Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​БУЛГАН АЙМАГ ТЭШИГ СУМ: Жамцын Даваажав агсны хөшөөг санаачлан босголоо

Булган аймгийн Тэшиг сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Жамцын Даваажав агсны хөшөөг Булган аймгийн төвд босгожээ.Энэхүү санаачилгыг Даваажав гавьяатын уугуул нутаг Тэшиг сумын нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрхэмбаяр санаачилсан байна. Зохион байгуулах гол ажлыг нь Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан удирджээ. Хөшөөний нээлтэд нэрт тамирчны гэр бүл, үр хүүхэд, төрсөн ах дүүс, шавь нар, Тэшиг сумын нутгийн зон олон оролцсон юм. Мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Булган аймгийн Баян-Агт сумын харьяат улсын начин Ж.Оргилболд тэргүүтэй шавь нар, нутгийн хүндтэй хүмүүс оролцсон. “1980 оны Москвагийн зуны олимпод алтан медалийн үзүүр дээрээс атгаад алдсан нэрт бөхийнхөө хөшөөг цар тахлын хөл хорионы өмнөхөн нутгийн зон олны хандиваар босгож, нээлтийг нь хийсэндээ баяртай байна” хэмээн зохион байгуулагчид хэлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СҮХБААТАР АЙМАГ БАРУУН-УРТ СУМ: “Агтана хүрээт” наадмаа зохион байгуулав

Сүхбаатар аймгийнхан гурван жилийн өмнө “Агтана хүрээт” хэмээх адуучдын баяр, хүлэгч эрсийн наадмыг санаачлан зохион байгуулах болсон. Энэ наадам эхний жилдээ орон нутагтаа зохиогдож, хоёр дахь жилдээ бүсийн наадам гэж өргөжсөн. Энэ удаа өнгөрсөн сарын 7-нд хөл хорионы өмнөхөн амжиж зохион байгууллаа. Энэ удаа сонгуулийн дараахь аймгийн удирдлагуудын томилгоо зэргээс шалтгаалан, орон нутгийн зүгээс оролцоо муу байжээ. Харин санаачлагч, зохион байгуулагч нар арга хэмжээг тасалдуулахгүйн тулд хичээн ажилласан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​УВС АЙМАГ УЛААНГОМ СУМ: Улаанбаатарт гацсан 5000 гаруй хүн ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдийг хөдөө орон нутаг руу тээвэрлэх ажил энэ сарын 1-нээс эхлээд байна. Увс аймаг руу 5000 орчим иргэн очих бөгөөд эдгээр хүн коронавирусийн шинжилгээнд хамрагдаж байгаа аж.Сумдын шуурхай штабуудтай өнгөрсөн сарын 29-ний өдөр цахим хурал хийж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өгчээ. “Халдварын бүс нутгаас 5000 гаруй иргэн ирэх гэж байна. Иймээс хүн бүр дор бүрнээ халдвар хамгааллыг сайн сахиж, хөл хориогоо чангатгах хэрэгтэй. Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд ч ухамсартай байж, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, гадуур сэлгүүцэхгүй байх шаардлагатай” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Баттулга хэллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМ: Хатуу хөл хорионы дэглэмийг бууруулаад байна

Дорноговь аймгийн Онцгой комиссын өнгөрсөн сарын 26-ны хуралдааны шийдвэрээр тодорхой сумдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон тэг зогсолт буюу хатуу хөл хорионы дэглэмийг бууруулаад байна. Дэглэм бууруулсан сумдын шаардлагатай худалдааны төвүүд, үйлчилгээний газрын үйл ажиллагааг тогтоосон дүрэм журам, цагийн хуваарийн дагуу ажиллахыг зөвшөөрсөн. Эрүүл мэндийн болон эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа үйлчилгээ, банкны үйлчилгээ, хүнсний хангалтын үйл ажиллагаа, зарим ахуйн хэрэглээний худалдаа, дугуй засвар, авто засвар, шатах тослох материалын худалдаа зэрэг үйлчилгээний газрууд ариутгал халдваргүйтгэлийг сайтар мөрдөж, үйлчлүүлэгч хоорондын зайг баримтлан үйлчилгээ үзүүлэх юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​АРХАНГАЙ АЙМАГ ЦАХИР СУМ: Суманд өвөлжилт хүндэрч байна

Цахир сумын нийт нутгаар цас их орсноос 100 гаруй өрхийн 30 гаруй мянган толгой малыг Чулуут, Өндөр-Улаан, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд оторлуулсан. Мөн сумын 180 гаруй мянган толгой малын өвөлжилт хүндэрч байгаа талаар сумын Тамгын газрын дарга Батсайхан мэдээллээ. Цахир сум аймгийн төвөөсөө 220 км алслагдсан бөгөөд 614 өрх, 2400 гаруй хүн амтай аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СЭЛЭНГЭ АЙМАГ ШААМАР СУМ: Түргэвчилсэн оношлуурын цэг ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дамжин өнгөрөх дөрвөн замын уулзварт явуулын түргэвчилсэн оношлуурын цэг ажиллаж байна. Тус дөрвөн замын уулзвар нь Сэлэнгэ аймгаас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг болон бусад аймаг, сумд руу дамжин өнгөрдөг олон улсын авто замын гол төв цэг юм. Иймээс энэхүү байршилд явуулын түргэвчилсэн оношлуурын цэг байгуулан ажиллуулж байгаа аж. Өнгөрсөн сарын 24, 25, 27-ны өдрүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Нийт 10 аймаг, найман сумын 528 иргэнийг шинжилгээнд хамруулан орон нутагт нь буцаасан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМ: Идшинд 600 тонн мах бэлтгэжээ

Өвөрхангай аймаг хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд иргэд 46133 толгой мал, 600 гаруй тонн махыг өвлийн идшинд бэлтгэжээ. Өнгөрсөн сарын 11-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Арвайхээр сумын айл өрхүүд 19453 толгой мал, 131785 тонн махыг өвлийн хүнсэндээ хэрэглэхээр зөвшөөрөгдсөн постоор дамжуулан оруулсан байна. Бусад сумын хэмжээнд 14680 толгой мал, 138 тонн махыг хяналтын постоороо дамжуулан авсан бол Улаанбаатар руу 12 мянган толгой мал, 291 тонн махыг бэлтгэн нийлүүлжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар өвлийн идэш бэлтгэх, нийлүүлэх ажлыг төв суурин газартаа зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу айл өрхүүд мал, махаа хөдөөнөөс захин авчирч, зөвшөөрөгдсөн постоор нэвтрүүлээд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ АЛТАЙ СУМ: Таван чиглэлээр хөгжүүлэхээр төсөвт мэдүүлэв

Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас Төсвийн тухай хуулиар “Аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ” гэсэн заалтын дагуу арваннэгдүгээр сарын 25-нд аймгийн 2021 оны төсвийн төслийг ИТХ-ын дарга Д.Даваадоржид өргөн мэдүүллээ. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Энэхүү төсвийг боловсруулахдаа 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдуулсан. Удахгүй 2020-2024 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-д өргөн барина. Эдгээрийг боловсруулахдаа Говь-Алтай аймгийн ард иргэд, Нутгийн зөвлөл, бизнес эрхлэгчид болон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн намуудаас санал авлаа. Ингэснээр ард иргэдийн өмнө тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх ажлууд мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан. Тухайлбал, боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, газар тариалан буюу жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх алим, жимс жимсгэнэ хөтөлбөр, сумын төвийн шинэчлэл түүний хөгжил, аймгийн төвийн гэр хорооллыг дэд бүтцэд холбох, орон нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлээд байна” гэсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНБОГД СУМ: Жолооч нарын паспортыг сунгалаа

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтоор уул уурхайн экспорт хийгдэж, улс орныхоо эдийн засгийн гол ачааг үүрч байна. Хоёр хилийн боомтод ажиллаж байгаа 348 жолоочийн гадаад паспортын хугацаа хөл хорионы энэ үеэр дуусгавар болж, ажлаа хийх боломжгүй боомт дээр зогсоод байсан юм. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэн, УОК-т хандаж, УБЕГ болон Өмнөговь аймаг дахь УБХ хамтран 60 гаруй аж ахуйн нэгжийн 348 хүний гадаад паспортыг шинээр хэвлүүлэн олгууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ БАТСҮМБЭР СУМ: Хүнсний дэмжлэг үзүүлж байна

Төв аймгийн Батсүмбэр сумын Шуурхай штабт 56 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн суманд албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх төлөвлөгөө гаргаж нийт 1735 м.кв талбайд ариутгал хийсэн байна. Сумын хэмжээнд чин сэтгэлийн хандив тусламжийн аян үргэлжилсээр байна. Тухайлбал, хүнсний дэмжлэг шаардлагатай зургаан өрхөд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд тус бүр 50 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, хамтарсан багаас нэг иргэнд 52 мянган төгрөгийн хүнс, “Эрхэм жаалууд” цэцэрлэгээс 12 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлжээ. Мөн сумын Онцгой комисст “Хулангийн хишиг” компаниас нэг сая, “Азын тун” 309 мянга, “Мань-Уул хайрхан” 500 мянга, “Алтанмандал” 500 мянга, аймгийн заан Б.Эрдэнэбулганы үр хүүхэд нэг сая, Мандал нэгдүгээр багийн иргэн Л.Гантулга 200 мянга, Цогт-Өндөр хоёрдугаар багийн иргэн Н.Болд 300 ширхэг амны хаалт, Мандал нэгдүгээр багийн Д.Зоригтбаярын гэр бүл 100 мянган төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн өгчээ. Түүнчлэн, “Баян дөрвөлж” компани 500 мянга, Мандал нэгдүгээр багийн иргэн Т.Одончимэг 105 мянган төгрөгийн үнэ бүхий амны хаалт, “АСНЕФ” компанийн хамт олон нэг тонн давс, 500 мянган төгрөг, “Мандал дууш хоршоо” 500 мянган төгрөг тус тус хандивлав.