Categories
мэдээ спорт

Месси гар барихаас татгалзсан хүүтэйгээ уулзжээ

Дэлхийн аваргын хэсгийн эхний тоглолтод Аргентин-Боснигийн баг талбайд гарахын өмнө Лионель Месси өөр рүү нь гараа сунгасан бяцхан хүүг анзааралгүй өнгөрсөн нь интернэт орчинд ихээхэн бухимдал, цухал төрүүлсэн юм. “Бяцхан хүүтэй гар барьчихад юу нь уначих гээд байдаг байна аа”, “Ямар их зантай юм бэ” гэх мэтээр Мессиг мөн ч их баалсан. Месси үүний хариуд “Би тэр хүүг хараагүй юм чинь яаж гар барих юм бэ” гэж хариулсан ч тусыг эс олсон байна.

Месси сүүлдээ хүүг олж очин, гар барьж, хамтдаа зургаа авахуулснаар олон хүний уур бухимдлыг намжаалаа.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа Дэлхийн цомоос дахин мөнгөн медаль хүртжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Словений Марибор хотод болж буй буудлагын дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Германы мэргэн буудагчтай аваргын төлөө өрсөлдөж, түүнээс хоёр онооны дутуу амжилтаар Дэлхийн цомын мөнгөн медаль хүртсэн байна.

Уг дасгалд 69 буудагч буудсанаас МУГТ О.Гүндэгмаа 584 оноогоор гуравдугаар байраар шигшээд 21 оноотой шалгарч Германы буудагч Моника Карсчтай халз буудаж 7:5 оноогоор дэд байр эзэлсэн бол хүрэл медалийг Болгарын Антонета Бонева хүртжээ. Энэ ангилалд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин, Германы иргэн Д. Мөнхбаяр 579 оноогоор 14 дүгээр байрт шалгарсан байна.

Categories
мэдээ спорт

Коби Брайант: Клинсманн юу гэсэн гэнэ ээ

АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Клинсманн өөрийн багийн домог болсон тоглогч Донованыг энэ удаагийн ДАШТ-д авч яваагүй талаар нэгэн ярилцлага өгсөн. Түүндээ “Америкт нэг сонин зүйл анзаарагддаг. Жишээ нь Коби Брайант дээр ярья л даа. Лейкерс түүнтэй хоёр жилийн хугацаатай 50 саяын гэрээ байгуулсан байна лээ. Энэ чинь түүний урьд өмнө байгуулсан гавьяад нь зориулж өгч байгаа мөнгө гэсэн үг биз дээ. Гэтэл одоо цагийнх нь баг яах вэ” гэж хэлсэн юм. Хөлбөмбөг үзэх дуртай Коби энэ үгийг сонсоод яаж дуугай байх вэ. “Инээдтэй юм. Түүний бодлоор энэ зөв  байж магадгүй. Гэхдээ тэр багийн эзэн биш. Сагсан бөмбөгт багийн эзэд тоглогчдынхоо төлөө санаа зовдог юм. Тэр тоглогч 35-тай байна уу, 25-тай байна уу хамаагүй багт үзүүлэх нөлөөг нь үнэлдэг юм. Юрген бол зүгээр л дасгалжуулагч. Тэгээд энэ ажлаа л хийл дээ” гэжээ. 

Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт

“Сан-Антонио” энэ улиралын NBA-гийн аварга

Техасын “Сан-Антонио Сперс” баг “Майами Хит” багийг NBA-гийн финалын тоглолтын цувралд 4:1 харьцаагаар буулган авч энэ жилийн аварга цолыг хүртлээ. Техасын баг ийнхүү тав дахь удаагаа аваргын цолыг хүртэж байгаа бөгөөд тус багийн 22 настай залуу тоглогч Кавай Ленард финалын тоглолтын шилдэг тоглогч боллоо.

Categories
мэдээ спорт

Бүх цэргийн наадмын барилдаантай

Цэргийн цол чимэг олгодог Бүх цэргийн наадам өнөөдөр 14.00 цагаас
Монгол бөхийн өргөөнд болно. Цэргийн наадамд аймаг цэрэг, сумын цолтой
256 бөх зодоглоно. Энэ жилийн наадамд спорт хороодоос:

1. “Алдар” спорт хороо                96 бөх

2. “Хилчин” спорт хороо               64 бөх

3. “Аврагч” спорт хороо                48 бөх

4. “Эрч” спорт хороо                     24 бөх

5. “Соёмбо” спорт хороо             24 бөх тус тус зодоглоно.


1990 онд Монголын Үндэсний Бөхийн Холбоо байгуулагдан улмаар Цэргийн
цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар
шийдвэрлэж, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн юм. Ингээд
1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын
хүрээлэнд зохион явуулж, 128 бөх барилдуулахад цэргийн арслан, заан,
начин цолтнууд төрснөөр одоо жил бүр Улсын баяр наадмын өмнө цэргийн
болон хүчний байгууллагын бөхчүүдийг хамарсан томоохон наадам болон
явагдсаар байна. Энэ наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бүгд эдүгээ
улсын цолтой бөхчүүд болжээ. Тийм болохоор цэргийн наадам нь “босго
өндөртэй”, “булган сүүлтэй”  наадам юм.

Он       Бөх тоо               Түрүүлсэн                                         үзүүрлэсэн


1992    128        ц.з С. Дэлгэрбат у/н  (Булган)                з.б Ч.Ганбаатар ц.з (Архангай)
1993    128        а.н У.Сүхбаатар у.н (Өвөрхангай)        з.б И.Доржсамбуу у.г (Булган)
1994    128        ц.з И.Доржсамбуу у.г (Булган)                з.б Г.Өсөхбаяр даян ав (Архангай)
1995    128        а.а Г.Өсөхбаяр даян. ав (Архангай)        ц.н Ч.Батзориг у.з (Ховд)
1996`    128        а.з С.Мандах у.н  (Өвөрхангай)                ц.н У.Балжинням у.н (Завхан)
1997    128        а.з Ц.Мягмарсүрэн у.з (Ховд)                     з.б Д.Энхтөр ц.з (Төв)
1998    128        ц.н Ц.Цэрэнчимэд у.н  (Архангай)            а.а Б.Ганбат у.а (Увс)
1999    128        а.н Б.Бадам-Очир у.н (Төв)                        з.б Ш.Уламбаяр у.н (Завхан)
2000    128        з.б Д.Цогзолдорж у.н (Дорнод)                з.б Т.Амартүвшин у.х (Ховд)
2001    128        ц.а Д.Цогзолдорж у.н (Дорнод)                а.н И.Ёндонсамбуу у.н (Булган)
2002    128        ц.н Т.Мөнгөнцоож у.х (Архангай)               ц.з Т.Амартүвшин у.х (Ховд)
2003    128        а.н М.Батжаргал у.х (Архангай)                 а.з Ж.Гансүх у.н а (Дорнод)    
2004    128        з.б Д.Лхагвадорж у.н (Говь-Алтай)            зб Н.Нямаа ц.з (Архангай)    
2005    128        а.з А.Бямбажав у.х  (Увс)                           а.а Т.Санчир у.з(Өвөрхангай)
2006    128        а.а Н.Ганбаатар у.г  (Говь-Алтай)            з.б Ж.Бат-Эрдэнэ у.г (Говь-Алтай)
2007    128        ц.а А.Бямбажав у.х (Увс)                            з.б Б.Батмөнх у.н (Төв)
2008    128        а.н Ч.Санжаадамба  у.з(Архангай)         а.а Н.Батзаяа у.н (Ховд)
2009    128        а.з С.Мөнхбат  у.ав  (Увс)                           а.а Ө.Бат-Орших у.х (Увс)
2010    256        ц.а Ч.Санжаадамба у.з (Архангай)         с.з Э.Тулга  ц.з(Сэлэнгэ)

2011     256     а.а Ч.Батчулуун а.х.а /Төв/                а.х.а Ш.Мөнгөнбаатар (Сүхбаатар)

2012     256     а.з Б.Ганзориг  (Увс) ц.а                        а.а Б.Пүрэвсайхан у.н (Ховд)

2013     256    а.а Л.Цэрэнтогтох у.н                         а.х.а А.Алтанхуяг

2014      256      Босго өндөртэй, Булган сүүлтэй наадмын түрүү, үзүүр хэн бэ?

Categories
мэдээ спорт

Тулгаа заан

Монгол түмний их баяр наадам айсуй. Нар буусан энэ өдөр наадмын тухай дурсамжуудаас хүргэхээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулгын архиваас түүвэрлэн нийтэлж байна. Түүний хүчит заан Өлзийн Тулгаа агсны тухай хэдэн жилийн өмнө бичсэн нийтлэлийг хүргэе.

Монголчууд бөхдөө хайртай. Тэр дундаа, хүн бүр сэтгэл зүрхнийхээ гүнээс хайрлан хүндэтгэж, цаг үргэлж бодолдоо тээж явдаг цөөн хэдэн бөх бий. Тэдний нэг нь Увсын хэмээх тодотголтой Өлзийн Тулгаа заан байлаа.

“Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж дуудуулаад, тээврийн тэрэгтэйгээ Увсын цэнхэр хязгаараас төрийн наадамд ирж барилдахыг нь үзэгч олон тэсэн ядан хүлээдэг байж билээ. Тулгаа заан ирж зодоглосон наадам бөх сонирхогч олны сэтгэлд тийм нэг нандин дурсамж, дурдатгалыг үлдээсэн байдаг шүү. Харин Тулгаагүй наадам нэг л зүйлээр дутуу санагдаж, мөн ч олон хүн гонсойж хоцордог байсан даа.

Тэгтэл, бүргэд хамар, ширвээ хар сахалтай, ард түмний хайлан болсон тэр сайхан эр хаврын бүгэг саарал өдрүүдэд Хархираагийн их уулс, монгол бөхийнхөө ариун дэвжээг орхин одов. Хадаа аваргыг өнгөрөхөд хамаг Монгол даяараа харуусч, халуун нулимсаа арчиж байсан ард түмэн Увсын Тулгаагаа улсын наадмын дэвжээнд дахин харахгүй болов. 

Тэр, домгийн хархираа шувуу нисч байгаа мэт дүртэй гэгддэг их уулсынхаа өвөр бэлээс гэнэтхэн л холоо явчихлаа. Өөрийг нь, төрийн наадмын торгон дэвжээнд зодоглосон цагаас шүтэн биширч, сэтгэлдээ хадгалж, сураг чимээг нь хэн нэгнээсээ үргэлж асууж явсан ард түмнийхээ бор тархинд харууслын манан татуулж орхичихоод хаашаа ч юм алга болчихов. Хайран гэхэд дэндүү хайран. Уйлах ч багадах, итгэхэд бэрх ийм л мэдээ урины шувуудтай хамт бидэнд ирлээ. 

Эр болгон нь бөх болдог энэ Монголд тэр яасан их хайрлагдаж яваа вэ. Ёстой нэг бурхнаас заяасан бөх гэж ийм байдаг болов уу гэмээр. Ингэж их хайрлагдсаны, хүн бүхэнд өнөө л сайхан төрхөөрөө, ямар ч нэмэр хачиргүйгээр буудгийн нууц нь чухам юунд байсан юм бол оо. 

Хөдөө нутгийн салхи савир ханхлуулж, аян замын тоос шороогоо гөвж ч амжилгүй дэвжээнд гарахдаа хот газрын “цагаан” бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулдаг байсан гэдэг. Аварга, арслангуудын аранга нь яалт ч үгүй Өлзийн Тулгаа байж дээ. Тиймдээ ч улсын наадмын даваа бүрт дандаа тунадаг байсан болов уу. Үргэлж тунаж барилдах нь ямархан зиндааны бөх гэдэг нь мэдрэгдээд ирнэ. 

Тулгаа зааны намтар, удам гарлыг нь сонирхвол, тэрээр 1956 оны намар Увс аймгийн Малчин сумын нутаг Хүрэмийн өтөг гэдэг газар эхээс мэндэлсэн байдаг аа. “Аав Өлзий нь бие хаа томтой, бяр тэнхээ ихтэй хүн байсан ч  барилдаагүй аж. Харин ээж Лхамсүрэнгийн ах дүүс нь бүгд ноцолддог, лут бяртай хүмүүс байсан гэнэ. Тиймээс бөхийн удамшил эхийн талаасаа гэхэд болох юм” хэмээн бөх судлаач Ш.Гоохүү “Монгол Улсын заанууд” номондоо тэмдэглэжээ. Тэрээр Улаанбаатар хотноо цэргийн албанд татагдан ирээд байхдаа өөрийн нутгийн бөх дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав нарыг шинэ цэргийн каринтинд анх харсан гэдэг юм. 1970-аад оны эхээр юм уу даа. Увсын долоон харын хоёр нь болох Баянаа аварга, Хайдав арслан нар жинхэнэ торгон ирэн дээрээ байсан үе. Шинэхэн цэргийн нүдэнд ямархан “амьтад” харагдсан нь мэдээж. Бөх болох хүсэл нь ерөөсөө тэндээс л ургасан аж. 

Асман цэрэг болсноосоо хойш бяр тэнхээ өдөр өдрөөр сууж, хавь ойрынхоо цэргүүдтэй сав л хийвэл барилдах болжээ. Бөхчүүдийн хэлдгээр барилдахын дон тусч эхэлсэн байгаа юм. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана аа” гэдэг шиг асман цэргийн цээжинд төрийн наадмын дэвжээ багтаад байж. Зодоглочихоор л санагдаад байж.

Энэхүү бодлыг нь сайтар уншсан салааных нь дарга Мааяа гэдэг дэслэгч эр хүний нүнжигтэйхэн сэтгэл гарган байлдагч Тулгаагийн өмнөөс харуулд нь гарч өгснөөр бөхийн “дон” тусаад байсан нөхөр 1974 оны наадамд зодоглох эрхтэй болжээ. Нэг даваадахав гэнэ. Үе үеийн домог болсон шилдэг хүчтэнүүдийн хийморийн сүлдтэй Төв цэнгэлдэхийн тугийн мандлыг тойрч явахдаа тун их баярласан байх даа. Хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адъяа заантай оноолт таарчээ. Дарийн Дамдин аваргыг “гарлаа, давлаа” гэж зарлуулж байх үед нь өвдөглүүлж байсан хүчит заанаас огтхон ч эмээж бэргэлгүй хоёр хөлд нь давхар хамчихсан юм билээ.

Ингээд гурвын даваанд Дамдин аваргад амлуулжээ. Аварга хамгийн түрүүнд ам сонсохдоо нэр ч хэлэлгүй, гарын даа нарт шууд “Адъяагаар хоёр давсан цэргийг над дээр биччих” гэсэн гэдэг ээ. Хүчит заан минь төрийн наадамд анх зодоглохдоо халхын алдарт аваргын аманд түүх энэ буюу.

1976 оны хавар цэргээс халагдан Малчин сумандаа очжээ. Адуучин болно хэмээн баттай шийдсэн байв. Гэвч зургаан зуугаад адуутай Баянмандал нэгдэл нь зуданд адуугаа хорогдуулснаар зуугаадхан адуутай үлдэж, Тулгаа хүүгийн адуучин болох мөрөөдөл тас цохигдож ээ. Мань хүн аймгийн төв орж уурын зууханд галчаар хүртэл ажиллаж байсан байгаа юм.

Адуучин болно гэснээс тэрээр адууны салхинд өссөн нэгэн. Аавынх нь унааны морь цөөнтэй учир даага, шүдлэнгээ сургаж унахгүй бол зундаа явган таваргах болдог. Тиймээс арваннэгэн настайгаасаа даага сургаж эхэлжээ. Дараа нь нэгдлийн даргынхаа хүсэлтийн дагуу даага, шүдлэн сүүлдээ хязаалан, соёолон морьд сургаж, эмнэг адуутай ноцолдож өссөн ажээ.

Нэгдлийн эмнэг адууг сургаж өгөөд Тулгаа хүү тавьт, зуутын дэвсгэртээр шагнуулж, намар хичээлдээ орохдоо хамгийн баян сурагч байсан тухайгаа тэрээр нэгэнтээ дурссан нь бий. Ийнхүү ид өсөж төлжих арван хэдэн настайгаасаа эхлэн эр хүний хүч бярыг сорьсон, хийморь лундааг сэргээсэн, эмнэг хангалтай ноцолдож, эдэлгээ уналганд сургаж байсан нь биеийн ерөнхий хөгжлийг жигд сайжруулж, булчин шөрмөсийг нь чангаруулж, хөдөлгөөний эвслийг нь нягтруулж, хөл, гар, цээжиндээ жигдхэн хүч тэнхээтэй болоход нь нөлөөлсөн гэж бөхийн мэргэжилтнүүд үздэг юм билээ.

Түүний улсын баяр наадамд хэрхэн барилдаж явсан он жилүүдийг нь эргэн харъя. 1974 онд асман цэрэг анх зодолосноосоо хойш ирж барилдаж чадахгүй байсаар 1979 он хүргэжээ. 

Тэр жилийн наадамд гурвын даваанд улсын начин Суядааны Ганзоригийг, дөрөвт арслан Бандийн Ганбаатарыг тунаж орхин тавын даваанд Зэвэгийн Дүвчинтэй мөн тунаж барилдаад унасан байдаг. Улсад анх зодоглож байгаа бөх (цэрэг зодоглосныг эс тооцвол) гурын даваанаас шууд тунана гэдэг нэг “юм” хэлээд байсан хэрэг л дээ. Ганбаатар арслан, Ганзориг начин нар тухайн үед улсын цолд хараахан хүрээгүй байжээ. Дүвчин заан тухайн үед начин цолтой байж. Түүний баруун хөлийг авч, өндөрт өргөн хөөж яваад түрүүлээд газардчихсан гэдэг. Ингээд Увсын Тулгаа начны даваанд тулж ирээд буцсан байгаа юм. Дараа жил нь буюу 1980 онд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж (одоогийн начин), Өндөрхангайн Ж.Ганболд (одоогийн заан) нартай дөрөв, тавын даваанд мөн л тунаж барилдан даваад начин босгоор алхав. Зургаагийн даваанд Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинтай тунаж барилдан даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан байдаг. Мань хүн Мөнгөн арсланд хоёр ч удаа хууртсан юм билээ. 

Эхнийх нь тэрхүү зааны даваа аж. Мөнгөн барилдахынхаа өмнө “Мөнхбат аварга Мягмар(заан)-ыг давбал чи надад өгнө шүү. Харин Мягмар Мөөеөг давбал би чамд өгье” гэжээ. Их л сонин тохироо хийсэн байгаа юм.

Учир нь тухайн үед Мөнхбат аварга Мөөеө аварга Мягмар зааныг гаргаадаггүй байв. Түүнийг нь Мөнгөн сайн мэднэ. Тулгаагаа аргалсан нэг заль л байж л дээ. Ингээд Мөөеө ч учраагаа давж, тохирсон ёсоор Мөнгөн Тулгаагаа хаясан байна. 

Дараагийнх нь 1982 оны Улсын аваргын барилдаан гэнэ. Сүүлийн барилдаанд Мөнгөн, Тулгаа хоёр мөн учраа таарчээ. Хэн давсан нь түрүүлнэ. Мөнгөн барилдахынхаа өмнө Тулгаад “нутгийн дүү түрүүл дээ” гэж хэлж. Өнөөх нь ч итгэчихэж. Бараг яаж шороодуулахаа бодоод хав барьцнаас бариад авбал Мөнгөн ганц хүчтэй мушгичихаад яваад өгсөн гэдэг юм билээ. 1983 оны наадамд гурав даваад дөрөвт Дундговийн Улаанхүүд унасан байдаг. Тэр жил Ц.Улаанхүү начин болсон. 1984 онд Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начин, Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очин Дагвацэрэнгийн Хадбаатар аваргад унасан байна.

1985 онд гурав даваад Б.Бат-Эрдэнэ аваргад шорооджээ. Тэр  жил Б.Бат-Эрдэнэ аварга улсын цолонд анх хүрснийг манайхан мэднэ болов уу.

1987 онд тавд О.Балжиннямд, 1988 онд Г.Намсрайжавт тахимаа өгсөн байдаг. 1990 оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Монголын нууц товчооны ойгоор Гочоосүрэн зааны дүү Ч.Батбаатарыг, дараа жил нь Ховдын Шархүүгийн Лхагвасүрэнг тавын даваанд амлаж барилдан өвдөг шороодсоноор улсын цолонд хүргэжээ. 1995-2001 оны хооронд улсад зодоглохдоо тасралтгүй гурав давж Б.Ганбат, О.Одгэрэл нарын олон залуу хүчтэнийг цолонд хүрэхэд гүүр нь болсон байх юм.

Улсын наадмын оноо дансыг харахад ийм байна. Түүний самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтыг дурдвал барагдахгүй. Мөн Тува улсын наадамд хэд хэдэн удаа түрүүлсэн, баруун бүсийн аймгуудын үндэсний бөхийн аваргын болзлыг 11 удаа хангасан, баруун аймгийн болон сумдын наадамд нийтдээ 50 гаруй удаа түрүүлсэн зэргээс харахад босоо бөх явсан нь мэдрэгдэнэ ээ.

Тулгаа зааны дүү Сумьяа улсын цолтой, мөн ах шигээ уран барилдаантай бөх билээ.Тэрээр Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдаанд аварга О.Балжинням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд П.Сүхбат гээд цолтнуудыг бүгдийг нь цувуулж орхин шөвгийн гуравт шалгарч, олныг шуугиулж байсан.

Олны хайрыг татсан, хүчит бөх маань ариун үнэнийг эрхэмлэж явсан монгол бөхийн дэвжээндээ үе залгамжлах бөх хүүгээ үлдээгээд явлаа даа.

Тулгаагийн Сүрэнжав гэж аавтайгаа тун ижилхэн, тэгш сайхан биетэй, аймгийн цолтой бөх байдгийг олон түмэн мэднэ ээ. Хэдхэн жилийн дараа аав шигээ шуугиулаад гараад ирнэ биз ээ. Тува улсад барилдаж явахдаа 156 килограмм жинтэй чулууг өргөж, олны нүдийг орой дээр нь гаргасан хүчит заан маань Хархираагийн домогт уулс шигээ бөхөө дээдэлдэг олныхоо сэтгэлд мөнхрөн үлдлээ дээ. 

Н.ГАНТУЛГА

       

     

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хоёр улсыг төлөөлж монгол бүсгүйчүүд буудлагаар өрсөлдлөө

Германы Мюнхен хотноо зохиогдож буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын
тэм­цээнээс гавьяат тамир­чин Отрядын Гүндэг­­маа алтан медаль хүртлээ. Тэрээр уржигдар
эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, ийн аваргаллаа. Түүний
өрсөлдсөн төрөлд Германыг төлөөлж оролцсон Д.Мөнхбаяр хоёрдугаар байрт орсон. Харин
гутгаар байрт Хятадын тамирчин Занг Жиан, дөрөвт мөн урд хөршийн буудагч  Чень Ин нар орсон байна. Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн
хувьд “Дэлхийн цом”-ын тэм­цээнээс ийн долоо дахь алтан медалиа хүртэж байгаа гэнэ.

Монголын мэргэн буудагч О.Гүндэгмаагийн өрсөлдсөн төрөлд нийт 95
буудагч цэц мэргэнээ сорьсноос манай тамирчин урьдчилсан дасгалд 584 оноо авч шигшээ
наймд шалгарчээ. Ингээд хагас шигшээ тэмцээний үеэр 21 оноо авсан аж. О.Гүндэгмаагийн
хувьд хамгийн шийдвэрлэх тулааныг алтан медалийн төлөөх буудлагын үеэр хийсэн гэж
болно. Учир нь тэрээр Германы тамирчин Д.Мөнхбаяртай халз буудалцаж 8:0 харь­цаатай
буулган авсан юм. Д.Мөнхбаярын хувьд хэдий Германы иргэншилтэй, тус улсын нэрийн
өмнөөс тэмцээнд оролцож байгаа ч Монголын шилдэг тамирчдын нэг гэдгээ батлан харууллаа.
Цус нэгтэй хоёр монгол бүсгүй хоёр тивийг төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд алт,
мөнгөн медалийг хар­шуу­лан зогсохыг хараад үнэ­хээр огшиж, омогшиж бай­лаа. Аргагүй
л агссан нум сумныхаа цэц мэргэнээр хамаг Монголоо нэгтгэж, шинэ төрийг байгуулсан
Мандухай сэцэн хатны үр сад гэлтэй. Бас эрэмгий дайчин гэдэг нь өмнөө өөр орны тамирчдыг
гишгүүлээгүйгээс харж болох юм.

Монголын эмэгтэйчүүд буудлагын спортод дэлхийн цээжинд яваа гэдгээ
энэ удаа дахин нотоллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар  гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон гавьяат тамирчин
Д.Мөнхбаяр нар 2008 оны Бээжингийн олимпийн тавцанд хамт зогсч байсан нь ард түмний
сэтгэлд тод бууж байгаа болов уу. Бээжингийн олимпийн наадмаас хараахан алтан медаль
зүүж чадаагүй ч О.Гүндэгмаа мөнгө, Д.Мөнхбаяр хүрэл медалийн тавцанд хамт зогсоход
мон­голчууд хоёр мэргэн буудагчаараа бахархаж байлаа. Тухайн үед гавьяат тамирчин
Д.Мөнх­баяр Германыг төлөөлж тэмцээнд оролцсон ч нутаг нэгт бүсгүйн амжилтад мон­гол
түмэн омогшиж бай­сан. Энэ бол мэргэн буудагч­дын маань мөрөөдөл бай­лаа. О.Гүндэгмаагийн
дасгалжуулагч Л.Ундралбат  хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“Гүндэгмаа, Мөнхбаяр хоёр буудлагын спортоор хичээллэсэн цагаасаа л хүн төрөлхтний
спортын их наадам болох олимпод хамтдаа оролцож, хамтдаа амжилтын өндөрлөгт хүрэх
юмсан гэж мөрөөддөг бай­сан” гэсэн байдаг. Тэгвэл тэд мөрөөдөлдөө аль хэдийнэ хүрсэн
төдийгүй дэлхийн буудлагын спортын тамирчдын магнайд явна. Магадгүй тэднийг
2016 оны Бразилийн олимпийн наадмын медалийн тавцан хүлээж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн хувьд энэ удаагийн тэмцээн Лондонгийн олимпийн
дараа амаржиж хоёр ихэр хүүхэд төрүүлснээс хойш орж буй олон улсын чанартай томоохон
тэмцээн байлаа.  

Манай бусад тамирчдын хувьд Т.Баярцэцэг 578 оноогоор 22 дугаар байрт,
Ц.Мөнхзул 573 оноогоор 34 дүгээр байрт оржээ. Харин үлдсэн арваад тамирчин энэ сарын
13-н хүртэл цэц мэргэнээ сорих юм байна. Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар
Л.Ундралбат,  А.Энхтөр нар ажиллаж байгаа
аж.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ спорт

З.Ганбаатар пара буудлагын “Дэлхийн цом”-д түрүүллээ

АНУ-ын Форт Бенин хотод болсон пара буудлагын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс “Аварга” клубын тамирчин спортын мастер З.Ганбаатар 50 метрийн сонгомол гар бууны төрөлд алтан медаль хүртлээ. Манай тамирчин З.Ганбаатар арван шатны нийлбэр дүнгээр 178.2 оноогоор алтан медаль авсан байна.

Спортын мастер З.Ганбаатар 2014 оны дэлхийн цомын тэмцээнээс хос медальтай эх орондоо ирнэ. Тэрээр 10 метрийн гар бууны дасгалд хүрэл медаль хүртээд байсан юм. З.Ганбаатар  10 метрийн гар бууны дасгалд есөн сум тавьж 170.2 оноогоор гуравдугаар байр эзэлсэн юм. 10 метрийн гар бууны дасгал төрөлд Норвегийн буудагч Жаоким 198.6 оноотой шилдэг найман тамирчдыг хол тасархай орхин түрүүлжээ.

Categories
мэдээ спорт

“Сан Антонио” “Майами”-г бут ниргэв

 

НБА-гийн финалийн
тоглолтод шалгарсан хоёр баг өнөөдөр Майами хотод гурав дахь тоглолтоор
цувралаа үргэлжлүүлэв. Тоглолтын харьцаа 1:1 гэсэн үзүүлэлттэй байсан учир илүү
гарахын тулд хоёр баг ширүүн өрсөлдлөө. “Сан Антонио” багийн Ленард, Грин нар
өнөөдөр онцгой сайн тоглосны ачаар тэдний баг өрсөлдөгчдөө талбай дээр нь19
онооны зөрүүтэй илт давамгай ялж цувралд тэргүүлж эхэллээ. Дараачийн тоглолт
баасан гаригийн өглөө 09.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ спорт

“Найрамдал-2014” дугуйн аялал эхэллээ

Монгол-Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн спорт
аялалынхан аялалдаа гарлаа. Энэ сарын 1-ээс Сүхбаатар аймгийн Баруун-Урт
сумаас гараагаа эхэлсэн “Шилийн богд” дугуйн клубийнхэн өчигдөр
нийслэлээс хөдөллөө.

Аялалыг ССАЖЯ, МҮОХ, МАЯСАХ, Монголын дугуйн холбоо, Сүхбаатар аймгийн
ИТХ, Засаг даргын тамгын газар, ССАЖГ-ын хамт олон дэмжин ажиллаж байна.

“Найрамдал 2014” дугуйн аялал энэ сарын 1-нээс Сүхбаатар аймгаас
эхэлсэн бөгөөд Монгол-ОХУ-ын нутгаар хоёр сарын турш үргэлжилнэ. Монгол
Улсын нутгаар 2100 км, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замыг тус тус
туулах аж. Аялалын маршрутыг Монголын адал явдалт спорт аялалын холбооны
удирдлага, шүүгчийн зөвлөл баталсан байна. Сүхбаатар, Хэнтий,
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар аялж,
Ханх-Мондын боомтоор хил нэвтрэх аж. Аялалын багийнхан Буриадын Түнхийн
район, Байгаль нуур хүрч, улмаар Улаан-Үд хотноо очиж, буцахдаа Дорнодын
Эрээнцаваар хил нэвтэрч, Сүхбаатар аймагт ирснээр аялалаа өндөрлүүлнэ.

Энэхүү дугуйн аялалыг МҮОХ-ны гишүүн, Сүхбаатар аймгийн Биеийн тамир,
спортын газрын дарга, дугуйн аялалын “Шилийн Богд” клубын тэргүүн,
дугуйн спортын мастер Ш.Энх-Амар ахалж байгаа бөгөөдорчуулагч
Намжилсамбуугийн Гантөмөр, техникч засварчин Мэндбаярын Бямбадорж, залуу
тамирчин Батсайханы Тэгшбаяр, Энхмөнхийн Мөнх-Эрдэнэ нарын тамирчид
багтаж буй. Багийн гишүүд олон жил дугуйн спортоор хичээллэж, улсын
аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан, холын замд
дугуйгаар аялж байсан дадлага туршлагатай тамирчид юм. Буриадын талаас
мөн тодорхой тооны тамирчид оролцох аж.