Categories
мэдээ спорт

Гарьд Б.Гончигдамба түрүүлэв

Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ, “Автобус-1” компани хамтран өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, “Засагт ханы “Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Ноёд” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн юм. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдагва нар үлджээ. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайханд “Уран барилдаан”-ыг шагнал гардууллаа.

Д.Сүрэн

Categories
мэдээ спорт

Гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Монголын Гимнастикийн холбооноос зохион байгуулдаг спортын болон уран сайхны гимнастикийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа Спортын ордонд энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдлоо. Тэмцээнд 250 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Дархан-Уул, Орхон зэрэг хөдөө орон нутгаас тамирчид оролцжээ.

Тэмцээн ганцаарчилсан төрлийн бага нас, охидын 1, 2, 3 зэрэглэл, өсвөрийн I, II, III-р зэрэг, спортын дэд мастер, спортын мастер гэсэн есөн ангилал болон багийн төрлөөр 11 нас хүртэлх өсвөрийн тамирчдын дунд явагдсан байна.

Уран сайхны гимнастикийн өсвөрийн I зэргийн эхний гурван байрт С.Энхжин, Ц.Зулзаяа, Э.Энхдалай нар шалгарч, өсвөрийн II зэрэгт Г.Номин-Эрдэнэ, Ц.Уянсэтгэл, Х. Тэмүүлэн нар тус тус байр эзэлжээ.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээнд бүртгүүлээрэй

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг бүртгэх ажил үргэлжилж байна.

Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. Уг тэмцээний хамрах хүрээ болон оролцохыг хүссэн иргэд хэрхэн оролцох талаар танилцуулъя.

 Тэмцээн – 1. Марафон:

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.

Гүйгчдээс бүртгэлийн хураамж авна. Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй, амжилтыг тооцохгүй байх юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно гэдгийг анхаарна уу.

 Тэмцээн– 2. Сонирхогчдын гүйлт:

Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна.

–           17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           36- 49  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           50-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

   Гүйлтэд оролцогчдод энгэрийн дугаар олгоно.

 Тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ

• Бүртгэл  06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/-ын өрөөнд яваглаж байна. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно.

• Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

• Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.  Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

•   Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.

• Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсчид Майкл Жорданы “Flight School”-д суралцана

Монголын
сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клуб “SBL Хасын Хүлэгүүд” домогт
сагсан бөмбөгч Майкл Жорданы Flight School-тэй албан ёсоор гэрээ байгууллаа.

Энэхүү
гэрээний дагуу “SBL Хасын Хүлэгүүд” клуб нь Майкл Жорданы зуны
сургалтад өсвөрийн сагсан бөмбөгчдөө хамруулахаар болоод байгаа юм.

Тус гэрээнд
“Michael Jordan Flight School”-ийн захирал Mark Raveling болон
“SBL Хасын Хүлэгүүд” клубийн гүйцэтгэх захирал О.Баярцогт нар гарын
үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

Ингэснээр
“SBL Хасын Хүлэгүүд” клуб ийнхүү өсвөрийн сагсан бөмбөгчдийг Майкл
Жорданы шавь болох боломжийг нээж өглөө.

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно

“Улаанбаатар-Марафон” олон улсын
марафон гүйлтийн тэмцээн ирэх сарын 7-нд болох байна. Түүнчлэн энэ өдөр “Автоамшингүй өдөр”-ийг зохион байгуулах аж.


Энэ жилийн “Улаанбаатар-Марафон” олон улсын
гүйлтийн тэмцээн болон “Автомашингүй өдөр”-ийг Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны
375 жилийн түүхт ойн албаны үйл ажиллагаа болгон зохион байгуулж байгаагаараа
онцлогтой гэнэ. Хамрах хүрээг өргөтгөн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын
тамирчид, иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид гээд 25 мянга
гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Эл өдөр нийслэлд автомашингүй зорчих тодорхой бүс тогтоож, олон
иргэд алхах боломжийг бүрдүүлэх юм. Харин уралдааны бүртгэл Нийслэлийн Биеийн
тамир спортын газарт явагдаж байна. Удахгүй онлайнаар бүртгэх ажлыг зохион
байгуулах юм байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ спорт

“Хаврын баяр”-т аймгийн арслан Б.Дамба түрүүлжээ

Япон улсад жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Алтан долоо хоног” хэмээн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон дахь монгол оюутны холбооноос 1998 оноос эхлэн “Монголчуудын хаврын баяр”-ыг 16 дахь жилдээ зохион явуулж буй нь аж. Энэ жилийн баярыг Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монголчууд харүмацүри буюу хаврын баяраа тэмдэглэсэн байна.

Хаврын баярыг хамгийн их шимтэн үздэг спортын нэг нь  үндэсний бөхийн барилдаан байдаг. Энэ жилийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас аймгийн арслан нэг, сумын заан цолтой хоёр бөх зодоглож аймгийн арслан Б.Дамба түрүүлсэн бол үзүүрт залуу бөх Төмөрбаатар шалгарчээ.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа өнгөрсөн жил хоёр ихэр хүүхдээ төрүүлээд спортоосоо түр чөлөө аваад байсан. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж, спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлжээ. Ингэснээр гавьяат маань ирэх есдүгээр сард болох буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тус тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох аж. 

 Мөн тун удахгүй  Рио де Жанейрод болох зуны спортын XXXI наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Categories
мэдээ спорт

Эрчимийнхэн дараагийн шатанд өрсөлдөнө

Хөлбөмбөгийн
хөгжлөөр
тивийн хэмжээнд чансаа доогуур орнуудын өрсөлддөг
Азийн хөлбөмбөгийн
холбооны Ерөнхийлөгчийн
цомын тэмцээний “С” хэсгийн тоглолтууд Монголд болж, эх орноо төлөөлөн оролцсон “Эрчим” клуб хоёрдугаар
шатанд өрсөлдөх
эрхээ авлаа. Клубын төвшинд зохион байгуулдаг тус тэмцээн
энэ жил хамгийн сүүлийн удаа болж буй юм. Тэмцээнд
дотоодын лигтээ түрүүлсэн
11 орны баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж
байгаа бөгөөд
Монгол Улсын Үндэсний лигийн аварга “Эрчим”
клубын хувьд Непалын “Манан Маршианди” болон Камбожийн “Свейрин” багуудтай “С”
хэсэгт сугалаа таарсан билээ. Хэсгийн эхний тоглолт тавдугаар сарын 1-нд Непал
болон Камбожийн багийн тоглолтоор эхэлж, 6:3 харьцаатай “Манан” ялалт
байгуулсан. Харин “Эрчим” клубын тухайд тавдугаар сарын 3-нд Камбожийн
“Свейрин”-тэй тоглосон байгаа.

Хэсгийн эхний тоглолтоо Камбожийн багийн эсрэг хийсэн монголчууд 3:1 харьцаатай
өрсөлдөгчөө буулган авсан. Тус тоглолтод “Эрчим” клубын залуу тоглогч, 19
настай С.Гал-Эрдэнэ хет-трик хийснээр багаа ялалтад хөтөлжээ. Харин өчигдөр
болсон тоглолтод Непалын “Манан” болон Монголын “Эрчим” клубүүд 0:0 харьцаатай
тэнцлээ.

Ийнхүү “С” хэсгийг Непалын “Манан” дөрвөн оноотой тэргүүлж, “Эрчим” клуб ижил
оноотой боловч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдсэнээр дараагийн шатанд
өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Камбожийн “Свейрин” клуб хэсгийн хоёр
тоглолтдоо ялагдал хүлээснээр тэмцээнийг орхиж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Начин цолтнуудын халз барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй шилдэг начингуудын багийн халз барилдаан нөгөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Бөхийн өргөөнд болно. Халз барилдааны тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд өнөөдрөөс Монгол бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалж эхэлжээ.

Халз барилдаанд шилдэг 12 улсын начин зүүн, баруун гэсэн хоёр тал болон өрсөлдөх юм.

Зүүн талын начингууд:

        1. Э.Энхбат /Булган аймаг, Могод сум/

        2. Ду.Батбаяр /Говь-Алтай аймаг, Бугат сум/

        3. Б.Амарзаяа /Архангай аймаг, Чулуут сум/

        4. Ц.Одбаяр /Өмнөговь аймаг, Булган сум/

        5. Р.Пүрэвдагва /Архангай аймаг, Булган сум/

        6. Т.Баасанхүү /Увс аймаг, Тэс сум/

Баруун талын начингууд:

        1. Ч.Баянмөнх /Сэлэнгэ аймаг, Мандал сум/

        2. Б.Сангисүрэн /Өвөрхангай аймаг, Тарагт сум/

        3. А.Батмөнх /Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум/

        4. Ж.Чулуунбат /Баянхонгор аймаг, Бууцагаан сум/

        5. Б.Пүрэвсайхан /Ховд аймаг, Чандмань сум/

        6. Л.Цэрэнтогтох /Говь-Алтай аймаг, Цогт сум/

Categories
мэдээ спорт

Боулингийн шилдгүүд өрсөлдлөө

Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг боулинг төв үүсч байгуулагдсаны зургаан жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд холбоо болон төвийн зүгээс уламжлалт тэмцээнүүдээс гадна хэд хэдэн нэрэмжит тэмцээн зохион явуулна. Эдгээр тэмцээний нэг болох боулинг сонирхогчдын холбоо болон Биг боулинг төвийн зургаан жилийн ойн нэрэмжит тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион явуулсан байна. Тус тэмцээнд боулингийн есөн баг эмэгтэй,эрэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж медальтнуудаа тодруулжээ. Тэмцээн Монголын шилдэг боулингчдийн нэгэн цугларалт болсон юм.Тамирчдыг зиндаагаар нь дээд болон дэд зиндаанд ангилан өрсөлдүүлсэн байна. Тэмцээний явцад эрэгтэйчүүдээс Д.Чулуунбаатар 242 оноо,эмэгтэйчүүдээсХ.Өлзийхорол 223 оноо авч дээд амжилт тогтоосон байна.Эрэгтэйчүүдийн дээд зиндааны тэргүүн байрыг Ц.Лхамсүрэн эзэлж, өргөмжлөл,алтан медаль,мөнгөн шагналын эзэн болжээ.Мөнгөн медалийг В.Энхбат хүртсэн бол хүрэл медалийг Б.Бат-Амгалан хүртжээ. Дэд зиндааны тэргүүн байрыг Д.Чулуунбаатар эзэлж,алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагналын эзэн боллоо.Энэ зиндааны мөнгөн медалийг Г.Амгалан хүртсэн бол хүрэл медалийг Ю.Ганболд хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг Т.Нансалмаа хүртэж аваргын алтан медаль,өргөмжлөл,мөнгөн шагналын эзэн болжээ. Энэ төрлийн мөнгөн медалийг Х.Өлзийжаргал хүртсэн бол хүрэл медалийг С.Дэлгэрцэцэг нар тус тус хүртжээ.Энэхүү тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбоо, Биг боулинг төвөөс өвөрмөц байдлаар зохион явуулсан юм.