Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хонож, Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.


2024 оны 09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2024 оны 09 сарын 15-наас 2024 оны 09 сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэг, сургуулийн хүнсний бүтээгдэхүүний чанарт шалгалт хийж эхэлжээ DNN.mn

Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гурван ОНӨААТҮГ Хангамжийн газар, 26 Ерөнхий боловсролын сургууль, 21 цэцэрлэг нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний нэг, тахианы махны нэг, хонины мах хоёр, үхрийн махны тав, аарцны нэг, сүүний хоёр, цөцгийн тосны хоёр, тарагны нэг нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Явган зорчигчдод зориулсан лед гэрлэн гарцыг гурван байршилд суурилуулжээ DNN.mn

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна.

Тодруулбал,

• 1 дүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц

• Төв шуудангийн уулзвар

• Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна.

Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулна.

Categories
мэдээ цаг-үе

Зам засварын ажлыг зогсоохыг иргэдийн 90 хувь нь дэмжихгүй гэв DNN.mn

Нийслэлд энэ жил 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт авто замын 70 хувийг шинэчлэх юм. Мөн ирэх жил нийслэлийн гэр хорооллын явган хүний замыг шинэчлэхээр болсон. Иргэдийн зүгээс хичээл сургуультай зэрэгцэн зам засч буйд бухимдалтай байгаа.

Тиймээс Хотын дарга Х.Нямбаатар “Шинээр хийгдэх зам засварын ажлуудыг ирэх жил хүртэл хойшлуулж, төсөв хөрөнгийг нь хуулийн байгууллагаар шалгуулъя. Ингэхдээ иргэдээс санал асуулга авна” гэж мэдэгдээд, санал асуулгыг эхлүүлсэн.

Өнөөдөр /2024.09.13/ 09:30 цагийн байдлаар уг санал асуулгад 1529 хүн оролцсоноос 90 хувь нь зам засварын ажлыг зогсоож, хойшлуулахыг дэмжихгүй гэсэн бол 10 хувь нь дэмжинэ гэх санал өгчээ.

Санал асуулга үргэлжилж байна. Та ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 15-нд дуусна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай зохион байгуулж буй. Цэцэрлэгт шинээр 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс 2022 оны арванхоёрдуаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд бүртгүүлнэ.

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн хүсэлтийг “Е-Mongolia” системээр есдүгээр сарын 15-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Өнөөдөр /2024.09.12/-ний байдлаар нийт 6,988 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Үүнд:

  • Багануур дүүрэгт  нийт 213
  • Багахангай дүүрэгт нийт 28
  • Баянгол дүүрэгт нийт 920
  • Баянзүрх дүүрэгт нийт 1,823
  • Налайх дүүрэгт нийт 1606
  • Сонгинохайрхан дүүрэгт нийт 1,241
  • Сүхбаатар дүүрэгт нийт 732
  • Хан-Уул дүүрэгт нийт 1,400
  • Чингэлтэй дүүрэгт нийт 465 хүсэлт иржээ.
Categories
мэдээ цаг-үе

Өвлийн хуваарьт нислэгт шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлийн нислэгүүд нэмэгджээ DNN.mn

Иргэний нисэхийн ерөнхий газрын Цагийн хуваарийн зөвлөлийн хоёрдугаар хурал 2024 оны есдүгээр сарын 11-ний өдөр болжээ.

Хурлаар олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэгийн өвлийн цагийн хуваарийг батлагдсан байна. Гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталжээ.

Өвлийн улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4,866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн байна.

2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгдсэн аж. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ DNN.mn

“Ойн тухай хууль”, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаал “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ойн дагалт баялаг болох хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, хууль бус зохисгүй ашиглалт тээвэрлэлтэд хяналт тавих зорилго бүхий нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2024 оны “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” 2024-03 дугаар удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран энэ оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилсон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалт хийж буй байршлууд: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 19, 20-р хороо Их бага баян, Хандгайт, Бэлх, Шарга морьт, Баянзүрх дүүргийн 20, 33, 35-р хорооны нутаг дэвсгэр Дархит, Шивэрт, Даваатын даваа, Бургастай, Бугатын даваа, Улиастайн баруун зүүн хоног толгой, Шарын ам, Баянголын ам, Шургуутын даваа, Ар тарвагатай, Хиймт, Хэрээт, Улаан харганатын даваа, Байдсаны даваа, Уртын даваа, Өнхөрдөг, Харанхуйн ам, 2 даваа, Сонгинохайрхан дүүргийн 21, 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салаа билгүүний ам, Шарын ам гэх мэт.

Хяналт шалгалтаар: Хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 32 отогт байрлаж байсан 150 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлж албан шаардлага өгч, давхардсан тоогоор 100 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг танилцуулан ажилласан.

Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн: Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг тус албан шилжүүлэн шалгагдаж байна.

Хуулийн хүрээнд: Сибирь хуш модны самар нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153, 2010 оны 450 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-ын ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг.

Ойн тухай хуулийн 3.1.12 “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна…”

Хуш модны самрын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологийн эдийн засгийн үнэлгээ”-г тооцохоор журамлаж өгсөн.
Хуш модны нэг кг цайруулсан самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176,600 төгрөг, нойтон самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна.,

Дээрх үнэлгээнд үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсгийн гуравдугаар заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

/24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай./

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаал “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д зааснаар ойн дагалт баялгийг тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн бол ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой юм.

Иймд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйлдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна. 

Categories
мэдээ цаг-үе

2025-2026 оны хичээлийн жилээс “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Турк Улсад сурах боломжтой DNN.mn

Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, багш солилцооны богино, дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад цогц хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр ярилцав.

2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн шилдэг 50 сурагчийг Турк Улсад суралцуулах бүрэн боломжтой болсон талаар Элчин сайд Зафер Атеш мэдээлэв.

Жилд Монгол Улсаас 60-100 оюутан БНТУ-ын их сургуулиудад элсэн суралцдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2000 гаруй монгол залуус БНТУ-д сурч төгссөн байна. Энэ нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал гүүр болж буйг Боловсролын сайд П.Наранбаяр онцолсон юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын 9 сарын 13, Сугар гариг. Билгийн тооллын 10, Суулга одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6:27 цагт мандаж 19:09 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр

-1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө сэрүүсэж+12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө сэрүүсэж+12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө сэрүүсэж +11…+13 градус дулаан байна.