Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Астра бьюлдинг”-ийн талаар Мэргэжлийн хяналтын газраас ийм хариу ирлээ

“Өдрийн сонин”-ы сэтгүүлчид “Астра бьюлдинг” компанийн барьж буй барилгыг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт иргэн С.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн VIII хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 64 айлын нэг блок орон сууцны барилгын угсралтын зураг төсөл нь зөрчилтэй байгааг шалгалтаар тогтоосон тухай бичжээ. Улмаар зураг төслийн зөрчлийг арваннэгдүгээр сарын 31-ний дотор арилгуулах үүргийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгсөн байна. Зураг төслийн зөрчлийг арилгана гэдэг зургаа дахин зурна гэсэн үг. Зураг дахин зурна гэдэг дахиад шинээр барилга барина гэсэн үг. Тиймээс “Астра бьюлдинг”-ийн барилгыг бүрмөсөн зогсоож, борлуулалтыг түдгэлзүүлэх шаардлагатай байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн №02-03/3532 тоот албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт Барилгын төлөв байдлын тухай

Тус газарт “Өдрийн сонин”-ы газраас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 76 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02-01/441 дугаар удирдамжийн дагуу иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Өдрийн сонин”-ы байрны хойд талд байрлах “Тэлмэн констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 24,5х18,5 м хэмжээтэй 12 давхар зоорьтой үйлчилгээний 64 айлын 1 блок орон сууцны барилгын угсралт байдал, зураг төсөлд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шалгалт хийлээ.

Шалгахад “Сийз архитектс” ХХК-д боловсруулж хянаж баталгаажуулсан зураг төсөл. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн СБД/56/08 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 449 дугаар газар эзэмших захирамжтай, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 421/2013 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажил явуулж байгаа боловч урд талд байрлах “Өдрийн сонин”-ны байрнаас 8.4м байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилжилтын норм ба дүрэм” БНБД 30.01.04-ийн 2.11-д заасан /2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15 м-ээс багагүй дөрвөн давхар бол 20 м-ээс багагүй. Харин ийм барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 м-ээс багагүй байх ёстой. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын сууцны ба гал тогооны өрөө хооронд цонхоор нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд нарны гэрэлтүүлгийн нормын шаардлагад зохицуулан хоёр барилгыг хооронд нь ойртуулан байрлуулж болно/ заалтыг зөрчсөн байна.

Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр манай байгууллагад хариуг ирүүлэхийг мэдэгдье.

Хувийг: “Өдрийн сонин”, иргэн Л.Зундуй болон “Астра интернэйшнл” ХХК-д

НМХГ-ын ДЭД ДАРГА П.БАТ-ЭРДЭНЭ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хэн ч хараагүй үеийнхэн хийгээд хэтэрхий бөөцийлсөн үеийнхэн буюу Сурган хүмүүжүүлэх ухааны хоёр туйл

Вашингтон дахь манай тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ бичиж байна.

“Одоогийн хүүхдүүд яана даа” гэж бүр Аристотелийн үед л хэлдэг байсан юм гэнэ лээ. Тэр цагаас хойш үе бүрийн хувьд л дараахь үе нь улам л муудаад байх шиг санагддаг байж. Учирзүйн энэ дарааллаар бол өдийд хүн төрөлхтөн гээч бараг мөхчихсөн байх байж л дээ.

Гэхдээ бас Аристотель хийгээд “Өнөө үеийнхэн ч дээ” хэмээн толгой сэгсрэгчдийн буруу ч гэж хэлэмгүй. Учир нь үе бүр өөр өөрийн онцлогтой, сайн муу талтай, авах гээхийн аль алинтай нь байдаг билээ. Энэ удаад өөрийн биеэр туулж, нүдээр үзэн өнгөрүүлж буй хоёр үеийг харьцуулан ярья. Гэхдээ “Өнөөгийн хүүхдүүд” гэж хүүхэд талаас нь биш, хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж буй эцэг эхийн талаас харьцуулна. Надад бол эсрэг тэсрэгийн хоёр туйл харагдаад байгаа юм.

Нэгэн зүйл. ХЭН Ч ХАРААГҮЙ ҮЕИЙНХЭН ХИЙГЭЭД ХЭТЭРХИЙ БӨӨЦИЙЛСӨН

ҮЕИЙНХЭН

Намайг багад эцэг эхчүүд социализм байгуулна, эх орныхоо төлөө ажиллана, дугаар таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлнэ гэж тэмцдэг байсан болохоос үр хүүхдэдээ цаг зав зарцуулж, сурлага сахилга нь юу болж байгааг сонирхож ч байсангүй. Өглөө найман цагт ажилдаа яваад л орой зургаан цагт ирнэ.Тэр хооронд хүүхдийнхээ хаагуур явж, хэнтэй нийлж, юу үйлдэж байгааг мэдэх ч үгүй, тоох ч үгүй. Тийм учраас л энэ үеийг “Хэн ч хараагүй үеийнхэн” гээд байгаа юм. Хэн ч хараагүй үед хүүхдүүд өдөржингөө юу хийх вэ. Ёстой л өөрсдөө бодож олно шүү дээ. Тээр жил Блүүмингтон хотноо болсон нэгэн яриаг сонирхуулбал, бидний өдрөө хэрхэн өнгөрөөдөг байсан дүр зураг тодрох байх.

Золоо гэж XXI зуунд хүмүүжсэн багавтар залуу байх. Түүнээс арай ах Билгээ, мань эрд багадаа Монголд хэрхэн тоглодог байсан тухайгаа ярьж, айлгаж байх юм. “Бид нар мэлхий барьж аваад бөгс рүү нь дэрс чихэж үлээж түмбийлгэсээр байгаад хага авдаг байлаа ш дээ”.Золоо бүр айчихсан “Пээ” хэмээн дуу алдана. Үүнийг сонсож суусан Баяраа ярианд оролцов. Билгээ бол 90-ээд оны эхээр тоглож өссөн гуч гарч яваа залуу. Харин түүний дэргэд Баяраа 80-аад онд тоглож өссөн дөч гарсан ах л даа. “Сүрэг тагтааг хооллож байхад нь гэнэт гагнуурын төмөр шидэхээр дэрх гээд л ниснэ. Гагнуурын төмөрт найдвартай хоёр нь сүлбүүлээд л цустайгаа унаад ирдэг юм”. Эхний хоёр хоёулаа зэрэг дуу алдав.

“Энэ юу ч биш” гэсээр ярианд оролцож эхэлсэн хүн бол 70-аад оны хүмүүжигч, 50 дөхөж яваа Ганбаа байв. “Дарханд бид нар муурыг барьж аваад шалба норгоод байрны гал хамгаалагч руу шидчихдэг байсан юм. Тогтой шийтэнд муур наалдчихаад, гал авалцаад л, муухай орилоод байна. Тэгсээр байгаад хав хар юм унадаг юм”. Ганбаагийн үе тэнгийн Тулгаа дэргэдээс нь ярьсан нь: “Улаанбаатарынхан ч бас зүгээргүй ээ. Муур их зэвүүн, яаж ч шидсэн хөлөөрөө л унаад байна.Тэгэхээр нь бид нар есөн давхар дээр гарч байгаад, хөлийг нь биетэй нь даруулж сониноор ороогоод “Одоо хөлөөрөө буухыг чинь харъя” гээд шидчихдэг байлаа. Унангуутаа босч хэд алхаад л буцаад уначихдаг юм. Дотуураа цус алдаад үхэж байгаа нь тэр”.Ганбаа бас доор нь орсонгүй, бүр өрсөлдөх янзтай үргэлжлүүлэв. “Дархан анх босч байхад барилгын шавар цемент их байлаа. Муурыг зуурмаг цементэд биеэр нь хийгээд толгойг нь гаргаад амьдаар нь хатаачихдаг юм. Тэгж байтал золбин, өлөн ноход тал талаас нь ирээд арр, хурр гээд л толгойг нь тал тал тийш нь тасар татаад явчихна даа”. Энэ удаад хөөрхий нөгөө XXI зууны хүү Золоо царай нь цайчихсан “Одоо больё оо” гэж хашгирч билээ.

За тэгээд л иймэрхүү л “тоглоомоор наадаж” байгаад л эцэг эхээ ирэхээс өмнөхөн нь гэртээ ороод, томоотой царайлаад сууж байна шүү дээ. Өнөөдүүл маань мэдэх ч үгүй, яг юу юу хийв гэж нэг их сонирхож асуугаад ч байхгүй.Асуусан ч тэр бүгдээ тоочих ч үгүй.

Ийм аймшгийн тоглоомтой байсан ч хэн ч хараагүй үеийнхэнд бас сайн тал байна аа. Ийш тийш ганцаараа явж үзнэ, элдэв юмны учрыг олох гэж өөрөө л оролдоно.Сайндаа л найзуудаасаа асууж тусламж авна. Эцэг эхээс илүү ах эгч зөвлөн тусална. Тэд чинь бас үнэндээ бол хүүхэд л шүү дээ. Тэгсээр байж сүрхий бие дааж сурдаг байж.”Бор зүрхээрээ” хүн болно гэдэг нь тэр.

Одоогийн хүүхдүүд тэгтэл их өөр. Эцэг эх нь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, гараад ирэхээр нь яг отож байгаад тосоод авчихна.Дэлгүүр хоршоо ч барагтай бол явуулахгүй. Хөтөлж аваад л яваад байх. Бяцхан хүүхдийг бол тоглоомын талбайд ганцааранг нь тоглуулахаа ч больж. Барьж байгаад гулсуулж байна. Бүдрээд уначих вий гэж яг ард нь дагаж явна. Сайн юм нь мэдээж хүүхэд айх аюулгүй, бэртэх эрсдэлгүй өсөж байгаа байх. Гэтэл 18 нас хүртэл нь араас нь таг дагаж, бүх юмыг нь бэлдэж өгсөн хүүхдээ амьдралын аюулт урсгал дунд гэнэт гаргаад “За амьдар” гээд тавихаар ер нь юу л болох бол доо. Уяанаасаа алдуурсан нохой мэт чавхдан одох бол уу. Хэт бөөцийлөн өсгөж буй та бидний энэ хүүхдүүд улс нийгмийг авч явах цаг нь ирэхээр хэрхэх бол. Та биднийг үгүй болсон хойно ухсан нүхэнд ч, амьдралын үлийд ч бүдэрч унахаараа өөрөө эргээд босоод ирж чадах болов уу.

Миний бодлоор бол бидний багынх шиг огт харахгүй хаячих ч хаашаа юм, одоогийнх шиг алхам бүрийг нь хянаад явах ч хаашаа юм, дундуур нь нэг эвтэйхэн биеийг нь даалгасан атлаа буруу тийш нь алдчихгүй л байлгах юм сан.

Нэгэн зүйл. АМЬД АМЬТАН ГЭЖ ТООГООГҮЙ ҮЕИЙНХЭН БА АМЬДРАЛ АСУУДЛАА ШИЙДҮҮЛСЭН ҮЕИЙНХЭН

Амьд амьтан гэж тоогоогүй гэхээр арай хэтрүүлж байна л даа, би. Амьд хүн гэж, хүн юм чинь юм боддог, сэтгэдэг, айдаг ичдэг гэдгийг нь авч хэлэлцээгүй л гэж хэлэх гэсэн юм. Бас нийтлэл маань хоёр өөр туйлын тухай өгүүлж байгаа болохоор иймэрхүү, хүчтэй туйлширсан өгүүлбэр хэрэгтэй байгаа юм, өршөөгөөрэй.

Ер нь бол ямар ч асуудалд хүүхдийн үгийг сонсоно гэж ойлголт байгаагүй юм. Хаашаа нүүх, хаана амьдрах, аль сургуульд явах гээд л бүх асуудал цаанаасаа шийдэгдээд л хүүхэд тэрийг нь дагах ёстой. Одоо тэгсэн яг эсрэгээрээ болж. Би маш олон танил, найз нөхдөө амьдралын нэлээд том асуудал дээр “Хүү маань, охин маань дургүй байна” гэсэн шалтгаанаар шийдвэрээ өөрчилж байхыг нь харлаа. “Нүүх гэсэн охин маань өөр сургуульд явахгүй гээд байна” гэх. Охин нь долоотой байх жишээтэй.Айл нүүх эсэхийг шийддэг долоон настай, мундаг том толгой ёо тэр.

Асуудал шийдэх, аливаад оролцох зэрэгт хүүхэд хамаагүй байж болно л доо.Гэвч хүүхдийн сэтгэлзүй, мэдрэхүй зэргийг жаахан ч гэсэн боддоггүй байж дээ гэж би хааяа боддог юм. Ганц жишээ дурдъя. Би хөдөө өссөн хүүхэд л дээ (ээжийнхээ дүүгийнд). Намайг мэдээ ороход л Халзаа гэж нэг үнээ байсан юм. Халзаадаа хайртай гэж жигтэйхэн. Тэгсэн нас нь болсон юм байлгүй, өнөөхийг чинь заазлах болжээ. Тэрийг нь би юу гэж л мэдээ аж. Тав, зургаатай байсан юм болов уу. Гол нь яг миний нүдэн дээр шил рүү нь хутга зоогоод л янзалдаг юм даа. Уйлаад байсан, том хүмүүс өхөөрдөх нь өхөөрдөөд, дооглох нь дооглоод байсан юм даг.Зургаан настай хүүхдийн нүдэн дээр хайртай үнээг нь эд бад хийж байдаг, бас арай ч дээ. Хөдөө бол тэр бол жирийн л амьдралын нэг хэсэг байсан хэрэг. Гэтэл тэр нь одоо болтол миний нүдэнд харагдсаар байдаг билээ.

Ингээд бодохоор тэр үеийнх шиг хүүхдийн сэтгэл зүй, зүрх сэтгэл, үзэл бодлыг огт тоохгүй байх ч хаашаа юм, өнөөгийнх шиг нүүх суух, шинэ тавилга сэлт авах, гэрлэх салах гээд хамаг асуудлаа нялх шахуу хүүхдээрээ шийдүүлээд байх ч хаашаа юм, хүүхдийн шийдэх ёстой зүйлийг өөрөөр нь шийдүүлээд, бас зарим хэрэгт, ялангуяа насанд хүрэгчдийн явдалд үл оролцуулаад явах нь зөв мэт.

Нэгэн зүйл. МЭДЭЭЛЭЛГҮЙ ХАРАНХУЙ ӨССӨН ҮЕ ХИЙГЭЭД МЭДЭЭЛЭЛДЭЭ ПОЛОГТОН ЭЛИЙРСЭН ҮЕ

Бид бол мэдээлэл байхгүй, бас л харанхуй өссөн хүүхдүүд шүү. Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном ховор, эцэг эхчүүд нэг их тайлбарлаад өгөөд байхгүй, дандаа л нэг нэгэндээ элдэв сонин мэдээлэл дуулгадаг байлаа. Ихэнх нь оргүй худал.Жишээ татъя. “Хөлбөмбөгийн хаан алдарт Пелегийн нэг хөл хориотой юм гэнэ. Хэт чанга өшиглөдөг болохоор хорьчихсон юм байх. Тухайн үед нь сонирхож асуухаа ч ямар мэдэх биш, хориглосон гэхээр FIFA-гийн л шийдвэр байсан юм байлгүй. Нэг өдөр Бразил, Аргентинтай тогложээ. Аргентинийхан тэгсэн, сармагчингаар “батаарлуулж” гэнэ (орос хэлний “вратарь” гэдэг үгийг бид “батаар”, үйл үгийг нь “батаарлах” гэж хэрэглэдэг байсан юм). Сармагчин нэг ч гоол алддаггүй гэнэ шүү.Одоогийнхоор бол Нойер шиг л сармагчин байж л дээ.Штангныхаа (хөндлөвч мод) дэргэд самар цөмөөд л суугаад байх. Тэгээд бөмбөг ирэхээр ганцхан үсэрч барьчихаад л буцаад суучихна. Гэнэт Пелегийн уур хүрч, хориотой хөлөндөө байсан улаан уяаг тайлж нөгөө хөлөндөө уяж байгаад өшиглөөдөх сөн. Бөмбөг нь өнөө муу сармагчны гэдсийг цөмлөөд орчихсон дотор нь эргэлдэж байсан юм гэдэг”.

За тэгээд дээр нь нэмээд нэр бүхий алдарт эмэгтэй дуучныг “үүргэвч үүрсэн” Японы тагнуул гэж, Оросын хаалгач Лев Яшиныг гараа унжуулаад зогсохоор гар нь өвдгөө өнгөрдөг гэж, шөнө босч ирээд эзнээ алдаг улаан цув байдаг гэж, Брюс Лиг бартай зодолдож байгаад үхсэн гэж, Туул голд таван матар ирж хүүхэд барьж идсэн гэж, угаагаад пааран дээр хатаасан дотоожинд нь жоомны авгалдай орсноос болж жирэмсэн эмэгтэйгээс жоомон биетэй хүүхэд төрсөн гэж цуурдаг, цуу яриандаа итгэдэг байлаа. МУБИС-ийн ангийн найз, Сүхбаатар аймгийн охин ээж нь эрэгтэй хүүхдийн орсон жорлонд араас нь орж бие засвал жирэмсэн болдог гэж хэлж өгснөөс болж аравдугаар ангиа төгстөлөө түүнд нь үнэмшин, модон жорлонд орох гэж өчнөөн цагаар эрэгтэй хүүхэд орох эсэхийг харуулдан, айж ичдэг байсан тухайгаа ярьж байж билээ.

Тухайн үед хүүхэд байтугай томчуудын итгэж явсан энэ мэт ярианд одоогийн хүүхдүүд итгэх нь байтугай дооглон инээх байлгүй. Интэрнэт хөгжсөн, гүүглжсэн өнөө үед захын хүүхэд энэ бүхнийг худлаа гэдгийг гаргаад ирэх байх. Гэхдээ огт мэдээлэлгүй байсан бидний үеэс учиргүй мундаг болчихсон, цоорчихсон юм бас харагдахгүй юм. Юу гэхээр хэт их мэдээллийн эринд, хүүхдүүд аль ч төрлийн мэдээллийг шүүлтүүргүй авсаар байж, өнөөх авах гээ­хийн ухаан гээчийг умартдаг бололтой юм. Ялангуяа энэ их хүчирхийлэл, садар самуунтай холбоотой мэдээлэл, кино зэрэг хожмоо ямар нөлөө үлдээхийг хэн мэдлээ.

Эцэг эхчүүд ч тэр, ялангуяа бэлгийн боловсролын тухайд бидний үед ам ч нээдэггүй байсан бол одоо хүүхдүүдтэйгээ элдэв хангай юм ярьж, хэлэлцдэг, зарим нь бас хэтрэх тал руугаа ч санагдах юм. Миний үед эцэг эхийнхээ дэргэд “хайртай дуртай” гэсэн үг ч унагахаас эмээдэг байсан бол одоо залуу эцэг эхчүүд Нүүр ном зэрэг дээрээ “Манай охины анхны хайр нь энэ гэнэ ээ” гээд цэцэрлэгийн насны жаахан хүүгийн зураг тавьсан ч байх шиг. Ард нь тэгээд хэлээ гаргасан нэг тэмдэгт, доор нь эрхий хуруугаа гозойлгосон сэтгэгдлүүд.

Арван наймтай хүүхдэдээ хүртэл хүн хэрхэн жирэмсэлдэгийг хэлж өгдөггүй байсан бидний эцэг эхийн үе ч хаашаа, арав хүрээгүй хүүхэдтэйгээ анхны хайр яриад хэвтэх өнөөгийн төрх ч хаашаа, зохих мэдээллийг зохих цагт нь өгөөд, мэдээллийн харанхуйд төөрүүлчихэлгүй, мэдээж бас пологтуулчхалгүй л явах сан даа.

Нэгэн зүйл. БООЛ МЭТ ЗАРСАН ҮЕ ХИЙГЭЭД БОГД МЭТ ЗАЛСАН ҮЕ

Боол мэт гэж бас л арай хэтрүүлэн хэлж байна.Баянмөнх аваргын “Үгийн хүч битгий сулруулаад бай” гэдэг шиг л, жаахан чангахан хэлээд байгаа хэрэг. Ер нь бол бидний үед, ялангуяа над шиг айлын багууд биш айлын том хүүхдүүд бол маш их ажилладаг байж. Айлын том охин бол гэрийн хамаг ажлыг нугална. Гэр орноо цэвэрлэнэ, хоол цай хийнэ, дүү нараа асарна. Үр хүүхдийг хүмүүжүүлэх бол уг нь эцэг эхийн ажил гэж байгаа, тэгтэл айлын том хүүхдийн л ажил болчихсон. Өнөөх нь гэрийн хамаг хариуцлага, ажлыг нуруун дээрээ үүрчихсэн. Уг нь бол хөөрхий өөрөө бас хүүхэд юм байгаа юм шүү дээ.

Хөөрхий тэр үеийн тэгж их ажилласан хүүхдүүд одоо өөрсдөө эцэг эх болохоороо бага насаа санагалздаг уу, өөр шигээ болгомооргүй байдаг уу, үр хүүхдээ бурхан шиг л залчихсан. Энэ ч хүнддэнэ, тэрийг ч миний хүү чадахгүй гээд л урдуур нь орж хамаг ажлыг нь хийж өгөөд л. “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” гэдэг чинь уг нь гэрийн эзэн, айлын нөхрийг хэлдэг үг биз. Одоо бол эрх бяцхан үрс л ёстой “Хар гэртээ хаан” болж. Нэгдүгээр ангид орно, Ай-Под авч өгнө ч гэх шиг. Дөрөвдүгээр ангийн хүүхэд, зөөврийн тооцоолуургүй яаж болох юм бэ ч гэх шиг. Өнөөх нь тооцоолуур дээр нь өнгө дүрс нийлүүлэн унагадаг тоглоом тоглосон шиг.

Хэрээс нь хэтэрсэн ажил хийлгэн, амьдралын ачааг үүрүүлэх ч сайн юм биш, хэтэрхий их шүтэн толгой дээрээ залах ч сайн юм биш. Завсар зайгүй зараад байх ч сайн юм биш, заагаад уйлсан болгоныг нь авч өгөөд байх ч сайн юм биш. Хэр хэмжээнд нь таарсан хийж чадах ажлыг нь хийлгээд, насанд нь тохирсон тоглоом сэлтийг авч өгөөд явахад буруудахгүй мэт.

Гэх мэтээр бодоод суухад миний өөрийн өссөн үе хийгээд өөрийн минь хүүхдээ өсгөж байгаа үе хоёр, сурган хүмүүжүүлэх ухааныхаа талаас ёстой л нэг эсрэг тэсрэгийн туйл мэт.Багш жишээ нь миний үед бурхан байлаа. Багш юу л гэнэ, эцэг эх үнэмшинэ. Муу мэдээ дуулбал шууд ирээд маниусыг зодно. Хүүхэд юу ч гэж өөрийгөө өмөөрөөд нэмэргүй. Одоо тэгтэл багш нь хүүхдийг нь өөлөн, муулбал эцэг эхчүүд өөдөөс нь хүүхдээ өмөөрч хэрэлддэг, бас зарим нь чихэр жимс өгч аргалдаг болсон гэнэ дээ. Хэрэлдэх, аргалах ч яах вэ, хүүхдийн тань сурлага хүмүүжил юу сан билээ. Бас хайрлана гэдэг чинь шүтэн биширнэ гэсэн үг мөн үү. Нэг л их хүүхдээ биширсэн, магтсан улс.

Энэ нь бас бидний үед бүх юм сайн сайхан байсан гэсэн үг ч биш. Зарим хүн бүх юм нэг их сайхан байснаа учиргүй муухай болчихсон юм шиг, зарим нь яг эсрэгээр айхтар муухай байснаа гэнэтхэн сайхан болчихсон мэтээр яриад байдаг юм. Нийгэм, үе өөрчлөгдөнө гэдэг тийм амархан, сайн нь муу, муу нь сайн болчихдог, механик эд биш л дээ. Аль ч үед өөрийн гэсэн сайн тал, муу тал гэж бий. Жишээ нь хэн ч хараагүй, өөрсдөө өссөн бидний үеийнхэн бие сайн дааж сураад, нийгмийн эргүүлгэн дунд хөлөө алдчихалгүй явсаар ирсэн нэг хэсэг байхад бүтэхгүй найзууддаа уруу татагдан, буруу замаар явчихсан хайран сайхан залуус ч олон бий.

Харин чухам одоо, Богд мэт толгой дээрээ залсан, бүдрээд унахад нь газарт хүрэхээс нь өмнө татаад босгочихож байгаа, эцэг эх, эмээ өвөөгийнхөө хатуу хяналт, хараан доор гадаа тоглодог, эрсдэл мэдэхгүй бидний үр хүүхэд ямархуу улс болохыг өдгөө хэлэх эртдэнэ. Хориос гучин жилийн дараа л сайн муу нь мэдэгдэнэ биз ээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Бид амь дүйсэн орчинд ажиллаж байна

Дайны үеийн сурвалжлагчид амь дүйсэн нөхцөлд ажиллаж байсан. Харин бид заримдаа өөрсдийгөө фронтын сурвалжлагчид гэж бодохоор байдаг. Уржигдархан манай “Өдрийн сонин”-ы байртай хаяа нийлэн баригдаж байгаа “Астра бьюлдинг” компанийн барилгаас хавтан унаж, Дашчойлин хийд рүү урууддаг замаар явж байсан машины салхины шилийг хагалсан. Хүн өртөөгүй нь бурханы аврал гэл тэй. Хөршийн 13 давхар барилгын хананд “Аюултай орчин, болгоомжтой яв” гэсэн сануулга үзэгдэнэ. Барилга тойроод, автомашины замаас өөр гарцгүй тул баригдаж байгаа барилгын доогуур гарахаас өөр аргагүй. Зөвхөн сонины ажилтнууд төдийгүй хүмүүс байнга хөлхөж байдаг газар. “Дээрээс юм уналаа”, “Шороо, чулуу нурж ирлээ” гэж гомдоллосон хүмүүс ч орж ирдэг. Болгоомжтой явна гээд яалтай билээ. Заримдаа өмнө, хойно юм унаж л байдаг. Өртөөгүй нь зол гээд явна. Барилгаас үе үе тэнгэр нураад ирэв үү гэлтэй их дуу чимээ нүргэлнэ. “Цонхоор барилгын кран нураад орж ирж байгаа юм болов уу” гэж цочсон удаатай. Их дуу чимээнээс болоод хөл хүндтэй эмэгтэй ажилтнууд төрчих вий гэсэн айдастай үе ч байлаа. Дайны үеийн бөмбөгдөлтийн дараахь орчин төсөөлөгдөнө. Нуувчнаас цухуйж байгаа мэт гэтэх шахдаг үе ч бий. Сонины өглөөний ярианы үеэр заримдаа албаар төмөр нүдэж байгаа мэт их чимээ гарна. Бие биенийхээ хэлж байгаа үгийг амны хайрцгаар нь таамаглах, хашгирах шахам ярилцах нь цөөнгүй.

Бороо, цасны дараа цементлэг саарал, нялцгай шавар туучна шүү дээ. Хашааны булан, шон руу “сарьсан” гүнзгий ул мөр үлджээ. Мөсөн доширхуу юм харагдах боллоо. Бодвол энэ барилгынхан бие засах газрын асуудлаа шийдээгүй бололтой. Бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаад хоёр сар болж байна. Огт хариу өгсөнгүй. Байцаагч гэх нэг нөхөр ирээд, хэмжилт хийгээд буцсан. Төр төлөөлж байгаа энэ байгууллагын зүгээс өөр ямар ч үйлдэл хийсэнгүй өнөөдрийг хүргэлээ. Барилгын эздийн зүгээс хэлдэг үг нь “Наадах чинь том даргын байшин шүү дээ. Тоосгонд нь толгойгоо хагалуулчихгүй амьд байвал боллоо биш үү” гэж сүүлдээ дооглодог боллоо. Одоо бүр зарим нь энэ сэдвийг улстөржүүлээд эхэлсэн. Сөрөг хүчнийхний зүгээс манайханд хандаж байна аа. “Жил гаруйхны дараа сонгуулиар бид ялна. Манай намыг дэмж. Танайхыг дарчих шахаад босч байгаа наад байшинд чинь улс төрийн мөнгө орсон юм байна лээ. Бид эздийг нь улс төрөөс зайлуулж байгаад наад байшингийн чинь асуудлыг бүрэн шийдэж өгье” гэдэг болсон.

Ийм л нөхцөлд ажиллаж байна даа, бидний хэдэн сэтгүүлчид.

Б.ЯНЖМАА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Өнөөдөр эхийн ачийг хариулах өдөр

Өнөөдөр БУРХАН БАГШ ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ажээ.

Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөө 09.00-17.00 цаг хүртэл Бурхан багшийн чого хурна.
Цогчин буюу Очирдарийн дуганд 11.00-19.00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурах юм байна.
Энэхүү их дүйчэн өдрөөр эцэг, эхийнхээ ачийг санан санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж, баярлуулаарай. Мөн өөрсдөө ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа туслаж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдаарай хэмээн “Жавзандамба хутагт төвийнхөн” зөвлөж байна.

Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33-н тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эцэг, эх шиг ачтан үгүй. Ижий аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол ээж аавынхаа ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих юм байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Авлигачдыг шоронд явуулснаас алдсан мөнгөө олж авах нь чухал байна

Авлигатай тэмцэх үүргийг монголчуудын өмнө хүлээсэн газар бол АТГгэдгийг дээр, дооргүй мэднэ. Энэ байгууллага авлигатай яаж тэмцэж байгаагаа сүүлийн үед байсгээд мэдээлдэг болсон нь сайн хэрэг. Өнгөрсөн долоо хоногтгэхэд л АТГ-ынхан нийслэлийн прокурорын төлөөлөлтэй зэрэгцэж суугаад авлигатай хэрхэнтэмцэж байгаагаа мэдээлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт”Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал боллоо. АТГ-аастусгазрын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат тэргүүтэй хүмүүс оролцсон энэ хурлын үеэр яригдсан нэг статистикийг сонирхуулъя. АТГ 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлчихэж.АТГ-ынхныонцлоод буй зуугаад тэрбум төгрөг зөвхөн сүүлийн хоёр жилд илрүүлсэн хохирлын хэмжээ гэнэ. “Бид өмнөхөөсөө бараг арав дахин өндөр хэмжээнийхохирол илрүүллээ” гэж ирээд мэдээлнэ лээ.Ийм их мөнгөн дүнтэй хохирол илрүүлсэнд нь АТГ-т талархаж байна. Цалин, тэтгэмжээ тавьж хүчрэхгүй болтлоо хэцүүдээд байгаа ийм үед үүн шиг таатай мэдээ гэж хаана байхав. 123 тэрбум төгрөг бол их мөнгө. Энэ хэмжээний мөнгөн дүнтэй авлигын хэрэг илрүүлнэ гэдэг алга ташмаар мэдээ. Тэд сайн ажиллажээ.Эдийн засаг хүндхэн, ам.долларын ханш галзуурч байгаа иймүед 123 тэрбум гэдэг амь тариа болохоор мөнгө.

Гэхдээ энд эргэж харахаас аргагүй, хөндөж бичихээс боломгүй нэг өнцөг байна.АТГ 123 тэрбум төгрөгийн авлигын хэрэг илрүүлсэн мөртлөө дөнгөж есхөн тэрбумыг нь л олж авсан байх юм. Авлига авсан хүмүүсээр нөхөн төлүүлсэн мөнгө иймхэн байна гэдэг чамлахаар хэрэг. Уг нь АТГ-ын үүрэг бол авлигачдаас завшсан мөнгийг нь буцааж авч, төсөвт нэмэр болох. Яг одоо бол авлигачдаас зувчуулсан мөнгийг нь буцааж авах нь чухал болохоос шорон руу ачиххэнд ч хэрэгтэй шийдэл биш. Авлига авсан нөхөр шоронд, хөргөгч, зурагттай тусгай өрөөнд хэдхэн жил тухлаад гарах нь лав л ард түмэнд хэрэггүй.

Үнэхээр авлигаар тэгтлээ хөрөнгөжсөнийг нь тогтоочихсон юм бол улсад учруулсан хохирлыг нь төлүүлмээр байна. Энэ л АТГ-ын хийх ёстой ажил.Буцааж авсан мөнгөө төсөвт орлого болгож оруулж, тэр мөнгөөр нь хэдэн цэцэрлэг барьчихлаа гэж бодъё.Тэгвэл гэртээ хүүхдээ хараад орлогогүй суугаа олон ээж, аав ажилд орж амьжиргаагаа залгуулах чадалтай болно. Гэртээ цоожлогдож үлдсэнээс болж галд өртөж амиа алдсан хүүхдийн талаарх сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл цацагдахаа болино. Авлигачдаас төсвөөс хулгайлсан мөнгийг нь буцааж авах чухал болохоос шорон руу ачих нь чухал биш гэдгийг энэ мэт өчнөөн жишээгээр нотолж болно. Бидэнд, иргэдэд, Монгол Улсад мөнгө хэрэгтэй байна. Ингэж ажилла гэж л татвар төлөгчдийн мөнгөөр АТГ-ынхныг сард өчнөөн саяар нь цалинжуулан ажиллуулдаг.

АТГ-ын ажиллаж буй арга барилыг анзаараад байхад ингэх сонирхол ер нь л алга. Улстөрийн шоу маягийн зүйл ажиглагдах болсныг учир мэдэх хүн бүр хараад, анзаараад, эмзэглэж байгаагаа нуухгүй байна. Хэн нэгэн улстөрчид таалагдахгүй улстөрчийг авлигач гэж зарлаад шорон руу ачих нь л АТГ-ын арга барил болчихлоо. Дээр байгаа эрхмүүдийн хувьд эсрэг намаа намнах, дургүй улстөрчөө бүдрүүлэх арга хэрэгсэл нь АТГ болчихож. Уг нь улстөрчдийн зэвсэг, хэрэгсэл болох нь энэ байгууллагын үүрэг, зорилгобиш. Нийгмийг авлигаас цэвэршүүлэх, ард түмний татвараас бүрддэг төсвөөс эрх мэдэлтнүүдийн хулгайлсан мөнгийг буцааж олж авах л АТГ гэдэг байгууллагын монголчуудын өмнө хүлээсэн эрхэм үүрэг. Тэгэхээр одоо татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнож байгаа АТГ-д нэг том ажил үлдээд байна. Авлигаас болж123 тэрбум төгрөгийн хохирол илэрсэн нь үнэн л бол тэр мөнгийг олж авах тал дээр ажилламаар байна. Түүнээс биш хэн нэгнийг шоронд ачих ньбаялаг бүтээснийхээ хэрээр татвар төлж төрөө тэжээж буй эгэл жирийн иргэдэд ямар ч хүртээлгүй билээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Д.Адилхүү: Манай цонхноос дөрвөн метрийн зайд барилга барих гэж байна

Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулагдсанаас хойш нар харах эрх чөлөөгөө хасуулсан маш олон иргэн бидэнд хандсаар байна. Тэдний нэг нь Д.Адилхүү юм. Тэрээр Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, XI хорооллын тавдугаар байрны 38 тоотод оршин суудаг юм байна.

Та яагаад манай төрийн бус байгууллагад хандах болсон юм бэ?

-Би XI хорооллын тавдугаар байрны оршин суугч. Манай байрны урд талд “Бөмбөлөг” хэмээх хувийн цэцэрлэг барилга барих гээд айлуудын цонхыг хааж, хашаа барин, газраа ухчихаад байна.

“Бөмбөлөг” цэцэрлэг угаас манай байрны гуравдугаар орцонд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Цэцэрлэгийн удирдлага бүр долоон жилийн өмнөөс барилга барина гэж явж эхэлсэн. Тухайн үед оршин суугч биднээс зөвшөөрөл авах гээд л яваад байдаг байсан. Оршин суугчид ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлдэг байв. Түүнээс хойш таг чиг больчихсон. Оршин суугчид ч “Больчихсон юм байх” хэмээн хоорондоо ярилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн асуудал дахин яригдаж, цэцэрлэгийн удирдлагууд бүр хотын захиргаанаас зөвшөөрлөө авчихсан байна. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл даргын захирамжаар газрынхаа зөвшөөрлийг аваад, зураг төслөө хийлгэчихсэн байгаа юм.Барилгын ажил хэзээ эхэлсэн юм бэ?

-Энэ жилийн есдүгээр сараас эхлэн тойруулж хашаа бариад, газрыг нь ухаж эхэлсэн. Оршин суугчид бид эсэргүүцсэн. Учир нь нэг, хоёр давхрын айлуудын цонхыг бүрэн хаачихсан. Гэтэл цэцэрлэгийн удирдлагууд “Бид бүх холбогдох газрын албан ёсны зөвшөөрлийг авчихсан. Хотын даргын захирамж ч энэ байна” гээд хэдэн арван давхар бичиг цаас үзүүлсэн.

Оршин суугчид төрийн ямар байгууллагуудад хандсан юм бэ?

-Манай гэрийн цонх бүрэн халхлагдсан тул эхэн үед бид ганцаараа энэ талаар хөөцөлдөж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Анх Засгийн газрын иргэдийг сонсох утас “11 11” гэгч рүү утасдаж учир байдлыг хэлсэн. Гэтэл миний асуултын хариуд “Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байна. Гэхдээ та энэ байдлаа оршин суугчдын гарын үсэг болон иргэний үнэмлэхний хуулбарын баримттайгаар дахин хандаж болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь нэг давхрын арав гаруй айлын бүх хүний гарын үсгийг цуглуулаад явуулсан.

Тэгээд ямар хариу өгөв?

-“Албан ёсны зөвшөөрлөө авчихсан тул “Бөмбөлөг” цэцэрлэгийн барилга баригдах нь тодорхой юм байна” гэсэн хариу ирсэн. Энэ үед газар ухах ажил аль хэдийнэ эхэлчихсэн байсан тул оршин суугчид дахин гарын үсгээ зураад Э.Бат-Үүл даргад хандсан. Гэтэл тодорхой хариу өгөхгүй байсаар барилга эхлүүлэх зөвшөөрлийг нь өгчихсөн байсан.

Ингээд барилга бариад эхлэнгүүт зөвхөн нэг, хоёр давхрын арван хэдэн айл төдийгүй хоёр, гуравдугаар орцны 50 гаруй айл бүгд эсэргүүцэж эхэлсэн. Бид дахиад л хотын дарга Э.Бат-Үүл, ИХТ-ийн дарга Д.Баттулга, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нарт хүсэлт хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг болтол ямар ч амжилт олохгүй байна.

Шинэ барилга танай байрнаас хэдэн метрийн зайтай юм бэ?

-Айлуудын цонхноос дөрөв хүрэхгүй метрийн зайтай.

Барилга хэдэн давхар, ямар төсөвт өртөгтэйгээр баригдах юм бол?

-Энэ цэцэрлэг хоёр давхар, 835 сая төгрөгөөр баригдах юм гэнэ лээ.

Хэдийгээр хоёр давхар ч гэлээ нэг, хоёр давхрын айлууд бүрэн халхлагдаж байгааг дээр хэлсэн дээ. Гэтэл энэ байдлыг маань доромжилж байгаа мэт “Хотын ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтнууд “Хоёр давхар барилга айлын цонх халхална гэж байдаггүй юм” гэж хүртэл хэлж байгаа юм.

Одоо барилгын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Барилга барих гээд газраа ухаж байтал дулааны шугам гараад ирчихсэн. Үүнийг ч бас Дулааны шугам, сүлжээний газраас асуухад “Хоёр жилийн өмнө “Бөмбөлөг” цэцэрлэгийн удирдлагууд зөвшөөрлөө авчихсан. Гэхдээ одоо техникийн нөхцөл нь дууссан. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд хэрэв барилгаа баривал дахин техникийн нөхцөлөө боловсруулж зөвшөөрөл авах ёстой. Ингэхдээ дулааны шугамыг доод тал нь таван метрийн зайд зөөж байрлуулах ёстой” гэсэн хариу өгсөн юм.

Одоо бол барилгын ажил зогсчихсон байгаа. Миний бодлоор аравдугаар сараас тавдугаар сар хүртэл халаалт ирчихдэг учир дулааны шугам, сүлжээний ажил хийдэггүй. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд үүн дээр гацчихаад, барилгаа эхлүүлж чадахгүй байгаа болов уу. Оршин суугчид бидний хувьд энэ хугацаанд амжиж, зөвшөөрлийг нь хүчингүй болгох талаар хөөцөлдөж байна. Яг энэ үед танай сонин “Цонхоо нээцгээе” хөдөлгөөн өрнүүлж байгааг сонсоод танайд хандсан юм. Ийм том хэмжээний сонин, энгийн иргэдийнхээ төлөө тэмцэхээр болсонд танай хамт олонд маш их талархаж байна. Бид яг үнэнийг хэлэхэд одоо хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна.

Та дээр хэлэхдээ оршин суугчид зөвшөөрсөн учир төрийн байгууллага зөвшөөрөл олгосон тухай ярьсан. Үнэхээр зөвшөөрсөн болоод л ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-Бид тэр гарын үсэг зурсан бичгийг үзсэн. Оршин суугчидтайгаа ч уулзсан. Тэгэхэд “Бөмбөлөг” цэцэрлэгийнхэн тухайн хаяг дээр байхгүй хүний хуурамч гарын үсэг цуглуулсан байна лээ. Үүнд бид гайхаж байгаа. Яагаад төрийн байгууллага нь үүнийг нягталж болоогүй юм бол. Хорооноос нь утсаар асуухад л тавдугаар байрны тэдэн тоотод, тийм хүн суудаг гээд л хэлнэ шүү дээ. Үүнийг цэцэрлэгийн эрхлэгч н.Отгонжаргалд хэлэхээр “Танайд ийм хүн байсан шүү дээ” гээд улайм цайм худлаа хэлж байна лээ.

Ер нь энэ барилга хотын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон, албан ёсны зөвшөөрөлтэй юм биш үү?

-Орчихсон. Гэхдээ айлын цонхноос дөрөв хүрэхгүй метрийн зайд барилга барьж болно гэсэн хууль манайд байдаг юм уу. Барилгын тухай хуульд дөрөв хүртэл давхар барилга хамгийн доод талдаа 15 метрийн зайтай байх ёстой юм билээ.

Тэгвэл анх жижиг газар аваад, барилга барихдаа томруулчихсан болж таарах нь ээ дээ?

-Тийм болж таарч байна. Анх 285 мкв талбай авсан юм билээ. Тэгснээ бид цэцэрлэгийнхээ гадаа ийм зүлэг, ийм мод тарина гээд газар нэмж авсан байгаа юм.

Нөгөө талаас бодоход хүүхдийн цэцэрлэг ховор үед цэцэрлэг барина гэдэг гэгээтэй зүйл биш үү?

-Одоо энэ цэцэрлэгт арав хүрэхгүй хүүхэд сурч байгаа. Цэцэрлэг барьчихвал хорооны хүүхдүүдийг хөнгөлөлттэй суралцуулна гэж байгаа. Гэхдээ ямар төрийн цэцэрлэг биш дээ, хувийн цэцэрлэгт хэдий олон хүүхэд явах билээ. Магадгүй оршин суугчдын таамаглаж буйгаар энэ барилгыг эхлээд цэцэрлэгийн зориулалтаар барьчихаад нэг, хоёр жилийн дараа ямар ч зориулалтаар ашиглахыг хэн мэдлээ.

Цонхыг маань халхалж барилга барьснаар зөвхөн бидний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй эдийн засгийн хувьд ч хүнд байдалд оруулж байгааг хэлмээр байна. Одоо ингэж цонхоо халхлуулсан үл хөдлөх хөрөнгийг цаашид хэн худалдаж авах юм бэ. Энэ талаас нь бодсон ч жирийн иргэд биднийг маш хүнд байдалд оруулж байна.

Т.ГЭРЭЛМАА

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Мөнгө өгч газрыг нь авсаар нар харах эрхгүй болгожээ

Олон улс судлалын сургууль баригдаж буй барилга хоорондын зай ийм байна

Манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус бай­гууллагын “Цонхоо нээе” булан­гийн энэ удаагийн онцлох сурвалжлагаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу Олон улс судлалын дээд сургууль болон “Бага тойруу”-гийн 47 дугаар байрны орон сууцны айл өрхүүд цонхоо таглуулан, нар харах эрх чөлөөгөө хязгаарлуулаад байгаа тухай сурвалжиллаа.

Эдгээр хоёр барилгын цонхыг таглан барилга барь­сан компани бол “Гацуурт” компани юм.

Л.ЧИНБАТ МӨНГӨ ӨГЧ ГАЗРЫНХАА ХЭМЖЭЭГ ТОМСГОСООР БАЙЖЭЭ

Иргэдийн эрхийг зөрчиж цонхыг нь хааж барьсан энэхүү барилгыг 2008 оноос барьж эхэлжээ. Тухайн үед уг газарт ус, дулааны төв шугам буюу ЦТП барих гэж байсан аж. Уг ЦТП нь анх тус газрын хажууд буюу 47 дугаар байрны дор байсан бөгөөд нэг, хоёр давхрын айлууд өвөлдөө нэлэнхүйдээ цанд цохиулдаг зэрэг сөрөг зүйл гардаг байжээ. Тиймээс тус байрны оршин суугчид Мэргэжлийн хяналтын ерөн­хий газарт хандахад тус бай­гуул­лагаас барилгад суулт үүссэн зэрэг сөрөг үзэгдэл бий болж байгаа тул ЦТП-г барилгын гадна байрлуулах ёстой гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. Ийнхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт нэгэнт гарсан тул ЦТП-г байрны доороос гаргаж, урд талд нь, тусгай байр барьж байр­луулахаар болсон байна.

Үүнтэй зэрэгцэн Олон улс судлалын сургууль болон 47 дугаар байр хоёрын хооронд байсан нэг давхар, хуучны барилгыг “Опен хаус” компанийн захирал Д.Дорждагва гэгч “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад 55 сая төгрөгөөр худалдсан байна. Үүнээс өмнө буюу 2002 онд тус нэг давхар барилгын баруун талын 222 мкв сул газрыг Л.Чинбат дуудлага худалдаанаас худалдан авсан байсан бөгөөд уг газар нь барилга барихад хангалттай биш байсан учир ийнхүү Д.Дорждагваас нэмж газар авсан байгаа юм. Ингэж Л.Чинбат нийт 974 мкв газрыг эзэмших болсон бөгөөд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяраар 256 тоот захирамж хүртэл гаргуулж бүрмөсөн өөрийн болгон авчээ.

Ингэж ойр орчмынх нь газрыг бүхэлд нь авсныг тэр хавийн долоон байрны 199 өрхийн 1500 гаруй иргэн эсэргүүцэж, ус дулааны төв байгуулах газар хэмээн заргалдахад нь 67.4 мкв-ыг ЦТП барих зориулалтаар буцаан өгөхөөр 2010 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсэн байдаг байна. Ингэхдээ бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий ЦТП-ын барилга барих тухай төсөв нь хүртэл батлагдсан байдаг.

Уг маргаан үүгээр дуусаагүй бөгөөд Л.Чинбат нь дахин газраа томсгох тухай хүсэлт гаргаснаар 2011 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр 295 тоот захирамж гаргаж, газрын хэмжээг нь 0.043 га газар болгосон байх юм.

Ийнхүү төрийн бүх тогтоол шийдвэр мөнгөний хүчээр өөрийнх нь талд гарсан тул “Гацуурт”-ын Л.Чинбат нөгөө иргэдийн тэмцэн байж бариулахаар болсон ЦТП-ын газар дээр өдгөө 13 давхар барилга барьж байгаа бөгөөд ЦТП нь тус барилгын дор орсон байгаа юм. Энд нэг зүйл тодорхой бус байгаа ажээ. Учир нь зургаан давхар барилгын дор ЦТП-г байлгаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байтал “Гацуурт”-ын 13 давхар байрны дор бол болдог байдал анхаарал татаж байгаа тухай “Эрдэм СӨХ”-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбар хэлж байна. Тэрээр дээрх 13 давхар барилга барихаас өмнө ЦТП-г бариулахаар 2007 оноос эхлэн тэмцэж ирсэн хүн ажээ.

Н.Бумбар болоод тус байрны оршин суугчид өдрийн турш аль ч талаасаа нар үзэж чаддаггүй бөгөөд байрны орчимд тоглоомын талбай бүү хэл суух ч газар байхгүйг хэлж байлаа.

Н.Бумбар 2008 оноос эхлэн тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярт таван удаа, С.Батболдод зургаан удаа тус тус өргөдөл өгч байсан ч тодорхой хариу авч байсан удаагүй гэнэ. Оршин суугчдын хувьд “Нар харах эрх ч дүүрсэн хэрэг. Гагцхүү ус, дулаанаа л тасалдуулахгүй байх” юмсан гэж байлаа. Учир нь уг ЦТП-ээс тус хорооны долоон байр, таван дамжин хэрэглэгч байгууллага, 63 аж ахуй нэгж ус дулаанаар хангуулдаг юм байна.

Иргэдийн дунд энэ бүх маргааныг тухайн үед Нийслэлийн Захирагчийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Бат, Газрын албаны дарга Ц.Сандуй, Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар үгсэн хуйвалдаж газар зарснаар эхлэлтэй гэх нэгэн ч байна лээ.

Учир нь үүнийг Захиргааны хэргийн шүүхээс гурван ч удаа тогтоосон бөгөөд барилгын ажлыг албадан зогсоох захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдаас зогсоох тухай акт, дүгнэлтүүд удаа дараа гарч байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн нь үгүй юм.

Үүнийг одоогийн хотын дарга Э.Бат-Үүлд уламжилж, тэрээр газар дээр нь ирж танилцан “Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах жагсаалтын эхний тавд энэхүү “Гацуурт”-ын барилгыг багтаасан байна. Энэхүү захирамжийг нь хотын даргад сануулж, өнгөрөгч аравдугаар сарын 6-нд Н.Бумбар гуай Э.Бат-Үүл даргатай уулзсан байна. Гэтэл тэрээр байдлыг үзсэн даруйдаа буюу 2013 оны эхээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилж, уг барилгыг нураах асуудлыг даалгасан байна. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Б.Алтансүх, А.Алтанцэцэг, Д.Хан-Уул нар нь Хотын дарга болон мэргэжлийн байгууллагуудын удаа дараагийн шийдвэрийг үл хайхран “Гацуурт” компани хууль зөрчөөгүй” хэмээн мэдээлсээр байгаа гэнэ. Энэ байдлыг Э.Бат-Үүл дарга мэдсэн тул “Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг бүгдийг сольё. Миний танилцсан асуудлаас эсрэг зүйл ярьсныг олж тогтоон, эргүүлэн хариуг өг. Дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг санал болгоно уу” хэмээн Хууль эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэлдээ даалгасан байжээ. Гэтэл нөгөө С.Отгонгэрэл нь “Энэ байдлыг хянаж үзээд хариу өг” хэмээн Газрын албаны дарга Д.Нацагдоржид хариуцуулжээ. Өөрөөр хэлбэл, асуудал эргэн эргэсээр нөгөө л хууль бусаар газар олгосон газрын албандаа очсон байгаа юм. Өргөдлийнхөө араас ийнхүү уйгагүй хөөцөлдөж, хаана ямар албан тушаалтан дээр очоод гацчихсаныг хөөцөлдөж мэдсэн хүн бол дээр хэлсэнчлэн Н.Бумбар гуай юм. Түүний хэлснээр Э.Бат-Үүл дарга хэдийгээр асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа ч, түүний доод албан тушаалтнууд хууль хэрэгжүүлэхийн төлөө огт ажилладаггүй ажээ.

“Хүүхдүүдийн дээрээс кран унах аюул хэлж ирэхгүй шүү дээ”

Тус барилгын урд талд байрлах Олон улс судлалын дээд сургууль руу орлоо. Сургуулийн хойд талын хэсэг ямар ч гэрэл гэгээ алга. Цонхоор юм харах боломж огт байхгүйгээс гадна нарны гэрэл өдрийн турш үздэггүй гэсэн. Тус сургуулийн сургалтын албаны дарга Д.Нарангэрэлийн хэлж буйгаар “Гацуурт”-ын энэхүү барилга нь сургуулиас дөрвөн метрийн зайтай гэнэ. Энэ нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын тухай хуульд заасан барилга хоорондын зай 15-45 метрийн зайд байна гэсэн заалтыг илтэд зөрчиж байгаа юм байна.

Түүнчлэн 13 давхар барилгатай өндрөөрөө тэнцэхүйц кран угсраатайгаа байна. Тэрээр үүнийг “Өнгөрсөн онд манайд барилгын кран унаж, эрдэнэт хүмүүсийн амь нас хохирсон тохиолдол олонтаа гарсан. Энэ удаа ч гэсэн тийм байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Энд чинь олон мянган хүүхдүүд байна” гэж байлаа.

Тус сургуулийн удирдлагын хувьд барилга барихаар нүх ухаж эхэлсэн цагаас буюу 2008 оноос эхлэн тэмцэж байгаа. Гэсэн ч шат шатны байгууллага нь асуудлыг судалж байна хэмээн хугацаа хожсоор ийнхүү 13 давхар болтлоо өндөр болчихжээ.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Хамтдаа “Цонхоо нээх”-ийг хүслээ

Манай сонин “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага байгуулснаа өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Тус байгууллага нь цонхоо хаалгаж барилга бариулан, эрх нь зөрчигдсөн хүмүүст хэзээд нээлттэй ажиллах бөгөөд Үндсэн хуульд заасан эрхийнхээ төлөө хамтдаа тэмцэх зорилго тавьсан юм. Иргэд манай төрийн бус байгууллагад хандаж эхэллээ. Тэдний нэг бол Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу бидний нэрлэдгээр 120 мянгатын 14, 15 дугаар байрны иргэд юм. Иргэдийн хүсэлтийн дагуу манай сурвалжлах баг тус байрыг зорилоо.

Уг хоёр байрны өмнө “Т” хэлбэртэй барилга 2006 оноос эхлэн баригдаж эхэлжээ. Ингэхдээ голын нарийн хэсэг нь хоёр байрны дундуур орсон байдалтай байгаа юм. Дундуур орсон хэсэг нь хоёр давхар өргөтгөл маягийн барилга ч гэлээ 14 дүгээр байрны нэгдүгээр орц, 15 дугаар байрны дөрөвдүгээр орцны нийт 18 айлын цонхыг хаасан байна. Эдгээрээс 10 айл нь өдрийн турш нар үзэх ямар ч боломжгүй найман жил болж байгаа юм. Эдгээр 10 айлын төлөөлөл барилга баригдаж эхэлсэн үеэс тэмцэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийн ихэнх нь мохож байгаа сурагтай. Харин ганц, нэгхэн хүн л “Тууштай тэмцэнэ. Энэ барилгыг нураалгаж байж л сална” хэмээн хэлж байна. Тэд бол 14 дүгээр байрны Б.Түвшинбаяр, Ж.Лхамрагчаа нар юм. Бүсгүйчүүд барилга барих гээд хашаа барьж эхэлсэн цагаас эхлэн тэмцэж эхэлжээ. Тухайн үед настайвтар голдуу оршин суугчид тэмцэж байсан бөгөөд өдгөө тэдний зарим нь бурхан болж, зарим нь хэвтэрт орсон аж. Газар цөмлөн шороо ухаж байх үед тус байрны нэг хөгшин байрныхаа газрыг ухуулахгүй хэмээн овоолсон шороон дээр суухад нь хүнд даацын механизмын шанагаар сууж байсан шороотой нь хамт өргөөд хаячихаж байсан тухай тэд ярьсан юм.

Олон айлын эрхийг зөрчсөн энэхүү барилга нь “Адора” компанийн захиалгаар Солонгос улсын “Инкон” компанийн барьсан 12 давхар, зочид буудлын зориулалттай барилга юм. Тус барилгын ажил 2010 онд бүрэн зогссон бөгөөд дотоод заслын ажил нь дутуу байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл уг барилга цонх шил нь хагарсан байдалтай өдөр хоногийг өнгөрүүлжээ. “Адора” компани нь барилга бариулж эхэлснээс хойш гурван ч удаа зарагдаж байгаа бөгөөд анх газрыг нь өгч бариулсан хүн нь өдгөө УИХ-д сууж буй нэгэн гишүүний ойрын хамаатан гэсэн сургийг ч оршин суугчид дуулсан байна. Анх эзэмшиж байсан хүнээс хойш тус компанийг н.Анхбаяр, н.Ганболор зэрэг хүмүүс удирддаг гэсэн мэдээлэл авчээ. Гэхдээ тэдний хэлж буйгаар “Адора” компани нь Иргэний бүртгэлийн газарт ямар ч бүртгэлгүй юм байна. Шалгах ёстой төрийн байгууллагууд нь энэ компанийн нэр байхгүй, байгуулагдсан он, сар нь тодорхой бус гэх мэт шалтаг хэлэн цаг хождог. Энэ хооронд барилга баригдаад дуусдаг “жор” байдаг гэнэ.

Оршин суугчдын хувьд барилгыг бүтнээр нь, ядаж өргөтгөлийн хоёр давхрыг нураалгах хүсэлтэй. Тиймээс ч тэмцлээ эхэлсэн өдрөөс хойш төрийн шат шатны байгууллагад ханджээ. Тэмцлийн дүнд гурван шатны шүүхээс “Адора” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргад нураах үүргийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, 2009 оны зургадугаар сард ийнхүү шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан бөгөөд түүнээс хойш Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрчээ.

Дээрх хоёр байр нь “Оргил” СӨХ-нд харьяалагддаг. Оршин суугчидтай уулзаж ярилцаж байхад тухайн үед ажиллаж байсан СӨХ-ны захирлуудыг уг асуудлын гол буруутан нь гэж байна. Учир нь тэр үед захирлаар ажиллаж байсан Д.Аржав, түүний дараа ажлыг нь авсан н.Даваасүрэн болон нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Намуунбайгаль нар иргэдийн өмнөөс “Адора” компанитай гэрээ байгуулан барилга барих “зөвшөөрөл” өгчихсөн гэнэ. Ингэхдээ бид иргэдтэйгээ тохиролцсон хэмээн барилгын компанид хэлж, үүнийхээ төлөө 10 сая төгрөг авч байсныг оршин суугчид олж мэджээ. Бүр “Адора” компани Улаанбаатар банкинд тусгай данс нээж уг мөнгийг шилжүүлсэн ч тухайн үед тодорхойгүй шалтгаанаар 3.7 саяыг нь буцаан татсан байна. Харин үлдсэн мөнгийг нь байрны сантехникийн засварын ажилд зарцуулсан хэмээн хожим оршин суугчдадаа хэлжээ. Гэтэл оршин суугчид үүнийг шалгаад үзэхээр хийсэн засвар огт байгаагүй байна. Нөгөө талаас “Адора”-тай хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулж байсан Д.Аржав захирал нь нягтлан бодогч н.Намуунбайгалиа тэр долоон сая төгрөгийг авч Дархан яваад, ор сураггүй болсон гэж тэмцэгчдэд хэлдэг байна.

Энэ мэт шалтгаанаас үүдэн найман жил үргэлжилж байгаа хэрүүл, оршин суугчдын нар үзэж чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч байгаа шалтгааныг СӨХ-ын удирдлагуудаас үүдсэн хэмээн үзэх болжээ.

Өдгөө тус СӨХ-ны захирлаар Ц.Туяа гэх эмэгтэй ажиллаж байгаа боловч тэрээр ажлаа аваад удаагүй тул уг асуудлын талаар ямар ч мэдээлэлгүй хэмээж байв.

Харин оршин суугч Ж.Лхамрагчаагийн хувьд хамгийн доод давхарт байдаг тул өдрийн турш нар үздэггүй. Тэрээр эхэн үед гэр бүлийн хүнтэйгээ хамт эрхийнхээ төлөө тэмцдэг байсан ч нөхөр нь сэтгэл санааны дарамтаас болж хэдэн жилийн өмнө харважээ. Ж.Лхамрагчаа гуай “Энэ барилгын асуудлаас л болж гэр бүлийн хүн ийм байдалд орсон, энэ бүх хохирлоо барилгын компаниар төлүүлнэ гэвэл асар их тооцоо гарна” хэмээн ярьж байна. Тэрээр барилга хоорондын хоёр алхам зайг өдөр бүр цэвэрлэдэг аж. Энэ зай нь өнөөдөр хүмүүсийн бие засах газар, нохойн жогорхой “хадгалах” болжээ. Нар харахгүйн дээр ядаж ялгадасгүй байя гэсэн үүднээс ийн цэвэрлэгээ хийдэг болжээ.

Ж.Лхамрагчаа гуайг оршин суугчдын зарим нь буруутгадаг гэнэ. Учир нь тэрээр 2007, 2008 оны үед маш эрчтэйгээр тэмцдэг байсан ч барилгын компаниудтай тохиролцсоны улмаас дуугүй болж байсан удаатай аж. Түүнийг цөхрөлтгүй тэмцэж байсан учир “Адора”-гийнхан нэг өдөр дуудаж уулзжээ. Ингээд түүнд нэг сая төгрөг өгсөн тухай тэрээр хэлж байгаа юм. Гэтэл оршин суугчид буюу бусад тэмцэгчдийн зүгээс Ж.Лхамрагчааг 40 сая төгрөг авсан хэмээн АТГ-т өгч, шалгуулж байсан байна. Ж.Лхамрагчаа гуайн хувьд АТГ-т очиж, нэг сая төгрөг авсан гэдгээ хэлж байжээ. Амласан мөнгийг нь авсан шалтгаанаа тэрээр тухайн үед гэр бүлийн хүн нь харвачихсан, өөрийнх нь тархины судас нарийссан зэрэг хүндрэлтэй олон асуудалтай байсан тул авсан гэсэн юм. Түүгээр ч зогсохгүй түүнд байр өгье хэмээн “Адора”-гийнхны зүгээс хэлж байжээ. Тухайн үед тэрээр үүнийг ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн ч барилгын компанийн зүгээс дараа нь энэ талаар огт яриагүй байна.

Ийнхүү “Адора” компанийн хувьд оршин суугчдад тус тусад нь цөөн хэдэн төгрөг өгч, дотор нь маргаан үүсгэх байдлаар цаг хожиж байсан гэдгийг оршин суугч Б.Түвшинбаяр хэллээ. Тэрээр өөрийгөө харин нэг ч төгрөг аваагүй гэдгээ хаа ч бардам хэлнэ гэв. Ер нь өнгөрсөн хугацаанд албан ажилдаа явж байгаа юм шиг, эрхийнхээ төлөө тэмцэж байгаа хүн бол Б.Түвшинбаяр гэдгийг өнөөгийн СӨХ болон оршин суугчид нь хэллээ.

Сүүлд гэхэд өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзаж учир байдлыг танилцуулжээ. Түүнд “Барилгыг буулгахын тулд хажуугийн барилгуудад ямар нэг нөлөө байхгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын газраар шалгуулж байгаа. Энэ тухай ирэх долоо хоногт хуралдах ИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэнэ” гэсэн мэдээлэл өгсөн байна. Гэтэл түүнээс хойш 50 гаруй хонож байхад энэ талаар ямар ч ажил хийгдсэнгүй. Б.Түвшинбаяр дахин хандахад “Доод шатныхандаа үүрэг өгсөн, ажлын хэсэг байгуулсан” хэмээжээ. Гэтэл доод шатныханд нь энэ талаар хийсэн, мэдсэн зүйл огт байхгүй, өөрөөр хэлбэл, ямар ч хариуцах эзэнгүй байгаа тул тэрээр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан өргөдөл бичиж, асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүсчээ. Ерөнхий сайдын албан бичиг хариуцсан мэргэжилтнээс “Ерөнхий сайд уг асуудлыг хариуцаж, шийдвэрлэх субъект биш” гэсэн хариулт өгсөн байна.

Б.Түвшинбаяр өнгөрсөн хугацаанд үе үеийн Ерөнхийлөгч нарт хоёр удаа, Ерөнхий сайдад гурван удаа, Нийслэлийн Засаг даргад таван удаа тус тус хандсан ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй явсаар байгаа нь энэ ажээ.

Ийнхүү эрх бүхий шат шатны байгууллага, төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хандаад ч үр дүнд хүрч чадахгүй иргэдтэй уулзлаа. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд цөөн хэдүүлээ тэмцэж ирсэн. Өнөөдрөөс эхлэн манай сонины “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллагад нэгдсэнээр бидний дуу хоолой илүү чанга, илүү хол хүрэх болно. Амьсгал авах зайгүй болсон нийслэлийн орчинд ийм байдалтай олон хүн бий. Тэд бүгд бидэнтэй нэгдэнэ. Бид тэр хэрээрээ илүү хүчтэй болно. Ингэж Монголын хамгийн том хэвлэл “Өдрийн сонин”, жирийн иргэд хамтарсан тохиолдолд бид хамтдаа Цонхоо нээх болно.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

“Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллагыг байгуулахаар боллоо

“Өдрийн сонин”-ы байр­ны бүх цонхыг хааж “Астра интернэшнл” компанийн “Астра бьюлдинг” үйлчилгээ, орон сууцны барилга бариг­даад даруй дөрвөн сар болж байгаа тухай бид удаа дараа мэдээлж байгаа билээ. Тус барилгыг баригдаж эхэлсэн цагаас эхлэн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах бидний эрх зөрчигдсөн юм. Тиймээс ч манай байгууллагын зүгээс уг асуудлыг шалгаж нягтлан, шийдвэр гаргах түвшний төрийн бай­гуул­лагуудад шат дараал­ан хандаж ирлээ. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж, энэхүү орон сууц нь манай сонины байрнаас цонхтой талаараа найман метрийн зайд баригдаж байгаа нь Монгол Улсын барилгын тухай болон Орон сууцны тухай хуульд заасан “2-4 давхар барилга хоорондын зай хамгийн багадаа 15 метр байх ёстой” гэсэн зүйл заалт, дүрэм журмыг зөрчиж байгаа талаар хэлж, мэдэгдэн албан бичиг өгсөн билээ. Улмаар энэхүү хууль зөрчин барьж буй “Астра бьюлдинг” барилгыг нураах хүртэл арга хэмжээг авах шаардлага тавьсан. Гэтэл сар гаруйн өмнө ханд­сан энэхүү албан ёсны бичиг баримтын хариуг өнөөг хүртэл өгөхгүй байсаар байна. Бид­ний зүгээс долоо хоног бүр очиж, албан бичгийнхээ хариуг авахыг хүсэх болгонд “Танайхтай ижил олон барилга бий. Тэгээд ч танай хариуг өгөх хуулийн хугацаа болоогүй” гэсэн хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хот байгуулалтын хяналтын байцаагч н.Ганбат өгдөг юм.

Өчигдөр гэхэд түүнтэй уулзахаар Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газарт очсон боловч тус газрын барил­га хариуцсан бүх мэргэ­жилт­нүүд Мэргэжлийн хянал­тын ерөнхий газар дээрээ сургалттай байгаа гэх шалтгаанаар нэг ч хүн байсангүй. Ер нь энэ мэт байдлаар хариуцах төрийн байгууллага нь цаг хожиж өгч, энэ хооронд авлига өгсөн барилгын компани нь ажлаа үргэлжлүүлдэг жишиг манайд нэгэнт тогтсон бололтой.

Тиймээс бид эхлүүлсэн ажлын­хаа эцсийн үр дүнг үзэх зорилготойгоор “Өдрийн сонин”-ы хамт олон “Цонхоо нээцгээе” төрийн бус байгуул­лагыг байгуулахаар боллоо. Энэхүү байгууллага нь ажлын байр, амьдрах гэрийнхээ цонх, хаалгыг таглуулан барил­­га бариулж, эрх нь зөрчиг­­дөж буй хувь хүн, албан байгуул­лагуудад үргэлж нээлттэй ажиллана. Учир нь манай сонины байр бол уг асуудлын зөвхөн нэг жишээ билээ. Манайх шиг олон бай­гуул­лага, хувь хүн хаана хан­даж, асуудлаа хэрхэн шийд­вэрлүүлэхээ мэдэхгүй яваа. Эрхээ зөрчүүлсэн иргэд бид ингэж нэгдсэнээр тэмцлийн үйл ажиллагаагаа улам эрчим­жүүлэн шийдвэр гаргах түвшний төрийн бай­гуул­лагуудыг хариуцсан ажлаа хийхийг шаардаж, тус бүртээ тодорхой үр дүнд хүрэх юм.

Манай байгууллагын хувьд цонхоо таглуулсан талаараа шат дараалан холбогдох байгууллагад хандаж байгаа тухайгаа дээр дурдсан. Түүгээр ч зогсохгүй манай сонины зүгээс уг асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, Нийслэлийн ерөнхий төлөв­лөгөөний газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батчимэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хот байгуулалтын улсын ахлах байцаагч Б.Хашчимэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав, Монголын хуульчдын холбоо­ны гишүүн, өмгөөлөгч Ч.Баднай­нямбуу болон цонхоо таглуулан барилга бариулж буй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны “Олимп 9” байрны “Шилэн пирамид” СӨХ-ны дарга М.Алтанцэцэг болон тус байрны иргэд оролцож байсан билээ.

Энэхүү хэлэлцүүлэгт оролц­сон төрийн байгуул­лагуудын төлөөлөл, мэргэ­жилтнүүд тус байрыг хууль зөрчин барьж байгааг хүлээн зөвшөөрч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн шийдэлд хүрч байв. Гэтэл өнөөдөр асуудлыг яг шийдвэрлэх шатан дээрээ огт хэрэгжүүлэхгүй байгаа нь манай албан бичгийн хариуг өгөх­гүй байгаагаас харагдаж бай­на. Тиймээс манай “Цонхоо нээцгээе” төрийн бус байгууллага өөрийн болоод уг хөдөлгөөнд нэгдсэн хүмүү­сийнхээ эрх ашгийг хамгаа­ла­хын төлөө тууштай тэмцэх болно.

Т.ГЭРЭЛ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Алтанхуяг, Бат-Үүл нарын ангийн андууддаа анхааруулах нь

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар 1976-1981 онуудад МУИС-ийн Физикийн ангийг хамт дүүргэсэн байдаг. Тэгвэл тэдний ангийн андууд Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарт доорхи захидлыг илгээлээ.

УИХ-ын 2012 онысонгуу­лийн үр дүнд Ардчилсан нам нь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-тэй хамтарч гэрээ байгуулан Шинэчлэлийн Засгийн газрын байгуулан ажиллаж байгаа билээ. Сая­хан Засгийнгазрын гишүүн сайд нарын тоог цөөрүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж, Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг УИХ-аас шинэчлэн баталсан. Одоо УИХ-д нэр дэвшсэн сайд нарыг батлахаар тал талаас нь судалж, хэлэлцэж байна.

Нэгэнт Засгийн газрын бүтэц, сайд нарын тоо өөрчлөгдсөн болохоор УИХ-ын 2012 онысонгуулийн үр дүнд байгуулагдсан намуудын хоорондох гэрээнд өөрчлөлт орж таарна.

Одоо хамтран ажиллах гэрээгээ өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж, энэ ажлын хүрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн дарга Н.Энхбаяртай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гэтэл МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс хуурамчаар гэрээний хавсралт гэгчийг үйлдэж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан нь “Гал дээр тос нэмсэн” үйлдэл болж олон нийтийг төөрөгдүүллээ.

Манай ангийн Э.Бат-Үүлчэнэ хуурамч гэрээний хавсралтыг үнэн юм байна гэж итгэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг руу хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвгүй мэдээлэл хийсэн нь ангийн андынхаа нэр хүндийг унагах үйлдэл болов.

МУИС-ийн Физикийн ангийг 1981 онд төгссөн манай ангийнхан дотроос нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд, нөгөө нь Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаад ангийнхан чинь бахархаж явдаг.

Тэр дундаа Э.Бат-Үүлийг Монгол Улсын баатар болсонд манай ангийнхан туйлын их баяртай байдаг.

Бидний энэ бахархлын тухай саяхны “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт,”Ерөнхий сайдтай, Улсын баатартай Физикийн ангийнхан” гэсэн зураг хөрөгтэй том хэмжээтэй нийтлэл гарч, улс орон даяар тархаж , олон хүн уншиж, олон хүн мэддэгболсонбайх гэж бид боддог.

Манай Э.Бат-Үүл маань Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн хувьд ч, ангийн андын хувьд ч хэдийд ч Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж гэрээний талаар үнэн зөв мэдээллийг авах боломжтойбайсан. Гэтэл Э.Бат-Үүл та ангийн анддаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж, нэр хүндийг нь юунд унагах болов оо. Өдий насандаа аливаа асуудалд ул суурьтай хандаж, үнэн зөвийг магадласны дараа шийдвэрийг гаргадагнас баймаар гэтэл та хэтэрхий хөнгөн хандсан шүү.

Манай ангийн зарим нөхөд 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор таныг ийм мэдэгдлийг хийсэн байх гэж үзэх юм. Хэрэв тийм бол эрхэм анд миньМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа хол байна шүү!

Иймд Бат-Үүлээ болгоомж­гүй мэдэгдэл хийснийхээ төлөө ангийнхаа андаас уучлалт гуйх хэрэгтэй байх. Энэ гуйсан уучлалтаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулбал олон түмэнд ангийн дарга Н.Алтанхуягийн тухай зөв ойлголт хүрнэ шүү дээ.

Та хоёр маань төрийн өндөр дээд албан тушаалыгөөрсдийн нэр төр, боловсрол,улс эх орны хөгжил дэвшлийн төлөө хийсэн ажлын үр дүнд хашиж байгаа тул хэлэх үгтэй, нүдэндхарагдаж, гарт баригдахаар хийсэн ажилтай хүмүүс шүү. Үүнийг олон түмэн ч мэдэж байгаа байх.

Нэг ангийн найз, нөхдүүд чинь та хоёрын хооронд үүссэн үл ойлголцсон энэ байдлыг тал талаас нь авч үзэж, дараахь сэтгэлийн хэдэн үгээ илэрхийлэхээр шийдвэрлэлээ.

1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр та хоёр эсрэг зөрүүтэй санал гаргаад байгаа чинь муухай харагдаж байна шүү. Эхлээд дор бүрнээ хариуцсан ажил дээрээ амжилт гаргаж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх ажлыг хийцгээх хэрэгтэй байна. Та хоёр чинь нэг нам, нэг анги биз дээ. Эцсийн эцэст Монгол эх орныхоо том эрх ашгийн төлөө хамтарч ажиллах учиртай шүү.Иймд хурдан хугацаанд, харилцан ойлголцох хэрэгтэй.

2. Та нарын хоорондох энэ үл ойлголцсон асуудлыг нэг ангийн хоёр хүүхдийн хоорондын асуудал гэхээсээ илүү улс төр, улс орны эдийн засгийн асуудал гэж үзэж байгаа тул цаашдаа энэ маргаанаа зогсоох шаардлагатай.

3. Улс эх орны эрх ашгийн хувьд, ангийн андын хувьд ч та хоёр нүүр тулан уулзаж эв найрамдалтай гэдгээ олон түмэнд харуулах хэрэгтэй.

4. Ардчилсан нам нь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-тэй хамтран ажиллах гэрээгээ өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон тул Э.Бат-Үүл найз минь энэ ажлын хэсэгт орж ажиллан, өөрийн санал бодлоо тусгуулах ажил хийх хэрэгтэй байна шүү.

5. Бат-Үүл найз минь дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодож бай­гаа бол арай эрт байна шүү.

МУИС-ийг 1981 онд төгссөн Физикийн ангийн хамт олон