Өвөрхангай аймаг 2019 оны эцсээр 5.6 сая толгой мал тоолуулж байсан бол 2020 оны эцэст 20 орчим хувиар буурч, 4 сая 479 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн зун, намар газрын гарц муу байж, мал сүрэг тарга тэвээрэг аваагүйн зэрэгцээ өвөлжилт хүндхэн болох төлөвтэй байсан тул малчид малаа их хэмжээгээр борлуулсан байна. Тодруулбал, малчид 1.1 сая толгой малыг зах зээлд борлуулсан гэх үзүүлэлтийг аймгийн Статистикийн хэлтсээс гаргажээ. Мал тооллогын дүнгээс харахад, хонь хамгийн их буюу 2.1 сая тоологдсон байна. Сумдаар нь авч үзвэл Баян-Өндөр сум хамгийн олон мал буюу 315 мянган толгой мал тоолуулсан бол Баруунбаян-Улаан сум хамгийн бага буюу 125 мянган толгой мал тоолуулжээ. “Энэ жил отроор явсан малчин өрх олон байгаа учир мал тооллогын ажлыг зохион байгуулахад хүндрэлтэй байсан. Гэсэн ч сум бүрээс ажлын баг томилж, халдвар хамгааллын дэглэм дор нэг бүрчлэн тоолсон” хэмээн Статистикийн хэлтсийн дарга О.Түмэнжаргал хэллээ.
Category: амьдралын-өнгө
Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” суурьшлын бүсэд 3500 гаруй богинын тээврийн жолооч, 7000-8000 уртын тээврийн жолооч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хөдөлгөөнт хүн ам гээд нийтдээ 15000-20000 хүн Цагаан хаднаас амьдрал ахуйгаа залгуулдаг юм. Энд тулгамдаж байгаа гол асуудал цахилгаан эрчим хүч, ундны цэвэр ус юм. Сард нэг өрх, үйлчилгээний газрууд 300-350 мянган төгрөгийн төлбөр төлж, бага оврын цахилгаан үүсгэвэртэй хувь хүмүүсээс эрчим хүч худалдаж авдаг байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа. Тус бүсийн оршин суугчдыг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг аймгийн удирдлагууд зургадугаар сард бүрэн шийдвэрлэнэ.
Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн захирал доктор С.Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Онцгой комисстой цахимаар холбогдож газар хөдлөлттэй холбоотой мэдээлэл, сэрэмжлүүлэг өглөө.
Дундговь аймгийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын ажилтан, алба хаагчдын цалинг сард хоёр удаа олгож байх тухай аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Засаг дарга Ц.Мөнхбат 2021 оны анхны уулзалт, мэдээллийн цагаар энэ оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж байгаагаа мэдэгдэн “02” тоот захирамж гаргасан байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн нэгд “ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” хэмээн заасан байдаг ба тус аймгийн хэмжээнд аль ч байгууллага дээр энэхүү заалт хэрэгжихгүй байсан юм. Дээрх захирамжаар ажилтнуудынхаа цалин, хөлсийг сард хоёр удаа олгож байхыг бүх төрийн болон төрийн өмчит байгууллагад үүрэг болгож, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагад уриалсан байна.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахмадын хороо “Малчдад тусалъя” аян өрнүүлж, 1,2 сая төгрөгийн тусламжийг сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Эрдэнэдалай сум 1284 малчин өрхтэй ба тэдгээрийн 24 хувь нь бусад аймгийн нутагт, 20 хувь нь өөрийн аймгийн бусад суманд, 50 гаруй хувь нь өөрийн суманд өвөлжиж байна.
Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа тул малчдын нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Тиймээс сумын ахмадууд энэхүү аяныг өрнүүлж, 55-70 насны 123 гаруй ахмад аянд нэгдэн, малчдад хэрэгцээтэй 19 нэр төрлийн зүйлсийг цуглуулжээ Тус аяныг цаашид үргэлжлүүлэх ба сумын бусад иргэд аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг тус аянд нэгдэхийг уриалсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 69.5 сая төгрөгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн зарим байгууллагад тоног төхөөрөмж олголоо. Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, автомат гар халдваргүйжүүлэгч зэрэг төхөөрөмжийг олгосон юм. Эдгээрийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг, Алтай, Баянтоорой тосгоны ЭМТ-д ЭМГ-ын дарга Ц.Туяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн зөвлөх М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга А.Баасандаш нар хүлээлгэн өглөө. Тухайлбал, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг амьсгалын замын өвчтэй болон бусад хүүхэд үйлчлүүлэх хоёр хэсэг болгон тохижуулж, дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, автомат гар халдваргүйжүүлэгч, тог тогтворжуулагч олгосон юм. Харин Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн ЭМТ-д иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор тохижилт хийж, дотоод орчны агаар цэвэршүүлэгч, агаарын чанар хэмжигч төхөөрөмж, цонхны филтер, мэдээлэл сурталчилгааны зурагт, автомат гар халдваргүйжүүлэгч, Алтай сум, Баянтоорой тосгонд вакцины хэвийн байдлыг хангахад зориулж тог тогтворжуулагч тус бүр нэгийг олгосон байна.
Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн удирдлагууд болон инженер, техникийн ажилтнууд Дорноговь аймагт иржээ.
Тус компанийн удирдлага, холбогдох ажилтнуудыг аймгийн Засаг дарга О.Батжаргал болон орон нутгийн Ажлын багийнхан хүлээн авч уулзаж, төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Юуны түрүүнд 50 км газраас зэвэрдэггүй ган хоолойгоор цэвэр усны нөөцийг татах, дараа нь үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг есөн барилга байгууламжийг ээлж дараатай барьснаар үйлдвэрийн суурь бүтэц бүрдэх аж. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах, улмаар гадагш гарч байгаа валютын урсгалыг болон шатахууны үнийг бууруулах, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас үзэж буй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулна.
2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 250 мянган толгой мал тоолууллаа. Энэ нь өмнөх оноос 17 мянган толгойгоор малын тоо өссөн дүн аж. Тус суманд гаднаас ирж өвөлжиж байгаа бусад сумын малчид байхгүй. Харин 30 гаруй мянган малтай 45 малчин өрх Өлгий, Өмнөговь, Ховд суманд өвөлжиж байгаа юм байна. Наранбулаг сумын ИТХ-ын нэгдсэн хуралдаан энэ сарын 25-нд хуралдаж, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах бөгөөд аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан сум орон нутгийн хэмжээнд хийх боломжтой ямар ажлууд байна гэдгийг иргэдээсээ санал авч сумынхаа ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулах ажээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 7 хоног бүрийн ням гаригийг ард иргэдийг хүлээн авч уулздаг, санал бодлыг нь сонсдог, бодлого хөтөлбөртөө тусгадаг “ХӨГЖЛИЙН ЦАГ” уулзалт, ярилцлагын өдөр болгосон. Анхны уулзалтандаа аймгийн салбар бүрийн төлөөлөл, иргэд хөдөлмөрчдийг урьж тэдэнд тулгамдсан асуудал, санал бодол, шүүмжлэлийг сонсож “Нутгийн хишиг” хөтөлбөрийн талаар уулзалтад оролцсон зочид төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм.
Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг чиг үүрэгтэй хэлний бодлогын Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн хурал боллоо. Хурлаар хэлний зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэж аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллахаар боллоо.