон болчихсон. Бондын төлбөрөө төлөх гэж хэдэн доллар татахад л ногоон валютын ханш савлахаар орчинд байгааг УИХ-д суугаа хэд мэдэхийн цаагуур мэдэж суугаа. Өнөөдрийнх шиг Төв банкаа гал руу түлхсэн шигээ суугаад байвал цаашдаа инфляци өсөх эрсдэл бий. Инфляци өсвөл шатахуун, мах, цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ. Ингээд харахаар хамгийн хүнд ачаа нь иргэдийн нуруун дээр ирэхээр байна.

Төр засгаас Таван толгойн 1072 хувьцааг иргэн бүрдээ өгснөөс хойш өчнөөн жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл иргэн Дорж, Дулмаагийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй нь бодитой үнэн. Энэ том ордыг зах зээлийн жамаар нь, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцтай нь хөдөлгөөгүй цагт Таван толгойн хувьцааны өгөөжийг хэн ч хүртэх боломжгүй. Таван толгой ингэж амилаагүй цагт 1072 хувьцаа хэргээ өгөхгүй. Шилний цаадах чихэр долоож байгаагаас ялгаагүй, ямар ч үнэ цэнэ, ашиг өгөхгүйгээр олон оныг үднэ. Таван толгойн 51 хувийг иргэддээ өгөх ёстой гэдэг санааг өнгөц сонсоход чихэнд чимэгтэй л дээ. Гэхдээ ийм хувилбараар гаднаас мөнгө татах боломжгүй тухай өмнө дурдсан. 1072 шиг хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй хувь чухал уу, эсвэл шатахуунаас эхлээд хамаг юмны үнэ нэмэгдсэн орчинд тарчиг даржин амьдрах уу гэсэн сонголтуудыг иргэдэд санал болговол мэдээж бүгд хоёр дахийг нь сонгоно. Хэн ч хөдөлмөрлөж олж байгаа төгрөгөө үнэгүйдүүлэхийг хүсэхгүй.

Таван толгойг цогцоор нь хөдөлгөж чадвал харин эдийн засаг жинхэнэ утгаараа сэргэнэ. Том төслийг дагаад ханган нийлүүлэгч компаниудын бизнес цэцэглэдэг. Том уурхайд ариун цэврийн цаас, сүү, ногоо, ажлын хувцас, барилгын материалаас эхлээд өчнөөн бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ үүснэ. Тэр бүхнийг нь үйлдвэрлээд, бүтээгээд нийлүүлэх олон компани гарч ирнэ. За тэгээд засварын үйлчилгээ, барилгын ажил гээд дотоодын компаниудаа дэмжсэн хэрэгцээнүүд том төслийг дагаад үүсдэг. Том төсөл эдийн засагт яаж нөлөөлдгийг Оюу толгойгоос харчихаж болно. Улсад төлж байгаа татвар нь гэхэд л аварга тоо дуулддаг. Оюу толгой 2017 онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулсан гэсэн статистик бий. Яг одоо ид өрнөж байгаа гүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монголын компаниудтай байгуулчихсан яваа. Том төслийн бүтээн байгуулалтын шатанд гэхэд л компаниудын бизнес ингэж цэцэглэдэг. Таван толгой хөдөлвөл монголчуудын хүртэх өгөөж нь мөн л ийм том мөнгөн дүнгээр яригдана. Өндөр цалинтай ажлын байрууд олноор бий болно, өнөөдөр хаалгаа барих гээд сандарч байгаа олон компанид Таван толгойд ханган нийлүүлэлт хийх зах зээл нээгдэнэ гэж ирээд яривал монголчуудын хүртэх өгөөж их.

Тэгэхээр наадмын өмнө, дараа гэсэн хачин зуршлаа хаяад, чуулганы танхимдаа тогтож сууж, нухацтай хэлэлцэж байгаад Таван толгойгоо даруйхан хөдөлгөмөөр байна. Шийдвэр гаргах түвшнийхэнд анзаарагддаг нэг том гэм бий. Иргэдэд өгөөжөө өгөхөөр том төслүүдийн тухай яриа хэлцэл идэвхжихээр л хоосон айдас зохиож элдэв бүтэхгүй, худлаа тоо баримт тоочоод унадаг. Энэ хандлага нь Оюу толгой дээр маш тод анзаарагддаг, одоо ч анзаарагдаж байгаа.Саяхан гэхэд Оюу толгойг шалгах ажлын хэсгийн ахлагч нь “Бидний ч мэдэхгүй том тоотой “но” татвар дээр байна” гэсэн битүү хатуу мэдэгдлийг хэвлэлийн хурал зарлаж байгаад ярьсан. Хөмсгөө зангидан эх оронч дүр эсгэж Оюу толгойг шалгаж суугаа гишүүд яагаад ч юм энэ төслийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, компани, иргэдэд очиж буй ашиг, өгөөжийн талаар тоо баримттай ярих тун дургүй байгаа. Таван толгой дээр ч ялгаагүй. Том төслүүд хөдлөхийн өмнөхөн яригддаг хоосон айдас, худлаа тоо баримтууд ордонд тухалсан хэдийн амнаас унаад эхэлчихсэн. Улстөрчдийн агуу эх оронч, жигтэйхэн хурц мэдэгдлийн цаана өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг гэсэн айхавтар үг бий. Ер нь улстөрчдийн жигтэйхэн эх оронч мэдэгдэл, үйлдлүүдийг анзаараад, ухаад байх нь ээ яг л ийм дүр зураг харагддаг. Манай эрх мэдэлтнүүдийн олонх нь дансан дахь хэдээ арвижуулах гэсэн аминч жижигхэн санаагаар агуу том эх оронч үйлдэл хийцгээдэг нь эмгэнэлтэй боловч үнэн л дээ.

Тэгэхээр УИХ-ын гишүүд хувийн жижиг эрх ашгаа түр ч болов мартаж, цаг хугацааны хайч гэх мэт хэрэггүй дэмий яриагаа орхиод Таван толгойг цогцоор нь хөдөлгөх шийдвэрийг ирэх сардаа багтаж гаргамаар байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Монголын тайлбар цусны шинжилгээ байх юм

Сая, сая хөгжөөн дэмжигчдийг догдлуулсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд арав гаруй хонож байна. Хүн төрөлхтнийг яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгээс нь үл хамааран нэгэн дээвэр дор хөгжөөн жаргааж чаддаг гэдэг утгаараа хөлбөмбөг бол энх тайвныг эрхэмлэсэн спорт юм. Дөрвөн жилд нэг удаа явагддаг энэ удаагийн ДАШТ манайхаас олон цагийн зөрүүтэй ОХУ-д болж буй ч монголчууд нойроо харамлахгүй үзэж байгаа. Шууд дамжуулалтыг МҮОНТ, NTV телевиз тусгай зөвшөөрөлтэйгөөр тайлбарлан хүргэж байна. Лидер тоглогчдын ур чадвар, багийн спортын амжилт, улс орнуудын чансаа гээд хөлбөмбөгийг нэвт шувт мэддэг хүмүүс л энэ спортыг хүнд хүргэж чадна. Тиймээс хөлбөмбөгийн дэлхийн аваргыг шууд дамжуулж буй телевизүүд Монголдоо урдаа барьдаг гэсэн тайлбарлагч нарыг сонгож ажиллуулдаг байх. Манай телевизээр тэр, тэр хөлбөмбөг тайлбарлана гээд л рекламдах юм билээ. Тэгвэл Монголын тайлбарлагч нарын тэргүүн манлайд орос хэлний багш мэргэжилтэй Э.Балжинням байна, бас жүжигчин Д.Энхбаяр гээд хөлбөмбөгийн “хорхойтой” хүмүүс дэлхийн аваргын тэмцээнийг үзэгчдэд тайлбарлаж, хүргэдэг болоод удав. Энэ улсуудын тайлбарлаж байгааг сонсоход үе, үе тамирчдыг доош нь хийсэн, доромж өнгө аястай байх юм аа. Тэр тамирчин бол тэдэн эхнэрээс салсан, одоо тэрэнтэй амьдарч байгаа, багадаа ийм өвчтэй байсан гээд л хувийн амьдрал руу нь хэт өнгийж, дайрдаг. Эсвэл тэндээс цагаачилж ирсэн тийм дүрвэгсэдийн хүүхэд гээд л удам судар, гарал үүслийг нь сөхнө. Нэг бол хар, шараар нь ялгаж зүсэлнэ. Дэлхий нийтийн энэ спортыг манай тайлбарлагчид дэндүү монголчлоод байна. Шуудхан хэлэхэд, байнга л цусны шинжилгээ хийж байгаа мэт ярих юм. Жишээлбэл, “Африк гаралтай харууд яасан муу байна вэ. Энэ удаад цагаан арьстнууд гайгүй үзэж байх юм”, “Эд нар ер нь дандаа л муу юманд орооцолдож, хэл ам таталж байдаг дөө”, “Германы шилдэг тамирчдын дийлэнхийнх нь өвөг эцэг Туркээс дүрвэж ирсэн” гэх зэргээр гаднынхны хэлэхээс тун болгоомжилдог, эмзэг сэдвийг тайлбарынхаа дундуур хачирлах нь их болжээ. Дэлгэцийн өмнө хамгийн олон үзэгчийг татдаг хөлбөмбөгийн тэмцээний тайлбарлагчдын яриа, эмоцио илэрхийлэхдээ анзааргагүй унагасан үг хэл нь монголчуудын үндсэрхэг үзлийг дэвэргэх нэг сэдэл болж мэднэ.

Ялангуяа Э.Балжинням үзэгчдийг хөгжөөх гээд байгаа онохгүй тайлбаруудыг их хийдэг. Түүний дандаа хэлдэг үгийг Монголын фанатууд бараг цээжилсэн биз. Реал Мадрид-Барселонагийн тоглолтын үеэр “Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсан юм байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барселоны бэр болсон чинь “Реал Мадрид”-ынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм биш үү” гэж тайлбарлаж байсан. Бас үзэгчдийн сэтгэгдэлд тод үлдсэн өөр нэг тайлбар гэвэл “1998 оны ДАШТ-д аваргын төлөө тоглох гэж байсан Бразилын шигшээ багийн довтлогч Рональдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Робэрто Карлос гүйж орж ирээд “Зүгээрээ Рональдо,бид ялна…” гэсэн гэх зэргээр хормой хотны явдлыг дэргэд нь байсан мэт тайлбарлах юм. Түүнчлэн дэлхийн аваргын таван удаагийн Алтанбөмбөгийн эзэн Аргентины шигшээ багийн лидер Л.Мессиг хүртэл итали ээжтэй, цагаач гэж хочилдог. Түүний амьдралын түүхийг ярьж байна гээд дандаа өвчнийх нь онош юм уу, болохгүй бүтэхгүй, амьдралд нь тохиолдсон хар бараан дурсамжуудыг дэлгэнэ. Ер нь бол мань эр “Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй. Лэмпардыгаа шүтдэг” гэж ирээд л хамаа намаагүй, зоргоороо ярьдаг хүн л дээ. Тийм болохоор манайхан түүнийг уухайлан дэмжээд, шүтээд, мундаг гээд л баясаад байдаг. Сая гэхэд К.Рональдог гоол оруулангуут “Экс хадмындаа ирж агсам тавилаа” гэж тайлбарлаж байх шиг. Үүнийг нь сошиал сүлжээнд шүүрч аваад давалгаалан хөөрцгөөсөн. Үнэн хэрэгтээ хөлбөмбөг хэмээх мэргэжлийн спортыг манай тайлбарлагчид хошин шогийн хэмжээнд аваачиж тайлбарлаад байх юм. Энэ бол аливаад жалга довондоо ойж буудаг үзлээр ханддаг, норм стандартыг ном ёсоор нь хийдэггүй, бүх зүйлийг монголчилж хэт мэдэмхийрдэг манайхны дэндүү бүдүүлэг зан. Тэдний орилоо тайлбараас болж хөлбөмбөг яасныг мэдэхгүй шахам өнгөрдөг. Үүгээрээ тэдний хоббиг буруутгаагүй. Гагцхүү дэлгэц бол нийгмийг соён гэгээрүүлж, танин мэдүүлдэг үүрэгтэй. Тэрнээс хэн нэгэн рүү дайрч, гутаан доромжилдог хэрэгсэл биш. Дээр нь мөнгөө төлөөд үзэж байгаа үзэгчдээ хүндлээд ёс зүйн өндөр ухамсартай байх ёстой. Гэтэл манай хөлбөмбөг тайлбарлагчид хамгийн дуртай спортоо тайлбарлахдаа дэлхий дахинд мандуулсан гол урианых нь эсрэг ажиллаад байна шүү дээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA нь “Say no to racism” гэсэн уриатай байдаг. Энэ бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг хориглосон үзэл юм. Гэтэл Монголын тайлбарлагчид яг тэрийг нь сөрж яриад зогсохгүй залуу хойч үеийнхэндээ буруу үлгэр дуурайлал, хандлагыг шингээж байна. Хэрэв FIFA манай тайлбарыг сонсвол Монголын хөлбөмбөгийн холбоонд асар өндөр торгууль тавина даа.

Хөлбөмбөг тайлбарлаж дуусчихаад санамсаргүй хэлсэн үгнээсээ болж дуртай ажлаа хийж чадахгүй хавчигдсан Рон Аткинсон хэмээх англичуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн эрхмийн жишээ бий. Тэрбээр 14 жилийн өмнө шууд нэвтрүүлэгт хөтлөгчөөр оролцож байхдаа “Челси” хожигдсон тэмцээний дараа микрофон унтарчихсан, ажил дууссан гэж бодоод хамтрагчдаа “Энэ Десай шиг хүмүүсийг бага байхад нь тэнэг залхуу не..р гэж дууддаг байлаа” гэжээ. Энэ өгүүлбэр түүнийг өдий хүртэл ажилгүй явах шалтгаан болсон аж. Рон Аткинсон бол олон ч ДАШТ-д хөтлөгч хийсэн, Английн алдарт “МЮ” багийг Фергюсоны өмнө бүтэн таван улирал дасгалжуулсан, Африк гаралтай хөлбөмбөгчдийн замыг зассан хүн. Хөлбөмбөг тайлбарлах өвөрмөц аялгатай, түүнийг нь бүр “Ronglish” гэж тусгайлан нэрлэгддэг байсан энэ хүн эфир дууссан хойно ингэж дуугарснаасаа болж арьс өнгөөр ялгаварлагч нэр зүүж шоовдорлогдон урт хугацааг туулсан тухайгаа өөрийнхөө номд өгүүлсэн байдаг юм билээ. Манай тайлбарлагчдын хагархай хэнгэрэг шиг цуурдгийн дэргэд түүний хэлсэн үг юу ч биш. Дэлхий дахинд хөлбөмбөг хэмээх спорт ийм л хатуу зарчимтай, тайлбарлагч нар нь ёс зүйтэй байхыг шаарддаг юм. Харин монголын тайлбарлагчид хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл дэлхийн хөлбөмбөгийн баярыг үзэгчд түмэнд хүргэхдээ хагалан бутаргасан үзэл гаргадаг гэдгээ мэдэж байгаа юу.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Таван толгой”-г хөдөлгөвөл Д.Сумъяабазарт баатар цол олгосон ч яадаг юм

УИХ-ын гишүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Засгийн газрын төлөвлөж байгаагаар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм байна. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хурдан эхлүүлэх нь зөв гэж үзжээ. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлэх гэж УИХ-ыг хэлэлцэн батлаад өгнө үү хэмээн төслөө өргөн бариад байгаа нь энэ юм.

Үйл явдлын дарааллыг ажиглавал “Таван толгой” хөдлөх нь тодорхой болж байх шиг байна. Учир Д.Сумъяабазар сайд хэдэн сарын өмнөх ярилцлагадаа “Таван толгойг хөдөлгөхийн тулд Ерөнхийлөгчтэй тохирох хэрэгтэй” гэж дурдаж байв. Тэр тохироо хийгджээ. Мөн бас бус тохироонуудыг ч амжилттай хийсэн бололтой. Яагаад өмнөх Засгийн газрууд “Таван толгой”-н орд газраа хөдөлгөж, эдийн засгаа чадамжтай болгох боломжоо ашиглаж чаддаггүй байв гэхээр тэнд эрх ашиг нь хөндөгдөх бүлэглэлүүдтэйгээ тохиролцохыг хүсдэггүй байж. Зөвхөн нэг талын буюу өөрсдийнхөө эрх ашгийг барьсан төсөл, хөтөлбөр боловсруулаад ороод ирэхээр нөгөө бүлэглэлүүд хөндөслөөд хэвтчих нь тодорхой. Ийм л эрх ашгийн зөрчил олон жил энэ том ордыг хөдөлгөсөнгүй. Харин Д.Сумъяабазар сайд их ухаалаг ажиллажээ. “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эрх ашиг нь хөндөгддөг бүгдтэй нь харилцан тохиролцож чаджээ гэж дүгнэж болохоор байна. Хэн хэндээ ашигтай хувилбарыг тэрбээр чадварлаг тооцож гаргасан бололтой. Түүнээс биш хоёр туйлын оргилд гарчихаад танайх, манайх гээд талцаад байвал ажил урагшлахгүй бахь байдгаараа нэг нь нөгөөгөө муулаад л сууж байсан байх биз. Энэ Засгийн газрын хийсэн тохироонуудыг багцаалж үзэхэд нэг бүлэглэлд нь хувьцаа өгч, нөгөөгөөр нь төмөр зам бариулж, гурав дахиар нь авто зам тавиулахаар болоо байлгүй. Эцсийн үр дүндээ “Таван толгой” эрчимтэй ажиллаад ирэхээр эдийн засгийн эргэлт сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, монголчууд мөнгөтэй болно. Ийм л зүйлийг бид олон жил хүлээсэн. Орчин үед дэлхийн том гүрнүүд ч ийм тохироо, эвлэрлийн гэрээ хийж байж л хамтдаа урагшилж байна. Бие биенээ хэвлэлээр муулж, хэзээ ч эвлэрэхгүй мэт аашилж байсан Америк, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтыг бид хэдхэн хоногийн өмнө харлаа. Зүгээр ч гүй, “Монголд уулзчихүй юм байх даа, энэ хоёр” гэсэн ихэмсэг бодолтой ажигласан. Тэд бие биенийхээ эрх ашгийг хохироохгүй байж чадсан учраас л уулзалт амжилттай болжээ. Монголчууд бид яг үүн шиг ажиллаж эхэлж байгаагийн нэг сонгодог жишээ “Таван толгой”-г хөдөлгөх дээрх төсөл юм.

Хэрвээ ажил энэ эрчээрээ үргэлжилж, “Таван толгой”-н нүүрсний ордыг цогцоор нь хөдөлгөж чадвал Д.Сумъяабазар болон энэ төсөлд онцгой зүтгэл гаргасан түүний багийнхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг баатар цолоор шагнасан ч яадаг юм. Том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөж, ард түмнээ ядуугийн зовлонгоос салгах гэж байгаа энэ багийг үндэсний баатрын хэмжээнд авч үзэхэд буруудах юмгүй. Өнгөрсөн жилүүдэд бид өмд бандаашны хэрүүл харсаар залхлаа. Түүнээс өмнө нь эдийн засаг сайжрах тухай үлгэр л сонсдог байлаа. Монголчууд дэлхийд байхгүй чанартай нүүрстэй, тэр нүүрсээ зарах тухай хоосон амлалтууд хөвөрнө. Үлгэр энэ Засгийн өнгөн дээр бодит ажил болох магадлал тун өндөр байгаа болохоор хүн бүр чихээ сортойлгон чагнаж байна. Томхон компаниуд “Таван толгой”-той хэрхэн хамтарч ажиллах тухай тооцоолж байхад жирийн иргэд “ядаж л өнөө хэдэн хувьцааны үнэ өсөх байлгүй” хэмээн горьдлого тавьж суугаа.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрдэмтэд цахилгааныг өөр эх үүсвэрээс гаргаж авах түмэн туршилт хийж, эхнээсээ зарим нь амьдралд нэвтэрч эхэлжээ. Гэхдээ ойрын 20 жилдээ нүүрсний эрэлт хэвээрээ байна. Ам бүл нь өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа энэ дэлхийн хүмүүс өвөл нь даарахгүй гэж, зун нь халууцахгүй гэж цахилгааны хэрэглээгээ нэмсээр байна. Үнэ ч боломжийн өсч байгаа. Яг ийм цонх үед бид нүүрсээ зарж, мөнгө босгох хэрэгтэй. Хэрэлдсээр суутал аль хэдийнэ 10 жил өнгөрсөн. Дахин ийм маягаар 10 жил болоход бидний нүүрсийг хэн ч тоож авахаа болих биз.

Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татна гэж төлөвлөжээ. Төрийн мэдэл хэт өндөр буюу 70 хувьтай байгаа үед гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй юм. Монголын төр засаг тогтворгүй, гадныханд элэггүйгээрээ нэрд гарсан учраас хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зүйн хэрэг. Тиймээс 30 хувийн хувьцаа маань хэр үнэд хүрэх бол. Эрэлттэй байж чадах уу гэдэг дээр Д.Сумъяабазар сайд тооцоогоо сайн хийсэн гэж найдъя, анхаарах биз ээ. Казахстанд төрийн өмчийн компаниудаа хувьчлахдаа зөвхөн 16 хувиа л төр авдаг, мөн хөрөнгө оруулагчдыг 16 хувиас хэтрүүлдэггүй байна. Төрийн давамгайлал бага болохоор хөрөнгө оруулагчдад эрсдэл бага. Ингэж тэд арван жилийн дотор 210 сая гаруй тэрбум ам.долларын хөрөнгө босгож, хүчирхэг эдийн засагтай болсон ард түмэн.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгой, Дубайн гэрээг баталсных нь төлөө үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөхөд буруудах юмгүй. Харамсалтай нь, тэднийг шоронд барьж хийлээ. Үнэн мөнийг нь мэдэхгүй хэрнээ хүмүүс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг зүхэж байна. Бие нь муудаад эмнэлэгт хүргэхэд хүртэл “шоронгоос гаргах хэрэггүй байсан юм” хэмээн орилолдож байна. Гэхдээ ингэж хашхирч байгаа нь цөөн бүлэг хүний зорилготой үйлдэл юм. Хэрэв Оюу толгой хөдлөөгүй, Дубайн гэрээгээр Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг босгож чадаагүй бол манай эдийн засаг бүр л хөөрхийлөлтэй байдалд орох байлаа. Нөгөө талаараа Оюу толгойн төсөл бол Монгол дахь барууны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Геополитикийн хувьд хоёр том хөрштэй Монголын Улс гуравдахьч орны хөрөнгө оруулалтыг татаж чадах нь эдийн засагт ашигтай төдийгүй тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа давхар бататгаж байгаа хэрэг.

Монголд ажил хийсэн хүнээ элдвээр хэлж, барьж хорьдог таагүй хэвшил тогтчих шиг боллоо. Ажил хийсэн хүн алдаа гаргадаг л биз. Ажил хийгээгүй бол алдаа гарахгүй ч эдийн засгийн хувьд асар хохиролтой. Ялангуяа том төслүүдийн хувьд хэдэн сая тэрбум долларын мөнгө яригдана. Ийм мөнгийг Монголын эдийн засагт татаж оруулж чадсан Ерөнхий сайдуудаа өнөөдөр шоронд хорьж байна. Үүнтэй давхцаад тэдний араас шоронд явчих вий гэж айлгүйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар, Д.Сумъяабазар сайд бас нэгэн том төслийг хөдөлгөхөөр зоригложээ. УИХ даруйхан асуудлыг хэлэлцэн шийдэж өгнө биз. Улс орноо өөд нь татах, эдийн засгаа хүчирхэгжүүлэх, энгийн олноо толгой өндөр амьдруулах үүргээ эд маань мартаагүй л яваа юм байна гэсэн итгэл төрж эхэллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Зун сонинуудын ихэнх нь амардаг, захиалагчид анхаарах хэрэгтэй

Мянга мянган захиалагч, уншигчдадаа энэ үгийг хэлье гэж хэлж байна. “Өдрийн сонин” зогсолтгүй ажиллаж байна. Ажилласаар ч байх болно. Нийгэмд хүлээлт дагуулсан ямар л асуудал босно манай редакцийн утас үнэндээ улайсдаг. Сүүлд гэхэд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан… нарын талаар та нар илүү ихээр мэдээлээд өгөөч ээ… хэмээн шахдаг. Эхнэр хүүхэд, ээж аавынх нь зангирсан ярилцлагуудыг цаг алдалгүй нийгэмд хүргэсээр байхад л “Дахиад, дахиад дуугараач. Танай сониноос өөр үнэнийг хэлээд өгөх газар алга байна шүү дээ” гэх хүмүүсийн бухимдалд заримдаа “Манай сонин үүнээс илүү яах юм бэ, редакци бүх чадлаараа хөдөлж байна шүү дээ” хэмээн хэлэх үе ч гарах л юм. Өнгөрсөн 20 жилд Монголын нийгэмд хүний эрх зөрчигдсөн ямар л үйл явдал болно “Өдрийн сонин” өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсарга үл ажран тэдний төлөө зүтгэсэн. Бидний мянга мянган захиалагч, уншигчдынхаа өмнө хүлээсэн маш том үүрэг хариуцлагын нэг нь энэ юм. Өнөөдөр хүмүүс утас компьютераа салгаад амрах тухай ярьж байна. Энэ улс оронд юу болоод байгааг зөвхөн манай сониноос авдаг уншигчдын өмнө редакци маань амрах эрх байхгүй. Ийм хариуцлагатай, мэргэжлийн редакци үнэндээ энэ улс оронд байгаад монголчууд минь баярладаг юм аа. О.Дашбалбарын нэг үг байдаг, “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэж. “Өдрийн сонин” Монголын нийгэмд өмөг түшиг нь, сайн муу бүх цаг үед дэргэд нь байж чаддаг мэдээллийн суваг нь байсаар байна.

“Өдрийн сонин”-ы редакцийн зүгээс энэ зуны тухайд анхаарлын төвдөө яс тас байлгах хэд хэдэн асуудлууд бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль бол аж ахуй эрхэлж буй бүх хүмүүст амь нас шиг нь хэрэгтэй. Тийм болохоор энэ хууль яагаад буцсан тал дээр онцгой анхаарч байна. Наад зах нь “Жаст”-ын Батхүү шоронд бие нь их тааруу байгааг “Өдрийн сонин” хором ч анхаарлаасаа гаргаж болохгүй. Бүх хүнд хүний эрх хамаатай. Ардчилал, хүний эрх, хүн бүрийн бизнес хийж мөнгө олох эрх чөлөө… Ер нь нийгмийн бүх л тулгамдсан асуудал бидний сэдэв байж, бид манаж, хууль ёсны, зөв, хариуцлагатай байлгах тал руу нийтлэлийн бодлогоо чиглүүлж явна.

Энэ бүх үүрэг хариуцлагыг маань олон мянган уншигчид сайн мэддэг. Мэддэг ч болохоор олон жил “Өдрийн сонин” Монголын брэнд хэвлэлийн байр сууриа хадагласаар ирлээ. Одоо зуны улирал эхэлж монголчууд налайх, назгайрах талдаа орлоо. Нийгмийн энэ хандлагыг дагаад сонин хэвлэлийн редакциуд ч амраад явчихдаг болсон. Ачааны хүндийг үүрсэнээрээ “Өдрийн сонин” үлддэгийг захиалагчид маань бас мэднэ. Орчин үед сошиал мэдээлэлтэй болсноор сонин хэвлэл устана гэсэн яриа гарсан. Гэвч хүн төрөлхтөн үнэнтэй эвлэрч эхэлсэн. Сошиал сүлжээнд үнэн бодит мэдээлэл алга, зөвхөн хувь хүний үзэл бодлын индэр байсныг бид хууль ёсны, мэргэжлийн хэвлэлийн редакциудтайгаа андуурч байж гэдгээ. Сошиал ертөнц дэх энэ эх захгүй мэдээлэл дотор хүн төрөлхтөн мэдээллийн төөрөгдөлд орж, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхгүй нэлээн удаан явлаа. Сошиал дотроос үнэн мэдээллийг ялгаж авдаг Шинжлэх ухаан хүртэл бий болохдоо хүрэв. Нийгмийн сүлжээнд худал, гуйвуулсан, засвартай мэдээллүүд 90 хувь нь байдгийг тогтоосноор тэдний нэр хүнд навс унав. Энэ нь сонинуудад гайхалтай эергээр нөлөөлж, цаасан хэвлэлүүдийн нэр хүнд хурдацтайгаар өсөх процесс дэлхийд явагдаж эхэллээ.

Германы жишээ байна л даа. Тэндхийн судалгаагаар авто замын буруу тэмдэглэгээгээр иргэн хүн 100 км буруу явсан бол тэрхүү замын тэмдэглэгээг үйлдсэн байгууллага тухайн иргэнд их хэмжээний төлбөр төлдөг. Үүнтэй адил Хууль зүйн яамнаасаа тамга тэмдэг авсан сонины редакци буруу мэдээлэл цацаад, түүнээс болж иргэн хохирсон бол яг энэ замын тэмдэгийг буруу хийсэн байгууллагатай адилхан хариуцлага хүлээнэ. Харин сошиал мэдээлэл бол “Энэ сайн чанарын өндөг байна” гэж мэдээлээд түүнээс нь иргэн хордсон бол хариуцлага хүлээх боломжгүй,тэр иргэн амь насаараа ч хохирч болно. Сонинд энэхүү өндөгний мэдээлэл гарсан бол хариуцлага хүлээх учраас тус сонины редакци мэдээлэхгүй нь тодорхой. Энэ мэт эрх зүйн харьцуулалтыг айхавтар хийх болжээ. Тийм учраас Германд мэргэжлийн редакцитай сонины мэдээлэлд л зөвхөн итгэх ёстой гэдгийг тус улс хуульчлан тунхаглажээ.

Одоо шинжлэх ухаанч байр сууринаас сонинд ач холбогдол өгч буй Японы жишээг дурдъя. Дэлхийд хамгийн их цахимжсан тус улс сонины мэдээлэлд илүү ач холбогдол өгдөг болсноо тайлбарлахдаа хүн мэдрэлдээ сөрөг нөлөөгүй мэдээлэл авах ганц хэрэгсэл бол сонин хэмээн үзжээ. Ингээд айл өрх, албан байгууллага бүрт сонин хэвлэл хүргэх дэд бүтцээ улам сайжруулж, түүнд ажиллах боловсон хүчний тоо нэмэгдсээр байгаа аж. Гар утаснаас мэдээлэл авахдаа хүн мэдрэлийн системдээ хэдэн зуу дахин ачаалал авч тархины эд эсээ үхүүлж байгааг, сонин уншиж тархиндаа ямарч ачаалалгүйгээр мэдээлэлтэй болж байгаа судалгаануудыг Японы эрдэмтэд гаргасан байна лээ.

Дэлхийн улс орон бүрт брэнд сонинуудынх нь нэр хүнд асар ихээр өсч буй үйл явц ид өрнөж байна. Америкт “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Аsahi Shim­bun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, “The Times”, Францын “Le Monde” гэхчлэн брэнд сонинууд дээр л зөвхөн тухайн орны төр засгийн мэдээллүүд гарч, ард түмэн түүнд нь итгэн хүлээж авдаг болжээ. Нийгмийн сэтгэл зүй эдгээр сониныг албан ёсны эх сурвалж хэмээн итгэдэг болсон байна. Монгол Улсын хувьд ч мөн адил “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” … зэрэг хэдхэн өдөр тутмын сонин хэвлэл ард түмний итгэл найдварыг дааж байна. Хөгжсөн, хөгжиж буй улс оронд фэйсбүүк хүртэл тухайн орны хамгийн баталгаатай эх сурвалж болох сонин сэтгүүлээс мэдээллээ цуглуулахыг мэдэгдэж, youtube ч гэсэн баталгаагүй мэдээллийг авахаа больж, сошиал дахь хуурамч мэдээллийг таньдаг шинжлэх ухааны дэвшил нэвтэрч, худал мэдээллийг хянах программчлалыг ашиглах боллоо.

Монголын нийгэмд цаасан хэвлэлүүд, буурь суурьтай гол хэдэн сонинд итгэх итгэл сэргэж байгаагийн наад захын нэг жишээг дурдаж болно. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин осолдлоо гэх мэдээлэл сошиалд битүү явсан. Ийм олноороо, нэг дор яаж байх юм бэ… Худлаа байх аа гэсэн эргэлзээ бас битүү байсан. Ийм эргэлзээн дунд “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн баг газар дээрээс нь, цаг алдалгүй сурвалжлагаа хүргэж эхлэхэд нийгэм сая итгэж “Өдрийн сонин”-д гарчихаж үнэн байжээ” хэмээн сонины редакци руу шуурч, монгол даяар шуугьж эхэлсэн билээ. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакци гэж үүнийг хэлнэ. Ийм л мэргэжлийн редакцид хүмүүсийн итгэх итгэл сэргэж, үүнийгээ дагаад нийгмийн сэтгэл зүй цаасан хэвлэл, сонин руу хошуурч байгаа юм билээ. “Цахим хэвлэлд итгэх арга алга, тавьсан мэдээллээрээ яаж ч хуурч болдог, яаж ч өөрчлөн сольж болдог, баримт, зураг, дүрс бичлэг, үг үсэг, утга санаа… Бүгдийг минут, секунд тутам өөрчилж, дуурайлгаж, сольж болдогоороо аймшигтай” гэдгийг хүн төрөлхтөн алхам тутамдаа мэдэрч ойлгосоор байна. Монголд цахим мэдээлэл илүү замбараагүй болж, хуурамч мэдээллийн цунами үүслээ хэмээн иргэд ярьж байгаа. Монголчуудын цахим сүлжээнд, цахим мэдээллийн сувгуудад итгэх итгэл нэгэнт алдарсан нь “Өдрийн сонин”-д эхлээд гаргачихмаар байна, хүмүүс итгэнэ, түүний дараа сайтуудад өгье, сошиалд тавья гэх манай сонины редакцид хандсан маш их урсгалаас харж болно.

Өнгөрсөн цаг хугацаанд маш олон сонин Монголд гарсан. Бараг мөнгөтэй хүн бүхэн сонинтой болох гэж үзсэн. Гэвч үнэн зөв мэдээлдэг нь үлддэг, брэнд нь үлддэг зах зээлийн хууль үйлчиллээ. Телевиз бий болсноор кино театр байхгүй болно гэсэн шиг, сошиал гарч ирсэнээр сонин устана гэсэн нь худлаа болов. Хүн төрөлхтөн бий болгосон өндөр соёлоосоо хэзээ ч татгалздаггүй юм байна. Өнөөдөр хүмүүс өөрийн гараараа захидал бичих, өглөөг сонин уншсанаар эхлүүлдэг соёлдоо эргээд орж эхэллээ.

Монголын соёлт хүн бүрийн ширээн дээр өглөөний цай, “Өдрийн сонин” хоёр хамтдаа байдаг боллоо. Өөдрөг амьдрахыг хүссэн хүн “Өдрийн сонин”-ыг сугавчилан алхаж явдаг боллоо. Дэлхийн бүх улс оронд хамгийн тулхтай хүний үг, төрийн бодлого хоёр нь брэнд сониных нь нүүрэнд гардаг билээ. “Өдрийн сонин” өглөө бүхэн тантай хамт шүү.