Categories
мэдээ спорт

Д.Ганбат Азийн наадмын аварга боллоо DNN.mn

Хятадын Ханжоу хотноо өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Монголын тамирчин, Азийн аварга Д.Ганбат Казахстан Улсын бөхийг цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

Азийн пара наадмын иж бүрдэл медальтай анхны монгол тамирчин боллоо. Түүнчлэн Азийн пара наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан болсон тэрбээр тус наадамд хамгийн олон оролцсон цор ганц монгол тамирчин болж байна. Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 17 дугаар байрт жагсаж байна.

Categories
мэдээ спорт

Боксчид дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Герман улсын Кёльн хотыг зорив DNN.mn

Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Герман Улсын Кёльн хотыг зорив.  Манай боксчид 2023 оны аравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болох дэлхийн цомын тэмцээнд оролцох юм. Дасгалжуулагчдын багт: Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нар байна.

Эмэгтэй тамирчид:

50 кг-д Б.Мөнгөнсаран, С.Биндэрьяа.

54 кг-д М.Энхжаргал, Э.Мичидмаа.

57 кг-д Т.Номин-эрдэнэ, Б.Золжаргал.

60 кг-д М.Намуун.

66 кг-д Г.Бадмаараг.

Эрэгтэй тамирчид:

51 кг-д А.Баттулга, Л.Даваадорж.

57 кг-д Д.Ганболд, Х.Билгүүнсайхан.

63.5 кг-д Т.Энхтөр, Б.Буяндалай.

71 кг-д Б.Бямба-эрдэнэ.

Categories
мэдээ спорт

Б.Хулан тулааны наадмын мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Саудын Арабын Рияадх хотноо болж буй “World Combat Games-2023” буюу Дэлхийн тулааны наадмын жюү жицүгийн -70кг жинд барилдсан Б. Хулан мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдсанаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан боллоо.

Дэлхийн чансаанд эхний 8-д бичигддэг тамирчид урилгаар очиж оролцдог тус наадамд спортын 16 төрлөөр 80 гаруй орны 1700 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Дэлхийн тулааны наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд Монгол Улс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 38-р байрт байна.

Categories
мэдээ спорт

Талбайн теннисний баг Бахрейныг зорив DNN.mn

Монгол Улсын шигшээ баг тамирчид “DAVIS CUP” буюу талбайн теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Бахрейн Улсыг зорилоо. Манай баг Ази тивийн тавдугаар группд тоглодог ба энэ жил тамирчид маань дөрөвдүгээр группд тоглох зорилготой аж.

Categories
мэдээ спорт

Б.Эрдэнэзаяа: “Asian Cup” тэмцээний өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой DNN.mn

Уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн дасгалжуулагч Б.Эрдэнэзаяатай ярилцлаа.  Тэрбээр Уран сайхны гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын II зэрэгтэй шүүгч, Азийн гимнастикийн холбоонд уран сайхны гимнастикийн техникийн хорооны сонгуульт ажилтай.


-Удахгүй уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар хоёр  жилийн өмнөөс төлөвлөж, клубийнхээ эцэг эхийн зөвлөлтэй зохион байгуулах хороо болж ажиллаад явж байна. Монголд 1000 гаруй хүүхэд энэ спортоор хичээллэж, 300 гаруй хүүхэд тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ердөө 10 хувь нь буюу 30-аад хүүхэд жилдээ ганц удаа хувиасаа зардлаа гаргаж олон улсын тэмцээнд оролцдог. Бусад нь хэдий ур чадвартай ч санхүүгийн байдлаас шалтгаалж олон улсын тэмцээнд оролцох боломжгүй байдаг. Энэ статистик үзүүлэлтээс шалтгаалаад зөвхөн мандатын мөнгөө төлөөд эх орондоо олон улсын тэмцээнд оролцох боломж олгохыг зорьсон.

ОХУ, Хонгконг, БНСУ, Энэтхэг, БНАСУ зэрэг улсын 4-22 насны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн. Энэ сарын 27, 28-нд Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөж аваргаа шалгаруулна. Мөн өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд финалын тэмцээн хагас сайн өдөр 15:00-16:00 цагийн хооронд үргэлжилнэ. Улсаас болон засгийн газраас ямар нэгэн дэмжлэггүй зохион байгуулагдаж байгаа. Олон улсын тэмцээнийг хүүхдүүдэд маань авчрахад гол дэмжлэг туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагууддаа маш их баярлалаа.

-Гимнастикийн олон төрөл байдаг. Энэ дотроос уран сайхны гимнастикийн онцлог нь юу вэ?

-Гимнастик бол маш олон төрөлтэй спорт. Спортын, уран сайхны гимнастик, аэробик, нийтийн гимнастик гээд олон төрлийг багтаадаг. Харин уран сайхны гимнастик нь олимпын спорт бөгөөд зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог.

Мөн уран сайхны гимнастикийн үндсэн суурь нь балет байдаг. Тамирчид маань уран нугаралтын жүжигчид шиг маш уян хатан байх ёстой. Мэргэжлийн бүжигчид шиг олон төрлийн бүжгийн хөдөлгөөнийг хийж чаддаг байх ёстой. Мөн циркийн бүжигчид шиг цагираг, бөмбөг булаах чадвартай байх. Туузыг шидэх, өнхрүүлэх, ойлгох зэрэг олон төрлийн ур чадвар шаарддаг учраас яг л циркийн бүжигчид шиг байна. Үүнээс гадна нүүрний хувирал эмоциороо оноо авдаг. Тиймээс жүжигчид шиг жүжиглэх зэрэг олон төрлийн цогц нийлбэр болсон спорт юм.

-Уян хатан, уян налархай байснаар хүн урт насалдаг гэдэг…?

-Сүүлийн үед хүмүүс энэ спортын ач холбогдлыг ойлгож эхэлж байна. Уян хатан байдал хамгийн чухал. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Уян хатан чанар 12 нас хүртэл хөгждөг. Энэ чанарыг хурдтай сайжруулъя, мэргэжлийн тамирчин болохыг хүсвэл бага байхад нь суралцах хэрэгтэй гэсэн үг юм. Уян чанар ялангуяа тулгуур эрхтэн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Уян чанартай хүн бэртэж гэмтэл авах эрсдэл бага байдаг. Ер нь уян байна гэдэг эрүүл байна гэсэн үг л дээ.

-Бага наснаасаа энэ төрлийн спортоор хичээллэхийн давуу талыг тайлбарлавал?

-Уран гимнастик гэлтгүй спортоор хичээллэхийн давуу тал нь хүүхэд бага байхдаа аливаа зүйлийг хурдан сурч насан туршид нь үлддэг. Тэр сууриар ачаалал даах чадвар, цаг баримтлах гээд чадвар эзэмшинэ. Тухайн хүний суурь хүмүүжилд үзүүлэх нөлөө их байна гэсэн үг юм. Багаасаа энэ спортоор хичээллэснээр хөдөлгөөний эвсэлтэй, гоо зүйн мэдрэмжтэй, зөв тэгш бие галбиртай хүн болж хөгжинө.

Багаасаа хичээллэж байгаа учир багийн болон ганцаарчилсан байдлаар явна. Багийн төрлөөр хичээллэж байгаа хүүхэд хүмүүстэй харьцаж сурдаг. Өөрийнхөө төлөө бус бусад гишүүдийнхээ төлөө бэлтгэлээ хийж, бие биеийнхээ шүүмжийг уурлахгүй хүлээж авах чадварт суралцдаг.

-Манай улсын гимнастикийн “школ” ямар байдаг вэ. Олон улсад ямар байдаг талаар ярихгүй юу?

-Анх ОХУ-аас дасгалжуулагч багш ирж уран сайхны гимнастикийн суурийг тавьсан. Тэр ч утгаараа Зүүн Өмнөд Азийн орнуудаас суурь хөгжил сайтай байдаг. Энэ жил хоёр дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан. Бид 2018 онд Азийн аваргад шилдэг 15 финалд шалгарсан. 2019 онд шилдэг найм, 2022 оны Азийн аваргад дөрөвдүгээрт байрт шалгарч амжилтаа ахиулсаар байна.

-“Asian cup-2023” тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн гаргасан амжилтаас дурдвал..?

-2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулж байсан. Энэ үед монголчууд ганцаарчилсан болон багийн төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Харин энэ удаа бид өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэх зорилготой.

-Өмнө нь Монголд уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн зохиогдож байв уу?

-Анх 2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохиогдож түүнийгээ хоёр жил тутам тогтмол зохион байгуулаад явах байсан ч ковидын улмаас чадаагүй. Энэ жил үргэлжлүүлэн дараагийн цуврал тэмцээнээ хийж байна. Үүнээс гадна “Mon­golia open” тэмцээн болж байсан.

-Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийг харахад ихэнх нь бага насныхан байна. Хүүхдүүд гэхээс илүү эцэг эхчүүдтэй нь хамтарч ажиллах байх. Бэлтгэлийн явц хэр байгаа вэ. Мөн хооллолтын талаар ярихгүй юу?

-60-70 орчим хувь нь 13-аас доош насныхан байдаг. Тиймээс хүүхдүүдээ тогтмол бэлтгэлд нь явуулахад гэр бүлийнхний оролцоо маш их. Манай клубийн зүгээс хооллолт дээр нарийн зөвлөгөө өгдөггүй. Чихэр, печениэс илүү хамгийн гол нь хоолоо сайн ид гэдэг л зөвлөгөө өгдөг. Заавал жимс, ногоо ид гэдэггүй. Гэртээ хоолоо сайн ид. Усаа сайн уу. Чихэр, печень, өнгө оруулагчтай жүүс, газтай ундаа бүү уу гэж захидаг.

-Манай улсад уран сайхны гимнастикаар тогтмол хичээллэх орчин нөхцөл хэр байдаг вэ?

-Монголд уран сайхны гимнастикийн спортод зориулсан мэргэжлийн заал, талбай, бэлтгэл хийх заал байдаггүй. Энэ спортын онцлог нь хэрэглэлээ дээш нь аль болох өндөр шидээд тэр хугацаанд олон зүйл хийж амжсаны дараа барьж авбал илүү өндөр оноо авдаг.

Бидэнд аль болох өндөр тааз хэрэгтэй. Өндөр таазанд бэлтгэл хийснээр хэрэглэлээ илүү өндөр шиднэ. Тиймээс доод тал нь 15 метр өндөртэй таазтай зааланд бэлтгэх хийх шаардлагатай болдог. Мэргэжлийн зааланд бэлтгэл хийж амжилгүй Ази, Дэлхийн аваргын тэмцээнд оролцдог. Тэнд очихоороо бэлтгэлгүй учраас хэрэглэлийн шидэлтийн хувьд бусад тамирчдаас намхан шиддэг. Үүнээсээ болж оноо алддаг сул тал бий. Бусдаар манай тамирчид олон улсын тэмцээнд дутагдахааргүй оролцож чадахаар чадвартай.

Categories
мэдээ спорт

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй баг тамирчид Азийн наадамд оролцоно DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-нд болох бөгөөд манай улсаас спортын 14 төрөлд 68 тамирчин оролцоно. Тус наадамд эх орноо төлөөлөх пауэрлифтинг, хөнгөн атлетикийн баг тамирчид өнөөдөр урд хөршийг зорив.

“Ханжоу-2022” Азийн наадмын пауэрлифтингийн төрөлд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор паралимпын болон дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүч үзэх юм.
Харин хөнгөн атлетикийн төрөлд дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор Т.Мядагмаа, Э.Өнөрмаа, П.Энхманлай, Б.Гармаабазар, Д.Саруултөгс нар хурд хүчээ сойно.

Азийн наадмаас Э.Содномпилжээ 2014 онд хүрэл, 2018 онд алтан медаль хүртэж байсан бол Э.Өнөрмаа 2018 онд мөнгөн медаль хүртэж байв.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг Олон улсын спортын арбитрын шүүхэд ханджээ DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин, Азийн наадмын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг үүсээд буй асуудлын талаар сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл хийв.

Тэрбээр “Би 2005 оноос хойш 18 дахь жилдээ боксын спортоор хичээллэж байна. Энэ жил би Узбекстанд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль авсан. Мэдээж, миний хамгийн том зорилго бол Парисын олимп. Энэ сард болсон Ханжоугийн Азийн наадмын үеэр миний өгсөн шинжилгээнээс допингийн эсрэг дүрмийн зөрчил илэрсэнтэй холбоотойгоор энэхүү бичлэгийг хийж байна” гэлээ.

Б.Чинзориг анх уг мэдээг сонсоод цочирдон, сэтгэл санаа нь хэд хоног хүнд, тогтворгүй байсныг хэлэв. Түүний хувьд одоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг агентлагаас батлан гаргасан тамирчны эрхээ хамгаалах дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт болон өмгөөлөгч авах хүсэлтээ уг байгууллагад тавьсан байна.

Энэ тухайгаа тайлбарлахдаа “Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн үг. Надаас болж нийт шигшээ багийн эрх нь зөрчигдсөн тамирчдаасаа уучлалт хүсье. Эцсийн шийдвэр гарсны дараа та бүхэндээ эргээд мэдээлэх болно” гэв.

Categories
мэдээ спорт

55 жилийн өмнөх энэ өдөр Монголын тамирчид олимпийн анхны медалиа хүртэж байжээ DNN.mn

1968 оны аравдугаар сарын 20. Одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр Мексикийн Мехико хотод зуны олимпын наадмаас монгол хүн анх медаль хүртэж байв.
Тус олимпын наадамд 5530 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдсөн бол манай улс 16 тамирчнаа илгээсэн юм.
“Мехико-1968” бол Монголын тамирчдын олимпын анхны медаль хүртсэн наадам. Тус наадмын найм дахь өдөр буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа.
Тэдний араас Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ.
Categories
мэдээ спорт

Cумо бөхчүүдийг тусад нь нисгэв DNN.mn

Японы өмнөд хязгаарын Амами аралд болох спортын наадамд оролцохоор Токио хотын Ханеда, Осака хотын Итами нисэх буудлуудаас сүмо бөхчүүд нисэх гэтэл тэдний дундаж жин 120 кг байсан нь ердийн зорчигчийн 70 кг-аас хол давж тэдний суух Boeing 737-800 онгоцны шатахуун хүрэлцэхгүй гэсэн тооцоо гарчээ. Иймээс JAL компани хоёр нисэх буудлаас хөөрөх нийт 27 бөхийг хамтатган Токио хотын Ханеда буудлаас тусгай онгоцоор тээвэрлэхээр болсон байна. Ингэхийн тулд Осакагаас хөөрөх байсан 14 бөхийг эхлээд Токиод тээвэрлэн авчирчээ. Сүмо бөхчүүдийг илүү даацтай онгоцоор нисгэхээр төлөвлөсөн ч Амами арлын жижиг нисэх буудалд том онгоц буух боломжгүй гэж үзсэн тул ийнхүү тусгай онгоц хөөргөхөөр болсон байна. “Онгоцны жингийн хязгаарлалтын улмаас тусгай нислэг үйлдэх болсон нь ер бусын ховор тохиолдол юм” гэж JAL компанийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд ярьжээ. Тэмцээн өндөрлөсний дараа сүмо бөхчүүдийг мөн тусгай нислэгээр Токиод хүргэсэн байна гэж  CNN мэдээлжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Манай дугуйчид дахин олимпийн эрхийн “UCI” таван оноо авчээ DNN.mn

Парисын олимпийн дугуйн спортын эрх өчигдрөөр хаагдаж байна. Монголын анхны мэргэжлийн баг “Ферей Монгол” болон Улсын шигшээ багийн тамирчид энэ оны сүүлийн эрх авах тэмцээндээ Түвдийн өндөрлөгт “Trans Himalaya”  “UCI-2.2” тэмцээнд амжилттай уралдаж багаараа хоёрдугаар байрт оржээ.

Мөн Азийн шилдэг багаар тодорч, ОУХМ Б.Мягмарсүрэн нийлбэр дүнгээр долдугаар байрт орж Монголдоо олимпын эрхийн таваг оноо авчирсанаар Дугуйн холбоо нийт 1372 оноогоор олимпын эрхээ улам баталгаажууллаа. Ийнхүү олимпийн эрхийн оноо өнөөдрөөр хаагдсан ч Монголын дугуйчид олон улсын уралдаануудад арваннэгдүгээр сарын эх хүртэл уралдах болно.