Categories
мэдээ спорт

А.Сүхбат аварга зангарга гаргаж дархан аварга Г.Өсөхбаярыг амаллаа

Үндэсний их баяр наадмын гурвын даваа эхэлж дархан аварга А.Сүхбат, улсын аварга О.Балжинням нарын цолыг дуудаж байна. Энэ давааны хамгийн эхэнд дархан аварга А.Сүхбат дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авлаа. Хэн хүний тааварлаагүй ам авсанд хүмүүс ихэд гайхаж байгаа юм. А.Сүхбат аваргын хувьд өчигдөр Г.Өсөхбаяр аваргатай зүүний магнай булаацалдан нэлээдгүй хэл ам хийцгээсэн билээ. Энэ жилийн баяр наадам үнэхээр ярих зүйлтэй, үзүүштэй наадам болох нь гарцаагүй болж байна. Өмнө нь аварга цолтой бөх дээд тал нь арслан цолтой бөхийг амлаж байсан удаа бий. Гэхдээ дархан аварга тэр дундаа гурвын даваанд ам авч байсан түүх үгүй билээ. Г.Өсөхбаяр аварга аманд гарсан тул баруун жигүүрийн ест зогсож байна.

Хоёр аваргын барилдаан ихээхэн сонирхолтой болох нь дамжиггүй биз ээ. Бөхчүүдийн цолыг дуудаж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Леброн Жеймс хуучин багтаа эргэн ирлээ

NBA-гийн супер од Леброн Жеймс дөрвөн жилийг “Майами Хит” багт өнгөрүүлсний эцэст эргээд хуучин баг “Кливленд Кавалерьс”-таа ирлээ. Флоридагийн багт дөрвөн жилийг өнгөрөөхдөө хоёр удаа NBA-ийн финалд тэргүүлж байсан энэ сагсчин 2014 оны улирал дуусаад чөлөөт агент болоод байсан юм. Иймээс сар гаруй хугацаанд бодсоны эцэст  долоон жилийг өнгөрөөсөн анхны багтаа ирэхээр шийджээ. “Би дөрвөн жилийн өмнө эндээс явахдаа Огайо муж сагсан бөмбөгөөс илүү үнэтэй нутаг юм гэдгийг ойлгоогүй явжээ. Гэхдээ одоо ойлгосоон.” хэмээн тэр хэлэв.

Б.Хулан

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Төрийн их баяр наадмын хоёрын давааны сүүлчийн барилдаанууд олны анхаарлыг татсан үзүүштэй барилдаануудаар дүүрэн байлаа. Учир нь жил жилийн баяр наадмаар улсын цол хүртэнэ гэгдэж байсан бөхчүүд оноолтоор таарч барилдсан юм. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан А.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан бариа зөрүүн дээрээс Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг тэнгэр харуулан төрийн ёсөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга  Өмнөговийн Дарханбатад, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар Баянхонгор аймгийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд бөхчүүд дундаа “хорчин” гэгдэх Говь-Алтай Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. 

Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь  заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэн талаар зөвлөлдөж байгаа харагдсан юм. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваан хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм. 

Э.ЭНХ

Categories
мэдээ спорт

Д.Дагвадорж: Би зургаан насны морь уяж байгаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баях наадам сайхан болж байна. Энэ үеэр Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Д.Дагвадоржийн сэтгэгдлийг сонслоо.

-Сайхан наадаж байна уу, та?

-Сайхаан. Та бүхэн минь сайхан наадаж байна уу. Төрийн их баяр наадам маань сайхан эхэлж байна. Нийт Монголчууддаа дэнж хотойтол сайхан наадахыг хүсье.

-Таныг морь уяж байгаа гэж дуулсан. Хэдэн насны морь уяж байна вэ?

-Миний хувьд зургаан насны морь уяж байна. Гэхдээ улсын баяр наадамд цөөн хэдэн морь давхиулна. Удахгүй Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ой болох юм. Тиймээс уг наадамд анхаарч байна даа. Би сумандаа очиж наадна.

-Бөхчүүдийн ямар бодолтой байна вэ?

-Ойрд барилдаагүй олон сайхан хүчтэнүүд зодоглож байгаагаараа энэ наадам онцлог болж байна. Монголын ард түмэн минь сайхан наадаарай.

Categories
мэдээ спорт

Дэлгэр Монгол наадмын нэгийн даваа үргэлжилж байна

Төрийн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны  нэгийн даваа үргэлжилж байна. Наадмын нээлтэд цэнгэлдэх дүүрэн байсан үзэгчид одоо цөөрчээ. Наадмын нээлт үзэх хүсэлтэй байсан бололтой эл хуль. Цэнгэлдэхэд аймгийн цолтнуудын барилдаан үргэлжилж байна. Улсын цолонд оирхог гэгдэж буй Аймгийн арслан Б.Эрэдэнэхүү Дэлгэрсайхан тэргүүтэй бөхчүүд төвөггүйхэн давж байгаа харагдлаа. Өглөөний хурц наран үүлэн цаагуур нуугдаж бөх, морь, сурынханд таатай байгаа талаар бөхчүүд ярьж байна.

Categories
мэдээ спорт

ХХ зууны манлай хүлэгчийн хүү төрийн наадамд азарга түрүүлгэлээ

Их монгол улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн их баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаан барианд орлоо. Газар газрын 220 гаруй азарга Хүй долоон худгийн тэнгэрт буяны тоосоо өргөж, ХХ зуун манлай хүлэгч Д.Даваахүүгийн хүү Баянбатын хонгор түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Хонгор азарга хязааландаа улсад аман хүзүүлж давхар уяагаар Төвийн бүсийн даншигт түрүүлж байсан энэ цагт тодорч буй идэрхэн ажнай. Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ Түдэндоржийн Болдбаатарын халиун хурдалсан юм. Халиун азарган тухайд Сүхбаатар аймгийн Халзан сумын ААУ Я.Буйрын унаган адуу бөгөөд шүдлэн наснаасаа хойш аймаг, бүсийн уралдаанд олон түрүүлж айрагдаж байгаа энэ цагийн цуут хурдан хүлэг. Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд нэг түрүүлж, гурав айрагдаад байгаа бөгөөд өнгөрсөн жил Хэнтийн 90 жилд түрүүлж байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ААУ Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ уяа сойлгыг нь тааруулдаг. Айргийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Бадамын Оргилын халтар тус тус хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. 

6.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Дуламын Сугарын хул. 

7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы хул алаг. 

8. Хөвсгөл аймгийн уугуул Гордойн Доржпүрэвийн хонгор. 

9. Ховд аймгийн Буянт сумын уугуул Ширчинжавын Энхсайханы халтар. 

10. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Цэрэндоржийн Мөнххуягийн зээрд. Зээрд азарга энэ жил Дүнжингарав хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн билээ.

Categories
мэдээ спорт

Хязаалан насанд 300 гаруй хурдан хүлэг шандас сорилоо

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд газар газрын 307 хурдан үрээ мордож, шандас юугаан сорилоо. Гарааны зурхайгаас морьд эргэснээс 878 дугаартай, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн алдарт уяач Т.Батзоригийн хурдан хээр үрээ тод магнай торгон жолоо өргүүлсэн юм. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ш.Баянбатын халзан үрээ, гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд үрээ хурдлав. Дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баянбатын хонгор үрээ, айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Эрдэнэбилэгийн хурдан хээр үрээ хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа. Зургаад Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Н.Баасанжавын бор, долоод Өвөрхангайн Тарагтын Ч.Хишигбаатарын хүрэн халзан, наймд П.Энхмөнхийн бор морь, есд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын сартай зээрд, аравт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан морь хурдалж, монгол түмнээ баярлууллаа.

С.АЛТ

Categories
мэдээ спорт

Үндэсний сур харваанд 360 харваач цэцээ сорьж байна

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлж, өмнөх өдрүүдэд буриад, хүүхдийн сурын харваанууд үргэлжлэн явагдаж шилдгүүдээ тодруулсан.
Өнөөдөр Үндэсний сурын харваа албан ёсоор эхэлж, харваачид цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн сурын харвааны төрлүүдэд нийт 750 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас үндэсний сурын харваанд 360 харваач сум тавьж байна.

Үүнээс Монгол Улсын мэргэн цолтон 30, спортын цол зэрэгтэй 130 харваач сум тавьж байгаа бөгөөд 200 орчим харваач мөн өрсөлдөж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм.

Д.САР

Categories
мэдээ спорт

Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт 24 цагийн постууд ажиллаж байна

Улаанбаатар цагдаагийн хүрээний 65 анги байгууллагын 3618 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэх ажээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 31 байгууллагын 1532, Хүй долоон худагт 29 байгууллагын 1466, Их нас, Соёолон насны хурдан морьдын уралдааны үеэр нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч, нийт 2086 алба хаагч тус тус ажиллах гэнэ.

Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн гурван пост Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын эргүүл ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дархан аварга А.Сүхбат наадамд барилдахаар бүртгүүллээ

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглох нь ээ. Аварга Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу наадмаас өмнө дархан аварга цолоо хүртвэл шинэ цол, ард түмнээ хүндэтгэн наадамд зодоглоно гэдгээ хэлсэн удаатай. Гэхдээ бөх сонирхогчдын дунд түүнийг энэ жилийн наадамд барилдах эсэх тухай таавар, тодорхойгүй таамаглалууд явсаар байсан юм.

Тэгвэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат энэ жилийн баяр наадамд барилдах нь тодорхой болжээ. Тэрбээр наадмын барилдаанд бүртгүүлээд явж байхдаа телевизийнхны дуранд өртсөн байна.

Хэдийгээр Дархан аварга А.Сүхбатыг наадамд барилдаад өндөр амжилт үзүүлэхгүй гэсэн таамаг байгаа ч наадамчдын хүлээлт түүний давааг бус барилдааныг харахад оршиж байгаа юм.

Д.САР