Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврийн орлого 52.1 хувиар нэмэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 102.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 41.5 (68.2 хувь) сая тонноор нэмэгдлээ.

Энэ өсөлтөд авто тээврээр тээсэн ачаа 36.9 (2.1 дахин) сая, төмөр замаар тээсэн ачаа 4.6 (16.7 хувь) сая тонноор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр 2023 онд 147 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оныхоос 705.6 (0.5 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Зорчигчийн тоо өсөхөд агаарын тээврээр зорчигч өмнөх оныхоос  87.7 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны сүүлийн улиралд, өмнөх улирлынхаас 2.3 (8.3 хувь) сая, зорчигч 2.6 (7.3 хувь) сая хүнээр нэмэгдлээ. Бүх төрлийн тээврийн орлого 2023 онд 6.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 2.3 (52.1 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд авто замын тээврийн орлого 1.5 ( 74.3 хувь) их наяд, агаа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Айлуудын архи дуусаагүй талаар амьтан ах дүүс ярилцаж байна DNN.mn

Өдрийн сонины архиваас……………..

Сар шинийн өдрүүд хуучраагүй, шинэлэгч олон ах дүүсийнхээрээ орж гарсаар, буузаа жигнэн идэж, боов боорцгоосоо нэг нэгэндээ хуваалцсаар буй өдрүүд үргэлжилж байна. Бас Гандан хийдийн үүдээр зайгүй, золголт үнсэлт ч дуусаагүй. Яг энэ өдрүүдэд онцолж чухалчилмаар зүйл байгаа нь сархад хэтрүүлэн хэрэглэж, агсан согтуу тавьж байгаа хүмүүс илэрхий бага болжээ. Монголчууд бид архийг бас ч гэж тааруулан хэрэглэж чаддаг болсон байна. Тэр жилийн шинийн өдрүүдээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэлцсээр байдаг ч шинийн 1-ний өдрөө нам согтож, тас унасан хүмүүс олон л байдаг байсан. Харин өнөө жил илэрхий багассан нь хүмүүст илт анзаарагдаж, өөр хоорондоо энэ тухай ярьсаар байна.

“Манайх өнөө жил задалсан ганц шил архиа дуусгасангүй шүү. Хүмүүс бүр архи уухаа байж. Ерөөсөө ёс болгож амсаад л гардаг болжээ”, “Хөдөө сумандаа очиход энд ч нэг, тэнд ч нэг унасан хүн байдаг байсан. Өнөө жил манай суманд ганц л хүн согтсон байна лээ. Хүмүүс бүр уухаа байжээ” хэмээн ярилцах нь сонстоно. Манай ажлын ахын ээж дээр жил бүрийн Цагаан сараар ирж золгохдоо чадвал нэг бүтэн, амжихгүй бол тал шил архи баараггүй цааш нь харуулдаг ах хүү байдаг гэнэ. Харин өнөө жил ердөө хоёр хундагыг л тогтоогоод “Илүү уухгүй. Шинэдээр архи уухгүй, муухай” гээд гараад явжээ. Ёстой л гайхсандаа хоёр нүд орой дээрээ гармаар л үйл явдал болж. Архинд живсэн монгол гээд л нэгнээ шүүмжлээд ч байгаа юм уу, цаашлаад дарвиулаад ч байгаа юм уу явж ирсэн монгол түмний архины тухай бодол үндсэндээ ихээхэн өөрчлөгджээ.

Зарим ахмад настнууд өнөө жил Цагаан сараар архи задлахгүй гээд сүү өргөж баяраа тэмдэглэсэн сурагтай. Тэгээд олон жил сурч ирснээ өөрчилж байгаа хөгшид ойр дотнынхноосоо “Хүүхээ, архи задлахгүй эвгүй байна уу” гээд сэм тандаад урмын үг хариуд нь сонсоод жигтэйхэн баяртай суусан талаар эргэн тойрны хүмүүс ярилцана. Үнэндээ ч хөөрхий, идээний дээж гээд сархад сөгнөөд ухааныг нь, биеийг нь балартуулаад гаргадагтаа ахмадууд ч зовниж явсан байх нь шүү дээ. Харин өнөө жил нэхэж уух нь ч багасч, шахаж уулгадаг нь ч өөрчлөгдөж уламжлалт баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглэж чадсандаа сэтгэл хангалуун хүмүүс олон байна. Зах зээлийн шуурганд хөл алдаж, хаа сайгүй хэрхэхээ мэдэхгүй явах үедээ гашуун ус ууж өөрийгөө хуурах явдал олон хүнд байсан. Нийгмээрээ нийтээрээ уугаад байгаа үед уруу татагдаж, бас өөрийгөө бусдын л жишгээр байгаа гэж андуурах хүмүүс ч олон байсан байх. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Шилжилтийн үеэ ч давж, бас амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн байна. Аль болох эрүүл зөв амьдралын талаарх үгс хүмүүсийн амнаас унаж эхэлсэн. Монголд хорт хавдрын өвчлөл өндөр. Тэр дундаа элэгний хорт хавдар хамгийн их хувийг эзэлдэг. Хавь ойрынхоо хайртай хүнээ элэгний хавдраар алдсан монгол хүн хаанаас ч олдоно.Харин элгийг гол гэмтээгч эд бол архи. Тиймээс энэ хар усны хар хорыг сэтгэл зүрхээ шархлуулан байж мэдэрсэн хүмүүс архийг үргэлжлүүлээд уугаад байхгүй нь ойлгомжтой. Ер нь монголчуудын архинаас зугтаж, архинаас аандаа холдож байгаад олон шалтгаан бий. “Бас нэгэн гол шалтгаан бол Архигүй Монгол болцгооё” гэж дээр, доргүй олон жил ярьсных яах аргагүй мөн биз ээ. Ерөнхийлөгч нь “Сүү өргөж амьдарцгаая” гээд баяр наадмаар сүү өргөөд эхлэхэд гайхашран хачирхах хүмүүс их байсан. Ямар ч утгагүй, сүү өргөөд зогсч байдаг гэж шүүмжлэх хүмүүс ч байв. Гэвч аливаа юманд хэн нэгэн эхлэлийг нь тавьж, сэдэл өгөх чухал байдаг юм байна л даа. Одоо хуримыг архигүй, Цагаан сарыг архигүй тэмдэглэнэ гэж байгаа хүмүүст тийм нэг гартаа барих, өмнөө хэлэх зүйлтэй болчихсон учраас тэдэнд ч амар хэвшил болоод явчихаж байх жишээтэй. Өнөө жилийн Цагаан сар ийм нэг сайхан, амар амгалан болж өнгөрлөө гэдгийг олон хүн хэлж байна.

Айл гэрийн хэн нэгэн нь архинд толгойгоо гашилгаж, эрүүл бус ухаанаар хандахгүй болохоор хэрүүл тэмцэл, зодоон цохион гэмт хэрэг ч багасах нь ойлгомжтой. Шинийн өдрүүдэд гэмт хэргийн тоо урьд өмнөхөөсөө илэрхий цөөн, багассан нь Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээс тодорхой харагдаж байна лээ. Зам тээврийн осол 50 хувиар, гэмт хэрэг 30 хувиар өмнөх жилээсээ буурчээ. Үүнд архи шууд нөлөөлж таарна. Цагдаагийн байгууллага ч тун сайн ажилласан гээд хүмүүс ам сайтай байна лээ. Сүүлийн жилүүдэд баяраар архи уудаг хүмүүсийн тоо багаслаа гээд л байдаг байсан. Өнөө жил бүр илэрхий, гарт баригдаж, нүдэнд харагдахаар анзаарагдаж байна. Ёстой л тооноос чанарт шилжинэ гэдэг л болж байна. Архи үйлдвэрлэж борлуулдаг компаниуд баярын үеийн борлуулалтаа олон жилийн дундажтайгаа харьцуулж гаргадаг бол сонин л үзүүлэлт гарах байх даа. Гэхдээ бизнесийн нууц энэ тэр гэхгүй бол тун таатай тоо гарна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оноос эхлээд архи, спиртийн үйлдвэрүүд манайд борооны дараа шаагитал ургадаг мөөгшиг нэмэгдэж эхэлсэн билээ. Бас манай төсөвт ч гол хөрөнгө татаж төвлөрүүлдэг компаниуд нь эд байсныг нуухын аргагүй. Харин сүүлийн үед тоотой, томоохон хэд нь үлдээд бусад нь эрхгүй цөөрч байгаа. Нэгэнт хүмүүс хэрэглэх нь багасаад эрэлт нь татраад эхлэхээр зах зээлийнхээ хуулиар зохицоод л явчихна. Хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт ороод эхэлж байгаа үед гаднаас хүчлэх ямар ч шаардлагагүй билээ. Сүүлийн үед яригдаад байгаа Архины зохицуулалтын тухай хууль гараад ирвэл асуудал үүсгэхийг үгүйсгэхийн аргагүй. Хуурай хууль гарах тусмаа далд бизнес цэцэглэж, асуудал босгодог гэлцдэг. Нэгэнт хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, эрүүл амьдрах хэв маягийг ойлгох байдал, цаг хугацааны өөрчлөлтөөр манайхны архины хэрэглээ эрс өөрчлөгдлөө. Харин үүнийг хуулиар нэмж зохицуулбал нэмээд нэрмээс болох аюултай. Тиймээс хууль санаачлаад, өөр хоорондоо лобби хийгээд батлаад явчихдаг төрийн түшээд өнөөдрийн нөхцөл байдал, амьдрал дээрх хөрсөө мэдрээд явчихвал болчихож байгаа нь тэр. Яг хүмүүс дундаа ороод явчихвал цаана чинь хүмүүсийн сэтгэлгээ өөр болсон шүү. Заавал уух архийг нь хэмжиж, тамхилах газрыг нь заагаад байлтгүй өөрчлөгдөөд байна. Хуулиар, хүчээр бүгдийг зохицуулах гээд байхаас сэдлээр, сэтгэлгээг нь өөрчлөөд байвал мал биш хүн хойно ойлгож л таараа. Цагаан сараар ард түмэн дундаа орж, хотын захын айл, хөдөө айлын хотонд очсон бол архи уугаад байдаг хүмүүс багасчээ гэдгийг анзаарч л таарна даа. Урьд нь хэдэн шилээр нь архиа нөөж аваад баярладаг байсан айлууд ганц гожингийнхоо ард ч гарч чадаагүй гэж байна шүү. Монголчууд бид өөрчлөгджээ. Сайн тал руугаа шүү. Архи уухаа багасч. Лав Цагаан сараар архины араас хөөцөлдөөд байдаг хүмүүс ховордсон байна. Айлуудын базаасан архи барагдаагүй талаар амьтан ах дүүс ярилцсаар л байна шүү.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

П.Баярцэнгэл: Би ёодлыг хэнээр ч заалгаагүй,“Youtube”-ээс сонсч байгаад л сурчихсан DNN.mn

Өдрийн сонины архиваас…

Залуу дуучин П.Баярцэнгэл ёодол хэмээх Швейцарийн язгуур урла­гийг Монголд нэвтрүүлсэн билээ. Ингээд түүнтэй ярилц­санаа хүргэе.


-Удахгүй олон улсын ёодлын урлагийн фестивальд оролцоно гэж сонссон. Ямар учиртай фестиваль вэ?

-Швейцарьт долдугаар сарын 2-нд олон улсын ёодлын урлагийн томоохон хэмжээний фестиваль болох юм. Энэ фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ёодлын урлагийг сонирхдог, уран бүтээл туурвидаг хүмүүс цуглана. Миний хувьд ийм том арга хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж оролцох урилга авсандаа баяртай байгаа.

-Фестивальд оролцох саналыг Швейцариас тавьж урилга ирүүлсэн гэв үү?

-Тийм ээ. Монгол дахь Швей­царийн хөгжлийн агентлагаас надад энэхүү фестивальд оролцох хүсэлт тавьсан. Мэдээж ёодлын урлагийг дөнгөж сураад, Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болгохыг хичээж яваа залуу уран бүтээлчийн хувьд энэ бол том боломж шүү дээ. Ёодлын урлагийг Монголд оруулж ирсэн анхдагч нь би. Өмнө нь манайд энэ төрлийн ганц ч дуу, клип байхгүй юм билээ. Тиймээс би энэ фестивальд өөрийн чадах бүхнээ харуулж, эх орноо сайхан сурталчлаад ирнэ гэж бодож байгаа.

-Ёодол гэхээр “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйн киноны дуу санаанд хамгийн түрүүнд буух юм. Ер нь ёодол анх хаана үүссэн урлагийн төрөл вэ?

-Ихэнх хүмүүс хүүхэлдэйн киноны л төсөөлөлтэй байдаг юм шиг санагддаг. Уртын дуу яг хэзээ, хаана анх зохиогдсоныг хэн ч мэддэггүй. Яг үүнтэй адил ёодол хэмээх дууны төрөл анх хэзээ үүссэн болохыг одоо ч тогтоогоогүй  юм билээ. Гэхдээ Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг Бавари үндэстний дууг ёодол гэдэг. Манай уртын дуу, хөөмийтэй адил язгуур урлагийн төрөл гэсэн үг.

-Их л хөгжилтэй дууны хэв маяг юм шиг санагддаг?

-Тийм шүү, ёодол бол ямар ч стрессгүй урлаг. Ихэнхдээ инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалын тухай дуулдаг. Миний анхны цомогт орсон дуунуудаас монголчууд маань мэдэрсэн энэ мэдрэмжийг бага ч гэсэн авсан болов уу гэж бодож байгаа шүү.

-Цомгийн борлуулалт хэр байна. Бусад уран бүтээлчдийн альбомоос их өвөрмөц санагдсан?

-Дажгүй шүү. Би “Yodel” хэмээх анхны цомгоо өнгөрсөн оны сүүлчээр гаргалаа. Зургаан дуунаас бүтсэн цомгийн гурван дуу нь Швейцарийн алдартай ёодол дуучдын бүтээл. Хуучны ёодол дуунууд. Харин нөгөө гурав нь монгол үгтэй, монгол хэв маягтай миний бүтээл орсон. Шинэ цомогт багтсан “Holly Dolly” дуугаа клипжүүлээд үзэгчдэдээ хүргэсэн нь залуус овоо хүрээд байгаа. Ер нь энэ дуунуудаараа дамжуулан үзэгчдэдээ болон сонсогчдодоо гэгээлэг өнгө аяс бүхий уран бүтээл хүргэхийг зорьсон. Угаасаа гуниг зовлон өгүүлсэн олон уран бүтээл байхад заавал хар бараан зүйл дуулаад байх шаардлагагүй гэж боддог. Нэг ч гэсэн гэрэл гэгээтэй амьдралыг дуундаа шингээхийг боддог. Миний нэр хүртэл Баярцэнгэл шүү дээ.

-Зарим хүмүүс таны “Holly Dolly” дууг гадны уран бүтээлээс хулгайлсан гэх яриа нэг хэсэг гарсан. Үнэн үү?

-Ёодлын брэнд кан кан гэх ая бий. Тэр аянаас санаа аваад уран бүтээлдээ ашигласан. Гэхдээ би энэ миний өөрийн зохиосон монгол ёодлын ая гэж хувьчлаагүй. Манай залуус хийж бүтээхийг хүсч эрмэлзэж яваа нэгнээ дэмжихээсээ газар дор ортол муулж, элдэв өө хайж байх шиг санагддаг. Уг нь залуу хүмүүс харин ч нэгнийгээ дэмжиж, хурцалж, урам өгч байвал зүгээр юм болов уу гэсэн бодолтой явдаг.

-Энэ урсгалаар уран бүтээл, тэр дундаа цомог гаргана гэдэг амаргүй байсан болов уу. Ядаж л мэргэжлийн талаас нь болох, болохгүйг нь хэлээд туслаад өгөх хүн байхгүй шүү дээ?

-Анхны бие даасан цомгоо гаргахад таньдаг уран бүтээлч ах нар маш их дэмжиж тусалсан. Миний цомгийн ивээн тэтгэгчээр Швейцарийн хөгжлийн агентлаг ажилласан.  Харин цомогт багтсан дуунуудын бичлэгийг “Дашка” студид хийсэн. Бусад ажил дээр миний төрсөн ах П.Отгонцэнгэл гардаж ажилласан. Хөгжмийн найруулгаас эхлээд надад зөвлөж ажиллах хүн хэрэгтэй шүү дээ. Ер нь миний ах уран бүтээлийг минь бүхий л талаас нь дэмждэг. Дуулах дууг минь  зохиож, хөгжмийн найруулга, хоолойны бичлэг, клипний ажилд тусалдаг продюссер гэхэд болно. Урлагт хайртай хүн л дээ.

-Ер нь ёодлыг анх яаж сурсан юм бэ?

-“Youtube” -ээр сонсч байгаад л сурчихсан. Энэ төрлөөр дуулдаг алдартай олон дуучид байдаг. Тэдний клипийг үзэж байгаад дууг нь байн байн ухрааж сонсч байгаад энд нь ийм нугалаа хийх юм байна, тэр хэсэгт нь ингэж өргөх юм байна гээд л сонссоор байгаад сурсан.

-Ёодол дуулахад их өвөрмөц авиа сонсогддог. Сурахад хамгийн чухал нь юу байдаг бол?

-Миний чих их үүрэг гүйцэтгэсэн ш дээ /инээв/. Сонсгол маш чухал юм билээ. Чихээрээ сонссон аялгуугаа авиагаар илэрхийлэхэд хялбар гэх юм уу даа.

-Таныг “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээр тань хүмүүс андахгүй байх. Ялангуяа өвөрмөц төрлөөр оролцсон нь таныг олонд танигдахад нөлөөлсөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Би “Universe best songs-2010” наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан. Уг нь тухайн үед би Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийн оюутан байсан. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан учраас энэ наадамд оролцъё гэж шийдсэн. Тэгээд өөрийн гэсэн өнгө аястай байж бусдаас ялгарна гэдэг үүднээс “Youtube”-ээс ёодлыг сурсан хэрэг. Энэ наадам миний хүсч мөрөөдөж явсан зорилгын маань үүд хаалгыг нээж, эрч хүчээр хөглөж өгсөн гэж бодож явдаг. Гэхдээ поп чиглэлийн дуугаа ч орхихгүй. Цаашдаа аль алинаар нь сайн уран бүтээл хийх болно. Одоогийн байдлаар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”,  Балхжав ахын цомогт багтсан “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг хуучны арваад сайхан дууг дуулсан.

-Одоо “Universe best songs” наадмаас төрөн гарсан шилгүүд хоорондоо өрсөлдөж байгаа юм билээ. Ямар уран бүтээлээр оролцож байгаа вэ?

-Эхний шатанд ёодлоор дуулсан. Одоо хоёрдугаар шатанд монгол дуугаар өрсөлдөнө. Бэлтгэлээ базааж л байна. Ямартай ч нэг сайхан уран бүтээл хүргэх гээд бэлтгэж байна. Цаг нь болохоор уншигчид, үзэгчид маань мэдэх байх аа.

-Танай аавыг дуучин гэж сонссон юм байна. Жүжигчин мэргэжилтэй мөртлөө дуучин болох хүсэл аавтай чинь холбоотой юм шиг санагдсан?

-Тийм. Миний аав Соёлын тэр­гүүний ажилтан дуучин Пүрэвжав гэж хүн бий. Хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад дуучин байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Аав ээж маань Дорнод аймгийн хүмүүс. Би эхээс тавуулаа. Бага байхдаа л аавыгаа дагаад найр наадамд дуулж явдаг хүүхэд байсан. Сургуульд байхдаа дуугаар олон уралдаан тэмцээнд орж түрүүлж байлаа. Арван жилийн сурагч байхдаа бүр хамтлагтай байсан. Бас болоогүй аймагтаа алдартай, хэд хэдэн удаа тоглолт хийчихсэн. Энэ бүхэн миний хүсэл мөрөөдлийн эхлэл гэж боддог.

-Та “Шинэ жилийн адал явдал” гээд инээдмийн кинонд тоглож бас чамгүй жүжигчин гэдгээ харуулаад авсан. Ер нь жүжигчнээрээ ажиллах бодол бий юу?

-Одоохондоо урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд завгүй л явна. Дуугаараа овоо жигдэрч байна. Саяхан хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан “Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэллээ. Надад сурах юм их байна. Гэхдээ үндсэн мэргэжлээрээ хоосонгүй. “Найрын ширээний ууц” мюзикл жүжигт тоглоод авсан. Мөн “Шинэ жилийн адал явдал” нэртэй инээдмийн кинонд тоглолоо. Ямартай ч зорьсондоо хүрсэн цагт дараагийн уран бүтээл яригдах байх. Поп дуугаар дагнасан хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгаа.

-Гэр бүлтэй юу?

-Байгаа. Эхнэр хүүхэдтэй гурвуулаа амьдарч байна. Энэ завшааныг ашиглаад Отгонцэнгэл ахдаа болон “Nature sounds”-ын хамт олон, намайг дэмжиж ажилладаг бүх уран бүтээлч нартаа талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Түвшинтөгс: Хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан DNN.mn

Өдрийн сонины архиваас………………

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Цэдэндоржийн Түвшинтөгстэй ярилцлаа.


-Дуучин Ц.Түвшинтөгс хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс бодож байгаа болов уу. Эндээс яриагаа эхлэх үү?

-Би Дархан-Уул аймагт “Залуучууд” театрын даргын үүрэг гүйцэтгээд жил гаруй болж байна. Дашнямтай өдөр байсан санагдаж байна, ялал­тын баяраар ирж байлаа.

-Та гэр бүлээрээ нүүж ирсэн үү. Ирэн очин байна уу?

-Би суурин байгаа. Нэгэнт зориод ирснийх голдуу эндээ байгаа. Аймгийн Засаг дарга нь гэрээ хийгээд, ажиллах хугацаанд байр өгсөн юм л даа. Тийм учраас ажиллах нөхцөл боломж сайн байна.

-Нийслэлээс ирсэн хүн энэ хугацаанд Дарханд ямар өөрчлөлт хийв, эсвэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Монголын орон нутгийн театрууд бүгд адилхан. Төвийн бүс гэдэг утгаараа Дарханы хувьд хөгжих боломжтой. Нөгөө талаар хүний нөөцийн асуудлыг сайхан шийдээд өгвөл боломж байна, ялан­гуяа театрт багш нар дутагдалтай байгаа. Үүнийгээ шийдчихвэл маш сайхан барил­га байгууламжтай. Булган, Сэлэнгэ, Эрдэнэтийн хүүхдүүдээ сургадаг, Хөгжим бүжгийн коллежийн хэлбэрийн сургалтын төв үүсгэх боломж­той юм. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад ч би хэлж байсан. Дарханы театрыг орон нутгийн эрдмийн театр болгох хэрэгтэй. Тийм бүрэн боломж байна гээд ажиллаж байгаа. Яахав “Бурхан нутагтаа үнэгүй” гээд айхавтар хатуу үг бий. Хөөрхий, Бурхантын хөндийдөө уран бүтээлчид нь тоглосоор байгаад танил болчихсон. Аялан тоглолт хийдэггүй. Он гаруут шинэ хоёр уран бүтээл тавиад, өөрсдийн сумдаар тойрч аялаад ирж байгаа юм. Ардын харилцаа дуунаас сэдэвлэсэн дуулалт жүжиг тавьсан. “Алигэрмаа”, “Сумъяа ноён” хоёр. Баяраа гээд “Сэлэнгийн долгио” чуулгын авьяаслаг найруулагч найруулсан. “Хайрыг хайрла” жүжгийг УГЗ Пүрэвдорж гуай ирж найруулан тавьсан. Олны хүсэн хүлээж байсан сайхан жүжгүүд болсон. Нээлтээ тавдугаар сарын 1-нд хийлээ.

-Танай хүү бөх юм уу лам ч болмоор байрын хүү харагдаж байна. Бага нь уу?

-Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид сурдаг юм. Энд төгөлдөр хуурын багш олоод сургая гээд болсонгүй. Он гараад буцаад сургуульдаа очсон. Миний хийж байгаа ажил ийм болохоор манай хүүхдүүд бүгд л зөв чигтэй. Хоёр ах нь хөгжимчин. Нэг, хоёрдугаар курст суралцдаг.

-Та уран бүтээлийн олз омог хэр яваа вэ?

-Олз омог арвин байна. Сайхан уран бүтээлүүд их ирсэн. Найз нөхөд, хүмүүс “Уран бүтээлээ нэг тавихгүй юм уу” гэж зөндөө хэлж байна. Сайхан уран бүтээл цуглаж байна. Нэг их яарах юм алга даа. Сонгодог урлагийн академик театрт 20-иод жил ажилласных, Үндэсний дуу бүжгийн чуулгатай уран бүтээл хамтарч хийж байсных, Морин хуурын чуулга, Цэргийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимтэй уран бүтээл хийж байсан болохоор нэлээд томхон саван дотор, зохиолтой юм хийе гэж төлөв­лөж байгаа. Олон хүн туслая гэсэн. Ер нь нэлээд үнэтэй хийнэ. Орлогын төлөө тоглолт биш. Гэхдээ оролцож байгаа бүх уран бүтээлчдээ үнэлнэ гэж бодож байгаа.

-Нас ахих тусамхүн өөрийгөө шинээр мэдэрч, хувьсч байдаг болов уу та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би азтай. Монголоо олж төрсөндөө баярладаг. Би энэ мэдрэмжийг өөрийн мундагт олж авсан биш гэдгээ нас ахих тусмаа мэдэрч байна. Би дуу хуурын орчинд өссөн л дөө. Миний аав гайхалтай тэнхээтэй хоолойтой хүн байсан. Миний ижий одоо ч гайхалтай сайхан дуулдаг. Цагтаа Хан-Хэнтий чуулгад сайн дурын уран сайханчхийгээд Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцож явсан Цэрэнханд гэж хүн бий дээ. Хоёр эмээтэй. Жижиг шар эмээ маань маш зөөлөн хүн. Багад маань хүн болгосон. Хэрлэн голын тохойд дэггүй­тэж явахад өндөр эмээ маань үлгэр сайхан хэлдэг. Оньсого таалгадаг байлаа. Тийм орчинд Монгол ахуйд ойрхон өссөн учраас дуулж байгаа дуунууд ч тийм. Хайр дурлалын гэхээсээ уул ус, аав, ээжийн тухай дуунууд л надад олон байдаг. 1986 онд Хан-Хэнтий чуулгад жүжигчнээр ороод, түүнийхээ өмнө хүнсний үйлдвэрт нормын ажил хийгээд, амьдрал үзэж оюутан болсон учраас нөгөө хэдээсээ догь, ертөнцийг үзэх үзэл маань багад сэргэсэн юм байна гэж боддог. Монгол дуу хоолой гэдэг учиртай.Уртын дууг бүтээж чадсан ард түмэн гэдэг бүгд дуучин.

-Та хувь хүнийхээ хувьд олон хувьсгал туулж өнгөрөөв үү?

– Би сайн ханьтай учирсан.Би чинь их араншинтай, дэндүү зоргоороо өөрийнхөөрөө байх дуртай байсан. Эмэгтэй хүнтөгөлдөр юм аа. Зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу. Урлагийн хүмүүс тэр гэхийн тэмдэггүй байдаг. Их ухаантай улсууд өөр байх. Миний хувьд дуу аваад тэр дууныхаа учрыг олох гээд, үгэнд нь орчихоод байх үедээ ад зэтгэр шүглэсэн юм уу гэхээр ч ааш араншинтай болдог байлаа. Гэртээ орохдоо цэлмээд орно. Тийм орчин байна гэдэг гайхамшигтай. Дандаа хүүтэй. Ганц эмэгтэй байгаа юм чинь хайрлахгүй байхын аргагүй. Манай хань л байхгүй бол бид хэд навсайна шүү дээ.

-Танай гэргий юу хийж байна?

-Хотод нийтлэг үйлчил­гээнд ажиллаж байгаа. Уг нь бидхоёр 1992 онд Дархандтанилцаж байсан юм. Энэ тайзан дээр танилцаж байлаа. Миний хань Дарханых. Дараа нь эндээ ирдэг л юм байна. Миний хань ирээд долоо хоноод, миний сарын хоол хүнсийг бэлтгээд явдаг юм.

-Танд хөгжим бичмээр ч юм шиг шүлэг тэрлэмээч ч юм шиг үе байдаг уу. Дотоод эрчим хүчээ гаргадаг хобби юу байдаг вэ?

-Олон байна ш дээ. Аз болоход надад гайхамшигтай шүлэг, аялгуунууд ирдэг.Хүн бүр амандаа аялдаг дуу надад ховор. Би чинь “Морин хуур” уралдаанд тав түрүүлсэн шүү дээ. “Бөхөн шарын нуруу” гээд дуугаараа дөрөв дэхтүрүүгээ авчихаад байхад Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Бямба­баяр Хөгжмийн зохиолч­дын холбооны тэргүүн дээд шагнал өгөхгүй юу. Яагаад ийм шагнал өгч байгаа юм, наадах чинь хөгжмийн зохиолчдыншагнал байна ш дээ гэсэн чинь “Би чамд өгөх болоод өгч байгаа юм. Чи нийтийн дуунд мэргэжлийн дууг оруулж ирсэн юм” гэсэн. Нийтийн сайхан дуунууд байна. Тэднийгээ дуулах дуртай.Нэг их сэтгэл хөдлөөд ирэхээрээ“Орхон түшээ мөрөн”, “Хайрхан уулын бараа”, “Хааны титэм шиг Отгон тэнгэр”, “Хүнээс аваагүй миний монгол” гээддуунууд маань орж ирдэг. Машинтайгаа явж байсан ч эднийгээ л дуулаад байдаг. Шүлэг бичнэ гэдэг ихөөр. Б.Лхагвасүрэн гуай дээр нэг удаа очсон юм. “Миний араншин” гэж тоглолт хийх гээд ийм дөрвөн мөрт орж ирлээгээд орохгүй юу. Тэр нь “Аялгуу бидэн хоёрын дунд аав минь байдаг, эгшиглэн бидэн хоёрын дунд ижий минь байдаг. Дуу бидэн хоёрын дунд ард түмэн минь байдаг, дутуу бүхнийг гүйцээж эх орон минь байдаг юм” гэж. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд өгөөч дуу болгоод дуулмаар байна гэсэн чинь учиргүй хөхрөөд “Ёстой болчихсон байна. Би чамд зүгээр “Миний араншин”-д чинь зориулж шүлэг хэлье” гээд “Уулаа дуурайсан миний араншин, нараа тосч аргана, усаа дуурайсан миний араншин хорвоогоо дагаж урсана” ч билүү ийм дөрвөн мөрт бичиж бэлэглэж байсан юм. Янз янзын юмнууд орж ирнэ л дээ. Би бол ичдэг юм. Аялгуу ч хэцүү. Тухайн арав, хорин минутад гайхамшигтай байдаг. Манай аав хөөрхий, толгой холбоод сайхан юм бичдэг хүн байсан юм. Бурхан болсноос нь хойш дэвтэр дээрээс нь шүлгүүдийг нь авч үзэж суухад тухайн үеднэг сайхан аялгуу орж ирээд ноотлоод тэмдэглээд хоёр хонохоор болоогүй юм шиг санагдана.

-Дандаа дуу хууртай газар явахаар залхах үе байдаг уу?

-Тийм юм байхгүй. Хөдөө гэр бүлээрээ явах дуртай. Бага хүү гараагүй байхад хоёр ахыг нь аваад, машины хойно ор засч өгөөд хөдөө гадаа явдаг байлаа. Найз нөхөдтэйгээ, ээж, дүү нартайгаа хөдөө гадаа явах дуртай. Би ан хийдэггүй. Морь мал бас байхгүй. Тэгэхээр чинь одоо ямар ч хоббитой хүн юм бэ дээ. Нэг хэсэг СУИС-д, дараа нь Хөгжим бүжигт багшлаад дандаа дуурийн тавил, уран чадвар, ур зүй гэдэг хичээлүүд заасан. Тухайн үедээ бас докторын зэрэг хамгаалчих гээд үзсэн. Докторант л даа. Судалгааны ажил нэлээд хийж байгаа.

-Ямар чиглэлээр судалж байгаа вэ?

-“Дуулах ур зүй” л дээ. Мон­гол дуулах арга ухаан гэдэг гайхамшигтай. Нутгийнхаа гайхамшигтай эрдэм­тэн ах Амбагатай нийлээд Соронзон багш бид хэд бараг бэлэн болгосон. Одоо боогоод л авчихвал бэлэн болох гээд байна. Хоёр ч эрдэм шинжилгээний хуралд түрүүлсэн шүү.

-Монгол хүн дуулж хуур­дахдаа юугаараа онцлогтой вэ?

-Байгалийнх ш дээ. Уртын дуу эхэлж байгаа, хурдан морины цол дуудчихаж байгаа. Бөхийн цол дуудаж байгаа тэр өнгийг олж дуугарна гэдэг байгалиасаа юм.

-Та өвөрмөц монгол стильтэй харагдаж байна?

-Ер нь Дуурийн театрт би яг зүрх сэтгэлээрээ л байж. Ямар ч хувиршгүй үнэнч байсан юм. Одоо гайхдаг. Яагаад ханьдаа хайртай байдаг гэхээр яг тэр үед хүүхдүүд нялх. Ид хийж бүтээж байх үедээ Дуурийн театрт л амьдарч байлаа. Миний гэр байлаа. Яаж болгоод байсан юм. Нэг л аймаар амьтан нот сугавчлаад, ажил руугаа бүтэн ордог. “Чингэс хаан” дуурьт Чингэс хааныхаа дүрд тоглох болоод чихээ цоолсон. Би чинь ламд дуулна гэвэл үсээ хусуулчихдаг байлаа. Чингэс хаанд тоглоно гэхээр нойр хүрэхгүй. Судлаад, чаддагаар нь“Монголын нууц товчоо”-гоо уншина. П.Бадарч гуай өөрөө “Монголын нууц товчоо”-ноос цомнол болгож авсан учраас тэрийг нь уншина. Аминдаа л бие сэтгэлээрээ мэдэрч байгаа нь тэр. Дараа нь Бурхан Халдунд анх удаа очсон. Тэр үед жин ихтэй байсан учраас хахаж цацан байж, тав зургаан цаг явж байж орой дээр нь гарсан. Яг орой дээр нь гарсан хойно бүх уулс сундалдаад жижигхэн жижигхэн болоод харагдахаар “За би юун дээр гарав, энд гарах нь зөв үү буруу юу” гэж бодогдсон. Шалавхан мөргөөд, овооны тэрүүхэн дор сууж байгаад үйлийг нь дуусгаад буусан. Ахиж орой дээр нь гараагүй. Дүрд орох гэж ингэж явлаа. Тэнүүн гээд хааны эрх хүүд тоглох болсон. Хортой архи уугаад мэдрэл нь муудаж, хагасыг нь уусан тулдаа үхчихэлгүй эргэдэг дүрд тоглохдоо хонины тол­гой ялз чануулаад, бүгдийг нь мөлжөөд ясаар нь тоглоод, бүр солиорч байгаа юм чинь. Нүдээр нь тоглоод, олсоор дүүжлээд энэ мэт чинь дараа нь тайзан дээр гарахаар амьдардаг байхгүй юу. Миний ээмэг зүүх энэ тэр чинь сүүлийн хоёр гурван дүрээс үлдсэн хэв маягюм. Алтан ээмэг зүүлээ гээд зарим нь гайхдаг л биз. Муу аавдаа тэр жил бөгж авч өгч байсан юм. Тэгээд бурхан болоод хүн амьтанд үзүүлэхээр бөгжийг нь талыг нь газар хийгээрэй, талыг нь ингээрэй гэхээр нь чихэндээ хийсэн юм. Бэлгэгүй юм гэж алга. Ер нь зоригтой өөрчилдөг юм. Энэ хүн тэгж хэлэх болов уу гэж ер боддоггүй. Гучин настай байхад гавьяат өглөө. Энэ их урам зориг, хайр итгэл хүндэтгэлийг алдчихгүй юмсан гээд махийтал явж билээ.

-Хоолойгоо формонд нь бариулах гэж зовох уу?

-Залуу халуун насандаа хоолойгоо их зовоосон байгаа юм. Сайн ч багштай байсан. Одоо тогтчихсон юм шиг байгаа юм. Ямар ч үед босоод дуулахад дуугарч л байна. Одоо дуурь дуулах биш дээ. Монгол дуу дуулахад зүрх сэтгэл байвал болдог юм шиг санагддаг.

-Залуу цагийн андууд бодогдох юм уу. Гавьяат Г.Эрдэнэбат та хоёр хамт дуулж байсан болохоор найзууд гэж төсөөлөөд байдаг?

-Байнга хүүе хайя гээд байдаггүй ч дандаа дэргэд юм шиг хэдэн сайхан найзтай. Г.Эрдэнэбат бид хоёр ямар гэдгийг өөрсдөө л мэднэ. Түүнээс биш олон түмэнд зориулсан хоёр амьтан биш. Гэхдээ бид хоёр хамт машинтай явж байгаад осолд орсон. Үхээгүйш дээ хоёулаа. Дараа нь босоод хоёулаа уран бүтээл хийсэн.Би санадаг юм, эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн, Багануурт. Тэгж байхад Эрдэнэбатын “Цэнхэрийн гол” яваад, араас нь “Бурхан бумбын орон” явахад би уйлаад, жаал хэвтэж байгаад “Эрка чи сонссон уу” гэхэд Эрка их хүнд байсан “Ннн…” л гэж байсан. Жил гаруй эмнэлгээр яваад тоглолт хийсэн. Соёлын төв өргөөнд хоёр өдөр битүү байлаа. Бид хоёр сүйд болоод гэр орноороо орж гараад байдаггүй ч зайлшгүй юм гарахад хамгийн түрүүн би Эрка руу залгана ш дээ. Хот ороод заавал уулзаад барааг нь хараад ярьж хөөрөөд явдаг.Ер нь хүнд хүсэгдэж, тэнгэрт тэтгэгдэж явах сайхан. Би ч тийм л байхыг хүсдэг.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

А.Ганчимэг: Ээж болно гэдэг хорвоогийн хамгийн сайхан зүйл юм байна DNN.mn

Өдрийн сонины архиваас…………………

“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” хэмээх дэлгэцийн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий продюсероор Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол зургийн даргаар Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг ажиллажээ. Тэгвэл кино зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн байна. Ингээд Соёлын тэргүүний ажилтан А.Ганчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авч байгаа “Хувьсал” продакшны хамт олонд баяр хүргэе. Киноны зохиолыг та бичсэн гэлээ. Зохиолын сэдэл хэзээ төрсөн бэ?

-Баярлалаа. Манай “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Зүрхээр наадагч” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн боллоо. Кино зохиол бэлэн байсан гэхэд болно. Өнгөрсөн жил үзэгчдэд хүргэсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зохиол анх бичигдэхэд давхар орж ирсэн санаа байсан. Тухайн үед манай продакшныхан хоорондоо ярилцаад эхлээд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоо хийгээд дараа нь “Зүрхээр наадагч” кино хийе гэж төлөвлөсөн байсан. Тиймээс зохиол дээрээ нэлээн тогтож, өмнөх киноноос өнгө төрх, өрнөж буй үйл явдал, илэрхийлэх гэсэн санаа, агуулгын хувьд яавал өөр болгох тал дээр илүү ач холбогдол өгч ажилласан. Хэдий анх зохиолын санааг нь гаргасан ч би ямар мэргэжлийн зохиолч, яруу найрагч биш нэг их мундаг зохиолыг нь ганцаараа бичээд дуусгачихсан юм байхгүй л дээ. Энэ бол манай хамт олны “Хувьсал”-ын бүтээл.

-Таны хувьд энэ удаа ямар дүр бүтээв?

-Ялгуун гэдэг охины дүрийг бүтээсэн. Миний дүрийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн дүрээс огт өөр. Хөнгөн, гэгээлэг дүр гэж болно.

-Кинонд яг юуны тухай өгүүлэх вэ?

-Асрамжийн газар өссөн дөрвөн найзын тухай манай кинонд өгүүлдэг. Тэд том болоод өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөж, хувь тавилангийн эрхээр таран оддог. Гэхдээ заяа төөргөөр дахин бие биенээ олж хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг хамтдаа биелүүлж байгаа тухай кинонд гарна. У.Уранчимэг, Д.Ганцэцэг эгч, загвар өмсөгч О.Мөнхдалай бид дөрөв гол дүр. Харин бид дөрвийн бага насыг Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч болох А.Цэнгүүн, А.Саранжил, М.Бат-Эрдэнэ, Х.Марал нар тоглосон. Үнэхээр авьяастай мундаг хүүхдүүд байна лээ.

-Киноны зураг авалтыг хаана авсан бэ?

-Киноны зураг авалт сар хагас үргэлжилсэн. Кинон дээр гарч буй үйл явдлын зургийн 20 хувийг хотын захаар, 10 хувийг Хөвсгөл далайд, дийлэнх хувийг Улаанбаатар хотод авсан.

-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл юу байв?

-Манай кинонд олны хэсэг маш их гардаг. Хүн их цуглардаг газруудад олны хэсгийн зураг авах л бага зэрэг хүндрэлтэй байсан болов уу. Бас нэг нууц задлахад манай кинонд насны хувьд гурван өөр үеийнхэн бүжгээр өрсөлддөг хэсэг гардаг. Бүжигтэй хэсгийн зургийг авахад амаргүй санагдсан. Гэхдээ киноны ерөнхий зураглаачаар “UB фильм” медиа группын захирал, СТА Б.Отгонзориг ах ажилласан болохоор хүндрэлтэй зүйл нэг их гараагүй. Отгонзориг ахын хувьд “Хувьсал” продакшны өмнөх бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураглаачаар ажиллаж байсан их туршлагатай, чадварлаг уран бүтээлч. Ер нь манай энэ удаагийн кино их өнгөлөг, хурц тод өнгийн шийдлүүдээр дүүрэн гэж хэлэхэд таатай байна.

-Кино хоёр дуутай. Нэг дууг нь жүжигчид өөрсдөө дуулсан байсан. Киноны хөгжим болоод дууны аяыг хэн бичсэн бэ?

-Киноны эхний дууны хөгжмийг МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах бичсэн. Харин шүлгийг СТА П.Одгэрэл зохиож “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Хишигдалай нар дуулсан. Харин хоёр дахь хип хоп  дууны үг, аяыг реппэр Н.Цэцэнбилэг бичсэн. Гоё дуу болсон. Урнаа эгч бид хоёр дуулсан байгаа. Дууны үг хүртэл их энгийн хэрнээ, өвөрмөц санагдаж байгаа.

-Жүжигчид кинонд тоглохынхоо хажуугаар зохиолдоо анхаарч ажиллана гэдэг амаргүй ажил биз?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь хэн нэгний кинонд тоглохдоо зураг авалтадаа ороод л яваад өгдөг байсан. Харин өөрсдийнхөө бүтээлд ажиллаж байгаа болохоор зураг авалт, найруулга, хувцас хунар, маркетинг гээд бүх зүйлд анхаарал тавьж гар бие оролцдог юм байна. Урнаа эгч, Ганаа эгч, бид гурав жүжиглэхийн хажуугаар киноныхоо зураг, найруулга, үзэгчдэд санаагаа хэрхэн хүргэх вэ гэж байнга л ярилцдаг байсан. Хоорондоо ярьж, зөвшилцөж байж тухай бүрт нь шийдвэрийг гаргаж байсан даа.

-Залуу уран бүтээлчийн хувьд У.Уранчимэг, Д.Ганцэцэг гээд чадварлаг уран бүтээлчидтэй ажиллахад төхөм төдийгүй суралцах зүйл их гардаг болов уу?

-Мэдээж би залуу байна. Мэдэх, мэдэхгүй зүйл их гардаг. Тэр болгонд продакшныхаа хоёр эгчээс суралцаад явж байна. Бид яг л найз шиг, заримдаа эгч дүүс шиг санагддаг. Ур чадварын хувьд ярих юмгүй мундаг, дайчин бүсгүйчүүд шүү дээ. Тиймээс би “Хувьсал” продакшнд орсондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Нэг нь хурц ширүүн зан төрхтэй, нөгөө нь уян зөөлөн зантай юм шиг харагддаг. Энэ хоёр өөр араншин таныг нэг хэв маягт баригдахгүй өсч дэвжих бас нэг түлхүүр юм шиг санагддаг?

-Яг тэгдэг. Үнэхээр өөр өөрийн өвөрмөц зан төрх нь надад, тэр дундаа уран бүтээлд түлхэц болж өгдөг шүү.

-Та ээж болоод удаагүй байгаа. Тэгэхээр нярай биетэй хэрнээ зураг авалтад орно гэдэг тийм ч амаргүй байсан болов уу?  

-Тийм ээ. Амаржаад удаагүй байхдаа шинэ уран бүтээлдээ орсон. Энэ миний ажил хойно бүх ажлаа зохицуулах л ёстой. Ар гэрийн амьдрал, ажлаа ч тэр зохицуулаад л зураг авалтад орсон. Би нялх биетэй гээд хамт олныхоо ажлыг хойш татах эрх надад байхгүй.

-Одоо таны хүүхэд хэдэн сартай вэ. Охин уу, хүү юу?

-Охин. Одоо гурван сартай.

-Ээж болох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр гоё. Ээж болно гэдэг их сайхан зүйл юм байна. Охиноо харахаар л орчлон хорвоогийн юм бүхэн өнгөлөг харагддаг.

-Таны нөхрийг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон Б.Энхтүвшин гэдгийг мэдэх байх. Сүүлийн үед та хоёрыг салсан яриа гарах болсон. Үнэн үү?

-Тэгж ярьж л байг. Бичих дуртай нь бичиж л байг. Шар мэдээ бичдэг зарим сэтгүүлчид хосуудыг дуртай үедээ салгаж, нийлүүлээд л биччихдэг санагддаг. Тиймээс би энэ ярианд нэг их эмзэглэхгүй байгаа. Үгүй тийм биш гээд тэр болгонд би амьдралаа тоочоод байх ч дургүй. Миний ажил амьдрал, ер нь бүх зүйл сайхан л байна.

-Кино хэзээ нээлтээ хийх билээ?

-Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 5, 6-нд “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад “Зүрхээр наадагч” киноны нээлт маань болно. Хүссэн хүн бүрт нээлттэй. Та бүхнийг урьж байна.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуучин С.Наран: Нийгэмд хэрэгтэй зүйл хийвэл сэтгэл ханах гээд байна DNN.mn

Өдрийн сонины архиваас……………

Дуучин С.Нарантай ярилцлаа.


-Дуучин С.Наран хог хаягдал дахин ашиглах, боловсруулах “ДЭКО” төсөл эхлүүлэх гэж байгаа гэж сонслоо. Яагаад энэ сэдэвт анхаарах болов?

-Долдугаар сарын 8-нд миний цомгийн нээлт болох юм. Энэ бол миний цомгуудын нийлбэр, түүвэр юм. Зүгээр нэг баяр болгоод өнгөрөх бус өөрийн хамгийн эмзэглэдэг асуудлыг шийдэлцэх төслийнхөө нээлтийг хамт хийнэ. Хог хаягдал жилээс жилд гурав, дөрөв дахин өсч байна. Гэтэл хогон дунд ч бас ашигтай зүйлс бий. Хог хаягдлыг боловсруулаад орчноо маш сайхан тохижуулж болно. Өдөр тутамдаа дахин ашиглах боломжтой. Энэ бүх нөөцийг бид ашиглахгүй зүгээр л хараад, халаглаад сууж байна. Жил бүр төмөр хайснуудыг солих мэтээр давтамжтай үзэгдлүүд нүдэнд тусдаг. Маш их мөнгийг үрэн таран хийж байгаа нь харагддаг. Түүний оронд хэмнэлттэй амьдарч сурах хэрэгтэй байнаа. Бусад оронд өнгөрсөн түүхэндээ хүндэтгэлтэй ханддаг. Болоод өнгөрсөн бүхний ул мөр барилга байшин, хөшөө дурсгалд нь хадгалагдаж үлддэг. Гэтэл манайхан өөрсдөөсөө түүхийг эхлүүлэх гээд байдаг. Урьдны хүмүүсийн хийсэн бүхэн юу ч биш болох гээд байдаг. Энэ бүгд хүүхдүүдэд ч нөлөөлж байх шиг. Компьютер, утас шагайхаас өөр амьд харилцаа тэдэнд маань алга болох гээд байна… Дахивар нөөцийг ашиглаж, эко хөгжлийг бий болгоод ажилгүйдэлтэй тэмцээд эдийн засагтаа ямар нэмэр болж болох вэ. Хүмүүсийг яаж хүмүүжүүлэх, ухамсар суулгах гэдэг чухал асуудалд бид нэгдэх хэрэгтэй. Энэ үүднээс энэ төслийг санаачилсан юм.

Монголын нэртэй дизайнерууд, архитекторууд, барилга барьж байгаа компаниуд, хаягдал гаргаж байгаа үйлдвэрүүд энэ санаачилгыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна л даа. Дизайнеруудтай хамтарч маш сайхан цэмцгэр орчин бий болгож, бодит байдлаар цуврал нэвтрүүлэг хийхээр 25 дугаар суваг телевизтэй тохирсон. Манайхан маш их зүйлийг импортоор авдаг. Жишээ нь хуучин машины агуулах улс болохоо дөхлөө. Энэ ашиглагдахаа байсан машины хог хаягдлаар уул овоо босч, орчныг бохирдуулахыг зүгээр хараад сууж таарахгүй. Үүгээр юу бүтээж эргээд ашиглаж болохыг бүтээлч нүдээр харах хэрэгтэй байна. “ДЭКО” буюу Дахивар нөөцөнд тулгуурласан эко хөгжил. (дахивар, дизайнууд, дахин ашиглах мөн decorate) гэдэг утга илэрхийлсэн үг.

-Нийгмийн шийдэгдээгүй том асуудлыг барьж авчээ?

-Нийгэмд хэрэгтэй зүйлс хийвэл сэтгэл ханах гээд байна. Хараад, бухимдаад шүүмжлээд суумааргүй байна.

-Хог хаягдлын асуудлыг барьж авахад нөлөөлсөн хүмүүс байсан уу?

-Байлгүй яах вэ. Би маш олон жил үүнийг бодож байгаа. Би интерьер дизайнд дуртай. Олон жил гудамж цэвэрлэж байгаа эмээ, өвөө хоёр байлаа. Би тэгэхэд “Ривер саунд”-д дуулдаг байсан. Миний анзаарч харснаар тэр эмээ өвөө хоёр хамгийн эрт босоод хогоо цэвэрлэсээр байгаад хамгийн орой явдаг байсан. Болдогсон бол тэр хоёрын тухай кино хийчих юмсан гэдэг бодол орж ирдэг байлаа. Хэдэн удаа дуулж олсон мөнгөнөөсөө хэдэн төгрөг тэр хоёрт өгч билээ. Хүн хийсэн ажлынхаа хөлсийг авах ёстой. Хог цэвэрлэнэ гэдэг айж ичих ажил биш, нийгэмд маш хэрэгтэй хүмүүс гэж хайрладаг.

-Эхний цэг буюу хэрэглэгч “үйлдвэрлэдэг” хогоо багасгаж байж хотын хог багасдаг учиртай юм билээ. Өөрийн чинь хувьд хог бага гаргах хэв маяг баримталдаг уу?

-Хог бага гаргах гэж байнга хичээдэг. Машиныхаа цонхоор хогоо хаяж байгаа хүн харвал байж сууж чаддаггүй, араас нь сигналддаг. Цэвэр орчинд амьдардаг хүн сэтгэл тайван бас эрх чөлөөг мэдэрч эрүүл байна шүү дээ. Орчин ингэж хүнд нөлөөлдөг. ДЭКО төсөл жишээ нь хагарсан аягыг ингэж ашигладаг юм байна, машины дугуйг орчны тохижилтод ингэж ашиглаж болдог юм уу, ундааны савыг хаяхын оронд цэцэг тарьж болох юм байна гэх мэт боломжуудыг хүмүүст харуулахыг хичээж байна. Хүүхдүүд ч үүнийг хараад бүтээлч болно.

-Эмэгтэйчүүд гэр цэвэрлэхийн зовлонг мэддэг болохоор цэвэрлэгээний асуудалд илүү анхаарал хандуулдаг байж магадгүй. Ингэхэд дуучин С.Наран гэр орноо цэвэрлэхэд хэр цаг зарцуулдаг вэ?

-Цэвэр байх чухал, тайван байдлыг мэдэрдэг. Гэрээ сайхан цэвэрлэчихээд ажлаа бодож төлөвлөх, телевизор үзэж, компьютер бариад суухад сэтгэл уужирдаг. Гэр цэвэрлэхэд цаг гаргана. Өөрөө нураасан бол өөрөө цэвэрлэнэ шүү дээ.

-Та хуучин эд зүйлсийг орчны тохижилтод хэрхэн хэрэглэж болох талаар олон санаа цуглуулжээ?

-Бусад оронд эко хөгжил нь ямар түвшинд хүрснийг интернэтэд ороод харах боломжтой. Интернэтээр дүүрэн санаа бий. Манайхан дандаа шинэ юм эдлэх дуртай. Тэр нь хуучнаас долоон дор зүйлүүд байх нь бий. Урдаас маш хямд эдэлгээгүй зүйлсүүд оруулж ирдэг. Үүний оронд өөрсдөө гараараа бүтээсэн зүйлс эдэлгээ даан, үнэ цэнтэй байх боломжтой. Өөрөө бүтээнэ гэдэг маш чухал. Оюун санаа ч өөрчлөгдөөд үр хүүхдүүдэд хүртэл нөлөөлөөд ирнэ.

-Гадны зарим хүмүүс хуучны эд зүйлсийг илүү таашаадаг юм билээ?

-Хуучны зарим нүнжигтэй зүйлс байдаг. Би Европоор аялж байхдаа үүнийг маш сайн ойлгосон. Хуучны юм гэдэг үргэлж түүх өгүүлдэг. Хөгшин аавын бурхны авдар гэхэд л нэг л сайхан харагддаг. Хуучны зэс эдлэл сэтгэл татдаг. Англичууд хуучин эд зүйлээр гэрээ тохижуулж, хуучны эд зүйлс худалдаж авч нандигнаж хайрладаг юм билээ. Хуучны эд зүйлс, хөшөө дурсгал, байшин барилга, модон хүрээтэй цонхоо хүртэл яг тэр хэвээр нь хадгалж үлдээхээр хичээл зүтгэл гаргадаг юм билээ.

-С.Наран Хөвсгөлийн хүүхэд. Хүүхэд байх үед чинь ертөнцийг үзэх үзэлд чинь юу нөлөөлөв?

-Миний хүүхэд ахуй цаг сайхан байсан. Үнэнийг хэлэхэд би социализмын нийгэмдээ дуртай шүү дээ.Шунал гэдэг ойлголтыг мэдрэхгүй, хүнийг л хүндлэх, орчноо хайрлаж хамгаалах гэдгийг сайтар ухамсарлуулж, зөв хүмүүжүүлж өсгөдөг байж гэж боддог. Сайн хүмүүжилтэй өсгөнө гэдэг хамгийн том бэлэг. Хүүхдээ өөрөө өөрийгөө авч явах чадвартай өсгөнө гэдэг чухал. Өөрийн гэсэн чиг шугамтай байна гэдэг чухал. Үүний суурь аав ээжийн үлгэр дуурайлал хүмүүжил шүү дээ.

-Аавдаан би… гээд өөрөө дуулдаг. Энэ дуунд тань аав чинь дуртай юу?

-Дуртай байлгүй яахав.Балхаа ах ээжийн тухай дуу дуулж өгөөч гэж байсан. Би аавын тухай дуулмаар байна гэсэн. Хятадад сурч байхдаа аавыгаа их санадаг байсан л даа. Аавын халуун алгыг санана. Харангын Чука ах, Гүрээ ах бид нар сууж байгаад аавуудын өвөрмөц чанаруудыг ярьж байж бүтээсэн, сайхан үгтэй дуу. Аавын дулаахан гар, ташуурдах мэт харц, үнэн үг нь хүнд ямар хэрэгтэй байдаг билээ. Энэ бүх мэдрэмжүүд их чухал. Олон үг хэлэхгүй ч биеэрээ үлгэрлэж хүүхдүүдээ өсгөнө гэдэг гайхамшигтай юм билээ.

-Ц.Оюунгэрэлийн номонд өөрийн чинь тухай хэдэн өгүүлбэр байдаг. Англи хэлний курст суугаад, Хөвсгөлдөө ирээд курс хичээллүүлэхэд Наран гэдэг охин идэвхтэй сурч байжээ. Таван хэл дээр цомог гаргасан гэдэг. Тэр үед л суурь нь тавигдаж байжээ?

-Тэр үед дөнгөж ардчилал гараад амьдралыг өөрөөр харж байсан үе. Яалт ч үгүй англи хэлийг сонирхох хэрэгтэй болсон. A,B,C-гээ Ц.Оюунгэрэл эгчээр заалгаж байлаа. Сонсдог дуу маань ч өөрчлөгдсөн. Гэхдээ маш хүнд хэцүү үеийг давж гарсан гэж боддог. Дөнгөж сургууль төгсөөд, 18 настай охин зах зээлийн эдийн засгийн ойлголт огт байхгүй байсан үе. Өөрийгөө, амьдралыг ойлгох хэрэгтэй болсон. Энэ цаг үеийг хөдөөний охин давж туулах гэж нэлээд тэмцсэн. Курст суугаад дараа нь англи дуунууд сонсч эхэлсэн. Тэр үед “Queen” хамтлагийг сонсдог байлаа. Яаж дуулаад байгаа нь биш юу дуулаад байгаа нь сонин байсан л даа. Тиймээс үг болгоных нь дээр монгол орчуулгыг нь бичээд дуунуудын утгыг ойлгож бүр шимтэн сонсдог байлаа. Чихэвчний хөгжим л миний найз байсан. Дараа нь миний анхны cover цомог гарсан. Гадаад дууг хуулах биш өөрийнхөөрөө илэрхийлж гаргаж дуулж байсан.Тэр цомог маань маш их борлогдож билээ.

-СУИС-ийн жүжигчний анги төгссөн нь өөрт чинь хэрэг болсон уу. Яагаад дуулаачийн биш жүжигчний ангид орчихсон юм бэ?

-Яахав дээ, Хөвсгөлд явж байгаад Кино драмын ангид тэнцчихсэн байхгүй юу. Кино драм бол надад гайхамшигтай мэдрэмж өгсөн. Яг юу хүсээд байгаагаа ойлгохгүй, нэг л өөр юм хүсээд байдаг. Кино драмд ороод “Зүрх сэтгэлээ зориулж дүр бүтээж байгаа шиг сэтгэл гэдэг юм миний хоолойгоор дамжиж гарах ёстой” гэдгийг ойлгосон. Тэр үед 1992 онд Франц дууны уралдаанд орж түрүүлээд, ерөнхийдөө маш их зүйлийг ойлгосон. Дуулах бол миний амьдрал юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

-Хятадад урлагийн менежментийн анги төгссөн гэсэн. Тэнд хийдэг урлагийн менежмэнт Монголоос өөр үү?

– Хүн амын тооноос бүх зүйл хамааралтай. Монгол хүний үндсэн зан төрхүүд байна. Их хувирамтгай хувьсамтгай үзэгчидтэй. Нэг дуучинг шүтэн бишрээд явах нь бага. Юуг л бол юуг сонсдог. Тийм болохоор бид маш олон цомог гарган тэр цомгоос хэдхэн дуу нь л хүмүүст хүрэх мөн бусад төрлийн дууг сонсогчдод бас дээр нь зөвхөн гадаадын дуучдыг сонсдог гэх мэт энэ жижиг зах зээл дээр яг өөрийн үзэгчийг бий болгоно гэдэг амаргүй шүү. Бусад орны дуучид жил болгон цомог гаргахгүй шүү дээ. Бид бол их хурдтай ажиллаж тоглолт хийх гээд хөөрхий зүтгэдэг. Эргэлт хурдантай байхгүй бол болохгүй. Зах зээл нь бага учраас менежмент гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хийх боломж бага. Маш олон зүйлийг ойлгож, төлөвлөж ирсэн ч амьдрал дээр тэр менежментийг хийхэд хэцүү. Хятад бол том зах зээл. Сургуульд сурахаас өмнө Хятадад олон удаа урилгаар дуулж байсан. Хятадын үзэгчдийг бишрүүлж байсан. Чин үнэнээсээ над руу харж баясч, дуу алдаж, биширсэн харц намайг татаж байсан л даа.Ертөнц гэдэг ямар баялаг гэдгийг ойлгосон. Дуучид бидэнд нэмэлт зах зээлүүд их хэрэгтэй. Магистрын ажлаа таван хэл дээрх CD-гээрээ хийсэн.

-Манай нөхцөлд өдөр бүр цомог дээр ажиллаад байхгүй, тоглолт хийхгүй. Дуучин С.Нарангийн ихэнх цагаа зарцуулдаг зүйл юу вэ?

-Би өөрийгөө ойлгохыг хичээдэг. Бүтээлч юм юу хийх вэ гээд өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг. Гэхдээ бид байнга тоглолттой байдаг гэж хэлж болно. Ертөнцийн арга хэмжээ, хурим найр, төрсөн өдөр дуусахгүй. Тасралтгүй дуулсаар л явна. Бидний нүүр царай хоолой хүмүүст танигдсан учраас завгүй ажиллаж байна даа.

-Таалагдсан залуудаа өөрөө эхэлж сэтгэгдэл илэрхийлэх зориг гаргадаг уу?

-Би шууд хэлдэг. Ямар гоё инээдэг юм бэ. Ямар гоё шүдтэй юм бэ. Ямар сайхан хувцаслаа вэ гэдэг. Би үнэхээр сэтгэлээсээ хэлдэг.Сайхан залууг эргээд харна, машин барьж явахад сайхан залуу харагдвал “Үүүү” гэж дуу алдах үе бий. Гэхдээ сайхан харагдахаас илүү хэр ухамсартай ухаантай гэдэг нь чухал шүү дээ.

-Нүдний шилийг яагаад өөрийн чинь эд эс мэт хэрэглэдэг юм бэ?

-Би дуулах, ярихдаа нүдээрээ их илэрхийлдэг. Инээхэд ч хүртэл. Энэ эмоци дуулахаараа хурц илэрхийлэгддэг. Уурлаад дуулаад байгаа юм шиг тэр бүх жүжиглэлт гарна. Дээр нь гэрэл тусахаар гялбаад хэцүү байдаг. Сүүлдээ нүдний шилгүй дуулж чадахаа байсан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Гунгаадорж: Би өглөө бүр уншдаг хэдэн тарнитай DNN.mn

Өдрийн сонины архиваас………………………………

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайг зорьж очлоо. “Надад засаг Хөдөлмөрийн яаман дээр өрөө гаргаж өгсөн л дөө. Зүгээр сууж чаддаггүй. Амьтан хүн орж гарах юм. Надад хувийн компани, хувьцаа, алгын чинээ газар байхгүй. Нэг талаасаа өөрийгөө тэнэг ч юм уу гэж боддог. Нөгөө талаар миний хувь заяа тэгж л явах тавилантай байсан юм байлгүй. Миний хийж байгаа ажил, зөвлөгөө буяны шинжтэй, ашиг орлого олдоггүй. Гэхдээ тэтгэвэр аваад болоод л байна. Миний эхнэр хүүхэд өлсөөгүй. Би нэг машинтай, байртай, өөр надад юу хэрэгтэй юм” хэмээн тэр хуучлав.


-Ш.Гунгаадорж гуай та Дорноговь аймгийн Их хэт сумын хүн. Ингэхэд Дорноговийнхон юугаараа алдартай вэ?

-Говийнхон хөдөлмөрч шүү дээ. Говийнхоо хатуу хахир улиралд зохицсон хүмүүс. Гэрт зүгээр сууна гэж байхгүй. Байнга хөдөлж, малаа хариулна, аргалаа түүнэ, алтан харганаа зулгаана. Алтан харгана түлнэ. Голцуу аргал түлнэ дээ. Би багадаа жижиг шээзгий үүрээд ээжтэйгээ цуг аргалд явдаг байлаа.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Ах бид хоёрын дээд талын хоёр ч хүүхэд тогтоогүй юм билээ. Ах маань надаас гурав ах хүн байсан. Одоо байхгүй л дээ. Манай аав Чойрын хийдийн том хэргэмтэй Б.Шарав гэж хүн байлаа. 1937 онд намайг ой найман сартай байхад баригдаад явсан юм билээ, зайлуул. Тэгээд ирсэн л дээ. Лам харгүй барьж байсан тэр үед элэг бүтэн амьдрах хувьтай байж. Аав сүүлд гарч ирээд ярьж байсан юм. Ажааг маань Улаанбаатарт авчирсан юм байж. Нэг байшинд баахан хоригдол дүүрэн, гурван сар болсон гэсэн. Нэг удаа шөнө дунд өнгөрөөгөөд, хоригдлуудыг ачсан юм билээ. Хоёр машин үүдэнд нь тулгачихаад ачаад, чихээд байсан. “Машин дүүрлээ” гэж чихсээр байгаад хаалгыг нь хаачихсан гэсэн. Ажаа ямар ч байсан машинд багтаагүй. Өглөө болсон чинь Хэнтийн нэг лам тэр хоёр үлдчихсэн. Маргааш нь Дотоод яам хаана байдаг юм, аваачаад арван жилийн ял өгчээ. Машинд багтсан бол толгойгүй. Машинд багтаагүй учраас арван жил хорих ял авсан. Зүүнхараад ямтай адуу хариулж, яс арван жил суугаад гарч ирсэн. Манай ээж их мундаг хүн. Эмээтэйгээ бид дөрөв үлдсэн юм. Ээж өртөө хийнэ. Дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн сургуульд явах байсан чинь “Ажаатай нь уулзуулна” гээд тэр жил сургуульд явуулсангүй. Зун мориор майхан ачаад, нутгийн нэг сайн хүн хөлслөөд явсаар байгаад Улаанбаатарт ирээд, таньдаг айлд байж байгаад Зүүнхараа явсан юм. Орхироогийн ам гэж тариа тарьдаг газар аав маань адуу хариулаад арван жил болсон. Уяан дээр адуу уячихсан, баахан хоригдлууд байгаа юм. Би 13-тай байсан юм. “За, чи ажаагаа ол” гэсэн. Би яаж мэдэхэв дээ. Аминдаа бүх хүнийг нэг бүрчлэн харж явсаар сүүлчийн уяаг дуусгаад хэлсэн байгаа юм. “Хамгийн сүүлчийн уяаны энэ талд байгаа өндөр хөх хүн миний аав мөн. Биш бол энэ дотор байхгүй” гэсэн тэр хүн нь байсан.

-Мундаг зөн совинтой байжээ?

-Хэлхээ холбоо байж. Надад нэг зүүд шиг дурсамж байсан. Зуны сайхан өдөр эсгий үүдээ гэр дээр тавьчихсан, манай ажаа намайг өвөр дээрээ суулгачихсан, баруун талд нь хоёр хүн суугаад, ээж цай чанаж байсан хачин зураг сэтгэлд буудаг юм. Тэгсэн хоёр хүн барих гэж ирээд, манай ажаа даахийг маань самнаж суусан юм билээ. Ээж цай чанаж хоол хийсэн. Тэр хоёр хүн сайхан сэтгэлтэй улсууд байсан бололтой юм. Нэг муу жаахан хүүхэд орж гараад, нэг нь өвөр дээр нь дэрвээд, “Яаж энийг барьж авна” гэж бодсон болов уу. Хоол цай идэж уугаад, нэгжлэг хийгээд, бариад явсан. Аав хоёр гурван мөнгөн аяга орон доогуур шидчихээд, алтан бөгжөө бас шидээд, ингэлээ шүү гэдгээ ээжид хэлсэн гэсэн. Тэгээд 1948 оны өвөл гараад ирсэн л дээ.

-Та сургууль номондоо хэр байсан юм. Малчин болно гэж бодож байсан юм уу, ном үзэх дуртай байсан уу?

-Ер нь би малчин болох тухай бодоогүй. Манай ахыг малчин болгоно гээд сургуулиас гаргачихсан. Ахыг малчин болгоод намайг сургуульд явуулах бодол ээжид байсан шиг. Би бол номонд дуртай. Ээж их ойтой. Аргалд явж байхад түвд, тангад ном уншаад, орой аялгуутай үлгэр хэлнэ. “Арын улаан хаан”, “Бигэрмижид хааны үлгэр” ярина. Тэрнийг нь бид чих тавин сонсоод цээжилчихнэ. Ээж маань жирийн малчин эмэгтэй л дээ. Гэхдээ ухаантай. Б.Жаргалбуян гэдэг хүн байлаа. Тэр ч бас надад нөлөөлсөн байх. Манай ах малд нүдтэй. “Шаравын том хүү малд сайн” гэдэг. Би бол хурга ишиг эргүүлнэ, аргал түүнэ. Өвөл нь манай ажаа ирээд “За, хүү минь ирэх жил сургуульдаа яв” гэсэн. Сайншандын арван жилийг 1954 онд төгссөн.

-Таны Гунгаадорж гэдэг нэр ямар учиртай вэ. Аав тань өгсөн үү?

-Аав өгөөгүй. Энхрийлсэн нэр Их ухна, Бага ухна гэдэг. Би Бага ухна нь. Говьд Ухна гэдэг нэр түгээмэл. Сэмбээринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч байсан үе. Чойрын хийдээр залардаг. Улаанбаатарт ирдэг. 1936 онд хэлмэгдүүлэлтийн их салхийг мэдрээд буцсан шиг байгаа юм. Буцаж явахдаа Чойроор яваад Мааньт гэж миний төрсөн нутаг газраар урагшаа заларч л дээ. Тэгэхэд Ерөнхий сайд А.Амар Сэмбээ ринбүүчийг гаргаж өгсөн гэдэг. Тэгэхээр тэр амаргүй том хүн байж. Залрахад нь манай аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу яасан юм ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай л гэсэн утгатай гэнэ. Би номондоо сайн, шүлэг уншина, нэг уншаад цээжилчихнэ. Их ойтой. Сургуульдаа явна. Бага сургууль гучаад хүүхэд төгссөн байх. Гурав, дөрөв нь аймгийн сургуульд очсон. Тэр үед мал дээр их гардаг байлаа. Дунд сургууль төгсөхөд 10а гэж аравхан хүүхэдтэй анги төгсч билээ. Сургуульд байхдаа онцоос өөр дүн бараг авахгүй. Дөрөв авбал их гонсойдог шартай хүүхэд байв. Спорт сонирхохгүй. Айлд сууж байсан. Номоо үзнэ, өөр юм хийдэггүй. Аравдугаар ангиа онц төгссөн. Тэгэхэд гадаадад явах хүүхдүүдийг Төв хорооны боловсон хүчингээр оруулдаг. Манай аав гадаад явахад жаахан дургүй байсан. “Миний хүү дотоодын сургууль багадахгүй дээ” гээд анагаахад л оруулах санаатай байсан шиг байгаа юм. Гэхдээ намайг шахаагүй. Би “Гадагшаа л явж байвал тогоочийн сургуульд ч байсан явна” гэдэг. Тийм л өвчин байсан. Москвагийн К.А.Темяразовийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи гээд мундаг сайхан сургуульд сурсан. Агрономи мэргэжил эзэмшсэн.

-Гадаадад сургууль төгссөн хүн ямар бодолтой ирэв?

-Ер нь яаманд л ажиллах байх гэж бодож байсан. Лоохууз дарга “Сангийн аж ахуй явна аа” гэсэн. Тэр үед Амгалангийн сангийн аж ахуй улаан буудай тариална, гахай тахиа, үнэг булга үржүүлдэг. Саалийн фермүүдтэй, том аж ахуй байсан. Сангийн аж ахуйн ерөнхий агроном улаан мотоцикльтэй давхина. Тэндээ дасаад жил болох гэж байтал Сангийн аж ахуйг удирдах газар гайхал Лоохууз сайд дуудлаа. “Атар газар эзэмших намын шийдвэр гарсан. Намын том зорилтыг биелүүлэх үйлсэд залуучуудыг ажиллуулна” гэсэн.

Сангийн аж ахуйг удирдах газар ирсэн. Атар эзэмших их ажилд олон хоногоор явна даа. Майхан гэрт хэдэн зуун залуучууд, зөвлөлтийн олон хүн ирчихсэн байсан. Би чинь Атрын нэгдүгээр аяныг эхлэхэд ажиллаж байсан хүн.

-Яаж таныг олж харсан байхав?

-Тэр үед боловсон хүчний бодлого сонин байсан. Нэг өдөр аж ахуй дээр хүн ирээд намын дарга, ногоочид, тариачидтай уулзаад явсан. Өдөржингөө яваад сүүлд нь надтай уулзаад баахан юм асуусан. Тэгсэн чинь гурван сарын дараа намайг Төв хороон дээр дуудаад, Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар авсан. Гэтэл тэр хүн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн орлогч дарга Лувсанцэрэн гэдэг хүн байсан. Төв хороонд ирээд жил болоод 1968 онд Хөдөө аж ахуйн яам усны аж ахуйн яам нийлэхэд орлогч сайд болсон. Найман жил орлогч сайд хийсэн дээ.

-Эхнэр авахдаа ямар шалгуур тавьсан бэ?

-Би чинь хоёр дахь амьдрал зохиосон хүн. Тэр ч оюутан, би ч оюутан байсан. 21-тэй байсан юм уу даа. Энийг бичээд байх хэрэггүй. Нэг их туршлага яриад байх ч юм биш.

-Орлогч сайд хүн таван хүүхэдтэй эхнэрээсээ салаад өөр хүнтэй суусан гэхээр тухайн үед шуугиан тарьсан хэрэг байсан болов уу?

-Тэр их хатуу цагт харин ч хэвлэлээр нэг их юм болоогүй өнгөрсөн. Яахав, одоогийн эхнэртэйгээ дөч гаруй жил амьдарч байна.

-Дундаасаа хүүхэдтэй юу?

-Хоёр хүүхэдтэй. Би анхны эхнэртэйгээ муудалцаад, таарч тохирохгүй болсон юм биш. Амьдрал хэвийн явж байсан. Ер нь хувь заяаны зураг тавилан гэж байна. Зурсан зургаар л явж байна гэж би боддог.

Тэгээд л орлогч сайдаасаа буугаад Завханы Тэсийн сангийн аж ахуйд очсон. Тэжээлийн аж ахуй руу явж байгаа нь тэр л дээ. Орлогч сайдаасаа болино гэдэг бас тийм амархан ч ажил биш. Би энийг зөвхөн хайр дурлал, нэгийг нөгөөгөөр солих юм байгаагүй гэж боддог. Нэг л өдөр би яваад өгсөн. Хэрэлдэж муудаагүй. Эмзэг сэдэв. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. (Энэ үеэр гэргий нь орж ирсэн ч азаар бидний ярилцаж байсан эмзэг сэдэвт сайнаар нөлөөлөв. “Дусаадаг эм дуусчихаж. Такси аваад яваад ирье” гэж гэргий хэллээ. Намайг сонины сурвалжлагч хэмээн нөхөр нь танилцуулахад гэргий нь “Манай өвгөнийг байцаагаад сууж байна уу “ хэмээн инээж байна. “Та сайхан хүүхэнд сэтгэлд алдраад бүх юмаа орхичихсон юм уу гэж байна хэмээн Ш.Гунгаадорж гуай “ховлов”. “Сайхан ч юу байхав” гэж гэргий нь хэлэв. “Орлогч сайд байсан хүнийг буулгаад хаячихлаа гэж та санаа зовж байв уу” гэхэд маань “Тэгэхээс биш яахав. Таньдаг хүн гараад ирвэл ийшээ бултаад, эндээс хүн гараад ирвэл ийшээ бултаад л явдаг байлаа. Би багш хүн. Зарим хүн сургууль дээр очоод сайдын үнэтэй авгайг үзнэ” гэж байсан. “Аймаар байсан” гэж эхнэр нь илэн далангүй хуучиллаа. “Та энэ хүнд сэтгэл алдарсан уу, энэ хүн танд илүү сайн байв уу” гэхэд “Хоёулаа адилхан даа” гэв. “Одоо ч дөч гаруй жил хамт амьдарчээ. Би ч бас тэр үедээ үс гэдэг чинь тахимаа хүрсэн, өндөр, дан дээл өмсч явдаг гунхалзсан охин байлаа. Энэ сайхан хүүхэн л гэж ярьдаг байлаа. 27-28-тай байсан. Надтай цуг ажиллаж байсан багш таараад “Амгалан, чи наймаанд их сайн юм аа” гэнэ. “Би наймаа гэж мэдэхгүй” гэсэн чинь “Хүний наймаанд сайн юм аа” гэсэн хэмээн гэргий нь дурсав. Түүнийг өрөөнөөс гарсны дараа Ш.Гунгаадорж гуай “Миний хүүхдүүд сайн яваа. Цөм сургууль төгссөн. Гарсан хоёр хүүхэд маань дажгүй. Би тэгэхэд гуч гарч байсан. Энэ хүн гуч хүрэх гэж явсан. Одоо дөч гаруй жил хамт амьдарч байна. Энэ миний амьдралын түүх хэмээн тайлбарлав.

“Тэр хол Завхан руу явуулахад мэргэжил маань хэрэг болсон доо. Найман жил ургац алдсан алдагдалтай аж ахуйд очлоо. Би орлогч сайд байсан болохоор шинэ технологийн тухай мэдээлэлтэй.

Одоо яваад байгаа хөрсний элэгдэлтэй тэмцэх технологийг орлогч сайд байхдаа Канад руу хүмүүс явуулаад судлуулж байсан. Түүнийгээ нэвтрүүлээд, хоёр жилийн дотор хоёр удаа Засгийн газрын шагнал авч, тэргүүний аж ахуй болгоход, намайг эргүүлж татаад газрын дарга болгосон. Намайг хэзээ эргүүлж татах бол ч гэж бодоогүй. Ажиллаад л байсан. Сангийн аж ахуйн яамыг байгуулаад, намайг дахин нэгдүгээр орлогч сайд болгосон. Дараа нь Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга болоод,1986 онд Хөдөө аж ахуйн яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, Сайд нарын зөвлөлийн дарга болсон доо. Би тийм овсгоотой байсангүй. Миний хийж бүтээсэн ажлаар үнэлж байсан. Сэлэнгэ аймагт очиход ажил нь уначихсан байлаа. Улс төрийн товчооны хурал дээр Ю.Цэдэнбал дарга хэлж байсан юм. Орлогч сайд найман жил хийхдээ Ю.Цэдэнбал даргатай анх нүүр тулж уулзсан нь тэр, 1981 онд. “За, чи залуу хүн. Тариагаа чи өөрөө мэднэ. Тэнд навсайчихсан газар болсон байна шүү. Тэнд архи ууцгаадаг. Чи хариуцлага дээшлүүл. Энийг л чамд захъя. Моломжамц нэг хуралд нь очсон чинь “Тужийн нарсандаа буриадууд архиар шахаад би золтой л үхэлгүй ирлээ гэж ярьж байсан” гэсэн. Сэлэнгэд зургаан жил болоход бас л улсын тэргүүний аймаг болж, одон авсан. Надад авгайг ч татах ард түмнийг ч татах юм байсан юм байлгүй дээ” гэж Ш.Гунгаадорж гуай наргиа болгов.

-Та жинхэнэ шилжилтийн, завсрын эвгүй үед Ерөнхий сайд болсон?

-Ерэн онд Сайд нарын зөвлөлийн орлогч байж байгаад 1990 оны гуравдугаар сарын 21-нд энэ Очирбат Их хурлын дарга, би Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга болж байсан юм. Яг зах зээл рүү уруудаж эхлэх үе. Д.Бямбасүрэн миний нэгдүгээр орлогч байв.

-Ерөнхий сайдаар зургаан сар ажилласан гэдэг билүү?

-Тийм. 180 хоног доо. Тэгэхэд тэр үеийг яаж туулсан юм. Би бол тэр зургаан сарыг тайван цагийн дөрвөн жилтэй тэнцэнэ гэж боддог юм. Улс төрийн товчоо аль хэдийнэ огцроод явчихсан. Талбай дээр битүү хүн сууцгаачихсан. Найман аймагт өлсгөлөн зарлачихсан. Контортоо хонодог. Айхавтар үе байсан. Тэр олон хүн дотор согтуу хөлчүү эсэн бусын хүн байсан байх л даа. Тэгэхэд ордны нэг цонх хагараагүй. Би ямар ч байсан хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж боддог юм. Хэлэлцээр хийхээр С.Зориг, Баабар, Р.Гончигдорж эд нар миний өрөөнд орж ирнэ. Байр нэхнэ. Тав зургаан нам байлаа, бүгдэд нь байр гаргаж өглөө. Баабар “Социал демократ намд байр өгөхгүй бол дөрвөн ханатай гэр барилаа” гэж байсан. “Битгий дэмий юм ярь. Юу ярьж байгаа юм” гээд СТӨ-ний “хүзүүвч”-инд байр гаргаж өгч байсан л даа. Тэр зун таван сарын найман зургаанд давалгаа арилаад, хэлэлцээр явсаар байгаад ардчилсан сонгууль явуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэгэхэд “Засгийн газар огцор”, Ардын түр хороо байгуулна. Ордонд бид орно гэдэг байсан. Ярьж хэлэлцсээр байгаад сонгууль явуулахаар болсон. Тэгсхийгээд тайвшраад, сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль ерэн онд болсон шүү дээ.

Жинхэнэ сонгууль тэр болсон. Хотод нэг тойрог дээр 27 хүн өрсөлдөж байсан юм. Би ч яахав Өмнөговиос дэвшсэн. Надтай өрсөлдөх хүн байгаагүй. Бүх нэр дэвшигч цуг явдаг. Хүмүүсээ цуглуулаад бүгдээрээ ээлжилж юмаа яриад л явдаг байлаа.

Сонгуулийн үр дүнд шинэ их хурал бүрдсэн. Манай Засгийн газар тайлангаа тавиад, дараагийн Засгийн газар байгуулагдсан даа. Социализмаас зах зээлд шилжих эхний тоосгыг бид тавьсан. Арай зөөлөн, холбогч маягийн Засгийн газар байлаа.

-Та лам хүний хүүхэд амандаа уншдаг тарнитай юу?

-Би айхавтар шүтэгч биш гэхдээ өглөө бүр уншдаг хэдэн тарнитай.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баасанжав: Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………….

Монгол Улсын гавьяат жүжигчин, Дунгаамаа дуугаараа ард түмний зүрх сэтгэлд хоногшсон дуучин Д.Баасанжавтай ярилцлаа.


-Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ.

-Дуучин Д.Баасанжав гэхээсээ илүүтэй Дунгаамаа гавьяат болжээ, шагнал нүдээ олжээ гэцгээж байна шүү. Дуугаараа дуудуулж, бүтээлээрээ мөнхөрнө гэдэг сайхан?

-1995 оны дуу шүү дээ. Миний шүтээн тэр байна (Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөрөг рүү заав.сурв). Миний сайхан хуурай ах. Энэ хүн надад “Дунгаамаа” дууг Ардын дуу, бүжгийн чуулга дээр авчирч өгч байлаа. 1995 оны хавар, гуравдугаар сард. Тэгээд энэ дуугаа Д.Маам гуайд утсаар дуулж өгч, анх сонсгож билээ.1995 оноос хойш 24 дэх жилдээ дуулж байна. Дуучид дуугаараа овоглогдох нь бий. Манай урлагийнхан, ялангуяа дуучид маань л “Дунгаамаа ах” гэж намайг дуудаад эхлэхгүй юү дээ. Энд тэнд явахаар “Хөөе, Дунгаамаа” гэцгээнэ. Утсаар ярихдаа “Дунгаамаа ах уу” гэнэ. Би үүнд нь дасчихсан. Бас уран бүтээлээрээ овоглуулна гэдэг уран бүтээлч хүний хувьд сайхан завшаан. Тийм сайхан баяр өөр юу байхав. Баярлаж явдаг шүү.

Дунгаамаа-г нэлээд хожуу дүрсжүүлсэн байх аа?

-Хоёр, гурван ч клип хийсэн юм.

-Та орос цэргийн хувцастай дуулдаг клипийг л сайн мэдээд байна?

-Тэр чинь 2006 оны клип. Эрдэнбулган багш “Үхэж үл болно” гэдэг кино хийлээ шүү дээ. Хэнтийн Баян-Улаанд зургийг нь авсан юм. Тэр ажилд нь анхнаас нь туслалцаж Түвшинтөгс гавьяат, төрийн шагналт Төмөрбаатар, жүжигчин Энхтуул, Дэмидбаатар бид нар Эрдэнэт, Булган аймгаар хандив цуглуулж явсан юм. Түвшинтөгс гавьяат манай чуулгын дарга байсан. Хандив цуглуулах ажилд идэвхтэй оролцсон бидэнд киноны дүр өгсөн юм. Надад баатрын дүр өгсөн. Тэр үед “Дунгаамаа” дуу маань “Үхэж үл болно” киноны натурын сүлд дуу боллоо. Өмнө нь хоёр ч клиптэй байсан ч нэг л явж өгөөгүй юм. Харин FM радиогоор байнга явдаг байсан үе л дээ.

Тэгээд киноны натурын сүлд дуу болоод клип шинээр хийх санаачилгыг жүжигчин Бямбацогт гаргаад “Only” студийн Батсайхан дүү маань дэмжсэн. Намар нь клипний ажилд зориглож ороод Драмын театрт зургийг нь авсан шүү дээ. Драмын театрын дарга Цэрэнсамбуу ах их тус болсон. “Клип хийж болно. Гол нь тайзан дээр гал түлж болохгүй шүү” гэж билээ. Сүү буцалж байгаа хэсгийг авахдаа газ ашиглаж аргалсан. Маш их сэтгэл гарсан клип. Тэр үедээ л үнэтэй клип байлаа. Эртний эдлэлийн дэлгүүрээс машин түрээсэлж аваад, циркийн хоёр том сарлаг, элс, боодол өвс гээд их л юм авчирч байж хийж байлаа.

-Таныг урлагт мундаг улсууд хөтөлж оруулж ирсэн байдаг?

-Тэгэлгүй яахав. Хөвчийн Жонон вангийн хошуу, Сэцэн хан аймаг бол Монголын бүх л алдартай дуучдын өлгий нутаг юм билээ. Миний аав, өвөө их сайхан дуулдаг улсууд байсан. Урлагийн тайзан дээр анх хөтөлж гаргасан багш бол “Жонон хонгор”-ын Лүндэгийн Дашням. Дараа нь Юндэнгийн Хөнхөр байна. Надад анх нот заасан хүн. “Хилчний уянга”-ын Хөнхөр. За тэгээд миний багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн багш маань байна. Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан, Мархагшийн Найдалмаа багш маань байна. Энэ олон сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй явж байна даа. Монгол Улсын төрийн өмнө очоод гавьяат жүжигчин цол авч байх үед хүний сэтгэл их хөдөлдөг юм билээ. Тэгэхэд аавыгаа их бодсон. Хоромхон зуурын агшин шүү дээ. Миний аав намайг анх дуулж байхад л “Миний хүү гавьяат болох хүн дээ” гэдэг байж билээ. Аав минь саяхан л өөд болсон. Сайхан багш нараа бодож байлаа. Тэнгэрт байгаа багш нараа ч бодож байлаа. Чинзориг гэдэг энэ аугаа хүн надад “Дунгаамаа” дуугаа өгөөгүй бол би өдийд аль нэгэн дуугаараа овоглох байсан ч юм уу, үгүй ч юм уу. Монголын ард түмэнд “Дунгаамаа” дуу маань Баасанжав гэж ийм нэг дуучин байдгийг харуулж өгсөн. Урлагийн энэ сайхан бурхдаа тэр агшинд бодож зогсч байлаа.

-Ардын дууны урлаг бол тухайн улсын урлагийн цөм нь байдаг. Ардын дуу, ардын урлаг хэр бат бэх байна. Тэр хэрээр тухайн улсын урлаг урагшилдаг болов уу гэж боддог?

-Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн асар их өв шүү дээ. Бидэнд үүнийг хийгээрэй гээд үүрэг болгож үлдээсэн зүйл байхгүй юу. Үүнийг цааш нь бид дамжуулах хэрэгтэй. Энэ чинь асар их сав шүү дээ. Энэ их саваас шанагаараа хутгана уу, халбагаараа хутгана уу. Бидэнд үлдээсэн энэ их өвийг цааш нь дамжуулах ёстой. Би энэ л үүргээ биелүүлж яваа. Намайг гурван настайгаасаа л дуулсан гэж манай хөгшчүүл ярьдаг юм. Миний анхны дуу бол “Гунан хар”. Би хөдөө, хориод айлын дунд л хүн болсон. Шохойн тасаг гэсэн хэдхээн айлын дунд өссөн. Манайхан маш их ажилтай. Намар нь банкаад гэж хийнэ. Ажлаа дүгнэнэ. Аймаг, орон нутгийн дарга нар ирж үздэг. Тэрний концертод нь би оролцож дуулна. Хөгшчүүл намайг их өхөөрдөж дуулуулна. Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн хүн.

-Одоо цагт дуулагдаж байгаа дуунууд хожим хойно нь ардын дуу болно доо. Харин хэд нь бол гэдэг л сонин?

-Болно. Гэхдээ дууны хувь заяа гэж байна. Дууны хувь заяа гэдэг таашгүй эд. 1990-ээд онд учиргүй л хүн бүхэн аялж байсан дуунуудыг хэн ч аялахаа байчихсан л байна. Түүнээс биш бүх дуу зуун даваад явчихдаг эд биш. Хүний сэтгэлд хэр үлдэж байна, хэр их залгамж чанартай байна, тэрнээсээ шалтгаалж үлдэнэ.

-Монгол ардын дуунуудыг сонсчээ байхад тухайн үед монгол харчууд, бүсгүйчүүд их гоё байжээ гэж бодогддог. Жишээ нь,

…Данагар данагар алхаатай яа хө

Дал мөрөө давсан гэзэгтэй еэ хө гэхэд л сайхан эр нүдэнд төсөөлөгддөг. Гэтэл одооны дуунуудад эр хүн, бүсгүй хүний тухай сэтгэлд хүртэл өгүүлэх нь ховор юм?

-Одоо бол масст зориулж юм хийгээд байна. Жишээ нь, наадам болоход морины тухай дуунууд үйлдвэрлэгдэнэ. Тэрний, энэний морь, тэр морь, энэ морь сайн гээд л. Хөдөөний сайхан наадам дээр ардын дуу явахгүй байна шүү дээ. Дан морины тухай дуу явна. Масст зориулж юм хийгээд байна.

-Зорилготой, захиалгатай гэж үү?

-Тийм. Захиалгаар. Сайхан уяач залуу байлаа гэхэд “Миний энэ моринд зориулж дуу хийе. Би шүлгийг нь бичье. Чи хөгжмийг нь зохио” гэдэг. Нэг бодлын жаахан алдарших гээд байгаа юм уу даа. Тийм л юм болоод байна шүү дээ.

-Монгол ардын дуунд тооцогдох, дараагийн жаранд дуулагдчихаар ямар дуу байна вэ?

-Олон дуу бий. Дан ялангуяа 60, 70-аад оны дуунууд байна. Ардын дууны жанраар хийсэн дуунууд байхгүй юу. Европ хөгжмийн ямар нэгэн зүйл ороогүй. “Дөрвөн цагийн тал” гэдэг ч юм уу, сайхан дуунууд байна. Ардын дууны хүрээнд хийсэн дуунууд. Тийм учраас тэдгээр дуунууд зуун давах нь ойлгомжтой. Түүнээс биш салхиар ч юм уу, сэтгэлийн хөөрлөөр хийсэн дуунууд удаан явахгүй.

-Монгол ардын дуунуудыг бүгдийг нь халхчилж дуулаад байх шиг байдаг юм. Нутаг нутгийн аялгаар нь дуулж байвал зүгээр санагддаг?

-Монгол ардын дууг халхчилж болохгүй. Одооны залуус хорчин, баяд дууг бүгдийг нь авчраад бушуухан од болохын тулд Монголд л таалагдахын төлөө халхчилж дуулаад байна. Баяд дууг баядаар нь дуулах ёстой. СУИС-д сурч байгаа баяд хүн баяд дуугаа баядаар нь дуулж сураад нутагтаа аваачиж үлдээх ёстой. Барга хүн энд ирэхэд би барга дууг нь заана. Барга хүнийг баргаар нь дуулуулах хэрэгтэй. Тэгж байж бид энэ том ай саваа авч үлдэнэ шүү дээ. Түүнээс биш бүгдийг нь авчраад халхчилчихвал хэцүү. Сүүлдээ хөгжилгүй болно. Манай уртын дуу ч нэг хэсэг ийм болсон. Хүн бүр “Эр бор харцага”-ыг ганцхан аяар дуулдаг.

-Нутаг нутагт өөр өөр дуулаад байдаг шүү?

-Сүхбаатарт өөр дуулж байна. Өмнөговьд бас л өөр дуулж байна. Одоо харин манай багш нар өөр болж байна. Хардал аялгуугаараа дуул, чи Хөвчийн жонон аялгуугаар дуул, чи Баянбараатаар дуул гэж ангилж байгаа нь бахархалтай л хэрэг.

-Та мартагдсан дууны араас явж байсан уу. Сургаар зорьж очиж л байсан байх даа?

-Байлгүй яахав. Зүүн тийшээ явж олон дуу олсоон. Баруун тийшээ нэг явсан юм. Ардын дуу, бүжгийн чуулга 1997 онд “Монгол түмний дуулал-2” концертоо тавих боллоо. Би Ховд руу явсан юм. Тэнд очоод Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын жүжигчин М.Яасай гуайн гэрт нь зорьж очлоо. Монхор хамартай өвгөн машинаа засаад их ууртай байна аа. Би учраа хэлж “Танаас чантуу дуу сурах гэсэн юм” гэлээ. Тэгсэн чинь хөгшин нь гарч ирлээ. М.Яасай гуай “За ороод жимс идэж бай” гэж байна. Удахгүй араас орж ирээд гараа угаачихаад “Чи ямар дуу сурах юм” гэж асууж байна. Би “Чантуу дуу л сурмаар байна” гэж хариуллаа. Тэгээд “Хар нүд” дууг М.Яасай гуай надад зааж өгч байсан юм.

-Ямар дуу билээ, яаж эхэлдэг билээ?

-(Узбекээр дуулав.сурв).

Хөмсөг сайтай охин минь

Хөмсгийг чинь харъя гээд л эхэлдэг дээ. Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг бид хоёр дуулдаг юм. Дуулахдаа хэрхэн бүжиглэдэг хөдөлгөөнийг нь хүртэл тэгэхэд заалгаж авсан. М.Яасай гуай надад бүжиглэж зааж өгч байхад хөгшин нь хажуунаас нь “Үгүй ээ, чи наад өсгийгөө буруу тавиад байна. Ингэж тавих ёстой” гээд санаа оноогоо хэлж байж билээ. Хамгийн хол явж ардын дуу олж ирсэн нь тэр юм. “Хан Хэнтий” чуулгынхан маань 56, 60 хоног бригадаар явдаг байлаа. Тэгж явахдаа нутаг нутгийн хөгшчүүлээс заавал нэг юм олж ир гэдэг үүрэгтэй. Хамгийн чухал нь уран бүтээлч хүн мартагдсан дууг сэргээх хэрэгтэй. Эргэлтэд оруулах. Энэ нь дуучин хүний үүрэг.

-Таны урын санд шинээр сэргээсэн, эргэлтэд оруулсан мартагдсан дуунууд хэд орчим байна вэ?

-20, 30-аад дуу бий. Мартагдсан дууг сэргээж авчирч болно. Тэрийг эргэлтэд оруулахдаа хэрхэн хүргэх вэ гэдэг нь чухал. “Цонхон дээр суусан ялаа” ардын дууг би арай өөр дуулна. Хүмүүсийнх бас өөр. Гомбосүрэн гуайн “Цэнхэрлэн харагдах уул”-аас миний дуулах маш жижиг ялгаатай байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн дуулдаг “Цэнхэрлэн харагдах уул”-аас миний дуулдаг хувилбар жаахан жаахан нугалаагаар өөр байх ч юм уу. Ардын дууны хамгийн чухал нь нугалаа, өгүүлэмждээ л байдаг байхгүй юу.

-Баяд ардын дууг баядуудын дунд ороод дуулах, цорос дууг цоросуудын дунд очиж дуулах нь их сайхан биз?

-Тэгнэ шүү дээ. Би Дорнодын цаадах Хөлөнбуйрт очоод барга дууг баргаар нь дуулахад огт өөр. Ямар сонин юм бэ гэнэ. Бас нэг гоё юм нь тэр хүмүүс чинь “Энэ хэсэг дээр жаахан алдаа байна шүү, чамд”, “Энэ хэсэгт нь ингэж түлхээд өгдөг юм. Чи сая түлхсэнгүй”, “Энэ дээр ийм нэг нугалаа байдаг. Чи тэрийг хийсэнгүй” гэдэг ч юм уу зааж захиж өгнө. Тэрэн дээр нь засаад улам сайхан болгоно.

Ардын дуу нь аливаа нэг урсгалд цохигдож байдаг. 1960, 1970-аад онд эстрад гарч ирэхэд, дараа нь хип хоп гарч ирэхэд одоо зохиолын дуу гэдэг төрөлд цохигдлоо. Сүүлийн үед ардын дуугаа дуулах сонирхол нэмэгдээд байна. Дуулах сонирхол нь байгаад байдаг. “Гарын арван хуруу” гээд бүх дуу дотор нь байдаг. Ил гаргахаа больчихоод байна. Монголчууд чинь дуучин ард түмэн. Дуулахыг тэнгэртэй холбогдож байна гэж ойлгож явдаг юм. Хүнээс аялгуу, гэгээн урсгал гарахад бидний эргэн тойронд буй, тэнгэрээс буусан өвөг дээдэс минь баясч байдаг гэж боддог юм шүү. Аян замд гарахын өмнө нэг сайхан дуулчихад замаа засчихлаа гэж ойлгодог. Ардын дууг бидэнд ухааруулаад авчраад өгчихсөн, бэлэн, энэ их өв сангаа бид ирээдүйдээ нийтээрээ хүргэж өгөх үүрэгтэй. Хурим, найр гээд хаана ч ардын дуугаа дуулдаг нь ховордчихсон байна. Сүүлийн үед ганц нэг залуус ардын дуу руугаа орж байна. Гэхдээ ардын дууг фонограмтай дуулахгүй. Ардын хөгжим гэж бас байна. Энэ бол дуутайгаа хамт ирсэн том эрдэнэ. Тийм учраас ардын дууг фонограмтай дуулж болохгүй. Б.Алтанжаргал гээд сүүлийн үеийн ардын дуучид байна. Дандаа фонограмтай дуулаад байна. За яахав, хүмүүст хүргэх гээд байх шиг байна. Ардын дуу нь өөртэйгөө хамт зуун дамжиж ирсэн энэ хөгжимтэйгөө л цуг үлдэж, цуг урагшаа явна. Тиймээс ардын дуугаа ардын хөгжимтэйгөө хамт дуулж явцгаая.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ерөнхийлөгч Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв DNN.mn

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сарантуяа: Хөлөө жийж суугаад төрсөн өдрийн бэлгүүдээ задлах гоё шүү DNN.mn

Өдрийн сонины архиваас…………..

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Сэхүүн салхи” төрсөн өдрийн тоглолтоо энэ сарын 20-нд хийх юм. Тэрбээр өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд төрсөн өдрийн тоглолтынхоо тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Төрсөн өдрийн ес дэх тоглолт нь “Монгол бөхийн өргөө”-нд болох аж. Тоглолтод “RANDOM”, “Олонхи” хамтлаг, ҮДБЭЧ, БЦДБЧ-ын бүжигчид, ая зохиогч Б.Ангирмаа, Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар оролцох юм байна. Дуучны энэ удаагийн тоглолт, хэрхэн бүтэж буйг бодитоор харуулах “Сэхүүн салхи тоглолтын тухай” реалити шоу бэлтгэж байна лээ. Б.Сарантуяатай цөөн хором ярилцлаа.


“Өдрийн сонин”-д талархаж явдаг. Орон нутгийн аялан тоглолтын спонсор байсныг ерөөсөө мартаагүй шүү гэсээр дуучин биднийг угтлаа.

-Төрсөн өдөр чинь удахгүй болох нь ээ. Таны хувьд хамгийн мартагдашгүй төрсөн өдрийн бэлгийг хэн өгсөн бол?

-Олон бэлэг авч байсан болохоор ийм бэлэг муу, ийм бэлэг сайн гэж хэлж чадахгүй байна л даа. Анхны төрсөн өдрөөр маань MCS Кока кола бүтэн жилийн хэрэглээний кола үнэгүй нийлүүлж байлаа. Би хоолондоо дарс хийх дуртай. Дарс миний хэрэглээнд дандаа байдаг учраас АПУ компанийнхан бас бүтэн жилийн хэрэглээний “Хатагтай” дарсаа бэлэглэсэн. Хөдөө найр наадамд явахдаа тэр дарснуудаа авч явж билээ. Тэр бол сонирхолтой бэлэг байсан. Сая нэг сюрприз барьсан юм байна.

“United Colors of Benetton”-ы дистрибьютер “Promon trade” компанийн захирал Н.Оюунбат надад хаврын коллекцийн чемодан дүүрэн хувцас болчихоор мөнгөн дүнтэй бэлгийн карт бэлэглэсэн шүү. Нэг удаа бэлгийн карт аваад хамаатан саднууддаа бэлэг аваад таарсан. Одоо би 45 хүрч байгаа юм чинь өөрийгөө хувцаслана гэж бодож байгаа. Маргааш эрт shopping хийнэ. Эмэгтэй хүн хааяа дэлгүүр хэсээд, стрессээ тайлдаг. Би дэлгүүр хэсэх хоббитой хүн биш л дээ. Бас жаахан дутагдалтай. Олдсон дээр нь гялс авчихъя гээд шинэ жилээр тав зургаан хос гутал, шуба авчихдаг. Гэхдээ энгийн үедээ өмсөхгүй л дээ. Хүлээн авалт, улаан хивсний ёслол дээр өмсөхөөр тооцож авдаг. Найз залуутайгаа уулзах, хэн нэгний төрсөн өдөрт очихдоо сайхан хувцаслая гэж нэг их хичээдэггүй. Тоглолтон дээр өмсөх хувцсаа л боддог. Дэлгүүрүүдэд байдаг, энгийн хүн хэзээ ч сонирхохооргүй этгээд, галзуу солиотой загвартай гутлуудыг би л авдаг.

-Эр хүнээс авсан хамгийн том бэлэг гэвэл юу байх вэ?

-Хүүхэд байлгүй дээ (хөхрөв) Гэхдээ хөөрхий минь, Эрхмээгийн аав их гоё бэлэг өгдөг байсан юм аа. “Найз бүсгүй минь болооч” гэж бриллиант шигтгэсэн алтан бөгж бэлэглэж байлаа. Тэрийг мартахгүй шүү. Дээрээс нь Б+С = love гэсэн нимгэн алтан гинж бэлэглэж байсныг би сая зүүлт чимгээ янзалж байхдаа олж авсан. Ерөөсөө гундаагүй, алтан юм чинь гялалзаад байж байдаг юм билээ.

-Сараа төрсөн өдрөө хэд хүртлээ доргио тэмдэглэх болоо?

-Ер нь 50 хүртлээ гандан буурахгүй ш дээ. Хүмүүс намайг төрсөн өдрөө битгий тэмдэглэ гэдэггүй. Харин төрсөн өдрөө тэмдэглээч ээ, яагаад тэмдэглэхгүй байна аа гэцгээдэг. Гоё шүү. Миний ээжийн төрсөн өдөр их гоё болдог. Бид ээжийнхээ төрсөн өдрийг гоё тэмдэглэхийг боддог. Тийм учраас ер нь бол төрсөн өдрөө сайхан тэмдэглэнэ.

-Сарааг зүгээр л нэг эзэгтэй шиг, эр хүнийг хараад амьдрахыг хүстэл нь дурлуулах эр хүн учрах болов уу?

-Толгойд тийм программ суулгах хэрэгтэй юм шиг байна лээ. Тийм хүн хай, Сараа гээд хайлтын систем дээрээ тавиад хүлээгээд сууж байх хэрэгтэй юм болов уу. Заримдаа өөрөө хийчих юмаа ч “Надад туслаач” гэж хэлэх ёстой юм байна. Би болохоор “Аан, би өөрөө хийчихнэ ээ”, “Зүгээр зүгээр өөрөө авчихна”, “Надад байгаа” гэдэг. Тэгэхээр чинь хүн яаж надад туслах вэ дээ. Ер нь хүчирхэг мөртлөө заримдаа сул дорой харагддаг эмэгтэйчүүд л эрчүүдийг өөрийнхөө төлөө хөдөлгөж чаддаг юм биш үү.

-Хэн нэгэн эр хүнээс зүгээр л тусламж гуйх үе байсан уу?

-Байлгүй яах вэ. Ер нь туслалцаа гуйхад нэг ч удаа “Үгүй” гэж хэлж байсан хүн байхгүй шүү. Монгол эрчүүд их хүнлэг. Яахав машины хаалга онгойлгох, сандал тавьж өгөх, хувцас өлгөхдөө муу юм билээ, манай эрчүүд.

-Тоглолтоо яагаад “Сэхүүн салхи”-аараа нэрлэх болсон юм бэ?

-Монголчууд бүгд сэхүүн. Шал арчиж байгаа үйлчлэгч нь хүртэл “Гадуур нь яваарай” гээд загнаад өнгөрдөг. Ажлаа хийхдээ ч эзэн, дор дороо ноён шиг байдаг юм биш үү. Ийм сэхүүн ард түмэн. Тийм учраас “Сэхүүн салхи” гэдэг нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог. Өрөнд орлоо, зээл авлаа л гэнэ. Сайн цаг ирнэ гэж найдаад, монголчууд өөрийнхөө оюун ухаан хүч чадалдаа итгэж , эвтэй найртай байж, Монгол Улсаа хөгжүүлэх аргаа л хайх ёстой шүү дээ. Би бас бодсон л доо. Зүгээр л нэг дурлал энэ тэр гэсэн нэртэй концерт байвал ямар уйтгартай вэ. Сэхүүн салхи гэхээр өөрчлөлтийн салхи ороод ирэх ч юм билүү. Сараа ч өөрчлөгдөөд гараад ирэх юм билүү. Бид тайзан дээр зоригтой шийдэл хийнэ ээ.

-Хүмүүс эдийн засгийн хямрал гэж их ярьж байна. Таны хувьд хямрал болж байгаа юу?

-Хямрал рок попынхон, урлагийнханд нөлөөлсөн гэж би бодож байна. Хямрал нөлөөлсөн учраас шинэ жилээр тэн хагас нь ажилгүй байсан гэж сонссон л доо. Миний хувьд бүтэн баг ажилладаг, менежмент сайтай байсан учраас үнэ ханшийн хувьд ч харьцангуй уян хатан байж, арванхоёрдугаар сарын 25 хүртэл тоглолтоо зохицуулаад, гадаадад монголчуудынхаа урилгаар ч тоглосон. Хямрал надад нөлөөлөхгүй байхуйцаар урьдчилан бэлтгэсэн. Хямрал болно гэдгийг мэдэж байсан. Өглөө босоод валютын ханш хэд байгааг сонирхдог.

-Банкир нөхөртэй байсны ул мөр үү?

-Уучлаарай, манай экс нөхөр банкир байгаагүй юм ш дээ. Гумболдийн их сургуулийг урлаг судлаачаар төгссөн юм билээ. Занабазараар хамгаалсан. Яахав “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан учраас банкир гэж ойлгоод байдаг болохоос биш. Ер нь мундаг хүн л дээ. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. ХААИС-ийн сургуулийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн хүн чинь ханш харалгүй яах вэ. Өмнөдмонголоос тоглолт хийгээч гэж ярихад би юанийн ханш хэд билээ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Аль валют нь өндөр ханштай байна тэр улсад очиж тоглоё доо гэж би наргиа болгодог.

-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ нэг цагт ажиллах болов уу?

-Үгүй байх аа. Дандаа тоо эргүүлнэ гэдэг уйтгартай ажил шүү. Зохион бүтээгч юм уу. Интерьер, дизайн ч юм уу, хүүхдийн зохиол ч юм уу хийж болно ш дээ.

-Таны тоглолтын өмнө реалити шоу хийх санаа хэнээс гарсан бэ?

-Үүнийг манай “Apple produсtion”-ы захирал Б.Анхтуяа санаачилж, надад хэлсэн. Тоглолтын өмнө хөрөг нэвтрүүлгээс уран бүтээлч хэрхэн ажилладаг, яаж ивээн тэтгэгчтэй, сонин хэвлэлийнхэнтэй уулздаг. Ямар ааштай, өдөр тутамдаа амьдралаа зохицуулж явдаг юм. Урлагийн ажлаа яаж хийдэг юм гэдгийг харуулах үүднээс ийм шоу санаачилсан юм билээ. “Би реалити шоу хийж байгаа шүү, нүүр амаа бэлтгээрэй” гэсэн чинь манай “RANDOM”-ын Бука “Хо хо” гээд “Найз нь угаасаа л гоё ш дээ, чи намайг яалгах гэсэн юм бэ” гээд тоглоод байгаа юм даа. Бас л гоё л байна л даа. Урлагийнхан реалити шоунд бэлтгэлтэй байна лээ.

-Төрсөн өдрийн тоглолтын дараа Сараа юу хийдэг бол?

-Хүлээн авалтын үеэр бүх ирсэн зочдод анхаарал тавиад, талархал илэрхийлээд, бараг өөрөө идэж ууж чадахгүй шахуу явж байгаад өглөө сэрээд хэвлэлээр юу гарсныг сонсоно, чагнана. Тэгээд л гоё зургуудаа үзээд, мэндчилгээнүүддээ хариулаад, унтлагынхаа хувцастайгаа том өрөөндөө ороод бэлгүүдээ задалж эхэлдэг. Хэн юу бэлэглэсэн нь сонин байдаг. Силкэн унтлагын хувцастай, том өрөөнд камин зуухны хажууд хөлөө жийж суугаад бэлгүүдээ задалж байгаа зураг байдаг. Тэр үе бас гоё шүү. Хамгийн гол нь тоглолт гоё болбол Сараа аз жаргалтай байдаг юм даа. Тийм үед хүлээн авалт супер л болдог. Тоглолт муухай болохгүй л дээ. Яахав жижиг сажиг алдаа гарчихаар жаахан сэтгэл дундуур болчихдог.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.ЯНЖМАА