Categories
мэдээ спорт

Шинэхэн арслан сумынхаа ойд түрүүллээ

Увс аймгийн Ховд сумын 90 жилийн ойн баяр наадам найман сарын эхээр болж өнгөрлөө.

Хүчит бөхийн барилдаанд нутгийн хүү улсын шинэ арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж, улсын харцага Арслангийн Бямбажав үзүүрлэв.

Тэс сумын харьяат цэргийн арслан Бадрахын Ганзориг, аймгийн арслан Бадамсамбуугийн Ганболд нар их шөвөгт үлдсэн байна.

Categories
мэдээ спорт

А.Батцэцэг дэлхийн аварга боллоо

Хорват Улсын Загреб хотноо 2014 оны залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд манай эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчид хүч үзлээ.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн бөх зодоглосноос 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг бүх өрсөлдөгчөө ялж, залуучуудын дэлхийн аварга боллоо. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аварга гэдэг цолыг хүртсэн монголын долоо дахь, эмэгтэй бөхчүүдийн хувьд гурав дахь тамирчин боллоо. А.Батцэцэг нь “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайханы шавь нараас төрсөн хоёр дахь дэлхийн залуучуудын аварга бөх болж байгаа юм.

Мөн өдөр тэмцээний 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл хүрэл медалийн тавцанд зогсов. Ингэснээр манай эмэгтэй баг зургаадугаар байранд шалгарлаа. Тэд өнгөрсөн жил гуравдугаар байр эзэлж, хүрэл цом хүртэж байсан билээ. Залуучуудын ДАШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 55 кг, 66 кг, 84 кг, 120 кг-ын жингүүдийн барилдаанаар үргэлжилж, м гурван бөх дэвжээнд гарна

Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивальд уригдлаа

Энэ сарын 8-11-нд БНСУ-ын Кёнги хотын Хвасон хотноо зохиогдох Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн фестивальд хөвгүүдийн 12 болон 15 хүртэлх насны ангилалд урилгаар оролцохоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг, 24 дүгээр сургуулийн баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордох гэж байна.

Фестивалийг БНСУ-ын Бүх спортын зөвлөл, Бүх спортын хөлбөмбөгийн холбоо, Өсвөр үеийнхний үндэсний хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж, Соёл, спортыг дэмжих сан, Хвасон хот ивээн тэтгэж байгаа аж.

Энэ удаагийн фестивальд Азийн 42 улсын баг уригджээ.

Categories
мэдээ спорт

Залуучуудын ДАШТ-д монголын дөрвөн бөх зодоглоно

Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд эхэлнэ. Тэмцээний нээлтийн ажиллагаа мягмар гаригт болсон билээ.

Эмэгтэйчүүдийн  48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан барилдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн  48 кг-ын жинд  Ц.Намуунцэцэг, 55 кг-д А.Батцэцэг, 63 кг-д Б.Нямгэрэл, 72 кг-д П.Номин-Эрдэнэ нар хүч үзнэ. Мөн 44 кг-д Л.Баттогтох, 51 кг-д Б.Мөнхтуяа, 67 кг-д О.Оюунгэрэл, нар барилдана. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Мандалсүрэн, 55 кг-д П.Эрдэнэбилэг, 60 кг-д Г.Бэгзжав, 66 кг-ын жингийн ангилалд Б.Цогтгэрэл, 74 кг-д Б.Батсүх, 120 кг-д Э.Мөнхбаатар нар эх орноо төлөөлөн хүч үзэх юм байна.

Харин сонгомол барилдааны 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин П.Эрдэнэбилэг, 66 кг-д “Харганат Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан нар хурд, хүч сорих юм. Уг тэмцээнд Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа шүүгчээр оролцож байгаа.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсчид Майкл Жорданы сургалтад хамрагдана

 “СБЛ Хасын хүлэгүүд” клуб  хоёр дахь жилдээ өсвөрийн сагсчдыг алдарт Майкл Жорданы сагсан бөмбөгийн сургалтанд хамруулахаар болжээ.

Өсвөрийн сагсчид Америкийн нэгдсэн улсад очоод байгаа аж. Тус сургалтанд “СБЛ Хасын хүлэгүүд” багийн өсвөрийн 14 тамирчин эх орноосоо оролцож байгаа юм байна.

АНУ дахь салбараас таван өсвөрийн тамирчин нэгдэн оролцох юм. Энэ удаагийн ээлжээс эхлэн эмэгтэй сагсчдыг сургалтанд оролцуулж байгаа аж.

Categories
мэдээ спорт

“Ховдод-2014” бага олимп эхэллээ

ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж буй “ХОВД-2014” бага олимп Ховд аймагт өчигдөр эхэллээ. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх тус олимпод 1500 гаруй тамирчид спортын зургаан төрлөөр өрсөлдөх аж. Нэг багт 50 тамирчин багтах бөгөөд үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сур харваа, олс таталт, буухиа гүйлт, шатар, даамны төрлүүдээс гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын төрлүүдээр өрсөлдөх аж. 

М.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны залуучуудын ДАШТ эхэллээ

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болж байна. Энэ тэмцээнд Албани, Алжир, Армян, Австрали, Австри, Азербайжан, Бразил, АНУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Грек, Гүрж, Израиль, Иран, Испани, Итали, Казахстан, Киргиз, Колумб, Латви, Литов, Марокко, Молдав, Монгол, Норвег, ОХУ, Шинэ Зеланд, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 50 орны дөрвөн зуу гаруй бөх өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 50 кг-ын жинд Азербайжаны бөх Нурулаев Ибрагим, 60 кг-ын жинд Эльман Мухтаров, 74 кг-ын жинд туркийн бөх Фуркан Баяран, 96 кг-ын жинд азербайжаны бөх Орхон Нуриев нар түрүүлсэн байна.

Тэмцээний хоёр дахь өдөр сонгомол барилдааны 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд зодоглосон азийн өсвөрийн аварга П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт армяны бөх Геворг Гхачивянд 1:3, 66 кг-ын жинд дэвжээнд гарсан азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Н.Амарсайхан /”Харгант-Цамхаг” клуб/ гүржийн бөх Шмаги Боливазед 4:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд хятадын бөх Вьюжинд 1:9 онооны харьцаагаар хожигджээ. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 жингүүдийн барилдаан болно. 

Categories
мэдээ спорт

Ч.Мөнгөндалай Малчин оргилд авирлаа

“Залуу дугуйчин” клубын тамирчин Ч.Мөнгөндалай Баян-Өлгий аймагт очжээ. Тэрээр Баян-Өлгийд байх хугацаанд “Монголиа экспедишн” компанийн уулчдын хамт Монгол Алтайн нурууны Малчин оргилд амжилттай авирчээ. Алтайн нурууны таван их оргилын нэг Малчин оргил нь 4037 метрийн өндөртэй юм. Түүний ганцаарчилсан аялал зургадугаар сарын 7-нд Улаанбаатар хотоос эхэлсэн бөгөөд нийт 5500 км замыг дугуйгаар туулах зорилготой юм.

Тэрээр авиралтынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболдтой таарч, УИХ-ын дарга амжилт хүсэн, аяллаа саад бэрхшээлгүй үргэлжлүүлэхийг захисан байна.

Categories
мэдээ спорт

Тамирчид “Олимп” баазад бэлтгэл хангаж байна

Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид Орхон аймаг дахь “Олимп” баазад бэлтгэл, сургуулилтаа хийгээд эхэлжээ.

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ Узбек улсын Ташкент хотноо ирэх сарын 8-14-нд болох юм. Одоогоор шигшээ багаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тамирчдын нэрсийг хараахан зарлаагүй байна.

“Олимп” баазад мөн боксын үндэсний шигшээ багийнхан нэгдсэн бэлтгэлд гарсан болохоор үндсэндээ нийт 100 орчим тамирчин тус баазад Азийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл, сургуулилтаа хангаж байгаа юм.  

Харин наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд ОХУ-ын Чилябинск хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Улаанбаатар хотоос холгүй, “Говь” цогцолборт үндсэн бэлтгэлээ хийж байна.

Categories
мэдээ спорт

Мото аяллын тамирчид Чингэс хааны талбайд ирнэ

Өнөөдөр 18 цагаас Чингэс хааны талбайд “Берлин-Улаанбаатар мото аялал 2014” арга хэмжээнд оролцогч тамирчид хүрэлцэн ирэх гэж байна. 

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй энэхүү аялал нь “Хил хязгаар ба соёлыг давах хөдөлгөөнт байдал” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа юм. 

 Тамирчдыг хүлээн авах ёслолын ажиллагааг Берлин хотын Шенофельд дүүрэгтэй түншийн харилцаатай Баянгол дүүрэг зохион байгуулах юм байна.

Уг мото аялал Берлин хотын Шенофельд дүүргээс долдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд аялалд ХБНГУ-ын есөн иргэн, Люксембургийн вант улсын хоёр иргэн оролцож байгаа аж. Тамирчид нийт 8000 км замыг мотоциклоор туулан Польшын Мазур, Москва , Транс морины төмөр зам, Чельябинск, Омск, Новосибирск, Якут болон Байгаль нуураар дайран Монгол улсын нийслэл Улаанбаатар ирж байгаа нь энэ юм байна.

Т.Гэрэл