Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар алтан медаль хүртлээ

Улаанбаатар хотноо зохиогдож буй жүдо бөхийн Чингис Хаан гран при тэмцээн тун сонирхолтой өрнөж байна. Өчигдөр тэмцээн нээлтээ хийж 60, 66, 48, 52, 57 кг жингийн медалтнууд тодорсон юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 27 орны баг тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. Жүдо бөхийн томоохон сорилго тэмцээнүүдийн нэгт тооцогдох Чингис Хаан гран прид эхний өдрийн байдлаар хоёр алтан медалтай Монгол Улсын баг тамирчид тэргүүлж байна.

Өчигдөр тус тэмцээний эмэгтэйчүүдинй 48 кг-ийн жинд барилдсан МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө илт давуу ялж эх орондоо анхны алтан медалийг авч ирлээ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-иин жинд ОУХМ Г.Болдбаатар аваргын алтан медалийн эзэн болоод байна. Ингэснээр манай улс тэмцээний эхний өдөр 2 алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэргүүн байрь бичигдлээ.

Categories
мэдээ спорт

Бөхчүүдийг энэ сарын 9-10-ны өдрүүдэд бүртгэнэ

Монгол Улсын үндэсний  их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадамд хүчит 512 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Мөн улсын баяр наадмын өсвөр 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг энэ сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гранпри эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Чингис хаан -2014” жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр /VII.4/ 11:00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн “Чингис хаан” гранпри тэмцээнд 40 гаруй орон мэдүүлгээ ирүүлсэн ч 27 нь албан ёсоор оролцохоор Улаанбаатар хотноо ирээд байна. Өнөөдөр гранпри тэмцээний хөнгөн жингийн барилдаанууд буюу эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60,66 кг-ын жингийн тулаанууд болно.

“Чингис хаан -2014” жүдо бөхийн гранпри тэмцээн 2016 онд Бразилын Рио де Жанейро хотноо хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр, олимпийн наадмын эрхийн оноо олгоно. Мөн 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго барилдаан болж буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн гранпри тэмцээнд 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг,  Узбейкстан Улсын тамирчин Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв +100кг, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Ришод Собиров 66кг, БНСУ-ын тамирчин Дэлхийн хошой  аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки Жун 81 кг, Унгар улсын тамирчин Олимпийн мөнгө, ДАШТ-ний 3 хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын тамирчин Дэлхийн аварга Кион Сол 78кг, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  хүрэл медальт Димитри Петерс -100кг, Чех Улсын тамирчин Дэлхий аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик тэргүүтэй дэлхийд данстай бөхчүүд өрсөлдөнө. Тиймээс “Чингис хаан -2014” гранпри тэмцээн үзүүштэй сонирхолтой болох нь тодорхой.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн таван төрөлд Монголын 20 жүдоч зодоглоно.

Эмэгтэй:

48 кг: Гавьяат тамирчин М.Уранцэцэг – Мукаддас Кубеев /Узбекстан/

М.Долгоржав – Шүгэн Вү /БНХАУ/

ОУХМ Г.Отгонцэцэг – Вин Ян Чиу /Хонконг/

Б.Хорлоодой – Во Кён Жон /БНСУ/

52 кг: Гавьяат тамирчин М.Бундмаа – Олессия Куценко /Казахстан/

Ц.Хулан – Мареен Краех /Герман/

Ч.Аззаяа – Галимуга Хан /БНХАУ/

А.Цолмон – Сон Сим Рим /БНАСАУ/

57 кг: Б.Алтанцэцэг – Телма Монтеиро

А.Саранзул – Шуан И Анг /Сингапур/

А.Батзул – Фабиенне Кочер /Швейцарь/

Т.Амаржаргал – Хын И /БНСУ/

Эрэгтэй:

60 кг: М.Ганболд – Рио Кавабата /Япон/

Ц.Цогтбаатар – Рилеже Су /БНХАУ/

Г.Болдбаатар  соц мөргөсөн.

Г.Хэрлэн гоц мөргөсөн.

66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг  гоц мөргөсөн

Д.Алтансүх – Габор Хагой /Унгарь/

ОУХМ Ч.Болдбаатар – Улугбек Норкобилов /Узбекстан/

А.Батсуурь – Чиа Хун Чиен /Тайвань/

2014 оны “Чингис хаан” гранпри тэмцээний нээлтийн ёслол 16:00 цагаас болно.

Categories
мэдээ спорт

А.Энхтуул их мастерын болзол хангалаа

Шатрын Олон улсын мастер А.Энхтуул их мастер цолны болзлыг биелүүлжээ. Тэрбээр гурван баллтай болж, рейтинг нь 2300 хүрсэн байна. Улмаар Шатрын спортын их мастер цолны болзлыг хангаад байгаа аж. Манай улс Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг гэсэн хоёр эмэгтэй их мастертай. Харин А.Энхтуул гурав дахь их мастер болж байна.  Түүний цолыг ирэх наймдугаар сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна.

Categories
мэдээ спорт

Наадамд барилдах бөхчүүдийг 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ

Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Наадамд зодоглох хүчит бөхчүүдийн бүртгэл долдугаар сарын 9,10-нд 10.00-18.00 цагийн хооронд болох юм байна. Энэ жил хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр Монгол бөхийн өргөөнд очиж бүртгүүлэх ёстой бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй аж.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр “Чингис хаан Гранпри”-д зодоглохгүй

Жүдо бөхийн “Чингис хаан Гранпри” тэмцээн маргааш Буянт-Ухаа спортын ордонд 11.00 цагт эхэлнэ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 16.00 цагт эхлэх бол финалын барилдаан 17.00 цагаас тус тус явагдана.

Өнөөдөр тэмцээний албан сугалаа явагдлаа.

-100кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр байсангүй. Энэ талаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбатаас тодруулахад “Н.Түвшинбаяр гэмтэл авсан учраас энэхүү тэмцээнд зодоглох боломжгүй болсон. Үүнд бид маш их харамсалтай байгаа. Гэхдээ гэмтлийн хувьд хэсэг хугацааны дараа бүрэн эдгэрэх боломжтой” гэсэн хариултыг өглөө.

Лондонгийн олимпийн -100кг-д алтан медаль авсан ОХУ-ын тамирчин Тайгер Хайбулаев энэхүү тэмцээнд зодоглох юм.  

Эх сурвалж news.gogo.mn

Categories
мэдээ спорт

“Чингэс хаан” гран прид олимп, дэлхийн аваргууд зодоглоно

Монгол Улсын Ерөнхийлөг­чийн ивээл дор зохион байгуу­лагдах “Чингэс
хаан” гран при тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.
“Рио-2016” зуны гучин нэг дэх олимпийн наадамд зодоглох оноо өгөх уг тэмцээний даргаар
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав томилогджээ. 

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Япон,Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж,
АНУ, Хонконг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казахстан, Польш,
Филиппин, Сингапур, Иран, Венесуэл, Швейцарь, Украйн, Турк, Бразил, БНХАУ, Португал
тэргүүтэй 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.
Мөн дэлхийд чансаагаараа тэргүүлдэг шилдэг жүдочид зодоглоно. 2012 оны Лондон­гийн
олимпийн аварга ОХУ-ын тамирчин Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт,
Европын аварга Крилл Динисов, Канад улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт
Антоун Валиус,  Узбекстаны тамирчин олимпийн
хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн
хошой аварга Ришод Собиров, БНСУ-ын тамирчин дэлхийн хошой  аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки Жун, Унгар
улсын тамирчин олимпийн мөнгө, ДАШТ-ий гурван хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын
тамирчин дэлхийн аварга Кион Сол, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Димитри Петерс, Чехийн тамирчин дэлхийн
аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик нар оролцохоор болжээ. Харин манай улсаас
дэлхийн аварга, Ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт
С.Ням-Очир, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид оролцоно.

С.АЛТАН

Categories
мэдээ спорт

“Нийслэл лиг-2014” үргэлжилж байна

Үндэсний “Нийслэл лиг-2014” тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд хөлбөмбөгийн “Цэнгэлдэх хүрээлэн”-д болж байна. 

МХБХ-ноос “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг 18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг” тэмцээний 7 дахь өдрийн тоглолт “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон”, “Эрчим” – “Улаанбаатарын Мазаалайнууд” клубүүдийн хооронд явагдлаа. Энэ өдрийн тоглолтод “Эрчим” багийнхан ээлжит хожлоо авсан бол “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон”, багууд тэнцлээ. Одоогийн байдлаар “Эрчим”, “Улаанбаатар Их Сургууль” багууд 10 оноогоор тэргүүлж байгаа бол “Хоромхон” 5 оноогоор удаалж байна.

Үндэсний “Нийслэл Лиг 2014” тэмцээний 1-р тойргийн 10 дахь тоглолтод оноолт таарсан “Улаанбаатар Их Сургууль” – “Хоромхон” багуудын хооронд эн тэнцүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Тоглолтын эхний гоолыг 16 дахь минутад “Хоромхон” багийн У.Содгэрэл оруулж тооны харьцааг 1:0 болгосон. Гэвч 73 дахь минутад “Улаанбаатар Их Сургууль”-ийн легионер хагас хамгаалагч Юсуке Минами /Япон/ хариу нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар тоглолтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. “Хоромхон” клубийн легионер хаалгач Авамодо Самсон Дада /Нигери/ улаан хуудсаар торгуулсны улмаас өмнөх тоглолтыг өнжиж энэ удаагийн тоглолтод оролцлоо

Categories
мэдээ спорт

Усанд сэлэлтийн “Энгүй тал” цомын тэмцээн болно

Монголын усан спорт сонирхогчдын холбоо, “Энгүй тал” ХХК-иас хамтран өсвөрийн тамирчдын дунд долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээн Орхон аймаг дахь “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолборын усан бассейнд болно. Дөрөв дэх удаагийн “Энгүй тал” цомын төлөөх тэмцээнд Орхон аймгийн “Хангарьд”, Улаанбаатар хотын Усан спорт сургалтын төв, “MCS-Орчлон”, “MCS Vista”, БЗД, СХД-ийн усан спортын төвүүдээс 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээн хөвгүүд, охидын 6-8, 9-11, 12-14, 15-с дээш насны ангилалаар өврөөр даллах, далайн гахай, мэлхий сэлэлт, далайн гахай зэрэг төрлүүдээр явагдах аж. Мөн багийн 4х100 м холимог уралдаан болох юм байна.

Categories
мэдээ спорт

Львов хотод өвлийн олимп болохгүй гэв

Украины Львов хот 2022 оны өвлийн олимпийн наадам зохион байгуулахаас татгалзсан тухай “Olympic.sport.ua” мэдээллээ. Энэ мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко баталсан байна. Тус шийдвэрийг Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, Украины Үндэсний олимпийн хорооны тэргүүн Сергей Бубка, Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк нар хэлэлцсэний эцэст гаргасан аж. Томас Бах “Украины Львов хот цаашдын хөгжлийн асар их боломж байгаа ч энэ бүс нутагт болж байгаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь энд олимпийн наадам зохион байгуулах боломжгүй байна. Украины удирдлагууд ч хүлээцтэйгээр хандаж бидний саналыг хүлээн авсан” гэсэн бол Ерөнхий сайд Арсений Яценюк “Львов хотод 2022 оны өвлийн олимп зохион байгуулагдахгүй. Тэгэхдээ 2026 оны өвлийн олимпийг заавал эх орондоо хүлээн авахаа амлаж байна” гэж мэдэгджээ. 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Норвегийн Осло, Казахстаны Алма-Ата, Хятадын Жанцзяку хот өрсөлдөж буй. Харин эцсийн шийдвэрийг ирэх оны наймдугаар сарын 22-нд гаргана.