Categories
мэдээ спорт

Ус суваг ашиглалтын товчооны баг хөлбөмбөгийн тэмцээнд аваргалав

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд жил бүр нээлттэй тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн нээлттэй тэмцээн өнгөрсөн бямба гарагт тус дүүрэгт боллоо. 

Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилготой энэ нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, МоАХ, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс бүрдүүлсэн долоон баг оролцсон юм. 

Багууд хоёр хэсэгт хуваагдан тоглож, хагас шигшээд МоАХ, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрчим хүч, Ус суваг ашиглалтын товчооны баг шалгарав. Шигшээ тоглолт Ус суваг ашиглалтын товчоо, Эрчим хүчний багийн хооронд өрнөж, 2:0 оноогоор Ус суваг ашиглалтын товчооныхон хожсоноор үүрд хадгалах “Алтан дагина” цом, алтан медаль, 400 мянган төгрөгийн эзэн боллоо. Эрчим хүчний баг мөнгөн медаль, 300 мянган төгрөгөөр шагнуулсан юм. Харин МоАХ, Онцгой байдлын хэлтсийн баг хүрэл медалийн төлөө өрсөлдөж, 0:1 оноогоор Онцгой байдлын хэлтсийнхэн хожив. Онцгой байдлын хэлтсийн багийн н.Бат-Эрдэнэ тоглолтын явцад дөрвөн гоол уруулснаар шилдэг тоглогчоор тодорсон бол шилдэг хаалгачаар Ус суваг ашиглалтын багийн тамирчин Ш.Балдорж шалгарсан юм. 

Хөлбөмбөгийн нээлттэй тэмцээний талаар Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга П.Нүрзэд “Жил ирэх тусам хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд оролцогч багийн тоо нэмэгдэж, тэр хэрээр тоглолтууд өрсөлдөөнтэй болж байна. Нээлттэй тэмцээн гэдэг утгаараа зөвхөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдүүлсэн багууд биш хотын төвийн дүүргүүдээс багууд ирж оролцлоо. Цаашид тэмцээний хүрээг улам тэлэх зорилготой болно. Энэ жилийн нээлттэй тэмцээнээ “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлог байлаа” хэмээн ярив.

Categories
мэдээ спорт

Олимпийн бамбарын аяллыг эхлүүлнэ

Өнөөдөр Олимпийн өдөр. Жил бүр уламжлал болгон энэ өдрийг дэлхий даяараа тэмдэглэдэг уламжлалтай. “Олимпийн өдөр”-т зориулсан арга хэмжээг МҮОХ-ноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.  Уг баярын ёслолд олимпийн медальт тамирчид оролцож, парадад жагсч, Монгол Улсын торгон хилийн дагуу аялах бамбарын аяллыг эхлүүллээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын Олимпийн өдөрт зориулсан илгээлт гаргажээ. Уг илгээлтэнд “Эрхэм олимпийн өдрийн ёслолд оролцогчид оо, Өнөөдөр дэлхий даяараа нас, хүйс, спортын ур чадвар үл харгалзан олимпийн өдрийг тэмдэглэж байна. Тэртээ 1894 оны энэ өдөр Пьер де Кубертений санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөн эхлэхээр болж, түүнээс хойш энэ өдрийг олон улсад олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, энэ үйл хэрэгт оролцдог бүх хүний баярын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Ялалт, амжилтаа хуваалцдаг эл тэмдэглэлт өдөр олимпийн их гэр бүлийн гишүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж буйдаа таатай байна. Олимпийн өдрөөр орчин үеийн олимпийн хөдөлгөөний түүхийг эргэн санаж, олимпийн үнэт зүйл болох нөхөрлөл, ур чадвар, хүндлэлийг бусдадаа түгээхийг сануулдаг юм. Ийм учраас олимпийн өдөр жирийн нэг баярын өдөр биш, түүнээс эрхэм нь байх учиртай. Бид хүн бүрийг спортоор дамжуулан хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэхийг хүснэ. Илүү олон хүн олимпийн хөдөлгөөний мөн чанарыг ойлгож, хүмүүсийг нэгтгэх нь олимпийн өдрийн зорилго. Яаж тэмдэглэх нь чухал биш олон хүн хөдөлгөөн хийж, шинийг сурч, ихийг эрэлхийлэх нь чухал. Энэ нь бидэнд илүү сайхан ирээдүйг бүтээхэд туслах билээ. Та бүхэндээ 2014 оны олимпийн өдрийн мэнд хүргэе” гэжээ. 

Categories
мэдээ спорт

Монголын даамчид Азийн аваргаас 20 алт авлаа

Зуун буудалт даамын Азийн АШТ энэ сарын 10-16-нд Тайландын нийслэл Бангкок хотод боллоо. Азийн аваргад манай улсаас гурван насны ангилалд 124 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож, Монголын даамчид 20 алт, 23 мөнгө, 24 хүрэл, нийт 67 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тасархай тэргүүлжээ. Монголын шилдэг даамчин Д.Эрдэнэбилэг Азийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн байна. 

Categories
мэдээ спорт

Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нар хүрэл медаль авлаа

Унгарь улсын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт Казахстаны Нурлан Оразалиныг, хоёрдугаар тойрогт Украины Дмитро Канивецийг ялсан юм. Ингэснээр гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зооны аваргын төлөөх барилдаанд Италийн Энрико Парлатийг ялж, медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Г.Одбаярыг ялсан юм. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Гүржийн Лаша Шавдатуашвилид ялагдсанаар хүрэл медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд Унгарийн Река Пуппыг ялснаар зооны аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Зооны аваргын төлөө Италийн Валентина Москаттад ялагдсанаар торгуулийн дагах барилдаан хийхээр боллоо. Дагах барилдаанд ОУХМ Г.Отгонцэцэг Израилын Амелие Россенеу, Их Британийн Тасиана Лима нарыг дараалан ялж, хүрэл медаль хүртлээ.   

2014 оны Будапештийн Гран при тэмцээнд Монгол Улс 13 тамирчнаа илгээсэн юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд боллоо.

Энэ удаагийн Гран при тэмцээнд 53 орны 405 жүдоч уран мэхийг уралдуулж байна.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн эхэллээ

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн өнөөдөр 10:00 цагаас
эхэллээ. Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн
спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилан дэлгэрүүлэх
зорилготой тус нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа
явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны
салбар зөвлөлөөс баг бүрдүүлж оролцож байгаа юм.

Categories
мэдээ спорт

Хөвсгөлийн бөхчүүд бусад аймгуудын галд тогоочоор ч хамаагүй бэлтгэлд гарах уу

Наадам хаяанд ирэх бүр ард түмэн догдолдог. Наадамд хүч үзэх бөхчүүдээ нутгийнх нь мөнгөтэй эрхмүүд тойрч байгаад л ивээн тэтгэснээ сайрхан ярьдаг билээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Улсын харцага Г.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бухимдлаа илэрхийлжээ. “Жил бүр наадмын өмнө бөхчүүд аймаг, дэвжээгээрээ нэгдэж наадмын бэлтгэлд гарч залуу бөхчүүдээ ёс жудаг, намба, уламжлалд сургаж, бэлтгэл багадсаных нь ачааллыг нэмэгдүүлж, бэлтгэл ихдэж ядарсныг нь амрааж асарч сувилж наадамдаа бэлдэж, наадмаараа нутаг усаа дуудуулж, зон олноо баярлуулж цол зэргээ ахиулдаг уламжлалтай. 

Энэ жил манай аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлд нэгдэж гарахааргүй боллоо. Ноднингийн Сүүж-Уул амралтанд үлдсэн өр 1 сая 600 мянган төгрөг нэхэгдээд байдаг. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй хэдэн хүн эргэж ирээд дайлуулж цайлуулаад ТВ бичлэг, зурагчид дагуулж ирээд бөөн сүр болоод дугтуйтай цөөхөн мөнгө өгдөг. Дээр нь бөх тус бүрээс 200 мянган төгрөг авч цуглуулж нэмээд ч хүрэхгүй эцэст нь цолтой бөхчүүд нь хардлаганд ороод таардаг манай аймаг бүтэхгүй ээ. Тэнд хамт гардаг бусад аймгийн нутгийн зөвлөлийнхнийг харахаар бөхчүүд нь ийм амжилт гаргахаас ч яахав гэж харагддаг. Ер нь бол бүх аймгийн нутгийн зөвлөл бөхчүүдээ асуудалгүй бэлтгэлд гаргаад зохицуулаад л явж байгаа. Зохицуулах ёстой үүрэг гэдгээ ч мэддэг. Энэ жилдээ өөрөө өөрсдийнхөө бэлтгэлийг базаагаад өөр аймаг дэвжээнд туслах тогооч ч гэсэн хийж байгаад наадмаар амжилт гаргаарай манай залуучууд. Дараа жилээс сонгууль ойртоод ирэхээр буянтай хүмүүс гараад ирэх байлгүй дээ” хэмээн бичсэн юм. 

Categories
мэдээ спорт

Уяачдын галууд хаагуур байна…?

Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Морины хорхойтнууд маань сэтгэл догдлон наадмаа хүлээж буй… Уяачид маань буудал суудалдаа төвхнөчихсөн морьдынхоо уяа сойлгыг тааруулж байна. 25-аас давхил эхэлнэ.

Уяачдын галууд Хүй долоон худгийн Цагаан хөтөл, Төв аймгийн Сэргэлэн сум, Авдарын уул, Ээж хад, Долоон, Сүжиг, Бухан сэрүүн, Ногоон даваа орчмоор гарцгаажээ. Бага цагаан хөтлийн орчмоор Тод манлай уяач Дугараа, ААУ Т.Ихбаярын Хүй мандал гал уяа, хурдан хонгор азаргаа Их хурдад айрагдуулж, төвийн бүсэд түрүүлгэсэн Дамбын Баяраа, хурдан хүрэн үрээгээ төвийн бүсэд айрагдуулсан Батмөнхийн Шагдаржав, хурдан буурал морьтой Шаравын Мөнгөншагай нарын уяачид одоогоор бууцгаагаад байна. Максынхан тэднээс жаахан цаашлаад хуучин буудагтаа буусан гэнэ лээ. Харин урд энгэрээдээ буюу Галзуу харын худгийн урдруу МУАУ Батчулууны Ерөөлт, МУАУ Түвдэнгийн Батцоож нарын уяачид буусан байна. Долоон худгаас зүүн хойш 61-ын гармын тэрээд Алдарт уяач Гордоогийн Дорпүрэв тэргүүтэй уяачид бас бий.

Сэргэлэн сумын баруун урдруу Тод манлай уяач Ц.Дуламсүрэн, Манлай уяач Батчулууны Мөнхтөр, ААУ Сантүндэвийн Хэрлэн, Ажнай шарга гал, хурдан хар азаргатай Ч.Гансум нарын уяаныхан байгаа сурагтай. Харин замын баруун талдаа буюу Долоон, Ногоон даваа, Бухан сэрүүнээр Тод манлай уяач Д.Онон, Э.Эрдэнэчулуун, Д.Мөнхбатаа, А.Батсүх, Ц.Хэнмэдэх, Манлай уяач “дааган” Цэндээ, Дамбын Хишигжаргал, Д.Одгэрэл, Алдарт уяач Жамбалсүрэн, ААУ Саашкагийн Эрдэнэбат нарын тэргүүтэй уяачид буудалцгааж. ХХ зууны манлай хүлэгч, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нарын уяа Ээж хадны хойд араад байгаа гэнэ. Сэргэлэн сумын хойдруу буюу Өгөөмрөөд Б.Билэгдэмбэрэл манлай, хурдан цавьдар азаргатай Ц.Энхбат нарын уяа байгаа сурагтай.

Багахангайн зүүн талруу бас олон уяачид бий… Агт-Эрдэнэ галынхан, МУАУ Ц.Цэрэнбал, С.Ганзориг, НАУ Б.Дашдорж, Б.Саранхүү, С.Шинэбаатар нар Багахангайд байгаа. Тэнд улсын наадмын өнгө тодорхойлох томоохон сунгаа болох байх. Тод манлай уяач Г.Сандуйжав, Манлай уяач Ч.Улаан, Алдарт уяач Т.Энхтайван, “дааган” Ганаа нарын тэргүүтэй уяачид Налайхын голоор бий… Улсын алдарт уяач Ажгаагийн Алтангадас мөн Налайхын баруун урдруу бий. Тод манлай уяач С.Ганхуяг, ААУ Б.Цэндбаатар, Т.Батзориг нарын “Дорнын унага” гал уяаныхан Дорнод аймагтаа уяа сойлгоо тааруулж байгаа. 

Одоо харин наашлаад Хэнтий хавьд ирэх сурагтай. ААУ Энхбатын Дашчирэв нутагтаа /Баянхутаг/ байгаа байх. Удахгүй Ажнай шарга галдаа ирж нэгдэх байх. Тод манлай уяач Б.Содномцог Сэлэнгийн Ерөөд морьдоо уяж байгаа гэсэн. Дундговийн “Тэнүүн говийн хурд” галынхан Тэргүүн хонгор тэргүүтэй хурдан хүлгүүдээ Баянцагааны баруун тал, Довын гуанзны зүүн урдруу сойж байгаа. За тэгээд сүүлийн үед хөдөө орон нутгаас олон сайн морьд ирж төрийн наадамд дээгүүр хурдалдаг болсон. Тэдгээр уяачид маань нутаг нутагтаа л морьдоо уяцгааж байгаа. Наадам дөхүүлж ирээд л “цахиур хагалцгаах” байх даа.

HIIMORI.mn Б.Ганпүрэв

эх сурвалж www.hiimori.mn

Categories
мэдээ спорт

Азийн наадмын ЗБХ-ны ерөнхийлөгч Ким Ён-Сү Монголд иржээ

Инчёон-2014” Азийн XVII наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ким Ён-Сү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдөр Улаанбаатар хотод зочилж, МҮОХ-ны удирдах албаны хүмүүстэй хамтын ажиллагааны асуудал хэлэлцэнэ.

Ноён Ким Ён Сү нь 72 настай, хуульч мэргэжилтэй, тус улсын спортын сайд бөгөөд парламентын гишүүний албыг хашиж байсан олны танил нийгэм, улс төрийн  зүтгэлтэн юм. Азийн зуны спортын XVII наадам ирэх намар есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-нд БНСУ-ын гурав дахь том хот Инчёонд болно.                                                                           

Энэ удаагийн наадамд 38 спортын төрлөөр тивийн 45 орны тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна. Өмнө нь БНСУ-ын Сөүл (1986), Бусан (2002) хотынхон Ази тивийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан түүхтэй юм.

Монголын баг тамирчдын хувьд 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцож байсан уламжлал ёсоор энэ удаа спортын 25 төрлөөр 340 тамирчны урьдчилсан мэдүүлгийг БНСУ-ын Азийн наадмын Зохион байгуулах хороонд илгээгээд байна.

Categories
мэдээ спорт

Япон, Грек гоолгүй тэнцлээ

ДАШТ-ий С хэсэгт өрсөлдөж буй Япон, Грекийн шигшээ багуудын тоглолт 0:0-ийн харьцаа “хуурай” тэнцлээ. Ингэснээр хоёр баг нэг, нэг оноотойгоор С хэсгийн сүүлийн байранд бичигдлээ. Хоёр багийн тоглолтын 38 дахь минутад Грекийн шигшээ багийн хагас Констатинос Кацуранос хоёр дахь шар хуудасны алдаа гаргаснаар талбайг чөлөөлснөөс өөр сонин гойд зүйл болсонгүй. Хүний илүүтэй болсон Япончууд хоёрдугаар хагаст бөмбөгийг илүүтэй эзэмшиж, гоол оруулахыг хичээсэн боловч Грекийн хүчирхэг хамгаалалтыг давсангүй. Энэ тоглолтод Япон 24 удаа Грекийн хаалга руу цохисон ч гоол оруулж чадсангүй.

Одоогийн байдлаар ДАШТ-ий хамгийн сул хэсэг болох С хэсгийг зургаан оноотой Колумбын шигшээ тэргүүлж, гурван онооны Кот Д’Ивори хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Япон, Грек нэг оноотойгоор сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Японы шигшээ Колумбтай,  Грекийн шигшээ Кот д’Иворитой тоглох хуваарьтай.

Грекийн шигшээ Японтой 0:0-ийн харьцаатай тэнцсэнээр ДАШТ-ий түүхэндээ анх удаа хаалгандаа гоол алдаагүй тоглолт хийлээ. Мөн Грекчүүд ДАШТ-ий сүүлийн найман тоглолтоос хоёр дахь удаагаа эсрэг багаасаа оноо салгалаа. Тэд 2010 онд Нигерийн шигшээг 2:1-ийн харьцаатай хожиж,  ДАШТ-ийхээ анхны бүтэн гурван оноог авсан түүхтэй.

Categories
мэдээ спорт

МоАХ хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулна

Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн энэ сарын 21-нд болох аж. Иргэдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, МоАХ-ны үйл ажиллагааг сурталчилах зорилготой тус нээлттэй тэмцээнд Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлөөс баг бүрдүүлж оролцох юм байна. Нэг баг нь 20-иос дээш насны 13 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Хөлбөмбөг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулж буй энэ тэмцээнд лигт тоглодог болон хөлбөмбөгийн спортын зэрэг цолтой тамирчдыг оролцуулахгүй гэдгийг зохион байгуулагчид анхаарууллаа. Эхний дөрвөн байр эзэлсэн багийг цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна.

Энэ жилийн хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнийг Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсч, хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог аж. Түүнчлэн энэ өдөр Багахангай дүүргийн МоАХ-ны салбар зөвлөлийн шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээ болох юм байна.