“Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар уламжлалт хоолны контент явуулж буй Т.Анандатай ярилцлаа.
-“Амттай карантин” шоуны талаараа сонирхуулахгүй юу. Яагаад ийм реалити шоу хийх болов?
-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. “Солонгон ааштын увидас” пэйж хуудаснаас олон контент, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг. Тухайлбал, Залуу гэр бүлд зориулсан “Гэр бүл”, “Жингийн бооцоо” зэрэг реалити шоу хийсэн. Харин гурав дахь контент нь гэвэл “Амттай карантин” юм. Дэлхий дахинд цар тахал тархсантай холбогдуулан магадгүй бидний амьдралд дахин давтагдашгүй энэ хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг асуудлыг эрэлхийлсэн. Мөн хөл хорионы энэ үеэр шим тэжээлтэй эх орныхоо баялгийг ашиглан дархлаагаа дэмжих боломжтой гэдгийг харуулахыг зорьсон.
– МУГЖ Н.Ариунболд, Яруу найрагч Ц. Хулан хоёр эрхмийг сонгох болсон шалтгаан юу байв?
-Дэлхийн улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн хоолны соёлтой байдаг. Тухайлбал, Итали, Ази, Дорно дахинд гэхэд өнгөлөг, амтлаг ургамлуудыг ашигладаг. Харин манай улсын хувьд нүүдэлчин ахуйн соёлд тохируулан жор гаргасан. үндэснийхээ хоолыг олонд таниулах, үндэснийхээ дархлааг сэргээж ард түмэнд дуу хоолойгоо хүргэх үүднээс энэхүү хоёр эрхмийг сонгосон. Мэдээж шууд сонгочихоогүй. Бид эр хүн гал тогооны өрөөнд байхдаа ямар зан ааш гаргадаг мөн зүгээр л энгийн байхаас илүү хөгжилтэй байлгах үүднээс Бооёо ахыг сонгож оролцуулж байгаа. Харин хоолны соёлыг анагаах ухаанаар, маш олон ургамлын орц найрлага болон Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж хоолтой холбож ярих тийм л чансаатай, чадварлаг хүн хэрэгтэй байсан юм. Энэ хүн бол яахын аргагүй яруу найрагч Ц.Хулан шүү дээ. Энэ эрхмүүдийг сонгосондоо бид маш их талархаж байгаа.
-2020 онд дэлхий дахинд онцгой, цар тахалтай жил болж өнгөрч байна. Таны ч хувьд бас нэлээд дуу шуугиантай болж өнгөрлөө?
-2020 онд маш их зүйл болж өнгөрлөө. Амьдрал ямар заавартайгаа ирдэг биш дээ. Харин хоол бол жортойгоо ирдэг гэж Бооёо ах маань нэвтрүүлгийн үеэр хэлж байсан. Амьдралыг яг тийм гэхийн аргагүй шүү дээ. Миний хувьд цаг үедээ тохируулаад аливаа зүйлийг хэрхэн эерэг болгох, бусдад яаж зөв үлгэр дуурайлалтайгаар даван гарах уу гэдэг шаардлага тулгарсан юм. Гэхдээ манай гэр бүл тэр бүх сөрөг зүйлийг сайн сайхнаар даван туулж чадсан.
-Та хоол хийхдээ уламжлалт хэв маягийг хадгалсан эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэдэг шиг санагдсан?
-Хоол гэдэг зүйл тэр чигээрээ тэжээхүйн ухаан. Өвдөхөөсөө өмнө хүн өөрөө өөрийгөө анагаах боломжтой зүйл бол эрүүл зөв хооллолтоор дархлааныхаа системийг дэмжих юм. Анагаах ухаанд тан барих, цай барих, хоол барих зэрэг соёл бидэнд өвлөгдөж ирсэн. Магадгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд энэ уламжлалаа сэргээхээс өөр аргагүй. Нүүдэлчин монгол гэдэг шүү дээ. Бидний өсөж торнисон зүйл удамшлын системд байдаг учраас бидэнд үндэсний өв соёл, үндэсний хооллолт эргээд нэхэгдэж эхэлж байгаа юм. Энэ бол бидний дархлаагаа сэргээх хамгийн том нөөц боломж юм.
-Таныг энэ чиглэлээр ажиллахад, хоолыг урлагийн хэмжээнд хийж харуулахад юу нөлөөлөв?
-Эмээ маань маш сайхан хийцтэй цай чанадаг. Өвөө маань олон талын мэдлэгтэй. Монголын хамгийн олон тан ургамлын ном гаргаж байсан. Мөн Өвөрхангай аймгийн хоёр музейг байгуулсан тийм л мундаг хүн. Би багаасаа л өвөө, эмээ дээрээ өссөн болохоор хоолны урлаг, хувцасны хэв маяг тэндэнтэй минь холбоотой байх. Хүн ер нь амьдрал ахуйгаасаа суралцаж түүгээрээ илүү том зүйлийг хийдэг шиг санагддаг. Хүүхэд насны минь дурсамжийн нэг хэсэг болсон тэр сайхан цайны анхилуун үнэр одоогийн миний амжилтад асар их нөлөөлсөн гэж боддог.
-Та зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөөч ?
-Хоолыг тохируулж идэхээс илүү хүний биед хэрхэн нөлөөлөх, түүнийг хэр хэмжээгээр хэрэглэх вэ гэдэг их чухал. Хүүхдээ бор хоолонд оруулах гэж байгаа бол эхлээд А, Е витамин, ясны шөл гээд кальциар баялаг хоол өгөх хэрэгтэй. Хоолны үндэс бол шөл. Сайхан шөл гарсан ямар ч хоол хүний биед амин дэм болдог. Тиймээс хоолыг зөв сайхан гэхээс илүү тунг нь тааруулж идэх хэрэгтэй. Элдэв янзын зүйл хэрэглэхгүйгээр хоолондоо шөл гаргаж сурахыг зөвлөж байна.
-Мацаг барих нь нэг хэсэг моод болсон шүү дээ. Та үүнийг хэр үр дүнтэй гэж боддог вэ?
-Мацаг барих гэхээс илүү хий, шараа тэнцүүлэх хэрэгтэй байх. Удаан хугацаанд тэжээллэг хоол хүнс хэрэглэхгүй байх нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг учраас би мацаг барьдаггүй. Хүмүүс өөрсдийнхөө мэдлэг боловсролынхоо хүрээнд ходоодоо цэвэрлэх зорилгоор мацаг барьдаг байх. Би энэ тал дээр хүмүүс зөвлөгөө өгдөггүй. Мэдэхгүй зүйлээ хүнд зөвлөх чинь утгагүй шүү дээ.
–Таны хоолны жоронд эмийн ургамал, хүний биед хэрэгтэй амин дэм агуулсан бүтээгдэхүүн их байдаг. Ихэвчлэн хаанаас авдаг вэ?
-Манай монголчууд улаан идээг хоол хүнсэндээ ашигладаг. Харин зуны цагт цагаан идээгээ түлхүү хэрэглэнэ. Тал газар бэлчиж буй мал 300 гаруй төрлийн өвс ургамлыг иддэг. Тиймээс манай гэр бүл эх орныхоо хөрсөнд ургасан эмийн ургамал, талын цагаан мөөгөө голчлон хэрэглэдэг. Зарим хэрэгцээт ургамал, хүнсний бүтээгдэхүүнээ олон улсын тэмцээнээс ирэхдээ авдаг.
-Хөл хорионы үеэр гэр бүлийнхэндээ ямар хоол голчлон хийж өгч байна вэ?
-Цар тахал бүтэн жил үргэлжиллээ. Миний хувьд дээр хэлсэнчлэн тойг, булуу, мах, ясны шөл гээд олон төрлийн шөлийг тусгайлан бэлддэг. Үхрийн шийрээр царцаамаг хийнэ. Энэ нь хөлийн болон үе хоорондын шингэнийг нөхдөг. Булууны шөл кальци нөхнө. Тойгны шөл ядаргаа тайлдаг. Харин бүтэн хонины ясны шөлөөр хий хуйгаа дарж ядаргаагаа тайлдаг. Ихэвчлэн монгол хоолнуудаа гадаад салатаар баяжуулан хэрэглэдэг.
-Ер нь тогооч хүн их мяраалаг харагддаг. Та гоолиг байгаа нууцаасаа хуваалцаач?
-Яндан яс яргаа мах гэдэг шиг л удмаа дагаад туранхай байдаг байх. Манай гэрийнхэн дараалан төрсөн ч таргалж, тураад байдаггүй. Би төрснийхөө дараа гурилан бүтээгдэхүүн хэрэглээгүй. Шим тэжээл ядаргаагаа тайлах зорилгоор дандаа ясны шөл болон уламжлалт хоол хүнс хэрэглэсэн. Хамгийн гол нь би хийцтэй цай их уудаг. Үүнийхээ хажуугаар хөдөлгөөн хийнэ. Байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор өөх тосоо шатаачихдаг байх л даа.
–Хүн юу иддэгийг царайнаас нь харж болно гэдэг шүү дээ. Таны нүүр их сайхан гэрэлтдэг. Идэж буй хоол хүнстэй тань холбоотой байх?
-Идэж буй хоол хүнсээс маш их шалтгаалдаг. Хүнийг гаднаас харахад хэр их стресс, хэр их амьдралын шаналалтай, ямар хооллолттой вэ гэдгийг ер нь царайнаас л хараад мэдэж болдог. Тэр тусмаа ойр ойрхон төрсөн ачаалалтай ажилладаг эмэгтэйчүүд аль болох шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Эмэгтэй хүнд калоген гэдэг зүйл хэрэгтэй. Үхрийн шийрэнд калоген маш их агуулагддаг болохоор өдөр тутамд байнга хэрэглэдэг. Энэ миний нууц жор юм болов уу.
-Заримдаа танд олны танил бус энгийн байсан бол амар байж дээ гэж бодогдож байв уу?
-Би олны танил гэхээс илүүтэйгээр энгийн л амьдарч яваа гэж боддог. Нэг л буруу зүйл хийхэд бусдын өмнө шилэн хоргонд байгаа мэт тод харагддаг байх. Зөв зүйл хийж байгаа хүн олны хараанд нөлөөлөөд байдаггүй. Учир нь бусдад нөлөөлж байгаа болохоор надад тийм хүнд байдаггүй. Нэг хэсэг сошиалаар яригдахад олны танил биш энэ бүхэн ирээдүйд ямар их эерэг зүйлийг бий болгоно гэж бодоод даваад л гарсан.
-Цахим орчин аюултай гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
-Цахим орчин гэдэг XI зуунд телевизор, радио л гэсэн үг шүү дээ. Харин өдөр тутмынхаа хэрэглээнд яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг чухал. Ер нь зөв зүйлийг хэрхэн түгээх гэдэг хувь хүний бодол. Сайн сайхан зүйлийг түгээх тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Урам хугарахгүй байх хамгийн зөв зүйл бол хэнээс юуг ч хүлээхгүй байх. Тиймээс хамгийн сайхан зүйлийг түгээх боломжтой гарцыг би цахим орчин гэж бодсон. Цахим орчинд зөв цагт зөв үйлдлийг харуулж чадвал яг л арвай буудай мэт арвижих болно. Сайн сайхныг түгээх тэр гарц гаргалгааг л олох хэрэгтэй.
Д.Баттогтох