Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан

Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузтай ярилцлаа.


-Танд баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гэж хүмүүс ярьж байна. Та Хөдөлмөрийн баатар болтлоо хэдэн мод тарив?

-13 аймаг, зургаан дүүргийн нутагт миний тарьц, суулгац ургаж байгаа. Нийтдээ 400 гаруй мянган мод байгаа юм. “Ногоон хэрэм” төсөлд гэхэд Өмнөговийн төвд 28 мянган мод надаас авч тарьсан юм. Миний байгаа Ханхонгор сумын нутаг Багабулаг гэдэг газар мод үржүүлгийн газар маань бий. Энд бас 20-30 мянган тарьц, суулгац лавтай бий. Эндээ 16 га газрыг л модтой болгох гээд оролдоод байгаа юм. Байгаль орчны гавьяат ажилтан гэдэг шагнал авчихаад, өртэй юм шиг санагдаад, найман га газар хашиж, мод тарьсан юм. Тэр нь жижигхэн, хөлд орж байгаа хүүхэд шиг долоо, найман мянган мод байгаа юм. Тэрнийгээ усалж тордоод явдаг. Миний цэрэг байсан найз маань надад үнэ төлбөргүйгээр худаг гаргаж тусалдаг юм. Манай мод очсон газраа сайн ургадаг бололтой. Улаанбаатараас зүүн тийш бүх аймгуудад манай мод ургаж байгаа л даа. Усалгааны өртгөөр нь хамгийн хямдаар тарьц, суулгац нийлүүлдэг.


-Говьд мод тарихаар бороо татдаг болсон гэдэг үнэн үү?

-Аймгийн төвд “Ногоон хэрэм” төсөл гэж БОЯ-наас Солонгосын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд 500 га газар ойжуулсан юм. Мод тарьснаас хойш ган болоогүй. Үүл гарвал энэ дээр ирж хуримтлагдаад, бороо ороод байдаг юм л даа. Эрдэмтэд 100 га газрын ой хур тунадас татах чадвартай гэж тогтоосон байдаг.

Үнэндээ их халж байна шүү дээ. Ингэж халж байхад манай талбайд хайсан ой дотор хүйт оргиод, жин цохимоор юм шиг сэрүү татаж байдаг юм шүү дээ. Ойгоос сэрүүн агаар дээшээ цацраад, дээгүүр нь гарсан үүл тэндээ хуримтлагдаад, борооны дусал болж орж байгаа үзэгдэл гэж судлаачид тайлбарладаг юм л даа. Манай аймаг таримал ойгоороо улсад дээгүүр байрт ордог юм гэнэ. Хамгийн их цөлжиж байгаа газар Өмнөговь аймаг шүү дээ. Үе үеийн аймаг, сумдын удирдлагууд мод тарих юмсан гэж мэрийж ирсэн. Өмнөговь аймгийн ИТХ нэг сайн журам гаргасан юм. Мод тарьсан хүн бүрт мөнгө өгдөг. Эхний жилд мод тарихад мод тутам мянган төгрөг, хоёр дахь жилд нь 1500 төгрөг, гурав дахь жилдээ ургуулсан бол 2000 төгрөг гээд нэг модыг Өмнөговьд 4500 төгрөгөөр ургуулж байгаа юм. Ийм болзолтой болоод арав гаруй жил болсон. Хүмүүс хувиараа мод тариад, намар Байгаль орчны албаны мэргэжлийн улсууд явж тоолж үзээд, шагналыг нь өгдөг. Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Мүнсэл гэдэг малчин залуу нэг га газар мод тариад, ёстой гоё болгосон байна лээ. Хүрмэн Батмөнх даян хааны төрсөн нутаг л даа. Өмнөговиор явбал хаа сайгүй л улсууд мод тариад, мянга, 2000 мод тарьсан улсууд зөндөө бий. Одоо бол аав, ээжийнхээ дурсгалд мод тарья ч гэж байх шиг. Тариачид ногоочид нөмөр бодож мод их тарьж байна.

-Та ерээд оны эхээр мод тарьж эхэлсэн юм билээ. Анхны модоо ямар шалтгаанаар тарьж байсан бэ?

-Би 1992 оноос эхэлж мод тарьсан хүн. Тэгэхэд би дарга байлаа. 52 хүрчихсэн. Манай үеийнхнийг бүгдийг ажлаас нь халаад эхлэхэд би бодохгүй юу. Надаас илүү эрдэм чадалтай, сайн дарга нарыг ажлаас нь халж байгаа юм чинь хэнд ч гай болохгүй өөрөө өргөдлөө өгөөд гаръя гэж шийдсэн юм. Хагас сайн өдөр өргөдөл бичээд, нэг дэх өдөр захирамж гараад, ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 1992 оны хавраас эхлээд, хөдөө гарч, ногоо тарьсан юм. Ногоо тарьж эхлэхэд говийн их шуурга тавиад, талд ногоо тарих боломж муу юм билээ. Ялангуяа, байцаа, манжин их хэцүү. Навчийг нь салхи хугалж хаяад болдоггүй. Тарьсан ногоогоо нөмөрлөж, мод тарихгүй бол болохгүй юм байна гээд амьдралын шаардлагаар мод тарьсан. Хайлаасны үрээр зургаан эгнээ мод тарьсан. Дөрвөлжилж тарьсан модон дунд байцаа, манжингаа тарихаар огт салхи орж ирэхгүй болдог. Түүндээ урамшаад мод тарьж эхэлсэн. Мод тарих талаар номноос олж, уншаад, мод үржүүлгийн газар байгуулсан даа. Хайлаасны үр тарьсан. Тэгж байтал “Ногоон хэрэм” гээд сайхан төсөл яригдаад эхэлсэн. “Ногоон хэрэм” төслийн анхны модыг Ц.Элбэгдорж гуай ирж тарьсан юм шүү дээ. Ерөнхий сайд ирж мод тарихаар болсон чинь ногоон мод байдаггүй. Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар гэж хүн байсан юм. Ж.Цогтбаатар гуай мод тарих бэлтгэл хангуулахаар ирээд, ногоон мод хайгаад манайд ирж таарсан юм. Манай мод эрт ногоордог юм л даа. Тэгээд Ерөнхий сайдын тарих модыг манайхаас авсан юм. Намайг 50 мод аваачиж өг гэхээр нь би хүн гуйгаад, модоо аваад очихгүй юу. Ерөнхий сайд анхны нов ногоон мод тариад баяртай байсан л даа. “Мод тарих ажлаа битгий орхиорой, мод тарихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бодоорой” гэж надад хэлсэн юм. Төрийнхөө Ерөнхий сайдыг үүрэг өгч байхад яаж үгүй гэх вэ. Чадах чинээгээрээ нэмж тарьсаар, овоо юм болчихгүй юу.

-Тэр үед мод тарьсан газрыг иргэнд өмчлүүлнэ гэж байсан бил үү?

-ХААЯ манайд булгийн адагт малын тэжээл, төмс, хүнсний ногоо тарь гэж тохижуулж өгсөн юм. 40 хувийг нь би өөрөө гаргаж, цөөрөм байгуулсан юм. Нэлээд том цөөрөм байгуулсан л даа. Ногоо тарьж, хэдэн жилийн дараа говийн бүсийн аварга тариаланч болж байлаа. Тэр бол ногоо, малын тэжээлийн ургамлын төсөл байсан л даа. Жилдээ манайхаас арван хэдэн портер өвс, олон мянган модноос гахай гэж нэрлэдэг 30-аад хүүдий навч гардаг. Тэр навчаар хавийн улс малаа тэжээгээд, 400-гаад тонн ногоо авч зах зээлд нийлүүлсэн удаатай. Одоо 83-тай, нас өндөр болоод ирэхээр гар хөдөлмөр шаардсан их ажил амжуулахад түвэгтэй. Одоо жимс тарьдаг. Алим, үхрийн нүд, чацаргана, мойл, бөөрөлзгөнө тарьдаг. Намартаа тонн шахуу алим хураадаг юм.

-Алимаа хаана нийлүүлдэг вэ?

-Аймгийн төвд нийлүүлнэ. Миний тарьсан юм амархан алга болдог.

-Хүүхдүүд чинь таны баянбүрдэд ажилладаг уу?

-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань “Таван төгрөг илүү гарвал энэ муу хашаандаа нэмэрлэнэ” гэдэг. Бизнес хийдэг хүү маань 13 сая төгрөгөөр хашаа авч татаж өгсөн шүү дээ. Том хүү маань зун ирэхээрээ мод сөөг засч янзлаад, нэмж тариад нэг сар шахуу ажиллаж байгаад буцдаг. Нэг ач маань бүх модоо торддог. Ах дүү, садангийн улсууд ч тусалдаг. Ноднин чацарганаа хурааж авч чаддаггүй. Ханхонгорын багш нар ирж, чацаргана хурааж аваад явсан. Энэ жил тэд модыг маань арчилж тордож тусална гэж захиалга өгөөд байгаа. Хүмүүсийн тусламжаар л явдаг даа.

-Д.Бараадууз гэдэг нэр ямар учиртай билээ?

-Санскрит үг. Цагаан лянхуа гэдэг том судар байдаг. Тэр сударт Амин гавьяат Бараадууз гэдэг бурхны тухай гардаг. 23 бурхны тухай бичсэн ном л доо. Тэдний нэг нь ийм нэртэй. Яг махчилж орчуулбал “Ачаа үүрэгч” гэсэн үг. Нэг их бяртай амьтан байх юм байлгүй. “Ялгуулсан үүрэгч” гэж орчуулдаг юм билээ.

-Та амьтай болгонд туслах ганц арга нь мод тарих гэж хэлсэн байна лээ. Монголчууд мод тарьж чаддаггүй гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Та үүнд ямар хариу хэлэх вэ?

-Монгол хүн мод тарьж чадахгүй гэж дэмий юм ярьдаг нөхдийн ам руу нь алгадчихмаар байгаа юм. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд мод ургаж байхад хангайн шар тос шиг сайхан хөрсөнд яахаараа ургадаггүй юм. Тийм зөрүүд мод гэж байхгүй шүү дээ. Мод бол ерөөсөө бурхан байхгүй юу. Бурхны номд эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалан байх болтугай гэсэн залбирал байдаг. Эх болсон зургаан зүйлд зургууланд нь тус болж чаддаг зүйл мод байхгүй юу. Хөх тэнгэрт хүчилтөрөгч илгээнэ. Хөрст дэлхийд шим бордоо илгээнэ. Хөвөлзөн мяралзах эх далайд усан дусал нэмэрлэнэ. Бие гүйцсэн том модны ёзоорт таван тонн ус хадгалагдаж байдаг гэдэг. Амьтанд хоол, бусад ургамалдаа нөмөр, хүнд байр, түлш болж байгаа биз дээ.

-Ерээд онд хүн болгон ганзагын наймаа хийж байсан үе. Мод тарих тухай олон хүн бодоогүй байх л даа?

-Би бол наймаа хийгээд явахгүй юм байна гэдгээ сүрхий мэдсэн юм. Нэг удаа зах дээр ээжийнхээ хийж өгсөн цоо шинэ хурган дотортой, торгон дээлийг 300 төгрөгөөр өгье гэхэд бүтэн өдөр зогсоод, нэг ч хүн авъя гээгүй шүү дээ. Тийм учраас би бол наймааны одгүй хүн юм байна гэж ойлгосон. Тэгээд бурхантай адилхан мод тарья гэж шийдээд, мод тарих ажлаа хийсэн хүн. Мод тарьдаггүй байсан бол би “Өдрийн сонин”-д бичигдэх үү, мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан. Үнэн хэрэгтээ Ханхонгор сумын Багабулаг гэдэг газар маань надад одон зүүгээд өгчихлөө шүү дээ. Тэндээс олон мянган мод ургаж гарсан. Би өдөр болгон рашаан ууж, хүчилтөрөгчөөр амьсгалж, марлайчихаад явж байгаа хүн. Хараал хэлээгүй гучин жил болж байгаа. Энд байхад уурлах, хараал хэлэх хэрэгцээ гарсангүй. Дандаа баяртай явдаг хүн шүү дээ. Мод сайхан ургаж байна, цэцэг жимс сайхан ургаж байна. Манай хонхорт ургасан төмс хүртэл бусдаас амттай, сонгино илүү аагтай байдаг юм. Хортон шавьж байхгүй. Өнгө өнгийн шувуу шулганаад, зарим нь миний толгой дээр ирээд суудаг юм шүү дээ. Байгаль дотроо явахад их гоё л доо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Энэтхэгийн тэргүүн баячууд эх орноосоо зугтан, хувийн онгоцоор Лондонд газарджээ

Jet set review: Global 6000 with VistaJet - Corporate Jet Investor

Энэтхэгийн хамгийн их хөрөнгөтэй, халдвар авсан эсэх нь тодорхойгүй толгой баячуудыг тээвэрлэсэн хувийн найман онгоц өнгөрсөн шөнө Лондонд газарджээ.

Өдгөө Энэтхэг улс Нэгдсэн Вант улсын цар тахалд хамгийн хүнд өртсөн орнуудын улаан жагсаалтад багтсан тул энэтхэгчүүдэд Их Британийн хил хаалттай юм. Мөн Энэтхэгээс эх орондоо ирсэн британичууд засгийн газрын зааж өгсөн зочид буудлуудад дор хаяж 10 хоног тусгаарлагдаж байгаа билээ. Харин Нэгдсэн Вант улсын иргэншилгүй, сүүлийн 10 хоногт Энэтхэгт байсан аль ч орны хүмүүс тус улсад нэвтрэх хориотой аж. Гэвч Ерөнхий сайд Борис Жонсон өөрийнхөө мэдэгдлийг зөрчин дараа долоо хоногт зайлшгүй шаардлагаар Энэтхэгт айлчлахаар төлөвлөсөн юм.

Толгой баячуудыг авахаар Дубай хотоос хөөрсөн vistajet Bombardier Global 6000 тансаг зэрэглэлийн сүүлийн онгоц Мумбай хотод хязгаарлалт эхлэхээс ердөө 44 минутын өмнө амжиж буусан байна.

Ийнхүү баячууд эх орноосоо зуртаж байгаагийн учир нь сүүлийн өдрүүдэд Энэтхэгт цар тахлын хоёр дахь үе эхлэн халдвар эрс нэмэгдэж, нас барагсдын тоо ч хурдтай нэмэгдсээр байна. Тухайлбал, нэг хоногийн дотор нийт 332730 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2263 хүн нас баржээ.

Улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь нас барцгааж, тэр байтугай чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорч, зарим тохиолдолд машины зогсоол дээр чандарлах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Халдварын тоо эрс нэмэгдэж байхад хөл хорио тогтоосонгүй хэмээн олон хүн Ерөнхий Сайд Нарендра Модиг шүүмжилж байгаа ч эрх баригчдын зүгээс өмнөх удаагийн хөл хорио амжилтгүй болсноос болж дахин хөл хорих бодолгүй байгаа бололтой.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн бичсэн “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” хэмээх нийтлэл Өдрийн сонинд гарчээ. Тэрээр Улсын их хурлын гишүүнээр 28 жил буюу 7 удаа сонгогдсон, Хуульзүйн сайдаар ч олон жил ажилласан Монголын туршлагатай улстөрчдийн нэг билээ. Ц.Нямдорж энэ удаад олон хүний анхаарлыг татдаг сэдвийг ийн хөнджээ.

Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт “захиалгаар С.Зоригийг алсан” гэж ял шийтгэл оногдуулснаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрлөө. Эрүүдэн шүүж хууль бус ял тулгасан энэ хэрэгт АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, нийслэлийн болон Улсын ерөнхий прокурор, гурван шатны шүүх гээд Монголын хуулийн бүх байгууллага, тэдгээрийн гол удирдлагууд оролцож, тэд санал нэгтэйгээр дээрээс өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн. Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 21-нд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 14-нд, Дээд шүүхийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 2-нд тус тус гарсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад бүх шатны шүүх шийдвэрээ гаргасан гэсэн үг. Хүн мөчилж алан цаазаар авах ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар 2013 оны 7 дугаар сард “С.Зоригийг би алсан” гэдэг мэдээлэл Говьсүмбэр дэх хорих ангийн даргад бичиж, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Батын Хурц нарын удирдлага дор Тагнуулын ерөнхий газрын ажилтан Ж.Мөнхбал, С.Баяраа нар энэ зохиолыг гардан бичсэнээр эмгэнэл эхэлнэ.

Ялтан Ц.Амгаланбаатар гэж хэн байв: С.Зоригийг алагдах үед 16 настай байсан, бага байхдаа иргэн Гаравсүрэнд үрчлэгдэж, түүний ээж Цэвэлмаагийн дэргэд өссөн, 4 дүгээр ангийн боловсролтой нэгэн. Гэр нь Б.Содномдаржаагийн аав, ээжтэй хамар хашаанд байдаг тул Б.Содномдаржаа түүнийг хааяа хадланд дагуулж явна. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж Сэсэрмаа, Ц.Амгаланбаатарыг өргөж авсан Цэвэлмаа, энэ хэрэгт 10 сар хоригдсон А.Ганхуягийн ээж Сэржмядаг нар эгч дүүс, бүгдээрээ Гомбо гэдэг овогтой. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, А.Ганхуяг нарыг Ц.Амгаланбаатар багаасаа танина. Хожим нь Ц.Амгаланбаатар таньдаг байсан гэдэг нэг л шалгуураар С.Зоригийг тэд алсан хэрэгтэн болж шоронд тарчилна. Ц.Амгаланбаатар багаасаа зожиг, хашаанаасаа бараг гарахгүй танил багатай нэгэн. 2007 оны үед тэр эхлээд хүчингийн хэрэгт холбогдож, мөрдөнд хоригдож байхад таксины жолооч мөчилж алсан хэрэг нь илэрч, энэ хэргийг Ц.Амгаланбаатар үйлдсэн болох нь тогтоогдож шүүхээс дээд хэмжээний ял авна. Тэгэхдээ зүгээр ял аваагүй. Эхлээд өөрийн багын найз, нэг гудамжинд зэргэлдээ хашаанд амьдардаг Шнок хочит Эрдэнэбаяр энэ хэргийг үйлдсэн гэж гүтгэн бараг 5 сар шоронд хориулсны дараа энэ хэргийг Ц.Амгаланбаатар өөрөө үйлдсэн болох нь нотлогдож ял авсан. Ц.Амгаланбаатар энэ хэрэгт мөрдөгдөж байхдаа 2007 онд Эрдэнэтэд гэртээ хутгалуулж нас барсан Ганбатыг “би алсан” хэмээн мэдэгдэж, сайн хоол өгч зугаацуулбал хэргийн талаар мэдүүлэг өгнө хэмээн тулгасан ч худал мэдүүлсэн нь нотлогдсон тул хэрэгсэхгүй болгосон. Тэрээр ял эдэлж байхдаа өргөж авсан ээж Цэвэлмаатайгаа уулзахын тулд Архангай аймгийн Цэнхэр суманд 2003-2004 оны үед гурван хүн сэжигтэйгээр нас барсан хэргийг “би үйлдсэн” хэмээн мэдүүлсэн тул 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч газар дээр нь цөөнгүй хоног ажиллаж хууртсан. Энэхүү ээлжит хэрэг хүлээлт нь бүтэлгүйтсэн тул буцаж явахдаа “тэгвэл би С.Зоригийн хэргийг хүлээчих үү” гэж цагдаагийнханд үг алдсан гэдэг. Ингэж тэр С.Зоригийг алсан хэргийг өөр дээрээ авсан. Энэ хэргийг хүлээх явцдаа 2007 онд Отгонбаатарыг гэр бүл, үр хүүхэдтэй нь (4 хүн) шатааж алсан гэж хэрэг хүлээсэн. Ингэж ганцхан жилийн дотор тэрбээр 8 хүний амь хохироосон хэрэг хүлээсэн. Төв аймгийн Мааньтад үндсэн ялаа эдэлж байсан Ц.Амгаланбаатарыг 2013 оны 7 дугаар сард гэнэт Говьсүмбэр аймгийн хориход шилжүүлсний дараа тэрээр С.Зоригийг алсан тухай өргөдөл гаргаж, үүний дараахан Тагнуулын ерөнхий газраас Ж.Мөнхгал, С.Баяраа гэх хүмүүс очиж түүнтэй уулзсан. Ц.Амгаланбаатар үүний дараа “хоёр сайхан ахтай болсон тухайгаа” өргөж авсан эх Гаравсүрэндээ мэдээлсэн байдаг. Тун удалгүй тагнуулынхан Ц.Амгаланбаатарыг нийслэлд авч ирж хүүхдийн хориход тусгай өрөө бэлтгэж, хоол унд, хувцас хунараар тордон таалагдах мэдүүлэг өгвөл гадуур зугаацуулан шагнаж, таалагдахгүй мэдүүлэг өгч өмнөхөөсөө буцвал хоолыг нь хасаж нөхцөл чангаруулна. Тагнуулынхан Ц.Амгаланбаатартай ингэж зууралдаж, түүнд зохиолоо нутагшуулж байх үед АТГ-ынхан 2014 оны 2 дугаар сараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулна. АТГ-ын гүйцэтгэх ажилтан “Сайнбилэг”-ийг Т.Чимгээтэй танилцуулж, тэд хувийн харилцаатай болно. Эрдэнэт, Улаанбаатарт хааяа уулзана. Тэр үед нь бичлэг хийнэ. Нэг удаа Т.Чимгээг Улаанбаатарт ирүүлж, буудалд үлдээгээд Сайнбилэг гарч нэлээд удна. Энэ хооронд гэнэт утас нь дуугарахад цаанаас нь Ц.Амгаланбаатар шоронгоос ярьж, “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж баахан дарамтална. Үүний дараа “Сайнбилэг” орж ирэхэд, Т.Чимгээ “шоронгийн хоригдол хэргээ хүлээ гэж ярьж дарамталлаа” гэж үнэнээ хэлэхэд би зохицуулж өгье гээд дагуулж хорих анги дээр очно. Ингээд 2014 оны 6 дугаар сарын 14-нд Т.Чимгээг Ц.Амгаланбаатар дээр оруулж гаднаас нь хаалгыг түгжинэ. Ц.Амгаланбаатар нь “Бат-Үүл явуулсан уу, хэргээ хүлээ” гэж баахан дарамталж, энэ үеэр Ж.Мөнхгал, С.Баяраа нар хар масктай өрөөнд орж ирнэ. Ийнхүү 2 цаг дарамталсны дараа “Сайнбилэг” нь Т.Чимгээг Тэрэлжид аваачиж хэрхэн бичлэг хийж, хурууны хээ авсан нь олон нийтэд ил болсон. 2014 оноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар луу “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн баахан мессэжүүд явуулна. Б.Содномдаржаад 262, Т.Чимгээд 23 орчим мессэж бичсэн. Энэ мессэжүүдийг Ц.Амгаланбаатар биш, тагнуулынхан Тэгшбаяр гэдэг нэрээр нууцалсан утсаар бичээд хожим нь уг утсыг устгана. Ц.Амгаланбаатар 4 дүгээр анги төгссөн, латин үсэг мэдэхгүй. Бүх мессэж нь латинаар үг, үсгийн алдаагүй бичигдсэн байдаг.

БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОМИЛГОО

Зохиомол хэргийн боловсруулалт ид хийгдэж байх үед 2014 оны 11 дүгээр сарын 5-нд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, 6 жилийн хугацаатай 2011 онд Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжав Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдоно. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор байх үед 2014 оны 1 дүгээр сарын 9-нд УИХ-ын олонхын бүлгийн Ш.Түвдэндорж, цөөнхийн бүлгийн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төсөл өргөн барьж, энэ хууль 2014 оны 1 дүгээр сарын 24-нд гэрлийн хурдаар батлагдаж, уг албыг орон тоо, төсөвтэй нь АТГ-т шилжүүлсэн ба энэ ажлыг Б.Хурц дээрх гишүүдийг ятган санаачлуулж тэр албанд ажиллаж байсан О.Бархасбадь, Бямбажав нар Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн. С.Зоригийн амь хохироосон хэрэгт АТГ-аас Эрдэнэтэд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь Д.Дорлигжавт баригдаж, УЕПГ-т нэгэн маргаан гарсны дараа болсон үйл явдал энэ. Нууц ажиллагаанд нь саад болсон Ерөнхий прокурорыг дэвшүүлэн зайлуулах, Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах энэхүү операцийг Б.Хурц зохион байгуулж, түүний тухай цуглуулсан материалыг Р.Чингэс шалгасан баримт бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014 оны 11 дүгээр сарын 21-нд байгуулагдсаны дараа 2014 оны 11 дүгээр сарын 26-нд Б.Хурц ТЕГ-ын даргаар, Р.Чингэс ЦЕГ-ын даргаар, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдож, тун удалгүй АТГ-ын дарга Н.Ганболд гэнэт халагдах өргөдлөө өгч, 2015 оны 2 дугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдоно. Ийнхүү тагнах, мөрдөх, хянах, хорих бүх байгууллагын гэнэтийн шинэ томилгоо хийгдсэнээс хойш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр хийгдэж байсан гүйцэтгэх ажиллагаа илт идэвхжиж, 2015 оны 3 дугаар сард АТГ-ын ажилтан Амартүвшин Эрдэнэтэд очиж Б.Содномдаржааг олж гудамжинд өдөж зодоон үүсгэж, 3 дугаар сарын 28-нд Эрдэнэтийн цагдаа Б.Содномдаржаад эрүү үүсгэж, үүнээс 2 сарын дараа 5 дугаар сарын 13-нд Т.Чимгээг эмнэлэгт хэвтэж байхад түүний хашаанд хүний цогцос аваачиж хаяна. Ингэж АТГ болон тагнуулынхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүл, хамаатан садныхан дээр бараг хоёр жил гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тэднийг сүр дуулиантай нэгжиж баривчилснаар зохиолын эхний хэсэг дуусна. Яг энэ өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 31-нд дээр нэр дурдсан А.Ганхуягийг мөн баривчилж, Төв аймгийн мөрдөнд хорино. Ингэж садан төрлийн холбоотой гурван хүн “С.Зоригийг алсан” хэрэгт холбогдоно.

ШОРОН ДОТОРХ ЯРГАЛАЛ

Б.Хурц ТЕГ-ын дарга, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдсоны дараа нэгэн хачирхалтай томилгоо хийгдэв. ТЕГ-ын ахлах дэслэгч цолтой, Шихихутуг сургууль төгссөн Үржнээгийн (Хурцын эхнэртэй овог нэгтэй) Отгонбаяр 2015 оны 1 дүгээр сарын 29-нд ШШГЕГ-ын Гүйцэтгэх (тагнах) хэлтсийн дарга болж, олон цол алгасаж дэд хурандаа болов. Шинээр ажил авч, цол нэмсэн Ү.Отгонбаяр ТЕГ-ын шууд удирдлага дор (ШШГЕГ-ын дарга Билэгт нь ТЕГ мэдэж байгаа гээд энэ асуудалд огт ойртдоггүй байсан гэдэг) Төв аймгийн мөрдөнгийн 2000 оноос хойш ашиглагддаггүй байсан подвальд засвар хийлгэж, 5-6 хүн хорих өрөөнүүд бэлтгэж, тэнд бичлэг хийх тоног төхөөрөмж суурилуулж, хоёр давхарт нь подвальд зассан өрөөнүүдийг хянаж байх тусгай төхөөрөмж суурилуулсан. Гол үүрэг гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилж, ийнхүү яргалал үйлдэх газраа бэлтгэж дуусмагц 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хар масктай өвч зэвсэглэсэн тусгай албаныхан баривчилж, нууцаар Төв аймгийн мөрдөнд хорьсон, ар гэрийнхэн нь цөөнгүй хоног хөөцөлдсөн боловч эхний үед хаана хорьсныг хэлэхгүй байсан гэдэг. Ийнхүү цагдан хорьсон маргааш нь ялтан Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт 15 жилийн хорих ял шийтгүүлсэн ялтан Б.Итгэлтөгс, хянагч О.Бямбажав нарыг Б.Содномдаржаа дээр оруулж, С.Зоригийг алсан хэргийг хүлээлгэх гэж 6 хоног нойр хоолгүй яргалуулсан, энэ тухай бичлэг олон нийтэд нэгэнт ил болсон. Ц.Амгаланбаатар нь “хэрэг хүлээ” гэж зодож жанчин дарамтлах, Б.Итгэлтөгс нь “хамаатан садангууд (Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, А.Ганхуяг нар садан төрлийн холбоотой гэдгийг Б.Итгэлтөгс мэдэх ямар ч үндэсгүй, үүнийг тагнуулынхан зааж өгсөн) нийлчихээд чамайг гүтгэж байгаа учраас Амгаланбаатарын хэлснээр хэргээ хүлээ, хариу гүтгэ тэгвэл хөнгөн ял өгнө” хэмээн ухуулж сэнхрүүлэх, Б.Содномдаржаа эсэргүүцэл үзүүлбэл “номхруулах” хөдөлмөрийн хуваарьтайгаар уг яргалах ажиллагаанд оролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 1-нд Б.Содномдаржаа дээр оруулсан Ц.Амгаланбаатарыг 6 хоногийн дараа тэндээс гаргаж, Б.Итгэлтөгс нь ятгах ажлаа үргэлжлүүлэхээр үлдсэн. Ийнхүү бүтэн 6 хоног бараг 150 орчим цаг яргалуулсны эцэст Б.Содномдаржаа нэг удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө “Амгаланбаатарын дарамталж, Б.Итгэлтөгсийн ятгасны” дагуу хэрэг үйлдсэн гэж зөвшөөрсөн мэдүүлэг (2015 оны 9 дүгээр сарын 18-нд) өгсөн боловч дараагийн мэдүүлэгт үүнээсээ буцаж, хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл энэ мэдүүлгээсээ буцаагүй. Ийнхүү яргалж байхдаа уух ус, эсхүл хоолонд нь сэтгэцэд нөлөөт бодис өгч бие нь муудсан тул олон хоног зөвхөн 00-д орохдоо ус ууж байсан гэж Б.Содномдаржаа ярьдаг бөгөөд энэ нь үндэслэлтэй байх магадлал өндөр. Учир нь Б.Хурц нарын дөрвөн хүн иргэн Д.Энхбатыг 4 улс дамжуулан хулгайлж ирэхдээ түүнд мансууруулах бодис тарьсан, Т.Чимгээгийн биед үзлэг хийхдээ бас ийм арга хэрэглэсэн. Б.Содномдаржааг ийнхүү ялтнуудаар дамжуулан яргалж байх үедээ 2015 оны 9 дүгээр сарын 8-ны шөнө 24 цагийн үед Т.Чимгээ дээр ялтан Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулсан бичлэг ил болсон. Т.Чимгээ ийнхүү хоригдож байхад том охин нь авто ослоор нас барсан бөгөөд мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь охиныг нь оршуулдаг өглөө буюу 2016 оны 8 дугаар сард Т.Чимгээ дээр мэдүүлэг авах нэрийдлээр очиж, “охин чинь нас барсан, өнөөдөр оршуулж байгаа, үйлийн үр чинь ингэж гарч байна” хэмээн хүний ёсноос гадуур сэтгэлийн дарамт үзүүлж байсан нь бий. Энэ тухай өмгөөлөгч нь тодорхой ярьдаг. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг Төв аймгийн мөрдөнд 14 хоног цагдан хорьж, мөн л элдвээр сэтгэлийн дарамт үзүүлж байгаад мэдүүлэг авсан нь бий. Тухайлбал, “Чимгээ 1998 оны цагаан сарын үеэр Эрээн явахдаа бор өнгийн ардаа үдээстэй гутал авч ирснийг санаж байна” гэсэн мэдүүлэг гаргасан. Энэ нь зочид буудлын манаач байсан Маруся гэдэг хүний мэдүүлэгтэй ойролцоо. Ингэж хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг эхнэрийг нь хорьж байсан газарт хорьж урьдчилан төлөвлөсөн мэдүүлэг авсан. Сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэх, хорих байрны стандартад үл нийцэх нөхцөлд хорьж биеийн шаналал үзүүлэх энэ бусармаг аргыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булган, А.Ганхуяг, Ц.Амгаланбаатар нарт ч адилхан хэрэглэж байсан. Тухайлбал, Ц.Амгаланбаатар мөрдөгчдийн хүссэн мэдүүлэг өгвөл сайн хоол өгч, кино үзүүлж гадуур зугаалуулж, хүсээгүй мэдүүлэг өгвөл “чамайг энд чинь ална, чиний хойноос хэн ч явахгүй, хүүхдийн чинь хурууг нэг нэгээр нь мөчилж өмнө чинь тавина” гэх зэргээр дарамталдаг байсан тухай тэр мэдүүлэг өгсөн. Б.Булганыг 2015 оны 11 дүгээр сарын 13-нд ТЕГ дээр бүтэн өдөржин байцааж, орой нь гэрт нь хүргэнгүүт гэнэт баривчилж буцаан ТЕГ дээр авч ирж тусгай өрөөнд оруулж дээрээс нь Ц.Амгаланбаатарыг оруулахад тэрбээр сандал өшиглөж, хашхичиж, харааж “би Зоригийг алчихаад чамайг хүчиндсэн биз дээ, үнэнээ хэл” гэж дарамталсан бичлэг бий. Энэ үед мөрдөн байцаагч О.Бархасбадь хажууд нь байж, Ж.Мөнхгал нь Ц.Амгаланбаатарыг “00”-д ороход нь үг зааж өгч байсан гэдэг. А.Ганхуяг, Б.Булган нарыг 8-10 сар ямар ч халаалтгүй өрөөнд бүтэн намар, өвлийн турш хорьсон. Энэ бол ил далд явагдсан бүхий л хууль бус ажиллагааны өчүүхэн хэсэг.

ГҮЙЦЭТГЭХ, МӨРДӨХ, ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ГАРСАН ЗАВХРАЛУУД

1. Хоёр алуурчин дөрөв болсон нь: Энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлдсэн гэдгийг Б.Булган анхнаасаа тууштай ярьж, үүнийг коридорт зогсож байсан Даваахүү, Барсбаатар нар баталж, дуудагдаж С.Зоригийн гэрт анх орсон Рагчаа, Доржсүрэн төдийгүй хотын цагдаагийн дарга Н.Ганболд, хамт явсан С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд асан Ши.Батбаяр нар Б.Булганы хэлснийг давхар нотолсон мэдүүлэг өгсөн. Гэтэл хуулийн байгууллага 15 жилийнхээ ажлын дүнг нотолгоотой нь үгүйсгэж, С.Зоригийг дөрвөн хүн алсан гэж алуурчдын тоог хоёр дахин өсгөж, үүнийгээ ямар ч баримтаар нотолж чадалгүй өдийг хүрлээ.

2. Цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй: Энэ хэрэгт Б.Булганыг 10 сар цагдан хорьж 3 удаа мэдүүлэг авч улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай нүүрэлдүүлэхэд тэрбээр “энэ хоёр хүн С.Зоригийг алсан хүмүүс биш” гэж мэдүүлэг өгсөн тул түүнийг шүүх хуралд оролцуулаагүй. Цорын ганц гэрчийг ийнхүү шүүх хуралд оролцуулаагүй атлаа 1998 онд түүний хэлж зуруулсан ам зургаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг ялласан.

3. Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчийг сольсон тухай: Энэ хэргийн анхан шатны шүүх хурал болохын өмнөхөн Ц.Амгаланбаатарын анх авсан өмгөөлөгчийг гадаадад сургуульд явах нэрийдлээр гэнэт сольж, АТГ-т ажиллаж байсан Дашдорж гэгчид өмгөөлөгчийн эрх олгож, Хууль зүйн туслалцааны төвийн захирлын тушаал гараагүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд энэ өмгөөлөгчийг ажлын хэсгийн Ж.Мөнхгал олж өгсөн гэж хожим нь Ц.Амгаланбаатар өргөдөлдөө дурдсан. Тодорхой даалгавар, заавар, чиглэлтэйгээр шүүх хуралд оролцсон энэхүү “өмгөөлөгч” нь Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо “миний өмгөөлүүлэгч энэ хэргийн захиалагч Э.Бат-Үүл, хамтрагч А.Ганхуяг, хамжигч Б.Булган нарыг илчилсэн тул ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл гаргасан бөгөөд энэ гомдол нь Ц.Амгаланбаатарын “Миний бие захиалагч Э.Бат-Үүл, зуучлагч А.Ганхуяг болон хамтран зүтгэгч Б.Булган нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Захиалагч Э.Бат-Үүл, зуучлагч А.Ганхуяг, нуун далдалсан Б.Булган нарт хуулийн дагуу ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдолтой агуулгаараа таардаг.

4. Шинэ гэрчийн тухай: Энэ хэрэгт өмнө нь буюу 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс хойш 2015 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд огт байцаагдаж байгаагүй гэрч шинээр илэрч энэ хүн “хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнө С.Зориг, Э.Бат-Үүл нарыг талийгаачийн байрны гадаа маргалдаж байсан, хажууд нь зогсож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг одоо ч гэсэн таньж байна. Хэрэг гардаг орой Э.Бат-Үүл миний хажуугаар гүйж өнгөрсөн, малгайгүй байсан” гэх утгатай мэдүүлэг гаргасан. Энэхүү шинэ гэрч нь эрүүдэн шүүх ажиллагааг гардан зохион байгуулсан Ж.Мөнхгал гэгчтэй 1976 оноос хойш С.Зоригийн байрны хажуугийн 5 дугаар байрны нэг орцод бараг нэг давхарт амьдарч байсан хуучны танил нь байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 хоногийн дараа эх үүсвэр тодорхойгүй шинэ орон сууцтай болсон.

5. Отгонбаатарыг энэ хэрэгт холбогдуулах гол мэдүүлэг гаргасан гэрч: 2007 онд эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ шатаж нас барсан Отгонбаатар (Паар гэх хочтой)-ыг энэ хэргийн нэг гол холбогдогч болгох мэдүүлгийг ялтан Ц.Амгаланбаатар болон гэрч Тунгалаг гэдэг хүн гаргасан. Тэрбээр “1998 оны 12 дугаар сарын сүүлчээр Амгаа бид хоёр Паарынд архи ууж байхад Амгаа “би Зоригийг нухсан. Сая яваад Бат-Үүлээс нэг сая, Булганаас 3 сая төгрөг авсан” гэж мөнгө гаргаж ирээд Паарын хүүхдүүд тус бүрд нь 5000 төгрөг, эхнэрт нь 30000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Гэтэл Отгонбаатарын охин 1999 оны 11 дүгээр сарын 4-нд, хүү нь 2002 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн. Өөрөөр хэлбэл, 1998 оны 12 дугаар сард Отгонбаатарын эхнэр төрөөгүй байсан. Энэ гэрч гэх Тунгалаг нь олон жил архины хамааралтай амьдарч, албадан эмчилгээнд явж байсан, тагнуулын ажлын хэсэг түүнээс мэдүүлэг авахдаа архи өгч согтоогоод өөрсдөө мэдүүлэг бичиж, гарын үсэг зуруулдаг, таалагдахгүй мэдүүлэг өгвөл гавлаж айлган сүрдүүлдэг байсан тухай хожим нь мэдүүлэг өгсөн.

6. Э.Батүүлийн талаарх Амгаланбаатарын мэдүүлэгт: “…Жаагий (Б.Содномдаржаа)-ийн утас дуугарч бид гарч нэг машинд орсон. Бат-Үүл байсан…Жаагий түүнээс мөнгө авсан гэсэн. Гэхдээ ил харагдах мөнгө байгаагүй. Бид дөрвийг гадагш гарахад Бат-Үүл нэг давхрын өгсдөг шатан дээр бид дөрвийг хараад зогсож байсан. Бид дөрвүүлээ түүнийг харсан. Бид буудалд ирчихээд нэлээд хэдэн цаг суусан. Гэтэл Жаагийгийн утас дуугарч бид хоёр гарсан. Бат-Үүл хар хөх өнгийн жийп машинтай ирсэн. Жаагий машинд орж суугаад хэсэг хугацааны дараа чемодан шиг хэлбэртэй хар өнгийн цүнхтэй зүйл авч буусан. Цүнхэн дотор боодолтой мөнгө байсан. Буцаж орж ирээд Жаагий “Энэ Бат-Үүл гай болох юм. Зоригийн авгайг амьд үлдээ гэчихээд гэрт нь юмаа орхичихсон (малгай) байх юм” гэж байсан…(өмнө Ганхуяг хар арьстай залуутай ирж уулзсан. Хар арьстай залуу Жаагийд дугтуйтай мөнгө өгсөн гэж өөр мэдүүлэг өгсөн)…Жаагий Бат-Үүлээс авсан мөнгөөрөө барааны зах дээр наймаа хийж эхэлсэн. С.Зоригийг алдаг өдөр Бат-Үүл С.Зоригийн гэрийн хаалга онгойлгож өгөхөд Жаагий бид хоёр орж авгайг нь хүлж, ариун цэврийн өрөөнд үлдээсэн. Ингээд гараад ирэхэд Бат-Үүл, Чимгээ хоёр коридорт зогсож байсан ба Бат-Үүл нөгөөдөх чинь ирж байна, би явлаа гээд явсан (2015.10.02-ны өдрийн мэдүүлэг) гэж мэдүүлжээ. Ц.Амгаланбаатар ийм ноцтой зайлшгүй шалгаж мутарлах мэдүүлэг өгсөн байхад. Э.Бат-Үүлээс ганц ч мэдүүлэг авахгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

7. Э.Батүүлийг яллагдагчаар татсан тухай: Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Э.Бат-Үүл, А.Ганхуяг, Б.Булган, Б.Отгонбаатар нар нь бүлэглэж, С.Зоригийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” гэж тэмдэглээд, “Э.Бат-Үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” гэж үзэж,

1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд заасан гэмт хэрэг /улс төрийн зорилгоор аллага хийх/-т зааснаар түүнийг яллагдагчаар татсан боловч прокурор Б.Батжаргал нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Э.Бат-Үүл нь… С.Зоригийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна” гэж тэмдэглээд, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байна.

8. Шагналын тухай: Энэ яргын хэргийг шийдвэрлэхэд оролцсон хүмүүс албан тушаал, алдар цол, эд хөрөнгө, бүр цаашилбал ял завшилгаар хэрхэн шагнагдсан нь онцгой анхаарал татдаг. Тухайлбал, нэг удаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох хууль /Х.Тэмүүжингийн/-тай байхад Ц.Элбэгдорж Ц.Зоригийг 2016 оны 12 дугаар сарын 5-нд (анхан шатны шүүх хурал явагдаж байхад) улируулан хоёр дахь удаа томилсон, Дээд шүүхэд энэ хэргийг танилцуулсан Б.Цогтыг Эрүүгийн хэргийн танхимын даргаар, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурал даргалсан С.Соёмбо-Эрдэнийг Дээд шүүхийн шүүгчээр, нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилж, Б.Хурцад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дэслэгч генерал, АТГ-ын даргаас бууж ТЕГ-т шилжсэн Н.Ганболдод бригадын генерал цол олгож, прокурор Ж.Сандагсүрэнг Алтангадас одонгоор, тагнуулын Ж.Мөнхгалыг Сүхбаатарын одонгоор шагнан Ц.Элбэгдорж өөрөө ажил дээр нь аваачиж гардуулсан. Тэр бүү хэл энэ ажиллагаанд оролцсон “Сайнбилэг”-ийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр (бас л шүүх хурал явагдаж байх үеэр, 12 дугаар сарын 5-нд Ц.Зориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр хоёр дахь удаагаа томилогдсоныг дээр дурдсан) Б.Хурц тушаал гаргаж орон сууцаар шагнаж, дээр дурдсан “шинэ гэрч” түрээсийн байранд амьдарч байснаа 2017 оны 8 дугаар 2-нд Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа 8 дугаар сарын 14-нд гэнэт орон сууцтай болж, 2017 онд Төв аймгийн сум дундын шүүх Б.Итгэлтөгсийн 10 жилийн хорих ялыг хоёр удаагийн шүүхээр оруулан хасч сулласан байх ба шүүгч нь Ц.Элбэгдоржийн найзын дүү байсан.

Дүгнэлт

1. Хуулийн байгууллага энэ хэргийн “захиалагч” нь Э.Бат-Үүл, “хамтрагч” нь А.Ганхуяг, “хамжигч” нь Б.Булган, гүйцэтгэгч нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар гэж үзэн (Ц.Амгаланбаатарын мэдүүлэг гэгчийг үндэслэн) цөмөөрөнг нь яллагдагчаар татаж, дийлэнх хүмүүсийг урт хугацаанд цагдан хорьж шалгасан атлаа хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд “захиалагч”, “хамжигч”, “хамтрагч” гэх хүмүүсийн хэргийг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атлаа “гүйцэтгэгч” гэх иргэдийг “захиалгаар хүн алсан” гэж ял төлөвлөж, шүүх энэ саналыг ёсоор болгосон. Прокурор Батжаргал Давж заалдах шатны шүүх хуралд, Г.Эрдэнэбат Дээд шүүхийн хуралд оролцохдоо “Э.Бат-Үүл, Б.Булган, А.Ганхуяг нарыг яллагдагчаар татаж шалгасан боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон” гэж мэдүүлсэн. Э.Бат-Үүл, А.Ганхуяг, Б.Булган нарын үйлдлийг нотолж чадаагүй нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын үйлдлийг бас нотолж чадаагүй гэсэн үг. Ийм л энгийн зүйл. Хуулийнхан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа бол цаашид Э.Бат-Үүл, Б.Булган, А.Ганхуяг нарыг “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр” энэ хэрэгт холбогдуулан ял оногдуулах, үгүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ганц л зам үлдсэн, өөр ямар ч гарц байхгүй.

2. Энэ хэргийг шалгах, шүүхээр шийдвэрлэх явцад Монгол Улсын Үндсэн хууль болон цагдан хорих, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагааны тухай гол хуулиудын бүх гол зарчим, үзэл санаа, заалтууд хайр найргүй зөрчигдсөн. Энд зөрчигдсөнийг тоолсноос зөрчигдөөгүйг тоолох нь хамаагүй хялбар. Нэг үгээр энэ бусармаг ажиллагааны явцад 1937 онд хэрэглэж байсан харгис хэрцгий арга (буудан хороохоос бусад)-ууд бүрэн хэмжээгээр хэрэглэгдэж, Монголын хууль, хяналтын зургаан гол байгууллага, тэдний удирдлагууд энэ хэрэг явдалд санал нэгтэйгээр оролцсон.

3. Цахиагийн Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлэн томилгооны эрхээ урвуулан ашиглаж, АТГ, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорыг Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан зургаан жилийн хугацаанаас өмнө хөөж явуулах шахалт дарамт байнга үзүүлж, АТГ-ын дарга, орлогч нарыг шоронд явуулж, УДШ-ийн Ерөнхий шүүгч, УЕП-ын өргөдлийг гаргуулж, оронд нь үгнээсээ гардаггүй, улс төрийн зорилгод нь захирагддаг хүмүүсийг дээрх албан тушаалуудад томилсон. Ингэж хууль, хяналтын гол байгууллагууд “улс төрийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэх хөрс суурь тавигдсан. Тухайлбал, 2010 оны 5 дугаар сарын 14-нд Д.Дорлигжавыг УЕП-оор (2015 оны 1 дүгээр сарын 15-нд түүнийг М.Энх-Амгалангаар сольсон), 2010 оны 11 дүгээр сарын 5-нд Ц.Зоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр 2011 оны 11 дүгээр сарын 17-нд Н.Ганболдыг АТГ-ын даргаар, Б.Хурцыг дэд даргаар, 2012 оны 8 дугаар сарын 17-нд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар, 2013 оны 1 дүгээр сарын 8-нд Г.Эрдэнэбатыг УЕП-ын орлогчоор, 2013 оны 5 дугаар сарын 07-нд Н.Лүндэндоржийг ШЕЗ-ийн даргаар тус тус томилж, 2014 оны сүүлчээр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилж, Засгийн газрын харьяа хуулийн бүх гол байгууллагын удирдлагыг сольсон бөгөөд энэ тухай дээр дурдсан. Хуулийн байгууллага дахь хонгилын бүрэлдэхүүн үүссэн түүх энэ. Ийнхүү өөрийнхөө хүмүүсийг томилсны дараа 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаярыг (намайг баривчилсан гэж одоог хүртэл гүтгэдэг. Хуулиар баривчлах саналыг АТГ гаргаж, прокурор зөвшөөрч, шүүгч шийдвэрлэдэг. Үүнийг Н.Энхбаяр өөрөө ч мэддэг. Харин цагдаа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь үнэн), сонгуулийн үеэр Анандбазарыг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байхад Улсын мөрдөн байцаах газрын дарга Ц.Батсүх Ё.Отгонбаярын эхнэрийг “328.0 сая ам.долларын хадгаламжтай” хэмээн зарлаж баривчлахаас эхлээд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль дуусталх хугацаанд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт 20-25 жилийн хорих ял оногдуулах хүртэл чилийсэн зургаан жилийн хугацаа өнгөрч олон ч хүн шоронд орсон. Хар дарсан зүүд шиг он жилүүд ингэж л өнгөрсөн. Муу юм модон улаатай гэдэг ардын үг байдаг, одоо ч хаялга нь явж л байна.

4. Хууль, хяналтын байгууллагыг улстөржүүлэх, мөнхүү зорилгоор чадваргүй, мэргэжлийн биш хүмүүсийг томилох, ашиглах нь ямар хор уршиг “тарьдаг”-ийг энэ хэргийн жишээнээс харж болно. Энэ хэргийг тагнах, мөрдөх, хянах, шүүхээр хэлэлцүүлэх бүх ажлыг УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хариуцсан бөгөөд энэ хүн Цэргийн дээд сургууль төгсөж багшилснаас өөр ажил хийж үзээгүй, Х.Тэмүүжинтэй найзалж байгаад Ц.Элбэгдоржийг түшиж суга дэвшсэн нэгэн. Б.Хурц барилгын техникум төгссөн, зохиол бичих, эрүүдэн шүүх, тамлах гол ажлыг зохион байгуулсан Ж.Мөнхгал нь дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн, С.Баяраа нь мэргэн бууч байсан. Ийм л мэргэжил, чадвартай хүмүүс албан тушаал, нэр алдарт хүрэх хүсэл шуналдаа хөтлөгдөж, шоронгийн ганц ялтны үгээр “С.Зориг алагдсан хэрэг”-ийг гэмгүй иргэдэд “тохож хаах” үүрэг гүйцэтгэж яваад үнэнд гүйцэгдлээ. Гэхдээ албан үүргийн хувьд ч, мэргэжил олон жилийн туршлагын хувьд ч тэр энэ завхралыг зогсоож чадахаар хоёр гол хүн байсан. Нэг нь насаараа шүүхэд ажилласан Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, нөгөөдөх нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан. М.Энх-Амгалан гэхэд энэ хэрэг гарах үед буюу 1998 онд УМБГ-ын газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дараа нь УМБГ-ын дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга (намайг сайд байхад) гээд цагдаад хашиж болох бүх албаар дамжсан, яалтчгүй бэлтгэгдсэн хүн. Эд нар цагаандаа гарсан шоронгийн ялтан ямар заль мэх гаргадаг, яаж худал хэрэг хүлээдэг, хэрхэн буцаж будлиулдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс. Тэр тусмаа М.Энх-Амгалан С.Зориг алагдсан хэргийн цаад наад юмны учрыг гарсан өдрөөс нь Ерөнхий прокурорын ажлыг өгөх хүртлээ мэдэх цорын ганц хүн. Түүнд мэргэжил, чадвар дутсанаас ийм алдаа гараагүй. Тэр 2015 оны 2 дугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокуророор томилогдохдоо “С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн шалгалтад үл оролцох, Г.Эрдэнэбатын удирдсан ажлын хэсгийн хийсэн болгоныг нь үг дуугүй өнгөрүүлэх” даалгавар авсан, тэрийгээ ч биелүүлсэн гэж харагддаг. М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилогдоход Б.Хурц гишүүдийн өрөөгөөр хэсэж, дэмжихийг ятгаж явсны учир энэ байж. Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Энэ хэрэг ингэж шийдвэрлэгдсэнд Э.Бат-Үүл баярлах ёстой” хэмээн мэдэгдэл хийж, Э.Бат-Үүл нь өөрийнхөө яллагдагчаар татагдаж байсан энэ хэрэг ийнхүү шийдвэрлэгдсэнд бүрэн итгэж байгаагаа зарлаж, Эбидээ их баярласан гэдгээ хэлсэн” нь 25 дугаар сувгийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт бичигдэж түүх болон үлджээ.

5. Энэ хэргийн шалгалт анхнаасаа будилж хэргийн газарт 70-аад хүн орж гарсан, шалгалт бараг эхлээгүй байхад маргааш өглөө нь Ц.Элбэгдорж “энэ бол улс төрийн аллага” хэмээн зарлаж, тагнуул, цагдаа дээр бие даасан хоёр ажлын хэсэг гарч, хэн түрүүлж илрүүлэх вэ гэдэг далд тэмцэл өрнөж, зайлшгүй хорьж шалгах Б.Булганыг гэрт нь үлдээж, хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн, Улсын мөрдөн байцаах газрынхан өмнөх дарга Бадамдорж хурандааг үдэж Хандгайтад салхинд гарган найрлаж байх үеэр энэ хэрэг гарсан гээд олон нууцлаг зүйл бий. ҮАБЗ-ийн хуралд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхад 1998 онд анх удаа, 14 жилийн дараа 2012 онд Ерөнхийлөгч байхад дахин нэг удаа энэ хэргийн талаар танилцуулга хийгдэж, ажлын хэсэг байгуулах, хэргийг маш нууцын журмаар шалгах зөвлөмж гаргасан ба энэ л горимоор шалгасаар байгаад дуусгасан.

Нэг талаас 1998 оны 7 дугаар сард Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцорч, тэр уурандаа Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг ажлаас нь халж, нөгөө талаас Ерөнхийлөгч асан Н.Баганбанди дараагийн Ерөнхий сайдын саналыг олон удаа буцаасан, Эгийн голын усан цахилгаан станц, Бойнг онгоцноос үүдэлтэй “Ардчилсан холбоо” эвслийн дотоод тэмцэл нь дээд цэгтээ хүрсэн үед энэ хэрэг гарсан. Улс төрийн ийм хямралт байдлын үед С.Зориг алагдсан учраас энэ хэргийн захиалагч нь АН дотроос байх ёстой, эсхүл тэр үеийн МАХН, Н.Багабандийн талынхан байх ёстой гэдэг сэжиг таамаг одоо хүртэл бий. Энэ хэргийг 18 жил ийнхүү шалгахдаа нийт 50 гаруй хүнийг “С.Зоригийг алсан” гэж сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан гэж прокурор Ж.Сандагсүрэн 2016 онд Давж заалдах шатны шүүх хурал дээр мэдэгдсэн бөгөөд тэдгээрийн хоёр нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар.

6. Сүүлийн үед намайг захиалагч нь байсан учраас хэрэг будилуулж байна гэдэг хардлага бий болгох гэж их зүдэрч байх шиг байна. Нэг талаас ҮАБЗ маш нууцын зэрэглэлтэй хэлэлцэж зөвлөмж гаргасан, тагнуул, прокурор энэ горимоор шалгаж хянаж байсан, нөгөө талаас ямар нэг байдлаар энэ хэргийг сонирхоод эхэлбэл “өөрийнхөө намын захиалагчийг нуух гэлээ” гэсэн хардлага дагах учраас би хувьдаа 2016 оны 3 дугаар сар хүртэл энэ хэргийн талаар бараг дуугардаггүй байсан. 2015 онд Б.Булганыг энэ хэрэгт холбогдуулан баривчлахад нь хуулийнханд баттай баримт байгаа учраас ийм “зоримог” шийдвэр гаргасан байх гэсэн горьдлого надад байсныг нуухгүй. Гэвч ажлын хэсгийнхэн эхлээд “Ш.Отгонбилэгийн жолооч, тогооч хоёр энэ хэргийг үйлдэж хоригдож байгаа” гэсэн мэдээлэл хэвлэлд гаргаж, дараа нь Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсанаа чимээгүй болж, улмаар Б.Булганыг сулласан зэрэг ямар ч авцалдаагүй үйлдэл хийгээд эхлэхээр “хэрэг биш боллоо” гэдгийг мэдэрч эхэлсэн. Нөхцөл байдал ингэж эргэсэн тул миний бие 2016 оны 3 дугаар сард Жавзмаа гуайн өргөдлийг УЕП, ТЕГ-т шилжүүлэхдээ “алдаа гарч болзошгүйг” сануулж, 2016 оны 9 дүгээр сард хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийт, сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр 2016.12.26 (№28), 2017.02.06 (№35), 2017.04.10 (№39)-ны өдрүүдэд гишүүдэд мэдээлэл өгч, эрх баригч хүчний хувьд энэ асуудалд анхаарал тавьж, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох шаардлагатай гэдгээ хэлж байсан боловч ямар ч дэмжлэг авч чадахгүй ганцаардсан. Тухайн үеийн УИХ-ын удирдлага, Ерөнхий сайд, хууль, хяналтын байгууллагын бүх удирдлага энэ хэрэг болон Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдан хулгайлсан асуудал дээр хөдөлж өгөхгүй нь дэндүү ойлгомжтой болсон учраас 2017 оны дунд үеэс тэдгээрийг сольж байж чулуу хөдөлгөх байр сууринд шилжсэн. Тэмцэл ер бусын хүнд хэцүү байсан ч үр дүн гарч бүх гол албан тушаалтнууд солигдсон. Үүний дараа Эрдэнэтийн 49 хувийн хулгай, энэхүү ярганы хэргийг шалгах ажил бага багаар хөдөлж эхэлсэн. “49 хувийн хэрэг”-ийн зарим хүн шүүхэд шилжиж, ял авч, зарим нь шалгагдаж, “яргын хэрэг”-ийнхэн ял шийтгүүлсэн үед 2020 оны УИХ-ын сонгууль явагдаж би болон энэ хэргийн хойноос хөөцөлдөж байсан Л.Болд, Ж.Батзандан нар “унаж шархадсан”. Дахиад асуудал бүдгэрч энэ сэдвээр ярьдаг хүнгүй болж ярганы хэргийнхэн суллагдсан. Намайг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт томилогдсоны дараа энэ хэрэг Дээд шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдсэн тул дахиад гол дайралт над руу ирж байна. Ийм дайралт надад сонин биш, харин “хуульчид”-ын нөр их хөдөлмөрийн үр дүнд гэмгүй мөртлөө зургаан жил шоронд хоригдсон иргэдийг суллуулж, амьдаараа дээлэн дотроо хатаж яваа хөгшчүүдийг амьд мэнд байхад нь хүүхдүүдтэй нь уулзуулах нь миний зорилго.

7. Хууль, хяналтын байгууллага сүүлийн жилүүдэд энэ хэргийн холбогдогч нарыг олохоосоо илүү уг хэрэг гарах үеийн нөхцөл байдлыг ашиглан МАН, АН-ын удирдлагуудад “захиалагч нь танай хүн байсан” гэж худал мэдээлэл өгч айлгаж үүнд дөрөөлөн албан тушаалд хүрэх, эсхүл түүнийгээ хадгалах хэрэгсэл болгох бусармаг аргад шилжсэн нь нууц биш. Лав л Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхэд шилжүүлэх үеэр Б.Хурц ордонд тааралдахад нь “захиалгаар хүн алсан” гэж шүүхэд шилжүүлж байгаа юм бол захиалагчийг нь зарлаач, эсхүл шүүхэд шилжүүлээч” гэхэд сонгуульд танай намд ашиггүй гэсэн. Тэр ямар хамаа байна, манайх байсан ч зарлаач гэж тулгахад 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа зарлана гэсэн. Сонгуулийн дараа дахиад асуухад бултаад алга болсон.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ид явагдаж М.Энхболд сурталчилгаагаар хөдөө явсны хойгуур Прокурорын хууль УИХ дээр хэлэлцэгдэж байсан. Одоогийн Сүхбаатар танхимд УЕП М.Энх-Амгалан тааралдахад нь “Захиалагч илрүүлэх ажлын хэсэг байгуулсан тушаал чинь гараад бараг жил боллоо. Одоо түүнийгээ зарла. Та нар Э.Бат-Үүл, Ш.Отгонбилэг хоёрыг л харддаг биз дээ, заримыг нь яллагдагчаар (Э.Бат-Үүлийг) татаа биз дээ, наад хоёр чинь хөдөөний 16 настай хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд С.Зоригийг алах захиалга өгч баригдах тэнэгүүд биш. Нотолгоо нь байгаа юм бол зарлаач, бариач” гэхэд бас л дүйвүүлээд өнгөрсөн. Гэхдээ их эвгүй байдалд орсон.

8. Одоо зарим хүн Хурцыг хэлмэгдүүллээ гэж гомдол тэмцэл болж байх шиг байна. Цахиагийн Элбэгдоржийн “хөрөө рам”- д Батын Хурцтангуудаар хэрчүүлж, амьдралынхаа зургаан жилийг шоронд хилсээр тамлуулж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ардаа өндөр настай эцэг, эх болон хань ижилтэй, үр хүүхэдтэй, адилхан хүн гэдгийг энэ ярганд оролцсон хүмүүс, тэдний ар гэрийнхэн нэг хором ч болов бодож үзээсэй билээ. Гэмгүй мөртлөө “С.Зоригийг алсан” гэж хэдэн үеэрээ гүтгэгдэж,шоронд ганц хоног хилсээр сууж толгойн дээрээ бусдын өтгөн шингэнийг асгуулаад үз,өөрт чинь ямар сэтгэгдэл төрөх бол.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ямар ч хэрэг хийгээгүй мөртлөө 20-25 жилийн хорих ял шийтгүүлж, зургаан жил шоронд тарчилж байхад тэднийг яргалсан, эрүүдэн шүүсэн этгээдүүд 1-2 жилийн ял авч байгаа нь ариун явдал мөн үү гэж өөрийн эрхгүй бодогдох юм.

Төгсгөл

Энэхүү яргын эсрэг дуугарсан хүн болгон багагүй дарамт шахалт, сүрдүүлэг, гүтгэлэг, доромжлол амссан. Д.Гэрэл ТЕГ-ын дарга болчихоод яргын хэрэгт оролцсон этгээдүүдийг хариуцлагад татаж хөөж явуулахын оронд “С.Зоригийн аминд халдсан хэргийг шалгах тасаг” гээч юм байгуулж, даргаар нь нэг гол этгээд болох О.Бархасбадь гэгчийг тавьсан. Энэ тасаг яргын ул мөрөө дарахын тулд Эрүүгийн цагдаагийн дарга асан Д.Энхбаяр, түүний ажлыг авсан хурандаа Б.Даваажав, ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн, гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Д.Одсүрэн гээд олон хүн дээр хэрэг үүсгэж, гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохион байгуулж, Солонгост үхэх, сэхэхийн зааг дээр эмчлүүлж байсан хурандаа Д.Энхбаярын хүүхдийн сургууль дээр нь очиж “аав чинь хаана байна” гэж хоргоон сүрдүүлсэн, үүнийг сонссон аав нь нэг хоногийн дараа бурхан болсон. Ийм дайрлагад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өртөж, нэр төр, сэтгэл санаа бүр цаашилбал улс төрийнхөө карьераар хохирсон доо. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь тун амаргүй байсныг ойлгохын дээдээр ойлгож байна. Монголын төрийн гурван дээд институцийн удирдлага, хуулийн хонгилжсонбүх байгууллагын дарга нарын эсрэг боссон энэхүү “Бослого”-д намын харьяалал, үзэл бодол, хувийн амьдрал, карьераа умартан надад түшиг болж хамтарч тэмцсэн эрхэм хоёр нөхөртөө баярлаж явдгаа энд дурдъя. Хонгилынхон нь эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгө, сүлжээндээ хэт аархаж, жирийн борог амьдралтай үй олон хүний амьдралыг там болгож, гэмгүй хоёр иргэнд С.Зоригийг алсан хэргийг тохон дээрэлхэж, Монголын хуулиар, монгол хүнээр тоглоом тохуу хийгээд байхаар нь энэ этгээдүүдтэй яс тэмцэж, үүсгэн байгуулсан хонгилыг нь нураах гэж оролдсон зургаан жилийн адармаат амьдрал минь ард үлдлээ. Ямар ч байсан “Хонгил”-ын гол бүрэлдэхүүн төр, хуулиас холдож, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бүтэн найман жил амьдаараа тамлуулсны эцэст эрх чөлөөтэй болох дөхөж байх шиг байна. Тал, талаасаа боорлуулж, УИХ-ын даргын албыг өгч байхдаа “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг гэсэн ардын үг байдаг. Туулай гүйцэгдэж л таарна” гэж хэлээд суудлаасаа буусан нь миний л амьдрал. Ямар ч байсан “Яргын хэрэг” нэг туулай үнэнд гүйцэгдэж л байна.

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал

Азийн аварга З.Болортунгалаг: Зүгээр маазраад л мотоцикль өргөчихсөн юм


Казахстаны Алматы хотноо аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг тамирчид 173 оноогоор алтан цомын эзэд болсон юм.

“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З. Болортунгалагтай ярилцлаа.

Тэрээр 65 кг-ын жинд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн хүрэл медальт Ази тивийн 3 хүрэл, 1 мөнгөн медальт Сакши Маликыг цэвэр ялж, Азийн аварга болсон билээ.


Юуны өмнө танд Азийн аварга болсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар товч ярихгүй юу?

-Баярлалаа. Хэсэгтээ Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, хагас шигшээд Тайваны Пай Син Пин, финалд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн медальт бөх Сакши Маликыг цэвэр ялж, алтан медаль хүртсэн. Манай баг үндсэндээ дөрвөн барилдаан хийсэн. Тамирчин хүний туйлын хүсэл олимпод төрийн дууллаа эгшиглүүлэх байдаг. Тэр мэдрэмж хамгийн сайхан санагдсан. Зорьсон зорилгодоо хүрч тэр мэдрэмжийг олон удаа авахыг хүссэн. Тэр хүсэл маань биелсээр байна.

Зургийн тодорхойлолт алга байна.-Та өмнө нь Азийн наадмаас хүрэл медал хүртэж байсан. Энэ удаа алтан медал хүртлээ?

-Анх 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авахдаа маш их баяртай байсан. Тэгээд дараа нь 2019, 2020 онуудад амжилтаа ахиулна гэж бодсон ч чадаагүй хүрэл медал авсан. Харин одоо алтан медаль авч, аварга боллоо.

-Тэмцээний хамгийн гол өрсөлдөгч нь хэн байв?

Хамгийн гол өрсөлдөгч гэвэл Олимпийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Сакши Маликы байсан.

-Та хэд дэх жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байгаа вэ?

– Монгол Улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн шавь болж, 2008 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн.

-Багш нь барилдааныг тань хараад юу гэж зөвлөдөг вэ?

-Ер нь намайг түрүүлсэн ч гэсэн тэр барьц чинь арай болохгүй байна гээд барилдааны талаарх алдаа оноог минь шүүж өгдөг. Тэгж байж би илүү сайжрах байх. Багш маань тэмцээний үеэр Монголд байсан болохоор цахимаар дамжуулан үзсэн. Одоо намайг очиход үнэтэй зөвлөгөө өгөх байх.

-Хөл хорионы энэ үед бэлтгэлээ хэрхэн базааж байв. Монголдоо бэлтгэлээ хангаж байгаад Алматы руу явсан уу?

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоо мэдээд хоёрдугаар сарын 23-наас бэлтгэлээ хийж эхэлсэн. Хотоос зайдуу бааз болон амралтын газар тусгаарлалтад бэлтгэлээ хийгээд тэмцээндээ явсан.

-Танай удамд бөх бий юү?

-Аавын маань том ах Жамц гээд хүн сумын наадамд хоёр удаа түрүүлж байсан юм билээ. Ер нь их бяр, чадалтай хүмүүс байсан гэж ярьдаг.

-Таны мотоцикль өргөөд авахуулсан зургийг харсан л даа. Тэр хаана авахуулсан зураг вэ?

-Өнгөрсөн зун Завханы Баянтэс суманд бэлтгэлийн хамт олноороо зугаалгаар явж байхдаа зүгээр л маазраад өргөсөн юм (инээв).

-Мотоцикль өргөдөг гэхээр хүчний бэлтгэл хийдэг байх нь ээ?

-Бид байнга өөр спорттой хослуулж бэлтгэлээ хийдэг. Манайхан сагс, хөлбөмбөг тоглодог. Мөн хүчний бэлтгэл гээд штанк хийнэ.

-Хүчний бэлтгэл хийхдээ дээд тал нь хэд шахдаг вэ?

-Цээжний шахалт тааруухан. Дээд тал нь 70 кг шахна. Харин нурууны үндсэн таталтыг сайн. 170-180 кг шахдаг.

-Таны өндөр, жин хэд вэ?

-Өндөр 165 см. Жингийн хувьд 65 кг-ын жинд барилддаг ч хэвийн жин маань 70, 71-тэй байдаг.

-Барилддаг эмэгтэйчүүдийг их эршүүд гэж хардаг. Та багадаа ямар хүүхэд байв?

-Ангийнхаа хөвгүүдтэй хөөцөлдөж ноцолдоод л, хувцасаа хар болгоод явдаг байлаа. Ер нь багадаа их л эршүүд хүүхэд байсан.

Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Энэ баасан гаригт Монголдоо очно. Хотод очоод 7 хоног тусгаарлалтад байх болов уу.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Л.Баттөр: Япон, Солонгос руу дээж явуулж мутацид орсон вирус мөн эсэхийг судлуулж байна

Л.Баттөр: Вакцин хийлгэсэн иргэдээс нас барсан 3 тохиолдлын 2 нь Синофарм,  1 нь Файзер вакцин хийлгэсэн

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөрийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр:

Манай улсад мутацид орсон вирус орж ирсэн эсэхэд асуулт тавьчхаад байж байна. Мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэхэд ганц, хоёр хувийн лаборатори хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Гэхдээ энэ тал дээр туршлага багатай гэдгээ мөн хэлж байсан.

ХӨСҮТ энэ чиглэлээр ДЭМБ болон бусад газрын дэмжлэгийг аваад геномын дарааллыг тогтоох аппаратуудыг худалдаж авахаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн манай гурван мэргэжилтэн энэ чиглэлээр Японд сургалтад хамрагдаж байгаа. Тэд энэ сарын сүүлээр Монголд буцаж ирэх юм. Цаг хугацааны хувьд бид хожуу явж байна. Гэхдээ бид урьдчилсан байдлаар Япон, Солонгос руу дээж явуулж мутацид орсон вирус эсэхийг судлуулж байгаа. Энэ долоо хоногт багтаад шинжилгээний хариу гарах байх гэж найдаж байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Авах вакциныхаа үнийг одоо хүртэл төлөөгүй байгаа юу

Хөл хорионы үеэр дархлаажуулалтдаа хамрагдана гэсэн иргэдийн хүлээлт талаар болсон. Хоёрдугаар тун вакцинаа хугацаанд нь хийлгэж чадаагүй иргэд төр засгийн шийдвэрийг хүлээсээр сууна. Мэдээж эрх мэдэлтэй, танил тал сайтай хүмүүс нь цаг алдалгүй вакцинаа хийлгэчихсэн байж таараа. Энгийн иргэдийн тухайд “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч л болж байна. Энэ байдал цаашид ч хэвээр үргэлжлэх бололтой. Засгийн газар ирэх долоо хоногоос Синофарм вакцины хоёрдугаар тунгийн вакцинжуулалт эхэлнэ, одоогоор 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байгаа хэмээн мэдэгдээд байсан. Гэсэн ч Засгийн газар вакцин авах гэрээ хэлцлүүдээ эцэслэн шийдэж, үнэ хөлсөө ч төлөөгүй бололтой юм. Энэ талаараа Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр л ярилцаж, вакцин худалдан авах төсвөө хаанаас, хэрхэн гаргах вэ гэдгээ шийдэх юм байна.

Энэ нь ч үнэний ортойдог. Саяхан Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Талууд уулзалтаар ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэн, санал солилцож. Энэ үеэр Элчин сайд И.К.Азизов “Гэрээ хэлэлцээрийн хүрээнд вакцин татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно” гэдгээ мэдэгдсэн байна. Товчхондоо талууд вакцин авах тухай санал л солилцож, манай талын санал хүсэлтийг цааш уламжлах тухайгаа л Элчин сайд илэрхийлсэн байгаа юм. Ямар ч зүйл тодорхой шийдэгдээгүй, зөвхөн санал солилцох, хэлэлцээ хийх шатандаа яваа гэдэг нь энэ уулзалтаар түвэггүй харагдаж байна. Зах дээр гучин жил зогссон монголчууд үнийг нь төлөөгүй бол наймаа бүтдэггүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Хоёр жил вакцин яриад одоо хүртэл мөнгө нь шийдэгдээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Бид ямар хүмүүсээр удирдуулаад байна вэ гэдгээ бодож үзэх цаг ирсэн байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын ард түмэн бид өөрсдийн бүтээсэн үйл лайгаа эдэлж байна

Монголчууд хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Бид өнөөдөр 100 мянган хүн тутамд туссан коронавируст халдварын тоогоороо дэлхийд тэргүүллээ. Өдөр бүр 1000 гаруй хүн цар тахлаар өвчилж, таваас зургаан хүн нас бардаг нь энгийн үзэгдэл болж хувирлаа. Зөвхөн цар тахал гэлтгүй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, архины хэрэглээнээс үүдсэн нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Нэг жилд л гэхэд зүрх судасны өвчлөлөөс болж 3900 хүнээ бид алджээ. Энэ сүрдэм өвчлөлүүдээс гадна зам тээврийн болон гэнэтийн ослуудаар энх цагт олон мянган хүнээ алдсаар удаж байгаа нь судалгааны үр дүнгүүдээр нотлогдож байна. Байж болох хамгийн муу зүйлүүдээр дэлхийд тэргүүлж байгаа нь биднийг удирдан чиглүүлж буй хүмүүс тэр хэмжээнд л буй хэрэг. Гэхдээ зүг чигээ заалгах хүмүүсээ бид өөрсдөө л шилж сонгодог. Тэд бидний сонголтын л үр дүн. Бид сонгууль бүрээр сонголт мэргэн байг гэдэг ч өнөөдрийн Монгол Улсын байгаа царай бидний сонголт харалган байгааг илтгэж байна. Учир нь бид боловсролтой, ухаалаг, оюунлаг хүмүүсээ үл тоон орхисон. Оронд нь булчин шөрмөс нь зангирч, чухал царай гарган ухаантай харагдах гэж ядсан бөхчүүдийг сонгосон. Мөн элдэв уран цэцэн үгээр тархи угаагчдыг тоох болсон.

Монголчууд бид булчин шөрмөсөөр нь шинжиж байж удирдлагуудаа сонгодог болсныг өнөөгийн төрийн өндөрлөгүүд эргэлзээгүй нотолно. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөх хүн. Жүдогоос өөр зүйл ярьдаггүй, мэддэг ч үгүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх төмөр өргөдөг. Хэдэн зуун кг-аар нь өргөдөг, УИХ-ын гишүүдийнхээ тоогоор сунайдаг юм гэнэ билээ. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн ялгаагүй хэдэн зуун кг-аар нь төмөр өргөдөг гэж байгаа. Хотын захирагч Д.Сумъяабазар бүр маргаангүй бөх хүн. Бүр үндэсний бөхөөр аварга хийсэн хүн. Бас үндэсний бөхөө орхиод нохой зодоон руу хүртэл урваж явсан цаг нь саяхан. Зөвхөн тэд ч биш. Тэднийг тойрон хүрээлэгчид, зөвлөх даамлууд нь ч мэдээж бөх, төмөр өргөж, гүйж харайж, уралдаж, зодолддог нөхдүүд бий. Тэгээд доошоо аймаг, сумдын дарга нараас хэчнээн нь бөх байгаа билээ дээ. Лав л Булган аймгийн Засаг даргаар аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргаар аймгийн заан Р.Сэддорж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргаар Улсын начин А.Батмөнх, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар нарын бөхчүүд ажиллаж байгааг мэдэх юм.

Мэдлэг, боловсролтой, соёлтой ухаалаг, төрд хэрэгтэй эрхмүүд тэднээс их ээ хол. Эрдэм мэдлэг, шинжлэх ухааныг шүтсэн тэд юу гэж ч хөлстэй хэдэн бөхчүүдийг тоож очихов. Нөгөө хэд нь ч юу гэж өөрөөсөө илүү хүнд найр тавихав, ярьсан зүйлийг нь тас зөрсөөр, үзэгнээс өөр юм даахгүй гэж шоолсоор хөөгөөд явуулчих биз. Хүрээллийнхээ хэдэн нөхдөөр өөрийгөө туйлын гайхамшигтай хүн болохыг хэлүүлж, яриулж түүндээ бат нот итгэх нь л тэдний хийж чадах зүйл шүү дээ. Тиймдээ ч төрийн дээр гарсан энэ хүмүүст улс орныг удирдан чиглүүлэх холч ухаан, мэдлэг, боловсрол гээч зүйл хумсын толионы чинээ үгүй. Улсыг удирдаж мэдэх ч үгүй, чадах ч үгүй. Угаасаа ч улс эх орныг чадал бяраар удирддаггүй жамтай. “Бялдар хүчээр нэгийг дийлнэ, бичиг эрдмээр түмийг дийлнэ” гэж монголчууд бид зүгээр ч нэг хэлчихээгүй юм.

Чингисийн үеийн Их гүрнийг Чилэгэр бөх, Тэв тэнгэр хоёр удирдан залж байна гээд төсөөлөөд үз л дээ. Чингис мэнгис нөгөө есөн өрлөг мөрлөгийг нь хөөгөөд явуулчихсан тэр хэд төрийн толгой дээр байгаагаар бод доо. Хэрэв тэд удирдаж байсан бол монголчууд дэлхийн энд хүрч, өнөөдрийг хүртэл оршин тогтнож чадах уу. Монгол гэдэг үндэстэн устан үгүй болох байсан биз. Яг ийм зүйл энэ цаг үед болж байна. Бөх биш юм аа гэхэд дэмий чалчдаг нөхдүүд төрд гарчихдаг зовлон ч бас бий болсон. С.Ганбаатар гишүүн үүний тодоос тод жишээ. Энэ нөхдүүдийн ижил тал нь бүгд худалч. Ичиж зовохгүйгээр, огтхон ч улайхгүйгээр худал хуурмаг юм ярина, бусдыг сэнхрүүлнэ. Хөөрхий монголчууд түүнд нь итгэж дагаж намираад эцэс сүүлдээ эргэж сэхэж чадахгүй болтлоо хамраараа газар хатгадаг. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг шиг хийсэн сонголтынхоо үр шимийг өвчин, зовлон, ядуурал, шудрага бус байдлаар хариу болгон авч байгаа нь энэ л дээ.

Өнөөдөр монголчууд цар тахалдаа хүлэгдчихээд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” суугаа нь удирдлагуудад ямар ч хамаагүй болох нь илт болсон. Улс орон нь тахалд эзлэгдээд, өдөрт хэд хэдээрээ үхэж байхад үүнд санаа зовж байгаа нэг ч хүн алга байгааг эрхбиш та бүхэн харж байгаа биз дээ. Ганц аврал болох вакцин тасраад 10 хонож байхад тэр тухай дурсдаг ч хүнгүй болсон. Олж чадахгүйдээ бантаад одоо бараг вакцин хэзээ ирэх вэ гэж асуувал онц байдлын хуулиараа баривчилна биз. Тэд зөвхөн сонгуулиас сонгуулийн хооронд улс төр хийдэг уламжлалт дэг жаягаа л дагаж байна. Улс удирдана гэдэг ямар өөр хэрэг вэ гэдгийг тэд огт мэдэхгүй. Улс төр хийхийгээ л улс удирдаж байна гэж бодоцгоодог. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдлыг аваад үзэхэд тэдэнд Цэцийн хурал хэрхэн шийдэгдэх нь вэ, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь вэ гэдэг л гол асуудал байлаа. Түүнээс өөр санааг нь чилээж, нойрыг нь хугасласан асуудал харамсалтай нь байсангүй. Ер нь ч энэ нөхдүүдэд дараагийн дөрвөн жил яаж эзэн сууж, идэж уух вэ гэдгээс өөр санаа зовох зүйл үгүй болсон. Тэд өөр хоорондоо уралцаж, улсаа нураачих нь холгүй л сууцгааж байна шүү дээ.

Өнөөдөр ард түмэн “Ядах нь ээ усан оргилуур барихын оронд уушгины аппарат авчих, Андлалын өргөөний оронд вакциныхаа төсөв, мөнгийг нөөцөлчих сүйхээ, сэтгэл зүтгэл алга байжээ” гэж халаглацгааж байна. Халаглахаас ч өөр яах билээ. Өнөөдөр халдвар ид тархаж байхад вакцин ч үгүй, эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй болох гээд байна шүү дээ. Хоёр хөршөөсөө үргэлж гуйж гувшиж байдаг, Японоос вакцин ирнэ дээ гэж царай алдаад л сууж байна. Төсвийн мөнгөөрөө вакцин авлаа, авна гэж нэгээхэн ч удаа ярьсангүй. Бодвол хандив, тусламжаар авах гэж гүрийгээд л хоосон суугаад байгаа нь энэ бололтой. Ийм дорой хэрнээ эрх баригч намын дарга нь 100 жилийн ойгоороо тавьсан илтгэлдээ урд хөршийнхөө талаар бодлогогүй байр суурь илэрхийлж, дургүйг нь хүргэчихсэн. Ганц чаддаг улс төрөөс нь болоод өнөөдөр нийтээрээ хоёрдугаар тунгийн вакцингүй болж, хилээ хэдэн долоо хоногоор хаалгасан нь үнэн шүү дээ. Төрийн толгойд гарсан хүн юу ярих, юу ярихгүй байх ёстойг тэдэнд хэлж, чиглүүлээд өгөх хүн өнөөдөр ховордож. Байлаа ч тэд үгийг нь юман чинээ тоохгүй, өөрсдийнхөөрөө муйхарлах биз. Хэр баргийн хүн энэ бөх барилддаг, төмөр өргөдөг уул хад шиг хар юмнуудад юм хэлэхээсээ ч айдаг болоод удлаа. Хэн тэдэнд дэмий юм ярьж байж эрүүгээ хуга цохиулахыг бодох билээ дээ.

Хатуу хөл хорио тогтоож сүр бадруулчихаад вакцинаа тарьж чадахгүй байгаа хэрнээ сонгуульдаа бэлдэн шогших төрийн түшээдээс үнэхээр ичих юм. Гол нь энэ алиа салбадай нарыг сонгож гаргаж ирсэн өөрсдөөсөө бүр ч ичиж байна. Энэ бүгд Монголын ард түмэн бидний өөрсдийн бүтээсэн л үйл лай. Энэ үйл лайгаа бид өнөөдөр эдэлж байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

​С.Амарсайхан: “Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө, миний хүү наадхаа боль” гэж хэлж зүрхлээгүй юм

С.Амарсайхан Шадар сайд болонгуутаа хүүгээ Боловсролын зээлд хамруулсан нь илчлэгдэж, олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Тэрээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.
“Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.
Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би

“Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.
Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан
Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.
Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.
Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..
Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.
Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!
Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна…” гэжээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай …

Аж богдын харуулна ээ хө

Амгалан болоод тайван даагэж олонд түгсэн гоё дуу бий. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө Монголын зоригт хөвгүүд үеийн үед өөрсдийгөө золиослон зогсож байсныг тунхагласан сайхан бүтээл. Өнөөдөр ч Аж богдын их уулс Монгол Улсын дархан хил дээр сүндэрлэж байна. Сая болсон хоёр цэргийн хэрэг явдал тэр хил дээр гарлаа. Хилийн манаанд байсан цэргүүд харуулын даргаа буудан хөнөөгөөд Аж богдод зугтан гарсныг барив. Тэдгээр хоёр цэргийг өмөөрөх, өрөвдөх, дэглэлтээ тэвчээгүй байх хөөрхий минь… гэж эвийлэх байж боломгүй үгс хөврөх болов. Зарим нь ил цагаан тэдний зөв гэж нийгмийн сүлжээнд бичиж байна. Үүнийг би арай өөрөөр харж байна.

Монгол Улсын дархан хил дээр даргыгаа буудан хорооно гэдэг шууд эх орноосоо урван тэрсэлсэн үйлдэл. Цэрэг хүн ямар ч нөхцөл байдалтай тулгарч болно, ганцхан ийм үйлдэл хийж болохгүй. Байлдааны цагийн хуулиар бол шууд буудан хороогдоно. Дайны нөхцөлд бол хээрийн шүүхээр буудуулна. Халх голын дайнд хамгийн сайн байлдаж байсан 15 дугаар морьт хорооны гунигт түүхийг цухас дурдъя. Одоо түүхэнд дурсдаг ч үгүй, хороо. Тэр хорооны дарга нь Дансран байхаа, дайралтын үеэр Зөвлөлтийн цэргийн бөмбөгдөгч онгоц Японы Баргын морин хороотой өөрийнх нь хороог андууран бөмбөгдөж сүйрэх нь тодорхой болмогц байлдааны талбараас хороогоо татан гаргасан байдаг. Тэр дарга тэр дорхноо хээрийн шүүхээр буудан хороогдсон. Алдарт 15 дугаар морьт хороо ингээд цэргийн хэдэн түүхчээс өөр мэдэхгүй хүнгүй арчигдсан юм. Энэ түүхийг дурдсаны учир нь эх орны хил дээрээс алхам ухрахад зөв байсан ч хатуу хуулиар шийтгүүлдэг түүх Монголын армид үйлчилж ирсэн юм аа. Ухарсан л бол ухарсан гэдэг цэргийн хууль өнөө хэр Монголын цэрэгт үйлчилж байгаа учраас 90 жилийн дараа ч 15 дугаар морьт хороог цагаатгахгүй, чадварлаг даргыг нь дурсахгүй байгаа юм. Эмгэнэлтэй байгаа биз. Цэргийн амьдрал ийм хатуу, бас харгис. Тэгж байж эх орны хил тайван байдаг.

Өнөөдөр тэгвэл хар. Эх орны дархан хил дээрээ даргыгаа буудаж алаад зугтсан хоёр цэргийг нийгмээрээ нэг өмөөрч, эвийлэн хайлж, уяран урсах шахуу юм болж байна. Энэ гутамшиг биш үү. Бидний өвгөдийн баатарлаг түүх, чанд хатуу сахилга бат, тэсвэр хатуужил хаачив. Өдгөөгөөс 70-хан жилийн өмнө Монголын эрчүүд хугацаагүй цэргийн албанд татагдан, хэзээ халагдахаа мэдэхгүй, чилийсэн таван жилийг хил дээр өнгөрөөхдөө, юу эсийг үзэж туулан өнөөдрийн энэ сайхан амар амгалан орныг бидэнд авчирч өгсөн байх вэ. Ингэж бодож үзсэн хүн байна уу. Тэд бүгдээрээ 18 настай байсан юм. Тэднийг хэн ч өнөөдрийнх шиг “Нялх амьтад” гэж хэлээгүй юм. Цаг үе өөр болсоон, тэр үе хоцрогдсон гэж хэлэх хүмүүс байж магадгүй. Цэргийн сахилга бат, тэсвэр хатуужил гэдэг зүйл хэзээ ч, хаана ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй зүйл. Дэлхийн цэрэг ч, Монголын арми ч энэ тал дээр өөр болоогүй. Яг л эх оронч үзлээр эх орноо хамгаалан зогсож байгаа. Цаашид ч зогссоор байх нь болно.

Өнөөдрийн сошиал ертөнц дэх даргаа буудсан хоёр цэргийн талаарх сэтгэгдлүүдийг харахаар “18-хан настай хүүхдүүд шүү дээ” гэсэн сэтгэгдэл ямар их юм бэ. Тэр хүмүүс ядаж Монголын түүхийн сүүлийн 80 жилийг гадарлах болов уу. Хүмүүс дуулж сонссон байж магадгүйгээс нь жишээ авъя. Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс болоход хамгийн их нөлөөлсөн 1945 оны чөлөөлөх дайнаар Л.Аюуш, Дампил, Данзанваанчиг, Дүүдэй, холбоочин Жанчив… нарын олон баатрууд төрсөн юм. Тэд цусаа урсган тулалдахдаа дөнгөж 18, 19 настай хөвгүүд байсан юм шүү дээ. 1921, 1922 онд төрсөн залуус. Өнөөдөр тэгвэл 1919 онд төрсөн хүн сэрүүн тунгалаг сайхан байна. Тэгэхээр тэд өнөөдөр ч амьд байвал байхаар насандаа тулалдсан байгаа биз. 1947 оны Байтаг богдын тулгаралтаар эх орны дархан хилийн сөөм газрын төлөө долоон голоо тасартал тулалдаж амь үрэгдсэн Тэгшээ, Гиваан, Даваадоржийг хэдэн настай байсан гэж бодож байна. Тэд бүгдээрээ 18 насандаа эх орныхоо төлөө амиа өргөцгөөсөн юм. Энэ бүх зоригт хөвгүүдийн хэн нь ч эхнэр авч, үр хүүхдээ үлдээж амжилгүй туурга тусгаар Монгол Улсын төлөө амиа өргөсөн. Тэднийг хэн ч жаахан хүүхдүүд гэж хэлээгүй. Түүх ийм үнэн, бодитой байхад элэнцгийн чинь өнөөдөр “18-хан настай жаахан амьтад” гэж солиоролдоод байгаа юм бэ. Бүгдээрээ адилхан 18 настай эр цэргүүд, ээж, аавын хүүхдүүд.

Тэр бригадын генерал Ганзориг үнэнийг хэлсэн дээ. “Өнөөдөр цэргийн албанд юу ч сурч мэдэх тэнхэлгүй, аав ээж нь хоёрын хооронд нялх болгоод хаячихсан оркууд ирж байна” гэж. Үнэн шүү дээ, бид өнөөдөр амьдралын үнэнтэй эвлэрдэг соёлд суралцах цаг болсон. Армид ирж байгаа аавын хөвгүүд бүгдээрээ тийм биш нь мэдээж. Гэхдээ дийлэнх нь тийм л царайтай, хариугүй муу бядтай байна. Шалихгүй байж аав ээжүүд нь араас нь байнга ярина, олигтой бичиг үсэг ч сургаагүй, ажил хийлгэж үзээгүй, төв суурингийнхан нь PС тоглож байгаад ирсэн. Хөдөөнийхөн нь өвлийн ганц шөнө адуу манаад өлчир суучихаагүй, малчин ч биш, сумын төвийнх ч биш, хэрэг дээрээ хот-хөдөө хоёрын дундах эрлийзүүд ирж байна. Ихэнх нь “За тэр цэрэгт нь ганц жил байртай, хоолтой, хувцастай байж байгаад ирье” гэсэн сэтгэхүйтэй. Тэдэнд эх оронч үзэл, баатарлаг үзэл санаа, үндэсний ухамсар гэсэн өчүүхэн ч ойлголт байхгүй. Тэгж сургаж хүмүүжүүлэх ажил дунд сургуульд нь хийгддэг юм уу. Ядаж гэртээ байгаа өвөөгийнхөө одонгийн түүхийг аав ээж нь түүнд ярьж өгсөн байдаг юм уу. Тэр жил миний бие сонгуулийн ажлаар Өвөрхангайн Хайрхандулаан суманд явж байгаад нэгэн айлд нэлээн саатсан юм. Тэгсэн хойморынх нь авдар дээр шилэн хоргонд хоёрын зэрэг байлдааны гавьяаны улаан тугийн одон, байлдааны гавьяаны одон, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтний тэмдэг гэхчлэн нэжгээд медаль байхыг харлаа. Гэрт байгаа хүмүүсээс энэ хэний одон тэмдэг вэ гэхэд тэр олон үр хүүхэд, ач зээ нараас ганц ээж нь болох хүн л “Миний аавынх аа, энэ хүүхдүүдийг өсгөсөн өвөөгийнх нь одон медаль. Хоёр дайнд оролцсон, Чогдон баатрын заставын цэрэг явсан гэдэг. Урилга заллага их ирдэг, ойн баярын хуралд явдаг, сурвалжлагчид ирж их юм асуудаг хүн байсан” гэлээ. Тэнд байсан ач зээ болох залууст лав өвөөгийнх нь эх орныхоо төлөө тулалдаж явсан тухай ойлголт байхгүй шинжтэй. Уг нь бид бүгдийн маань гэрт эх орончид байсан юм шүү дээ. Бид бүгдээрээ эх орончдын өвөр дээр өссөн юм…

Монголчууд минь цаг үе өөрчлөгдөж, дэлхий хавтгай болж, улс орон хил хязгааргүйгээр оршин тогтнох боллоо гэж битгий туйлшраарай. Тийм биш гэдгийг энэхүү цар тахал харуулж байна. Дэлхийн дэг журам ингээд хэдхэн сарын дотор өөрчлөгдөн эвдэгдэхэд бүгд эх орондоо ирж байгааг хар. Эх орноос нь илүү газар орон байдаггүйг ойлголоо. Хүний нийгэм хатуу үнэнийг ингэж ойлгуулдаг юм байна. Халхын хавтгайн хаана нь, яаж ч явсан та бидний дур. Энэ дэлхий дээр дураар амьдрах эх оронтой хүн шиг баян хүн байдаггүйг энэ цаг дор сая монголчууд нийтээрээ ойлгож авлаа. Өнөөдөр Монгол эх орноо зорьсон гадаадад байгаа иргэдийн цуваа тасрахгүй байна. Энэ бүх аз жаргал, эрх чөлөө, бор гэртээ богд байхын үнэ цэнийг тэгээд хэн авчирч өгсөн юм бэ? Бүх цаг үеийн эх оронч, баатарлаг хөвгүүд чинь авчирч өгсөн юм. Бид туурга тусгаар Монгол Улс мөн л юм бол эх орныхоо хилийг бат найдвартай сахин хамгаалдаг баатарлаг хилчин хөвгүүдтэй, эр цэргүүдтэй байх ёстой. Тэд маань тэсвэр хатуужилтай, эх оронч хүмүүжилтэй, өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.

Ийм л эх оронч, эр зоригтой, баатарлаг хөвгүүдтэй байж гэмээнэ эх орны маань тусгаар тогтнол яригдана. Саяны хоёр цэргийн хэрэг явдал бол дайны үед даргаа араас нь буудаж алсантай адил үйлдэл. Тэр хоёр цэргийг сошиалаар өмөөрч байгаа хүмүүс нэг талаасаа бидний байгаа үнэн төрх. Юу ч бодож тунгаадаггүй, хийрхсэн ард түмний шинж. Ийм ард түмний түүх эцэстээ юугаар төгсдөг вэ гэдгийг индиануудаас харж байна, хүн төрөлхтөн. Нутаг дээр нь хэн нэгэн ирээд эзэн суучихсан, эх орон ч үгүй, үндэсний бахархал ч үгүй, зүгээр л нийгмийн илүүдэл хэсэг. Энэ сошиал ертөнцөд сайн тал бас байна. Хүний юу бодож, яаж явдгийг илчлээд өгөх нь амар болж. Хоёр цэргийг зөвтгөж байгаа байдал нь монголчуудыг ёс суртахууны гүн хямралд орсныг илэрхийллээ. Зарим хүмүүст шулуухан хэлэхэд, цэрэг армийн талаар өчүүхэн ч ойлголтгүй бол энэ сэдвээр нэг их дуугарах хэрэггүй. Наана чинь ямар ч хүний эрхийн асуудал байхгүй. Эр цэрэг болж тангараг өргөсөн л бол эх орон нэгдүгээрт, ээж аав хоёрдугаарт тавигддаг хатуу хуультай юм. Тийм болохоор тэд бол эх орноосоо урвагсад… Аж богдын харуулаас ирсэн мэдээ гаслантай, гунигтай байгаа шүү дээ, үнэндээ…

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Төрлүүдээр нь аваад үзвэл, Синофармын Веросел вакцин хийлгэсэн хүмүүс хамгийн бага халдвар авсан байна

УИХын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг сайжруулна гэж мэдээлж байсан хэдий ч эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн хоёр дахь тунгийн хоног хугацаа хойшиллоо. Вакцинжуулалт тасрах шалтгаан юу байв. Хаана алдаа гарав?

-Дэлхийд өдөрт 14-19 сая тун вакцинжуулалт хийгдэж байна. Үйлдвэрлэгч компаниуд захиалгаа гүйцэхгүй байна. Гэрээ хийгээд амлалтаа өгсөн ч үйлдвэрүүд гаргаж чадахгүй байгаа юм. Манай улсад дөрөвдүгээр сарын 10-нд вакцин ирэх ёстой байсан. Гэвч үйлдвэрлэгч талд ачаалал их, гэрээнд заасан хугацаандаа амжихгүй байна. Нөгөө талаас Энэтхэгийн засгийн газар вакцинаа гадагш нь гаргахгүй дотоодынхоо иргэдэд хийлгэх чиглэл өгсөн байна. Гадаадын захиалгууд нь бүгд зогсож байна.

БНХАУ дотооддоо хүн амаа вакцинжуулалтад бүрэн гүйцэд хамруулж гүйцэхгүй байгаа. Тэр утгаараа үйлдвэрлэл, захиалга хоёр хоорондоо нийлж чадахгүй байна. Вакцины эрэлт асар их байгааг онцлох нь зүйтэй. Судалгаа шинжилгээнээс үзэхэд 50 орчим хоног дотор дархлаа алга болчихгүй. Жишээ авч хэлэхэд, антибиотик хэрэглэдэг байлаа гэхэд хүний биед байгаа бактерийг устгахын тулд тогтмол цусанд эргэлдэж байх ёстой. Эргэлдэх ёстой антибиотикийн хэрэглээ зургаан цаг болоод унадаг. Тийм учраас зургаан цаг тутам антибиотикийг таслахгүй уух ёстой. Харин дархлаажуулалт тийм биш. Дархлаа үүсчихсэн. Гурав дахь долоо хоногоос дархлаажуулалт 50 хувьтай үүсчихсэн байна. Үүний нэг жишээ, дархлаажуулалтын хяналтын ажлыг ахалж байгаа хүний хувьд вакцинуудыг төрлүүдээр нь аваад үзвэл Синофармын Веросел вакцин хийлгэсэн хүмүүс хамгийн бага халдвар авсан байна. Энэ тоо баримжааг харахад, хийгдсэн вакцинуудын дунджаар 0.34 хувьд нь халдвар авсан байх жишээтэй. 1000 хүн дотроос 34 нь халдвар авсан байна. Энэ бол дундаж тоо. Тиймээс вакцинжуулалтад хамрагдах нь маш чухал.

Түүнчлэн эхний тунгаа хийлгэсний дараа дархлаа үүсч байгаагийн нэг гэрч. ГХЯ, ЭМЯ, УОК, Сангийн яам өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Би энэ улсуудыг буруутгахгүй. Байнга имэйл бичиж, тэнд байгаа Элчин сайдын яамуудаа ажиллуулж байна. Тиймээс хэн нэгнээс буруу хайх нь зохимжгүй.

Эхний тунг хийлгээд халдвар авсан хүмүүс нэмэгдсээр байна. Вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авахад бүр хүнд тусч байна гэх зүйлс яригдах юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Харин ч эсрэгээрээ. Вакцины эхний тунг хийлгэсэн хүн халдвар авлаа гэхэд маш хөнгөхөн тусч байгаа.

Хөл хориотой уялдуулаад дархлаажуулалтыг нэмэгдүүлнэ гэх ойлголт байсан ч өдгөө вакцин хүрэлцээгүй улмаас хоёр дахь тунгаа хийлгэх өчнөөн хүмүүс хүлээлттэй байна. Тэд халдвар авах эрсдэлтэй бүлэгт байсаар байдаг. Тэгвэл эндээс хоёр дах тунг яагаад хадгалж болоогүй юм бэ гэх асуулт гарч байна л даа.

-Энэ сарын 23-нд манайд вакцин ирнэ гэсэн мэдээлэл байна. Вакцин худалдан авах гэрээ хэлэлцээр хийгдсэн. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгч талаас нийлүүлэлт дээр удааширч байгааг ойлгох хэрэгтэй. БНХАУ-ын төрийн өмчит синофарм компанийн вакцин маш сайн байна. Тиймээс худалдан авах хүсэлт илгээж буй улс орон ч их байна.

Хувийн хэвшлийнхнийг вакцин оруулж ирэхийг төр дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хувийн хэвшилд вакцин авчрах зөвшөөрөл хэр өгч байгаа вэ?

-Төр хувийн хэвшлийнхнийг дэмжиж байгаа. Вакцин оруулж ирэх зөвшөөрлийг нь хангалттай өгч байгаа. ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн, шаардлага хангасан үйлдвэрлэлээс гэрээ хийгээд авчихвал бид худалдаад ч авъя гэж байгаа юм. Учир нь дэлхий дээр вакцины хомсдол байгаа учраас энд тэндээс олоод ирэх боломжтой. Спутник вакциныг хувийн хэвшил оруулж ирсэн. Тэд хоёр дах тунгаа хадгалж байгаа. Энэ вакцины нэг дэх тун, хоёр дахь тун нь өөр өөр. Харин Синофарм ялгаагүй ижилхэн.

Энэ удаагийн хөл хорио хэр үр дүнтэй байх бол?

-“Нэг өрх-Нэг шинжилгээ” -ний дараа вакцин хийж эхэлсэн. Ингээд маш их тайвшрал бий болсон. Тэр тайвшрал иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сулруулах, олон нийтээрээ бөөгнөрөх, удаан уулзаагүйгээсээ болоод уулзаж цуглах, хамгаалалтын дэглэм алдах асуудлууд байна. Хөл хорио халдвар тархалтын хурдыг сааруулж өгсөн. Халдвар тархаж байгаа хурд удаан, вакцин хийж байгаа явц хурдан бол вакцинжуулалт амжилттай болно. Бид дархлаажуулалтын процесс хийсэн ч гэсэн тэр өдөртөө халдвар алга болохгүй. Вакцин хийлгэвэл шууд халдвар авахгүй байна гэж байхгүй. Вакцин хийлгэсэн тохиодолд халдварыг арай хөнгөн тусч байна. Вакцин хийлгэсний дараа 14 хоногийн дотор дархлаа бүрэн тогтож байгаа. Сүүлийн үеийн судалгааг харахад дархлаа маш сайн тогтож байна. Ялангуяа мутацид орсон вирусүүдийн эсрэг одоо хийж байгаа вакцинууд хангалттай хамгаалж чадаж байна гэдэг сайн мэдээ байна. Хүний дархлаа хоёр янзаар үүсдэг. Шингэний дархлаа, эсийн дархлаа гэж. Шингэний дархааг бид үүсгэж байгаа юм. Харин эсийн дархлаа үүсч бүр насан туршийн дархлаа үүсч байхыг үгүйсгэхгүй талаар судалгаа хийгдээд явж байна. Эндээс юу гэж дүгнэж байна гэхээр мутацид орсон вирусийн эсрэг одоо хийгдэж байгаа бүх вакцинууд хамгаалж чадаж байна. Өмнө нь анагаах ухаан хүчтэй хөгжөөгүй байхад цар тахал дууссаны дараа вакцин гаргаж авдаг байсан бол одоо дэгдэлттэй явж байхад нь вакцин үйлдвэрлэж байна. Энэ бол технологийн том дэвшил. Эрүүл мэндийн салбар асар их ачаалалтай байгаа учраас хөл хорио тогтоогооч гэх саналыг мэргэжилтнүүд шахаж байгаа. Үнэхээр ачаалал маш их, нөөц ч шавхагдаж байна. Нийлүүлэлт цөөн байгаа учраас байгаа вакцинаа ямар ч гэсэн таслахгүй үргэлжлүүлээд вакцинжуулалтаа хийж байна. Халдварыг бууруулах зорилгоор яалт ч үгүй хөл хорио тогтоолоо. Вакцин тарих хурд халдвар тарж байгаа хурд урвуу хамааралтай байх ёстой. Халдвар тархаад байхад араас нь вакцин хийх гээд байвал өвчин тархаад бүр вакцинжуулалтаа хийж чадахгүй болно. Хөл хорио тогтоож халдвар тарах хурдыг бууруулаад вакцинаа хийх гэж байна. Вакцинжуулалт хангалттай биш учраас мэлхийн хурдаар явж байгааг ойлгох хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжээд эхэлсэн. Улс, хувийн гэлтгүй эмнэлэгт даатгалын сангаар дамжуулж эмчилгээ хийх боломжтой болж байна. Гэхдээ улсын эмч нар хувийн эмнэлэгт очиж хагалгаа хийдэг. Энэ байдлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Үйлчлүүлэгчээ татахын тулд өрсөлдөөн явна. Хувийн эмнэлэг сайн эмч ажиллуулахын тулд өндөр цалин амлана. Тогтвортой ажиллуулна. Даатгалын тухай хуулийн гол зүйл бол үнийн төлөөх, тендерийн төлөөх өрсөлдөөн биш, чанарын төлөө өрсөлдөөн болох гэж байна. Эрүүл мэндийн салбарыг жинхэнэ хүний төлөө салбар болгох гэж байна.